
МОНГОЛ УЛС
ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО
МАГАДЛАЛ
2024-12-24
Дугаар 129
Улаанбаатар хот

Нотлох дүгнэлтийн зарим хэсгийг хүлээн авч,
шүүгчид сахилгын шийтгэл оногдуулах тухай
Шүүхийн сахилгын хорооны хуралдааныг гишүүн Г.Цагаанцоож даргалж, гишүүн Д.Ариунтуяа, Ц.Давхарбаяр нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Д.Мягмарцэрэн, нарийн бичгийн дарга А.Намуундарь нарыг оролцуулан тус хорооны танхимд хийсэн хуралдаанаар:
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гончигсумлаа /одоо Дорноговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч/-д холбогдох сахилгын зөрчил гаргасныг нотлох дүгнэлтийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Ш.Д өргөдөлдөө: “...миний бие 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдөр ... аймгийн ...сумын нутаг дэвсгэр “Г” гэх газрын ойролцоо зам тээврийн осолд өртөж, тухайн асуудлыг ...аймгийн Цагдаагийн газраас шалгаж нөгөө талын 100 хувийн буруутай үйлдлийн улмаас осол гарсныг тогтоосон. Улмаар тухайн ослын улмаас учирсан эмчилгээний зардал болон автомашины хохирлыг төлүүлэхээр хариуцагчийн оршин суух гэрийн хаягийн дагуу ...дүүргийн иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл 2022 оны 10 дугаар сард /сарыг андуурсан байж болзошгүй/ нэхэмжлэл гаргасан боловч анх хуваарилагдсан шүүгч нь солигдож дараагийн шүүгч болох Гончигсумлаад иргэний хэрэг шилжиж очсоноос хойш 10 сар орчмын хугацаа өнгөрч байна. Иргэний хэргийн маргаантай учир зам тээврийн осолд өртсөн автомашин жил гаруй хугацаанд ...дүүрэг дэх журмын хашаанд өнөөдрийг хүртэл байна. Иргэн миний гомдол, хохирлыг зам тээврийн осол өртсөнөөс хойш 1 жил 3 сарын хугацаанд шийдвэрлэхгүй Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.26 дахь заалтыг зөрчиж байгаа Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн шүүхийн шүүгч Б.Гончигсумлаагийн энэ үйлдлийг шалгаж өгнө үү” гэжээ.
Шүүгч Б.Гончигсумлаа тайлбартаа: “...Ш.Д нь Ц.М-т холбогдуулан гэм хорын хохирол 23,616,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан бөгөөд 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 17049 дугаартай захирамжаар иргэний хэрэг үүсгэжээ. Тус иргэний хэрэг нь тус шүүхийн Шүүгчдийн зөвлөгөөний 2023 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 1../3T2023/0...8 дугаартай тогтоолоор шүүгч Б.Гончигсумлаа надад хуваарилахаар шийдвэрлэгдсэн байна. Тус шүүхийн зөвлөгөөний тогтоол гарснаас хойш тус иргэний хэргийг программаар хуваарилах, хавтаст хэргийг бэлтгэн шүүгчид хуваарилах хүртэл тодорхой хугацаа ордог билээ. Учир нь шүүгч Д.М нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд 214 хэрэг, 2 хүсэлт, 15 нэхэмжлэлтэй байсан ба шүүгч, шүүгчийн туслах, нарийн бичиг нар хэрэг бүрд хийгдсэн ажиллагааг дуусгах, баримт бичгийг албажуулан гаргахад тодорхой хугацаа шаардагддаг. Хэргүүдийг шүүгч нарт программаар хуваарилах, хэргийн хавтсыг хуваарилан өгөх хүртэл нэлээдгүй хугацаа ордог. Энэ шалтгааны улмаас Ш.Д-ийн нэхэмжлэлтэй Ц.М-т холбогдох иргэний хэрэг нь багагүй хугацааны дараа миний гар дээр ирсэн юм. Мөн шүүгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг бүхэлд нь удирдан явуулах үүрэгтэй хэдий ч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгчид тухай бүр танилцуулах, захирамжийн төслийг бэлтгэх зэрэг ажлыг шүүгчийн туслах гүйцэтгэдэг бөгөөд энэ үүргээ хангалттай биелүүлээгүйгээс шалтгаалан дээрх Ш.Д-ийн гаргасан хүсэлтийг шийдвэрлээгүй нөхцөл байдал үүссэн гэж үзэх талтай. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх нь маш өндөр ачаалалтай ажиллаж байна.
