info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих ШИЛЭН ДАНС
ENMNG

МОНГОЛ УЛС

ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО

МАГАДЛАЛ

2025-01-07

Дугаар 4

Улаанбаатар хот

 

Нотлох дүгнэлтийг хүчингүй болгож, сахилгын хэргийг бүхэлд нь

хэрэгсэхгүй болгох тухай

Сахилгын хорооны хуралдааныг Шүүхийн сахилгын хорооны гишүүн Д.Эрдэнэчулуун даргалж, гишүүн Д.Мягмарцэрэн, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Ц.Давхарбаяр, хуралдааны тэмдэглэл хөтлөгчөөр хуралдаан хариуцсан ахлах мэргэжилтэн Г.Б нарыг оролцуулан, ажиглагчаар өргөдөл гаргагч “А” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Ц-ийг байлцуулан Сахилгын хорооны хуралдааны танхимд нээлттэй хийв. 

...хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Б-д холбогдуулан “А” ХХК-ийн өргөдлийг хүлээн авч хянаад, гишүүний 2023 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн ГЗҮ/2024/...9 дүгээр захирамжаар сахилгын хэрэг үүсгэж, 2023 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн ГНД/2023/..4 дүгээр “Сахилгын зөрчил гаргасныг нотлох тухай” дүгнэлт гаргасныг сахилгын хорооны 2023 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэн, СХТ/2023/...9 дүгээр тогтоолоор дүгнэлтийг хүчингүй болгож, дахин шалгуулахаар илтгэгч гишүүнд буцаажээ.

Улмаар илтгэгч гишүүн 2023 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн ГЗБ/2023/...5 дугаар захирамжаар ...хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Д, Ц.Д /одоо ...шүүхийн шүүгч/, Р.Ү /одоо ...хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч/ нарт сахилгын хэрэг үүсгэн, гишүүний 2023 оны 8 дугаар сарын 30-ны ГЗБ/2023/...8 дугаар захирамжаар дээрх сахилгын хэргүүдийг нэгтгэсэн байна.

Илтгэгч гишүүн шалгах ажиллагаа явуулаад 2023 оны 10 дугаар сарын 02-ны ГНД/2023/...2 дугаар “Сахилгын зөрчил гаргасныг нотлох тухай” дүгнэлт гаргасан ба Үндсэн хуулийн цэцэд Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.1, 50.1.23 дахь заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх асуудлаар өргөдөл, мэдээлэл ирүүлснийг Үндсэн хуулийн цэцийн гишүүн хүлээн авч, хянаад 2023 оны 67 дугаар тогтоолоор маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэсэн тул гишүүний 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн ГЗБ2023/0..2 дугаар захирамжаар сахилгын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн.

Үндсэн хуулийн цэцийн 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 23 дугаар магадлалаар маргааныг хянан шийдвэрлэсэн тул гишүүний 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн ГЗБ/2024/0..7 дугаар захирамжаар сахилгын хэргийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээснээр сахилгын хэргийг 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, сахилгын хорооны хуралдаанаар хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Илтгэгч гишүүн дүгнэлтдээ: “Нэг. Өргөдөл гаргагч 2023 оны 3 дугаар сарын 31-ний өдөр гаргасан өргөдөлдөө “...Нэхэмжлэгчид хариуцагчийн хүсэлтийг танилцуулж, тайлбар авалгүй “А” ХХК-ийн эрх зүйн байдлыг дордуулж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлж, шүүгч нь өөрийн албан тушаалын байдал, эрх нөлөөгөө урвуулан ашиглаж, үүний улмаас бусдад буюу хариуцагч талд цаг хугацааны хувьд давуу байдал бий болгон, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг удаашруулсан...” гэж, 2023 оны 5 дугаар сарын 08-ны өдөр гаргасан өргөдөлдөө “...даалгавар гүйцэтгүүлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай” захирамж гаргахдаа ...дүүргийн ...хэргийн анхан шатны шүүхэд даалгаж шийдвэрлэсэн нь илт үндэслэлгүй болсон ...уг шүүгчийн үйлдэл нь хуулийн илт тодорхой заалтыг зөрчсөн ...үүний үр дагавар одоо ч үргэлжилж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа удааширсан хэвээр байна...” гэжээ.

“А” ХХК нь хариуцагч Д.Б-т холбогдуулан 2022 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр нэхэмжлэл гаргаж /сх 15х/, ...хэргийн анхан шатны шүүх 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч шүүгчийн 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн .../ШШ2022/...5 дугаар захирамжаар /сх 21х/ иргэний хэрэг үүсгэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид нэхэмжлэлийг 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр гардуулахдаа /сх 24х/ хариу тайлбарыг 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдөр гаргаж өгөх хугацаа шүүхээс тогтоосон байх боловч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр /сх 28 х/ шүүхэд хариу тайлбараа ирүүлжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хариу тайлбартай танилцаж /сх 29х/, улмаар 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн /сх 32х/ байна.

Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хариуцагчид гардуулан өгч, хариу тайлбар гаргах хугацааг 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөр /сх 46х/ тогтоожээ. Хариуцагч нь тайлбараа 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдөр ирүүлсэн, 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдөр нотлох баримт гаргуулах тухай хүсэлт гаргасан.

Энэ хүртэл зохигч нь нэхэмжлэл гардан авсан, тайлбар гаргах зэрэг ажиллагаа хийгдэж байсан нь шүүх хуралдаан товлох нөхцөл бүрдээгүй байсан гэж үзэх үндэстэй байх тул “...иргэний хэрэг үүсээд 1 сар 27 хоногийн хугацаа өнгөрөхөд шүүх хуралдааныг огт товлоогүй...” гэх өргөдөл үндэслэлгүй байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “нотлох баримт гаргуулах тухай” хүсэлтийг ...хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн .../Ш32023/...2 дугаар “Даалгавар гүйцэтгүүлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай“ захирамжаар шийдвэрлэн, ...дүүргийн ...хэргийн анхан шатны шүүхэд “В” ХХК-аас нотлох баримт гаргуулах даалгавар өгч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлж шийдвэрлэжээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацааг ...хэргийн анхан шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн .../ЗТ2023/...4 дүгээр тогтоолоор сунгасан байна.

Хэргийг түдгэлзүүлсэнтэй холбоотой үйл баримтаас дараах нөхцөл байдал тогтоогдож байна.

1/ Тус хэргийн хариуцагч нь 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдөр нотлох баримт гаргуулах тухай хүсэлт гаргасан байх ба түүндээ “В” ХХК, Д.Б нарын хооронд 2019 оны 3 дугаар сарын 07-ны өдөр байгуулсан ...9 дугаартай “Онцгой нөхцөлтэй үл хөдлөх эд хөрөнгө зээлээр худалдах, худалдан авах гэрээ”-г нотлох баримтын шаардлага хангасан хэлбэрээр гаргуулан хэрэгт нотлох баримтаар хавсаргаж өгнө үү. ...төлбөр төлсөн баримтыг нотлох баримтын шаардлага хангасан хэлбэрээр гаргуулан хэрэгт хавсаргаж өгнө үү ” гээд уг гэрээний хуулбар, “В” ХХК-ийн хаягийн лавлагааг хавсаргасан байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-д хэргийн оролцогчийн эрхийн талаар “эсрэг талын шаардлага, тайлбар, татгалзал, түүнийг нотлох баримттай танилцах, тэдгээрт тайлбар өгөх” эрхтэй гэж заажээ.

Нэхэмжлэгч нь Улаанбаатар хотод хаягтай, тэндээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцдог учраас хэргийн оролцогчоос хүсэлт ирснийг мэдэгдэх шаардлагатай байсан боловч шүүх уг ажиллагааг хийлгүй хүсэлтийг шууд шийдвэрлэжээ.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д заасан “Хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримт нь төрийн болон албаны нууц, байгууллагын нууц, хүний эмзэг мэдээлэлтэй холбоотой, өөр улс, орон нутагт байгаа учраас зохигч тэдгээрийг өөрөө олж авах боломжгүй, түүнчлэн туршилт, үзлэг, таньж олуулах, шинжилгээ хийлгэх, гэрчийн мэдүүлэг авах тохиолдолд нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлнэ” гэх заалтыг үндэслэсэн, захирамжлах хэсэгтээ мөн хуулийн 38.6 болон 41.1 гэх зэрэг заалтыг удирдлага болгожээ.

