
МОНГОЛ УЛС
ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО
ХЯНАЛТЫН ТОГТООЛ
2025-01-22
Дугаар 1
Улаанбаатар хот

Холбогдох шүүгчийн гомдлыг хангаж, магадлалыг хүчингүй болгон,
сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Шүүхийн сахилгын хорооны хянан үзэх хуралдааныг гишүүн Д.Эрдэнэчулуун даргалж, гишүүн Б.Сугар, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн О.Номуулин, хуралдааны тэмдэглэл хөтлөгчөөр хуралдаан хариуцсан ахлах мэргэжилтэн А.Н, холбогдох шүүгч Т.Б нарыг оролцуулан тус хорооны хуралдааны танхимд нээлттэй хийв.
Шүүхийн сахилгын хорооны 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн СХМ/2024/...8 дугаар магадлалыг эс зөвшөөрч, холбогдох шүүгчийн гаргасан гомдлыг хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн сахилгын хорооны 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн СХМ/2024/...8 дугаар магадлалаар: “...Тус эрүүгийн хэрэгт оролцох “Б” ХК-ийн төлөөлөгч нарын эрх, үүргийг хуулийн этгээдийн эрх бүхий албан тушаалтнаас олгосон албан бичгийг үндэслэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан шүүгчийн үйлдлийг зөрчилд тооцохгүй...; ...Шүүх хуралдааныг товлох хугацааг хуульд нарийвчлан тодорхойлоогүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг зөрчөөгүй гэж үзсэн илтгэгч гишүүний саналыг хүлээн авах нь зүйтэй; ...Хэдийгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг зөрчсөн боловч энэ нь шууд шүүгчийн буруутай үйл ажиллагаанаас шалтгаалсан гэж үзэхгүй бөгөөд Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2022 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 53 дугаар тогтоолоор баталсан Эрүүгийн хэргийн хөдөлгөөний нийтлэг аргачлалд заасан чиг үүргээ шүүгчийн туслах хэрэгжүүлээгүйгээс үүссэн байна. Мөн өмгөөлөгч болон шүүгдэгч нараас уулзах хүсэлт гаргасаар байтал уулзуулаагүй гэх нөхцөл байдал шалгах ажиллагааны хүрээнд тогтоогдоогүй тул шүүгчийг Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т заасныг зөрчсөн гэж үзэхгүй ...; ... шүүгч Т.Б нь шүүгдэгч Д.Б-ыг товлосон шүүх хуралдаанаас өмнө өмгөөлөгч авч, хэргийн материалтай танилцуулаагүйн улмаас өмгөөлөгчөөс шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасантай холбогдуулан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулсан гэж дүгнэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлд заагаагүй үндэслэлээр цагдан хорьсон нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т заасан зөрчилд хамаарна...” гэж үзээд холбогдох шүүгчид Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1.7 дахь заалтад зааснаар “нээлттэй сануулах” сахилгын шийтгэл оногдуулжээ.
Сахилгын хэргийн оролцогч шүүгч дээрх магадлалыг эс зөвшөөрч бичгээр ирүүлсэн гомдолдоо: “Эрүүгийн 1....6 дугаартай хэргийн шүүгдэгч Д.Б нарт холбогдох хэргийг хянан хэлэлцэх:
1. 2024 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн шүүх хуралдаанд шүүгдэгч Д.Б-ы өмгөөлөгч А.Э ирээгүй бөгөөд шүүгчийн туслахад өмгөөлөгч А.Э шүүгдэгч н.Б-ыг төлбөрөө төлөөгүй гэсэн байсан. Д.Б-ы өмгөөлөгчөөс бусад оролцогчид ирсэн, шүүх хуралдаан явагдах ирц бүрдсэн байсан. Шүүгдэгч н.Б өмгөөлөгчгүйгээр шүүх хуралдаанд оролцох талаар шүүхэд бичгээр хүсэлтээ өгсөн байснаа өмгөөлөгч авах хүсэлт гаргасан тул түүний хүсэлтээр шүүх хуралдааныг хойшлуулсан.
