
МОНГОЛ УЛС
ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО
МАГАДЛАЛ
2025-01-16
Дугаар 11
Улаанбаатар хот

Сахилгын хэргийг хэрэгсэхгүй
болгох тухай
Шүүхийн сахилгын хорооны хуралдааныг гишүүн Б.Сугар даргалж, гишүүн Д.Ариунтуяа, Ц.Давхарбаяр нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Г.Цагаанцоож, нарийн бичгийн даргаар хуралдаан хариуцсан ахлах мэргэжилтэн А.Намуундарь, сахилгын хэргийн оролцогч А.Г нарыг оролцуулан тус хорооны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
... шүүхийн шүүгч А.Г-д холбогдох “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал”-ыг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Сахилгын хорооны гишүүний 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн ГС/2025/0002 дугаартай “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал”-д:
“... шүүхийн шүүгч А.Г нэхэмжлэлийг хүлээн авсан ба тэрээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-т заасан хориглолтыг зөрчсөн эсэхийг өргөдөлд дурдсан агуулгын хүрээнд дараах байдлаар тодорхойлов. Үүнд:
1. Шүүгч 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 8230 дугаар захирамжаар маргаж буй захиргааны актын улмаас нэхэмжлэгчийн ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж байгааг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд тодруулах, өөрөөр хэлбэл, нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангах хугацааг 14 хоногоор тогтоожээ. Үүний дагуу “М” ХХК-иас 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдөр нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулан шүүхэд ирүүлжээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.2, 52.2.4-т зааснаар нэхэмжлэлд нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг заавал тусгах ба тодруулбал, захиргааны акт, захиргааны гэрээг хүчингүй болгуулах, илт хууль бус болохыг тогтоолгох, эсхүл эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, захиргааны акт гаргуулахыг даалгах нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөнийг тодорхой тусгах талаар хуулийн 52.5.1-т заасан.
Хэрэв нэхэмжлэл хуульд заасан энэхүү шаардлагыг хангаагүй бол хүлээн авсан шүүгч 7-14 хоногийн хугацаа тогтоон нэхэмжлэгчид уг шаардлагыг хангах боломж олгох ба тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангаагүй бол нэхэмжлэлийг буцаахаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.3, 53.4-т заасан.
Иймд холбогдох шүүгч “М” ХХК-ийн нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангах хугацаа тогтоосон нь хууль зөрчөөгүй байна.
2. Шүүгч 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 8800 дугаар захирамж гарган, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5, 54.2-т заасныг баримтлан “М” ХХК-ийн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзахдаа “... маргаж буй ... А/06 дугаартай тушаал нь нэхэмжлэл гаргагчийн субьектив эрхэд чиглэсэн эрх зүйн үйлчлэл үзүүлээгүй байх тул нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд” гэж үзжээ.
Дээрх шүүгчийн захирамжид нэхэмжлэгч гомдол гаргасныг ... давж заалдах шатны шүүх 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр хянан хэлэлцээд “… нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан материалаас үзэхэд нэхэмжлэгчийн хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулахаар маргаж буй “Б”-ын 2024 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн А/06 дугаар захирамж авагдаагүй байх атал анхан шатны шүүх “… нэхэмжлэл гаргагчийн субьектив эрхэд чиглэсэн эрх зүйн үйлчлэл үзүүлээгүй” хэмээн дүгнэсэн нь учир дутагдалтай бөгөөд ойлгомжгүй байх тул … захирамжийн хууль зүйн үндэслэлд үнэлэлт дүгнэлт өгөх боломжгүй, …нэхэмжлэлийн шаардлагад тодорхойлсон маргаан бүхий актыг нотлох баримтаар авч, хэрэгт хавсаргасны үндсэн дээр уг актын үр дагавар нэхэмжлэгчийн зөрчигдсөн болон зөрчигдөж болзошгүй гэх эрх, хууль ёсны ашиг сонирхолд тодорхой үйлчлэлтэй эсэхийг харгалзан үзсэний үндсэн дээр нэхэмжлэлийг хүлээн авах эсэхэд дүгнэлт өгөх нь зүйтэй…” гэж үзжээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.6.-т “Энэ хуулийн 122.1-д заасны дагуу гаргасан гомдлыг хүлээн авснаас хойш 10 хоногийн дотор давж заалдах шатны шүүх гурван шүүгчийн бүрэлдэхүүнтэйгээр шийдвэрлэж, дараах тогтоол гаргана:
122.6.1.шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолыг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхих;
122.6.2.шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолыг өөрчлөх;
122.6.3.шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолыг хүчингүй болгох” гэжээ.
