
МОНГОЛ УЛС
ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО
МАГАДЛАЛ
2025-02-20
Дугаар 30
Улаанбаатар хот

Нотлох дүгнэлтийг хүлээн авч, сахилгын шийтгэл оногдуулах тухай
Шүүхийн сахилгын хорооны хуралдааныг гишүүн С.Энхтөр даргалж, гишүүн Х.Хашбаатар, Д.Эрдэнэчулуун нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Г.Цагаанцоож, нарийн бичгийн даргаар хуралдаан хариуцсан ахлах мэргэжилтэн Г.Болортуяа, ажиглагчаар өргөдөл гаргагч П.З-г оролцуулан тус хорооны хуралдааны танхимд нээлттэй хийв.
Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн ГНД/2025/0002 дугаар Сахилгын зөрчил гаргасныг нотлох дүгнэлтийг хянан хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:
Сахилгын зөрчил гаргасныг нотлох дүгнэлтэд: “...П.З нь Б.О-д холбогдуулан гэм хорын хохиролд 17.348.690 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг ... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Төрболд 2023 оны 8 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, 2023 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 15032 дугаар захирамжаар иргэний хэрэг үүсгэж, хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байгаа нь сахилгын хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. Холбогдох шүүгч нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.-т заасан хориглолтыг зөрчсөн эсэхийг өргөдөлд дурдсан агуулгын хүрээнд дараах байдлаар тодорхойлов. Үүнд: 1. Нэхэмжлэлд хэрэг үүсгэсэн бол шүүгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчид шаардлага ба татгалзлаа үндэслэж буй нотлох баримтаа өөрөө гаргаж нотлох үүрэгтэйг танилцуулж, эдлэх эрхийг нь тайлбарлан өгөх, нэхэмжлэлийн хувийг хариуцагчид гардуулах, хэргийн оролцогчийн гаргасан хүсэлтийг үндэслэлтэй гэж үзвэл энэ хуулийн 38.6-д заасан ажиллагааг явуулах, эвлэрүүлэн зуучлах ажиллагааны талаарх мэдээллийг бүрэн өгч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бүх шатанд эвлэрэх, эвлэрүүлэн зуучлагчийн туслалцаа авах боломжтойг сануулах ажиллагааг явуулна. Шүүгч 2023 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн мэдэгдэх хуудсаар хариуцагч Б.О-г 2023 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр шүүхэд хүрэлцэн ирэхийг мэдэгдсэнийг Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 421 дүгээр нээлттэй хорих анги 2023 оны 8 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авчээ. Хариуцагч Б.О тус ангид хоригдож байсан бөгөөд нэхэмжлэлийн хувь гардуулах зорилгоор шүүгчийн туслах Б.П 2023 оны 11 дүгээр сарын 30, 12 дугаар сарын 06-ны өдрүүдэд утсаар ярьж, улмаар 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хорих ангид очиж, нэхэмжлэлийн хувь гардуулж, хариу тайлбар гаргах хугацааг 12 дугаар сарын 22-ны өдрөөр тогтоон, эрх, үүргийг тайлбарлан өгсөн, хариуцагч нөлөөллийн мэдүүлэг болон холбогдох баримтад гарын үсэг зурсан ба 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хариу тайлбараа шүүхэд ирүүлжээ. Нэхэмжлэгч П.З 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, Улсын ерөнхий прокурорын газрын Эрүүгийн хэргийн төв архиваас холбогдох нотлох баримтыг гаргуулах тухай хүсэлт гаргажээ. Шүүх нэмэгдүүлсэн шаардлагыг 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хариуцагчид гардуулж, хариу тайлбар гаргах хугацааг тогтоосон, хариуцагч 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хариу тайлбар гаргажээ. Шүүгч 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн захирамжаар нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж, Эрүүгийн хэргийн тусгай архиваас холбогдох баримт гаргуулахаар шийдвэрлэсний дагуу 2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 270 дугаар албан бичгээр ирүүлсэн байна. Шүүгчийн 2024 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 14495 дугаар захирамжаар хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэж, шүүх хуралдааныг 2024 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 13 цаг 30 минутад хийхээр товлон зарлаж, хуралдааны бэлтгэл хангахыг шүүгчийн туслах Д.Х-д даалгажээ. Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийг хангаж, шүүхийн 2024 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 00492 дугаар тогтоолоор шинжээч томилсон ба энэхүү үндэслэлээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлж, шүүх хуралдааныг жич товлон зарлахаар шийдвэрлэсэн. Гэрч Е.Н мэдүүлэгтээ: “...Миний хувьд П.З-ийн нэхэмжлэлтэй хэрэгт ямар ч ажиллагаа явуулаагүй. Шүүгчийн туслах н.