2. 2024 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн шүүх хуралдаанд /өмнөх хуралдаанаас 14 хоногийн дараа/ өмгөөлөгч Б.Б Д.Б-ы өмгөөлөгчөөр орж ирсэн. Өмгөөлөгч Б.Б “хэргийн материалтай танилцах” хүсэлт гарган, шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасан. Бусад оролцогчдын ирц бүрэн байсан. Өмгөөлөгч Б.Б нь энэ хэрэгт урьд өмнө нь урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанд оролцож байсан ба шүүх хуралдаан хойшлуулсан хугацаанд тэрээр “би өөрийн үйлчлүүлэгчид байгаа материалтай танилцаж байгаа...” талаараа хэлж, шүүхэд ирсэн хэргийн материалтай танилцаагүй байдаг.
80 хавтастай, 6 хүнд холбогдох 30 гаруй хохирогчтой энэ эрүүгийн хэрэг 2023 оны 12 дугаар сард шүүхэд ирж түүнээс хойш хойшлогдсоор 2024 оны 8 дугаар сар хүрсэн нөхцөл байдалтай байсан ба Д.Б-д өмгөөлөгчийнхөө асуудлыг шийдвэрлэх хангалттай хугацаа байсан.
Дээрх шүүгдэгч Д.Б-ы үйлдлийг шүүгч би Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 7.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан үйлдэл байна гэж дүгнээд мөн хуулийн 7.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-д авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилсөн.
Сахилгын хорооны гишүүн нь “...шүүгдэгчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн аль нэг заалтыг баримтлах ёстой...” гэж үзсэн. Би шүүгдэгч Ч.Б-ыг мөн хуулийн 14.9 дүгээр зүйлд заасан үндэслэлээр бус, 7.9 дүгээр зүйлд заасан үүргээ биелүүлээгүй гэж үзэж таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан.
Өмгөөлөгчийн буруутай үйл ажиллагаа байхад шүүгдэгчийн таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилсөн нь буруу гэж үзсэн бөгөөд 80 хавтастай, 6 хүнд холбогдох, 30 гаруй хохирогчтой энэ хэргийн хувьд 2023 оны 12 дугаар сараас 2024 оны 8 дугаар сар хүртэлх хугацаанд хэргийн материалтай танилцах, өмгөөлөгчийнхөө асуудлыг шийдвэрлэх хангалттай хугацаа байсан. Ганцхан шүүгдэгчийн эрх ашиг хөндөгдөхгүй, хохирогч болон бусад оролцогч нарын эрх ашиг хөндөгдөнө. Мөн өмгөөлөгчийн үйл ажиллагаа бол шүүгдэгчийн хүсэл зориг байдаг тул шүүх хуралдааны ирц бүрдсэн 2 ч тохиолдолд шүүгдэгч Ч.Б-аас болж шүүх хуралдаан хойшилсон. Хэрэв Д.Б өмгөөлөгчийн асуудлаа шийдвэрлэсэн бол шүүх хуралдаан аль хэдийн явагдчих байсан. Тиймээс би Ч.Б-ыг үүргээ биелүүлээгүй гэж үзсэн.
Иймд шүүгч Т.Б би хууль зөрчөөгүй гэсэн тайлбарыг гаргасан бөгөөд өмгөөлөгч Б.Б-ийн өргөдлийн дагуу үйлдсэн илтгэгч гишүүний ГНД/2024/...7 дугаар “Сахилгын зөрчил гаргасныг нотлох дүгнэлт”-ийг хэлэлцсэн Шүүхийн сахилгын хорооны 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн СХМ/2025/...8 дугаар магадлалаар “нээлттэй сануулах” сахилгын шийтгэл оногдуулсанд миний бие эс зөвшөөрч гомдол гаргаж байна” гэжээ.
Холбогдох шүүгч Т.Б хянан үзэх хуралдаанд гаргасан тайлбартаа: Магадлалыг эс зөвшөөрч бичгээр гаргасан гомдолдоо тайлбараа дэлгэрэнгүй бичсэн байгаа. Ерөнхийдөө энэхүү хуралдаанд өмнөх тайлбараа дэмжиж оролцоно.