Иргэний шүүхийн хэрэглэдэг Иргэн-2014 программ болон тус шүүхийн сар бүр, жилийн тайланд зааснаар миний бие 2023 онд нийт 665 хэрэг маргаан хянан шийдвэрлэжээ. Эрхийн актын хувьд 437 шийдвэр, 2552 захирамж, 22 тогтоол, 907 ерөнхий шүүгчийн захирамж, 107 гүйцэтгэх хуудас бичиж, 740 шүүх хуралдаан товлож хэлэлцүүлэг хийсэн байна. Шүүгчийн гар дээр 250-300 хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нэгэн зэрэг хийгдэж байна. Шүүхийн ерөнхий зөвлөлөөс "Шүүгчийн ажлын ачаалал тооцох шалгуур үзүүлэлт, шүүгчид нэмэгдэл урамшуулал олгох журам"-ын дагуу шүүгчийн ажлын ачааллыг 2023 онд хагас жилээр тооцон гаргасан байдаг.
Миний бие анхан шатны шүүхийн шүүгчийн зохист ачаалал эхний хагас жилд 210%, хоёр дахь хагас жилд 234%-аар хэтэрсэн гэж дүгнэгдсэн билээ. Ажлын ачаалал өндөр байх нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа удаашрах нэг чухал нөхцөл болоод байна. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд үндсэн болон сэлгэнээр 10 шүүгч ажиллахаар байсан боловч шүүгч Ц.О нь 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 5 дугаар сарыг 1-ний өдөр хүртэл өвчтэй байсан, шүүгч Г.С нь 2 сар гаруй хугацааны чөлөө авсан байсан зэрэг бусад шалтгаанаар 7-9 хүний бүрэлдэхүүнтэй ажилласан болно.
Б.Гончигсумлаа миний бие 2023 оны 8 дугаар сарын 15-ны өдрөөс 9 дүгээр сарын 9-ний өдөр хүртэл ээлжийн амралттай байсан. Тус шүүхийн хэргийн тоо өндөр тул шүүгч нар ээлжийн амралттай байх хугацаандаа өөрийн хэргийг бусад шүүгч рүү шилжүүлдэггүй. Мөн Б.Д-ийн гаргасан хүсэлтийг тус хуульд заасны дагуу шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 1../2024/0...0 дугаартай захирамжаар шийдвэрлэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хэвийн явагдаж байна. Тус захирамжаар шинжээч томилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа түдгэлзсэн бөгөөд шинжээчийн дүгнэлт үйлдэгдэж шүүхэд ирэхийг хүлээж байна. Шүүгчийн зүгээс ажлын ачаалал өндөр байгаа хэдий ч энэ нь хэргийн оролцогчийг хүлээлгэх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг удаах, хуульд заасан эрхийг нь хөндөх үндэслэл биш болохыг шүүгчийн хувьд ухамсарлан, ажлын ачаалал өндөр гэж хандахгүйгээр тус хэрэгт болон бусад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түргэн шуурхай явуулахыг зорьж хичээн ажиллаж байна.
