info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих ШИЛЭН ДАНС
ENMNG

МОНГОЛ УЛС

ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО

МАГАДЛАЛ

2025-01-08

Дугаар 6

Улаанбаатар хот

Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Шүүхийн сахилгын хорооны хуралдааныг гишүүн С.Энхтөр даргалж, гишүүн  Д.Ариунтуяа, Ц.Давхарбаяр нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Х.Хашбаатар, нарийн бичгийн даргаар хуралдаан хариуцсан ахлах мэргэжилтэн Г.Болортуяаг оролцуулан тус хорооны хуралдааны танхимд нээлттэй хийв.

Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн ГС/2024/0126 дугаар Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хянан хэлэлцээд           ТОДОРХОЙЛОХ нь:

Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгосон саналд: “Нэг. Хэргийг Ц.А хариуцаж байгаа ч хэргийг шүүн таслах ажиллагаа 6-7 удаа хойшлон сунжирч байгаад 2024 оны 06 дугаар сарын 21-ний өдөр бүр тодорхойгүй хугацаагаар хойшлуулж миний биеийг асар ихээр чирэгдүүлж. сэтгэл санааны гүн дарамтад оруулж байна гэх тухайд, иргэн С.О-аас “ХХБ” ХХК-д холбогдуулан хадгаламжийн хүүгийн зөрүү 20,937,827 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг ... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдөр гаргасныг шүүгч Ч.И хүлээн авч, шүүгчийн 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн .../Ш32022/08302 дугаар захирамжаар иргэний хэрэг үүсгэсэн байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Ч.И-г шүүгчийн албан тушаалаас чөлөөлж, Ц.А-ийг шүүгчээр томилсонтой холбогдуулан тус шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2022 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн тогтоолоор дээрх хэргийг шүүгч Ц.А-д хуваарилж, Ерөнхий шүүгчийн 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн .../ЕШ2022/02280 дугаар захирамжаар шүүх хуралдаан даргалагчаар томилсон шийдвэрийг албажуулжээ. Шүүгчийн 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн .../ШЗ2022/14251 дүгээр захирамжаар тус иргэний хэргийг 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хийхээр товлосон боловч дараах үндэслэлүүдээр шүүх хуралдаанууд хойшилсон байна. Үүнд: 1. Нэхэмжлэгчийн “шүүхийн журмаар нотлох баримт бүрдүүлэх” хүсэлтийг хангаж, “ХХБ” ХХК-иас нотлох баримт гаргуулахаар 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн хуралдааныг 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хүртэл, 2. 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанд нэхэмжлэгч С.О-аас нэхэмжлэлийн үндэслэлээ гэм хорын дагуу шаардаж байгаа гэж тодруулсны дагуу хэргийг хуульд зааснаар шүүх бүрэлдэхүүнтэйгээр хэлэлцэх болсонтой холбоотойгоор бүрэлдэхүүн томилогдох хүртэл, 3. Шүүх бүрэлдэхүүн томилогдоогүй хэдий ч дараагийн шүүх хуралдааныг 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдөр товлосон боловч нэхэмжлэгчээс урьд нь хадгаламж дахь мөнгө дутсан асуудлаар цагдаад гомдол гарган шалгуулж байсан эрүүгийн хэрэгт тус иргэний хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий баримтуудыг хавсаргасан байсан ч эрүүгийн хэрэг олдохгүй байх тул уг асуудлыг шийдвэрлэсний дараа шүүх хуралдааныг хийх шаардлагатай гээд шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтээ Нийслэлийн прокурорын газрын 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 2/445 дугаар албан бичгийн хамт гаргасныг хангаж, шүүх хуралдааныг жич товлон зарлахаар, 4. Дахин 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр шүүх хуралдааныг товлосон боловч нэхэмжлэгч С.О-аас дээр дурдсан эрүүгийн шалгалтын ажиллагаа дуусаагүй байх тул шүүх хуралдааныг хойшлуулах, мөн нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн бөгөөд хариуцагчид өөрчилсөн шаардлагыг танилцуулах ажиллагааг хийхээр шүүх хуралдааныг жич товлон зарлахаар хойшлуулжээ. Дээрх хугацаанд буюу 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс 11 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд шүүх хуралдаан товлоогүй шалтгаанаа шүүгч Ц.А-ээс “... Хэргийн оролцогч тухайн хэрэг маргааныг шийдвэрлүүлэх талаар хүсэл зоригоо илэрхийлээгүй, мөн эрүүгийн асуудлаар шалгагдаж буй зүйлээс шалтгаалан иргэний хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий баримтыг гаргаж өгөх шаардлагатай гэсэн үндэслэлээр тодорхойгүй хугацаагаар хурал хойшлуулах хүсэлт гаргасан учир уг хэргийн хуралдааныг ойрхон зарласан ч үр дүн гарахгүй нь илт байснаас гадна шүүхийн хэрэг, маргааны ачаалал, шүүгч, захиргааны ажилтан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, шүүгчийн туслахын ажлын ачаалал, нэг шүүгчид ногдох хэргийн тоо, хуралдаан, ажлын цаг зэргээс шалтгаалан хэрэг маргааныг жич товлон хойшлуулах нөхцөл байдал бий болсон, ... иргэний эрх зүйн зарчим нь талуудын зарчимд суурилдаг тул шүүх хуралдаан хойшилсон байх хугацаанд ямар нэгэн ажиллагааг шүүх өөрийн санаачилгаар явуулах шаардлага, үндэслэлгүй болно ...” гэж тайлбарласан. Үүнийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6, 38.9-д зааснаар хэргийн оролцогчдоос гаргасан хүсэлтэд үндэслэн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулахаар шүүх хуралдааныг хойшлуулж шийдвэрлэсэн гэж үзэхээр байна. Шүүхээс гарах аливаа шийдвэр үндэслэлтэй, хууль ёсны байх шаардлагыг хангахын тулд Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуульд нийцүүлэн, хэрэгт хамааралтай бөгөөд хуульд заасан арга хэрэгслээр олж авсан нотлох баримтаар хэргийн үйл баримтыг бүрэн тогтоосон, хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор харьцуулж хууль зүйн дүгнэлт өгөх зарчмын дагуу тус иргэний хэргийг шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримтыг бүрэн бүрдүүлсний дараа шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэхээр төлөвлөсөн шүүгчийн үйлдлийг буруутгах үндэслэлгүй. Хэдийгээр дээрх хугацаанд шүүхээс ажиллагаа хийгээгүй, хэргийг орхигдуулсан мэт харагдаж байх боловч иргэний хэргийн шүүх нь тэгш эрхтэй эрх зүйн этгээдүүдийн хооронд үүссэн харилцааг зохицуулдаг хувийн эрх зүйгээс үүдэлтэй маргааныг хянан шийдвэрлэдэг онцлогтой тул хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх зарчимд суурилан өөрийн санаачилгаар нотлох баримт цуглуулах ажиллагааг хийдэггүй, хэргийн оролцогчид нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болон хүлээн зөвшөөрөөгүй татгалзлаа өөрсдөө нотлох үүрэгтэй байдаг. Энэ утгаар нэхэмжлэгч өөрийн нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтыг иргэний хэргийн шүүх болон өөрөөс үл шалтгаалах шалтгаанаар гаргаж өгөх боломжгүй байгаагаа тайлбарлаж, үүнийгээ нотолсон баримтыг хавсаргасан хүсэлтэд үндэслэн шүүх хуралдааныг хойшлуулж шийдвэрлэснийг хууль зөрчсөн гэж үзэхгүй. Мөн шүүгч Ц.А нь 2022 оны 07 дугаар сард шүүгчээр томилогдсоноос хойш 12 дугаар сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд 300 хэрэг маргаан, нэхэмжлэл хүлээн авч, 294 удаагийн хуралдаан товлосон, үүнээс 164 хуралдаан хойшилж, 151/5 сарын хугацаанд/ хэргийг шийдвэрлэсэн, 12 дугаар сарын 21-ний өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн хооронд нийт 796 нэхэмжлэл хүлээн авч, 776 хуралдаан товлож, үүнээс 375 хурал хойшилсон, 471 /нэг жилд/ хэргийг шийдвэрлэсэн, эдгээр хэргүүдийг хэлэлцэн шийдвэрлэх шүүх хуралдааныг товлон зарлахын тулд хуульд заасан ажиллагаа явуулах шаардлагатай байдгаас гадна шүүгчийн орон тоо дутуугаас шалтгаалан шүүгчид хуваарилагдах нэхэмжлэлийн тоо өсдөг, шүүх хуралдааныг хэрэг үүсгэсэн дарааллаар товлодог зэрэг хүндэтгэн үзэх шалтгааныг дурдах нь зүйтэй. 5. Иргэний хэргийн нэхэмжлэгч С.О нь нэхэмжлэлийн шаардлагаа гэм хорын хохирлоо гаргуулах гэж өөрчлөн тодорхойлсон тул Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1, 82 дугаар зүйлийн 82.1.1-д тус тус зааснаар бүрэлдэхүүнтэй хянан шийдвэрлэх маргаан тул Ерөнхий шүүгчийн 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн .../ЕШ2024/01503 дугаар захирамжаар шүүх хуралдаан даргалагчаар шүүгч Ц.А, шүүх бүрэлдэхүүнд шүүгч А.М, О.О нарыг томилсон шийдвэрийг албажуулсан байна. Ингээд шүүх хуралдааныг 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр товлосон боловч бүрэлдэхүүний шүүгч нарын хүндэтгэн үзэх шалтгаантай байдал болон нэхэмжлэгч С.О-ын өөрчилж, тодруулсан нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагчид гардуулах, нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэнтэй холбогдуулан улсын тэмдэгтийн хураамжийг төлүүлэх зэрэг ажиллагааг хийхээр хойшлуулжээ. Дээр дурдсанчлан шүүх бүрэлдэхүүнийг томилуулахаар 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр шийдвэрлэсэн боловч томилогдоогүй удсан талаар шүүгч Ц.