Энэ эрүүгийн хэргийн хувьд хуучнаар ...Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд томилолтоор ажиллаж байх хугацаанд хуваарилагдсан 40 хэргүүдийн нэг нь Д.Б нарт холбогдох маш олон хэргийн оролцогчтой, эрүүгийн 80 хавтастай хэрэг юм. Бусад хэргүүдийг ерөнхийдөө шийдвэрлээд дууссан боловч энэхүү Д.Б нарт холбогдох хэрэг нь ямар нэгэн шалтгаанаар хойшилсоор байгаад 2024 оны 8 дугаар сар хүрсэн. Хуралдааныг хойшлуулахдаа хангалттай хугацаагаар хойшлуулж байсан.
Миний хувьд тухайн шүүгдэгчид хууль бус аргаар, хуульд заасан үндэслэлгүйгээр, хуульд заагаагүй үндэслэлээр таслан сэргийлэх арга хэмжээ авсан гэж үзэхгүй байна.
Шүүгдэгч нь өмгөөлөгчийнхөө төлбөр мөнгөний асуудлыг шийдэж, хуралдаанд бэлэн байх үүрэгтэй бөгөөд энэхүү үүргээ биелүүлээгүйгээс ирц бүрдсэн шүүх хуралдааныг явуулах боломжгүй болгосон. Энэ үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 7.9 дүгээр зүйлийн 1.4-т заасан үүргээ биелүүлээгүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулсан гэж үзэн таслан сэргийлэх арга хэмжээг нь өөрчилсөн...
Өөрөөр хэлбэл өмгөөлөгчийн үйл ажиллагаа нь шүүгдэгчийн хүсэл зориг байдаг учраас шүүгдэгчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулж байна гэж үзсэн буюу би шүүн таслах ажиллагааг явуулахын тулд, хэргээ шийдвэрлэхийн тулд авсан арга хэмжээ. Энэ арга хэмжээ нь хуульд заасан арга хэмжээ учраас би өөрийгөө хууль зөрчсөн гэж үзэхгүй байна... Иймээс магадлалыг хүчингүй болгож өгнө үү” гэв.
Илтгэгч гишүүн хянан үзэх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүгч Т.Б-ын хувьд үнэхээр ачаалалтай байсан нь үнэн. Энэхүү хэрэг нь олон шүүгдэгч, олон хохирогчтой, олон хавтастай хэрэг байсан.
Тухайн хэрэг нь урьдчилсан хэлэлцүүлгээс хойш олон удаа хойшилсон байдаг. Хойшлохдоо улсын яллагч шүүх хуралдаантай, бусад шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч нар ирээгүй гэх мэт шалтгаануудтай байсан. Харин 2024 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн шүүх хуралдаанаар Д.Б-ы өмгөөлөгч ирээгүй гэдгээр ганц хойшилсон тохиолдол байгаа бөгөөд шүүх хуралдааныг 2024 оны 8 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл хойшлуулсан. Тухайн шүүх хуралдаанд өмнө нь урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан, давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцож байсан Б.Б гэх өмгөөлөгч ирж, “хэргийн материалтай танилцъя” гэж дахин шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасан.
Шүүгч Т.Б нь өмгөөлөгчийн хүсэлтийг хангаж, шүүх хуралдааныг хойшлуулсан боловч шүүгдэгч Д.Б-ыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулсан гэж үзэн түүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан...
Миний хувьд яагаад хуулийн илт тодорхой заалт зөрчсөн гэж үзсэн бэ гэхээр Монгол Улсын Үндсэн хуульд хүнийг хууль бусаар мөрдөн мөшгөх, баривчлахыг хориглодог ба зөвхөн хуульд заасан үндэслэлээр эрхийг нь хязгаарладаг. Хуульд заасан үндэслэл нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг ямар тохиолдолд авах талаар заасан. Хэдийгээр мөн хуулийн 7.9 дүгээр зүйлд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд санаатайгаар саад учруулбал таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх үндэслэл болно гэж заасан байгаа ч өөрчилж байгаа таслан сэргийлэх арга хэмжээ нь өөрөө ямар ч тохиолдолд авах хуульд заасан үндэслэл байх ёстой гэж би үзсэн...
