
МОНГОЛ УЛС
ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО
МАГАДЛАЛ
2025-01-17
Дугаар 12
Улаанбаатар хот

Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сахилгын хорооны хуралдааныг гишүүн Д.Ариунтуяа даргалж, гишүүн Ц.Давхарбаяр, Б.Сугар нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн О.Номуулин, нарийн бичгийн дарга А.Намуундарь нарыг оролцуулан тус хорооны танхимд хийсэн хуралдаанаар:
...шүүхийн шүүгч Ж-д холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Илтгэгч гишүүн саналдаа: Нэг. “Эмзэг мэдээллийг задруулан гутаан доромжилсон, эрүүл мэндтэй холбоотой хүсэлтийг хүлээн авдаггүй, эрүүл мэндийн бодит байдлыг тодруулахаас санаатайгаар зайлсхийдэг” гэх үндэслэлийн тухайд:
...шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн шүүх хуралдаанд шүүгдэгч Б өвчтэй гэх шалтгаанаар ирээгүй тул шүүх хуралдааныг 07 дугаар сарын 03-ны өдөр хүртэл хойшлуулсан ч мөн тухайн шүүх хуралдаанд ирээгүй.
Шүүгдэгчийн шүүх хуралдаанд ирээгүй шалтгааныг тодруулахаар шүүгч Ж нь ... төв эмнэлгийн захирал Т-т хүргүүлсэн 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 2/835 дугаар албан бичигт “Тус шүүхээр хянан хэлэлцэгдэж буй нэр бүхий шүүгдэгч нарт холбогдох “залилах” гэмт хэргийн шүүх хуралдаан удаа дараа хойшлогдоод байна. Хэргийн нэг шүүгдэгч болох Б нь “яаралтай хагалгаанд орох заалттайгаар танай эмнэлэгт хэвтсэн, өвчний эдгэрэлт удаан, амь насанд нь аюултай маш хүнд өвчтэй байгаа” гэсэн тайлбарыг түүний өмгөөлөгч нар гаргав. Б-ийн хэвтэж эмчлүүлсэн байдал, өвчний явц, эдгэрэлтийн талаар 2024 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн байдлаар тодорхойлж шүүхэд ирүүлнэ үү” гэсэн байх ба тус эмнэлгээс 07 дугаар сарын 17-ны өдрийн 01/759 дүгээр албан бичгээр “...2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдрөөс 05 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл зүрхний дутмагшилгүй даралт ихсэх өвчин, 07 дугаар сарын 01-ний өдрөөс 08-ны өдөр хүртэл зүрхний судас хатуурах өвчин оношоор Зүрх судасны мэс заслын тасагт хэвтэн эмчлүүлсэн” гэх хариу өгчээ.
Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн 4.1-д “Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно”: 4.1.12. “хүний эмзэг мэдээлэл гэж хүний үндэс, угсаа, шашин шүтлэг, итгэл үнэмшил, эрүүл мэнд, захидал харилцаа, генетик болон биометрик мэдээлэл, тоон гарын үсгийн хувийн түлхүүр, ял эдэлж байгаа болон ял эдэлсэн эсэх, бэлгийн болон хүйсийн чиг баримжаа, илэрхийлэл, бэлгийн харьцааны талаарх мэдээллийг” хэлнэ гэж заасан бөгөөд удаа дараа шүүх хуралдаанд ирээгүй шүүгдэгчийн шүүх хуралдаанд ирээгүй шалтгааныг тодруулахын тулд холбогдох эрүүл мэндийн байгууллагаас лавлагаа авахдаа түүний Эрүүгийн хуульд заасан ямар гэмт хэрэгт холбогдсон талаар тодорхой бичсэнийг “эмзэг мэдээллийг задруулсан, гутаан доромжилсон” гэж үзэхгүй.
Түүнчлэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2-т “Шүүх, прокурор, мөрдөгч нь хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ”, 3-т “Хэрэгт авагдсан нотлох баримтыг харьцуулан шинжлэн судлах, бусад нотлох баримттай харьцуулах, шинэ нотлох баримтыг цуглуулах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар нотлох баримтыг шалгана”, 33.4 дүгээр зүйлийн 1-д “Шүүгч дараахь нөхцөлд хэргийг түдгэлзүүлнэ”: 1.2 “яллагдагч сэтгэцийн болон бусад хүнд өвчний улмаас хүрэлцэн ирж чадахгүй болох нь шинжээчийн дүгнэлт, эсхүл эмнэлгийн байгууллагын тодорхойлолтоор нотлогдсон бол” гэж заасан бөгөөд шүүгч нь хэрэгт авагдсан нотлох баримтуудыг дотоод итгэлдээ тулгуурлан хэрхэн үнэлж, хүсэлтийг шийдвэрлэх эсэх, нотлох баримтын үнэн зөвийг шалгах, магадлах зэрэг нь түүний хараат бус, бүрэн эрхэд хамаардаг.
Иймд шүүгдэгч Б-ийн эрүүл мэндтэй холбоотой гаргаж өгсөн баримтуудыг шүүх бүрэлдэхүүн хэрхэн үнэлсэн эсэх түүний өмгөөлөгч нарын гаргасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх хүсэлтийг шийдвэрлэсэн хууль зүйн үндэслэлд дүгнэлт хийх эрх Сахилгын хороонд олгогдоогүй бөгөөд Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин долдугаар зүйлийн 1-д “Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ”, 2-т “Ямар ч нөхцөлд хуулиас гадуур шүүх байгуулах, шүүх эрх мэдлийг өөр байгууллага эрхлэн хэрэгжүүлэхийг хориглоно” гэж заасныг дурдах нь зүйтэй.
