
МОНГОЛ УЛС
ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО
МАГАДЛАЛ
2024-12-24
Дугаар 131
Улаанбаатар хот

Нотлох дүгнэлтийг хүчингүй болгож,
сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох тухай
Шүүхийн сахилгын хорооны хуралдааныг гишүүн Ц.Давхарбаяр даргалж, гишүүн Д.Ариунтуяа, О.Номуулин нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Д.Мягмарцэрэн, нарийн бичгийн даргаар хуралдаан хариуцсан ахлах мэргэжилтэн А.Намуундарь нарыг оролцуулан, Сахилгын хорооны хуралдааны 105 тоот танхимд нээлттэй хийв.
Тус хуралдаанаар, Ц.Б-ын өргөдөлтэй, .... шүүхийн шүүгч А.М-д холбогдох сахилгын зөрчил гаргасныг нотлох тухай дүгнэлтийг гишүүн Д.Мягмарцэрэнгийн илтгэснээр хянан хэлэлцээд,
ТОДОРХОЙЛОХ нь:
Илтгэгч гишүүн нь 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн .... дүгээр сахилгын зөрчил гаргасныг нотлох дүгнэлтдээ:
“... Иргэн Ц.Б-аас “Д” ХХК-д холбогдуулан 380,000 ам.доллар буюу 1,333,496,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг .... шүүхийн шүүгч А.М хүлээн авч, 2023 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн .... дугаар шүүгчийн захирамжаар иргэний хэрэг үүсгэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан байна.
2023 оны 3 дугаар сарын 27-ны өдөр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М-оос нотлох баримт гаргуулах хүсэлт, 4 дүгээр сарын 03-ны өдөр нэхэмжлэгч Ц.Б-аас нотлох баримт гаргуулах, үзлэг хийлгэх, гэрч асуулгах, нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэх хүсэлт гаргасныг тус шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн .... дугаар шүүгчийн захирамжаар нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, зохигчийн бусад хүсэлтийг хангаж,
2023 оны 5 дугаар сарын 16-ны өдөр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шинжээч томилуулах, 5 дугаар сарын 26-ны өдөр нэхэмжлэгч Ц.Б-аас шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах, нотлох баримт тусгаарлах хасуулах, нотлох баримт гаргуулах, захирамжийн биелэлт хангуулах хүсэлт тус тус гаргасныг 2023 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн ..... дугаар шүүгчийн захирамжаар хариуцагчийн шинжээч томилуулах хүсэлт болон нэхэмжлэгчийн нотлох баримт гаргуулах хүсэлтийг хангаж, бусад хүсэлтийг хангахаас татгалзаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн,
2023 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн ..... дүгээр шүүгчийн захирамжаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээж, шүүх хуралдааныг 2023 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр товлосон байна.
Тус шүүхийн 2023 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн ..... дугаар шүүгчийн захирамжаар 2023 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн .... дугаар шүүгчийн захирамжид өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн,
2023 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр нэхэмжлэгчээс нотлох баримт гаргуулах, үзлэг хийлгэх, нотлох баримт тусгаарлуулах хүсэлт гаргасныг мөн өдрийн ..... дугаар шүүгчийн захирамжаар нотлох баримт гаргуулах тухай хүсэлтээс зарим хэсэг хангаж, бусад хүсэлтийг хангахаас татгалзаж, хариуцагчийн шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтийг хангаж, шүүх хуралдаан хойшлуулсан,
2023 оны 10 дугаар сарын 26-ны өдөр нэхэмжлэгчээс нотлох баримт тусгаарлуулах, хасуулах, үзлэг хийлгэх, нотлох баримт гаргуулах хүсэлт гаргасныг 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн .... дугаар шүүгчийн захирамжаар нотлох баримт гаргуулж, үзлэг хийлгэх хүсэлтийг хангаж, нотлох баримт тусгаарлаж, хасуулах хүсэлтийг хангахаас татгалзсан,
2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн ..... дугаар шүүгчийн захирамжаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэх тухай хүсэлтийг хангахаас татгалзсан,
2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчээс нотлох баримт гаргуулах тухай хүсэлт гаргасныг хангаж, шүүх хуралдааныг хойшлуулсан,
Нэхэмжлэгчээс 2024 оны 01 дүгээр сарын 18 болон 02 дугаар сарын 01-ний өдөр нотлох баримт гаргуулах хүсэлт гаргасныг 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн ..... дугаар шүүгчийн захирамжаар зарим хэсгийг хангаж, мөн өдрийн шүүх хуралдааныг 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл хойшлуулсан,
2024 оны 3 дугаар сарын 05-ны өдөр нэхэмжлэгчээс нотлох баримт гаргуулах хүсэлт гаргасныг 2024 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн .... дугаар шүүгчийн захирамжаар хангаж шийдвэрлэсэн,
2024 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчээс гэрч оролцуулах, үзлэг хийлгэх, нотлох баримт гаргуулах хүсэлт гаргасныг ..... дугаар шүүгчийн захирамжаар хангахаас татгалзаж, шүүх хуралдааныг 2024 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийг хүртэл хойшлуулсан,
2024 оны 3 дугаар сарын 22-ны өдөр нэхэмжлэгчээс нотлох баримт гаргуулах хүсэлт гаргасныг 2024 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн ..... дугаар шүүгчийн захирамжаар хангахаас татгалзсан,
2024 оны 3 дугаар сарын 26-ны өдөр нэхэмжлэгчээс эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал тогтоолгох хүсэлт гаргасныг 2024 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн ..... дугаар шүүгчийн захирамжаар хангахаас татгалзсан,
2024 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн ...... дугаар шүүгчийн захирамжаар нэхэмжлэгчийн нотлох баримт гаргуулах хүсэлтийг зарим хэсэг, хариуцагчийн гэрчийг албадан ирүүлэх хүсэлтийг тус тус хангаж шүүх хуралдааныг хойшлуулсан,
2024 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэх хүсэлт гаргасныг 2023 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн ...... дугаар шүүгчийн захирамжаар хүлээн авахаас татгалзсан,
2024 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчээс захирамжуудад өөрчлөлт оруулах хүсэлт гаргасныг ...... дугаар шүүгчийн захирамжаар хүсэлтийг хангахгүй орхиж шүүх хуралдааныг үргэлжлүүлж, нэхэмжлэгчээс шүүгчийн захирамжийн биелэлтийг хангуулах хүсэлт гаргасныг ...... дугаар шүүгчийн захирамжаар хүлээн авахаас татгалзаж, шүүх хуралдааныг үргэлжлүүлж, нэхэмжлэгч шүүгчийг татгалзан гарах хүсэлт гаргасан тул уг хүсэлтийг ерөнхий шүүгчээр шийдвэрлүүлэхээр шүүх хуралдааныг хойшлуулсан байна.
Улмаар 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн ..... дугаар шүүхийн шийдвэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч дээрх шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргасан бөгөөд тус хэрэг нь санал гаргах үед .... шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд байгаа болно.
..... шүүхийн шүүгч А.М-д холбогдуулан “...шүүх хуралдааныг завсарлуулан буцаж орж ирэх үед тухайн татгалзлыг өмнө гаргасан татгалзалтай адилтган авч үзэж “өмнө гаргасан татгалзлыг чинь Ерөнхий шүүгч шийдвэрлэсэн байгаа тул одоо хамааралгүй, гомдол гаргах эрхгүй” хэмээн шүүх хуралдааныг үргэлжлүүлэхээр болов. Энэ үйлдэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.6 дахь заалтыг зөрчсөн, ...шүүх хуралдаанд хэргийн оролцогчдын гаргасан хүсэлтийг шийдвэрлэсний дараа хэрэг хэлэлцэж эхэлдэг журам зөрчсөн, ....шүүх хуралдааны явцад гэрчээс асуулт тавьж байх үед нэхэмжлэгчийн үгийг тасалдуулан асуулт асууж, шүүгч ийм эрхтэй хэмээн эрх мэдэн далайлгаж байсан, ...шүүх хуралдааны тэмдэглэлтэй танилцах эрхийг минь боогдуулж, дахин дахин ажил удаж, шүүх хуралдааны нарийн бичигт даалгавар өгөх эрхтэйг ойлгохгүй байна” гэх үндэслэлүүдээр өргөдлийг О.А гаргажээ.
