info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих ШИЛЭН ДАНС
ENMNG

МОНГОЛ УЛС

ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО

МАГАДЛАЛ

2025-01-21

Дугаар 15

Улаанбаатар хот

Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Шүүхийн сахилгын хорооны хуралдааныг гишүүн Г.Цагаанцоож даргалж, гишүүн Д.Мягмарцэрэн, Х.Хашбаатар нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Ц.Давхарбаяр, нарийн бичгийн дарга Г.Болортуяа нарыг оролцуулан тус хорооны танхимд хийсэн хуралдаанаар:

... шатны шүүхийн шүүгч Б.С-д холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай саналыг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Ж.Н өргөдөлдөө: “...шатны шүүх 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн давж заалдах шатны шүүх хурлаар ...шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 1../ШШ2024/0...5 дугаар шийдвэртэй хэргийг хариуцагч болох "А" ХХК-ийн өмгөөлөгч нар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гомдлоор хянан хэлэлцсэн.

Уг хэргийн нэхэмжлэгч нь иргэн С.Ц бөгөөд түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Н би шүүх хурлын ажиллагаанд өөрийн биеэр оролцсон бөгөөд хариуцагч "Э" ТӨҮГ-ын төлөөлөгч Б.Л, "А" ХХК-ийн өмгөөлөгч Ц.М, төлөөлөгч Д.Ж нар мөн өөрийн биеэр оролцсон. Хурал 11 цагаас гэж зарласан учир нэхэмжлэгч С.Ц бид хоёр 20 орчим минутын өмнө шүүх дээр очиход хариуцагч нараас нэг ч хүн ирээгүй шүүхийн коридорт хэн нэгэн нь байгаагүй. Хэсэг хугацааны дараа "А" ХХК-ийн өмгөөлөгч Ц.М, итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ж нар шүүх дотроос гадуур хувцсаа барьсаар гарч ирсэн. Тэгээд хэсэг хугацааны дараа "Э" ТӨҮГ-ын төлөөлөгч Б.Л гадуур хувцасгүй гарч ирсэн бөгөөд түүний гадуур хувцсыг Д.Л бариад гараад ирсэн байсан. Шүүх хурал эхлэхэд даргалагч шүүгч, Б.Л-ийг тухайн шүүхэд өмнө нь ажиллаж байсан боловч ашиг сонирхлын зөрчил байхгүй гээд хурлаа цааш үргэлжлүүлсэн. Хурал завсарласан байхад Ц.М өмгөөлөгч маш их яарч байгаагаа хэлээд замаараа бэлэн гарсан хоол идээд явах юм ярьж байсан ч хурал тарснаас хойш нэг цаг гаруйн дараа бид хоолонд орчхоод явахад шүүхийн гадаа байж байсан.

Дээрх нөхцөл байдлуудаас харахад хэргийн оролцогч Б.Л нь тус шүүхэд 5 жил шүүхийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан болохыг нь мэдсэн. Тус шүүх хурлын даргалагч шүүгч Б.С Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.28-д заасны дагуу тухайн шүүхийн тамгын газрын даргаар ажиллаж байсан Б.Л-ийг мэдсээр байж өөрөө татгалзах үүргээ биелүүлээгүй гэж үзэж байна. Тамгын газрын дарга гэдэг нь мөн хуулийн 86, 87-р зүйлүүдэд заасан бүрэн эрхийг хэрэгжүүлдэг учир даргалагч шүүгч өөрөө татгалзах учиртай байсан гэж үзэж байна.

