
МОНГОЛ УЛС
ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО
ХЯНАЛТЫН ТОГТООЛ
2024-12-09
Дугаар 6
Улаанбаатар хот

Шүүгчид сахилгын шийтгэл оногдуулсан магадлалын тухай
Сахилгын хорооны хянан үзэх хуралдааныг гишүүн Ц.Давхарбаяр даргалж, гишүүн О.Номуулин, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн С.Энхтөр, хуралдааны нарийн бичгийн дарга Г.Болортуяа, сахилгын хэргийн оролцогч, шүүгч Д.Б, Ч.Б, өргөдөл гаргагч Л.Б нарыг оролцуулан тус хорооны хуралдааны танхимд нээлттэй хийв.
Хуралдаанаар, З аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Б, Ч.Б нарын Шүүхийн сахилгын хорооны 2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн СХМ/2023/..... дугаар магадлалыг эс зөвшөөрч гаргасан гомдлыг хянан хэлэлцээд,
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн сахилгын хорооны 2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн СХМ/2023/.... дугаар магадлалаар:
“... Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн “Сахилгын зөрчил гаргасныг нотлох тухай” ГНД/2023/..... дугаартай дүгнэлтийг хүлээн авч, З аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Б, Ч.Б нарт “хаалттай сануулах” сахилгын шийтгэл ногдуулж ...” шийдвэрлэжээ.
Шүүгч Д.Б гомдолдоо:
“... Тус магадлалд шүүгч миний бие нь яллагдагч Л.Б-т холбогдох хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авах Прокурорын саналыг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хэлэлцүүлэхдээ өмгөөлөгчийг байлцуулалгүй 2020 оны 05 дугаар сарын 08, 2020 оны 08 дугаар сарын 06, 2020 оны 09 дүгээр сарын 07, 2021 оны 07 дугаар сарын 08, 2022 оны 09 дүгээр сарын 02, 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн хуралдааныг явуулсан гэж үзэж, 2021 оны 07 дугаар сарын 08, 2022 оны 09 дүгээр сарын 29, 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн шүүх хуралдааныг өмгөөлөгч оролцуулалгүй явуулсан гэж дүгнэж хаалттай
сахилгын шийтгэл оногдуулсан. Сахилгын хорооны шалгасан гишүүн болон сахилгын хорооны хуралдааны нөхцөл байдлыг тогтоосон үүнийг зөвшөөрч байгаа доорх үндэслэлийг анхаарч
харгалзан үзээгүй гэж үзэж байна. Яллагдагч Л.Б нь 2020 оны 05 дугаар сарын 05-наас 06-нд шилжих шөнө З аймгийн ...... сумын төвд архидан согтуурсан үедээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай байсан хамтран амьдрагч Х.П-г онц харгис хэрцгийгээр буюу 20 удаа хутгалж алсан гэмт хэрэг үйлдсэн гэж тус шүүхээр
хэргийг 2021 онд хянан хэлэлцэж 18 жилийн хорих ял оногдуулсан боловч давж заалдах шатны шүүхээс уг тогтоолыг хүчингүй болгосон. Шийтгэх тогтоол хүчингүй болсноос хойш яллагдагч Л.Б-т авсан
цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг сунгах Прокурорын саналыг хэлэлцэх шүүх хуралдааныг өмгөөлөгч А.О, М.Ц, Н.Э нарт товыг мэдэгдэн тухайн бүрд нь шүүхийн хэлэлцүүлгийг явуулж байсан. 2020 онд ковид цар тахал өвчин дэгдсэнээр шүүхийн хэлэлцүүлгийг явуулахад өмгөөлөгч нар ирэх оролцох боломжгүй болсон боловч шүүх хуралдааны товыг тухай бүрд нь мэдэгдэж байсан. Гэтэл өмгөөлөгч нар нь товыг мэдсэн боловч ямар нэгэн шалтгаанаар шүүх хуралдаанд оролцохгүй, ирэхгүй байх явдал гарч эхэлсэн. Яллагдагч Л.Б-т холбогдох хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар 1.4-д заасан бүх насаар хорих ял оногдуулж болох эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг өмгөөлөгчгүй явуулж болохгүй гэх заалтад хамаарч байгаа боловч цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг
сунгах шүүхийн хэлэлцүүлэгт өмгөөлөгч нар нь товыг мэдсэн боловч шүүх хуралдаанд оролцохгүй ирэхгүй байсан. Уг шүүх хуралдаанд оролцохгүй гэх нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулах нөхцөл үүсгэж эхэлсэн нөгөө талаар уг гэмт хэрэг З аймагт нэлээд дуулиан, иргэдийн дунд айдас тарьсан гэмт хэрэг байсан учир шүүх хэргийн нөхцөл байдлыг харгалзан
яллагдагч Л.Б-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг сунгахаас өөр сонголт байгаагүй. Хэрэв өмгөөлөгч оролцоогүй ирээгүй гэж яллагдагчийг суллах асуудал гарсан бол шүүхийн нэр хүнд унах, шүүгчид авлига авч хүн алсан хүнийг зүгээр гаргалаа гэх яриа гарах байсан. Тийм учир хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүгч миний бие өөрт хариуцлагыг үүрч цагдан хорих шийдвэр гаргахаас өөр арга байгаагүй. Яллагдагчийн өмгөөлөгч нар товыг цаг тухай бүрд мэдэгдэж байсан бөгөөд энэ талаар өмгөөлөгч А.О, М.Ц, Н.Э нар тайлбартаа дурдсан байгааг анхаарч өгнө үү. Яллагдагч Л.Б-ийн сонгосон өмгөөлөгч нар нь ямар нэгэн
шалтгаанаар шүүх хуралдаанд оролцох боломжгүй үед өмгөөлөгч томилон оролцуулах асуудлыг ярихад яллагдагч нь сонгосон өмгөөлөгчийн хамт оролцоно гэж хэлж татгалздаг байсан мөн улсын өмгөөлөгч нарыг оролцуулах асуудлыг ярихад амьжиргааны баталгаажих түвшингээс дээгүүр орлоготой тул оролцох боломжгүй гэж хариу өгдөг байсан. Мөн тухайн цаг үе буюу 2020, 2021 онуудад ковидын цар тахал ид дэгдэж байсан тус шүүх нь онлайн нэг эрхтэй байсан зэргээс бусад шүүх зүүмээр хуралдаан явагдаж байдаг байсан тул өмгөөлөгч нар зүүмээр оролцож амжаагүй байдал гарсан байгаа. Энэ талаар гэрч А мэдүүлсэн байгааг анхаарч өгнө үү. Одоо яллагдагч Л.Б-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилсөн бөгөөд хэрэг прокурорын шатанд шалгагдаж байгаа гэтэл ард иргэдийн дунд шүүх шүүгч нар авлига авч хүн алсан хүн гадуур зүгээр явж байна гэсэн яриа ихээр гарч байгаа нөгөө талаар яллагдагч Л.Б-ийн өмгөөлөгч нар анхан шатны шүүх хуралдаанаас хойш тус эрүүгийн шүүгч нарыг татгалзах хэргийг өөр шүүхэд шилжүүлэх асуудлыг ихээр ярьж эхэлсэн. 2023 оны 09 дүгээр сард Л.Б-д холбогдох шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт өмгөөлөгч нар тус шүүхийн нийт шүүгч нарыг татгалзах хүсэлтийг гаргаж ирүүлсэн нь уг хэргийг шийдвэрлэхэд саад учруулах хэргийг будилаантуулах санаатай болох нь тогтоогдож байна гэж үзэж байгаа. Миний бие нь өмгөөлөгч оролцуулаагүй гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа гэхдээ дээрх өмгөөлөгч нарт тов мэдэгдээд байхад шүүх хуралдаанд санаатай ирээгүй, оролцоогүй байдлыг, мөн ялагдагч Л.Б-ийн хэргийн нөхцөлд байдлаас шалтгаалж гаргасан цагдан хорих арга хэмжээг сунгаж байсан зэргийг харгалзан үзээгүй байна гэж үзэж магадлалыг эс зөвшөөрч байна. Иймд Шүүхийн сахилгын хорооны хуулийн илт тодорхой заалтыг зөрчсөн гэж сахилгын шийтгэл оногдуулсан магадлалыг хянан үзэж, сахилгын хэргийг
хэрэгсэхгүй болгож өгнө үү ...” гэжээ.