Гэтэл эдгээр заалт нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны нотлох баримт гаргуулах, олж авахтай холбоотой өөр өөр ойлголтыг зохицуулдаг болно.

Энэхүү дээрх хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь заалтын гол онцлог нь тухайн нотлох баримтыг зохигч нь өөрөө олж авах боломжгүй байгаа нөхцөлд шүүхийн зүгээс тодорхой ажиллагааг хэрэгжүүлэх буюу хэргийн оролцогч болон тухайн хэрэгт хамааралгүй этгээдээс ч нотлох баримт гаргуулахаар захирамжилдаг ажиллагаа болно. Өөрөөр хэлбэл нотлох баримт байгаа этгээдэд хандаж, уг баримтыг гаргаж өгөхийг үүрэг болгодог, харин аль нэгэн шүүхэд даалгахгүй. Нэгэнт шүүгчийн захирамж гарсан учраас захирамжийн биелэлтийг хангуулах ба түүнийг биелүүлэхгүй байгаа бол шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаар дамжуулан албадан биелүүлж болно.

Харин Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 41 дүгээр зүйлд заасан шүүхийн даалгавар бол өөр аймаг, хот, орон нутгаас нотлох баримт  бүрдүүлэх зүйлшгүй шаардлагатай гэж үзсэн, тухайлбал, эд мөрийн баримтад үзлэг хийлгэх, гэрчийн мэдүүлэг авхуулах зэрэг тодорхой асуудалтай холбогдуулан гаргасан зохигчийн хүсэлтийг үндэслэн хийгдэх ажиллагаа юм.

Энэ захирамжид хариуцагчийн нотлох баримт гаргуулах хүсэлт нь хэрэгт хэрхэн ач холбогдолтой болох, мэтгэлцэх зарчмын дагуу татгалзлаа өөрөө нотлох үүрэг хүлээдэг хэргийн оролцогч уг баримтыг гаргуулан авах боломжгүй ямар нөхцөл байдал үүссэн нь тодорхойгүй. Түүнчлэн өөр этгээдээс нотлох баримт гаргуулах, шүүхийн даалгавар гүйцэтгүүлэх гэсэн өөр өөр агуулгатай, практикт хэдийнээ тогтсон ойлголтыг хольж хутган,  бичмэл баримтыг хэргийн оролцогч биш хуулийн этгээдээс гаргуулахаар өөр шүүхэд даалгасан нь дээрх хуулийн 38.6 болон 41 дэх заалтын аль алинд хамаарахгүй агуулгыг тусгажээ.

Тиймээс ... дүүргийн ... хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч 2023 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн .../АБ2023/...8 дугаар “ Танай ... шүүгчийн захирамжид заасан даалгаврыг гүйцэтгэх боломжгүй байх тул ... буцаан хүргүүлэв” гэх агуулгатай албан бичгээр хариу өгсөн байгаагаар хэрэгжүүлэх боломжгүй, хууль зүйн үндэслэлгүй захирамж гаргасан нь нотлогдоно.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т “Шүүхээр хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбогдсон харилцааг тухайлсан хуулиар зохицуулна” гэж заасны дагуу холбогдох шүүгч Б.Б-г нь иргэний хэрэг хянан шийдвэрлэхтэй холбоотой эдгээр заалтыг хэрэглэх шаардлага хэрэгцээ үүссэн эсэхийг, мөн хэрхэн хэрэглэх талаар алдах учиргүй тийм хэмжээний мэдлэг чадвартай, олон жил шүүгчээр ажиллаж байгаа туршлагатай шүүгч гэж үзэхээр байна.

2/ Шүүхийн сахилгын хорооны 2023 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн СХТ/2023/...9 дугаар тогтоолд “...нотлох дүгнэлтэд даалгавар гүйцэтгүүлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээсэн шүүхийн тогтоолын талаар дүгнэлт хийгээгүй байна” гэж дүгнэн, сахилгын хэргийг илтгэгч гишүүнд буцаан шийдвэрлэсэн.

Дээрх захирамжид гаргасан нэхэмжлэгч талын гомдлыг хэлэлцэх шүүх хуралдааны даргалагчаар шүүгч Ц.Д, бүрэлдэхүүний шүүгчээр  Р.Ү, Б.Д нар томилогдож, 2023 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн гомдол хэлэлцэх хуралдаанаар “...хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай, хариуцагчийн өөрөө олж авах боломжгүй баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр гаргуулахаар шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн...” гэж дүгнэн, хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Захирамжийн гомдлыг хэлэлцсэн шүүх бүрэлдэхүүний шүүгч нарын хувьд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь зохицуулалтын талаар дүгнэснээрээ, шүүгчийн алдаа буюу тус хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх заалтыг хамтад хэрэглэсэн алдааг зөвтгөж чадаагүй, хайхрамжгүй хандан, захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн.   

Энэхүү хүсэлт шийдвэрлэн захирамж гаргасан, тус захирамжийг хянасан ажиллагааны үр дагаварт, хэргийг 2023 оны 3 дугаар сарын 03-ны өдрөөс 2023 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээж, шүүх хуралдаан товлох тухай” захирамж гаргах хүртэлх хугацаагаар түдгэлзүүлснээр, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн илэрхий тодорхой заалтыг зөрчиж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг 52 хоног “саатуулж” удаашруулсан нь “ноцтой” гэж үзэх үндэслэлд хамаарна.

Холбогдох шүүгч нар илэрхий тодорхой хуулийн заалтыг зөрчсөн зөрчил ... дүүргийн ... хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн ..../ШЗ2023/0...2 дугаар хүсэлт шийдвэрлэх тухай захирамжид “... нотлох баримтыг хариуцагчаас гаргуулахаар даалгах, хэргийн зохигч биш этгээдээс албадан гаргуулах бол шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаар гүйцэтгүүлэх юм” гээд ... хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн ... 2 дугаар захирамжийг буцаасан байгаагаар нотлогдоно.

Өргөдөл гаргагч нь энэ талаар “...нэхэмжлэгч талд танилцуулж, мэдэгдэж тайлбар авалгүй хангаж шийдвэрлэсэн нь хэргийн нэг талд цаг хугацааны давуу байдал үүсгэж хэрэг хянан шийдвэрлэх нь ажиллагааг удаашруулж, нэхэмжлэгч олж өгөх бололцоотой нотлох баримтыг шүүгчийн захирамжаар хэргийг түдгэлзүүлсэн ...хариуцагч тал болох Д.Б нь өөрт олдох боломжгүй байгаа нотлох баримтыг тухайн байгууллагаас шаардсан эсэх, нөгөө байгууллага нь гаргаж өгөхгүй байгаа талаар эс үйлдэхүй гаргасан зүйлгүй байхад зүгээр өөр орон нутаг буюу Улаанбаатарт байгаа гэдэг үндэслэлээр шаардсаныг шүүх хангаж шийдвэрлэсэн нь уг захирамжаар зөвхөн хариуцагчид л цаг хугацааны давуу байдлыг бий болгохыг зорьсныг илтгэх бөгөөд зохигчдын нотлох баримтаа өөрсдөө бүрдүүлэх зарчмыг ноцтой зөрчсөн...” гэсэн нь иргэн, хуулийн этгээдэд дээрх хуулийн зохицуулалт тодорхой ойлгомжтой байгааг харуулна.

