
МОНГОЛ УЛС
ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО
ХЯНАЛТЫН ТОГТООЛ
2025-02-13
Дугаар 5
Улаанбаатар хот

Сахилгын шийтгэл оногдуулсан магадлалын тухай
Шүүхийн сахилгын хорооны хянан үзэх хуралдааныг гишүүн С.Энхтөр даргалж, гишүүн О.Номуулин, Д.Эрдэнэчулуун нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Д.Мягмарцэрэн, нарийн бичгийн даргаар хуралдаан хариуцсан ахлах мэргэжилтэн А.Намуундарь, цахимаар холбогдох шүүгч Б.Гончигсумлаа нарыг оролцуулан тус хорооны хуралдааны танхимд нээлттэй хийв.
Шүүхийн сахилгын хорооны 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн СХМ/2024/0129 дугаар магадлалыг шүүгч Б.Гончигсумлаа эс зөвшөөрч гомдол гаргасныг хянан хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:
Иргэн Ш.Д-ийн өргөдлөөр Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Гончигсумлаад холбогдуулан 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн ГЗҮ/2023/0131 дүгээр гишүүний захирамжаар сахилгын хэрэг үүсгэж, илтгэгч гишүүний 2024 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн ГНД/2024/0008 дугаартай Сахилгын зөрчлийг нотлох дүгнэлт гарчээ.
Үндсэн хуулийн цэцэд Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.1, 50.1.23 дахь заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөчсөн эсэх асуудлаар өргөдөл мэдээлэл ирүүлснийг Үндсэн хуулийн цэцийн гишүүн хүлээн авч, 2023 оны 67 дугаар тогтоолоор маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэсэнтэй холбогдуулан 2024 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн ГЗБ/2024/0158 дугаар гишүүний захирамжаар сахилгын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлж, Үндсэн хуулийн цэцийн 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн хуралдааны 23 дугаар магадлалаар маргааныг хянан шийдвэрлэх ажиллагааг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн ГБЗ/2024/0674 дүгээр гишүүний захирамжаар сахилгын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээсэн байна.
Шүүхийн сахилгын хорооны 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн СХМ/2024/0129 дүгээр магадлалаар дээрх нотлох дүгнэлтийг хэлэлцээд, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23, 57 дугаар зүйлийн 57.1.7-д заасныг баримтлан Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Гончигсумлаад “нээлттэй сануулах” сахилгын шийтгэл оногдуулжээ.
Холбогдох шүүгч Б.Гончигсумлаа магадлалыг эс зөвшөөрч гаргасан гомдолдоо: “...Тус иргэний хэрэг нь тус шүүхийн Шүүгчдийн зөвлөгөөний 2023 оны 5 дугаар сарын 11-ны өдрийн 183/ЗТ2023/01158 дугаартай тогтоолоор шүүгч Б.Гончигсумлаа надад хуваарилахаар шийдвэрлэгдсэн байна. Тус шүүхийн зөвлөгөөний тогтоол гарснаас хойш тус иргэний хэргийг программаар хуваарилах, хавтаст хэргийг бэлтгэн шүүгчид хуваарилах хүртэл тодорхой хугацаа ордог билээ. Учир нь Д.М шүүгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд 214 хэрэг, 2 хүсэлт, 15 нэхэмжлэлтэй байсан ба шүүгч,шүүгчийн туслах, нарийн бичиг нар хэрэг бүрд хийгдсэн ажиллагааг дуусгах, баримт бичгийг албажуулан гаргахад тодорхой хугацаа шаардагддаг. Хэргүүдийг шүүгч нарт программаар хуваарилах, хэргийн хавтсыг хуваарилан өгөх хүртэл нэлээдгүй хугацаа ордог. Энэ шалтгааны улмаас Ш.Д-ийн нэхэмжлэлтэй Ц.М-т холбогдох иргэний хэрэг нь багагүй хугацааны дараа миний гар дээр ирсэн юм. Мөн шүүгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг бүхэлд нь удирдан явуулах үүрэгтэй хэдий ч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгчид тухай бүр танилцуулах, захирамжийн төслийг бэлтгэх зэрэг ажлыг шүүгчийн туслах гүйцэтгэдэг бөгөөд энэ үүргээ хангалттай биелүүлээгүйгээс шалтгаалан дээрх Ш.