
МОНГОЛ УЛС
ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО
МАГАДЛАЛ
2025-01-09
Дугаар 10
Улаанбаатар хот

Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Шүүхийн сахилгын хорооны хуралдааныг гишүүн Д.Мягмарцэрэн даргалж, гишүүн Ц.Давхарбаяр, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Б.Сугар, хуралдааны нарийн бичгийн дарга Г.Болортуяа, холбогдох шүүгч С.О /цахимаар/, ажиглагчаар өргөдөл гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Н нарыг оролцуулан тус хорооны хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
... хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.О-т холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн ГС/2024/0127 дугаартай саналыг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Сахилгын хорооны гишүүний ГС/2024/0127 дугаартай “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай саналдаа:
“ ... Өргөдөлд дурдагдаж буй захиргааны хэрэг нь төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагаатай холбоотой маргаан байх бөгөөд энэ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 112 дугаар зааснаар тусгай журмаар шийдвэрлэх маргааны төрөлд хамаарах тул мөн хуулийн 112 дугаар хуулийн 112.7-д нэхэмжлэлийг хариуцагч гардан авснаас хойш долоо хоногийн дотор хариу тайлбар болон нотлох баримтаа шүүхэд ирүүлэхээр зохицуулсан байна.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагын талаар мэдсэн, гардаж авсан байх бөгөөд маргаан бүхий захиргааны хэрэгт авагдсан баримттай танилцсан нь холбогдох баримтад гарын үсгээ зурснаар тогтоогдож байна.
Хуульд заасан хугацаанд нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагад бичгээр тайлбар гаргах, шаардсан нотлох баримтыг гаргаж өгөх нь хариуцагчид хүлээлгэсэн үүрэг байх бөгөөд нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагад хариу тайлбар гаргах эрх нь нээлттэй тул тухайн үйл баримтаар шүүгчийг буруутгах үндэслэлгүй.
Сахилгын хэргийн шалгах ажиллагааны явцад .../2024/0009/З индексийн дугаартай 5 хавтас захиргааны хэрэгт үзлэг хийхэд тус хэргийн 2 дугаар хавтасны 1-32 дугаар нүүрт “Т” ХК болон “М” ХХК-ийн хооронд байгуулсан 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн .../2024/... тоот “....тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайн багц-2 хэсэгт хөрс хуулалт, нүүрс олборлолтын ажил гүйцэтгэх гэрээ” авагдсан болохыг үзлэгийн тэмдэглэлээр бэхжүүлж авсан болно.
Мөн сахилгын хэрэгт авагдсан баримт болох 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдааны тэмдэглэлд /с.х-ийн .... дэх талд/ тусгагдсан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Н-н “... Сангийн сайдын бичиг ирсэн учраас “Т” ХК нь “М” ХХК-тай хууль тогтоомжийн дагуу 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдөр гэрээ байгуулсан. Гуравдугаарт гэрээ байгуулснаас хойш 885 700 куб метрийн уулын төлөвлөлт буюу хөрс хуулалтын ажил хийсэн байдаг...” гэх, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Х /с.х-ийн .... дэх талд/ “... “Т” ХК нь “М” ХХК-тай 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдөр гэрээг байгуулан, хамтран ажиллаж байгаа..., ... энэ ажил хэвийн үргэлжлээд нийтдээ 06 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл хугацаагаар тооцож үзэхэд ... төгрөгийн ажил гүйцэтгэчихсэн байна..., ... энэ гэрээний хуваарь болон төлөвлөгөөний дагуу ажил хэвийн гүйцэтгэж байгаа...” хэмээн тус тус тэмдэглэлд тусгагдсан зэргээс үзвэл 2024 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдаан болох үед тус захиргааны хэрэгт “Т” ХК болон “М” ХХК-ийн хооронд 2024 оны 6 дугаар сарын 04-ний өдөр байгуулагдсан гэрээ авагдсан байсан бөгөөд талууд хэн аль нь энэ талаар мэдэж байсан түүнчлэн, үүнтэй маргаагүй нь тогтоогдож байна.
