info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих ШИЛЭН ДАНС
ENMNG

МОНГОЛ УЛС

ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО

МАГАДЛАЛ

2024-12-24

Дугаар 128

Улаанбаатар хот

Сахилгын зөрчлийг нотлох дүгнэлтийг хүлээн авч,

сахилгын шийтгэл оногдуулах тухай

Сахилгын хорооны хуралдааныг гишүүн Д.Ариунтуяа даргалж, гишүүн Г.Цагаанцоож, Д.Эрдэнэчулуун нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Д.Мягмарцэрэн, холбогдох шүүгч А, нарийн бичгийн даргаар Г.Болортуяа нарыг оролцуулан тус хорооны хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

... шүүхийн шүүгч А-д холбогдох сахилгын зөрчил гаргасныг нотлох дүгнэлтийг хянан хэлэлцэв.

 ТОДОРХОЙЛОХ нь:

 Илтгэгч гишүүний нотлох дүгнэлтэд “...Иргэн Б ...шүүхийн шүүгч А-д холбогдуулан Шүүхийн сахилгын хороонд гаргасан өргөдлөөр сахилгын хэрэг үүсгэн шалгах ажиллагааг явууллаа.

1. Өргөдлийн: “ ... шүүхийн шийдвэр гарсан гэдгийг мэдсэн атлаа ...дүүргийн анхан шатны шүүхийн шүүгч А нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын албадан чөлөөлөх ажиллагааг зогсоож, миний эрхийг ноцтойгоор зөрчсөн” гэх үндэслэлийн тухайд:

            Нэхэмжлэгч С нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан “... дүүрэг, ... дүгээр хороо, ... хотхон 0Б байр, 54 тоот 4 өрөө орон сууцны битүүмжлэх эд хөрөнгийн жагсаалтаас хасуулж, чөлөөлүүлэх тухай” нэхэмжлэлийг 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр ...шүүхэд гаргаж, нэхэмжлэл тус шүүхийн шүүгч А-д хуваарилагдан, шүүгчийн 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 000/ШЗ2024/09350 дугаартай захирамжаар иргэний хэрэг үүсгэснээр, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагджээ.

            Шүүгчийн 2024 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 000/ШЗ2024/11428 дугаартай захирамжаар “ ... Б нэхэмжлэлтэй, “Т” ХХК-д холбогдох иргэний хэргийг шийдвэрлэсэн ... шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 000/ШШ2023/01473 дугаар шийдвэрийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг С-ын нэхэмжлэлтэй, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжлэх эд хөрөнгийн жагсаалтаас хасуулж, чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хянан шийдвэрлэх хүртэл хугацаанд түдгэлзүүлсэн байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт “Шүүгч иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь эсхүл, хэсэгчлэн дараах үндэслэл, хугацаагаар түдгэлзүүлж болно” гэж заасан нь хуулиар шүүгчид олгосон бүрэн эрхэд хамаарах асуудал тул шүүгч А нь хуулиар олгосон бүрэн эрхийн дагуу захирамж гаргасан нь сахилгын зөрчил хамаарахгүй.

2. Өргөдлийн: “ ... гуравдагч этгээдээр оролцох хүсэлтээ гаргасан боловч миний зүгээс гаргасан хүсэлтийн хариу шийдвэрийг өгөлгүй байж байгаад шүүх хурал болсон” гэх үндэслэлийн тухайд:

Иргэн Б болон С нарт маргаан бүхий орон сууцыг хүлээн авах тухай 2 өөр шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гарч,  шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдсан байна. Үүнд:

1....шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 000/ШШ2024/00265 дугаар захирамжаар “Т” ХХК-аас ...дүүрэг, ... дүгээр хороо, 0Б байр, 54 тоот 4 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоож шийдвэрлэсэн.

Дээрх шийдвэрийг төлбөр төлөгч “Т” ХХК сайн дураараа биелүүлээгүй гэж үзсэн төлбөр авагч С-ын хүсэлтээр ...шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 00535 дугаар гүйцэтгэх хуудас бичигдэж, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 24410478 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэж, 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 24-4/289 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон байна.

2.... шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 000/ШШ2023/01473 дугаар шийдвэрээр “Т” ХХК-аас ...дүүрэг, .... дугаар хороо, ... хажууд байрлах, ... хотхон 2 дугаар байр, 15 давхар, 54 тоот, 88.4 м.кв 4 өрөө орон сууцыг биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй, түүнтэй холбоотой бичиг баримтыг Б-д хүлээлгэн өгөхөөр шийдвэрлэжээ.

