info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих ШИЛЭН ДАНС
ENMNG

МОНГОЛ УЛС

ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО

МАГАДЛАЛ

2025-01-08

Дугаар 5

Улаанбаатар хот

Нотлох дүгнэлтийн бүхэлд нь хүлээн авч,

шүүгчид сахилгын шийтгэл оногдуулах тухай

Шүүхийн сахилгын хорооны хуралдааныг гишүүн Д.Мягмарцэрэн даргалж, гишүүн Х.Хашбаатар, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Ц.Давхарбаяр, нарийн бичгийн дарга Г.Болортуяа, холбогдох шүүгч Б.Мөнхтуяа /цахимаар/ нарыг оролцуулан тус хорооны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхтуяад  холбогдох Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн ГС/2024/0023 дугаартай “сахилгын зөрчил гаргасныг нотлох тухай” дүгнэлтийг хянан хэлэлцэв

ТОДОРХОЙЛОХ нь:

Илтгэгч гишүүний дүгнэлтэд:

     “ ... 1.Гуравдагч этгээдийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд татан оролцуулаагүй гэх үндэслэлийн тухайд:

.... Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-т “Шүүхээс гарах шийдвэр маргааны зүйлийн талаар бие даасан шаардлага гаргаагүй этгээдийн эрх, үүрэгт сөргөөр нөлөөлөхөөр байвал шүүхийн шийдвэр гарахаас өмнө уг этгээдийн өөрийнх нь, … болон зохигчийн хүсэлтээр бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн хувиар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж болно” гэж заасан нь шүүгчид гуравдагч этгээдийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах эсэхийг шийдвэрлэх бүрэн эрх олгосон байх тул хөрөнгө дээр үүссэн барьцааны эрх өмчлөгч өөрчлөгдөхөөс үл хамааран хүчин төгөлдөр оршин байх онцлогт үндэслэн, “... “А ББСБ” ХХК-ийн эрх, үүрэгт сөргөөр нөлөөлөхгүй ...” гэж дүгнэн, гуравдагч этгээдийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулахаас татгалзсаныг буруутгах үндэслэлгүй байна.

2. Сөрөг нэхэмжлэл хүлээн авахаас татгалзсан гэх үндэслэлийн тухайд:

.... Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.2-т “Нэхэмжлэлд улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт …”, 73 дугаар зүйлийн 73.1-д “… Сөрөг нэхэмжлэл энэ хуулийн 62 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан байна”, 73.3-т “Сөрөг нэхэмжлэл гаргах үед улсын тэмдэгтийн хураамжийг … тогтоосон журмын дагуу урьдчилан төлсөн байна” гэж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т “Шүүхэд нэхэмжлэл гаргагч тэмдэгтийн хураамжийг бэлэн болон бэлэн бус хэлбэрээр төлж, энэ тухай баримтыг нэхэмжлэлийн хамт ирүүлнэ” гэж зааснаас үзвэл улсын тэмдэгтийн хураамжийг төлөх нь нэхэмжлэлийн бүрдүүлбэрийг хангах нөхцөл болох боловч зайлшгүй зохигч өөрөө төлөх талаар тухайлан заагаагүй байна.

... Шүүгчийн нэмэлт тайлбарт дурдсан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх “нэхэмжлэгчээр урьдчилан төлүүлж, нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаар төлүүлнэ” гэх заалт нь нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулах, хэрэг эцэслэн шийдвэрлэгдсэний дараа тэмдэгтийн хураамж буюу шүүхийн зардлыг хуваарилахтай холбоотой зохицуулалт ба энэхүү зохицуулалтын агуулгад ч нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжийг өөрөө төлөх талаар тусгаагүй болно. Гэвч тус сөрөг нэхэмжлэлийн улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримтад “Ш” ХХК-ийн өмнөөс төлөгдсөн гэх агуулга /хуулийн этгээдийн улсын бүртгэлийн дугаар зэрэг/ гүйлгээний утга хэсэгт тусгагдаагүй тул шүүгчийг буруутгах үндэслэлгүй гэж үзлээ.

     3. Давж заалдах гомдлыг үндэслэлгүйгээр хүлээн авахаас татгалзсан гэх үндэслэлийн тухайд:

     Анхан шатны шүүх 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн .../ШШ2024/00405 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэжээ.

     Шийдвэрийн өнгөн хувийн арын “боловсруулсан, нийлсэн” дардаст 2024.04.24-ний өдөр гэж тэмдэглэсэн байх ба шүүгчийн туслах Т.Б “... Манай практикт тухайн эрхийн акт гарсан өдрөөр бичдэг, миний мэдэж байгаагаар намайг ажиллаж байх бүх л хугацаанд ингэж байсан ...” гэж тайлбарласан.  Тус иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрлэгдсэн бүхий л шийдвэрийн өнгөн хувийг нэгтгэсэн хавтаст хийсэн үзлэгээр, хавтас дахь бусад шийдвэрт ч хуралдсан огноог “боловсруулсан, нийлсэн” дардаст бичсэн байгаагаар шүүгчийн туслахын хэлсэн нь баталгаажих боловч уг баримтаар хэзээ албажсаныг тогтоох боломжгүй байна.  

     Харин “Иргэн-2014” системд үзлэг хийж, шүүхийн шийдвэр цэснээс 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр гэсэн огноогоор хайлт хийхэд, “106 дугаар дээр нэхэмжлэгч П.Д , хариуцагч “Ш” ХХК, шийдвэр бүрэн хадгалсан огноо гэсэн хэсэгт 2024.05.15-ны өдөр гэж тэмдэглэгдсэн” байна.

     Уг “бүрэн хадгалсан “2024 оны 05 дугаар сарын 15”” гэх тэмдэглэлийн талаар шүүгчийн туслах Т.Б “… би эрүүл мэндийн шалтгаанаар хот руу явчихсан байсан. Ирэхэд шүүгч шийдвэр бэлэн болсон гэсэн байсан. Тэгээд би 2024.05.15-ны өдөр гэж бодож байна, шийдвэр бэлэн болсны дараа системд баталгаажуулж, түүнээсээ хэвлэж авдаг” гэж тайлбарласан.

     Харин шүүгч Б.Мөнхтуяа “… Шийдвэр хугацаандаа буюу 05 дугаар сарын 08-ны өдөр гарчихсан байсан. “Ш”-аа хэвлээрэй гэж туслахдаа сануулж байсан. Тэгээд давж заалдах гомдлын хугацааг тоолсон. … Би ер нь нэг ч шийдвэр бичих хугацааг хэтрүүлдэггүй. Энэ хэрэгт ч мөн захирамж, шийдвэрийн хугацааг хэтрүүлээгүй. Манай туслах 05 дугаар сарын 03-ны өдрөөс 05 дугаар сарын 13-ны өдөр хүртэл байгаагүй, 05 дугаар сарын 13-ны өдрөөс дотоод чатаар харьцаж эхэлсэн байдаг, тэр хооронд туслах өвдөгний хагалгаанд орсон байсан үе. Энэ хэрэгт хугацаа хэтрүүлж албажуулаагүй, 05 дугаар сарын 08-ны өдөр албажсан. Энэ үедээ дотоод чатаар туслахдаа шийдвэр болсон уу, эсхүл хэвлэ гэх зэргээр бичиж байсан …” гэж 10 дугаар сарын 24-ний өдөр тайлбарласан болно.

