info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих ШИЛЭН ДАНС
ENMNG

МОНГОЛ УЛС

ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО

МАГАДЛАЛ

2024-12-05

Дугаар 120

Улаанбаатар хот

Нотлох дүгнэлтийг хүлээн авч,

 сахилгын шийтгэл оногдуулах тухай

Шүүхийн сахилгын хорооны хуралдааныг гишүүн С.Энхтөр даргалж, гишүүн Х.Хашбаатар, Д.Мягмарцэрэн нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Д.Эрдэнэчулуун, нарийн бичгийн даргаар хуралдаан хариуцсан ахлах мэргэжилтэн А.Намуундарь нарыг оролцуулан тус хорооны хуралдааны танхимд нээлттэй хийв.

Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2024 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн ГНД/2024/0009 дүгээр Сахилгын зөрчил гаргасныг нотлох дүгнэлтийг хянан хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:

          Сахилгын зөрчил гаргасныг нотлох дүгнэлтэд: “... Өргөдөл гаргагч буюу иргэний хэргийн хариуцагч Д.Ш нь “...хэргийг шийдвэрлэсэн 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хэргийн материал танилцаагүй байхад шүүх хуралдааны нарийн бичгийн дарга “та энд гарын үсэг зурчих” гээд хэргийн материалтай танилцсан баримтад гарын үсэг зуруулсан, шүүх хуралдаан эхлэх үед “миний бие хэргийн материалтай танилцаагүй байгаа, өмгөөлөгчийн хамт баримтуудтай танилцаж шүүх хуралдаанд оролцмоор байна. Өмгөөлөгч давж заалдах шатны шүүхэд шүүх хуралдаан давхардсан тул шүүх хуралдааныг хойшлуулах тухай” хүсэлт гаргасан боловч шүүгч холбогдох баримтад гарын үсэг зурсан гээд шүүх хуралдааныг үргэлжлүүлэн хэргийг шийдвэрлэснээр хуульд заасан нотлох баримттай танилцах, өмгөөлөгчтэй шүүх хуралдаанд оролцох, тэгш эрхтэй мэтгэлцэх боломж олгоогүйгээс миний эрх ашиг сонирхол хөндөгдөж шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй, миний ах Д.Н маргааны зүйлийн талаар бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдээр шүүгчийн захирамж гарсны дагуу оролцож байгаа  ба шүүх холбогдох ажиллагаа хийгдсэн байдаг. Гэтэл шүүх шийдвэрлэхдээ гуравдагч этгээд нэхэмжлэл гаргасан нь хуульд нийцээгүй гэх утгатай үндэслэлээр хэрэгсэхгүй болгосноос үзвэл өнгөрсөн хугацаанд биднийг төөрөгдүүлж, гаргасан шаардлагыг маань хуульд нийцсэн мэтээр ойлгуулж захирамж гаргачхаад биднийг үүнтэй холбоотой ямар нэгэн хүсэлт, гомдол гаргах, шаардлагатай баримт гаргах боломжийг хааж нэхэмжлэгч талд давуу байдал бий болгосон, шүүгч хуулийн хугацаанд хэргийг шийдвэрлэх журмыг зөрчиж, үзлэг хийлгүй 2 жил хэргийг дарсныхаа дараа гэнэт шүүх хуралдаан явуулж, холбогдох баримтуудтай танилцуулалгүй хэргийг хүчээр шийдвэрлэсэн нь нэхэмжлэгч талд ашигтай байдал бий болгосон буюу шүүгч Т.Б нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.1, 50.1.23, 50.1.35-д заасныг зөрчсөн” гэх агуулгаар өргөдөл гаргажээ.          

            1. Хэргийн материалтай танилцаагүй байхад “хэргийн материал танилцуулсан тухай” баримтад шүүх хуралдааны нарийн бичгийн дарга гарын үсэг зуруулсан; шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт гаргасан боловч хүсэлтийг хангалгүй, шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн гэх тухайд,

          1.1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-д “хэргийн оролцогч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эсрэг талын шаардлага, тайлбар, татгалзал, түүнийг нотлох баримттай танилцах, тэдгээрт тайлбар өгөх”, 25.1.2-т “хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай шүүгчийн захирамж гарсны дараа хэргийн материалтай танилцах, түүнээс тэмдэглэл хийх, шүүх хуралдаанд оролцох эрхтэй” гэж  заасан. Хуулийн дээрх зохицуулалтаас үзэхэд хэргийн оролцогч нь хавтаст  хэрэгт авагдсан баримтуудтай танилцах эрхтэй, харин шүүх тухайн эрхийг хангуулах үүрэг хүлээгээгүй байна. Гэхдээ хэргийн оролцогч хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж эхлэхээс өмнө хуулиар олгогдсон эрхээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч шатанд хэрэгжүүлж, хэргийн материалтай танилцах, тухайн асуудлаар бүрэн мэдээлэл, мэдлэгтэй байх, шүүх тухайн эрхийг хязгаарлахгүйгээр хуулиар олгогдсон эрхээ хэрэгжүүлэхэд нь шаардлагатай нөхцөлийг бүрдүүлэх үүрэгтэй байна. Сахилгын хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд Д.Ш нь 2020 оны 3 дугаар сарын 20-ны өдөр хуулиар олгогдсон эрх, үүргээ тайлбарлуулан, холбогдох баримтад гарын үсэг зурж, 2020 оны 4 дүгээр сарын 07, 2021 оны 3 дугаар сарын 23-ны болон 2023 оны 9 дүгээр сарын 21-ний өдрүүдэд, түүний өмгөөлөгч Д.Т 2020 оны 5 дугаар сарын 14, 2020 оны 6 дугаар сарын 30, 2021 оны 3 дугаар сарын 22, 2021 оны 5 дугаар сарын 14-ний болон 2021 оны 6 дугаар сарын 08-ны өдрүүдэд тус тус хэргийн материалтай танилцаж байжээ. Мөн хариуцагч Д.Ш шүүх хуралдааны товыг 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр мэдсэнээс хойш шүүх хуралдаан болсон 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийг хүртэл хэргийн материалтай танилцах бүрэн боломжтой байсан хэдий ч өөрөө танилцаагүй, харин шүүх хуралдаан товлогдсон өдөр танилцсан байна. Тодруулбал шалгах ажиллагааны явцад шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Н-г гэрчээр асуухад “Би Д.Ш-д хэргийн материалтай танилцсаны дараа баримтад гарын үсэг зураарай, ард нь баримт нь байгаа гэж хэлээд хэргээ өгсөн”, “баримтад гарын үсэг зуруулахдаа хэрэгтэй танилцуулсны дараа зуруулсан. Болсон үйл баримт гэвэл шүүх хуралдааны танхимд хэргийн оролцогч нарыг оруулсны дараа Д.Ш надад “хэргийн материалтай танилцмаар байна” гэхэд нь би хэрэг өгсөн. Тэрээр хэрэгтэй танилцаж байхдаа надаас “үзлэг хийсэн баримт нь хаана байгаа юм бэ” гэж асуухаар нь би шүүгчийн туслах Э.Э-оос дотоод чатаар асууж байгаад зааж өгсөн юм. Тэгээд танилцуулсны дараа гарын үсэг зуруулсан”  гэх, иргэний хэргийн нэхэмжлэгч Б.Э-ийг гэрчээр асуухад “бид нар шүүх хуралдаан эхлэхээс өмнө хуралдааны танхим руу хамт орсон. Шүүх хуралдааны танхимд Д.Ш-ийг хэргийн материалтай танилцаж байх үед би байсан, мөн миний өмгөөлөгч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга гэсэн хүмүүс байсан” гэх мэдүүлгүүдийг тус тус өгсөн. Мөн өргөдөл гаргагч Д.Ш 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр тус шүүхийн Тамгын газарт хандан шүүгчийн туслах Э.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Н нарт холбогдуулан “...намайг хуурч хавтаст хэргийн материалтай  танилцсан баримт дээр гарын үсэг зуруулсан. Үүнээс болж шүүгч Т.Б та материал дээр гарын үсэг зурж танилцсан байна гээд шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн, шийдвэр нэхэмжлэгчийн талд гарч надад их хэмжээний хохирол учруулсан тул шүүгч Т.Б-ийн туслах Э.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нарт арга хэмжээ авч өгнө үү” гэх агуулгатай өргөдөл гаргаж байжээ. Шүүхийн Тамгын газар нь Э.Э, Т.Н нараас тайлбар авахад Э.Э “...шүүх хуралдааны тов мэдэгдсэнээс хойш Д.Ш-д хэргийн материалтай танилцах эрх нь нээлттэй байсан боловч өөрөө эрхээ хэрэгжүүлээгүй байж, шүүгчийн туслах болон шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нарт гомдол гаргасан нь үндэслэлгүй гэж үзэж байна...”, харин Т.Н “...шүүх хуралдаан эхлэхээс өмнө нэхэмжлэгч Д.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б, хариуцагч болон хариуцагч Ч.Э-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ш нарт хэргийн материал танилцуулж, баримтад гарын үсэг зуруулсан. Хэргийн материал танилцаж байх үедээ ...Д.Ш үзлэгийн тэмдэглэлийн талаар асуухад шүүгчийн туслахаас асууж, хавтаст хэрэгт үзлэг хийсэн тэмдэглэл нь  зурагтайгаа байгаа талаар хэлж танилцуулсан. Тухайн хурал 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 10 цаг 30 минутад товлогдсон байсан ба өмнөх шүүх хурал дуусаагүй байсан тул 11 цаг 30 минут хүртэл хүлээгдсэн. Энэ хугацаанд Д.Ш Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т заасан эрхээ бүрэн хэрэгжүүлэх боломжтой байсан бөгөөд өөрөөс шалтгаалах хайхрамжгүй үйлдлээ шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаас шалтгаалсан гэсэн нь үндэслэлгүй байна.” гэх тайлбаруудыг тус тус өгчээ. Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Н нь өөрийн тайлбартаа шүүгчийн туслахаас үзлэг хийсэн тэмдэглэлийн талаар асуусан байгууллагын дотоод чатын хуулбарыг хавсаргасан байна. Тухайн хавсаргасан чатад Т.Н “тэмдэглэл хаана байгаа вэ гэнээ хариуцагчаас” гэхэд Э.Э “...хэрэгт байгаа л гэж байна даа, зураг энэ тэртэйгээ” гэж хариулсан байна. Тус шүүхийн Тамгын газар холбогдох ажиллагааг хийн, өргөдөл гаргагч Д.Ш-д Тамгын газрын дарга Л.Н-ийн 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 1048 дугаар албан бичгээр “...таны шүүгчийн туслах Э.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Н нарын талаар гаргасан өргөдөл, гомдол үндэслэлгүй бөгөөд шүүхийн шийдвэрт гомдолтой байгаа тохиолдолд давж заалдах шатны шүүхэд гомдлоо гаргах боломжтой болохыг” мэдэгдэж байна гэсэн хариуг өгчээ. Д.Ш-ийн сахилгын хороонд гаргасан өргөдөлд “үзлэг болон бусад баримтуудтай танилцуулалгүйгээр намайг хуурч гарын үсэг зуруулсан” гэж дурдсан. Шүүгчийн туслах нь үзлэг хийх талаар 2023 оны 9 дүгээр сарын 06-ны болон 07-ны өдөр  нэхэмжлэгч Д.Э, хариуцагч бөгөөд хариуцагч Ч.Э-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ш, хариуцагчийн өмгөөлөгч Д.Т нарт мэдэгдэж, тэр  ч бүү хэл 2023 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр үзлэгт ирж байгаа эсэхийг нэхэмжлэгч, хариуцагчийн өмгөөлөгч нараас утсаар лавлаж байсан байна. Шүүх хуралдааныг 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 10 цаг 30 минутаас товлосон бөгөөд шүүх хуралдаан мөн өдрийн 11 цаг 21 минут 26 секундээс эхэлсэн болох нь шүүх хуралдааны дуу-дүрсний бичлэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Н-ийн мэдүүлгээр тус тус тогтоогдож байх бөгөөд энэ хугацаанд Д.Ш нь хэргийн материалтай танилцжээ. Дээрхээс үзэхэд Д.Ш шүүх хуралдаан товлогдсон өдөр хэргийн материалтай танилцсан байх бөгөөд харин товлогдсон шүүх хуралдаанаас өмнө хуулиар олгогдсон эрхээ өөрөө хэрэгжүүлээгүй байсныг дурдах нь зүйтэй.          

