info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих ШИЛЭН ДАНС
ENMNG

МОНГОЛ УЛС

ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО

МАГАДЛАЛ

2025-01-08

Дугаар 7

Улаанбаатар хот

           

Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Сахилгын хорооны хуралдааныг гишүүн Д.Ариунтуяа даргалж, гишүүн Х.Хашбаатар, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн С.Энхтөр, нарийн бичгийн дарга Г.Болортуяа нарыг оролцуулан тус хорооны танхимд хийсэн хуралдаанаар:

... шүүхийн шүүгч Р-д холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Илтгэгч гишүүн саналдаа: Нэг. 2024 оны 01 дүгээр сарын 26, 3 дугаар сарын 26-ны өдрийн шүүх хуралдаанд нотлох баримтыг буцааж өгөхдөө энэ талаар шүүгчийн захирамж, тэмдэглэлд огт тусгаагүй, үндэслэлгүйгээр буцаасан гэх      өргөдлийн үндэслэлийн тухайд,

            Шүүгдэгч П-ийн өмгөөлөгч А-аасх 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр 14 цаг 10 минутад 83 хуудас баримтыг хүсэлтийн хамт тус шүүхэд гаргасан болох нь анхан шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл, өргөдөл, хүсэлт хүлээн авсан бүртгэл №2 дэвтэрт тэмдэглэгдсэнээр тогтоогдож байна. Дээрх эрүүгийн хэргийг хэлэлцсэн 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн шүүх хуралдаанд дуудагдсан гэрч нар ирээгүйтэй холбоотой хуралдааныг үргэлжлүүлэх эсэхийг шийдвэрлэхээр завсарлаж, гэрч нарыг оролцуулахаар тус өдрийн 2024/ШЗ/201 дүгээр шүүгчийн захирамжаар шүүх хуралдааныг хойшлуулжээ.

            Шалгах ажиллагааны явцад, дээрх шүүх хуралдааны дуу, дүрсний бичлэгт үзлэг хийхэд, хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан нотлох баримттай холбоотой асуудлыг хэлэлцээгүй байх бөгөөд шүүх хуралдаан завсарлаж, шүүгчийн захирамжийн агуулгыг танилцуулах үеэр даргалагчаас шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан нотлох баримтыг дараагийн шүүх хуралдаанд гаргах боломжтой талаар тайлбарлаж, буцаан өгсөн байна.

Тодруулбал, “2024.01.26” фолдерт хадгалагдсан “2.mp4” нэртэй бичлэгийн    0:50-2:11 минутад, Даргалагчаас: А өмгөөлөгч нотлох баримт ирүүлсэн байгаа юм байна. Үүнийг шүүх хүлээн авах боломжгүй. Бичиг хэргээр шүүх рүү өгчихсөн юм байна. Өчигдөр над дээр ирсэн. Энийг шүүх хүлээн авах боломж байхгүй. Хурал дээрээ нэг бол та албан ёсоор гаргаад танилцуулах нь зүйтэй байх гэхэд

2:12-2:22 минутад, Өмгөөлөгч А: Хурал дээрээ гаргая шүүгчээ. Яахав нэг хоногийн өмнө ч гэсэн прокурор нь танилцаж байг гэж бодоод гэв.

2:23-2:29 минутад, Даргалагчаас: Энийг албан ёсоор шүүхээс буцааж өгч байна. Та шүүх дээрээ санал, хүсэлтээ гаргана биз. Тухайн үед нь асуудлыг шийдье ойлгосон уу гэхэд

2:34-2:34 минутад, Өмгөөлөгч А: Тэгье тэгье хурал дээрээ гаргая, авчих уу гэхэд

            2:35-2:40 минутад, Даргалагчаас: Авъя гэхэд дэг сахиулагч цагдаа баримтуудыг даргалагчаас авч, өмгөөлөгч А-д өгсөн болох нь бичигджээ.

Дээрх нөхцөл байдлаас үзвэл, шүүх хуралдааныг үргэлжлүүлэх эсэхийг шийдвэрлэхээр зөвлөлдөх тасалгаанд орж, улмаар шүүх хуралдааныг хойшлуулах захирамж гарсны дараа нотлох баримтыг дараагийн хуралдаанд гаргаж өгөхөөр шүүгдэгчийн өмгөөлөгч буцаан авсан үйл баримтыг тухайн хуралдааны тэмдэглэл болон шүүгчийн захирамжид тусгаагүй гэх өргөдөлд дурдсан үндэслэлээр шүүгчийг буруутгахгүй. Нөгөө талаас, шүүгдэгчийн өмгөөлөгч нотлох баримтыг дараагийн шүүх хуралдаанд гаргаж өгөхийг өөрөө зөвшөөрч буцаан авсан байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгч А-аас 2024 оны 3 дугаар сарын 25-ны өдөр эхэлж, 26-ны өдөр дууссан шүүх хуралдаанд нотлох баримт шинээр гаргаж өгснийг 2024 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 2024/ШЗ/576 дугаар шүүгчийн захирамжаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.10 дугаар зүйлийн 7 дэх хэсэгт “...энэ зүйлд заасны дагуу гаргаж өгсөн эд зүйл, баримт бичиг, мэдээлэл, бусад баримтыг оролцогчийн хүсэлтээр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр нотлох баримтаар тооцуулах, шүүх хуралдаанд шинжлэн судлуулах эрхтэй...” гэж заасан тул өмгөөлөгчийн шүүхэд гаргасан нотлох баримтын зарим хэсэг болох шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтыг шүүх хүлээн авч, бусад баримтыг шүүх хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн байна.

Уг 2024 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн шүүх хуралдааны дуу-дүрсний бичлэг бичигдсэн “2024.03.25” фолдерт хадгалагдсан “5.mp4” нэртэй бичлэгийн 04:53-10:44 минутад, Өмгөөлөгч А: Шинээр гаргаж өгч байгаа нотлох баримттай холбоотой тайлбар хэлж, нотлох баримтаа нарийн бичгийн даргаар дамжуулан улсын яллагчид өгч байна.

10:44-10:46 минутад, Даргалагчаас: Улсын яллагч танилцаад тайлбараа хэлнэ үү гэхэд

10:57-12:23 минутад, Улсын яллагч: Тайлбар хэлж баримтыг нарийн бичгийн даргаар дамжуулан шүүгчид өгөв.

12:32-12:34 минутад, Даргалагчаас: Нотлох баримт гаргаж өгч байгаа юм байна. Үүн дээр зөвлөлдөх нь одоо гэхэд

12:35-13:57 минутад, Өмгөөлөгч А: Нэмэлт тайлбар хэлж байна.

13:58-15:57 минутад, Улсын яллагч: Нэмэлт тайлбар хэлж байна. 

15:58-17:11 минутад, Өмгөөлөгч А: Тайлбар хэлж байна.

