МОНГОЛ УЛС
ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО
МАГАДЛАЛ
2022-02-11
Дугаар 58
Улаанбаатар хот
Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Шүүхийн сахилгын хорооны хуралдааныг гишүүн С.Энхтөр даргалж, гишүүн Д.Эрдэнэчулуун, Д.Ариунтуяа нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Х.Хашбаатар, хуралдааны нарийн бичгийн дарга Г.Болортуяа нарыг оролцуулан тус хорооны хуралдааны танхимд хийв.
Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг гишүүн Х.Хашбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:
Сахилгын хорооны гишүүн Х.Хашбаатар 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналдаа: Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч В.Р-, Б.Л-, Э.М- нарт холбогдох ... дугаартай эрүүгийн хэргийг тус шүүх 2020 оны 11 сарын 09-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцээд ... шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн ... дугаартай цагаатгах тогтоолоор шүүгдэгч нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч нарыг цагаатгажээ. ...шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн ... дугаартай цагаатгах тогтоолын тодорхойлох хэсэгт Хохирогч Г.У-“...энэ хэрэг шийдэгдэхгүй 2 жил 9 сар болж байгаа гэж...” мэдүүлсэн боловч хэрэг учрал 2020 оны 2 дугаар сарын 18-ны өдрөөс 19-ны өдөр шилжих шөнө болсон байгааг болон шүүгдэгч нарт холбогдох хэрэг тус шүүхэд 2020 оны 11 дүгээр сарын 09-ны өдөр ирсэн бөгөөд яллагдагчийг шүүхэд шилжүүлж, шүүх хуралдааныг 12 дугаар сарын 18-ны өдөр яллагдагчийг шүүхэд шилжүүлж, шүүх хуралдааныг 12 дугаар сарын 25-ны өдрийн 9 цагт хийхээр товлож, шүүгдэгч, хохирогч нарын өмгөөлөгчийн хүсэлтээр тус бүр 3 удаа хойшлогдож, аймгийн хэмжээнд цар тахлын хатуу хөл хорио тогтоосон, шүүгч нар ковидоор өвчилсөн, тусгаарлалтад байсан, ээлжийн амралт авсан, шүүх бүрэлдэхүүн хүрэлцэхгүй болсон, оролцогч хүсэлт гаргасан зэрэг үндэслэлээр шүүх хуралдааны товыг өөрчлөн тогтоож байсан байдлуудыг тэмдэглэх нь зүйтэй гэж үзлээ” гэж дурьджээ. Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.3 дугаар зүйлийн 10.3-т “1.Энэ хуулийн 10.1, 10.2 дугаар зүйлд заасан үндэслэлээр шүүгчийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзан гарах тухай хүсэлтийг прокурор, оролцогч гаргаж болно” заасан байна. Сахилгын хэрэгт авагдсан баримтаас үзвэл, хохирогч талаас шүүгчийг татгалзан гаргах хүсэлтийг гаргаагүй байна. Харин шүүгдэгч нарын зүгээс гаргасан шүүгчийг татгалзан гаргах хүсэлт болон шүүгч Ч.М-гийн зүгээс гаргасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзан гарах хүсэлтүүдийг ... аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний тогтоолоор болон шүүхийн тогтоолоор тус тус хангахаас татгалзаж шийдвэрлэж байсан нь нотлогдож байна. Мөн иргэн Г.У-ын өргөдөл /гомдол/-дөө “... аймгийн сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С-, М-, Д- нар нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.26-д заасан “...шүүхийн шийдвэр гаргахтай холбоотой хуульд тодорхой заасан заасан хугацааг, эсхүл нэг удаа 60 хоногоос дээш хугацаагаар зөрчих...” гэсэн хориглох заалтыг зөрчсөн, шүүгч нар шүүх хуралдааныг хуралдуулахгүй хувийн шалтаг шалтгаан хэлж амралтаа авсан, шүүгч байхгүй гэх шалтгаанаар хурал хийхгүй үйлдэл нь Шүүгчийн ёс зүйн дүрмийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа нь шүүгчийн өөр бусад ажлаас ямагт илүү чухал гэдгийг ухамсарлаж, түүний эрхлэх бусад ажиллагаа, хувийн амьдрал нь мэргэжлийн үүрэгтэй нь зөрчилдөх нөхцөл байдал бий болохоос зайлсхийнэ...” гэснийг зөрчсөн гэж үзэж хэрэг