Мөн хариуцагч нар гаднаас бус шүүгч нар суудаг болон шүүхийн захиргааны ажилтнууд суудаг талаас гарч ирцгээсэн бөгөөд шүүх хурал тарснаас хойш цаг гаруй хугацаа өнгөрч байхад шүүхийн гадаа хариуцагч нарын машин байсан зэргүүдээс шүүгч Б.С-д итгэх итгэлд эргэлзээ төрж Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.19-д заасан "хэргийн оролцогч болон бусад этгээдтэй ... хувийн дотно харилцаа тогтоосон" байж болзошгүй гэсэн хардлага төрж байна. Мөн хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1-д “Шүүгч шүүн таслах ажиллагаанд оролцоход ашиг сонирхлын зөрчил үүсэж болзошгүй нөхцөл байдал байгаа бол өөрөө татгалзан гарах, эсхүл хэргийн оролцогчдод мэдэгдэж, тэдгээрийг татгалзах хүсэлт гаргах боломжоор хангана" гэжээ. Гэтэл Д.Л шүүхэд ажиллаж байсан нь ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөл болохгүй гэж хэлээд л хурлаа үргэлжлүүлсэн. Б.Л тус шүүхэд хэдэн оноос хэдэн оны хэдэн сарын хэдний өдөр хүртэл ямар ажил хийж байсан талаар дэлгэрэнгүй танилцуулаагүй. Уг хурлын 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр хийхээр өмнө нь товлон зарласан учир Ж.Н би өөрийн биеэр болон Б.Л мөн өөрийн биеэр очиж оролцсон энэ үед Б.Л-г тухайн шүүхэд ажиллаж байсан талаар Сосорбарам шүүгч огтхон ч дурсаагүй.

Иймд Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх заалтыг үндэслэн гаргасан гомдлыг маань хянаж үзнэ үү…” гэжээ.

Шүүгч Б.С тайлбартаа: “...шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 1../ШШ2024/0...5 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч С.Ц-ын нэхэмжлэлтэй, хариуцагч “Э” ТӨҮГ, “А” ХХК-нд холбогдох “Хувь эзэмших эрхтэй болохыг тогтоолгох” тухай маргаантай иргэний хэргийг тус шүүх 2024 оны 08 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдааныг 09 дүгээр сарын 18-ны өдөр хийхээр товлон зарласан боловч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын хүсэлтээр шүүх хуралдаан хойшлогдсон.

Иймд шүүх хуралдааныг 10 дугаар сарын 09-ний өдрийн 11 цагт хийхээр дахин товлон зарласан ба хуралдаан мөн өдрийн 12:37 цагт /өмнөх шүүх хуралдаан дууссаны дараа үргэлжлүүлэн/ эхэлсэн.

Шүүх хуралдаан даргалагчийн хувьд хуралдааны оролцогч нарт шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Б.С даргалж, ...шатны Ерөнхий шүүгч Т.Д, шүүгч Н.Б нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар П.Ж оролцож байгааг танилцуулсны дараа шүүх хуралдаанд хариуцагч “Э” ТӨҮГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа Б.Л тус шүүхэд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, шүүхийн Тамгын хэлтсийн даргаар 2004-2014 онд ажиллаж байсныг мэдэгдэж, шүүх бүрэлдэхүүний хувьд уг оролцогчтой ашиг сонирхлын зөрчил үүсэж болзошгүй, хувийн харилцаатай гэж үзэх, татгалзах үндэслэл байхгүй болохыг тайлбарласан.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.1-д зааснаар энэ хуулийн 91 дүгээр зүйлд заасан татгалзан гарах үндэслэл байвал шүүгч энэ тухайгаа шүүх хуралдаан эхлэхээс өмнө, эсхүл татгалзан гарах үндэслэл шүүх хуралдааны явцад тогтоогдвол тухайн үед нь мэдэгдэж татгалзан гарах үүрэг хүлээдэг.

Миний бие шүүх хуралдаанд хариуцагч “Э” ТӨҮГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцсон Б.Л-тэй зөвхөн ажил хэргийн буюу шүүгч, ажилтны харилцаатай 2004-2014 онуудад /10-аад жилийн өмнө/ хамт ажиллаж байсан. Түүнтэй төрөл, садан биш, найз, нөхдийн дотно харилцаа, эдийн болон эдийн бус хувийн ашиг сонирхлын холбоо байхгүй, уг хэргийг шударгаар шийдвэрлэж чадах эсэх талаар үндэслэл бүхий эргэлзээтэй асуудал гараагүй, ашиг сонирхлын зөрчил үүсэж болзошгүй нөхцөл байдал бий болоогүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1-д заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож болохгүй үндэслэл байхгүй гэж үзсэн.

