
МОНГОЛ УЛС
ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО
МАГАДЛАЛ
2025-02-05
Дугаар 20
Улаанбаатар хот

Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
... шүүхийн шүүгч Э-д холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Илтгэгч гишүүн саналдаа: ... аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх алба-Хорих ... дугаар анги /захиалагч гэх/, “Ш” ХХК /гүйцэтгэгч гэх/-тай 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр 2017/01 дугаартай Барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, ... аймгийн ... сумын 8 дугаар багт орших тус ангийн газар дээр албан хаагчдын 35 айлын орон сууцны барилгыг гэрээнд заасан үнээр, батлагдсан зураг төсөл, норм, дүрмийн дагуу барих, гэрээнд заасан хугацаанд ашиглалтад оруулах, улсын комисст хүлээлгэн өгөх, захиалагч талд түлхүүр хүлээлгэн өгөхөөр, барилга угсралтын ажлыг 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүртэл хугацаанд хийж гүйцэтгэхээр тохирчээ.
Талууд 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн гэрээгээр гэрээний хугацааг 2019 оны 7 дугаар сарын 15-ны өдөр хүртэл сунгаж шинэчилсэн, 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 2019/03 дугаартай Барилгын ажил гүйцэтгэх гэрээгээр хугацааг 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдөр хүртэл, 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 2022/04 дүгээр гэрээгээр хугацааг 2022 оны 6 дугаар сарын 01-ний хүртэл сунгаж нэмэлт өөрчлөлт оруулсан нь сахилгын хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.
Холбогдох шүүгч нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-т заасан хориглосон үйлдэл гаргасан эсэхийг өргөдөлд дурдсан агуулгын хүрээнд дараах байдлаар тодорхойлов. Үүнд:
- Маргаан бүхий орон сууцны талаар:
1.1. Өргөдөл гаргагч А нь ... аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх алба-Хорих ... дугаар ангид эмчээр ажиллаж байгаад 2017 оны 11 дүгээр сард өндөр насны тэтгэвэр тогтоолгожээ. Тэрээр өргөдөлдөө “...2017 оны 5 дугаар сарын 09-ний өдөр шүүхийн шийдвэр гүйцэтгэх албан хаагчдын орон сууцны байрны 4 давхрын 19 тоотын 3 өрөө 72.35 м.кв байрыг 1 м.кв-г 880,000 төгрөгөөр худалдан авахаар тохирч “Ш” ХХК-тай орон сууц захиалгын гэрээ байгуулсан, уг гэрээнд 2022 оны 5 дугаар сарын 31-ний өдөр нэмэлт өөрчлөлт оруулсан” талаар дурдаж, дээрх гэрээний хуулбарыг хавсаргаж ирүүлсэн.
2022 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн гэрээнд худалдан авагч өмнө нь урьдчилгаа 5.500.000 төгрөгийг шилжүүлсэн, 1 м.кв талбайн үнийг 880.000 төгрөгөөр худалдах, барилгын 2022 оны 2 дугаар улиралд багтаан улсын комисст хүлээлгэн өгөхөөр тохиролцсон талаар дурджээ.
А байрны урьдчилгаа төлбөрт 2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр 5.500.000 төгрөг, 2022 оны 6 дугаар сарын 15-ны өдөр 5.000.000 төгрөг, 2022 оны 8 дугаар сарын 29-ний өдөр 12.300.000 төгрөг нийт 22.800.000 төгрөг төлсөн баримтыг гаргаж өгсөн болно.
1.2. Шүүгч Э нь “Ш” ХХК-тай 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр орон сууц захиалгын гэрээ байгуулж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын албан хаагчдын орон сууцны байрны 4 давхрын 19 тоотын 3 өрөө, 72.35 м.кв орон сууцыг 1 м.кв талбайг 1.100.000 төгрөгөөр нийт 79.585.000 төгрөгөөр худалдан авах, урьдчилгаа 20.000.000 төгрөгийг 2017 оны 8 сард багтаан бүрэн төлсөн байхаар тохиролцжээ. Төлбөрийн нөхцөл, ашиглалтад оруулах хугацааны талаар талууд гэрээнд дараах нэмэлт өөрчлөлт оруулсан байна.
Талууд 2017 оны 8 дугаар сарын 19-ний өдөр бэлнээр 30,000,000 төгрөг, Хюндай Соната-7 маркийн автомашиныг 14,500,000 төгрөгт тооцон 2017 оны 8 дугаар сарын 23-ны өдөр төлсөн ба үлдэгдэл 35.085.000 төгрөгийг барилгыг улсын комисс хүлээж авснаас 2 сарын дотор төлөхөөр тохиролцсон. Ингээд 2017 оны 8 дугаар сарын 03-ны өдөр 9.000.000 төгрөг, 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 16.500.000 төгрөг, 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 10.000.000 төгрөг нийт 35.500.000 төгрөгийг шилжүүлжээ.
2019 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн гэрээгээр бэлнээр 40.000.000 төгрөг, Хюндай Соната-7 автомашиныг 14.500.000 төгрөгөөр үнэлж нийт 54.500.000 төгрөгийг төлсөн талаар, үлдэгдэл 25.085.000 төгрөгийг барилгыг улсын комисс хүлээж авснаас 2 сарын дотор төлөхөөр тохиролцсон.
2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр 3.000.000 төгрөгийг бэлнээр өгсөн ба 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдөр орон сууцыг 2023 оны 7 дугаар сарын 01-ний өдөр захиалагчид хүлээлгэн өгөх, үлдэгдэл 22.085.000 төгрөгийг улсын комисс хүлээж авснаас 2 сарын дотор төлөхөөр тохирч, гэрээ байгуулсан.
Гэрээнд заасан хугацааг “Ш” ХХК хэтрүүлсэн тул талууд 2023 оны 7 дугаар сарын 08-ны өдөр тооцоо нийлсэн акт үйлдэж, Э нь маргаан бүхий 19 тоот орон сууцыг байгаа байдлаар нь хүлээж авсан, “Ш” ХХК хүлээлгэн өгсөн акт үйлдэж гарын үсэг зурж баталгаажуулсан ба Э 2023 оны 7 дугаар сарын 19-ний өдөр 500,000 төгрөг бэлнээр өгсөн баримт үйлджээ.
Э дээрх актын дагуу байрыг хүлээн авч, дутуу хийгдсэн ажлыг өөрийн зардлаар хийж гүйцэтгэн, одоо уг байранд амьдарч байгаа гэх тайлбар ирүүлсэн, дээр дурдсан баримт сахилгын хэрэгт авагдсан болно.
Захиалагч болон гүйцэтгэгчийн хооронд 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр байгуулсан барилгын ажил гүйцэтгэх гэрээний 1.4-т “...барилга нийт 7 давхар 1 орцтой, 1 давхарт 56.74 мкв 57.85 мкв, 56.88 мкв 2 өрөө орон сууц 3, 68.58 мкв, 72.35 мкв 3 өрөө орон сууц 2 ш нийт 35 айлын орон сууцыг 1 м.кв талбайн үнэ 880.000 төгрөг байна гэж заасан ба орон сууцанд орохоор нэрээ өгсөн албан хаагчид нь урьдчилгаа төлбөрийг гэрээний 1.5-т заасан нөхцөлөөр төлөхөөр тусгасан байх ба харин уг байранд орох захиалга өгсөн албан хаагчдын нэр гэрээнд тусгагдаагүй байна.
Барилгын ажил гүйцэтгэх гэрээний хугацааны талаар талууд 2018 онд 2 удаа тохиролцсон ба харин 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн гэрээнд орон сууцанд захиалга өгсөн албан хаагчид, ахмад ажилчдын хүсэлтийг хурлаар хэлэлцүүлэн гэрээний хугацааг сунгаж, нэмэлт заалтыг үндсэн гэрээнд шинээр тусгахаар тохиролцжээ. Үүний дагуу уг гэрээний 3.10-т “... аймаг дах ШШГГ-ын захиалга өгч энэхүү гэрээний 1.4-т заасан төлбөрийг төлсөн алба хаагчид /тэтгэвэрт гарсан, шилжсэн, халагдсан алба хаагчид/ орно. Эдгээр алба хаагчид нь анх 2017 онд гэрээ байгуулж байхад ажиллаж байсан тул /буюу 27 орон сууцыг гүйцэтгэгч тал/ “Ш” ХХК захиран зарцуулах эрхгүй бөгөөд хэрэв захиалга өгсөн алба хаагч орон сууцны төлбөрийг төлөх боломжгүй болсон тохиолдолд талууд харилцан тохиролцож гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж болно”, 3.11-т “ШШГГ-ын албан хаагчдаас захиалга өгөөгүй 8 орон сууц болон автомашины зогсоолуудыг “Ш” ХХК захиран зарцуулах эрхтэй” гэсэн заалт нэмж, орон сууц захиалгын мэдээлэл гэх баримтад 19 тоотод А, 35-т Э гэсэн нэр бичигдсэн байна.
Дээр дурдсанаас үзвэл, анх 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулах үед нийт хэдэн алба хаагч орон сууцанд орох захиалга өгсөн байсан нь тодорхой бус, гэрээнд энэ талаар тусгагдаагүй байна.
