info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих ШИЛЭН ДАНС
ENMNG

МОНГОЛ УЛС

ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО

МАГАДЛАЛ

2025-03-10

Дугаар 35

Улаанбаатар хот

 Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 

Шүүхийн  сахилгын хорооны хуралдааныг гишүүн Б.Сугар даргалж, гишүүн Д.Эрдэнэчулуун, Д.Мягмарцэрэн нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн О.Номуулин, хуралдаан хариуцсан ахлах мэргэжилтэн, нарийн бичгийн дарга А.Намуундарь нарыг оролцуулан тус хорооны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

... шүүхийн шүүгч Ш.О-д холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай саналыг хянан хэлэлцэв.  

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Сахилгын хорооны гишүүний 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн ГС/2025/0019 дугаартай “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргах тухай” саналд:

“... Иргэн Д.Ж нь ... шүүхийн шүүгч Ш.О-д холбогдуулан гомдол гаргаж, үндэслэлээ “нэхэмжлэлийг хариуцагчид хуульд заасан хугацаанд гардуулах үүргээ биелүүлээгүй, хариуцагчийг албадан ирүүлэх, эрэн сурвалжлуулах хүсэлтийг шүүхэд удаа дараалан гаргасан боловч хүлээн авч шийдвэрлэхгүй 8 сарын хугацаа өнгөрөөж миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг санаатайгаар хохироож байна” гэж тодорхойлжээ.

Шалгах ажиллагааны явцад цугларсан баримтуудаас үзвэл:

1. Нэхэмжлэгч Д.Ж-н хариуцагч Ч.Э, Ө.Ж нарт холбогдуулан гаргасан “бусдын хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэх”-ийг хүссэн  нэхэмжлэлд ... шүүгч Д.М 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 183/ШЗ2024/10468 дугаар захирамжаар иргэний хэрэг үүсгэж, 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 183/ШЗ2024/13602 дугаар захирамжаар хариуцагч Ч.Э, Ө.Ж нарыг албадан ирүүлэхээр шийдвэрлэсэн, ... шүүхийн Шүүгчдийн зөвлөгөөний 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 183/ЗТ2024/01729 дүгээр тогтоолоор дээрх хэргийг шинээр томилогдон ирсэн шүүгч Ш.О-д шилжүүлж, тус шүүхийн Ерөнхий шүүгчийн 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 183/ЕШ2024/05286 дугаар захирамжаар шүүх хуралдаан даргалагчаар шүүгч Ш.О-г томилсныг албажуулсан, Шүүгчдийн зөвлөгөөний 2024 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 183/ЗТ2024/01776 дугаар тогтоолоор хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацааг 07 дугаар сарын 05-ны өдрөөс 30 хоногоор сунгасан.

2. ... шүүхийн шүүгч Ш.О-н 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 183/ШЗ2024/15635 дугаар захирамжаар шүүхээс  гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах хүсэлтийг хангахаас татгалзсаныг тус шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 183/ШТ2024/00546 дугаар тогтоолоор хэвээр үлдээсэн.

3. Цагдаагийн ерөнхий газрын Нийтийн хэв журам хамгаалах, Олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны, Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах хэлтсийн хамгаалалтын цагдаа, дэд ахлагч Г.Г 2024 оны 08 дугаар сарын 09-ний өдөр “...хариуцагчийг албадан ирүүлэх ажиллагааг гүйцэтгэхээр хаягийг удаа дараа шалгаж утас руу нь холбогдсон боловч холбогдох боломжгүй байх тул албадан ирүүлэх ажиллагааг гүйцэтгэхэд хүндрэл учруулж байна” гэх илтгэх хуудас, 2024 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр “...Албадан ирүүлэх ажиллагааг гүйцэтгэхээр боломжит арга хэмжээнүүдийг авч гүйцэтгэн журмын дагуу захирамжид дурдагдсан хаягийг шалгаж удаа дараа очиход хариуцагч нар нь тухайн хаягт амьдардаг эсэх нь тодорхойгүй байх тул албадан ирүүлэх ажиллагааг тухайн хаягаас хийх боломжгүй байна” гэх илтгэх хуудас тус тус шүүхэд ирүүлсэн байх ба нэхэмжлэгч Д.Ж-н шүүхэд анх гаргасан нэхэмжлэлийг болон 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлснийг 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хариуцагч нарт гардуулж, 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хариуцагчаас хариу тайлбар ирүүлсэн.