Хоёр. “Хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож чадаагүй байхад таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилнө хэмээн сүрдүүлж байгаа нь хууль бус” гэх гомдлын тухайд:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.9 дүгээр зүйлийн 1-д “Яллагдагч дараахь үүрэг хүлээнэ”: 1.1.”шүүх, прокурорын мэдэгдэх хуудсаар дуудсан цагт хүрэлцэн ирэх”, 1.3.”шүүх, прокурор, мөрдөгчийн шийдвэр, хууль ёсны шаардлагыг биелүүлэх”, 1.4 “эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад санаатай саад учруулахгүй байх”, 2-т “Яллагдагч энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан үүргээ биелүүлээгүй нь хуульд заасны дагуу албадлага хэрэглэх, хариуцлага хүлээлгэх, түүнд авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх үндэслэл болно” гэж заасан.
Шүүгдэгч Б нь 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл товлогдсон 8 удаагийн шүүх хуралдаанд ирээгүй байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.9 дүгээр зүйлийн 1-д “Анхан шатны журмаар хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд шүүгдэгчийг оролцуулна. Шүүгдэгч ирээгүй нь шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэл болно” гэж зааснаар шүүх хуралдаан хойшлогдож байжээ.
Хэдийгээр шүүгчийн туслах шүүх хуралдааны товыг мэдэгдэхдээ таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх талаар анхааруулсан байх боловч 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн байдлаар шүүгдэгч Б-д урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөөгүй, шүүх хуралдааныг хойшлуулан дараагийн шүүх хуралдааныг товлохдоо шүүгдэгчийн эрүүл мэндийн байдлыг харгалзан товыг тогтоож байсан нь сахилгын хэрэгт авагдсан шүүхийн тогтоолуудаар тогтоогдож байх тул шүүгчийн туслахын мессеж бичсэн үйлдэлд шүүгчийг буруутгах боломжгүй.
Гурав. “Шүүгдэгч миний өмгөөлөгчийг ялгаварлан зүй бус харьцсан, эрүү шүүлт тулгах хэлбэрээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг удирдан явуулж байна” гэх гомдлын тухайд:
Шүүгдэгч Б-ийн өмгөөлөгч Ц нь 2024 оны 06 дугаар сарын 01-ний өдөр “Миний бие Монгол Улсын Их хурлын 2024 оны сонгуулийн 6 дугаар тойрог болох ...аймагт нэр дэвшигч нарт 2024 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэл эрх зүйн туслалцаа үзүүлэн ажиллахаар гэрээ байгуулсан бөгөөд 06 дугаар сарын 01-ний өдрөөс орон нутагт буюу ... аймагт томилогдон ажиллах болсон тул ...хуралдааныг хойшлуулж өгнө үү” гэх хүсэлтийг холбогдох баримтын хамт шүүхэд гаргасан байх ба 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 2024/ШТ/65 дугаар шүүхийн тогтоолоор шүүгдэгч Б-ийн өмгөөлөгч Э-ийн “хэргийн материалтай танилцах хүсэлт”-ийг хангаж шүүх хуралдааныг хойшлуулахдаа “шүүгдэгчийн эрх хууль, ёсны ашиг сонирхлыг хамгаалах, хууль зүйн туслалцаа авах эрхээр хангах зорилгоор эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгч оролцох нь түүний хуулиар хүлээсэн эрх, үүрэг мөн, ...иймд товлогдсон шүүх хуралдаанд ирээгүй өмгөөлөгч Ц-ийн талаар Монголын Өмгөөлөгчдийн холбоонд мэдэгдэх нь зүйтэй” гэж дүгнэжээ.
Улмаар 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 2/728 дугаар албан бичгээр “...шүүгдэгч Б-ийн өмгөөлөгч Ц ирээгүй үндэслэлээр 2 дахь удаагаа хойшлогдоод байна. ..Иймд өмгөөлөгч Ц-ийг дараагийн шүүх хуралдаанд ирүүлэх талаар холбогдох арга хэмжээ авч ажиллахыг танай холбооноос хүсье” хэмээн Монголын Өмгөөлөгчдийн холбооны Ерөнхийлөгчид мэдэгдсэн.
Өмгөөллийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.12-т “хэрэг, маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа, шүүх хуралдаанд товлосон цагт оролцох” гэж заасан үүргээ зөрчсөн өмгөөлөгчийн талаар холбогдох эрх бүхий байгууллагад нь мэдэгдэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.12 дугаар зүйлийн 3-т “Улсын яллагч, өмгөөлөгч, иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй нь хариуцлага хүлээлгэх үндэслэл болно” гэж заасан эрхээ хэрхэн хэрэгжүүлэх эсэх нь шүүгч, шүүх бүрэлдэхүүнд хуулиар олгогдсон бүрэн эрх бөгөөд өмгөөлөгчийн үйлдлийг зөрчилд тооцох эсэхийг тухайн эрх бүхий байгууллага нь шийдвэрлэх учиртай.
Иймд шүүгчийг “Монголын өмгөөлөгчдийн холбоонд үндэслэлгүй гомдол бичиж шүүгдэгчийн өмгөөлүүлэх эрхэд халдсан” гэж үзэхгүй.