          1.2. Иргэн Б.Э-ийн нэхэмжлэлтэй, Д.Ш, Ч.Э нарт холбогдох иргэний хэргийг 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн шүүх хуралдаанаар хэлэлцэхэд хариуцагч болон хариуцагч Ч.Э-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ш нь “...дахин хэргийн материал болон газрын албанд үзлэг хийсэн тэмдэглэлтэй танилцах, мөн өмгөөлөгч шүүх хуралдаан давхардсан тул шүүх хуралдааныг хойшлуулах тухай” хүсэлт гаргасан нь тухайн өдрийн .../ТМ2023/05354 дүгээр шүүх хуралдааны тэмдэглэлийн 2 дугаар талд бичигджээ. Шүүх хуралдааны явцад шүүгч хариуцагч Д.Ш-ээс шүүх хуралдааны товыг хэзээ мэдсэн, түүний өмгөөлөгч шүүх хуралдаан давхацсан талаарх баримт бий эсэх, мөн хэргийн материалтай танилцах боломжгүй ямар нөхцөл байдал байсан эсэх талаар тодруулга асуулт асуусан нь шүүх хуралдааны .../ТМ2023/05354 дүгээр тэмдэглэлийн 2-3 дугаар тал болон тухайн өдрийн шүүх хуралдааны дуу-дүрсний бичлэгийн 11 цаг 27 минут 47 секундээс эхлэн бичигдсэн байгаагаар тус тус тогтоогдож байна. Хариуцагч Д.Ш “надад одоохондоо ирээгүй байна” гэсэн нь бичигдсэн байх бөгөөд тухайн өдрийн шүүх хуралдааны .../ТМ2023/05354 дүгээр тэмдэглэлийн 2 дугаар талын 13-18 дугаар догол мөрт бүрэн тусгагджээ. Дээрх асуулт, хариулт тухайн өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлийн 2 дугаар талын 19 дэх догол мөрөөс 3 дугаар талын 9 дэх догол мөр хүртэл тэмдэглэгджээ. Д.Ш-ийн хүсэлтийг шүүх хуралдаанаар хэлэлцэн шүүгчийн мөн өдрийн .../ШЗ2023/27159 дүгээр захирамжаар “...хариуцагчийн өмгөөлөгч Д.Т-аас шүүх хуралдаан давхардсан гэх үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтийг гаргасан гэж хариуцагч Д.Ш тайлбар хэлсэн боловч өмгөөлөгчөөс түүнийг нотлох холбогдох баримт байхгүй, хүсэлтээ шүүхэд ирүүлээгүй... Зохигч  нарт үзлэг хийх хугацааг шүүгчийн туслахаас мэдэгдсэн боловч тэд өөрсдөө үзлэгт  хүрэлцэн ирээгүй, гэхдээ нэхэмжлэгч Д.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Б, хариуцагч Д.Ш нар хэргийн материалтай шүүх хуралдаанаас өмнө танилцаж, гарын үсгээ зурсан байна...” гэж дүгнээд Д.Ш-ийн хүсэлтийг хангахаас татгалзаж, шүүх хуралдааныг цааш үргэлжлүүлсэн байна. Мөн хариуцагчийн өмгөөлөгч Д.Т шүүх хуралдааны товыг мэдэж байсан болох нь хариуцагч Д.Ш-ийн шүүхэд гаргасан тайлбараар тогтоогдож байх бөгөөд түүний өмгөөлөгч хүсэлт, шүүх хуралдаан давхардсан талаарх холбогдох баримтаа шүүхэд ирүүлээгүй байсан тул шүүгч хуулиар олгогдсон бүрэн эрхийн хүрээнд хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэжээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4.5-д “хүндэтгэн үзэх шалтгаантайгаас бусад тохиолдолд шүүхээс товлосон хугацаанд шүүх хуралдаанд оролцох” үүргийг өмгөөлөгч хүлээхээр хуульд заасан. Иймд хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаантайгаар ирээгүй болохоо холбогдох баримтаар нотлоогүйгээс шүүх хуралдааныг үргэлжлүүлсэнд шүүгчийн буруутгахгүй буюу Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50  дугаар зүйлийн 50.1.35-д заасан шүүгчид хориглосон зөрчил гаргасан гэж үзээгүй болно. Түүнчлэн Шүүхийн сахилгын хорооны 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн СХТ/2024/0019 дүгээр тогтоолд “...хариуцагчийн өмгөөлөгч Д.Т нь шүүх хуралдааны товыг мэдэж байсан болох нь 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн шүүх хуралдааны тэмдэглэл, хариуцагч Д.Ш-ийн шүүх хуралдаанд “өнөөдөр давж заалдах шатны шүүх дээр хурал нь давхардсан, хойшилж магадгүй гэсэн. Гэхдээ ирж магадгүй гэсэн, утас нь болохгүй байна. Шүүх хуралдаан нь үргэлжилсэн юм шиг байна. Тэгэхээр шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлттэй байна” гэх хүсэлт, илтгэгч гишүүний шүүх хуралдааны бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлээр тогтоогдож байна. Гэтэл хариуцагчийн өмгөөлөгч нь хүндэтгэн үзэх шалтгаанаар шүүх хуралдаанд ирээгүй талаар хуульд заасан хэлбэрээр шүүхэд мэдэгдээгүй, энэ талаарх баримтыг шүүхэд ирүүлээгүй тул хариуцагчийн шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж, шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн нь шүүгч хуулиар олгогдсон бүрэн эрхийн хүрээнд гаргасан шийдвэр тул шүүгчийг буруутгах үндэслэл болохгүй” гэж дүгнэсэн болно.