 4. Нэхэмжлэгч дахин 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдөр банкны хүүд төлсөн 10.744.183,27 төгрөгийг хариуцагч нараас гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлснийг 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хариуцагч нарт гардуулж, шүүгчийн 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 183/ШЗ2024/22319 дүгээр захирамжаар нэхэмжлэгчийн “шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах” хүсэлтийг хангаж, хариуцагч нарын дансны зарлагын хөдөлгөөнийг нэхэмжлэлийн үнийн дүн болох 11.931.633 төгрөгийн хэмжээнд зогсоосон.

5. 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хариуцагч Ч.Э-с нотлох баримт гаргуулах хүсэлт гаргасныг шүүгчийн 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 183/ШЗ2025/00389 дүгээр захирамжаар хангаж “...Хэрэг бүртгэлтийн 230504376 дугаартай хэрэг дэх ...нарын гэрч, хохирогчоор өгсөн мэдүүлгүүд, Ч.Э-н гэрч, иргэний нэхэмжлэгчээр өгсөн мэдүүлгүүд, Ч.Э-г иргэний нэхэмжлэгчээр тогтоосон мөрдөгчийн тогтоол, ...гэрч, сэжигтнээр өгсөн мэдүүлгүүд, Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Х-н 2023 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 114 дүгээр “Хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах тухай” зөвшөөрөл, тус зөвшөөрлийг хүчингүй болгосон шийдвэр, баримт бичгийг Баянгол дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсээс, ... улсын бүртгэлийн Ү-2206069... дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн хувийн хэргийг Хан-Уул дүүрэг дэх улсын бүртгэлийн хэлтсээс тус тус гаргуулах”-аар шийдвэрлэсэн, нэхэмжлэгч нь шүүгч Ш.О-д сахилгын хэрэг үүсгэсэнтэй холбогдуулан шүүгчийг татгалзан гаргах хүсэлт гаргасныг Ерөнхий шүүгчийн 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 192/ЕШ2025/00025 дугаар захирамжаар хангахаас татгалзсан үйл баримт тогтоогдоно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1-д “Хуулиар өөр хугацаа тогтоогоогүй бол хэрэг үүсгэсэн өдрөөс хойш 60 хоног, давж заалдах болон хяналтын шатны шүүхээс хэргийг дахин хэлэлцүүлэхээр ирүүлсэн бол шүүгч хэргийг хүлээж авснаас хойш 30 хоногийн дотор тус тус шийдвэрлэнэ”, 71.2-т “Энэ хуулийн 71.1-д заасан хугацааг тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс нэг удаа 30 хүртэл хоногоор сунгаж болно”, 72 дугаар зүйлийн 72.1-д “Хэрэг үүсгэсэн өдрөөс хойш хариуцагчид нэхэмжлэлийг нийслэлд 7 хоногийн, орон нутагт 14 хоногийн дотор тус тус гардуулна”, 72.2-т “Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй” гэж заажээ.

Д.Ж-н нэхэмжлэлтэй хариуцагч Ч.Э, Ө.Ж нарт холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны дээрх хуулиар тогтоосон хугацаа дууссан боловч шүүгч Ш.О нь хэрэг шилжин ирсэн 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хойш хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тасралтгүй явуулсан байх ба хариуцагч нар шүүхийн дуудсанаар хүрэлцэн ирж нэхэмжлэлийг гардаж аваагүй, хариуцагчийг албадан ирүүлэх захирамж гаргаж эрх бүхий байгууллагад хүргүүлсэн боловч цагдаагийн байгууллага уг захирамжийг биелүүлэх боломжгүй байгаа талаар удаа дараа илтгэх хуудас ирүүлсэн, нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа 2 удаа нэмэгдүүлсэнтэй холбоотойгоор хариуцагч нарт нэмэгдүүлсэн шаардлагыг дахин гардуулах үндэслэл бүрдсэн, нэхэмжлэгч болон хариуцагч талын хүсэлтүүдийг тухай бүрд нь шийдвэрлэж холбогдох эрх бүхий байгууллагад шийдвэрээ хүргүүлсэн, шүүгчийн захирамжид гомдол гаргаж, уг гомдлыг тухайн шүүх хэлэлцсэн, нэхэмжлэгч шүүгчийг татгалзан гаргах хүсэлт гаргасныг тус шүүхийн Ерөнхий шүүгч шийдвэрлэсэн зэрэг шалтгаан нөхцөлийн улмаас хугацаа хэтэрсэн гэж үзэхээр байна.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т “хуулийн илт тодорхой заалтыг ноцтой, эсхүл удаа дараа зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргах” гэж заасныг тухайн заалт хэнд ч илэрхий ойлгомжтой маргаангүй байх, зөрчлийн хэр хэмжээ, давтамжаас хамаарч сахилгын зөрчилд тооцох эсэхийг тодорхойлохоор хуульчилсан гэж ойлгох бөгөөд дээр дурдсан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1, 71.2, 72 дугаар зүйлийн 72.1-д заасан зохицуулалтууд хуулийн илт тодорхой заалт мөн боловч шүүгчээс үл хамаарах шалтгаанаар зөрчигдсөн энэ тохиолдолд “ноцтой” болон “удаа дараа” гэх урьдач нөхцөл хангагдсан гэж үзэх боломжгүй.

Түүнчлэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т “Хариуцагчийн оршин суугаа газрын хаяг мэдэгдэхгүй байвал түүнийг эрэн сурвалжлуулахаар нэхэмжлэгч шүүхэд хүсэлт гаргаж болно”, 133 дугаар зүйлийн 133.1-д “Шүүх дараахь хэргийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ”: 133.1.9 “нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах”, 155 дугаар зүйлийн 155.1-д “Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж болно”, 155.2-т “Энэ хуулийн 155.1-д заасан хүсэлтийг гаргагч өөрийн оршин суугаа газрын шүүхэд гаргана” гэж тус тус зааснаас үзвэл хариуцагчийг эрэн сурвалжлах ажиллагааг гагцхүү нэхэмжлэгч өөрийн оршин суугаа газрын харьяаллын шүүхэд хүсэлт гаргаж, онцгой ажиллагааны журмаар шийдвэрлэнэ гэж ойлгох бөгөөд Д.Ж-н нэхэмжлэлтэй Ч.Э, Ө.Ж нарт холбогдох иргэний хэргийн тухайд нэхэмжлэлд дурдсан хаягаар хариуцагч нарыг дуудуулсан, шүүхийн мэдэгдэх хуудас гардан авсан хариуцагч нар шүүхэд хүрэлцэн ирээгүй тул албадан ирүүлэх захирамж гаргасан шүүгчийн үйл ажиллагаа хуульд нийцсэн, нэхэмжлэгч хүсэлт гаргаагүй тохиолдолд хариуцагчийг эрэн сурвалжлах ажиллагаа хийгдэхгүй, энэ талаар шүүгчийн гаргасан тайлбар үндэслэлтэй байна.

Мөн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Хэргийн оролцогчоос өөрийн шаардлага ба татгалзлаа үндэслэж байгаа, шүүх хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан арга хэрэгслээр олж авсан бодит нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай аливаа баримтат мэдээллийг нотлох баримт гэнэ”, 38 дугаар зүйлийн 38.1-д “Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй”, 38.6-д “Хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримт нь төрийн болон албаны нууц, байгууллагын нууц, хүний эмзэг мэдээлэлтэй холбоотой, өөр улс, орон нутагт байгаа учраас зохигч тэдгээрийг өөрөө олж авах боломжгүй, ...тохиолдолд нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлнэ” гэж заасан бөгөөд хариуцагч талаас нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ нотлох зорилгоор нотлох баримт гаргуулахаар хүсэлт гаргасныг шүүхээс хангаж шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй. Дээрхийг нэгтгэн дүгнээд ... шүүхийн шүүгч Ш.О-д холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргав.” гэжээ.

     ҮНДЭСЛЭХ нь:

Илтгэгч гишүүн ... шүүхийн шүүгч Ш.О-д холбогдуулан сахилгын хэрэг үүсгэн, шалгах ажиллагааг явуулж, улмаар “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргах тухай” санал гаргасан нь хууль зүйн үндэслэл бүхий байна гэж бүрэлдэхүүн үзэв.

            Шүүгч хуулиар олгосон бүрэн эрхийнхээ хүрээнд хуулийг хэрэглэж, хариуцагчид нэхэмжлэл, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг гардуулах ажиллагааг хийсэн байх тул нэхэмжлэлийг хуульд заасан хугацаанд гардуулаагүй гэж буруутгахгүй бөгөөд нэхэмжлэлд дурдсан хаягаар хариуцагч нарыг дуудуулсан, шүүхийн мэдэгдэх хуудас гардан авсан хариуцагч нар шүүхэд хүрэлцэн ирээгүй тул албадан ирүүлэх захирамж гаргасан шүүгчийн үйл ажиллагаа хуульд нийцсэн байна.