Шүүхийн практикт ирэхгүй байгаа шүүгдэгчид дээр дурдсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.9 дүгээр зүйлд зааснаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авдаг. Энэ нөхцөл байдлыг арилгахаар тухайн хуульд өөрчлөлт орсон. Үнэхээр энэ нөхцөл байдлыг удаа дараа гаргаад байх юм бол шүүх хуралдааныг хойшлуулахгүй шууд хуралдааныг үргэлжлүүлэх эрхийг шүүхэд олгосон... Гэтэл хуулийг зөв хэрэглэхгүй, Д.Б-ы өмгөөлөгчийг оролцуулъя, хэргийн материал танилцуулъя гэсэн мөрт лөө Д.Б-ыг санаатай саад учруулсан гэсэн нь буруу юм... Миний хувьд Монгол Улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан иргэний эрхэд халдаж цагдан хорихдоо Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэлээр буюу ямар тохиолдолд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах ёстой гэж хуульчилсан юм тэр үндэслэлийг нь барих ёстой гэж үзээд “ноцтой” гэх шинжийг агуулж байна гэж үзсэн.
Мөн дашрамд хэлэхэд шүүхийн практикт ийм асуудал байдаг учраас магадгүй ноцтой гэж үзэхгүй байх боломжтой. Энэ нь хуралдааны бүрэлдэхүүний бүрэн эрх тул би эсэргүүцэл бичихгүй гэж хэлмээр байна” гэв.
Сахилгын хэргийн оролцогч, шүүгч Т.Б-ын гомдлыг хянан үзэх хуралдаанаар хэлэлцээд Шүүхийн сахилгын хорооны 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн СХМ/2024/...8 дугаар магадлалыг хүчингүй болгож, сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж үзлээ.
1. Сахилгын хэргийн тухайд:
Өмгөөлөгч Б.Б нь шүүгч Т.Б-ыг “хуучнаар ...Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хянагдаж буй эрүүгийн 1....6 дугаар хэргийн яллагдагч Д.Б-ыг 2024 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн шүүх хуралдаанд дуудах хуудсаар дуудаагүй, шүүх хуралдааны бэлтгэлийг хангаагүй, шүүх хуралдаанаас өмнө өмгөөлөгчтэйгөө уулзах боломжоор хангаагүй, шударгаар шүүлгэх, халдашгүй чөлөөтэй байх шүүн таслах ажиллагаанд тэгш оролцох, мэтгэлцэх боломжоор хангуулах зэрэг эрхийг шүүгч ноцтой зөрчсөн. Мөн 2024 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн шүүх хуралдаанд өмгөөлөгч миний бие Д.Б-ы өмгөөлөгчөөр анх удаа оролцсон ба шүүх хуралдаанд “хэргийн материалтай танилцах” хүсэлт гаргахад шүүгч Т.Б нь Д.Б-д авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээгээр сольсон буюу нэг хуралдаан дээр болсон үйл баримтад 2 өөр үндэслэл зааж захирамж гаргаж буй нь уг хэрэгт хувийн ашиг сонирхолтой гэж харагдаж байна. Түүнчлэн 2024 оны 5 дугаар сарын 07-ны өдөр “Б” ХК-ийг хохирогчоор оролцуулснаас хойш итгэмжлэлийг шүүхэд ирүүлээгүй байхад 2024 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн шүүх хуралдаанд шүүгдэгч нарын өмгөөлөгчдөөс итгэмжлэлийг шалгуулах хүсэлт гаргасныг хайхралгүйгээр, “Б” ХК-д давуу эрх олгосон; Шүүгчийг татгалзан гаргах тухай хүсэлт гаргахад хүсэлтийг Ерөнхий шүүгч хэрхэн шийдвэрлэхийг мэдэж байгаа мэт дараагийн шүүх хуралдааныг товлож, шүүгдэгч нарын таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлэх 2 шийдвэр гаргасан” гэх утга агуулга бүхий өргөдөл гаргажээ.