шийдэгдэхгүй удаан хугацаанд шүүхийн процесс үргэлжилж байгаад шүүх бүрэлдэхүүнийг буруутгажээ. Сахилгын хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд шүүх хуралдааны тодорхой шалтгааны улмаас буюу хуульд заасан үндэслэлээр мөн коронавируст халдварын цар тахалын улмаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа удааширч, шүүх хуралдаан хойшилсон байх ба шүүх бүрэлдэхүүн хуульд заасан үндэслэл, журмын дагуу хуралдааныг хойшлуулж байжээ. Эрүүгийн хэрэг шийдэгдэхгүй, шүүхийн процесс үргэлжилж байсан нь тодорхой, илэрхий байх бөгөөд үүнд шүүхийг буруутгах үндэслэл хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна. Тухайлбал, шүүх хуралдаан коронавируст халдварын цар тахалтай холбоотойгоор-3 удаа, шүүгдэгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр -3 удаа, хохирогч, хохирогчийн өмгөөлөгчийн хүсэлтээр-3 удаа тус тус шүүх хойшилсон, мөн шүүгч ээлжийн амралтаа авсантай холбоотойгоор шүүх хурал хойшлоогүй бөгөөд ...шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2021 оны 6 дугаар сарын29-ний өдрийн 2021/ШЗТ/09, 2021 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн ... дугаар тогтоолоор тус тус шүүгч ээлжийн амралтаа авч байгаатай холбогдуулан үлдэгдэл хэргийг шилжүүлж хуваарилсан байх ба эдгээрийг шүүхийн ёс зүйн болон сахилгын зөрчил гэж үзэх, тодорхойлох боломжгүй, шүүгч болон шүүхээс шалтгаалан шүүх хуралдаан хойшилсон, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг удаашруулсан гэх үндэслэлгүй байна. Шүүх хуралдаан хойшлуулсан тогтоолыг Шүүхийн сахилгын хороо хянах, өөрчлөх, хүчингүй болгох, дүгнэх эрх хэмжээгүй ба шүүх бүрэлдэхүүн хуулиар олгосон бүрэн эрх гэж үзэхээр байна. ... аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч /одоо/ Н.Д-, ... аймгийн сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.С-, шүүгч Ч.М- нарт холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналтай гэжээ.
Шүүгч Д.С-, Н.Д-, Ч.М- нараас гаргасан тайлбартаа: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэгт холбогдсон шүүгдэгч В.Р-, Б.Л-, Э.М- нарт холбогдох эрүүгийн ... дугаартай хэргийн шүүх бүрэлдэхүүнд томилогдсон хугацаанаас хойш хийгдсэн ажиллагааг дэлгэрэнгүй тайлбарлав. Үүнд: Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.О, шүүгдэгч В.Р- /бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбоотой РСР шинжилгээний хариу шүүх хуралдаан товлосон хугацаанд гарч амжихгүйн улмаас орон нутаг руу зорчих боломжгүй/, хохирогчийн өмгөөлөгч О.Б / шүүх хуралдаан давхардсан/ нар хойшлуулах хүсэлтийг нотлох баримтын хамт ирүүлсний дагуу цаг үеийн нөхцөл байдал /коронавирус цар тахал Монгол улсад тархсантай холбоотой бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж, хорио цээрийн дэглэм тогтоосон бөгөөд хугацааг цаашид сунгах/-ыг харгалзан шүүх хуралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан. Орон даяар гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэг цуцлагдаж, өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжиж, хөдөлгөөний хязгаарлалт суларсан тул 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн ... дугаартай шүүгчийн захирамжаар оролцогч нарын саналыг харгалзан шүүх хуралдааныг 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 09 цагт товлосон. Шүүгдэгч В.Р-ийн өмгөөлөгч Д.О-ийн гаргасан "шүүгч нөлөөллийн мэдүүлэг хөтлөх тухай хуулийн зохицуулалтыг хэрэгжүүлэх, шүүх хуралдааныг хаалттай явуулах, хэвлэл, мэдээллийн хэрэгслээр худал мэдээлэл тарааж, үймээн самуун дэгдээж шүүхэд нөлөөлөх гэсэн үйлдлийг таслан зогсоож өгнө үү" гэх хүсэлтийг 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, мөн өдрийн ... дугаартай шүүгчийн захирамжаар хангахаас татгалзсан. Хохирогчийн өмгөөлөгч О.