info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих ШИЛЭН ДАНС
ENMNG

МОНГОЛ УЛС

ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО

ХЯНАЛТЫН ТОГТООЛ

2025-02-12

Дугаар 4

Улаанбаатар хот

Шүүгчид сахилгын шийтгэл оногдуулсан

 магадлалын тухай

Сахилгын хорооны хянан үзэх хуралдааныг гишүүн Ц.Давхарбаяр даргалж, гишүүн О.Номуулин, Б.Сугар нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Д.Эрдэнэчулуун, хуралдааны нарийн бичгийн дарга А.Намуундарь, сахилгын хэргийн оролцогч, шүүгч Т.Болормаа нарыг оролцуулан тус хорооны хуралдааны танхимд нээлттэй хийв.

Хуралдаанаар, Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Т.Болормаагийн Шүүхийн сахилгын хорооны 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн СХМ/2024/0120 дугаар магадлалыг эс зөвшөөрч гаргасан гомдлыг хянан хэлэлцээд,

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн сахилгын хорооны 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн СХМ/2024/0120 дугаар магадлалаар:

“... шүүгч Т.Болормаа нь Б.Э-ийн нэхэмжлэлтэй, Д.Ш, Ч.Э нарт холбогдох иргэний хэрэгт 2020 оны 08 дугаар сарын 21-ний өдрөөс 2021 оны 03 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл, 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдрөөс 2023 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэл хугацаанд хуульд заасан журмын дагуу хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаагүй байна.

2020 оны 08 дугаар сарын 21-ний өдрөөс 2021 оны 03 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл хугацаанд корона вирус цар тахлын улмаас Монгол Улсад хөл хорио тогтоож, бүх нийтийн бэлэн байдалд шилжсэн байсан нь нийтэд илэрхий үйл баримтаар тогтоогдож байх тул дээрх хугацаанд шүүн таслах ажиллагааг хэвийн явуулах боломжгүй байсанд шүүгчийг буруутгахгүй.

Харин 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 101/ШЗ2021/12640 дүгээр шүүгчийн захирамжаар хариуцагч талаас гаргасан үзлэг хийлгэх хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн боловч үзлэг хийхийг шүүгчийн туслахаас 2023 оны 09 дүгээр сарын 06, 07-ны өдөр мэдэгдэж, 09 дүгээр сарын 08-ны өдөр .... дүүргийн Газрын албаны архивд үзлэг хийжээ. Уг хугацаанд цар тахлыг улмаас тогтоосон хөл хорио цуцлагдсан ба шүүгч 2 жил 18 хоногийн хугацаанд шүүгчийн захирамжид заасан болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаагүй байна.

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт “...хуулиар өөр хугацаа тогтоогоогүй бол хэрэг үүсгэсэн өдрөөс хойш 60 хоног дотор шийдвэрлэнэ”, мөн зүйлийн 71.2 дахь хэсэгт “энэ хуулийн 71.1-д заасан хугацааг тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс нэг удаа 30 хүртэл хоногоор сунгаж болно”, 71.3 дахь хэсэгт “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бусад хугацааг энэ хуулийн 71.1-д заасан хугацааны дотор шүүх тогтоож болно” гэж тус тус заасан.

Шүүгч 2 жил 18 хоногийн хугацаанд хэрэг хянан шийдвэрлэх ямар нэг ажиллагааг явуулаагүй нь дээрх хуульд заасан хугацааг зөрчсөн гэж үзнэ. Дээрх хугацаанаас шүүгчийн биеэр эдэлсэн 2021 оны ээлжийн амралтын 49 хоног, 2022 оны ээлжийн амралтын 56 хоног, 2023 оны ээлжийн амралтын 47 хоног, бүх нийтийн амралтын 177 хоногийг тус тус хасаж тооцвол шүүгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр

1 жил 6 сар 26 хоног тус иргэний хэрэг  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулаагүйд тооцно. Энэ талаар дүгнэсэн илтгэгч гишүүний дүгнэлт үндэслэлтэй.

