info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих ШИЛЭН ДАНС
ENMNG

МОНГОЛ УЛС

ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО

МАГАДЛАЛ

2025-02-04

Дугаар 19

Улаанбаатар хот

Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Сахилгын хорооны хуралдааныг гишүүн Д.Ариунтуяа даргалж, гишүүн Ц.Давхарбаяр, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Д.Эрдэнэчулуун, өргөдөл гаргагч Э-д /ажиглагчаар/, нарийн бичгийн дарга Г.Болортуяа нарыг оролцуулан тус хорооны танхимд хийсэн хуралдаанаар:

... шүүхийн шүүгч А-д холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Илтгэгч гишүүн саналдаа: Өргөдөл гаргагч Э-д нь “...шүүгч А нь нэхэмжлэгч Ц-д хууль зүйн зөвлөгөө өгдөг, найз нөхдийн харилцаатай байсан ба нэхэмжлэлийг нь хүлээн авч иргэний хэрэг үүсгэснийхээ дараа татгалзан гарсан нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийг зөрчиж, нэхэмжлэгчид илтэд давуу байдал олгосон төдийгүй, ашиг сонирхол, нөлөөлөлд автсан байж болзошгүй, магадгүй Ц гэгчээс авлига авсан гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй” гэх агуулгаар өргөдөл гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан шүүгч И-ийн 2024 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 000/ШЗ2024/06549 дүгээр захирамжийн захирамжлах нь хэсгийн 3 дахь заалтад бичсэнээс үзэхэд нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргасан өдрөө улсын тэмдэгтийн хураамжид 1.407.950 төгрөг төлсөн байна. /с.х-ийн 68-71 тал/

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт “Эрх зүйн маргааныг хянан шийдвэрлүүлэхээр өргөдөл, гомдол, нэхэмжлэл шүүхэд гаргах болон шүүхээс баримт бичиг олгоход дор дурдсан хэмжээгээр тэмдэгтийн хураамж хураана”, 7.1.1 дэх заалтад “эд хөрөнгийн чанартай үнэлж болох нэхэмжлэлд нэхэмжлэлийн үнийн дүнгээс хамаарч тэмдэгтийн хураамж нь дараах хэмжээтэй байх”, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2 дахь хэсэгт “Хэрэг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдуулж төлөх улсын тэмдэгтийн хураамжийн хувь хэмжээг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулиар зохицуулна”, 63 дугаар зүйлийн 63.1 дэх хэсэгт “Нэхэмжлэлийн үнийг дараах байдлаар тодорхойлно”, 63.1.4 дэх заалтад “гэрээ, хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах тухай нэхэмжлэлд уг гэрээ, хэлцлийн үнийн дүнгээр” гэж тус тус зааснаар маргаан бүхий гэрээний үнийн дүнгээс тооцож улсын тэмдэгтийн хураамж төлжээ. /с.х-ийн 67-70 тал/

Мөн нэхэмжлэгч Ц нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримтаас гадна нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар, 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 191 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, 000 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2023 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн хүсэлтийг хавсаргасан байсан нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ бичсэн “хавсаргасан баримтын жагсаалт” болон шүүгчийн туслах Э-ын тэмдэглэлээр тогтоогдож байна. /с.х-ийн 26-27, 78 тал/

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт “шүүгч энэ хуулийн 65.1-д заасан үндэслэл байхгүй гэж үзвэл нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 7 хоногийн дотор хэрэг үүсгэх тухай   захирамж гаргана” гэж заасан.

Шүүгч А нь нэхэмжлэлийг хүлээн аваад мөн хуулийн 65 дугаар зүйлийн 65.1 дэх хэсэгт заасан нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлүүд бий эсэхийг шалгаад байхгүй гэж үзсэн тул шүүгчийн 2023 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 000/ШЗ2023/11955 дугаар захирамжаар иргэний хэрэг үүсгэжээ. /с.х-ийн 28 тал/

