info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих ШИЛЭН ДАНС
ENMNG

МОНГОЛ УЛС

ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО

МАГАДЛАЛ

2025-02-12

Дугаар 25

Улаанбаатар хот

Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Сахилгын хорооны хуралдааныг гишүүн Д.Ариунтуяа даргалж, гишүүн Д.Мягмарцэрэн, О.Номуулин нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн С.Энхтөр, нарийн бичгийн дарга Г.Болортуяа нарыг оролцуулан тус хорооны танхимд хийсэн хуралдаанаар:

...шүүхийн шүүгч Б-т холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Илтгэгч гишүүн саналдаа: Өргөдөл гаргагчаас шүүгч Б-т холбогдуулан “...2024 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн шүүх хуралдаанд нэг талд давуу байдал бий болгож, чиглүүлж зөвлөгөө өгсөн, шүүх хуралдааны дэг баримтлаагүй, зүй бус харьцсан” гэх агуулгаар өргөдөл гаргажээ.  

...шүүхийн 2024 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 000/ШШ2024/03475 дугаар шийдвэрээр “Г” ХХК-ийн нэхэмжлэлтэй “У” ХХК, Ч.Б нарт холбогдох иргэний хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.2-т заасныг удирдлага болгон Иргэний хуулийн 56.1.8, 56.5 дахь хэсэгт заасныг баримтлан зохигчийн хооронд 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр байгуулагдсан №Г/102 дугаартай Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр нийлүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаварт “У” ХХК-аас 72,731,600 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Г” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 94,580,800 төгрөг болон хариуцагч Ч.Б-т холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Дээрх шийдвэрт зохигчоос давж заалдах журмаар гомдол гаргаагүй, хуулийн хүчин төгөлдөр болсон болох нь ...шүүхийн Тамгын газрын 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 228 дугаар албан бичиг, хэрэгт үзлэг хийсэн тэмдэглэлээр тус тус тогтоогдож байна.

Шалгах ажиллагааны явцад, өргөдөлд дурдсан үйл баримтыг тодруулахаар 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн ГЗБ/2024/0589 дүгээр гишүүний захирамжаар 2024 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн шүүх хуралдааны дуу, дүрсний бичлэгийг тухайн шүүхийн тамгын газраас нотлох баримтаар гаргуулж, бичлэгт үзлэг хийж бэхжүүлсэн болно.

Нэг. Нэхэмжлэгч талд “мессеж үзлэгээс татгалзсан ч үүнийгээ ахин гаргаад явахгүй юм уу” гэж өмгөөлөгчийн байр сууринаас хандан зөвлөгөө өгсөн, татгалзсан хүсэлтэд нь чиглүүлж, зөвлөн тусалсан гэх өргөдөлд дурдсан үйл баримтын тухайд,

 Тус өдрийн шүүх хуралдааны дуу, дүрсний бичлэг бичигдсэн “20240924-152644073.mp4” нэртэй бичлэгийн 0:52:59-0:53:26 минутад, Нэхэмжлэгчийн төлөөлөгч: Сая нэг ч литр түлш аваагүй гэж яриад байна. Би гар утсандаа үзлэг хийлгэх хүсэлт гаргаад үзлэг хийсэн боловч шүүгчийн тэмдэглэл буруу хөтөлсөн гэдэг шалтгаанаар нотлох баримтын шаардлага хангахгүй гэж үзсэн байсан. Гар утсаны чат, мессеж дээр Ч.Б-ын надтай ярьсан бүх зүйл байгаа гэв.

0:53:26-0:53:30 минутад, Даргалагчаас: Танайхаас тэгээд тэрийгээ яалаа гэхэд

0:53:31-0:53:33 минутад, Нэхэмжлэгчийн төлөөлөгч: Хөдөөнөөс ирэх боломжгүй гээд татгалзчихсан гэв.

0:53:35-0:53:42 минутад, Даргалагчаас: Үзлэг хийлгэх шаардлагагүй гэж үзээд татгалзчихсан тийм үү гэхэд

0:53:43-0:53:44 минутад, Нэхэмжлэгчийн төлөөлөгч: Тийм гэв.

“20240924-165926713.mp4” нэртэй бичлэгийн 1:16:33-1:16:46 минутад, Нэхэмжлэгчийн төлөөлөгч: Шүүгчээ нэг юм асууж болох уу. Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэлийг хүчингүй гээд байгаа. Тэр одоо миний буруутай үйлдэл юм уу, танай шүүгчийн буруутай үйлдэл юм уу.