17:12-17:13 минутад, Даргалагчаас: За завсарлая гэж,

“4(1).mp4” нэртэй бичлэгийн 0:00-01:12  минутад, Даргалагчаас: Өмгөөлөгч А-аас гаргасан нотлох баримтыг хэлэлцлээ. Шүүх нотлох баримтыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэж байна. Өөрөөр хэлбэл, урьдчилсан хэлэлцүүлэгт гаргаагүй нотлох баримтыг шинжлэн судлахгүй. Шинжлэн судлаагүй баримтыг шүүх тооцох, тооцохгүй шийдвэрлэх боломжгүй байх тул таны гаргасан баримтыг шүүх хүлээн авахаас татгалзаж байна. Үүнийг буцаагаад өгчих гээд дэг сахиулагч цагдаагаар дамжуулан өмгөөлөгч А-т өгөв. Хувийн байдалтай нь холбогдуулан баримт өгч болно. Өр төлбөргүй гэдэг ч юм уу. Энэ бол байж болно. Бусад байдлаар Энхцэцэгтэй ч гэдэг юм уу холбоотой баримтыг мөрдөгч гаргах, нэг бол урьдчилсан хэлэлцүүлэгт гаргах байсан. Ингэж байж шүүх дараа нь тооцох уу, тооцохгүй юу гэдэг асуудал яригдана. Шууд хүлээж аваад би шинжлэн судлах болно. Шинжлэн судлаагүй баримтыг яаж нотлох баримтад тооцох уу гэдэг асуудал яригдах учраас өнөөдрийн гэм буруугийн шүүх хуралдаанд хүлээн авахаас татгалзаж байна.  

01:12-01:14 минутад, Өмгөөлөгч А: Шүүгчээ хувийн байдалтай нь холбоотой гаргачих уу гэв.

01:15-02:08 минутад, Даргалагчаас: Тэг, тэг. Тэрийгээ та өөрөө гаргаад өгчих. Үнэнхүү, П өр төлбөргүй  гэдэг ч юм уу, иймэрхүү хувийн байдалтай холбоотой байж болно шүү дээ тийм ээ. Өөр санал, хүсэлт, байхгүй бол П эрх үүргээ мэдэх үү гэж хэлээд, шүүгдэгчид эрх, үүрэг нэг бүрчлэн тайлбарлаж өгөв.

02:38-02:45 минутад, Өмгөөлөгч А: Нотлох баримтыг нарийн бичгийн даргаар дамжуулан шүүгчид өгсөн болох нь бичигджээ.

Тус шүүх хуралдаанд өмгөөлөгч А-ын гаргасан хүсэлт, бусад хэргийн оролцогчийн хэлсэн тайлбар нь 2024 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 580 дугаар шүүх хуралдааны тэмдэглэлийн 2-4 дүгээр талд утга агуулгын хувьд зөрүүгүйгээр бичигдсэн байна.

Дээрхээс үзвэл, 2024 оны 3 дугаар сарын 25-ны өдөр эхэлж, 26-ны өдөр дууссан шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч А-аас нотлох баримт гаргаж, 2024 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 2024/ШЗ/576 дугаар шүүгчийн захирамжаар нотлох баримт хэрэгт хавсаргах тухай хүсэлтийн зарим хэсгийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн байх ба энэ талаар шүүгчийн захирамж, шүүх хуралдааны тэмдэглэлд тус тус тусгасан байна.

Тус шүүх хуралдаанд П-ийн хувийн байдалтай холбоотой баримтууд болох Ү, П нарын хооронд өр төлбөргүй болохыг гэрчилсэн тодорхойлолт, П-ийн 2019, 2020, 2021 оны жилийн эцсийн тайлан, нийт 24 хуудас баримтыг шүүх хүлээн авч, эрүүгийн хэргийн 12 дугаар хавтасны 40-67 дугаар талд хавсаргажээ.

Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.10 дугаар зүйлийн 7-д “Энэ зүйлд заасны дагуу гаргаж өгсөн эд зүйл, баримт бичиг, мэдээлэл, бусад баримтыг оролцогчийн хүсэлтээр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр нотлох баримтаар тооцуулах, шүүх хуралдаанд шинжлэн судлуулах эрхтэй.” гэж зааснаас үзвэл урьдчилсан хэлэлцүүлэгт гаргаж өгөөгүй, нотлох баримтаар тооцуулаагүй баримтыг шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдааны явцад гаргаж өгснийг шүүгч буцааж өгсөн байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгчийн өмгөөлөгч А-аас нотлох баримтаар хавсаргахаас татгалзсан 72 хуудас баримтуудыг дахин гаргаж, хэрэгт хавсаргагдсан болох нь шалгах ажиллагааны явцад тогтоогдсон.

Тодруулбал, 2024 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн шүүх хуралдаанд өмгөөлөгч А-аас 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрөөр огноолсон хүсэлтэд хавсаргасан баримтуудыг нэг бүрчлэн нэрлэж, нотлох баримтаар гаргаж өгч буй нь бичлэгт бичигдсэн байх ба тус хуралдаанд буцаан өгсөн баримт болох Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын дүрмийн хуулбар, өмгөөлөгч А-ын 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Б-1/22-108, 67/372, Б-1/22-109 дугаар албан бичиг, Улаанбаатар төмөр замын Хүний нөөцийн албаны 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 18/27 дугаар албан бичиг, түүнд хавсаргасан 21 хуудас баримт, өмгөөлөгч А-ын 2023 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн Б-1/23-085 дугаар албан бичиг, Улаанбаатар төмөр замын Дотоод аудит, хяналт шалгалтын албаны 2023 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 24/66 дугаар албан бичиг, түүнд хавсаргасан 13 хуудас баримт, нийт 72 хуудас баримт П-т холбогдох эрүүгийн хэргийн 13 дугаар хавтаст хавсаргагдсан байна. Иймд нотлох баримтыг хүлээн аваагүй, хэргийн болон шүүх хуралдаанд оролцогчийн эрхийг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй тул шүүгчийг сахилгын зөрчил гаргасан гэж үзэхгүй.

Мөн өргөдөлд 2024 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлтэй танилцуулаагүй гэх агуулгыг дурджээ.

Дээрх байдлыг тодруулахаар тус шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар оролцсон Б-г гэрчээр асуухад “...Шүүх хуралдааны тэмдэглэл хуульд заасан хугацаанд бичгээр гарсан. Тэмдэглэлийг шүүгчээр гарын үсэг зуруулж, албажуулахын тулд шүүгчийн захирамжийн захирамжлах хэсэг заавал тусгагддаг тул шүүгчийн захирамж гарсны дараа албажиж гарсан, ...надтай тэмдэглэлтэй танилцъя гэж тухайн хэргийн оролцогч ирж уулзаж байгаагүй” гэж, шүүгчийн туслах Б “....П-т холбогдох шүүх хуралдаан 2 хоног үргэлжилж, олон цаг орсон, олон гэрч оролцсон учир 14 хоногт албажаагүй, 21 хоногт бол албажиж гарсан. Шүүгчийн захирамж албажиж гарсан даруйд прокурорт захирамжийн хувийг хүргүүлсэн, ...өмгөөлөгч А хэргийн материал танилцъя гээд ирэх болгонд танилцуулж байсан. Ирэхэд нь танилцуулаагүй тохиолдол байхгүй. Утсаар шүүх хуралдааны тэмдэглэл болон хэрэгтэй танилцуулах боломжгүй гэж хэлж байгаагүй.” гэж тус тус мэдүүлсэн.