Сахилгын хэргийн шалгах ажиллагааны явцад “Иргэн-2014” нэгдсэн бүртгэлийн системд үзлэг хийсэн бөгөөд Ц-гийн нэхэмжлэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4 дэх хэсэгт “Энэ хуулийн 3.1-д заасны дагуу гаргасан нэхэмжлэл, хүсэлт, гомдлыг тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс урьдчилан тогтоосон журмын дагуу шүүгчид хуваарилах бөгөөд уг журам нь урьдчилан мэдэх боломжгүй, тохиолдлоор хуваарилах нөхцөлийг хангасан байна. Шүүгчдийн зөвлөгөөний тогтоолыг үндэслэн тухайн шатны шүүхийн Ерөнхий шүүгч, танхимын тэргүүн хэрэг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдаан даргалагчийг захирамж гарган томилно”,

Тус шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 000/ЗТ2022/00908 дугаар тогтоолоор баталсан “Шүүхэд хэрэг, нэхэмжлэл, гомдол, хүсэлт хүлээн авах, хуваарилах болон хэрэг маргааныг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг сугалаагаар томилох журам”-ын 1 дүгээр зүйлийн 1.2 дахь  хэсэгт “Тухайн өдрийн ажлын цагт багтаан шүүхэд гаргасан нэхэмжлэл, ...шүүхийн мэдээлэл-лавлагааны мэргэжилтэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйл, холбогдох бусад хууль тогтоомжид заасан бүрдүүлбэрийн дагуу шалган, ирсэн цаг, минутын дарааллаар хүлээн авч тэмдэглэгээ хийж, “Анхан шатны шүүхэд нэхэмжлэл, гомдол, хүсэлт, хэрэг хүлээн авсан тухай бүртгэл”-д бүртгэнэ”, 1.3 дахь хэсэгт “Шүүхийн мэдээлэл-лавлагааны мэргэжилтэн Иргэн-2014 системээс хуваарилсан нэхэмжлэл, гомдол, хүсэлт, хэрэгт дарсан тэмдэглэгээний дор хүлээн авсан шүүгчийн нэрийг бичиж, энэ талаар “Анхан шатны шүүхэд нэхэмжлэл, гомдол, хүсэлт, хэрэг хүлээн авсан тухай бүртгэл”-д бүртгэн, нэхэмжлэл, гомдол, хүсэлт, хэргийг шүүгч, эсхүл шүүгчийн зөвшөөрснөөр шүүгчийн туслахад хүлээлгэн өгнө” гэж зааснаар системээс санамсаргүй байдлаар шүүгч А-д хуваарилагдаж, шүүгчийн туслах Э.А-ын “Шүүгч А нь нэхэмжлэлээ мэдээлэл лавлагааны  мэргэжилтнээс өөрөө гардаж авдаг...” гэх мэдүүлгээр шүүгч нэхэмжлэлийг өөрөө авсан нь тогтоогдож байна. /с.х-ийн 80-89, 97-100 тал/

Иргэний хэргийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь шүүгч иргэний хэрэг үүсгэснээр эхлэх бөгөөд иргэний хэрэг үүсгэснийхээ дараа шүүгч нь “Ц-гийн нэхэмжлэлтэй, Э-д холбогдох хэрэг шүүгч А-д хуваарилагдан ирсэн байна. Миний бие 2020 оноос 2023 оны 6 дугаар сарыг хүртэл Ц-гийн өмгөөлөгчөөр ажиллаж байсан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1.3-т заасан үндэслэлээр уг хэрэг маргааныг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзан гаргах хүсэлт хүргүүлж байна” гэх хүсэлтийг хуульд заасны дагуу тухайн шүүхийнхээ Ерөнхий шүүгчид гаргаж, хүсэлтдээ Ц-гийн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт өмгөөлөгчөөр оролцсон ...давж заалдах шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 000/МА2022/00672 дугаар магадлал, Монгол Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2021 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 001/ШХТ2021/00207 дугаар тогтоолуудыг хавсаргасан байна. /с.х-ийн 28-33 тал/

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт “Шүүгч дараах үндэслэл байвал хэрэг хянан шийдвэрлэхэд оролцож болохгүй”, 91.1.3 дахь заалтад “хэргийн оролцогчтой хувийн харилцаатай, түүнчлэн уг хэргийг шударгаар шийдвэрлэж чадах эсэх талаар үндэслэл бүхий эргэлзээ байвал”, 92 дугаар зүйлийн 92.1 дэх хэсэгт “энэ хуулийн 91 дүгээр зүйлд заасан татгалзан гарах үндэслэл байвал шүүгч, ...энэ тухайгаа шүүх хуралдаан эхлэхээс өмнө, эсхүл татгалзан гарах үндэслэл шүүх хуралдааны явцад тогтоогдвол тухайн үед нь мэдэгдэж татгалзан гарах үүрэгтэй” гэж тус тус заажээ.

