info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих ШИЛЭН ДАНС
ENMNG

МОНГОЛ УЛС

ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО

МАГАДЛАЛ

2024-12-24

Дугаар 130

Улаанбаатар хот

  Нотлох дүгнэлтийг хүчингүй болгож, сахилгын хэргийг

бүхэлд нь хэрэгсэхгүй болгох тухай

Шүүхийн сахилгын хорооны хуралдааныг гишүүн Ц.Давхарбаяр даргалж, гишүүн О.Номуулин, Д.Эрдэнэчулуун нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Д.Ариунтуяа, нарийн бичгийн даргаар хуралдаан хариуцсан ахлах мэргэжилтэн Г.Болортуяа нарыг оролцуулан, Сахилгын хорооны хуралдааны 105 тоот танхимд нээлттэй хийв.

Тус хуралдаанаар, ..... шүүхийн шүүгч Р.Ү, Б.Х нарт холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг, ..... шүүхийн Ерөнхий шүүгч Д.А-д холбогдох сахилгын зөрчил гаргасныг нотлох тухай дүгнэлтийг гишүүн Д.Ариунтуяагийн илтгэснээр хянан хэлэлцээд,

ТОДОРХОЙЛОХ нь:

Илтгэгч гишүүн нь 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн ГНД/2024/.... дугаар сахилгын зөрчил гаргасныг нотлох дүгнэлтдээ:

“... 1. .... шүүхийн Ерөнхий шүүгч Д.А-т холбогдуулан ...Д.А шүүгчийн №323 тоот албан бичигт н.О өмгөөлөгчийн хүсэлтийг хангаж дээрх хуудаснуудыг “хуулбарлан хүргүүлэв” гэжээ. Гэтэл тэрхүү хуудаснуудыг н.О нь өөрөө гар утсаараа зургуудыг нь дарж аваад өнгөтөөр хувилж гаргаад, ямар ч албаны “Энэ үнэн хувилбар болно” гэсэн тамга, тэмдэг, гарын үсэггүй, өдөр хоноггүй цааснуудыг нотлох баримтаар иргэний хавтаст хэрэгт хавсаргаж оруулсан байгаа. Л.Д-д холбогдох гэр бүлийн хүчирхийллийн зөрчлийн №...... дугаартай хэргийн шүүх хуралдаан 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр 16 цаг 00 минутад товлогдсон байсан бөгөөд уг зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа нь дуусаагүй, шүүх хуралдаан нь эхлээгүй байхад хуралдаан болохоос бүр өмнө гэхдээ хуралдаан болох тухайн өдрөө Эрүүгийн хэргийн ерөнхий шүүгч Д.А-т өмгөөлөгч н.О нь хүсэлтээ гаргаж, түүнийг нь шүүгч хүлээн авч өдөрт нь хүсэлтийг хангаж шийдвэрлэхдээ "...хуудаснуудыг хуулбарлан хүргүүлэв” гэж эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс албан ёсоор хүргүүлж байгаа юм шиг албан тоот гарган хуулийг ноцтой зөрчиж байгаа юм” гэх агуулга бүхий өргөдлийг Г.З гаргажээ.

Өмгөөлөгч Д.О-с 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Л.Д-д холбогдох зөрчлийн ...... дугаартай материалаас баримт хуулбарлуулах хүсэлтийг .... шүүхэд  өгч, тус шүүхээс Л.Д-д холбогдох зөрчлийн хэргээс 1, 4, 9-18, 21, 24, 28, 32, 33, 53-60, 74 дүгээр хуудаснуудад авагдсан баримтуудыг 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 323 дугаар албан бичгээр тус аймгийн .... шүүхэд хүргүүлсэн байна.