2024 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 2024/ШЗ/580 дугаар шүүгчийн захирамжийг улсын яллагчид 2024 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр гардуулсан болох нь шүүгчийн захирамж гардуулсан тухай баримт №9-өөр тогтоогдож байх тул энэ өдөр шүүгчийн захирамж, шүүх хуралдааны тэмдэглэл албажиж гарсан гэж үзэхээр байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх хуралдааны тэмдэглэлийг шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 7 хоногийн дотор гаргаж, шүүх хуралдаан даргалагч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга гарын үсэг зурж, прокурор, оролцогчид танилцуулна” гэж заасан.

Хэдийгээр шүүх хуралдааны тэмдэглэл хуульд заасан хугацаанд албажиж гараагүй болох нь сахилгын хэрэгт цугласан баримтаар тогтоогдож байх боловч энэ үндэслэлээр шүүгчийг сахилгын зөрчил гаргасан гэж үзэх боломжгүй. Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.7 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга хөтлөх үүрэг хүлээнэ. 

Шүүгч Р нь цаашид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг удирдаж явуулахдаа шүүх хуралдааны тэмдэглэл хуулиар тогтоосон хугацаанд албажиж гарч байгаа эсэхэд хяналт тавьж ажиллах нь зүйтэй.

Шүүгдэгчийн өмгөөлөгч А нь тус өдрийн шүүх хуралдааны тэмдэглэл болон хэргийн материалтай 2024 оны 5 дугаар сарын 15-ны өдөр танилцсан байх ба тус шүүх хуралдааны тэмдэглэлд засвар оруулах хүсэлтийг гаргаагүй байна.

Хоёр. 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн шүүгчийн захирамжаар шүүгдэгч П-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээн дээр давхардуулан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг авсан, дахин ямар ч хүсэлтийг хүлээн авахгүй гэсэн байр суурь, шүүхийн шийдвэрийг урьдчилсан илэрхийлсэн гэх өргөдлийн үндэслэлийн тухайд,

2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч А-аас шүүх хуралдаан хойшлуулах хүсэлт гаргасныг 2024/ШЗ/378 дугаар шүүгчийн захирамжаар хангаж, П-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ дээр нэмж Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэсэн байна.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1-т “Яллагдагч, шүүгдэгчид энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу дараах таслан сэргийлэх арга хэмжээ авна: 1.1.хувийн баталгаа гаргах; 1.2.тодорхой үйл ажиллагаа явуулах, албан үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлэх; 1.3.хязгаарлалт тогтоох; 1.4.барьцаа авах; 1.5.цагдан хорих; 1.6.цэргийн ангийн удирдлагад хянан харгалзуулах” гэж, 3-т “...энэ зүйлийн 1.1, 1.2, 1.3, 1.4, 1.5, 1.6-д заасан таслан сэргийлэх арга хэмжээг шүүх авна.” гэж, 4-т “Энэ зүйлийн 1.1, 1.2, 1.3-т заасан таслан сэргийлэх арга хэмжээг дангаар болон давхардуулан авч болно. Энэ зүйлийн 1.4, 1.5, 1.6-д заасан таслан сэргийлэх арга хэмжээг бусад таслан сэргийлэх арга хэмжээтэй давхардуулж авахгүй.” гэж тус тус заасан.

            Шүүгч Р нь дээрх хуулийн дагуу бүрэн эрхийнхээ хүрээнд шүүгдэгчид авсан таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан шүүгчийн захирамж гаргасан нь өргөдөлд дурдсанчлан шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарыг дарамталсан, заналхийлсэн үйлдэл гаргасан үзэх үндэслэлгүй. Шүүгч хууль зөрчөөгүй байна.

Шалгах ажиллагааны явцад, 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн шүүх хуралдааны дуу-дүрсний бичлэгт үзлэг хийхэд шүүгч хэргийн оролцогчтой зүй бус харьцсан, шүүхээс гаргах шийдвэрийн талаар урьдчилан илэрхийлсэн гэх үйл баримт тогтоогдоогүй.

Даргалагчаас тус өдрийн шүүх хуралдаанаас гаргасан захирамжийн агуулгыг танилцуулахдаа “дараагийн шүүх хуралдаан хойшлохгүй шүү ойлгосон уу. Ямар нэгэн хүсэлт гомдол хүлээж авахгүй. Шүүх хуралдаанаа хийнэ. Шүүх хуралдаан 5 дахь удаа хойшилж байна” гэж хэлсэн болох нь “2024.02.23” фолдерт хадгалагдсан “2.mp4” нэртэй бичлэгт бичигджээ. Энэ талаар холбогдох шүүгч тайлбартаа “...Шүүх хуралдаан удаа дараа хойшлогдож, шүүгдэгчийн өмгөөлөгч А ирээгүй үндэслэлээр, мөн А өмгөөлөгчийн хүсэлтэд дурдагдсан 2024 оны 3 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл хойшлуулж өгнө үү гэх урт хугацаагаар шүүх хуралдаан хойшлогдож байгаа нөхцөл байдалд шүүгч миний зүгээс дахин шүүх хуралдаан хойшлогдохгүй байх энэ талаарх хүсэлт хүлээн авахгүй гэсэн байр суурийг илэрхийлсэн болохоос эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хүсэлт гомдол гаргах эрхэд халдсан зүйл огтхон ч биш юм.” гэж тайлбарлажээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 3-т “Өмгөөлөгч нь шүүх, прокурор, мөрдөгчийн товлосон хугацаанд хүрэлцэн ирж эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоно.” гэж зааснаар өмгөөлөгч нь шүүх хуралдаанд бэлтгэх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх үүрэгтэй тул шүүгчийн дээрх тайлбарыг зөрчилд тооцож, буруутгах үндэслэлгүй болно. Шүүгч тухайн хэргийг хэрхэн шийдвэрлэх талаар өөрийн байр суурийг илэрхийлсэн гэх байдал тогтоогдсонгүй. Гэвч шүүгч Р нь цаашид хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгчийн ёс зүйн зарчмыг чанд баримталж, хөндлөнгийн байр сууринаас төвийг сахин, аль нэг талд давуу байдал олгохгүй байх, тийнхүү ойлгогдохоос зайлсхийж ажиллавал зохино.