Мөн 2014 оны Улсын дээд шүүхийн “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дэлгэрэнгүй тайлбар”-ын 269 дүгээр талд мөн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1.3 дахь заалтыг “...тухайн хэргийг хянан шийдвэрлэж буй шүүгч, ...хэргийн оролцогч нартай дотно холбоотой буюу хувийн харьцаатай гэдгийг хязгаартай ойлгох ёстой. Ердийн танил, хөрш айлын хүн, сургууль хамт төгссөн, нэг байгууллагад хамт ажиллаж байсан хүн бүрийг шүүгчтэй хувийн харилцаатай гэж үзэх боломжгүй юм. ...Дээрх дурдсан... хүмүүстэй харилцах харьцаанаас илүү дотно, тухайлбал гэр бүлийн хамтран амьдрагч, ажил үйлчилгээ үзүүлэх байнгын харилцаатай, гэр бүлээрээ болон гэр бүлийн гишүүдийн аль нэгтэй ойр дотнын нөхөд, худ ургийн холбоотой зэрэг байдлаар илэрч болно.

Түүнчлэн уг хэргийг шударгаар шийдвэрлэж чадах талаар үндэслэл бүхий эргэлзээ байвал гэдэгт хэргийн аль нэг оролцогчоос шүүгчийн талаар нөгөө талын оролцогчдын нөлөөнд автсан буюу автаж болзошгүй талаар тодорхой мэдээллийг гаргасан нь үндэслэл бүхий бол шүүгчийг татгалзан гаргах нэг хүчин зүйл болно. Гэхдээ шүүхэд ирүүлсэн мэдээлэл нь баталгаа нотолгоотой байх ёстой... Тайлбарлаж буй энэ заалтын “хэргийн оролцогчтой хувийн харилцаатай”, “хэргийг шударгаар шийдвэрлэж чадах талаар үндэслэл бүхий эргэлзээ байвал” гэсэн ойлголтууд нь тус тусдаа шүүгчийг татгалзан гаргах үндэслэл болно...”, харин мөн хуулийн 92 дугаар зүйлийн 92.1 дэх хэсэгт заасныг 273 дугаар талд тайлбарлахдаа “Шүүгч, ...нь энэ хуулийн 91.1-д заасан татгалзан гарах үндэслэл байвал иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзан гарч, хуульд заасан үүргээ биелүүлэх ёстой... Дээр дурдсан этгээдүүд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзан гарах үндэслэл бий болсныг мэдсэн даруйдаа хүсэлтээ гаргана...” гэж тайлбарлажээ.

Шалгах ажиллагааны явцад тухайн үед шүүгч А-гийн туслахаар ажиллаж байсан Э.А-аас гэрчийн мэдүүлэг авахад “шүүгч А нь ер нь бүх нэхэмжлэлээ өөрөө мэдээлэл лавлагааны мэргэжилтнээс гардаж авдаг юм. Тэгээд би 2023 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр иргэний хэрэг үүсгэсэн захирамжийг албажуулаад шүүгчээр гарын үсэг зуруулах гээд ороход намайг “хэргийг хавтаслаад цэгцлээд аваад ир” гэсэн. Ингээд би хэргийг хавтаслаад шүүгч рүү ороход татгалзан гарах тухай хүсэлтээ өөрөө бичсэн байсан ба хүсэлтээ, хэргээ аваад Ерөнхий шүүгч рүү шүүгч А нь өөрөө аваад явсан” гэх мэдүүлэг, гэрч Ц-гийн “А нь сургуулиа төгсөөд манай компанид хэсэг ажиллаж байсан гэхээр 2019-2020 оны үед хууль туслалцаа авч байсан байх аа. Нэг удаа бид 2 гудамжинд таараад би яагаад надтай холбогдохгүй алга болчхов оо гэхэд тэрээр би шүүгч болчихсон ш дээ гэж байсан. Тэгэхэд нь би за баяр хүргэе гэж хэлж байсан. Тэрнээс хойш өөрөөр холбогдож байгаагүй. Хэзээ шүүгч болсныг нь ч сайн мэдэхгүй байна. Нэг удаа гудамжинд таарахдаа л “шүүгч болсон” гэдгийг нь мэдсэн. Гэхдээ хэзээ гэдгийг нь санахгүй байна. Одоо бол холбоогүй байгаа. Тийм дотно харилцаа холбоо байхгүй...” гэх мэдүүлгүүдээс үзэхэд шүүгч А хуульд заасны дагуу  шүүх хуралдаан эхлэхээс өмнө  буюу уг хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад даруй татгалзан гарах тухай хүсэлтээ Ерөнхий шүүгчид гаргасан гэж үзнэ.