Илтгэгч гишүүн О.Номуулин шалгах ажиллагаа явуулаад 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн ГНД/2024/...7 дугаар “Сахилгын зөрчил гаргасныг нотлох тухай” дүгнэлтдээ “...шүүх хуралдаанд шүүгдэгчийг авчраагүй нь шүүх хуралдааны бэлтгэл хангах үүрэгтэй шүүхийн Тамгын газрын буруутай үйл ажиллагаатай холбоотой төдийгүй, товлосон өдрөө шүүх хуралдааныг хийхийг хүссэн шүүгчийн эрмэлзэл нь шүүгчийн ёс зүйн хичээл зүтгэлтэй, чармайлттай ажиллах зарчимтай зөрчилдөөгүй...; ... “Б” ХК-ийн гүйцэтгэх захирал Ө.Г-ийн 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 0...5 дугаар албан бичгээр А.Б, А.Б нарт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан бүх эрх, үүргийг эдлэх эрхийг олгосон ба ...гаргасан зөрчлөө залруулахыг хүссэн улсын яллагчийн хүсэлтийг хүлээн авсан шүүгчийн үйл ажиллагааг хуулийн илт тодорхой заалт зөрчсөн гэж үзэхгүй; ...шүүгчийг татгалзан гаргах хүсэлтийг Ерөнхий шүүгчээр шийдвэрлүүлэхээр шүүх хуралдааныг хойшлуулахдаа дараагийн шүүх хуралдааныг товлож, шүүгдэгч нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг зөрчөөгүй; ...шүүгдэгч Д.Б-д урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөхдөө Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлд заасан үндэслэлд хамаарахгүй “... хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулсан үйлдэл” гэж дүгнэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т заасанд “ноцтой, ... зөрчсөн үйлдэл ...гаргах” гэсэн зөрчилд хамаарахаар байна...” гэж үзжээ.
Дээрх илтгэгч гишүүний дүгнэлтийг Сахилгын хорооны 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн СХМ/2024/...8 дугаар магадлалаар хүлээн авч, шүүгч Т.Б-д “нээлттэй сануулах” сахилгын шийтгэл оногдуулсан байна.
2. Сахилгын хэргийн оролцогч шүүгчид холбогдох зөрчлийн тухайд:
Шүүгч Т.Б нь ...Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд томилолтоор ажиллаж байх хугацаандаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байсан Д.Б нарын 6 хүнд холбогдох, 80 хавтастай эрүүгийн 1....6 дугаар хэргийг 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авчээ.
Нийслэлийн Прокурорын газрын прокурорын 2024 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 1 дүгээр “...Н.Б-ийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоосон боловч “Б” ХК-ийг ...хохирогчоор тогтоогоогүй байна. Иймд ...эрүүгийн 1....6 дугаар хэрэгт “Б” ХК-ийг ...иргэний нэхэмжлэгчээр тус тус тогтоолгох...” хүсэлтийг шүүхэд гаргасан ба “Б” ХК-ийн гүйцэтгэх захирал Ө.Г-ийн 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 0...5 дугаар итгэмжлэлээр А.Б-т бүх эрх үүрэг эдлэх эрхийг олгосон байна. Мөн шүүгчийн 2024 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн 2024/ШЗ/...6 дугаар захирамжийн ЗАХИРАМЖЛАХ нь хэсгийн 2 дахь заалтаар “Б” ХК-ийн хохирогч, иргэний нэхэмжлэгчээр тогтоосон байна. /с.х-ийн 18, 21, 59-62, 72 тал/
Шүүгчийн 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 2024/ШЗ/...4 дүгээр захирамжаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 10 цаг 00 минутад товлосон ба шүүх хуралдааныг хяналтын прокурор Н.Н, яллагдагч С.А-ийн өмгөөлөгч Э.Э нарын хүсэлтээр 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 10 цаг 00 минут хүртэл хойшлуулсан.
