info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих ШИЛЭН ДАНС
ENMNG

МОНГОЛ УЛС

ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО

МАГАДЛАЛ

2024-11-07

Дугаар 107

Улаанбаатар хот

 

   Зарим шүүгчид холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгож,

нэг шүүгчид сахилгын шийтгэл оногдуулах тухай

Сахилгын хорооны хуралдааныг гишүүн Б.Сугар даргалж, гишүүн Х.Хашбаатар, Д.Эрдэнэчулуун нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Ц.Давхарбаяр, хуралдааны тэмдэглэл хөтлөгчөөр хуралдаан хариуцсан ахлах мэргэжилтэн А.Намуундарь, холбогдох шүүгч Т.Ш, С.Б, өргөдөл гаргагч Б.Б /цахим/ нарыг оролцуулан Сахилгын хорооны хуралдааны танхимд нээлттэй хийв. 

... шүүхийн С.Б, Т.Ш, шүүгч агсан О.Ч нарт холбогдох “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай санал”, шүүгч Т.Ш-д холбогдох “Сахилгын зөрчил гаргасныг нотлох тухай” дүгнэлтийг хянан хэлэлцээд:

ТОДОРХОЙЛОХ нь:

Сахилгын хорооны гишүүний 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн ГНД/2024/0022 дугаартай “Сахилгын зөрчил гарсныг нотлох тухай” дүгнэлтэд:

I. Өргөдөлд “...шүүх хуралдаанд биечлэн оролцох хүсэлттэй байгаагаа дахин илэрхийлсэн байхад ... намайг цахимаар оролцуулж, ... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “... оролцох тухай хүсэлтээ бичгээр гаргасан бол оролцуулна” гэж заасныг хэлбэрийн төдий хангасан ...” гэжээ.

... Давж заалдах шатны шүүх 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн “Яллагдагч, шүүгдэгчийг дуудан ирүүлэх тухай мэдэгдэх хуудас”-аар дуудан ирүүлж, хэрэгтэй танилцуулсан өдрөө шүүх хуралдааны тов мэдэгдэх тухай баримтад гарын үсэг зуруулсан болох нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хувийн хэргийн 199-200 дахь талд авагджээ.

Шүүх хуралдааны тэмдэглэл болон mainfeed_dual_512 (12).mp4 нэртэй дуу-дүрсний бичлэгээс үзэхэд, ялтан Б.Б нь хуралдаанд цахимаар оролцсон байна.

Бичлэгийн 0:01:50-0:02:11 дахь хоромд, ялтан Б.Б: Би давж заалдах журмаар бичгээр гаргасан гомдолдоо болон 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр ... давж заалдах шатны шүүхэд бичгээр гаргасан хүсэлтдээ давж заалдах журмаар хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд биечлэн оролцох хүсэлт гаргасан. 0:02:15-0:02:21 дахь хоромд, даргалагч: Таныг цахимаар оролцуулж байгаа нь биечлэн оролцуулж байна гэсэн үг гэхэд ... 0:02:34-0:02:50 дахь хоромд, шүүгч С.Б: Өмнө нь танд шүүгчийн туслах ярьж ойлгуулсан байгаа. Цахимаар оролцож байгаа нь шүүх хуралдаанд оролцож байгаа хэлбэрт хамаарна, биечлэн оролцох боломжгүй гэдгийг чинь хэлсэн биз дээ ...” гэжээ.

Энэ талаар шүүгчийн туслах Г.А “... Шүүхийн ерөнхий зөвлөлөөс баталсан журмаар нууцын зэрэглэлтэй хэргээс бусад тохиолдолд хорих ангиас оролцож байгаа хэргийн оролцогчийг цахимаар оролцуулахаар зохицуулсан тул түүнийг танилцуулж, цахимаар оролцох нь биечлэн оролцож байгаагийн нэг хэлбэр гэж тайлбарласан. ... Нууц болон маш нууцтай холбоотой хэрэгт бол хорих ангиас биечлэн ирж оролцоно. Нууцад хамаарахгүй хэрэгт хорих ангид хоригдож байгаа хүнийг цахимаар оролцуулаад биечлэн оролцож байна гэж үзнэ ...” гэж тайлбарласан.