Нөгөө талаар өргөдөл гаргагч нь маргаан бүхий 19 тоот орон сууцны захиалгын гэрээг 2017 оны 05 дугаар сарын 09-ний өдөр, харин шүүгч Э 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр тус тус байгуулжээ. Тодруулбал, Э нь А-с өмнө орон сууцны захиалгын гэрээ байгуулсан байх тул өргөдөлд дурдсан “...19 тоот дээр надаас түрүүлж гэрээ хийсэн гэж бодохгүй байгаа тул “Ш” ХХК-тай хуйвалдаж миний байрыг булаасан...” гэх гомдол тогтоогдохгүй байна.
Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2.-т “Барьж дуусаагүй барилгын эрх эрхийн улсын бүртгэлд бүртгэгдсэн тохиолдолд уг барилгад хөрөнгө оруулсан иргэн, хуулийн этгээд /захиалагч/ нь урьдчилсан тэмдэглэл хийлгэж болно” гэж заасан.
“Ш” ХХК нь ... аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх алба-Хорих ... дугаар ангитай байгуулсан Барилгын ажил гүйцэтгэх гэрээг бүртгүүлэх хүсэлтийг 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр мөн аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст гаргасан бөгөөд ингэхдээ 2018 оны 12 дугаар сарын 26, 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Барилгын ажил гүйцэтгэх гэрээ, мөн нэр бүхий захиалагч нартай байгуулсан орон сууц захиалгын гэрээг хавсаргаж ирүүлсэн байна.
Улсын бүртгэлийн байгууллага холбогдох хүсэлтийг шалгаад барилгыг 75 хувийн гүйцэтгэлээр улсын бүртгэлд бүртгэж, 24 иргэн буюу захиалагчийн хүсэлтээр урьдчилсан тэмдэглэл хийж бүртгэсэн нь бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн баримтаар тогтоогдож байна.
Шүүгч Э 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдөр, А 2024 оны 10 дугаар сарын 7-ны өдөр тус аймгийн ... сумын 8-р багт баригдаж буй 35 айлын орон сууцны 19 тоотод урьдчилан тэмдэглэгээ хийлгэхээр ... аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст хүсэлт гаргасан боловч тус тоот нь давхцалтай гэх үндэслэлээр урьдчилсан тэмдэглэл хийгдээгүй байна.
Харин Б дээрх байрны 35 тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэл гаргасан, ... аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 01005 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийг хангаж, тус орон сууцны гэрчилгээг нэхэмжлэгч Б-ийн нэр дээр шилжүүлэхийг хариуцагч “Ш” ХХК-д даалгаж шийдвэрлэсэн, шийдвэр хүчинтэй байна.
Барилгын ажил гүйцэтгэх гэрээнд гүйцэтгэгчээр оролцсон “Ш” ХХК-ийн захирал З.Г гэрчийн мэдүүлэгтээ: “...Би 2013 онд тус компанийг үүсгэн байгуулж захирлаар нь ажиллаж байгаа. 1 гишүүнтэй үүсгэн байгуулсан ба 2020 онд 2 үүсгэн байгуулагчтай болсон. Нөгөө хувьцаа эзэмшигч нь н.М юм. Манай нагац ах Б нь ... аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дарга Б-тэй найзууд. Би тэгж ойлгож байгаа. Энэ 2 хүн ярилцаад тус газрын нэр дээр байгаа газар дээр барилга барьж шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ажилчдыг оруулахаар ярилцсан байсан. Үүнийгээ надад санал болгосон. Энэ үед манай компани барилгын тусгай зөвшөөрөлтэй байсан учраас энэ саналыг тавьсан байх. Үүнийг нь хүлээн аваад 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. 1 орцтой, гаржийн хамт 8 давхар, 35 айлын орон сууцыг тухайн оны 4 дүгээр улиралд барьж ашиглалтад оруулахаар тохирсон. 27 орон сууцыг шийдвэр гүйцэтгэлийн албан хаагчдад хөнгөлөлттэй үнээр, үлдэх 8 орон сууцыг компани зах зээлийн ханшаар худалдан борлуулахаар тохирсон. Ингээд барилгын ажил эхэлсэн, сар орчим болж байтал мэргэжлийн хяналтаас ирж акт тавиад барилгын ажлыг зогсоосон. Тухайн барилга барих газар нь конторын зориулалттай олгогдсон байсан гэдэг үндэслэлээр барилгын ажлыг хэд хэдэн удаа зогсоосон. Үүнээс болоод барилгыг хугацаандаа ашиглалтад оруулах боломжгүй болсон. Ийм учраас 2 тал харилцан тохиролцоод гэрээнд 2022 он хүртэл жил бүр өөрчлөлт оруулсан. Ингээд 2022 оны өвөл барилгыг 97 орчим хувьтай барьсан, айл өрхүүд орж амьдарч байгаа. Улсын комисс 2022 оны 12 сард ажиллаад 2023 оны 4 дүгээр сард ашиглалтад хүлээн авсан. Энэ талаар акт байгаа. Тухайн орон сууцанд айлууд 2022 оны 12 дугаар сараас эхлэн амьдарч байгаа. Улсын комисс ашиглалтад хүлээн авсан акт гараагүй боловч комисс ажиллаж байсан. Дулаан, халуун хүйтэн ус, цахилгаан өгөгдсөн байсан тул айлууд нь хүйтний улирал эхэлж байсан гээд өөрсдөө орсон байсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын албан хаагчидтай нэг бүрчлэн гэрээ байгуулж байгаагүй. Тэдний зүгээс нийт 27 хүний захиалгын гэрээг бэлдчихсэн байсан. Ингэхдээ захиалга өгч байгаа хүмүүс нь давхар, өрөө, м.кв зэрэг сонголтоо хийсэн, энэ нь хоорондоо давхцаагүй байсан. Нэгэнт тус байгууллага дотооддоо байрны өрөө, м.кв, давхар зэргийг ярилцаад тохиролцсон байсан учраас миний хувьд нэг бүрчлэн нягталж тулгалгүй гэрээнд гарын үсэг зурсан. Барилга барих явцад 4 давхрын 19 тоотод шийдвэр гүйцэтгэлийн ажилтан А гэдэг хүн гэрээ байгуулсан гэдгийг мэдсэн. Манай компанийн менежерээр ажиллаж байсан Д.Э нь компанийн зарж борлуулах 8 орон сууцыг худалдан борлуулах эрхтэй бөгөөд худалдан авагч талыг олж байсан. Үүний дагуу Д.Э нь Э-тай гэрээ байгуулж дээрх 19 тоотыг худалдах, худалдан авахаар тохирч гэрээ байгуулсан байсан. Энэхүү байгуулсан гэрээг надад танилцуулахад нь гарын үсэг зурж баталгаажуулсан. Энэ 2 хүнтэй байгуулсан гэрээний огноог харахад Э гэдэг хүнтэй түрүүлж гэрээ байгуулсан гэж харагдаж байна. Захиалагчтай гэрээ байгуулах ажлыг менежер Д.Э хариуцаж байсан болохоор түүний байгуулсан гэрээнд итгэж гарын үсэг зурсан. Гэтэл ковидын дараа барилга баригдаж, дотор заслын ажил эхлэх үед захиалагч нар өрөөний зохион байгуулалтаа сонирхож барилга дээр ирж байсан. Ингэхдээ зарим орон сууцанд 2 айл гэрээ байгуулж давхацсан гэдэг асуудал гарч ирсэн. Миний сонссоноор А нь ковидын өмнө хот руу шилжсэн гэсэн. Харин Э бол байнга барилга дээр ирж ажлын явц гүйцэтгэлтэй танилцаж байсан. А гэдэг хүн надтай өнөөдрийг хүртэл нэг ч удаа уулзаж байгаагүй бөгөөд анх урьдчилгаанд 5.500.000 төгрөг өгсөн байсан. Барилгын ажлын явцад хөрөнгө мөнгө хэрэгтэй болоод шийдвэр гүйцэтгэлд захиалагч нараас төлбөрөө төлөх санал тавьсан. Тэгэхэд захиалагч нар боломжоороо мөнгө өгч байсныг тус газрын ажлын хэсгийн ахлагч н.Г хурааж аваад бидэнд шилжүүлдэг байсан. Үүнээс хэд нь А-ийн төлбөр байсныг мэдэхгүй. Гэхдээ тооцоо гарч болно. А төлбөрөө бүрэн төлсөн асуудлыг ах Г сайн мэдэж байгаа. Миний хувьд төлбөрийн 30 хувийг л өгсөн гэж сонссон. Э-ын хувьд төлбөрийн 70-80 хувийг төлсөн байгаа. Одоо энэ байрыг Э-д манай компани хүлээлгэн өгөөд энэ талаар акт үйлдсэн байгаа. Миний хувьд Э-тай найз нөхөд, төрөл садны ямар ч холбоогүй. Менежер Д.Э намайг дагуулж очиж танилцуулсан. 2017 онд гэрээ байгуулсан миний хувьд 2019 онд анх танилцаж байсан. Энэ барилгатай холбоотой хэд хэдэн хэрэг маргаан ... аймгийн иргэний болон захиргааны хэргийн шүүхээр хянан шийдвэрлэгдэж байгаа. Миний хувьд шүүхэд өөрийн биеэр оролцоогүй, харин итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчөө оролцуулж байгаа. Манай компанид холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг шүүх манай компанийн эсрэг шийдвэрлэж байгаа. Өөрөөр хэлбэл, манай компани иргэний хэрэгт хариуцагчаар, захиргааны хэрэгт нэхэмжлэгчээр орж байгаа. Анхан болон давж заалдах шатны шүүх иргэний хэргийг манай компанийн эсрэг шийдвэрлэсэн. Миний хувьд Э-д нөлөөлсөн ямар нэгэн асуудал байхгүй. Харин Э шүүгч шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын нөлөөнд орж хэргээ шийдвэрлэсэн байх гэж хардаж байгаа. Учир нь энэ байранд шүүгч, шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтнууд хамт амьдарч, нэг системд ажиллаж, бие биеэ таньдаг гэдэг утгаар хардаж байгаа юм. Манай зүгээс А-т мөнгийг алданги хүүг нь тооцож буцаан өгөх эсвэл байраа авна гэвэл шүүхийн маргаан дууссаны дараа уг асуудлыг шийдвэрлэх санал хүсэлт тавьж байгаа. Учир нь шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтнууд байрны төлбөрөө бүрэн төлөөгүй байгаа, мөн гэрээний заалтыг зөрчсөн асуудал гарсан. Энэ асуудлыг шийдвэрлэсний дараа А гэх хүнийг хохиролгүй болгож өгий гэсэн саналтай байгаа. Анх Барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулахад /2017.04.05/ тухайн 35 айлын орон сууцыг хуваарилсан тохиролцоо байхгүй. Орон сууцны хуваарилалтыг Менежер Д.Э борлуулалтыг хариуцаж байсан учраас хийсэн байх. Ийм хуваарилалтыг миний хувьд 2021 оны үед мэдсэн. Барилгын ажлын явцад орон сууц захиалгын гэрээтэй холбоотой зөрчлүүд гарсан. Тийм болохоор гэрээг цуцлах, байрыг буцаах асуудал гарах учраас энэ үед зохицуулъя гэж бодож байсан гэвч одоогийн байдлаар захиалагч А-ийн асуудлыг шийдвэрлэж чадаагүй байгаа...” гэж мэдүүлсэн.