Д-ийн гаргасан хүсэлтийг шийдвэрлээгүй нөхцөл байдал үүссэн гэж үзэх талтай. Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх нь маш өндөр ачаалалтай ажиллаж байна. Иргэний шүүхийн хэрэглэдэг Иргэн-2014 программ болон тус шүүхийн сар бүр, жилийн тайланд зааснаар миний бие 2023 онд нийт 665 хэрэг маргаан хянан шийдвэрлэжээ. Эрхийн актын хувьд 437 шийдвэр, 2552 захирамж, 22 тогтоол, 907 ерөнхий шүүгчийн захирамж, 107 гүйцэтгэх хуудас бичиж, 740 шүүх хуралдаан товлож хэлэлцүүлэг хийсэн байна. Шүүгчийн гар дээр 250-300 хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нэгэн зэрэг хийгдэж байна. Шүүхийн ерөнхий зөвлөлөөс “Шүүгчийн ажлын ачаалал тооцох шалгуур үзүүлэлт, шүүгчид нэмэгдэл урамшуулал олгох журам”-ын дагуу шүүгчийн ажлын ачааллыг 2023 онд хагас жилээр тооцон гаргасан байдаг. Миний бие анхан шатны шүүхийн шүүгчийн зохист ачаалал эхний хагас жилд 210 хувь, хоёр дахь хагас жилд 234 хувиар хэтэрсэн гэж дүгнэгдсэн билээ. Ажлын ачаалал өндөр байх нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа удаашрах нэг чухал нөхцөл болоод байна. Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд үндсэн болон сэлгэснээр 10 шүүгч ажиллахаар байсан боловч шүүгч Ц.О нь 2023 оны 01 дүгээр сарын 1-ний өдрөөс 5 дугаар сарыг 01-ний өдөр хүртэл өвчтэй байсан, шүүгч Г.С нь 2 сар гаруй хугацааны чөлөө авсан байсан зэрэг бусад шалтгаанаар 7-9 хүний бүрэлдэхүүнтэй ажилласан болно. Б.Гончигсумлаа миний бие 2023 оны 8 дугаар сарын 15-ны өдрөөс 9 дүгээр сарын 9-ний өдөр хүртэл ээлжийн амралттай байсан. Тус шүүхийн хэргийн тоо өндөр тул шүүгч нар ээлжийн амралттай байх хугацаандаа өөрийн хэргийг бусад шүүгч рүү шилжүүлдэггүй. Мөн Ш.Д-ийн гаргасан хүсэлтийг тус хуульд заасны дагуу шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 183/2024/00120 дугаартай захирамжаар шийдвэрлэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хэвийн явагдаж байна. Тус захирамжаар шинжээч томилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа түдгэлзсэн бөгөөд шинжээчийн дүгнэлт үйлдэгдэж шүүхэд ирэхийг хүлээж байна. Шүүгчийн зүгээс ажлын ачаалал өндөр байгаа хэдий ч энэ нь хэргийн оролцогчийг хүлээлгэх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг удаах, хуульд заасан эрхийг нь хөндөх үндэслэл биш болохыг шүүгчийн хувьд ухамсарлан, ажлын ачаалал өндөр гэж хандахгүйгээр тус хэрэгт болон бусад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түргэн шуурхай явуулахыг зорьж хичээн ажиллаж байна. Харин Шүүхийн сахилгын хороо 2024 оны 12 дугаар сарын 24-ны өдрийн магадлалаараа намайг Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-д заасан зөрчлийг гаргасан гэж дүгнэж, сахилгын шийтгэл ногдуулсан нь үндэслэлгүй юм. Нотлох баримт гаруулах тухай хүсэлтийг гаргахад хүлээн аваагүй бөгөөд өөрийн минь гол үндэслэл болсон шүүхийн ачааллын талаар бүрэн бодит мэдээлэл, судалгааг зохих тамгын газраас гаргуулаагүй юм. Иймд дээр дурдсан үндэслэлээр Шүүхийн сахилгын хороо 2024 оны 12 дугаар сарын 24-ны өдрийн 0129 дугаартай магадлалыг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Сахилгын хэрэгт цугласан баримтаас үзвэл, Ш.Д-оос Ц.М-т холбогдуулан гэм хорын хохирол 23,616,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасныг шүүгч Д.М хүлээн авч, 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 183/ШЗ2022/17049 дугаар захирамжаар иргэний хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулжээ.