Тус шийдвэрийг ... давж заалдах шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 21/МА2024/01542 дугаартай магадлалаар хэвээр үлдээж, Улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн 2024 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 001/ШХТ2023/01310 дугаартай тогтоолоор хяналтын гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзаж, улмаар шийдвэр, магадлал хүчин төгөлдөр болж, ... шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 01142 дугаар гүйцэтгэх хуудас бичигдэж, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 24300059 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүссэн байна.

Дээр дурдсан баримтуудаас үзэхэд С-ын нэхэмжлэлтэй Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох “...дүүрэг, ... дүгээр хороо, ... хотхон 0Б байр, 54 тоот 4 өрөө орон сууцны битүүмжлэх эд хөрөнгийн жагсаалтаас хасуулж, чөлөөлүүлэх тухай” нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан шийдвэрлэхэд Б эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөх нь илэрхий байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-т “Шүүхээс гарах шийдвэр маргааны зүйлийн талаар бие даасан шаардлага гаргаагүй этгээдийн эрх, үүрэгт сөргөөр нөлөөлөхөөр байвал шүүхийн шийдвэр гарахаас өмнө уг этгээдийн өөрийнх нь, зохигчийн хүсэлтээр бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн хувиар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж болно” гэж заасан.

Гэтэл тус иргэний хэргийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Б нь “гуравдагч этгээдээр оролцох тухай” хүсэлтийг 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдөр гаргасныг шүүх 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 10:00 цагт хүлээн авсан атлаа хуульд заасны дагуу шийдвэрлэлгүйгээр хэргийг 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд 000/ШШ2024/02838 дугаартай шийдвэр гаргасан байна.

Шүүхийн сахилгын хороо нь Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д “Сахилгын хороо энэ хуулийн 50, 51.1, 52, 53 дугаар зүйлд заасан хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон зохицуулалтыг зөрчсөн шүүгчид сахилгын шийтгэл оногдуулна” гэж зааснаар шүүгч хуулиар нэрлэн заасан сахилгын зөрчил гаргасан тухай өргөдөл, мэдээллийг хүлээн авч хариуцлага хүлээлгэх чиг үүрэг бүхий байгууллага. 

Иймд нэр бүхий шүүгч нь С-ын нэхэмжлэлтэй Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох иргэний хэргийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Б-г гуравдагч этгээдээр оролцуулаагүй, түүнийг “гуравдагч этгээдээр оролцох тухай” хүсэлтийг шийдвэрлэлгүйгээр тус хэргийг хянан шийдвэрлэсэн үйл ажиллагаа хуулиар нэрлэн заасан зөрчилд хамаарах эсэхэд дүгнэлт өгөх шаардлагатай.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа мэтгэлцэх зарчмын үндсэн дээр хэрэгжих бөгөөд хэргийн оролцогчид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдлэх эрх, хүлээх үүргээ хэрэгжүүлэх боломж, нөхцөлийг шүүхээс бүрэн, хангалттай олгох нь түүний шударга шүүхээр шүүлгэх үндсэн эрхийн баталгааг хангаж буй нэгэн хэлбэр юм.

Өөрөөр хэлбэл, мэтгэлцэх зарчмыг хэрэгжүүлэхэд хэрэгт шаардлагатай нотлох баримт бүрдүүлэх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдийг татан оролцуулах, гэрчээс мэдүүлэг авах, шинжээч томилох зэрэг ажиллагааг шүүгч гүйцэтгэх учиртай.

Сахилгын хэрэгт авагдсан баримтаар Б нь маргаан бүхий орон сууцыг хүлээн авах эрх нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр үүссэн, шүүхээс гарах шийдвэр түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлын хөндөхөөр байхад шүүгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдийг татан оролцуулаагүй хэргийг шийдвэрлэсэн нь холбогдох шүүгчийг зөрчил гаргасан гэж үзнэ.

Шүүгчийн зөрчлийн тухай ... давж заалдах шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 210/МА2024/0000 дугаартай магадлалд  “... Анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг бүрэн тодруулаагүй, хэргийн оролцогчийн хэрэгт ач холбогдолтой хүсэлтийг шийдвэрлээгүй алдаа гаргасан” гэж дүгнэсэн болно.