Дээрх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.1 дэх хэсэгт заасан болон мөн хуулийн зүйлийг тайлбарласан Улсын дээд шүүхийн тайлбараас үзэхэд шүүгч А нь татгалзах хүсэлтээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан болох нь сахилгын хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх тул иргэний хэрэг үүсгэсний дараа хүсэлтээ гаргасныг хууль зөрчсөн гэж буруутгах боломжгүй юм.

...шүүхийн Ерөнхий шүүгч шүүгч Б нь шүүгч А-гийн хүсэлтийг хүлээн аваад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.6 дах хэсэгт “...хэргийг дангаар шийдвэрлэж байгаа шүүгчийг, ...татгалзан гаргах хүсэлтийг тухайн шүүхийн Ерөнхий шүүгч шийдвэрлэж захирамж гаргана” гэж зааснаар Ерөнхий шүүгчийн 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 000/ЕШ2023/02252 дугаар захирамжаар хүсэлтийг хангаж шийдвэрлэжээ. /с.х-ийн 35 тал/

Мөн тус шүүхийн шүүгчийн зөвлөгөөний 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 000/ЗТ2022/00908 дугаар тогтоолоор баталсан “Шүүхэд хэрэг, нэхэмжлэл, гомдол, хүсэлт хүлээн авах, хуваарилах болон хэрэг маргааныг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг сугалаагаар томилох журам”-ын 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт “...шүүгч, шүүхээс татгалзаж ирсэн хэргүүдийг тойргийн дарааллаар системээс гараар хуваарилна”, 3.4 дэх хэсэгт “энэ журмын 3.1-д заасны дагуу шүүгчээс татгалзсан хэргийг хуваарилахад тайлант он дууссан эсэх нь нөлөөлөхгүй бөгөөд ийнхүү хуваарилахдаа тойрог бүтэн дууссаны дараа шинээр эхлүүлэх зарчим баримтална” гэжээ. /с.х-ийн 80-89 тал/

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.1 дэх хэсэгт “...шүүгчийг татгалзан гаргах хүсэлтийг хангасан бол хэргийг өөр ...шүүгч шийдвэрлэнэ” гэж зааснаар дээрх иргэний хэрэг нь тус шүүхийн шүүгч И-д 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдөр шилжиж, тэрээр 2024 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэн, 000/ШЗ2024/06549 дүгээр захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д заасныг баримтлан хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна. /с.х-ийн 79 тал/

Иймд шүүгч А нь шүүгчийн албан тушаалд томилогдохоосоо өмнө иргэн Ц-д хууль зүйн туслалцаа үзүүлж, өмгөөлөгчөөр ажиллаж байсан байх боловч Ц-гийн нэхэмжлэлд Иргэний хэрэг шүүхэд хянан  шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1 дэх хэсэгт заасан нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл байхгүй гэж үзэн иргэний хэрэг үүсгэснийг шалгах ажиллагааны явцад сахилгын хэрэгт цугларсан баримтууд болон гэрчүүдийн мэдүүлгийг үндэслэн  холбогдох хуулийн илт тодорхой заалтыг зөрчсөн сахилгын зөрчил гэж үзэх боломжгүй гэж үзлээ.