2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 183/ШЗ2023/02119 дугаар шүүгчийн захирамжаар хэргийг 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 13 цаг 30 минутад шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр товлож, тус өдрийн шүүх хуралдааныг шүүгч Д.М даргалж, шүүгч Б.Гончигсумлаа, Б.М нарын бүрэлдэхүүнтэй хянан хэлэлцэж, 183/ШТ2023/00115 дугаар тогтоолоор нэхэмжлэгчийн гаргасан шинжээч томилуулах хүсэлтийг хангаж, шинжээчээр “Б” ХХК-ийг томилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлжээ. Гэвч “Б” ХХК-аас 2023 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 13/23 дугаар албан бичгээр шинжилгээ хийх боломжгүй талаар хариу ирүүлсэн байна.
Тус хэрэгт ажиллагаа явуулж байсан шүүгч Д.М нь албан тушаалаасаа чөлөөлөгдсөн тул 2023 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 183/ЗТ2023/01158 дугаар шүүгчдийн зөвлөгөөний тогтоолоор дээрх хэргийг шүүгч Б.Гончигсумлаад хуваарилж, 2023 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 183/ЕШЗ2023/04357 дугаар ерөнхий шүүгчийн захирамжаар иргэний хэргийг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх хуралдаан даргалагчаар түүнийг томилсон шийдвэрийг албажуулжээ.
Нэхэмжлэгч Ш.Д 2023 оны 5 дугаар сарын 05-ны өдөр Д.Д-г хамтран нэхэмжлэгчээр татах, автомашинд үүссэн эвдрэл, гэмтлийн үнэлгээг дахин хийлгэх, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Б 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр тээврийн хэрэгсэлд ослын улмаас үүссэн эвдрэл, гэмтлийн үнэлгээг эрх бүхий байгууллагаар хийлгэх хүсэлтийг тус тус гаргасан байна.
Шүүгч Б.Гончигсумлаа нь тус хэргийг хүлээн авснаас хойш 6 сарын дараа буюу 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 183/ШЗ2024/00111 дүгээр захирамжаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээж, мөн өдрийн 183/ШЗ2024/00120 дугаар захирамжаар дээрх хүсэлтийг хангаж, Д.Д-г хамтран нэхэмжлэгчээр татаж, шинжээчээр “А Б” ХХК-ийг томилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт “Хэрэг хянан шийдвэрлэхэд шинжлэх ухаан, тооцоо, тоо бүртгэл, урлаг, утга зохиол, техникийн зэрэг тусгай мэдлэг шаардагдах асуудлыг тодруулахын тулд хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүхийн санаачилгаар шүүгч захирамж гарган шинжээчийг томилно.” гэж, 80 дугаар зүйлийн 80.3 дахь хэсэгт “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн шалтгаан арилмагц хэргийн оролцогчийн хүсэлт буюу өөрийн санаачилгаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээн явуулах тухай шүүгч захирамж гаргах ба энэ өдрөөс эхлэн хэрэг хянан шийдвэрлэх хугацааг үргэлжлүүлэн тоолно” гэж, 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт “Хуулиар өөр хугацаа тогтоогоогүй бол хэрэг үүсгэсэн өдрөөс хойш 60 хоног, давж заалдах болон хяналтын шатны шүүхээс хэргийг дахин хэлэлцүүлэхээр ирүүлсэн бол шүүгч хэргийг хүлээж авснаас хойш 30 хоногийн дотор тус тус шийдвэрлэнэ.” гэж тус тус заасан.