Иймд уг хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзан гарах хүсэлт гаргаагүй болно. Мөн шүүх хуралдааны оролцогчдоос “шүүх бүрэлдэхүүн болон шүүх хуралдааны нарийн бичгийн даргыг татгалзан гаргах үндэслэл байгаа эсэх”-ийг тодруулахад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Н болон бусад оролцогчид “Байхгүй” гэж хариулсан бөгөөд татгалзан гаргах хүсэлт гаргаагүй тул шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулсан нь шүүх хуралдааны бичлэгээр нотлогдоно.

Давж заалдах шатны шүүх хуралдаан 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 09:30 цагт эхэлж, 16:50 цагт дууссан /тасралтгүй явагдсан/ бөгөөд хуралдаанаас өмнө болон хойно хариуцагч “Э” ТӨҮГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Л-тэй, мөн хэргийн бусад оролцогчидтой тааралдаагүй. Миний бие хариуцагч “Э” ТӨҮГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Л-ийн хаагуур явж, хэнтэй уулзсан, шүүгч, ажилтнуудтай уулзсан эсэх талаар мэдэхгүй ба гомдолд дурдсан “...хэргийн оролцогч болон бусад этгээдтэй ...хувийн дотно харилцаа тогтоосон..” гэх асуудал, үйлдэл гаргаагүй болно.

Түүнчлэн би хариуцагч “Э” ТӨҮГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Л-тэй хувийн болон хамаарал бүхий харилцаатай, үйлдэл /эс үйлдэхүй/-д нь хариуцлага хүлээх үүрэг бүхий этгээд биш тул түүний давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцохоос өмнөх болон дараах хугацаанд бусад шүүгч, ажилтнуудтай уулзсан эсэх, хэргийн оролцогчидтой хэрхэн харилцсантай холбогдох  хариуцлагыг хүлээх үндэслэлгүй юм.

Миний бие аливаа хэрэг, маргааныг хуульд нийцүүлэн шийдвэрлэж, шүүгчийн ёс зүйн хэм, хэмжээ, шударга ёсыг чанд сахин ажилладаг бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.1-д заасан үүргээ зөрчөөгүй, Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.19-д заасан хориглосон үйлдэл гаргаагүй тул надад үүсгэсэн сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү ...“ гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Сахилгын хэрэгт авагдсан баримтаас үзвэл, С.Ц-ын нэхэмжлэлтэй, “Э” ТӨҮГ, “А” ХХК-д холбогдох иргэний хэргийг ...шатны шүүх 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдөр хянан хэлэлцээд 0....5 дугаар шийдвэр гаргасан, уг шийдвэрт хариуцагч “А” ХХК давж заалдах журмаар гомдол гаргажээ. ... шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 0...9 дүгээр захирамжаар шүүх хуралдаан даргалагчаар Ерөнхий шүүгч Б.Б, бүрэлдэхүүнд ...шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.А, шүүгч С.У нарыг томилсон шийдвэрийг албажуулсан. 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч нарын хүсэлтээр 2024 оны 05 дугаар сарын 02, 05 дугаар сарын 20-ны өдрийн шүүх хуралдаан хойшлогдсон.

2024 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн шүүх хуралдаанд хариуцагч талаас шүүгчдийг татгалзан гаргах хүсэлт гаргасан, хүсэлтийг шийдвэрлэх хүртэл хугацаагаар шүүх хуралдааныг хойшлуулжээ.

Тус шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн
...6 дугаар тогтоолоор хүсэлтийг адил шатны өөр шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөр шийдвэрлүүлэх үндэслэлтэй гэж үзэж ...шатны шүүхээр татгалзлыг шийдвэрлүүлэхээр шилжүүлсэн.

... шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 0...0 дугаар тогтоолоор татгалзан гарах тухай хүсэлтийг хүлээн авч шийдвэрлээд, хэргийг буцаан хүргүүлжээ.

...шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн 2024 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 0...1 дүгээр захирамжаар хэргийг ...шатны шүүхэд шилжүүлэхээр шийдвэрлэж, хэргийг мөн шүүхэд хүргүүлсэн байна.

...шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн 2024 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 0...6 дугаар захирамжаар давж заалдах гомдлыг хянан шийдвэрлэх шүүх хуралдааны даргалагчаар Ерөнхий шүүгч Б.С, илтгэгч шүүгчээр Н.Б, шүүх бүрэлдэхүүнд Л.Э нарыг томилсон шийдвэрийг албажуулсан ба шүүх хуралдааныг 2024 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр товлон зарласан боловч хариуцагчийн өмгөөлөгч нарын хүсэлтээр хойшлогджээ.

Тус шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн шүүх хуралдаанаар  хэргийг хянан хэлэлцээд ...шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Илтгэгч гишүүний сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг дараах үндэслэлээр хүлээн авах нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзэв.

1. Өргөдөлд “... Хурал 11 цагаас гэж зарласан ... 20 орчим минутын өмнө шүүх дээр очиход хариуцагч нараас нэг ч хүн ирээгүй шүүхийн коридорт хэн нэгэн нь байгаагүй, ... хариуцагч нар гаднаас бус шүүгч нар суудаг болон шүүхийн захиргааны ажилтнууд суудаг талаас гарч ирцгээсэн ... Шүүхийн байрны хяналтын камерыг 2024 оны 10 дугаар сарын 09-ний өглөөний 10 цагаас 15 цаг хүртэлх хугацааны бичлэгийг шалгаж, хариуцагч нар өглөө хэн хэний өрөөгөөр орж, хаагуур хаагуур явсан болох, ... мөн хариуцагч нар шүүхийн байран дотор хэн хэнтэй уулзаж хаагуур явсан болохыг нь шалгаж өгнө үү ... Шүүх хурал тарснаас хойш цаг гаруй хугацаа өнгөрч байхад шүүхийн гадаа хариуцагч нарын машин байсан ...” гэжээ.

...шүүхийн байрны доторх 1 давхрын үүдний хэсэг, 1-3 давхрын шатны хэсэг болон коридор хэсгийн, 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 10:00-15:59 цагийн хоорондох бичлэгт хийсэн үзлэгийн  тэмдэглэлээс үзвэл, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Н-г шүүхийн байранд орж ирэхэд, шүүхийн үүд хэсэгт байгаагүй, шүүхийн байрны дотроос гарч ирсэн боловч тэдгээр нь хуралдаанаас өмнө шүүгчийн туслахын өрөөнд хэргийн материалтай танилцсан, Б.Л нь Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч нарын өрөөнд байж байгаад 1 давхарт бууж ирсэн нь тогтоогдож байна.

Шалгах  ажиллагааны  явцад  Б.Л:  “... шүүх рүү ороход Ж.Н гуай, “А” ХХК-ийн хариуцагч нар ирсэн байсан, мэндлээд хуралдаан болох болоогүй байна уу, хэдээс эхлэхээр байна гэх зэргээр ярилцаад үүдэнд суусан. Тэгээд сууж байгаад н.О шүүгчийн өрөөнд 3 давхарт гарч Иргэний хууль авсан. Би хуульгүй ирчихсэн байсан. н.О өмнө нь намайг шүүхийн Тамгын газрын даргаар ажиллаж байхад мэргэжилтэн байсан тул арай дотно тул тэдний өрөөнд ороод, 5 үг солиод хувцсаа тайлаад, хууль аваад гарсан ...” гэх,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ж: “10 дугаар сарын 09-ний өдрийн хуралдаанд н.М өмгөөлөгч бид 2 очиж оролцсон. Манайх шүүгч нараас татгалзаад хэрэг ...аймаг руу явсан, мөн ...аймаг руу шилжсэн гэх зэргээр ажиллагаа хийгдсэн тул энэ баримтуудыг өөрт байгаа хэргийн материалтай тулгаж танилцсан. Хүхрийн хүчлийн агуулахын зургийг хэвлэчхээд мартчихсан байсан. Тэрийг хэвлэх боломжтой эсэх талаар хүнээс асуугаад шүүгчийн туслахаас асууж, өрөөнд нь хэвлүүлсэн. 2 зураг хэвлүүлэх байсан. 1 зураг нь мэйлээр манай ажлаас ирэх гэж удаад байсан болохоор хэвлэсэн зургаа аваад гарсан...” гэх ,