Хүсэлтийг, шүүх бүрэлдэхүүн 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 2024/ШТ/02 дугаар тогтоолоор “... дуу-дүрсний төхөөрөмж ашиглан өөр газраас ... шүүх хуралдаанд цахимаар оролцуулснаар тус шүүхийн шүүх хуралдааны явц, хэлэлцэж буй асуудлыг бүрэн сонсож, тайлбар, мэдүүлгээ гаргах, өөрийн гаргасан давж заалдах гомдлыг танилцуулах, бусад оролцогч нарын санал, дүгнэлтийг сонсгох боломжийг буюу шүүх хуралдаанд биечлэн оролцсонтой адил эрхийг эдлүүлж байгаа ойлголт ...” гэсэн үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэжээ.

“Шүүх хуралдаанд оролцогчийг зайнаас буюу цахимаар оролцуулах ажлыг зохион байгуулах журам”-ын 2.1.2-т цахимаар оролцох нь “... шүүх хуралдаанд сүлжээг ашиглан тоног төхөөрөмж, техник хэрэгслийн тусламжтайгаар биечлэн оролцох” гэж зохицуулсан, мөн журмын 1.3-т “Энэ журам хаалттай явагдах шүүх хуралдаанд хамаарахгүй” гэж журамлажээ.

Хаалттай явагдах шүүх хуралдааныг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Төрийн болон албаны нууц, байгууллагын нууц, хүний эмзэг мэдээллийг хамгаалах шаардлагатай, өсвөр насны яллагдагч, авран найман насанд хүрээгүй хохирогчтой холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхээс бусад ... бүх шатны шүүх хуралдааныг нээлттэй явуулна” гэж зохицуулсан байна. Иймд Б.Б-д холбогдох хэрэг нь нээлттэй явагдах шүүх хуралдаан учраас түүнийг цахимаар оролцуулсныг хууль зөрчсөн гэж үзэхгүй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.12 дугаар зүйлд шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхтэй холбогдож гарсан асуудлыг шийдвэрлэх журмын талаар зохицуулсан ба энэ зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхтэй холбогдож гарсан асуудлыг уг тогтоол гаргасан шүүх ... шийдвэрлэх ...” гэж зааснаар эрүүгийн хэргийн шүүх анхан, давж заалдах болон хяналтын журмаар, Монгол улсын шүүхийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт “Шүүхээр хэрэг маргааныг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбогдсон харилцааг тухайлсан хуулийн зохицуулна” гэж заасны дагуу тус хэргийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны дагуу хянан шийдвэрлэнэ. 

Бичлэгийн “... 0:01:39-0:02:07 дахь хоромд даргалагч: Хуралдаан явуулах дарааллыг танилцуулъя гээд илтгэгч шүүгч хэргийн талаар илтгэнэ, дараа нь ялтан Б.Б-н гаргасан давж заалдах гомдлын үндэслэлийг илтгэгч шүүгч танилцуулна, Б.Б гаргасан гомдолдоо тайлбар хэлнэ, прокурор эсэргүүцлийн үндэслэлээ танилцуулна гэсэн дарааллаар хуралдааныг явуулна. Илтгэгч шүүгч хэргийн талаар илтгэнэ ...” гэж хуралдаан явагдах дэгийг тогтоохдоо дараалалтай холбогдуулан хэргийн оролцогч нараас санал асуугаагүй байна.