Мөн холбогдох шүүгчийн: “ ... тухайн шүүх хуралдаанаар Б гаргасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр оролцох хүсэлт хэлэлцэгдээгүй буюу хавтаст хэрэгт авагдаагүй, хэргийн оролцогч нарт танилцуулагдаагүй болно, ... шүүх хуралдааны бэлтгэл хангах, хэргийг товьёглон хөтлөх, шүүгчээс даалгасан ажиллагааг гүйцэтгэх чиг үүргээ хэрэгжүүлэхдээ шүүгчийн туслахын зүгээс хайхрамжгүй хандсаны улмаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр оролцох тухай хүсэлтээ шийдвэрлүүлэх иргэн Б эрх зөрчигдсөн” гэх тайлбараас үзэхэд шүүгчийн туслах албан үүргээ хэрэгжүүлээгүйн улмаас иргэн Б-н эрх, хууль ёсны ашиг сонирхлын зөрчигдсөн гэснийг хүлээж авах боломжгүй гэж илтгэгч гишүүн үзлээ.

Тодруулбал, Шүүгчийн туслах Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 89 дүгээр зүйлд заасан чиг үүргээ хэрэгжүүлэхдээ шүүгчийн удирдлага дор хэрэгжүүлдэг төдийгүй хэргийн хөдөлгөөнийг манлайлан удирдах нь тухайн шүүгчийн үүрэг гэж үзнэ.

Сахилгын хэрэгт авагдсан, С-ын нэхэмжлэлтэй Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох иргэний хэргийн 64-65 талд Б хүсэлт авагдсан боловч тус хүсэлтийг шийдвэрлээгүй,  Иргэн-2014 нэгдсэн системд бүртгэж, холбогдох ажиллагаа хийгээгүй талаарх үзлэг хийсэн тэмдэглэл,

Шүүгчийн туслахын гэрчээр өгсөн: “ .... хүсэлт ирсэн үү гэж асуугаагүй. Шүүгч намайг хэргээ бэлдээд танилцуулсан гэдэг үүднээс тодруулаагүй байх” гэх мэдүүлэг,

, ... шүүхийн Тамгын газрын 2024 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн хамт олны хурлын тэмдэглэлд шүүгчийн туслах Х-ын өгсөн: “ .... Шүүгч тухайн хүсэлтийг шийдвэрлэсэн тухай захирамжийн төслөө асуугаагүй, би өөрөө мартаад хэрэгт хийгээгүй болохоор шүүгч санаагүй байх” гэх тайлбар зэргээс үзэхэд шүүгч А нь шүүгчийн туслахын үйл ажиллагаанд хяналт тавин хэргийн хөдөлгөөний манлайлан удирдах үүргээ биелүүлээгүй нь тогтоогдож байна.

            Дээрх дурдсан нөхцөл байдлуудаас дүгнэхэд иргэн Б Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 14-т “Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, ... шударга шүүхээр шүүлгэх, хэргээ шүүх ажиллагаанд биеэр оролцох”, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлд заасан иргэний шүүхэд мэдүүлэх эрх зөрчигдсөн гэж үзнэ.

Шүүгчийн шүүн таслах болон түүнтэй холбоотой бүхий л үйл ажиллагаа нь шүүхийн шударга байдалд итгэх олон нийтийн итгэлийг бататган бэхжүүлэхэд чиглэдэг бөгөөд хуулийн илт тодорхой заалтыг зөрчсөн дээрх алдаа нь шүүхийн өндөр нэр хүндэд сөргөөр нөлөөлсөн ноцтой зөрчилд тооцогдоно.

Шүүгч А нь С-ын нэхэмжлэлтэй, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох иргэний хэрэгт Б гуравдагч этгээдээр татан оролцуулаагүй, түүний хүсэлтийг шийдвэрлээгүй, шүүгчийн туслахын үйл ажиллагаанд хяналт тавин хэргийн хөдөлгөөний манлайлан удирдах үүргээ биелүүлээгүй нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т заасан “хуулийн илт тодорхой заалтыг ноцтой ... зөрчсөн үйлдэл, эс үйлдэхгүй гаргах” гэж заасан зөрчил гаргасан гэж үзлээ.

Иймд Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т “хуулийн илт тодорхой заалтыг ноцтой ... зөрчсөн үйлдэл, эс үйлдэхгүй гаргах” гэж заасан шүүгчид хориглосон зохицуулалтыг зөрчсөн зөрчил гаргасан болох нь сахилгын хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх тул дээрх үндэслэлээр ...шүүхийн шүүгч А-г сахилгын зөрчил гаргасныг нотлох дүгнэлт үйлдэв” гэжээ.