     Шүүгч Б.Мөнхтуяагийн туслахтайгаа харьцсан албаны дотоод чатад[1], 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдөр “шүүгчийн туслах Т.Б : “за, би Д-аа хэвлэж байна, аваад очихоор яахаар байна”, шүүгч Б.Мөнхтуяа: “за би хальт буух уу, чи өрөөндөө байж бай” гэж бичигджээ.

     Энэ талаар шүүгчээс дахин тодруулж асуусан “Дотоод чатад хийсэн үзлэгээр, 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Д-аа хэвлэж байна уу гэсэн байна, үүгээр бол шийдвэр 05 дугаар сарын 17-нд албажиж гараагүй байна гэж үзэхээр байна, өөрөөр хэлбэл цаасаар хэвлээд шүүгчид хянуулж байсан байна гэж ойлгогдсон. Үүнд тайлбар байна уу” гэсэн  асуултад “Шийдвэрээ би ер нь цаасаар үздэггүй, дандаа цахимаар үздэг, энэ тэгэхээр хамгийн сүүлийн байдлаар хэвлэгдэж байсан байх” гэж хариулсан болно.

     Үүнээс дүгнэвэл тус хэргийн шийдвэр хугацаандаа буюу 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдөр албажиж гарсан гэх шүүгчийн тайлбар нотлогдоогүй бөгөөд  харин дээрх бусад баримтаар 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдөр “Иргэн-2014” системд баталгаажуулж, 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдөр эцсийн байдлаар албажуулж гаргасан гэж үзэхээр байна. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ц 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдөр шийдвэрийг гардаж авсан баримтаар[2] ч энэ нь нотлогдоно.

     Түүнчлэн шүүгч Б.Мөнхтуяа “… 04 дүгээр сарын 24-ний өдрөөс 05 дугаар сарын 10-ны өдрийн хооронд 21 хэрэг шийдвэрлэсэн байна. 15 нь шүүх хуралдаанаар орж шийдвэрлэсэн, 15-аас 3 хэрэг нь маргаантай хэрэг байсан …” гэсэн.

     Шүүгчийн туслах Т.Б “… Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явц дахь гарч байгаа шүүхийн баримт бичгийн төслийг би бичиж шүүгчид өгнө. Тэр үед 04 дүгээр сарын 20-доос 05 дугаар сарын эхэн үе хүртэл төсөл бичигдэх байсан шийдвэр, захирамж нэлээд олон байсан. Мөн “Б ” ХХК-тай холбоотой эрүүгийн хэргийг шийдвэрлэх ажиллагаатай холбогдуулан шүүхийн тамгын газрын бүх ажилтнууд дайчлагдан ажилласан, маш олон оролцогч нарт шүүх хуралдааны тов мэдэгдэх зэрэг ажиллагаа давхцаж гарсан байсан. Тодруулбал, 2024 оны 04 дүгээр сарын 24-өөс өмнө 2 хэргийн шийдвэрийн төсөл байсан, үүнээс хойш 2024 оны 05 дугаар сарын 15-ны хооронд манайх 16 шүүх хуралд хийгээд, хялбар ажиллагааны 5 хэрэгтэй нийлээд 21 хэргийн шийдвэрийн төсөл, захирамж 58, гүйцэтгэх хуудас 13 зэргийн төслийг бичиж байсан байна. Ер нь ачаалалтай үе байсан. Маргаантай хэргийн шийдвэрийн төслийг шүүгч өөрөө бичдэг, шүүгч тодорхойлох хэсгээ бичээд өг гэдэг, үндэслэх хэсгийг шүүгч бичдэг юм. … Энэ хэргийн хувьд би тодорхойлох хэсгээ бичээд шүүгчид өгсөн, шүүгч үндэслэх хэсгээ бичсэн…” гэж тайлбарласан.

     Дээр дурдсан, бичигдэх захирамж, шийдвэрийн төслийн тооноос шалтгаалж шийдвэр албажиж гарах хуулийн хугацаа хэтэрсэн нь хүндэтгэн үзэх шалтгаан биш юм. Шийдвэрийг 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрөөс 17-ны өдрийг хүртэл 9 хоног хэтрүүлж гаргасан байх боловч энэ нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн шүүгчид хориглосон заалтад хамаарахгүй.

     Иймээс, шүүгч 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдөр шийдвэрээ албажуулж гаргаагүй атлаа тухайн хугацаанаас эхэлж гардуулах хугацааг тоолон хэргийн оролцогчоос гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авахаас татгалзсан үйл баримт тогтоогдож байна. Тухайлбал:

  • хариуцагч, түүний өмгөөлөгчид 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдөр шуудангаар шийдвэр хүргүүлсэн,
  • хариуцагч 2024 оны 06 дугаар сарын 5-ны өдөр давж заалдах гомдол гаргасан,
  • шүүгчийн 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн ... /02535 дугаар захирамжаар “давж заалдах гомдол гаргах хугацаа дууссан” гэсэн үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн,
  • хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс тус захирамжийг хүчингүй болгуулах тухай хүсэлт гаргасан, шүүгчийн 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн ... /02755 дугаар захирамжаар хүсэлтийг хангахаас татгалзсан,
  • хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч дээрх захирамжид гомдол гаргаж, 2024 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн .../ШТ2024/00045 дугаар тогтоолоор “… давж заалдах гомдол гаргах хугацаа 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдөр дуусна … хариуцагчийн өмгөөлөгч … хуульд заасан хугацаанд давж заалдах гомдлоо гаргажээ …” гэж дүгнэн тус захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

     Эдгээр үйл баримтын дараа хариуцагчийн өмгөөлөгч захирамж хүчингүй болгуулах тухай хүсэлтийг давж заалдах гомдлын хамт хүргүүлсэн, 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн .../03515 дугаар захирамжаар өмнөх 06 дугаар сарын 10-ны өдрийн 02535 дугаар захирамжаа хүчингүй болгон шийдвэрлэж, хэргийг 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 4/1237 тоот албан бичгээр ... аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд хүргүүлжээ.