Иймд дээр дурдсан үндэслэлээр Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.26-д заасан нөхцөл тогтоогдохгүй, тодорхойгүй, хамаарахгүй байх тул Б.Гончигсумлаа надад холбогдуулан үүсгэсэн сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Сахилгын зөрчил гаргасныг нотлох дүгнэлтэд: “...хэрэг шүүгч Б.Гончигсумлаад 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдөр хэрэг шилжиж очсоноос 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 1../ШЗ2024/0...1 дүгээр захирамж гаргах хүртэл шүүгч нь хэрэг хянан шийдвэрлэхтэй холбоотой ямар ажиллагаа явуулсан нь тодорхой бус, энэ талаар хэрэгт баримт байхгүй байна. Шүүгч тайлбартаа “...шүүгчид тухай бүр танилцуулах, захирамжийн төслийг бэлтгэх зэрэг ажлын шүүгчийн туслах гүйцэтгэдэг бөгөөд энэ үүргээ хангалттай биелүүлээгүйгээс шалтгаалан дээрх Ш.Д-ийн гаргасан хүсэлтийг шийдвэрлээгүй нөхцөл байдал үүссэн гэж үзэх талтай” гэжээ. Гэтэл гэрч Ж.Т-ын “...Д.М шүүгчээс хэрэг шилжсэнээс хойш бүх шинэ хэргүүдийг шүүгчийн өрөөнд оруулж танилцуулсан” гэх мэдүүлгээс үзэхэд шүүгч Б.Гончигсумлаа нь хэрэг хянан шийдвэрлэх бүх ажиллагааг хуульд нийцүүлэн хэрэгжүүлж, биелэлтэд хяналт тавих үүргээ биелүүлээгүй байна, ... 2023 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэлх хугацаанд шүүгч нь 646 нэхэмжлэл хүлээн авч, 1877 шүүгчийн захирамж, 16 шүүхийн тогтоол, 320 шийдвэр гаргасан, 660 шүүх хуралдаан даргалж, бүрэлдэхүүнд оролцсон, 2023 оны 8 дугаар сарын 15-ны өдрөөс 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийг дуустал ээлжийн амралттай байжээ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 41 дүгээр тогтоолоор баталсан “Хэргийн хөдөлгөөний нэгдсэн систем ашиглах журам”-ын 2.1.1-т “хэрэглэгч” гэж Нэгдсэн системийг ашиглах шүүгч, шүүхийн захиргааны ажилтныг”, 6.4-т “Хэрэглэгч Нэгдсэн системд тодорхой хэрэг, маргааны тухай мэдээллийг тухай бүр үнэн зөв бүртгэж, ажиллагааг бүрэн гүйцэд хийх үүрэгтэй”, 6.7-т “Хэрэглэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Нэгдсэн системд бүрэн, зөв бүртгэх, холбогдох эрх зүйн акт /нууцад хамаарахаас бусад/-ыг хуулийн хугацаанд бүрэн эхээр нь оруулж баталгаажуулна” гэж тус тус заасан.
Шүүгч Б.Гончигсумлаа өөрийн ажиллагаанд байгаа иргэний хэргүүдийг хянан шийдвэрлэхдээ ажлын ачааллын улмаас хуульд заасан хугацааг хэтрүүлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байгаа эсэхийг шалгахаар түүний “Иргэн-2014” нэгдсэн системд үзлэг хийсэн. ...шүүгч Б.Гончигсумлаа нь өөрийн ажиллагаанд байгаа хэргүүд болон шүүгч Д.М-аас шилжиж ирсэн хэргүүдийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хэвийн явагдаж, хуулийн хугацаанд хэргийг шийдвэрлэсэн байна. Үүнээс үзэхэд Ш.Д-ийн нэхэмжлэлтэй Ц.М-т холбогдох иргэний хэрэгт ажиллагаа явуулах боломжгүй хүндэтгэн үзэх шалтгаан, нөхцөл баримтаар тогтоогдохгүй байх тул шүүгчийн “...ажлын ачаалал өндөр” гэх тайлбар үндэслэлгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.3.-т “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн шалтгаан арилмагц хэргийн оролцогчийн хүсэлт буюу өөрийн санаачилгаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээх тухай шүүгч захирамж гаргаж, энэ өдрөөс эхлэн хэрэг хянан шийдвэрлэх хугацааг үргэлжлүүлэн тоолно” гэж заасан. “Б” ХХК-с 2023 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 13/23 дугаар албан бичгээр авто тээврийн үнэлгээ хийх боломжгүй талаар хариу ирүүлсэн нь шүүгчийн захирамжид заасан ажиллагааг биелүүлэх боломжгүй нөхцөл байдал үүссэн байх бөгөөд шүүгч Б.