Гурав. 2024 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 2024/ШЗ/580 дугаар шүүгчийн захирамж уншиж сонсгосон шийдвэрийн үндэслэлээс зөрүүтэй гэх өргөдлийн үндэслэлийн тухайд,

2024 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 2024/ШЗ/580 дугаар шүүгчийн захирамжийн агуулгыг танилцуулсан “4.mp4” нэртэй бичлэгийн 0:00-2:21 минутад, Даргалагчаас: Шүүх П-т холбогдох хэргийг хянан хэлэлцлээ. Хянан хэлэлцээд шүүх хуралдааныг 60 хүртэл хоногоор хойшлуулж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх  тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5,6,7 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П-т холбогдох эрүүгийн хэргийг ажиллагаа хийлгүүлэхээр 60 хоногийн хугацаагаар хойшлуулж байна. Яагаад хойшлуулсан бэ гэхээр шүүх хуралдааны явцад нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэх, энэ хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.13, 6.14-д заасан гомдлыг шийдвэрлэх зорилгоор нэг удаа 60 хүртэл хоногоор хойшлуулж болно гэж заасан байгаа. Энэ хүрээнд шүүгдэгчид холбогдох зүйчлэлийг өөрчлөн сонсгох, Ү-ыг П-тай хамтран бүлэглэн оролцсон эсэхийг тогтоох, мөн эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэргийн шинж байгаа эсэхийг  тогтоох, үүнд хууль зүйн дүгнэлт хийх, яллах дүгнэлтийг шинээр үйлдэж шүүхэд шинээр ирүүлэх нь зүйтэй байна гэж дүгнэж, шүүх хуралдааныг 60 хоногоор хойшлууллаа. Үүнд гомдол, эсэргүүцэл бичигдэхгүй гээд захирамж амаар гарч байна. Товоо тогтоох юм байна. 60 хоног гэхээр 5 дугаар сарын 27-ны өдрийн 10 цаг хүртэл хойшлуулъя гэж хэлсэн болох нь бичигджээ.

2024 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 2024/ШЗ/580 дугаар шүүгчийн захирамжийн захирамжлах хэсгийн 1-т Шүүгдэгч П-т холбогдох хэргийн хянан хэлэлцэх шүүх хуралдааныг 2024 оны 5 дугаар сарын 27-ны өдөр 10 хүртэл хугацаагаар хойшлуулсугай, 2-т Шүүгчийн захирамжид заасан ажиллагааг хийхийг улсын яллагч У-т даалгасугай, 3-т Шүүгдэгч П-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ дээр давхардуулан авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй, 4-т Шүүх хуралдааны товыг оролцогчдод дахин мэдэгдэхийг шүүгчийн туслахад даалгасугай, 5-т Энэ захирамжид гомдол гаргах, эсэргүүцэл бичихгүйг дурдсугай гэж бичигдсэн байх ба захирамжийн үндэслэх хэсэгт дурдсан үндэслэл, шүүх хуралдаанд шүүгчийн захирамжийн агуулгыг танилцуулсан байдлаас утга, агуулгын хувьд зөрөөгүй байна. Иймд шүүгчийн захирамж, уншиж сонсгосон байдлаас зөрүүтэй гэх өргөдөлд дурдсан үндэслэл үгүйсгэгдэж байна.

Мөн өргөдөлд, Нийслэлийн прокурорын газар, Авлигатай тэмцэх газраас өмгөөлөгч А-ын өмгөөллийн үйл ажиллагаанд саад учруулсан талаар дурджээ. Шүүхийн сахилгын хороо нь шүүгчээс бусад албан тушаалтан, эрх бүхий байгууллагатай холбоотой гомдлыг шийдвэрлэх эрхгүй бөгөөд өмгөөлөгч А нь энэ талаарх гомдлоо зохих байгууллагад гаргаж шийдвэрлүүлэх эрх нь нээлттэй болохыг дурдав.

Түүнчлэн, өргөдөлд шүүгч Р-ын хамаарал бүхий этгээд болох түүний төрсөн ах, дүү болон эхнэрийн ажил эрхлэлтийн талаар дурдаж, хэвлэл мэдээллийн хэрэгсэлд нийтлэгдэж байсан гэж бичсэн байх ба энэ нь шүүгч тухайн хэргийг шийдвэрлэхэд ашиг сонирхлын зөрчилтэй байсан, шүүгчид нөлөөлсөн гэж үзэх үндэслэл болохгүй.

Шүүгдэгчийн өмгөөлөгч А нь 2024 оны 8 дугаар сарын 27-ны өдөр шүүгч Р-оос татгалзах хүсэлт гаргасныг мөн өдрийн 2024/ЕШЗ/843 дугаар Ерөнхий шүүгчийн захирамжаар хэрэгсэхгүй болгожээ.

Дээрх хэргийг 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 2024/ШЦТ/773 дугаар шийтгэх тогтоолоор хянан шийдвэрлэсэн байна.

            Өргөдөлд дурдсан үндэслэлүүд нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 55 дугаар зүйлд заасан шүүгчийн сахилгын зөрчил гаргасан буюу шүүгчид хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон зохицуулалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлд хамаарахгүй байх тул шүүгч Р-д холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргав” гэжээ.