Энэ талаар холбогдох шүүгч Д.А “...яагаад хуулж авсан баримтуудыг “хуулбар үнэн” тэмдгээр баталгаажуулаагүй иргэний хэрэгт өгснийг мэдэхгүй байна. Энэ талаар Г.Э шүүгчийн туслах тайлбар өгснийг хавсаргалаа.  Шүүгчийн туслах нь шүүгчийн өгсөн даалгаврын дагуу л ажил үүргээ гүйцэтгэх үүрэгтэй. Дадлага туршлагатай олон жил ажиллаж байгаа туслахууддаа шүүгч нар итгэдэг, ажлын ачаалал өндөр тул шүүгчийн туслахын, шүүгчийн үйл ажиллагаанд техник, зохион байгуулалтын туслалцаа үзүүлж буй үйлдэл нэг бүрийг нүд үзэж хянах боломжгүй, шаардлага ч үгүй байдаг. ...Туслах нь ийм ийм баримтууд явуулах гэж байгаа талаар танилцуулаагүй. Г.Э шүүгчид өөрт нь танилцуулсан байсан. Шүүгч зөвшөөрсөн байхаар нь баталгаажуулж өгсөн. Хуудаснуудыг нь тулгаж өгсөн юм байна лээ. ...Архиваас гараагүй хэрэг болохоор архивын хуулбар үнэн дарагдахгүй. Ямар ч байсан энэ хэргээс тэдний өдөр хуулбарлан өгөв гэж туслах баталгаажуулах ёстой. ...өмгөөлөгчийн гар утсаар дарсан баримтыг оруулж ирсэн бол би анзаарах байсан” гэх тайлбарыг өгсөн.

Гэрч Д.О “...хэргээс хуулбарлаж тулгаж өгсөн. Миний хүсэлтэд заасан баримтууд байсан. Би тухайн хэрэгт өмгөөлөгчөөр нь ажиллаж байсан. Н.О шүүгчийн туслах хуулбарлаж өгсөн. Би гар утсаараа дараагүй. Тэр туслах хүртэл гар утсаараа дарах шаардлага байхгүй. Иргэний хэрэгт ямар баримтууд байгааг сайн санахгүй байна. Гар утсаар дарсан, канондсон байсан талаар санахгүй байна” гэх мэдүүлгийг, шүүгчийн туслах Б.О ирүүлсэн тайлбартаа “...тухайн хуудсыг хуулбарлахдаа хэрхэн яаж хуулбарласан талаар одоогоор санахгүй байна. Учир нь 1 жил 3 сарын өмнөх болсон үйл явдал юм. Тус хуулбарласан баримтууд нь тухайн зөрчлийн хэргийн хуудастай ижил яг таарч байгаа болно. ...зөрчлийн хэргээс хуулбарлан авахад тухайн хэрэг нь хянан шийдвэрлэх ажиллагаанд байсан тул хуулбар үнэн тэмдэг дарагдаагүй болно” гэжээ.

Тухайн иргэний хэрэгт ажиллагаа явуулж байгаа шүүгч Р.Ү өгсөн тайлбартаа “...Баталгаажуулаагүй байсан. Хариуцагчийн өмгөөлөгчид нотлох баримтын шаардлага хангахгүй баримтууд байна гэж хэлсэн байсан. Тэгэхэд Л.Д-ын өмгөөлөгч Эрүүгийн шүүхэд хүсэлт гараад эрүүгийн хэргийн шүүхээс тоотой баримтууд ирүүлсэн. Зөрчлийн хэргийн материалаас ийм ийм баримтууд хуулбарлан хүргүүллээ гэсэн тоотоор ирүүлсэн. Яагаад хуулбар үнэн тэмдэг дарахгүй байгаа юм бэ гэхэд архивд ороогүй хэрэг учраас манайх хуулбар үнэн тэмдэг дарах боломжгүй байна гэж тайлбарласан. Манай хэрэгт байгаа баримтууд нь хүртэл гар утсаараа дарсан баримтуудыг өгсөн. Шүүхээс өгсөн бол арай өөр байдлаар канондогдох байсан. Гар утсаараа дарсан баримтуудыг манайд нотлох баримтаар авчирч өгсөн юм шиг байгаа юм. Нотлох баримтыг шаардлага хангахгүй баримтыг шүүх авахгүй гэж хэлэхэд эрүүгийн шүүхэд О өмгөөлөгч хандсан байх” гэх тайлбарыг өгсөн байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль 16.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хуулийн этгээд, албан тушаалтан, иргэний баталсан болон бичсэн баримт бичиг, эрүүгийн хэрэгт ач холбогдолтой баримтат мэдээллийг тухайн төрийн байгууллагаас үнэн зөвийг баталгаажуулж ирүүлсэн тохиолдолд нотлох баримт болно”, 4 дэх хэсэгт “Энэ хуулийн 16.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан нотлох баримтыг тухайн төрийн байгууллагаас үнэн зөвийг баталгаажуулж ирүүлнэ” гэж тус тус заасан.

Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэгт “Төрийн болон төрийн бус байгууллага, хуулийн этгээд нь бичмэл нотлох баримтыг өөрийн байгууллагын архивын "хуулбар үнэн" гэсэн тэмдэг дарж баталгаажуулна” гэж заажээ.

Дээрх албан бичигт хавсарган хүргүүлсэн баримтууд нь өргөдөлд дурдсанчлан нотлох баримтын шаардлага хангахгүй гар утсаар дарсан баримтууд болох нь Ц.Э-ий нэхэмжлэлтэй Л.Д-д холбогдох иргэний хэргээс хуулбарлан авсан баримтуудаар тогтоогдож байна.

Ийнхүү шүүгч нотлох баримтын шаардлага хангахгүй гар утсаар дарсан баримтыг шүүхийн албан тоотоор баталгаажуулж хүргүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

Хэдийгээр шүүгчийн туслах нь шүүгчид техник, зохион байгуулалтын туслалцаа үзүүлж, хэргээс баримт хуулбарлан өгөх зэргээр шүүгчийн өдөр тутмын үйл ажиллагаанд туслан гүйцэтгэх чиг үүргийг хэрэгжүүлдэг хэдий ч Ерөнхий шүүгч Д.А нь тухайн шүүхийг төлөөлж хэрэгт чухал ач холбогдол бүхий баримтыг баталгаажуулан хүргүүлэхдээ хяналт тавих чиг үүргээ хэрэгжүүлэн ажиллаагүй болох нь шүүгчийн тайлбар, гэрчүүдийн мэдүүлэг, иргэний хэргийн хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.

Түүнчлэн шүүгч Д.А-ийн баталгаажуулан хүргүүлсэн гэх баримтууд нь гар утсаар дарж хэвлэсэн баримт байгаад зогсохгүй Иргэний хэргийн шүүхийн шүүгчийн захирамжийн үндэслэл болж байгаа нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т заасан хуулийн илт тодорхой заалтыг ноцтой зөрчсөн зөрчилд хамаарахаар байна гэж үзлээ. 

2. Шүүгч Р.Ү-д холбогдуулан “...н.О өмгөөлөгч гар утсаараа авсан зургуудыг иргэний хэрэгт эрүүгийн хэргийн ерөнхий шүүгч Д.А-ийн №323 тоот албан бичгээр шударга бусаар булхайцаж албажуулсан болгож хавсаргасныг болон 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн Улаанбаатар хотын .... шүүхийн №239 дугаар шийтгэврээр Л.Д нь гэр бүлийн хүчирхийлэл хийсэн нь нотлогдон буруутгагдаж, 20 цагийн сургалт, 7 хоногоор баривчлагдан хорьсныг үндэслэн захирамждаа “Иймд гэрлэгчдийн хэн нэг нь гэр бүлийн гишүүдийн эрүүл мэнд /бусад нөхцөл байдлаар/-ийн хувьд хохирол учруулж болохоор байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.Э-г хариуцагч Л.Д-с тусдаа амьдрахыг даалгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ” гэж бичсэн. ...хамгийн гол нь Л.Д, Ц.Э 2 хамт нэг дээвэр дор байвал бие биедээ хохирол учруулж болзошгүй гэж үндэслэн Р.Ү шүүгч Ц.Э-д тусдаа амьдруулахыг шударга бусаар даалгаж шийдвэрлэхдээ дээрх үндэслэлд авагдсан мэдээллийн бодит байдалд нийцсэн эсэхийг дүгнэж цэгнэлгүй, ямар ч тайлбар авалгүй шийдвэрээ дураараа гаргасан. ...Р.Ү шүүгч тэр хүсэлтийг бүрэн хангаж шийдвэрлэхдээ “Шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй дурдсугай” гэж бичсэн байсан” гэж заасан.

Иргэн Ц.Э-ий нэхэмжлэлтэй Л.Д-д холбогдох “гэрлэлт цуцлуулах, дундын эд хөрөнгийн хамтран өмчлөгчөөр тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгт шүүгч Р.Ү хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байна.

Хариуцагч Л.Д-с 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр нэхэмжлэгч Ц.Э-гээс тусдаа амьдрахыг даалгахыг хүссэн хүсэлтийг ирүүлж, өмгөөлөгч Д.О-гээс ..... шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 323 дугаар албан бичгээр Л.Д-д холбогдох зөрчлийн хэргээс холбогдох баримтыг өгсөн байна.