Холбогдох шүүгч С.О-н даргалан явуулсан 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой асуудлыг хэлэлцээгүй, харин нэхэмжлэгчээс гаргасан захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх хүсэлтийг хэлэлцэн шийдвэрлэсэн байна.
Ингэхдээ хэргийн оролцогчдын мэтгэлцэх эрхийг хангаж, талуудын гаргасан хүсэлт, тайлбар, үндэслэлийн хүрээнд шийдвэрлэн “Хүсэлт шийдвэрлэж, шүүх хуралдааныг товлон зарлах тухай” .../ШЗ2024/0083 дугаар шүүгчийн захирамжийг гаргасан байх бөгөөд энэ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.4-т заасан нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсанаас бусад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргах шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргахгүй гэж заасанд нийцсэн байна.
Тодруулбал, .../ШЗ2024/0083 дугаар захирамжид өөрчлөлт оруулахыг хүссэн хариуцагч талын хүсэлтийг шүүх хүлээн авч хянаад, тухайн шүүхийн Ерөнхий шүүгч Ч.Б 2024 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн “Хүсэлт шийдвэрлэх тухай” .../ШЗ2024/0094 дүгээр захирамжаар хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэжээ.
“Т” ХХК-наас “Т” ХК, “Т” ХК-ийн тендерийн Үнэлгээний хороонд холбогдуулан гаргасан нэхэмжлэлтэй захиргааны хэргийг ... Захиргааны хэргийн анхан шатны шүүх хянан хэлэлцэж, 2024 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн .../ШШ2024/0014 шүүхийн шийдвэрээр шийдвэрлэсэн байна.
Хариуцагч болон гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хүлээн авч 2024 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн ““Т” ХХК-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай” 221/МА2024/0626 дугаар магадлалаар ... Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн .../ШШ2024/0014 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээн шийдвэрлэж, улмаар хариуцагч болон гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гаргасан гомдлыг 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн хуралдаанаар хэлэлцэж, хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэсэн байна.
Ийнхүү хуульд заасан журмын дагуу хуулиар эрх олгогдсон дээд шатны шүүхүүд хянан хэлэлцэж шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон үйл баримтыг нэгтгэн дүгнэхэд холбогдох шүүгч өргөдөлд дурдагдаж буй захирамжийг гаргахдаа захирамж хууль ёсны үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэх гомдлын үндэслэл үгүйсгэгдэж байна.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.2-д “шүүх хуралдаан даргалагчийн дарааллыг тогтоох”, 19.2.5-д “энэ хуулийн 19.3-т заасан нөхцөл, шаардлага болон энэ хуулийн 20.2.4-т заасан нийтлэг журамд үндэслэн хэрэг, нэхэмжлэл, гомдол, хүсэлт хүлээн авах, хуваарилах болон хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг сугалаагаар томилох нарийвчилсан журмыг батлах” гэж тус тус заасан.
Хуулийн дээрх зохицуулалтад нийцүүлэн тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 02 дугаар тогтоолын хавсралтаар баталсан журмын “... 4.2. Шүүгч удаан хугацаагаар өвчтэй, чөлөөтэй, хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар албан үүргээ хэрэгжүүлэхгүй байгаа тохиолдолд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд байгаа хэрэг, нэхэмжлэл, хүсэлтийг Шүүгчдийн зөвлөгөөний тогтоолоор тойрог /сугалаагаар/ дотор санамсаргүй аргаар өөр шүүгчид шилжүүлэх, тухайн шүүгчийг ажилдаа орсон эхний өдөр буцаан шилжүүлнэ”, 4.2.Журмын 4.2-т зааснаар хэргийг шилжүүлж авсан шүүгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг үргэлжлүүлэн явуулна... ” гэж тус тус заасны дагуу 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн .../ЗТ2024/0020 дугаар “Хэрэг шилжүүлэх тухай” тогтоолоор шүүгч С.О-т 2 хэрэг шилжүүлсэн байна.