     Өргөдөл гаргагч З.Г-с шүүхийн шийдвэр албажиж гарсан эсэх талаар шүүхээс лавласан талаар тайлбар авахад “... Өмгөөлөгчтэй уулзахад, “эргэж асуу, давж заалдах гомдол гаргах тул шийдвэрээ асуу” гэж надад хэлсэн тул хуралдаан болсноос хойш би яг өдрөө санахгүй байна, ер нь 10 гаруй хоногийн дараа шүүгчийн туслахаас лавлаж асуусан. Тэгэхэд “Танай шийдвэр гараагүй байна. Албажаад гарахаар нь би хэлье” гэсэн. ... Үүнээс 10 гаруй хоногийн дараа манай өмгөөлөгч дахин асуу гэж хэлсэн. Тэгээд залгатал “шийдвэр гарчихсан, та нар руу хэд хоногийн өмнө шуудангаар хүргүүлсэн гэж” хэлсэн. Өмгөөлөгч “давж заалдах шатны гомдол гаргуулахгүй байна, шийдвэр гарчихаад хүргүүлэхгүй байгаад байна” гэж ярьж байсан. Туслах шуудангаар хүргүүлсэн гэж хэлэхээр нь Хөвсгөлийн шууданд ажилдаг таньдаг хүнээсээ тодруулахад “шүүхээс өнөөдөр бичиг ирсэн байна” гэж хэлсэн. Би Хан-Уул дүүргийн 19-р хороололд амьдардаг, 19-р хорооллын үйлчилгээний төвийн хажууд байдаг шуудангийн салбар дээр очиж ажилтанд хэлтэл систем хараад өгье гээд харсан, “Хөвсгөл аймгийн шүүхийн шууданд өгсөн бичгийг цайны цагийн өмнөхөн өгсөн байна” гэж надад хэлсэн. Энэ өдрийг хэдний өдөр гэдгийг санахгүй байна …” гэж тайлбарласан. 

     “Юнител” ХХК-аас авсан, шүүгчийн туслах Т.Б ийн 8831.... дугаарын утас, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ц-н 8802....дугаарын утасны 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдрөөс 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл хугацаанд орсон, гарсан дуудлага, зурвасын жагсаалтаар, шүүх хэргийг шийдвэрлэснээс хойш нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн утас руу залгасан бүртгэл байхгүй, харин хариуцагч “Ш” ХХК-ийн төлөөлөгч З.Г-н 8808.... дугаарын утаснаас шүүгчийн туслахын 8831.... дугаарын утас руу 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 15:31 минутад /12 секунд/, 15:32 минутад /23 секунд/, 05 дугаар сарын 20-ны өдрийн 10:08 минутад /1 мин 43 сек/, 10:13 минутад /38 сек/, нийт 4 удаа залгаж,  тодорхой хугацаагаар ярьсан болох нь бүртгэгдсэн байгаагаар шүүхийн шийдвэрийн талаар лавлаж асуусан гэж үзэхээр байна.

     Харин шүүгчийн туслахын 8831.... дугаарын утаснаас, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Г-н 8808.... дугаарын утас руу 2024 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 09:28 минутад /11 секунд/, 5 дугаар сарын 16-ны өдрийн 14:56 минутад /40 секунд/, 15:01 минутад /1 минут 1 секунд/, 5 дугаар сарын 20-ны өдрийн 09:57 минутад 2 удаа зурвас илгээсэн болох нь бүртгэгджээ. Шүүгчийн туслах хэргийн оролцогчтой 05 дугаар сарын 15-ны өдөр холбогдсон байгаагаар шийдвэрийн талаар ярилцах бүрэн боломжтой байсан болох нь харагдана.

     Гэтэл шүүгчийн туслах шүүхийн шийдвэр албажсан талаар хариуцагч талаас холбогдсон эсэх тухайд “… Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь өмгөөлөгч байсан учраас шүүхээр орж, гараад явж байхдаа ирж авсан. Ирж ав гэж мэдэгдээгүй. Хариуцагчид болохоор “Б ”-гийн хэрэг дээр ажиллаж байхдаа П.Д -ын хугацаа болж байгаа юм байна гэж санаад би утсаар залгасан. Олон удаа залгаж байсан. … “Ш” ХХК-ийн хувьд ер нь өөрсдөө хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ирж оролцдоггүй, цахимаар оролцдог, би энэ ажилд удсан тулдаа л энэ хүмүүстэй ажилласан. Шинэ хүн байсан бол ажиллахад маш хүндрэлтэй байх байсан. Мэдэгдэх хуудас хүргэхэд хүндрэлтэй, Мөрөнгийн хаягтай боловч Улаанбаатар хотод байдаг. Сүүлд Г гэж хүний “Ш” ХХК-д холбогдох иргэний хэргийн ажиллагаа П.Д -ын хэргийн шийдвэр гарч байх үед давхцаж хийгдэж байсан. Нэхэмжлэлийн хариу тайлбар өгөх хугацаа болсон байсан. Утасдаад утсаа огт авдаггүй. Энэ үед нэг холбогдохоор нь П.Д- ын хэргийн шийдвэрээ ав гэж хэлсэн. Г-н хэрэгт Г-г нь албадан ирүүлэхээр болсон, Энэ үед нэг холбогдохдоо дээрх 2 хэргийн талаар аль алийг нь хэлсэн. П.Д -ын хэргийн хувьд шийдвэрээ ирж ав гэж хэлсэн, харин Г-н хэргийн хувьд “ээжийг явуулна” гэсэн. Д-ын хэргийн шийдвэрийг мэйлээр мөн явуулж байсан …” гэсэн тайлбар өгч, 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдөр “ ... шийдвэрт гомдол гаргах хугацаа дууссан, шийдвэр хүргүүлэх гэж байна” гэж ярьснаа тэмдэглэл үйлдсэн нь хэрэгт авагдсан дээр дурдсан бусад баримтаар үгүйсгэгдэхийн зэрэгцээ бодит байдалтай нийцэхгүй байна.

     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн  119.4-т “Шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авна”, 119.7-д “Энэ хуулийн 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй” гэж заажээ.

     Шүүхийн шийдвэр 05 дугаар сарын 17-ны өдөр бичгээр гарснаар, үүнээс хойш 14 хоногийн дотор гардаж авна гэж үзэхэд, энэ хугацаа нь 05 дугаар сарын 31-ний өдөр дуусахаар байх ба үүнээс давах гомдол гаргах 14 хоногийн хугацаа тоологдож, уг хугацаа 06 дугаар сарын 14-ний өдөр дуусахаар байна.

     Гэтэл шүүгч нь шүүхийн шийдвэрийг хугацаандаа албажуулж гаргаагүй атлаа хуульд заасны дагуу 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрөөс эхлэн хэргийн оролцогчийн давж заалдах гомдол гаргах хугацааг тоолсон нь буруу байна.

     Нөгөө талаар, давж заалдах гомдлыг хүлээн авахаас татгалзсан захирамж, мөн гомдлыг хэлэлцсэн захирамжийн аль алинд шийдвэр албажсан хугацааны талаар дурдаагүй, түүнийг тооцоогүй, харин гомдлын хуралдааны тэмдэглэлд шүүгчээс тодруулж асуусан нь тэмдэглэгджээ.