            2. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн шаардлагатай холбоотой ямар нэгэн хүсэлт, гомдол гаргах, баримт гаргах боломжийг хааж, нэхэмжлэгч талд давуу байдал бий болгосон гэх тухайд:

          Сахилгын хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд иргэн Б.Э-ийн нэхэмжлэлтэй, Д.Ш, Ч.Э нарт холбогдох иргэний хэргийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Д.Н нь “бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдээр оролцох болон Д.Н-оос Б.Э-т газар эзэмшүүлэх эрх шилжүүлэх 2012 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн газар эзэмшүүлэх эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож, ...дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүйд тооцож Д.Н-ийг өмчлөгч мөн болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага” гаргасан байна. Уг нэхэмжлэлийн шаардлагыг 2021 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн шүүх хуралдаанаар хэлэлцэн шүүгчийн мөн өдрийн .../ШЗ2021/04716 дугаар захирамжаар хангахаас татгалзжээ. Хариуцагчийн өмгөөлөгч Д.Т, иргэн Д.Н нар 2021 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн шүүх хуралдаанд дээр дурдсан шаардлага, хүсэлтийг дахин гаргасныг мөн л шүүгчийн өдрийн .../ШЗ2021/12640 дүгээр захирамжаар “...гуравдагч этгээдийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага гэж гаргаж буй нь ойлгомжгүй байх тул Д.Н-ийн бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдээр оролцох хүсэлт, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хүлээн авахаас татгалзаж” шийдвэрлэжээ. Сахилгын хэргийн шалгах ажиллагааны явцад иргэний хэрэгт үзлэг хийхэд  тухайн иргэний хэргийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Д.Н нь бие даасан шаардлага гаргасан эсхүл бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцоогүй. Мөн ... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн .../ШШ2023/05082 дугаар шийдвэрт гуравдагч этгээдийн талаар ямар нэгэн хууль зүйн дүгнэлт өгөөгүй байна. Иймд өргөдөл гаргагчийн “...миний ах Д.Н нь маргааны зүйлийн талаар бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдээр шүүгчийн захирамж гарсны дагуу оролцож байгаа ба бие даасан шаардлага гаргасныг шүүх хүлээн авч холбогдох ажиллагаа хийгдсэн байдаг...” гэх өргөдөл үгүйсгэгдэж байх тул шүүгч Т.Б-г Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.1-д заасныг зөрчөөгүй гэж үзлээ. Харин шүүгч нь Б.Э-ийн нэхэмжлэлтэй, Д.Ш, Ч.Э нарт холбогдох иргэний хэргийг хэлэлцэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж, ... дүүргийн... 480 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг хариуцагч Ч.Э, Д.Ш нарын хууль бус эзэмшлээс чөлөөлөхөөр шийдвэр гаргажээ. Хэргийн оролцогч нь гуравдагч этгээдээр оролцох ёстой байсан болон бусад үндэслэлээр шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргах эрхээ хэрэгжүүлж болохыг дурдах нь зүйтэй. Уг үндэслэлийг Шүүхийн сахилгын хорооны 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн СХТ/2024/0019 дүгээр тогтоолд “...хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь үнэлж гуравдагч этгээдийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах эсэхийг шийдвэрлэсэн нь шүүгчийн бүрэн эрхэд хамаарах тул шүүгчийг нэхэмжлэгч талд давуу байдал бий болгосон гэж үзэх үндэслэлгүй” гэж дүгнэснийг дурдах нь зүйтэй.

            3. Хэргийг хуулийн хугацаанд шийдвэрлэх журмыг зөрчиж, үзлэг хийлгүй 2 жил хэргийг дарсан гэх тухайд:

Шалгах ажиллагааны явцад дээр дурдагдсан иргэний хэрэгт үзлэг хийхэд  шүүгчийн 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн .../ШЗ2020/02905 дугаар захирамжаар иргэний хэрэг үүсгэсэн, хэргийн оролцогч нарт 2020 оны 3 дугаар сарын 19, 20, 31-ний өдрүүдэд эрх, үүргийг тайлбарлаж, хариуцагч нарт нэхэмжлэлийн хувь гардуулах, хариуцагч нараас хариу тайлбар авах зэрэг ажиллагааг явуулсан, шүүгч Т.Б-ийн 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн .../ШЗ2020/06175 дугаар захирамжаар шүүх хуралдааныг 2020 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 15 цаг 30 минутад товлосон, 2020 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн шүүх хуралдаанаар хариуцагч бөгөөд хариуцагч Ч.Э-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ш “өмгөөлөгч авах тухай” хүсэлт гаргасныг ханган, шүүх хуралдааныг 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 16 цаг 00 минутад товлосон шүүгчийн мөн өдрийн .../ШЗ2020/06897 дугаар захирамж гарсан, шүүгчийн 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн .../ШЗ2020/07145 дугаар захирамжаар хариуцагчийн өмгөөлөгч Д.Т хэргийн материалтай танилцах хүсэлт гаргасан тул шүүх хуралдааныг жич товлохоор хойшлуулсан, хариуцагчийн өмгөөлөгч Д.Т “Улсын бүртгэлийн ерөнхий газраас  “Хөх сүлд групп” ХХК, “Соронзон толгой” ХХК-ийн дэлгэрэнгүй лавлагаа, ... дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсээс ... дүүргийн ...газрын талаарх дэлгэрэнгүй лавлагаа, хувийн хэргийн хуулбарыг гаргуулах тухай” хүсэлт гаргасныг хангасан шүүгчийн 2020 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн .../ШЗ2020/07632 дугаар захирамж гарсан,  хариуцагчийн өмгөөлөгч Д.Т “шүүгчийн захирамжийн дагуу ... дүүргийн Бүртгэлийн хэлтсээс баримт ирүүлэхдээ дутуу ирүүлсэн байна. Иймд ... дүүргийн... газрын шилжилт хөдөлгөөний талаарх түүхчилсэн лавлагааг гаргуулах тухай” хүсэлт гаргахад шүүгчийн 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн .../ШЗ2020/10358 дугаар захирамжаар хангасан, тус шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2020 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн .../ЗТ2020/00803 дугаар тогтоолоор тухайн иргэний хэргийг шүүгч С.А-т   хуваарилсан боловч шүүгч С.А-ийг шүүгчийн албан тушаалаас чөлөөлсөн тул тус шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2020 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн .../ЗТ2020/01... дүгээр тогтоолоор иргэний хэрэг нь шүүгч Т.Б-д дахин хуваарилагдсан, шүүгч С.А-ийн 2020 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн .../ШЗ2020/14068 дугаар захирамжаар хариуцагчийн өмгөөлөгч Д.Т “шүүгчийн захирамжаар шаардсан нотлох баримтууд ирээгүй байх тул захирамжид заасан нотлох баримтыг ирүүлэхийг даалгаж холбогдох албан тушаалтанд хариуцлага тооцож өгнө үү” гэх хүсэлт гаргасныг ханган нотлох баримт гаргуулахаар захирамжилсан, шүүгчийн туслах 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр шүүгчийн захирамжаар шаардсан нотлох баримтуудыг гаргуулахаар ... дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас шаардсан, шүүгч Т.Б-ийн 2021 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Т хэргийн материалтай танилцах, хариуцагчийн өмгөөлөгч Д.Т нотлох баримт гаргуулах, ... дүүргийн Газар зохион байгуулалтын албаны архивд үзлэг хийлгэх, Д.Н-ийг бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдээр оролцуулах хүсэлт гаргасныг хэлэлцэн, шүүгчийн мөн өдрийн .../ШЗ2021/04716 дугаар захирамжаар нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хэргийн материалтай танилцах, хариуцагчийн өмгөөлөгчийн нотлох баримт гаргуулах хүсэлтүүдийг хангаж, түүний үзлэг хийлгэх, Д.Н-ийг бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдээр оролцуулах хүсэлтүүдийг нь хангахаас татгалзаж шийдвэрлэсэн байна.   Түүнчлэн шүүгчийн 2021 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн .../ШЗ2021/06607 дугаар захирамжаар Засгийн газрын 2021 оны 91 дүгээр тогтоол гарсантай холбогдуулан корона вируст цар тахлын улмаас шүүх хуралдааны товыг жич товлон зарлахаар хойшлуулсан, шүүгчийн 2021 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн .../ШЗ2021/09001 дүгээр захирамжаар нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Т-ын хүсэлтийг хангаж, Б.Б-ийг гэрчээр оролцуулахаар захирамжилсан, хариуцагчийн өмгөөлөгч Д.Т үзлэг хийлгэх тухай хүсэлт болон Д.Н бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдээр оролцох хүсэлт, шаардлага гаргасныг шүүгчийн 2021 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн .../ШЗ2021/12640 дүгээр захирамжаар үзлэг хийлгэх хүсэлтийг хангаж, Д.Н-ийн хүсэлтийг хангахаас татгалзсан.  Улмаар 2023 оны 9 дүгээр сарын 06, 07-ны өдрүүдэд үзлэг хийх товыг шүүгчийн туслахаас хэргийн оролцогчдод мэдэгдэн, 9 дүгээр сарын 08-ны өдөр ... дүүргийн Газар зохион байгуулалтын албанд үзлэг хийж, хэргийг 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн шүүх хуралдаанаар хэлэлцэн, .../ШШ2023/05082 дугаар шийдвэрээр  шийдвэрлэжээ.