Тухайн шүүх хуралдаанаар хяналтын прокуророор Э.Х-ыг томилсон тул хэргийн материалтай танилцах боломжоор хангаж, шүүх хуралдааныг 2024 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 10 цаг 00 минутад товлосон. Улмаар товлогдсон шүүх хуралдаанд хяналтын прокурор Н.Н хүсэлт гаргасан тул шүүх хуралдааныг 2024 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 15 цаг 00 минут хүртэл хугацаагаар хойшлуулсан байна. Товлогдсон 2024 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн шүүх хуралдаанаар урьдчилсан хэлэлцүүлгээр хүсэлт шийдвэрлэж, яллагдагч нарыг шүүхэд шилжүүлэх эсэхийг хэлэлцэн, шүүгчийн мөн өдрийн 2024/ШЗ/...5 дугаар захирамжаар яллагдагч нарыг шүүхэд шилжүүлжээ. /с.х-ийн 23-44 тал/
Хэргийг хянан хэлэлцэх 2024 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн шүүх хуралдаанаар шүүгдэгч С.А-ийн өмгөөлөгч Э.Э, хохирогч С.О-ы өмгөөлөгч Б.Т нарын хүсэлтээр шүүгчийн мөн өдрийн 2024/ШЗ/...1 дүгээр захирамжаар шүүх хуралдааныг 2024 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 09 цаг 00 минут хүртэл хойшлуулсан. /с.х-ийн 45-48 тал/
Товлогдсон шүүх хуралдаанд шүүгдэгч Б.Н-ийн өмгөөлөгч Б.Б, шүүгдэгч Б.Б-ийн өмгөөлөгч У.Т-ий хүсэлтийг хангаснаар шүүх хуралдааныг 2024 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 09 цаг 00 минутад товложээ.
Тухайн өдрийн шүүх хуралдаанд шүүгдэгч Д.Б-ы өмгөөлөгч А.Э шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, хохирогч шүүгдэгч нар өмгөөлөгчтэй оролцох хүсэлт гаргасан тул уг хүсэлтийг хангаж, шүүгчийн мөн өдрийн 2024/ШЗ/....5 дугаар захирамжаар шүүх хуралдааныг 2024 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн 13 цаг 30 минут хүртэл хойшлуулсан. /с.х-ийн 56-58 тал/
Уг шүүх хуралдаанд шүүгдэгч Д.Б-ы өмгөөлөгч Б.Б “хэргийн материалтай танилцах шаардлагатай тул шүүх хуралдааныг хойшлуулах тухай” хүсэлт гаргасныг шүүгч мөн л ханган шийдвэрлэж, мөн өдрийн 2024/ШЗ/...6 дугаар захирамжаар шүүх хуралдааныг 2024 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 14 цаг 00 минут хүртэл хойшлуулжээ. /с.х-ийн 59-62, 78-80 тал/
Уг захирамждаа “...шүүх хуралдаан шүүгдэгч болон тэдгээрийн өмгөөлөгч нарын хүсэлтээр олон удаа, олон хоногоор хойшлогдож сүүлд буюу 2024 оны 7 дугаар сарын 23-ны өдөр товлосон шүүх хуралдаанд шүүгдэгч Д.Б-ы өмгөөлөгч А.Э ирээгүйн улмаас тэрээр өмгөөлөгчтэйгөө шүүх хуралдаанд оролцох хүсэлт гаргаснаар түүний хүсэлтийг хүлээн авч, хуралдаан хойшилсон. Товлогдсон шүүх хуралдаанд... шүүгдэгч өөр өмгөөлөгч авч хэрэг материалтай танилцуулах, шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргаж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т шүүх...-ийн хууль ёсны шаардлагыг биелүүлэх, 1.4-т ...заасан үүргээ биелүүлээгүй шүүн таслах ажиллагаанд саад учруулсан гэж үзэх тул мөн хуулийн 7.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан шүүгдэгчийг үүргээ биелүүлээгүй...” гэж үзэн урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан байна. /с.х-ийн 59-62 тал/
Хэргийн оролцогчдоос 2024 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн шүүх хуралдаанд шүүгч Т.Б-ыг татгалзан гаргах тухай хүсэлт гаргасан тул шүүгчийн 2024/ШЗ/...6 дугаар захирамжаар уг шүүх хуралдааныг хойшлуулсан бөгөөд Ерөнхий шүүгчийн мөн өдрийн 2024/ЕШЗ/...2 дугаар захирамжаар хэргийн оролцогчдоос гаргасан хүсэлтийг үндэслэлтэй байна гэж үзэн хүлээн авснаар, уг эрүүгийн хэрэг нь шүүгч Б.Д-д шилжжээ. Улмаар шүүгч Б.Д-ийн 2024 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 2024/ШЗ/...9 дүгээр захирамжаар шүүгдэгч Д.Б-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гаргахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авсан байна. /с.х-ийн 63-65, 97-98,101-102 тал/
3. Хууль зүйн үндэслэлийн тухайд:
Шүүгч Т.Б нь 2024 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн 2024/ШЗ/...6 дугаар захирамждаа Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.5, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 3, 7.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 8.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 8.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 14.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгожээ.