1:16:46-1:16:47 минутад, Даргалагчаас: Тэр хүсэлтээ дахиад гаргах уу гээд асуусан шүү дээ гэхэд

1:16:47-1:16:48 минутад, Нэхэмжлэгчийн төлөөлөгч: Цаг хугацааны хувьд бид нар Өмнөговьд байсан учраас ирж амжаагүй, хүсэлтээ өгч чадаагүй гэв.

1:16:48-1:16:57 минутад, Даргалагчаас: Хүсэлтээ хэдийд ч гаргах боломжтой байсан. Танайх гаргаагүй шүү дээ гэв.

1:16:58-1:56:59 минутад, Нэхэмжлэгчийн төлөөлөгч: За за гэв.

1:17:02-1:17:11 минутад, Даргалагчаас: Энэ хүсэлтээ дэмжээд хийлгэх үү гэхэд танайхаас хийлгэхгүй гэсэн шүү дээ гэхэд

1:17:12-1:17:14 минутад, Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Тиймээ тийн гэв.

1:17:15-1:17:17 минутад, Нэхэмжлэгчийн төлөөлөгч: Гар утасны бичлэгийг би бичиж өгөх байсан юм уу, шүүгч бичих байсан юм уу гэхэд

1:17:18-1:17:19 минутад, Даргалагчаас: Та өөрөө л мэднэ шүү дээ гэж хэлсэн болох нь бичигджээ.

 

Тус иргэний хэргийг өмнө нь ... шүүхийн шүүгч О 2022 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 000/ШШ2022/01639 дугаар шийдвэрээр шийдвэрлэснийг ... давж заалдах шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 000/МА2022/01790 дүгээр магадлалаар хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаасан байх ба магадлалд “...Ч.Б болон С.М нарын хооронд харилцсан цахим захидал, цахим зурваст шүүх үзлэг хийсэн боловч үзлэгийн тэмдэглэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.5 дахь хэсэгт заасантай нийцэхгүй байна” гэж дүгнэжээ.

Шалгах ажиллагааны явцад тус иргэний хэрэгт үзлэг хийхэд, шүүгч О 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдөр нэхэмжлэгч болон хариуцагч талын хүсэлтээр цахим захидал, зурваст үзлэг хийж, тэмдэглэл үйлдсэн байна.

Давж заалдах шатны шүүхээс хэргийг хүчингүй болгож, анхан шатны шүүхэд буцаасны дараа буюу 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Ө-аас, 2023 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр нэхэмжлэгчийн төлөөлөгч С.М-ээс, мөн өдөр нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Э-өөс тус тус цахим захидал, зурваст үзлэг хийлгэх хүсэлтээсээ татгалзах хүсэлтийг шүүхэд бичгээр гаргажээ. 

Хэргийг шийдвэрлэсэн 2024 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн шүүх хуралдааны дуу, дүрсний бичлэгээс үзвэл, шүүгч нэхэмжлэгч талд үзлэг хийлгэх хүсэлтийг гаргах талаар зөвлөгөө өгсөн, чиглүүлсэн үйлдэл гаргаагүй байх бөгөөд шүүгч нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан тайлбартай нь холбогдуулан үзлэг хийлгэх хүсэлтээ дэмжиж байгаа эсэх талаар тодруулж, нэхэмжлэгчийн төлөөлөгч өмнө гаргасан үзлэг хийлгэх хүсэлтээсээ татгалзсан, дахин хүсэлт гаргаагүй талаар тайлбарласан байна. Иймд шүүгч нэхэмжлэгч талд зөвлөгөө өгсөн, чиглүүлсэн гэх өргөдөлд дурдсан үйл баримт сахилгын хэрэгт цугласан баримтуудаар үгүйсгэгдэж байна.

Мөн өргөдөлд, нэхэмжлэгчийн төлөөлөгч С.М-ийн өмгөөлөгчөөсөө татгалзсан хүсэлтэд нь чиглүүлж, зөвлөсөн гэх агуулгыг дурдсан байна. Тус иргэний хэрэгт үзлэг хийхэд нэхэмжлэгчийн төлөөлөгч С.М нь өмгөөлөгчөөсөө татгалзсан хүсэлт болон тайлбарыг гаргаж байгаагүй байна. Харин нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Э нь үзлэг хийлгэх хүсэлтээсээ татгалзах хүсэлтийг шүүхэд бичгээр гаргаж, шүүх хуралдаанд энэ талаар тайлбарлажээ.

