
МОНГОЛ УЛС
ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО
МАГАДЛАЛ
2025-01-17
Дугаар 13
Улаанбаатар хот

Сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох тухай
Шүүхийн сахилгын хорооны хуралдааныг гишүүн Ц.Давхарбаяр даргалж, гишүүн О.Номуулин, Д.Эрдэнэчулуун нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Б.Сугар, хуралдааны нарийн бичгийн дарга А.Намуундарь нарыг оролцуулан, сахилгын хорооны хуралдааны 105 тоот танхимд нээлттэй хийв.
Тус хуралдаанаар Б.Х-ын өргөдлөөр, хуучнаар ..... шүүхийн шүүгч, одоо .... шүүгч Д.Э-т холбогдуулан үүсгэсэн сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг гишүүн Б.Сугарын илтгэснээр хянан хэлэлцээд,
ТОДОРХОЙЛОХ нь:
Илтгэгч гишүүн 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн ..... дугаар сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай саналдаа:
“... Тус өргөдөлд дурдагдсан “... хариуцагч Ч.Э-гийн орон сууцыг битүүмжилж өгөхийг 2023 оны 6 сард хүссэн байхад арга хэмжээ авалгүй байсаар 2023 оны 8 сард бусдад шилжүүлсэн” гэх мөн “... хариуцагч талаас гаргасан хүсэлтүүдийг удаа дараа хангаж хэргийг шийдвэрлэхгүй өөрөөр хэлбэл үндэслэлгүй гэж үзэхээр шалтгаануудаар арав гаруй удаа шүүх хуралдааныг хойшлуулсаар байгаа” гэх үндэслэлээр өргөдөл гаргагчийн өмнө ирүүлсэн өргөдлөөр сахилгын хэрэг үүсгэн, шалгах ажиллагаа явуулж улмаар Сахилгын хорооны хуралдааны 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн ..... дүгээр магадлалаар сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуулийн хүчин төгөлдөр болсон байна.
Иймд дээрх үйл баримтад холбогдуулан сахилгын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж, Сахилгын хорооны шийдвэр гарсан нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.9 дэх хэсэгт хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр, эсхүл Сахилгын хорооны шийдвэрээр нэгэнт тогтоогдсон болон нийтэд илэрхий баримт сахилгын хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж заасанд нийцэж байх тул өргөдөлд дурдсан тус агуулга бүхий үйл баримтаас бусад үндэслэлийн хүрээнд шалгах ажиллагааг явуулсан болно.
Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн ...... дүгээр “Сахилгын хэрэг үүсгэх тухай” захирамжаар өргөдлийн зарим үндэслэлд сахилгын хэрэг үүсгэн, шалгах ажиллагаа явуулахад дараах нөхцөл байдал тогтоогдож байна.
Нэхэмжлэгч Ч.Э-гаас хариуцагч Б.Х-д холбогдуулан гаргасан 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулж, 10 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээр 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн ..... дугаар шүүгчийн захирамжаар, нэхэмжлэгч Б.Х-аас хариуцагч Ч.Э-д холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 66 317 250 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээр 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдөр .... дугаар шүүгчийн захирамжаар тус тус иргэний хэрэг үүсгэсэн байх бөгөөд улмаар шүүгчийн 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн ..... дугаар “Шүүгчийн захирамжид өөрчлөлт оруулах тухай” захирамжаар дээр дурдсан хоёр иргэний хэргийг нэгтгэсэн байна.
Улмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчдоос удаа дараа гаргасан хүсэлтийг хангаж, шүүх хуралдааныг хойшлуулж шийдвэрлэсэн байна. Тодруулбал:
- 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн ..... дугаар шүүгчийн захирамжаар шүүх хуралдаанд хариуцагч Ч.Э-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан хүсэлтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасанд хамаарахгүй гэх үндэслэлээр хангахгүй орхиж, мөн хуулийн 170 дугаар зүйлийн 170.1-д зааснаар шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхийг нь хангахаар шүүх хуралдааныг хойшлуулж шийдвэрлэсэн байна.
- 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн .... дугаар шүүгчийн захирамжаар 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн ...... дугаар шүүгчийн захирамжийн биелэлтийг хангаж, гэрч Э.Х, Т.Б нарыг шүүхэд дуудан ирүүлэх, хариуцагч Ч.Э-гийн өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах хүсэлтийг хэргийн оролцогчийн эрхэд хамаарах үндэслэлээр хангаж, шүүх хуралдааныг хойшлуулсан.
- 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн .... дугаар шүүгчийн захирамжаар Улсын бүртгэлийн ерөнхий газраас нотлох баримт гаргуулах, маргаан бүхий 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн ..... дугаар гэрээг гэрчилсэн Нийслэлийн тойргийн нотариатч Т.Б, 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн ..... дугаар арилжааны гэрээг гэрчилсэн Нийслэлийн тойргийн нотариатч Б.Ц нараас гэрчийн мэдүүлэг авахаар шийдвэрлэж, шүүх хуралдааныг хойшлуулсан.
- 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн .... дугаар шүүгчийн захирамжаар тус шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн ...... дугаар шүүгчийн захирамжаар Улсын бүртгэлийн ерөнхий газраас гаргуулахаар шийдвэрлэсэн захирамжийн биелэлт хангагдаагүй үндэслэлээр товд өөрчлөлт оруулсан.