Харин өргөдөл гаргагч иргэн Э-д “шүүгч А-г иргэн Ц-гээс авлига авсан гэх гэмт хэргийн шинжтэй үйлдэл гаргасан” гэж үзэж байгаа бол уг асуудлыг шалгах эрх бүхий байгууллагад өргөдлөө гаргах эрх нь нээлттэй байгаа болохыг дурдах нь зүйтэй.

          Дээрхийг нэгтгэн дүгнээд ...шүүхийн шүүгч байсан, одоо ... шүүхийн шүүгч А нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасан шүүгчид хориглосон зохицуулалтыг зөрчсөн гэх үйл баримт тогтоогдсонгүй гэж үзсэн тул түүнд холбогдуулан үүсгэсэн сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргав гэжээ.

Холбогдох шүүгч тайлбартаа “...Ц-гийн нэхэмжлэлтэй, Э-д холбогдох нэхэмжлэл 2023 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр надад системээс хуваарилагдан ирсэн.

Миний бие Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлд заасан нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлгүй байсан тул мөн хуулийн 66 дугаар зүйлд зааснаар 2023 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр иргэний хэрэг үүсгэсэн.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 91 дүгээр зүйлд заасан татгалзан гарах үндэслэл байвал шүүгч, иргэдийн төлөөлөгч, шинжээч, орчуулагч,хэлмэрч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга энэ тухайгаа шүүх хуралдаан эхлэхээс өмнө, эсхүл татгалзан гарах үндэслэл шүүх хуралдааны явцад тогтоогдвол тухайн үед нь мэдэгдэж татгалзан гарах үүрэгтэй” гэж хуульчилсан.

Улмаар “миний бие 2020 оноос 2023 оны 6 дугаар сарыг хүртэл Ц-гийн өмгөөлөгчөөр ажиллаж байсан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1.3-т заасан үндэслэлээр уг хэрэг маргааныг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзан гаргах хүсэлт” гаргасныг тус шүүхийн Ерөнхий шүүгч шийдвэрлэж, миний татгалзан гарах хүсэлтийг хүлээн авснаар өөр шүүгчид хуваарилагдсан байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4 дэх хэсэгт “Энэ хуулийн 3.1-д заасны дагуу гаргасан нэхэмжлэл, хүсэлт, гомдлыг тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс урьдчилан тогтоосон журмын дагуу шүүгчид хуваарилах бөгөөд уг журам нь урьдчилан мэдэх боломжгүй, тохиолдлоор хуваарилах нөхцөлийг хангасан байна. Шүүгчдийн зөвлөгөөний тогтоолыг үндэслэн тухайн шатны шүүхийн Ерөнхий шүүгч, танхимын тэргүүн хэрэг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдаан даргалагчийг захирамж гарган томилно” гэж заасан бөгөөд тус шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 000/ЗТ2022/00908 дугаар тогтоолоор “Шүүхэд хэрэг, нэхэмжлэл, гомдол, хүсэлт хүлээн авах, хуваарилах болон хэрэг маргааныг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг сугалаагаар томилох журам”-ыг баталсан.

Хууль болон дээрх журамд зааснаар Ц-гийн гаргасан нэхэмжлэл нь шүүгч А надад урьдчилан мэдэх боломжгүй, тохиолдлыг аргаар системээс хуваарилагдан ирсэн. Нэгэнт хуваарилагдсан нэхэмжлэлийг миний бие хүлээн авч шийдвэрлэх үүрэгтэй.

Мөн миний бие Ц-тэй дотно найз нөхдийн харилцаа холбоотой бус өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх үйл ажиллагааны хүрээнд эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээний үндсэн дээр ажиллаж байсан болно.

Иргэн Э-д нь огт үндэслэлгүйгээр шүүгч А намайг гэмт хэрэгт гүтгэж, нэр төрд халдсан өргөдөл гаргасан байна. Иймд шүүгч надад үүсгэсэн сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Иргэн Э-с ... шүүхийн шүүгч А-д холбогдуулан гаргасан өргөдлийг үндэслэн Шүүхийн сахилгын хорооны гишүүн 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн ГЗҮ/2024/0127 дугаар захирамжаар сахилгын хэрэг үүсгэн, шалгах ажиллагаа явуулжээ.