Давж заалдах шатны шүүх хуульд заасан эрхийн хүрээнд шүүгчийн захирамжийг хүчингүй болгосон бөгөөд энэ тохиолдолд холбогдох шүүгчийг хуулийн илт тодорхой заалтыг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй.
3. Шүүгч нэхэмжлэлд дурдсан маргаан бүхий актыг хариуцагчаас гаргуулах ажиллагаа явуулан улмаар 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 10319 дүгээр захирамжаар нэхэмжлэлд захиргааны хэрэг үүсгэн, хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байгаа болох нь сахилгын хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.
Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөх эсэх талаар бичгээр хариу тайлбар гаргах бөгөөд тайлбартаа үндэслэлийг зааж, нотлох баримтаа хамтад нь гаргаж ирүүлэх үүрэгтэй бөгөөд шүүгч 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулж, хариу тайлбар гаргах хугацааг 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөр тогтоож, холбогдох баримт ирүүлэхийг мэдэгдсэний дагуу нотлох баримтыг шүүхэд ирүүлжээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1-т зааснаар хуульд өөрөөр заагаагүй бол хэрэг үүсгэснээс хойш 60 хоногийн дотор хянан шийдвэрлэх ба энэ хугацааг шаардлагатай тохиолдолд тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс эхний удаа 30 хүртэл хоногоор, хоёр дахь удаагаа 15 хүртэл хоногоор сунгаж болохоор 63.3.-т заасан.
Дээр дурдсанаас үзвэл “М” ХХК-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацаа дуусаагүй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.3, 32.4-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, хариу тайлбарын үндэслэлийн талаар нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөх ба гаргаж өгөх боломжгүй, түүнчлэн шүүхэд мэдэгдээгүй нотлох баримтын эх сурвалжийг заах, шүүх хуралдаан товлохоос өмнө хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нотлох баримт гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд нотлох баримт цуглуулахыг захиргааны хэргийн шүүхээс шаардах эрхтэй.
Дээр дурдсанаар хариуцагч нэхэмжлэлд дурдсан маргаан бүхий акт, зарим баримтыг шүүхэд ирүүлсэн байх бөгөөд нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шаардлагатай гэж үзвэл нотлох баримт цуглуулахыг шүүхээс шаардах эрхтэй. Иймд өргөдөлд дурдсан “… маргаан бүхий актыг хариуцагчаас гаргуулаагүй, хуульд тодорхой заасан нотлох баримт цуглуулах үүргээ биелүүлээгүй ...” гэх гомдол үндэслэлгүй.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т заасан “хуулийн илт тодорхой заалтыг ноцтой, эсхүл удаа дараа зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргасан” гэх үндэслэл тогтоогдоогүй тул ... шүүхийн шүүгч А.Г-д холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргав.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
“А” ХХК-ны захирал Р.Э-с ... шүүхийн шүүгч А.Г-д холбогдуулан ирүүлсэн өргөдлөөр илтгэгч гишүүн сахилгын хэрэг үүсгэн шалгах ажиллагаа явуулж, улмаар “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал” гаргасан нь үндэслэлтэй байх тул тус саналыг хүлээн авах нь зүйтэй хэмээн бүрэлдэхүүн үзэв.
Сахилгын хэрэгт авагдсан баримтаар, холбогдох шүүгчийн нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөнийг тодорхой тусгах талаар хуульд заасан шаардлагыг хангуулахаар гаргасан 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 128/ШЗ2024/8230 дугаар “Нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулах хугацаа тогтоох тухай” захирамж нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.3, 53.4-т заасанд нийцсэн байна.
Харин үүний дараа шүүгч нь нэр бүхий хуулийн этгээдээс дахин ирүүлсэн нэхэмжлэлийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5, 54.2-т заасныг баримтлан “... маргаж буй ... А/06 дугаартай тушаал нь нэхэмжлэл гаргагчийн субьектив эрхэд чиглэсэн эрх зүйн үйлчлэл үзүүлээгүй байх тул нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд” хэмээн үзэж 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 8800 дугаар захирамжаар хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн байна.