  Холбогдох шүүгч ирүүлсэн тайлбартаа: “...Шүүхийн хэлэлцүүлэгт 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр товлон зарлагдсан /хойшлогдсон/ бөгөөд шүүгдэгчийн өмгөөлөгч А нь шүүгдэгч П-тай холбоотой шинэ нотлох баримтуудыг шүүх хуралдаан эхлэхээс өмнө буюу 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр шүүхийн мэдээлэл лавлагаагаар дамжуулан шүүхэд хүлээлгэн өгсөн байдаг. 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн шүүх хуралдаан дээр уг 86 хуудас нотлох баримттай холбоотой асуудал хэлэлцэгдээгүй бөгөөд шүүх хуралдаан завсарлаад шүүгчийн шүүх хуралдаан хойшлуулах захирамж танилцуулах үеэр даргалагчийн зүгээс уг нотлох баримттай холбоотой асуудлыг дараагийн шүүх хуралдаанд албан ёсоор шүүх хуралдаан дээр гаргах боломжтой талаар хэлж, өмгөөлөгч А өөрөө “...за тэгье, буцаагаад авчихъя, дараагийн шүүх хуралдаанд гаргаж өгье... гээд нотлох баримтуудаа буцаан авсан болно. Өөрөөр хэлбэл шүүх хуралдаан хойшлогдсон хугацаанд шүүгдэгчийн талаарх шинэ нотлох баримтыг мэдээлэл лавлагаагаар дамжуулан өгөх боломжтой, харин шүүх хуралдаан дээр албан ёсоор танилцуулж талуудын санал дүгнэлтийг сонсож шүүх нотлох баримтаар хүлээн авах эсэхээ шийдвэрлэх ёстой юм. Уг асуудлын талаар шүүх хуралдаан дээр хэлэлцүүлэг, санал, дүгнэлт өрнөөгүй тул шүүгчийн захирамжид тусгах шаардлагагүй юм.  2024 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс 86 хуудас бүхий нотлох баримтуудыг шинээр шүүхэд гаргаж танилцуулсан болно. Даргалагчийн зүгээс уг нотлох баримттай холбоотой улсын яллагч, өмгөөлөгч нарын саналыг сонсож, шүүх хуралдааныг түр завсарлуулж нотлох баримтуудаас шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг хүлээн авч, бусад нотлох баримтуудыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн болно. Өөрөөр хэлбэл, нотлох баримт гаргах өгөх талаар, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.10 дугаар зүйлийн 7 дэх хэсэгт “Энэ зүйлд заасны дагуу гаргаж өгсөн эд зүйл, баримт бичиг, мэдээлэл, бусад баримтыг оролцогчийн хүсэлтээр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр нотлох баримтаар тооцуулах, шүүх хуралдаанд шинжлэн судлуулах эрхтэй.” гэж заасан байх тул өмгөөлөгчийн шүүхэд гаргасан нотлох баримтын зарим хэсэг болох түүний хувийн байдалтай холбоотой баримтыг шүүх хүлээн авч, бусад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой шинэ нотлох баримтыг урчилсан хэлэлцүүлэгт гаргаагүй үндэслэлээр шүүх хүлээн авахаас татгалзсан болно. Дараа дараагийн шүүх хуралдаанд өмгөөлөгчийн зүгээс дахин гаргаж, шүүх хүлээн авч хэрэгт хавсаргасан болно. 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч А эрүүл мэндийн шалтгааны улмаас хүрэлцэн ирээгүй, мөн гэрч Б хүрэлцэн ирээгүй үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулсан болно. Шүүх хуралдаан удаа хойшлогдож байгаа тул шүүгч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “...эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх, түүнийг дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх...” зорилгоор уг таслан сэргийлэх арга хэмжээг хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээн дээр давхардуулан авах нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцнэ гэж дүгнэсэн болно. Өөрөөр хэлбэл уг таслан сэргийлэх арга хэмжээ нь зөвхөн урьдчилан сэргийлэх зорилгоор авч хэрэгжүүлж байгаа ажиллагаа юм. Мөн өмгөөлөгч А-ын ирүүлсэн саналын дагуу шүүх дараагийн хуралдааныг 2024 оны 3 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл хойшлуулсан байна. Мөн шүүгч намайг дахин ямар ч хүсэлтийг хүлээн авахгүй гэсэн байр суурь, шүүхийн шийдвэрийг урьдчилсан илэрхийлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчоос шүүхэд хүсэлт гомдол гаргаж, хянан шийдвэрлэх эрхэд эрээ цээргүй хандсан үйлдэл нь Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлээр шүүгчид хориглосон ноцтой үйлдэлд тооцогдоно гэжээ. Шүүх хуралдаан удаа дараа хойшлогдож, шүүгдэгчийн өмгөөлөгч А ирээгүй үндэслэлээр, мөн А өмгөөлөгчийн хүсэлтэд дурдагдсан 2024 оны 3 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл хойшлуулж өгнө үү гэх урт хугацаагаар шүүх хуралдаан хойшлогдож байгаа нөхцөл байдалд шүүгч миний зүгээс дахин шүүх хуралдаан хойшлогдохгүй байх энэ талаарх хүсэлт хүлээн авахгүй гэсэн байр суурийг илэрхийлсэн болохоос эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хүсэлт гомдол гаргах эрхэд халдсан зүйл огтхон ч биш юм. Мөн 2024 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлтэй танилцуулаагүй гэжээ. 2024 оны 5 дугаар сарын 15-ны өдөр танилцуулах ажиллагаа хийгдсэн болно. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...шүүх хуралдааны тэмдэглэл танилцуулснаас хойш 5 хоногийн дотор засвар оруулах санал, хүсэлт гаргах эрхтэй..." гэж заасан байна. Уг танилцуулснаас хойш өмгөөлөгч засвар оруулах санал, хүсэлт шүүхэд гаргаагүй болно. 2024 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 580 дугаар шүүх хуралдаан хойшлуулах захирамжийн холбогдох хэсгүүд зөрүүтэй байна гэсэн нь яг ямар ноцтой зөрүүтэй зүйл байгааг гомдолд дурдаагүй байх тул тайлбар бичих боломжгүй байна. Гомдлын 5 дахь хэсэгт “хавтаст хэрэгт хангалттай нотлох баримтууд тусгагдсан гэжээ. Хэрвээ хангалттай баримтууд байгаа мөрдөн мөшгөсөн хэрэгт холбогдуулан шалгасан өмгөөллийн үйл ажиллагаанд хөндлөнгөөс нөлөөлсөн гэж үзэж байгаа тохиолдолд шүүгдэгч, өмгөөлөгч нар гомдлоо зохих газарт шалган шийдвэрлүүлэх эрхтэй байна. Энэ нь шүүх, шүүгчийн үйл ажиллагаанд ямар ч холбогдолгүй байна. Мөн гомдлын 6-д заасан үндэслэл нь сахилгын зөрчилтэй ямар ч холбоогүй шүүгч өөрөө татгалзан гарах үндэслэлд хамаарахгүй өөрөө шууд эсхүл шууд бусаар энэ хэрэгт хувийн сонирхолтой гэх нь ямар ч үндэслэлгүй, гэр бүл, ах дүү нарын ажилладаг, ажиллаж байсан ажил, албан тушаалын байдалтай холбогдуулан ямар ч хамаагүй үндэслэлээр шүүгч намайг буруутгаж харлуулах, шүүгч надад нөлөөлөх гэсэн үйлдэл гэж үзэхээр байна. Шүүхийн тухай хуулийн 50.1.20, 50.1.23-т заасныг зөрчсөн үйлдэл огт гаргаагүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан шүүгчийн шүүх хуралдааныг хойшлуулах захирамжтай холбоотой хуулийн илт тодорхой заалт ноцтой зөрчсөн гэх нь үндэслэлгүй. Шүүгдэгч П-т холбогдох эрүүгийн шүүх хуралдаан 2024 оны 6 дугаар сарын 27-ны өдөр товлогдсоноос хойш 5 удаа хойшлогдож хянан шийдвэрлэгдсэн болно. Иймд өмгөөлөгч Ж-гийн гаргасан гомдлыг зөрчилд хамаарахгүй үндэслэлээр сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Өмгөөлөгч Ж-гээс ...шүүхийн шүүгч Р-д холбогдуулан гаргасан өргөдлийг үндэслэн Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн ГЗҮ/2024/0106 дугаар захирамжаар сахилгын хэрэг үүсгэн, шалгах ажиллагаа явуулжээ.