Б-ийн ээлжийн амралт дуусаагүй байсан. Энэ үед хариуцагчийг дуудах мэдэгдэх хуудсыг шуудангаар хүргүүлэх болсон бөгөөд шуудангаар явуулахад тухайн шүүгчийн туслахын нэр утасны дугаар шаардлагатай байдаг. Би 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрөөс 10 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл шүүгч Г.Төрболдын даргалах шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар ажиллаж байсан. Ийм учраас тухайн мэдэгдэх хуудсыг миний эрхээр явуулсан...” гэжээ. Гэрч Б.П мэдүүлэгтээ: “...... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд шүүгчийн туслахаар 2023 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2024 оны 12 дугаар сарын сарын 31-ний өдөр хүртэл ажиллаж байсан. Шүүгч Г.Төрболдын туслахаар 2023 оны 11 дүгээр сарын 20-ны орчмоос / хэдний өдрийг сайн санахгүй байна/ 2024 оны 2 дугаар сарын 19-ний өдөр хүртэл байх. ... П.З-ийн нэхэмжлэлтэй Б.О-д холбогдох иргэний хэрэгт Г.Төрболд шүүгчийн туслахаар томилогдоод өмнөх туслах Б.Б-ээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд байсан 200 гаруй хэрэг хүлээн авсан. Хэрэг хүлээн авах үед хариуцагч Б.О-д нэхэмжлэлийн хувь гардуулагдаагүй байсан. Бүх хэргээ шалгаж үзээд нэхэмжлэл гардуулаагүй хэргүүдэд хариуцагчийг дуудан ирүүлэх, нэхэмжлэл гардуулах ажиллагаа явуулсан. Б.О-н хувьд нэхэмжлэлд дурдсан утас руу залгаж холбогдсон. Утас авсан хүн 421 дүгээр ангид хоригдож байгаа гэсэн байх. Энэ талаар утсаар ярьсан тэмдэглэл үйлдэж түүн дээр тайлбар бичсэн. Ингээд 12 дугаар сарын 06-ны өдөр 99670155 дугаарт залгаж ярихад хорих анги дээр 5 өдөр ирж болно гэж хэлсэн. Энэ талаар тэмдэглэлд бас бичсэн. Ингээд Ерөнхий шүүгчийн албан бичигтэй 421 дүгээр хорих анги дээр очоод 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдөр нэхэмжлэл гардуулж, эрх үүрэг, нөлөөллийн мэдүүлэг, хэргийн материалтай танилцуулж холбогдох баримтад гарын үсэг зуруулсан...” гэжээ. 1.1. Хорих ангид хоригдож буй хоригдол нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 211 дүгээр зүйлд зааснаар хорих ангид мөрдөх хууль тогтоомж, тэдгээрт нийцүүлэн эрх бүхий албан тушаалтнаас баталсан дүрэм, журам, хорих байгууллага, алба хаагчийн тавьсан хууль ёсны шаардлагыг заавал биелүүлэх үүрэгтэй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.3-т зааснаар хариуцагч шүүхийн дуудсанаар хүрэлцэн ирэх үүрэгтэй боловч хорих ангид хоригдож буй хариуцагч өөрийн дураар хорих ангийг орхих боломжгүй, энэ тохиолдолд шүүх нэхэмжлэлийг хорих ангийн захиргаагаар дамжуулан гардуулах ажиллагааг явуулах ба энэ журмаар хариуцагч Б.О-д нэхэмжлэлийн хувийг гардуулсан байна. Хэрэг үүсгэсэн өдрөөс хойш хариуцагчид нэхэмжлэлийг нийслэлд 7 хоногийн дотор гардуулахаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72.1.-т заасан ба хариуцагчид нэхэмжлэлийг 99 хоногийн дараа гардуулсан нь хуулийн илт тодорхой заалтыг зөрчсөн гэж үзнэ. 1.2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1.-т Хуулиар өөр хугацаа тогтоогоогүй бол хэрэг үүсгэсэн өдрөөс хойш 60 хоног, давж заалдах болон хяналтын шатны шүүхээс хэргийг дахин хэлэлцүүлэхээр ирүүлсэн бол шүүгч хэргийг хүлээж авснаас хойш 30 хоногийн дотор тус тус шийдвэрлэнэ, 71.2-т Энэ хуулийн 71.1-д заасан хугацааг тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс нэг удаа 30 хүртэл хоногоор сунгаж болно гэж заасан. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэлд 2023 оны 8 дугаар сарын 25-ны өдөр иргэний хэрэг үүсгэсэн бол хуульд зааснаар хэргийг 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн дотор шийдвэрлэх учиртай. Хэрэв тодорхой үндэслэл байгаа бол хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацааг 1 удаа 30 хүртэл хоногоор сунгаж болох бөгөөд тус шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 03195 дугаар тогтоолоор хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацааг 30 хоногоор сунгажээ. Гэрч Б.П мэдүүлэгтээ: “...шүүгч энэ хэрэгт нэхэмжлэлийг хариуцагчид гардуулах, эрх үүрэг, нөлөөллийн мэдүүлэг, хэргийн материал танилцуулахыг даалгасан. Хэргийн хугацаа сунгасан, хариуцагч тайлбар өгсөн эсэхийг сайн санахгүй байна. Хугацааг программаас хараад сунгах эсэхийг шийддэг. Шүүх хуралдаан товлох эсэхийг шүүгч өөрөө шийдвэрлэдэг. Намайг ажлаа хүлээлгэн өгөх хүртэл энэ хэрэгт шүүх хуралдаан товлоогүй байсан” гэжээ. Шүүгч 2024 оны 6 дугаар сарын 25-ны өдөр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр захирамж гаргаснаас үзэхэд хэрэг хянан шийдвэрлэх хугацааг 217 хоногоор хэтрүүлсэн нь хуулийн илт тодорхой заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй. Шүүгч Г.