info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих ШИЛЭН ДАНС
ENMNG

МОНГОЛ УЛС

ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО

ХЯНАЛТЫН ТОГТООЛ

2025-02-04

Дугаар 2

Улаанбаатар хот

Эсэргүүцлийг хангахгүй орхиж, магадлалыг хэвээр үлдээх тухай

Шүүхийн сахилгын хорооны хянан үзэх хуралдааныг гишүүн Д.Эрдэнэчулуун даргалж, гишүүн Г.Цагаанцоож, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Д.Мягмарцэрэн, хуралдааны тэмдэглэл хөтлөгчөөр хуралдаан хариуцсан ахлах мэргэжилтэн А.Н нарыг оролцуулан тус хорооны хуралдааны танхимд нээлттэй хийв.

Шүүхийн сахилгын хорооны 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн СХМ/2024/...1 дүгээр магадлалыг эс зөвшөөрч, илтгэгч гишүүний гаргасан эсэргүүцлийг хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн сахилгын хорооны 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн СХМ/2024/...1 дүгээр магадлалаар: “...Шүүгч нь хэргийн оролцогчийн хүсэлтийг хэлэлцээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн зөрчил гэж үзэхээр байх боловч харин ноцтой байх шаардлага хангагдаагүй байна... Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23 дахь заалтад заасан хуулийн илт тодорхой заалтыг зөрчсөн зөрчил нь ноцтой, эсхүл удаа дараа гаргасан байж хуулийн шаардлага хангагддаг. Хэргийн оролцогч хүсэлтээ шийдвэрлүүлээгүйгээс үр дагавар үүссэн, мөн хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх ашигт нөлөөлсөн нь ноцтой байх үндэслэлийг бүрдүүлнэ. ...хэргийг 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр шийдвэрлэх хүртэл удаа дараа хүсэлт гаргаж, шүүхээр шийдвэрлүүлж байсан нэхэмжлэгчийн эрх ашиг хэрхэн хөндөгдсөнийг, ямар үр дагавар бий болсон эсэхийг дүгнээгүй, сахилгын хэрэгт авагдсан баримтаар энэ байдал тогтоогдохгүй байх тул ноцтой гэж үзэхгүй; ...2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн шүүгчийг татгалзан гаргах тухай хүсэлтийг шүүгч хүлээн авахаас татгалзаж, шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.6 дахь хэсэгт заасныг зөрчсөн гэж үзэхгүй гэж илтгэгч гишүүний үзсэн нь үндэслэлтэй байна; ...даргалагч гэрээс асуулт асууж, тодруулга авч байгааг хууль зөрчсөн гэж үзэхгүй. Иймд илтгэгч гишүүний “...Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.1 дэх заалтад заасан шүүх хуралдаан даргалах нийтлэг чиг үүргийг хэрэгжүүлж, дээрх хуульд заасан хүрээнд хэргийн оролцогчдоос асууж, хэргийн үйл баримтыг тодруулсан байна...” гэж үзсэн нь үндэслэлтэй; ...Шүүх хуралдааны тэмдэглэл нь  шүүхийн шууд нотолгооны хэрэгслийн нэг болдгоороо бусад бичмэл нотлох баримтаас онцлогтой тул viber буюу цахим хэлбэрээр авч танилцахыг эс зөвшөөрсөн шүүгчийн үйлдлийг сахилгын зөрчил гаргасан гэж үзэх үндэслэлгүй байна...” гэж үзээд илтгэгч гишүүний нотлох дүгнэлтийг хүчингүй болгож, шүүгч А.М-д холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Илтгэгч гишүүн 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн ГЭ/2025/01/0006 дугаар эсэргүүцэлдээ: Шүүхийн сахилгын хорооны гишүүн би, иргэн Ц.Б-ын одоогоор ... Иргэний хэргийн анхан шатны шүүхийн   шүүгч А.М-д холбогдуулан гаргасан өргөдлийг хүлээн авч, Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2024 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн ГЗҮ/2024/...9 дүгээр захирамжаар Сахилгын хэрэг үүсгэн, шалгах ажиллагаа явуулаад 2024 оны 07 дүгээр сарын 02-ны өдөр ГНД/2024/...9 дугаартай сахилгын зөрчил гаргасныг нотлох тухай дүгнэлт гаргасан.