Хоёр. Шүүх хуралдааны дэг баримтлаагүй гэх тухайд,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн аравдугаар бүлэгт анхан шатны шүүх хуралдааныг дэгийг хуульчилсан.

Тус өдрийн дуу, дүрсний бичлэг бичигдсэн “20240924-152644073.mp4”, “20240924-165926713.mp4” нэртэй нийт 3 цаг 23 секундын бичлэгт үзлэг хийхэд, даргалагчаас шүүх хуралдааныг нээж, шүүх хуралдааны ирц ба түүнд оролцох эрхийг шалгаж, шүүх хуралдаан даргалагч болон нарийн бичгийн даргыг танилцуулж, татгалзан гарах хүсэлт байгаа эсэхийг асууж, хариулт аван, хэргийн оролцогч нараас эрх, үүргээ тайлбарлуулах шаардлагатай эсэхийг лавлаж,  хэн алинаас хүсэлт гаргаагүй тул хэргийг хэлэлцэж эхэлсэн байна.  Улмаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа, хариуцагч хариу тайлбараа хэлж, гаргасан тайлбартай нь холбогдуулан шүүгчээс асуулт асуусан, талууд нэмэлт тайлбар хэлж, хэрэгт цугласан баримтыг нэг бүрчлэн шинжлэн судалж, судалсан баримттай холбоотой шүүгчээс асуулт асуусан, хариуцагч талын сөрөг нэхэмжлэл, түүнтэй холбоотой тайлбарыг сонсож, асуулт асууж, хариулт авсан, нотлох баримт шинжлэн  судалж дууссаны дараа талууд бие биеэсээ асуулт асууж, шүүх хуралдаан даргалагч мөн талуудаас асуулт асууж, нэхэмжлэгч нэмэлт тайлбар хэлж, хэлсэн тайлбартай нь холбогдуулан шүүгч асуулт асууж, хариуцагч талаас нэмэлт тайлбар хэлснээр шүүх хуралдаан завсарлаж байгаа нь бичигдсэн байна. Тус шүүх хуралдаан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96-114 дүгээр зүйлд заасан шүүх хуралдааны дэг, дарааллын дагуу явагджээ.

Шүүгч Б нь хэргийн оролцогчийн хэлсэн тайлбар болон шинжлэн судалсан нотлох баримттай холбогдуулан тухай бүр асуулт асууж, хариулт авсан болох нь шүүх хуралдааны бичлэг болон тэмдэглэлд бичигджээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт “шүүх хуралдааны тэмдэглэлд ...шүүгчээс хэргийн талаар асууж тодруулсан байдлыг бичнэ” гэж зааснаас үзвэл шүүгч маргаан бүхий үйл баримтыг тодруулахаар хэргийн оролцогчоос аль ч үед шатанд асуулт асууж, тодруулах эрхтэй байна. Иймд шүүгч  Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.1, 16.1.5-т тус тус заасан нийтлэг бүрэн эрхийн хүрээнд хэргийг шийдвэрлэхдээ хэргийн оролцогчоос асуулт асуусан нь нэхэмжлэгчид давуу байдал бий болгосон гэж үзэхгүй. Шүүх хуралдааны бичлэгээс үзэхэд шүүгч нэхэмжлэгч болон хариуцагчийн хэн алинаас нь асуулт асуусан байх ба хэргийн үйл баримт, маргааны зүйлээс өөр агуулгатай зүйлийг асуугаагүй байна.

Гурав. Шүүх хуралдаанд зүй бус харьцсан гэх өргөдлийн үндэслэлийн тухайд,

Өргөдөлд, шүүгчээс татгалзах хүсэлт гаргахад дуугүй суу гэж зандарсан, хэлсэн үг чинь нотлох баримт болж байгаа шүү гэх зэргээр тулган шаардсан, заналхийлсэн гэжээ.

“20240924-152644073.mp4” нэртэй бичлэгийн 1:10:36-1:10:40 минутад, Танайх А ХХК-аас авсан түлшээ Я ХХК-д буцаагаад зарж байгаа юм уу гэхэд

1:10:41-1:10:52 минутад, Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Г: Я-д зарах биш, М гэж хүний захиалгаар өгөө авааны дундуур үсэрч байсан гэдэг гэв.

1:10:53-1:10:54 минутад, Даргалагчаас: Тодорхой юм яриарай гэхэд

1:10:54-1:10:56 минутад, Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Г: Тодорхой, наана чинь бичээтэй байгаа  гэв.

1:11:07-1:11:08 минутад, Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Г: М авсан гэсэн үг гэв.