- 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн ...... дугаар шүүгчийн захирамжаар хариуцагч Ч.Э-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хэргийн баримттай танилцах үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт нь хуульд заасан хэргийн оролцогчийн эрхэд хамаарах үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулсан.
- 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн ..... дугаар шүүгчийн захирамжаар хариуцагч Ч.Э-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхийн журмаар нотлох баримт гаргуулах хүсэлтийг хангахгүй орхиж, нотлох баримт бүрдүүлэх цуглуулах нь хуульд заасан хэргийн оролцогчийн эрхэд хамаарах тул тухайн баримтаа бүрдүүлэх боломжит хугацааг олгохоор, хариуцагч Ч.Э-гийн өөрчилсөн нэхэмжлэлийн шаардлагыг нэхэмжлэгчид гардуулах ажиллагааг гүйцэтгэхээр шүүх хуралдааныг хойшлуулсан.
- 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн ..... дугаар шүүгчийн захирамжаар хэргийн оролцогчийг холбогдох баримтыг бүрдүүлж, цуглуулах боломжоор хангахаар шүүх хуралдааныг хойшлуулж, дараагийн шүүх хуралдаан хүртэл хугацаанд хариуцагч Ч.Э, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар тухайн баримтаа ирүүлээгүй, эсхүл нотариатчид холбогдох сахилгын шийтгэл ногдуулах арга хэмжээ нь маргаан бүхий арилжааны гэрээтэй холбоо, хамааралгүй байх тохиолдолд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг шүүхэд үнэн зөв тайлбар мэдүүлэг гаргах үүргээ биелүүлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг санаатайгаар удаашруулж шүүхийг илтэд үл хүндэтгэсэн гэх үндэслэлээр хуульд заасан мөнгөн торгуулийн арга хэмжээ авах талаар тайлбарлан сануулж, Цагдаагийн байгууллагаас нотлох баримт гаргуулах хүсэлтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д заасан үндэслэлд хамаарахгүй үндэслэлээр хүлээн авахаас татгалзсан.
- 2024 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн .... дугаар шүүгчийн захирамжаар хариуцагч Ч.Э-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн маргаан бүхий 2 үл хөдлөх эд хөрөнгийн үнийн зөрүү хэд болох талаар шинжээчийн дүгнэлт гаргуулах тухай хүсэлтийг хуульд заасан тусгай мэдлэгт хамаарахгүй үндэслэлээр хангахгүй орхиж, түүний өмгөөлөгч С.Ө-гийн шүүх хуралдаанд хүрэлцэн ирэх боломжгүй хүндэтгэн үзэх шалтгаан нь хэргийн баримтаар нотлогдсон болон шинжээч томилуулах хүсэлтийг хангахгүй орхисон тул шүүгчийн захирамжийн уг заалтад гомдол гаргах эрхийг хангаж шүүх хуралдааныг хойшлуулсан.
- 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн ..... дугаар шүүгчийн захирамжаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан хариуцагч Ч.Э-д холбогдуулан авсан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.3-т заасан арга хэмжээг хүчингүй болгуулах тухай хүсэлтийг хангахгүй орхиж, хэрэг хянан шийдвэрлэг ажиллагааг түдгэлзүүлэх хүсэлтийг жич шийдвэрлэхээр, хариуцагчийн итгэмжлэгчийн төлөөлөгчийн ..... дүүргийн цагдаагийн байгууллагаас Ч.Э-гийн гаргасан гомдлын хуулбар, тухайн гомдлыг хянан шийдвэрлэж байгаа эсэх талаарх лавлагааг гаргуулах хүсэлтийг хангаж, шүүх хуралдааныг хойшлуулсан байна.
Маргаан бүхий иргэний хэрэгт авагдсан баримтаар холбогдох шүүгч зохигчдоос гаргасан удаа дараагийн хүсэлтийг хүлээн авч, тухай бүрд нь талуудаас гаргаж өгсөн баримтын хүрээнд шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх зарчимд нийцүүлэн шийдвэрлэж, талуудыг мэтгэлцэх зарчмаар хангахын тулд хуралдааныг хойшлуулж байсан нь тогтоогдож байх бөгөөд захирамждаа хууль зүйн үндэслэлээ тодорхой дурдан тайлбарлаж, талуудын гомдол гаргах эрхийг нь хангаж шийдвэрлэсэн байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт “шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ”, 40.2 дахь хэсэгт “нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэж тус тус зааснаас үзвэл шүүгч нь талуудаас гаргасан хүсэлтийг бусад оролцогчийн саналыг сонсож өөрийн дотоод итгэлээр үнэлэн шийдвэр гаргасан нь шүүгчид хуулиар олгосон бүрэн эрхэд хамаарах бөгөөд зохигчоос гаргасан хүсэлтийг хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэснийг Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлд заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй.
Мөн талуудаас гаргасан хүсэлтийн агуулгаас хамаарч, хэрэгт ач холбогдолтой эсэх, тухайн ажиллагааг хэргийн оролцогч өөрөө хийх боломжтой эсэх, эсвэл шүүх хийх шаардлагатай эсэхийг тогтоож, хүсэлтийг хангаж шийдвэрлэх эсэхийг хэрхэн шийдвэрлэх нь шүүгчийн хараат бус байдалтай холбоотой.
Иймд хариуцагчийн хүсэлтийг удаа дараа хангасан, хариуцагчид давуу байдал олгосон гэж үзэхгүй.