Харин шүүх хуралдааны тэмдэглэлд  “ ... шаардлагатай бол хавтаст хэргээс нотлох баримтыг шинжлэн судлах гэсэн дарааллаар шүүх хуралдааныг явуулна. Дарааллын талаар болон шүүх хуралдаан эхлэхээс өмнө тусгайлан гаргах санал, хүсэлт оролцогч нарт байна уу ...” гэж нотлох баримт шинжлэн судлах, дараалалтай холбоотой оролцогч нараас санал асуусан мэтээр бичсэн нь дуу-дүрсний бичлэгээс зөрүүтэй байна.

Шүүх хуралдаанд нотлох баримт шинжлэн судлах шатыг дараалалд оруулаагүй, хуралдааны дарааллын талаар талуудаас санал асуугаагүй байна. Гэхдээ үүнтэй холбоотой хэргийн оролцогчоос санал хүсэлт гаргах эрхтэй, энэ эрхээ хэрэгжүүлээгүйд шүүгчийг буруутгах, нөгөө талаар тухайн хуралдааны дэг дарааллаас болж хэргийн оролцогчийн эрх, хуулиар хамгаалагдсан эрх ашиг хөндөгдөөгүй тул шүүгчийг буруутгахгүй.

Бичлэгийн 0:02:22-0:02:32 дахь хоромд, ялтан Б.Б нь “... Би биечлэн оролцвол бичгээр нэлээд их хэмжээний юм танилцуулах шаардлагатай болохоор биечлэн оролцох хүсэлтийг хүлээж аваасай гэж хүсэж байна” гэх тайлбар гаргаж, даргалагч  ... Ямар баримт байгаа юм бэ, унших баримт юм уу гэхэд ... 0:00:39-0:00:52 дахь хэсэгт ялтан Б.Б: ... анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж, ... давж заалдах шатны шүүхийн магадлал гэсэн ийм зүйлүүд байна. ... даргалагч  ... Тэр байгаа юм уу гэхэд ... 0:01:29-0:01:32 дахь хэсэгт шүүгч С.Б: Байхгүй. Хэлэлцүүлгийн явцад ярих юм байгаа биз гэхэд ... 0:01:33-0:01:36 дахь хэсэгт даргалагч: Тайлбар дээрээ та наадхаа уншаад, танилцуулаад явчих ...” гэсэн нь тусгагджээ.

Үүнийг шүүгчийн туслах Г.А “ ... Нэмж өгөх материал байгаа би өөрөө биечлэн оролцмоор байна гэхээр нь мэдээлэл лавлагаагаар дамжуулан өгөх боломжтой, эсвэл одоо байвал өгч болно гэж хэлсэн. Хувийн байдалтай холбоотой баримтыг хуралдаанд гаргаж өгч болдог, тийм учраас ямар баримт болохыг надад харуулж болох уу гэхэд “үгүй би хуралд биечлэн оролцохдоо өгнө” гэж хэлсэн. Энэ яриа хэргийн материал танилцуулж байх үед болсон. Хэргийн оролцогчийн эрхийг хангасан гэж үзэж байна. ... Би мэдээлэл лавлагаагаар дамжуулан баримтаа өгч болно гэж өөрт нь хэлсэн гэдгийг би шүүгчид хэлсэн ...” гэж мэдүүлсэн.

Үүнээс үзвэл, өргөдөл гаргагч нь 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдөр хэрэгтэй танилцахдаа шүүхэд өгөх гэсэн нотлох баримтаа гаргаж өгөх боломжтой байжээ.

Нөгөө талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 2-т “Давж заалдах шатны шүүх нь анхан шатны шүүхээр хэлэлцээгүй, тогтоогдоогүй нөхцөл байдал, шинжлэн судлаагүй нотлох баримтыг шийдвэрийн үндэслэл болгохгүй”, 39.4 дүгээр зүйлийн 5-д “Талууд дүгнэлт, санал хэлэхдээ … ял шийтгүүлсэн этгээдийн хувийн байдал, ялыг хөнгөрүүлэхтэй холбоотой баримт гаргаж өгч болно” гэж заасны дагуу давж заалдах шатны шүүх хуралдаанаас өмнө хувийн байдалтай холбоотой баримтыг өгч болох талаар хэргийн материал танилцуулах үед шүүгчийн туслах сануулсан боловч Б.Б нь тухайн баримтаа хувийн байдалтай холбоотой эсэхийг тодруулалгүй давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон байна.