1. Өргөдөл гаргагчаас “...2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 201 дугаартай тэмдэглэлд өмгөөлөгч Ат нотлох баримтуудыг буцаан өгсөн шийдвэр, үйл явцыг тусгаагүй. ...21 (хорин нэгэн) ширхэг
нотлох баримтуудыг хүлээн авч, бусад баримтуудыг ямар нэгэн хуулийн
үндэслэл, шалтгаангүйгээр хүлээн авахаас татгалзсан болно. Шүүх хуралдаан даргалагчаас дээр дурдагдсан нотлох баримтуудыг хүлээн авахаас татгалзсан шийдвэрийнхээ үндэслэлийг тайлбарлаагүй, шүүх хуралдааны тэмдэглэлд шүүгчийн шийдвэрийн үндэслэлийг болон өмгөөлөгч А-ын гаргасан нотлох баримтуудыг нэг бүрчлэн нэрлэн зааж тусгах үүргээ зориудаар биелүүлээгүй, улмаар шүүгчийн 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 2024/ШЗ/580 дугаартай “Шүүх хуралдааныг хойшлуулах тухай” захирамжид огт дурдагдаагүй байна” гэжээ.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл, Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч П-т холбогдох эрүүгийн хэргийг ...шүүхэд шилжүүлж, тус хэргийг шүүгч Р хүлээн авч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгч А-аас 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр 83 хуудас баримтыг шүүхэд өгсөн болох нь тус шүүхийн гомдол, эсэргүүцэл, өргөдөл, хүсэлт хүлээн авсан бүртгэлийн дэвтрээр тогтоогдож байна.

Тус эрүүгийн хэрэгт 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр явагдсан шүүх хуралдааныг шүүгч  “...гэрч Б-д шүүх хуралдааны тов мэдэгдсэн шүүхийн мэдэгдэх хуудсыг хүргүүлсэн боловч тэрээр өнөөдрийн шүүх хуралдаанд 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 01 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл өвчтэй гэсэн эмнэлгийн магадалгааг ирүүлсэн ба хүсэлт ирүүлээгүй, гэрч Ү, А, Б нар нь шүүх хуралдааны тов мэдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тус тус хүрэлцэн ирээгүй” зэрэг ирцтэй холбоотой үндэслэлээр хойшлуулсан байх ба энэ талаар шүүгчийн захирамж болон шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагджээ.

Харин хуралдаан завсарлаад шүүгч хуралдаан хойшлуулсан захирамжийн үндэслэлийг тайлбарлаж дуусаад, өмгөөлөгч А-д хандан “хурал дээрээ ...албан ёсоор гаргаад танилцуулах нь зүйтэй байх” гээд түүний гаргаж өгсөн баримтуудыг буцаан өгсөн, өмгөөлөгч хүлээн зөвшөөрч баримтуудыг хүлээн авсан үйл баримт шүүх хуралдааны дуу дүрсний бичлэгт бичигдсэн байна.

Дээрхээс үзвэл шүүх хуралдааны явцад шүүгч шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргаж өгсөн баримтын талаар хэлэлцээгүй, шүүх хуралдаан завсарлаж шүүгч захирамжийн үндэслэлээ тайлбарлаж дууссаны дараа баримтуудыг буцаан өгсөн учир энэ үйл баримт шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдаагүй нь шүүгчийг буруутгах үндэслэл болохгүй.

Мөн 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдөр эхлээд 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдөр дууссан шүүх хуралдааны явцад шүүгдэгчийн өмгөөлөгч А-аас шинээр нотлох баримт гаргаж өгсөн, шүүхээс тус баримтуудын талаар хэлэлцүүлж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн нотлох баримт гаргаж өгөх хүсэлтийг шийдвэрлэсэн 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 2024/ШЗ/576 дугаар шүүгчийн захирамж гарсан.

Тус захирамжийн үндэслэлд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.10 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт “Энэ зүйлд заасны дагуу гаргаж өгсөн эд зүйл, баримт бичиг, мэдээлэл, бусад баримтыг оролцогчийн хүсэлтээр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр нотлох баримтаар тооцуулах, шүүх хуралдаанд шинжлэн судлуулах эрхтэй” гэж заасныг үндэслэн шүүгдэгчийн өмгөөлөгч А-ын шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтын зарим хэсэг болох түүний хувийн байдалтай холбоотой баримтыг хүлээн авч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой баримтыг хүлээн авахаас татгалзаж байгаа талаараа тодорхой дурдсан байх тул шүүгчийг “нотлох баримтуудыг хүлээн авахаас татгалзсан шийдвэрийнхээ үндэслэлийг тайлбарлаагүй, ...захирамжид огт дурдагдаагүй байна” гэх үндэслэлээр сахилгын зөрчил гаргасан гэж буруутгах боломжгүй.

Түүнчлэн шүүгч шүүгдэгчийн өмгөөлөгчид буцаан өгсөн баримтууд нь тухайн эрүүгийн хавтас хэргийн материалд хавсаргагдсан байгааг илтгэгч гишүүн дурдсаныг тэмдэглэх нь зүйтэй. 

2 Өргөдөл гаргагч “...Шүүгч Р нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг ноцтойгоор зөрчиж, шүүх хуралдааны тэмдэглэлийг шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 7 хоногийн дотор оролцогчид танилцуулахгүйгээр ...шүүхийн шүүгчийн 2024 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 2024/ШЗ/580 дугаартай “Шүүх хуралдааныг хойшлуулах тухай” захирамжийг албажуулан гаргаж, өмгөөлөгч А-ын шүүх хуралдааны тэмдэглэлтэй танилцах, түүнд засвар оруулах санал гаргах хууль ёсны эрхэд маань халдаж, шүүх хуралдааны тэмдэглэлд засвар оруулах санал, хүсэлтийг шүүхээр хянан шийдвэрлүүлэх ямар ч боломжгүй болгосон” гэжээ.

Тухайн  шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар оролцсон Б гэрчээр “...Шүүх хуралдааны тэмдэглэл хуульд заасан хугацаанд бичгээр гарсан. Тэмдэглэлийг шүүгчээр гарын үсэг зуруулж, албажуулахын тулд шүүгчийн захирамжийн захирамжлах хэсэг заавал тусгагддаг тул шүүгчийн захирамж гарсны дараа албажиж гарсан, ...надтай тэмдэглэлтэй танилцъя гэж тухайн хэргийн оролцогч ирж уулзаж байгаагүй” гэх,

Шүүгчийн туслах Б “....П-т холбогдох шүүх хуралдаан 2 хоног үргэлжилж, олон цаг орсон, олон гэрч оролцсон учир 14 хоногт албажаагүй, 21 хоногт бол албажиж гарсан. Шүүгчийн захирамж албажиж гарсан даруйд прокурорт захирамжийн хувийг хүргүүлсэн, ...өмгөөлөгч А хэргийн материал танилцъя гээд ирэх болгонд танилцуулж байсан. Ирэхэд нь танилцуулаагүй тохиолдол байхгүй” гэх мэдүүлгийг шалгах ажиллагааны явцад тус тус өгсөн  байна. 