     Шүүхийн шийдвэрийг бичгээр албажуулах, гардуулахтай холбоотой хуулийн заалт нь хэнд ч ойлгомжтой, илт тодорхой хуулийн заалт бөгөөд иргэний хэргийн шүүгчээр 8 жил ажилласан шүүгч Б.Мөнхтуяа нь уг заалтыг мэдэхгүй байх үндэсгүй тул  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д заасан илт тодорхой хуулийн заалтыг зөрчсөн гэж үзнэ.

     Шүүгч “… Би энэ заалтыг мэдээгүй, гомдлын хугацааг буруу тоолсон байна лээ, 14 хоног өнгөрөөд дахин 14 хоног өнгөрөөд, дахиад 3 хоногийн дараа ирж авлаа гэхэд цаана нь 11 хоног үлдэж байна гэсэн үг юм байна лээ. Би болохоор 05 дугаар сарын 22-ны өдрөөр дууссан юм байна гэж ойлгосон. Миний алдааг тогтоолоор зөвтгөсөн …” гэж алдаагаа хүлээн зөвшөөрсөн.

              Хэдийгээр давж заалдах гомдлыг хүлээн авахаас татгалзсан шүүгчийн захирамжийг гомдол шийдвэрлэх хуралдааны тогтоолоор зөвтгөн, улмаар хэргийг давж заалдах шатны шүүхэд хүргүүлсэн байх боловч хариуцагчийн давж заалдах гомдол гаргах эрхийг “хүчээр” хязгаарлаж, шүүхэд дахин дахин гомдол, хүсэлт гаргуулан хэргийн оролцогчийг чирэгдүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг “санаатай” удаашруулсан үр дагавар бий болсон байх тул шүүгчийг дээрх хуулийн заалтыг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.

     4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ц-н эхнэр тус шүүхэд шүүгчээр ажилладаг тул шүүгч Б.Мөнхтуяатай найз нөхдийн холбоотой.  ... гэх үндэслэлийн тухайд:

     ... Дүгнэвэл, “Ш” ХХК-д холбогдох 15 хэргээс 3 хэрэг нь шүүгч Б.Мөнхтуяад хуваарилагдсан байх ба өргөдөл гаргагч нь өмгөөлөгч Л.Ц нь шүүгч Г.Д-н гэр бүлийн хүн учраас бусад шүүгч нарт нөлөөлж, хэргийг Л.Ц-н талд шийдүүлдэг гэж харддаг, тиймээс Шүүхийн сахилгын хороонд шүүгч нарт холбогдуулж гомдол гаргадаг болох нь харагдана.

     “Камерийн бичлэг 14-15 хоногийн хугацаанд хадгалагддаг” гэж Тамгын газрын Мэдээлэл технологийн мэргэжилтэн хэлсэн учраас тухайн цаг хугацаанд холбогдох, шүүхийн байрны доторх камерын бичлэгт үзлэг хийх, бичлэгийг гаргуулан авах боломжгүй байсан болно.

     Иймд, шүүгч Б.Мөнхтуяаг нэхэмжлэгч талтай хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд сөргөөр нөлөөлж болох харилцаа тогтоосон гэж үзэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч талд давуу байвал олгосон гэх үзэхгүй.

     Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5-д “хамаарал бүхий этгээд" гэж тухайн нийтийн албан тушаалтны … гэр бүлийн гишүүн, хамтран амьдрагч, … бусад нэгдмэл сонирхолтой этгээдийг” хэлнэ гэж заасан бол Төрийн албаны тухай хуулийн 31 дүгээр зүйлээр төрийн албанд хориглох зүйлийг зохицуулсны нэг болох 31.1.3 дахь заалтад “хууль тогтоомжоор зөвшөөрснөөс бусад тохиолдолд албан үүргийн хувьд нэг нь нөгөөдөө шууд захирагдах буюу шууд хяналт тавих албан хаагчтай хамаарал бүхий этгээд нь тухайн ажлын албаны нэгжид хамт ажиллахаар бол” гэж заажээ. Хэдийгээр энэхүү хуулийн зохицуулалтад хамаарахгүй боловч тухайн шүүгчийн гэр бүлийн гишүүн нь шүүгчийн ажиллах шүүхэд /Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх/ өмгөөлөгч, төлөөлөгчөөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох нь зохимжгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

     Дээрхийг нэгтгэвэл, Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхтуяаг Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т заасан “хуулийн илт тодорхой заалтыг ноцтой, … зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргах” гэх заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байх тул нотлох дүгнэлт үйлдэв” гэжээ.

 

Холбогдох шүүгч Б.Мөнхтуяа ирүүлсэн тайлбартаа:

 

“ ... Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхтуяа миний бие “Ш” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Г-н Шүүхийн сахилгын хороонд гаргасан гомдлыг 2024 оны 8 дугаар сарын 30-ны өдөр гардан авч, дараах тайлбарыг хүргүүлж байна. Үүнд: Итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Г-н гаргасан “... “А ган ББСБ”
ХХК болон хариуцагчийн зүгээс удаа дараа “...А ган ББСБ” ХХК-ийг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр татан оролцуулж, холбогдох
тайлбар, нотлох баримтуудыг авах ёстой” гэсэн хүсэлтийг гаргасан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3, 38 дугаар зүйлийн 38.6 дахь илт тодорхой заалтыг удаа дараа ноцтой зөрчиж, “А ББСБ” ХХК-ийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр татан оролцуулалгүй, холбогдох тайлбар, нотлох баримтуудыг хавтаст
хэрэгт авалгүйгээр албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж нэхэмжлэгч П.Д-д давуу байдал бий болгон хэргийг хянан шийдвэрлэсэн ...” гэх гомдлын тухайд,

     .... Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.1-д заасан шүүх хуралдааныг даргалах шүүгчийн нийтлэг бүрэн эрхийнхээ дагуу шүүгч миний бие шүүх хуралдааныг даргалж явуулахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 89 дүгээр зүйлд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуулийн дагуу явуулах, хэргийн оролцогч эрх үүргээ хэрэгжүүлэх боломж, мэтгэлцэх зарчмыг хангаж, хэргийн оролцогчийн гаргасан хүсэлтийг хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэрлэсэн. (тайлбартай холбогдуулан Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн “шүүгчид хэрэг, нэхэмжлэл хуваарилах тухай шүүгчдийн зөвлөгөөний тогтоол, 2024 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн шүүх хуралдааны тэмдэглэл, шүүгчийн захирамж, 2024 оны 3 дугаар сарын 18, 28-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэл, шүүгчийн захирамж, 2024 оны 4 дүгээр сарын 10, 17, 24-ний өдрүүдийн шүүх хуралдааны тэмдэглэл, шүүгчийн захирамж, Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний тогтоол зэргийг тус тус хуулбарлан хүргүүлэв.)