Шүүгчийн туслах Н.Д: “Би хуралдааны бэлтгэл хангах үүрэгтэй тул эхэлчихсэн байсан эрүүгийн 2 хурал дуусаж байгаа эсэх, дараагийн хурал дөхөж байна уу гэж харах гээд доош бууж байхдаа 1 давхарт хуралдааны заалны орчимд тэр хоёртой таарсан. Тэгэхэд “хэрэг нь байгаа бол танай өрөөнд орж хэргийн материалтай танилцъя” гээд тэр 2 манай өрөөнд орж хэрэгтэй танилцсан. Шүүгч нар 3 дугаар давхарт суудаг, шүүгч Б.С 304 тоотод суудаг. Энэ өрөөнд шүүгч Б.С нэг талд нь нөгөө талд нь захиргааны хэргийн шүүгч н.М нар суудаг. Энэ 2 өрөөний дунд би суудаг. Итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Л өглөө эрт орж ирсэн. Гэхдээ 3 шүүгч хуралдаандаа орчихсон байсан. Б.Л орж ирээд шүүгч нар өөр хуралдаанд орсон гэдгийг мэдээд “хуралдаан дөхвөл над руу утасдаад хэлчхээрэй” гээд гарсан ... Надад хэрэг байсан, хуралдах хэргийг шүүгч нарт аваачиж өгөөд, дууссан хуралдааны хэргээ би авч байсан, иймд надад хуралдаагүй байсан иргэний хэрэг байсан юм. Оролцогч нар ч танилцаж мэднэ гээд авсан байсан” гэх

Холбогдох шүүгч Б.С: “...Б.Л давахын туслах, нарийн бичгийн даргаар ажиллаж байсан. Б.Л Тамгын газрын даргаар ажиллаж байхад нь хамт ажиллаж байсан Б.Л-ийн үеийн хүмүүс одоо шүүгч болчихсон байдаг юм, тэд нарын өрөөгөөр орсон байх гэж бодож байна. Давж заалдах шатны шүүхийн шүүгч нартай бол уулзаагүй, уулзах боломжгүй.” гэснээр Б.Л нь 3 дугаар давхарт байсан, гэхдээ Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч нарын өрөөгөөр оржээ” гэх тайлбарыг тус тус гаргажээ.  

Дээр дурдсанаас үзвэл, хэргийн оролцогч нарыг шүүгчийн туслахын өрөөнд орох үед Ерөнхий шүүгч Б.С өрөөндөө байгаагүй бөгөөд шүүх хуралдаантай  байсан болох нь 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдөр 09 цаг 30 минутад хийсэн А.Д-д холбогдох болон шүүгдэгч Г.Б, Т.Б нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдааны тэмдэглэл болон гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогдож байна.

Өргөдөлд “...хурал тарснаас хойш цаг гаруй хугацаа өнгөрч байхад шүүхийн гадаа хариуцагч нарын машин байсан ...” гэсэн нь гэрч Д.Ж-ны “... хуралдаан дуусаад н.М өмгөөлөгч бид 2 шүүхийн ойролцоо, замын эсрэг талд хоол идсэн. н.Л эгч буцах унаагүй болсон гэж хэлээд, машинаараа дөнгөж эргээд шүүхийн гадаа зогсоолд зогсоод, Б.Л эгчийн цүнхтэй зүйлсийг аваад хөдөлсөн ...” гэж мэдүүлсэн.

