info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих ШИЛЭН ДАНС
ENMNG

МОНГОЛ УЛС

ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО

МАГАДЛАЛ

2025-02-18

Дугаар 27

Улаанбаатар хот

Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Шүүхийн сахилгын хорооны хуралдааныг гишүүн Х.Хашбаатар даргалж, гишүүн Б.Сугар, Д.Эрдэнэчулуун нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Д.Мягмарцэрэн, нарийн бичгийн даргаар хуралдаан хариуцсан ахлах мэргэжилтэн А.Намуундарь нарыг оролцуулан хийж, ... шүүхийн ... тэргүүн Ч.Х, шүүгч Б.А, Б.Б, М.П, С.С, Б.Ц нарт холбогдох Сахилгын хорооны гишүүний 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн ГС/2025/0009 дугаартай “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” саналыг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Илтгэгч гишүүн “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” саналдаа:

... шүүхийн ... нийт шүүгчид холбогдуулан өргөдөл гаргагчаас “ ... татгалзсан тогтоолыг 20 хоногийн хугацаанд гаргаагүй” гэжээ.

Шалгах ажиллагааны явцад сахилгын хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

Тээврийн Прокурорын газрын хяналтын прокуророос яллагдагч Б.Б-ны үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн эрүүгийн 240300.... дугаартай хэргийг ... дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд 2024/ШЦТ/660 дугаартай шийтгэх тогтоолоор:

“ ... Шүүгдэгч Б.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Б.Б-ны тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 5 сарын хугацаагаар хорих ял шийтгэж,

... Б.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, түүнд энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч ...” шийдвэрлэжээ.

Тус шийдвэрийг эс зөвшөөрч шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлуудаар тус хэргийг ... Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 2024 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хянан хэлэлцээд 2024/ДШМ/875 дугаартай магадлалаар анхан шатны шүүхийн 2024/ШЦТ/660 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгожээ.

... шүүхийн ... нийт шүүгчийн хуралдааны 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаар Б.Б-д холбогдох хэргийг прокурорын бичсэн эсэргүүцлээр хянан хэлэлцэж, эсэргүүцлийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэсэн байна.

Улмаар тус хуралдаанаас гарсан 759 дүгээр тогтоолыг 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдөр эсэргүүцэл бичсэн прокурорт гардуулж, тус шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 02/5125 дугаартай албан бичгээр анхан шатны шүүхэд хүргүүлснийг ... дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх мөн сарын 31-ний өдөр хүлээн авсан байна.

Шүүгч Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.26-д “шүүхийн шийдвэр гаргахтай холбоотой хуульд тодорхой заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр удаа дараа 30 хоногоос дээш хугацаагаар, эсхүл нэг удаа 60 хоногоос дээш хугацаагаар зөрчих”-ийг хориглоно гэж заасан.

Хэдийгээр ... шүүхийн ... нийт шүүгчийн хуралдааны тогтоолыг албажуулах хугацааг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд тодорхой заагаагүй боловч холбогдох шүүгч нарын тайлбартаа хуулийн 40.8 дугаар зүйлийн 2-т “Шийдвэрийг шүүх хуралдаан дууссан өдрөөс хойш 30 хоногийн дотор гаргах ...” гэж зааснаар танхимын нийт шүүгчийн хуралдааны тогтоолыг албажуулах хугацааг адилтган хэрэглэж байгаа гэжээ.

Иймд, ... шүүхийн ... нийт шүүгчийн хуралдааны 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 759 дүгээр тогтоолыг 14 хоногийн дотор ёсчлон албажуулсан нь сахилгын хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх тул өргөдлийн: “ ... тогтоолыг 20 хоногийн хугацаанд гаргаагүй” гэх гомдол үндэслэлгүй байна.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Хяналтын шатны шүүхийн шийдвэрийг ... энэ хуулийн 36.13 дугаар зүйлд заасны дагуу гомдол, эсэргүүцэл гаргагчид гардуулна” гэж заасан бөгөөд дээрх эрүүгийн хэрэгт прокурор хяналтын журмаар эсэргүүцэл гаргаснаас биш шүүгдэгчийн өмгөөлөгч гомдол гаргаагүй тул өмгөөлөгчид шийдвэрийг гардуулах ажиллагаа хийгдэхгүй.