Төрболд “2023 оны 7 дугаар сард тус шүүхийн шүүгчээр томилогдсон бөгөөд 2023 онд нийт 560 нэхэмжлэл, шүүгчдийн зөвлөгөөний тогтоолоор 105 хэргийг тус тус хүлээн авч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд 283 шүүх хуралдаан товлон зарлаж, 1254 захирамж, 7 тогтоол, 260 шүүхийн шийдвэр гаргасан, 2024 онд 800 нэхэмжлэл, хэрэг хуваарилах зөвлөгөөний тогтоолоор 64 хэргийг тус тус хүлээн авч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд 652 шүүх хуралдаан товлон зарлаж, 2126 захирамж, 33 тогтоол, 451 шүүхийн шийдвэр гаргасан” болох нь ачааллын судалгаагаар тогтоогдож байна. Түүнчлэн 2023 оны 7 дугаар сарын 17-ны өдрөөс 2023 оны 8 дугаар сарын 15-ны өдөр хүртэл хугацаанд туслахгүй, өөр шүүгчийн туслах 14, 14 хоногийн зайтай түр ажиллаж байгаад 2023 оны 8 дугаар сарын 16-ны өдрөөс албан ёсоор туслах томилогдож, ажил хүлээлцсэн. Анх шүүгчээр томилогдоход бусад шүүгчдээс нийт үүсгэчихсэн 80 хэрэг, шинээр 70 нэхэмжлэл хуваарилагдаж, 2023 оны 07-08 дугаар сарыг дуусталх хугацаанд ердөө 3 шүүгч ажиллаж, хэрэг нэхэмжлэл ихээр хуваарилагдсан, ...нэг туслахаас нөгөө туслахад ажил хүлээлцэх хугацаа 7-14 хоног үргэлжлэхээс аргагүй бодит байдалтай байсан...” гэжээ. Дурдсан хугацаанд холбогдох шүүгч ачаалал ихтэй, шүүхийн зохион байгуулалтаас хамаарч олон туслах солигдож байсан боловч энэ нь хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасан хугацааг зөрчих үндэслэл болохгүй. Иймд шүүгч Г.Төрболдыг Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т заасан хуулийн илт тодорхой заалтыг удаа дараа зөрчсөн гэж үзэн энэ үндэслэлээр нотлох дүгнэлт үйлдэв. 2. Хуульд заасан үндэслэл бий болсон тухайлбал, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-т зааснаар хэрэг хянан шийдвэрлэхэд шинжлэх ухаан, тооцоо, тоо бүртгэл, урлаг, утга зохиол, техникийн зэрэг тусгай мэдлэг шаардагдах асуудлыг тодруулахын тулд хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүхийн санаачилгаар шүүгч захирамж гарган шинжээч томилох ба энэ тохиолдолд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх ба түдгэлзүүлсэн шалтгаан арилмагц хэргийн оролцогчийн хүсэлт буюу өөрийн санаачилгаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээн явуулах тухай шүүгч захирамж гаргах ба энэ өдрөөс эхлэн хэрэг хянан шийдвэрлэх хугацааг үргэлжлүүлэн тоолно. Шинжээч дүгнэлтээ 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдөр ирүүлсэн ба шүүгч 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 23954 дүгээр захирамжаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээсэн нь хууль зөрчөөгүй бөгөөд шүүх хуралдааныг 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр товлон, хэргийн оролцогч нарт хуралдааны тов мэдэгджээ. 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн шүүх хуралдаанд хариуцагчаас шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгчийг оролцуулах, улсын өмгөөлөгч томилуулах хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч, шүүх хуралдааныг жич товлон зарлахаар шийдвэрлэжээ. Гэм хор шаардсан нэхэмжлэлтэй иргэний хэргийг шүүх бүрэлдэхүүнтэй шийдвэрлэх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8.-д “Томилогдсон иргэдийн төлөөлөгч энэ хуулийн 76.1.2-т заасны дагуу мэдэгдсээр байхад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол зохигчийн зөвшөөрлөөр түүний эзгүйд шүүх хуралдаан явуулж болно. Харин зохигчийн аль нэг нь үүнийг зөвшөөрөөгүй бол шүүх хуралдааныг хойшлуулна” гэж заасан. 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд хүрэлцэн ирэх боломжгүй талаар хүсэлт ирүүлснийг хуралдаан даргалагч танилцуулахад хариуцагчийн зүгээс иргэдийн төлөөлөгчийг шүүх хуралдаанд оролцуулах санал гаргасныг шүүх хүлээн авч шүүх хуралдааныг хойшлуулсан нь хууль зөрчөөгүй байна. Монгол Улсын үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 14-т зааснаар иргэн хууль зүйн туслалцаа авах үндсэн эрхтэй бөгөөд хариуцагчийн шүүх хуралдаанд гаргасан “өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах” хүсэлтийг шүүх хангаж шийдвэрлэсэн нь сахилгын зөрчилд хамаарахгүй. Иймд энэхүү үндэслэлээр холбогдох шүүгчийг Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.25.-т “шүүх хуралдаан, урьдчилсан хэлэлцүүлгийн товыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр удаа дараа зөрчсөн”, 50.1.26-д “шүүхийн шийдвэр гаргахтай холбоотой хуульд тодорхой заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр удаа дараа 30 хоногоос дээш хугацаагаар, эсхүл нэг удаа 60 хоногоос дээш хугацаагаар зөрчсөн” гэж үзэхгүй.” гэжээ.