А“... Нэгэнт хуралдаан хойшлох нөхцөл нь шүүх бүрэлдэхүүн томилогдохоос өмнөх шатанд бүрдсэн учир шүүхийн хэрэг, маргаан, ажлын ачаалал, нэг шүүгчид ногдох шүүх хурал, хэргийн тоо, шүүхийн захиргааны ажилтан, шүүгчийн туслахын ажлын ачаалал, шүүх хуралдааны танхимын хүрэлцээгүй байдал зэргээс шалтгаалан тухайн үед шүүх бүрэлдэхүүн томилох, заавал хэргийн оролцогчийн эзгүйд нь хүсэлтийг хуралдаанаар хэлэлцүүлэх зайлшгүй шаардлага үүсээгүй болно ...” гэж тайлбарлажээ. Шүүх хуралдаан даргалагч болон шүүх бүрэлдэхүүнийг томилсон шийдвэрийг албажуулах бүрэн эрх нь Ерөнхий шүүгчид хадгалагддаг, дээр дурдсанчлан нэхэмжлэгчээс шүүх хуралдааныг товлох бүрд хойшлуулах хүсэлт гаргадаг, нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөнтэй холбогдуулан шүүхээс зохих ажиллагааг хийх шаардлага үүсдэг, шүүхийн ачаалал их, мөн шүүх бүрэлдэхүүн томилогдоогүй гэх шалтгаанаар шүүх хуралдаан хойшилсон нөхцөл байдал үүсээгүй, хэрэг хянан шийдвэрлэх хугацаа удааширсан нь шүүх бүрэлдэхүүн томилохтой холбоогүй, үүнээс шалтгаалан нэхэмжлэгчийн эх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөгүй зэргээс үзэхэд шүүгч Ц.А-ийг уг үндэслэлээр шууд зөрчил гаргасан гэж үзэх нь учир дутагдалтай. 6. Харин 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн хуралдааныг хариуцагчийн шүүхийн журмаар нотлох баримт бүрдүүлэх хүсэлтийг хангаж, 2024 оны 06 дугаар сарын 21-ний өдөр хүртэл, 7. 2024 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн шүүх хуралдаанд гаргасан хариуцагчийн “нотлох баримт гаргуулах тухай шүүхийн тогтоолын биелэлтийг хангуулах” хүсэлтийг хүлээн авч, шүүх хуралдааныг жич товлон зарлахаар тус тус шийдвэрлэсэн байна. Дээрхээс үзэхэд, тус иргэний хэргийн шүүх хуралдаан 7 удаа хойшилсон байх бөгөөд нэхэмжлэгч С.О-ын хүсэлтээр 2 удаа, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж, өөрчилсөн, нэмэгдүүлсэнтэй холбогдуулан ажиллагаа хийх шаардлага үүссэнээс шалтгаалан 3 удаа, хариуцагчийн хүсэлтээр 2 удаа хуралдааныг тус тус хойшлуулжээ. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хэргийн оролцогч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдлэх эсрэг талын шаардлага, тайлбар, татгалзал, түүнийг нотлох баримттай танилцах, тэдгээрт тайлбар өгөх, шүүх хуралдааныг хуульд заасан үндэслэлээр хойшлуулах тухай хүсэлт гаргах, нэхэмжлэлийн үндэслэл болон шаардлагыг өөрчлөх, ихэсгэх зэрэг хуулиар олгосон эрхийг нь хангаж, зохигч мэтгэлцэх, тайлбар гаргах боломжийг олгосон гэж үзлээ. Мөн өргөдөл гаргагчаас өргөдөлдөө “2024 оны 06 дугаар сарын 21-ний өдөр тодорхойгүй хугацаагаар шүүх хуралдааныг хойшлуулсан” гэж дурдсан бөгөөд энэ талаар шүүгч нар “... Шүүгч нарын хуулиар тогтоосон ээлжийн амралтын хугацаатай холбоотойгоор шүүх хуралдааныг жич товлон хойшлуулсан ...” гэж тайлбарласан. Тус иргэний хэргийг бүрэлдэхүүнтэйгээр хянан хэлэлцсэн 2024 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн шүүх хуралдааныг жич товлон зарлахаар хойшлуулсан байх тул шүүгч нарын тайлбарт дурдсан дээрх үндэслэлийг тодруулахаар тус шүүхийн Тамгын газраас шүүгч нарын 2024 оны ээлжийн амралтын хуваарийг гаргуулан авахад шүүгч Ц.А нь 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс 08 дугаар сарын 01-ний өдөр хүртэл, шүүгч А.М нь 08 дугаар сарын 01-ний өдрөөс 09 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэл, шүүгч О.О нь 08 дугаар сарын 01-ний өдрөөс 09 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл ээлжийн амралтаа авчээ. Шүүх хуралдааны явцад хэргийг гагцхүү нэг шүүгч буюу шүүхийн нэг бүрэлдэхүүнээр шийдвэрлэх агуулга бүхий шүүгч буюу шүүх бүрэлдэхүүнийг өөрчилж үл болох зарчмын дагуу авч үзвэл, шүүх хуралдаан хойшилсон нь нэгэнт томилогдсон хуралдаан даргалагч болон шүүх бүрэлдэхүүн өөрчлөгдөх үндэслэл болохгүй тул шүүгч нарын ээлжийн амралт эдлэх хугацааг харгалзан үзэж жич товлохоор хойшлуулсныг буруутгах үндэслэлгүй байна. Хоёр. “... шүүх хуралдааны явцад хариуцагч нь "баримтгүй учраас нотлох баримт гаргаж өгч чадаагүй” гэдгээ хүлээмэгц шүүгч А.М "нэхэмжлэгч архиваас нотлох баримт авсан" гэх зэргээр илт чиглүүлэн зөвлөсөн. Өмнө нь би үүнтэй яг ижил хүсэлтийг бичгээр гаргахад шүүгч Ц.А нь дээрх заалт болон хэргийн оролцогч өөрөө нотлох баримтыг цуглуулах үүрэгтэйг сануулан хүсэлтийг хүлээж авахаас татгалзана гэж шахалтад оруулж байгаад миний биеийг хүсэлтээс минь татгалзуулж байсан ...” гэх тухайд; 2.1. Иргэний хэрэгт үзлэг хийхэд нэхэмжлэгч нь 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдөр нэхэмжлэл гаргахдаа “...хэргийг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой одоо Шүүхийн тусгай архивд байх хэргийн материалыг татан авна уу” гэсэн хүсэлтийг нэхэмжлэлийн хамт шүүхэд ирүүлсэн байна. Өргөдөлд дурдсан “шүүгч шахалтад оруулж байгаад хүсэлтээс минь татгалзуулсан” үйл явдал болсон гэх 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн шүүх хуралдааны дуу, дүрсний бичлэгийг авахаар Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 02/106 дугаар албан бичгээр ..., ... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт хандахад 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн шүүх хуралдааны дуу, дүрсний бичлэг хадгалагдаагүй гэх тайлбарыг шүүхийн Тамгын газрын 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 1243 дугаар албан бичгээр ирүүлсэн ч шүүх хуралдааны тэмдэглэлд хүсэлтийг хэлэлцсэн талаар тусгагдсан байх тул үүнд үндэслэн дүгнэлт өгөх боломжтой гэж үзсэн. Нэхэмжлэгчийн архиваас гаргуулахыг хүссэн хэрэг бүхэлдээ, эсхүл тус хэрэгт цугларсан ямар баримт нь одоо хянагдаж байгаа хэргийг шийдвэрлэхэд яагаад зайлшгүй шаардлагатай талаар шүүх хуралдааны явцад тодруулсан нь шүүх зөвхөн тухайн хэрэгт хамааралтай буюу тухайн маргаантай холбоотой үйл баримтыг тогтоох, эсхүл няцаах нотлох баримтыг хэлэлцэх зарчимд нийцсэн байна. Нэгэнт нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн хүсэлтээсээ татгалзаж байгаа талаараа шүүх хуралдаанд илэрхийлсэн тул хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй бөгөөд шалгах ажиллагааны явцад “шүүгчийн зүгээс хүсэлтээсээ татгалз хэмээн шахсан, дарамталсан” гэх үйл баримт тогтоогдоогүй болно. 2.2. Өмнө нь нэхэмжлэгч С.О нь “ХХБ” ХХК-д холбогдуулан хадгаламжийн хүүгийн зөрүү болон хохиролд 5,503,320 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, мөн хариуцагч “ХХБ” ХХК-аас нэр төр сэргээлгэж, 10,000,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргасан иргэний хэргийг ... дүүргийн 2012 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 25 дугаар тогтоолоор буцааж шийдвэрлэж байжээ. Дээрх хэргийг Шүүхийн тусгай архиваас гаргуулах тухай хүсэлтийг 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасныг шүүх хүлээн авч, .../ШТ2024/00317 дугаар тогтоолоор хангаж шийдвэрлэсэн боловч Шүүхийн тусгай архиваас “... холбогдох хэргийг тус архивд нөхөн бүрдүүлэлтээр хүлээлгэн өгөөгүй болно” гэх хариуг ирүүлжээ. Тус иргэний хэргийг хэлэлцсэн 2024 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн шүүх хуралдааныг шүүгч Ц.А даргалж, бүрэлдэхүүнд шүүгч А.М, О.О нар оролцсон бөгөөд шүүх хуралдааны үед хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс дээрх хариутай холбоотойгоор дахин архив руу нөхөн бүрдүүлэлтээр авсан эсэхийг тодруулах шаардлагатай талаар хэлж, 2012 онд хянагдаж байсан хэргийн материал архивд байгаа гэж үзэж байгаа тул тухайн материалыг татуулах хүсэлттэй байгаагаа илэрхийлжээ. Дээрх шүүх хуралдааны тэмдэглэл болон дуу-дүрсний бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлээс үзэхэд, хуралдаан даргалагч болон бүрэлдэхүүний шүүгчээс хэргийн оролцогчдын хэн алинаас нь шүүх хуралдааны дэгийн дагуу хэргийг хэлэлцэж эхлэхээс өмнө шинээр гаргах хүсэлт болон нотлох баримт байгаа эсэхийг асууж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан хүсэлттэй холбоотойгоор асуулт асуусан байх бөгөөд хүсэлтийн талаар тодруулсныг хэргийн аль нэг талд үйлчилсэн, зөвлөгөө өгсөн, эсхүл бусдад давуу байдал олгосон гэж үзэхгүй. Мөн тус шүүх хуралдаан болохоос өмнө буюу 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн шүүх хуралдаанд шүүхийн тусгай архивд байгаа хэргийг гаргуулах хүсэлтийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан, 2024 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчээс шүүхэд шинээр гаргаж өгсөн нотлох баримтууд нь шүүхийн тусгай архивд хадгалагдаж байсан хэргээс хуулбарлан авсан гэдгээ өөрөө тайлбарлан, архивд очиж үзэхэд хэрэг байсан талаараа хэлсэн байх тул өргөдөлд “...нэхэмжлэгч архиваас нотлох баримт авсан гэх зэргээр илт чиглүүлэн зөвлөсөн” гэж дурдсан нь үндэслэлгүй байна.  Түүнчлэн, өргөдөл гаргагч өргөдөлдөө шүүгч А.М-ыг чиглүүлсэн, зөвлөсөн гэж бичсэн боловч шалгах ажиллагааны явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хүсэлттэй холбогдуулан асуулт асууж, тодруулга авсан шүүгч нь О.О байсан болох нь шүүх хуралдааны тэмдэглэл болон шүүгч О.О-ээс 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдөр ирүүлсэн тайлбар зэргээр тогтоогдсон буюу өргөдөлд шүүгчийн нэрийг сольж бичсэн болохыг тэмдэглэв. 2.3. Сахилгын хорооны хуралдаанаас дахин шалгуулахаар илтгэгч гишүүнд буцаасан тогтоолд “...2024 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн хүсэлт хэлэлцэхэд шүүгч О.