2024 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 2024/ШЗ/580 дугаар шүүх хуралдаан хойшлуулах тухай шүүгчийн захирамжийг улсын яллагчид 04 дүгээр сарын 12-ны өдөр гардуулсан баримт хэрэгт авагдсан байх бөгөөд шүүх хуралдааны нарийн бичгийн даргын “шүүгчийн захирамжийг албажуулан гарсны дараа тэмдэглэл гарсан” гэх мэдүүлгийг үндэслэн шүүх хуралдааны тэмдэглэл 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр албажин гарсан гэж үзэхээр байна.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх хуралдааны тэмдэглэлийг шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 7 хоногийн дотор гаргаж, шүүх хуралдаан даргалагч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга гарын үсэг зурж, прокурор, оролцогчид танилцуулна” гэж заасан хуулийн хугацаанд шүүх хуралдааны тэмдэглэл гараагүй болох нь гэрч нарын мэдүүлэг, хэрэгт авагдсан баримтуудаас тогтоогдож  байна.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 90 дүгээр зүйлийн 90.2 дахь хэсэгт “Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга шүүх хуралдааныг даргалагчийн удирдлага дор дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ”, 90.2.4-т “шүүх хуралдааны тэмдэглэлийг хэргийн оролцогчид хуульд заасны дагуу танилцуулан, шүүгчээр баталгаажуулж, хэрэгт хавсаргах” гэж зааснаас үзвэл шүүх хуралдааны тэмдэглэлийг хуульд заасан хугацаанд гаргах, хэргийн оролцогчид танилцуулах нь шүүх хуралдааны нарийн бичгийн даргын хуулиар хүлээсэн чиг үүрэгт хамаарах тул дээрх үндэслэлээр шүүгчийг сахилгын зөрчил гаргасан гэж буруутгах боломжгүй.

Мөн шүүгдэгчийн өмгөөлөгч А нь 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр шүүх хуралдааны тэмдэглэл, шүүгчийн захирамжтай танилцах хүсэлтийг гаргасан боловч тухайн шүүх хуралдааны тэмдэглэл, шүүгчийн захирамж нь өмгөөлөгчийн хүсэлт гаргах цаг хугацаанд албажин гаргаагүй байсан.

Харин 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдөр шүүгдэгчийн өмгөөлөгч А нь хэргийн материал болон шүүх хуралдааны тэмдэглэлтэй танилцсан боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тэмдэглэлд засвар оруулах санал хүсэлт гаргаагүй байгааг дурдах зүйтэй.

3. Өргөдөл гаргагч “...Шүүгч Р-ын уншиж, сонсгосон шүүхийн шийдвэр, түүний үндэслэл нь ...шүүхийн  шүүгчийн 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 2024/ШЗ/580 дугаартай шүүх хуралдааныг хойшлуулах тухай захирамжийн холбогдох хэсгүүд хоорондоо ноцтой зөрүүтэй” гэжээ.

2024 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 2024/ШЗ/580 дугаар шүүгчийн захирамжийн үндэслэлд  “...Шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, гэрч нарын шүүх хуралдаанд өгсөн дээрх мэдүүлгүүд болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан бусад нотлох баримтуудаас үзэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар “Шүүх хуралдааны явцад нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэхээр бол, эсхүл энэ хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.13, 6.14-т заасан гомдлыг шийдвэрлэх зорилгоор шүүх хэргийг хянан хэлэлцэхийг нэг удаа 60 хүртэл хоногоор хойшлуулна” гэж заасан нөхцөл байдал үүссэн байна гэж шүүх дүгнэлээ. Шүүх шүүх хуралдааны явцад нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг дүгнэн шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэл өөрчлөх, уг хэргийн гэрч Ү-ыг хэрэгт хамтран оролцсон, бүлэглэн гүйцэтгэсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22 дугаар бүлэгт заасан өөр гэмт хэргийн шинж байгаа эсэхийг тогтоож хууль зүйн дүгнэлт хийн яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлэх нь зүйтэй” гэж бичигджээ.

Илтгэгч гишүүн 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдөр эхэлж, 26-ны өдөр дууссан шүүх хуралдааны дуу-дүрсний бичлэгийг шүүхээс шаардан авч, хэрэгт хавсаргасан байх бөгөөд тус бичлэгт шүүгч захирамжийн үндэслэлийг тайлбарлахдаа “...Шүүх П-т холбогдох хэргийг хянан хэлэлцлээ. Хянан хэлэлцээд шүүх хуралдааныг 60 хүртэл хоногоор хойшлуулж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх  тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5,6,7 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П-т холбогдох эрүүгийн хэргийг ажиллагаа хийлгүүлэхээр 60 хоногийн хугацаагаар хойшлуулж байна. Яагаад хойшлуулсан бэ гэхээр шүүх хуралдааны явцад нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэх, энэ хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.13, 6.14-д заасан гомдлыг шийдвэрлэх зорилгоор нэг удаа 60 хүртэл хоногоор хойшлуулж болно гэж заасан байгаа. Энэ хүрээнд шүүгдэгчид холбогдох зүйчлэлийг өөрчлөн сонсгох, Ү-ыг П-тай хамтран бүлэглэн оролцсон эсэхийг тогтоох, мөн эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэргийн шинж байгаа эсэхийг тогтоох, үүнд хууль зүйн дүгнэлт хийх, яллах дүгнэлтийг шинээр үйлдэж шүүхэд шинээр ирүүлэх нь зүйтэй байна гэж дүгнэж, шүүх хуралдааныг 60 хоногоор хойшлууллаа. Үүнд гомдол, эсэргүүцэл бичигдэхгүй гээд захирамж амаар гарч байна. Товоо тогтоох юм байна. 60 хоног гэхээр 5 дугаар сарын 27-ны өдрийн 10 цаг хүртэл хойшлуулъя” гэж хэлсэн нь бичигджээ.

Дээрхээс үзвэл шүүгчийн уншиж сонсгосон захирамжийг үндэслэл нь 2024/ШЗ/580 дугаартай захирамжийн үндэслэлтэй утга агуулгын хувьд зөрүүгүй байх тул өргөдөл гаргагчийн дээрх өргөдөл нь үндэслэлгүй байна.