Шүүгч Ч.Б гомдолдоо:
“... Яллагдагч Л.Б-т цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг сунгах тухай прокурорын саналыг хэлэлцэхдээ 2021 оны 08 дугаар сарын 06, 2022 оны 07 дугаар сарын 28, 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрүүдийн шүүх хуралдааныг даргалж шийдвэрлэхдээ яллагдагчийн өмгөөлөгч оролцуулахгүй явуулсан сахилгын хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байгаа гэх үндэслэлээр Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т “... хуулийн илт тодорхой заалтыг ноцтой зөрчил гаргах ...” гэж заасан сахилгын зөрчил гаргасан байна гэж үзэн хаалттай сануулах сахилгын шийтгэл оногдуулсан болно.
Учир нь, яллагдагчийн өмгөөлөгч Н.Э, М.Ц, А.О /өмгөөлөгч нар Улаанбаатар хотод ажиллаж, амьдардаг/, нарт шүүгчийн туслахаас шүүх хуралдааныг товыг мэдэгдэхэд шүүх хуралдаанд товыг мэдсэн атлаа шүүх хуралдаанд зориуд оролцохгүй, шүүгчийн туслахаас тэдгээр өмгөөлөгч нарын гар утас руу залгахад утсаа авахгүйгээс өмгөөлөгчгүйгээр шүүх хуралдааныг явуулсан,
түүнчлэн яллагдагчийн өмгөөлөгч нар шүүх хуралдааны товыг мэдсээр байж шүүх хуралдаанд оролцохгүй эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулах, түүгээр барахгүй өмгөөллийн үйл ажиллагаа явуулах буюу үйлчлүүлэгчийнхээ эрхийг өөрсдөө ноцтой зөрчих, зориудаар шүүгчид ямар нэгэн байдлаар ачаалал үүсгэх, шүүх хуралдаанд оролцохгүй удаа дараагийн уг үйлдэлд
байх зэрэг сөрөг үйлдлүүд гаргаж байсан болно. Түүнчлэн прокуророос яллагдагчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авах, сунгах, саналаа хуулийн хугацаанд ирүүлдэггүй, цагийг нь тулгаж ирүүлдэг, яллагдагчийн сонгосон өмгөөлөгч нарт шүүх хуралдааны товыг шүүгчийн туслахаас мэдэгдсээр байхад өмгөөлөгч нар шүүх хуралдаан давхацсан, эсхүл оролцохгүй талаар өмнө илэрхийлдэггүй, шүүх хуралдааны бэлтгэлийг хангаж, шүүх хуралдааныг явуулахад уг хүсэлтээ тулгаж хэлдэг, шүүхээс дараагийн арга хэмжээг авах боломжоор хангадаггүй, мөн Л.Б-ийн сонгон авсан 3 өмгөөлөгчийн аль нэг ч шүүх хуралдаанд оролцохгүй байлцуулахгүйгээр шийдвэрлүүлэх талаар тайлбараа ирүүлдэг нь түүнийг өмгөөлөгчгүйгээр шүүх хуралдаан хийж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг сунгах үндэслэл болно. Үүнээс гадна эдгээр өмгөөлөгч нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг сунгах асуудлыг хэлэлцэх шүүх хуралдааны товыг урьдчилан мэдсэн байхад товлогдсон шүүх хуралдаан болоход оролцож чадахгүй талаар мэдэгдэх энэ нөхцөл байдлаас 18 цагт ажлын цаг дуусгавар болох ба ажлын цаг дуусгах нь яллагдагчид авбал зохих хэргийн авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ хугацаа дуусах зэрэг сөрөг нөлөөтэй байдлууд үүсдэг, мөн яллагдагчийг шүүх
хуралдааныг өмгөөлөгчтэй оролцуулах, шүүхээс дахин өмгөөлөгч сонгох, өмгөөлүүлэх эрхээр хангаж, шүүх хуралдааныг хойшлуулах, уг хойшлуулсан захирамжаар яллагдагчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг сунгаж шийдвэрлэх талаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд энэ талаар зохицуулсан зохицуулалт байхгүй байгаа зэрэг эдгээр нөхцөл байдлыг харгалзан үзэхээс гадна шүүгч бидний зүгээс хуульд заасан зохих заалтыг зөрчсөн гэж үзэхгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.13 дугаар зүйлийн 9, 15.8 дугаар зүйлийн 1, 3-д зааснаар ... шүүгчийн энэ 3 хоногийн тухайн шатны Ерөнхий шүүгчид, түүний эзгүйд томилсон шүүгчид гомдол гаргах эрхтэй гэж хуульчилсан ба шүүгчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой эрхлэн явуулсан асуудалд яллагдагч, түүний өмгөөлөгч нараас хуульд зааснаар гомдол гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй бөгөөд уг асуудлаар гомдол гаргаагүй, түүнчлэн дээд шатны шүүхээр уг асуудлыг зөвтгөн шийдвэрлэх, хуулийг зөв тайлбарлаж хэрэглэх нь шүүгчид олгосон эрх буюу энэ нь хууль ёсны зарчимд нийцэх бөгөөд Шүүхийн сахилгын хорооноос Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т “... хуулийн илт тодорхой заалтыг ноцтой, эсхүл удаа дараа зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргах ...” гэж заасан сахилгын зөрчил гаргасан байна гэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд дүгнэлт хийж, шүүгчид арга хэмжээ авч байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй, шүүгчийн энэ үйлдэл нь түүний хуулиар олгогдсон бүрэн эрхээ хэрэгжүүлсэн мэргэжлийн болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа бөгөөд сахилгын зөрчилд тооцох үндэслэлгүй гэж үзэж байгаа болно.