1:11:08-1:11:09 минутад, Нэхэмжлэгчийн төлөөлөгч: Би хувьдаа аваагүй гэв.

1:11:13-1:11:19 минутад, Даргалагчаас: М энэ түлшийг хүлээж авсан гэж байгаа юм уу, М юу хүлээж авсан бэ гэхэд гэхэд

1:11:20-1:11:21 минутад, Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Г: М 9000 тонн түлшийг У ХХК-аас авсан гэв.

1:11:44-1:11:50 минутад, Та тайлбараа хэдэн янзаар өөрчилж яриад байна  гэхэд

1:11:51-1:11:52 минутад, Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Г: Өөрчлөөд байсан юм байхгүй гэв.

1:11:52-1:12:26 минутад, Даргалагчаас: Жишээлбэл та  9 дүгээр сарын 11-ний өдрийн шүүх хуралдаанд 72,000,000 төгрөгийн хэмжээнд эвлэрнэ. Намайг өөрөө мэд гэж байна гээд гараад утсаар яриад орж ирсэн шүү дээ. Өнөөдөр болохоор би нэг ч төгрөг төлөхгүй гээд өөр тайлбар яриад зогсож байна. Та шүүхэд үнэн зөв тайлбар өгөх үүрэгтэй гэхэд

1:12:27-1:12:30 минутад, Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Г: Би зөвшөөрөөд эвлэрлийн гэрээнд гарын үсэг зурсан зүйл байхгүй гэв.

1:12:3-1:12:36 минутад, Даргалагчаас: Таны ярьсан хэлсэн зүйл шүүх хуралдааны тэмдэглэлд тэмдэглэгддэг. Тэмдэглэл нотлох баримтын хэмжээнд үнэлэгддэг шүү дээ гэхэд

1:12:37-1:12:40 минутад, Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Г: Би гэхдээ зөвшөөрөөд эвлэрлийн гэрээ байгуулчхаагүй, гарын үсэг зурчхаагүй байгаа юм байгаа биз дээ гэв.

1:12:41-1:12:44 минутад, Даргалагчаас: Би таны тайлбарыг хэлж байна. Таны тайлбар нотлох баримтын хэмжээнд үнэлэгддэг гэхэд

1:12:45-1:13:04 минутад, Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Г: Шүүгчээ таныг би аль ч үе шатанд татгалзах эрхтэй. Үгүй бол та хэтэрхий нэг талыг бариад байна гэв.

1:13:05-1:13:06 минутад, Даргалагчаас: Та 72,000,000 төгрөгийн хэмжээнд эвлэрэх боломжтой гэдэг тайлбар хэлсэн үү гэхэд

1:13:07-1:13:14 минутад, Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Г: Эвлэрэх боломжтой гэдгийг би асууя гэсэн. Би утсаар ярьсан гэв.

1:13:15-1:13:19 минутад, Даргалагчаас: Та утсаар яриад юу гэж байна гэхэд өөрөө мэд гэж байна гэсэн гэхэд

1:13:20-1:13:51 минутад, Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Г: Тэгээд эд нар чинь зөвшөөрөөгүй. Тэгээд бид нар заавал өмнө хурал дээр тэгж хэлснээрээ, өмнөх шүүх хуралдаанд хэлснээр шүүхийн шийдвэр гарах ёстой гэж тулган шаардаж байна. Энэ асуудал чинь хэтэрхий хөтөлж байна. Наа чинь 72,000,000 зөвшөөрнө гэж хэлсэн гэв.

1:13:52-1:14:15 минутад, Даргалагчаас: За та чимээгүй байж бай. 72,000,000 төгрөгийн хэмжээнд эвлэрэх боломжтой. Өөрөө мэд гэж байна. Өнөөдөр өглөөний байдлаар Баатараас ажлын хөлсний тодорхой хэмжээг авъя гэхэд ямар ч мөнгө байхгүй гэж байсан. Би аль болох хурдан төлүүлээд дуусгахыг хүснэ гэж хэлсэн. Энэ таны хэлсэн тайлбар мөн үү гэхэд

1:14:16-1:14:19 минутад, Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Г:  Тэгсэн. Тайлбар биш. Энэ чинь тухайн үед эвлэрэх асуудал яригдаж байсан гэв.

1:14:20-1:14:23 минутад, Даргалагчаас: За тайлбар биш юм байна. Таны ярьсан зүйл мөн үү гэхэд

1:14:23-1:14:26 минутад, Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Г: Ярьсан зүйл мөн гэв.