Нэг. Өргөдлийн: “...шүүх хуралдааныг завсарлуулан буцаж орж ирэх үед тухайн татгалзлыг өмнө гаргасан татгалзалтай адилтган авч үзэж “өмнө гаргасан татгалзлыг чинь Ерөнхий шүүгч шийдвэрлэсэн байгаа тул одоо хамааралгүй, гомдол гаргах эрхгүй” хэмээн шүүх хуралдааныг үргэлжлүүлэхээр болов. Энэ үйлдэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.6 дахь заалтыг зөрчсөн” гэх үндэслэлийн тухайд:
2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчээс шүүх хуралдаан даргалагч шүүгч А.М-ыг татгалзан гаргах хүсэлт гаргасныг тус шүүхийн Ерөнхий шүүгчийн 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн ..... дугаартай захирамжаар “...Ц.Б-ын хүсэлтэд дурдсан үндэслэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1.3-д заасан үндэслэлд хамааралгүй байна. Тодруулбал, нэхэмжлэгчээс гаргасан хүсэлт, нэмэгдүүлсэн шаардлагыг татгалзсан гэх үндэслэл нь “хэргийг шударгаар шийдвэрлэж чадах эсэх талаар үндэслэл бүхий эргэлзээ байвал” гэж үзэх нөхцөлд хамааралгүй байна” гэж үзэж хангахгүй орхиж шийдвэрлэжээ.
Гэтэл 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчээс дахин шүүгчээс татгалзах хүсэлт гаргасныг шүүгчийн 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн .... дугаар захирамжаар “...нэхэмжлэгч Ц.Б-ын гаргасан шүүгчээс татгалзах хүсэлтийг тус шүүхийн Ерөнхий шүүгчийн 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 1527 дугаартай захирамжаар шийдвэрлэсэн” гэх үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж, шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 84 дүгээр зүйл, 91.1-д зааснаас бусад үндэслэлээр шүүгчийг татгалзаж үл болно” гэж заасан.
Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуралдааны 05 дугаартай тогтоолоор “шүүгчийг татгалзаж үл болно” гэсэн зохицуулалтыг энэ хуульд заагаагүй үндэслэлээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохоос шүүгч өөрөө татгалзах, эсхүл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчөөс шүүгчийг татгалзан гаргахыг хориглоно гэж ойлгоно. Тухайн хэргийг дангаар болон бүрэлдэхүүнээр шийдвэрлэх ажиллагаанд оролцоогүй шүүгчийг татгалзсан, ижил үндэслэлээр татгалзах хүсэлтийг дахин гаргасан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан хүсэлтийг шийдвэрлэсэнтэй холбогдуулан татгалзсан нь хуульд заагаагүй үндэслэлд хамаарна. Энэ хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасны дагуу хэрэг хэлэлцэж эхэлснээс хойш дээрх үндэслэлээр гаргасан хүсэлтийг гаргаагүйд тооцож хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүгч буюу шүүх бүрэлдэхүүн үзвэл энэ талаар тэмдэглэлд тусгаж шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулна” гэж тайлбарласан.
Иймд 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ц.Б-аас гаргасан шүүгчийг татгалзан гаргах тухай хүсэлт нь урьд Ерөнхий шүүгчийн 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 1527 дугаартай захирамжаар шийдвэрлэсэн үндэслэлтэй ижил үндэслэлээр хүсэлтийг дахин гаргасан тул шүүгч хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж, шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.6-д заасныг зөрчсөн гэж үзэхгүй.
Хоёр: Өргөдлийн: “....шүүх хуралдааны явцад гэрчээс асуулт тавьж байх үед нэхэмжлэгчийн үгийг тасалдуулан асуулт асууж, шүүгч ийм эрхтэй хэмээн эрх мэдэн далайлгаж байсан” гэх үндэслэлийн тухайд:
Даргалагч шүүгч шүүх хуралдааны аль ч үе шатанд асуулт асуух эрхтэй. Энэ нь шүүгчид хуулиар шүүгчид олгосон бүрэн эрхэд хамаарах асуудал бөгөөд шүүгч А.М хэргийн оролцогчийг тайлбарыг сонсолгүй таслах, дуугаа өндөрсгөх, ихэмсэг дээрэнгүй хандлага гаргасан гэх байдал тогтоогдохгүй байх бөгөөд даргалагч шүүгч гэрчээс асуулт асуусан болох нь шүүх хуралдааны тэмдэглэл, шүүх хуралдааны дууны бичлэгээр тус тус нотлогдон тогтоогдож байна.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.1-т заасан шүүх хуралдаан даргалах нийтлэг чиг үүргийг хэрэгжүүлж, дээрх хуульд заасан хүрээнд хэргийн оролцогчдоос асууж, хэргийн үйл баримтыг тодруулсан байна.
Шүүгч нь шүүх хуралдааныг зохистой, хуульд нийцүүлэн явуулах үүрэгтэй бөгөөд хөндлөнгийн байр сууринаас, төвийг сахин, аль нэг талд давуу байдал олгохгүй байх, тийнхүү ойлгогдохоос зайлсхийх, хэргийн оролцогчдод эрх тэгш, шударгаар хандах, шүүх хуралдаанд хэргийн оролцогчийн аливаа үг, үйлдэлд хүндэтгэлтэй байх зэргээр хэрэг маргааныг шударгаар шийдвэрлэж чадна гэх итгэл үнэмшлийг хэргийн оролцогчдод төрүүлэх нь шүүхэд итгэх олон нийтийн итгэлийг хамгаалахад нэн чухал ач холбогдолтой.
Шүүгч А.М нь цаашид албан үүргийн хувьд хэргийн оролцогчтой харилцахдаа шүүгчийн ёс зүйн зарчмыг чанд баримталж, бусадтай харилцахдаа хүндэтгэлтэй хандахыг анхаарах нь зүйтэй.
Гурав: Өргөдлийн: “...шүүх хуралдааны тэмдэглэлтэй танилцах эрхийг минь боогдуулж, дахин дахин ажил удаж, шүүх хуралдааны нарийн бичигт даалгавар өгөх эрхтэйг ойлгохгүй байна” гэх үндэслэлийн тухайд:
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.2-т “шүүх хуралдаан дууссан өдрөөс хойш 3 хоногийн дотор тэмдэглэлийг бэлэн болгоно. Тэмдэглэлд шүүх хуралдаан даргалагч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга гарын үсэг зурна”, 96.3-т ”шүүх хуралдааны тэмдэглэл алдаатай бичигдсэн бол шүүх хуралдаан даргалагч буюу шүүх хуралдааны оролцогчийн хэн нэгний санал болгосноор түүнд 3 хоногийн дотор засвар хийж, энэ тухай тэмдэглэлд тусгаж, шүүгч гарын үсэг зурж баталгаажуулна” гэж тус тус заасан.
Нэхэмжлэгч Ц.Б нь 2024 оны 04 сарын 30-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлтэй 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдөр танилцах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн боловч шүүх хуралдааны тэмдэглэл албажиж гараагүй байжээ.
2024 оны 04 сарын 30-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлийг “Иргэн 2014” нэгдсэн системд 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдөр оруулж, баталгаажуулснаас үзэхэд шүүхийн шийдвэр гарснаас хойш 15 хоногийн дараа албажиж гарсан байх бөгөөд энэ нь мөн холбогдох шүүгчийн тайлбар, гэрч Л.М нарын мэдүүлгээр тус тус тогтоогдож байна.