Шүүгч Б.Гончигсумлаад хэрэг хуваарилагдах үед шинжээчээр томилогдсон байгууллагаас шинжилгээ хийх боломжгүй талаар мэдэгдсэн албан бичиг хэрэгт авагдсан байхад хуульд заасны дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээж, дахин шинжээч томилох эсэх асуудлыг шийдвэрлээгүй байна. Харин хэргийн оролцогчоос Шүүхийн сахилгын хороонд ирүүлсэн өргөдлийн дагуу 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн ГЗҮ/2023/0131 дүгээр гишүүний захирамжаар сахилгын хэрэг үүсгэж, мөн өдрөө шүүгчид өргөдөл, сахилгын хэрэг үүсгэсэн захирамжийг гардуулснаас 2 хоногийн дараа шүүгч уг хэрэгт дээр дурдсан ажиллагааг явуулжээ.
Дээрх хугацаанд шүүгчийн эдэлсэн ээлжийн амралтын хугацааг хасаж тооцвол 146 хоногийн хугацаанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаагүй гэж үзэхээр байх ба энэ талаар хэргийн оролцогч Шүүхийн сахилгын хороонд өргөдөл гаргасны дагуу сахилгын хэрэг үүсгэсний дараа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээж, хэргийн оролцогчийн гаргасан хүсэлтийг шийдвэрлэж буй үйлдэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 80 дугаар зүйлийн 80.3, 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт заасан хуулийн илт тодорхой заалтыг ноцтой зөрчсөнд тооцогдоно. Энэ талаар дүгнэсэн сахилгын хорооны магадлал үндэслэл бүхий болжээ.
Холбогдох шүүгч гомдолдоо ажлын өндөр ачаалалтай байсан талаар дурдаж, шүүхийн ачааллын талаар бүрэн бодит мэдээлэл судалгааг гаргуулаагүй гэжээ.
Шалгах ажиллагааны явцад, илтгэгч гишүүний 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн ГЗБ/2024/0036 дугаар захирамжаар шүүгч Б.Гончигсумлаа нь 2023 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэлх хугацаанд өвчтэй, чөлөөтэй байсан эсэх, шүүгчийн хүлээн авсан нэхэмжлэл, гаргасан эрхийн акт болон шүүх хуралдаанд даргалагч, бүрэлдэхүүнд оролцсон тоон лавлагаа, 2023 оны ээлжийн амралтын хуваарийг тухайн шүүхийн Тамгын газарт ирүүлэхийг даалгаж, уг захирамжийн дагуу Тамгын газрын 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 106 дугаар албан бичгээр захирамжид заасан тоон мэдээлэл, холбогдох баримтуудыг ирүүлсэн байна.
Сахилгын хэрэгт гишүүний захирамжаар холбогдох шүүгч тухайн иргэний хэргийг хүлээн авсан үеэс эхлэн шалгах ажиллагаа явуулж буй өдрийг хүртэлх хугацааны шүүгчийн ачааллын талаарх судалгааг тухайн шүүхийн Тамгын газраас гаргуулж, Сахилгын хорооны хуралдаанаас шүүгчид сахилгын шийтгэл оногдуулахдаа шүүгчийн ачаалал ихтэй байсан нөхцөл байдлыг харгалзан үзсэн талаар дурджээ.
2024 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн сахилгын хорооны хуралдаанд холбогдох шүүгчийн “...Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 сараас 2023 оны 12 сар хүртэлх хүртэлх хүлээн авсан нэхэмжлэл, шийдвэрлэсэн хэргийн тоо, нэг шүүгчид ногдох дундаж тоон үзүүлэлт, тухайн хугацаанд ажилласан шүүгчдийн тоо зэргийг” нотлох баримтаар гаргуулахыг хүссэн хүсэлт гаргасныг СХТ/2024/0117 дугаар тогтоолоор хангахгүй орхиж шийдвэрлэснийг буруутгахгүй.
