
МОНГОЛ УЛС
ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО
МАГАДЛАЛ
2025-01-23
Дугаар 18
Улаанбаатар хот

Сахилгын хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Шүүхийн сахилгын хорооны хуралдааныг гишүүн Х.Хашбаатар даргалж, гишүүн Д.Мягмарцэрэн, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Б.Сугар, нарийн бичгийн даргаар хуралдаан хариуцсан ахлах мэргэжилтэн А.Намуундарь, өргөдөл гаргагч “Х Х т” ХХК-ийн захирал М.Т, түүний хүсэлтээр тус компанийн Захиргааны удирдлага, хүний нөөцийн дарга Б.А, холбогдох шүүгч Э.Л нарыг оролцуулан хийж, ... давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Л, Г.М, О.О нарт холбогдох Сахилгын хорооны гишүүний 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн ГС/2025/0001 дугаартай “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” саналыг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Илтгэгч гишүүн “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” саналдаа:
“... давж заалдах шатны шүүх “Ж о” ХХК-ийн нэхэмжлэлтэй, ... аймгийн ... сумын Засаг даргад холбогдох ... хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах журмаар гаргасан гомдлыг 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн шүүх хуралдаанаар шүүгч Г.М /даргалагч/, Э.Л /илтгэгч/ О.О нарын бүрэлдэхүүнтэйгээр хянан хэлэлцэж, 221/МА2024/0457 дугаар магадлал гаргажээ.
Тус магадлалыг гаргах болсон үндэслэлээ шүүх тайлбарлаж, тодруулбал: “... 1.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гаргасан тухайд ..., 2.Хэргийн оролцогчийг шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг хангаагүй тухайд ..., З.Нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн тодруулаагүй тухайд ...” гэх үндэслэл дурдан, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн “121.1.1.нэхэмжлэлийг хангасан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох, 121.3.3.анхан шатны шүүх энэ хуулийг зөрчсөн нь шүүхийн шийдвэр гаргахад нөлөөлсөн байвал” гэж тус тус заасныг баримтлан хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэсэн байна.
Давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэж байгаа шүүх зөвхөн хэргийн оролцогчийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэх бөгөөд ингэхдээ анхан шатны шүүх хэргийн бодит байдлыг бүх талаас нь бүрэн дүүрэн үнэлж, хуулийг зөв хэрэглэсэн эсэхийг хянах, түүнчлэн шүүхийн шийдвэрээр дүгнээгүй үйл баримтыг давж заалдах шатны шүүх нөхөн тодруулж дүгнэх боломжтой.
Дээр дурдсанчлан, давж заалдах шатны шүүх нь хуульд заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах эрхтэй тул шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд хэрэг хянан шийдвэрлэсэн байна гэж үзнэ.
Давж заалдах гомдлыг шүүх хуралдаанаар хуульд заасан журмын дагуу 3 шүүгчийн бүрэлдэхүүнтэйгээр хянан хэлэлцэж, шийдвэрлэсэн 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн дээрх магадлалын хууль зүйн үндэслэлд Шүүхийн сахилгын хороо хууль зүйн дүгнэлт өгөхгүй, хуулиар ийм эрх хэмжээ олгоогүй харин гагцхүү дээд шатны шүүх буюу хяналтын шатны шүүх уг эрх хэмжээг эдэлдэг.
Тус захиргааны хэргийн оролцогчид болох нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд хэн аль нь давж заалдах шатны шүүхээс гаргасан магадлалыг гардаж авсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх бөгөөд хэрэв магадлалыг эс зөвшөөрч байгаа бол хуульд заасан журмын дагуу хяналтын шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
Иймд шүүх эрх хэмжээний хүрээнд хэрэг хянан шийдвэрлэсэн дээрх үйл баримтыг сахилгын зөрчилд хамаатуулах хууль зүйн үндэслэлгүй.
Сахилгын хэрэгт цугларсан баримтаас үзэхэд тухайн өргөдөлд дурдагдаж буй 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгч “Ж о” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ц, гуравдагч этгээд “Х Х т” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, өмгөөлөгч Н.Ж нар оролцсон байх бөгөөд Шүүхийн сахилгын хороонд өргөдөл гаргагч М.Т оролцоогүй байна.