Нэхэмжлэгч захиргааны актын улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй байх, эсхүл зөрчигдсөн гэдгээ тодорхойлсон нь шаардах эрхийг үүсгэж, захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь шүүхэд нэхэмжлэл гаргаснаар эхлэх тодорхой үе шат бүхий үргэлжилсэн үйл явц байдаг.
Гэтэл шүүгч нэхэмжлэлийн шаардлагад дурдсан маргаан бүхий акт хэрэгт авагдаагүй байхад тус актыг үндэслэл болгон нэхэмжлэл гаргагчийн субьектив эрхэд чиглэсэн эрх зүйн үйлчлэл үзүүлээгүй хэмээн нэхэмжлэлийн агуулгад дүгнэлт өгч маргааны үйл баримтыг дүгнэсэн гэж ойлгогдохуйц агуулгатай захирамж гаргасан нь үндэслэлгүй байна.
Тус захирамжид нэхэмжлэгчээс гаргасан гомдлыг ... давж заалдах шатны шүүх 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр хянан хэлэлцээд, “... “нэхэмжлэлийн шаардлагад тодорхойлсон маргаан бүхий актыг нотлох баримтаар авч, хэрэгт хавсаргасны үндсэн дээр уг актын үр дагавар нэхэмжлэгчийн зөрчигдсөн болон зөрчигдөж болзошгүй гэх эрх, хууль ёсны ашиг сонирхолд тодорхой үйлчлэлтэй эсэхийг харгалзан үзсэний үндсэн дээр нэхэмжлэлийг хүлээн авах эсэхэд дүгнэлт өгөх нь зүйтэй...” гэж дүгнэн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.
Ийнхүү шүүгч А.Г-н гаргасан нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн захирамжийг давж заалдах шатны шүүх хянан хэлэлцэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны алдаа засагдсан, улмаар нэхэмжлэгчийн эрхийг сэргээн эдлүүлсэн, хэргийн оролцогчид ноцтой хор хохирол учраагүй байна гэж үзэхээр байх тул хуульд нэрлэн заасан сахилгын зөрчилд тооцохгүй хэмээн дүгнэх үндэслэлтэй.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-д заасан хуулийн илт тодорхой заалтыг зөрчсөн зөрчил гэж хуульд тодорхой тусгагдсан, өөрөөр тайлбарлан хэрэглэх боломжгүй байхыг ойлгох бөгөөд тус зохицуулалтыг зөрчсөн шийдвэр нь харьяалан шийдвэрлэх эрх бүхий этгээд болон дээд шатны шүүхэд хянагдсан эсэхээс үл хамааран түүнийг гаргасан шүүгчид сахилгын зөрчилд тооцохоор хуульчилсан.
Мөн зүйлд заасан хуулийн илт тодорхой заалтыг ноцтой зөрчсөн зөрчлийг гаргасан гэж үзэх үндэслэлийн бүрдэл нь зөрчил “ноцтой” байхыг шаарддаг ба зөрчлийн шинж чанар, холбогдох шүүгчээс шууд шалтгаант холбоотой эсэх, хүндэтгэн үзэх нөхцөл байдал үүссэн эсэх, тухайн шийдвэрээс улбаалж хэргийн оролцогч болон бусад этгээдэд хор уршиг учирсан эсэх зэрэг үйл баримтыг харгалзан үзсэний үндсэн дээр шийдвэрлэдэг.
Иймд дээрх үйл баримтыг нэгтгэн авч үзвэл ... шүүхийн шүүгч А.Г-г Монгол Улсын шүүхийн тухай хуульд заасан зөрчлийг гаргасан гэж дүгнэхээргүй байх тул түүнд холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1, 112.1.2, 112.2 дах хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.... шүүхийн шүүгч А.Г-д холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай саналыг хүлээн авч сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Магадлалыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сахилгын хороонд сахилгын хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.
3.Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6-т зааснаар магадлал гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл гаргагчийн оршин суугаа газрын эсхүл ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл ажлын албаны ажилтнаар хүргүүлэхийг Ажлын албанд даалгасугай.
4.Дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох ба энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ Б.СУГАР
ГИШҮҮН Д.АРИУНТУЯА
Ц.ДАВХАРБАЯР