 Өргөдөл гаргагчаас “...иргэн Ц гэгч нь Э-д надад холбогдуулан иргэний нэхэмжлэлийг 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр ...шүүхэд гаргасны дагуу тухайн нэхэмжлэл нь шүүгч А-д хуваарилагдсан. Тухайн нэхэмжлэлд шүүгч А нь 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 000/ШЗ2023/11955 дугаар захирамжаар иргэний хэрэг үүсгэсэн. Гэтэл төд удалгүй өөрийгөө “нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөр олон жил ажиллаж байсан, нэхэмжлэгчтэй найз нөхдийн харилцаатай учраас хэргийг шилжүүлэх” хүсэлт гаргасны дагуу тухайн хэрэг өөр шүүгчид шилжсэн. ... шүүгч А нь нэхэмжлэгч Ц гэгч зальт луйварчин этгээдтэй дотно найз нөхдийн холбоо харилцаатай, ашиг сонирхлын зөрчилтэй байсан гэдгээ Ц-гийн нэхэмжлэлийг хүлээж аваад иргэний хэрэг үүсгэснийхээ дараа тайлбарласан нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийг илтэд зөрчиж, Ц гэгчид илтэд давуу байдал олгосон төдийгүй ашиг сонирхол, нөлөөлөлд автсан байж болзошгүй” гэжээ.

Сахилгын хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Ц-с Э-д холбогдуулан гаргасан “Ц болон Э-д нарын хооронд байгуулагдсан 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 0191 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож, дээрх гэрээний дагуу шилжүүлсэн өмчлөх эрхийг буцаан шилжүүлэхийг хариуцагч Э-д даалгах” шаардлага бүхий нэхэмжлэл нь шүүгч А-д системээс хуваарилагдаж, шүүгч 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 000/ШЗ2023/11955 дугаар захирамжаар иргэний хэрэг үүсгэсэн байна.

Тухайн өдрөө шүүгч А нь “2020 оноос 2023 оны 06 дугаар сарыг хүртэл Ц-гийн өмгөөлөгчөөр ажиллаж байсан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1.3-т заасан үндэслэлээр уг хэрэг маргааныг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзан гарах тухай” хүсэлтийг холбогдох баримтын хамт гаргажээ.

Тус хүсэлтийг 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 000/ЕШ2023/02252 дугаар Ерөнхий шүүгчийн захирамжаар хүлээн авч, хэргийг өөр шүүгчид шилжүүлэхээр даалгаж шийдвэрлэсний дагуу Ц-гийн нэхэмжлэлтэй Э-д холбогдох хэрэг нь шүүгч И-д хуваарилагдан, шүүгч хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 000/ШЗ2024/06549 дүгээр шүүгчийн захирамжаар хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Шалгах ажиллагааны явцад Ц-гийн гэрчээр өгсөн “...А нь сургуулиа төгсөөд манай компанид хэсэг ажиллаж байсан гэхээр 2019-2020 оны үед хууль зүйн туслалцаа авч байсан байх. Нэг удаа бид 2 гудамжинд таараад би “яагаад  надтай холбогдохгүй алга болчхов оо” гэхэд тэрээр “би шүүгч болчихсон шүү дээ” гэж байсан. Тэгэхэд нь би “за баяр хүргэе” гэж байсан. Тэрнээс өөрөөр холбогдож байгаагүй. Хэзээ шүүгч болсныг нь ч мэдэхгүй байна. ...Одоо бол холбоогүй байгаа” гэх мэдүүлэг, холбогдох шүүгчээс ирүүлсэн “...Хууль болон дээрх журамд зааснаар Ц-гийн гаргасан нэхэмжлэл нь шүүгч А надад урьдчилан мэдэх боломжгүй, тохиолдлыг аргаар системээс хуваарилагдан ирсэн. Нэгэнт хуваарилагдсан нэхэмжлэлийг миний бие хүлээн авч шийдвэрлэх үүрэгтэй. Мөн миний бие Ц-тэй дотно найз нөхдийн харилцаа холбоотой бус өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх хүрээнд эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээний үндсэн дээр ажиллаж байсан болно” гэх тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар шүүгч А нь шүүгчийн албан тушаалд томилогдохоосоо өмнө нь Ц-д хууль зүйн туслалцаа үзүүлж, түүний өмгөөлөгчөөр ажиллаж байсан нь тогтоогдож байна.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт “Шүүгч дараах үндэслэл байвал хэрэг хянан шийдвэрлэхэд оролцож болохгүй”, 91.1.3-т “хэргийн оролцогчтой хувийн харилцаатай, түүнчлэн уг хэргийг шударгаар шийдвэрлэж чадах эсэх талаар үндэслэл бүхий эргэлзээ байвал”, 92 дугаар зүйлийн 92.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 91 дүгээр зүйлд заасан татгалзан гарах үндэслэл байвал шүүгч, иргэдийн төлөөлөгч, шинжээч, орчуулагч, хэлмэрч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга энэ тухайгаа шүүх хуралдаан эхлэхээс өмнө, эсхүл татгалзан гарах үндэслэл шүүх хуралдааны явцад тогтоогдвол тухайн үед нь мэдэгдэж татгалзан гарах үүрэгтэй” гэж заажээ.