Иймд Шүүхийн сахилгын хорооны 2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн ... дугаар магадлалыг хүчингүй болгож өгнө үү ...” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Сахилгын хорооны хуралдааны 2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн СХМ/2023/.... дугаар магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байх тул хэвээр үлдээж шийдвэрлэв.
Л.Б-т эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татагдсан 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдрөөс эхлэн З аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авчээ. Үүнд:
- шүүгчийн 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 2020/ЦХШЗ/67 дугаар захирамж,
- шүүгчийн 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 2020/ЦХШЗ/74 дүгээр захирамжаар цагдан хоригдох хугацааг сунгасан,
- шүүгчийн 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 2020/ЦХШЗ/86 дугаар захирамжаар сунгасан,
- шүүгчийн 2020 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 2020/ЦХШЗ/88 дугаар захирамжаар сунгасан,
- шүүгчийн 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 2020/ЦХШЗ/94 дүгээр захирамжаар сунгасан,
- шүүгчийн 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 2020/ЦХШЗ/104 дүгээр захирамжаар сунгажээ.
З аймгийн прокурорын газрын хяналтын прокурор 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 333 дугаар яллах дүгнэлт үйлдэж, 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн, шүүгчийн 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 2020/ШЗ/1201 дүгээр захирамжаар хэргийг прокурорт буцаахдаа, хэрэг прокурорт очтол Л.Б-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Хэрэг прокурорт очсоны дараа, шүүгчийн 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 2021/ЦХШЗ/03 дугаар захирамжаар цагдан хорих хугацааг 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдрөөс 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хүртэл 1 сарын хугацаагаар сунгасан, цаашид 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 2021/ЦХШЗ/08, 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 2021/ЦХШЗ/13, 2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 2021/ЦХШЗ/17, 2021 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 2021/ЦХШЗ/27, 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 2021/ЦХШЗ/38, 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 2021/ЦХШЗ/46, 2021 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 2021/ЦХШЗ/54 дүгээр захирамжаар тус тус сунгаж байжээ.
Прокуророос 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 145 дугаартай яллах дүгнэлт үйлдэж, хэргийг 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 5/2221 дүгээр албан бичгээр анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.
Шүүгчийн 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 2021/ШЗ/733 дугаар захирамжаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг товлон зарлаж, 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 2021/ШЗ/762 дугаар захирамжаар яллагдагч Л.Б-ийг шүүхэд шилжүүлжээ.
Дээрхээс үзвэл, Л.Б нь яллагдагч байх хугацаандаа 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдрөөс эхлэн 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэл нийт 16 сар, 19 хоног цагдан хоригдсон, хэрэг прокурорт буцсаны дараа буюу 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс, Ерөнхий шүүгчийн 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 2023/ЕШЗ/16 дугаар захирамжаар суллах хүртэл 6 сар, 3 хоног нийт 22 сар, 22 хоног цагдан хоригдсон байна.