Шүүгч А ирүүлсэн тайлбартаа:“ ... ...шүүхийн шүүгч А би Шүүхийн сахилын хорооны гишүүний 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн Г3Ү/2024/0086 дугаар захирамжийг хүлээж авч, дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд: 1. Шүүхийн шийдвэр гарсан гэдгийг мэдсэн атлаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын албадан чөлөөлөх ажиллагааг зогсоож, миний эрхийг ноцтойгоор зөрчсөн гэх гомдлын хувьд:

Иргэн С-ын зүгээс Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр нэхэмжлэл гаргасныг шүүх хүлээн авч, тус шүүхийн шүүгчийн 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 000/ШЗ2024/09350 дугаар захирамжаар иргэний хэрэг үүсгэсэн.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн зүгээс "...2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 10 цагт манай байрыг албадан чөлөөлөх тухай мэдэгдлийг төлбөр төлөгч “Т” ХХК-д 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр хүлээлгэн өгснийг өнөөдөр буюу 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өглөө миний бие мэдсэн. Ингээд 2024 оны 4 дугаар сарын 15-ны өглөө шүүхийн шийдвэрийн хүмүүс манай гэрт ирж байрнаас гарахыг шаардсан ба бид шүүхэд өнөөдөр хандана, түр хүлээгээч гээд гуйж гувшин байж явуулсан тул яаралтай шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх шаардлагатай байна..." гэх хүсэлтийг гаргасныг шүүх хүлээж авч, шүүгчийн 2024 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 000/ШЗ2024/11528 дугаар захирамжаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.2-т заасныг баримтлан Б нэхэмжлэлтэй, хариуцагч "Т" ХХК-д холбогдох иргэний хэргийг шийдвэрлэсэн ... шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 000/ШШ2023/01473 дугаар шийдвэрийн гүйцэтгэх ажиллагааг С-ын нэхэмжлэлтэй Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжлэх эд хөрөнгийн жагсаалтаас хасуулж, чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хянан шийдвэрлэх хүртэл хугацаанд түдгэлзүүлэхээр шийдвэрлэсэн.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт "Шүүгч иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн дараах үндэслэл, хугацаагаар түдгэлзүүлж болно" гэж заасан.

Иймд хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн дээрх захирамжийн хувьд шүүгч хуульд заасан эрх хэмжээний хүрээнд гаргасан шийдвэр юм.

2.2024 оны 06 дугаар сарын 12-ны өдөр гуравдагч этгээдээр оролцох хүсэлт гаргасан боловч уг хүсэлтийг шийдвэрлэлгүй шүүх хурал болсон гэх гомдлын хувьд:

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.1 дэх хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэхтэй холбогдсон бусад асуудлын талаар хэргийн оролцогчоос шүүх хуралдаанд гаргасан хүсэлтийг бусад оролцогчийн саналыг сонсмогц шүүгч даруй шийдвэрлэх, мөн хуулийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдааны бусад үед хэргийн оролцогчоос гаргасан хүсэлтийг шүүгч хянаж, захирамж гарган шийдвэрлэх журамтай.

Нэхэмжлэгч С-ын нэхэмжлэлтэй Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаан 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдөр нээлттэй явагдсан бөгөөд тухайн шүүх хуралдаанаар Б гаргасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр оролцох хүсэлт хэлэлцэгдээгүй буюу хавтаст хэрэгт авагдаагүй, хэргийн оролцогч нарт танилцуулагдаагүй болно.

Тус хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, шүүхээс шийдвэр гарч шүүх хуралдааныг хаасны дараа шүүгчийн туслахын зүгээс "иргэн Б зүгээс гуравдагч этгээдээр оролцох хүсэлт ирүүлсэн байсныг хавтаст хэрэгт хавсаргахаа мартчихсан байна" гэж хэлсэн.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 89 дүгээр зүйлийн 89.3 дахь хэсэгт шүүгчийн туслахын чиг үүргийг тодорхойлон заасан байх бөгөөд 89.3.2-т "хэрэг, маргаан хянан шийдвэрлэх ажиллагаатай холбогдуулан шүүгчээс даалгасан ажиллагааг гүйцэтгэх", 89.3.5-д "хэргийг товьёглон хөтлөх", 89.3.7-д "шүүх хуралдааны бэлтгэл, зохион байгуулалтыг хангахад оролцох" гэж заажээ.