Иргэний хэрэгт авагдсан баримтууд болон дээрх шүүхийн ажиллагаанаас дүгнэвэл шүүгч Т.Б нь Б.Э-ийн нэхэмжлэлтэй, Д.Ш, Ч.Э нарт холбогдох иргэний хэргийн хэрэгт 2020 оны 8 дугаар сарын 21-ний өдрөөс 2020  оны 11 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэл 2 сар, 13 хоног, 2020  оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс 2021  оны 3 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл 4 сар, 9 хоног, 2021 оны 8 дугаар сарын 12-ны өдрөөс 2023 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэлх хугацаанд  2 жил, 25 хоног буюу нийт  2 жил, 7 сар, 17 хоног хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаагүй гэж үзэхээр байна. 3.1. Монгол Улсад корона вирусийн халдварт өвчин тархаж, улс даяар хөл хорио тогтоон гамшгаас хамгаалах өндөржүүлсэн болон бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан ... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газраас 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс 13-ны өдрийг хүртэл, 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдрөөс 17-ны өдрийг хүртэл, 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс 20-ны өдрийг хүртэл, 2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл, 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс 12 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл шүүх зохион байгуулалтын арга хэмжээ авч, тодорхой хязгаарлалтайгаар ажиллаж байжээ. Иргэний хэргийн нэхэмжлэгч Б.Э “шүүгчээс болсон зүйл байхгүй. Харин ковидоос шалтгаалан 2 жил орчим хэрэг шийдэгдэхгүй байж байгаад сая 2023 онд шийдвэрлэсэн... Ер нь энэ хэрэгт хариуцагч талын хүсэлтээр шүүх хуралдаан удаа дараа хойшилж байсан ба тэдний хүсэлтүүдийг шүүх хангадаг байсан. Миний зүгээс өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авахаар шүүх хуралдааныг нэг удаа хойшилж байсан” гэх мэдүүлэг өгсөн. Мөн ... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 28 дугаар албан бичгээс үзэхэд шүүгч Т.Б нь 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс 2021 оны 3 дугаар сарын 11-ний өдрийг дуустал 141 нэхэмжлэл хүлээн авч, 420 шүүгчийн захирамж, 105 шийдвэр гаргасан, 119 шүүх хуралдаан товлон зарлаж, 10 шүүх хуралдааны бүрэлдэхүүнд оролцсон байна.    Шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаагүй хугацаанд тухайн хэрэг болон бусад хэрэгт дээрх ажлын ачаалал нөлөөлсөн эсэх, хуульд заасан хугацаанд ажиллагаа явуулж байсан эсэх талаар тодруулах ажиллагааг явуулахад тус шүүхийн Тамгын газрын 2024 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 255 дугаар албан бичигт “шүүгч Т.Б нь 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс 2021 оны 3 дугаар сарын 11-ний өдрийг дуустал 141 нэхэмжлэл хүлээн авснаас 26 нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, 115 нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэсэн, 105 хэрэг, ...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар 249 хэрэг нийт 1048 хэргийг тус тус хянан шийдвэрлэсэн” гэх лавлагааг ирүүлсэн. Корона вирусийн цар тахал улс орон даяр тархан Монгол Улс 2020-2022 он хүртэл хөл хорио тогтоож, бүх нийтийн бэлэн байдалд шилжсэн байсан нь нийтэд илэрхий, тодорхой үйл баримт тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хэвийн явагдах боломжгүй үе байсан гэж үзнэ. Иймд шүүгч Т.Б 2020 оны 8 дугаар сарын 21-ний өдрөөс 2021  оны 3 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл 201 хоног буюу 6 сар 21 хоногийн хугацаанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаагүй байх боловч тухайн цаг хугацаанд шүүхээс шаардсан нотлох баримтыг холбогдох төрийн байгууллага ирүүлэхгүй байх, дутуу ирүүлэх, удаа дараа хол хорио тогтоосны улмаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахад шүүгчээс шалтгаалахгүй, хүндрэлтэй нөхцөл байдалд байсан гэж үзлээ. 3.2. Хариуцагч талаас гаргасан “үзлэг хийлгэх тухай” хүсэлтийг шүүгчийн 2021 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн .../ШЗ2021/12640 дүгээр захирамжаар хангаж, 2023 оны 9 дүгээр сарын 06, 07-ны өдөр мэдэгдэж, 9 дүгээр сарын 08-ны өдөр ... дүүргийн Газрын албаны архивд үзлэг хийжээ. Холбогдох шүүгч үзлэг хийгээгүй удаасан шалтгаан, үндэслэлийг “тус шүүхэд шүүгчийн орон тоо дутуу, ажлын ачаалалтай ихтэй байсан болон ээлжийн амралттай, өвчтэй байсан, Ерөнхий шүүгчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэж ажлын ачаалал ихэссэн болон бусад нөхцөл байдалтай холбож буюу “...тус шүүх 2018 оноос эхлэн шүүгчийн орон тоо дутуу, шүүгч нар өөр шүүхэд шилжих, удаан хугацаагаар ажлаас чөлөөлөгдөх бүрд ажил үүргээ гүйцэтгэж байгаа шүүгч нар өөрийн хянан шийдвэрлэж байгаа хэргүүд дээр бусад шүүгч нарын хэргийг хуваан авч хянан шийдвэрлэдэг... хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр нэг удаа ч ажил үүргээ гүйцэтгэхгүй байсан зүйл байхгүй... 2023 он гарсаар ажил үүргээ гүйцэтгэж байгаад 2 ч удаа түргэн тусламж дуудаж эмчилгээ  хийлгэсэн...” гэж тайлбарладаг. Мөн ... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 28 дугаар албан бичгээс үзэхэд шүүгч нь 2021 оны 8 дугаар сарын 12-ны өдрөөс 2023 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр хүртэл 1040 нэхэмжлэл хүлээн авч, 3157 шүүгчийн захирамж, 66 шүүхийн тогтоол, 687 шийдвэр гаргасан байх бөгөөд 873 шүүх хуралдаан товлон зарлаж, 78 шүүх хуралдааны бүрэлдэхүүнд оролцсон, 2021 оны 8 дугаар сарын 11-ний өдрөөс 9 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэл 2021 оны ээлжийн амралттай, 2022 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 8 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл 2022 оны ээлжийн амралттай, 2023 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 8 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд 2023 оны ээлжийн амралттай байсан. Тухайн шүүхийн Тамгын газрын 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 97 дугаар албан бичгээс үзэхэд шүүгч Т.Б нь Ерөнхий шүүгчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэж байхдаа 2020 онд Ерөнхий шүүгчийн захирамж 441, 2021 онд 529, 2022 онд 489; шүүгчийн захирамжид гаргасан гомдол 2020 онд 1, 2021 онд 97, 2022 онд 10-ыг тус тус шийдвэрлэж, нийт 1567 эрх зүйн акт боловсруулсан байна. Мөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаагүй 2021 оны 8 дугаар сарын 12-ны өдрөөс 2023 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийг дуусталх хугацаанд тухайн хэрэг болон бусад хэрэгт дээрх ажлын ачаалал нөлөөлсөн эсэх, хуульд заасан хугацаанд ажиллагаа явуулж байсан эсэх талаар тодруулах ажиллагааг явуулахад тус шүүхийн Тамгын газрын 2024 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 255 дугаар албан бичигт “шүүгч Т.Б нь 1040 нэхэмжлэл хүлээн авснаас 165 нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, 875 нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэсэн, мөн 799 хэрэг, ...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар 249 хэрэг нийт 1048 хэргийг тус тус хянан шийдвэрлэсэн” гэх лавлагааг ирүүлснээс үзэхэд тухайн шүүх, шүүгч нь ачаалал ихтэй ажиллаж байжээ гэж үзэв.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд шүүгч хүсэлтийг ямар хугацаанд шийдвэрлэх болон шүүгчийн захирамжийг ямар хугацаанд биелүүлсэн байх шаардлагатай талаар тодорхой, нарийвчлан зохицуулаагүй боловч мөн хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт “хуулиар өөр хугацаа тогтоогоогүй бол хэрэг үүсгэсэн өдрөөс хойш 60 хоног, давж заалдах болон хяналтын шатны шүүхээс хэргийг дахин хэлэлцүүлэхээр ирүүлсэн бол шүүгч хэргийг хүлээж авснаас хойш 30 хоногийн дотор тус тус шийдвэрлэнэ”, мөн зүйлийн 71.2 дахь хэсэгт “энэ хуулийн 71.1-д заасан хугацааг тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс нэг удаа 30 хүртэл хоногоор сунгаж болно”, 71.3 дахь хэсэгт “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бусад хугацааг энэ хуулийн 71.1-д заасан хугацааны дотор шүүх тогтоож болно” гэж, Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2022 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 52 дугаар “Аргачлал, баримтын загвар батлах тухай” тогтоолоор батлагдсан “Иргэний хэргийн хөдөлгөөний нийтлэг аргачлал”-ын 4.2.2-т “шүүгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1 дэх хэсэгт зааснаас бусад хүсэлтийг хүлээн авсан өдрөөс хойш 7  хоногийн дотор шийдвэрлэнэ. Хүсэлт шийдвэрлэсэн шүүгчийн захирамжийг шүүгчийн туслах талуудад 5 хоногийн дотор мэдэгдэж, баримт №7-г үйлдэж, хэрэгт хавсаргана” гэж зааснаас өөрөөр шүүгчийн захирамжийн биелэлтийн талаар тусгаагүй боловч уг аргачлалын 1 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэгт “иргэний хэргийн хөдөлгөөний хяналт, удирдлагыг шүүгч хэрэгжүүлнэ” гэж тус тус зааснаас үзэхэд хэргийн маргааны төрлөөс хамаарч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуулийн хугацаанд шийдвэрлэгдэхгүй байх боломжтой боловч шүүгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг удирдан, тасралтгүй явуулах үүрэгтэй гэж ойлгоно. Шүүгч Т.Б-д хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахад иргэний хэргийн маргааны төрөл, улс орон даяар корона вирусийн цар тахал зогсоогүй байсан болон ... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх ачаалал их ажилладаг нөхцөл байдал нөлөөлж байсан байж болох ч тэрээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг 2021 оны 8 дугаар сарын 12-ны өдрөөс 2023 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийг дуустал 748 хоног буюу 2 жил, 18 хоног иргэний хэргийн хөдөлгөөний хяналт, удирдлагыг хэрэгжүүлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тасралтгүй явуулах үүргээ биелүүлээгүй болох нь сахилгын хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна. Гэхдээ уг хугацаанаас  2021 оны 8 дугаар сарын 12-ны өдрөөс 2023 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн хоорондох бүх нийтийн амралтын өдрийн 25 хоног, 2021 оны ээлжийн амралтын 49 хоног, 2022 оны ээлжийн амралтын 56 хоног, 2023 оны ээлжийн амралтын 47 хоногийг тус тус хасаж тооцвол нийт 571 хоног буюу 1 жил 6 сар 26 хоног болж байна. Дээрхээс дүгнэвэл ... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Б нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1, 71.2, 71.3 дахь хэсэгт тус тус заасныг зөрчсөн болох нь шалгах ажиллагааны явцад нотлогдсон тул Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т “хуулийн илт тодорхой заалтыг ноцтой, эсхүл удаа дараа зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргах” гэж заасныг зөрчсөн сахилгын зөрчил гаргасан гэж үзэн “Сахилгын зөрчил гаргасныг нотлох тухай” дүгнэлт үйлдэв.” гэжээ.