Гэрч Л.М өгсөн: “...Тэгтэл Ц.Б би Viber-р авах сонирхолтой байна. Хурлын тэмдэглэлийг Viber-р явуулж болох уу гэсэн. Би болохоор за ойлголоо гэдэг хариу өгсөн, ...шүүгчээс асуухад Viber-р бол танилцуулж болохгүй гэсэн. Тэгээд би Ц.Б-д та ирээд хурлын тэмдэглэлтэй танилцчих аа гэсэн” гэх мэдүүлгээс үзэхэд нарийн бичгийн даргаас Ц.Б-д шүүх хуралдааны тэмдэглэлийг албажиж гарахаар Viber-р танилцуулах талаар хэлсэн боловч албажиж гарсны дараа нэхэмжлэгчид Viber-р танилцуулахыг шүүгч А.М хориглосон байна.
Шүүхийн тухай хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 52 дугаар тогтоолоор баталсан Иргэний хэргийн хөдөлгөөний нийтлэг аргачлалд тус тус шүүх хуралдааны тэмдэглэлийг цахимаар буюу Viber-р таницуулахыг зохицуулаагүй тул нэхэмжлэгчид шүүх хуралдааны тэмдэглэлийг Viber-р танилцуулахыг хориглосон шүүгчийн үйлдлийг буруутгах үндэслэл болохгүй.
Хэдийгээр шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөх, хэргийн оролцогчид танилцуулах, шүүгчээр баталгаажуулж хэрэгт хавсаргах нь шүүх хуралдааны нарийн бичгийн даргын албан үүрэгт хамаарах хэдий ч Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 90 дүгээр зүйлийн 90.2-т зааснаар шүүх хуралдаан даргалагчийн удирдлага дор хэрэгжүүлдэг тул шүүгч А.М нь цаашид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд нийцүүлэн хэрэгжүүлж, биелэлтэд хяналт тавьж ажиллахад анхаарах нь зүйтэй.
Дөрөв: Өргөдлийн: “...шүүх хуралдаанд хэргийн оролцогчдын гаргасан хүсэлтийг шийдвэрлэсний дараа хэрэг хэлэлцэж эхэлдэг журам зөрчсөн” гэх үндэслэлийн тухайд:
Өргөдөлд дурдсан үйл баримтыг тодруулахаар тус шүүх хуралдааны дуу, дүрсний бичлэгт үзлэг хийхэд:
0:00:00-0:00:14 Даргалагчаас: Шүүх хуралдааныг нээж, Өнөөдрийн шүүх хуралдаанаар Ц.Б-ын нэхэмжлэлтэй “В” ХХК-д холбогдох хэргийг хэлэлцэнэ, Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаас ирцийг илтгэе гэхэд.
0:00:14-0:00:20 Нарийн бичгийн даргаас: Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ц.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М, гэрч Э.Б нар ирсэн байна гэв.
0:00:32-0:00:52 Даргалагчаас: Шүүх хуралдаанд оролцогч оролцогчид нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 90 дүгээр зүйлд заасан шүүх хуралдааны нийтлэг журам болон хуралдааны дэгийг хуралдаанд баримтлан оролцоно. Мөн хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эрхийг эдэлж шүүх хуралдаанд оролцоно. Эрх үүрэг болон шүүх хуралдааны нийтлэг журмыг дэлгэрэнгүй тайлбарлуулах уу гэхэд.
0:00:53-0:00:54 Нэхэмжлэгч: Шаардлагагүй гэв.
0:00:56-0:00:57 Хариуцагч: Шаардлагагүй гэв.
0:01:00-0:01:03 Даргалагчаас: Гэрч та босъё. Таны биеийн байцаалтыг шалгая гэхэд.
0:01:04-0:01:10 Гэрч: Э.Б. Бичиг баримттай ирсэн гэв.
0:01:11-0:01:15 Даргалагчаас: Таныг шүүх хуралдааны танхимаас одоо тусгаарлана. Дуудахаар орж ирнэ. Та үүдэнд хүлээгээд сууж байгаарай гэхэд.
0:01:16-0:01:17 Гэрч: За гэв.
0:01:20-0:01:31 Даргалагчаас: Өнөөдрийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч А.М би даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Л.М оролцож байна. Бүрэлдэхүүн оролцогч нараас хуульд заасан үндэслэлээр татгалзах үндэслэл байна уу гэхэд.
0:01:38-0:06:30 Нэхэмжлэгч татгалзлын үндэслэлээ танилцуулав.
0:06:25-0:06:41 Даргалагчаас: Татгалзалтай холбогдуулж хариуцагчид тайлбар байна уу гэхэд.
0:06:49-0:13:52 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбараа хэлэв.
0:13:49-0:13:51 Даргалагчаас: Шүүх хуралдааныг түр завсарлая” гэж бичигдсэнээс үзэхэд даргалагчаас шүүх хуралдааны дэгийн дагуу шүүх хуралдааныг нээж, шүүх хуралдааны ирц ба оролцогчтой нэг бүрчлэн танилцаж, төлөөлөгчийн бүрэн эрхийг шалгаж, гэрчийг гаргаж, шүүх бүрэлдэхүүнийг зарлаж, татгалзан гаргах эрхтэйг асуухад нэхэмжлэгчээс шүүгчийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзан гаргах эрхийг тайлбарлаж, нэхэмжлэгчээс гаргасан татгалзан шүүгчийг татгалзан гаргахтай холбоотой асуудлыг хэлэлцэхээр түр завсарласан байна.
Улмаар шүүх хуралдаан үргэлжилж шүүгч нэхэмжлэгчийн гаргасан шүүгчийг татгалзан гаргах тухай хүсэлтийг шийдвэрлэсний дараа шүүх хуралдааны дэгийн дагуу хэргийн оролцогчийн хүсэлтийг шийдвэрлэх ёстой. Гэтэл нэхэмжлэгчийн хүсэлт гаргах эрхийг хязгаарласан болох нь шүүх хуралдаан дуу, дүрсний бичлэгийн:
0:00:01-0:00:50 Даргалагчаас: Шүүхээс шүүгчийн захирамж гарч байна. Шүүгчийн захирамжийг танилцуулъя. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105.1, 123 дугаар зүйлийн 123.3-т зааснаар Ц.Б-ын гаргасан шүүгчээс татгалзах хүсэлтийг тус шүүхийн Ерөнхий шүүгчийн 2024 оны 04 сарын 29-ний өдрийн 1572 дугаартай шүүгчийн захирамжаар шийдвэрлэсэн тул хүсэлтийг хангахаас татгалзаж, шүүх хуралдааныг үргэлжлүүлэхээр захирамжид дурдаж байна. Энэхүү захирамжид гомдол гаргах эрхгүй захирамж гарч байна. Шүүх хуралдааны дарааллыг тогтооё. Эхлээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг сонсох, хариуцагчийн хариу тайлбарыг сонсох, гэрчийг асуух, хавтаст хэргийг шинжлэн судлах, эцэст нь асуулт хариулт явуулах дарааллаар явуулна. Энэ дарааллаар явуулахад татгалзах татгалзал байна уу гэхэд.
0:00:51-0:00:52 Нэхэмжлэгч: Хүсэлт байна шүүгчээ гэв.
0:00:52-0:00:53 Даргалагчаас: Хүсэлт гаргах үе шат дууссан гэв.
0:00:55-0:00:58 Нэхэмжлэгч: Өөр хүсэлт байгаа. Ач холбогдолтой хүсэлт байгаа учраас би танд танилцуулах хүсэлтэй байна гэв.
0:01:01-0:01:04 Даргалагчаас: Хүсэлт гаргах үе шат дууссан учраас хуралдаан үргэлжилж байна гэв.
0:01:06-0:01:09 Нэхэмжлэгч: Гэрч асуулгах хүсэлттэй, давхар давхар хүсэлттэй байна.
0:01:09-0:01:13 Даргалагчаас: Та урьд нь гаргах хангалттай хугацаатай байсан. Хуралдаан үргэлжилж байна гэв.