Б-, Ц.Э- нараас гаргасан гэрч нар оролцуулах тухай хүсэлтийг 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, мөн өдрийн ... дугаартай шүүгчийн захирамжаар хангаж, холбогдох гэрч нарт /6 гэрч/ шүүх хуралдааны товыг даруй хүргүүлж ажилласан. Шүүгдэгч В.Р-, Б.Л-, Э.М- нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд шүүх бүрэлдэхүүн 3, иргэдийн төлөөлөгч 1, улсын яллагч 2, хохирогч 1, түүний өмгөөлөгч 2, шүүгдэгч 3, тэдгээрийн өмгөөлөгч 4, гэрч 6 нийт 22 оролцогч оролцох бөгөөд "Хэвлэл мэдээллийн хэрэгслээр шүүх хуралдааныг мэдээлэх" журмын дагуу 2 хэвлэлийн байгууллага оролцохоор болсон. Мөн шүүх бүрэлдэхүүнд оролцох ... аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Д- ... аймгаас, шүүх хуралдаанд биечлэн оролцох хүсэлт гаргасан шүүгдэгч В.Р-ийн өмгөөлөгч Д.Одонтунгалаг, хохирогчийн өмгөөлөгч О.Б-, Ц.Э-, шүүгдэгч В.Р- нар Улаанбаатар хотоос тус тус ирж шүүх хуралдаанд оролцох тул орон даяар өндөржүүлэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн цаг үеийн нөхцөл байдал аймгийн онцгой комиссын шаардлагын дагуу халдвар хамгааллын дэглэм баримтлах үүднээс шүүх хуралдааныг аймгийн Иргэний танхимд зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангасан. 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 09 цагт товлосон шүүх хуралдаан дээр шүүгдэгч Э.М-ы өмгөөлөгч Б.Одбаяр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас тус шүүхийн шүүгчдийг татгалзан гаргах хүсэлт гаргасныг шүүгчдийн зөвлөгөөнөөр шийдвэрлэх тул шүүх хуралдааныг тухайн өдрийн 13 цаг хүртэл хойшлуулсан. Шүүгчдийн зөвлөгөөнөөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.1, 10.2 дугаар зүйлүүдэд заасан үндэслэл тогтоогдоогүй гэж үзэн өмгөөлөгч Б.Одбаярын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас шүүгчдийг татгалзан гаргах тухай хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн. 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 13 цагт товлогдсон шүүх хуралдаанд өмгөөлөгч Б.Одбаяр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохоос татгалзаж, шүүгдэгч Э.М- өөр өмгөөлөгч авах хүсэлт гаргасан тул шүүгдэгчийн өмгөөлүүлэх эрхийг хангаж, шүүх хуралдааныг 2021 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 09 цаг хүртэл хугацаагаар хойшлуулсан. Шүүгдэгч Э.М- 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр шүүхийн нийт шүүгч нараас татгалзах тухай хүсэлт ирүүлснийг хуульд заасан үндэслэл тогтоогдоогүй гэж нийт шүүгч нар үзсэн тул 2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн ... дугаартай шүүгчдийн зөвлөгөөний тогтоолоор хангахаас татгалзаж шийдвэрлэсэн. Шүүгдэгч В.Р-ийн өмгөөлөгч Д.Одонтунгалаг, хохирогчийн
өмгөөлөгч О.Б-, Ц.Э- нарын зүгээс Улаанбаатар хотоос орон
нутаг руу зорчих хөдөлгөөнийг бүрэн зогсоосны улмаас шүүх хуралдаанд оролцох
боломжгүй болж, хойшлуулах хүсэлт ирүүлсэн бөгөөд ... аймгийн Засаг
даргын 2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн А/143 дугаартай захирамжаар 2021
оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 06:00 цагаас 2021 оны 04 дүгээр сарын 25-ны
өдрийн 00:00 цаг хүртэл орох, гарах хөдөлгөөнийг бүрэн хаасан тул 2021 оны 04
дүгээр сарын 14-ний өдрийн ... дугаартай шүүгчийн захирамжаар шүүх
хуралдааны товыг 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 09 цаг хүртэл өөрчлөн