Уг нарийвчилсан журмын дагуу даргалагчаар томилогдсон нь холбогдох хууль тогтоомжийг зөрчөөгүй байх тул бусад шүүгчийн шүүн таслах үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцсон гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байх бөгөөд энэ нь шүүгчийн үйл ажиллагаанд хориглох сахилгын зөрчилд хамаарахгүй.
Тодруулбал ... Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ч.Б нь хүндэтгэн үзэх шалтгааны улмаас чөлөө авсан байх тул түүний хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байгаа “Т” ХХК-ийн “Т” ХК, “Т” ХК-ийн Тендерийн үнэлгээний хороонд холбогдох захиргааны хэргийг 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн шүүгч С.О-т шилжүүлэх тухай тус шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн .../ЗТ2021/0020 дугаар “Хэрэг шилжүүлэх тухай” тогтоол тухайн захиргааны хэргийн 2 дугаар хавтас 44 дэх талд авагдсан байгааг сахилгын хэрэг хянан шалгах ажиллагааны явцад хийсэн үзлэгээр баримтжуулж сахилгын хэрэгт нотлох баримтын шаардлага ханган авсан болно.
Дээрхээс үзвэл шүүгч С.О нь бусад шүүгчийн шүүн таслах үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцсон, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хууль бусаар томилогдсон гэх гомдол үндэслэлгүй.
Иймд ... хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.О-т холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргаж, сахилгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэв” гэжээ.
Шүүгч С.О Шүүхийн сахилгын хороонд гаргасан тайлбартаа:
“ ... Т” ХХК-ийн нэхэмжлэлтэй, "Т" ХК болон тус компанийн тендерийн Үнэлгээний хороонд холбогдох захиргааны хэрэгт нэхэмжлэгч талаас гаргасан “Захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх, нотлох баримт гаргуулах тухай” хүсэлтийг шүүгч миний бие шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг /өмнө нь товлогдсон байсан/-ээр уг хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарыг оролцуулан хэлэлцэж, шүүгчийн 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн .../Ш32024/0083 дугаар захирамжаар “нотлох баримт гаргуулах” хүсэлтийг хэрэгсэхгүй болгож, “захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх” хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн, улмаар дээрх захиргааны хэрэг анхан шатны журмаар манай шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн .../ШШ2024/0014 дүгээр шийдвэрээр шийдвэрлэгдсэн ба уг шийдвэр давж заалдах шатны шүүхэд хэргийн оролцогчийн хүсэлтээр хянагдаж тухайн шийдвэрийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс хэвээр үлдээн шийдвэрлэгджээ.
"Т" ХК-ийн гүйцэтгэх захирал Ч.Г-с гаргасан гомдлыг дараах байдлаар үндэслэлгүй гэж үзэж байна. Үүнд:
1. Гомдлоо "...нэхэмжлэлийг хуульд заасны дагуу Ч.Б шүүгчид хуваарилсан байхад, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад урьдчилсан хэлэлцүүлгийг С.О шүүгч даргалж оролцсон байгаа нь шүүгчийн шүүн таслах ажиллагаанд хөндлөнгөөс оролцож, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан..." гэжээ.
... Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчдийн зөвлөгөөнөөр Ерөнхий шүүгч Ч.Б-н "бэрийнх нь аав нас барсан тул өөр орон нутагт болох ажил явдалд нь очиж оролцох, Солонгос Улсад эрүүл мэндээ оношлуулах шинжилгээ хийлгэх" шалтгаанаар ажлаас чөлөө авах тухай хүсэлтийг хэлэлцээд 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн .../Ш32024/0019 дүгээр тогтоолоор түүнд 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс мөн оны 07 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл чөлөө олгохоор,
Харин Ч.Б шүүгчид хуваарилагдан ажиллагаа явуулж байсан хэргээс урьдчилан хэлэлцүүлэг товлогдсон байсан 2 хэргийг .../Ш32024/0020 дугаар тогтоолоор Шүүгчдийн Зөвлөгөөнөөс оны эхэнд баталсан “...хэрэг хуваарилах журам”-ын “Дөрөв”-ийн 4.2, 4.3-т заасны дагуу шүүгч С.О-т шилжүүлэхээр тус тус шийдвэрлэсэн.