0:01:13-0:01:17 Нэхэмжлэгч: Уучлаарай. Би татгалзлын асуудлыг шийдүүлчхээд одоо би хүсэлтээ шийдүүлмээр байна гэв.
0:01:18-0:01:19 Даргалагчаас: Хүсэлтийн үе шат дууссан. Б өмгөөлөгчөө гэв.
0:01:20-0:01:22 Даргалагчаас: Хариуцагч дараалал дээр санал байна уу гэхэд.
0:01:24-0:01:25 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Санал байхгүй байна гэв.
0:01:31-0:01:33 Даргалагчаас: Нэхэмжлэгч нэхэмжлэлийн талаар яръя гэхэд.
0:02:01-0:23:33 Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагаа танилцуулав” гэж бичигдсэнээс үзэхэд нэхэмжлэгчээс хүсэлт байгаа талаар илэрхийлэхэд даргалагчаас хүсэлт гаргах үе шат дууссан гэж үзэн нэхэмжлэлээ танилцуулахыг шаарджээ.
Шүүгч тайлбартаа: “Шүүх хуралдаан эхлэхэд миний бие хүсэлт байгааг илэрхийлсэн "хүсэлтийг хүлээн авахгүй, нэхэмжлэлээ ярь" хэмээн шаардаж эхэлсэн гэжээ. УДШ-ийн тогтоолд зааснаар нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийг хангаагүй, шүүгчийн татгалзлыг хүлээн аваагүйн улмаас шүүгчийг удаа дараа татгалзаж, хуралдаан дээр “Г” ХХК-ийн халаасанд орсон шүүгч, хариуцагч талд үйлчилдэг гэх мэтээр доромжилж байсныг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М болон шүүх хуралдааны нарийн бичиг Л.М нар сонссон шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан” гэжээ.
Шүүгч А.М нь шүүх хуралдаан даргалахдаа нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд хүсэлт гаргаж шийдвэрлүүлэх эрхийг хязгаарласан нь дээрх шүүх хуралдааны дуу, дүрсний бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, мөн .... шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн ...... дугаартай тэмдэглэлээр тус тус тогтоогдож байна.
Анхан шатны шүүх хуралдааны дэгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн Аравдугаар бүлэгт зохицуулсан бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.1-д “Шинэ нотлох баримт бүрдүүлэх ба хэрэг хянан шийдвэрлэхтэй холбогдсон бусад асуудлын талаар хэргийн оролцогчоос гаргасан хүсэлтийг бусад оролцогчийн саналыг сонсмогц шүүх бүрэлдэхүүн буюу шүүгч даруй шийдвэрлэнэ” гэж зааснаас үзвэл шүүх хуралдаанд хэрэг хэлэлцэж эхлэхээс өмнө хэргийн оролцогчоос гаргасан хүсэлтийг заавал шийдвэрлэхээр хуульчилсан.
Гэтэл шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ц.Б-аас хүсэлт байгаа талаар илэрхийлэхэд шүүгч “...хүсэлт гаргах үе шат дууссан” гэж түүний хүсэлт гаргах эрхийг хязгаарлаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т заасан “хуулийн илт тодорхой заалтыг ноцтой, ... зөрчсөн үйлдэл, ... гаргах” зөрчил гаргасан гэж үзлээ.
Мөн шүүх хуралдаанд оролцогчийн хуулиар олгогдсон эрх ноцтой зөрчигдсөн байх гэдэг нь тэдгээрийн эрх зөрчигдсөн нь хэргийн оролцогчийн давж заалдах гомдлын үндэслэл болсон бол энэ нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэж ойлгох бөгөөд нэхэмжлэгч Ц.Б давж заалдах гомдлын үндэслэлдээ “...хэрэг хянан шийдвэрлэхэд баримтлах журам зөрчигдсөн, ...хэргийн оролцогчдын гаргасан хүсэлтийг шийдвэрлэсний дараа хэрэг хэлэлцэж эхэлдэг журам зөрчигдсөн” гэж дурджээ.
Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 1-д “Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана”, Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “Хууль дээдлэх нь шүүхийн зохион байгуулалт, үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэж заасан бөгөөд шүүгч хуулийг хэрхэн ойлгож хэрэглэх нь түүний хараат бус бүрэн эрхэд хамаарах боловч хуульд захирагдах зарчмыг цаг ямагт баримтлах үүрэгтэй шүүгч хүн хэн ч маргахгүй хуулийн илтэд тодорхой заалтыг зөрчсөнийг сахилгын зөрчил гэж үзнэ.
Шүүгчийн шүүн таслах болон түүнтэй холбоотой бүхий л үйл ажиллагаа нь шүүхийн шударга байдалд итгэх олон нийтийн итгэлийг бататган бэхжүүлэхэд чиглэдэг бөгөөд хуулийн илт тодорхой заалтыг зөрчсөн дээрх алдаа нь шүүхийн өндөр нэр хүндэд сөргөөр нөлөөлсөн ноцтой зөрчилд тооцогдоно.
Иймд Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-д “хуулийн илт тодорхой заалтыг ноцтой, ... зөрчсөн үйлдэл, ... гаргах” гэж заасан шүүгчид хориглосон зохицуулалтыг зөрчсөн зөрчил гаргасан болох нь сахилгын хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх тул дээрх үндэслэлээр ..... шүүхийн шүүгч А.М-д сахилгын зөрчил гаргасныг нотлох дүгнэлт үйлдэв ...” гэжээ.
Шүүгч А.М 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн тайлбартаа:
“... шүүхэд нэхэмжлэгч Ц.Б нь “Д” ХХК-д холбогдуулан 380,000 ам доллар буюу 1,333,496,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг 2023 оны 03 сарын 10-ний өдрийн .... дугаартай шүүгчийн захирамжаар иргэний хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж эхэлсэн.
2023 оны 3 дугаар сарын 27-ны өдөр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М-оос нотлох баримт гаргуулах хүсэлт, 4 дүгээр сарын 03-ны өдөр нэхэмжлэгч Ц.Б-аас нотлох баримт гаргуулах, үзлэг хийлгэх, гэрч асуулгах, нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэх хүсэлт гаргасныг тус шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн .... дугаар шүүгчийн захирамжаар нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, зохигчийн бусад хүсэлтийг хангаж,
2023 оны 5 дугаар сарын 16-ны өдөр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шинжээч томилуулах, 5 дугаар сарын 26-ны өдөр нэхэмжлэгч Ц.Б-аас шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах, нотлох баримт тусгаарлах хасуулах, нотлох баримт гаргуулах, захирамжийн биелэлт хангуулах хүсэлт тус тус гаргасныг 2023 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн .... дугаар шүүгчийн захирамжаар хариуцагчийн шинжээч томилуулах хүсэлт болон нэхэмжлэгчийн нотлох баримт гаргуулах хүсэлтийг хангаж, бусад хүсэлтийг хангахаас татгалзаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн,
2023 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн .... дүгээр шүүгчийн захирамжаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээж, шүүх хуралдааныг 2023 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр товлосон байна.