     “... Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ц-н эхнэр тус шүүхэд шүүгчээр ажилладаг тул шүүгч Б.Мөнхтуяатай найз нөхдийн холбоотой. Иймээс шүүгч Б.Мөнхтуяа нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.1, 50.1.4, 50.1.18, 50.1.19 дэх заалтуудыг зөрчиж, нэхэмжлэгч талд давуу байдал бий болгон шүүхийн шийдвэр гарахаас өмнө өөрийн байр суурийг нэхэмжлэгч талд илэрхийлж, хариуцагч талыг байлцуулалгүйгээр нэхэмжлэгч талтай уулзан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд сөргөөр нөлөөлж болох харилцаа холбоо тогтоосон байх магадлалтай юм ...” гэх гомдлын тухайд,   Дээрх үндэслэлээр хариуцагчийн өмгөөлөгч Ц.Г шүүх хуралдаанд тус шүүхийн бүх шүүгчдээс татгалзах хүсэлт гаргасныг тус шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний тогтоолоор шийдвэрлэсэн болно. Түүнчлэн миний бие 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс тус шүүхэд шүүгчээр томилогдон ажиллаж байгаа бөгөөд шүүгч Г.Д-тэй мөн өдрөөс хойш нэг шүүхэд ажиллаж байгаа. Шүүгч Г.Д болон түүний нөхөр Л.Ц-тай ямар нэгэн хувийн харилцаа холбоогүй юм. Шүүгч Г.Д-тэй нэг шүүхэд ажиллаж байгаа үндэслэлээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хууль зөрчин явуулах, шүүгчийн нөхөртэй хувийн харилцаа тогтоох, түүгээр ч зогсохгүй хэргийн нэг талтай холбоо тогтоож, хянан хэлэлцэгдэж байгаа хэрэг, маргааны талаар шүүхийн шийдвэр гарахаас өмнө өөрийн байр суурийг илэрхийлсэн зүйлгүй.  “... Шүүгч Б.Мөнхтуяа “улсын тэмдэгтийн хураамжийг төлөөгүй” гэж нэхэмжлэгч талд дахин дахин давуу байдал зориуд бий болгон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн илт тодорхой заалтуудыг дахин ноцтой зөрчиж үндэслэлгүйгээр сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан ...” гэх гомдлын тухайд,

 Хариуцагч “Ш” ХХК нь 2024 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 11 цаг 52 минутад сөрөг нэхэмжлэлийг гэрээг цуцлах тухай мэдэгдэл, Б нэрээр төлсөн улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт зэрэг нийт 3 хуудас баримтыг шүүхэд ирүүлсэн.

Шүүх 2024 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 14 цаг 00 минутад товлогдсон шүүх хуралдаанаар сөрөг нэхэмжлэлийг хүлээн авах эсэхийг хэлэлцэж, сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлд зааснаар хариуцагч сөрөг нэхэмжлэл гаргах эрхтэй ба мөн хуулийн 73 дугаар зүйлийн 73.3-т “Сөрөн нэхэмжлэл гаргах үед улсын тэмдэгтийн хураамжийг ердийн нэхэмжлэлийн адил хэмжээгээр тогтоосон журмын дагуу урьдчилан төлсөн байна” гэж хуульчилсан.  Дансны дугаар 591662...гэх дансны нэр Б .... гэх регистрийн дугаар бүхий иргэний төлсөн 70,200 төгрөгийг төлснийг хариуцагч “Ш” ХХК-ийг төлсөн гэж үзэх үндэслэлгүй. Түүнчлэн хариуцагч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлд заасан нэхэмжлэлийн бүрдүүлбэрийг хангаж сөрөг нэхэмжлэлийг  хариуцагчийн тоогоор хувилж ирүүлээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлд заасан нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангаагүй үндэслэлээр шүүх сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан болно. (Хариуцагчийн сөрөг нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримтын хуулбарыг хавсаргав.)

 “... Шүүгч Б.Мөнхтуяа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь илт тодорхой заалтыг дахин зөрчиж, шүүхийн шийдвэрийг давж заалдах шатны шүүхээр хянуулахгүйгээр албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, нэхэмжлэгчид давуу байдал бий болгон хариуцагчийн давж заалдах гомдол гаргахэрхийг хязгаарлан өөрт нь хуулиар олгоогүй эрхийг эдлэн хариуцагчийн өмгөөлөгчийн ... аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлыг хүлээн авахаас татгалзсан ...” гэх гомдлын тухайд,  Шүүх хэргийг 2024 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж .../ШШ2024/00405 дугаартай шүүхийн шийдвэр гарсан ба шийдвэр 2024 оны 5 дугаар сарын 08-ны өдөр ёсчлогдож, бичгээр үйлдэгдэн гарсан. Шүүх хуралдаанд оролцсон талууд 2024 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн дотор биеэр хүрэлцэн ирж авах талаар хуульчилсан байдаг бөгөөд энэ хугацаанд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг хариуцагч тал аваагүй.  Шүүгчийн туслах 2024 оны 5 дугаар сарын 29-ний өдөр утсаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон хариуцагчид шийдвэрийг хүргүүлэх талаар мэдэгдэхэд хотод амьдарч байгаа тэр хаягаар явуулчих гэсний дагуу 2024 оны 5 дугаар сарын 31-ний өдөр шуудангаар шийдвэрийг хүргүүлжээ. Хариуцагчийн өмгөөлөгчөөс 2024 оны 6 дугаар сарын 07-ны өдөр Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн .../ШШ2024/00405 дугаар шийдвэрт давж заалдах гомдлыг цахимаар ирүүлсэн.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 161 дүгээр зүйлийн
161.2-т “Давж заалдах гомдлыг шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан гаргана” гэж, мөн хуулийн 164 дүгээр зүйлийн 164.3-т “Давж заалдах гомдол гаргахад энэ хуульд заасан журмыг баримтлаагүй бол шүүх гомдлыг хүлээн авахгүй бөгөөд энэ тухай шүүгч захирамж гаргана” гэж зааснаар шүүгч би хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах эрхийн хугацаа дууссан үндэслэлээр давж заалдах гомдлыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн болно.

 Иймээс шүүгч Б.Мөнхтуяа миний бие хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Г-н Монгол Улсын Шүүхийн сахилгын хороонд хандаж гаргасан гомдолд бичигдсэн Монгол улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.1, 50.1.4-д, 50.1.18, 50.1.19 заасныг тус тус зөрчөөгүй, шүүгчийн хувьд хуульд заасан ажиллагааг явуулж хэргийг хянан шийдвэрлэсэн тул З.Г-н гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү ...” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

“Ш” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Г-н Хөвсгөл аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхтуяад холбогдуулан өргөдөл гаргасныг Сахилгын хорооны гишүүн хүлээн авч хянаад, сахилгын хэрэг үүсгэн, шалгах ажиллагаа явуулж, 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдөр сахилгын зөрчил гаргасныг нотлох дүгнэлт гаргажээ.