Мөн цаашлан “......хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Б нь 2023 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн ...5 дугаар захирамжаар “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээж, шүүх хуралдааныг товлох тухай” захирамж гаргахдаа ...Дээрх нөхцөл байдлын улмаас 2023 оны 5 дугаар сарын 04-ний өдөр товлогдсон шүүх хуралдаанд хариуцагч тус захирамжид гомдол гаргасан гэх үндэслэл болон гомдолдоо тус шүүгчийн Шүүхийн даалгавар биелэгдэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа сэргэх нөхцөл байдал бий болоогүй, өөрөөр хэлбэл шүүхийн алдаанаас болж шийдвэр гүйцэтгэлээр дамжиж хийгдэх ажиллагаа, эрх бүхий байгууллагаар дамжсангүй гэдэг агуулгатай байгаа нь шүүгч Б.Б-ийн дээрх хуулийн илт тодорхой заалтыг удаа дараа зөрчсөн үйлдлийн улмаас бий болсон...” гэж бичсэн байна. Өөрөөр хэлбэл шүүхээр бус шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаар дамжуулж хэрэгжүүлэх ажиллагаа гэж ойлгох ойлголтыг хэргийн оролцогчид төрүүлэх, гомдол гаргах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргэх боломжгүй болох зэрэг нь шүүгчийн үйлдлээс үүссэн дараагийн үр дагавар байх ба энэ нь хэргийг сэргээх боломжгүй болох нөхцөл байдлыг бий болгожээ.

Иймд холбогдох шүүгч нар нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-д “хуулийн илт тодорхой заалтыг ноцтой, ... зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргах” гэж заасныг зөрчсөн болох нь тогтоогдож байх ба харин өргөдөлд дурдсанаар 50 дугаар зүйлийн 50.1.1-д “албан тушаалын байдал, эрх нөлөөгөө урвуулан ашиглаж өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгох” гэх хуулийн заалтыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Хоёр. “... шүүгч Б.Б нь 2023 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн ... 5 дугаар “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээж, шүүх хуралдааныг товлох тухай” захирамжийн үндэслэл болгосон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.3-т “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн шалтгаан арилмагц хэргийн оролцогчийн хүсэлт буюу өөрийн санаачилгаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээн явуулах тухай шүүгч захирамж гаргах ба энэ өдрөөс эхлэн хэрэг хянан шийдвэрлэх хугацааг үргэлжлүүлэн тоолно” гэх зохицуулалт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1 дэх хэсэгт заасан гомдол гаргах эрхтэй захирамжийн төрөлд ороогүй байхад гомдол гаргах эрхтэй захирамж гаргасан нь мөн хуулийн илт тодорхой заалтыг ноцтой зөрчсөн үйлдэл болно...” гэх гомдлын тухайд:

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1-д “Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн ...80, ...дүгээр зүйлд заасан шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж, шийтгэвэрт гарсан өдрөөс нь хойш 10 хоногийн дотор тухайн шатны шүүхэд гомдол гаргаж болно” гэж заажээ.

Өөрөөр хэлбэл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-80.4 дэх хэсэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх, сэргээх тохиолдолд гомдол гаргах эрхтэй байхаар зохицуулсан.

Шүүгчийн 2023 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн ...5 дугаар захирамжийн үндэслэл болсон гэх дээрх хуулийн 80 дугаар зүйлийн 80.3-т заасан “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн шалтгаан арилмагц хэргийн оролцогчийн хүсэлт буюу өөрийн санаачилгаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээн явуулах тухай шүүгч захирамж гаргах ба энэ өдрөөс эхлэн хэрэг хянан шийдвэрлэх хугацааг үргэлжлүүлэн тоолно” гэх заалт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1-д заасан гомдол гаргах эрхтэй заалтад хамаарч байх тул зөрчил гэж үзэхгүй.

Гурав. Сахилгын хорооны хуралдааны тогтоолд “... холбогдох шүүгчид өмнө нь Монгол улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-д зааснаар сахилгын шийтгэл оногдуулж байсан, хуулийн илт тодорхой заалт зөрчсөн үйлдэл бий эсэх талаар тодруулах ...” гэж заажээ.

Шүүхийн сахилгын хорооны Ажлын албанаас Орхон аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Б-д холбогдуулж гаргасан өргөдөл мэдээлэл, түүнтэй холбоотой сахилгын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаар тодруулахад Мэдээлэл дүн шинжилгээний хэлтсийн гаргасан судалгаагаар 6 өргөдөл мэдээлэл ирсэн байх ба сахилгын хорооны хуралдаан болон хянан үзэх хуралдаанаас сахилгын шийтгэл оногдуулсан шийдвэр гараагүй байна.

Дээрхийг нэгтгэн дүгнэвэл өргөдөлд дурдсан үйл баримтад 50.1.23-д “хуулийн илт тодорхой заалтыг ноцтой, ...зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргах” гэх заалтыг холбогдох шүүгч Б.Б, Ц.Д, Р.Ү, Б.Д нар нь зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдож байх тул өргөдлийн дагуу үүсгэсэн сахилгын хэргийн холбогдох хэсэгт нотлох дүгнэлт гаргаж сахилгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэв” гэжээ.

Шүүгч Б.Б нь тайлбартаа: “...1. “А” ХХК нь 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хариуцагч Д.Б-т холбогдуулан нэхэмжлэл гаргаж ...хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн .../ШШ2022/0...5 дугаартай захирамжаар иргэний хэрэг үүсгэсэн байна.

2. Хариуцагч Д.Б нь 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдөр М.Г-т хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөөлөх 3 жилийн хугацаатай итгэмжлэл олгосон байна.

3. Дээрх итгэмжлэлийн дагуу М.Г нь итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардан авсан байх бөгөөд хариуцагчид хариу тайлбараа 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдөр гаргаж өгөх хугацаа шүүхээс тогтоож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр шүүхэд хариу тайлбараа ирүүлжээ.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хариу тайлбартай танилцсан байх ба түүнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх, үүргийг тайлбарлан өгч холбогдох баримт дээр гарын үсэг зуруулжээ.

5. Нэхэмжлэгч “А” ХХК нь хариуцагчийн хариу тайлбартай танилцаад 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлжээ.

6. Нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлагыг 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хариуцагчид гардуулан өгч, хариу тайлбар гаргах хугацааг 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдрөөр тогтоож өгсөн байна.

7. Хариуцагч нь нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагын хариу тайлбарыг 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдөр ирүүлсэн байх ба 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдөр нотлох баримт, хүсэлт гаргах тухай хүсэлт гаргасан байна.

8. Ийнхүү нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн, нэмэгдүүлсэн шаардлагыг хариуцагчид гардуулан өгч хариу тайлбар авсан. Хариуцагч хүсэлт гаргасан зэрэгтэй холбоотойгоор хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацаа дуусахад хүрсэн тул ...хэргийн анхан шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн .../ЗТ2023/...4 дүгээр тогтоолоор хэрэг хянан шийдвэрлэх хугацааг 1 сарын хугацаагаар сунгасан байна.

9. Түүнчлэн шүүгчийн 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн “Даалгавар гүйцэтгүүлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай“ .../Ш32023/...2 дугаар захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6, 41 дүгээр зүйлийн 41.1, 80 дугаар зүйлийн 80.1.8, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг баримтлан нотлох баримт гаргуулах тухай хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг хангаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлж шийдвэрлэжээ.

10. ... хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн .../Ш32023/...2 дугаар “Даалгавар гүйцэтгүүлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай” захирамжийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдөр гардуулан өгч гарын үсэг зуруулан, захирамжид гомдол гаргах эрхийг хангасан байна.

11.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б шүүгчийн захирамжийг гардан аваад захирамжийг эс зөвшөөрч 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдөр тухайн шатны шүүхэд гомдол гаргасан байна.

12. Шүүх гомдлыг хүлээн авч ...хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн .../ШШ2023/.... 60 дугаар тогтоолоор ... хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн .../Ш32023/...2 дугаар захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

13. Даалгаврын дагуу ... дүүргийн ... хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн ..../Ш32023/0...2 дугаар “Хүсэлт шийдвэрлэх тухай” захирамжаар шүүгчийн захирамжид заасан даалгаврыг гүйцэтгэх боломжгүй байгаа тул захирамжийг буцаан хүргүүлэв гэжээ.