Тус шүүхийн 2023 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн .... дугаар шүүгчийн захирамжаар 2023 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн .... дугаар шүүгчийн захирамжид өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн,
2023 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр нэхэмжлэгчээс нотлох баримт гаргуулах, үзлэг хийлгэх, нотлох баримт тусгаарлуулах хүсэлт гаргасныг мөн өдрийн .... дугаар шүүгчийн захирамжаар нотлох баримт гаргуулах тухай хүсэлтээс зарим хэсэг хангаж, бусад хүсэлтийг хангахаас татгалзаж, хариуцагчийн шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтийг хангаж, шүүх хуралдаан хойшлуулсан,
2023 оны 10 дугаар сарын 26-ны өдөр нэхэмжлэгчээс нотлох баримт тусгаарлуулах, хасуулах, үзлэг хийлгэх, нотлох баримт гаргуулах хүсэлт гаргасныг 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн .... дугаар шүүгчийн захирамжаар нотлох баримт гаргуулж, үзлэг хийлгэх хүсэлтийг хангаж, нотлох баримт тусгаарлаж, хасуулах хүсэлтийг хангахаас татгалзсан,
2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн .... дугаар шүүгчийн захирамжаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэх тухай хүсэлтийг хангахаас татгалзсан,
2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчээс нотлох баримт гаргуулах тухай хүсэлт гаргасныг хангаж, шүүх хуралдааныг хойшлуулсан,
Нэхэмжлэгчээс 2024 оны 01 дүгээр сарын 18 болон 02 дугаар сарын 01-ний өдөр нотлох баримт гаргуулах хүсэлт гаргасныг 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн .... дугаар шүүгчийн захирамжаар зарим хэсгийг хангаж, мөн өдрийн шүүх хуралдааныг 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл хойшлуулсан,
2024 оны 3 дугаар сарын 05-ны өдөр нэхэмжлэгчээс нотлох баримт гаргуулах хүсэлт гаргасныг 2024 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн .... дугаар шүүгчийн захирамжаар хангаж шийдвэрлэсэн,
2024 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчээс гэрч оролцуулах, үзлэг хийлгэх, нотлох баримт гаргуулах хүсэлт гаргасныг ..... дугаар шүүгчийн захирамжаар хангахаас татгалзаж, шүүх хуралдааныг 2024 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийг хүртэл хойшлуулсан,
2024 оны 3 дугаар сарын 22-ны өдөр нэхэмжлэгчээс нотлох баримт гаргуулах хүсэлт гаргасныг 2024 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн .... дугаар шүүгчийн захирамжаар хангахаас татгалзсан,
2024 оны 3 дугаар сарын 26-ны өдөр нэхэмжлэгчээс эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал тогтоолгох хүсэлт гаргасныг 2024 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн .... дугаар шүүгчийн захирамжаар хангахаас татгалзсан,
2024 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн .... дугаар шүүгчийн захирамжаар нэхэмжлэгчийн нотлох баримт гаргуулах хүсэлтийг зарим хэсэг, хариуцагчийн гэрчийг албадан ирүүлэх хүсэлтийг тус тус хангаж шүүх хуралдааныг хойшлуулсан,
2024 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэх хүсэлт гаргасныг 2023 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн .... дугаар шүүгчийн захирамжаар хүлээн авахаас татгалзсан,
2024 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчээс захирамжуудад өөрчлөлт оруулах хүсэлт гаргасныг ... дугаар шүүгчийн захирамжаар хүсэлтийг хангахгүй орхиж шүүх хуралдааныг үргэлжлүүлж, нэхэмжлэгчээс шүүгчийн захирамжийн биелэлтийг хангуулах хүсэлт гаргасныг .... дугаар шүүгчийн захирамжаар хүлээн авахаас татгалзаж, шүүх хуралдааныг үргэлжлүүлж, нэхэмжлэгч шүүгчийг татгалзан гарах хүсэлт гаргасан тул уг хүсэлтийг ерөнхий шүүгчээр шийдвэрлүүлэхээр шүүх хуралдааныг хойшлуулсан байна.
Улмаар 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн .... дугаар шүүхийн шийдвэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М-д нэхэмжлэлийн нэг хувийг 2023 оны 03 сарын 20-ний өдөр гардуулан өгч, бичгээр тайлбар ирүүлэх 14 хоногийн хугацаа тогтоож, бичгийн тайлбараа нотлох баримтын хамт ирүүлсэн.
Хариуцагчийн төлөөлөгч 2023 оны 03 сарын 27-ний өдөр, нэхэмжлэгч нь 2023 оны 04 сарын 03-ний өдөр хүсэлт тус тус гаргасныг 2023 оны 05 сарын 17-ний өдөр шийдвэрлэж, шүүгчийн захирамжийг танилцуулсан.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М нь 2023 оны 05 дугаар сарын 16-ний өдөр "шинжээч томилуулах хүсэлт", нэхэмжлэгч Ц.Б нь 2023 оны 05 сарын 26-ний өдөр “шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах хүсэлт", "ач холбогдолгүй материалыг баримтаас тусгаарлах, хасах тухай хүсэлт", "нотлох баримт гаргуулах тухай хүсэлт", "шинжээч томилуулах хүсэлтэд тайлбар өгч, дүгнэлт гаргуулах тухай", "захирамжийн биелэлт хангах тухай" зэрэг 6 хүсэлт, хариуцагч 1 хүсэлт нийт 7 хүсэлт гаргасныг 2023 оны 06 сарын 14-ний өдрийн 10678 дугаартай "хүсэлт шийдвэрлэж, шинжээч томилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай" шүүгчийн захирамжаар шийдвэрлэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа түдгэлзсэн болно.
Шүүх шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн дүгнэлт ирснээр 2023 оны 09 сарын 08-ний өдрийн 15284 дугаартай шүүгчийн захирамжаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээж, шүүх хуралдааныг 2023 оны 09 сарын 19-ний өдрийн 10:30 минутад товлон зарсан.
Нэхэмжлэгч нь 2023 оны 09 сарын 19-ний өдөр 08 дугаартай хүсэлт, хариуцагч нь шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлтийг тус тус гаргаснаар шүүх хуралдааныг хойшлуулсан.
Мөн 2023 оны 11 сарын 07-ний өдөр 10 дугаартай хүсэлт, 2023 оны 12 сарын 18-ний өдөр 11 дугаартай хүсэлт, 2023 оны 12 сарын 26- ний өдөр 09 дугаартай хүсэлтүүдийг гаргаж 2023 оны 11 сарын 22-ний өдөр 19696 дугаартай "хүсэлт шийдвэрлэж, нотлох баримт гаргуулах тухай" шүүгчийн захирамжаар, 2023 оны 12 сарын 07-ний өдрийн 20760 дугаартай "хүсэлт шийдвэрлэх тухай" шүүгчийн захирамжаар, 2023 оны 12 сарын 26-ний өдрийн "хүсэлт шийдвэрлэж, нотлох баримт гаргуулах тухай" шүүгчийн захирамжаар тус тус шийдвэрлэсэн.
Нэхэмжлэгч нь 2024 оны 01 сарын 18-ний өдөр 12 дугаартай хүсэлт, 2024 оны 02 сарын 01-ний өдөр 13 дугаартай хүсэлт гаргаж, 2024 оны 02 сарын 07-ний өдрийн шүүх хуралдаанаар хүсэлтийг шийдвэрлэж, нотлох баримт гаргуулахаар шүүх хуралдааныг 2024 оны 02 сарын 28-ний 09:00 минут хүртэл хойшлуулсан боловч 2024 оны 02 сарын 08-ний өдрийн шүүх хуралдаан "шүүгчийн захирамжийн биелэлт хангуулах"-аар 2024 оны 03 сарын 19-ний өдрийн 11:00 минут хүртэл хойшлогдсон.
Нэхэмжлэгч нь 2024 оны 03 сарын 05-ний өдөр 14 дугаартай хүсэлт гаргаж, 2024 оны 3 сарын 12-ний өдрийн 5133 дугаартай "хүсэлт шийдвэрлэж, нотлох баримт гаргуулах тухай" шүүгчийн захирамжаар шийдвэрлэсэн.
Нэхэмжлэгч нь 2024 оны 03 сарын 19-ний өдөр 15 дугаартай хүсэлт гаргаж, 2024 оны 03 сарын 19-ний өдрийн 5866 дугаартай "хүсэлт шийдвэрлэж, захирамжид өөрчлөлт оруулж, шүүх хуралдааныг хойшлуулах тухай" шүүгчийн захирамжаар шүүх хуралдааныг 2024 оны 04 сарын 09-ний өдрийн 09:00 минутад товлон зарласан.
Нэхэмжлэгч нь 2024 оны 03 сарын 22-ний өдөр 16 дугаартай хүсэлт гаргаж, 2024 оны 03 сарын 26-ний өдрийн 6383 дугаартай "хүсэлт шийдвэрлэх тухай" шүүгчийн захирамжаар шийдвэрлэсэн.