Шүүгчийн зүгээс шүүх хуралдаан товлогдсон иргэний хэргийг хэргийн оролцогч болон бусад этгээдээс ирүүлсэн хүсэлт, нотлох баримтыг бүрэн хавсаргаж буюу хэргийг товьёглон хөтөлж шүүгчид шүүх хуралдаан болох өдрийн өмнөх өдөр танилцуулахыг шүүгчийн туслахад даалгадаг бөгөөд шүүгчийн туслахын зүгээс хэргийг товьёглон хөтөлж, танилцуулдаг.

Шүүгчээр ажиллаж эхэлснээс хойших хугацаанд шүүгч А миний хувьд 771 (Иргэн-2014  систем) шүүх хуралдааныг даргалан явуулсан байх ба шүүгчийн туслахын зүгээс уг шүүх хуралдаануудын бэлтгэл хангах, хэргийг товьёглон хөтлөх чиг үүргээ хэрэгжүүлэхдээ хэргийн оролцогчдоос болон бусад этгээдээс ирүүлсэн хүсэлт, баримт бичиг, нотлох баримтыг хавтаст хэрэгт хавсаргалгүй орхигдуулсан зөрчил огт гаргаж байгаагүй болно.

Гэсэн хэдий ч С-ын нэхэмжлэлтэй Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааны бэлтгэл хангах, хэргийг товьёглон хөтлөх, шүүгчээс даалгасан ажиллагааг гүйцэтгэх чиг үүргээ хэрэгжүүлэхдээ шүүгчийн туслахын зүгээс хайхрамжгүй хандсаны улмаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр оролцох тухай хүсэлтээ шийдвэрлүүлэх иргэн Б эрх зөрчигдсөнд хүлцэл өчиж байна.

Мөн дээр дурдсан шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлж шийдвэрлэсэн 000/Ш32024/11528 дугаар захирамжийг хүчингүй болгуулах тухай иргэн Б 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдөр шүүхэд гаргасан хүсэлтийг 2024 оны 07 дугаар сарын 16-ны өдөр шүүгчид танилцуулсан бөгөөд яагаад хүсэлт хүлээж авснаас хойш 1 сарын дараа шүүгчид танилцуулж байгааг шалгаж тогтоохыг шүүхийн Тамгын газрын даргад даалгасан болно. 

Дээр дурдсанаас үзэхэд шүүгчийг Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50, 51, 52, 53 дугаар зүйлд заасан хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон зохицуулалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна” гэжээ.                  

            ҮНДЭСЛЭХ нь:

Өргөдөл гаргагч Б-аас ...миний бие 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдөр тус шүүхээс гаргасан 000/ШЗ2024/11528 дугаартай захирамжийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын гүйцэтгэгч цахимаар явуулсны дагуу мэдэж, ... шүүгч А-д хандан 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдөр дараах агуулга бүхий гомдлыг "С нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааны оролцогч биш, мөн ... хотхоны 2 дугаар байрны 15 давхрын 54 тоот орон сууцны өмчлөгч биш атал түүний нэхэмжлэл, хүсэлтийг хүлээн авч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.2 дахь заалтыг үндэслэсэн нь түүнийг илтэд үндэслэлгүй, хууль бус шийдвэр болгож байна. ...өөр харилцааг зохицуулсан хуулийн заалтаар шүүхийн шийдвэрийг биелүүлэх үйл ажиллагаанд халдсан шүүгчийн захирамж нь илтэд үндэслэлгүй, хууль бус байна” гэх агуулга бүхий өргөдлийг гаргасан.