Шүүгч Р.Ү 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 142/ШЗ2022/05001 дугаар шүүгчийн захирамжаар ... шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 239 дүгээр шийтгэвэр, .... шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 323 дугаар албан бичгээр ирүүлсэн баримтуудыг үндэслэн нэхэмжлэгч Ц.Э-г хариуцагч Л.Д-с тусдаа амьдрахыг даалгаж шийдвэрлэсэн байна. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт “Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ”, 40.2 дахь хэсэгт “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэж заасан.

Дээрх хуулийн зохицуулалтаас үзвэл шүүгчид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан хүсэлтийг шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлэн шийдвэрлэх бүрэн эрхийг хуулиар олгосон байна.

Тодруулбал, шүүгч зохигчдын тайлбар, шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бүрдсэн хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судалж, хууль зүйн болон бодит байдалд дүгнэлт хийн, нотлох баримтын хүрээнд тэдгээрийг үнэлэн, өөрийн дотоод итгэл үнэмшилд тулгуурлан, хуулиар олгосон бүрэн эрхийнхээ хүрээнд хэргийг хянан шийдвэрлэдэг тул шүүгчийг хүсэлт шийдвэрлэсэнтэй нь холбогдуулан Монгол Улсын шүүхийн тухай хуульд заасан сахилгын зөрчил гаргасан гэж үзэх боломжгүй.

Мөн дээрх 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 142/ШЗ2022/05001 дугаар шүүгчийн захирамжаар зохигчдыг тусдаа амьдрахыг даалгаж шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт “Шүүгч шаардлагатай гэж үзвэл гэр бүлийн холбогдолтой хэрэг хянан шийдвэрлэхдээ дараах арга хэмжээг урьдчилан авахаар захирамж гаргаж болно”, 129.1.3-т “гэрлэгчдийг тусдаа амьдрахыг даалгах” гэж заасныг баримталсан байх бөгөөд уг шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй гэж дурдсан нь үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1 дэх хэсэгт “Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 20.1, 38.9, 65.1.1-65.1.8, 65.1.10, 69.1, 92.4, 97.1, 100.2 дахь хэсэг, 80, 117, 124 дүгээр зүйлд заасан шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж, шийтгэвэрт гарсан өдрөөс нь хойш 10 хоногийн дотор тухайн шатны шүүхэд гомдол гаргаж болно” гэж заасанд дээр дурдсан гэрлэгчдийг тусдаа амьдрахыг даалгах захирамжийн үндэслэл болох 129 дүгээр зүйл хамаарахгүй байна.

Мөн шүүгч Р.Ү-д холбогдуулан “...2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Ү-гийн 142/Ш32022/05345 дугаартай захирамж ээжид гардуулахад нь яагаад 1 өдөр Ц.Э-гийн гомдолтой холбоотой 2 захирамжийг 2 өөр шүүгч нар гардуулаад байгаад би маш их гайхсан, учир зүйг нь олох гэсэн” гэх өргөдлийг гаргасан.

Шүүгч Р.Ү 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 142/ШЗ2022/05345 дугаар шүүгчийн захирамжаар нэхэмжлэгч, хариуцагч нараас ирүүлсэн хүсэлтийг хянан шийдвэрлэсэн байна. 

Харин шүүгч Б.Х нь шүүгчийн захирамжид гаргасан нэхэмжлэгч Ц.Э-гийн гомдлыг 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр 142/Ш32022/05342 дугаар захирамжаар хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн зэргээс үзвэл тухайн хэрэгт шүүгч нар өөр өөр асуудал шийдвэрлэн нэг өдөр захирамжийн дугаар авсан нь тогтоогдож байх бөгөөд дээрх үндэслэлээр шүүгчийг сахилгын зөрчил гаргасан гэж үзэх боломжгүй.

Түүнчлэн өргөдөл гаргагч “Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.35-т “Шүүхийн ажилтан болон өөрийн удирдлага дахь этгээдэд албан үүрэгт нь хамааралгүй үүрэг даалгавар өгөх” (туслах О-т хүлээж байгаад хэдэн цагт ч байсан хамаагүй заавал 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр захирамжийг Ц.Э-д гардуулаарай)” гэх өргөдлийг гаргасан.