Холбогдох шүүгч Г.Төрболд тайлбартаа: “...Юуны өмнө хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа иргэний хэрэг үүсгэснээс хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд эцэслэн шийдвэрлэгдээгүй, шүүхэд нэхэмжлэл гаргасан иргэн П.З-д хүндрэл, чирэгдэл учруулж байгаад хүлцэл өчье. Гомдлыг дараах 2 үндэслэлийн хүрээнд тайлбарлах нь зүйтэй гэж үзлээ. 1. Миний бие Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн ... дугаар зарлигаар ... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчээр томилогдсон болохыг тус өдрийн 18:00 цагийн үед мэдэж, дараагийн ажлын өдөр нь 2023 оны 7 дугаар сарын 17-ны өдөр байсан тул тус өдөр ажлаа хүлээж авч, шүүгчийн тангараг өргөсөн. 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдрөөс 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдөр хүртэл хугацаанд туслахгүй, өөр шүүгчийн туслах 14, 14 хоногийн зайтай түр ажиллаж байгаад 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдрөөс албан ёсоор туслах томилогдож, ажил хүлээлцсэн. Анх шүүгчээр томилогдоход бусад шүүгчдээс нийт үүсгэчихсэн 80 хэрэг, шинээр 70 нэхэмжлэл хуваарилагдаж, 2023 оны 07-08 дугаар сарыг дуусталх хугацаанд ердөө 3 шүүгч ажиллаж, хэрэг нэхэмжлэл ихээр хуваарилагдсан, тодруулж хэлбэл 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдрөөс 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх 1 сар, 14 хоногийн хугацаанд шүүгч надад нийт 266 нэхэмжлэл, 71 хүсэлт хуваарилагдсан. Тэгэхээр нэг туслахаас нөгөө туслахад ажил хүлээлцэх хугацаа 7-14 хоног үргэлжлэхээс аргагүй бодит байдалтай байсан. Уг хүлээлцэх ажиллагаанд шүүгч хяналт хэрэгжүүлэхийн зэрэгцээ хүлээж авсан нэхэмжлэлүүдийг хянаж, үүсгэх эсэхийг шийдвэрлэх, хүсэлтийг хянаж шийдвэрлэх, товлогдсон шүүх хуралдаанд бэлтгэх, хэргийг судлах, шүүхийн шийдвэрийг бүрэн эхээр бичгээр үйлдэх, шүүхээс гарах бусад баримт бичгийн төслийг хянах, хэвлэмэл хуудсанд хэвлэх зөвшөөрөл олгох зэрэг ажлууд зэрэг хийгдэж байсан. Энэ нь шүүгч, шүүгчийн туслахад зохист хугацаанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг удирдан явуулахад бодитоор хүндрэл учруулсан. Үүнтэй холбоотойгоор 300 гаруй хэргийн хөдөлгөөнд тавих хяналтын давтамжийн хугацаа холдсон бодит хүндрэл үүссэн. Түүнчлэн шүүгч шинээр томилогдсон, шүүгчийн туслах албан ёсоор томилогдоогүй буюу эхний туслахын хувьд ээлжийн амралт эхлэх хугацаанаас өмнө түр ажиллаад түүнтэй зөрж ээлжийн амралтаас ажилдаа орох шүүгчийн туслах мөн түр ажиллаад, түүний дараа албан ёсоор шүүгчийн туслах томилогдсон, туслахын хувьд мөн ажлын туршлагагүйн улмаас шууд 300 гаруй хэргийн холбогдох ажиллагааг гүйцэтгэхэд цаг хугацааны болон эрүүл мэндийн боломжгүй нөхцөл байдлууд үүссэн. Дээр дурдсан нөхцөл байдлыг энэхүү тайлбарт дурдаж буй зорилгын хувьд өөрийгөө зөвтгөх, хариуцлагаас зугтах гэхээс илүүтэй та бүхнийг иргэн П.З гуайн гаргасан гомдлыг хянан шийдвэрлэхдээ өнөөгийн Монгол Улсын шүүхийн шүүгчийн хүний нөөц болон шүүхийн захиргааны ажилтны хүний нөөц, ажлын байр, ажиллах орчны эрүүл, аюулгүй байдлын хүрээнд тулгамдаж буй асуудлыг харгалзаж үзээсэй гэсэндээ дурдлаа. Дээрх нөхцөл байдлуудын хувьд шүүгчийн албан тушаалд шинээр томилогдсон, тэр тусмаа тухайн шүүхийн шүүгчдийн дийлэнх олонх нь ээлжийн амралтаа эдлээд эзгүй байх 2 сар гаруйн хугацаанд ажилласан шинэ шүүгчийн хувьд хүнд сорилт байсныг дурдах нь зүйтэй. 2. ... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх нийт 19 шүүгчийн орон тоотой ажиллахаар Монгол Улсын Их хурлаас тогтоосон. Гэвч тус шүүх нь 2020 оноос хойш 8 шүүгчийн орон тоотой буюу 11 шүүгчийн орон тоо дутуу ажилласны улмаас шийдвэрлэгдээгүй хэргийн тоо нэмэгдсэн, шүүх хуралдааны танхим хүрэлцээгүй буюу хэргийг бүрэлдэхүүнтэйгээр хянан хэлэлцэх боломжтой 3 танхимтай зэргээс шалтгаалан шүүгчдийн зөвлөгөөнөөрөө 7 хоног бүрийн зөвхөн пүрэв гарагт иргэн, хуулийн этгээдэд учирсан гэм хорын арилгахтай холбоотой маргааныг шийдвэрлэх, ингэхдээ 1 шүүгч зөвхөн 1 л хэргийн шүүх хуралдаан товлохоор шийдвэрлэсэн. Тэгэхээр жилд 52 долоо хоног байдаг, үүнээс шүүгч ээлжийн амралт эдлэхтэй холбоотой 4 долоо хоног хасагдахаар нийт 48 долоо хоногт 48 хэргийг л товлон хуралдуулах бодит боломжтой байдаг. Гэтэл шүүгч надад гэм хорын эрх зүйн маргаантай 48-аас илүү иргэний хэрэг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны төлөвтэй байна. Шүүгч Г.Төрболд миний хувьд эрүүгийн хэрэг эцэслэн шийдвэрлэгдэх гэж 2018 оноос 2022 оны дуустал хугацаанд үргэлжилсэн, энэ хугацаанд хэргийг даруй шийдвэрлүүлэх, гэм буруутай этгээдийг олж тогтоолгох, гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо арилгуулах гэсэн П.З гуайн нөхцөл байдлыг ойлгож тус хэргийг боломжит богино хугацаанд, хуульд заасан журмын дагуу эцэслэн шийдвэрлэхийг эрмэлзэж байсан. Энэ ч үүднээс шүүх хуралдааныг 2024 оны 06 дугаар сарын 27, 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдрүүдэд 2 удаа товлосон байдаг Шүүх хуралдаан хоорондын зай хол байгаа шалтгаан нь нэхэмжлэгч талын хүсэлтээр шинжээч томилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэнтэй холбоотой ба түдгэлзүүлсэн шалтгаан арилсны дараа боломжит богино хугацаанд дараагийн шүүх хуралдааныг товлосон болно. Иймд сахилгын хэргийг шийдвэрлэхдээ дээр дурдсан нөхцөл байдлыг харгалзаж үзнэ үү.” гэжээ.
Шүүгч Г.Төрболдоос 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдөр ирүүлсэн нэмэлт тайлбартаа: “...Нотлох дүгнэлтэд, шүүгч 2024 оны 6 дугаар сарын 25-ны өдөр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр захирамж гаргаснаас үзэхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг 217 хоногоор хэтрүүлсэн нь хуулийн илт тодорхой заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй гэжээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.1-т “хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримт хангалттай бүрдсэн гэж шүүгч үзсэн, эсхүл энэ хуулийн 71.1-д заасан хугацаа дууссан, түүнчлэн шаардлагатай гэж үзсэн бусад тохиолдолд шүүгч уг хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай захирамж гаргаж, шүүх хуралдаан хэзээ, хаана болохыг товлох” гэж заасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь холбогдох байгууллагаас нотлох баримт гаргуулах хүсэлтийг илэрхийлсэн талаар шүүгчид уламжилж байсан бөгөөд шүүгчийн зүгээс уг хүсэлтээ тодруулж өгөх тодруулбал, эрүүгийн хавтаст хэргээс ямар баримтуудыг гаргуулах хүсэлтэй байгаагаа тодорхой илэрхийлэхийг хэргийн оролцогчид тайлбарлах чиглэлийг өгсөн. Үүний дагуу нэхэмжлэгч нь хүсэлтээ тодруулж дахин гаргаснаар хүсэлтийг шийдвэрлэж, холбогдох байгууллагаас нотлох баримтыг гаргуулан авснаар шүүх хуралдааныг товлосон. Өөрөөр хэлбэл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.1-т заасан “хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримт хангалттай бүрдсэн” гэх үндэслэлээр шүүх хуралдааныг товлосон. Харин Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.1-т заасан “...