Тус маргаан бүхий захиргааны хэргийн гуравдагч этгээдийн өмгөөлөгч Н.Ж шүүх хуралдаанд биечлэн оролцсон, түүнчлэн шүүхийн шийдвэр болох магадлал албажиж гарсан талаар шүүхээс түүнд мэдэгдсэн, магадлал гарсан болохыг тэрээр мэдсэн, өөрийн биеэр шүүхэд очиж магадлалаа гардан авахаа илэрхийлсэн байх хэдий боловч хуульд заасан хугацааны дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардаж аваагүй нь шалгах ажиллагааны явцад тогтоогдсон тул энэ нь шүүхийн тодруулбал шүүх бүрэлдэхүүний буруутай үйл ажиллагаа биш байна.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 89 дүгээр зүйлийн 89.3.2-т зааснаар шүүгчийн туслах нь хэрэг маргаан хянан шийдвэрлэх ажиллагаатай холбогдуулан шүүгчээс даалгасан ажиллагааг гүйцэтгэх чиг үүргийг хэрэгжүүлдэг бөгөөд Захиргааны хэргийн хөдөлгөөний нийтлэг аргачлалд заасны дагуу холбогдох ажиллагааг хийсэн нь 2024 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр нэхэмжлэгч, 09 дүгээр сарын 05-ны өдөр хариуцагч тал магадлалыг тус тус гардан авсан, харин гуравдагч этгээдийн өмгөөлөгч 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр гардан авсан тухай баримтаар тогтоогдож байна. Шүүхийн шийдвэр, магадлалыг гардуулах нь шүүхийн захиргааны байгууллагын чиг үүрэгт хамаарна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар магадлалыг шүүх хуралдааны оролцогчдод уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд ийнхүү хүчинтэй болсноос хойш 14 хоногийг дотор илтгэгч шүүгч магадлалын агуулгыг бүрэн эхээр нь бичгээр гаргаж, шүүх бүрэлдэхүүн хянаж, гарын үсэг зурж тамга дарж албажуулна. Ийнхүү албажиж гарсан магадлалыг шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор шүүхэд өөрийн биеэр хүрэлцэн ирж шүүхийн шийдвэр, магадлалыг өөрөө гардан авах хуулийн зохицуулалттай байна.
Хэрэв хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн оролцоогүйгээр хэргийг шийдвэрлэсэн бол шүүх шийдвэрийг энэ хуулийн 108.4 -т заасан хугацаанд тэдгээрт гардуулах боломжтой бөгөөд харин шүүх хуралдаанд өөрөө оролцоогүй, өөрийгөө төлөөлж өмгөөлөгчөө оролцуулсан гуравдагч этгээдэд шүүхийн шийдвэрийг гардуулах үүргийг шүүх хүлээхгүй.
Өмгөөллийн тухай хуульд зааснаар өмгөөлөгч нь хууль зүйн туслалцаа үзүүлж буй үйлчлүүлэгчийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор хууль зүйн мэргэжлийн туслалцаа, үйлчилгээг үзүүлэхээр тохиролцсон тодорхой эрхтэй этгээд байх бөгөөд хэрэг, маргаан хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо холбогдох хуульд заасан журмыг дагаж мөрдөх үүрэгтэй болохыг хуульчлан заажээ.
Сахилгын хэргийн шалгах ажиллагааны хүрээнд Н.Ж-ийн гэрчээр өгсөн мэдүүлэгтээ “... шүүхийн магадлал гарсан талаар Т захиралд мэдэгдэх гэсэн боловч утас нь холбогдохгүй байсан” гэсэн бөгөөд эндээс үзвэл магадлал албажиж гарсан цаг хугацааны талаарх мэдээлэл нь өмгөөлөгч, үйлчлүүлэгч нарын хоорондын асуудал байна гэж үзэхээр байна.
Захиргааны хэрэгт авагдсан Баримт №15 “Шүүхийн шийдвэр /магадлал, тогтоол/-ийг гардуулсан, хүргүүлсэн тухай” баримтад 2024 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, 09 дүгээр сарын 05-ны өдөр хариуцагч тал тус тус гардан авсан хэмээн тэмдэглэгдсэн байх бөгөөд дээрх шүүх хуралдаан болсон 07 дугаар сарын 08-ны өдрөөс магадлал гардуулсан 09 дүгээр сарын 04-ний өдөр хүртэлх хоног хугацааг тоолж үзэхэд хуанлийн 57 хоног өнгөрсөн байна.