14. “А” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.У нь Шүүхийн сахилгын хороонд гаргасан гомдолдоо “...2023 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн хүсэлтийг нэхэмжлэгч талд танилцуулж, мэдэгдэж тайлбар авалгүй хангаж шийдвэрлэсэн нь хэргийн нэг талд цаг хугацааны давуу байдал үүсгэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг удаашруулсан” гэжээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д “Хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримт нь төр байгууллага, хувь хүний нууцтай холбоотой өөр улс, орон нутагт байгаа учраас зохигч тэдгээрийг өөрөө олж авах боломжгүй, түүнчлэн туршилт, үзлэг, таньж олуулах, шинжилгээ хийлгэх, гэрчийн мэдүүлэг авах тохиолдолд нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлнэ” гэж заасны дагуу шүүгч захирамж гаргаж хүсэлтийг шийдвэрлэсэн.

15. Хэргийн нэхэмжлэгч, хариуцагч нар аль аль нь шүүхэд хүсэлт гаргаж нотлох баримт гаргуулж авах эрхтэй. Нэг талын хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь нөгөө талын эрх ашгийг хөндөж, давуу байдал олгож байгаа ажиллагаа огтхон ч биш билээ. Талууд нотлох баримт цуглуулах гаргаж, өгөх талаар адил эрхтэй. Шүүхэд хуулиар олгосон хэргийн оролцогчийн хүсэлтээр нотлох баримт гаргуулах ажиллагааг нэг талд давуу байдал олгосон гэж дүгнэвэл энэхүү 38.6 дахь заалт хэрэгжих боломжгүй, шүүх нотлох баримт гаргуулах ямар ч эрх мэдэлгүй болно.

16. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны нэхэмжлэлийн хувийг гардуулах, эрх үүргийг тайлбарлах, хэргийн оролцогчийг дуудах зэрэг бүх ажиллагааг шүүгчийн туслах хийж гүйцэтгэдэг, шүүгч дээрх ажиллагаанд хяналт тавьж ажилладаг. Шүүгч талуудын эрх ашгийг хөндөх, нэг талд давуу байдал олгох гэх зэрэг санаатай үйл ажиллагаа явуулдаггүй, хуульд захирагддаг. Гомдол гарсны дараа шүүгчийн туслах Б.С-ээс энэ талаар тодруулахад нэхэмжлэгчийн төлөөлөгч рүү удаа дараа утасдсан боловч холбогдохгүй утсаа авахгүй байсан гэж тайлбарласан. Хүсэлтийг шийдвэрлэх хуулийн хугацаа дуусгавар болж байсан тул хүсэлтийг шийдвэрлэж захирамж гаргасан. ... хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн .../Ш32023/...2 дугаар захирамжийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдөр гардуулан өгч гарын үсэг зуруулан, захирамжид гомдол гаргах эрхийг хангасан байна.

17. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн захирамжид гомдол гаргах эрхийг эдлүүлсэн, ... хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн .../Ш2023/....60 дугаар тогтоолоор захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

18. Хэрэг хянан шийдвэрлэх үйл ажиллагаа ил тод нээлттэй явагддаг, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үе шат бүхэнд нэхэмжлэгч, хариуцагч нарын эрх үүргийг тэнцүү эдлүүлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуулийн дагуу явагдаж байсан болох нь дээрх баримтуудаар тогтоогдоно.

19. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугар зүйлийн 50.1.1-д “Албан тушаалын байдал, эрх нөлөөгөө урвуулан ашиглаж өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгох“ заалт бол гэмт хэргийн шинжтэй санаатай үйлдэл, хамгийн хүнд зөрчил юм. Ийм хүнд заалтаар намайг буруутгаж байгаа нь бодит байдалд нийцэхгүй байх тул сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

20. Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2023 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн ГЗБ/2023/...5 дугаартай “Нотлох баримт гаргуулах тухай” захирамжаар холбогдох нотлох баримтыг гаргуулан авсан байх тул хэргээс баримтыг дахин хуулбарлаж явуулаагүй болно ...” гэжээ.

Шүүгч Б.Б нь 2023 оны 5 дугаар сарын 22-ны өдөр ирүүлсэн тайлбартаа: “... А” ХХК-ийн захирал Г.У-ын Шүүхийн сахилгын хороонд нэмж гаргасан гомдолтой танилцаж дараах тайлбарыг гаргаж байна.

1. Урьд нь тайлбар гаргасан тул давхардуулахгүйгээр сүүлчийн гаргасан захирамжийг эс зөвшөөрч гаргасан гомдлын талаар тайлбар гаргаж байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үе шат болгонд гаргасан захирамжийнхаа талаар тухай бүрд нь хариуцлага тооцуулж, гаргасан захирамж шийдвэр болгоноо тайлагнаж байх шаардлагатай болж байгаа юм байна.

2. Энэ нь маш их ачаалалтай ажилладаг шүүгч нарын ажлын цагаас хомсолж, дарамт шахалтад оруулж, ажил хийх хэрэг хянан шийдвэрлэх боломжгүй болгож байна.

3. Өдөр болгон шахуу зузаан зузаан дугтуйтай гомдол хүлээн авч сүүлдээ аль нь билээ гэж ялгах аргагүй бичиг цаасанд дарагдаж ажлын ачааллыг 2-3 дахин нэмэгдүүлж байна.

4. Цаашид ямар нэгэн захирамж шийдвэр гаргах боломжгүй болгож, шүүн таслах ажиллагаанд хууль бусаар нөлөөлж байгаа тул нөлөөллийн мэдүүлэг хөтлөх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзах байдалд хүргэлээ.

5. Шийдсэн болон шийдэх гэж байгаа хэргийнхээ талаар асуугдаж, буруутгагдаж шийтгэл хүлээж байх юм бол Монгол Улсад хараат бус шүүх байхгүй болжээ.

6. Гомдол гаргагч нар юу бичээд яагаад гомдоод юуг шүүмжлээд байгааг ойлгохгүй, толгой хүрэхгүй байна. ... хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн ...5 дугаар “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээж, шүүх хуралдааныг товлох тухай” захирамжид гомдол гаргасан байх шиг байна. Хүсэлтийг хангаж даалгавар гүйцэтгүүлэх тухай захирамж гаргасан, нотлох баримтыг гаргах боломжгүй гэж хариу ирсэн, түдгэлзүүлэх үндэслэл арилсан, хэргийг сэргээж шүүх хуралдааны товыг зарлажээ. Хэргийг сэргээж шүүх хуралдаан товлож болохгүй гэж үү.

7. Тэгээд өөр яах ёстой бэ. Түдгэлзүүлэхээр түдгэлзүүллээ гэж гомдол гаргана, сэргээхээр сэргээлээ гэж гомдол гаргана. Энэ захирамжид Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.3-д зааснаар гаргасан захирамжид 170 дугаар зүйлийн 170.1-д зааснаар гомдол гаргах эрхтэй. Энэ заалтын дагуу гомдол гаргажээ. Зохигчид гомдол гаргах, эс гаргах нь тэдний хуулиар олгогдсон эрхийн асуудал. Энэ эрхийг шүүгч хориглох эрх байхгүй. Мөн гомдлоосоо татгалзах, гомдлоо дэмжих зэрэг нь бүгд хэргийн оролцогчдын хэнтэй ч хуваалцахгүй өөрсдөө шийдэх эрх билээ.

8. Түрүүчийн гомдолтой холбоотой тайлбар гаргахдаа нэг зүйл мартсан байсан. Тэр нь гомдол гаргагч, хариуцагч нь Д гэж прокурорын хүүхэд учраас шүүгч түүнтэй холбоотой ашиг сонирхлын зөрчилтэй гэсэн агуулгатай зүйл бичсэн байсан санагдана. Д гэж хүн Орхон аймгийн прокуророор ажиллаж байгаад тэтгэвэртээ гаргасныг мэднэ. Тэр хүний хувийн байдал, ам бүл хэд, хэдэн хүүхэдтэй, хүүхдүүд нь хэн хэн гэж хүүхдүүд байдгийг би мэдэхгүй. Ах дүүс, танил тал, найз нөхдийн холбоо хязгаарлагдмал, ажлаа л хуулийн дагуу хийж гүйцэтгэе гэж энэ олон жил нэг үзүүрт сэтгэлээр зүтгэж ирсэн билээ.