Нэхэмжлэгч нь 2024 оны 03 сарын 26-ний өдөр 17 дугаартай хүсэлт гаргаж, 2024 оны 04 сарын 03-ний өдрийн 6946 дугаартай "хүсэлт шийдвэрлэх тухай" шүүгчийн захирамжаар шийдвэрлэсэн.
Нэхэмжлэгч нь 2024 оны 04 сарын 09-ний өдөр 18 дугаартай хүсэлт гаргаж, 2024 оны 04 сарын 09-ний өдрийн 7454 дугаартай "хүсэлт шийдвэрлэж, нотлох баримт гаргуулахаар шүүх хуралдааныг хойшлуулах тухай" шүүгчийн захирамжаар шийдэж, шүүх хуралдааныг 2024 оны 04 сарын 24-ний өдрийн 09:00 минутад товлон зарласан.
Шүүгчийн 2024 оны 03 сарын 19-ний өдрийн 5866 дугаартай захирамжид Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1-д заасан үндэслэлээр гомдол гаргасныг 2024 оны 04 сарын 11-ний өдрийн 163 дугаартай Шүүхийн тогтоолоор шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн.
Нэхэмжлэгч нь 2024 оны 04 сарын 15-ний өдөр "нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэх тухай" хүсэлтийг шуудангаар ирүүлснийг 2024 оны 04 сарын 22-ний өдрийн "хүсэлт шийдвэрлэх тухай" шүүгчийн захирамжаар, 2024 оны 04 сарын 24-ний өдөр 19 дугаартай хүсэлтийг 2024 оны 04 сарын 24-ний өдрийн 8640 дугаартай шүүгчийн захирамжаар, шүүх хуралдааны шатанд дахин хүсэлт гаргасныг 2024 оны 4 сарын 24-ний өдрийн 8641 дугаартай шүүгчийн захирамжаар, мөн шүүгч А.М-аас татгалзан гаргах хүсэлт гаргасныг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.6 дахь хэсэгт зааснаар Ерөнхий шүүгчээр шийдвэрлүүлэхээр 2024 оны 04 сарын 24-ний өдрийн 8642 дугаартай шүүгчийн захирамжаар шийдвэрлэн, хэргийг Ерөнхий шүүгчид хүргүүлэхийг шүүгчийн туслахад даалгаж, шүүх хуралдааныг 2024 оны 04 сарын 30-ний өдрийн 14:30 минут хүртэл хойшлуулсан.
Ц.Б нь гомдолдоо өмнө гаргасан татгалзлыг чинь Ерөнхий шүүгч шийдвэрлэсэн байгаа тул одоо хамааралгүй гомдол гаргах эрхгүй” хэмээн хуралдааныг үргэлжлүүлэхээр болов энэ үйлдэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.6 дахь заалтыг зөрчиж өөрөө өөрийгөө дур мэдэн шийдвэрлэж байгаа зөрчил гэж үзэж байна." гэжээ.
Ц.Б нь 2024 оны 04 сарын 24-ний өдрийн шүүх хуралдаанд дээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1.3-т заасан үндэслэлээр татгалзсаныг тус шүүхийн Ерөнхий шүүгчийн 2024 оны 04 сарын 29-ний өдрийн 1527 дугаартай захирамжаар "шүүгч А.М-ыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзан гаргах тухай Ц.Б-ын хүсэлтийг хангахгүй орхиж" шийдвэрлэсэн. 2024 оны 04 сарын 30-ний өдрийн шүүх хуралдаанд мөн хуулийн 91.1.3 заасан ижил үндэслэлээр шүүгчээс татгалзсан тул Ерөнхий шүүгчийн захирамж хүчинтэй байгаа тул шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн энэ талаар шүүх хуралдааны тэмдэглэлд тодорхой тусгагдсан.
Монгол Улсын Дээд Шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 01 сарын 12-ны өдрийн 05 дугаартай тогтоолоор "... ижил үндэслэлээр татгалзах хүсэлт гаргасан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан хүсэлтийг шийдвэрлэсэнтэй холбогдуулан татгалзсан нь хуульд заагаагүй үндэслэлд хамаарна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасны дагуу хэрэг хэлэлцэж эхэлснээс хойш дээрхи үндэслэлээр гаргасан хүсэлтийг гаргаагүйд тооцож хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүгч буюу шүүх бүрэлдэхүүн үзвэл энэ талаар тэмдэглэлд тусгаж шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулж болохоор" тайлбарласан.
Шүүх хуралдаан эхлэхэд миний бие хүсэлт байгааг илэрхийлсэн "хүсэлтийг хүлээн авахгүй, нэхэмжлэлээ ярь" хэмээн шаардаж эхэлсэн гэжээ. УДШ-ийн тогтоолд зааснаар нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийг хангаагүй, шүүгчийн татгалзлыг хүлээн аваагүйн улмаас шүүгчийг удаа дараа татгалзаж, хуралдаан дээр “Г” ХХК-ийн халаасанд орсон шүүгч, хариуцагч талд үйлчилдэг гэх мэтээр доромжилж байсныг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М болон шүүх хуралдааны нарийн бичиг Л.М нар сонссон шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан.
Нэхэмжлэгч Ц.Б нь зөрчигдсөн эрхээ сэргээлгэх зорилгоор нэхэмжлэл гаргасан боловч хэргийг шийдвэрлүүлэх хүсэлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад удаа дараа хүсэлт гарган /17 хүсэлт/ шүүх хуралдааныг хойшлуулж, шүүгчийг доромжилж байгаа нь хэрхэн ёс зүйтэй хуульч болох нь шүүх хуралдааны удаа дараагийн тэмдэглэлээс харагдах байх.
Шүүгч А.М нь Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлд заасан шүүгчид хориглох зүйлийг зөрчөөгүй, шүүгчийн хувьд хуульд заасан ажиллагааг явуулсан тул нэхэмжлэгч Ц.Б-ын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
2024 оны 04 сарын 30-ны өдрийн шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Л.М оролцож тэмдэглэл хөтөлсөн боловч хэргийн оролцогч нарт тэмдэглэлийг “Viber”-р танилцуулах хуулийн зохицуулалт болон журам байхгүй.
Харин Ц.Б нь шүүхийн Тамгын газарт хүсэлт гарган шүүх хуралдааны бичлэгтэй танилцах эрх нь нээлттэй байсан.
Шүүгч А.М нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлд заасан шүүгчид хориглох зүйлийг зөрчөөгүй, шүүгчийн хувьд хуульд заасан ажиллагааг явуулсан тул нэхэмжлэгч Ц.Б-ын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү ...” гэжээ.
Шүүгч А.М 2024 оны 06 дугаар сарын 18-ны өдөр ирүүлсэн тайлбартаа:
... шүүхэд нэхэмжлэгч Ц.Б нь “Д” ХХК-д холбогдуулан 380,000 ам доллар буюу 1,333,496,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг 2023 оны 03 сарын 10-ний өдрийн .... дугаартай шүүгчийн захирамжаар иргэний хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж 2024 оны 04 сарын 30-ний өдрийн 1766 дугаартай шийдвэрээр эцэслэн шийдвэрлэж, давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэгч Ц.Б гомдол гаргаснаар хэргийг хүргүүлсэн болно.
2024 оны 04 сарын 30-ний өдрийн шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Л.М оролцож тэмдэглэл хөтөлсөн боловч тэмдэглэлийг хугацаандаа гаргаагүй боловч хэргийн оролцогч нарт тэмдэглэлийг вайбераар танилцуулах хуулийн зохицуулалт болон журам байхгүй.
Харин Ц.Б нь шүүхийн тамгын газарт хүсэлт гарган шүүх хуралдааны бичлэгтэй танилцах эрх нь нээлттэй байсан.