энэ хуулийн 71.1-д заасан хугацаа дууссан…” үндэслэлийн хувьд шүүгчийн ажлын ачааллыг харгалзан үзэх зайлшгүй шаардлагатай. Жишээ үзүүлэлтээр тайлбарлавал, Шүүх байгуулах тухай хуульд зааснаар шинээр байгуулагдсан Баянгол, ..., Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс үйл ажиллагаагаа явуулж эхлэх үед тухайн шүүхийн шүүгч тус бүрийн үлдэгдэл хэргийн тоон мэдээг харгалзаж, ажлын ачааллыг тэнцвэржүүлэх арга хэмжээг тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөр шийдвэрлэсэн. Уг зөвлөгөөний шийдвэрээр нэр бүхий шүүгч нарт хэрэг, нэхэмжлэл хуваарилахыг түр зогсоох шийдвэр гаргасан ба шүүгч миний хувьд 354 хэргийн үлдэгдэлтэй байсан. 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар шүүгч миний хувьд нийт 120 хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, 77 хэргийг эцэслэн шийдвэрлэж, 46 хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж, 231 хэргийн үлдэгдэлтэй байна. Дээрх тоон үзүүлэлтээс дүгнэвэл 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдрийг хүртэлх ажлын нийт 34 өдөрт нийт 120 шүүх хуралдаан буюу ажлын өдөр бүр 3.5 хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлдэг гэх тоон мэдээлэл гарах ба 1 хэргийг хянан хэлэлцэж дуусах нийт хугацааг дунджаар 1 цаг 30 минут гэж үзвэл ажлын өдөр бүр 4 цаг 30 минутын шүүх хуралдаантай, үлдэх 3 цаг 30 минутад шүүхийн шийдвэр бичих, үзлэг хийх, гэрч асуух, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой хүсэлт шийдвэрлэх, шинээр хүлээж авсан нэхэмжлэлтэй танилцаж үүсгэх эсэхийг шийдвэрлэх, шүүхээс гарсан баримт бичгүүдийн төслийг хянах, гарын үсэг зурах, шүүх хуралдааны тэмдэглэл хянах, шүүгчдийн зөвлөгөөнд оролцох, гомдол хянан хэлэлцэх шүүх бүрэлдэхүүнд оролцох зэрэг бусад ажиллагааг гүйцэтгэдэг байх нь. Тэгэхээр ажлын 34 өдрийн хугацаанд нийт 120 хэргийг хянан хэлэлцсэн энэ үзүүлэлтийг хэвийн гэж үзэж байгаа бол ачаалал нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан хугацаанд хэрэгжүүлэхгүй байх хүндэтгэн үзэх шалтгаан биш гэж үзэж болох юм. Гэтэл 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс хойш 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдрийг хүртэлх хуанлийн 48 хоногийн хугацаанд дээр дурдсан хэргүүдийг хянан хэлэлцсэнээр үлдэх 231 хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх боломжгүй буюу товлох боломжгүй, дахиад 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс хойш ажлын 34 хоногийн хугацаанд нийт 120 хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тохиолдолд одоо байгаа үлдэгдэл 231 хэргийн 111 хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх боломжгүй буюу хуанлийн 96 хоногоор хэтрэхээр байна. (энэ дунд гэм хорын эрх зүй буюу бүрэлдэхүүнтэйгээр шийдвэрлэгдэх хэргийн хувьд 7 хоногт 1 удаа 1 хэрэг товлодог дотоод зохион байгуулалтай болохыг дурдах нь зүйтэй) Энэ болгонд хэргийг хугацаанд нь шийдвэрлээгүй, 217 хоногийн дараа шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр товлолоо гээд сахилгын зөрчилд тооцоод байх уу. Хэрэв тийм бол шүүгч миний хувьд одоо ажиллагаанд байгаа 231 хэрэг тус бүрд сахилгын зөрчил гаргасан буюу Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т зааснаар удаа дараа буюу 231 удаа хэргийг хугацаанд нь товлоогүй сахилгын зөрчил гаргасан гэж үзэхээр байна. Дээрх нөхцөл байдлыг гомдлыг хэлэлцүүлэхдээ харгалзаж үзнэ үү.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Иргэн П.З-ээс “...хэргийг хуульд заасан хугацаанд шийдвэрлээгүй” гэх агуулгаар гаргасан өргөдлийн дагуу 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн ГЗҮ/2024/0126 дугаар илтгэгч гишүүний захирамжаар сахилгын хэрэг үүсгэн шалгах ажиллагаа явуулж, 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн ГНД/2025/0002 дугаар нотлох дүгнэлт гаргасан нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон байна.
Нэг. Шүүгч нэхэмжлэлийн хувийг хариуцагчид гардуулах хуульд заасан хугацааг зөрчсөн байна.