1:14:27-1:14:30 минутад, Даргалагчаас: За цааш нь судалъя гэхэд

1:14:30-1:14:37 минутад, Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Г: Шүүгчээ би татгалзлаа шийдүүлье. Шүүх хуралдааны явцын дунд шүүгч үнэн зөв

1:14:37-1:17:03 минутад, Татгалзлын үе шат өнгөрсөн. Та суу гээд цааш хэрэгт авагдсан баримтыг шинжлэн судалж, талуудаас асуулт асууж байна гэж хэлсэн болох нь бичигджээ.

Бичлэгээс үзвэл, нотлох баримт шинжлэн судалсантай холбогдуулан даргалагчаас асуулт асууж байх явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Г-аас шүүгчийг татгалзаж байна гэж хэлсэн байх ба шүүгч татгалзлын үе шат өнгөрсөн. Та суу гээд цааш хуралдааныг үргэлжлүүлсэн байна.

Шүүх хуралдаан даргалагч хуралдаан эхлэх үед буюу “20240924-152644073.mp4” нэртэй бичлэгийн 0:04:07-0:04:16 минутад, Даргалагчаас: Өнөөдрийн шүүх хуралдааныг Б миний бие даргална,  шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Б тэмдэглэл хөтөлж оролцоно.  Шүүгч болон нарийн бичгийн даргыг хуульд заасан үндэслэлээр татгалзсан гарах хүсэлт байгаа юу гэхэд 0:04:17-0:04:18 минутад, Нэхэмжлэгчийн төлөөлөгч: Байхгүй гэж, 0:04:18-0:04:20 минутад, Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар: Байхгүй гэж хариулсан байна.

Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 05 дугаар тогтоолоор “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 84, 91, 92 дугаар зүйлийн зарим хэсэг, заалтыг тайлбарласан” ба 5.3-т “...Хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасны дагуу хэрэг хэлэлцэж эхэлснээс хойш дээрх үндэслэлээр гаргасан хүсэлтийг гаргаагүйд тооцож хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүгч буюу шүүх бүрэлдэхүүн үзвэл энэ талаар тэмдэглэлд тусгаж шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулж болно.” гэж тайлбарласан.

Иймд хэргийг хэлэлцэх явцад буюу нотлох баримт шинжлэн судалсантай холбогдуулан шүүгчээс асуулт асуусныг нэг талд давуу байдал бий болгосон гэж үзэж татгалзах хүсэлт гаргасныг шүүгч татгалзан гарах үе шат өнгөрсөн гэх үндэслэлээр хэлэлцэлгүй, шүүх хуралдааныг үргэлжлүүлснийг буруутгахгүй.

Мөн тус шүүх хуралдаанд шүүгч хэргийн оролцогчийг зандарсан, загнасан, дарамт шахалт үзүүлсэн, зүй бус харьцсан үйлдэл гаргаагүй байна.       

Шүүгчээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1-т “Хэргийн оролцогч шүүхэд хэргийн талаар үнэн зөв тайлбар гаргах үүрэгтэй” гэж, 107 дугаар зүйлийн 107.1 дэх хэсэгт “Зохигч, хэргийн бусад оролцогч мэтгэлцэх, тайлбар гаргахын өмнө шүүх хуралдаан даргалагч тэдэнд эрх, үүрэг болон үнэн зөв тайлбар өгөхийг урьдчилан сануулна” гэж тус тус заасны дагуу хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид үнэн зөв тайлбар өгөхийг сануулжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийг 37.2 дахь хэсэгт “Хэргийн нотлох баримт нь ... шүүх хуралдааны тэмдэглэл зэрэг нотолгооны хэрэгслээр тогтоогдоно.” гэж заасан.

Тус хэргийг хэлэлцсэн 2023 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн шүүх хуралдаанд талууд эвлэрэх талаар ярилцаж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид олгосон итгэмжлэлийг хуульд заасан шаардлага хангуулах, эвлэрэн хэлэлцэх боломжоор хангаж, 000/ШЗ2023/14995 дугаар шүүгчийн захирамжаар шүүх хуралдааныг хойшлуулсан байна. Хэргийг шийдвэрлэх хуралдаанд шүүгчээс өмнө эвлэрэн хэлэлцэх талаар ярьж байсан талаар тодруулж, шүүх хуралдааны тэмдэглэл нотлох баримтын хэмжээнд үнэлэгддэг талаар тайлбарласан нь шүүгчийг буруутгах үндэслэл болохгүй.