Шүүх хуралдаанд хэргийг илтгэж оролцсон шүүгч Э.Л нь илтгэгч шүүгчийн хувиар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж шүүх хуралдааныг товлон зарлах, магадлал зэрэг эрхийн актыг боловсруулах үүргийг хүлээн ажиллажээ.
Сахилгын хэрэгт авагдсан баримтаар 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн давж заалдах шатны шүүх хуралдаан дууссан өдрөөс хойш ажлын 2 хоногийн дараа “Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хууль”-д заасан бүх нийтийн амралтын өдөр буюу Үндэсний Их баяр наадмын өдрүүд тохиосон, мөн 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн А/20 тоот “Ээлжийн амралтын хуваарийг батлах тухай” Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Тамгын газрын даргын тушаалаар батлагдсан хуваарийн дагуу илтгэгч шүүгч Э.Л 2024 оны 07 дугаар сарын 16-ны өдрөөс 08 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл ээлжийн амралттай байсан зэрэг “хүндэтгэн үзэх” шалтгаантай байсан гэж үзэх нөхцөл байдал тогтоогдож байгаа болохыг тухайлан дурдах нь зүйтэй байна гэж үзлээ.
Иймд Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.26-д заасан шүүхийн шийдвэр гаргахтай холбоотой хуульд тодорхой заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр удаа дараа 30 хоногоос дээш хугацаагаар, эсхүл нэг удаа 60 хоногоос дээш хугацаагаар зөрчих гэж заасан зөрчлийн шинжийг хангаагүй гэж үзэх хууль зүйн үндэслэл тогтоогдож байна.
Иймд ... давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Л, Г.М, О.О нарт холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргаж, сахилгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэв.” гэжээ.
Холбогдох шүүгч Э.Л, О.О нар Шүүхийн сахилгын хороонд гаргасан тайлбартаа:
“... 1. ... давж заалдах шатны шүүх хуралдааны 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 457 дугаар магадлалаар ... аймаг дахь ... хэргийн анхан шатны шүүхийн мөн оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 10 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, "Ж о" ХХК-ийн нэхэмжлэлтэй, ... аймгийн ... сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаан шийдвэрлэсэн.
Тус компанийн захирал М.Т-ийн гомдлын “... нэхэмжлэлийн үндсэн шаардлагад тусгагдаагүй, хамааралгүй асуудлыг тогтоолгохоор буцаасан нь захиргааны хэрэг маргааныг удаашруулах, хууль зөрчигчдөд цаг хугацааны давуу байдал үүсгэж, одоо болтол хууль бусаар ажиллах эрх олгосон шийдвэр болсон ..." гэсэн нь хэргийн шийдэлтэй холбоотой, иймд магадлалд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил болон хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах болсон үндэслэлийн талаар тодорхой дүгнэсэн тул энэ талаар нэмж тайлбарлах боломжгүй.
2.Харин ШЕЗ-ийн 2024 оны 218 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан шүүхийн магадлалыг гардуулсан, хүргүүлсэн баримтаас үзэхэд дээрх магадлалыг хэргийн нэхэмжлэгч тал болох “Ж о” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ц 2024 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр, хариуцагч ... аймгийн ... сумын Засаг дарга Ж.Э мөн оны 09 дүгээр сарын 15-ны өдөр, гуравдагч этгээд “Х Х т” ХХК-ийн өмгөөлөгч Н.Ж 11 дүгээр сарын 29-ний өдөр тус тус гардан авсан байна.
Гомдолд "... өнөөдрийг хүртэл 4 сар өнгөрөөд байхад Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3, 119.4 дүгээр зүйлүүдийг зөрчиж, магадлалаа гардуулж өгөхгүй байна ..." гэх боловч хэргийн бусад 2 оролцогч 09 дүгээр сард дээрх байдлаар магадлалын хувийг гардан авсан, харин гуравдагч этгээд талаас магадлалын хувийг аваагүй нь шүүх, шүүх бүрэлдэхүүнээс шалтгаалаагүй болно.