Сахилгын хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл С-аас Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан “...дүүрэг, .... -р хороо, 0б байр, 54 тоот хаягт байрлах, 95.14 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууцыг эд хөрөнгийг битүүмжлэх эд хөрөнгийн жагсаалтаас хасуулж чөлөөлүүлэх тухай” нэхэмжлэл гаргасныг шүүгч А хүлээн авч, 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 000/ШЗ2024/09350 дугаар шүүгчийн захирамжаар иргэний хэрэг үүсгэн хянан шийдвэрлэх ажиллагаа явуулжээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч С нь хэргийг эцэслэн шийдвэрлэх хүртэл хугацаанд албадан чөлөөлөх ажиллагаа гүйцэтгэхгүй байхыг хариуцагчид даалгаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.2-т зааснаар шүүхийн шийдвэр гарч, хуулийн хүчин төгөлдөр болтол хэсэгчлэн түдгэлзүүлэх хүсэлтийг гаргасан бөгөөд шүүх тус хүсэлтийг хүлээн авч, 2024 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 000/ШЗ2024/11528 дугаар шүүгчийн захирамжаар “Б нэхэмжлэлтэй, “Т” ХХК-д холбогдох иргэний хэргийг шийдвэрлэсэн ... шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 000/ШШ2023/01473 дугаар шийдвэрийг гүйцэтгэх ажиллагааг С-ын нэхэмжлэлтэй Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжлэх эд хөрөнгийн жагсаалтаас хасуулж, чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хянан шийдвэрлэх хүртэл хугацаанд түдгэлзүүлж шийдвэрлэсэн байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт “Шүүгч иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн дараах үндэслэл, хугацаагаар түдгэлзүүлж болно”, 27.1.2-т “төлбөрт хураагдсан хөрөнгийн талаар бие даасан шаардлага гаргах эрхтэй гуравдагч этгээд шүүхэд гомдол гаргасан бол шүүхийн шийдвэр гарч, хуулийн хүчин төгөлдөр болтол” гэж зааснаас үзвэл хуульд заасан үндэслэлээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх эрх хэмжээг хуулиар олгосон байх тул дээрх үндэслэлээр шүүгчийг буруутгах боломжгүй. Энэ талаар дүгнэсэн илтгэгч гишүүний дүгнэлт үндэслэлтэй байна.

          Мөн өргөдөл гаргагч “...2024 оны 06 дугаар сарын 12-ны өдөр миний эрх ашиг хөндөгдөж байгаа тул гуравдагч этгээдээр оролцох хүсэлтээ гаргасан боловч миний зүгээс гаргасан хүсэлтийн хариу шийдвэрийг өгөлгүй байж байгаад шүүх хурал болсон байна” гэжээ.          

             Сахилгын хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл ... шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 000/ШШ2023/01473 дугаар шийдвэрээр ... дүүргийн ... дугаар хороо, ... хажууд байрлах, ... хотхон, 2 дугаар байрны 15 дугаар давхар, 54 тоотод байрлах 88.4 м.кв, 4 өрөө орон сууцыг биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй, түүнтэй холбоотой бичиг баримтын хамт нэхэмжлэгч Б-д хүлээлгэн өгөхийг хариуцагч “Т” ХХК-д даалгаж шийдвэрлэсэн байх бөгөөд тус шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болж, 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 000/ГХ2023/01142 дугаар гүйцэтгэх хуудасны дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагджээ.

          Гэтэл С-аас “Т” ХХК-д холбогдуулан “... дүүргийн ... дүгээр хороо, 0Б байрны 54 тоот, 4 өрөө орон сууцыг өмчлөгчөөр тогтоох тухай” нэхэмжлэл гаргасныг ... шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 000/ШШ2024/00265 дугаар шүүгчийн захирамжаар зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснээс үзвэл тухайн орон сууцтай холбоотой хоёр шүүхийн шийдвэр гарч маргаан бүхий нөхцөл байдлыг үүсгэсэн байна.

          Тодруулбал, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 0-00/8686 дугаартай албан бичгээр ... дүүргийн ... -р хороо, ... 1 хотхоны 0Б байрны 54 тоот оршин суугч /С/-д  “... шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 1473 дугаар шийдвэрээр “Т” ХХК-аас ...дүүргийн ... дугаар хороо, ... хотхон 2 дугаар байрны 54 тоот хаягт байрлах орон сууцыг, биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй, түүнтэй холбоотой бичиг баримтын хамт гаргуулж Б-д олгуулахаар шийдвэрлэсэн. Иймд дээрх үл хөдлөх хөрөнгийг 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 10:00 цагт сайн дураар султган чөлөөлөх тухай” мэдэгдлийг хүргүүлсэн байна.

          Үүний дараагаар С-аас Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан ...шүүхэд “...дүүрэг, ...-р хороо, 0Б байр, 54 тоот хаягт байрлах, 95.14 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууцыг эд хөрөнгийг битүүмжлэх эд хөрөнгийн жагсаалтаас хасуулж, чөлөөлүүлэх тухай” нэхэмжлэл гаргаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдсан байх бөгөөд улмаар 2024 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 000/ШЗ2024/11528 дугаар шүүгчийн захирамжаар Б нэхэмжлэлтэй, “Т” ХХК-д холбогдох иргэний хэргийг шийдвэрлэсэн ... шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 000/ШШ2023/01473 дугаар шийдвэрийг гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлж шийдвэрлэсэн.