Шүүхийн шийдвэрийг гардуулах ажиллагаа нь Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2022 оны 53 дугаар тогтоолоор баталсан Эрүүгийн хэргийн хөдөлгөөний нийтлэг аргачлалын 5.3.2-т “Хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзсан тохиолдолд хуралдааны бэлтгэл хариуцсан ажилтан тогтоолын хувийг хяналтын шатны шүүхээс гардаж авахаа илэрхийлсэн хэргийн оролцогчдод гардуулж баримтыг хэрэгт хавсаргана...” гэж зааснаар шүүхийн захиргааны ажилтны албан үүрэгт хамаарна.

Өргөдөл гаргагчаас: “... шүүх дээр өөрийн биеэр ирж удаа дараа шаардсан боловч ямар нэгэн шалтгаан хэлээд тогтоолыг гаргахгүй байгаа” гэж дурдсан бөгөөд өмгөөлөгч нь зохих хууль, түүнд нийцүүлэн гаргасан журамд заасны  дагуу шийдвэрийг гардаж авах тухай хүсэлтээ гаргасаар байтал түүний эрхийг эдлүүлээгүй гэж үзвэл Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.1-д зааснаар тухайн шүүхийн Тамгын газрын даргад гомдол гаргаж шийдвэрлүүлэх нь зүйтэй.

Өөрөөр хэлбэл, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50, 51.1, 52, 53 дугаар зүйлд шүүгчид хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон зохицуулалтад шүүхийн шийдвэрийг гардуулах ажиллагаа хамаарахгүй тус Сахилгын хороо энэ талаар дүгнэлт өгөх шаардлагагүй гэж үзэв.

Иймд дээр дурдсаныг нэгтгэн дүгнээд ... шүүхийн ... тэргүүн Ч.Х, шүүгч Б.А, Б.Б, М.П, С.С, Б.Ц нарт холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргав.” гэжээ.

Холбогдох шүүгч нар Шүүхийн сахилгын хороонд гаргасан тайлбартаа:

Шүүгдэгч Б.Б-д холбогдох эрүүгийн хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзсан 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн ... нийт шүүгчийн хуралдааны тогтоолыг 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүртэл 20 хоногийн хугацаанд гаргаагүй талаар өмгөөлөгч 3.Б-с танайд гомдол гаргасны дагуу тус хорооны гишүүн Д.Мягмарцэрэнгээс нэр бүхий 6 шүүгчид сахилгын хэрэг үүсгэж, хариу тайлбарыг нотлох баримтын хамт ирүүлэхийг мэдэгдсэн байна.

... шүүхийн ... нийт шүүгчийн хуралдааны 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаар Б.Б-д холбогдох хэргийг прокурорын бичсэн эсэргүүцлээр хянан хэлэлцэж, эсэргүүцлийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэсэн байна.

Улмаар ... нийт шүүгчийн хуралдааны 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 759 дүгээр тогтоолыг 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдөр ёсчлон албажуулан дараагийн өдөр буюу 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдөр эсэргүүцэл бичсэн прокурорт тогтоолын хувийг гардуулж, мөн сарын 28-ны өдөр бүртгэлийн хуудсыг хэргийн материалд хавсарган анхан шатны шүүхэд илгээж 31-ний өдөр хэргийг уг шүүх хүлээн авсан байна.

Ийм байдлаар ... нийт шүүгчийн хуралдааны тогтоолыг бичгээр үйлдэж гаргах, гардан авах эрх бүхий оролцогчдод хүргүүлэх ажиллагааг бүхэлдээ хууль, түүнд үндэслэн гаргасан журамд заасан хугацаанд авч хэрэгжүүлсэн байна. Энэ талаарх баримтууд Эрүүгийн хэргийн бүртгэлийн дэвтрүүдэд авагдан хадгалагджээ.