Мөн шалгах ажиллагааны явцад Б.Л, Ерөнхий шүүгч Б.С нь хоорондоо утсаар харьцсан эсэхийг тодруулж, үүрэн телефоны компаниас Б.Л, Ерөнхий шүүгч Б.С, шүүгчийн туслах Н.Д нарын утасны дугаарын орсон, гарсан дуудлага, зурвасын жагсаалтыг гаргуулан авчээ.

“М” ХХК-иас ирүүлсэн лавлагаанд шүүгч Б.С-ын 99......., Б.Л-ийн 99........ дугаарын гадагш ярьсан болон илгээсэн мессежний дугаарын жагсаалтад хоорондоо дуудлага, зурвас илгээсэн бүртгэл байхгүй байна.

Харин Б.Л-ийн 99........ дугаараас шүүгчийн туслах Н.Д-ийн 94....... дугаарын утас руу 2024 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 18:07 цагт 1 минут орчим, 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 09:33 цагт 1 минут орчим, 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 10:03 цагт 1 минут орчим, 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 09:04 цагт 1 минут, 11:21 цагт 1 минут орчим, 16:07 цагт 31 секунд, 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 16:05 цагт 1 минут орчим холбогдож ярьжээ.

Холбогдох шүүгч Б.С нь хэргийн оролцогчтой аливаа хэлбэрээр харилцсан, уулзсан гэх үйл баримт тогтоогдоогүй болно

2. Шүүгч хэрэг хянан шийдвэрлэхэд оролцож болохгүй үндэслэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлд заасан. Үүнд:

91.1.1.урьд нь уг хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, эвлэрүүлэн зуучлагч, иргэдийн төлөөлөгч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, гэрч, шинжээч, орчуулагч, хэлмэрчийн хувиар оролцсон;

91.1.2.уг хэргийн болон шүүх хуралдааны оролцогчийн гэр бүл, төрөл, садан бол, эсхүл шүүх бүрэлдэхүүнд хоорондоо гэр бүлийн болон төрөл, садангийн холбоотой хүмүүс орсон байвал;

91.1.3.хэргийн оролцогчтой хувийн харилцаатай, түүнчлэн уг хэргийг шударгаар шийдвэрлэж чадах эсэх талаар үндэслэл бүхий эргэлзээ байвал;

91.1.4.ашиг сонирхлын зөрчил үүсэж болзошгүй нөхцөл байдал бий болсон бол.

Давж заалдах шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Л /амны хаалттай байсан/ нар биечлэн,
хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ж, Н.Э нар цахимаар оролцсон байх бөгөөд тус шүүх хуралдааныг хариуцагчийн өмгөөлөгчийн хүсэлтээр хойшлуулж, шүүх хуралдааныг 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хийхээр товлон зарлажээ.