“Ш” ХХК -ийн дэд захирал Г гэрчийн мэдүүлэгтээ “...2021 оны 5 сараас хойш -ийн дэд үүрэг гүйцэтгэж байгаа. Хувьцаа эзэмшдэггүй, З.Г-ийн төрсөн ах. Борлуулалт хариуцахаас гадна гэрээ байгуулах, гэрээний биелэлтэд хяналт тавих, барилгын ажлын гүйцэтгэлийг 100 хувь хариуцахаар тохирч ажилд орсон. “Ш” ХХК нь ... аймгийн шийдвэр гүйцэтгэх байгууллагатай барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулах үед тус компанид ажиллаж байгаагүй. Гэрээ байгуулах үед энэ компанид ажиллаж байгаагүй ч гэсэн анхнаасаа энэ гэрээний талаар мэднэ. Ээжийн дүү н.Б 2017 оны 2, 3 сард ...д манайд очсон. Ингэхдээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажилчдын байрыг барих гэсэн юм. Гэтэл манай компани тусгай зөвшөөрөл байдаггүй. Тусгай зөвшөөрөлтэй компани байна уу гэсэн. Энэ үед “Ш” ХХК барилгын тусгай зөвшөөрөл авсан байсан тул энийгээ хэлээд гэрээ байгуулах болсон. З.Г тухайн үед багшилдаг байсан ба түүнийг дуудаад гэрээний талаар ярилцаж тохироод гарын үсэг зурсан. 7 давхар, 1 орцтой, 35 айлын орон сууц Шийдвэр гүйцэтгэлийн 29 албан хаагч захиалга өгсөн санагдаж байна. Захиалагч тус бүр урьдчилгаанд 5.500.000 төгрөгийг компанийн дансанд шилжүүлсэн нийт 160 гаруй сая төгрөг болж байсан. Барилгын ажил эхэлсэн тул З.Г-ийг ажлаас нь гаргаж, барилгын ажилдаа анхаарах болсон. Гэтэл н.Б-ийн бие өвдөж эмчилгээнд явах болоод энэ ажлаа орхисон, дүү бид 2 хариуцаад явж байсан. н.Б барилгын ажил гүйцэтгэх гэрээнд гарын үсэг зурсан, 100 хувь хөрөнгө оруулна гэж байсан боловч ямар ч хөрөнгө оруулаагүй, орхиод явсан. Ингээд бид 2 хөрөнгө босгож, зээл авч, барилгын ажлыг гүйцэтгэх болсон. 2017 оны 7 давхар барилгын зөвхөн 3 давхрын краказ босгоод л санхүүжилтээс болоод зогссон. Бид 2 зээл авч, машин тэргээ зарж барилгын ажлаа нэлээд явуулсан, шийдвэр гүйцэтгэх байгууллагад санал тавиад, 2021 онд захиалагч нар 30 хувийн төлбөрөө хагас дутуу төлсөн. Ингээд 2021 онд 32 айлын орон сууц бэлэн болсон байсан. Улсын комисс ажиллаад үүрэг даалгавар өгөөд биелүүлсний дараа ашиглалтад хүлээн авахаар болсон. Одоогийн байдлаар 33 айл байранд орсон. Улсын комисс ашиглалтад хүлээн аваагүй байгаа. Шийдвэр гүйцэтгэлийн захиалга өгсөн албан хаагч нь хасагдсаар байгаад одоо 21 болсон. Захиалагч нар төлбөр төлөхдөө ипотекийн зээл хүссэн байсан. Энэ тохиолдолд банк тухайн барилга ашиглалтад орсон улсын комиссын акт шаарддаг. Шийдвэр гүйцэтгэл, манай компани нь Улсын комисстой харилцан ярилцаад уг асуудлыг шийдвэрлэх зорилгоор барилга хүлээн авсан актын 1 хувийг гаргаж өгөхөөр болсон. Акт нийтдээ 5 хувь гардаг боловч зээлийн асуудлыг шийдвэрлэхийн тулд эхний ээлжинд 1 хувийг гаргая гэж тохирсон. Түүнийг л З.Г хэлсэн байх. 19 тоотод А, Э гэдэг 2 хүн гэрээ байгуулсан байсан. Тус компанид менежерээр ажиллаж байсан Д.Э нь А, Э нартай хоёулантай нь гэрээ байгуулсан байна. Гэхдээ гэрээ байгуулсан цаг хугацаанаас харахад Э нь А-ээс өмнө гэрээ байгуулжээ. Хугацааг санахгүй байна. А гуай надтай ярьж энэ асуудлыг хэлсэн. Тэгээд би 19 тоотыг Э-д үлдээгээд Ат 68 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууц санал болгосон. Эсвэл гэрээг цуцлаад мөнгийг чинь өгий гэхэд би 19 тоотоо авна. Чи Э-д наад байраа өгөө гэсэн. Үүний дараа би Э-д 19 тоотыг танд үлдээе, гэхдээ м.кв-ын үнийг нэмий гэсэн санал тавихад тэр зөвшөөрсөн. Хэрэв энэ саналыг А-д тавивал зөвшөөрөхгүй тул Э-д хэлсэн. Яагаад А зөвшөөрөхгүй гэж бодсон гэхээр анхнаасаа м.кв-ын үнэ 880.000 төгрөг, сүүлд үнэ нэмий гэснийг шийдвэр гүйцэтгэлийн ажилчид зөвшөөрөөгүй. А төлбөр тооцоогоо бүрэн хийгээгүй, дутуу байгаа ихэнх нь 30 хувиа л төлсөн байгаа. 2021 оноос хойш л надтай уулзсан. Э-ыг байрны асуудлаас болж таних болсон. Найз нөхөд төрөл садны холбоо байхгүй. Барилгын ажил гүйцэтгэх гэрээг анх байгуулахад 19 тоотыг А-т захиалсан талаар зохицуулсан тийм хуваарилалт байхгүй. Энэ баримтад ямар нэгэн огноо алга гэхдээ 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн гэрээний хойно ийм баримт байна. Энд 19 тоотыг А-д гэсэн байна. Энэ баримтыг Д.Э үйлдсэн байна. Д.Э 2021 онд ажлаа хаяад алга болсон, одоо хаана байдгийг мэдэхгүй. Манай компанитай холбоотой хэрэг маргаан шүүхээр шийдвэрлэгдэж байгаа, би итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцоод явж байгаа. Давж заалдах шатны 2 шүүх хуралдаанд шүүгч Э оролцсон. Нэг нь анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн. Нөгөө нь шийдвэрийг хүчингүй болгосон, дээд шүүхэд гомдол гаргасан боловч хүлээн аваагүй. А-тэй энэ асуудлаар тусгайлан уулзаад санал хүсэлтийг нь сонсоод ямар нэгэн байдлаар шийдвэрлээд хохиролгүй болгоё гэж бодож байна. Өөрөө тохиролцох талаар саналаа манай өмгөөлөгчид ирүүлсэн байна. Барилгын ажил гүйцэтгэх гэрээний биелэлтийг дүгнэсэн явдал байхгүй...” гэж мэдүүлсэн.
Иймд Э нь 2019 оны гэрээний хавсралтын дагуу 35 тоот орон сууцыг захиалсан гэж үзэх боломжгүй юм.