Тухайн өмгөөлөгчийн хувьд хяналтын шатанд бие дааж гомдол гаргаагүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт "Хяналтын шатны шүүхийн шийдвэрийг энэ хуулийн 36.13 дугаар зүйлд заасны дагуу гомдол, эсэргүүцэл гаргагчид гардуулна" гэж заасны дагуу шүүгчийн туслах шүүхийн шийдвэрийг гардуулан өгөөгүйн улмаас "Б.Б-д холбогдох эрүүгийн хэргийн тогтоолыг гараагүй" гэж ташааран ойлгосон гэж үзэхээр байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт нь хяналтын журмаар гомдол гаргасан эсхүл эсэргүүцэл бичсэн оролцогчид хяналтын шатны шүүхийн шийдвэрийн хувийг хүлээн авах хүсэлт гаргасан эсэхээс үл хамааран гардуулах ба бусад оролцогчдод зөвхөн хүсэлт гаргаснаар гардуулах агуулгатай.

Өмгөөлөгч 3.Б нь тогтоолыг гардаж авахын тулд Эрүүгийн хэргийн хөдөлгөөний нийтлэг аргачлалын 6.3.2-т "Хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзсан тохиолдолд хуралдааны бэлтгэл хариуцсан ажилтан тогтоолын хувийг хяналтын шатны шүүхээс гардаж авахаа илэрхийлсэн хэргийн оролцогчдод гардуулж баримтыг хэрэгт хавсаргана..." гэж заасны дагуу Б.Б-д холбогдох шийдвэрийг гардан авах хүсэлтэй байгаагаа илэрхийлэх ёстой байжээ.

Мөн аргачлалын 6.3.2-т заасан "...гардаж авахаа илэрхийлсэн.." гэдгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт "Хүсэлт, гомдлыг амаар, эсхүл бичгээр гаргах ба амаар гаргасан бол тэмдэглэлд тусгаж, хүлээн авсан албан тушаалтан, хүсэлт, гомдол гаргагч гарын үсэг зурна" гэж ойлгох ба өмгөөлөгч 3.Б ийм хүсэлт гаргаагүй, гаргасан бол хуульд зааснаар тэмдэглүүлэх арга хэмжээ аваагүй, энэ талаар ажилтнаас шаардаагүй байгаа тул тогтоолыг гардан авах ёстой оролцогч гэж үзэхгүй.

Иймд ... нийт шүүгчийн хуралдааны 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 759 дүгээр тогтоолыг өмгөөлөгч 3. Б-д гардуулаагүй нь хууль зөрчөөгүй байна.

Үүнээс гадна Эрүү, иргэн, захиргааны процессын хуулиудад хяналтын шатны шүүх хуралдааны тогтоол албажуулах хугацааг хуульчилсан байдаг бол Танхимын нийт шүүгчийн хуралдааны тогтоолыг ямар хугацаанд албажуулах талаар нарийвчлан зохицуулаагүй тул Улсын дээд шүүхийн дагнасан танхимууд Танхимын нийт шүүгчийн хуралдааны тогтоол гаргах хугацааг Хяналтын шатны шүүх хуралдааны тогтоол албажуулах хуулийн дараах зохицуулалттай адилтган хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаандаа баримталж буй.

Үүнд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 2- т "Шийдвэрийг шүүх хуралдаан дууссан өдрөөс хойш 30 хоногийн дотор гаргах..." мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д "..Шийдвэрийг шүүх хуралдаан дууссан өдрөөс хойш 30 хоногийн дотор гаргах..." мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.1-д "Шийдвэрийг шүүх хуралдаан дууссан өдрөөс хойш 30 хоногийн дотор гаргах..." гэж тус тус хяналтын шатны шүүх хуралдааны шийдвэрийг албажуулах хугацааг хуульчилсан.