Харин яллагдагч Л.Б нь 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 2021/ШЗ/762 дугаар захирамжаар шүүхэд шилжүүлснээс эхлэн тус шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 132 дугаар албан бичгээр Прокурорын газарт хэргийг хүргүүлэх хүртэл 8 сар, 29 хоног шүүгдэгчээр цагдан хоригджээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Яллагдагчийг цагдан хорих үндсэн хугацаа 1 сар байна” гэж, 2 дахь хэсэгт “Хэргийн ээдрээ төвөгтэй байдлыг харгалзан яллагдагчийг цаашид цагдан хорих зайлшгүй шаардлагатай бол шүүх цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг тухай бүр 1 сар хүртэл хугацаагаар сунгах ба яллагдагчийг цагдан хорих нийт хугацаа ... Эрүүгийн хуульд хорих ялын дээд хэмжээг 5 жилээс дээш хугацаагаар оногдуулахаар заасан гэмт хэрэгт 18 сараас хэтэрч болохгүй” гэж, 3 дахь хэсэгт “Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг /Хүнийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар санаатай алах/, ...-т заасан гэмт хэргийн яллагдагчийг энэ зүйлийн 2 дахь хэсэгт зааснаас илүү хугацаагаар цагдан хорих шаардлагатай бол шүүх 6 сар хүртэл хугацаагаар нэмж сунгаж болно” гэж зохицуулжээ.
Иймд магадлалд “... Л.Б-ийн ... 2020 оны 5 дугаар сарын 08-ны өдрөөс 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэл 16 сар 19 хоног, 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс ... 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэл ... нийт 6 сар 03 хоног, нийтдээ 22 сар 22 хоногийн хугацаанд яллагдагчаар цагдан хоригдсон ... илтгэгч гишүүн нэр бүхий шүүгч нарт үүсгэсэн сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргасныг буруутгахааргүй байна ...” гэж дүгнэжээ.
Өргөдөлд, “... хүн амины хэрэгт холбогдон шалгагдаж байгаа намайг өмгөөлөгчгүй байхад шүүх хуралдаан хийж, ... хорьж шалгах шийдвэр гаргасан ...” гэж дурдсан боловч илтгэгч гишүүний 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн ГЗҮ/2023/0052 дугаар захирамжаар “... цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах, ... сунгах тухай прокурорын саналыг хэлэлцэхдээ тус шүүхийн шүүгч Д.Б, Ч.Б нар удаа дараа өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн нь сахилгын зөрчилд хамаарч болзошгүй ...” гэж үзэн, шүүгч Д.Б, Ч.Б нарт сахилгын хэрэг үүсгэн, 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн ГЗҮ/2024/.... дугаар захирамжаар үүсгэсэн сахилгын хэрэгт нэгтгэн шалгах ажиллагааг явуулсан байна.
Шалгах ажиллагааны явцад, шүүгч Д.Б, Ч.Б нар нь яллагдагч Л.Б-т цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах ажиллагаанд өмгөөлөгч оролцуулаагүй болох нь:
- шүүгч Д.Б-ийн, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 2020/ЦХШЗ/67, 2020 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 2020/ЦХШЗ/88, 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 2020/ЦХШЗ/94, 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 2021/ЦХШЗ/08, 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 2021/ЦХШЗ/13, 2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 2021/ЦХШЗ/17 дугаар захирамжуудын удиртгал хэсэгт “... яллагдагч ... Л.Б нарыг оролцуулан ...” гэж тусгагдсан,
- шүүгч Ч.Б-гийн, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 2020/ЦХШЗ/86, 2021 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 2021/ЦХШЗ/54 дүгээр захирамжуудын удиртгал хэсэгт “... яллагдагч ... Л.Б нарыг оролцуулан ...” гэж тусгагдсан,
- шүүх хуралдааны тэмдэглэл, шүүх хуралдааны дуу-дүрсний бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл зэргээр тогтоогджээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Дараах сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч оролцох эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг өмгөөлөгчгүйгээр явуулж болохгүй”, 1.4 дэх хэсэгт “бүх насаар хорих ял оногдуулж болох”, 2 дахь хэсэгт “Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн хүсэлтээр, эсхүл зөвшөөрснөөр энэ хуулийн 5.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу өмгөөлөгч сонгоогүй бол шүүх, прокурор нь томилогдсон өмгөөлөгч оролцуулна” гэж заажээ.