Учир нь тус хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаанд илтгэсэн шүүгч Э.Л-ийн туслах О.Э “Х Х т” ХХК-ийн өмгөөлөгч Н.Ж-ийн 9111... дугаарын гар утас руу 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр залгахад холбогдох боломжгүй, үүнээс 14 хоногийн дараа буюу 09 дүгээр сарын 20-ны өдөр хавьцаа дахин холбогдож, магадлалаа авч амжихгүй бол шууданд хийх талаар танилцуулахад тэрбээр "... би амраад хөдөө явж байна, удахгүй хотод очоод биечлэн гардаж авна, шуудангаар хүргүүлэх хэрэггүй шүү ..." гэж хэлсэн байх бөгөөд үүнээс хойш дахин холбогдоогүй байна.
“Х Х т” ХХК-ийн захирал М.Т-ийн хувьд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд болон давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцоогүй, түүнтэй холбоо барих утас байхгүй, харин шүүх хуралдаанд оролцсон гуравдагч этгээдийн өмгөөлөгч Н.Ж-д магадлал гарсан талаар ийнхүү мэдэгдсэн боловч дээрх хариуг өгсөн талаар шүүгчийн туслах О.Э утсаар ярьсан тэмдэглэл үйлдсэнийг сахилгын хэргийг шалгах явцад өмгөөлөгч Н.Ж-с тодруулах нь сахилгын хэргийг шийдвэрлэхэд нотолгооны ач холбогдолтой юм.
Шүүх бүрэлдэхүүний зүгээс өмгөөлөгч болон үйлчлүүлэгчдийн хоорондын харилцаа, тухайлбал магадлалыг гардан авахыг шүүхээс мэдэгдэж байсныг, шуудангаар бус харин өөрийн биеэр биечлэн авах тухайгаа үйлчлүүлэгч компанийн захирал М.Т-д танилцуулаагүй, эсхүл хэлээгүй, хэлж амжаагүй зэрэг шалтгааныг тайлбарлах боломжгүй.
3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т “Магадлал хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор магадлалын агуулгыг бүрэн эхээр нь бичгээр үйлдэж, шүүх бүрэлдэхүүн гарын үсэг зурна. Магадлалыг хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэ хуулийн 108.4-т заасны дагуу гардан авах, эсхүл шүүх энэ хуулийн 108.6-д заасны дагуу хүргүүлнэ” гэж заасан.
Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д заасны дагуу 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн шүүх хуралдаан болсноос хойш 2 хоногийн дараа буюу 07 дугаар сарын 10-аас 16-ны өдөр хүртэл нийт 6 хоног Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баярын өдөр тохиосон, мөн илтгэгч шүүгч Э.Л 2024 оны 07 дугаар сарын 16-ны өдрөөс 08 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл ажлын 30 хоног ээлжийн амралттай байсан зэргээс үзэхэд хуульд заасан магадлалыг бичгийн хэлбэрээр гаргах хугацааг "хүндэтгэн үзэх шалтгаангүй"-ээр хэтрүүлсэн гэж үзэхгүй.
Мөн эдгээрийг үл харгалзан хуульд заасны дагуу хугацааг тооцох тохиолдолд 07 дугаар сарын 08-ны өдрөөс магадлалыг бичгээр гаргах 14 хоногийн хугацаа 22-ны өдрөөр, үүнээс хойш хэргийн оролцогчдын магадлалыг гардан авах 14 хоногийн хугацаа 08 дугаар сарын 05-ны өдрөөр, мөн хэргийн оролцогчид магадлалыг гардан аваагүй тохиолдолд баталгаат шуудан, эсхүл шүүхийн ажилтнаар хүргүүлэх 7 хоногийн хугацаа 08 дугаар сарын 12-ны өдрөөр тус тус дуусах бөгөөд харин Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.26-д заасан “шүүхийн шийдвэр гаргахтай холбоотой хуульд тодорхой заасан хугацааг 30 хоногоос дээш, эсхүл нэг удаа 60 хоногоос дээш хугацаагаар зөрчих” гэсэн зохицуулалтын дагуу эдгээр хугацааг 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн нэхэмжлэгчид магадлал гардуулсан 09 дүгээр сарын 04-ний өдөр хүртэл тоолж үзэхэд аль аль хугацаа хэтрээгүй байна.