Сахилгын хэрэгт цугласан баримтаас үзвэл, П.З-ээс Б.О-д холбогдуулан гэм хорын хохиролд 17.348.690 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг ... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Төрболд хүлээн авч, 2023 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 183/ШЗ2023/15032 дугаар захирамжаар иргэний хэрэг үүсгэж, хянан шийдвэрлэх ажиллагаа явуулжээ.
Иргэний хэрэг үүсгэсний дараа явуулах ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт хуульчилсан ба 67.1.2-т “нэхэмжлэлийн хувийг хариуцагчид гардуулах” гэж заасан.
Хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулахаар 2023 оны 8 дугаар сарын 28-ны өдөр түүний хоригдож буй хорих 421 дүгээр нээлттэй хорих анги руу шүүхээс мэдэгдэх хуудас хүргүүлснийг 2023 оны 8 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авсан, шүүгчийн туслах Б.П 2023 оны 11 дүгээр сарын 30, 12 дугаар сарын 06-ны өдрүүдэд хорих ангийн холбогдох ажилтантай утсаар холбогдоход нэхэмжлэлийн хувь гардуулах боломжтой талаар тайлбарласан байна.
Шүүхээс иргэний хэрэг үүсгэснээс 3 сар 13 хоногийн дараа буюу 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хорих ангид очиж, нэхэмжлэлийн хувь гардуулж, нөлөөллийн мэдүүлэг болон холбогдох баримтад гарын үсэг зуруулсан болох нь сахилгын хэрэгт цугласан баримтаар тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.1 дэх хэсэгт “Хэрэг үүсгэсэн өдрөөс хойш хариуцагчид нэхэмжлэлийг нийслэлд 7 хоногийн, орон нутагт 14 хоногийн дотор тус тус гардуулна.” гэж заасан. Холбогдох шүүгч нь хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулах хуульд заасан хугацааг 99 хоногоор хэтрүүлсэн нь хуулийн илт тодорхой заалтыг зөрчсөн талаар дүгнэсэн илтгэгч гишүүний дүгнэлт үндэслэл бүхий болжээ.
Тодруулбал, хариуцагчийн хаяг тодорхой буюу хоригдож буй хорих анги мэдэгдэх хуудсыг хүлээж авсан байхад шүүх нэхэмжлэлийн хувийг хорих ангийн захиргаагаар дамжуулан гардуулах ажиллагааг явуулаагүй нь илт тодорхой заалтыг зөрчсөн үндэслэлд хамаарна.
Хоёр. Шүүгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах хуульд заасан хугацааг зөрчсөн байна.
Дээр дурдсанчлан, шүүгч 2023 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 183/ШЗ2023/15032 дугаар захирамжаар иргэний хэрэг үүсгэж, 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 183/ЗТ2023/03195 дугаар шүүгчдийн зөвлөгөөний тогтоолоор хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацааг 30 хоногоор сунгаж, нэхэмжлэлийн хувийг хариуцагчид 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдөр гардуулсны дараа дараах ажиллагааг явуулжээ. Үүнд:
-2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, Улсын ерөнхий прокурорын газрын Эрүүгийн хэргийн төв архиваас холбогдох нотлох баримтыг гаргуулах тухай хүсэлт гаргасныг шүүх 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хариуцагчид гардуулж, хариуцагч 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хариу тайлбар ирүүлсэн,
-2024 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 183/ШЗ2024/07863 дугаар шүүгчийн захирамжаар нэхэмжлэгчийн Эрүүгийн хэргийн тусгай архиваас баримт гаргуулах хүсэлтийг хангаж, Эрүүгийн хэргийн тусгай архивын 2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 270 дугаар албан бичгээр захирамжид заасан баримтыг ирүүлсэн,
-2024 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 183/ШЗ2024/14495 дугаар захирамжаар хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэж, 2024 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийг хангаж, 183/ШТ2024/00492 дугаар тогтоолоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар шинжээч томилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн,
- 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдөр шинжээчийн дүгнэлт ирсэн тул 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 183/ШЗ2024/23954 дүгээр захирамжаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээж, хуралдааныг 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр товлон, тус өдрийн хуралдаан хариуцагчийн хүсэлтийг хангаж, хойшлуулжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт “Хуулиар өөр хугацаа тогтоогоогүй бол хэрэг үүсгэсэн өдрөөс хойш 60 хоног, давж заалдах болон хяналтын шатны шүүхээс хэргийг дахин хэлэлцүүлэхээр ирүүлсэн бол шүүгч хэргийг хүлээж авснаас хойш 30 хоногийн дотор тус тус шийдвэрлэнэ” гэж, 71.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 71.1-д заасан хугацааг тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс нэг удаа 30 хүртэл хоногоор сунгаж болно” гэж тус тус заасан.
Хариуцагч 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хариу тайлбар ирүүлснээс хойш 2024 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн шүүгчийн захирамжаар хүсэлт шийдвэрлэх хүртэл 2 сар 4 хоног, Эрүүгийн хэргийн тусгай архивын 2024 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 270 дугаар албан бичгээр шүүгчийн захирамжид заасан баримтыг ирүүлснээс 2024 оны 6 дугаар сарын 25-ны өдөр хэлэлцүүлэх захирамж гарах хүртэл 2 сар 14 хоног, нийт 4 сар 18 хоногийн хугацаанд тус иргэний хэрэгт ажиллагаа явуулаагүй байна.