Мөн Б нь өргөдөлдөө “яагаад намайг цагдан хорих болсон талаар лавлан асуухад өмгөөлөгч маань шүүх хуралдааны уур амьсгалын талаар дэлгэрэнгүй ярьж өгсөн бөгөөд миний эрүүл мэндийн байдалтай холбоотой хүсэлт танилцуулахад даргалагч шүүгч үл ойшоосон байдлыг байнга үзүүлдэг, өмгөөлөгчийг олон юм ярилаа, эмч биш байж эмнэл зүйн талаар ярилаа гээд хүсэлтийг сонсохоос татгалздаг, дэг зөрчлөө гэх мэт байдлыг удаа дараа гаргасан болохыг мэдлээ” гэж дурдсан байх ба шүүх хуралдаанд оролцсон өмгөөлөгчөөс сонссон гэх үндэслэлээр шүүгчийг зөрчил гаргасанд тооцох боломжгүй болно.
Дээрхийг нэгтгэн дүгнээд Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 50, 51 дүгээр зүйлийн 51.1, 52, 53 дугаар зүйлд заасан хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон зохицуулалтыг зөрчөөгүй гэх үндэслэлээр ...шүүхийн шүүгч Ж-д холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргав.
Холбогдох шүүгч ирүүлсэн тайлбартаа: “...“Нийслэлийн ... дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдсэн шүүгдэгч Б, Э, Б, Т нарт холбогдох эрүүгийн 191000........ дугаартай, 28 хавтас бүхий хэрэг нь “Хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх тухай” шүүгчийн захирамжаар ...шүүхээс ...шүүхэд 2022 оны 8 дугаар сарын 22-ны өдөр шилжиж ирсэн. ...шүүх уг хэргийг хүлээн авч, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдаанаар хянан хэлэлцээд 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдөр шүүгчийн 1537 дугаартай захирамжаар хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн.
...“Хэргийг прокурорт буцаасан” шүүгчийн захирамжид прокурорын эсэргүүцэл бичигдсэнээр Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн хуралдаанаар хянан хэлэлцээд 1163 дугаартай магадлал гаргасан. ...Улмаар уг хэрэгт 2023 оны 8 дугаар сарын 14, 2023 оны 9 дүгээр сарын 13-ны өдрүүдэд дахин “Прокурорын яллах дүгнэлт” үйлдэгдсэн байдаг ба ...шүүх хэргийг 2024 оны 2 дугаар сарын 09-ний өдөр прокуророос хүлээн авснаас хойш шүүх дэх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа өнөөдрийг хүртэл үргэлжлэн явагдаж байна.
...Шүүх хуралдаан даргалагч шүүгч, шүүх бүрэлдэхүүн нь аливаа байдлаар шүүхийн шийдвэрийн талаар урьдчилсан дүгнэлт хийсэн зүйл байхгүй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг анхан шатны шүүх, прокурор, мөрдөгч биелүүлнэ” гэж заасны дагуу хэргийг прокурорт буцаахгүйгээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж байна.
Шүүгдэгч Б-ийн өргөдөлдөө дурдсан “... түүнд /Б-д/ хамааралгүй өөр үндэслэлүүдээр шүүх хуралдаанууд хойшлогдож байсан ...” гэснийг үгүйсгэхгүй.
Тухайлбал, ... прокурор буюу улсын яллагч өөр шүүхэд шүүх хуралдаан давхацсан, ... ээлжийн амралттай байгаа, ... улсын яллагч өөрчлөгдөн томилогдож хэргийн материалтай танилцах хүсэлт гаргасан, ... бусад шүүгдэгч нарыг өмгөөлүүлэх эрхээр нь хангах, тэдгээрийн өмгөөлөгч нар солигдсон, ... өмгөөлөгч өвчтэй, эсхүл гадаад улс руу явсан, ... шүүгдэгч Э өвчтэй гэх шалтгаанаар ирээгүй, ... хэргийг хүлээж авсан шүүгч Ж миний эрүүл мэндийн шалтгаанаас болж хуралдааны товыг өөрчлөн тогтоосон зэрэг үндэслэлүүд байгаа болно.
Эдгээрээс даргалагч шүүгч Ж надтай холбоотойгоор хуралдааны товыг өөрчлөн тогтоосныг тайлбарлах нь зүйтэй, үүнд:
Нэр бүхий яллагдагч нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг 2024 оны 3 дугаар сарын 22-ны өдөр хийж, яллагдагчийг шүүхэд шилжүүлсэн байдаг ба шүүх хуралдааныг 2024 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 08:30 цагт хийхээр товлосон байсан.
Гэвч миний бие 2024 оны 3 дугаар сарын 26-ны өдрөөс 3 дугаар сарын 29-ний өдрийн хооронд УНТЭ-ийн Мэс заслын тасагт хэвтэж цөсний хүүдийн чулуу авах мэс ажилбарын хагалгаанд орж, уг хагалгааны дараа тухайн эмнэлгийн амбулаториор 2024 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 4 дүгээр сарын 05-ны өдрийн хооронд эмчилгээ хийлгэн “Эмнэлгийн магадалгаа”-тай байсан болно.
Иймд 2024 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр хийхээр товлосон байсан шүүх хуралдааны товыг өөрчлөн тогтоосон. Өөрөөр хэлбэл шүүх зөвхөн шүүгдэгч Б-тэй холбоотойгоор шүүх хуралдаан хойшлоод байна гэдэг байдлаар асуудалд хандаагүй, харин шүүгдэгч Б-ийн өвчилж эхэлсэн гэх цаг хугацаанаас хойших түүний зүгээс ирүүлж байсан эмчийн тодорхойлолт /дүгнэлт/, эмнэлгийн магадалгааны талаар шүүх хуралдааны явцад шүүх бүрэлдэхүүн тодруулж, тухай бүрд хүсэлтийг нь хүлээн авч байсан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зөвхөн шүүх гэлтгүй прокурор, цагдаа, өмгөөлөл, төрийн болон төрийн бус бусад байгууллагууд өөр хоорондоо харьцаж аливаа байгууллага, иргэн, албан тушаалтнаас тодруулга, мэдээлэл авах, гаргасан санал, хүсэлтийг нь шийдвэрлэхдээ чухам ямар зорилго, шаардлагатай байгаа, ... ямар хэрэгт холбогдсон, ... хэргийн зүйл хэсэг, ... аль шүүхэд /эрүү, иргэн, захиргаа/ дуудагдсан, ... хэргийн ямар оролцогч болох зэргийг тодорхой бичиж албан бичиг, хүсэлт, саналаа харилцан хүргүүлдэг. Энэ байдал нь хэн нэгний эмзэг мэдээллийг бусдад задруулж тараасан, гутаан доромжилсон, хүнлэг бус хандсан, хүний эрх, эрх чөлөөг дордуулсан үйлдэл болохгүй.