Хэдийгээр сахилгын хэрэгт цугласан баримтаар шүүгч Т.Болормаа нь тус хугацаанд ачаалал ихтэй ажиллаж байсан, ерөнхий шүүгчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэж байсан гэх байдал тогтоогдож байх боловч хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасан хугацааг хэтрүүлснийг зөвтгөх үндэслэл болохгүй ...” гэж дүгнэн Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн ГНД/2024/0009 дүгээр нотлох дүгнэлтийг хүлээн авч, ... .... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Болормаад “цалингийн хэмжээг гурван сар 20 хувиар бууруулах” сахилгын шийтгэл ногдуулж шийдвэрлэжээ.

 

Шүүгч Т.Болормаа “... Шүүгч Т.Болормаа би нэг өдөр, нэг цаг үүрэгт ажлаа хийхгүйгээр цалгардуулсан зүйл байхгүй. 7 хоногийн өдөр бүр илүү цагаар ажиллаж, өдөрт 12- 15 цаг, 7 хоног бүрийн амралтын 1 өдөрт илүү цагаар ажиллаад ч ачаалал үнэхээр их байгаа.

Мөн энэ хугацаанд гурван удаа шүүгчийн туслах солигдсон. Шинээр томилогдсон шүүгчийн туслахыг өдөр тутам ажилд нь дадлагажуулах, бусад шүүгч
нарын бүрэлдэхүүнтэй хуралд оролцох, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх
тухай хуулийн 170 зүйлд заасан гомдлын бүрэлдэхүүнд оролцох ажиллагаанд
оролцож үнэхээр ачаалал ихтэй байгаа асуудлыг Шүүхийн ерөнхий зөвлөлд тус шүүхийн шүүгч нар зөвлөгөөний тогтоолыг удаа дараа хүргүүлж байсан ч арга
хэмжээ аваагүй.

Шүүгч би 2020 оны 08 сарын 21-ний өдрөөс 2021 оны 03 сарын 11-ний өдрийн хугацаанд шүүгчийн захирамж 748, шүүхийн тогтоол 2, шийдвэр 161, хэргийг хэрэгсэхгүй болгох 119, шийтгэвэр 1, гүйцэтгэх хуудас 47, Ерөнхий шүүгчийн захирамж 224, шүүх хуралдааны тэмдэглэл 132,

- 2021 оны 08 сарын 12-ны өдрөөс 2023 оны 09 сарын 06-ны өдрийн хугацаанд шүүгчийн захирамж 3157, шүүхийн тогтоол 66, шийдвэр 687, хэргийг хэрэгсэхгүй болгох 497, шийтгэвэр 9, гүйцэтгэх хуудас 324, Ерөнхий шүүгчийн захирамж 991, шүүх хуралдааны тэмдэглэл 639, хэрэг хянан шийдвэрлэж, шүүх хуралдааныг тэмдэглэлийг хянаж ажил үүргээ гүйцэтгэсэн.

... Шүүгч би санаатайгаар хэргийн хугацааг хэтрүүлээгүй, Энэ хугацаанд өөр бусад хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааг тасралтгүй явуулж байсан тул Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т “хуулийн илт тодорхой заалтыг ноцтой, эсхүл удаа дараа зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргах” гэж заасан зөрчил гаргасан гэж үзсэн Шүүхийн сахилгын хорооны 2024 оны 12 сарын 05-ны өдрийн СХМ/2024/0120 магадлалыг хүчингүй болгож өгнө үү ...” гэж гомдол гаргажээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүгч Т.Болормаад холбогдуулан, сахилгын хэрэг үүсгэн,

- 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр ГС/2024/0011 дүгээр “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” санал гаргасныг, сахилгын хорооны 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн СХТ/2024/0019 дүгээр тогтоолоор дахин шалгуулахаар буцааж шийдвэрлэсэн,