О хэргийн оролцогчоос асуулт асуусан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2.2-т заасантай нийцэж байгаа эсэх талаар дүгнэлт өгөх шаардлагатай ...” гэж дурдсан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн Аравдугаар бүлэгт шүүх хуралдааны дэгийг хуульчилсан бөгөөд шүүх хуралдаан даргалагчаас шүүх хуралдааныг нээн, шүүх хуралдааны ирц, оролцох эрхийг шалгаж, шүүх бүрэлдэхүүнийг зарлан татгалзан гаргах эрх болон хэргийн оролцогчийн эрх, үүргийг тайлбарлана. Улмаар хэргийг хэлэлцэж эхлэхээс өмнө хэргийн оролцогчдоос гаргах хүсэлт байгааг асууж, хэрэв хүсэлттэй бол түүний үндэслэлийг сонсож, бусад оролцогчдоос хүсэлттэй холбоотой тайлбар, саналыг сонссоны дараа хүсэлтийг шийдвэрлэх үүрэгтэй. Тус иргэний хэргийн 2024 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан хүсэлт, уг хүсэлттэй холбоотой нэхэмжлэгчээс гаргасан санал, тайлбараас бүрэлдэхүүний шүүгч О.О нь тодруулга авч, асуулт асуусныг шүүх хуралдааны дэгийг зөрчсөн гэж үзэхгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар хүсэлтийг шийдвэрлэж, шүүх хуралдааныг үргэлжлүүлэх боломжтой гэж үзсэн тохиолдолд даргалагч хэргийн талаар танилцуулснаар хэргийг хэлэлцэх шат эхлэх бөгөөд зохигч мэтгэлцсэний дараа нотлох баримт шинжлэх, асуулт асуух дарааллыг тогтоодог. Тус өдрийн шүүх хуралдаан хэргийг хэлэлцэж эхлэхээс өмнө буюу хүсэлт хэлэлцэх шатанд дууссан бөгөөд хэрэгт ирүүлсэн баримтын талаар хэргийн оролцогчоос гаргаж байгаа тайлбар нь түүнээс шүүхэд хандаж байгаа хүсэлт мөн эсэхийг тодруулан асуусныг шүүх хуралдааны дэгтэй холбон үзэж, бүрэлдэхүүний шүүгчид ийм эрх байгаа эсэхийг шалгах хууль, эрх зүйн үндэслэл огт байхгүй юм. Түүнчлэн, даргалагчаас асуулт асуух дарааллыг тогтоосноос хойш шүүх хуралдааны дэгийг алдагдуулан, дарааллыг зөрчин бүрэлдэхүүний шүүгч асуулт асуусан нөхцөл байдал үүсээгүй болохыг дахин дурдаад, хэргийг шүүх бүрэлдэхүүнээр хэлэлцэхдээ хамтын зарчмаар шийдвэрлэдэг зохицуулалтын хүрээнд бүрэлдэхүүний шүүгч тодруулах шаардлагатай гэж үзсэн асуудлаараа асуулт асуухыг дэг зөрчсөн гэж үзэх нь хууль, эрх зүйн болон практикийн хувьд ч өрөөсгөл ойлголт болохыг тэмдэглэв. Гурав. “... хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд, мөн хуулийн шаардлага хангаагүй тушаалаар томилогдсон буюу ХХБ-ны төлөөлөх эрхгүй этгээдийг шүүх хуралд ирээгүйд тус тус тооцон нэхэмжлэлийг шийдвэрлэж өгөхийг хүссэн боловч шүүгчид миний хүсэлтийг хүлээн авалгүй хэргийг тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан 333 тоот тогтоол гаргасан нь илт хууль зөрчсөн гэж үзэж байна ...” гэх тухайд;  3.1. Иргэний хэрэг үүсгэсний дараа хариуцагч “ХХБ” ХХК-ийн гүйцэтгэх захирал О.О-оос орлогч Ц.Г-т 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдөр итгэмжлэл олгож, уг итгэмжлэлээр олгогдсон эрх, үүргээ гуравдагч этгээдэд шилжүүлэх эрхтэйгээр 3 жилийн хугацаагаар олгосныг үндэслэн орлогч Ц.Г нь 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн итгэмжлэлээр хариуцагчийг шүүхэд төлөөлөх эрхийг П.Н-д, 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдөр итгэмжлэлээ шинэчлэн М.М, П.Н нарт олгожээ.  Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гүйцэтгэх захирал О.О-оос орлогч Ц.Г-т олгосон итгэмжлэлийн хугацаа дууссан тул дахин Ц.Г-т олгосон 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн итгэмжлэлдээ итгэмжлэлээр олгосон эрхээ бусдад шилжүүлэх эрхтэйгээр олгосон байна. Уг итгэмжлэлийн дагуу тус банкийг төлөөлөх бүрэн эрхийг П.Н, Б.Б нарт 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдөр олгожээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2-т “Төлөөлөгчийн бүрэн эрхийг төлөөлүүлэгчээс бичгээр олгосон итгэмжлэл, бусад бичиг баримтаар тодорхойлно. Итгэмжлэлд зохигчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд эдлэх эрхийн заримыг төлөөлөгчид эдлүүлэхгүй байхаар зааж болно. Итгэмжлэл нь Иргэний хуулийн 64.2-т заасан шаардлагыг хангасан байна. Хариуцагч “ХХБ” ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий албан тушаалтан, эрх барих этгээд нь гүйцэтгэх захирал О.О-оос Ц.Г-т олгосон итгэмжлэлд гарын үсгээ зурж, тамга дарсан, олгосон огноог заасан, нотариатаар гэрчлүүлсэн, 3 жилийн хугацаагаар олгосон байх тул итгэмжлэлд тавигдах хуульд заасан шаардлагыг хангасан байна. Мөн орлогч Ц.Г нь итгэмжлэлээр олгогдсон эрх, үүргээ гуравдагч этгээдэд шилжүүлэх эрхтэй болохыг дээрх итгэмжлэлд заасан бөгөөд үүний дагуу Ц.Г-аас П.Н, Б.Б нарт хариуцагчийн эрхийг эдэлж, үүргийг хүлээж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох итгэмжлэлийг олгосон нь Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.5-д заасанд нийцсэн байна. Дээрх байдлаар хариуцагч хуулийн этгээд шүүхэд төлөөлж оролцох төлөөлөгчөө хуулийн шаардлагыг хангасан итгэмжлэлийн үндсэн дээр томилсон байх тул өргөдөлд “... оролцогчид олгосон итгэмжлэл нь хүчин төгөлдөр бус ...” гэж дурдсан нь үгүйсгэгдэж байна. 3.2. Өргөдөл гаргагчаас өргөдөлдөө “... Би 2023 оны 10 дугаар сарын 23-нд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь заалтаар олгогдсон эрхийнхээ хүрээнд нэхэмжлэл гаргасан үндэслэлээ өөрчилж шүүхэд хүргүүлсэн. Үүнээс хойш 2024 оны 6 дугаар сарын 21 хүртэл буюу 234 хонож байхад хариуцагч шүүхэд ямар нэгэн тайлбар ирүүлээгүй. Өөрөөр хэлбэл шүүгчид ХХБ-ны тайлбар гаргах хугацааг хуульд зааснаас 17 дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр хэтрүүлэх боломж олгоод байгаа ...” гэж дурджээ. Иргэн С.О-аас анх “ХХБ” ХХК-д холбогдуулан хадгаламжийн хүүгийн зөрүү 20,937,827 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг ... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдөр гаргаснаар иргэний хэрэг үүсэж, дээр дурдсан хүчин төгөлдөр итгэмжлэл бүхий хариуцагчийн төлөөлөгч П.Н-аас 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа “нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч” тайлбар гаргасан байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчээс 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдөр нэхэмжлэлийн үндэслэлээ өөрчлөх хүсэлтийг ирүүлсэн бөгөөд үндсэн нэхэмжлэлийн шаардлага болох хүүгийн зөрүү 20,937,827 төгрөгийг гаргуулах нь хэвээрээ, харин “ХХБ” ХХК-ийн ажилтны буруугаас болж хадгаламжийн хүү дутуу авсан гэх үндэслэлээ хууль бус гүйлгээ хийсний улмаас хадгаламжийн мөнгөө бүрэн аваагүй гэж өөрчилжээ. Үүнээс хойш тус иргэний хэргийг хэлэлцсэн 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Н “Эвлэрэх боломжгүй, шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч байна” гэж хариуцагчийн байр суурийг тодорхой илэрхийлсэн байна. Дээрх байдлаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тухай тайлбарыг бичгээр болон амаар шүүхэд гаргаагүй байхад хүлээн зөвшөөрсөн гэж үзэж хэргийг шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хуулийн шаардлагатай зөрчилдөнө гэх шүүгч нарын тайлбар үндэслэлтэй байна. Тодруулбал, нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага нь өөр ойлголтууд бөгөөд нэхэмжлэлийн үндэслэл гэдэг нь нэхэмжлэгч шүүхэд хандах болсон бодит нөхцөл ба түүний шаардлага ямар учир шалтгаантай болохыг нэхэмжлэгчийн зүгээс тодорхойлсон байдал, харин шаардлага нь нэхэмжлэгч шүүхээс юу хүсэж байгааг илэрхийлдэг тул нэхэмжлэлийн шаардлага өөрчлөгдөөгүй, зөвхөн шаардлагаа тодорхойлсон үндэслэлээ өөрчилсөн тохиолдолд хүлээн зөвшөөрөх эсэх тухай заавал бичгээр тайлбар гаргах талаар тухайлан зохицуулсан зохицуулалт байхгүй, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч гаргасан өмнөх хариу тайлбар, шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр нэхэмжлэлийн үндэслэл өөрчлөгдсөн ч шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ хангалттай тодорхой илэрхийлсэн гэж үзэхээр байна. 3.3. Нэхэмжлэгч С.О-аас дээр дурдсан “нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрсөнд тооцох болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн итгэмжлэл хууль бус” гэх хүсэлтүүдээ 2024 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн шүүх хуралдаанд гаргасныг .../ШТ2024/00317 дугаар тогтоолоор хангахгүй орхиж, энэ үндэслэлээ захирамждаа дэлгэрэнгүй тайлбарласан байхад 2024 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн шүүх хуралдаанд дахин гаргасныг .../ШТ2024/00333 дугаар тогтоолоор мөн л хангахгүй орхиж шийдвэрлэжээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.1-д “Шинэ нотлох баримт бүрдүүлэх ба хэрэг хянан шийдвэрлэхтэй холбогдсон бусад асуудлын талаар хэргийн оролцогчоос гаргасан хүсэлтийг бусад оролцогчийн саналыг сонсмогц шүүх бүрэлдэхүүн буюу шүүгч даруй шийдвэрлэнэ” гэж зааснаар нэхэмжлэгчээс гаргасан дээрх хүсэлтүүдийг шүүх бүрэлдэхүүн тухай бүр бүрэн эрхийнхээ хүрээнд шийдвэрлэснийг хууль зөрчсөн гэж үзэхгүй. Иймд өргөдөлд дурдсан үйл баримтууд нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 55 дугаар зүйлд заасан хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон зохицуулалтыг зөрчсөн зөрчилд хамаарахгүй байх тул ... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.А, А.М, О.О нарт холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг Сахилгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэв.” гэжээ.