Дүгнэлтийг Сахилгын хорооны 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн хуралдаанаар хэлэлцээд СХМ/2024/...1 дүгээр магадлалаар “

... нотлох дүгнэлтийг хүчингүй болгож, шүүгч А.М-д холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэсэн.

Өргөдөл гаргагчийн өргөдөлд дурдсан агуулгуудад холбогдуулан илтгэгч гишүүний зүгээс 4 үндэслэлд дүгнэлт хийсэн.

Үүнээс өргөдлийн “... 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн шүүх хуралдаанд шүүгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 92.6 дахь заалтыг зөрчсөн” гэх үндэслэлийг шалгаж, үнэлээд холбогдох шүүгч нь “нэхэмжлэгчээс гаргасан шүүгчийг татгалзан гаргах тухай хүсэлт нь урьд Ерөнхий шүүгчийн 2024 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 1...7 дугаартай захирамжаар шийдвэрлэсэн үндэслэлтэй ижил үндэслэлээр хүсэлтийг дахин гаргасан тул хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж, шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.6-д заасныг зөрчсөн гэж үзэхгүй” гэж дүгнэснийг Сахилгын хорооны хуралдаанаар хүлээн авсан.

Илтгэгч гишүүний дүгнэлт гарсны дараа сахилгын хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой гэж үзэж Монгол Улсын Шүүхийн шийдвэрийн цахим санд нээлттэй байршсан Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн .../МА2024/...5 дугаар магадлалыг  хавсаргасан.

Тус магадлалд “...нэхэмжлэгч нь 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн шүүх хуралдааны татгалзлын шатанд “...Шүүхийн сахилгын хороонд шүүгчийн талаар гомдол гаргасан боловч шийдвэрлээгүй байгаа, 2024 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр шүүгчээс татгалзах хүсэлт гаргасан байхад 6 хоногийн дараа буюу 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр шүүх хуралдаан товлосон, гомдол гаргах эрхгүй захирамж гаргасан, нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн авахаас татгалзсан захирамжид нэхэмжлэлийг хэрхэн мэдүүлэх, шүүх хүлээн авахад саад болж буй зөрчлийг нь тодорхойлж өгөөгүй...” гэсэн өөр үндэслэлээр татгалзсан байхад шүүгч үүнийг шүүгчийг урьд өмнө гаргасан гэж татгалзлыг ерөнхий шүүгчээр шийдвэрлүүлээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.6 дахь хэсэгт заасан журмыг зөрчсөн” гэж дүгнэсэн байна. 

Дээрхээс үзвэл нэг үйл баримтад өгч буй илтгэгч гишүүний нотлох дүгнэлт болон Сахилгын хорооны магадлал нь Давж заалдах шатны шүүхийн магадлалаас өөрөөр буюу зөрүүтэй дүгнэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2-т “...хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэж заасанд нийцэхгүй.

Өөрөөр хэлбэл нэг үйл баримтад өгч буй Сахилгын хорооны шийдвэр нь давж заалдах шатны шүүхийн шийдвэртэй хууль хэрэглээний хувьд нэгдмэл байх учиртай.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 101 дүгээр зүйлийн 101.2 дахь хэсэгт “Сахилгын хороо шүүгчийн сахилгын хэргийг хянан шийдвэрлэхдээ хууль дээдлэх, шударга, ил тод, хараат бус байх, өргөдөл, мэдээллийг заавал хянан шийдвэрлэх зарчмыг мөрдлөг болгоно” гэж заасан.

Холбогдох шүүгч А.М нь Ц.Б-ын нэхэмжлэлтэй, “Д” ХХК-д холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцсэн 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн шүүх хуралдааны татгалзлын шатанд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.6 дахь хэсэгт заасан журмыг зөрчсөн эсэхэд илтгэгч гишүүний зүгээс дахин дүгнэлт өгч, сахилгын хорооны хуралдаанаар шийдвэрлүүлэх нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 95 дугаар зүйлийн 95.20-д “Сахилгын хорооны шийдвэр хууль ёсны, үндэслэл бүхий байх ...” гэж заасан шаардлага нийцнэ.