“Ш” ХХК-ийн захирал З.Г: “...Улсын комисс 2022 оны 12 сард ажиллаад 2023 оны 4 дүгээр сард ашиглалтад хүлээн авсан. Энэ талаар акт байгаа...” гэж, “Ш” ХХК-ийн дэд захирал Г: “...Захиалагч нар төлбөр төлөхдөө ипотекийн зээл хүссэн байсан. Энэ тохиолдолд банк тухайн барилга ашиглалтад орсон улсын комиссын акт шаарддаг. Шийдвэр гүйцэтгэл, манай компани нь Улсын комисстой харилцан ярилцаад уг асуудлыг шийдвэрлэх зорилгоор барилга хүлээн авсан актын 1 хувийг гаргаж өгөхөөр болсон. Акт нийтдээ 5 хувь гардаг боловч зээлийн асуудлыг шийдвэрлэхийн тулд эхний ээлжинд 1 хувийг гаргая гэж тохирсон...” гэж мэдүүлсэн бөгөөд маргаан бүхий тухайн барилгыг ашиглалтад оруулах тухай улсын комиссын 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн ББКД-67-05/23 дугаартай дүгнэлтийг ирүүлсэн ба тус компанид эх хувь нь байхгүй учраас эх хувиар нь гаргаж өгөх боломжгүй гэсэн.
Улсын комисс нь ... аймгийн ... сумын 8-р багт баригдсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын 35 айлын 7 давхар орон сууцны барилгыг холбогдох баримт бичигт үзлэг шалгалт хийж, ажлын гүйцэтгэл, чанарт үнэлгээ дүгнэлт өгч барилгыг ашиглалтад оруулах нь зүйтэй гэж дүгнэжээ.
2. ... аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхээр 2022-2024 оны хугацаанд “Ш” ХХК-д холбогдох нийт 19 хэрэг шийдвэрлэгджээ.
Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрсөн хэргийн оролцогчийн давж заалдах гомдлыг хянан хэлэлцэх давж заалдах шатны шүүх хуралдаанд шүүгч Э илтгэгч шүүгчээр 3 удаа, даргалагч шүүгчээр 1 удаа оролцсон байна. Үүнд: Ерөнхий шүүгчийн 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 00036 дугаар захирамжаар Г.В-гийн нэхэмжлэлтэй, “Ш” ХХК-д холбогдох ... аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 00984 дүгээр шийдвэртэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор хянан шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүнд шүүгч Б, Э /илтгэгч шүүгч/ нарыг, даргалагчаар Ерөнхий шүүгч С-ыг, тус шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 01 дүгээр тогтоолыг удирдлага болгон Ерөнхий шүүгчийн 2024 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 00024 дүгээр захирамжаар Б.Г-ийн нэхэмжлэлтэй “Ш” ХХК-д холбогдох ... аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 00757 дугаар шийдвэртэй иргэний хэргийг гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор хянан шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүнд шүүгч С, Э /илтгэгч шүүгч/ нарыг, даргалагчаар Б-г, Ерөнхий шүүгчийн 2024 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 00023 дугаар захирамжаар Ш.Г-ийн нэхэмжлэлтэй, “Ш” ХХК-д холбогдох ... аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 00750 дугаар шийдвэртэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор хянан шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүнд шүүгч Б, С /илтгэгч шүүгч/, нарыг даргалагчаар Э-ыг Ерөнхий шүүгчийн 2024 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 00029 дүгээр захирамжаар П.Д-ын нэхэмжлэлтэй, “Ш” ХХК-д холбогдох ... аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 00405 дугаар шийдвэртэй иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор хянан шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүнд шүүгч, С Э /илтгэгч шүүгч/ нарыг даргалагчаар Б-г томилсон шийдвэрийг албажуулжээ.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.5-т зааснаар шүүгчдийн зөвлөгөөнөөр хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.4-т заасан нийтлэг журамд үндэслэн хэрэг, нэхэмжлэл, гомдол, хүсэлт хүлээн авах, хуваарилах болон хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг сугалаагаар томилох нарийвчилсан журмыг баталсан.
Дээрх иргэний хэргүүдийг давж заалдах журмаар хянан хэлэлцэх шүүх хуралдаан даргалагч, бүрэлдэхүүнийг “Иргэн-2014” бүртгэл хяналтын нэгдсэн системээс санамсаргүй, тохиолдлоор тойргийн зарчмаар программаас хуваарилагдсан нь үзлэгээр тогтоогдсон ба ийнхүү хуваарилагдсаныг Ерөнхий шүүгчийн шийдвэрээр албажуулсан нь хууль зөрчөөгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.1-д давж заалдах журмаар хэргийг 3 шүүгчийн бүрэлдэхүүнтэйгээр хянан шийдвэрлэхээр заасан. Түүнчлэн шүүх хамтын зарчмаар хэрэг, маргааныг хэлэлцэхдээ олонхын саналаар шийдвэр гаргахаар Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.6-т заасан ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч хуульд заасан үндэслэлээр магадлалд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
Сахилгын хороо давж заалдах шатны шүүхийн магадлалын хууль зүйн үндэслэлд дүгнэлт хийх эрхгүй тул “...шүүгч тус хэргүүдийг үнэн зөвөөр шийдвэрлэдэг эсэх нь эргэлзээтэй...” гэх гомдол сахилгын зөрчилд хамаарахгүй.
3. Сахилгын хорооны 2024 оны 0113 дугаар тогтоолд “...давж заалдах шатны шүүх хуралдаанд шүүгч Э илтгэгч шүүгчээр 3 удаа, даргалагч шүүгчээр 1 удаа оролцсон, энэ нь хуульд нийцсэн эсэх талаар дүгнээгүй...” гэжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1.-т зааснаар шүүгч дараах үндэслэл байвал хэрэг хянан шийдвэрлэхэд оролцож болохгүй. Үүнд:
91.1.1.урьд нь уг хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, эвлэрүүлэн зуучлагч, иргэдийн төлөөлөгч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, гэрч, шинжээч, орчуулагч, хэлмэрчийн хувиар оролцсон;
91.1.2.уг хэргийн болон шүүх хуралдааны оролцогчийн гэр бүл, төрөл, садан бол, эсхүл шүүх бүрэлдэхүүнд хоорондоо гэр бүлийн болон төрөл, садангийн холбоотой хүмүүс орсон байвал;
91.1.3.хэргийн оролцогчтой хувийн харилцаатай, түүнчлэн уг хэргийг шударгаар шийдвэрлэж чадах эсэх талаар үндэслэл бүхий эргэлзээ байвал;
91.1.4.ашиг сонирхлын зөрчил үүсэж болзошгүй нөхцөл байдал бий болсон бол.
Шүүгч Э нь “Ш” ХХК-тай холбогдсон иргэний хэргийг давж заалдах журмаар хянан хэлэлцэх шүүх хуралдаанд оролцсон нь дээрх хуулийн 91.1.3, 91.1.4-т заасныг зөрчсөн эсэхийг дараах байдлаар тодорхойлов.
а/ Тухайн хэргийн оролцогчтой хувийн харилцаатай бол шүүгч хэрэг хянан шийдвэрлэхэд оролцож болохгүй бөгөөд татгалзан гарах учиртай. Гэхдээ хуульд заасан “...хувийн харилцаа” гэдгийг хязгаартай ойлгоно. Ердийн танил, сургууль хамт төгссөн, нэг байгууллагад ажиллаж байсан зэргийг шүүгчтэй хувийн харилцаатай гэж үзэх боломжгүй. Харин энэхүү харилцаанаас илүү тухайлбал ажил үйлчилгээ үзүүлэх байнгын харилцаатай, өдөр тутамдаа илүү ойр дотно уулздаг, мөн худ ургийн холбоотой зэрэг нөхцөл байдлыг энэхүү үндэслэлд хамааруулж болно.
Мөн хэргийн аль нэг оролцогчоос шүүгчийн талаар нөгөө талын оролцогчдын нөлөөнд автсан буюу автаж болзошгүй байдлын талаар тодорхой мэдээллийг гаргасан нь үндэслэл бүхий, баримттай тохиолдолд “хэргийг шударгаар шийдвэрлэж чадах эсэх талаар үндэслэл бүхий эргэлзээ байвал” гэсэн зохицуулалтад хамаарч болно.
Дээр дурдсанаар шүүгч Э нь Б.Г, Ш.Г, П.Д, Г.В нарын нэхэмжлэлтэй “Ш” ХХК-д холбогдох иргэний хэргүүдийг давж заалдах журмаар хянан хэлэлцэх шүүх бүрэлдэхүүнд хуульд заасан журмын дагуу томилогдон оролцсон байна.
Шүүгч Э нь энэхүү 4 хэргийн хариуцагч болох “Ш” ХХК-тай хувийн харилцаа байхгүй болох нь гэрч Г-ийн “...найз нөхөд төрөл садны холбоо байхгүй...” гэсэн, гэрч З.Гийн “...найз нөхөд төрөл садны ямар ч холбоогүй...” гэсэн мэдүүлгээр тогтоогдож байна. Түүнчлэн хэргийг шударгаар шийдвэрлэж чадах эсэх талаарх үндэслэл бүхий эргэлзээ байвал гэдгийг нотлох баримт тухайн иргэний хэрэг авагдаагүй байна.