... нийт шүүгчийн хуралдааны 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 759 дүгээр тогтоолыг 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдөр ёсчлон албажуулсан, өмгөөлөгч 3.Б 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Сахилгын хороонд гомдол гаргасныг анхааран үзвэл хугацаа хэтрүүлсэн тухай гомдол үндэслэлгүй байх тул энэ талаар гомдол гаргагчид хатуу сануулж сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Өргөдөл гаргагч өмгөөлөгч З.Б-с ... шүүхийн ... тэргүүн Ч.Х, шүүгч Б.А, Б.Б, М.П, С.С, Б.Ц нарт холбогдуулан өргөдөл гаргасныг Сахилгын хорооны гишүүн хүлээн авч хянаад, 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн ГЗҮ/2024/0125 дугаар захирамжаар сахилгын хэрэг үүсгэн, шалгах ажиллагаа явуулж, 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргажээ.

Сахилгын хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, Тээврийн Прокурорын газрын хяналтын прокуророос яллагдагч Б.Б-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн эрүүгийн 240300... дугаартай хэргийг ... дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 2024/ШЦТ/660 дугаар шийтгэх тогтоолоор гэм буруутайд тооцож, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 5 сарын хугацаагаар хорих ял шийтгэж шийдвэрлэжээ.

Тус шийдвэрийг эс зөвшөөрч шүүгдэгч болон түүний өмгөөлөгч З.Б нарын гаргасан давж заалдах гомдлуудаар тус хэргийг ... Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хянан хэлэлцээд, 2024 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 2024/ДШМ/875 дугаар магадлалаар хүчингүй болгосон тул прокуророос эсэргүүцэл гаргасан боловч ... шүүхийн ... нийт шүүгчийн хуралдааны 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 759 дүгээр тогтоолоор хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэсэн байна.

Дээрх тогтоолыг 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдөр эсэргүүцэл гаргасан прокурорт гардуулжээ.

Өргөдөлд “... Б.Б-д холбогдох хэргийн хяналтын гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзсан тогтоол 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл гараагүй байна. Үүнийг ... шүүх дээр өөрийн биеэр ирж удаа дараа шаардсан боловч ямар нэгэн шалтгаан хэлээд тогтоолыг гаргахгүй байгаа ...” гэж дурдсан байна.

Хяналтын шатны журмаар гаргасан гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзсан тогтоолыг албажуулах хугацааны талаар холбогдох шүүгч нараас “... Эрүү, иргэн, захиргааны процессын хуулиудад хяналтын шатны шүүх хуралдааны тогтоол албажуулах хугацааг хуульчилсан байдаг бол Танхимын нийт шүүгчийн хуралдааны тогтоолыг ямар хугацаанд албажуулах талаар нарийвчлан зохицуулаагүй тул ... шүүхийн дагнасан танхимууд Танхимын нийт шүүгчийн хуралдааны тогтоол гаргах хугацааг Хяналтын шатны шүүх хуралдааны тогтоол албажуулах хуулийн зохицуулалттай адилтган хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаандаа баримталж буй ...” гэж тайлбарлажээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт гомдол, эсэргүүцлийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх шийдвэр гаргаагүй бол татгалзсанд тооцож, тогтоол гаргахаар зааснаас бус бичгээр үйлдэн албажуулах хугацааг заагаагүй байх тул хуулийн 40.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт "Шийдвэрийг шүүх хуралдаан дууссан өдрөөс хойш 30 хоногийн дотор гаргах..." гэж заасан хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцээд гарсан тогтоолыг албажуулах хугацаатай адилтган баримталж байгааг буруутгах үндэслэлгүй байна.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлд шүүхийн шийдвэрийг гардуулан өгөх журмыг хуульчилсан бөгөөд тус зүйлийн 1 дэх хэсэгт шүүхийн шийдвэрийг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, өмгөөлөгчид гардуулан өгөхөөр заасан ч хуулийн 40.8 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт "Хяналтын шатны шүүхийн шийдвэрийг ... энэ хуулийн 36.13 дугаар зүйлд заасны дагуу гомдол, эсэргүүцэл гаргагчид гардуулна" гэж хяналтын шатны шүүхийн шийдвэрийг гардуулах оролцогчийг тодорхойлон заасан тул шүүгдэгчийн өмгөөлөгч З.Б-с хяналтын журмаар гомдол гаргаагүй тул тогтоолыг гардаж авах эрхтэй этгээд биш юм.