Дээрх үндэслэлээр ....Иргэний хэргийн анхан шатны шүүхийн   шүүгч А.М нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т “хуулийн илт тодорхой заалтыг ноцтой, эсхүл удаа дараа зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргах” гэж заасан шүүгчид хориглосон  зөрчлийг гаргасан эсэхэд илтгэгч гишүүний зүгээс дахин дүгнэлт өгөх нь зүйтэй байна.

Иймд Шүүхийн сахилгын хорооны 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн СХМ/2024/...1 дүгээр магадлал нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй тул Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.8-д зааснаар эсэргүүцлийг бүхэлд нь хангаж, магадлалыг хүчингүй болгож, дахин шалгуулахаар илтгэгч гишүүнд буцааж өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Эсэргүүцлийг хангах үндэслэл тогтоогдохгүй байна гэж бүрэлдэхүүн үзэв.

1. Нотлох дүгнэлтэд  “...шүүгч А.М нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.1-д шинэ нотлох баримт бүрдүүлэх ба хэрэг хянан шийдвэрлэхтэй холбоотой бусад асуудлын талаар хэргийн оролцогчоос гаргасан хүсэлтийг бусад оролцогчийн саналыг сонсмогц шүүх бүрэлдэхүүн буюу шүүгч даруй шийдвэрлэнэ гэж заасныг зөрчиж нэхэмжлэгчийн хүсэлт гаргах эрхийг хязгаарлаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн тул Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т заасан хуулийн илт тодорхой заалтыг ноцтой зөрчсөн...” гэжээ. /с.х-ийн 140-151 тал/

Сахилгын хэрэгт авагдсан баримтаас үзэхэд, Ц.Б-ын “Д” ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг ...Иргэний хэргийн анхан шатны шүүгч А.М хүлээн авч, 2023 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн .../ШЗ2023/...50 дугаар захирамжаар иргэний хэрэг үүсгэн,  хариуцагчид 2023 оны 3 дугаар сарын 20-ны өдөр гардуулан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж, улмаар хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэжээ. /с.х-ийн 91 тал/

Хэргийг хэлэлцсэн 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгч хүсэлт гаргахаа илэрхийлэхэд шүүгч А.М шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн болох нь шүүх хуралдааны дуу-дүрсний бичлэг, тэмдэглэлээр тогтоогдсон байна. /с.х-ийн 38-58 тал/

Сахилгын хорооны 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн хуралдаанаар нотлох дүгнэлтийг хянан хэлэлцээд нотлох дүгнэлтийг хүчингүй болгож, сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ “...шүүгч хэргийн оролцогчийн хүсэлтийг шийдвэрлээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн зөрчил гэж үзэхээр боловч харин ноцтой байх шаардлага хангагдаагүй байна...” гэж дүгнэсэн. /с.х-ийн 182-199 тал/

Нэхэмжлэгч ямар хүсэлт гаргах байсан, энэ нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ач холбогдолтой байсан эсэх нь тодорхой бус бөгөөд урьд нь удаа дараа хүсэлт гаргаж шийдвэрлүүлж байсан нь сахилгын хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогджээ.

Энэ тохиолдолд холбогдох шүүгчийг хуулийн илт тодорхой заалтыг ноцтой зөрчсөн гэж үзэхгүй талаарх сахилгын хорооны дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй бөгөөд илтгэгч гишүүн энэ хэсэгт эсэргүүцэл бичээгүй байна. 