Жишээ нь, өмгөөлөгчөөс шүүх хуралдааныг хойшлуулахтай холбоотой хүсэлтийг шүүхэд гаргахдаа аль шүүхэд, хэргийн ямар оролцогч /шүүгдэгч, хохирогч, нэхэмжлэгч, хариуцагч гэх мэт/-ийн эрх ашгийг хамгаалж байгаагаа тодорхой бичиж, шүүх хуралдааны зарын хамт ирүүлдэгтэй ялгаагүй юм.
Харин ч тодорхой бус асуудлаас шалтгаалж зохих мэдээллийг бодитойгоор авах боломжгүйгээс гадна өөр хоорондоо ойлгомжгүй байдал үүсгэхийг үгүйсгэхгүй.
Шүүгдэгч Б нь 2024 оны 4 дүгээр сарын 29-ний өдрөөр огноолсон “Эмнэлгийн магадалгаа” болон “Өвчний түүх”-ийг өөрөө шүүхэд гаргаж өгсөн байхын зэрэгцээ түүний өмгөөлөгч нараас энэ хэргийн оролцогч биш ... эмч нарыг эрүүгийн шүүх хуралдаанд дуудан ирүүлэх тухай хүсэлтийг гаргаж байсан нь Бийн өөрийнх нь хэлж, бичээд байгаачлан түүний эмзэг, хувийн мэдээллийг бусдад тараах нөхцөлийг бүрдүүлнэ.
Шүүх шүүх хуралдааныг хойшлуулахдаа талуудын санал, хүсэлтийг харгалзахаас гадна шүүгдэгч Бийн биеийн эрүүл мэндийн байдлыг харгалзан 14-өөс дээш хоногоор, 1 сар хүртэл хугацаагаар хойшлуулж байсан.
Түүнчлэн шүүгдэгч Б, түүний өмгөөлөгч нарын гаргасан “хэргийг түдгэлзүүлэх тухай” Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “... бусад хүнд өвчний улмаас хүрэлцэн ирж чадахгүй болох нь шинжээчийн дүгнэлт, эсхүл эмнэлгийн байгууллагын тодорхойлолтоор нотлогдсон бол” гэсэн үндэслэл тогтоогдоогүй тул шүүх бүрэлдэхүүн хүсэлтийг нь хүлээж авахаас татгалзаж шийдвэрлэсэн.
Тодруулбал, шүүгдэгч Б-ийн биеийн эрүүл мэндийн байдалтай холбоотой эмнэлгийн магадалгаа, тодорхойлолт зэргийг ... төв эмнэлгээс ирүүлсэн ба эдгээрт “... эмчид үзүүлсэн, ... өвчтэй тул тодорхой хугацаанд ажлаас чөлөөлсөн ...” гэсэн байдаг болохоос биш хуульд заасан хэргийг түдгэлзүүлэх үндэслэл тогтоогдсон гэх баримт байдаггүй.
Харин ... дүүргийн Эрүүл мэндийн төвийн ХЭТ-ийн эмч Б, эмч Х нарын тус бүртээ гаргасан гэх “Эрүүл мэндийн үзлэгийн дүгнэлт” гэгчид “Хэрэв биеийн байдал тогтворгүй бөгөөд хүнд байх үед эмчилгээ үйлчилгээ тасалдуулж эмнэлгийн дотоод журам болон эрүүл мэндийн сайдын тушаалыг зөрчиж үүсэж болох аливаа үр дагаврыг эмчлэгч эмч хариуцахгүй бөгөөд журмыг зөрчсөн хурлыг удирдаж буй иргэн хариуцлага хүлээнэ” гэсэн баримтыг шүүхэд ирүүлсэн.
Эмч Б, эмч Х нарын тус бүртээ, өөр цаг хугацаанд бичсэн гэх “Эрүүл мэндийн үзлэгийн дүгнэлт” гэсэн баримтын зөвхөн огноо нь /2024.07.30, 2024.08.27/ өөр болохоос биш бичвэр нь яг адилхан, тодруулбал хоёр өөр эмч, хоёр өөр цаг хугацаанд гаргасан гэх “дүгнэлт” яг адилхан бичвэртэй, цаашлаад уг “дүгнэлт”-д бичигдсэн үг, үсгийн алдаа нь хүртэл ижилхэн бичигдсэн байдаг.
Мөн өмгөөлөгч Ц ... дүүргийн Эрүүл мэндийн төвийн ХЭТ-ийн эмч Х, Б нарын бичсэн гэх “Эрүүл мэндийн үзлэгийн дүгнэлт” гэгчийг үндэслэл болгож дээр дурдсан “... энэхүү дэглэмийг зөрчсөнөөс үүсэх хариуцлагыг эмнэлгийн байгууллага хариуцахгүй, хуралдаан зохион байгуулагч, даргалагч этгээд хариуцах ёстой” гэж дүгнэсэн.