тогтоосон. ... аймагт халдвар илэрсэнтэй холбоотой тогтоосон хөл хориог 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн А/215 дугаартай Засаг даргын захирамжаар 2021 оны 05 дугаар сарын 16-ны өдрөөс 2021 оны 05 дугаар сарын 22-ны өдөр хүртэл сунгаж, 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн А/227 дугаартай Засаг даргын захирамжаар 2021 оны 05 дугаар сарын 23-ны өдрөөс 06 дугаар сарын 02-ны өдөр хүртэл өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж, төрийн байгууллагуудыг 30 хүртэл хувиар ажиллуулахаар тогтоосон, 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн А/238 дугаартай Засаг даргын захирамжаар өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацааг 2021 оны 06 дугаар сарын 02-ны 06:00 цагаас 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 06:00 цаг хүртэл сунгасан. Дээрх нөхцөл байдалтай холбоотойгоор шүүх хуралдааны товыг өөрчлөн тогтоох болсон талаар шүүгчийн туслах Ч.Энхтуяа хэргийн оролцогч нарт мэдэгдэж, шүүх хуралдааны товын талаар саналыг утсаар авч, өмгөөлөгч нарын саналыг харгалзан шүүх хуралдааны товыг 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 09:00 цаг хүртэл 2021 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 2021/ШЗ/105 дугаартай шүүгчийн захирамжаар өөрчлөн тогтоосон. Шүүгч М- 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдөр коронавирусын халдвар авч, эмнэлэгт хэвтэж эмчилгээнд орсон бөгөөд тухайн үед аймгийн Онцгой байдлаас гаргасан шийдвэрийн дагуу эмнэлгээс гаргаад гэртээ 14 хоног тусгаарлалтанд байх чиглэлийг өрхийн эмнэлэг болон бусад холбогдох байгууллагаас өгсөний дагуу шүүх хуралд оролцох боломжгүй болсон мөн Ерөнхий шүүгч Д.С- коронавирусын халдвартай хүний ойрын хавьтал болж тусгаарлалтад орсон тул 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 09:00 цагт товлогдсон шүүх хуралдаан орох боломжгүй болж, энэ талаар шүүгчийн туслах Ч.Энхтуяа хэргийн оролцогч нарт утсаар мэдэгдэж, шүүх хуралдааны товыг жич товлохоор товыг 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 2021/ШЗ/148 дугаартай шүүгчийн захирамжаар өөрчилсөн. Ерөнхий шүүгч Д.С- 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс
ээлжийн амралтаа авахтай холбоотой, 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн
2021/ШЗТ/09 дугаартай шүүгчийн зөвлөгөөний тогтоолоор үлдэгдэл хэргүүдийг
ажиллаж байгаа шүүгч нарт хуваарилсан. Нэгдсэн системээс уг хэрэг шүүгч
Г.М хуваарилагдаж, шүүгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас
татгалзан гарах хүсэлт гаргасныг 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн
2021/ЕШЗ/125 дугаартай Ерөнхий шүүгчийн захирамжаар хангаж шийдвэрлэсний дагуу шүүгдэгч В.Р-, Б.Л-, Э.М- нарт холбогдох эрүүгийн хэрэг 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдөр шүүгч Ч.М-д хуваарилагдсан бөгөөд, 2021 оны 7 сарын 5-нд тусгаарлалтын хугацаа дуусаж ажилдаа орсон болно. Дээрх хэргийг хүлээж аваад 7 сард наадамтай холбоотой бүх нийтийн амралтын өдөр олон тохиолдсон тус шүүхийн 2 шүүгч ээлжийн амралтаа авч шүүгч Ч.М- шүүхэд ганцаараа ажилласан тул 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 2021/ШЗ/179 дугаартай шүүгчийн захирамжаар 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 10:00 цагт шүүх хуралдааныг товыг тогтоож, Баянхонгор болон Завхан аймгийн анхан шатны шүүхүүдээс шүүгч томилуулахаар давж заалдах шатны шүүхүүдэд албан бичиг хүргүүлсэн боловч Баянхонгор аймгийн давж заалдах шатны шүүгч нар ээлжийн амралтаа авсан тул шүүгч томилох боломжгүй, ... аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх болон ... сум дахь сум дундын шүүхийн шүүгч нар тодорхой шалтгааны улмаас шүүх бүрэлдэхүүнд томилогдох боломжгүй гэсэн хариу ирүүлсэн. Иймд 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 10:00 цагт товлогдсон шүүх хуралдааныг шүүх бүрэлдэхүүн хүрэлцэхгүй үндэслэлээр тодорхойгүй хугацаагаар товыг жич тогтоохоор хойшлуулсан. Учир нь хэрэг хянан шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүн бусад аймгуудаас олдохгүй ихэнхи шүүгч нар амралтаа авсан бусад шүүхүүдэд 1 шүүгч ажиллаж байгаа тул тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан болно. Шүүгч Д.