Түүнчлэн Шүүхийн тухай хуулийн дээрх заалтад хугацааг тоолохдоо “хүндэтгэн үзэх шалтгаан байсан эсэх, эсхүл удаа дараа хугацаа хэтрүүлсэн эсэх”-ийг тус тус харгалзан үзэхээр тусгасан байгааг анхаарч сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Өргөдөл гаргагч “Х Х т” ХХК-ийн захирал М.Т- с ... давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Л, Г.М, О.О нарт холбогдуулан “... анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэсэн нь хэрэг маргааныг удаашруулж, хууль зөрчигчид цаг хугацааны давуу байдал үүсгэж, одоог болтол хууль бусаар ажиллах эрх олгосон шийдвэр болсон, ... 4 сар өнгөрөөд байхад магадлалаа гардуулж өгөхгүй байна ...” гэж өргөдөл гаргасныг Сахилгын хорооны гишүүн хүлээн авч хянаад, 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн ГЗҮ/2024/0124 дүгээр захирамжаар сахилгын хэрэг үүсгэн, шалгах ажиллагаа явуулж, 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргажээ.
Нэг. “... анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэсэн нь хэрэг маргааныг удаашруулж, хууль зөрчигчид цаг хугацааны давуу байдал үүсгэж, одоог болтол хууль бусаар ажиллах эрх олгосон шийдвэр болсон ...” гэх тухайд;
Сахилгын хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, “Ж о” ХХК-ийн нэхэмжлэлтэй, ... аймгийн ... сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргийг ... аймаг дахь ... анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 122/ШШ2024/0010 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн үндсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэснийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах журмаар гомдол гаргажээ.
... давж заалдах шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн шүүх хуралдаанаар шүүгч Г.М /даргалагч/, Э.Л /илтгэгч/ О.О нарын бүрэлдэхүүнтэйгээр хянан хэлэлцэж, 221/МА2024/0457 дугаар магадлалаар анхан шатны шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэсэн байна.
Анхан шатны шүүхийн шийдвэрийг хянан шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн магадлалаас үзэхэд, нэхэмжлэгчээс шүүх хуралдааны үед нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн байхад үүнийг нэхэмжлэлийн үндсэн шаардлагатай хамтатган шийдвэрлэхдээ хүлээн авахаас татгалзсан нь нэхэмжлэгчийн гомдол гаргах эрхийг хязгаарласан, хэргийн оролцогчийг шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхээр хангаагүй, нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн тодруулаагүй гэх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон байна.
Дээрх шийдвэр нь анхан шатны шүүх хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийг шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг нь хангалгүй хэргийг шийдвэрлэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэр гаргахад нөлөөлсөн байвал шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах талаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.1, 121.3.3-т тус тус заасантай нийцсэн байна.
Тодруулбал, давж заалдах шатны шүүх нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн, хэргийн оролцогчдын эрхийг хангаагүй гэж үзвэл анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох, улмаар ажиллагааг нөхөн гүйцэтгэх, зөрчлийг давж заалдах шатны шүүх залруулах боломжгүй тохиолдолд хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах эрхтэй бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.2.4-т зааснаар нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг нэхэмжлэлийн бүрдүүлбэрт хамааруулан хуульчилж, хэрэв хуулийн шаардлагыг хангаагүй бол хангуулахаар хугацаа тогтоох, мөн хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1-т заасан үндэслэлүүдээр хүлээн авахаас татгалзсан бол гомдол гаргах эрхтэй байхад нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг шүүх бүрэн тодруулалгүйгээр, хэргийн оролцогчдыг шүүх хуралдаанд оролцох, гомдол гаргах эрхээр хангалгүйгээр хэргийг шийдвэрлэх нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн зөрчилд хамаарах тул анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангахгүй.
Нөгөөтэйгүүр, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь дээд шатны шүүхээс шүүхийн алдааг тогтоож, залруулах боломж олгож байгаа хуулийн зохицуулалт бөгөөд энэ нь гагцхүү Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.3-т заасан үндэслэлүүдээр хязгаарлагддаг ба шаардлагатай ач холбогдол бүхий нөхцөл байдал тодорхой бус байхад хэргийг шийдвэрлэсэн нь шүүхийн хууль хэрэглээний асуудлаар эрх зүйн дүгнэлт хийх боломжийг үгүйсгэдэг.