Гончигсумлаа нь дээрх иргэний хэргийг хүлээн авснаас хойш хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээхгүй байгаа нь хэргийг үндэслэлгүйгээр түдгэлзүүлсэн гэж үзнэ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн шүүгчийн захирамжийн заалт биелэгдэх боломжгүй нөхцөл байдалтай холбогдуулан нэхэмжлэгчээс 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдөр болон 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр дахин шинжээч томилуулах хүсэлтийг гаргасаар байтал хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээх ямар нэг ажиллагааг хийхгүй, хэргийг түдгэлзүүлсэн хэвээр дарагдуулж, хугацаа алдаж байгааг зөрчилд тооцох үндэслэл болно. Шүүгч Б.Гончигсумлаа нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавих үүргээ биелүүлээгүй, хэрэгт ямар ажиллагаа явуулсан нь тодорхой бус, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа удаан хугацаагаар зогсоож, нэхэмжлэгчийн шударга шүүхээр хэргээ шийдвэрлүүлэх эрхийг ноцтойгоор зөрчсөн үйлдэл нь хариуцагч талд давуу байдал бий болгосон тул Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.1-д “албан тушаалын байдал, эрх нөлөөгөө урвуулан ашиглаж өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгох”, 50.1.23-т “хуулийн илт тодорхой заалтыг ноцтой зөрчсөн...” зөрчил гаргасан гэж үзэж, нотлох дүгнэлт үйлдэв гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нотлох дүгнэлтийн зарим хэсгийг хүлээн авах үндэслэлтэй гэж бүрэлдэхүүн үзэв. Үүнд
1.1.Ш.Д нь Ц.М-т холбогдуулан гэм хорын хохиролд 23,616,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан, шүүгч Д.М нэхэмжлэлд 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулжээ.
Тус шүүхийн шүүгчдийн 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн зөвлөгөөнөөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацааг 30 хоногоор сунгасан, шүүгчийн 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 02119 дугаар захирамжаар хэргийг 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 13 цаг 30 минутад шүүх хуралдаанаар хянан хэлэлцүүлэхээр тогтоожээ.
Шүүхийн 115 дугаар тогтоолоор нэхэмжлэгчийн “шинжээч томилуулах” тухай хүсэлтийг хангаж, тээврийн хэрэгслийн эвдрэл, гэмтлийн үнэлгээг тогтоолгохоор шинжээчээр “Б” ХХК-г томилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн боловч тус компани шинжилгээ хийхээс татгалзсан хариуг 2023 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 13/23 дугаар албан бичгээр шүүхэд ирүүлсэн байна.
Тус шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2023 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 00770 дугаар тогтоолоор шүүгч Д.М-д 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн 2023 оны 5 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд чөлөө олгож, түүний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд байгаа болон түдгэлзүүлсэн нийт 242 хэргийг тус шүүхийн шүүгчдэд хуваарилсан, шүүгч 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдрөөс ажилдаа эргэн орох болсон тул өмнө хуваарилсан 242 хэргээс шийдвэрлээгүй үлдсэн хэргүүдийг буцаан шилжүүлж шийдвэрлэжээ.
Гэвч шүүгч Д.М албан тушаалаасаа чөлөөлөгдсөн тул тус шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2023 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 0...8 дугаартай тогтоолоор түүний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд байгаа болон түдгэлзүүлсэн хэргүүдийг тус шүүхийн шүүгчдэд сугалааны дарааллаар тойргоор хуваарилахаар тогтоосны дагуу дээрх иргэний хэрэг шүүгч Б.Гончигсумлаад хуваарилагдсан, Ерөнхий шүүгчийн 2023 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 0...7 дугаар захирамжаар хэргийг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх хуралдаан даргалагчаар түүнийг томилсон шийдвэрийг албажуулсан байна.