Сахилгын хэргийн шалгах ажиллагааны явцад хэрэгт авагдсан баримтаар .... шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн “Шүүгчдийн ээлжийн амралт батлах тухай” ..... дугаар тогтоолоор холбогдох шүүгч Д.Э-т 2024 оны 08 дугаар сарын 05-ны өдрөөс 08 дугаар сарын 30-ны өдрийг дуустал ажлын 20 хоног, 12 дугаар сарын 27-ны өдрөөс 31-ний өдрийг дуустал ажлын 3 хоног нийт 23 хоног ээлжийн амралтыг эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Холбогдох шүүгчийн ар гэрт тохиолдсон хүндэтгэн үзэх шалтгаанаар тодруулбал шүүгч Д.Э-гийн охин нь гадаад улсад зорчиж байхдаа зам тээврийн осолд орж гэмтэл авсаны улмаас тодорхой хугацаанд алхах, гишгэх боломжгүй бол асаргаанд байх шаардлага үүссэн байх тул тус шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2024 оны 08 дугаар сарын 29-ны өдрийн ..... дугаар “Шүүгчид чөлөө олгох хүсэлтийг шийдвэрлэж, хэрэг, нэхэмжлэл, гомдол, хүсэлт хуваарилах тухай” тогтоолоор 09 дүгээр сарын 02-ны өдрөөс 10 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл чөлөө олгож шийдвэрлэсэн байна.
Ингэхдээ “Хэрэг нэхэмжлэл, гомдол, хүсэлт хүлээн авах хуваарилах болон хэрэг маргааныг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг сугалаагаар томилох журам”-ын 2-т заасан нэрсийн дарааллаар шүүгч нарт хуваарилахаар шийдвэрлэсний дагуу ...... индексийн дугаартай Б.Х-ын нэхэмжлэлтэй Ч.Э-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 66 317 250 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэг тус шүүхийн шүүгч Г.Т-д хуваарилагдсаныг ...... шүүхийн шүүгч Д.М-гийн 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн “Хэрэг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх хуралдаан даргалагчийг томилсон шийдвэрийг албажуулах тухай” ..... дугаар захирамжаар албажуулсан байна.
Улмаар шүүгч Д.Э-гийн чөлөөний хугацаа дууссан тул тус шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн “ Хэрэг, нэхэмжлэл, гомдол, хүсэлт хуваарилах тухай” ..... дугаар тогтоолоор тус шүүгчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд байсан 217 хэргийг буцаан шилжүүлэхээр шийдвэрлэсэний дагуу шүүгч Г.Т-д хуваарилагдсан уг хэргийг буцаан шилжүүлсэн байна.
Дээрх үйл баримтаар өргөдөлд дурдсан “... шүүгч Х-д хуваарилагдсан боловч хэргийг өгөхгүй өөрөө шийднэ гэж авч үлдсэн ...” гэх гомдлын агуулга үгүйсгэгдэж байна.
Түүнчлэн, сахилгын хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл Б.Х-ын нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа иргэний хэргийн оролцогчдын гаргасан хүсэлтүүдийг шийдвэрлэх, хэргийг түдгэлзүүлэх гэх мэт ажиллагаанууд хийгдэж цаг хугацааны хувьд үргэлжлэн явагдсан байх бөгөөд шүүгчийн хүсэл зоригоор хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааг санаатайгаар удаашруулсан гэх баримт тогтоогдохгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлд татгалзан гарах үндэслэлийг заасан байх бөгөөд мөн хуулийн 92 дугаар зүйлийн 92.6 дахь хэсэгт заасны дагуу хэргийн оролцогчоос гаргасан шүүгчээс татгалзах тухай хүсэлтийг эрх бүхий этгээд болох тухайн шүүхийн Ерөнхий шүүгч 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн ....., 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн ..... дугаар “Шүүгчийг татгалзан гаргах хүсэлтийг шийдвэрлэх тухай” захирамжаар тус тус шийдвэрлэсэн байна.
Шүүгчээс татгалзах хүсэлт гаргах нь хэргийн оролцогчид хуулиар олгосон эрх хэдий боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгчид хуулиар олгосон эрх хэмжээнийхээ хүрээнд гаргасан аливаа шийдвэртэй нь холбогдуулж шүүгчийг татгалзахыг хориглосон бөгөөд хэргийг шударгаар шийдвэрлэж чадах эсэх талаар үндэслэл бүхий эргэлзээ гэдэгт шүүгчийн гаргасан захирамж, шийдвэрийг хамаатуулж ойлгохгүй.
Монгол Улсын Үндсэн хууль болон холбогдох бусад хууль тогтоомжоор бүх шатны шүүхийн шүүгч нь хуульд заасан журмын дагуу хугацаагүйгээр томилогддог төрийн тусгай албан хаагч тул зөвхөн хуульд заасан үндэслэл журмын дагуу сахилгын болон бусад шийтгэл оногдуулах бөгөөд Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын гишүүн болон Засгийн газрын гишүүн, төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага, Ерөнхий зөвлөл, Сахилгын хорооны гишүүн, аливаа байгууллага, албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцох, нөлөөлөхийг хориглоно.
Иймд ...... шүүхийн шүүгч Д.Э-т холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргаж, сахилгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэв ...” гэжээ.