Шүүгч Ц.А, А.М, О.О нар Шүүхийн сахилгын хороонд гаргасан тайлбартаа: “...Тус шүүх С.О-ын нэхэмжлэлтэй, “ХХБ” ХХК-д холбогдох, хадгаламжийн хүүгийн хохиролд 20,937,827 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг анх 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн .../Ш32022/08302 захирамжаар иргэний хэрэг үүсгэсэн байдаг. 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдөр ... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд шүүгч Ц.А томилогдож ирснээр 2022 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн Шүүгчдийн зөвлөгөөний тогтоолын дагуу дээрх хэрэг Ц.А шүүгчид шилжиж хуваарилагдсан. Тухайн хэрэг, маргааны хувьд 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс 2024 оны 06 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл нийт 7 удаа шүүх хуралдааныг зарласан. Үүнээс 2022.10.26-ны өдрийн хуралдаанд нэхэмжлэгч С.О-аас шүүхийн журмаар нотлох баримт бүрдүүлэх хүсэлтийн дагуу 1 удаа, 2022.11.11-ний өдрийн хуралдаанд нэхэмжлэгч С.О-аас нэхэмжлэлийн үндэслэлээ гэм хорын дагуу шаардаж байгаа гэж тодруулсны дагуу хэргийг хуульд зааснаар шүүх бүрэлдэхүүнтэйгээр хэлэлцэх болсонтой холбоотойгоор 1 удаа, 2023.02.10-ны өдрийн хуралдааныг нэхэмжлэгч С.О-ын 2023.02.03-ны өдрийн шүүх хуралдаан хойшлуулах хүсэлтийг үндэслэн 1 удаа, 2023.11.10-ны өдрийн шүүх хуралдааныг нэхэмжлэгч С.О-ын шүүх хуралдаан хойшлуулах тухай 2023.10.06-ны өдрийн хүсэлтийн дагуу 1 удаа, 2024.04.26-ны өдрийн шүүх хуралдааныг бүрэлдэхүүний шүүгч нарын хүндэтгэн үзэх шалтгаантай байдал болон нэхэмжлэгч С.О-ын өөрчилж, тодруулсан нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагчид гардуулах, хариу тайлбар авах боломжоор хангаж 1 удаа, 2024.05.31-ний өдрийн хуралдааныг хариуцагч “ХХБ” ХХК-ийн шүүхийн журмаар нотлох баримт бүрдүүлэх хүсэлтийг хангаж 1 удаа, 2024.06.21-ний өдрийн шүүх хуралдааныг хариуцагч “ХХБ” ХХК-аас гаргасан нотлох баримт бүрдүүлэх хүсэлтийн дагуу тус тус хуралдааныг хойшлуулсан байна.  Тодруулбал, нэхэмжлэгч С.О-ын хүсэлтээр 4-5 удаа, хариуцагч “ХХБ” ХХК-ийн хүсэлтээр 2 удаа хуралдааныг тус тус хойшлуулжээ. Иймд шүүх хуралдааныг 6-7 удаа хойшлуулсан асуудал хэргийн оролцогч нарын хүсэлтийг хүлээн авч, мэтгэлцэх эрхээр нь хангасантай холбоотой. Гомдол гаргагчаас “... хариуцагч “ХХБ” ХХК-д давуу тал олгосон, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4, 38 дугаар зүйлийн З8.6, 72 дугаар зүйлийн 72.3, 100 дугаар зүйлийн 100.3, 36 дугаар зүйлийн 36.2, Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2 дахь заалтуудыг илт буруу тайлбарлан хэрэглэж, нэг талд давуу байдал үүсгэсэн” гэх агуулгаар гомдолд дурджээ. Хариуцагч нь 2022.07.06-ны өдрийн шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа “нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч” тайлбар гаргасан, улмаар үүнээс
хойших хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тухай тайлбарыг шүүхэд ирүүлээгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т зааснаар “зохигчийн тайлбар” нотлох баримтад хамаарах бөгөөд хариуцагчийн зүгээс шүүх хуралдаанд “нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй” байр суурьтай оролцож байгаагаа илэрхийлсэн нь хуралдааны тэмдэглэлд тусгагдсан. Энэ тохиолдолд шүүх хариуцагч өөрчилсөн, тодруулсан нэхэмжлэлийн шаардлагад хариу тайлбар бичгээр өгөөгүй, хугацаа хэтрүүлсэн, улмаар нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрсөнд тооцож маргааныг шийдвэрлэх хууль зүйн боломжгүй. Аливаа шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хуулийн шаардлагатай зөрчилдөнө. Хариуцагч Худалдаа, хөгжлийн банкны гүйцэтгэх захирал О.О-оос орлогч Ц.Г-т 2024.02.02-ны өдөр шүүхэд төлөөлөх эрхийг, мөн уг итгэмжлэлээр олгосон эрхээ бусдад шилжүүлэх эрхтэйгээр олгосон. Шилжүүлсэн эрхийн дагуу тус банкийг төлөөлж П.Н, Б.Б нар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байна. Хариуцагч хуулийн этгээд төлөөлж оролцох итгэмжлэгдсэн төлөөлөгчөө томилсон тул гүйцэтгэх захирал О.О-ыг биечлэн оролцуулах шаардлагагүй. Тухайн итгэмжлэл Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2-т нийцсэн. Хуулийн этгээд гадагш чиглэсэн /энэ тохиолдолд манай маргаан банкны хувьд гадагш чиглэсэн харилцаанд хамаарна/ харилцаанд төлөөлж оролцох хүнээ томилсон тул түүнээс гарах үр дагавраа өөрөө хариуцна. Иймд итгэмжлэл Банкны тухай хууль, тухайн банкны батлагдсан дүрэм журамд нийцэх эсэх асуудал шүүхэд хамааралгүй, Иргэний хуулийн 63 дугаар зүйлийн 63.2-т зааснаар үр дагавар төлөөлүүлэгч банкинд бий болно. Иргэн С.О-ын нэхэмжлэлтэй энэ маргаан өөрөө банкны дотоод үйл ажиллагаатай холбоотой маргаан биш харин банкнаас гадагш чиглэсэн харилцагч буюу банк хоёрын хоорондох иргэний эрх зүйн маргаан болно. 2024 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн шүүх хуралдааны явцад шүүгч, шүүх бүрэлдэхүүнээс хариуцагч банкинд зөвлөсөн, тусалсан зүйлгүй. Шүүх бүрэлдэхүүн, шүүгчдээс хуралдааны явцад гаргасан хүсэлтийг нь тодруулах үүднээс зохигч талуудаас асуулт асууж хариулт авах, тодруулах явдал хэргийн аль нэг талд үйлчилсэн, зөвлөгөө өгсөн, эсхүл бусдад давуу байдал олгосон үйлдэл огт биш. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд шүүх талуудыг мэтгэлцүүлэхэд чиглүүлэх, мэтгэлцэх нөхцөлийг хангах, маргааны зүйлийг тодруулах чиг үүрэгтэй талаар Улсын дээд шүүхийн удаа дараагийн зөвлөмж, тайлбарт заасан. Жишээлбэл: Улсын дээд шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн “Эрх зүйн маргаантай харилцааг тогтоох, хуулийн холбогдох заалтыг зөв тайлбарлан хэрэглэх шүүгчийн ажиллагаа” 02 тоот зөвлөмжид “Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж буй шүүх нь дараах ажиллагааг уялдаа, холбоотой, харилцан шүтэлцээтэй, шат дараалан явуулснаар эрх зүйн маргааныг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байдлаар шийдвэрлэх нөхцөл бүрдэхийг анхаарах шаардлагатай. Иргэний хэргийн маргааны зүйлийг тодорхойлж, талуудын мэтгэлцээнийг чиглүүлнэ. Хэргийн талаарх талуудын байр суурийг тодорхой болгоно” гэж заасан. 2023 оны 17 тоот тогтоолд “Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд шүүх талуудыг мэтгэлцүүлэхэд чиглүүлэх, мэтгэлцэх нөхцөлийг хангах, маргааны зүйлийг тодруулах чиг үүрэгтэй. ... хэргийн оролцогчийн нотлох үүргээ хэрэгжүүлэх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны мэтгэлцэх зарчмыг хангах, нөгөө талаар шүүхийн чиглүүлэх үүрэг, эрх хэмжээг тодорхой болгож, шүүхийн идэвхгүй байдлыг арилган хэргийн оролцогч,өмгөөлөгчийн зүгээс шүүгчийг үндэслэлгүй хардах явдлыг багасгана” гэх зэргээр тусгасан байдаг. Гомдол гаргагчаас "... архивын баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д заасан огт биш байхад түүний хүсэлтийг хүлээн авах нэрээр шүүх хурал хойшлуулсан. Өмнө нь би үүнтэй яг ижил хүсэлт бичгээр гаргахад шүүгч Ц.А нь дээрх заалт болон хэргийн оролцогч өөрөө нотлох баримтыг цуглуулах үүрэгтэйг сануулан хүсэлтийг хүлээж авахаас татгалзана гэж шахалтад оруулж байгаад миний биеийг хүсэлтээс минь татгалзуулж байсан” гэжээ. Нэхэмжлэгч нь 2022.06.08-ны өдөр нэхэмжлэл гаргахдаа “...хэргийг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой одоо Шүүхийн тусгай архивд байх хэргийн материалыг татан авна уу” гэсэн хүсэлтийг нэхэмжлэлийн хамт шүүхэд өгсөн байдаг. Нотлох баримт шүүхийн журмаар гаргуулах хүсэлтийн агуулга, мөн ямар баримтыг Шүүхийн тусгай архиваас гаргуулах гэж байгаа зэрэг нь бичгээр ирүүлсэн хүсэлтэд тодорхой бус байсан тул 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн шүүх хуралдаанд тухайн хүсэлтийг шүүхээс тодруулахад нэхэмжлэгч С.О өөрөө “Би энэ хүсэлтээсээ татгалзаж байна. Шүүхийн материал гаргуулах хүсэлтээс татгалзаж байна” гэсэн. Өөрөөр хэлбэл зохигч шүүхэд бичгээр ирүүлсэн нотлох баримт гаргуулах тухай хүсэлтээсээ татгалзаж, дэмжээгүй тул шүүх шийдвэрлээгүй. Нэгэнт хүсэлт гаргагч тал хүсэлтээ дэмжээгүй нөхцөлд шүүх хүсэлтийг шийдвэрлэх учиргүй. Шүүгчийн зүгээс хүсэлтээсээ татгалз хэмээн шахсан, дарамталсан зүйл огт байхгүй. Харин түүний дараа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч талаас шүүхийн журмаар Шүүхийн тусгай архиваас нотлох баримт гаргуулах хүсэлт гаргасныг шүүх бүрэлдэхүүн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д нийцнэ гэж үзэж хүлээн авсан. Нөгөө талаас нэхэмжлэгч С.О-ын гаргасан энэ маргаан урьд шүүхээр хянагдаж байсан, ... дүүргийн шүүхийн 2012 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 25 тоот шүүхийн тогтоолоор нэхэмжлэлийг буцаасан байдаг тул Шүүхийн тусгай архиваас нотлох баримт гаргуулах нь “процесс хэмнэлттэй байх” зарчимд ч нийцнэ. Энэ нь хэргийн оролцогчдыг ялгаварлан гадуурхсан, нэг талд үйлчилсэн, давуу байдал олгосон зүйл байхгүй. Шүүгч нарын хуулиар тогтоосон ээлжийн амралтын хугацаатай холбоотойгоор шүүх хуралдааныг жич товлон хойшлуулсан бөгөөд хэрэг маргааны хувьд эцэслэн шийдвэрлэгдээгүй байгаа болно. Иймд Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.1, 50.1.23, 50.1.31 дэх заалтуудыг зөрчсөн үйлдлийг шүүгч, шүүх бүрэлдэхүүнээс гаргаагүй, нэхэмжлэгч С.О-ын гомдол үндэслэлгүй тул сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