Шүүгч А.М нь Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлд заасан шүүгчид хориглох зүйлийг зөрчөөгүй, шүүгчийн хувьд хуульд заасан ажиллагааг явуулсан тул нэхэмжлэгч Ц.Б-ын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү ...” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Иргэн Ц.Б-аас, .... шүүхийн шүүгч Б.М-д холбогдуулан гаргасан өргөдлөөр, илтгэгч гишүүн 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдөр сахилгын хэрэг үүсгэн, шалгах ажиллагаа явуулж, 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн ... дугаар сахилгын зөрчил гаргасныг нотлох дүгнэлт үйлджээ.
Хуралдаанд судлан шинжилсэн нотлох баримт, илтгэгч гишүүний тайлбар зэргийг харьцуулан дүгнэж, шүүгч А.М-д холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
.... шүүхэд, Ц.Б-ын “Д” ХХК-д холбогдуулсан 380,000 ам доллар буюу 1,333,496,000 төгрөг гаргуулах” нэхэмжлэлийн шаардлага бүхий хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа болох нь сахилгын хэрэг дэх баримтаар тогтоогдоно.
1. Шүүгчийн 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн ... дугаартай захирамжаар иргэний хэрэг үүсгэж /сх-ийн 91 дэх тал/, хариуцагчид нэхэмжлэлийг 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдөр гардуулжээ. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд шүүгч:
- 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 08606 дугаар захирамж[1],
- 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 10678 дугаар захирамж,
- 2023 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 15284 дугаар захирамж,
- 2023 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 15585 дугаар захирамж, тус өдрийн 15586 дугаар захирамж,
- 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 19695 дугаар захирамж,
- 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 20760 дугаар захирамж,
- 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн захирамж,
- 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 03038 дугаар захирамж,
- 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 05331 дугаар захирамж,
- 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 05866 дугаар захирамж,
- 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 06383 дугаар захирамж,
- 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 06946 дугаар захирамж,
- 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 07454 дугаар захирамж,
- 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 08466 дугаар захирамж,
- 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 08640 дугаар шүүгчийн захирамж,
- шүүх хуралдааны шатанд дахин хүсэлт гаргасныг 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 8641 дугаар захирамжаар шийдвэрлэсэн байх ба 2023 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн түдгэлзүүлсэн хэргийг сэргээсэн захирамжаас бусад дээрх захирамж нь нэхэмжлэгчийн гаргасан нотлох баримт гаргуулах, үзлэг хийлгэх, нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэх гэх зэрэг хүсэлтийг шийдвэрлэсэн байна.
Улмаар 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн хуралдаанд, нэхэмжлэгч шүүгчийг татгалзсан, татгалзлыг шийдвэрлэн, шүүх хуралдааныг үргэлжлүүлэхэд хүсэлт гаргахаа илэрхийлсэн, уг хүсэлтийг шийдвэрлэлгүй хуралдаан үргэлжилсэн болох нь тухайн шүүх хуралдааны бичлэгт хийсэн үзлэгийн тэмдэглэлээр тогтоогдоно.
Илтгэгч гишүүн нотлох дүгнэлтдээ “ ... Анхан шатны шүүх хуралдааны дэгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн Аравдугаар бүлэгт зохицуулсан бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.1-д “Шинэ нотлох баримт бүрдүүлэх ба хэрэг хянан шийдвэрлэхтэй холбогдсон бусад асуудлын талаар хэргийн оролцогчоос гаргасан хүсэлтийг бусад оролцогчийн саналыг сонсмогц шүүх бүрэлдэхүүн буюу шүүгч даруй шийдвэрлэнэ” гэж зааснаас үзвэл шүүх хуралдаанд хэрэг хэлэлцэж эхлэхээс өмнө хэргийн оролцогчоос гаргасан хүсэлтийг заавал шийдвэрлэхээр хуульчилсан.
... нэхэмжлэгч Ц.Б-аас хүсэлт байгаа талаар илэрхийлэхэд шүүгч “...хүсэлт гаргах үе шат дууссан” гэж түүний хүсэлт гаргах эрхийг хязгаарлаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т заасан “хуулийн илт тодорхой заалтыг ноцтой, ... зөрчсөн үйлдэл, ... гаргах” зөрчил гаргасан гэж үзлээ.
Мөн шүүх хуралдаанд оролцогчийн хуулиар олгогдсон эрх ноцтой зөрчигдсөн байх гэдэг нь тэдгээрийн эрх зөрчигдсөн нь хэргийн оролцогчийн давж заалдах гомдлын үндэслэл болсон бол энэ нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэж ойлгох бөгөөд ... шүүгчийн шүүн таслах болон түүнтэй холбоотой бүхий л үйл ажиллагаа нь шүүхийн шударга байдалд итгэх олон нийтийн итгэлийг бататган бэхжүүлэхэд чиглэдэг бөгөөд хуулийн илт тодорхой заалтыг зөрчсөн дээрх алдаа нь шүүхийн өндөр нэр хүндэд сөргөөр нөлөөлсөн ноцтой зөрчилд тооцогдоно ... ” гэж дүгнэжээ.
Шүүгч нь хэргийн оролцогчийн хүсэлтийг хэлэлцээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.1-д “Шинэ нотлох баримт бүрдүүлэх ба хэрэг хянан шийдвэрлэхтэй холбогдсон бусад асуудлын талаар хэргийн оролцогчоос гаргасан хүсэлтийг бусад оролцогчийн саналыг сонсмогц шүүх бүрэлдэхүүн буюу шүүгч даруй шийдвэрлэнэ” гэж заасныг зөрчсөн зөрчил гэж үзэхээр байх боловч харин ноцтой байх шаардлага хангагдаагүй байна.
Учир нь 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн, цааш үргэлжилсэн шүүх хуралдааны бичлэг болон тэмдэглэлээс үзэхэд, нэхэмжлэгчийн тайлбарт, мөн гэрчийн, эсхүл зохигч нарын асуулт хариултад “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой шийдвэрлүүлэх гэсэн асуудал байсан, эсхүл энийг хүсэлт болгож гаргаж хэлэх гэж байсан, энэ хүсэлтийг хэлэлцээгүйгээс болж байгаа” гэх агуулга дурдагдаагүйн дээр давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолд “ ... хүсэлт байгааг илэрхийлсэн боловч хүсэлтийг хүлээн авахгүй, нэхэмжлэлээ ярь гэж шаардаж ... шүүгчийн энэ үйлдэл нь шүүх хуралдааны дэг зөрчсөн, процесс ажиллагааг алдагдуулсан ... ” гэж бичсэнээс бус ямар хүсэлт гаргах гэж байсан, тэр нь тухайн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэрхэн ач холбогдолтой талаар бичээгүй байна.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23 дахь хэсэгт заасан хуулийн илт тодорхой заалтыг зөрчсөн зөрчил нь ноцтой, эсхүл удаа дараа гаргасан байж хуулийн шаардлага хангагддаг. Хэргийн оролцогч хүсэлтээ шийдвэрлүүлээгүйгээс үр дагавар үүссэн, мөн хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх ашигт нөлөөлсөн нь ноцтой байх үндэслэлийг бүрдүүлнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн онцлог болох мэтгэлцэх зарчим нь хэргийн оролцогч нь шаардлага болон татгалзлаа нотлох үүрэг хүлээдгээр илэрдэг. Харин илтгэгч гишүүн “ ... хэргийн оролцогчийн эрх зөрчигдсөн нь оролцогчийн давж заалдах гомдлын үндэслэл болсон бол энэ нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэж ойлгоно” гэх боловч хэргийг 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр шийдвэрлэх хүртэл удаа дараа хүсэлт гаргаж, шүүхээр шийдвэрлүүлж байсан нэхэмжлэгчийн эрх ашиг хэрхэн хөндөгдсөнийг, ямар үр дагавар бий болсон эсэхийг дүгнээгүй, сахилгын хэрэгт авагдсан баримтаар энэ байдал тогтоогдохгүй байх тул ноцтой гэж үзэхгүй.