   Холбогдох шүүгч Т.Б тайлбартаа: “...Б.Э-ийн нэхэмжлэлтэй, Д.Ш, Ч.Э нарт холбогдох иргэний хэрэгт хариуцагч нарт эрх, үүргийг 2020 оны 3 дугаар сарын 20-ны өдөр, мөн 2020 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр шүүх хуралдаан дээр дахин танилцуулсан. 2020 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн шүүх хуралдаанд хариуцагч Д.Ш-ийн “өмгөөлөгч авах тухай” хүсэлтийг хангаж, хуралдаан хойшилсон, 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр хариуцагчийн өмгөөлөгч Д.Т-ын хавтаст хэргийн материалтай танилцах эрхийг хангасан, 2021 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгч, хариуцагч нараас гаргасан хүсэлтийг шийдвэрлэж, шүүх хуралдааныг хойшлуулсан. Шүүгчийн мөн өдрийн 4716 дугаар захирамжаар Улсын Ерөнхий прокурорын Эрүүгийн архиваас нотлох баримт гаргуулах, өмнөх захирамжийн биелэлтийг хангуулах, Д.Н-ийг гуравдагч этгээдээр оролцуулах хүсэлтүүдийг шийдвэрлэсэн. 2021 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр шүүгчийн захирамжийг эрх бүхий байгууллагад хүргүүлсэн. Энэ хугацаанд миний бие Ерөнхий шүүгчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэж байсан. Засгийн газрын 2021 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 91 дүгээр тогтоолоор 2021 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 06:00 цагаас 4 дүгээр сарын 25-ны өдрийн 00:00 цаг хүртэл хөл хорио тогтоосонтой холбогдуулан 2021 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр товлогдсон шүүх хуралдааныг хойшлуулсан. Шүүгчийн 2021 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 4716 дугаар захирамжаар шаардсан нотлох баримтууд 2021 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр ирүүлсэн. 2021 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 1922 дугаар албан тоотоор ... дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас нотлох баримтыг шаардсан. Шүүгчийн 2021 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 9001 дүгээр захирамжаар нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Т-ын хүсэлтээр Б.Б-ийг гэрчээр асуулгах хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн. 2021 оны 6 дугаар сарын 21-ний өдөр ... дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас нотлох баримт ирүүлснийг хариуцагчийн өмгөөлөгч Д.Т 2021 оны 7 дугаар сарын 08-ны өдөр танилцсан. Хариуцагч Д.Ш-д Д.Н-оос 2020 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр итгэмжлэлийг тус шүүхэд 2021 оны 7 дугаар сарын 20-ны өдөр сөрөг нэхэмжлэлийн хамт шүүхэд ирүүлснийг шүүгчийн 2021 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 12640 дүгээр захирамжаар шийдвэрлэсэн. Би 2021 оны 6 дугаар сарын 25-ны өдөр ковидын халдвар авч эмчилгээ хийлгэсэн. Тухайн үед иргэдэд халдвар авахад 14-21 хоногийн хугацаанд эмчилгээ хийж байсан хэдий ч Ерөнхий шүүгчийн ажил үүргийг давхар гүйцэтгэж байсан учир 6 хоногийн акт авч ажилдаа орсон. Энэ үед тус шүүх дээр халдварын тоо өсөж ажил дээр хөл хорио тогтоосон. Иргэд, хуулийн этгээдээс шуудангаар ирсэн 380 гаруй нэхэмжлэл, мөн 300 гаруй хүсэлт ирсэн байсныг тухайн үед ажил үүргээ гүйцэтгэж байсан 5 шүүгчид нэхэмжлэлийг хуваарилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан. 2021-2022 онд Засгийн газраас хөл хорио удаа дараа тогтоож байсан нь нийтэд илэрхий байдал. Хариуцагч талаас гаргасан үзлэг хийлгэх хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн хэдий ч энэ цаг үед дэлхий нийтэд илэрхий ковидын цар тахлын улмаас Засгийн газраас удаа дараа хөл хорио тогтоосон учир үзлэгийг хийх боломжгүй байсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдэд сөрөг нэхэмжлэл гаргах эрх хэмжээ хуулиар олгогдоогүй. Энэ байдлыг хүсэлт шийдвэрлэхдээ тайлбарлан өгсөн. Хариуцагч Д.Ш хууль зүйн туслалцаа авсан өмгөөлөгч Д.Т-ын хамт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцдог. Шүүгчийн туслах солигдсон байсан. Туслах М.Б нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн өмгөөлөгч нарт үзлэг хийх хугацааг мэдэгдсэн хэдий ч зохигч хэн аль нь үзлэг хийх ажиллагаанд оролцоогүй. 2023 оны 9 дүгээр сарын 06, 07-ны өдрүүдэд үзлэгийн цагийг мэдэгдэхэд хариуцагч Д.Ш, өмгөөлөгч Д.Т нар мэдсэн. 2023 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр үзлэг хийхээр ... дүүргийн Газар зохион байгуулалтын албанд очиход дарга нь гадуур ажилтай байгаа учир хийх боломжгүй нөхцөл байдал үүсэж, 2023 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр дахин үзлэгийн цаг товлож хийсэн. Үзлэг хийх болсныг зохигч нарт мэдэгдсэн, энэ өдрөөс хойш шүүхэд хүрэлцэн ирж танилцах боломжтой байсан. Шүүхээс үзлэгийн тэмдэглэлийг танилцуулах гэж зохигчийн эрхийг хязгаарласан зүйл байхгүй. 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр зохигч, тэдгээрийн өмгөөлөгч нарт 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн шүүх хуралдаан товыг мэдэгдсэн. Энэ үеэс шүүхэд хүрэлцэн ирж хэргийн материалтай танилцах, хүсэлт гаргах эрх нээлттэй байсан. Шүүх хуралдаан дээр үзлэг хийх ажиллагаа болон шүүх хуралдаанаас өмнө шүүхэд хүрэлцэн ирж хэргийн материалыг ажилтай байсан, урьдчилж ирж танилцаагүй гэх тайлбарыг хариуцагч Д.Ш гаргасан. 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн шүүх хуралдаанаар хүсэлтийг хуульд заасныг дагуу шийдвэрлэсэн. Шүүх шийдвэрийг гардан авснаас хойш эс зөвшөөрвөл зохигч, тэдгээрийн өмгөөлөгч нарт давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрх нээлттэй байгаа. Зохигчоос гаргаж буй хүсэлтийг шүүх хангах эсхүл хангахаас татгалзаж шийдвэрлэх хуулийн зохицуулалттай.