Дээрх хуулийн заалтуудаас Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.5 дахь хэсэг нь шүүгч захирамж гаргахтай холбоотой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, мөн зүйлийн 3 дахь хэсэг нь шүүх хуралдааныг хойшлуулах буюу Д.Б-ы өмгөөлөгч Б.Б-ийн хүсэлтийг хүлээн авч шүүх хуралдааныг хойшлуулж байгаатай холбоотой, 8.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 8.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэг нь хохирогч, иргэний нэхэмжлэгчээр тогтоохтой холбоотой, мөн хуулийн 14.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нь таслан сэргийлэх арга хэмжээтэй хамааралтай хуулийн заалтууд бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг нь шүүгдэгч Д.Б-тай холбоотой хуулийн зохицуулалт байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасны дагуу эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолтой танилцсан сэжигтнийг яллагдагч гэнэ”, 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа шүүгдэгчид энэ бүлэгт заасан эрх, үүрэг нэгэн адил хамаарна”, 7.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Яллагдагч дараах үүрэг хүлээнэ”, 1.3 дахь заалтад “шүүх, ...шийдвэр, хууль ёсны шаардлагыг биелүүлэх”, 1.4 дэх заалтад “эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад санаатай саад учруулахгүй байх”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Яллагдагч энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан үүргээ биелүүлээгүй нь ...түүнд авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх үндэслэл болно” гэж тус тус заасан.
Сахилгын хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд шүүгч Т.Б-ын 2024 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 2024/ШЗ/...5 дугаар захирамжаар яллагдагч нарыг шүүхэд шилжүүлсэн тул шүүгдэгч Д.Б нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан үүргийг хүлээнэ.
Эрүүгийн 1....6 дугаар хэрэг нь шүүгч Т.Б-д 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хуваарилагдаж, тэрээр 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанаас хойш 2024 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн шүүгдэгч Д.Б-ыг цагдан хорьсон шүүх хуралдааныг хүртэл нийт 8 удаа шүүх хуралдааныг товлон зарласан байна. Эдгээрээс шүүгдэгч Д.Б-аас шалтгаалан 2024 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн шүүх хуралдаан, түүний өмгөөлөгч Б.Б-ээс шалтгаалан 2024 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн шүүх хуралдаан тус тус хойшлогджээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт шүүх хуралдааныг хойшлуулах 4 үндэслэлийг тухайлан хуульчилсан бөгөөд мөн зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэл нь хоёр ба түүнээс дээш удаа давтагдаж эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд санаатай саад учруулах нөхцөл болж байвал шүүх хуралдааныг хойшлуулахгүй байж болно” гэж заасан. Уг 3 дахь хэсэгт заасан зохицуулалтыг шүүх хуралдааныг хойшлуулж болохоор заасан 4 үндэслэл хэргийн оролцогчоос хоёр ба түүнээс дээш удаа давтагдсаныг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд санаатай саад учруулах нөхцөл гэж шүүгч, шүүх бүрэлдэхүүн үзвэл шүүх хуралдааныг хойшлуулахгүй байж болохоор заасан зохицуулалт гэж ойлгохоор байна.