- илтгэгч гишүүн 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдөр ГНД/2024/0009 дүгээр “Сахилгын зөрчил гаргасныг нотлох дүгнэлт” үйлдсэнийг, сахилгын хорооны хуралдаанаар хэлэлцэж, өргөдлийн “... шүүгч хуулийн хугацаанд хэргийг шийдвэрлэх журмыг зөрчиж, үзлэг хийлгүй 2 жил хэргийг дарсныхаа дараа гэнэт шүүх хуралдаан явуулж ...” гэх хэсэгт холбогдох дүгнэлтийг хүлээн авч, 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн СХМ/2024/0120 дугаар магадлалаар шүүгч Т.Болормаад сахилгын шийтгэл оногдуулж, харин өргөдлийн бусад хэсгийг хэрэгсэхгүй болгох санал гаргасныг хүлээн авч, холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Шүүгч Т.Болормаагийн хянан үзэх хуралдаанд гаргасан гомдол тайлбар болон сахилгын хэрэгт авагдсан баримтуудыг дүгнэн, холбогдох шүүгчийн гомдлын зарим хэсгийг хангаж, магадлалд өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.

          1. Шүүгч гомдолдоо “... 7 хоногийн өдөр бүр илүү цагаар ажиллаж, өдөрт 12-15 цаг, 7 хоног бүрийн амралтын 1 өдөрт илүү цагаар ажиллаад ч ачаалал үнэхээр их байгаа ... энэ хугацаанд гурван удаа шүүгчийн туслах солигдсон ... Шинээр томилогдсон шүүгчийн туслахыг өдөр тутам ажилд нь дадлагажуулах, бусад шүүгч нарын бүрэлдэхүүнтэй хуралд оролцох, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 зүйлд заасан гомдлын бүрэлдэхүүнд оролцох ажиллагаанд оролцож үнэхээр ачаалал ихтэй ...” гэж дурдсан.

Мөн хянан үзэх хуралдааны хэлэлцүүлэгт “... туслахаас хуралдаан товлогдохгүй байгаа шалтгааныг тодруулахад эвлэрэх асуудал яригдаж байгаа гэсэн ... тэгээд удаад байхаар нь үзлэгийг нь зарлаад, хуралдаанаа хийе гэж туслахад хэлсэн, ... үзлэгийн товыг талуудад мэдэгдээд, үзлэгээ хийгээд хуралдааны товыг мэдэгдсэн ... энэ хугацаанд өөрсдөө хавтаст хэрэгтэйгээ танилцаагүй ... шүүх хуралдааны өмнө хэрэгтэй танилцана гэх асуудал яригдаад шүүх хуралдаан товлогдсон цагаасаа хоцорч эхэлсэн ... мөн хуралдаан товлоод хийх гэтэл хариуцагч талаас шүүх хуралдаан дээр удаа дараа хүсэлтүүд гаргаж, шүүх хуралдаан олон удаа хойшлогдож байж хийгдсэн ... шүүх хуралдааны танхим хүрэлцэхгүй байдлаас болж 7 хоногийн 2,5 өдөр хуралт хийх нөхцөл үүсдэг ... заримдаа шүүх хуралдааны заал хуваарилагдаагүйгээс болж бусад шүүгч нарын завсраар орж хуралдаанаа хийдэг ... мөн энэ хугацаанд туслах 3 удаа солигдсон ...” гэсэн болно.

Шүүгчийн 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 101/ШЗ2021/12640 дүгээр шүүгчийн захирамжаар хариуцагч талаас гаргасан үзлэг хийлгэх хүсэлтийг хангасан, үзлэг хийх талаар шүүхээс 2023 оны 09 дүгээр сарын 06, 07-ны өдөр хэргийн оролцогч нарт мэдэгдэж, 2023 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр буюу 2 жил 18 хоногийн дараа .... дүүргийн Газрын албаны архивд үзлэг хийсэн баримтууд сахилгын хэрэгт авагдсан байна.

Сахилгын хорооны магадлалд “... шүүгч 2 жил 18 хоногийн хугацаанд шүүгчийн захирамжид заасан болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаагүй байна ... Дээрх хугацаанаас шүүгчийн биеэр эдэлсэн 2021 оны ээлжийн амралтын 49 хоног, 2022 оны ээлжийн амралтын 56 хоног, 2023 оны ээлжийн амралтын 47 хоног, бүх нийтийн амралтын 177 хоногийг тус тус хасаж тооцвол шүүгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 1 жил 6 сар 26 хоног тус иргэний хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулаагүйд тооцно. ...” гэж дүгнэжээ.