Харин хуулийн 36.13 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт шүүхийн шийдвэрийг авах тухай хүсэлт гаргасан дээрхээс бусад оролцогчид шүүхийн шийдвэрийг үйлдсэнээс хойш 7 хоногийн дотор ирж гардан авахыг шүүх мэдэгдэхээр заасан бөгөөд үүнийг Эрүүгийн хэргийн хөдөлгөөний нийтлэг аргачлалын 6.3.2-т "Хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзсан тохиолдолд хуралдааны бэлтгэл хариуцсан ажилтан тогтоолын хувийг хяналтын шатны шүүхээс гардаж авахаа илэрхийлсэн хэргийн оролцогчдод гардуулж баримтыг хэрэгт хавсаргана..." гэж журамласнаас үзэхэд өмгөөлөгч З.Б нь тогтоолыг гардаж авах талаар хүсэлтээ гаргасан тохиолдолд түүнд тогтоол гарсан талаар мэдэгдэх, гардуулах ажиллагааг хийхээр байжээ.

Гэвч өргөдөл гаргагчаас бичгээр хүсэлтээ гаргаагүй, энэ талаарх баримт сахилгын хэргийг шалгах ажиллагааны хүрээнд тогтоогдоогүй байх бөгөөд “биеэр ирж шаардсан” гэдгийг гардаж авахаа илэрхийлсэн, амаар хүсэлт гаргасан гэж үзэх боломжгүй.

Учир нь амаар хүсэлт гаргасныг нотлохын тулд энэ талаараа тэмдэглэл үйлдүүлэн, хүсэлт гаргагч нь өөрийн хэлсэн зүйлс бүрэн, зөв байгаагаа илэрхийлж, мөн тэмдэглэл үйлдсэн ажилтан үйлдсэн болохоо нотлон тус тусын гарын үсгээ зуран баталгаажуулсан баримтаар тогтоох тул зөвхөн “шаардаж хэлсэн” гэх агуулгаар хүсэлт гаргасан гэж үзэхгүй.

Иймд ... шүүхийн ... нийт шүүгчийн хуралдааны 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 759 дүгээр тогтоолыг 14 хоногийн дотор ёсчлон албажуулсан нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.26-д заасан “шүүхийн шийдвэр гаргахтай холбоотой хуульд тодорхой заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр удаа дараа 30 хоногоос дээш хугацаагаар, эсхүл нэг удаа 60 хоногоос дээш хугацаагаар зөрчих” зөрчилд хамаарахгүй, өргөдөл гаргагчид уг тогтоолыг гардуулах үүрэг үүсээгүй байх тул илтгэгч гишүүнээс ... шүүхийн ... тэргүүн Ч.Х, шүүгч Б.А, Б.Б, М.П, С.С, Б.Ц нарт холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргасныг хүлээн авах нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзлээ.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.2, 112.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Сахилгын хорооны гишүүний 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн ГС/2025/0009 дүгээр “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” саналыг хүлээн авч, ...  шүүхийн ... тэргүүн Ч.Х, шүүгч Б.А, Б.Б, М.П, С.С, Б.Ц нарт холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6 дахь хэсэгт зааснаар  магадлал гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч нар болон өргөдөл, мэдээлэл гаргагчийн оршин суугаа газрын эсхүл ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар хүргүүлэхийг Ажлын албанд даалгасугай.

3.Дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох ба энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг мэдэгдсүгэй.

Магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргах эрхтэй. 

                        ДАРГАЛАГЧ                                       Х.ХАШБААТАР

                 ГИШҮҮН                                           Б.СУГАР

                                                                                                 Д.ЭРДЭНЭЧУЛУУН