Иймд шүүгч Ж миний бие шүүгчийг “заналхийлсэн”, “сүрдүүлсэн”, шүүгчид “дарамт шахалт үзүүлэх” арга хэлбэртэй нөлөөллийн оролдлого гэж үзэж эмч Х, эмч Б, өмгөөлөгч Ц нарт холбогдуулан Нөлөөллийн мэдүүлэг хөтөлсөн бөгөөд энэ асуудлыг Шүүхийн Ерөнхий зөвлөлөөс цагдаагийн байгууллага руу шилжүүлсэн байгаа болохыг дурдъя.
Шүүгдэгч Б нь шүүгч Ж намайг өөрийг нь “Залилах” гэмт хэрэгт холбогдсон гэж эмзэг мэдээллийг задруулж, гутаан доромжилсон гэсэн атлаа нэр бүхий эмч нараар “дүгнэлт” гаргуулж эрүүгийн хэргийн шүүхэд ирүүлж байгаа нь өөрөө өөрийнхөө хувийн мэдээллээ тараасан гэж үзнэ.
Нөгөөтэйгүүр шүүгдэгч Б-ийн өмгөөлөгч нар 2024 оны 7 дугаар сарын 03-ны өдөр товлогдсон шүүх хуралдаан хойшлогдох үед “... шаардлагатай бол Б-ийн биеийн байдлыг эмнэлэг рүү нь хүн явуулж шалгаж болно. Хэргийг түдгэлзүүлж өгнө үү ...” гэсэн тайлбар, хүсэлтийг гаргасан байдаг ба энэ дагуу нь тухайн өдөртөө шүүхээс ... төв эмнэлэг рүү 2/835 тоот албан бичгийг хүргүүлсэн. Уг албан бичигт “... нэр бүхий шүүгдэгч нарт холбогдох “залилах” гэмт хэргийн шүүх хуралдаан удаа дараа хойшлогдоод байна” гэснээс биш “... гэм буруутай нь тогтоогдсон” гэж дүгнээгүй бөгөөд хэн нэгний хувийн эмзэг мэдээллийг задруулах, гутаан доромжлох үүднээс асуудалд хандаагүй.
Шүүх хуралдааны ирцийг хэлэлцэх явцад өмгөөлөгч Ц, Э нар шүүх хуралдаан хойшлуулах үндэслэлээ эмч Х, Б нарын гаргасан гэх “дүгнэлт”, эмнэлгийн тодорхойлолт, эмнэлгийн магадалгаа зэргийг тайлбарлан ярьсантай нь холбоотойгоор уг баримтуудыг тайлбарлах шаардлагагүй гэж үзсэн боловч өмгөөлөгч Ц-ийг нэмэлт тайлбар хэлэх эрхээр нь хангасан.
2024 оны 6 дугаар сарын 04-ний өдөр товлогдсон шүүх хуралдаанд өмгөөлөгч Ц ирээгүй бөгөөд тэрээр Монгол Улсын Их Хурлын 2024 оны сонгуулийн 6 дугаар тойрогт болох ... аймагт нэр дэвшигчдэд 2024 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэл эрх зүйн туслалцаа үзүүлэн ажиллахаар гэрээ байгуулсан бөгөөд 06 дугаар сарын 01-ний өдрөөс орон нутагт буюу ... аймагт томилогдон ажиллах болсон тул Б-д холбогдох 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн хуралдааныг хойшлуулж өгнө үү. Б-ийн шүүх хуралд биечлэн оролцох хүсэлтэй байх тул шүүх хуралдааныг санал хураалт дуусаад, орон нутгаас эргэж ирэх хүртэл 2024 оны 06 дугаар сарын 30-ыг хүртэл хойшлуулж өгөхийг хүсье ...” гэсэн байдаг.
Улсын Их Хурлын сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхлэх хуульд заасан хугацаа эхлээгүй байхад "... нэр дэвшигч нарт хууль зүйн туслалцаа үзүүлнэ" гэсэн байдлаар товлогдсон шүүх хуралдаанд ирэхгүй байгаа өмгөөлөгчийг хүндэтгэн үзэх шалтгаантай байжээ гэж үзэх үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн бөгөөд энэ утгаар шүүх хуралдаан даргалагчийн хувьд Монголын Өмгөөлөгчдийн холбоонд тухайн өдөртөө 2/728 тоот албан бичгийг хүргүүлсэн болно.
Зөвхөн өмгөөлөгч Ц-ийг шүүх хуралдаанд ирээгүй гэдэг байдлаар шүүхээс албан бичиг бичиж Өмгөөлөгчийн холбоонд нь хандаагүй, хэргийн нэг тал болох улсын яллагч С-ыг шүүх хуралдаанд ирээгүй гэж Нийслэлийн ... дүүргийн прокурорын газарт шүүхээс мөн албан бичиг бичиж тухайн байгууллагад нь хүргүүлж байсныг дурдъя. Эцэст нь хэлэхэд шүүгдэгч Б 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдөр товлогдсон шүүх хуралдааны дараа шүүгчийн туслах М-гийн 0000000 дугаарын утас руу залгаж “... би өөрөө шүүх хуралдаа очно, 11 дүгээр сарын 01-ний өдөр гэдгийг мэдсэн, мөн шүүгчийг ёс зүйн хороонд өгье гэж бодоогүй шүү, өмгөөлөгч нарын шахалтаар тийм зүйл болсон” гэж хэлснийг шүүгчийн туслах М тэмдэглэл болгон бичсэн байна.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Б-с ...шүүхийн шүүгч Ж-д холбогдуулан гаргасан өргөдлийг үндэслэн Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн ГЗҮ/2024/0112 дугаар захирамжаар сахилгын хэрэг үүсгэн, шалгах ажиллагаа явуулжээ.