Хэдийгээр холбогдох шүүгч хэргийн оролцогчтой зүй бус харьцсан гэх үйл баримт тогтоогдоогүй боловч хэргийн нэг талд давуу байдал бий болгосон гэх сэтгэгдэл төрүүлжээ. Иймд шүүгч Б нь цаашид шүүх хуралдаан даргалахдаа шүүгчийн ёс зүйн зарчмыг чанд баримталж, хөндлөнгийн байр сууринаас төвийг сахин, аль нэг талд давуу байдал олгохгүй байх, тийнхүү ойлгогдохоос зайлсхийж ажиллавал зохино.         

... шүүхийн шүүгч Б нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 55 дугаар зүйлд заасан шүүгчийн сахилгын зөрчил гаргасан буюу шүүгчид хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон зохицуулалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй тул  холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргав” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Иргэн О.Ө-аас ...шүүхийн шүүгч Б-т холбогдуулан гаргасан өргөдлийг үндэслэн Шүүхийн сахилгын хорооны гишүүн 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн ГЗҮ/2024/0118 дугаар захирамжаар сахилгын хэрэг үүсгэн, шалгах ажиллагаа явуулжээ.

   1. Өргөдөл гаргагчаас “...2024 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн шүүх хуралдаанд шүүгч Б нэг тал /нэхэмжлэгч/-д давуу байдал олгож, мөн чиглүүлж зөвлөгөө өгөх байр сууринаас шүүх хуралдааныг явуулсан. Нэхэмжлэгч талд “мессеж үзлэгээс татгалзсан ч үүнийгээ ахин гаргаад явахгүй юм уу” гэж өмгөөлөгчийн байр сууринаас хандан зөвлөгөө өгсөн, нэхэмжлэгч С.М-ийн өмгөөлөгчөөсөө татгалзсан хүсэлтэд чиглүүлсэн” гэжээ.

Сахилгын хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл “Г” ХХК-ийн нэхэмжлэлтэй “У” ХХК, Ч.Б нарт холбогдох иргэний хэрэгт өмнө нь шүүгч О хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж, хэргийг 2022 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 000/ШШ2022/01639 дүгээр шийдвэрээр хянан шийдвэрлэсэн, шийдвэрийг хариуцагч талаас эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасныг ...давж заалдах шатны шүүх 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр хянан хэлэлцэж, 000/МА2022/01790 дүгээр магадлалаар “...Ч.Б болон С.М нарын хооронд харилцсан цахим захидал, цахим зурваст шүүх үзлэг хийсэн боловч үзлэгийн тэмдэглэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.5 дахь хэсэгт заасантай нийцэхгүй байна” гэж дүгнэн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаан шийдвэрлэсэн байна.

Тус хэргийг шүүгч Б хүлээн авч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулан 2024 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 000/ШШ2024/03475 дугаар шийдвэрээр хянан шийдвэрлэжээ.

Хэргийг хянан хэлэлцсэн шүүх хуралдааны дуу, дүрсний бичлэгт “...0:52:59-0:53:26 Нэхэмжлэгчийн төлөөлөгч: Сая нэг ч литр түлш аваагүй гэж яриад байна. Би гар утсандаа үзлэг хийлгэх хүсэлт гаргаад үзлэг хийсэн боловч шүүгчийн тэмдэглэл буруу хөтөлсөн гэдэг шалтгаанаар нотлох баримтын шаардлага хангахгүй гэж үзсэн байсан. Гар утасны чат, мессеж дээр Ч.Б-ын надтай ярьсан бүх зүйл байгаа,

0:53:26-0:53:30 Даргалагчаас: Танайхаас тэгээд тэрийгээ яалаа гэхэд,

0:53:31-0:53:33 Нэхэмжлэгчийн төлөөлөгч: Хөдөөнөөс ирэх боломжгүй гээд татгалзчихсан,

0:53:35-0:53:42 Даргалагчаас: Үзлэг хийлгэх шаардлагагүй гэж үзээд татгалзчихсан тийм үү гэхэд,

0:53:43-0:53:44 Нэхэмжлэгчийн төлөөлөгч: Тийм,

1:16:33-1:16:46 Нэхэмжлэгчийн төлөөлөгч: Шүүгчээ нэг юм асууж болох уу. Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэлийг хүчингүй гээд байгаа. Тэр одоо миний буруутай үйлдэл юм уу, танай шүүгчийн буруутай үйлдэл юм уу,