2. Тус шүүх нь 2018 оноос эхлэн шүүгчийн орон тоо байнга дутуу ажиллаж байгаа. Өнөөдрийн байдлаар 6 шүүгчийн орон тоо дутуу, шүүгч нар өөр шүүхэд шилжих, удаан хугацаагаар ажлаас чөлөөлөгдөх бүрд ажил үүргээ гүйцэтгэж байгаа шүүгч нар өөрийн хянан шийдвэрлэж байгаа хэргүүд дээр бусад шүүгч нарыг хэргийг хүлээн авч шийдвэрлэдэг. 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Д.Э-ийн нэхэмжлэлийг хүлээн авснаас хойших хугацаанд шүүгч би 2000 орчим нэхэмжлэл хүлээн авч, 120 гаруй хэрэг шийдвэрлэж, 19.000 гаруй эрхийн акт гаргаж ажил үүргээ гүйцэтгэсэн. Энэ хугацаанд нэг өдөр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан ажил үүргээ гүйцэтгэхгүй байсан зүйл байхгүй. Утсаар холбогдоход өвчтэй байсан гэх гомдлын хувьд эрүүл мэндийн шалтгааны улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан. 2023 он гарсаар ажил үүргээ гүйцэтгэж байгаад 2 ч удаа түргэн тусламж дуудаж эмчилгээ хийлгэсэн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацаа хэтэрч байгаа шалтгаан нь жилээс жилд хэргийн тоо мянга, мянгаар нэмэгдэж байгаа, шүүх хуралдааны танхим хүрэлцдэггүй учир өдөр шүүх хуралдааны товлох боломжгүй, бусад шүүгч нарын бүрэлдэхүүнд оролцох, 170 гомдол шийдвэрлэх бүрэлдэхүүнд оролцох ажиллагаанд оролцдог хэдий ч шүүгч, шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, шүүхийн ажилтнууд өдөр бүр илүү цагаар сууж, 7 хоног бүрийн амралтын өдөр ажилладаг нөхцөл байдалд байдаг” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Иргэн Д.Ш-ийн өргөдлийн дагуу 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн ГЗҮ/2023/0127 дугаар илтгэгч гишүүний захирамжаар сахилгын хэрэг үүсгэн, 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн ГС/2024/0011 дүгээр “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” санал гаргасныг 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн СХТ/2024/0019 дүгээр тогтоолоор хүчингүй болгож, илтгэгч гишүүнд буцаасан тул дахин шалгах ажиллагаа явуулж, сахилгын зөрчил гаргасныг нотлох дүгнэлт гаргажээ.

Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2024 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн ГНД/2024/0009 дүгээр нотлох дүгнэлт хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон байна.

          Өргөдөл гаргагчаас “...2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн шүүх хуралдаанд хэргийн материал танилцаагүй байхад нарийн бичгийн дарга гарын үсэг зуруулсан, өмгөөлөгчтэйгөө шүүх хуралдаанд оролцох, мэтгэлцэх боломж олголгүй хэргийг шийдвэрлэсэн, ...гуравдагч этгээдийн бие даасан шаардлагатай холбоотой ямар нэгэн хүсэлт, гомдол гаргах, баримт гаргах боломжийг хааж, нэхэмжлэгч талд давуу байдал бий болгосон, ...хуулийн хугацаанд хэргийг шийдвэрлээгүй, үзлэг хийлгүй 2 жил болсон” гэх агуулгаар өргөдөл гаргажээ.

   Иргэн Б.Э-ээс Д.Ш, Ч.Э нарт холбогдуулан газар албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг шүүгч Т.Б хүлээн авч, 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн .../ШЗ2020/02905 дугаар шүүгчийн захирамжаар иргэний хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж, 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэжээ. Улмаар хариуцагч талаас давж заалдах журмаар гомдол гаргасныг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн шүүх хуралдаанаар хэлэлцэн 210/МА2024/00346 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.

          Нэг. 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн шүүх хуралдаанд хэргийн материал танилцаагүй байхад нарийн бичгийн дарга гарын үсэг зуруулсан гэх өргөдлийн үндэслэлийн тухайд,

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт хэргийн оролцогчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд эдлэх эрхийг заасан ба 25.1.1-д “эсрэг талын шаардлага, тайлбар, татгалзал, түүнийг нотлох баримттай танилцах, тэдгээрт тайлбар өгөх”, 25.1.2-т “хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай шүүгчийн захирамж гарсны дараа хэргийн материалтай танилцах, түүнээс тэмдэглэл хийх, шүүх хуралдаанд оролцох эрхтэй” гэж тус тус заасан.

          Сахилгын хэрэгт авагдсан баримтаас үзвэл, Д.Ш нь 2020 оны 3 дугаар сарын 20-ны өдөр хуулиар олгогдсон эрх, үүргээ тайлбарлуулан, холбогдох баримтад гарын үсэг зурж, 2020 оны 4 дүгээр сарын 07, 2021 оны 3 дугаар сарын 23-ны болон 2023 оны 9 дүгээр сарын 21-ний өдрүүдэд, түүний өмгөөлөгч Д.Т 2020 оны 5 дугаар сарын 14, 2020 оны 6 дугаар сарын 30, 2021 оны 3 дугаар сарын 22, 2021 оны 5 дугаар сарын 14-ний болон 2021 оны 6 дугаар сарын 08-ны өдрүүдэд тус тус хэргийн материалтай танилцсан болох нь тогтоогдож байна.

          Мөн хариуцагч Д.Ш нь шүүх хуралдааны товыг 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр мэдсэнээс хойш шүүх хуралдаан болсон 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийг хүртэл хэргийн материалтай танилцах бүрэн боломжтой байсан хэдий ч өөрөө танилцаагүй, харин шүүх хуралдаан товлогдсон өдөр танилцсан байна.

          Өргөдөлд дурдсан үйл баримтыг тодруулахаар илтгэгч гишүүн шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Н-г гэрчээр асуухад “...шүүх хуралдааны танхимд хэргийн оролцогч нарыг оруулсны дараа Д.Ш надад хэргийн материалтай танилцмаар байна гэхэд нь би хэрэг өгсөн. Тэрээр хэрэгтэй танилцаж байхдаа надаас үзлэг хийсэн баримт нь хаана байгаа юм бэ гэж асуухаар нь би шүүгчийн туслах Э.Э-оос дотоод чатаар асууж байгаад зааж өгсөн юм. Тэгээд танилцуулсны дараа гарын үсэг зуруулсан”  гэж,

          нэхэмжлэгч Б.Э-ийг гэрчээр асуухад “...бид нар шүүх хуралдаан эхлэхээс өмнө хуралдааны танхим руу хамт орсон. Шүүх хуралдааны танхимд Д.Ш-ийг хэргийн материалтай танилцаж байх үед би байсан, мөн миний өмгөөлөгч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга гэсэн хүмүүс байсан” гэж тус тус мэдүүлжээ.