9. Энэ цаг үед л шүүхийн хараат бус байдал алдагдсан болохыг сэтгэл зүрхээрээ ойлгож мэдэрч байгааг тангараг өргөсөн жирийн шүүгч хүн билээ. Үүнээс өөр тайлбарлаж хэлэх үг алга даа ... “ гэжээ.

Шүүгч Ц.Д, Р.Ү, Б.Д нар тайлбартаа:  ”А” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Д.Б-т холбогдох хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэх, 33.319.440 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт ... хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 02 дугаар сарын 14-ны өдрийн 1192 дугаар захирамжид нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б-ийн гаргасан гомдлыг шүүгч Ц.Д, Р.Ү, Б.Д нарын бүрэлдэхүүнтэйгээр хэлэлцэж, тус захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

Тус шүүхийн шүүгчийн 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн ...2 дугаар захирамжаар “В” ХХК, Д.Б нарын хооронд 2019 оны 3 дугаар сарын 07-ны өдөр байгуулсан ...9 дугаартай “Онцгой нөхцөлтэй үл хөдлөх эд хөрөнгө зээлээр худалдах, худалдан авах гэрээ”, орон сууц хүлээ авахдаа 141.000.000 төгрөг төлсөн гэх баримтыг “В” ХХК-аас гаргуулах тухай хариуцагчийн хүсэлтийг шүүх хүлээн авч, уг нотлох баримт бүрдүүлэх ажиллагааг Хан-Уул дүүргийн шүүхээр даалгавар гүйцэтгүүлж бүрдүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Уг захирамжид нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б нь “...хариуцагч нь хэрэгт хамааралгүй нотлох баримтыг хэргийн оролцогч биш этгээдээс шаардсан хууль бус захирамж...“ гэх үндэслэлээр хүчингүй болгуулахаар гомдол гаргасан.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д “Хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримт нь төрийн болон албаны нууц, байгууллагын нууц, хүний эмзэг мэдээлэлтэй холбоотой; өөр улс, орон нутагт байгаа учраас зохигч тэдгээрийг өөрөө олж авах боломжгүй; түүнчлэн туршилт, үзлэг, таньж олуулах, шинжилгээ хийлгэх, гэрчийн мэдүүлэг авах тохиолдолд нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлнэ” гэж заасан.

Шүүгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа тухайн хэргийг шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай, хэрэгт хамааралтай, зохигч өөрсдөө олж авах боломжгүй гэж үзсэн нотлох баримтуудыг бүрдүүлэхээр шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй тул захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн бөгөөд хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон нотлох баримт бүрдүүлүүлэх эрхийг хангасан, энэ нь нэг талыг баримталсан гэж үзэх үндэслэл болохгүй бөгөөд хуульд заасан үндэслэл журмын дагуу тус шүүхийн шүүгчийн захирамжид гаргасан гомдлыг хэлэлцэж шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй тул сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...“ гэжээ.

Шүүгч Б.Д, Р.Ү нар сахилгын хорооны хуралдаанд ирүүлсэн нэмэлт тайлбартаа: “А” ХХК-ийн нэхэмжлэлтэй Д.Б-т холбогдох хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэх, 33.319.440 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б-ийн гаргасан гомдлын дагуу Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн ГНД/2023/...2 дугаартай нотлох дүгнэлтэд нэмэлт тайлбарыг дараах үндэслэлээр гаргаж байна.

Нотлох дүгнэлтэд “... захирамжид гаргасан нэхэмжлэгч талын гомдлыг хэлэлцэх шүүх хуралдааны даргалагчаар шүүгч Ц.Д, бүрэлдэхүүний шүүгчээр Р.Ү, Б.Д нар томилогдож, 2023 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн гомдол хэлэлцэх хуралдаанаар “...хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай, хариуцагчийн өөрөө олж авах боломжгүй баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр гаргуулахаар шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн гэж дүгнэн, хэвээр үлдээж шийдвэрлэжээ. Захирамжийн гомдлыг хэлэлцсэн шүүх бүрэлдэхүүний шүүгч нарын хувьд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь зохицуулалтын талаар дүгнэснээрээ, шүүгчийн алдаа буюу тус хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх заалтыг хамтад хэрэглэсэн алдааг зөвтгөж чадаагүй, хайхрамжгүй хандан, захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ” гэсэн.

Мөн дүгнэлтэд “...холбогдох шүүгч нар илэрхий тодорхой хуулийн заалтыг зөрчиж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг 52 хоног саатуулж, удаашруулсан нь ноцтой гэж үзэх үндэслэлд хамаарна, ...зөрчил ...дүүргийн ...хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар даалгавар гүйцэтгүүлэх захирамжийг буцаасан байгаагаар нотлогдоно...” гэсэн.

Нэхэмжлэгч тал хариуцагчаас Нийслэлийн ...дүүргийн ...тоот хаягт байршилтай 68,28 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хариуцагч Д.Б “В” ХХК-тай маргааны зүйл болсон дээрх үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авахаар гэрээ байгуулсан бөгөөд уг гэрээ өөрт нь эх хувь байхгүй байсан учраас шүүхэд хуулбарыг нотлох баримтаар ирүүлж, уг гэрээ болон 141.000.000 төгрөгийг төлсөн баримтыг “В” ХХК-аас гаргуулж шүүхийн журмаар бүрдүүлүүлэхээр итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Г шүүхэд хүсэлт гаргасан.

Шүүх уг баримтыг хариуцагч өөрөө олж авах боломжгүй, хэрэгт зайлшгүй шаардлагатай баримт гэж үзэж “В” ХХК-аас гаргуулахаар шийдвэрлэж, нотлох баримт бүрдүүлэх ажиллагааг Хан-Уул дүүргийн шүүхээр даалгавар гүйцэтгүүлэхээр шийдвэрлэсэн байна.

“А” ХХК шүүгчийн захирамжид гаргасан гомдолдоо: “...баримтыг хариуцагч өөрөө бүрдүүлэх боломжтой, ...”В” ХХК нь гаргаж өгөхгүй талаар эс үйлдэхүй гаргаагүй байхад хүсэлтийг шийдсэн, ...мөн уг өмчлөгчийн эрх зөрчигдсөн маргаанд огт хамааралгүй “В” ХХК-тай байгуулсан гэх гэрээг бичгийн нотлох баримтаар тус компаниас гаргуулахаар шаардсан нь шүүх хэргийн оролцогч нотлох баримтыг өөрөө бүрдүүлэх зарчмын үүргийг зөрчсөн, ...хэрэгт хамааралгүй хуулийн этгээдээс баримт шаардсан хууль бус захирамж болсон...” гэсэн.

Өөрт байхгүй нотлох баримтыг шүүхээр бүрдүүлүүлэх эрхийг олгож байгаа ганц заалт бол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь заалт юм. Энэ заалтын дагуу хариуцагч өөртөө байхгүй, тухайн маргааны зүйлтэй хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай баримтыг бүрдүүлүүлэхээр хүсэлт гаргасныг шүүх хүлээж авахгүй байх үндэслэлгүй, хэрэв эсрэгээр уг баримтыг гаргуулах хүсэлтийг хангахаас татгалзах юм бол харин хуулийн илт тодорхой заалтыг ноцтой зөрчих үндэслэлд хамаарах юм.

Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “... хүсэлтийг манайд танилцуулсан бол уг баримтыг манайх нотлох баримтаар гаргаж өгөх боломжтой байсан ...” гэх гомдолд дараах тайлбарыг гаргаж байна. Хавтаст хэргийн 59 дүгээр хуудсанд авагдсан шүүгчийн захирамжид гаргасан гомдлыг хэлэлцсэн 2023 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 60 дугаартай шүүх хуралдааны тэмдэглэлээс үзэхэд нэхэмжлэгчид уг баримт байхгүй байсан нь тогтоогдож байна.