Шүүгч Д.Э:
“... Миний бие тус шүүхийн хэрэг нэхэмжлэл хуваарилах журмын дагуу ... нэхэмжлэгч Ч.Э-аас хариуцагч Б.Х-д холбогдуулан гаргасан зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулж, 10,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдөр ...... дугаар шүүгчийн захирамжаар, нэхэмжлэгч Б.Х-аас хариуцагч Ч.Э-д холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 66,317,250 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдөр ..... дугаар шүүгчийн захирамжаар тус тус иргэний хэрэг үүсгэсэн.
Улмаар тус шүүхийн шүүгчийн 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн ..... дугаар шүүгчийн захирамжид өөрчлөлт оруулах тухай захирамжаар "... тус шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн ........ дугаар шүүгчийн захирамжийн захирамжлах хэсэгт ... хэргийг нэгтгэх" агуулгаар өөрчлөлт оруулж дээр дурдсан хоёр иргэний хэргийг нэгтгэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан байна.
1. Хариуцагч Д.Э-д давуу байдал үзүүлж түүний талаас гаргасан хүсэлтүүдийг удаа дараа хангаж, хэргийг шийдвэрлэхгүй, өөрөөр хэлбэл үндэслэлгүй гэж үзэхээр шалтгаанаар арав гаруй удаа шүүх хуралдааныг хойшлуулж байна гэх гомдлын тухайд:
Тус шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн ...... дугаар ... захирамжаар нэхэмжлэгч Б.Х-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн Э.Х-аас мэдүүлэг авхуулах тухай хүсэлт ... , хариуцагч Ч.Э-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан Нийслэлийн тойргийн ..... дугаартай нотариатч Т.Б-ээс гэрчийн мэдүүлэг авхуулах, нэхэмжлэгч Б.Х-ын ..... дахь ..... тоот дансны 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн хуулгыг гаргуулах, шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах зэрэг ... хүсэлтийг хангаж шүүх хуралдааныг хойшлуулсан.
Тус шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн ..... дугаар шүүгчийн захирамжаар, 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн .... дугаар шүүгчийн захирамжаар ... хуралдааны товыг өөрчилсөн. /2024 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр нөхөр С.Э мэс засалд орсон, 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр өмнөх шүүх хуралдаан дуусаагүй/
Тус шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн ..... дугаар шүүгчийн захирамжаар нэхэмжлэгч ... нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1.3-т заасан үндэслэлээр шүүгчээс татгалзан гаргах хүсэлтийг гаргасан тул ... Ерөнхий шүүгч татгалзлыг шийдвэрлэх хүртэлх хугацаагаар хойшлуулсан.
Тус шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн ..... дугаар шүүгчийн захирамжаар хариуцагч ... ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ... шинжээчээр тогтоолгох тухай хүсэлтийг ... хангахгүй орхиж, ... шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхийг нь хангахаар шүүх хуралдааныг хойшлуулсан.
Тус шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн ...... дугаар шүүгчийн захирамжаар 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн ..... дугаар шүүгчийн захирамжийн биелэлтийг хангаж, гэрч Э.Х, Т.Б нарыг шүүхэд дуудан ирүүлэх, хариуцагч Ч.Э-гийн өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах хүсэлтийг хэргийн оролцогчийн эрхэд хамаарах үндэслэлээр хангаж, шүүх хуралдааныг хойшлуулсан.
Тус шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн ..... дугаар шүүгчийн захирамжаар ... 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн .... дугаар арилжааны гэрээний дагуу өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-........ дугаарт бүртгэлтэй, ..... дүүргийн 11 дүгээр хороо ..... гудамж, .... байр, .... тоот хаягт байрлах, 51,79 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-...... дугаарт бүртгэлтэй, .... дүүргийн 11 дүгээр хороо, .... гудамж, ... байр, ... тоот хаягт байрлах, 96,68 м.кв талбайтай, 4 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүд талуудын өмчлөлд шилжих үндэслэл болсон бүхий л баримтыг Улсын бүртгэлийн ерөнхий газраас нотлох баримтаар гаргуулахаар, маргаан бүхий 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн .... дугаар гэрээг гэрчилсэн Нийслэлийн тойргийн нотариатч Т.Б, 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн .... дугаар арилжааны гэрээг гэрчилсэн Нийслэлийн тойргийн нотариатч Б.Ц нараас гэрчийн мэдүүлэг авахаар шийдвэрлэж, шүүх хуралдааныг хойшлуулсан.
Тус шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн ..... дугаар шүүгчийн захирамжаар тус шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн ..... дугаар шүүгчийн захирамжаар Улсын бүртгэлийн ерөнхий газраас гаргуулахаар шийдвэрлэсэн захирамжийн биелэлт хангагдаагүй үндэслэлээр товд өөрчлөлт оруулсан.
Тус шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн ..... дугаар шүүгчийн захирамжаар хариуцагч Ч.Э-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хэргийн баримттай танилцах үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт нь хуульд заасан хэргийн оролцогчийн эрхэд хамаарах үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулсан.
Тус шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн ..... дугаар шүүгчийн захирамжаар хариуцагч Ч.Э-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхийн журмаар нотлох баримт гаргуулах хүсэлтийг хангахгүй орхиж, нотлох баримт бүрдүүлэх цуглуулах нь хуульд заасан хэргийн оролцогчийн эрхэд хамаарах тул тухайн баримтаа бүрдүүлэх боломжит хугацааг олгохоор, хариуцагч Ч.Э-гийн өөрчилсөн нэхэмжлэлийн шаардлагыг нэхэмжлэгчид гардуулах ажиллагааг гүйцэтгэхээр шүүх хуралдааныг хойшлуулсан.