Учир нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3 дахь хэсэгт зааснаар холбогдох шүүгч хариу тайлбарын үндэслэлийн талаар нотлох баримтаа гаргаж өгөх ба гаргаж өгөх боломжгүй, эсхүл мэдэгдээгүй нотлох баримтын эх сурвалжийг заах үүрэг хүлээдэг. Шүүгч Б.Гончигсумлаа нь дээрх хүсэлтээ сахилгын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад илтгэгч гишүүнд гаргаж, нотлох дүгнэлт гарахаас өмнө шийдвэрлүүлэх эрх нь нээлттэй байсан байна.
Нөгөө талаас, шүүгч тухайн хугацаанд ачаалалтай ажиллаж байсан нь Ш.Д-ийн нэхэмжлэлтэй Ц.М-т холбогдох иргэний хэргийг сэргээхгүй байх, хуульд заасан хугацаанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахгүй байх үндэслэл болохгүй юм.
Мөн холбогдох шүүгч хянан үзэх хуралдаанд гаргасан тайлбартаа шүүгчийн туслах хүсэлт, албан бичиг ирсэн талаар мэдэгдээгүй гэж тайлбарлажээ.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 89 дүгээр зүйлийн 89.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн туслах шүүгчийн удирдлага дор хуульд заасан чиг үүргийг хэрэгжүүлэх бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгч удирдан явуулна. Иймд шүүгч хэрэгт авагдсан хүсэлт, албан бичигтэй цаг тухайд танилцалгүй шүүн таслах үүргээ хэрэгжүүлээгүй явдалд шүүгчийн туслахыг буруутгах боломжгүй.
Шүүхийн сахилгын хорооны хуралдааны товыг өргөдөл гаргагчид мэдэгдэхээр өргөдөлд бичсэн дугаар луу холбогдоход “ашиглалтад байхгүй” байсан ба хаягаар мэдэгдэхэд “хаягт ийм хүн байхгүй” гэсэн Монгол шуудангийн буцаалт ирсэн болно. Илтгэгч гишүүн хянан үзэх хуралдаанд өргөдөл гаргагч нас барсан талаар тайлбарласан болохыг дурдав.
Илтгэгч гишүүн хуульд заасан журмын дагуу шалгах ажиллагааг явуулж, сахилгын хорооны магадлалаар цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор, тухайн сахилгын хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв талаас нь үнэлж, шүүгч Б.Гончигсумлааг Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т заасан зөрчлийг гаргасан гэж дүгнэж, мөн хуулийн 57 дугаар зүйлийн 57.1.7-д зааснаар нээлттэй сануулах шийтгэл оногдуулсан нь зөрчлийн шинж чанар, хэр хэмжээ, зөрчлийн хүнд, хөнгөн, үр дагаварт тохирсон гэж бүрэлдэхүүн үзлээ.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.8.1, 113.13-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Гончигсумлаагийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, Шүүхийн сахилгын хорооны 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн СХМ/2024/0129 дугаар магадлалыг хэвээр үлдээсүгэй.
2.Хяналтын тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гардан авснаас хойш 14 хоногийн дотор Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1-д заасан үндэслэлээр хүчингүй болгуулах тухай гомдлыг сахилгын хэргийн оролцогч, илтгэгч гишүүн эсэргүүцлийг Улсын Дээд шүүхэд гаргаж болохыг дурдсугай.
3.Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6-т зааснаар хяналтын тогтоолыг гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл, мэдээлэл гаргагчийн оршин суугаа газрын эсхүл ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл ажлын албаны ажилтнаар хүргүүлэхийг Ажлын албанд даалгасугай.
ДАРГАЛАГЧ С.ЭНХТӨР
ГИШҮҮН О.НОМУУЛИН
Д.ЭРДЭНЭЧУЛУУН