4. Өргөдөл гаргагч “......шүүхэд 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 10 цаг 00 минутад товлогдож, хийгдсэн шүүх хуралдаанд эрүүл мэндийн шалтгаанаар оролцож чадаагүй ...2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 2024/Ш378 дугаартай “Шүүх хуралдааныг хойшлуулах тухай” захирамжид ганцхан өмгөөлөгч А нь шүүх хуралдаанд ирээгүй гэсэн агуулгатай үйл баримтыг тусгаж, маш тодорхойгүй, ойлгомжгүй үндэслэлээр шүүгдэгч П-т "... урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээн дээр давхардуулан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг... “ авсан. ...шүүгч Р нь шүүгдэгч, түүний өмгөөлөгчдийг илтээр дарамталсан, заналхийлсэн агуулга бүхий дээр дурдагдсан шүүгчийн захирамжийг гаргасанд туйлын ихээр харамсдаг. ... хуралдаан дээр дахин ямар ч хүсэлтийг хүлээн авахгүй гэсэн байр суурь, шүүхийн шийдвэрийг урьдчилсан илэрхийлсэн.” гэжээ.

Шүүгдэгч П-т холбогдох эрүүгийн хэргийн 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч А-аас “эрүүл мэндийн шалтгааны улмаас шүүх хуралдааныг хойшлуулах”, шүүгдэгчийн өмгөөлөгч А-гаас “...гэрч оролцуулах” хүсэлт тус тус гаргасныг шүүгч хүлээн авч, 2024/ШЗ/378 дугаар захирамжаар шүүх хуралдааныг хойшлуулж шийдвэрлэсэн байна.

Ийнхүү шийдвэрлэхдээ шүүх хуралдаан удаа дараа хойшлогдож байгаатай холбогдуулан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор дараагийн шүүх хуралдаан хүртэл шүүгдэгч П-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ дээр давхардуулан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авчээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1-т “Яллагдагч, шүүгдэгчид энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу дараах таслан сэргийлэх арга хэмжээ авна”, 1.1-т “хувийн баталгаа гаргах”; 1.2-т “тодорхой үйл ажиллагаа явуулах, албан үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлэх”, 1.3-т “хязгаарлалт тогтоох”, 1.4-т “барьцаа авах”, 1.5-т “цагдан хорих”; 1.6-т “цэргийн ангийн удирдлагад хянан харгалзуулах” гэж, 3-т “...энэ зүйлийн 1.1, 1.2, 1.3, 1.4, 1.5, 1.6-д заасан таслан сэргийлэх арга хэмжээг шүүх авна.” гэж, 4 дэх хэсэгт “Энэ зүйлийн 1.1, 1.2, 1.3-т заасан таслан сэргийлэх арга хэмжээг дангаар болон давхардуулан авч болно. Энэ зүйлийн 1.4, 1.5, 1.6-д заасан таслан сэргийлэх арга хэмжээг бусад таслан сэргийлэх арга хэмжээтэй давхардуулж авахгүй.” гэж тус тус заасан.

Дээрх хуулийн зохицуулалтаас үзвэл шүүгдэгч П-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ дээр Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох арга хэмжээг давхардуулан авахыг хуулиар хориглоогүй тул  шүүгчийг дээрх үндэслэлээр сахилгын зөрчил гаргасан үзэхгүй.

Мөн тухайн хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байгаа шүүгч шүүгдэгчид ямар таслан сэргийлэх арга хэмжээ авах нь шүүгчид хуулиар олгосон  бүрэн эрхэд хамаарах тул дээрх захирамжийн үндэслэлд Шүүхийн сахилгын хороо үнэлэлт дүгнэлт өгөх эрхгүй.

Түүнчлэн шүүгч “...дараагийн шүүх хуралдаан хойшлохгүй шүү ойлгосон уу, ямар нэгэн хүсэлт, гомдол хүлээж авахгүй. Шүүх хуралдаанаа хийнэ. Шүүх хуралдаан 5 дахь удаагаа хойшилж байна” гэж хэлсэн нь 02 дугаар сарын 23-ны өдрийн шүүх хуралдаанд дуу-дүрсний бичлэгт авагдсан байх ба энэ нь өмгөөлөгчийг илтээр дарамталсан, заналхийлсэн, шүүхийн шийдвэрийг урьдчилсан илэрхийлсэн гэж үзэх үндэслэл болохгүй юм.

Өргөдөл гаргагч “...Шүүгч Р-д төрсөн ах, эсхүл дүү С гэж байдаг, тэрээр Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст мөрдөгчөөр ажиллаж байхдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах байдлаар их хэмжээний үнэт эдлэлүүдийг Монгол Улсын хилээр нэвтрүүлэхийг завдан хил, гаалийнханд саатуулагдан шалгагдаж, тэр талаар хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр цацагдаж, Авлигатай тэмцэх газраас С-ыг ажлаас нь халсан гэж мэдэгдэж байсан боловч С нь хууль бусаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт ажилд орж, саяхан хурандаа цолоор шагнагдсан, түүнийг маш ойлгомжгүй шалтгаанаар Авлигатай тэмцэх газрын удирдлага багагүй асуудлуудаас өмгөөлж, хамгаалдаг. Мөн шүүгч Р-ын эхнэр нь прокуророор ажилладаг гэх зэрэг ноцтой байж болох мэдээ, мэдээллүүд хэвлэл мэдээллийн хэрэгсэл, олны дунд өргөнөөр бичигдэж, яригдаж байна. Хэрэв дээрх мэдээ, мэдээллүүд үнэн бодитой, үндэслэлтэй тохиолдолд прокурорын байгууллага, Авлигатай тэмцэх газар нь шүүгч Р-ын эхнэр, төрсөн ах, эсхүл дүүгээр дамжуулан эрүүгийн 220206.......... дугаартай хэргийг хянан шийдвэрлэж байгаа шүүх, шүүгчид хууль бусаар нөлөөлөх бүрэн боломжтой болно” гэж өргөдөлдөө дурдсан нь шүүгчийг тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ашиг сонирхлын зөрчилтэй, түүнд нөлөөлсөн гэж үзэх боломжгүй. Энэ талаар дүгнэсэн илтгэгч гишүүний дүгнэлт үндэслэл бүхий байна.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.3 дугаар зүйлд заасны дагуу шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүгчийг татгалзан гаргах хүсэлт гаргасныг тус шүүхийн Ерөнхий шүүгч 2024 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 2024/ЕШЗ/843 дугаар захирамжаар хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг дурдах нь зүйтэй. 

                 Иймд, илтгэгч гишүүний сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хүлээн авч, ... шүүхийн шүүгч Р-д холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзлээ.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1, 112.1.2, 112.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Сахилгын хорооны гишүүний 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн ГС/2024/0128 дугаар “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай санал”-ыг хүлээн авч, ... шүүхийн шүүгч Р-д холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6 дахь хэсэгт зааснаар магадлал гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл мэдээлэл гаргагчийн оршин суугаа газрын, эсхүл ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл албаны ажилтнаар хүргүүлэхийг Ажлын албанд даалгасугай.

3.Магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сахилгын хороонд хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

4.Дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох ба энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг тайлбарласугай.

                        ДАРГАЛАГЧ                                    Д.АРИУНТУЯА

                         ГИШҮҮН                                           Х.ХАШБААТАР

                                                                                    Г.ЦАГААНЦООЖ