Тус шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн .... дугаар шүүгчийн захирамжаар нотариатчид холбогдуулан ямар гомдол гаргасан, гэрээг гэрчилсэн ямар үйлдэлд нь арга хэмжээ авсан нь маргааны зүйл болох арилжааны гэрээтэй холбоотой гэж үзэхээр байх тул уг баримтыг хэргийн оролцогч өөрөө бүрдүүлж, цуглуулах боломжоор хангахаар шүүх хуралдааныг хойшлуулж, дараагийн шүүх хуралдаан хүртэл хугацаанд хариуцагч Ч.Э, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар тухайн баримтаа ирүүлээгүй, эсхүл нотариатчид холбогдох сахилгын шийтгэл ногдуулах арга хэмжээ нь маргаан бүхий арилжааны гэрээтэй холбоо, хамааралгүй байх тохиолдолд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг шүүхэд үнэн зөв тайлбар мэдүүлэг гаргах үүргээ биелүүлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг санаатайгаар удаашруулж шүүхийг илтэд үл хүндэтгэсэн гэх үндэслэлээр хуульд заасан мөнгөн торгуулийн арга хэмжээ авах талаар тайлбарлан сануулж, Цагдаагийн байгууллагаас нотлох баримт гаргуулах хүсэлтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д заасан үндэслэлд хамаарахгүй үндэслэлээр хүлээн авахаас татгалзсан.
Тус шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн ..... дугаар шүүгчийн захирамжаар ... шинжээчийн дүгнэлт гаргуулах тухай хүсэлтийг ... хангахгүй орхиж, ... шүүгчийн захирамжийн уг заалтад гомдол гаргах эрхийг хангаж шүүх хуралдааныг хойшлуулсан.
Тус шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн ..... дугаар шүүгчийн захирамжаар хариуцагчийн ... Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.3-т заасан арга хэмжээг хүчингүй болгуулах тухай хүсэлтийг хангахгүй орхиж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх хүсэлтийг жич шийдвэрлэхээр, хариуцагчийн итгэмжлэгчийн төлөөлөгчийн Хан-Уул дүүргийн цагдаагийн байгууллагаас ... лавлагааг гаргуулах хүсэлтийг ... хангаж, шүүх хуралдааныг хойшлуулсан байна.
Шүүх хуралдааныг ийнхүү 23-35 хоногийн хугацаагаар хойшлуулж байсан үндэслэл шалтгааны хувьд 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд дунджаар 250 иргэний хэрэг байгаагаас 615 шүүх хуралдаан товлон зарласан буюу бусад иргэний хэргийн шүүх хуралдаан нэгэнт товлогдсон учир үүнээс богино хугацаанд товлох боломжгүй байсан. /2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүртэлх ачааллын судалгааг хавсаргав/
Иймд шүүгч Д.Э миний бие зохигч талуудын мэтгэлцэх эрхийг хангаж, нэхэмжлэгчийн шаардлага үндэслэл, хариуцагчийн татгалзалд хамааралтай ач холбогдолтой байдлыг харгалзан, хэргийн оролцогчоос гаргасан хүсэлтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.1-д заасан журмын дагуу шийдвэрлэсэн гэж үзэж байгаа тул хариуцагч Ч.Э-д давуу байдал олгож, түүний хүсэлтийг удаа дараа хангаж шүүх хуралдааныг хойшлуулсан гэх гомдлын үндэслэлийг хүлээн зөвшөөрөхгүй болно.
2. Шүүгч ээлжийн амралтаа аваад 2024 оны 09 дүгээр сарын 15-ны шүүх хуралдааныг хийхээр товлосон боловч 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдрөөс чөлөө авсан тул ... Д.Х шүүгчид хуваарилагдсан боловч .... шинээр хуваарилагдсан шүүгчид өгөхгүй өөрөө шийднэ гэж авч үлдсэн... гэх гомдлын тухайд:
Миний бие 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн ..... дугаар шүүгчдийн ээлжийн амралт батлах тухай шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний тогтоолын тус дагуу 2024 оны 08 дугаар сарын 05-ны өдрөөс 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрийг дуустал ээлжийн амралт эдлэхээр тогтсон.
Гэсэн хэдий ч 2024 оны 08 дугаар сарын 02-ны өдөр том охин Э.Э БНТУ-д зорчиж байх үедээ автомашинд мөргүүлж хүнд гэмтэл авсан тул 2024 оны 08 дугаар сарын 03-ны миний бие БНТУ-руу яаралтай явж, 2024 оны 08 дугаар сарын 16-ны өдөр хүртэлх хугацаанд БНТУ-д хүүхдээ асраад, 2024 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Монгол улсад онгоцны дамнуургатай зорчигч нөхцөлөөр хүүхдээ тээвэрлэн авчирч, Гэмтэл согог судлалын үндэсний төвд 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрийг дуустал хэвтэн эмчлүүлэхэд нь сахиур хийж асарсан. Охин Э.Э нь суух, хөл дээрээ босох зэрэг боломжгүйн улмаас цаашид бусдын асаргаанд байх зайлшгүй шаардлага үүсэж 2024 оны 08 дугаар сарын 29-ний өдөр тус шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнд хүсэлт, холбогдох баримтыг хүргүүлж 1 сарын цалинтай чөлөө хүсэхэд ..... дугаар шүүгчдийн зөвлөгөөний тогтоолоор хүсэлтийг ханган шийдвэрлэсэн.