 Дээрх хуульд заасны дагуу шүүгч А нь Ц-гийн нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэсний дараа даруй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзан гарсан нь түүнийг хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлсэн гэж үзнэ.

Түүнчлэн илтгэгч гишүүний “...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.1 дэх хэсэгт заасан болон мөн хуулийн зүйлийг тайлбарласан Улсын дээд шүүхийн тайлбараас үзэхэд шүүгч А нь татгалзах хүсэлтээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан болох нь сахилгын хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх тул иргэний хэрэг үүсгэсний дараа хүсэлтээ гаргасныг хууль зөрчсөн гэж буруутгах боломжгүй юм” гэж дүгнэсэн нь үндэслэл бүхий байна.

Тодруулбал, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.1 дэх хэсэгт шүүгч татгалзан гарах үндэслэл байвал шүүх хуралдаан эхлэхээс өмнө эсхүл шүүх хуралдааны явцад тогтоогдвол татгалзан гарах үүрэгтэй гэж зохицуулсан тул шүүгч иргэний хэрэг үүсгэсний дараа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзан гарсантай нь холбогдуулан шүүгчийг Монгол Улсын шүүхийн тухай хуульд заасан сахилгын зөрчил гаргасан гэж үзэх боломжгүй.

Шүүгч нь ашиг сонирхлын зөрчилтэй, хэргийн нэг талд давуу байдал бий болгосон гэж ойлгогдох аливаа үйлдлээс зайлсхийх учиртай бөгөөд цаашид хуульд заасан татгалзан гарах илэрхий үндэслэл тогтоогдвол нэхэмжлэлийг хүлээн авсан даруйд татгалзан гарах хүсэлтээ гаргаж шийдвэрлүүлж байвал зохино.

Мөн өргөдөл гаргагч Э-д нь “..шүүгч А нь Ц гэгчээс авлигал авсан байж болзошгүй” гэх өргөдлийг гаргасан байх ба уг асуудлаар холбогдох эрх бүхий байгууллагад гомдлоо гаргаж шийдвэрлүүлэх эрх нь нээлттэй болохыг дурдах нь зүйтэй.

Дээрхийг нэгтгэн дүгнээд илтгэгч гишүүний сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хүлээн авч, ... шүүхийн шүүгч А-д холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзлээ.

                 Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1, 112.1.2, 112.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сахилгын хорооны гишүүний 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн ГС/2025/0004 дүгээр “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай санал”-ыг хүлээн авч, ... шүүхийн шүүгч А-д холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6 дахь хэсэгт зааснаар магадлал гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл мэдээлэл гаргагчийн оршин суугаа газрын, эсхүл ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл албаны ажилтнаар хүргүүлэхийг Ажлын албанд даалгасугай.

3. Магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сахилгын хороонд хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

4. Дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох ба энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг тайлбарласугай.

                    ДАРГАЛАГЧ                                    Д.АРИУНТУЯА

                        ГИШҮҮН                                           Ц.ДАВХАРБАЯР

                                                                          С.ЭНХТӨР