            Тодруулбал, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 89 дүгээр зүйлийн 89.3.2-т зааснаар хэрэг маргаан хянан шийдвэрлэх ажиллагаатай холбогдуулан шүүгчээс даалгасан ажиллагааг гүйцэтгэх чиг үүргийг шүүгчийн туслах хэрэгжүүлдэг бөгөөд нэхэмжлэлийг гардуулах зорилгоор хариуцагчийг удаа дараа дуудсан, шүүгч хариуцагчийг албадан ирүүлэх ажиллагааг хийсэн талаарх баримт сахилгын хэрэгт авагдсан байна.

Тухайн маргаан бүхий иргэний хэргийн нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа удаа дараа нэмэгдүүлсэн, хариуцагчид нэхэмжлэл гардуулах ажиллагаа явуулах, хариуцагчийг албадан ирүүлэх, нотлох баримт гаргуулах, хэргийн оролцогчоос шүүхэд гаргасан удаа дараагийн хүсэлтийг шийдвэрлэсэн, шүүгчийн захирамжид гаргасан гомдлыг зохих журмын дагуу шийдвэрлэх зэрэг ажиллагаа хийгдэж байснаас улбаалан иргэний хэрэг хянан шийдвэрлэгдээгүй байх бөгөөд энэ нь иргэний хэрэг үүссэн цаг хугацаанаас хойш хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа зогсоогүй, үргэлжлэн явагдсан нь сахилгын хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх тул шүүгчийг буруутгах үндэслэлгүй.

Өөрөөр хэлбэл, шүүгчийн сахилгын зөрчил нь санаатай болон болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдэх ч тухайн үйлдэл, эс үйлдэл нь хувь шүүгчээс өөрөөс нь шууд хамаарах шалтгаант холбоотой байж зөрчилд тооцогдох учиртай.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт “хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримт нь төрийн болон албаны нууц, байгууллагын нууц, хүний эмзэг мэдээлэлтэй холбоотой, өөр улс, орон нутагт байгаа учраас зохигч тэдгээрийг өөрөө олж авах боломжгүй, түүнчлэн туршилт, үзлэг, таньж олуулах, шинжилгээ хийлгэх, гэрчийн мэдүүлэг авах тохиолдолд нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлнэ” гэж заасан.

Энэ заалтаас үзвэл, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн оролцогчоос гаргасан хүсэлтийн агуулгаас хамаарч, хэрэгт ач холбогдолтой эсэх, тухайн ажиллагааг хэргийн оролцогч өөрөө хийх боломжтой эсэх, эсвэл шүүх хийх шаардлагатай эсэхийг тогтоож, хүсэлтийг хангаж шийдвэрлэх эсэхийг шүүгч шийдвэрлэхээр хуульд заасан тул энэхүү үйл баримтыг сахилгын зөрчил гэж үзэхгүй.

Учир нь шүүх хэргийн бодит нөхцөл байдлыг тогтоох зорилгоор өөрийн санаачилгаар гүйцэтгэх ажиллагааг хийхгүйгээр зөвхөн хүсэлт гаргагчийн хавсаргаж, ирүүлсэн баримтад тулгуурлан хэрэг хянан шийдвэрлэх нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх зарчимд нийцэхгүй.

Тодруулбал, ямар ч нотлох баримт шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тооцогддоггүй бөгөөд зөвхөн шүүгч нотлох баримтад агуулагдаж буй мэдээлэлд дүгнэлт хийн зохигчдын тайлбар, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бүрдсэн хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судалж, тэдгээрийг үнэлэн, хуулиар олгосон бүрэн эрхийнхээ хүрээнд хэргийг хянан шийдвэрлэдэг.

Дээрхийг нэгтгэн дүгнэхэд холбогдох шүүгч хэргийн оролцогчийн тухайлбал, нэхэмжлэгчийн хууль ёсны эрхийг аливаа байдлаар зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Иймд сахилгын хэрэгт авагдсан баримтуудыг нэгтгэн дүгнэж, ... шүүхийн шүүгч Ш.О-д холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.  

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1, 112.1.2, 112.2 дах хэсэгт заасныг удирдлага болгон

                                                 ТОГТООХ НЬ:

1. ... шүүхийн шүүгч Ш.О-д холбогдох холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай саналыг хүлээн авч сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.     

2. Магадлалыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сахилгын хороонд сахилгын хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

3. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6-т зааснаар магадлал гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч болон гомдол, өргөдөл гаргагчийн оршин суугаа газрын эсхүл ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл ажлын албаны ажилтнаар хүргүүлэхийг ажлын албанд даалгасугай.

4. Дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох ба энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг тайлбарласугай.

     ДАРГАЛАГЧ                                       Б.СУГАР

                        ГИШҮҮН                                             Д.ЭРДЭНЭЧУЛУУН

                                                                                    Д.МЯГМАРЦЭРЭН