Нөгөөтэйгүүр хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч уг баримт нь хэрэгт ямар ач холбогдолтой, өөрөө олж авах боломжгүй байсан гэдгийг дэлгэрэнгүй тодорхой тайлбарласан байгааг анхааралтай судалж үзнэ үү.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д “Хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримт нь төрийн болон албаны нууц, байгууллагын нууц, хүний эмзэг мэдээлэлтэй холбоотой; өөр улс, орон нутагт байгаа учраас зохигч тэдгээрийг өөрөө олж авах боломжгүй; түүнчлэн туршилт, үзлэг, таньж олуулах, шинжилгээ хийлгэх, гэрчийн мэдүүлэг авах тохиолдолд нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлнэ”, 41 дүгээр зүйлийн 41.1-д “Шийдвэрлэж байгаа хэргийн талаар өөр орон нутгаас нотлох баримт бүрдүүлэх зайлшгүй шаардлагатай, байвал зохигчийн хүсэлтийг үндэслэн шүүгч захирамж гарган тодорхой ажиллагаа гүйцэтгэхийг зохих шүүхэд даалгана” гэсэн хуулийн заалтууд ижил агуулгатай бөгөөд энэ хоёр заалтыг хамтад нь хэрэглэснээр хууль зөрчөөгүй.

... дүүргийн ... хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 6682 дугаартай захирамжид “...38.3-т зааснаар шүүх зохигч аль нэг талын хүсэлтээр эсрэг талаас нотлох баримтыг албадан гаргуулж болно гэж заасан бөгөөд ...захирамжаас үзвэл Д.Б хэргийн зохигч байх бөгөөд нотлох баримтыг хариуцагчаас гаргуулахаар даалгах, хэргийн зохигч биш этгээдээс албадан гаргуулахаар бол шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаар гүйцэтгүүлэх юм" гэж дүгнэсэн.

Гэвч энэ баримт хариуцагч Д.Б-т байхгүй байсан учраас Д.Б шүүхэд хүсэлт гаргасан. Мөн нотлох баримтыг хэргийн зохигч биш этгээдээс гаргуулахаар бол Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаар албадан гаргуулна гэсэн хуулийн зохицуулалт байхгүй бөгөөд харин Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3-аар шүүх зохигч аль нэг талын хүсэлтээр эсрэг талаас буюу хэргийн оролцогчоос нотлох баримтыг албадан гаргуулж болдог. Энэ тохиолдолд шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгүүлж болох юм. Харин манай тохиолдолд бол өөр орон нутагт байгаа хэргийн оролцогч биш этгээдээс нотлох баримт гаргуулахаар шийдвэрлэж байгаа тохиолдолд өөр шүүхэд даалгавар гүйцэтгүүлж шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй, хуулиар хориглоогүй юм.

Мөн дээрх захирамжид “... 41.1-д зааснаар шүүх өөр аймагт байгаа, нотолгоо, эд мөрийн баримтад үзлэг хийлгэхийг хүсэх, хэргийн үйл баримтыг тодорхой мэдэх гэрчийн мэдүүлгийг түүний оршин суугаа газрын харьяалах шүүхээр авхуулахаар даалгавар гүйцэтгэнэ” гэж заасан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1-д зөвхөн гэрчийн мэдүүлэг авах, үзлэг хийлгэхэд өөр шүүхэд даалгахаар бус харин өөр орон нутгаас нотлох баримт бүрдүүлэх шаардлагатай тохиолдолд уг заалтыг хэрэглэх талаар хуульчилсан.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.6, 41.1 дэх заалтуудыг хамтад нь хэрэглэсэн нь хууль зөрчөөгүй, хуулиар хориглоогүй, энэ нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т заасан “хуулийн илт тодорхой заалтыг ноцтой, ...зөрчсөн үйлдэл гаргах” зөрчилд хамаарахгүй гэж үзэж байна” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Өргөдөл гаргагч “А” ХХК нь “Ерөнхий шүүгч Б.Б нь хариуцагч талын нотлох баримт гаргуулах тухай хүсэлтийг нэхэмжлэгч талд мэдэгдэж, танилцуулалгүйгээр хангаж, даалгавар гүйцэтгүүлэхээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн захирамж гаргасан нь шүүгч өөрийн албан тушаалын байдал, эрх нөлөөгөө урвуулан ашиглаж хэргийг удаашруулж байгаа үйлдэл бөгөөд үүний улмаас хариуцагч талд цаг хугацааны хувьд давуу байдал бий болгосон нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.1 дэх заалтыг зөрчсөн” гэх агуулгаар өргөдөл гаргасан байна. /с.х-ийн 1 дүгээр хавтасны 1-2 тал/

Илтгэгч гишүүн нь 2023 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн ГНД/2023/...4 дүгээр нотлох дүгнэлтээр шүүгч Б.Б-г сахилгын зөрчил гаргасан гэж үзсэн бөгөөд тухайн дүгнэлтийг Шүүхийн сахилгын хорооны 2023 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэн, СХТ/2023/...9 дүгээр тогтоолоор “...Нотлох дүгнэлтэд даалгавар гүйцэтгүүлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээсэн шүүхийн тогтоолын талаар дүгнэлт хийгээгүй байна...” гэж дүгнэн илтгэгч гишүүний дүгнэлтийг хүчингүй болгож, дахин шалгуулахаар буцаасан тул илтгэгч гишүүн нь 2023 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн ГЗБ/2023/...5 дугаар захирамжаар шүүгч Б.Д, Ц.Д, Р.Ү нарт сахилгын хэрэг үүсгэж, шалгах ажиллагаа явуулжээ. /с.х-ийн 1 дүгээр хавтасны 189-200, 240-243, 2 дугаар хавтасны 1-2 тал/

Илтгэгч гишүүн нь дүгнэлтдээ “... зохигч нь нэхэмжлэл гардан авсан, тайлбар гаргах зэрэг ажиллагаа хийгдэж байсан нь шүүх хуралдаан товлох нөхцөл бүрдээгүй байсан гэж үзэх үндэстэй байх тул  “...иргэний хэрэг үүсээд 1 сар 27 хоногийн хугацаа өнгөрөхөд шүүх хуралдааныг огт товлоогүй...” гэх өргөдөл үндэслэлгүй байна; ...шүүгчийн 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн .../Ш32023/...2 дугаар захирамжид Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6, 41 дүгээр зүйлийн 41.1 дэх заалтыг удирдлага болгожээ. Гэтэл эдгээр заалт нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны нотлох баримт гаргуулах, олж авахтай холбоотой өөр өөр ойлголтыг зохицуулдаг болно. ...Түүнчлэн өөр этгээдээс нотлох баримт гаргуулах, шүүхийн даалгавар гүйцэтгүүлэх гэсэн өөр өөр агуулгатай, практикт хэдийнээ тогтсон ойлголтыг хольж хутган,  бичмэл баримтыг хэргийн оролцогч биш хуулийн этгээдээс гаргуулахаар өөр шүүхэд даалгасан нь дээрх хуулийн 38.6 болон 41 дэх заалтын аль алинд хамаарахгүй агуулгыг тусгажээ... Энэхүү хүсэлт шийдвэрлэн захирамж гаргасан, тус захирамжийг хянасан ажиллагааны үр дагаварт хэргийг... 52 хоног саатуулж удаашруулсан нь ноцтой гэж үзэх үндэслэлд хамаарна... Иймд холбогдох шүүгч нар Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т заасныг зөрчсөн болох нь тогтоогдож байх ба харин өргөдөлд дурдсанаар 50 дугаар зүйлийн 50.1.1-д заасныг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна...; шүүгч Б.Б нь 2023 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн .../ШЗ2023/...5 дугаар захирамждаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.3 заалтыг үндэслэл болгосон нь мөн хуулийн 170 дугаар зүйлийн 170.1 дэх хэсэгт хамаарч байх тул зөрчил гэж үзэхгүй...” гэжээ. /с.х-ийн 2 дугаар хавтасны 16-29 тал/

Илтгэгч гишүүний “Сахилгын зөрчил гаргасныг нотлох тухай” дүгнэлтийг доорх үндэслэлээр хүчингүй болгож, сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж бүрэлдэхүүн шийдвэрлэлээ. Тодруулбал,

1. Өргөдөл гаргагч нь өргөдөлдөө “...иргэний хэрэг үүсгээд 1 сар 27 хоногийн хугацаа өнгөрөхөд шүүх хуралдаан огт товлоогүй атлаа 60 хоногийн ерөнхий хугацаа өнгөрөхөөс өмнө хариуцагч талын хүсэлтийг нэхэмжлэгчид мэдэгдэж,  танилцуулалгүйгээр хүлээн авч, ...түдгэлзүүлсэн. Энэ нь ... хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгч өөрийн албан тушаалын байдал, эрх нөлөөгөө урвуулан ашиглаж хэргийг удаашруулж байгаа үйлдэл гэж үзэж байгаа бөгөөд үүний улмаас бусдад буюу хариуцагчид цаг хугацааны хувьд давуу байдал бий болгосон ... ” гэж дурдсан.