Шүүгч Д.Б нь 2020 оны 05 дугаар сарын 08, 2020 оны 08 дугаар сарын 06, 2020 оны 09 дүгээр сарын 04, 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрүүдийн шүүх хуралдааныг,
- шүүгч Ч.Б нь 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн шүүх хуралдааныг хууль зөрчиж өмгөөлөгчгүй явуулсан зөрчилд, Монгол Улсын шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 6 дугаар зүйлд “Шүүхийн сахилгын хороо байгуулагдах хүртэлх хугацаанд шүүгчийн ёс зүйн зөрчлийн талаар гарсан гомдол, маргааныг Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс өмнө уг харилцааг зохицуулж байсан хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ …”, “Монгол Улсын шүүхийн шүүгчийн ёс зүйн дүрэм”-ийн 5.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Ёс зүйн зөрчлийг илрүүлснээс хойш 1 сар, зөрчил гаргаснаас хойш 6 сараас илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулж болохгүй” гэж зааснаар сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлгүй гэж магадлалд дүгнэжээ.
Мөн шүүгч Д.Б нь 2021 оны 03 дугаар сарын 05, 2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн шүүх хуралдаанд өмгөөлөгч оролцуулаагүй байх боловч Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т “Энэ хуулийн 56.1.5-д зааснаас бусад шийтгэл оногдуулах сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш нэг жил, зөрчил гаргаснаас хойш хоёр жил өнгөрсөн бол шүүгчид сахилгын шийтгэл оногдуулж болохгүй” гэж заасан тул сахилгын шийтгэл оногдуулах боломжгүй гэж дүгнэсэн, магадлалын эдгээр хэсэгтэй холбогдуулж шүүгч нар гомдол гаргаагүй болно.
Харин шүүгч Д.Б нь 2021 оны 07 дугаар сарын 08, 2022 оны 09 дүгээр сарын 29, 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрүүдийн шүүх хуралдаанд, шүүгч Ч.Б нь 2021 оны 08 дугаар сарын 06, 2022 оны 07 дугаар сарын 28, 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрүүдийн шүүх хуралдаанд өмгөөлөгч оролцуулаагүй нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т “хуулийн илт тодорхой заалтыг ноцтой, эсхүл удаа дараа зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргах” гэж заасан сахилгын зөрчил гаргасан байна ...” гэж дүгнэсэн магадлалын хэсэгт холбогдуулан шүүгч нар нь гомдол гаргажээ.
Тодруулбал,
- шүүгч Д.Б “... 2020 онд ковид цар тахал өвчин дэгдсэнээр шүүхийн хэлэлцүүлгийг явуулахад өмгөөлөгч нар ирэх, оролцох боломжгүй болсон боловч шүүх хуралдааны товыг тухай бүрд нь мэдэгдэж байсан ... өмгөөлөгч нар ... ямар нэгэн шалтгаанаар шүүх хуралдаанд оролцохгүй, ирэхгүй байх явдал гарч эхэлсэн ... Хэрэв өмгөөлөгч оролцоогүй ирээгүй гэж яллагдагчийг суллах асуудал гарсан бол шүүхийн нэр хүнд унах, шүүгчид авлига авч хүн алсан хүнийг зүгээр гаргалаа гэх яриа гарах байсан ... улсын өмгөөлөгч нарыг оролцуулах асуудлыг ярихад амьжиргааны баталгаажих түвшингээс дээгүүр орлоготой тул оролцох боломжгүй гэж хариу өгдөг байсан ... 2020, 2021 онуудад ковидын цар тахал ид дэгдэж байсан тус шүүх нь онлайн нэг эрхтэй байсан зэргээс бусад шүүх зүүмээр хуралдаан явагдаж ... байсан тул өмгөөлөгч нар зүүмээр оролцож амжаагүй
байдал гарсан ...” гэж,
- шүүгч Ч.Б “... яллагдагчийн өмгөөлөгч ... нарт ... шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд ... шүүх хуралдаанд зориуд оролцохгүй, ... утсаа авахгүйгээс өмгөөлөгчгүйгээр шүүх хуралдааныг явуулсан, ... прокуророос ... цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авах, сунгах саналаа хуулийн хугацаанд ирүүлдэггүй, цагийг нь тулгаж ирүүлдэг ...” гэжээ.
Гэхдээ хянан үзэх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд, шүүгч Д.Б “… цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өмгөөлөгчгүй хийсэн асуудалдаа маргахгүй байгаа …” гэж, Ч.Б “… зөрчлөө зөвшөөрч байгаа, маргах юм байхгүй …” гэж тайлбарласан болно.