Шүүгч Ц.А Шүүхийн сахилгын хороонд гаргасан нэмэлт тайлбартаа:  “... 2022 оны 7 дугаар сарын 08-ны өдөр ... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд шүүгч Ц.А томилогдсон. 2022 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн Шүүгчдийн зөвлөгөөний тогтоолын дагуу Ч.И шүүгчид хуваарилагдсан байсан буюу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд байсан нийт 74 хэрэг, бусад шүүгч нараас мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд байсан 54 хэрэг нийт 128 хэрэг, маргааныг хүлээн авсан. Эдгээр хэргүүдтэй танилцах, шүүх хуралдаанд бэлтгэх зэргээр зохих ажиллагааг шүүгчээр томилогдсон даруйд явуулсан. Энэ хооронд шинээр хэрэг нэхэмжлэл өдөр тутам байнга хуваарилагдаж ирж байсан, гар дээрх хэргийн тоо тогтмол өсөж байсан бөгөөд өөрт хуваарилагдсан хэргүүдийг шүүх хуралдааныг хуваарилж бэлтгэсэн. Нэг шүүгч дунджаар ажлын 5 хоногт 15-20 шүүх хуралдааныг хийдэг учир 128 хуучин хэргийг нэг дор зарлаж хурал хийх ямар ч боломжгүй бөгөөд тухайн хэргүүдийг хуваарилж хуралдааныг зарлахаас өөр аргагүй юм. Улмаар С.О-ын нэхэмжлэлтэй, “ХХБ” ХК-д холбогдох, хадгаламжийн хүүгийн хохиролд 20,937,827 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийн шүүх хуралдааныг 2022.10.26-ны өдөр зарлан хуралдуулсан. Тухайн хуралдаанд нэхэмжлэгч С.О нь шүүхийн журмаар нотлох баримт бүрдүүлэх хүсэлт гаргасныг үндэслэн нэхэмжлэгчийн хүсэлтийн дагуу ХХБ-аас нотлох баримт гаргуулахаар даалгаж, дараагийн шүүх хуралдааныг 2022.11.11-ний өдөр хүртэл хойшлуулсан. 2022.11.11-ний өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгч С.О нь нэхэмжлэлийн шаардлагыг гэм хороор шаардаж байгаа талаар тодруулж хэлсэн, мөн бүрэлдэхүүнтэй шүүх хурлаар ормоор байна гэснийг үндэслэн хуралдааныг шүүх бүрэлдэхүүнтэй хийх болсонтой холбоотойгоор жич товлон хойшлуулсан. Улмаар дараагийн шүүх хуралдааныг 2023.02.10-ны өдрийн 13:30 цагт зарлан хуралдуулахаар, шүүх хуралдааны товыг нэхэмжлэгч болон хариуцагч нарт 2023.02.02-ны өдөр мэдэгджээ. Нэхэмжлэгч С.О нь шүүх хуралдааны товыг мэдэгдсэний маргааш өдөр нь буюу 2023.02.03-ны өдрийн огноотой Шүүх хурал хойшлуулах хүсэлтийг шүүхэд ирүүлсэн байдаг. Уг хүсэлтэд “... гомдлыг шийдвэрлэхэд чухал ач холбогдол бүхий нотлох баримтыг бүрдүүлж байх явцад нотлох баримтуудыг Прокурорын байгууллагын архиваас авч устгасан, энэ ул мөрөө баллахын тулд Прокурорын байгууллагын мэдээллийн санд нэвтэрч бүртгэлийг устгасан байж болзошгүй үйлдэл тогтоогдсон. Энэ нь гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй байх нөхцөл байдал тогтоогдсон, ...         ХХБ нь Нийслэлийн прокурорын архивд нэвтэрч эрүүгийн хэргийн хавтаслаж үдсэн цаасан материалыг устгасан, бүртгэлийн системд нэвтэрч бүртгэлийг утгасан байж болзошгүй, ... дүүргийн шүүгч Ц.А, туслах Т.Э нар Нийслэлийн прокуророос ирүүлсэн материалыг хэсэгчлэн устгасан байж болзошгүй нөхцөл байдал үүслээ, ... Одоогоор Улсын ерөнхий прокурорын газраас Улсын мөрдөн байцаах албанд шилжүүлсэн асуудлыг хэрхэн авч үзэх нь хэргийг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой ХХБ нотлох баримт гаргаж өгөхгүй, шүүхэд худал мэдүүлэг өгч байгаад хариулт өгөх нотлох баримт болох тул энэ нь миний гомдлыг шийдвэрлэхэд ач холбогдолтой гэж үзэж байна. Хүсэлтийг хүлээн авч шүүх хурлыг хойшлуулж өгнө үү” гэсэн агуулга тусгагдсан. Хүсэлтэд Нийслэлийн прокурорын газрын 2023.01.23-ны өдрийн 2/445 тоот албан бичгийг мөн хавсарган ирүүлсэн. Нэхэмжлэгч нь иргэний хэргийг шийдвэрлэхэд чухал ач холбогдол бүхий баримтуудыг бүрдүүлэх явцад баримт устгасан байж болзошгүй нөхцөл байдал үүссэн учир эрүүгийн журмаар шалгагдаж байгаа асуудалтай холбоотойгоор шүүх хуралдаан хойшлуулах хүсэлтийг шүүхэд ирүүлсэн, энэ хүсэлтийн агуулгаар буюу хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэл бүрдсэн, шүүх бүрэлдэхүүн томилогдохоос өмнө хуралдаан хойшлох илэрхий нөхцөл байдал бий болсон учир хуралдааныг тус шүүхийн шүүгчийн 2023.02.10-ны өдрийн .../Ш32023/03139 захирамжаар жич товлон зарлахаар хойшлуулсан. Нэгэнт хуралдаан хойшлох нөхцөл нь шүүх бүрэлдэхүүн томилогдохоос өмнөх шатанд бүрдсэн учир шүүхийн хэрэг, маргаан, ажлын ачаалал, нэг шүүгчид ногдох шүүх хурал, хэргийн тоо, шүүхийн захиргааны ажилтан, шүүгчийн туслахын ажлын ачаалал, шүүх хуралдааны танхимын хүрэлцээгүй байдал зэргээс шалтгаалан тухайн үед шүүх бүрэлдэхүүн томилох, заавал хэргийн оролцогчийн эзгүйд нь хүсэлтийг хуралдаанаар хэлэлцүүлэх зайлшгүй шаардлага үүсээгүй болно. Хэргийн оролцогч тухайн хэрэг маргааныг шийдвэрлүүлэх талаар хүсэл зоригоо илэрхийлээгүй, мөн эрүүгийн асуудлаар шалгагдаж буй зүйлээс шалтгаалан иргэний хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий баримтыг гаргаж өгөх шаардлагатай гэсэн үндэслэлээр тодорхойгүй хугацаагаар хурал хойшлуулах хүсэлт гаргасан учир уг хэргийн хуралдааныг ойрхон зарласан ч үр дүн гарахгүй нь илт байснаас гадна шүүхийн хэрэг, маргааны ачаалал, шүүгч, захиргааны ажилтан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, шүүгчийн туслахын ажлын ачаалал, нэг шүүгчид ногдох хэргийн тоо, хуралдаан, ажлын цаг зэргээс шалтгаалан хэрэг маргааныг жич товлон хойшлуулах нөхцөл байдал бий болсон. Тодруулбал, тухайн хэрэг маргааны онцлогоос шалтгаалан ойрхон зарласан ч хуралдааныг хийх боломжгүй байсан нь илт байсан мөн зөвхөн тухайн хэрэг маргаан бус хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд байсан удааширсан бусад маш олон хэргүүдийг хүлээн авсан байсан учир тэдгээрийн хурлыг мөн адил зарлах, хуралдааныг хийх шаардлага үүсэх нь зүй ёсны асуудал юм. Хэргийн оролцогчоос шүүх хуралдаан хойшлуулах хүсэлт гаргасантай холбоотойгоор хуралдаан хойшлох үндэслэл болсон, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой хэргийн оролцогч талуудаас аливаа санал, хүсэлт гаргаагүй, нөгөө талаас иргэний эрх зүйн зарчим нь талуудын зарчимд суурилдаг тул шүүх хуралдаан хойшилсон байх хугацаанд ямар нэгэн ажиллагааг шүүх өөрийн санаачилгаар явуулах шаардлага, үндэслэлгүй болно. Харин, тухайн хэрэг маргааны хувьд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацаа хэтэрсэн асуудал, хурлаас хурлын хоорондох хугацаа удааширсан шалтгаан нь хэргийн оролцогчийн шүүхэд гаргасан хүсэлттэй холбоотойгоос гадна дараагийн хурлыг шүүх өөрийн санаачилгаар товлон зарлахаас өмнөх шатанд хуралдааныг зарлуулах, шүүхийн журмаар ажиллагаа гүйцэтгүүлэх талаар хэргийн оролцогчдоос аливаа гомдол санал гаргаж байгаагүй болно. Хэргийн оролцогч нараас хуралдаан зарлуулах санал гаргаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацаа хэтэрсэнтэй холбоотойгоор шүүхийн санаачилгаар хурлаа зарлах шаардлага үүсэх тул дараагийн хурлыг 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хуралдуулахаар шүүхээс товыг урьдчилан мэдэгдсэнтэй холбоотойгоор нэхэмжлэгч С.О нь 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдөр /сар гаруйн өмнө/ дахин шүүхэд хуралдаан хойшлуулах хүсэлтийг ирүүлсэн байна. Уг хүсэлтэд “...Нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргасан үндэслэл болон нэхэмжлэлийг өөрчлөх" эрхийнхээ хүрээнд нэхэмжлэл гаргасан үндэслэлээ өөрчилж байна. 2.......5 дугаартай Эрүүгийн хэргийн материалыг Нийслэлийн архиваас биетээр нь авч устгасан, энэ ул мөрөө далдлахын тулд архивын мэдээллийн системд нэвтрэн орж хэрэг бүртгэлийн мэдээллийг устгасан цаг хугацаа, мөн иргэний хэргийг архивд шилжүүлэхийн өмнө зарим материалыг устгаад хуудасны тоог гүйцээхийн тулд бусад материалуудыг давхардуулан үдсэн зэрэг нь тогтоогдсон шалгалтын ажиллагаа бүрэн дуусаагүй тул миний гомдлыг шийдвэрлэхэд онц ач холбогдолтой энэ хэргийг шийдэх хүртэл хойшлуулах хүсэлтэй байна. Эцэст нь нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргасан үндэслэлийг өмнө нь үүсгэн шалгаж байсан 2......5 дугаартай эрүүгийн хэрэгтэй уялдуулан өөрчилж байгаа, мөн энэ хэргийн материалыг Нийслэлийн прокурорын архиваас авч устгасан, устгасан ул мөрөө баллахын тулд прокурорын байгууллагын мэдээллийн санд нэвтэрч хэргийн бүртгэлийг устгасан болох нь мөрдөн байцаалтын явцад тогтоогдсон энэ нь хариуцагчид дахин худал мэдүүлэг тайлбар өгөх боломж олгосон байж болзошгүй байх тул энэ хэргийг бүрэн шалгагдаж дуусах хүртэл хэргийг хойшлуулж өгнө үү. Хүсэлтийг хүлээн авч хуулиар олгогдсон эрхээ эдлэн шударга шүүхээр шүүлгэх боломж олгоно гэж найдаж байна” гэсэн хүсэлтийг дахин ирүүлсэн байдаг. Тодруулбал, 2023.02.10-ны өдрийн шүүх хуралдааныг хойшлуулсан үндэслэлээр дахин хуралдаан хойшлуулах хүсэлтийг нэхэмжлэгч С.