Харин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт мөн зүйлийн 1 дэх хэсэгт заасан үүргээ яллагдагч, шүүгдэгч биелүүлээгүй бол түүнд авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх үндэслэл болно гэж заасан боловч уг хуулийн 14.9 дүгээр зүйлд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч болох үндэслэлүүдийг тухайлан заасан.
Өөрөөр хэлбэл Шүүхийн сахилгын хорооны СХМ/2024/...8 дугаар магадлалд “... шүүгч Т.Б нь шүүгдэгчийг товлосон шүүх хуралдаанаас өмнө өмгөөлөгч авч, хэргийн материалтай танилцуулаагүйн улмаас өмгөөлөгчөөс шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасантай нь холбогдуулан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулсан гэж дүгнэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлд заагаагүй үндэслэлээр цагдан хорьсон нь ...зөрчилд хамаарна. Тодруулбал, шүүгч нь хуульд захирагдаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлэхдээ хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулийг хэрэглэж аливаа эрх зүйн харилцааг шийдвэрлэх үүрэгтэй бөгөөд НҮБ-ын Хүний эрхийн Түгээмэл тунхаглал, Иргэний болон Улс төрийн эрхийн тухай олон улсын пакт, Монгол Улсын Үндсэн хуульд хүн бүрийн баталгаатай эдлэхээр тодорхойлсон “халдашгүй чөлөөтэй байх” эрхийг хязгаарлахдаа онцгой анхаарах шаардлагатай...” гэж үзсэн нь үндэслэлтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх бүхий л ажиллагаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршино” гэж заасанд нийцэж явагдах учиртай бөгөөд Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн хүнд өөрт нь эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ. Эрүүгийн хариуцлагыг бусад хүнд халдаан хэрэглэж болохгүй” гэх шударга ёсны зарчим нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ч мөн адил хамаарна.
Шүүгч Т.Б шүүгдэгч Д.Б-д урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөхдөө түүний өмгөөлөгч Б.Б-ийн хүсэлтийг Д.Б-д хамааруулан цагдан хорьсон нь хууль ёсны зарчмыг зөрчжээ.
Гэвч шүүгч нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдах нөхцөлийг хангах зорилготой байсан, мөн уг хэрэг нь 80 хавтастай, 6 хүнд холбогдох, 30 гаруй хохирогчтой, шүүхэд ирээд тодорхой хугацаа өнгөрсөн зэргийг харгалзан үзэж түүний зөрчлийг Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т заасан “ноцтой” зөрчилд хамаарахгүй гэж хянан үзэх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.
Хэдийгээр хянан үзэх бүрэлдэхүүн шүүгч Т.Б-ын зөрчлийг “ноцтой” зөрчилд хамааруулаагүй боловч сахилгын хэргийн оролцогч шүүгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулахдаа хүний эрхийг дээдлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шүүх эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахин ажиллавал зохихыг анхааруулж байна.
Түүнчлэн, илтгэгч гишүүний 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн ГНД/2024/...7 дугаар “Сахилгын зөрчил гаргасныг нотлох тухай” дүгнэлтэд тусгагдсан бусад үндэслэлийг тус хорооны хуралдааны 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн СХМ/2024/...8 дугаар магадлалаар хүлээн авсан нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.7 дахь хэсэгт заасанд нийцэж байна гэж хянан үзэх бүрэлдэхүүн дүгнэснийг дурдах нь зүйтэй.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.8.4, 113.13 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1.Сахилгын хорооны хуралдааны 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн СХМ/2024/...8 дугаар магадлалыг хүчингүй болгож, .... аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Т.Б-д холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, холбогдох шүүгчийн гомдлыг хангасугай.
2.Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.14 дэх хэсэгт зааснаар хяналтын тогтоолыг гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч нар болон өргөдөл гаргагч нарт хүргүүлэхийг Ажлын албанд даалгасугай.
3.Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хяналтын тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхэд сахилгын хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4.Хяналтын тогтоолыг хүргүүлснээр гардан авсанд тооцох бөгөөд энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Д.ЭРДЭНЭЧУЛУУН
ГИШҮҮН Б.СУГАР
Г.ЦАГААНЦООЖ