Тус шүүх нь ерөнхий шүүгч-1, шүүгч-2, нийт 3 шүүгчтэй бөгөөд тус шүүхийн Шүүгчдийн зөвлөгөөний 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн .../Ш32024/0017 дугаар тогтоолоор шүүгч М.Ц нь ээжийгээ асрах шалтгааны улмаас 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдрөөс мөн оны 07 дугаар сарын 12-ыг дуустал нэг сарын хугацаагаар чөлөө авсан, чөлөөний хугацаатай байсан учир тухайн үед дээрх 2 хэргийг шилжүүлж авах шүүгч надаас өөр байгаагүй.
Энэ хоёр хэргийн нэг хэрэг нь "Т" ХХК-ийн нэхэмжлэлтэй, “Т” ХК, “Т” ХК-ийн тендерийн Үнэлгээний хороонд холбогдох захиргааны хэрэг юм.
Иймд миний бие нь Шүүгчдийн зөвлөгөөний тогтоолоор хэргийг хүлээн авч урьдчилсан хэлэлцүүлгийг даргалсан тул шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд хөндлөнгөөс оролцсон зөрчил гаргаагүй.
Энэ нь тус шүүхийн Шүүгчдийн зөвлөгөөний тэмдэглэл болон Тогтоол, тус шүүхийн шүүх хуралдааны товын баримт, шүүгчийн захирамж зэрэг баримтаар нотлогдоно.
Энэ нь “урьдчилсан хэлэлцүүлгийг даргалж оролцохтой холбоотой ямарваа нэгэн шийдвэр, тогтоол үүнтэй холбоотой баримт огт байхгүй” гэсэн гомдол гаргагчийн гомдол үндэслэлгүйг давхар нотолж байгаа юм.
Мөн энэ хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг өмнө нь 2 удаа хойшлогдсон байдаг. Иймд 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдөр явагдсан урьдчилсан хэлэлцүүлгийг шүүгч миний бие удирдан явуулсан нь хэргийн оролцогч нарт шүүгч өөрчлөгдөж байгааг мэдээгүй гэх боломжгүй билээ.
П.Н нь хариуцагч "Т" ХК-ийг төлөөлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо хэргийн оролцогчийн хуульд заасан бүх эрхийг эдлэх эрхтэй болох нь хариуцагчийн 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 1/636 дугаартай албан бичгээр,
шүүхээс итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Н-д 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдөр танилцуулсан нь эрх үүрэг тайлбарласан баримтаар, мөн энэ хэлэлцүүлэгт хариуцагчийн өмгөөлөгч Ц.Х /цахимаар/, П.Н биечлэн оролцсон нь шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн тэмдэглэл, шүүгчийн захирамжаар тус тус нотлогдоно.
Итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Н , түүний өмгөөлөгч нарт шүүгч өөрчлөгдсөнтэй холбоотойгоор шүүгчийг татгалзан гаргах, эсхүл шүүгч өөрчлөгдсөн үндэслэл, шийдвэрийг тодруулж хуульд заасан эрхээ хэрэгжүүлэх боломж нь байсан боловч тэднээс хэн нь ч хүсэлт гаргаагүй болно.
Иймд гомдол гаргагчийн "...хэргийн оролцогчид, түүний төлөөлөгч, өмгөөлөгчид ямар үндэслэл, шалтгааны улмаас даргалагч шүүгч солигдсонтой холбоотой шийдвэр, албажуулсан баримтыг танилцуулаагүй, шүүгч С.О нь тус хэргийг хянан шийдвэрлэхээр хуульд заасны дагуу томилогдоогүй байх тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан гэж үзэхээр байна" гэсэн гомдол үндэслэлгүй.