Холбогдох шүүгч нь иргэнийхээ хувьд “Ш ХХК-ийн барьж буй барилгаас орон сууц худалдан авахаар тохирч гэрээ байгуулсан, энэхүү гэрээ байгуулахыг хуулиар хориглоогүй, энэ тохиолдолд шүүгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзан гарах үндэслэл болохгүй.
б/ Хэрэв шүүгч ашиг сонирхлын зөрчил үүсэж болзошгүй нөхцөл байдал бий болсон бол хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохгүй, татгалзан гарах үүрэгтэй.
Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 4.1.-д зааснаар шүүгч нь нийтийн албан тушаалтан юм.
Энэхүү хуульд тодорхойлсноор “ашиг сонирхлын зөрчил” гэж нийтийн албан тушаалтан албаны бүрэн эрхээ хэрэгжүүлэх үед түүний ашиг сонирхол нийтийн ашиг сонирхолтой зөрчилдөх болон албан үүргээ тэгш, шударгаар хэрэгжүүлэхэд харшаар нөлөөлж болохуйц нөхцөл байдал үүсэхийг ойлгох бөгөөд "хамаарал бүхий этгээд" гэж тухайн нийтийн албан тушаалтны эцэг, эх, төрсөн ах, эгч, дүү, гэр бүлийн гишүүн, хамтран амьдрагч, эхнэр /нөхөр/-ийн эцэг, эх, төрсөн ах, эгч, дүү, бусад нэгдмэл сонирхолтой этгээдийг, "нэгдмэл сонирхолтой этгээд" гэж тухайн нийтийн албан тушаалтантай ашгийн төлөө үйл ажиллагаагаар холбоотой хувь хүн, хуулийн этгээдийг ойлгоно гэжээ.
Шүүгч Э нь “Ш” ХХК-тай хамаарал бүхий, мөн нэгдмэл сонирхолтой этгээд гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй, энэ тохиолдолд ашиг сонирхлын зөрчил үүссэн гэж үзэж, энэ үндэслэлээр татгалзан гарах боломжгүй.
Хуульд заасан дээрх үндэслэл тогтоогдоогүй тохиолдолд “шүүгчийг татгалзаж үл болох”-оор хуулийн 91.2.-т заасан.
4. Холбогдох шүүгч 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн тайлбартаа “... “Ш” ХХК-ийн барьж байгаа орон сууцанд захиалга өгч гэрээ байгуулсан. Тухайн үед компанийн удирдлага болон ерөнхий инженер нь надтай ирж уулзаад ...хүсэлт тавьсан...” гэсэн, 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн нэмэлт тайлбартаа “...хуралд онлайнаар ороход миний сүлжээ муу байснаас шалтгаалан зарим яриа давхардаж сонсогдож байснаас буруу зөрүү ойлголт өгсөн байж магадгүй, ...” гэжээ.
Сахилгын хорооны хуралдаанд гишүүний “...огт танихгүй компаниас яагаад танд санал тавьсан бэ, танихгүй хүмүүс тантай уулзаж хүсэлт тавьсны үндэслэл юу вэ гэсэн” асуултад “...Ерөнхий захирал Г, түүний ах Га нарыг танихгүй, тухайн үед ерөнхий инженер эсхүл менежер байсан Э гэгч хүүхдийг зүс мэддэг байсан. Найз нөхдийн холбоо байхгүй...” гэсэн байна.
Гэрч З.Г гэрчийн мэдүүлэгтээ “...манай компанийн менежерээр ажиллаж байсан Д.Э нь зарж борлуулах 8 орон сууцыг худалдан борлуулах эрхтэй бөгөөд худалдан авагчийг олж байсан. Үүний дагуу Э-тай гэрээ байгуулж, дээрх 19 тоотыг худалдах, худалдан авах гэрээ байгуулж, надад танилцуулахад гарын үсэг зурж баталгаажуулсан...” гэжээ.
Гэрчүүдийн мэдүүлгээр н.Э нь “Ш” ХХК-д борлуулалт хариуцсан менежерээр ажиллаж байхдаа Э-тай уулзаж санал гаргасны үндсэн дээр талууд маргаан бүхий 19 тоотыг худалдах, худалдан авах гэрээ байгуулсан байх бөгөөд компанийг төлөөлөх этгээдийн хувьд З.Г гэрээг баталгаажуулж гарын үсэг зурсан, энэ тохиолдолд холбогдох шүүгчийг буруутгах үндэслэлгүй.
Дээрх үндэслэлээр Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.1, 50.1.28-д заасан албан тушаалын байдал, эрх нөлөөгөө урвуулан ашиглаж өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгосон, хуульд заасны дагуу татгалзан гарах үүрэгтэйгээ мэдсээр байж татгалзан гараагүй гэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул ... шүүхийн шүүгч Э-д холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргав.
Харин өргөдөл гаргагч нь тухайн 19 тоот орон сууцыг эзэмших, өмчлөх эрхтэй эсэх, “Ш” ХХК-тай байгуулсан гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар, мөн захиалагч ... аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба болон “Ш” ХХК-тай байгуулсан Барилгын ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлийн талаар шүүхэд нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлэх нь зүйтэйг дурдав” гэжээ.
Холбогдох шүүгч тайлбартаа: “ ... Байр булааж авсан гэх гомдолд: 1.... сумын 8 багт “Ш” ХХК-ны барьж байгаа орон сууцанд захилга өгч гэрээ байгуулсан болно. Тухайн үед компани удирдлага болон ерөнхий инженер нар надтай уулзаж “манай компани Шийдвэр гүйцэтгэлийн ажилчдын 35 айлын орон сууц барина. 29 айл нь тухайн байгууллагын ажилчид, үлдэх 6 байранд захилга авч байгаа та захилга өгөхгүй юм уу гэж хүсэлт тавьсан. Уг хүсэлтийн дагуу ... аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, “Ш” ХХК-ны 2017 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн №2017/01 дугаар бүхий Барилгын ажил гүйцэтгэх гэрээг үндэслэж анх 2017 онд №2017/19 дугаартай Орон сууц захилгын гэрээг байгуулсан.
2. Тухайн №2017/19 дугаартай гэрээг байгуулсан. Тухайлбал: Гэрээний 2.3-т заасны дагуу 20 сая төгрөгийг 2017 оны 8 сард багтааж өгөх. Хэрэв дээрх төлбөрийг төлөөгүй тохиолдолд 1м.кв үнийг нэмэх гэх мэт болзол тавьж гэрээ байгуулсан. Тухайн болзол тавьж байгуулсан гэрээний 2.3-т заасан үүргээ иргэн миний бие биелүүлж бэлэн болон өөрийн унаж байсан авто машинаа өгч нийт 44.500.000 төгрөг өгсөн тул дахин гэрээгээ шинэчлэн 2017 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн №2017/19-36 дугаартай гэрээ байгуулсан.
3. Шинэчлэн байгуулсан №2017/19-36 дугаар бүхий гэрээний 2.3-т “нийт 44.500.000 төгрөгийн урьдчилгааг 2017 оны 8 дугаар сарын 23-ны дотор төлсөн байх” гэсэн гэрээг “Ш” ХХК-ний удирдлагууд өөрсдөө хийж ирж надад гэрээний хувийг өгсөн “бэлэн болон авто машин оролцуулж өгсөн мөнгийг өгсөн байх” гэж бичсэн нь өгөөгүй мэт харагдаж байна мөн үүнээс хойш байрны урьдчилгаанд нэмж мөнгө өгсөн, орон сууц ашиглалтад өгөх хугацаа буюу гэрээний 5.1-д заасан хугацаа хэтэрсэн тул 2019 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр №2017/19-36 дугаартай гэрээг дахин байгуулсан. /бичлэг, фото гэрэл зураг хавсаргав/
4. 2019 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр №2017/19-36 дугаартай байгуулсан гэрээний 3.2-т заасан үүргээ гүйцэтгэх тал буюу “Ш” ХХК биелүүлээгүй тул дахин 2023 оны 2 дугаар сарын 15-ны өдөр Нэмэлт хугацаа тохиролцож гэрээ байгуулсан. Тухайн гэрээнд “2023 оны 7 дугаар сарын 01-ны өдөр 19 тоот байрыг гэрээнд заасны дагуу засвар хийж бэлэн болгож хүлээлгэж өгөх”-өөр гэрээ байгуулсан.
5. Нэмэлт хугацаа тохиролцож 2023 оны 2 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй “засвар хийгээгүй, 2023 оны 7 дугаар сарын 07”-ны өдөр буюу хугацаа өнгөрсөн тул 2023 оны 7 дугаар сарын 08-ны өдөр тухайн байрыг байгаа байдлаар нь хүлээж авах акт үйлдэж гарын үсэг зурж баталгаажуулсан болно. /фото зураг хавсаргав/
6. Улсын бүртгэлийн хэлтэст урьдчилан тэмдэглэгээ хийлгэх талаар хандсан боловч уг 19 тоот нь давхардсан байна гээд тэмдэглэгээ хийгээгүй болно. Байрны түлхүүрийг хүлээн авч мөнгө өгсөн талаар 2023 оны 7 дугаар сарын 08-ны өдөр тооцоогоо нийлж акт үйлдсэн. Миний хувьд 35 тоот дээр гэрээ хийгээгүй, гомдол дээр бичсэн 35 тоот гэдгийг би мэдэхгүй байна.