О нь шүүхэд ирүүлсэн, эрүүгийн хавтаст хэрэгтэй холбоотой асуудал нь бүрэн шалгагдаж дуусаагүй байгаа учир тухайн асуудлыг эрүүгийн журмаар шалгагдаж дуусах хүртэлх хугацаанд иргэний хэрэг маргааныг шийдвэрлэхгүй хойшлуулж өгөх хүсэлтийг гаргасны хамтаар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг өөрчилсөн байдаг. Тус шүүхийн шүүгчийн 2023.11.10-ны өдрийн .../Ш32023/19006 захирамжийн Үндэслэх хэсэгт “.. Нэхэмжлэгч нь шүүх хуралдаан хойшлуулах хүсэлтийн үндэслэлийг тайлбарлахдаа эрүүгийн хэрэг маргааныг хянан шийдвэрлэснээр уг нэхэмжлэлийг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой гэж дурдсан, улмаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэж дуусгавар болох хүртэлх хугацаагаар хуралдааныг хойшлуулах хүсэл, зоригийг илэрхийлсэн гэж үзэхээр байна. Гэвч хэнд холбогдох, ямар эрүүгийн хэрэг, маргааныг хаана шийдвэрлэж байгаа талаарх баримтыг хавсаргаагүй байх тул хуралдаан хойшлуулах тухай хүсэлтэд дүгнэлт хийх боломжгүй байна. Харин нэхэмжлэлийн үндэслэлээ өөрчилсөнтэй холбоотойгоор хариуцагч талд танилцуулах, зохигчийг эрх тэгш мэтгэлцэх, нотлох баримт бүрдүүлэх боломжоор хүсэлтийг хангаж. нэхэмжлэгч талд нотлох баримт бүрдүүлэх, эрх тэгш мэтгэлцэх боломж олгож шүүх хуралдааныг хойшлуулах нь зүйтэй гэж үзэв” гэж дүгнэн нэхэмжлэгчийн шүүх хуралдаан хойшлуулах хүсэлт, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг өөрчилсөнтэй холбоотойгоор С.О-ын нэхэмжлэлтэй, “ХХБ” ХХК-д холбогдох хадгаламжийн хүүгийн зөрүү 20,937,827 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааны товыг өөрчлөн, жич товлон хойшлуулсан байна. Шүүхээс шүүх хуралдааныг товлон нэхэмжлэгчид зар мэдэгдсэн даруйд хуралдаан хойшлуулах хүсэлтийг шүүхэд урьдчилан бичгээр өгсөнтэй холбоотойгоор өмнө нь хойшилсон үндэслэлээр хуралдаан дахин хойшлох нөхцөл бүрдсэн, тодруулбал, нэхэмжлэгч нь иргэний хэргийг шийдвэрлэхэд чухал ач холбогдол бүхий баримтуудыг бүрдүүлэх явцад баримт устгасан байж болзошгүй нөхцөл байдал үүссэн учир эрүүгийн журмаар шалгагдаж байгаа асуудалтай холбоотойгоор шүүх хуралдаан хойшлуулах хүсэлтийг шүүхэд ирүүлсэн, энэ хүсэлтийн агуулгаар буюу хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэл бүрдсэн, шүүх бүрэлдэхүүн томилогдохоос өмнө хуралдаан хойшлох нөхцөл байдал дахин бий болсон учир хуралдааныг тус шүүхийн шүүгчийн 2023.11.10-ны өдрийн .../Ш32023/19006 захирамжаар жич товлон зарлахаар хойшлуулсан. Нэгэнт хуралдаан хойшлох нөхцөл шүүх бүрэлдэхүүн томилогдохоос өмнөх шатанд дахин бүрдсэн учир шүүхийн хэрэг, маргаан ажлын ачаалал, нэг шүүгчид ногдох шүүх хурал, хэргийн тоо, шүүхийн захиргааны ажилтан, шүүгчийн туслахын ажлын ачаалал, шүүх хуралдааны танхимын хүрэлцээгүй байдал зэргээс шалтгаалан тухайн үед шүүх бүрэлдэхүүн томилох, хүсэлтийг хуралдаанаар хэлэлцүүлэх зайлшгүй шаардлага үүсээгүй болно. Хэргийн оролцогч тухайн хэрэг маргааныг шийдвэрлүүлэх талаар хүсэл зоригоо илэрхийлээгүй, мөн эрүүгийн асуудлаар шалгагдаж буй зүйлээс шалтгаалан иргэний хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий баримтыг гаргаж өгөх шаардлагатай гэсэн үндэслэлээр тодорхойгүй хугацаагаар хурал хойшлуулах хүсэлт гаргасан, хурал удаа дараа удаан хугацаагаар хойшилж буй шалтгаан нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан хүсэлттэй шалтгаант холбоотой учир шүүхийн үйл ажиллагаанаас болж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг санаатайгаар удаашруулсан зүйлгүй болно. Тухайлбал, ... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн нэг шүүгчийн гар дээр дунджаар 180-250 гаруй хэрэг байнга байдаг. 7 хоногийн 2 өдөр нь байнгын өөрийн хариуцсан хэрэг маргааны шүүх хуралдааныг явуулахаас гадна бусад 2-3 ажлын өдөрт нь шүүх бүрэлдэхүүний бусад хурал болон гэрч асуух, үзлэг хийх, зөвлөгөөн, хэрэг маргаантай танилцах зэргээр шүүн таслах ажиллагааг явуулж, амралтын өдрүүдэд эрхийн актыг боловсруулах ажлыг гүйцэтгэж байгаа болохыг дурдах шаардлагатай байна. Шүүгч Ц.А-ийн хувьд 2022 оны 07 дугаар сард шүүгчээр томилогдсоноос хойш 2022.07.19-2022.12.20-ны өдрийг хүртэлх хугацаанд 300 хэрэг маргаан, нэхэмжлэл хүлээн авч, 294 удаагийн хуралдаан товлосон, үүнээс 164 хуралдаан хойшилж, 151 /5 сарын хугацаанд/ хэргийг шийдвэрлэсэн, 2022.12.21-2023.12.20-ны өдрийн хооронд нийт 796 нэхэмжлэл хүлээн авч, 776 хуралдаан товлож, үүнээс 375 хурал хойшилсон, 471 /нэгжилд/хэргийг шийдвэрлэсэн, мөн 2023.12.21-2024.12.06-ны өдрийн хооронд 866 хэрэг нэхэмжлэл хүлээн авч, 795 хуралдаан зарласнаас 384 хуралдаан хойшилсон, нийт 504 хэргийг хянан шийдвэрлэсэн, одоогийн байдлаар үлдэгдэл хэргийн хувьд 226 хэрэг /2024.12.09/ гар дээр байгаа болно. Нэг шүүгчийн зохист ачаалал буюу 1 жилд шийдвэрлэх иргэний хэргийн тооны хувьд 210 орчим хэргийг шийдвэрлэх тоон статистик судалгаа гарсан боловч боловсон хүчний байнгын орон тоо дутуу байдал, шүүхийн захиргааны ажилтны орон тоо дутуу, тогтворгүй байдал, хэтийдсэн их ачаалал зэрэг бусад хүчин зүйлсээс шалтгаалан хэрэг маргааныг хугацаанд нь шийдвэрлэх боломжгүй нөхцөлийг бий болгож байна. Мөн нэг шүүгчид ногдож байгаа 200 гаруй хэрэг маргааныг 2002 оны хууль тогтоомжоор баталсан /тухайн үеийн нөхцөл байдалд нийцүүлсэн/ 2-3 сарын хугацаанд буюу 60-90 хоногийн дотор бүгдийг нь судлан, зарлан хуралдуулж, шийдвэрлэх ямар ч боломжгүй нь бодит зүйл юм. Шүүхээс нэхэмжлэгч С.О-ын тодорхойгүй хугацаагаар хуралдааныг хойшлуулах хүсэлтийн дагуу ямар ч ажиллагаа хийхгүйгээр хэргийг орхигдуулсан зүйлгүй бөгөөд харин ч дараагийн хуралдааныг 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр товлон хуралдуулахаар 2024.04.19-ний өдөр хурлын товыг хэргийн оролцогчдод мэдэгдэн, 2024.04.24-ний өдрийн .../Ш32024/01503 шүүгчийн захирамжаар шүүх бүрэлдэхүүнийг томилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг боломжит хугацаагаар үргэлжлүүлсэн болно. 200 гаруй хэрэг маргааныг байнгын хянаж байгаагийн хувьд хэрэг маргааны хэргийн оролцогч нарын гаргасан хүсэлт саналыг харгалзан үзэж, холбогдох ажиллагааг цаг тухайд нь хийх, нотлох баримт бүрдсэн, хэргийг хуралдаанаар шийдвэрлэх нөхцөл бүрдсэн тохиолдолд хэрэг маргааныг шийдвэрлэж байгаа болно. 2024.04.26-ны өдрийн шүүх хуралдааныг бүрэлдэхүүний шүүгч нарын хүндэтгэн үзэх шалтгаантай байдал болон нэхэмжлэгч С.О-ын өөрчилж, тодруулсан нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагчид гардуулах, хариу тайлбар авах боломжоор хангаж 1 удаа хойшлуулахдаа дараагийн хуралдааныг 2024.05.31-ний өдөр хуралдуулахаар товлон хойшлуулсан, 2024.05.31-ний өдрийн хуралдааныг хариуцагч “ХХБ” ХК-ийн шүүхийн журмаар нотлох баримт бүрдүүлэх хүсэлтийг хангаж 1 удаа, 2024.06.21-ний өдрийн шүүх хуралдааныг хариуцагч “ХХБ” ХК-аас гаргасан нотлох баримт бүрдүүлэх хүсэлтийн дагуу тус тус хуралдааныг хойшлуулсан. Шүүгч нарын хуулиар тогтоосон ээлжийн амралтын хугацаатай холбоотойгоор шүүх хуралдааныг жич товлон хойшлуулсан бөгөөд энэхүү хэрэг маргааны хувьд 2024.10.04-ний өдрийн шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болно. Иймд иргэний хэргийн шүүх хуралдааныг 6-7 удаа хойшлуулсан асуудал нь хэргийн оролцогч нарын хүсэлт, саналыг эрх тэгш хүлээн авч, мэтгэлцэх эрхээр нь хангасантай холбоотойгоос гадна шүүхээс 2022.11.11-ний өдрөөс 2023.11,23-ны өдрийн хооронд шүүх өөрийн санаачилгаар хуралдааныг 2023.02.10-ний өдөр болон 2023.11.10-ны өдрүүдэд хуралдааныг зарлаж нэхэмжлэгч С.О-ын хүсэлтээр тус тус хойшлуулсан байна. Иймд Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.1, 50.1.23, 50.1.31 дэх заалтуудыг илтэд зөрчсөн гэх үндэслэлээр гаргасан нэхэмжлэгч С.О-ын гомдлыг үндэслэлгүй гэж үзэж байх тул сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Өргөдөл гаргагчаас “...хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан хугацаанд явуулаагүй, удаашруулсан, ... шүүгч Ц.А шахалтад оруулж хүсэлтээс татгалзуулсан, шүүгч А.М шүүх хуралдаанд нэг талыг чиглүүлж, зөвлөгөө өгсөн, ...нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрсөнд тооцох болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн итгэмжлэл хууль бус гэх хүсэлтүүдийг хангахгүй орхисон тогтоол гаргасан нь хууль зөрчсөн” гэх агуулгаар өргөдөл гаргажээ.