2. Нэхэмжлэгч 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн шүүх хуралдаанд шүүгч А.М-ыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1.3-д заасан үндэслэлээр татгалзан гаргах хүсэлт гаргасныг тус шүүхийн Ерөнхий шүүгчийн 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн .... дугаартай захирамжаар хангахгүй орхиж шийдвэрлэжээ.
Гэтэл 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн шүүх хуралдаанд, нэхэмжлэгч “шүүгч А.М-аас татгалзаж байна. Иргэний процессын хуулийг зөрчиж, хариуцагч талд илтэд үйлчилж, зүй бус үйлдлүүдийг удаа дараа гаргаж байгаа тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1.3-т зааснаар, дахин татгалзаж байгаагаа мэдэгдэж байна” гэж өмнөх хуралдаанд гаргаж байсан үндэслэлтэй ижил татгалзах хүсэлт гаргасныг шүүгчийн 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн ... дугаар захирамжаар “... нэхэмжлэгч Ц.Б-ын гаргасан шүүгчээс татгалзах хүсэлтийг тус шүүхийн Ерөнхий шүүгчийн 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 1527 дугаартай захирамжаар шийдвэрлэсэн” гэх үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж, шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн байна.
Шүүхийн практикийг нэгтгэх, хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангах үүднээс гаргасан Монгол Улсын дээд шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 05 дугаартай тогтоолд, “ ... энэ хуульд заагаагүй үндэслэлээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохоос шүүгч өөрөө татгалзах, эсхүл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчөөс шүүгчийг татгалзан гаргахыг хориглоно гэж ойлгоно. Тухайн хэргийг дангаар болон бүрэлдэхүүнээр шийдвэрлэх ажиллагаанд оролцоогүй шүүгчийг татгалзсан, ижил үндэслэлээр татгалзах хүсэлтийг дахин гаргасан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан хүсэлтийг шийдвэрлэсэнтэй холбогдуулан татгалзсан нь хуульд заагаагүй үндэслэлд хамаарна. Энэ хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасны дагуу хэрэг хэлэлцэж эхэлснээс хойш дээрх үндэслэлээр гаргасан хүсэлтийг гаргаагүйд тооцож хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүгч буюу шүүх бүрэлдэхүүн үзвэл энэ талаар тэмдэглэлд тусгаж шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулна” гэж тайлбарласан.
Иймээс, 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн шүүгчийг татгалзан гаргах тухай хүсэлтийг шүүгч хүлээн авахаас татгалзаж, шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.6-д заасныг зөрчсөн гэж үзэхгүй гэж илтгэгч гишүүн дүгнэсэн нь үндэслэлтэй байна.
3. Ц.Б-ын нэхэмжлэлтэй “Д” ХХК-д холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлэсэн 2024 оны 04 дүгээр сарын 30-ын өдрийн шүүх хуралдаанд гэрч Э.Б оролцжээ.
Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үе шатанд гэрчээс хүсэлт гаргасан нэхэмжлэгч тал эхлээд асуулт асууж, хариулт авсан нь шүүх хуралдааны тэмдэглэл, бичлэгийн үзлэгийн тэмдэглэлээр тогтоогдох ба талууд гэрчээс асуулт асуух үед тухайн асуултыг тодруулж, эсвэл хариултыг тодруулж, даргалагч асуулт асуусан нь сахилгын хэрэг дэх шүүх хуралдааны дуу дүрсний бичлэгийн тэмдэглэлээр тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 89 дүгээр зүйлийн 89.2 дахь хэсэгт “Шүүх хуралдаан даргалагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуулийн дагуу явуулах, хэргийн оролцогч эрх, үүргээ хэрэгжүүлэх, мэтгэлцэх зарчмыг хангах, шүүх хуралдааны дэгийг сахиулах талаар шаардлагатай арга хэмжээг авна” хуралдаан даргалагч гэрчээс асуулт асууж, тодруулга авч байгааг хууль зөрчсөн гэж үзэхгүй.
Иймд, илтгэгч гишүүний “... Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.1 дэх заалтад заасан шүүх хуралдаан даргалах нийтлэг чиг үүргийг хэрэгжүүлж, дээрх хуульд заасан хүрээнд хэргийн оролцогчдоос асууж, хэргийн үйл баримтыг тодруулсан байна ...” гэсэн нь үндэслэлтэй.
4. Илтгэгч гишүүн, Ц.Б-ыг шүүх хуралдааны тэмдэглэлтэй танилцах хүсэлт гаргасан эсэхийг тодруулахад, шүүгчийн туслах Г.Г “... Ц.Б надаас ирээд шүүх хуралдааны тэмдэглэлтэй танилцъя гэхэд тэмдэглэл албажиж гараагүй байсан ...” гэсэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.М “... Ц.Б над дээр ирээд шүүх хурлын тэмдэглэлтэй танилцмаар байна ... гэсэн. ... Тэгэхээр нь би ... тэмдэглэлийг хянуулахаар шүүгчид өгсөн ... гэж хэлсэн ... Ц.Б би viber-р авах сонирхолтой байна … гэсэн ... маргааш нь хурлын тэмдэглэл гарсан байсан бөгөөд шүүгчээс асуухад viber-р бол танилцуулж болохгүй гэсэн ... ” гэж мэдүүлсэн байна.
Ц.Б-ын “шүүх хуралдааны тэмдэглэлийг viber-р авах” тухай амаар гаргасан хүсэлтийг шүүгч А.М нь эс зөвшөөрчээ.
Үүнийг илтгэгч гишүүн “... Шүүхийн тухай хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 52 дугаар тогтоолоор баталсан Иргэний хэргийн хөдөлгөөний нийтлэг аргачлалд тус тус шүүх хуралдааны тэмдэглэлийг цахимаар буюу Viber-р таницуулахыг зохицуулаагүй тул нэхэмжлэгчид шүүх хуралдааны тэмдэглэлийг Viber-р танилцуулахыг хориглосон шүүгчийн үйлдлийг буруутгах үндэслэл болохгүй ...” гэж дүгнэсэн.
Шүүх хуралдааны тэмдэглэл нь шүүхийн шууд нотолгооны хэрэгслийн нэг болдгоороо бусад бичмэл нотлох баримтаас онцлогтой тул viber буюу цахим хэлбэрээр авч танилцахыг эс зөвшөөрсөн шүүгч А.М-ын үйлдлийг сахилгын зөрчил гаргасан гэж үзэх үндэслэлгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2 дахь хэсэгт “хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай шүүгчийн захирамж гарсны дараа хэргийн материалтай танилцах, түүнээс тэмдэглэл хийх, шүүх хуралдаанд оролцох” эрхтэй, мөн хуулийн 96 дугаар зүйлийн 96.3-т ”шүүх хуралдааны тэмдэглэл алдаатай бичигдсэн бол ... шүүх хуралдааны оролцогчийн хэн нэгний санал болгосноор түүнд 3 хоногийн дотор засвар хийж, энэ тухай тэмдэглэлд тусгаж, шүүгч гарын үсэг зурж баталгаажуулна” гэж зааснаар шүүх хуралдааны тэмдэглэлтэй биечлэн танилцаж, түүнээс тэмдэглэл хийх эрх нь нээлттэй байсан болохыг дурдах нь зүйтэй байна.
Дээрхийг дүгнэвэл, шүүгч А.М-д холбогдуулан гаргасан сахилгын зөрчил гаргасныг нотлох дүгнэлтийг хүчингүй болгож, шүүгчид холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзлээ.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.1, 112.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн .... дүгээр сахилгын зөрчил гаргасныг нотлох дүгнэлтийг хүчингүй болгож, .... шүүхийн шүүгч А.М-д холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Энэ магадлалыг сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл, мэдээлэл гаргагч нарт гардуулах /хүргүүлэх/-ыг Ажлын албанд даалгасугай.
3. Магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Ц.ДАВХАРБАЯР
ГИШҮҮН Д.АРИУНТУЯА
О.НОМУУЛИН