7. Цоожны гол сольсон талаарх үйлдэл байхгүй харин цоожгүй байхад нь цоож хийсэн. Мөн байрыг хүлээж аваад өөрийн хөрөнгөөр засвар хийж байранд орсон. Хэрэв 19 тоотыг хүний байр гэж мэдсэн бол би гэрээ хийж одоо бараг 8 жил болох гэж байгаа хугацаанд мөнгө төгрөг дахин дахин өгөх болон 19 тоот байранд засвар хийж өөрөөсөө илүү зардал гаргахгүй шүү дээ. /бичлэг, фото зураг хавсаргав/
8. Дээрх байдлаас үзвэл миний бие хүний байрыг булаан авсан үйлдэл гаргаагүй, Ш-н хүмүүстэй төрөл садан ах дүүгийн холбоо хамаарал байхгүй ба иргэн А-ийн надад холбогдуулан Сахилгын хороонд гаргасан гомдлыг ойлгохгүй байна. Учир нь: а/ Би байр бариагүй ба А-ийн өмнө ямар нэг үүрэг хүлээгүй тул надтай байрны талаар маргаан үүсгэх үндэслэлгүй. б/ А нь байрны захилга өгсөн эсэхийг ч би мэдэхгүй. Харин давхардуулан гэрээ байгуулсан байдаг юм бол “Ш” ХХК-тай маргаан үүсгэх буюу учир зүйгээ олох ёстой. в/ А нь холбогдох газарт нь гомдлоо гаргахгүй харин янз бүрийн доромжилсон мессежийг миний утас руу бичих, ажлын байран дээр хүнтэй ирж нийлж хэл амаар доромжлох болгонд нь за яахав настай хүн бухимдаж байгаа байлгүй дээ гэж тэвчиж чимээгүй өдий хүрсэн. Гэтэл бүүр сүүлдээ олон нийтийн сүлжээнд миний гэр бүл болон албан тушаал, ажил хэргийн нэр хүндэд халдах үйлдэл гаргасаар байгаад харамсаж байна.
“Ш” ХХК-д холбогдох хэргийг шийдвэрлэж байгаа гэх гомдолд:
1. А нь надтай болон “Ш” ХХК-тай холбогдуулан гаргасан маргаан шүүхэд ирүүлээгүй тул надад “Ш” ХХК-ны маргаанаас татгалзах хууль зүйн үндэслэл байхгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлд заасан үндэслэлүүдийн аль нэг хамаарахгүй байхгүй тул шүүгч би татгалзах үндэслэл болохгүй ба харин үндэслэлгүй татгалзсан бол шүүгч би ёс зүйгээ зөрчсөн болно. А нь миний захиалсан байр л гээд байгаа болохоос өнөөдөр А-тэй байгуулсан албан ёсны гэрээг би үзээгүй зүгээр л маргаан хийгээд яваа хүний үгээр хэрэгт орохоос татгалзах үндэслэл болохгүй. Хэрэв байр захиалсан гэрээтэй л юм бол холбогдох газарт нь хандаж шийдвэрлүүлэх хэрэгтэй.
2. “Ш” ХХК-д холбогдолтой хэргүүд давж заалдах шатны шүүхээр орж байсан ба давж заалдах шатны шүүх нь хуульд заасны дагуу 3 шүүгчийн бүрэлдэхүүнтэй хамтын зарчмаар хэрэг хянан шийдвэрлэдэг. Хэрэв хэргийг буруу шийдвэрлэж “Ш” ХХК-д ашигтай шийдвэр гаргаж байсан гэж байгаа бол тус шүүхийн хоёр шүүгчийг хүртэл гүтгэж байгаа асуудал юм. “Ш” ХХК-д холбогдолтой хүчин төгөлдөр болсон хэргүүдээс харж болно.
3. 2017 онд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилчид м.кв 880.000 төгрөгөөр байр авах гэрээ байгуулсан гэж сонсож байсан. Миний хувьд тухайн онд 1.100.000 төгрөгөөр байрны захилга өгсөн тул “Ш” ХХК-ны удирдлагатай нийлж ямар ч хуйвалдах үндэслэлгүй юм” гэжээ.
Холбогдох шүүгч нэмэлт тайлбартаа: “... 1. А нь надтай болон “Ш” ХХК-тай холбогдуулан эд хөрөнгийн болон бусад асуудлаар эрх зүйн маргаан нэхэмжлэл шүүхэд байхгүй. Миний хувьд ч гэсэн “Ш” ХХК-тай холбоотой эд хөрөнгийн маргаантай асуудал байхгүй. Учир юу бэ гэвэл 2023 онд байраа хүлээж авч, тооцоо нийлсэн тул бидний хооронд ямар нэгэн асуудал маргаан байхгүй болно.
1.1 “Ш” ХХК-д холбоотой шийдвэрлэгдсэн зарим хэргүүд давж заалдах шатны шүүхээр орж байсан ба давж заалдах шатны шүүх нь хуульд заасны дагуу 3 шүүгчийн бүрэлдэхүүнтэй хамтын зарчмаар хэрэг хянан шийдвэрлэдэг. Тэрнээс хуульд заасан илтгэгч болон даргалагч шүүгчээр оролцсон тохиолдолд давуу байдал бий болохгүй юм. Харин давж заалдах шатны шүүхийн магадлалыг “Ш” ХХК эс зөвшөөрч Улсын Дээд шүүхийн иргэний хэргийн танхимд гомдол гаргасныг хяналтын шатны шүүх хэлэлцэхээс татгалзсанаас үзвэл анхан болон давж заалдах шатны шүүхээс гарсан шийдвэр, магадлалууд хууль зүйн хувьд үндэслэлтэй хэвээр үлдэж байгаа ба А-ийн “...Ш-ын хүмүүстэй нийлж хуйвалдаж, хэргийг зөв шийдвэрлэж байгаа эсэхэд эргэлзээтэй байгаа...” гэх гомдол нь үндэслэлгүй болно.
1.2 Байраа 2023 онд хүлээгээд авчихсан бидний хооронд үүсэн эрх зүйн маргаан байхгүй тул 2024 онд давж заалдах шатны шүүхээр хянагдсан хэргээс татгалзах хууль зүйн үндэслэл байхгүй Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлд заасан үндэслэлүүдийн аль нэг хамаарахгүй байхгүй тул шүүгч би татгалзах үндэслэл болохгүй ба харин үндэслэлгүй татгалзсан бол шүүгч би ёс зүйгээ зөрчсөн болно. Мөн тухайн “Ш ХХК”-д холбогдох хэрэгт шүүх хуралдааны процессын дагуу хэргийн оролцогч нараас татгалзал байгаа эсэхийг тодруулж байсан болох нь тухайн хэргийн тэмдэглэлээс харагдах болно.
1.3 А нь миний захиалсан байр л гээд байгаа болохоос яг өнөөдрийн байдлаар өмчлөл болон эд хөрөнгийн маргааны талаар холбогдох газарт нь хандаагүй байх тул маргаан хийгээд яваа хүний үгээр хэрэгт орохоос татгалзах үндэслэл болохгүй юм.
1.4 Өмнөх хуралд онлайнаар ороход миний сүлжээ муу байснаас шалтгаалан надад зарим яриа давхардаж сонсогдож байснаас буруу зөрүү ярьж та бүгдэд буруу ойлголт өгсөн байж магадгүй. Учир нь тухайн байрны асуудал 2017 оноос хойш одоо бараг 8 дах жилдээ орж байгаа тул мартаж санах асуудал гаргахыг үгүйсгэхгүй байна. Цаг хугацаа улирах тусам тухай үед юу ярьж байсан ба одоо надад хэдэн гэрэл зураг бичлэг болон гэрээ, тооцоо нийлсэн акттай л үлдсэн байна” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Иргэн А-ээс ... шүүхийн шүүгч Э-д холбогдуулан гаргасан өргөдлийг үндэслэн гишүүний 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн ГЗҮ/2024/0107 дугаар захирамжаар сахилгын хэрэг үүсгэн, шалгах ажиллагаа явуулж, 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн ГС/2024/0119 дүгээр “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал” гаргасныг Шүүхийн сахилгын хорооны хуралдаанаар хянан хэлэлцэж, 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн СХТ/2024/0113 дугаар тогтоолоор саналыг хүчингүй болгож, дахин шалгуулахаар илтгэгч гишүүнд буцааж шийдвэрлэсэн байна.
Илтгэгч гишүүн СХТ/2024/0113 дугаар тогтоолд заасан ажиллагааг хийж гүйцэтгэн 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн ГС/2025/0007 дугаар “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал” гаргасныг хүлээн авах нь зүйтэй бүрэлдэхүүн гэж үзлээ.
1. Өргөдөл гаргагчаас “...... аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх алба-Хорих ... дугаар анги, “Ш” ХХК-тай 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. ..миний зүгээс 19 тоот орон сууцыг сонгон 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр урьдчилгаа төлбөрт 5,500,000 төгрөг төлж 2017 оны 05 дугаар сарын 09-ний өдөр 2017/07 дугаартай гэрээ байгуулсан. ...Би Э-тай байр давхацсан гэдгийг 2023 оны хавар олж мэдсэн бөгөөд бид 2 уулзаж хууль шүүхээр учраа олтлоо хэн нь ч нүүж орохгүй байя гэж тохиролцсон боловч Э нь байрны цоожны голыг солиод байранд нүүж орсон байсан. ... Э шүүгч надаас түрүүлж гэрээ хийсэн байх боломжгүй. ...Э шүүгч нь “Ш” ХХК-тай хуйвалдан гэрээний огноог засах байдлаар миний байрыг булааж авсан гэж үзэж байна.” гэжээ.