          Улмаар Б нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 дахь хэсэгт “Шүүхээс гарах шийдвэр маргааны зүйлийн талаар бие даасан шаардлага гаргаагүй этгээдийн эрх, үүрэгт сөргөөр нөлөөлөхөөр байвал шүүхийн шийдвэр гарахаас өмнө уг этгээдийн өөрийнх нь, болон зохигчийн хүсэлтээр бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн хувиар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж болно” гэж заасны дагуу өөрийн эрх хууль ёсны сонирхлоо хамгаалахаар С-ын нэхэмжлэлтэй Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох иргэний хэрэгт гуравдагч этгээдээр оролцох хүсэлтийг болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн 2024 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 000/ШЗ2024/11528 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулах хүсэлтийг тус тус гаргажээ.

          Дээрх хүсэлтийг шүүгч А-ын туслах Х 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авсан болох нь шүүхийн бүртгэлийн дэвтэрт тэмдэглэгдсэн байна.

           Шүүгч А нь 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдөр С-ын нэхэмжлэлтэй, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэж, 000/ШШ2024/02838 дугаар шүүхийн шийдвэрээр ...дүүрэг, ...-р хороо, 0Б байр, 54 тоот хаягт байрлах, 95.14 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууцыг битүүмжээс чөлөөлж шийдвэрлэсэн байна.

          Ийнхүү шийдвэрлэхдээ Б гаргасан гуравдагч этгээдээр оролцох хүсэлтийг шийдвэрлээгүй үйл баримт тогтоогдож байна.   

          Шалгах ажиллагааны хүрээнд шүүгчийн туслах Х-аас 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдөр гэрчийн мэдүүлэг авахад “...Тухайн баримтыг хурал орсны дараа шүүгчид танилцуулсан. Ер нь шүүгчтэй хэргүүдийн хурлын товын талаар ярилцдаг. Тэгэхдээ шүүхийн шийдвэр гүйцэтгэх газартай холбоотой хэргийг нэг өдөр тавья гэж бодоод тэгээд би хүсэлтүүдээ хараад шүүхийн шийдвэр дээр гуравдагч этгээдийн орж ирсэн хүсэлтүүдийг оруулсан. Тухайн үед Худалдаа хөгжлийн банкны хүсэлтүүд байгаад  байсан. Тэгээд Б хүсэлтийг хэрэгт хавсаргаагүй үлдээсэн байсан. ...шүүгч хүсэлт ирсэн үү гэж асуугаагүй. Шүүгч намайг хэргээ бэлдээд танилцуулсан гэдэг үүднээс тодруулаагүй байх. Тэрнээс биш 7 хоногийн өмнө ажиллагаа дууссан хэргээ шүүгчид хурлаар оролцуулъя гэж танилцуулдаг” гэх мэдүүлгийг,

Холбогдох шүүгч А “..шүүх хуралдаан 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдөр нээлттэй явагдсан бөгөөд тухайн шүүх хуралдаанаар Б гаргасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр оролцох хүсэлт хэлэлцэгдээгүй буюу хавтаст хэрэгт авагдаагүй, хэргийн оролцогч нарт танилцуулагдаагүй болно. Тус хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, шүүхээс шийдвэр гарч, шүүх хуралдааныг хаасны дараа шүүгчийн туслахын зүгээс иргэн Б гуравдагч этгээдээр оролцох хүсэлт ирүүлсэн байсныг хавтаст хэрэгт хавсаргахаа мартчихсан байна гэсэн” гэх тайлбарыг ирүүлсэн.

           Дээрх тайлбар, мэдүүлгээс үзвэл шүүгч А-д шүүгчийн туслах Х нь гуравдагч этгээдээр оролцох хүсэлтийг шүүх хуралдаан хаасны дараа хэлсэн гэх боловч 2024 оны 08 дугаар сарын 09-ний өдөр ...шүүхийн Тамгын газрын хамт олны хуралд “...Би Ерөнхий шүүгчийн туслахаас хүлээн авсан өдрөө буюу 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдөр шүүгчид танилцуулсан. Тухайн хүсэлтийг хангаад, гуравдагч этгээдээр оролцуулах тухай захирамж гарга гэсэн. Дугаар аваагүй, мөн захирамжийн төсөл бичээгүй мартаад шүүх хуралдаанд оруулсан байна лээ. ...Хийгээгүй мартсан байсан. Шүүгчийг хэргээ шийдээд гарч ирсний дараа би санаж энэ тухай шүүгчид хэлсэн. ... шүүгч асуугаагүй, би өөрөө мартаад хэрэгт хийгээгүй болохоор шүүгч санаагүй байх” гэх тайлбарыг өгсөн нь сахилгын хэрэгт авагджээ.