С- 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр ээлжийн амралт дуусаж ажилдаа орсон, шүүгч Ч.М- ээлжийн амралтаа авч байгаатай холбоотойгоор 2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 2021/ШЗТ/10 дугаартай шүүгчдийн зөвлөгөөний тогтоолын дагуу шүүгдэгч В.Р-, Б.Л-, Э.М- нарт холбогдох эрүүгийн ... дугаартай хэргийг шүүгч Д.С- 2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авсан. Хэрэг хүлээж авсан өдрийн орой шүүгч Д.С-гийн шинжилгээний хариу эерэг гарч /шинжилгээний хариу, эмнэлгийн хуудсыг хавсаргав/, 9 дүгээр сарын 18-ны өдөр эмнэлэгт хэвтэж, 9 дүгээр сарын 30-нд эмнэлгээс гарч, гэрийн ажиглалтад эмчилгээ хийлгэж байгаад 10 дугаар сарын 08-ны өдөр "Нийт шүүгчдийн чуулган"-д оролцохоор Улаанбаатар хот руу явж, мөн Монгол Японы хамтарсан эмнэлэгт үзүүлж 10 дугаар сарын 15-ны өдөр ажилдаа ирсэн бөгөөд 10 дугаар сарын 19-ний өдрийн 2021/ШЗ/240 дугаартай захирамжаар шүүгдэгч В.Р-, Б.Л-, Э.М- нарт холбогдох эрүүгийн ... дугаартай хэргийг 11 дүгээр сарын 10-ны өдрийн 09 цагаас хянан хэлэлцэхээр товлосон бөгөөд шүүх хуралдааны товыг шүүгчийн туслах Ч.Э оролцогч нарт мэдэгдэх үед хохирогч Г.У-ын өмгөөлөгч О.Б-, Ц.Э- нарын хүсэлт гаргасныг хангаж, 11 дүгээр сарын 03-ны өдрийн 2021/ШЗ/252 дугаартай шүүгчийн захирамжаар шүүгдэгч нарт холбогдох хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааны товыг 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 09 цагаас хянан хэлэлцэхээр өөрчлөн тогтоосны дагуу тус хэргийг хянан хэлэлцэж шийдвэрлэсэн болно. Шүүхээс 2021/ШЦТ/118 дугаартай тогтоол гарсан бөгөөд уг цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Г.Ундрам, түүний өмгөөлөгч О.Б-, Ц.Э- нар гомдол гаргасныг оролцогч нарт танилцуулан хууль заасны дагуу шүүгдэгч В.Р-, Б.Л-, Ц.Э- нарт холбогдох эрүүгийн хэргийг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 09 дугаартай албан бичгээр хүргүүлсэн болно. Шүүгдэгч В.Р- нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэхэд коронавирус цар тахал ковид-19 тархсантай холбоотойгоор Монгол Улс төдийгүй олон улс даяар гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн болон ... аймагт 2021 оны 4 дүгээр сард ковид илэрч, хатуу хөл хорио тогтоож байсантай холбоотойгоор хуульд заасан үндэслэл журмын дагуу оролцогч нарын хүсэлтээр шүүх хуралдааныг хойшлуулж, товыг өөрчилж байсан болно” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Иргэн Г.У-аас 2019 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр гаргасан өргөдлийг Шүүхийн сахилгын хорооны 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 05 дугаар зөвлөгөөний тогтоолоор баталсан өргөдөл хуваарилах журмын дагуу 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Шүүхийн сахилгын хорооны гишүүн Х.Хашбаатар хүлээн авч, 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 92 дугаар захирамжаар ...шүүхийн Ерөнхий шүүгч Д.С-, шүүгч Ч.М-, Завхан аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Д- нарт холбогдуулан сахилгын хэрэг үүсгэж, шалгах ажиллагаа явуулжээ.