Сахилгын хэрэгт авагдсан, гэрч М.Ц-ын “... 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн шүүх хуралдааны товыг шүүхээс мэдэгдээгүй, бусад үед болсон шүүх хуралдааны товыг шүүхээс мэдэгддэг байсан ...” гэж, гэрч А.О-ын “... цагдан хорих хугацаа сунгах хуралдааны товыг шүүгчийн туслах мэдэгдэж байсан ... 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн шүүх хуралдааны товыг мэдэгдээгүй ...” гэж, шүүгчийн туслах Д.О--ийн “... Л.Б-ийн өмгөөлөгч Э шүүх хуралдаанд ихэнхдээ ордог байсан. О, Ц өмгөөлөгч нар ордоггүй байсан. Шүүх хуралдааны товыг 3 өмгөөлөгч нарт утсаар мэдэгддэг байсан ...” гэж, гэрч Д.Н-ийн “... Н.Э өмгөөлөгчийн хувьд голцуу цахимаар оролцдог байсан. Нөгөө 2 өмгөөлөгч нь Н.Э өмгөөлөгч төлөөлөөд оролцоно, оролцохгүй гэдэг байсан, шүүх хуралдааны товыг тухай бүр утсаар мэдэгддэг байсан ...” гэж, Мэдээлэл технологийн мэргэжилтэн Г.А-н “...тухайн үед zoom нэг эрхтэй байсан, ... тухайн үед нэг танхимд шүүх хуралдаан цахимаар ороход нөгөө зааланд цахимаар оролцох боломжгүй төвөгтэй байдал үүссэн ...” гэж мэдүүлжээ.
Л.Б-ийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1 дэх заалтад зааснаар арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар эсхүл бүх насаар хорих ял шийтгэлтэй хэрэг байсан бөгөөд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг өмгөөлөгчгүйгээр явуулж болохгүй нөхцөлд хамаарч байх тул яллагдагч, шүүгдэгчийн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний асуудлыг шийдвэрлэхдээ өмгөөлөгчгүй явуулснаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан илт тодорхой заалтыг зөрчсөн байна.
Хууль тогтоогч яллагдагч, шүүгдэгчийн эрх зүйн онцлог нөхцөл байдалтай холбогдуулж ямар ч тохиолдолд заавал өмгөөлөгчтэй оролцуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг хуульчилсан байхад зөрчин, өмгөөлөгчгүйгээр шүүх хуралдааныг явуулж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан байх тул “ ... шүүх хуралдааны товыг тухай бүрд нь мэдэгдэж байсан ... өмгөөлөгч нар ... ямар нэгэн шалтгаанаар шүүх хуралдаанд оролцохгүй, ... утсаа авахгүйгээс өмгөөлөгчгүйгээр шүүх хуралдааныг явуулсан ...” гэх гомдол үндэслэлгүй, дээрх хуулийн заалтад зайлшгүй өмгөөлөгч оролцуулах талаар зааснаас бус тов мэдэгдэх, мэдэгдээд өмгөөлөгч ирээгүй тохиолдолд хэрхэх тухай зохицуулаагүй болно.
Ковид цар тахлын үед оролцогчийг шүүхийн хэлэлцүүлэг болон хуралдаанд цахимаар оролцуулах талаар Шүүхийн Ерөнхий зөвлөлийн 2020 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 116 дугаар “Гашгаас хамгаалах өндөржүүлсэн болон бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн үед авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” тогтоолын 5.3.1-д “... таслан сэргийлэх арга хэмжээ авах, өөрчлөх, хүчингүй болгох санал, хүсэлт шийдвэрлэх, ... шүүхийн хэлэлцүүлэг болон шүүх хуралдаанд ... оролцогчийг дуу-дүрсний төхөөрөмж ашиглан өөр газраас оролцуулж болно” гэж заажээ.
Шүүгчийн гомдолдоо “... Ковидын цар тахал 2021, 2022 онуудад ид дэгдэж байсан тус шүүх нь онлайн нэг эрхтэй, бусад шүүх зүүмээр хуралдаан явагдаж байдаг байсан тул өмгөөлөгч нар зүүмээр оролцож амжаагүй байдал гарсан ...” гэх боловч бусад шүүх хуралдаан онлайнаар явагдаж байсан эсэх, мөн Л.Б-ийн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах, сунгах тухай прокурорын саналыг хэлэлцэх бүх шүүхийн хэлэлцүүлэг тухайн шүүх хуралдаантай давхцаж байсан эсэх, мөн өмгөөлөгч нарыг онлайнаар оролцуулах боломжгүй байсан талаарх нотлох баримт сахилгын хэрэгт авагдаагүй, холбогдогч шүүгч нь уг гомдлоо нотлоогүй болно.