2. Шүүх урьдчилсан хэлэлцүүлгийн 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн .../ТМ2024/0021 дугаартай тэмдэглэл /Захиргааны хэргийн бүртгэл, хяналтын нэгдсэн системээс хэвлэн авч хавсаргав, эх хувь нь захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд байгаа/-д “...даргалагчийн талууд хүсэлттэй танилцсан уу" гэсэн асуултад итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Н "Бүрэн гүйцэт танилцаагүй", хариуцагчийн өмгөөлөгч Ц.Х "Танилцсан" гэж хариулсан нь тусгагдсан байна.
Гомдолдоо "Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг эхлэхээс өмнө хариуцагчийн төлөөлөгчид хэргийн материалтай танилцахад нэхэмжлэгч "Т" ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, тодруулах тухай нэхэмжлэлдээ улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй байсан" гэжээ.
Эдгээрийг харьцуулж үзвэл, хариуцагч тал урьдчилсан хэлэлцүүлгээс өмнө хэргийн материалтай танилцсан нь, түүнчлэн урьдчилсан хэлэлцүүлэгт нэмэгдүүлсэн шаардлагын талаар ямар нэгэн хүсэлт гаргаагүй болох нь нотлогдож байна.
Мөн хариуцагчийн өмгөөлөгч хэргийн материалтай танилцсан байгаа хариуцагч талын эрхийг зөрчөөгүйг нотолж байгаа бөгөөд итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хэргийн материалтай танилцах, нотлох баримт тайлбар гаргах эрхийг хязгаарласан гэх гомдлууд үндэслэлгүй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.4-т “Нэхэмжлэгч тогтоосон хугацаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангаагүй бол уг нэхэмжлэлийг шүүгч буцаана” гэж заасныг мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсэгт заасантай хамтатган үзсэн бөгөөд нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангаж ирүүлээгүй тохиолдолд нэхэмжлэлийг буцаах нь захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хувьд шүүхэд захиргааны хэрэг үүсгэх эсэхийг шийдвэрлэхээс өмнөх үе шат учир нэгэнт захиргааны хэрэг үүсгэсэн тохиолдолд нэхэмжлэлийг буцаах шийдвэр гаргах зохицуулалт байхгүй.
Уг хавтаст хэрэгт 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдөр байгуулагдсан “Т ордын ...тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайн багц-2 хэсэгт хөрс хуулалт, нүүрс олборлолтын ажил гүйцэтгэх” ...дугаар гэрээ авагдсан байсан, шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг тодруулах, хэмжээг ихэсгэх эрх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар нэхэмжлэгчид олгогдсон, мөн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт хариуцагчийн зүгээс бүрдүүлбэр хангаагүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн авахаас татгалзуулах агуулга бүхий хүсэлт гаргаагүй.
Шүүгч миний хувьд гомдолтой бүрэн танилцсан боловч тухайн хэрэг нь давж заалдах шатны шүүхээс ирээгүй байгаа тул тайлбар, түүнтэй холбоотой нотлох баримтыг гаргаж өгөх боломжгүй байна.
Тиймээс нэмэлт тайлбараа захиргааны хэргийн материалтай бүрэн танилцаж дахин хүргүүлэх хүсэлтэй байна.
Иймд гомдол гаргагчийн “... улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй” нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангаагүй нэхэмжлэлийг хүлээн авч нэмэгдүүлсэн шаардлагын хүрээнд захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлсэн байгаа нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан байна" гэсэн гомдол үндэслэлгүй.