Иймд ... давж заалдах шатны шүүхээс тус захиргааны хэргийг хянан хэлэлцээд шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцаасан нь хуульд заасан үндэслэлээр давж заалдах шатны шүүхэд олгосон бүрэн эрхийнхээ хүрээнд магадлалаа гаргасан байх тул шүүх бүрэлдэхүүнийг сахилгын зөрчил гаргаагүй гэж үзсэн илтгэгч гишүүний санал үндэслэлтэй байна.
Мөн тус захиргааны хэрэгт гуравдагч этгээдээр оролцож байгаа өргөдөл гаргагч “Х Х т” ХХК нь өргөдөлдөө “...давж заалдах шатны шүүхэд "Ж О" ХХК-иас гаргасан "хууль бусаар ашигласан хэмжээг тогтоолгохоор шинжээч томилж өгнө үү" гэсэн хүсэлт нь захиргааны хэргийн материалаар нэгэнт тогтоогдсон, нэхэмжлэлийн үндсэн шаардлагад тусгагдаагүй, хамааралгүй асуудал байхад анхан шатны шүүхэд буцаах магадлал гаргаж, шийдвэрлэсэн ...” гэж дурдсан боловч дээр дурдсанчлан уг үндэслэлээр л шийдвэрийг хүчингүй болгосон гэж үзэх боломжгүй.
Харин бүрэлдэхүүний шүүгч О.О шинжээч томилох асуудлыг анхан шатны шүүх шийдвэрлэсэн эсэх талаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс асуулт асууж, хариулт авсан болох нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан байх ба шүүх хуралдааны явцад хэргийн үйл баримтыг тодруулахаар шүүх бүрэлдэхүүнээс асууж тодруулсан зүйлийг магадлалын үндэслэлд шууд хамааруулж авч үзэх нь учир дутагдалтай юм.
Хоёр. “... 4 сар өнгөрөөд байхад магадлалаа гардуулж өгөхгүй байна ...” гэх тухайд;
... давж заалдах шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 04 дүгээр тогтоолын 2.1-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гаргасан гомдлыг хүлээн авсан шүүгч илтгэгч болох ба илтгэгч шүүгчийн туслах нь тухайн хэргийг хянан шийдвэрлэх холбогдох ажиллагааг гүйцэтгэх чиг үүргийн дагуу туслах О.Э нь 2024 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр магадлал гардуулсан баримтыг үйлдэж, түүнд 221/МА2024/0457 дугаар магадлалыг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ц 2024 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр, хариуцагч 09 дүгээр сарын 05-ны өдөр, харин гуравдагч этгээд “Х Х т” ХХК-ийн өмгөөлөгч Н.Ж 11 дүгээр сарын 29-ний өдөр тус тус гарын үсэг зуран гардаж авсан болох нь тусгагдсан байна.
Өргөдөлд дурдсан үндэслэлээр шалгах ажиллагаа явуулаад илтгэгч гишүүнээс “шүүх хуралдаан болсон 07 дугаар сарын 08-ны өдрөөс магадлал гардуулсан 09 дүгээр сарын 04-ний өдөр хүртэлх хоног хугацааг тоолж үзэхэд хуанлийн 57 хоног өнгөрсөн байна” гэж үзжээ.
Өргөдлийн “... 4 сар өнгөрөөд байхад магадлалаа гардуулж өгөхгүй байна ...” гэх үндэслэлийг шүүгч болон шүүгчийн туслахын хуулиар хүлээсэн чиг үүргийн хүрээнд тус тусад нь авч үзэх шаардлагатай бөгөөд шүүгчийн хувьд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т заасан магадлалын агуулгыг бүрэн эхээр нь бичгээр үйлдэж, гарын үсэг зурж албажуулах 14 хоногийн хугацааг хэтрүүлсэн тохиолдолд Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.26-д заасан “шүүхийн шийдвэр гаргахтай холбоотой хуульд тодорхой заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр удаа дараа 30 хоногоос дээш хугацаагаар, эсхүл нэг удаа 60 хоногоос дээш хугацаагаар зөрчих” зөрчилд тооцно.
Харин Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.6-д заасны дагуу магадлалыг гардуулах, хүргүүлэх ажиллагааг шүүгчийн туслах хариуцан гүйцэтгэхээр Захиргааны хэргийн хөдөлгөөний нийтлэг аргачлалд заасан.