1.2. Нэхэмжлэгч Ш.Д 2023 оны 5 дугаар сарын 05-ны өдөр Д.Д-г хамтран нэхэмжлэгчээр татах, автомашинд үүссэн эвдрэл, гэмтлийн үнэлгээг дахин хийлгэх, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Б 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр тээврийн хэрэгсэлд ослын улмаас үүссэн эвдрэл, гэмтлийн үнэлгээг эрх бүхий байгууллагаар хийлгэх хүсэлтийг тус тус гаргажээ.
Шүүгч Б.Гончигсумлаа 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 00111 дүгээр захирамжаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээж, мөн өдрийн 00120 дугаар захирамжаар дээрх хүсэлтийг хангаж, Д.Д-г хамтран нэхэмжлэгчээр татан оролцуулж, шинжээчээр “А” ХХК-ийг томилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн байна.
1.3. Шүүгч Б.Гончигсумлаа нь 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд сэлгэнээр ажиллаж байсан. Тэрээр 2023 оны 8 дугаар сарын 15-ны өдрөөс 9 дүгээр сарын 11-ний өдрийг дуустал хугацаанд ээлжийн амралт эдэлсэн ба 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэлх хугацаанд 646 нэхэмжлэл хүлээн авч, 1877 захирамж, 16 шүүхийн тогтоол, 320 шийдвэр гаргасан, 660 шүүх хуралдаан даргалж, бүрэлдэхүүнд оролцжээ.
1.4 Шүүгч Б.Гончигсумлаад 2023 оны 6 дугаар сарын 23-ны өдөр тус иргэний хэрэг шилжиж ирснээс хойш 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 0...1 дүгээр захирамж гаргах хүртэлх хугацаанд тус иргэний хэргийг хянан шийдвэрлэхтэй холбоотой ямар нэгэн ажиллагаа явуулаагүй болох нь сахилгын хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.
2. Сахилгын зөрчил гаргасан эсэх тухайд:
2.1. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт зааснаар шүүгч энэхүү хуульд заасан хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон зохицуулалтыг зөрчсөн тохиолдолд Шүүхийн сахилгын хороо сахилгын шийтгэл оногдуулна.
Нотлох дүгнэлтэд шүүгч Б.Гончигсумлааг Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.1-д заасан “албан тушаалын байдал, эрх нөлөөгөө урвуулан ашиглаж өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгох”, 50.1.23-т заасан “хуулийн илт тодорхой заалтыг ноцтой, ….” зөрчсөн зөрчил гаргасан гэжээ.
2.2. Дээр дурдсанаас үзвэл, шүүгч Д.М-ын хянан шийдвэрлэж байсан Ш.Д-ийн нэхэмжлэлтэй Ц.М-т холбогдох иргэний хэрэг шүүгчдийн зөвлөгөөний шийдвэрээр шүүгч Б.Гончигсумлаад хуваарилагдсаныг Ерөнхий шүүгчийн 2023 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн захирамжаар албажуулсан, шүүгч энэ өдрөөс эхлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах бөгөөд энэ үед шинжээчээр томилогдсон “Б” ХХК-ийн шинжилгээ хийхээс татгалзсан албан бичиг шүүхэд ирсэн, мөн нэхэмжлэгч шинжээч томилуулах хүсэлтээ дахин гаргасан нь хэрэгт авагдсан байна.
Харин мөн хуулийн 80 дугаар зүйлийн 80.3.-т “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн шалтгаан арилмагц хэргийн оролцогчийн хүсэлт буюу өөрийн санаачилгаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээн явуулах тухай шүүгч захирамж гаргах ба энэ өдрөөс эхлэн хэрэг хянан шийдвэрлэх хугацааг үргэлжлүүлэн тоолно” гэж зохицуулсан.