          Мөн шүүгч А нь хэрэгт авагдсан Б хүсэлтэд “Шүүхийн Тамгын газрын дарга С-д ... тус хүсэлтийг шүүх 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдөр хүлээж авчээ. Гэвч шүүгчид хүсэлтийг 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдөр танилцуулж байгаа нь ямар шалтгаантай болохыг тодруулж, холбогдох баримтыг ирүүлнэ үү” гэх тэмдэглэгээг үйлдсэн байгаа нь шүүгч, шүүгчийн туслахын тайлбар, мэдүүлэг нь хэрэгт авагдсан баримтуудаас зөрүүтэй, шүүгч тухайн хүсэлтийг хуралдааны дараа мэдсэн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Иймд эрх ашиг нь хөндөгдсөн гэж үзэж байгаа иргэний гуравдагч этгээдээр оролцох хүсэлтийг шийдвэрлэлгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт “Монгол Улсын хууль, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзэж байгаа аливаа этгээд уг эрхээ хамгаалуулахаар энэ хуульд заасан журмын дагуу шүүхэд нэхэмжлэл, хүсэлт, гомдол гаргах хэлбэрээр мэдүүлэх эрхтэй”, 29 дүгээр зүйлийн 29.3 дахь хэсэгт “Шүүхээс гарах шийдвэр маргааны зүйлийн талаар бие даасан шаардлага гаргаагүй этгээдийн эрх, үүрэгт сөргөөр нөлөөлөхөөр байвал шүүхийн шийдвэр гарахаас өмнө уг этгээдийн өөрийнх нь, болон зохигчийн хүсэлтээр бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн хувиар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж болно” гэж заасныг тус тус зөрчсөн байх тул шүүгчийг Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн  50.1.23-д заасан “хуулийн илт тодорхой заалтыг ноцтой, эсхүл удаа дараа зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргах“ сахилгын зөрчил гаргасан гэж үзлээ.

          Энэхүү зөрчил нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14-т “Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, ... шударга шүүхээр шүүлгэх, хэргээ шүүх ажиллагаанд биеэр оролцох, шүүхийн шийдвэрийг давж заалдах” гэж заасан иргэний үндсэн эрхийг хязгаарласан байх тул ноцтой гэж үзнэ. 

           Түүнчлэн тухайн шүүхийн шийдвэрийг хариуцагч талаас эс зөвшөөрч, давж заалдах гомдол гаргасныг ... давж заалдах шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 210/МА2024/0000 дугаар магадлалаар “...анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг бүрэн тодруулаагүй, хэргийн оролцогч хэрэгт ач холбогдолтой хүсэлтийг шийдвэрлээгүй алдаа гаргасныг давж заалдах шатны шүүх залруулах, нөхөн гүйцэтгэх боломжгүй” гэж дүгнэн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаасан болохыг дурдах нь зүйтэй.

Дээрхийг нэгтгэн дүгнээд шүүгч А нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т заасныг зөрчсөн нь сахилгын хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон тул түүнд мөн хуулийн 57 дугаар зүйлийн 57.1.7-д заасныг баримтлан  хаалттай сануулах сахилгын шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзэв.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1, 112.1.3, 112.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23, 57 дугаар зүйлийн 57.1.7-т зааснаар ... шүүхийн шүүгч А-д холбогдох нотлох дүгнэлтийг хүлээн авч, түүнд “хаалттай сануулах” сахилгын шийтгэл оногдуулсугай.

2. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6-д зааснаар магадлал гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл мэдээлэл гаргагчийн оршин суугаа газрын, эсхүл ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл албаны ажилтнаар хүргүүлэхийг Ажлын албанд даалгасугай.

3. Магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сахилгын хороонд хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

4.Дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох ба энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг тайлбарласугай.

                 ДАРГАЛАГЧ                                Д.АРИУНТУЯА

                        ГИШҮҮН                                    Г.ЦАГААНЦООЖ

                                                                                Д.ЭРДЭНЭЧУЛУУН