Дээр дурдсан шүүгчдийн зөвлөгөөний тогтоолын дагуу шүүгч Д.Э намайг чөлөөтэй байх хугацаанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд байгаа болон түдгэлзүүлсэн нийт 249 иргэний хэргийг сугалааны дарааллын дагуу бусад шүүгчдэд хуваарилахад жагсаалтын 38 дугаарт бичигдсэн Б.Х-ын нэхэмжлэлтэй Ч.Э-д холбогдох иргэний хэрэг шүүгч Г.Т-д хуваарилагджээ.
Ингээд чөлөөний хугацаа 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдөр дууссан тул тус шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн хэрэг нэхэмжлэл, гомдол хүсэлт хуваарилах тухай ..... дугаар шүүгчдийн зөвлөгөөний тогтоолоор нийт шүүгчдэд хуваарилагдсан 249 хэргээс шийдвэрлэгдээгүй үлдсэн 217 хэргийг буцаан шилжүүлэхээр шийдвэрлэхэд жагсаалтын 37 дугаараар Б.Х-ын нэхэмжлэлтэй Ч.Э-д холбогдох иргэний хэргийг буцаан хүлээн авч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан байна.
Иймд шинээр хуваарилагдсан шүүгчид өгөхгүй өөрөө шийднэ гэж авч үлдсэн гэх гомдлын үндэслэлийг хүлээн зөвшөөрөхгүй болно.
... Дээрхийг нэгтгэвэл, шүүгч Д.Э миний бие Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлд заасан шүүгчид хориглох зүйлд хамаарах аливаа зөрчлийг гаргаагүй гэж үзэж байгаа тул холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү ...” гэсэн тайлбар ирүүлжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Иргэн Б.Х-аас, .... шүүхийн шүүгч Д.Э-т холбогдуулан өргөдөл гаргасан, илтгэгч гишүүн 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн ..... дүгээр захирамжаар сахилгын хэрэг үүсгэсэн, шалгах ажиллагааны явцад хэрэгт ач холбогдол бүхий баримтуудыг гаргуулан авсан, мөн холбогдох шүүгч нь тайлбараа ирүүлсэн байна.
Өргөдлийн агуулгаар сахилгын хэрэгт цугларсан нотлох баримтыг үнэлж дүгнэн, сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргажээ.
1. Өргөдөл гаргагч өмнө нь 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Шүүхийн сахилгын хороонд Б.Х-ын нэхэмжлэлтэй, хариуцагч Ч.Э-д холбогдох иргэний хэргийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбогдуулж, шүүгч Д.Э-т холбогдуулан гаргасан өргөдлөөр үүсгэсэн сахилгын хэргийн 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн .... дугаар сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг, сахилгын хорооны 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэж, ..... дүгээр магадлалаар хүлээн авч, шүүгч Д.Э-т холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж, тус магадлал хүчин төгөлдөр болсон.
Дээрх сахилгын хэрэгт, 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн ..... дүгээр захирамжаар иргэний хэрэг үүсгэхээс эхлэн 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэлх хугацааны шүүгчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг дүгнэжээ.
Илтгэгч гишүүн 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн .... дугаар саналдаа “... хариуцагч Ч.Э-гийн орон сууцыг битүүмжилж өгөхийг 2023 оны 6 сард хүссэн байхад арга хэмжээ авалгүй байсаар 2023 оны 8 сард бусдад шилжүүлсэн” гэх, “... хариуцагч талаас гаргасан хүсэлтүүдийг удаа дараа хангаж хэргийг шийдвэрлэхгүй өөрөөр хэлбэл үндэслэлгүй гэж үзэхээр шалтгаануудаар арав гаруй удаа шүүх хуралдааныг хойшлуулсаар байгаа” гэх өргөдөл гаргагчийн өмнө ирүүлсэн өргөдлөөр сахилгын хэрэг үүсгэн, шалгах ажиллагаа явуулж ... Сахилгын хорооны хуралдааны 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн ..... дүгээр магадлалаар сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ...” гэсэн нь үндэслэлтэй, сахилгын хэрэг дэх хүчин төгөлдөр магадлалын Үндэслэх хэсгийн хоёр гэж дугаарлагдсан хэсэгт дүгнэгдсэн байна.
2. Иймд илтгэгч гишүүн “ ... өргөдөлд дурдсан тус агуулга бүхий үйл баримтаас бусад үндэслэлийн хүрээнд шалгах ажиллагааг явуулсан ...” гэж дурдаж, 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс хойших үйл баримтад дүгнэлт өгчээ.