Ш.Д-ийн нэхэмжлэлтэй хэрэг шүүгч Б.Гончигсумлаад хуваарилагдсан үед шинжээч шинжилгээ хийхээс татгалзсан байсан тул шүүгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээж, тухайн асуудлыг тодруулбал шинжээч томилох эсэхийг шийдвэрлэх байсан.
Гэвч холбогдох шүүгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээх, хэргийн оролцогчийн шинжээч томилох хүсэлтийг 146 хоногийн хугацаанд шийдвэрлээгүй /ээлжийн амралтын хугацааг хасаж/ байх тул хуулийн илт тодорхой заалтыг ноцтой зөрчсөн гэж үзэх ба энэ талаарх илтгэгч гишүүний дүгнэлт үндэслэлтэй.
Харин дээрх үйлдэл нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.1-т заасан “албан тушаалын байдал, эрх нөлөөгөө урвуулан ашиглаж өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгох” хориглолтод хамаарахгүй, шүүгч “…хариуцагч талд давуу байдал бий болгосон” гэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсонгүй.
3. Хэргийн оролцогчийн эрхийг хангасан эсэх талаар:
Илтгэгч гишүүний 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 0131 дүгээр захирамжаар Ш.Д-ийн өргөдлөөр шүүгч Б.Гончигсумлаад сахилгын хэрэг үүсгэж, энэхүү захирамжийг өргөдлийн хамт холбогдох шүүгчид 2023 оны 12 дугаар сарын 20-ний өдөр гардуулан, эрх үүргийг тайлбарлан өгч, энэ талаар баримт үйлдсэн бөгөөд шалгах ажиллагааны явцад нотлох баримт цуглуулахтай холбоотой хүсэлт гаргаагүй, нотлох дүгнэлтийг шуудангаар хүргүүлжээ.
Илтгэгч гишүүний 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 0..8 дугаар захирамжаар сахилгын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Үндсэн хуулийн цэцэд үүсгэсэн маргааныг хянан шийдвэрлэгдэх хүртэл хугацаагаар түдгэлзүүлж, улмаар 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдөр сэргээсэн байх ба Сахилгын хорооны хуралдааны даргалагч, бүрэлдэхүүн хуульд заасан журмаар томилогдож, хуралдааны товыг хэргийн оролцогчид мэдэгдсэн тухай баримт үйлджээ.
Дээр дурдсанаар шүүгч Б.Гончигсумлаа нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т заасан “хуулийн илт тодорхой заалтыг ноцтой...” зөрчсөн зөрчил гаргасан нь тогтоогдсон тул сахилгын шийтгэл оногдуулав.
Тухайн хэрэг, маргааныг шийдвэрлэж байх хугацаанд шүүгч Б.Гончигсумлаа ачаалал ихтэй байсан нь сахилгын зөрчил гаргаагүй гэж үзэх үндэслэл болохгүй, харин энэхүү нөхцөл байдлыг шийтгэл оногдуулахдаа харгалзан үзэв.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1, 112.1.3, 112.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23, 57 дугаар зүйлийн 57.1.7-д заасныг баримтлан Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гончигсумлаад /одоо Дорноговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч/ “нээлттэй сануулах” сахилгын шийтгэл оногдуулсугай.
2. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6 дахь хэсэгт зааснаар магадлал гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл гаргагч нарын оршин суугаа газрын эсхүл ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл Ажлын албаны ажилтнаар хүргүүлэхийг Ажлын албанд даалгасугай.
3. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.7 дахь хэсэгт зааснаар дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох ба энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг тайлбарласугай.
4. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.8 дахь хэсэгт зааснаар магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Шүүхийн сахилгын хороонд сахилгын хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Г.ЦАГААНЦООЖ
ГИШҮҮН Д.АРИУНТУЯА
Ц.ДАВХАРБАЯР