Шүүгч Д.С-, Ч.М-, Н.Д- нарт холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг тус хорооны гишүүн Х.Хашбаатараас гаргасныг үндэслэлтэй гэж үзэв.
Иргэн Г.У дээрх шүүгч нарт холбогдуулан хэргийг хуульд заасан хугацаанд шийдвэрлэлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг удаашруулсан гэх агуулгаар өргөдөл гаргажээ.
... аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн В.Р-, Б.Л-, Э.М- нарт холбогдох 2016000440271 дугаартай эрүүгийн хэргийг ...шүүх 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссоос гаргасан шийдвэрийн дагуу яллагдагчийн шүүхэд шилжүүлэх, шүүх хуралдаан зарлах боломжгүй байгаа тул яллагдагч В.Р-, Б.Л-, Э.М- нарыг шүүхэд шилжүүлэх хугацааг 30 хоногоор сунгасан болох нь тус шүүхийн Ерөнхий шүүгчийн 2020 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 2020/ЕШЗ/174 дүгээр захирамжаар тогтоогдож байна.
Тус шүүхийн Ерөнхий шүүгч Д.С- нь 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр дээрх хэргийг бүрэлдэхүүнээр шийдвэрлэх санал гаргаж, мөн өдрийн 2020/ЕШЗ/186 дугаар Ерөнхий шүүгчийн захирамжаар уг хэргийг 3 шүүгчийн бүрэлдэхүүнтэйгээр хянан шийдвэрлэхээр тогтжээ.
Улмаар тус шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 2020/ШЗ/249 дүгээр шүүгчийн захирамжаар яллагдагч В.Р-, Б.Л-, Э.М- нарыг шүүхэд шилжүүлж, хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 09 цаг 00 минутад товлож, тус шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 2020/ЕШЗ/192 дугаар ерөнхий шүүгчийн захирамжаар дээрх эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх бүрэлдэхүүнд тус шүүхийн Ерөнхий шүүгч Д.С-, шүүгч Ч.М-, ... аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Д- нарыг томилсон байна.
Ийнхүү товлосон шүүх хуралдаанд шүүгдэгч В.Р-ийн өмгөөлөгч Д.Одонтунгалаг, хохирогчийн өмгөөлөгч О.Б- нараас шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт ирүүлж, уг хугацаанд Монгол Улсад Ковид-19 цар тахал дотооддоо тархсантай холбоотойгоор бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн тул тус шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 2021/ШТ/04 тогтоолоор шүүх хуралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлуулжээ.