Нэг. Өргөдөлд, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан хугацаанд явуулаагүй, удаашруулсан гэжээ.

Сахилгын хэрэгт цугласан баримтаар, иргэн С.О-аас “ХХБ” ХХК-д холбогдуулан хадгаламжийн хүүгийн зөрүү 20,937,827 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг ... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2022 оны 6 дугаар сарын 08-ны өдөр гаргасныг шүүгч Ч.И хүлээн авч, 2022 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн .../Ш32022/08302 дугаар шүүгчийн захирамжаар иргэний хэрэг үүсгэсэн байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Ч.И-г шүүгчийн албан тушаалаас чөлөөлж, Ц.А-ийг шүүгчээр томилсонтой холбогдуулан тус шүүхийн 2022 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн шүүгчдийн зөвлөгөөний тогтоолоор дээрх хэргийг шүүгч Ц.А-д хуваарилж, 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн .../ЕШ2022/02280 дугаар Ерөнхий шүүгчийн захирамжаар шүүх хуралдаан даргалагчаар томилсон шийдвэрийг албажуулжээ.

Холбогдох шүүгч Ц.А нь тус иргэний хэрэгт дараах ажиллагааг явуулсан байна. Үүнд, 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн .../ШЗ2022/14251 дүгээр шүүгчийн захирамжаар 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдөр шүүх хуралдаан хийхээр товлож, 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгч нотлох баримт гаргуулах хүсэлт гаргасныг .../ШЗ2022/14525 дугаар шүүгчийн захирамжаар хангаж, 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж, хохирол шаардсантай холбоотойгоор .../ШЗ2022/15577 дугаар шүүгчийн захирамжаар бүрэлдэхүүн томилуулахаар шүүх хуралдааныг хойшлуулжээ.

2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн шүүх хуралдаан болоход бүрэлдэхүүн томилогдоогүй байсан ба .../ШЗ2023/03139 дугаар шүүгчийн захирамжаар нэхэмжлэгч талд нотлох баримт бүрдүүлэх, эрх тэгш мэтгэлцэх эрхээр хангаж хуралдааныг хойшлуулсан байна. 

Үүний дараа 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр шүүх хуралдааныг товлож, .../ШЗ2023/19006 дугаар шүүгчийн захирамжаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ өөрчилсөнтэй холбоотойгоор хариуцагч талд танилцуулах, зохигчийг мэтгэлцэх, нотлох баримт бүрдүүлэх эрхээр хангаж, шүүх хуралдааныг хойшлуулсан үйл баримт болжээ.

Тус хэрэгт 2024 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн .../ЕШ2024/01503 дугаар Ерөнхий шүүгчийн захирамжаар шүүх хуралдаан даргалагчаар Ц.А, шүүгч А.М, О.О нарыг томилсон шийдвэрийг албажуулж, шүүх хуралдааныг 2024 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр товлосон боловч бүрэлдэхүүний шүүгч нар хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хуралдаанд оролцоогүй, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг өөрчилж, тодруулсантай холбоотойгоор хариуцагчид гардуулах ажиллагааг хийхээр мөн өдрийн .../ШЗ2024/08892 дугаар шүүгчийн захирамжаар шүүх хуралдааныг хойшлуулжээ.

Улмаар 2024 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нотлох баримт гаргуулах хүсэлт гаргасныг .../ШТ2024/0317 дугаар тогтоолоор хангаж, 2024 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн хуралдаанд дээрх тогтоолын биелэлтийг хангуулах хүсэлтийг хариуцагч талаас гаргасныг .../ШТ2024/0333 дугаар тогтоолоор хүлээн авч шүүх хуралдааныг хойшлуулсан.

Шалгах ажиллагааны явцад тус шүүхийн Тамгын газраас шүүгч нарын 2024 оны ээлжийн амралтын хуваарийг гаргуулсан ба шүүгч Ц.А нь 2024 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс 8 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл, шүүгч А.М нь 8 дугаар сарын 01-ний өдрөөс 9 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэл, шүүгч О.О нь 8 дугаар сарын 01-ний өдрөөс 9 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл ээлжийн амралттай байжээ.

Дээрхээс дүгнэвэл, тус иргэний хэргийн шүүх хуралдаан нэхэмжлэгч С.О-ын хүсэлтээр 2 удаа, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж, өөрчилсөн, нэмэгдүүлсэнтэй холбогдуулан ажиллагаа хийх шаардлага үүссэнээс шалтгаалан 3 удаа, хариуцагчийн хүсэлтээр 2 удаа, нийт 7 удаа хойшилсон ба  шүүгч Ц.А нь 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс 11 дүгээр сарын 10, мөн өдрөөс 2024 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэл хугацаанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаагүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт “...хуулиар өөр хугацаа тогтоогоогүй бол хэрэг үүсгэсэн өдрөөс хойш 60 хоногт шийдвэрлэнэ”, 71.2 дахь хэсэг “Энэ хуулийн 71.1-д заасан хугацааг тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс нэг удаа 30 хүртэл хоногоор сунгаж болно” гэж тус тус заасан.

Шүүгч дээрх хугацаанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаагүй нь тус хэрэгт шүүх бүрэлдэхүүн томилогдоогүй, нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөнтэй холбогдуулан холбогдох ажиллагааг шүүхээс явуулах шаардлага үүссэн, нэхэмжлэгч талд нотлох баримт бүрдүүлэх хугацаа олгосон зэрэг нөхцөл байдлаас шалтгаалсан тул шүүгчийг сахилгын зөрчил гаргасан гэж үзэхгүй талаар дүгнэсэн илтгэгч гишүүний санал үндэслэлтэй.

Түүнчлэн, шүүгч Ц.А нь 2022 оны 7 дугаар сард шүүгчээр томилогдсоноос хойш 12 дугаар сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд 300 хэрэг, нэхэмжлэл хүлээн авч, 294 удаагийн хуралдаан товлосон, үүнээс 164 хуралдаан хойшилж, 151 хэргийг 5 сарын хугацаанд шийдвэрлэсэн, 12 дугаар сарын 21-ний өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн хооронд нийт 796 нэхэмжлэл хүлээн авч, 776 хуралдаан товлож, үүнээс 375 хурал хойшилсон, 471 хэргийг нэг жилд шийдвэрлэсэн зэрэг ачаалалтай ажиллаж байсан нь мөн дээрх байдалд нөлөөлсөн гэж үзнэ.