2024 оны 06 дугаар сарын 27-ны өдөр нь хуанлийн долоо хоногийн дөрөв дэх өдөр буюу ажлын өдөр, 7 дугаар сарын 01-ний өдөр нь ажлын долоо хоногийн эхний буюу нэг дэх өдөр байсан бөгөөд энэ хоорондох хугацаанд шүүгчийн хувьд уг хавтаст хэрэгт авагдсан баримтуудыг судлан үзэхэд тухайн хэрэгт нэхэмжлэгч талаас “Захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх болон нотлох баримт гаргуулах” ижил агуулга бүхий 2,3 хүсэлт /эх хувь нь хэрэгт байгаа, уг хэрэг одоогоор тус шүүхэд байхгүй учир хуулбар хувийг хавсаргав/ гаргасан байсан. Тухайлбал, хүсэлт хэлэлцэх шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хийхээр товлогдсон шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт нэхэмжлэгч талаас хүсэлтийг тодруулан, хэлэлцүүлж шийдвэрлэсэн.
Мөн хариуцагчийн талаас нэмэгдүүлсэн шаардлагатай танилцсан боловч нэмэлт нотлох баримт, тайлбар гаргахтай холбоотой ямар нэг хүсэлт гаргаагүйг дурдаж байна.
Хэргийн оролцогч нарт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдлэх эрх, үүргийг танилцуулсан байдаг. Иймд шүүгчийг татгалзах, шүүгч солигдсонтой холбоотой асуудлыг тодруулах, эс зөвшөөрвөл гомдол гаргах эрхээ хэрэгжүүлэх боломжтой.
2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн урьдчилсан хэлэлцүүлэгт “Т” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Ч , Л.Ч , өмгөөлөгч Д.Х , хариуцагч “Т” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Н , тус компанийн тендерийн Үнэлгээний хороог төлөөлж Л.Г , өмгөөлөгч Ц.Х /цахимаар/, гуравдагч этгээд “М” ХХК-ийг төлөөлж Э.Б , түүний өмгөөлөгч Б.О нар оролцсон боловч хэнээс ч энэ талаар гомдол, хүсэлт гараагүй бөгөөд гомдол гаргагч “Т” ХК-ийн гүйцэтгэх захирал Ч.Г нь өөрөө энэ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд биечлэн оролцож байгаагүй.
Иймд энэ талаар гаргасан гомдол үндэслэлгүй.
Миний бие 2004 онд Монгол Улсад Захиргааны хэргийн шүүх анх байгуулагдах үеэс өнөөдрийг хүртэл тус шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгч, шүүгчээр ажиллаж байгаа бөгөөд шүүгчээр ажиллах хугацаандаа шүүгчийн ёс зүйг чанд сахих, үнэнч шударгаар хууль, дүрмээ баримтлан, шүүгчийн албан үүргээ нэр төртэйгөөр гүйцэтгэхийг хичээж яваа эгэл нэгэн шүүгч бөгөөд хуульд тусгайлан ёс зүйн зөрчил болохоор заасан хэм хэмжээг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхгүйг гаргаагүй билээ. Иймд энэхүү гомдол үндэслэлтэй эсэхийг хянан үзэж, шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Иргэн “Т” ХК-аас ... хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.О-т холбогдуулан гаргасан өргөдөлд Шүүхийн сахилгын хорооны гишүүн 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн СХТ/2024/0100 дугаар захирамжаар сахилгын хэрэг үүсгэн, шалгах ажиллагаа явуулаад 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн ГС/2024/0105 дугаар “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” санал гаргажээ.
Уг саналыг 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн сахилгын хорооны хуралдаанаар хэлэлцээд СХТ/2024/0097 дугаар тогтоолоор хүчингүй болгож, сахилгын хэргийг илтгэгч гишүүнд буцаасан байх ба илтгэгч гишүүн дахин шалгах ажиллагаа явуулж, 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн ГС/2024/0127 дугаар “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” санал гаргасан нь үндэслэл бүхий байх тул сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Өргөдөл гаргагч өргөдөлдөө: “ ... бусад шүүгчийн шүүн таслах ажиллагаанд хөндлөнгөөс оролцсон, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хууль бусаар томилогдсон, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагын бүрдүүлбэр хангагдаагүй байхад хүлээн авсан, нэмэгдүүлсэн шаардлагад хариу тайлбар өгөх хугацаа олгоогүй, Захиргааны актыг түдгэлзүүлэх хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй” хуулийн илт тодорхой заалтыг ноцтой зөрчсөн” гэх агуулга дурджээ.