1. Өргөдөл гаргагчаас “...хурлуудад би аль болох биечилж орохыг хичээсэн боловч зүрх судасны хүнд өвчний улмаас сүүлийн хуралдаануудад оролцох боломжгүй болоод байна. Өмгөөлөгчөөрөө дамжуулан бүхий л эмнэлгийн онош баримт, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа магадалгаа дүгнэлтийг тухай бүр хүргүүлсэн бөгөөд хагалгаа хийгдэж биеийн эрүүл мэнд тогтворжих хүртэл хэргийг түдгэлзүүлж өгнө үү гэж хүссэн боловч шүүхээс Б миний хүсэлтийг удаа дараа хүлээн аваагүй.” гэжээ.
Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл, Нийслэлийн ... дүүргийн Прокурорын газраас Б, Э, Б, Т нарт холбогдох эрүүгийн хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, ...шүүхэд шилжүүлсэн хэргийг шүүгч Ж хүлээн авч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулжээ.
Шүүгдэгч Б-ийн өмгөөлөгч нараас шүүгдэгчийн биеийн байдалтай холбоотойгоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүгч дараахь нөхцөлд хэргийг түдгэлзүүлнэ”, 1.2-т “яллагдагч сэтгэцийн болон бусад хүнд өвчний улмаас хүрэлцэн ирж чадахгүй болох нь шинжээчийн дүгнэлт, эсхүл эмнэлгийн байгууллагын тодорхойлолтоор нотлогдсон бол” гэж заасныг үндэслэн хэргийг түдгэлзүүлж өгөх хүсэлтийг, холбогдох баримтын хамт эрүүгийн хэргийн шүүх хуралдаануудад гарган өгсөн байх бөгөөд шүүхээс 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 2024/ШТ/69 дүгээр, 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 2024/ШТ/82 дугаар тогтоолуудаар “...хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж”, 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 2024/ШТ/105 дугаар, 2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 2024/ШТ/111 дүгээр тогтоолоор “шүүгдэгч Б өвчилсөн гэх шалтгаанаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх хүсэлтийг хэлэлцсэн тул дахин хэлэлцэх шаардлагагүй” гэж шийдвэрлэсэн байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хуульд заасан журмын дагуу гаргасан хүсэлт нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогч, бусад оролцогч, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахад ач холбогдолтой бол бүрэн, эсхүл хэсэгчлэн хангах, эсхүл хангахаас татгалзах тухай шүүх, прокурор, мөрдөгч шийдвэр гаргана”, 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч нь хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ”, 3 дахь хэсэгт “Хэрэгт авагдсан нотлох баримтыг харьцуулан шинжлэн судлах, бусад нотлох баримттай харьцуулах, шинэ нотлох баримтыг цуглуулах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар нотлох баримтыг шалгана” гэж заасан.
Дээрх хуулийн зохицуулалтаас үзвэл шүүгч, шүүх бүрэлдэхүүн нь хэрэгт авагдсан нотлох баримтуудыг өөрийн дотоод итгэлд тулгуурлан хэрхэн үнэлж шийдвэр гаргах нь тэдгээрийн хараат бус, бүрэн эрхэд хамаардаг тул хуулиар олгосон бүрэн эрхийнхээ хүрээнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх хүсэлтийг хүлээн аваагүй нь шүүгчийг сахилгын зөрчил гаргасан гэж үзэх үндэслэл болохгүй.
2. Өргөдөл гаргагч “...Шүүгч Ж нь ...албан бичигт “Залилан” шүүгдэгч Б гэж тодотгон бичиж миний нэр төр, хувь хүний эмзэг мэдээллийг бусдад задруулсан байгаад гомдолтой байна” гэжээ.
Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл ...шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн, 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн шүүх хуралдаанд шүүгдэгч Б ирээгүй учраас түүний хэвтэн эмчлүүлсэн байдлын талаар тухайн эмнэлгээс тодруулга авах нь зүйтэй гэж 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 2024/ШТ/82 дугаар шүүхийн тогтоолоор шийдвэрлэсэн байна.
Үүний дагуу шүүгч Ж нь ... төв эмнэлгийн захирал Т-т хандан 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдөр “Тус шүүхээр хянан хэлэлцэгдэж буй нэр бүхий шүүгдэгч нарт холбогдох “залилах” гэмт хэргийн шүүх хуралдаан удаа дараа хойшлогдоод байна. Хэргийн нэг шүүгдэгч болох Б нь “яаралтай хагалгаанд орох заалттайгаар танай эмнэлэгт хэвтсэн, өвчний эдгэрэлт удаан, амь насанд нь аюултай маш хүнд өвчтэй байгаа” гэсэн тайлбарыг түүний өмгөөлөгч нар гаргав. Б-ийн хэвтэж эмчлүүлсэн байдал, өвчний явц, эдгэрэлтийн талаар 2024 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн байдлаар тодорхойлж шүүхэд ирүүлнэ үү” гэх албан бичиг хүргүүлсэн байна.
Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.12-т "хүний эмзэг мэдээлэл" гэж хүний үндэс, угсаа, шашин шүтлэг, итгэл үнэмшил, эрүүл мэнд, захидал харилцаа, генетик болон биометрик мэдээлэл, тоон гарын үсгийн хувийн түлхүүр, ял эдэлж байгаа болон ял эдэлсэн эсэх, бэлгийн болон хүйсийн чиг баримжаа, илэрхийлэл, бэлгийн харьцааны талаарх мэдээллийг” ойлгоно гэж заасан байдаг.