Сахилгын хорооны хуралдааны бүрэлдэхүүн дараах үндэслэлээр илтгэгч гишүүний дүгнэлтийг бүхэлд нь хүлээн авч, холбогдох шүүгч Б.Мөнхтуяад сахилгын сахилгын шийтгэл ногдуулах нь зүйтэй байна.

1. Өргөдлийн: “ ... Гуравдагч этгээдийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд татан оролцуулаагүй” гэх үндэслэлийн тухайд:

Сахилгын хэрэгт авагдсан баримтаар П.Д -аас “Ш” ХХК-д холбогдуулан “П.Д-г Хөвсгөл аймгийн Мөрөн сум ...-р баг, ...-р байрны ... давхар, ... тоотод байрлах ... кв.м 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай” нэхэмжлэлийг[3] Хөвсгөл аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргаж, тус нэхэмжлэл шүүгч Б.Мөнхтуяад хуваарилагдан, шүүгчийн 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн .../00133 дугаартай захирамжаар иргэний хэрэг үүсгэж, тус шүүхийн Ерөнхий шүүгчийн захирамжаар шүүх хуралдаан даргалагчаар Б.Мөнхтуяаг томилсон шийдвэрийг албажуулсан байна.

Тус иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдөр хариуцагчийн өмгөөлөгч Ц.Г-с “бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр “А ББСБ” ХХК-ийг оролцуулж өгнө үү” гэх хүсэлт гаргасныг шүүгчийн 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн .../01343 дугаар захирамжаар хангахаас татгалзсан.

2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр “А ББСБ” ХХК-аас “гуравдагч этгээдээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж өгнө үү” гэх хүсэлт гаргасныг шүүгчийн 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн .../01654 дүгээр захирамжаар мөн хангахаас татгалзаж шийдвэрлэжээ.

   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-т “Шүүхээс гарах шийдвэр маргааны зүйлийн талаар бие даасан шаардлага гаргаагүй этгээдийн эрх, үүрэгт сөргөөр нөлөөлөхөөр байвал шүүхийн шийдвэр гарахаас өмнө уг этгээдийн өөрийнх нь, … болон зохигчийн хүсэлтээр бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн хувиар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж болно” гэж заасан бөгөөд хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдийг оролцуулах эсэх нь шүүгчийн шүүн таслах чиг үүргээ хэрэгжүүлэхэд хуулиар олгогдсон эрх хэмжээний асуудалд хамаарах тул уг үндэслэл нь сахилгын зөрчилд хамаарахгүй.

   Өөрөөр хэлбэл анхан шатны шүүх тус иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдийг татан оролцуулаагүй нь хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн эсэхийг гагцхүү дээд шатны шүүх хянах бөгөөд Шүүхийн сахилгын хорооны эрх хэмжээний асуудал хамаарахгүй болохыг дурдах нь зүйтэй байна. 

2. Өргөдлийн: “ ... сөрөг нэхэмжлэлийг үндэслэлгүйгээр хүлээн авахаас татгалзсан” гэх үндэслэлийн тухайд:        

   Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч “Ш” ХХК нь “Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ... дугаар багт байрлах .... дүгээр байрны ... давхрын ... тоот хаягт байрлах ... м.кв 2 өрөө орон сууцыг албадан чөлөөлүүлэх тухай” сөрөг нэхэмжлэлийг гаргаж, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримтыг хавсаргажээ.

Сөрөг нэхэмжлэлийг шүүгч Б.Мөнхтуяа 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд .../01779 дугаартай захирамжаар хүлээн авахаас татгалзсан байна.

Захирамжид:  “... Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.3-т “Нэхэмжлэлийг хариуцагчийн тоогоор хувилж өгнө гэж заасан ба нэхэмжлэлд хариуцагчаар П.Д -ыг тодорхойлсон боловч нэхэмжлэлийг эх хувиас гадна нэмж нэг хувь хувилж ирүүлээгүй байна. ... сөрөг нэхэмжлэлийн шаардлагын улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг ... Б гэсэн эзэмшигч бүхий данснаас Төрийн сан банкны 100170000941 дансанд төлсөн Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримтаас “Ш” ХХК-ийг улсын тэмдэгтийн хураамж төлсөн гэж үзэх боломжгүй тул нэхэмжлэлийн бүрдүүлбэрийг хангаагүй гэж үзэх үндэслэлтэй байна ...”  гэж дүгнэжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1-д “Үндсэн нэхэмжлэлтэй хамт шийдвэрлүүлэхийн тулд хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэхээс өмнө хариуцагч сөрөг нэхэмжлэл гаргах эрхтэй. Сөрөг нэхэмжлэл энэ хуулийн 62 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан байна.” гэж заасан.

Нэхэмжлэлд зайлшгүй тусгах зүйлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлд дэлгэрэнгүй заасан бөгөөд эдгээрийг нэхэмжлэлийн бүрдүүлбэр гэдэг. Тодруулбал, хуулийн 62.2-т “нэхэмжлэлд улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт ... хавсаргана, 62.3-т нэхэмжлэлийг хариуцагчийн тоогоор хувилж өгнө” гэж тус тус зааснаар бөгөөд хариуцагчаас гаргасан сөрөг нэхэмжлэл хуулийн дээрх шаардлагыг хангаагүй талаар захирамжид тодорхой дурджээ.

Хариуцагч “Ш” ХХК-н сөрөг нэхэмжлэл хуульд заасан дээрх шаардлагыг хангаагүй, энэ тохиолдолд шүүгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.11-т зааснаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсаныг хууль зөрчсөн гэж үзэхгүй.  

Сөрөг нэхэмжлэл гаргагч нь нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангаагүй тул шүүгч хуульд заасан үндэслэлээр хүлээн авахаас татгалзсан нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т “хуулийн илт тодорхой заалтыг ноцтой, эсхүл удаа дараа зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргах” гэж заасан сахилгын зөрчил гаргасан гэж үзэхгүй.

3. Өргөдлийн: “ ... Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ц-н эхнэр тус шүүхэд шүүгчээр ажилладаг тул шүүгч Б.Мөнхтуяатай найз нөхдийн холбоотой” гэх үндэслэлийн тухайд:

            Тус иргэний хэргийн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ц-н эхнэр нь тус шүүхийн шүүгч Г.Д бөгөөд тэдгээр нь гэр бүлийн харилцаатай хүмүүс байна.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1.3-т зааснаар хэргийн оролцогчтой хувийн харилцаатай, түүнчлэн уг хэргийг шударгаар шийдвэрлэж чадах эсэх талаар үндэслэл бүхий эргэлзээ байвал, мөн хуулийн 91.1.4.ашиг сонирхлын зөрчил үүсэж болзошгүй нөхцөл байдал бий болсон тохиолдолд шүүгч хэрэг хянан шийдвэрлэхэд үл оролцох ба өөрөө татгалзан гарах үүрэгтэй.