Сахилгын хэрэгт магадлалыг хэзээ албажуулсан талаарх баримт авагдаагүй, холбогдох шүүгч нар ч үүнийг тодорхойлсон тайлбарыг ирүүлээгүй боловч шүүгчийн туслахын үйлдсэн баримтын огноо болон магадлалыг хамгийн эхэнд гардаж авсан огноо болох 2024 оны 09 дүгээр сарын 04-ний өдрөөр тооцох эсэх талаар маргаан гараагүй тул уг хугацаагаар магадлалыг албажуулсан гэж үзлээ.
Шүүх хуралдаан болсон 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдрөөс магадлалыг албажуулах 14 хоногийн хугацаа 07 дугаар сарын 22-ны өдөр дууссан ба үүнээс 43 хоногийн дараа магадлалыг албажуулсан нь шүүхийн шийдвэр гаргахтай холбоотой хуульд тодорхой заасан хугацааг хэтрүүлсэн гэж үзэхээр байх боловч Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.26-д заасан зөрчлийн “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр”, “удаа дараа” гэх нөхцөлүүдэд хамаарахгүй байх ба магадлалыг албажуулах ёстой хугацаанд бүх нийтийн амралтын өдөр буюу Үндэсний Их баяр наадмын өдрүүд тохиосон, мөн хэргийг хүлээн авсан, магадлалын төслийг боловсруулах үүргийг хүлээсэн илтгэгч шүүгч Э.Л 2024 оны 07 дугаар сарын 16-ны өдрөөс 08 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл ээлжийн амралттай байсан зэрэг хүндэтгэн үзэх шалтгаан, нөхцөл байдал баримтаар тогтоогджээ.
Дээрхээс үзэхэд, давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүнийг магадлалаа хугацаандаа албажуулаагүй үйлдэл нь хуульд заасан зөрчлийн шинжийг агуулаагүй байна гэж үзсэн илтгэгч гишүүний санал үндэслэлтэй байна.
Харин магадлалыг гуравдагч этгээд “Х Х т” ХХК-ийн зүгээс 2 сар гаруй хугацааны дараа гардаж авсан боловч үүнд шүүхийн буруутай үйл ажиллагаа нөлөөлөөгүй гэж үзлээ.
Учир нь шүүгчийн туслахаас шүүх хуралдаанд оролцсон гуравдагч этгээдийн өмгөөлөгч Н.Ж-д 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр магадлалыг гардаж авах талаар мэдэгдэх гэсэн боловч “холбогдох боломжгүй” байсан ба Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.6-д зааснаар гардаж авах хуулийн хугацаа дууссан тул баталгаат шуудангаар хүргүүлэх талаар 09 дүгээр сарын 23-ны өдөр мэдэгдэхэд “өөрийн биеэр очиж авна, шуудангаар хүргүүлэх шаардлагагүй” гэх хариуг өгчээ.
Энэ талаар тодруулахаар өмгөөлөгч Н.Ж-с гэрчийн мэдүүлэг авахад үгүйсгээгүй буюу өөрөө очиж авах талаар хэлсэн болохоо мэдүүлсэн ба мөн “Х Х т” ХХК-ийн захирал М.Т-д магадлал албажсан талаар хэлэх гэсэн боловч утас нь холбогдохгүй байсан гэх мэдүүлэг зэргээс үзэхэд, шүүхийн гэхээс илүүтэй хэргийн оролцогч, төлөөлөгч, өмгөөлөгч нарын өөрсдийн зохион байгуулалт, хариуцлагатай холбоотой байна.
Иймд илтгэгч гишүүнээс ... давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Л, Г.М, О.О нарт холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргасныг хүлээн авах нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзлээ.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.2, 112.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Сахилгын хорооны гишүүний 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн ГС/2025/0001 дүгээр “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” саналыг хүлээн авч, ... давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Л, Г.М, О.О нарт холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6 дахь хэсэгт зааснаар магадлал гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч нар болон өргөдөл, мэдээлэл гаргагчийн оршин суугаа газрын эсхүл ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар хүргүүлэхийг Ажлын албанд даалгасугай.
3.Дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох ба энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг мэдэгдсүгэй.
Магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ Х.ХАШБААТАР
ГИШҮҮН Д.МЯГМАРЦЭРЭН
С.ЭНХТӨР