          Мөн өргөдөл гаргагч Д.Ш нь 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр тус шүүхийн Тамгын газарт хандан шүүгчийн туслах Э.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Н нарт холбогдуулан “...намайг хуурч хавтаст хэргийн материалтай  танилцсан баримт дээр гарын үсэг зуруулсан. Үүнээс болж шүүгч Т.Б та материал дээр гарын үсэг зурж танилцсан байна гээд шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн, шийдвэр нэхэмжлэгчийн талд гарч надад их хэмжээний хохирол учруулсан тул шүүгч Т.Б-ийн туслах Э.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нарт арга хэмжээ авч өгнө үү” гэх агуулгатай өргөдөл гаргасныг тус шүүхийн Тамгын газрын даргын 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 1048 дугаар албан бичгээр “...таны шүүгчийн туслах Э.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Н нарын талаар гаргасан өргөдөл, гомдол үндэслэлгүй бөгөөд шүүхийн шийдвэрт гомдолтой байгаа тохиолдолд давж заалдах шатны шүүхэд гомдлоо гаргах боломжтой болохыг” мэдэгдэж байна гэсэн хариуг өгсөн байна.

          Шүүх хуралдааныг 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 10 цаг 30 минутаас товлож, 11 цаг 21 минут 26 секундээс эхэлсэн болох нь шүүх хуралдааны дуу-дүрсний бичлэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Н-ийн мэдүүлгээр тус тус тогтоогдож байх бөгөөд энэ хугацаанд Д.Ш нь хэргийн материалтай танилцсан болох нь тогтоогдож байна.

          Сахилгын хэрэгт цугласан баримтаар шүүхээс хэргийн оролцогчийн хэргийн материалтай танилцах эрхийг эдлүүлээгүй, хязгаарласан, танилцах боломжоор хангаагүй гэх байдал тогтоогдоогүй байна. Иймд энэ үндэслэлээр шүүгчийг буруутгах боломжгүй.

          Хоёр. Шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан гэх өргөдлийн үндэслэлийн тухайд,

             Дээрх шүүх хуралдаанд хариуцагч Д.Ш-ээс хэргийн материалтай танилцах, өмгөөлөгч шүүх хуралдаан давхацсан тул шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргаж, даргалагчаас шүүх хуралдааны товыг хэзээ мэдсэн, түүний өмгөөлөгч шүүх хуралдаан давхацсан талаарх баримт бий эсэх, мөн хэргийн материалтай танилцах боломжгүй ямар нөхцөл байдал байсан эсэх талаар тодруулга асуулт асуусан болох нь .../ТМ2023/05354 дугаар шүүх хуралдааны тэмдэглэл, шүүх хуралдааны дуу, дүрсний бичлэгээр тогтоогдсон байна.

          Д.Ш-ийн гаргасан хүсэлтийг мөн өдрийн .../ШЗ2023/27159 дүгээр захирамжаар “...хариуцагчийн өмгөөлөгч Д.Т-аас шүүх хуралдаан давхардсан гэх үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтийг гаргасан гэж хариуцагч Д.Ш тайлбар хэлсэн боловч өмгөөлөгчөөс түүнийг нотлох холбогдох баримт байхгүй, хүсэлтээ шүүхэд ирүүлээгүй... Зохигч  нарт үзлэг хийх хугацааг шүүгчийн туслахаас мэдэгдсэн боловч тэд өөрсдөө үзлэгт  хүрэлцэн ирээгүй, гэхдээ нэхэмжлэгч Д.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Б, хариуцагч Д.Ш нар хэргийн материалтай шүүх хуралдаанаас өмнө танилцаж, гарын үсгээ зурсан байна...” гэж дүгнээд Д.Ш-ийн хүсэлтийг хангахаас татгалзаж, шүүх хуралдааныг цааш үргэлжлүүлж, хэргийг хянан шийдвэрлэжээ.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3.10-т зааснаар “өмгөөлөгч хэрэг хянан шийдвэр ажиллагаанд оролцохдоо шүүх хуралдааныг хойшлуулах болон бусад асуудлаар хүсэлт гаргах эрхтэй” хэдий ч мөн зүйлийн 34.4.5-т зааснаар “хүндэтгэн үзэх шалтгаантайгаас бусад тохиолдолд шүүхээс товлосон хугацаанд шүүх хуралдаанд оролцох” үүргийг хүлээнэ.

          Дээрх хуулийн зохицуулалтаас үзвэл өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаантай гэдэг байдлаа өөрөө нотлох бөгөөд  2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн шүүх хуралдаанд хариуцагч Д.Ш нь өмгөөлөгч шүүх хуралдаан давхацсан гэж тайлбарлаж байх боловч баримтаар нотлоогүйгээс шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн байна. Иймд өмгөөлөгч оролцуулаагүй хэргийг шийдвэрлэсэн гэх үндэслэл тогтоогдоогүй.

          Шүүгч Т.Б нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16 дугаар зүйлийн 16.1.1-т заасан нийтлэг бүрэн эрх хэмжээнийхээ хүрээнд шүүх хуралдааныг даргалж, хэргийн оролцогчоос гаргасан хүсэлтийг шийдвэрлэж, 16.1.5-т заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэсэн байна. 

          Гурав. Гуравдагч этгээдийн бие даасан шаардлагатай холбоотой ямар нэгэн хүсэлт, гомдол гаргах, баримт гаргах боломжийг хааж, нэхэмжлэгч талд давуу байдал бий болгосон гэх тухайд,

          Тус иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад иргэн Д.Н-оос бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдээр оролцох хүсэлт гаргасныг  2021 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн .../ШЗ2021/04716 дугаар шүүгчийн захирамжаар хангахаас татгалзаж шийдвэрлэжээ.

          Улмаар хариуцагчийн өмгөөлөгч Д.Т, Д.Н нараас 2021 оны 8 дугаар сарын 12-ны өдөр дээрх бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдээр оролцох хүсэлтийг дахин гаргасныг мөн өдрийн .../ШЗ2021/12640 дүгээр шүүгчийн захирамжаар хангахаас татгалзсан байна.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсэгт “Маргааны зүйлийн талаар бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд шүүхийн шийдвэр гарахаас өмнө уг хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож болно.” гэж заасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах эсэх нь шүүгчийн эрх хэмжээний асуудал буюу шүүн таслан ажиллагаанд хамаарна.

            Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдээр оролцох хүсэлтийг хангахаас татгалзсан дээрх шүүгчийн захирамжуудад мөн хуулийн 170 дугаар зүйлийн 170.1 дэх хэсэгт зааснаар гомдол гаргах эрхгүй тул иргэн Д.Н-ийг гомдол гаргах эрхийг хязгаарласан гэж үзэхгүй.

          Сахилгын хэрэгт цугласан баримтаас үзвэл, тус иргэний хэрэгт Д.Н нь гуравдагч этгээдээр оролцоогүй тул түүний эрхийг зөрчсөн, нэхэмжлэгчид давуу байдал бий болгосон гэх өргөдөлд дурдсан үйл баримт үгүйсгэгдэж байна.

          Дөрөв. Хэргийг хуулийн хугацаанд шийдвэрлээгүй, үзлэг хийлгүй 2 жил болсон гэх өргөдлийн үндэслэлийн тухайд,

Шалгах ажиллагааны явцад илтгэгч гишүүн тус иргэний хэрэгт үзлэг хийхэд шүүгч дараах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулжээ. Үүнд