Гэвч шүүгч Ц.А нь цаашид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг удирдаж явуулахдаа хуульд заасан хугацааг баримталж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түргэн, шуурхай, тасралтгүй явуулахад анхаарвал зохино.

Мөн өргөдөлд, 2024 оны 6 дугаар сарын 21-ний өдөр тодорхойгүй хугацаагаар шүүх хуралдааныг хойшлуулсан гэж дурдсан бөгөөд энэ нь даргалагч болон бүрэлдэхүүний шүүгч нар ээлжийн амралтаа эдлэх хугацааг харгалзан үзэж жич товлохоор хойшилсон байх тул шүүх бүрэлдэхүүнийг буруутгахгүй.

Хоёр. Өргөдөлд, “...шүүгч Ц.А шахалтад оруулж хүсэлтээс татгалзуулсан, шүүгч А.М шүүх хуралдаанд нэг талыг чиглүүлж, зөвлөгөө өгсөн” гэжээ.

 Шүүгч шахалтад оруулж байгаад хүсэлтээс татгалзуулсан үйл явдал болсон гэх 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн шүүх хуралдааны дуу, дүрсний бичлэгийг авахаар илтгэгч гишүүн 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 02/106 дугаар албан бичгээр ..., ... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт хандахад тус шүүх хуралдааны дуу, дүрсний бичлэг хадгалагдаагүй гэх 1243 дугаар албан бичгийг ирүүлсэн байна.

Тус өдрийн 14525 дугаар шүүх хуралдааны тэмдэглэлд, “Даргалагчаас: Шүүхийн тусгай архиваас ямар хэргийг гаргуулах хүсэлт гаргасан бэ? гэхэд                     Нэхэмжлэгч: Өмнө шийдвэрлэсэн хэргийг дугаартай нь бичиж өгсөн гэв.         Даргалагчаас: Дотроос нь ямар баримт гаргуулах талаар тодруулж өгөх боломжтой юу гэхэд                                                                                                                  Нэхэмжлэгч: Би энэ хүсэлтээсээ татгалзаж байна. Шүүхийн материал гаргуулах хүсэлтээс татгалзаж байна” гэж бичигдсэн байна. Харин   шүүгчээс хүсэлтээсээ татгалз хэмээн шахсан, дарамталсан үг хэллэг хэлээгүй байна.  

Тус иргэний хэргийг хэлэлцсэн 2024 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн шүүх хуралдааныг шүүгч Ц.А даргалж, бүрэлдэхүүнд шүүгч А.М, О.О нар оролцсон бөгөөд шүүх хуралдааны үед хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нотлох баримт гаргуулах хүсэлт гаргасан.

Мөн өдрийн бичлэгийн 0:06:57 минутад, Даргалагчаас: Хариуцагч талаас шинээр гаргаж өгөх нотлох баримт, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой хүсэлт байна уу гэхэд,                                                                         Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Шинээр гаргаж өгөх нотлох баримт, хүсэлт байхгүй. Өмнөх хурлаас гаргасан хүсэлтийн дагуу архиваас бичиг ирсэн байсан. Түүнтэй холбоотой тодруулга байгаа. Нөхөн бүрдүүлэлтээр хүлээлгэн өгөөгүй байна гэсэн байсан. Түүнтэй холбоотойгоор дахин архив руу нөхөн бүрдүүлэлтээр авсан эсэхийг тодруулах шаардлагатай. Нөхөн бүрдүүлэлтээр өгөөгүй гэдгийг бидний зүгээс ойлгохгүй байна” гэж хариулж байна.  Бүрэлдэхүүний шүүгч О.О: Ирсэн энэ хариутай холбоотой одоо ямар саналтай байгаа юм гэхэд                                                                              Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Нөхөн бүрдүүлэлтээр хүлээлгэн өгөөгүй гэдэг нь баримт байхгүй гэдгийг илтгэхгүй байна. 2012 онд явагдаж байсан хэргийн материал байгаа гэж үзэж байна. Тухайн хэргийг татуулах хүсэлтийг шүүхээс хангасан гэж хариулахад                                                                                            0:11:12 минутад, Бүрэлдэхүүний шүүгч О.О: Тогтоолын биелэлтийг хангуулаад өгөөч, дахиад лавлаад өгөөч гээд байгаа юм байна, зөв үү гэхэд Даргалагчаас: Хүсэлт гаргалаа гэж ойлгож байна, зөв үү. Өмнөх хүсэлтээ дэмжиж байна гэж ойлгож байна гэхэд                                                                Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Тийм, зөв гэж хариулсан болох нь бичигджээ.

Тус бичлэгээс үзэхэд, хуралдаан даргалагчаас хэргийн оролцогчдод шинээр гаргах хүсэлт болон нотлох баримт байгаа эсэх, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан хүсэлттэй нь холбогдуулан бүрэлдэхүүн шүүгч О.О тодруулж асуулт асуусан байна. Харин шүүгч А.М хэргийн оролцогчоос асуулт асуугаагүй байх бөгөөд шүүх бүрэлдэхүүн аль нэг талд үйлчилсэн, зөвлөгөө өгсөн, чиглүүлсэн гэх үйл баримт тогтоогдоогүй байна.

Гурав. Өргөдөлд “... нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрсөнд тооцох болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн итгэмжлэл хууль бус гэх хүсэлтүүдийг хангахгүй орхисон тогтоол гаргасан нь хууль зөрчсөн” гэжээ.

Нэхэмжлэгч С.О-аас “нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрсөнд тооцох болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн итгэмжлэл хууль бус” гэх хүсэлтийг 2024 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн шүүх хуралдаанд гаргасныг .../ШТ2024/00317 дугаар тогтоолоор, мөн хүсэлтээ 2024 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн шүүх хуралдаанд дахин гаргасныг .../ШТ2024/00333 дугаар тогтоолоор тус тус хангаагүй байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад, хариуцагч “ХХБ” ХХК-ийн гүйцэтгэх захирал О.О-оос Ц.Г-т 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдөр эрх, үүргээ гуравдагч этгээдэд шилжүүлэх эрхтэйгээр 3 жилийн хугацаатай итгэмжлэл олгосон байх ба Ц.Г-аас 2022 оны 6 дугаар сарын 22-ны өдөр П.Н-д, 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдөр М.М, П.Н нарт тус тус хариуцагчийг төлөөлөх итгэмжлэлийг олгожээ.

Ц.Г-т олгосон дээрх итгэмжлэлийн хугацаа дууссан тул 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдөр О.О-оос дахин итгэмжлэл олгож, Ц.Г-аас мөн хариуцагчийг төлөөлөх итгэмжлэлийг П.Н, Б.Б нарт 2024 оны 3 дугаар сарын 19-ний өдөр олгосон байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт “Төлөөлөгчийн бүрэн эрхийг төлөөлүүлэгчээс бичгээр олгосон итгэмжлэл, бусад бичиг баримтаар тодорхойлно. Итгэмжлэлд зохигчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд эдлэх эрхийн заримыг төлөөлөгчид эдлүүлэхгүй байхаар зааж болно. Итгэмжлэл нь Иргэний хуулийн 64.2-т заасан шаардлагыг хангасан байна гэж, 62 дугаар зүйлийн 62.5 дахь хэсэгт “Итгэмжлэлд уг үйл ажиллагааг бусдаар гүйцэтгүүлж болохоор заасан, эсхүл итгэмжлэгчийн ашиг сонирхлын үүднээс зайлшгүй шаардлагатай байвал итгэмжлэлийг шилжүүлж болно” гэж тус тус заасан.

Иймд хариуцагч байгууллага нь шүүхэд төлөөлж оролцох төлөөлөгчөө хуулийн шаардлагыг хангасан итгэмжлэлийн үндсэн дээр томилсон байх тул дээрх тогтоолуудаар хүсэлтийг хангаагүй нь хууль зөрчсөнд тооцогдохгүй.

Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Н-аас 2022 оны 7 дугаар сарын 06-ны өдөр “нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрсөн” агуулга бүхий хариу тайлбарыг бичгээр, 2024 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн шүүх хуралдаанд “Эвлэрэх боломжгүй, шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч байна” гэх тайлбарыг амаар тус тус өгсөн байна. Иймд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй, эвлэрэх боломжгүй гэдгээ илэрхийлсэн байхад шүүх нэхэмжлэлийн шаардлагын талаар маргаагүй гэж үзэх үндэслэлгүй.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.1-д “Шинэ нотлох баримт бүрдүүлэх ба хэрэг хянан шийдвэрлэхтэй холбогдсон бусад асуудлын талаар хэргийн оролцогчоос гаргасан хүсэлтийг бусад оролцогчийн саналыг сонсмогц шүүх бүрэлдэхүүн буюу шүүгч даруй шийдвэрлэнэ” гэж зааснаар нэхэмжлэгчээс гаргасан дээрх хүсэлтүүдийг шүүх бүрэлдэхүүн хэлэлцэж, шийдвэрлэсэн тогтоолууд хууль зөрчөөгүй байна.

Иймд өргөдөлд дурдсан үндэслэл нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 55 дугаар зүйлд заасан сахилгын зөрчилд хамаарахгүй гэж үзсэн сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хүлээн авч, сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Илтгэгч гишүүний санал бичигдэх үед холбогдох шүүгч нар нь ... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчээр ажиллаж байсан ба тус сахилгын хэргийг хянан шийдвэрлэх үед Монгол Улсын ерөнхийлөгчийн 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 189 дугаар зарлигаар ... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчээр шилжүүлэн томилсон болохыг дурдав.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.2, 112.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн ГС/2024/0126 дугаар Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хүлээн авч, С.О-аас ирүүлсэн өргөдлийн дагуу... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.А, А.М, О.О нарт холбогдуулан үүсгэсэн сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6 дахь хэсэгт зааснаар магадлал гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч нар болон өргөдөл гаргагчийн оршин суугаа газрын эсхүл ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл ажлын албаны ажилтнаар хүргүүлэхийг ажлын албанд даалгасугай.

3. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.7 дахь хэсэгт зааснаар дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох ба энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг тайлбарласугай.

4. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.8 дахь хэсэгт зааснаар магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сахилгын хороонд хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

                        ДАРГАЛАГЧ                                    С.ЭНХТӨР

                        ГИШҮҮД                                            Д.АРИУНТУЯА

                                                                                    Ц.ДАВХАРБАЯР