Үүнд:
- шүүгчийн 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн ..... дүгээр захирамжаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан хүсэлтийг шийдвэрлэж, шүүх хуралдааныг хойшлуулсан,
- 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн ..... дугаар захирамжаар 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн ..... дүгээр шүүгчийн захирамжийн биелэлтийг хангуулах, мөн хариуцагчийн, өмгөөлөгч авах хүсэлтийг хангаж, хуралдааныг хойшлуулсан,
- шүүгчийн 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн ..... дугаар захирамжаар нотлох баримт гаргуулж, нэр бүхий гэрчүүдээс гэрчийн мэдүүлэг авахаар шийдвэрлэж, шүүх хуралдааныг хойшлуулсан,
- 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн ..... дүгээр шүүгчийн захирамжаар, нотлох баримт гаргуулахаар шийдвэрлэсэн 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн ...... дугаар захирамжийн биелэлт хангагдаагүй тул шүүх хуралдааны товд өөрчлөлт оруулсан,
- 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн ..... дугаар захирамжаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хэргийн материалтай танилцах хүсэлтийг хангаж, шүүх хуралдааныг хойшлуулсан,
- шүүгчийн 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн .... дүгээр захирамжаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид нотлох баримт гаргах боломжит хугацааг олгож, хариуцагч өөрчилсөн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг нэхэмжлэгчид гардуулах ажиллагааг гүйцэтгэхээр шүүх хуралдааныг хойшлуулсан,
- 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн .... дугаар захирамжаар хариуцагчийн нотлох баримтыг бүрдүүлж, цуглуулах боломжоор хангах, нотлох баримт гаргуулах хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж, шүүх хуралдааныг хойшлуулсан,
- шүүгчийн 2024 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн ..... дүгээр захирамжаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шинжээч томилуулах тухай хүсэлт, хариуцагчийн өмгөөлөгчийн эрүүл мэндийн шалтгааны улмаас шүүх хуралдаанд оролцох боломжгүй тул шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлтийг шийдвэрлэж, шүүх хуралдааныг хойшлуулсан,
- 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн .... дугаар захирамжаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээг хүчингүй болгуулах, хэрэг хянан шийдвэрлэг ажиллагааг түдгэлзүүлэх болон нотлох баримт гаргуулах хүсэлтийг шийдвэрлэж, шүүх хуралдааныг хойшлуулсан зэрэг ажиллагааг хийгдсэн нь сахилгын хэрэг дэх баримтаар тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.1-д “Шинэ нотлох баримт бүрдүүлэх ба хэрэг хянан шийдвэрлэхтэй холбогдсон бусад асуудлын талаар хэргийн оролцогчоос гаргасан хүсэлтийг бусад оролцогчийн саналыг сонсмогц шүүх бүрэлдэхүүн буюу шүүгч даруй шийдвэрлэнэ” гэж заасан.
Хэргийн оролцогчийн шүүх хуралдаанд гаргасан хүсэлтийг хэлэлцэж, шүүх хуралдааныг хойшлуулсан нь “... хариуцагч Ч.Э-д давуу байдал үзүүлж, хэргийг шийдвэрлэхгүй ... шүүх хуралдааныг хойшлуулсаар байгаад гомдол гаргаж байна” гэх өргөдөл үндэслэлгүй, шүүгчийг сахилгын зөрчил гаргаагүй гэж илтгэгч гишүүн үндэслэлтэй дүгнэлт хийжээ.
3. Тус шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний тогтоолоор[1], шүүгчдийн ээлжийн амралтын хуваарийг баталж, шүүгч Д.Э нь “... 2024 оны 08 дугаар сарын 05-ны өдрөөс 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрийг дуустал ажлын 20 хоног, 12 дугаар сарын 27-ны өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ажлын 3, нийт 23 хоног ...” ээлжийн амралт эдлэхээр тогтсон байна.
Холбогдох шүүгч нь 2024 оны 08 дугаар сарын 27-ны өдөр .... нэртэй хаягаас шүүхийн ...... гэсэн цахим хаягт “2024.09.02-ны өдрөөс 2024.10.02-ны өдөр хүртэл 1 сарын ... чөлөө авах ...” хүсэлтээ, нотлох баримтын[2] хамт ирүүлсэн.
Шүүгчдийн 2024 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн зөвлөгөөнөөр уг хүсэлтийг хэлэлцэж, ..... дугаар тогтоолоор, чөлөө олгохыг дэмжиж, түүний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд байгаа болон түдгэлзүүлсэн 249 хэргийг бусад шүүгч нарт сугалааны дарааллаар хуваарилахаар тогтжээ.
Дээрх зөвлөгөөний тогтоолын дагуу Б.Х-ын нэхэмжлэлтэй, хариуцагч Ч.Э-д холбогдох иргэний хэрэг шүүгч Г.Т-д хуваарилагдсан болох нь хэргийг шүүгчид хуваарилсан жагсаалтаар[3] тогтоогдох ба Г.Т-оос өөр шүүгчид уг иргэний хэрэг хуваарилагдаагүй болох нь харагдана.
Харин шүүгч Д.Э-гийн чөлөөний хугацаа 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдөр дуусаж байх тул шүүгчдийн зөвлөгөөний ..... дугаар тогтоолоор[4] тус шүүгчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд байсан 217 хэргийг буцаан шилжүүлэхээр шийдвэрлэсэний дагуу шүүгч Г.Т-д хуваарилагдсан уг иргэний хэргийг буцаан шүүгч Д.Э-т шилжүүлжээ.
Иймд “... шүүгч Х-д хуваарилагдсан боловч хэргийг өгөхгүй өөрөө шийднэ гэж авч үлдсэн гэх гомдлын агуулга үгүйсгэгдэж байна ...” гэсэн илтгэгч гишүүний санал үндэслэлтэй.
4. Б.Х-ын 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Шүүхийн сахилгын хороонд гаргасан өргөдлөөр ..... шүүхийн шүүгч Д.Э-т холбогдуулан гишүүний 2023 оны сахилгын 11 дүгээр сарын 15-ны ..... дугаар захирамжаар сахилгын хэрэг үүсгэн, шалгах ажиллагаа явуулжээ.