1. “Т” ХХК-аас “Т” ХК, “Т” ХК-ны тендерийн Үнэлгээний хороонд холбогдуулан гаргасан “Хөрс хуулалт, нүүрс олборлолтын ажил-2” тендер шалгаруулалтын үнэлгээний хорооны шийдвэрийг хүчингүй болгуулах, дахин үнэлгээ хийлгүүлэхийг даалгуулах шаардлага бүхий нэхэмжлэл ... Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргаж, тус нэхэмжлэл Ерөнхий шүүгч Ч.Б-д хуваарилагдан, шүүгчийн 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн .../ШЗ2024/0068 дугаартай захирамжаар Захиргааны хэрэг үүсгэжээ.
Нэхэмжлэгчээс 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн .../596 албан бичгээр “Захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх, нотлох баримт гаргуулах тухай” хүсэлт гаргасны дагуу уг хүсэлтийг хэлэлцэхээр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг 2024 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 10 цагт явуулахаар тов тогтоосон байна.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс тус хэрэгт “гуравдагч этгээдийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд татан оролцуулах, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг түр хугацаагаар хойшлуулах хүсэлт” тус тус гаргасныг шүүгчийн 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн .../ШЗ2024/0080 дугаартай захирамжаар хангаж тус хэрэгт “М” ХХК-ийг гуравдагч этгээдээр татан оролцуулж, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 10 цагт явуулахаар товыг өөрчилжээ.
Гэтэл тус шүүхийн 2024 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн .../ЗТ2024/0019 дүгээр шүүгчдийн зөвлөгөөний тогтоолоор Ерөнхий шүүгч Ч.Б нь ар гэрийн гачигдал болон эрүүл мэндийн шалтгаанаар түүнд 2024 оны 07 дугаар сарын 01-09-ний өдрийг хүртэл чөлөө олгож, улмаар мөн өдрийн шүүгчдийн зөвлөгөөний .../ЗТ2024/0020 дугаартай тогтоолоор тус хэрэг шүүгч С.О-т шилжсэнээр 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдөр товлогдсон урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдааныг даргалан явуулжээ.
Энэ нь тухайн шүүгчдийн зөвлөгөөний 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 02 дугаар тогтоолоор баталсан журмын 4.1-т “Шүүгч хүндэтгэн үзэх зайлшгүй шалтгаанаар хуанлийн 7-оос дээш хоногоор эзгүй үед хэрэг, нэхэмжлэл хуваарилахгүй”, 4.2-т “Шүүгч удаан хугацаагаар өвчтэй, чөлөөтэй, хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар албан үүргээ хэрэгжүүлэхгүй байгаа тохиолдолд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд байгаа хэрэг, нэхэмжлэл, хүсэлтийг Шүүгчдийн зөвлөгөөний тогтоолоор тойрог /сугалаагаар/ дотор санамсаргүй аргаар өөр шүүгчид шилжүүлэх, тухайн шүүгчийг ажилдаа орсон эхний өдөр буцаан шилжүүлнэ”, 4.3-т “Журмын 4.2-т зааснаар хэргийг шилжүүлж авсан шүүгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг үргэлжлүүлэн явуулна” гэж тус тус заасанд нийцжээ.
Өөрөөр хэлбэл Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.5-т заасан журмын дагуу тус хэрэг нь шүүгч С.О-т шилжсэн байх тул холбогдох шүүгчийг мөн хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.22-т заасан зөрчил гаргасан гэж үзэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Иймд “ ... нарийвчилсан журмын дагуу даргалагчаар томилогдсон нь холбогдох хууль тогтоомжийг зөрчөөгүй байх тул бусад шүүгчийн шүүн таслах үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцсон гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байх бөгөөд энэ нь шүүгчийн үйл ажиллагаанд хориглох сахилгын зөрчилд хамаарахгүй” гэж дүгнэсэн илтгэгч гишүүний дүгнэлт үндэслэлтэй байна.