Шүүхээс удаа дараа шүүх хуралдаанд ирээгүй шүүгдэгчийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн талаарх мэдээллийг холбогдох эмнэлгийн байгууллагаас авахдаа шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн талаар бичсэн нь дээрх хуульд заасан хүний эмзэг мэдээлэл болон эмзэг мэдээллийг тараасан үйлдэлд хамаарахгүй тул уг өргөдлийн үндэслэлээр шүүгчийг буруутгах боломжгүй байна.
Мөн холбогдох шүүгч “...Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зөвхөн шүүх гэлтгүй прокурор, цагдаа, өмгөөлөл, төрийн болон төрийн бус бусад байгууллагууд өөр хоорондоо харьцаж аливаа байгууллага, иргэн, албан тушаалтнаас тодруулга, мэдээлэл авах, гаргасан санал, хүсэлтийг нь шийдвэрлэхдээ чухам ямар зорилго, шаардлагатай байгаа, ... ямар хэрэгт холбогдсон, ... хэргийн зүйл хэсэг, ... аль шүүхэд /эрүү, иргэн, захиргаа/ дуудагдсан, ... хэргийн ямар оролцогч болох зэргийг тодорхой бичиж албан бичиг, хүсэлт, саналаа харилцан хүргүүлдэг. Энэ байдал нь хэн нэгний эмзэг мэдээллийг бусдад задруулж тараасан, гутаан доромжилсон, хүнлэг бус хандсан, хүний эрх, эрх чөлөөг дордуулсан үйлдэл болохгүй” гэх тайлбар гаргасныг хүлээн авах үндэслэлтэй.
3. Өргөдөл гаргагч “...шүүгчийн туслах М нь над руу “Шүүхээс байна, шүүх хурал 9/27-ны 8:30 хүртэл хойшилсон. Дараагийн удаа шүүх хуралд ирэхгүй бол таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөхийг анхаарна уу” гэх мессежийг явуулсныг харвал “Б намайг санаатайгаар шүүхэд ирэхгүй худал ярьж байсан” гэж үзэн эрх хэмжээгээ ашиглан сүрдүүлж байгаад гомдолтой байна” гэжээ.
Сахилгын хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл шүүгдэгч Б нь 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдрөөс хойш товлогдсон шүүх хуралдаанд ирээгүй учир шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд шүүгдэгчийг оролцуулна. Шүүгдэгч ирээгүй нь шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэл болно” гэж заасныг үндэслэн удаа дараа шүүх хуралдааныг хойшлуулж байжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.9 дүгээр зүйлийн 1-д “Яллагдагч дараахь үүрэг хүлээнэ”, 1.1-т “шүүх, прокурорын мэдэгдэх хуудсаар дуудсан цагт хүрэлцэн ирэх”, 1.3-т ”шүүх, прокурор, мөрдөгчийн шийдвэр, хууль ёсны шаардлагыг биелүүлэх”, 1.4-т “эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад санаатай саад учруулахгүй байх”, 2 дахь хэсэгт “Яллагдагч энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан үүргээ биелүүлээгүй нь хуульд заасны дагуу албадлага хэрэглэх, хариуцлага хүлээлгэх, түүнд авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх үндэслэл болно” гэж заасан.
Мөн Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 89 дүгээр сарын 89.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн туслах шүүх хуралдааны бэлтгэл, зохион байгуулалтыг хангах үүргийг хүлээх бөгөөд шүүгчийн туслах шүүгдэгч Б-д тов мэдэгдэхдээ “шүүгдэгч шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй нь шүүгдэгчид авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх үндэслэл болох” талаар анхааруулж мессеж бичсэн нь хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлсэн гэж үзэхээр байна.
Иймд шүүгчийн туслахын дээрх үйлдэлтэй холбогдуулан шүүгчийг сахилгын зөрчил гаргасан гэж үзэх үндэслэлгүй байна.
4. Өргөдөл гаргагч “...Шүүгдэгч миний өмгөөлөгчийг ялгаварлан зүй бус харьцсан. Мөн шүүх хуралдааны үеэр Ж шүүгч миний өмгөөлөгчийн хүсэлтийг сонсдоггүй, тасалдуулах, биеийн хэлэмжээр үл хүндэтгэсэн, дээрэнгүй зан удаа дараа гаргасан. Шүүх хуралдаан шүүх прокурор бусад оролцогч, өмгөөлөгч гээд олон шалтгаанаар удаа дараа хойшилсон байхад ганцхан надаас болсон мэт, миний өмгөөлөгч Ц-ийг буруутган Монголын өмгөөлөгчдийн холбоонд үндэслэлгүй гомдол бичиж миний өмгөөлүүлэх эрхэд халдаж байна” гэжээ.
Шүүгдэгч Б-ийн өмгөөлөгч Ц нь 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн шүүх хуралдаанд ирүүлсэн хүсэлтдээ шүүх хуралдааныг Улсын Их Хурлын сонгуулийн санал хураалтын дараа товлож өгөх хүсэлтийг гаргасан. Тухайн хүсэлтийг шүүх бүрэлдэхүүн хүлээж авах шаардлагагүй гэж үзсэн байх бөгөөд энэ талаар 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 2024/ШТ/59 дүгээр шүүхийн тогтоолд дурдсан.