2. Нэхэмжлэгч 2024 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн шүүх хуралдаанд шүүгч А.М-ыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1.3 дахь заалтад заасан үндэслэлээр татгалзан гаргах хүсэлт гаргасан, тус шүүхийн Ерөнхий шүүгчийн 2024 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 181/ЕШ2024/...7 дугаар захирамжаар хангахгүй орхиж шийдвэрлэжээ. /с.х-ийн 34-37 тал/

Нэхэмжлэгч 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн шүүх хуралдаанд шүүгчийг татгалзан гаргах хүсэлтийг дахин гаргасныг шүүгчийн захирамжаар хүлээн авахаас татгалзахдаа “...өмнө нь шийдвэрлэсэн...” гэсэн үндэслэл дурджээ.

Энэ талаар нотлох дүгнэлтэд “...  ижил үндэслэлээр татгалзах хүсэлт гаргасныг шүүгч хүлээн авахаас татгалзсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.6-д заасныг зөрчсөн гэж үзэхгүй ...” гэсэн нь   үндэслэлтэй болсон талаар  Сахилгын хорооны магадлалд тусгасан байна. /с.х-ийн 182-199 тал/

Сахилгын хэрэгт шалгах ажиллагаа явуулаад нотлох дүгнэлт үйлдсэний дараа Ц.Б-ын нэхэмжлэлтэй иргэний хэргийг шийдвэрлэсэн ... Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн .../ШШ2024/...6  дугаар шийдвэрийг зохигчийн гомдлоор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2024 оны 7 дугаар сарын 17-ны өдөр хянан хэлэлцээд  .../МА2024/...5 дугаар магадлалаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаажээ. /с.х-ийн 155-162 тал/

Илтгэгч гишүүний эсэргүүцэлд “... магадлалд өөр үндэслэлээр шүүгчийг татгалзсан байхад татгалзлыг Ерөнхий шүүгчээр шийдвэрлүүлээгүй нь ...хууль зөрчсөн” гэж дүгнэсэн байна. Нэг үйл баримтад өгч буй илтгэгч гишүүн болон сахилгын хорооны дүгнэлт давж заалдах шатны шүүхийн магадлалын дүгнэлтээс зөрүүтэй, ...сахилгын хорооны шийдвэр давж заалдах шатны шүүхийн шийдвэртэй хууль хэрэглээний хувьд нэгдмэл байх учиртай.... иймд илтгэгч гишүүний зүгээс дахин дүгнэлт өгөх нь зүйтэй...” гэжээ. 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх; нэмэлт өөрчлөлт оруулах; зарим хэсгийг хүчингүй болгож бусад хэсгийг хэвээр үлдээх буюу өөрчлөх;  бүхэлд нь буюу зарим хэсгийг хүчингүй болгож хэргийг буюу нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох; эсхүл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэж үзвэл шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах шийдвэрүүдийн аль нэгийг гаргах  эрхтэй. 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хэмжээнд ...Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн .../ШШ2024/...6  дугаар шийдвэрийг хянан үзээд анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн гэх үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгосон нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23 дахь заалтад хамаарахгүй юм.

Тодруулбал, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэргийн оролцогчийн гаргасан гомдлоор давж заалдах шатны шүүх хянаад хуульд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд гаргасан магадлалд дурдсан үндэслэл бүхэн нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 55 дугаар зүйлд заасан шүүгчийн зөрчил болохгүй болно.

Иймд Шүүхийн сахилгын хорооны магадлалыг хэвээр үлдээж, илтгэгч гишүүний эсэргүүцлийг хангахгүй орхив.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.8.1, 113.13 дахь хэсэгт заасныг  тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Сахилгын хорооны хуралдааны 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн СХМ/2024/...1 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, илтгэгч гишүүний эсэргүүцлийг  хангахгүй орхисугай.

2. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.14 дэх хэсэгт зааснаар хяналтын тогтоолыг гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч нар болон өргөдөл гаргагч нарт хүргүүлэхийг Ажлын албанд даалгасугай.

3. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хяналтын тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхэд сахилгын хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Хяналтын тогтоолыг хүргүүлснээр гардан авсанд тооцох бөгөөд энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг дурдсугай.

                               ДАРГАЛАГЧ                                Д.ЭРДЭНЭЧУЛУУН

                          ГИШҮҮН                                        Г.ЦАГААНЦООЖ

                                                                        С.ЭНХТӨР