Хэрэв шүүх хуралдаанд гаргаж өгөхийг хүссэн баримт анхан шатны шүүхээр хэлэлцээгүй, шинжлэн судлаагүй нотлох баримт байх тохиолдолд давж заалдах шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл болгохгүй тул “… баримт гарган өгч танилцуулах боломжоо эдлээгүй ...” гэх өргөдөл үндэслэлгүй.

... 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн шүүх хуралдааны магадлал, тогтоол, тэмдэглэлд даргалагч шүүгчийн гарын үсэг зурагдаагүй байна.

Даргалагч шүүгч нь дээрх хурлын дараа  “... 2024 оны 05 дугаар сарын 11-ний өдөр таалал төгссөн ...” тул тус шүүхийн шүүгчдийн 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн зөвлөгөөнөөр “... 1 хурлын шүүх хуралдааны тэмдэглэл, шүүхийн тогтоол гараагүй байна. ... түүний нэрийг нь бичиж, гарын үсэг зурах зайг хоосон үлдээх нь зүйтэй гэж үзэж байна ...” гэж шийдвэрлэсэн, магадлалын өнгөн хувийн ар дахь боловсруулсан, нийлсэн дардас дээр “... 2024.05.20-ны өдөр ...” гэж бичигдсэн, мөн шүүгчийн туслах Г.А “... энэ магадлал шүүгчийг нас барснаас 11 хоногийн дараа гарсан ...” гэж мэдүүлсэн зэргээр магадлалыг албажуулах үед даргалагч шүүгч гарын үсэг зурах боломжгүй болсон үйл баримт тогтоогдоно.

Иймд, өргөдлийн “ ... магадлал, тогтоолд огт гарын үсэг зураагүй” гэснийг сахилгын зөрчил гэж үзэхгүй.

Үзлэгээр, ... зөвхөн шүүгч Т.Ш нь хуралдааны явцад зөөврийн компьютер ашиглаж байх ба дэлгэц дээрх бичвэр бичлэгт тодорхой харагдахгүй байсан болно.

Шүүгч Т.Ш тайлбартаа “... “... шүүхэд цаасны хэрэглээг багасгаж, шүүхийн зарим ажиллагааг цахимжуулах журмыг хавсралтаар баталж, ... журмын дагуу ялтан Б.Б-д холбогдох хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 2024/ХМШЗ/16 дугаартай захирамж, ... прокурорын 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн №01 дугаартай эсэргүүцэл, ялтан Б.Б гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус файл хэлбэрээр хүлээн авч, шүүх хуралдааны өмнө танилцсан. Мөн уг шүүх хуралдаанд дээрх файлаар авсан мэдээллийг ашигласан бөгөөд тухайн шүүх хуралдааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоогүй ямар нэгэн мэдээлэл, файл ашиглаагүй болно ...” гэжээ.

“... шүүхэд цаасны хэрэглээг багасгаж, шүүхийн зарим ажиллагааг цахимжуулах журам”-ыг баталсан байх ба тус журмын 2.6-д “... Шүүгчийн туслах ... шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдэх ... анхан шатны шүүхийн ... баримт зэргийг шүүх хуралдаан даргалагч болон шүүх бүрэлдэхүүний шүүгчид ... цахим хэлбэрээр илгээж танилцуулна ...”, 2.7-д “... шүүх бүрэлдэхүүн нь ... цахим хэлбэрээр хүлээн авсан анхан шатны шүүхийн шийтгэх, цагаатгах тогтоолыг өөрийн нэр бүхий “цахим хавтаст”-т хадгалж, унших танилцахдаа өөрийн өрөөний болон шүүх хуралдааны танхим, зөвлөлдөх тасалгааны компьютер, нөүтбүүк, таблет зэрэг цахим хэрэгслүүдийг ашиглана ...” гэж шүүгчийг, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд компьютер, нөүтбүүк, таблет зэргийг ашиглах ажиллагааг журамлажээ.