Сахилгын хэрэгт авагдсан баримтуудаар 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр “Ш” ХХК нь ... аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газартай алба хаагчдын 35 айлын орон сууцны барилгыг барьж гүйцэтгэхээр 2017-01 дугаартай гэрээ байгуулж, барилгын ажлыг 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүртэл хугацаанд хийж гүйцэтгэхээр тохиролцсон байна.
Талууд 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 2019/03 дугаартай Барилгын ажил гүйцэтгэх гэрээнд “..энэхүү гэрээний 1.4-т заасан төлбөрийг төлсөн албан хаагчид /тэтгэвэрт гарсан, шилжсэн, халагдсан албан хаагчид/ орно. Эдгээр алба хаагчид нь анх 2017 онд гэрээ байгуулж байхад ажиллаж байсан тул 27 орон сууцыг “Ш” ХХК нь захиран зарцуулах эрхгүй, алба хаагчдаас захиалга өгөөгүй 8 орон сууц болон автомашины зогсоолуудыг “Ш” ХХК нь захиран зарцуулах эрхтэй” байхаар заасан байна.
Тухайн үед Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт ажиллаж байсан А нь 2017 оны 05 дугаар сарын 09-ний өдөр дээрх орон сууцны барилгын 4 давхрын 19 тоотын 3 өрөө 72.35 м.кв байрыг 1 м.кв талбайн үнийг 880,000 төгрөгөөр худалдан авахаар “Ш” ХХК-тай орон сууц захиалгын гэрээ байгуулсан, уг гэрээнд 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдөр нэмэлт өөрчлөлт оруулжээ.
А нь тухайн орон сууцны урьдчилгаа төлбөрт 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 5.500.000 төгрөгийг, 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 5.000.000 төгрөгийг, 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдөр 12.300.000 төгрөгийг төлсөн байна.
Харин шүүгч Э “Ш” ХХК-тай 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр мөн орон сууцны 4 давхар, 19 тоот, 72.35 м.кв талбай бүхий 3 өрөө байрны 1 м.кв талбайн үнийг 1.100.000 төгрөгөөр тооцож, нийт 79.585.000 төгрөгөөр худалдан авахаар, орон сууц захиалгын 2017/19 дүгээр гэрээг байгуулсан байна.
Тус гэрээний дагуу шүүгч Э 2017 оны 08 дугаар сарын 03-ны өдөр 9.000.000 төгрөг, 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 16.500.000 төгрөг, 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 10.000.000 төгрөг, 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр 3.000.000 төгрөг, 2023 оны 07 дугаар сарын 19-ний өдөр 500,000 төгрөг, 2017 оны 08 дугаар сарын 19-ний өдөр Хюндай Соната-7 автомашиныг 14.500.000 төгрөгөөр үнэлж “Ш” ХХК-ийн менежер Д.Э-т шилжүүлсэн, нийт 58.000.000 төгрөгийг байрны урьдчилгаанд өгсөн талаарх баримт сахилгын хэрэгт авагджээ.
Талууд 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн гэрээгээр орон сууцыг 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдөр захиалагчид хүлээлгэн өгөхөөр тохиролцсон боловч “Ш” ХХК-аас гэрээнд заасан хугацааг хэтрүүлсэн тул 2023 оны 07 дугаар сарын 08-ны өдөр тооцоо нийлсэн акт үйлдэж, шүүгч Э нь 19 тоот орон сууцыг хүлээн авч, өөрийн зардлаар засвар хийж одоо уг байранд амьдарч байгаа талаарх холбогдох баримтыг ирүүлсэн байна.
Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2 дахь хэсэгт зааснаар шүүгч Э 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдөр, А 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдөр маргаан бүхий 19 тоот орон сууцанд урьдчилсан тэмдэглэгээ хийлгэх хүсэлтийг ... аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст гаргасан боловч уг орон сууц нь давхцалтай гэх үндэслэлээр урьдчилсан тэмдэглэгээ хийгдээгүй байна.
Дээрх үйл баримттай холбогдуулан “Ш” ХХК-ийн захирал З.Г гэрчээр: “...2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. 1 орцтой, гаражийн хамт 8 давхар, 35 айлын орон сууцыг тухайн оны 4 дүгээр улиралд барьж ашиглалтад оруулахаар тохирсон. 27 орон сууцыг шийдвэр гүйцэтгэлийн албан хаагчдад хөнгөлөлттэй үнээр, үлдэх 8 орон сууцыг компани зах зээлийн ханшаар худалдан борлуулахаар тохирсон. ...Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын албан хаагчидтай нэг бүрчлэн гэрээ байгуулж байгаагүй. Тэдний зүгээс нийт 27 хүний захиалгын гэрээг бэлдчихсэн байсан. Ингэхдээ захиалга өгч байгаа хүмүүс нь давхар, өрөө, м.кв зэрэг сонголтоо хийсэн, энэ нь хоорондоо давхцаагүй байсан. Нэгэнт тус байгууллага дотооддоо байрны өрөө, м.кв, давхар зэргийг ярилцаад тохиролцсон байсан учраас миний хувьд нэг бүрчлэн нягталж тулгалгүй гэрээнд гарын үсэг зурсан. Барилга барих явцад 4 давхрын 19 тоотод шийдвэр гүйцэтгэлийн ажилтан А гэдэг хүн гэрээ байгуулсан гэдгийг мэдсэн. Манай компанийн менежерээр ажиллаж байсан Д.Э нь компанийн зарж борлуулах 8 орон сууцыг худалдан борлуулах эрхтэй бөгөөд худалдан авагч талыг олж байсан. Үүний дагуу Д.Э нь Э-тай гэрээ байгуулж дээрх 19 тоотыг худалдах, худалдан авахаар тохирч гэрээ байгуулсан байсан. Энэхүү байгуулсан гэрээг надад танилцуулахад нь гарын үсэг зурж баталгаажуулсан. Энэ 2 хүнтэй байгуулсан гэрээний огноог харахад Э гэдэг хүнтэй түрүүлж гэрээ байгуулсан гэж харагдаж байна. Захиалагчтай гэрээ байгуулах ажлыг менежер Д.Э хариуцаж байсан болохоор түүний байгуулсан гэрээнд итгэж гарын үсэг зурсан. ... Миний сонссоноор А нь ковидын өмнө хот руу шилжсэн гэсэн. Харин Э бол байнга барилга дээр ирж ажлын явц гүйцэтгэлтэй танилцаж байсан. ...А төлбөрөө бүрэн төлсөн асуудлыг ах Г сайн мэдэж байгаа. Миний хувьд төлбөрийн 30 хувийг л өгсөн гэж сонссон. Э-ын хувьд төлбөрийн 70-80 хувийг төлсөн байгаа. Одоо энэ байрыг Э-д манай компани хүлээлгэн өгөөд энэ талаар акт үйлдсэн байгаа. ...Манай зүгээс А-д мөнгийг алданги хүүг нь тооцож буцаан өгөх эсвэл байраа авна гэвэл шүүхийн маргаан дууссаны дараа уг асуудлыг шийдвэрлэх санал хүсэлт тавьж байгаа. ...Орон сууцны хуваарилалтыг Менежер Д.Э борлуулалтыг хариуцаж байсан учраас хийсэн байх....” гэж мэдүүлгийг,
“Ш” ХХК -ийн дэд захирал Г гэрчээр “...7 давхар, 1 орцтой, 35 айлын орон сууц Шийдвэр гүйцэтгэлийн 29 албан хаагч захиалга өгсөн санагдаж байна. Захиалагч тус бүр урьдчилгаанд 5.500.000 төгрөгийг компанийн дансанд шилжүүлсэн нийт 160 гаруй сая төгрөг болж байсан. ...19 тоотод А, Э гэдэг 2 хүн гэрээ байгуулсан байсан. Тус компанид менежерээр ажиллаж байсан Д.Э нь А, Э нартай хоёулантай нь гэрээ байгуулсан байна. Гэхдээ гэрээ байгуулсан цаг хугацаанаас харахад Э нь А-ээс өмнө гэрээ байгуулжээ. Хугацааг санахгүй байна. А гуай надтай ярьж энэ асуудлыг хэлсэн. Тэгээд би 19 тоотыг Э-д үлдээгээд А-т 68 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууц санал болгосон. Эсвэл гэрээг цуцлаад мөнгийг чинь өгий гэхэд би 19 тоотоо авна. Чи Э-д наад байраа өгөө гэсэн. Үүний дараа би Э-д 19 тоотыг танд үлдээе, гэхдээ м.кв-ын үнийг нэмий гэсэн санал тавихад тэр зөвшөөрсөн. Хэрэв энэ саналыг А-т тавивал зөвшөөрөхгүй тул Э-д хэлсэн. Яагаад А зөвшөөрөхгүй гэж бодсон гэхээр анхнаасаа м.кв-ын үнэ 880.000 төгрөг, сүүлд үнэ нэмий гэснийг шийдвэр гүйцэтгэлийн ажилчид зөвшөөрөөгүй. А төлбөр тооцоогоо бүрэн хийгээгүй, дутуу байгаа ихэнх нь 30 хувиа л төлсөн байгаа. 2021 оноос хойш л надтай уулзсан. Э-ыг байрны асуудлаас болж таних болсон. ..Барилгын ажил гүйцэтгэх гэрээг анх байгуулахад 19 тоотыг А-т захиалсан талаар зохицуулсан тийм хуваарилалт байхгүй. Энэ баримтад ямар нэгэн огноо алга гэхдээ 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн гэрээний хойно ийм баримт байна. Энд 19 тоотыг Ат гэсэн байна. Энэ баримтыг Д.Э үйлдсэн байна. Д.Э 2021 онд ажлаа хаяад алга болсон, одоо хаана байдгийг мэдэхгүй...” гэх мэдүүлгийг тус тус өгчээ.