            “Хувийн харилцаатай” гэж хэрэг хянан шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүнд орсон шүүгч уг хэргийн оролцогч, тэдгээрийн өмгөөлөгч, төлөөлөгчтэй эдийн болон эдийн бус хувийн ашиг сонирхлоор холбогдсон байхыг ойлгох бөгөөд шүүгч Б.Мөнхтуяа нь

өөрийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж буй хэргийн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ц-н эхнэртэй нэг шүүхэд хамт ажиллаж байгаа нь хувийн харилцаанд хамаарахгүй.

            Мөн “хэргийг шударгаар шийдвэрлэж чадах эсэх талаар үндэслэл бүхий эргэлзээ байх” гэж хэрэг хянан шийдвэрлэх шүүгч уг хэргийн оролцогч, түүний өмгөөлөгч, төлөөлөгчтэй хувийн харилцаатай үүсгэсэн  гаргасныг хэргийн оролцогч, түүний өмгөөлөгч, төлөөлөгч мэдсэн бөгөөд энэ талаар баримт байхыг, эсхүл эдгээрийг шүүгч өөрөө тодорхойлсныг ойлгоно.

            Холбогдох шүүгчийн: “ ... шүүгч Г.Д болон түүний нөхөр Л.Ц-тай ямар нэгэн хувийн харилцаа холбоогүй юм. Шүүгч Г.Д-тэй нэг шүүхэд ажиллаж байгаа үндэслэлээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хууль зөрчин явуулах, шүүгчийн нөхөртэй хувийн харилцаа тогтоох, түүгээр ч зогсохгүй хэргийн нэг талтай холбоо тогтоож, хянан хэлэлцэгдэж байгаа хэрэг, маргааны талаар шүүхийн шийдвэр гарахаас өмнө өөрийн байр суурийг илэрхийлсэн зүйлгүй” гэх тайлбараас үзэхэд шүүгч Б.Мөнхтуяа нь Л.Ц-тай найз нөхдийн дотно харилцаатай гэж үзэхээргүй байна.

            Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Г нь 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн шүүх хуралдаанд:       

            “ .... Л.Ц-н тухайд гэр бүлийн гишүүнээрээ дамжуулан шүүгч нартай найз нөхдийн холбоотой байх, түүний эхнэрийн тухайд ажил хэргийн болон найз нөхдийн холбоотой байх зэргээр ашиг сонирхлын зөрчил үүсэж болзошгүй нөхцөл байдал үүссэн гэж үзэж байна” гэх үндэслэлээр анхан шатны бүх шүүгчдээс татгалзах тухай хүсэлт гаргасныг тус шүүхийн шүүгчдийн Зөвлөгөөний 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 155/ЗТ2024/00044 дугаартай тогтоолоор хангахаас татгалзжээ.[4]

            Нэгэнт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ц нь шүүгч Г.Д-тэй гэр бүлийн харилцаатай үндэслэлээр татгалзсаныг шүүгчдийн зөвлөгөөнөөр хүлээн авахаас татгалзсан, шүүгч Б.Мөнхтуяа нь хэргийн оролцогч Л.Ц-тай эдийн болон эдийн бус ямар нэг хувийн ашиг сонирхлоор холбогдоогүй байх тул шүүгч албан үүргээ тэгш, шударгаар хэрэгжүүлэхэд харшаар нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

            Хэдийгээр дээр дурдсанаар хуульд заасан татгалзан гарах үндэслэлд хамаарахгүй ч шүүгчийн гэр бүлийн гишүүн нь тухайн шүүхийн өмнө аливаа хувь хүн, хуулийн этгээдийг төлөөлөх нь зохимжгүй тул цаашид тус шүүх нь иргэдэд зохисгүй байдал гаргахаас зайлсхийж ажиллахыг анхааруулах нь зүйтэй.

4. Өргөдлийн: “ ... Давж заалдах гомдлыг үндэслэлгүйгээр хүлээн авахаас татгалзсан”  гэх үндэслэлийн тухайд:

Анхан шатны шүүх хэргийг 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр хянан хэлэлцээд .../ШШ2024/00405 дугаартай шийдвэрээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч П.Д-ыг Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ... дугаар баг .... дүгээр байрны 1 давхрын .... тоотод байрлах 56.88 м.кв талбай бүхий хоёр өрөө орон сууцны өмчлөгч мөн болохыг тогтоож шийдвэрлэсэн байна.

Шүүхийн .../ШШ2024/00405 дугаартай шийдвэрийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Ц-т 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдөр гардуулсан, харин хариуцагчийн өмгөөлөгч О.Ч-т 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдөр шуудангаар хүргүүлсэн Шүүхийн шийдвэр гардуулсан баримтад тэмдэглэгджээ.

Хариуцагчийн өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдөр давж заалдах журмаар гомдол гаргасныг шүүгчийн 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 02535 дугаартай захирамжаар.

“ ... хариуцагчийн давж заалдах гомдол гаргах хугацааг 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрөөс эхлэн тоолж, 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдөр давж заалдах гомдол гаргах хугацаа дууссан” хэтэрсэн” гэх үндэслэлээр хүлээн авахаас татгалзсан.

              Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс тус захирамжийг хүчингүй болгуулах хүсэлт гаргасныг шүүгчийн 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн .../02755 дугаар захирамжаар мөн хангахаас татгалзжээ.

Сахилгын хэрэгт авагдсан илтгэгч гишүүний “Иргэн-2014” системд үзлэг хийсэн тэмдэглэлээс үзэхэд .../ШШ2024/00405 дугаартай шийдвэрийг 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдөр системд оруулж баталгаажуулсан,

мөн шүүгч Б.Мөнхтуяагийн туслахтайгаа харьцсан албаны дотоод чатад үзлэг хийсэн тэмдэглэлд 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдөр “шүүгчийн туслах Т.Б : “за, би Д-аа хэвлэж байна, аваад очихоор яахаар байна”, шүүгч Б.Мөнхтуяа: “за би хальт буух уу, чи өрөөндөө байж бай” гэж бичигдсэн 

холбогдох шүүгчээс авсан: “Дотоод чатад хийсэн үзлэгээр, 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Д-аа хэвлэж байна уу гэсэн байна, үүгээр бол шийдвэр 05 дугаар сарын 17-нд албажиж гараагүй байна гэж үзэхээр байна, өөрөөр хэлбэл цаасаар хэвлээд шүүгчид хянуулж байсан байна гэж ойлгогдсон. Үүнд тайлбар байна уу” гэсэн  асуултад “Шийдвэрээ би ер нь цаасаар үздэггүй, дандаа цахимаар үздэг, энэ тэгэхээр хамгийн сүүлийн байдлаар хэвлэгдэж байсан байх” гэх тайлбар зэргээс үзэхэд шүүхийн шийдвэр 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдөр бичгээр албажиж гарсан байх бөгөөд шүүгч Б.Мөнхтуяа нь хуульд заасан хугацаанд шүүхийн шийдвэрийг бичгээр гаргаагүй нь шалгах ажиллагааны явцад тогтоогдсон байна.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт зааснаар шүүгч энэхүү хуульд заасан хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон зохицуулалтыг зөрчсөн тохиолдолд Шүүхийн сахилгын хороо сахилгын шийтгэл оногдуулна.