Улмаар тус шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 2021/ШЗ/49 дүгээр захирамжаар шүүх хуралдааныг 2021 оны 3 дугаар сарын 17-ны өдөр товложээ. Шүүгдэгч Э.М-ы өмгөөлөгч Б.нь тухайн хэргийг шийдвэрлэж буй шүүгчдээс татгалзах хүсэлт гаргаж, уг хүсэлтийг 2021 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 2021/ШЗТ/04 дүгээр зөвлөгөөний тогтоолоор хангахаас татгалзсан байна. Уг өдрийн шүүх хуралдаанд шүүгдэгч Э.М- өмгөөлөгчөөсөө татгалзаж, өөр өмгөөлөгч авах хүсэлт гаргаж уг хүсэлтийг хангаж, корона вирус цар тахал дотоодод нэмэгдэж байгаа үеийн нөхцөл байдлыг харгалзан шүүх хуралдааныг 2021 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 09 цаг 00 минут хүртэл хойшлуулахаар тус шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 2021/ШТ/12 дугаар тогтоол гарчээ.
Мөн шүүгдэгч Э.М- нь тухайн хэргийг шийдвэрлэж буй шүүгчдээс татгалзах хүсэлтийг 2021 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр гаргаж, уг хүсэлтийг 2021 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 2021/ШЗТ/06 дугаар зөвлөгөөний тогтоолоор хангахаас татгалзсан байна.
Тус шүүхийн 2021 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 2021/ШЗ/86 дугаар шүүгчийн захирамжаар тус өдөр зарласан шүүх хуралдааныг Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн 91 дүгээр тогтоолоор гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж, тус аймгийн Засаг даргын 2021 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн А/143 дугаар захирамжаар орох, гарах хөдөлгөөний хааж, хурал цуглаан хийж, албан томилолтоор явахыг хориглосон тул бүрэлдэхүүнд оролцох шүүгч хуралдаанд оролцох боломжгүй болсон шалтгаанаар 2021 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 09 цаг 00 минут хүртэл хугацаагаар хойшлуулжээ.
... аймгийн Засаг даргын 2021 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн А/215 дугаартай захирамжаар 2021 оны 5 дугаар сарын 22-ны өдрийг дуустал хугацаанд хөл хорио тогтоож, нэн шаардлагатайгаас бусад орох, гарах хөдөлгөөнийг хязгаарлах, хорио цээрийн дэглэм тогтоожээ. Дээрх нөхцөл байдлын улмаас шүүх хуралдааныг 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 09 цаг 00 минутад хэлэлцэхээр товыг тус шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 2021/ШЗ/105 дугаар шүүгчийн захирамжаар өөрчлөн тогтоосон байна.
Тус шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 2021/ШЗТ/09 дүгээр шүүгчдийн зөвлөгөөний тогтоолоор Ерөнхий шүүгч Д.С- 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс ээлжийн амралтаа авч байгаа тул дээрх хэргийг хуваарилахыг мэдээлэл лавлагааны мэргэжилтэнд даалгаж, мөн өдрийн 2021/ШЗТ/10 дугаар зөвлөгөөний тогтоолоор уг хэрэг шүүгч Г.М-д хуваарилагджээ.
Шүүгч Г.М нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзсан тул түүний хүсэлтийг хангаж, шүүгч Ч.М-г тус хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдааны даргалагчаар томилсон болох нь тус шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 2021/ЕШЗ/126 дугаар Ерөнхий шүүгчийн захирамжаар тогтоогдож байна.
2021 оны 6 дугаар сарын 30-ны өдөр хэлэлцэх шүүх хуралдааныг шүүх бүрэлдэхүүнгүй үндэслэлээр тус шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 2021/ШЗ/148 дугаартай шүүгчийн захирамжаар тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан байх бөгөөд энэ хугацаанд тус шүүхийн Ерөнхий шүүгч Д.С-, Г.М нар нь ээлжийн амралтаа авсан болох нь Говь-Алтай аймаг дахь шүүхийн Тамгын газрын даргын 2021 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн А/14 дүгээр тушаал, түүний хавсралтаар тогтоогдож байна.
Шүүгч Ч.М- нь 2021 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 2021/ШЗ/179 дугаартай шүүгчийн захирамжаар дээрх хэргийн шүүх хуралдааныг 2021 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 10 цаг 00 минутад товложээ.