Сахилгын хэрэгт, шүүгчийн үзлэг хийх захирамж гарснаас хойш хэргийн оролцогч талууд эвлэрэх хугацаа олгохыг хүссэн хүсэлт гаргасан эсхүл хоорондоо уулзсан эсэх талаар ямар нэг баримт авагдаагүй, шүүгч гомдолд дурдсан үндэслэлээ нотлоогүй болно. Тухайн хэрэг маргаантай холбогдох тодорхой ажиллагааг хэрэгжүүлэх эсэхийг шийдвэрлэсэн захирамж гарснаар маргааныг үндэслэлтэй шийдвэрлэх нөхцөлийг бүрдүүлэх тул захирамжийн хэрэгжилтэд шүүх, шүүгч анхаарч ажилладаг.

          Иймд шүүгчийн гаргасан зөрчил нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт “... хуулиар өөр хугацаа тогтоогоогүй бол хэрэг үүсгэсэн өдрөөс хойш 60 хоног дотор шийдвэрлэнэ”, мөн зүйлийн 71.2 дахь хэсэгт “энэ хуулийн 71.1-д заасан хугацааг тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс нэг удаа 30 хүртэл хоногоор сунгаж болно”, 71.3 дахь хэсэгт “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бусад хугацааг энэ хуулийн 71.1-д заасан хугацааны дотор шүүх тогтоож болно” гэж заасныг зөрчсөн нь тогтоогдож байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ямар нэг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр удаашруулж, хэргийн оролцогчийг чирэгдүүлсэн, цаг хугацаа алдуулсан зэрэг үр дагавар бий болгосон байх тул дээрх хуулийн заалтыг ноцтой зөрчсөн гэж үзнэ.

Хэдийгээр шүүгч ачаалал ихтэй ажиллаж байсан нь нотлогдож байгаа ч үзлэг хийлгэх хүсэлтийг хангасан захирамжаа хэрэгжүүлэлгүй 2 жил, 18 хоногийн хугацаанд дарагдуулсныг зөвтгөх үндэслэл болж чадахгүй.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.7 дахь хэсэгт “Сахилгын зөрчлийн шинж чанар, хэр хэмжээ, зөрчлийн хүнд, хөнгөн, үр дагавар, шүүгчийн хувийн зан байдал болон бусад нөхцөл байдалд тохирсон сахилгын шийтгэлийг шүүгчид оногдуулна” гэж заасан.

.... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх нь ачаалалтай ажилладаг, батлагдсан шүүгчийн орон тоо дутуу, шүүгчийн туслах олон удаа солигдсон, мөн хэргийн оролцогч нарын хүсэлтээр удаа дараа шүүх хуралдаан хойшилсон зэрэг шалтгаан, нөхцөл нь шүүгчид оногдуулсан сахилгын шийтгэлийг хөнгөрүүлэх үндэслэлтэй байна.

Иймд, шүүгч Т.Болормаагийн гаргасан сахилгын зөрчлийн шинж чанар, хэр хэмжээ, анх удаа зөрчил гаргасныг тус тус харгалзан, 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн СХМ/2024/0120 дугаар магадлалаар, цалингийн хэмжээг гурван сар 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл оногдуулсныг “нээлттэй сануулах” сахилгын шийтгэл болгон өөрчлөх нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзэв.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.8.2, 113.12 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Т.Болормаагийн гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, Сахилгын хорооны хуралдааны 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн СХМ/2024/0120 дугаар “Сахилгын шийтгэл оногдуулах тухай” магадлалын 1 дэх заалтын “... цалингийн хэмжээг гурван сар 20 хувиар бууруулах ...” гэснийг “нээлттэй сануулах” гэж өөрчилж, магадлалын бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2.Хяналтын тогтоолыг сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл, мэдээлэл гаргагчид хүргүүлэхийг Ажлын албанд даалгасугай.

3.Сахилгын хорооны хянан үзэх хуралдааны хяналтын тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхэд сахилгын хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай. 

                        ДАРГАЛАГЧ                                    Ц.ДАВХАРБАЯР

                        ГИШҮҮД                                           О.НОМУУЛИН

                                                                         Б.СУГАР