“Ш” ХХК болон ... аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын хооронд анх байгуулсан 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн барилгын ажил гүйцэтгэх гэрээнд нийт хэдэн алба хаагч орон сууцанд захиалга өгсөн, хэн хэдэн тоотыг захиалсан талаарх мэдээлэл тусгагдаагүй.
Харин 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 2019/03 дугаартай барилгын ажил гүйцэтгэх гэрээнд хавсрагдсан мэдээллээс үзвэл өрөөний дугаар 19-т А, өрөөний дугаар 35-т Э 99............ гэж тэмдэглэсэн боловч шүүгч Э нь 35 тоотын орон сууцанд захиалгын гэрээ байгуулсан гэх баримт шалгах ажиллагааны явцад тогтоогдоогүй байна.
... аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 155/ШШ2023/01005 дугаар шүүхийн шийдвэрээр 35 тоот орон сууцны өмчлөгч нь Б мөн болохыг тогтоож, орон сууцны гэрчилгээг нэхэмжлэгч Б-ийн нэр дээр шилжүүлэхийг “Ш” ХХК-д даалгаж шийдвэрлэсэн, шүүхийн шийдвэр хуулийн хүчинтэй төгөлдөр болжээ.
Эдгээрээс үзвэл, ... аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын захиалгаар “Ш” ХХК нь тус аймгийн ... сумын 8 дугаар багт алба хаагчдын 35 айлын орон сууцны барилгыг барьж гүйцэтгэсэн, ингэхдээ тус барилгын 4 давхрын, 19 тоот, 72.35 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцны захиалах гэрээг шүүгч Э-тай 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр, иргэн А-тэй 2017 оны 05 дугаар сарын 09-ний өдөр тус тус давхардуулан байгуулсан үйл баримт тогтоогдож байна.
Ийнхүү орон сууцны захиалга давхардсан нь тухайн барилгын ажлыг хийж гүйцэтгэсэн “Ш” ХХК-ийн буруутай үйл ажиллагаа тул шүүгчийг дээрх өргөдөлд дурдсан “...байрны цоожны голыг солиод байранд нүүж орсон, “Ш” ХХК-тай хуйвалдан гэрээний огноог засах байдлаар миний байрыг булааж авсан” гэх үндэслэлээр Монгол Улсын шүүхийн тухай хуульд заасан сахилгын зөрчил гаргасан гэж үзэхгүй.
Мөн дээрх маргаан бүхий орон сууцны захиалга, өмчлөх эрхтэй холбоотой асуудлаар Шүүхийн сахилгын хороо дүгнэлт өгөх боломжгүй тул иргэн А нь тус орон сууцны өмчлөх эрхийн талаарх маргаанаа холбогдох байгууллагад нь хандан шийдвэрлүүлбэл зохино.
2. Өргөдөл гаргагчаас “...“Ш” ХХК-д байр захиалаад хохирсон олон иргэн ...... шүүхээр хэргээ шийдвэрлүүлж байгаа бөгөөд тухайн компанитай ашиг сонирхол нэгтэй нийлж миний байрыг булаасан шүүгч тус хэргүүдийг үнэн зөвөөр шийдвэрлэдэг эсэх нь эргэлзээтэй юм.” гэжээ.
Сахилгын хэрэгт авагдсан баримтуудаар, “Ш” ХХК-д холбогдох иргэн Г.В, Б.Г, П.Д нарын нэхэмжлэлтэй 3 хэрэгт шүүгч Э нь илтгэгч шүүгчээр, Ш.Г-ийн нэхэмжлэлтэй хэрэгт даргалагч шүүгчээр тус тус хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон болох нь тогтоогдож байх ба тус иргэний хэргүүдийг хянан хэлэлцэх шүүх хуралдаан даргалагч, бүрэлдэхүүнийг “Иргэн-2014” бүртгэл хяналтын нэгдсэн системээс санамсаргүй, тохиолдлоор тойргийн зарчмаар программаас хуваарилжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.1 дэх хэсэгт давж заалдах журмаар хэргийг 3 шүүгчийн бүрэлдэхүүнтэйгээр хянан шийдвэрлэх ба хэрэг маргааныг хамтаар хэлэлцэж, олонхын саналаар шийдвэрлэдэг.
Хэрэв зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч бүрэлдэхүүний хянан хэлэлцэж гаргасан шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй бөгөөд тус шийдвэрийг дээд шатны шүүхээс хянаж өөрчлөх, хүчингүй болгох эрхтэй байдаг.
Иймд шүүхийн шийдвэрийн хууль зүйн үндэслэлд үнэлэлт, дүгнэлт өгөх эрх Шүүхийн сахилгын хороонд хуулиар олгогдоогүй тул тухайн өргөдөлд дурдсан “миний байрыг булаасан шүүгч тус хэргүүдийг үнэн зөвөөр шийдвэрлэдэг эсэх нь эргэлзээтэй” гэх үндэслэлээр шүүгчийг сахилгын зөрчил гаргасан гэж үзэхгүй.
Түүнчлэн Шүүхийн сахилгын хорооны 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн СХТ/2024/0113 дугаар тогтоолоор “... “Ш” ХХК-ийн удирдлагууд тухайн шүүгчийн хамаарал бүхий этгээдэд тооцогдох эсэх нь тодорхойгүй, шүүгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзан гарах үүргээ зөрчсөн” эсэх талаар дүгнэлт өгөх шаардлагатай гэж үзсэн.
Дээрх тогтоолын үндэслэлтэй холбогдуулан шүүгч Э “...миний бие хүний байрыг булаан авсан үйлдэл гаргаагүй, Ш-ын хүмүүстэй төрөл садан ах дүүгийн холбоо хамаарал байхгүй. ...Байраа 2023 онд хүлээгээд авчихсан бидний хооронд үүссэн эрх зүйн маргаан байхгүй тул 2024 онд давж заалдах шатны шүүхээр хянагдсан хэргээс татгалзах хууль зүйн үндэслэл байхгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлд заасан үндэслэлүүдийн аль нэг хамаарахгүй байх тул шүүгч би татгалзах үндэслэл болохгүй” гэх тайлбарыг ирүүлсэн.
Гэрчээр “Ш” ХХК-ийн дэд захирал Г “...найз нөхөд төрөл садны холбоо байхгүй. ...анхан болон давж заалдах шатны шүүх иргэний хэргийг манай компанийн эсрэг шийдсэн. Э-д нөлөөлсөн ямар нэгэн асуудал байхгүй. Харин Э шүүгч шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын нөлөөнд орж хэргээ шийдвэрлэсэн байх гэж хардаж байгаа” гэх мэдүүлгийг, гэрчээр “Ш” ХХК-ийн гүйцэтгэх захирал З.Г “...найз нөхөд төрөл садны ямар ч холбоогүй...” гэх мэдүүлгийг тус тус өгчээ.
Дээрх шүүгчийн тайлбар, гэрчийн мэдүүлгүүдээс үзвэл шүүгч Э нь “Ш” ХХК-ийн удирдлагуудтай хувийн харилцаа холбоо байхгүй болох нь тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзан гарах үүрэг хүлээхгүй.
Энэ талаар илтгэгч гишүүний “Холбогдох шүүгч нь иргэнийхээ хувьд “Ш ХХК-ийн барьж буй барилгаас орон сууц худалдан авахаар тохирч гэрээ байгуулсан, энэхүү гэрээ байгуулахыг хуулиар хориглоогүй, энэ тохиолдолд шүүгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзан гарах үндэслэл болохгүй” гэж дүгнэсэн нь үндэслэл бүхий байна.
Дээрхээс нэгтэн үзвэл илтгэгч гишүүний сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хүлээн авч, ... шүүгч Э-д холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзлээ.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1, 112.1.2, 112.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сахилгын хорооны гишүүний 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн ГС/2025/0006 дугаар “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай санал”-ыг хүлээн авч, ... ...шүүгч Э-д холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6 дахь хэсэгт зааснаар магадлал гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл мэдээлэл гаргагчийн оршин суугаа газрын, эсхүл ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл албаны ажилтнаар хүргүүлэхийг Ажлын албанд даалгасугай.
3. Магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сахилгын хороонд хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.
4. Дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох ба энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ Д.АРИУНТУЯА
ГИШҮҮН Ц.ДАВХАРБАЯР
Б.СУГАР