Илтгэгч гишүүний нотлох дүгнэлтийн 9-10 дугаар талд шүүгч Б.Б-ийн иргэний хэрэг үүсгэснээс, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх хүртэлх хугацаанд шүүхийн явуулсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг нэг бүрчлэн бичсэн байгаа нь сахилгын хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх тул гишүүний “иргэний хэрэг үүсгээд 1 сар 27 хоногийн хугацаа өнгөрөхөд шүүх хуралдааныг огт товлоогүй...” гэх өргөдөл үндэслэлгүй байна” гэсэн нь сахилгын хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх тул үндэслэл бүхий болжээ. /с.х-ийн 1 дүгээр хавтасны 15-58, 2 дугаар хавтасны 16-29 тал/

Түүнчлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт “Хэргийн оролцогч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дараах эрх эдэлнэ”, 25.1.1 дэх  хэсэгт “эсрэг талын шаардлага, тайлбар, татгалзал, түүнийг нотлох баримттай танилцах, тэдгээрт тайлбар өгөх” гэж зааснаар хэргийн оролцогч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэдийд ч хүсэлтээ гаргах эрхтэй бөгөөд Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2022  оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 52 дугаар тогтоолын 1 дүгээр баталсан “Иргэний хэргийн хөдөлгөөний нийтлэг аргачлал”-ын 4 дүгээр зүйлийн 4.2.2-т “шүүгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1 дэх хэсэгт зааснаас бусад хүсэлтийг хүлээн авсан өдрөөс хойш 7 хоногийн дотор шийдвэрлэнэ. Хүсэлт шийдвэрлэсэн шүүгчийн захирамжийг шүүгчийн туслах талуудад 5 хоногийн дотор мэдэгдэж, баримт №7-г үйлдэж, хэрэгт хавсаргана” гэж зааснаар хүсэлтийг 7 хоногийн дотор шийдвэрлэх юм.

Сахилгын хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хүсэлтээ гаргасныг шүүгч 8 дахь хоногт буюу 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн захирамжаар шийдвэрлэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлжээ.

Нэхэмжлэгч нь нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1 дэх заалтад зааснаар хэдийд ч хэргийн материалтай танилцах эрхтэй бөгөөд мөн хуулийн 170 дугаар зүйлийн 170.1 дэх хэсэгт заасан гомдол гаргах эрхийнхээ дагуу гомдол гаргасан байх тул шүүгч Б.Б-г “нэхэмжлэгчид мэдэгдүүлэлгүй, тайлбар авалгүй хүсэлт шийдвэрлэсэн” гэж буруутгахгүй юм.

2. Сахилгын хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд шүүгч Б.Б-ийн 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн .../ШЗ2023/...2 дугаар захирамжаар “А” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Д.Б-т холбогдох иргэний хэргийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Г-ийн хүсэлтээр “В” ХХК, иргэн Д.Б нарын 2019 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн ...9 дугаартай “Онцгой нөхцөлтэй үл хөдлөх эд хөрөнгө зээлээр худалдах, худалдан авах гэрээ” болон Д.Б нь “В” ХХК-д мөн өдөр гэрээг байгуулж орон сууцыг хүлээн авахдаа 141.000.000 төгрөг төлсөн нотлох баримтыг ... дүүргийн ... хэргийн анхан шатны шүүхээр даалгавар гүйцэтгүүлж гаргуулахаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлжээ. /с.х-ийн 1 дүгээр хавтасны 60-62 тал/

 Шүүгч Б.Б нь дээрх захирамжийг гаргахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6, 41 дүгээр зүйлийн 41.1, 80 дугаар зүйлийн 80.1.8, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгосон байна.

Уг шүүгчийн захирамжийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б эс зөвшөөрч гаргасан гомдлыг тус шүүхийн Ерөнхий шүүгчийн 2023 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн .../ЕШ2023/...7 дугаар захирамжаар гомдол шийдвэрлэх шүүх хуралдааны даргалагчаар шүүгч Ц.Д, бүрэлдэхүүнд шүүгч Р.Ү, Б.Д нарыг томилсон шийдвэрийг албажуулжээ.

Тухайн шүүх бүрэлдэхүүн нь 2023  оны 3 дугаар сарын 03-ны өдрийн шүүх хуралдаанаар  уг гомдлыг хянан хэлэлцэж, .../ШТ2023/....60 дугаар тогтоолоор “...хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай, хариуцагчийн өөрөө олж авах боломжгүй баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр гаргуулахаар шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн...” гэж дүгнэн шүүгчийн .../ШЗ2023/...2 дугаар захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн болно. /с.х-ийн 1 дүгээр хавтасны 68, 76-85 тал/

Гомдол шийдвэрлэх шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  нь “...тухайн орон сууцтай холбоотой 2 маргаан иргэний хэргийн шүүх дээр хэлэлцэгдэж байгаа. Нэг нь ...дүүргийн ...хэргийн анхан шатны шүүх дээр Б орон сууцны өмчлөл болоод гэрээний үүргийн биелэлттэй холбоотой маргаанаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч “А” ХХК-ийн гаргасан хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх худалдах, худалдан авах асуудал байдаг. Тэр хэргийн хувьд “В” ХХК тухайн хэрэг дээр сөрөг нэхэмжлэл гаргаад орон сууцны төлбөр тооцоотой холбоотой нэхэмжлэл гаргасан... “В” ХХК, Б нар ...дүүргийн ...хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэгч, хариуцагчаар эсрэг байр суурьтай оролцож байгаа. Нөгөө талаас энэ орон сууцыг онцгой нөхцөлтэй худалдах, худалдан авах гэрээ гэж хийхдээ Б-т нэг хувийг нь анхнаас нь өгөөгүй, ...мөн 140.000.000 төгрөгийг тухайн компанид бэлнээр өгсөн боловч гарын үсэг зуруулаад баримтыг мөн өгөөгүй юм байна. ... дүүргийн ... хэргийн анхан шатны шүүхэд “В” ХХК, “А” ХХК-тай ашиг сонирхол нэгтэй. Нөгөө талаас энэ компани тухайн нотлох баримтыг гаргаж өгөхгүй гэдгээ илэрхийлсэн. Тийм учраас ... хариуцагчаас гаргуулах асуудлыг шүүхэд хүсэлт гаргах замаар шийдвэрлэхээс өөр сонголтгүй болсон. Хоёрдугаарт ... нотлох баримт нь... хувь хүний нууцтай холбоотой байхаас гадна өөр орон нутагт байгаа нотлох баримтыг өөрөө олж авах боломжгүй... өөрөө олж авахаар хандсан “В” ХХК эсрэг байр суурьтай оролцдог учраас нотлох баримтыг Б-т өгдөггүй...” гэх тайлбар хэлснийг дурдах нь зүйтэй. /с.х-ийн 76-82 тал/

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт “Хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримт нь ...өөр улс, орон нутагт байгаа учраас зохигч тэдгээрийг өөрөө олж авах боломжгүй; ...тохиолдолд нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлнэ”, 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт “Шийдвэрлэж байгаа хэргийн талаар өөр орон нутгаас нотлох баримт бүрдүүлэх зайлшгүй шаардлагатай байвал зохигчийн хүсэлтийг үндэслэн шүүгч захирамж гарган тодорхой ажиллагаа гүйцэтгэхийг зохих шүүхэд даалгана”, 80 дугаар зүйлийн 80.1 дэх хэсэгт “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг дараах тохиолдолд шүүхийн тогтоол, шүүгчийн захирамжаар түдгэлзүүлнэ”, 80.1.8 дахь заалтад “энэ хуулийн 39, 41, 47 дугаар зүйлд заасан ажиллагаа явуулж байгаа бол”, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт “Хэрэг хянан шийдвэрлэж энэ хуулийн 115, 116 дугаар зүйлд зааснаар шийдвэр гаргаснаас бусад тохиолдолд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулах, хэргийг хэрэгсэхгүй болгохтой холбогдуулан шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана” гэж тус тус заасан.