Түүнчлэн Сахилгын хорооны хуралдааны магадлалд дурдсан, холбогдох шүүгч нарт сахилгын арга хэмжээ авах гол үндэслэл болох 2021 оны 07, 08 дугаар сар, 2022 оны 07, 09 дүгээр сар, 2022 оны 10, 12 дугаар саруудад ковид цар тахлын өндөржүүлсэн бэлэн байдлыг зогсоож, шүүхийн шүүн таслах ажиллагаа хэвийн явагдаж байсан болохыг дурдах нь зүйтэй.
Мөн “... улсын өмгөөлөгч нарыг оролцуулах асуудлыг ярихад амьжиргааны баталгаажих түвшингээс дээгүүр орлоготой тул оролцох боломжгүй гэж хариу өгдөг байсан ...” гэх боловч энэ талаарх баримт эрүүгийн болон сахилгын хэрэгт шалгах ажиллагааны явцад авагдаагүй, нотлох баримтаар нотлогдохгүй байх тул шүүгчийн гомдол үндэслэлгүй.
Харин шүүгч нарын гомдол дурдсан “... өмгөөлөгч нар ... ямар нэгэн шалтгаанаар шүүх хуралдаанд оролцохгүй, ирэхгүй байх явдал гарч эхэлсэн ... шүүх хуралдаанд зориуд оролцохгүй, ... утсаа авахгүйгээс өмгөөлөгчгүйгээр шүүх хуралдааныг явуулсан, ... прокуророос ... цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авах, сунгах саналаа хуулийн хугацаанд ирүүлдэггүй, цагийг нь тулгаж ирүүлдэг ...” гэх зэрэг өмгөөлөгч болон прокурорын үйл ажиллагаатай холбоотой үйлдэлд хууль ёсны шаардлага тавих, дээд шатны албан тушаалтанд мэдэгдэх, мөн шүүх эрх хэмжээний хүрээнд арга хэмжээ авах бүрэн боломжтой байсан болохыг дурдав.
Дээрхийг нэгтгэн дүгнэвэл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “... Энэ хуульд заасан үндэслэл журмаас гадуур хэнийг ч ... баривчлах, хорих, ... эрх чөлөөг нь хязгаарлах, ...-ыг хориглоно”, 3 дахь хэсэгт “хүнийг баривчлах үед түүнд ... өмгөөлөгч авах, ... эрхийг сануулна” гэж заасан байхад өмгөөлөгч оролцуулахгүй явуулж болохгүй нөхцөл байдлыг харгалзан үзэлгүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч яллагдагчийн эрх, эрх чөлөөг хязгаарласан нь ноцтой зөрчилд, хоёр ба түүнээс дээш удаа цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авахдаа өмгөөлөгч оролцуулаагүй нь удаа дараагийн зөрчилд хамаарахаар байна.
Сахилгын хорооны хуралдааны 2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн СХМ/2023/.... дугаар магадлалаар шүүгч нарт оногдуулсан сахилгын шийтгэлийн арга хэмжээ нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.7 дахь хэсэг, 57 дугаар зүйлийн 57.1.7 дахь хэсэгт заасантай нийцсэн, холбогдох шүүгч нарын гаргасан гомдол үндэслэлгүй байх тул хангахгүй орхиж, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзлээ.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.8, 113.8.1 дэх заалтад заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. З аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Б, Ч.Б нарын гомдлыг хангахгүй орхиж, Сахилгын хорооны хуралдааны 2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн СХМ/2023/..... дугаар “Сахилгын шийтгэл оногдуулах тухай” магадлалыг хэвээр үлдээсүгэй.
2. Хяналтын тогтоолыг сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл, мэдээлэл гаргагчид хүргүүлэхийг Ажлын албанд даалгасугай.
3. Сахилгын хорооны хянан үзэх хуралдааны хяналтын тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхэд сахилгын хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Ц.ДАВХАРБАЯР
ГИШҮҮН О.НОМУУЛИН
Г.ЦАГААНЦООЖ