Үүнтэй холбогдуулж, нэхэмжлэгч талаас 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдөр “... шүүхийн сахилгын хорооноос 2023 оны 11 дүгээр сарын 15-ны ..... дугаар гишүүний захирамжаар сахилгын хэрэг үүсгэн шалгаж байгаа ба одоогоор эцэслэн шийдвэрлээгүй байна ... уг хэргийг шийдвэрлэх шүүгч Д.Э нь шүүхийн тухай хуулийн холбогдох зүйл заалтыг зөрчсөн эсэх нь одоогоор эцэслэн тогтоогдоогүй хянан шалгах ажиллагаа үргэлжилж байгаа юм ... шүүгч тухайн хэргийг үнэн зөв, шударгаар шийдвэрлэж чадах эсэх талаар үндэслэл бүхий эргэлзээг төрүүлж байна ... Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.3, ... 91.1.4 дэх хэсэгт ... заасныг ...” үндэслэн шүүгч Д.Э-ийг татгалзан гаргах хүсэлтийг гаргасан байна.
Дээрх хүсэлтийг Ерөнхий шүүгчийн 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн ..... дүгээр захирамжаар “... нэхэмжлэгчийн гомдлоор шүүхийн сахилгын хороо хэрэг үүсгэн шалгаж байгааг уг хэргийг шударгаар шийдвэрлэж чадах эсэх талаар үндэслэл бүхий эргэлзээ, ашиг сонирхлын зөрчил үүсэж болзошгүй нөхцөл байдал бий болсон гэж үзэхгүй ...” гэж дүгнэн хангахгүй орхиж шийдвэрлэжээ.
Дахин нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгчийн гаргасан захирамжтай холбогдуулан “... хариуцагчийг нотлох баримт бүрдүүлэх боломжоор хангана гэж дахин хүсэлт гаргаж болно гэж илт хариуцагч талд орж шийдвэрлэсэн ... шүүгч Д.Э нь уг хэрэгт хариуцагчаар оролцож буй Ч.Э, түүний өмгөөлөгч А.Э-тэй хувийн харилцаатай байж болзошгүй, уг хэргийг шударгаар шийдвэрлэж чадах эсэх талаар үндэслэл бүхий эргэлзээг байнга төрүүлж байна ...” гэсэн үндэслэлээр татгалзан гаргах хүсэлт гаргасан байна.
Ерөнхий шүүгчийн 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн ..... дугаар захирамжаар “... шүүгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зохигчдын эрх тэгш байх зарчимд үндэслэн явуулж, мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүүлэх үүрэгтэй бөгөөд шүүгчийн өөрт хуулиар олгогдсон эрх хэмжээний хүрээнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж, хүсэлт шийдвэрлэж байгааг уг хэргийг шударгаар шийдвэрлэж чадах эсэх талаар үндэслэл бүхий эргэлзээ гэж үзэхгүй ...” гэж хүсэлтийг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.
Шүүгчийг хуульд зааснаас бусад үндэслэлээр татгалзан гаргаж болохгүй талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2-т “Энэ хуулийн 84 дүгээр зүйл, 91.1-д зааснаас бусад үндэслэлээр шүүгчийг татгалзаж үл болно” гэж заасан.
Түүнчлэн Монгол Улсын дээд шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 84, 91, 92 дугаар зүйлийн зарим хэсэг заалтыг тайлбарлах тухай” 05 дугаар тогтоолд “... Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2 дахь хэсгийн: “шүүгчийг татгалзаж үл болно” гэсэн зохицуулалтыг энэ хуульд заагаагүй үндэслэлээр ... хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчөөс шүүгчийг татгалзан гаргахыг хориглоно гэж ойлгоно. ... хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан хүсэлтийг шийдвэрлэсэнтэй холбогдуулан татгалзсан нь хуульд заагаагүй үндэслэлд хамаарна” гэж тайлбарласан байдаг.
Шүүгчид сахилгын хэрэг үүсгэсэн нь тухайн шүүгчийн шүүн таслах ажиллагаанд нөлөөлөхгүй, өөрөөр хэлбэл сахилгын хэрэг үүсгэн шалгаж байгаатай холбогдуулан тухайн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зогсоох, хэргийг өөр шүүгчид шилжүүлэх талаар хуулиар зохицуулаагүй учраас шүүгч гагцхүү хууль дээдэлж, хуульд захирагдах зарчмыг мөрдлөг болгон шүүн таслах чиг үүргээ саадгүй хэрэгжүүлэх учиртай. Мөн шүүгчийг татгалзан гаргах хүсэлтийг Ерөнхий шүүгч эрх хэмжээний хүрээнд шийдвэрлэсэнд шүүгчийг буруутгах үндэслэлгүй.
Нэгтгэн дүгнэвэл, шүүгч Д.Э нь өргөдөлд дурдсанчлан хууль зөрчсөн гэх үндэслэл тогтоогдсонгүй, энэ талаарх илтгэгч гишүүний санал хуульд нийцсэн, үндэслэлтэй байх тул сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзэв.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.2, 112.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн ..... дугаар сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хүлээн авч, ..... шүүхийн шүүгч Д.Э-т холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Энэ магадлалыг сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл, мэдээлэл гаргагч нарт гардуулах /хүргүүлэх/-ыг Ажлын албанд даалгасугай.
3.Магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Ц.ДАВХАРБАЯР
ГИШҮҮН О.НОМУУЛИН
Д.ЭРДЭНЭЧУЛУУН