Хуулийн дээрх зохицуулалтаас үзэхэд хэргийн оролцогчийн хүсэлтээр өөр орон нутагт байгаа, хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримтыг шүүх бүрдүүлж болох бөгөөд тухайн нотлох баримтыг өөр орон нутгаас бүрдүүлэх шаардлагатай гэж үзвэл шүүгч тодорхой ажиллагаа гүйцэтгэхийг зохих шүүхэд даалгахаар байна. Хэрэв зохих шүүхэд даалгаж буй бол мөн хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.8 дахь заалтад зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх юм.

Харин хэргийн оролцогчдоос гаргасан “шүүхийн журмаар бүрдүүлэх нотлох баримт нь хэрэгт ач холбогдолтой эсэх”-ийг мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар шүүгч өөрийн дотоод итгэлээр үнэлэх нь хуулиар олгогдсон бүрэн эрх нь билээ.

Хэдийгээр илтгэгч гишүүн нь “... эдгээр заалт нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны нотлох баримт гаргуулах, олж авахтай холбоотой өөр өөр ойлголтыг зохицуулдаг болно. ...Түүнчлэн өөр этгээдээс нотлох баримт гаргуулах, шүүхийн даалгавар гүйцэтгүүлэх гэсэн өөр өөр агуулгатай, практикт хэдийнээ тогтсон ойлголтыг хольж хутган,  бичмэл баримтыг хэргийн оролцогч биш хуулийн этгээдээс гаргуулахаар өөр шүүхэд даалгасан нь дээрх хуулийн 38.6 болон 41 дэх заалтын аль алинд хамаарахгүй агуулгыг тусгажээ...” гэж үзсэн боловч энэ нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх гэх шаардлагыг хангахгүй байна гэж үзлээ.

Учир нь шүүгчийн захирамж болон шүүхийн тогтоолд баримталсан хуулийн заалтууд нь тухайн шүүгч, шүүх бүрэлдэхүүний хууль хэрэглээтэй холбоотой бөгөөд Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт “Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү Монгол Улсын Үндсэн хууль болон энэ хуульд заасны дагуу байгуулсан шүүх хэрэгжүүлнэ” гэж заасан байдаг тул Шүүхийн сахилгын хороонд шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолын хууль зүйн үндэслэлийг хянах, үнэлэх, тухайн эрхийн актыг дүгнэх эрхийг хуулиар олгоогүй болно.

Илтгэгч гишүүн нь шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг хуулийн илт тодорхой заалтыг ноцтой зөрчсөн нь ... дүүргийн ... хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн .... /ШЗ2023/0...2 дугаар захирамжид “... нотлох баримтыг хариуцагчаас гаргуулахаар даалгах, хэргийн зохигч биш этгээдээс албадан гаргуулах бол шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаар гүйцэтгүүлэх юм” гээд ... хэргийн анхан шатны шүүхийн шүүгч .../ШЗ2023/...2 дугаар захирамжийг буцааснаар нотлогдоно” гэж үзсэн.

Гэхдээ анхан шатны шүүхийн шийдвэрийг дээд шатны шүүх болох давж заалдах шатны шүүх, давж заалдах шатны шүүхийн магадлалыг Улсын дээд шүүх хянадаг ерөнхий зохицуулалттай.

Иймд адил шатны шүүхийн шүүгчийн захирамжийг үндэслэн сахилгын хэргийн оролцогч шүүгч нарыг “хуулийн илт тодорхой заалтыг зөрчсөн нь нотлогдож байна” гэж үзэх нь учир дутагдалтай үзлээ. /с.х-ийн 150-151 тал/

Түүнчлэн сахилгын хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд шүүгч Б.Б нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлж захирамж гаргасан, шүүх бүрэлдэхүүний шүүгч Б.Д, Р.Ү, Ц.Д нар тухайн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээсэн гомдол шийдвэрлэх шүүх хуралдааны шүүхийн тогтоол гаргасан, шүүгчийн захирамжийг биелүүлэх боломжгүй гэж үзэн ...дүүргийн ...хэргийн анхан шатны шүүхээс буцаасан цаг хугацааг тоолоход 52 хоног болж байгааг “ноцтой” зөрчилд хамааруулах боломжгүй юм.

Тодруулбал “А” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Д.Б-т холбогдох иргэний хэргийг шүүгч Б.Б-ийн 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн .../ШЗ2022/0...5 дугаар захирамжаар иргэний хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж эхэлсэн байна. Улмаар шүүгчийн 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн .../ШЗ2023/...2 дугаар захирамжаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлжээ. /с.х-ийн 1 дүгээр хавтасны 21, 60-62 тал/

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт “Хуулиар өөр хугацаа тогтоогоогүй бол хэрэг үүсгэсэн өдрөөс хойш 60 хоног, ...шийдвэрлэнэ”, мөн зүйлийн 71.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 71.1-д заасан хугацааг тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс нэг удаа 30 хүртэл хоногоор сунгаж болно” гэж зааснаар хэрэг  хянан шийдвэрлэх ажиллагааны хугацаа 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдөр дуусаж, хуульд зааснаар тус шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн .../ЗТ2023/...4 дүгээр тогтоолоор 30 хоногоор сунгахад, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацаа 2023 оны 3 дугаар сарын 12-ны өдөр дуусах байжээ. /с.х-ийн 1 дүгээр хавтасны 59 тал/

Өөрөөр хэлбэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг 62 дахь хоногт нь түдгэлзүүлж, 52 хоногийн дараа буюу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дуусахад 28 хоног дутуу байхад сэргээсэн болох нь сахилгын хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна. /с.х-ийн 21, 59-62, 161-162  тал/

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт “Хуулиар өөр хугацаа тогтоогоогүй бол хэрэг үүсгэсэн өдрөөс хойш 60 хоног, ...шийдвэрлэнэ” гэж зааснаас үзвэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ерөнхий хугацаа 60 хоног байх бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлснийг “ноцтой зөрчил”-д хамааруулах боломжгүй байна.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т зааснаар хуулийн илт тодорхой заалтыг зөрчсөн нь “ноцтой” эсхүл “удаа дараа” зөрчсөн байхыг шаардах бөгөөд шүүгч, шүүх бүрэлдэхүүний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан дээрх эрхийн актуудыг “ноцтой” зөрчилд тооцохгүй.

Иймд сахилгын хэргийн оролцогч шүүгч Б.Б, Б.Д, Р.Ү, Ц.Д нарын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан хууль хэрэглээ нь сахилгын зөрчилд хамаарахгүй гэж үзсэн тул илтгэгч гишүүний нотлох дүгнэлтийг хүчингүй  болгож, сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.1, 112.2, 112.4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Илтгэгч гишүүний 2023 оны 10 дугаар сарын 02-ны ГНД/2023/...2 дугаар “Сахилгын зөрчил гаргасныг нотлох тухай” дүгнэлтийг хүчингүй болгож, ...хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч байсан, одоо тус аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Б, шүүгч Б.Д, ...шүүхийн шүүгч Ц.Д, ...Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Р.Ү нарт холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6 дахь хэсэгт зааснаар магадлал гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл гаргагч нарын оршин суугаа газрын эсхүл ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл Ажлын албаны ажилтнаар хүргүүлэхийг Ажлын албанд даалгасугай.

3. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.7 дахь хэсэгт зааснаар дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох ба энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг тайлбарласугай.

4. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.8 дахь хэсэгт зааснаар магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Шүүхийн сахилгын хороонд сахилгын хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 ДАРГАЛАГЧ                                     Д.ЭРДЭНЭЧУЛУУН

                       ГИШҮҮД                                 Д.МЯГМАРЦЭРЭН

                                                                     Г.ЦАГААНЦООЖ