Мөн өдрийн шүүх хуралдааны дуу-дүрсний бичлэгт, даргалагч “Шүүх хуралдаанд “Э”-ээс оролцож байгаа итгэмжлэгдсэн төлөөлөгч н.Л бол тус шүүхэд 2004-2014 онуудад шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, тамгын газрын даргаар ажиллаж байсан хүн оролцож байгаа юм байна. н.Л шүүх хуралдаанд оролцож байгаатай холбоотой шүүх бүрэлдэхүүнээс ямар нэгэн ашиг сонирхлын зөрчилтэй, хувийн харилцаатай гэх үндэслэлээр татгалзан гаргах үндэслэл байхгүй. Үүнийг танилцуулъя. Бүрэлдэхүүн болон нарийн бичгийн даргаас татгалзан гаргах үндэслэл талуудад байна уу” гэж асуусан байх бөгөөд хэргийн оролцогчид татгалзах хүсэлт байхгүй гэсэн болох нь шүүх хуралдааны тэмдэглэл, дуу-дүрсний бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлээр тогтоогдож байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  92 дугаар зүйлийн 92.1.-т “Энэ хуулийн 91 дүгээр зүйлд заасан татгалзан гарах үндэслэл байвал шүүгч, иргэдийн төлөөлөгч, шинжээч, орчуулагч, хэлмэрч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга энэ тухайгаа шүүх хуралдаан эхлэхээс өмнө, эсхүл татгалзан гарах үндэслэл шүүх хуралдааны явцад тогтоогдвол тухайн үед нь мэдэгдэж татгалзан гарах үүрэгтэй”, 92.2.-т “Энэ хуулийн 91 дүгээр зүйлд заасан үндэслэлээр шүүгч, иргэдийн төлөөлөгч, шинжээч, орчуулагч, хэлмэрч, шүүх хуралдааны нарийн бичгийн даргыг татгалзан гаргах тухай хүсэлтийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, иргэдийн төлөөлөгч гаргаж болно. Дээр дурдсан этгээд шүүх хуралдаан эхлэхээс өмнө, эсхүл татгалзан гарах үндэслэл шүүх хуралдааны явцад тогтоогдвол тухайн үед нь мэдэгдэх үүрэгтэй” гэж заасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагч “Э” ТӨҮГ-ын итгэмжлэгдэн төлөөлөгчөөр оролцож байгаа Б.Л нь 2012 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 2014 оны 06 дугаар сарын 02-ны өдөр хүртэл ...аймгийн шүүхийн Тамгын хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байгаад 2014 оны 05 дугаар сарын 27-ны өдөр албан тушаалаасаа чөлөөлөгджээ.

Шүүгч Б.С тайлбартаа “...09 дүгээр сарын 18-ны хуралдаанд н.Л маск зүүчихсэн байсан. Нэр н.Л л гэж байсан. Яг ямар н.Л гэдгийг анзаараагүй. Тэр хуралдаанд хүсэлт хэлэлцээд хэдхэн минут үргэлжлээд хойшилсон. Дараагийн 10 дугаар сарын 09-ний өдрийн хуралдаанд иргэний хурал орохын өмнө бүрэлдэхүүний шүүгч нар хоорондоо ярилцсан. “н.Л нь манайд ажиллаж байсан н.Л үү” гэж н.Б шүүгчээс асууж байсан. Тэгээд манайд ажиллаж байсан н.Л гэдгийг тэр үед мэдээд, татгалзлаа танилцуулъя гэж шийдсэн ...” гэжээ.

2024 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн шүүх хуралдаанд даргалагч болон шүүх бүрэлдэхүүний зүгээс хэргийн оролцогчтой ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ танилцуулж, мэдэгдэх үүргээ хэрэгжүүлж, хэргийн оролцогч нарт татгалзан гарах хүсэлт байгаа эсэхийг асууж, эрхээ хэрэгжүүлэх боломжийг олгожээ. 

Иймд шүүгчийг Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.28-д заасны дагуу мэдсээр байж өөрөө татгалзах үүргээ биелүүлээгүй гэж буруутгах үндэслэлгүй.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1, 112.1.2, 112.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон   

            ТОГТООХ НЬ:

1. ... шатны шүүхийн шүүгч Б.С-д холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай саналыг хүлээн авч, түүнд холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.         

2. Магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сахилгын хороонд хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

3. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6-т зааснаар магадлал гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл, мэдээлэл гаргагчийн оршин суугаа газрын эсхүл ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл ажлын албаны ажилтнаар хүргүүлэхийг ажлын албанд даалгасугай.

4. Дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох ба энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг тайлбарласугай.

                 ДАРГАЛАГЧ                                    Г.ЦАГААНЦООЖ

                        ГИШҮҮН                                        Д.МЯГМАРЦЭРЭН

                                                                                      Х.ХАШБААТАР