2. Өргөдөл гаргагчаас: “ ... нэмэгдүүлсэн шаардлагад хариу тайлбар өгөх хугацаа олгоогүй, Захиргааны актыг түдгэлзүүлэх хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй” гэжээ.
Илтгэгч гишүүний үзлэгийн тэмдэглэлээр маргаан бүхий захиргааны акт болох “Т” ХК болон “М” ХХК-ийн хооронд байгуулсан 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн .../2024/... тоот “....тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайн багц-2 хэсэгт хөрс хуулалт, нүүрс олборлолтын ажил гүйцэтгэх гэрээ” нь тус захиргааны хэргийн 2 дугаар хавтасны 1-32 дугаар талуудад авагдсан гэж тэмдэглэгджээ.
Нэхэмжлэгчээс 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн .../596 албан бичгээр “Захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх, нотлох баримт гаргуулах тухай” хүсэлт гаргасныг 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хянан хэлэлцээд .../ШЗ2024/0083 дугаартай захирамжаар “нотлох баримт гаргуулах хүсэлтийг хэрэгсэхгүй болгож, захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.4.2-т зааснаар маргаан бүхий захиргааны хэрэг нь төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагаатай холбоотой маргаан тул тусгай журмаар шийдвэрлэнэ.
Тусгай журмаар хянан шийдвэрлэх маргааны онцлог нь нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсанаас бусад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй тул шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээс гарсан шүүгчийн .../ШЗ2024/0083 дугаартай захирамжид гомдол гаргах эрхгүй талаар дурдсан нь хуульд нийцсэн байна.
Шүүгч дотоод итгэл үнэмшилдээ тулгуурлан нотлох баримтыг үнэлж, хуулийг тайлбарлан хэрэглэх нь түүний бүрэн эрхэд хамаарах тул дээрх шүүгчийн захирамжийг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий эсэхэд Шүүхийн сахилгын хороо дүгнэлт өгөх эрхгүй.
Өөрөөр хэлбэл, тус захиргааны хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж, шийдвэр гаргасантай нь холбогдуулж шүүгчийг ёс зүйн болон сахилгын зөрчил гаргасан гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй юм.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 112 дугаар хуулийн 112.7-д нэхэмжлэл болоод нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хариуцагч гардан авснаас хойш долоо хоногийн дотор хариу тайлбар болон нотлох баримтаа шүүхэд ирүүлэхээр зохицуулсан бөгөөд сахилгын хэрэгт авагдсан баримтаар хариуцагч нь нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдөр гардаж авсан бөгөөд үүнтэй холбогдуулан бичгээр хариу тайлбар гаргах эрх нь нээлттэй байсан тул өргөдлийн “ ... нэмэгдүүлсэн шаардлагад хариу тайлбар өгөх хугацаа олгоогүй” гэх гомдол үндэслэлгүй байна.
Мөн 07 дугаар сарын 01-ний өдрийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр нэхэмжлэгчээс гаргасан “захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх, нотлох баримт гаргуулах” хүсэлтийг хэлэлцсэн болохоос нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой асуудлыг хэлэлцээгүй нь тус өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлд тодорхой тусгагджээ.
Иймд ... Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.О нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэргийн оролцогчийн эрхийг хязгаарласан, ноцтой зөрчсөн нөхцөл байдал сахилгын хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх тул түүнд холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1, 112.1.2, 112.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн ГС/2024/0127 дугаартай “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” саналыг хүлээн авч, ... хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.О-т холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6-т зааснаар магадлал гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл, мэдээлэл гаргагчийн оршин суугаа газрын эсхүл ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл ажлын албаны ажилтнаар хүргүүлэхийг ажлын албанд даалгасугай.
3. Магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сахилгын хороонд хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.
4. Дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох ба энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ Д.МЯГМАРЦЭРЭН
ГИШҮҮН Ц.ДАВХАРБАЯР
Г.ЦАГААНЦООЖ