1:16:46-1:16:47 Даргалагчаас: Тэр хүсэлтээ дахиад гаргах уу гээд асуусан шүү дээ гэхэд,

1:16:47-1:16:48 Нэхэмжлэгчийн төлөөлөгч: Цаг хугацааны хувьд бид нар Өмнөговьд байсан учраас ирж амжаагүй, хүсэлтээ өгч чадаагүй,

1:16:48-1:16:57 Даргалагчаас: Хүсэлтээ хэдийд ч гаргах боломжтой байсан. Танайх гаргаагүй шүү дээ гэхэд,

1:16:58-1:56:59 Нэхэмжлэгчийн төлөөлөгч: За за,

1:17:02-1:17:11 Даргалагчаас: Энэ хүсэлтээ дэмжээд хийлгэх үү гэхэд танайхаас хийлгэхгүй гэсэн шүү дээ” гэж хэлсэн нь бичигдсэн байна.

Дээрх шүүх хуралдааны бичлэгээс үзвэл шүүгч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хуралдаанд гаргасан тайлбартай холбогдуулан үзлэг хийлгэх хүсэлтээсээ татгалзсан талаар нь тодруулж асуусныг  нэхэмжлэгч талд зөвлөгөө өгч, чиглүүлсэн гэж үзэхгүй.

Мөн шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М өмгөөлөгчөөсөө татгалзах талаар яригдаагүй тул дээрх өргөдөл үндэслэлгүй байна.  

Түүнчлэн 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Ө-аас, 2023 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр нэхэмжлэгчийн төлөөлөгч С.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Э нараас тус тус цахим захидал, зурваст үзлэг хийлгэх хүсэлтээсээ татгалзсан байгааг дурдах нь зүйтэй.

2. Өргөдөл гаргагч “...шүүх хуралдааны дэгийг огт мөрдөөгүй. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн сүүлчийн тайлбар хэлэх хэсгийг нэхэмжлэгчид давуу байдал олгон асуулт, хариулт болгож хувиргасан” гэжээ.

 “Г” ХХК-ийн нэхэмжлэлтэй “У” ХХК, Ч.Б нарт холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлэсэн шүүх хуралдааны бичлэгээс үзэхэд шүүх хуралдаан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан дэг, дарааллын дагуу явагдсан болох нь тогтоогдож байна.

Шүүх хуралдааны явцад шүүгч Б нь хэргийн оролцогчийн хэлсэн тайлбар болон шинжлэн судалсан нотлох баримттай холбоотойгоор тухай бүр асуулт асууж байсан нь хуралдааны бичлэг болон тэмдэглэлд бичигджээ.

Ийнхүү шүүгч шүүх хуралдааны явцад зохигчдоос хэргийн үйл баримтын талаар тодруулж асуусан нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 16 дугаар зүйлд заасан нийтлэг бүрэн эрхээ хэрэгжүүлсэн гэж үзэхээр байх тул шүүгчийг энэ үндэслэлээр нэг талд давуу байдал бий болгосон гэж үзэх боломжгүй.

Хэдийгээр шүүгч шүүх хуралдааны аль ч үе шатанд асуулт асуух эрхтэй хэдий ч цаашид хянан шийдвэрлэж буй хэргийн материалтай бүрэн танилцаж, оролцогчдод давуу байдал олгосон гэж ойлгогдохуйц нөхцөл байдлыг бий болгохоос зайлсхийж хуралдааныг хуульд заасан журмын дагуу удирдан явуулахад анхаарч ажиллавал зохино.

3. Өргөдөл гаргагч “... шүүгчээс татгалзсан боловч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг “дуугүй суу” гэж зандран, “хэлсэн үг чинь энд нотлох баримт болж байгаа шүү...” гэх зэргээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид тулган шаардсан, заналхийлсэн өнгө аясаар хандаж шүүхийн индэр дээр шүүгчийн ёс зүйд баймааргүй үг үйлдэл гаргасан” гэжээ.