Улмаар тус шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 201, 202 дугаар албан бичгээр ... болон ... аймгийн Эрүү, иргэний давж заалдах шатны шүүхэд хандаж шүүгч томилуулах хүсэлтийг гаргасан боловч Завхан аймгийн Эрүү, иргэний давж заалдах шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 01/55 дугаар, Баянхонгор аймаг дахь Эрүү, иргэний давж заалдах шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 314 дүгээр албан бичгээр шүүгч томилох боломжгүй талаар хариу ирүүлжээ. Иймээс шүүгч Ч.М- 2021 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 2021/ШЗ/210 дугаартай шүүгчийн захирамжаар дээрх эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан байна.
Ерөнхий шүүгч Д.С-гийн ээлжийн амралт 2021 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр дуусч, шүүгч Ч.М-гийн ээлжийн амралт эхэлсэнтэй холбогдуулан тус шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2021 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 2021/ШЗТ/10 дугаар тогтоолоор уг хэргийг Ерөнхий шүүгч Д.С-д хуваарилсан байна.
Шүүгч Д.С-гаас 2021 оны 9 дүгээр сарын 17-ны орой ковид 19 халдвар авсан болохоо тайлбарласан бөгөөд тэрээр 2021 оны 9 дүгээр сарын 18-ны өдрөөс 30-ны өдрийн хооронд өвчтэй байсан болох нь сахилгын хэрэгт авагдсан 1537927 дугаар эмнэлгийн хуудсаар тогтоогдож байна.
Ингээд тус шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 2021/ШЗ/240 дугаартай шүүгчийн захирамжаар дээрх эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 09 цаг 00 минутад хянан хэлэлцэхээр товлосон боловч шүүгчийн туслах Ч.Энхтуяа оролцогч нарт хуралдааны товыг мэдэгдэх үед хохирогч Г.Ундрамын өмгөөлөгч О.Б-, Ц.Э- нараас хуралдааныг өөр өдөр товлохыг хүссэн байна. Хэргийн оролцогчдын саналыг харгалзан 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 2021/ШЗ/252 дугаартай шүүгчийн захирамжаар шүүгдэгч нарт холбогдох хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааны товыг 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 09 цаг 00 минутад хэлэлцэхээр өөрчилжээ. Ингээд тус шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 2021/ШЦТ/118 дугаар шүүхийн цагаатгах тогтоол гаргажээ.
Сахилгын хэрэгт авагдсан дээрх баримтуудаас үзэхэд дээрх эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаан хэргийн оролцогчийн хүсэлт, корона вируст халдварын цар тахалтай холбоотой болон хэргийг хянан шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүн хүрэлцэхгүй байгаа зэрэг хүндэтгэн үзэх шалтгааны улмаас удаа дараа хойшлуулж байжээ. Үүнд нэр бүхий шүүгч нарыг буруутгах үндэслэлгүй бөгөөд хуулийн илт тодорхой заалтыг ноцтой зөрчсөн гэж үзэхгүй.
Шүүгч Д.С-, Ч.М-, Н.Д- нар нь өөрийн эрх хэмжээний хүрээнд холбогдох ажиллагааг явуулсан нь Монголын хуульчдын холбооны шүүгчдийн хорооны удирдах зөвлөлийн 2014 оны оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 1/08 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан Монгол Улсын шүүхийн шүүгчийн ёс зүйн дүрэм болон Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт заасан хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон зохицуулалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Дээр дурдсан үндэслэлээр сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хүлээн авч, сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1, 112.1.2, 112.6, 112.8 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. ...шүүхийн Ерөнхий шүүгч Д.С-, шүүгч Ч.М-, ... аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Д- нарт холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай саналыг хүлээн авч, түүнд холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6 дахь хэсэгт зааснаар магадлал гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл, мэдээлэл гаргагчийн оршин суугаа газрын эсхүл ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл ажлын албаны ажилтнаар хүргүүлэхийг ажлын албанд даалгасугай.
3. Магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сахилгын хороонд хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.
4. Дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох ба энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ С.ЭНХТӨР
ГИШҮҮД Д.ЭРДЭНЭЧУЛУУН
Д.АРИУНТУЯА