Нотлох дүгнэлтэд шүүгч Б.Мөнхтуяаг Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т заасан “хуулийн илт тодорхой заалтыг ноцтой, ….” зөрчсөн зөрчил гаргасан гэжээ. 

Хуульд заасан үндэслэл бий болсон тухайлбал, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.4-т зааснаар шүүхийн шийдвэрийг шүүгч 14 хоногийн дотор бичиж албажуулах бөгөөд энэ хугацаанаас хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шүүхэд өөрсдөө хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авахыг үүрэгжүүлсэн.

Шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид шүүх шийдвэрийг хүргүүлэх үүрэг хүлээхгүй, өөрсдөө шүүхэд ирж гардан авна гэж ойлгох, түүнчлэн тухайн талын давж заалдах гомдол гаргах хугацаа нь шийдвэрийг шүүхэд ирж гардаж аваагүй бол хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д заасан журмын дагуу хуульд заасан хугацаа өнгөрсөн өдрөөс тус тус тоологдоно.

Иймээс шүүхийн шийдвэр 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдөр бичгээр гарснаас хойш 14 хоногийн дотор хариуцагч шүүхэд ирж гардаж аваагүй тул энэ хугацаа дууссанаас хойш давж заалдах гомдол гаргах 14 хоногийн хугацааг тоолоход 2024 оны 06 дугаар сарын 14-ний дуусахаар байна.

Гэтэл шүүгч Б.Мөнхтуяа нь хуульд заасан хугацаанд шүүхийн шийдвэрийг бичгээр гаргаагүй атлаа хариуцагчийн давж заалдах гомдол гаргах хугацааг 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрөөс эхлэн тоолж, 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдөр давж заалдах гомдол гаргах хугацаа дууссан гэж дүгнэж гомдлыг хүлээн авахаас татгалзсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т заасан хуулийн илт тодорхой заалтыг ноцтой зөрчсөн гэж үзнэ.

Мөн шүүгчийн туслах шүүхийн шийдвэрийг гардан авах талаар хариуцагч руу 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдөр ярьсан талаар тэмдэглэл үйлдсэн боловч энэ нь:

Өргөдөл гаргагч З.Г-н гэрчээр өгсөн “...10 гаруй хоногийн дараа шүүгчийн туслахаас лавлаж асуусан. Тэгэхэд “Танай шийдвэр гараагүй байна. Албажаад гарахаар нь би хэлье” гэсэн. ... Үүнээс 10 гаруй хоногийн дараа манай өмгөөлөгч дахин асуу гэж хэлсэн. Тэгээд залгатал “шийдвэр гарчихсан, та нар руу хэд хоногийн өмнө шуудангаар хүргүүлсэн гэж” хэлсэн. Өмгөөлөгч “давж заалдах шатны гомдол гаргуулахгүй байна, шийдвэр гарчихаад хүргүүлэхгүй байгаад байна” гэж ярьж байсан.” гэх тайлбар,

“Юнител” ХХК-аас авсан, хариуцагч “Ш” ХХК-ийн төлөөлөгч З.Г-н 8808.... дугаарын утаснаас шүүгчийн туслахын 8831.... дугаарын утас руу 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 15:31 минутад /12 секунд/, 15:32 минутад /23 секунд/, 05 дугаар сарын 20-ны өдрийн 10:08 минутад /1 мин 43 сек/, 10:13 минутад /38 сек/, нийт 4 удаа залгаж тодорхой хугацаагаар ярьсан байгаа зэргээр тус тус нотлогдохгүй байгаагаас харахад шүүхийн шийдвэрийг бичгээр үйлдэж гаргах, гардан авах эрх бүхий оролцогчдод хүргүүлэх ажиллагаа бүхэлдээ хууль түүнд үндэслэн гаргасан журмыг зөрчсөн нь тогтоогдож байна. 

Холбогдох шүүгч нь сахилгын хорооны хуралдаанд зөрчил гаргаснаа хүлээн зөвшөөрдөг хэдий ч “ ... гомдол шийдвэрлэх хуралдаанаар миний захирамжийг хүчингүй болгож, хэргийг давж заалдах шатны шүүх рүү хүргүүлсэн тул ноцтой зөрчил гаргасан эсэхийг харгалзан үзнэ үү” гэх тайлбар гаргасныг хүлээн авах боломжгүй гэж үзэв.

Учир нь холбогдох шүүгч хуулийн илт тодорхой заалтыг зөрчиж давж заалдах гомдлыг хүлээн авахаас татгалзсан шийдвэр гаргасан нь  Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14-т заасан “ ... шударга шүүхээр шүүлгэх, ... шүүхийн шийдвэрийг давж заалдах” эрхийг хязгаарлаж, шүүхэд дахин дахин гомдол, хүсэлт гаргуулан хэргийн оролцогчийг чирэгдүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг “санаатай” удаашруулсан үр дагавар бий болсон байх тул ноцтой зөрчсөн гэж үзэх ба энэ талаарх илтгэгч гишүүний дүгнэлт үндэслэлтэй. 

Дээр дурдсанаар шүүгч Б.Мөнхтуяа нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т заасан “хуулийн илт тодорхой заалтыг ноцтой...” зөрчсөн зөрчил гаргасан нь тогтоогдсон тул сахилгын зөрчлийн шинж чанар, хэр хэмжээ, анх удаа зөрчил гаргасныг тус тус харгалзан “нээлттэй сануулах” сахилгын шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзэв.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1, 112.1.3, 112.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23, 57 дугаар зүйлийн 57.1.7-д заасныг тус тус баримтлан Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхтуяад  “нээлттэй сануулах” сахилгын шийтгэл оногдуулсугай.

2. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6 дахь хэсэгт зааснаар магадлал гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл гаргагч нарын оршин суугаа газрын эсхүл ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл Ажлын албаны ажилтнаар хүргүүлэхийг Ажлын албанд даалгасугай.

3. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.7 дахь хэсэгт зааснаар дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох ба энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг тайлбарласугай.

4. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.8 дахь хэсэгт зааснаар магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Шүүхийн сахилгын хороонд сахилгын хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

            ДАРГАЛАГЧ                                     Д.МЯГМАРЦЭРЭН

            ГИШҮҮД                                          Х.ХАШБААТАР

                                                                          Г.ЦАГААНЦООЖ