  • 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн .../ШЗ2020/02905 дугаар шүүгчийн захирамжаар иргэний хэрэг үүсгэсэн,
  • 2020 оны 3 дугаар сарын 19, 20, 31-ний өдрүүдэд хэргийн оролцогч нарт эрх, үүргийг тайлбарлаж, хариуцагч нарт нэхэмжлэлийн хувь гардуулах, хариуцагч нараас хариу тайлбар авах зэрэг ажиллагааг явуулсан,
  • 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн .../ШЗ2020/06175 дугаар захирамжаар шүүх хуралдааныг 2020 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 15 цаг 30 минутад товлосон,
  • 2020 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн шүүх хуралдаанаар хариуцагч бөгөөд хариуцагч Ч.Э-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ш “өмгөөлөгч авах тухай” хүсэлт гаргасныг ханган, шүүх хуралдааныг 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 16 цаг 00 минутад товлох тухай шүүгчийн мөн өдрийн .../ШЗ2020/06897 дугаар захирамж гарсан,
  • 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн .../ШЗ2020/07145 дугаар захирамжаар хариуцагчийн өмгөөлөгч Д.Т хэргийн материалтай танилцах хүсэлт гаргасан тул шүүх хуралдааныг жич товлохоор хойшлуулсан,
  • 2020 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн .../ШЗ2020/07632 дугаар захирамжаар хариуцагчийн өмгөөлөгч Д.Т-ын нотлох баримт гаргуулах хүсэлтийг хангасан,
  • 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн .../ШЗ2020/10358 дугаар захирамжаар хариуцагчийн өмгөөлөгч Д.Т-ын нотлох баримт гаргуулах хүсэлтийг хангасан,
  • Тус шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2020 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн .../ЗТ2020/00803 дугаар тогтоолоор тухайн иргэний хэргийг шүүгч С.Ат   хуваарилсан боловч шүүгч С.А-ийг шүүгчийн албан тушаалаас чөлөөлсөн тул тус шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2020 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн .../ЗТ2020/01... дүгээр тогтоолоор иргэний хэрэг нь шүүгч Т.Б-д дахин хуваарилагдсан,
  • 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр шүүгчийн туслах дээрх захирамжаар шаардсан нотлох баримтуудыг гаргуулахаар ... дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас шаардсан,
  • 2021 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Т хэргийн материалтай танилцах, хариуцагчийн өмгөөлөгч Д.Т нотлох баримт гаргуулах, үзлэг хийлгэх, Д.Н-ийг бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдээр оролцуулах хүсэлт гаргасныг хэлэлцэн, .../ШЗ2021/04716 дугаар захирамжаар нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хэргийн материалтай танилцах, хариуцагчийн өмгөөлөгчийн нотлох баримт гаргуулах хүсэлтүүдийг хангаж, түүний үзлэг хийлгэх, Д.Н-ийг бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдээр оролцуулах хүсэлтүүдийг нь хангахаас татгалзаж шийдвэрлэсэн,
  • 2021 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн .../ШЗ2021/06607 дугаар захирамжаар Засгийн газрын 2021 оны 91 дүгээр тогтоол гарсантай холбогдуулан корона вируст цар тахлын улмаас шүүх хуралдааны товыг жич товлон зарлахаар хойшлуулсан,
  • 2021 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн .../ШЗ2021/09001 дүгээр захирамжаар нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Т-ын гэрч оролцуулах хүсэлтийг хангасан,
  • 2021 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн .../ШЗ2021/12640 дүгээр захирамжаар хариуцагчийн өмгөөлөгчийн үзлэг хийлгэх хүсэлтийг хангаж, Д.Н-ийн бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдээр оролцох хүсэлтийг хангахаас татгалзсан,
  • 2023 оны 9 дүгээр сарын 06, 07-ны өдрүүдэд үзлэг хийх товыг шүүгчийн туслахаас хэргийн оролцогчдод мэдэгдэж, 9 дүгээр сарын 08-ны өдөр ... дүүргийн Газар зохион байгуулалтын албанд үзлэг хийж, хэргийг 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн шүүх хуралдаанаар хэлэлцэн, .../ШШ2023/05082 дугаар шийдвэрийг  гаргажээ.

Дээрхээс дүгнэвэл, шүүгч Т.Б нь Б.Э-ийн нэхэмжлэлтэй, Д.Ш, Ч.Э нарт холбогдох иргэний хэрэгт 2020 оны 8 дугаар сарын 21-ний өдрөөс 2021 оны 3 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл, 2021 оны 8 дугаар сарын 12-ны өдрөөс 2023 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэл хугацаанд хуульд заасан журмын дагуу хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаагүй байна.

2020 оны 8 дугаар сарын 21-ний өдрөөс 2021 оны 3 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл хугацаанд корона вирус цар тахлын улмаас Монгол Улсад хөл хорио тогтоож, бүх нийтийн бэлэн байдалд шилжсэн байсан нь нийтэд илэрхий үйл баримтаар тогтоогдож байх тул дээрх хугацаанд шүүн таслах ажиллагааг хэвийн явуулах боломжгүй байсанд шүүгчийг буруутгахгүй.

Харин 2021 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн .../ШЗ2021/12640 дүгээр шүүгчийн захирамжаар хариуцагч талаас гаргасан үзлэг хийлгэх хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн боловч үзлэг хийхийг шүүгчийн туслахаас 2023 оны 9 дүгээр сарын 06, 07-ны өдөр мэдэгдэж, 9 дүгээр сарын 08-ны өдөр ... дүүргийн Газрын албаны архивд үзлэг хийжээ. Уг хугацаанд цар тахлыг улмаас тогтоосон хөл хорио цуцлагдсан ба шүүгч 2 жил 18 хоногийн хугацаанд шүүгчийн захирамжид заасан болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаагүй байна.

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт “...хуулиар өөр хугацаа тогтоогоогүй бол хэрэг үүсгэсэн өдрөөс хойш 60 хоног дотор шийдвэрлэнэ”, мөн зүйлийн 71.2 дахь хэсэгт “энэ хуулийн 71.1-д заасан хугацааг тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс нэг удаа 30 хүртэл хоногоор сунгаж болно”, 71.3 дахь хэсэгт “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бусад хугацааг энэ хуулийн 71.1-д заасан хугацааны дотор шүүх тогтоож болно” гэж тус тус заасан.

Шүүгч 2 жил 18 хоногийн хугацаанд хэрэг хянан шийдвэрлэх ямар нэг ажиллагааг явуулаагүй нь дээрх хуульд заасан хугацааг зөрчсөн гэж үзнэ. Дээрх хугацаанаас шүүгчийн биеэр эдэлсэн 2021 оны ээлжийн амралтын 49 хоног, 2022 оны ээлжийн амралтын 56 хоног, 2023 оны ээлжийн амралтын 47 хоног, бүх нийтийн амралтын 177 хоногийг тус тус хасаж тооцвол шүүгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр

1 жил 6 сар 26 хоног тус иргэний хэрэг  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулаагүйд тооцно. Энэ талаар дүгнэсэн илтгэгч гишүүний дүгнэлт үндэслэлтэй.

Хэдийгээр сахилгын хэрэгт цугласан баримтаар шүүгч Т.Б нь тус хугацаанд ачаалал ихтэй ажиллаж байсан, ерөнхий шүүгчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэж байсан гэх байдал тогтоогдож байх боловч хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасан хугацааг хэтрүүлснийг зөвтгөх үндэслэл болохгүй юм.

Иймд ... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Б нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1, 71.2, 71.3 дахь хэсэгт тус тус заасныг зөрчсөн үйлдэл нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т “хуулийн илт тодорхой заалтыг ноцтой, эсхүл удаа дараа зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргах” гэж заасан зөрчил гаргасан гэж дүгнэсэн илтгэгч гишүүний нотлох дүгнэлтийг хүлээн авах нь зүйтэй.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д “Сахилгын хороо энэ хуулийн 50, 51.1, 52, 53 дугаар зүйлд заасан хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон зохицуулалтыг зөрчсөн шүүгчид сахилгын шийтгэл оногдуулна.” гэж зохицуулсан. 

Мөн хуулийн 57 дугаар зүйлийн 57.1.7-д “энэ хуулийн ...50.1.23-т заасан зөрчилд хаалттай сануулах, эсхүл нээлттэй сануулах, эсхүл цалингийн хэмжээг зургаа хүртэл сараар 20 хүртэл хувиар бууруулах, эсхүл шүүгчийн бүрэн эрхийг гурван сар хүртэлх хугацаагаар түдгэлзүүлж, сургалтад суухыг даалгах, эсхүл огцруулах шийтгэл оногдуулна” гэж заасан.

Шүүгч Т.Б-ийн сахилгын зөрчлийн шинж чанар, хэр хэмжээ, зөрчлийн үр дагавар бусад нөхцөл байдлыг харгалзан үзэж, түүнд цалингийн хэмжээг гурван сар 20 хувиар бууруулах шийтгэлийг оногдуулах нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзэв.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.3, 112.2, 112.8 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2024 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн ГНД/2024/0009 дүгээр нотлох дүгнэлтийг бүхэлд нь хүлээн авч, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23,  57 дугаар зүйлийн 57.1.7-д заасныг тус тус баримтлан ... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Б-д цалингийн хэмжээг гурван сар 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл оногдуулсугай.

2.Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6-д зааснаар магадлал гаргаснаас хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч, өргөдөл гаргагч нарын оршин суугаа газрын эсхүл ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар хүргүүлэхийг ажлын албанд даалгасугай.

3.Магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сахилгын хороонд хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

4.Дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох ба энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг тайлбарласугай.

                    ДАРГАЛАГЧ                                 С.ЭНХТӨР

                            ГИШҮҮД                                       Х.ХАШБААТАР

                                                                                         Д.МЯГМАРЦЭРЭН