Б.Б-д холбогдох хэргийг хянан хэлэлцсэн давж заалдах шатны шүүх хуралдаан 35 минут орчим үргэлжилсэн бөгөөд шүүгч Т.Ш нь тодорхой хугацаанд зөөврийн компьютер ашиглах, гар утсаараа хэн нэгэнтэй харилцах, хэргийн оролцогч нарын тайлбарыг сонсох, шүүх бүрэлдэхүүнтэй ярьж байгаа зэрэг нь бичлэгт тусгагдсан тул шүүгч Т.Ш-г “... зөөврийн компьютер шүүх хуралдааны турш оролдсон ...” гэх үйл баримт тогтоогдохгүй байна.

Харин дээрх журмын талаар иргэд болон шүүх хуралдаанд оролцогчдод мэдээлэл хүргэх ажиллагааг шүүхийн Тамгын газар хийх нь зүйтэй. Учир нь энэ талаарх өргөдөл, мэдээлэл дахин гарахыг үгүйсгэхгүй юм.

II. Бичлэгийн 0:17:57-0:23:20 дахь хоромд, Б.Б-г тайлбар хэлж байх явцад шүүгч Т.Ш нь утсаа өмднийхөө халааснаас гарган ирж ширээн доогуураа үзэж байгаад, ширээн дээр байгаа цаасыг авч, утсаа ширээн доороос гарган ирж, халхлан үргэлжлүүлэн утсаа үзэж /зурвас бичиж, мэдээлэл уншиж/ байна.

Шүүгч Т.Ш-н “шүүх хуралдааны явцад гар утас хэрэглэсэн ашигласан” үйлдэлд 2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн ГЗБ/2024/0468 дугаар захирамжаар сахилгын хэрэг үүсгэн, захирамжийг гардуулсан ба шүүгч нь тайлбар ирүүлээгүй болно.

Шүүгч Т.Ш 5 минут гаруй хугацаанд гар утас хэрэглэсэн, хэн нэгэнтэй зурвас бичиж, харьцсан нь бичлэгт бичигджээ.

Энэ нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.34-т заасан “шүүх хуралдааны явцад гар утас хэрэглэх зэрэг хэрэгт хамааралгүй өөр бусад үйл ажиллагаа явуулах” гэх хориглосон заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна... ; Дээрхийг нэгтгэвэл,  2024 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн ГЗҮ/2024/0076 дугаар захирамжаар үүсгэсэн сахилгын хэрэгт шүүгч /агсан/ О.Ч, шүүгч С.Б, Т.Ш нар нь Монгол Улсын шүүхийн тухай хуульд заасан шүүгчид хориглосон, үүрэг болгосон заалтыг зөрчсөн үйлдэл тогтоогдохгүй байх тул холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргав.

Харин 2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн ГЗБ/2024/0468 дугаар захирамжаар үүсгэсэн сахилгын хэрэгт холбогдох шүүгч Т.Ш нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.34-т заасан “шүүх хуралдааны явцад гар утас хэрэглэх зэрэг хэрэгт хамааралгүй өөр бусад үйл ажиллагаа явуулах” гэх заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байх тул нотлох дүгнэлт үйлдэв.” гэжээ.