Сахилгын хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл шүүгч хэргийг хэлэлцэж эхлэхээс өмнө “шүүх хуралдаан даргалагч, шүүх хуралдааны нарийн бичгийн даргыг нэр заан танилцуулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлд зааснаар татгалзан гаргах хүсэлт байгаа эсэхийг тодруулахад оролцогчид татгалзал байхгүй” гэснээр шүүх хуралдаан цааш үргэлжилсэн, харин хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлах шатанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “...Шүүгчээ таныг би аль ч үе шатанд татгалзах эрхтэй, Үгүй бол та хэтэрхий нэг талыг бариад байна. ...шүүгчээ би татгалзлаа шийдүүлье” гэхэд, шүүгч “татгалзлын үе шат өнгөрсөн. Та суу” гэсэн нь шүүх хуралдааны бичлэгт тусгагдсан байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 84, 91 дүгээр зүйлд заасан үндэслэлээр хэргийн оролцогч шүүгчийг татгалзан гаргах хүсэлт гаргах эрхтэй хэдий ч Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 05 дугаар тогтоолоор мөн хуулийн 84, 91, 92 дугаар зүйлийн зарим хэсэг, заалтыг тайлбарласан тайлбарын 5.3-т “...тухайн хэргийг дангаар болон бүрэлдэхүүнээр шийдвэрлэх ажиллагаанд оролцоогүй шүүгчийг татгалзсан, ижил үндэслэлээр татгалзах хүсэлтийг дахин гаргасан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан хүсэлтийг шийдвэрлэсэнтэй холбогдуулан татгалзсан нь хуульд заагаагүй үндэслэлд хамаарна. Хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасны дагуу хэрэг хэлэлцэж эхэлснээс хойш дээрх үндэслэлээр гаргасан хүсэлтийг гаргаагүйд тооцож хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүгч буюу шүүх бүрэлдэхүүн үзвэл энэ талаар тэмдэглэлд тусгаж шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулж болно” гэж тайлбарласан байдаг.

Дээрхээс үзвэл хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нотлох баримт шинжлэн судлах үед шүүгчийг татгалзан гаргах хүсэлт гаргасныг шүүгч хэлэлцэхгүйгээр шүүх хуралдааныг цааш үргэлжлүүлсэн нь дээрх тайлбарт нийцсэн байна.

Мөн шүүх хуралдаанд шүүгч Б хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид хандан “...та 9 дүгээр сарын 11-ний өдрийн шүүх хуралдаанд 72,000,000 төгрөгийн хэмжээнд эвлэрнэ. Намайг өөрөө мэд гэж байна гээд гараад утсаар яриад орж ирсэн шүү дээ. Өнөөдөр болохоор би нэг ч төгрөг төлөхгүй гээд өөр тайлбар яриад зогсож байна. Та шүүхэд үнэн зөв тайлбар өгөх үүрэгтэй, Таны ярьсан хэлсэн зүйл шүүх хуралдааны тэмдэглэлд тэмдэглэгддэг. Тэмдэглэл нотлох баримтын хэмжээнд үнэлэгддэг шүү дээ” гэж хэлсэн байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1-т “Хэргийн оролцогч шүүхэд хэргийн талаар үнэн зөв тайлбар гаргах үүрэгтэй”, 107 дугаар зүйлийн 107.1 дэх хэсэгт “Зохигч, хэргийн бусад оролцогч мэтгэлцэх, тайлбар гаргахын өмнө шүүх хуралдаан даргалагч тэдэнд эрх, үүрэг болон үнэн зөв тайлбар өгөхийг урьдчилан сануулна” гэж заасан.

Дээрх хуульд заасны дагуу шүүгч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хуралдаанд гаргасан тайлбартай нь холбогдуулан түүнийг үнэн зөв тайлбар өгөх үүрэгтэйг сануулсныг буруутгах боломжгүй, энэ талаар дүгнэсэн илтгэгч гишүүний дүгнэлт үндэслэл бүхий байна.

Түүнчлэн шүүх хуралдааны явцад шүүгч загнаж зандарсан, хэргийн оролцогчтой зүй бус харьцсан, дарамт шахалт үзүүлсэн гэх үйл баримт тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

   Дээрхийг нэгтгэн дүгнээд илтгэгч гишүүний сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хүлээн авч, ...шүүхийн шүүгч Б-т холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзлээ.

   Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1, 112.1.2, 112.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сахилгын хорооны гишүүний 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн ГС/2025/0010 дугаар “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай санал”-ыг хүлээн авч, ...шүүхийн шүүгч Б-т холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6 дахь хэсэгт зааснаар магадлал гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл мэдээлэл гаргагчийн оршин суугаа газрын, эсхүл ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл албаны ажилтнаар хүргүүлэхийг Ажлын албанд даалгасугай.

3. Магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сахилгын хороонд хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

4. Дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох ба энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг тайлбарласугай.

               ДАРГАЛАГЧ                                    Д.АРИУНТУЯА

                       ГИШҮҮН                                          Д.МЯГМАРЦЭРЭН

                                                                                            О.НОМУУЛИН