Шүүгч Г.Төрболд нь 2023 оны 7 дугаар сард тус шүүхийн шүүгчээр томилогдон, тухайн жилдээ “Хэрэг, нэхэмжлэл, өргөдөл, гомдол, хүсэлт хүлээн авах, хуваарилах болон хэрэг маргааныг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг сугалаагаар томилох нийтлэг журам”-ын дагуу 560 нэхэмжлэл, шүүгчдийн зөвлөгөөний тогтоолоор 105 хэргийг хүлээн авч, 283 шүүх хуралдаан товлож, 1254 захирамж, 7 тогтоол, 260 шүүхийн шийдвэр гаргажээ. Мөн 2024 онд 800 нэхэмжлэл, шүүгчдийн зөвлөгөөний тогтоолоор 64 хэргийг хүлээн авч, 652 шүүх хуралдаан товлож, 2126 захирамж, 33 тогтоол, 451 шүүхийн шийдвэр гаргасан болох нь ачааллын судалгаагаар тогтоогдож байх боловч энэ нь тухайн иргэний хэргийг хуульд заасан хугацаанд шийдвэрлэхгүй байх үндэслэл болохгүй.
Иймд шүүгч хэрэг хянан шийдвэрлэх хугацааг хэтрүүлсэн нь хуулийн илт тодорхой заалтыг зөрчсөн гэж дүгнэсэн илтгэгч гишүүний дүгнэлтийг хүлээн авах үндэслэлтэй.
Өргөдөлд, 2024 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн шүүх хуралдаанд хариуцагчийн иргэдийн төлөөлөгч оролцуулах, өмгөөлөгч авах хүсэлтийг хангаж шүүх хуралдааныг хойшлуулсан нь хууль зөрчсөн гэсэн нь сахилгын зөрчилд хамаарахгүй талаар илтгэгч гишүүн зөв дүгнэсэн байна.
Учир нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8 дахь хэсэгт “Томилогдсон иргэдийн төлөөлөгч энэ хуулийн 76.1.2-т заасны дагуу мэдэгдсээр байхад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол зохигчийн зөвшөөрлөөр түүний эзгүйд шүүх хуралдаан явуулж болно. Харин зохигчийн аль нэг нь үүнийг зөвшөөрөөгүй бол шүүх хуралдааныг хойшлуулна” гэж заасан тул тус өдрийн шүүх хуралдааныг хойшлуулсан гэх үндэслэлээр шүүгчийг буруутгах боломжгүй. Мөн хариуцагч Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 14-т зааснаар хууль зүйн туслалцаа авах үндсэн эрхтэй бөгөөд шүүхээс хэргийн оролцогчийг уг эрхээр хангажээ.
Дээрхээс дүгнэвэл, шүүгч Г.Төрболд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.1, 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт заасныг тус тус зөрчсөн байх тул түүнийг Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т “хуулийн илт тодорхой заалтыг удаа дараа зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргах” гэж заасан сахилгын зөрчил гаргасан гэж дүгнэв.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д “Сахилгын хороо энэ хуулийн 50, 51.1, 52, 53 дугаар зүйлд заасан хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон зохицуулалтыг зөрчсөн шүүгчид сахилгын шийтгэл оногдуулна.” гэж, 57 дугаар зүйлийн 57.1.7-д “энэ хуулийн ...50.1.23-т заасан зөрчилд хаалттай сануулах, эсхүл нээлттэй сануулах, эсхүл цалингийн хэмжээг зургаа хүртэл сараар 20 хүртэл хувиар бууруулах, эсхүл шүүгчийн бүрэн эрхийг гурван сар хүртэлх хугацаагаар түдгэлзүүлж, сургалтад суухыг даалгах, эсхүл огцруулах шийтгэл оногдуулна” гэж тус тус заасан.
Шүүгчийн гаргасан дээрх сахилгын зөрчлийн шинж чанар, хэр хэмжээ, зөрчлийн үр дагавар болон ачаалалтай ажиллаж байсан зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж, түүнд нээлттэй сануулах сахилгын шийтгэлийг оногдуулах нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.3, 112.2, 112.8 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн ГНД/2025/0002 дугаар нотлох дүгнэлтийг бүхэлд нь хүлээн авч, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23, 57 дугаар зүйлийн 57.1.7-д заасныг тус тус баримтлан Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Төрболдод “нээлттэй сануулах” сахилгын шийтгэл оногдуулсугай.
2. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6-д зааснаар магадлал гаргаснаас хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч, өргөдөл гаргагч нарын оршин суугаа газрын эсхүл ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар хүргүүлэхийг ажлын албанд даалгасугай.
3. Магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сахилгын хороонд хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.
4. Дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох ба энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ С.ЭНХТӨР
ГИШҮҮД Х.ХАШБААТАР
Д.ЭРДЭНЭЧУЛУУН