   ҮНДЭСЛЭХ нь:

Илтгэгч гишүүн өргөдөлд дурдсан үндэслэлээр нэр бүхий шүүгч нарт холбогдуулан ГЗҮ/2024/0076 дугаар “Сахилгын хэрэг үүсгэх тухай” захирамжаар сахилгын хэрэг үүсгэн, үндэслэл бүрээр шалгах ажиллагаа явуулж, улмаар өргөдөлд дурдагдаагүй шүүгчийн сахилгын зөрчлийн шинжтэй үйл баримт илэрсэн тул гишүүний 2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр ГЗҮ/2024/0468 дугаар “Сахилгын хэрэг үүсгэх тухай” захирамжаар шүүгч Т.Ш-д холбогдуулан сахилгын хэрэг үүсгэн, шалгах ажиллагаа явуулсан нь Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 101 дүгээр зүйлийн 101.2 дахь хэсэгт заасанд нийцсэн байна.

Сахилгын хэрэгт авагдсан баримтаас үзвэл ГЗҮ/2024/0076 дугаар “Сахилгын хэрэг үүсгэх тухай” захирамжтай сахилгын хэрэгт холбогдох  шүүгч нар сахилгын зөрчил гаргаагүй байх тул илтгэгч гишүүний санал үндэслэлтэй байна гэж бүрэлдэхүүн үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.8 дугаар зүйлд яллагдагч шүүх хуралдаанд оролцох талаар зохицуулсан байх бөгөөд мөн зүйлд заасан яллагдагч шүүхийн хэлэлцүүлэгт оролцох хүсэлт гаргавал талуудын саналыг харгалзан шүүх шийдвэрлэнэ гэж, яллагдагчийг хуульд заасан үндэслэлээр дуу-дүрсний төхөөрөмж ашиглан өөр газраас шүүхийн хэлэлцүүлэг, шүүх хуралдаанд оролцуулж болно гэж тус тус заасны дагуу шүүх хуралдаанд оролцох эрхийг нь хангаж шийдвэрлэсэн байх тул хуулийн илт тодорхой заалтыг зөрчөөгүй байна.

Ялтан /өргөдөл гаргагч/ Б.Б эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаанд өөрийн биеэр буюу өмгөөлөгч зэрэг бусад этгээдийн туслалцаагүйгээр цахимаар оролцож хариу тайлбар хэлэх, мэтгэлцэх, санал хүсэлт гаргах зэргээр хуулиар олгогдсон эрхээ эдэлсэн байх тул хуралдаанд биечлэн оролцсон гэж үзнэ. 

Давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор бичгээр албажуулж, шийдвэрийг хэргийн оролцогчдод хүргүүлэхээр заасан байх бөгөөд уг хугацаанд даргалагч шүүгч нас барсан тул бүрэлдэхүүнд оролцсон шүүгчдийн гарын үсгийн бүрдэл хангагдах боломжгүй нөхцөл байдал үүссэн байна.

          Сахилгын хэрэгт авагдсан баримтаас үзэхэд даргалагч шүүгч шүүх хуралдааныг удирдан явуулахдаа хуралдааны дарааллын талаар санал асуугаагүй дэгийг тогтоосон хэдий ч үүнээс улбаалж хэргийн оролцогчийн эрх, хуулиар хамгаалагдсан эрх ашиг хөндөгдөөгүй ялтан болон хяналтын прокурор дүгнэлт, тайлбараа хэлэх боломжоор тэгш хангаж, мэтгэлцэх зарчмын хүрээнд хэргийг хэлэлцэж шийдвэрлэсэн байх тул сахилгын зөрчил гаргасан гэж дүгнэхгүй.

Илтгэгч гишүүний нотлох дүгнэлтэд “Б.Б-д холбогдох хэргийг хянан хэлэлцсэн давж заалдах шатны шүүх хуралдаан 35 минут орчим үргэлжилсэн бөгөөд шүүгч Т.Ш нь тодорхой хугацаанд зөөврийн компьютер ашиглах, гар утсаараа хэн нэгэнтэй зурвасаар харилцах, хэргийн оролцогч нарын тайлбарыг сонсох, шүүх бүрэлдэхүүнтэй ярьж байгаа зэрэг нь бичлэгт тусгагдсан тул шүүгч Т.Ш-г “... зөөврийн компьютер шүүх хуралдааны турш оролдсон ...” гэх үйл баримт тогтоогдохгүй байна” гэсэн нь үндэслэл бүхий байна.