Гэтэл өмгөөлөгч Ц нь 2024 оны 06 дугаар сарын 01-ний өдөр “Миний бие Монгол Улсын Их Хурлын 2024 оны сонгуулийн 6 дугаар тойрог болох ...аймагт нэр дэвшигч нарт 2024 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэл эрх зүйн туслалцаа үзүүлэн ажиллахаар гэрээ байгуулсан бөгөөд 06 дугаар сарын 01-ний өдрөөс орон нутагт буюу ... аймагт томилогдон ажиллах болсон тул ...хуралдааныг хойшлуулж өгнө үү” гэх хүсэлт гаргасан байна.
Тус хүсэлтийг 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн шүүх хуралдаанаар хэлэлцэж, 2024/ШТ/65 дугаар тогтоолоор “...шүүгдэгчийн эрх хууль, ёсны ашиг сонирхлыг хамгаалах, хууль зүйн туслалцаа авах эрхээр хангах зорилгоор эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгч оролцох нь түүний хуулиар хүлээсэн эрх, үүрэг мөн. Нөгөөтээгүүр “сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхлэх хуульд заасан хугацаа эхлээгүй байхад нэр дэвшигч нарт хууль зүйн туслалцаа үзүүлнэ” гэсэн байдлаар урьд өмнө товлогдсон шүүх хуралдаанд ирэхгүй байгаа өмгөөлөгчийг хүндэтгэх үзэх шалтгаантай байжээ гэж үзэх үндэслэлгүй юм. Иймд товлогдсон шүүх хуралдаанд ирээгүй өмгөөлөгч Ц-ийн талаар Монголын Өмгөөлөгчдийн холбоонд мэдэгдэх нь зүйтэй” гэж дүгнэжээ.
Улмаар 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 2/728 дугаар албан бичгээр “...шүүгдэгч Б-ийн өмгөөлөгч Ц ирээгүй үндэслэлээр 2 дахь удаагаа хойшлогдоод байна. ..Иймд өмгөөлөгч Ц-ийг дараагийн шүүх хуралдаанд ирүүлэх талаар холбогдох арга хэмжээ авч ажиллахыг танай холбооноос хүсье” хэмээн Монголын Өмгөөлөгчдийн холбооны Ерөнхийлөгчид мэдэгдсэн байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 3-т “Өмгөөлөгч нь шүүх, прокурор, мөрдөгчийн товлосон хугацаанд хүрэлцэн ирж эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоно.”, мөн Өмгөөллийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт “Өмгөөлөгч өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэхдээ дараах үүрэг хүлээнэ”, 14.1.12-т “хэрэг, маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа, шүүх хуралдаанд товлосон цагт оролцох” гэж зааснаар өмгөөлөгч нь шүүх хуралдаанд оролцох, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх үүрэгтэй.
Гэтэл шүүгдэгчийн өмгөөлөгч Ц нь хоёр удаагийн шүүх хуралдаанд оролцоогүй, хуульд заасан үүргээ хэрэгжүүлээгүй тул шүүгчээс тухайн өмгөөлөгчийн талаар Өмгөөлөгчдийн холбоонд мэдэгдсэнийг “...үндэслэлгүй гомдол бичиж, өмгөөлүүлэх эрхэд халдсан, ялгавартай хандсан” гэж үзэхгүй.
Мөн шүүхээс 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 2/453 дугаар албан бичгээр “хяналтын прокурор С ирээгүйн улмаас хуралдаан хойшлогдсон, ...прокурорыг ирүүлэх талаар арга хэмжээ авах” талаар Нийслэлийн ... дүүргийн прокурорын газарт хүргүүлж, прокурорын талаар холбогдох байгууллагад мэдэгдэж байсныг дурдах нь зүйтэй.
Түүнчлэн даргалагч үл ойшоосон байдлыг байнга үзүүлдэг, өмгөөлөгчийг олон юм ярилаа, эмч биш байж эмнэл зүйн талаар ярилаа гээд хүсэлтийг сонсохгүй татгалздаг, дэг зөрчлөө гэх мэт байдлыг удаа дараа гаргасан болохыг өмгөөлөгчөөс мэдсэн талаар өргөдөлд дурдсаныг илтгэгч гишүүн бусдаас сонссон гэх үндэслэлээр шүүгчийг сахилгын зөрчил гаргасанд тооцох боломжгүй гэж дүгнэснийг хүлээн авах үндэслэлтэй.
5. Өргөдөл гаргагч “...хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа удааширч байгаа тухай” гэж өргөдөлд дурдсан.
...шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 2024/ШЗ/500 дугаар захирамжаар яллагдагч нарыг шүүхэд шилжүүлж, шүүх хуралдааныг товлон зарласнаас хойш шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар хэргийн оролцогчийн хүсэлтийг үндэслэн шүүх хуралдааныг удаа дараа хойшлуулж байсан нь сахилгын хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна..
Ийнхүү шүүх хуралдаан хойшилж, шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа удааширч байгаа нь шүүх, шүүгчийн буруутай үйл ажиллагаанаас хамаараагүй байх тул дээрх үндэслэлээр шүүгчийг буруутгах боломжгүй.
Иймд илтгэгч гишүүний сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хүлээн авч, ...шүүхийн шүүгч Ж-д холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзлээ.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1, 112.1.2, 112.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сахилгын хорооны гишүүний 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн ГС/2024/0131 дугаар “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай санал”-ыг хүлээн авч, ...шүүхийн шүүгч Ж-д холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6 дахь хэсэгт зааснаар магадлал гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл мэдээлэл гаргагчийн оршин суугаа газрын, эсхүл ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл албаны ажилтнаар хүргүүлэхийг Ажлын албанд даалгасугай.
3. Магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сахилгын хороонд хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.
4. Дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох ба энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ Д.АРИУНТУЯА
ГИШҮҮН Ц.ДАВХАРБАЯР
Б.СУГАР