Хэргийн оролцогч шүүгч Т.Ш өргөдөлд дурдсанчлан шүүх хуралдааны туршид зөрчилд хамаарах үйлдлийг гаргаагүй байх бөгөөд хэргийн оролцогчдоос асуулт асуух, бүрэлдэхүүний бусад шүүгчидтэй хэргийн талаар ярилцах зэргээр тухайн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд анхаарч, идэвхтэй оролцжээ.

Харин тухайн хуралдааны явцад шүүгч 6 орчим минутын хугацаанд гар утас хэрэглэсэн нь шүүх хуралдааны дуу-дүрсний бичлэгт бичигдсэн байх бөгөөд холбогдох шүүгч Т.Ш  энэ үйл баримттай маргаагүй байна. Шүүгч сахилгын хорооны хуралдаанд гаргасан тайлбартаа “...  шүүхийн магадлал нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааны материал дунд байгаагүй. Өөрийн туслахдаа 2021 оны Өршөөлийн тухай хууль, гомдолд дурдаад буй магадлалыг shuukh.mn хаягаас хайж олох даалгаврыг гар утсаар өгсөн ...” гэсэн хэдий ч энэ нь баримтаар тогтоогдоогүй тул хэрэг маргааныг шийдвэрлэхэд хамаарал бүхий зорилгоор шүүгч гар утас ашигласан байж болохыг үгүйсгэхгүй ч энэхүү үйлдэл нь Монгол Улсын шүүхийн тухай хуулиар нэрлэн заасан сахилгын зөрчилд хамаарч байх тул сахилгын шийтгэл оногдуулах үндэслэл болно гэж бүрэлдэхүүн үзэв. з

Өргөдөл гаргагчаас тус хороонд 2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр ирүүлсэн өргөдөлдөө “... Т.Ш шүүгчид холбогдуулан гаргасан өргөдлөөсөө татгалзаж байгаагаа үүгээр мэдэгдэж байна...” гэж, 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр ирүүлсэн хүсэлтдээ “... шүүгч Т.Ш-д холбогдуулж гаргасан өргөдлийн хэсгээсээ татгалзаж байна...” гэсэн хэдий ч Сахилгын хороо нь өргөдөл, мэдээллийг заавал хянан шийдвэрлэх зарчмыг мөрдлөг болгон ажилладаг бөгөөд Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 104 дүгээр зүйлийн 104.2 дахь хэсэгт заасны дагуу сахилгын хэрэг үүсгэсэн бол өргөдлөөсөө татгалзсан эсэхээс үл хамааран сахилгын хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулдаг болохыг дурдах нь зүйтэй.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.2, 112.1.3, 112.2, 112.4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. ... шүүхийн шүүгч С.Б, болон шүүгч агсан О.Ч нарт холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хүлээн авч, тус сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгосугай.     

2. ... шүүхийн шүүгч Т.Ш-д холбогдох нотлох дүгнэлтийг бүхэлд нь хүлээн авч, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.34, 57 дугаар зүйлийн 57.1.1-д заасныг баримтлан “хаалттай сануулах” сахилгын шийтгэл оногдуулсугай.

3.Магадлал гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл гаргагчид хүргүүлэхийг Ажлын албанд даалгасугай.

4.Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.7 дахь хэсэгт зааснаар дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох ба энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг тайлбарласугай.

5.Магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Шүүхийн сахилгын хороонд сахилгын хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

   ДАРГАЛАГЧ                           Б.СУГАР

                 ГИШҮҮД                                Х.ХАШБААТАР

                                                                        Д.ЭРДЭНЭЧУЛУУН