Сахилгын хэрэгт авагдсан шүүгчийн захирамж гардуулсан баримтаас үзвэл 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 142/ШЗ2022/05001 дугаар шүүгчийн захирамжийг тухайн өдөр нь буюу 09 дүгээр сарын 14-ний өдөр зохигч нарт гардуулсан байна.

Шүүгчийн туслах Д.О гэрчээр “...захирамжийг 09 дүгээр сарын 14-ний өдөр гараад бүгдэд нь тухайн өдөр нь гардуулсан байдаг. Шүүгчийн туслах ажлын ачаалал ихтэй учраас ажлын бус цагаар сууж ажилладаг. Тухайн үед ажлын цаг тарсан үед хэргийн оролцогч нар шүүхэд байж байхад гардуулсан гэж ойлгоод байна” гэх мэдүүлгийг өгсөн.

Шүүгчийн туслах нь шүүхийн шийдвэр, шүүгчийн захирамжийг зохигч нарт гардуулах үүргийг хүлээдэг бөгөөд тухайн захирамжийг гарсан өдөр нь зохигч нарт гардуулсантай холбогдуулан шүүгчийг Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.35-т заасныг зөрчсөн гэж үзэхгүй.  

3. Шүүгч Б.Х-д холбогдуулан “...Р.Ү шүүгч өвдөөгүй, хүндэтгэн үзэх шалтгааны улмаас ажлаасаа чөлөө авсан ямар ч асуудал мэдэгдээгүй байхад 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр 142/Ш32022/05342 дугаартай “Гомдол хүлээн авахаас татгалзах тухай” иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Х-гийн захирамж гарсан. Яагаад Ц.Э-ний иргэний хэрэгт ер хамаагүй өөр шүүгч асуудалд нь дундуур оролцож ээжийн гомдолд дур мэдэн хариу гаргаад байгаа юм бэ” өргөдлийн үндэслэлийг тодорхойлжээ.

Сахилгын хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл зохигчдыг тусдаа амьдрахыг даалгасан 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 142/ШЗ2022/05001 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч нэхэмжлэгч Ц.Э-гээс гаргасан гомдол шүүгч Б.Х-д хуваарилагдан 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 142/ШЗ2022/06342 дугаар шүүгчийн захирамжаар гомдол гаргах хуулийн зохицуулалтад хамаарахгүй гэх үндэслэлээр дээрх гомдлыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн байна.

Холбогдох шүүгч Б.Х ирүүлсэн болон өгсөн тайлбартаа “.....гомдол гаргахгүй шүүгчийн захирамж, мөн гомдол гаргах хугацаа нь дуусчихсан шүүгчийн захирамжид хэргийн оролцогч гомдол гаргавал шүүгч хүлээн авахаас татгалзаад явдаг. ... Нэхэмжлэл ирлээ гэхэд хүлээж авахаас татгалзах үндэслэлүүд байгаа. Түүнтэй адил захирамжид гомдол гаргасан бол бид хэлэлцэнэ. Захирамжид гомдол гаргах эрхгүй захирамжид гомдол гаргасан бол хүлээн авахаас татгалзаад явж байгаа. Зөвлөгөөний тогтоолын дагуу тухайн гомдол надад хуваарилсан байгаа..” гэжээ.

Гэрч У.Б “...Гомдлыг нэрсийн дарааллаар тойргийн журмаар хуваарилаад явдаг. Гомдол гаргах эрхгүй захирамжид гомдол гаргасан ч мэдээлэл лавлагаа авахгүй гэх эрх байхгүй тухайн гомдлыг авах эсэх нь тухайн хуваарилагдсан шүүгч шийдвэрлэдэг. ...Тэр гомдлыг хэлэлцэхээр шийдвэрлэсэн бол бүрэлдэхүүн томилдог. Гомдлыг шийдвэрлэхгүй гомдол гаргах эрхгүй захирамж байна гээд үзэх юм бол тухайн шүүгч нь захирамж гаргаад өгдөг” гэх мэдүүлгийг өгсөн байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 171 дүгээр зүйлийн 171.1 дэх хэсэгт “Шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж, шийтгэвэрт энэ хуулийн 170.1-д заасны дагуу гаргасан гомдлыг 14 хоногийн дотор тухайн хэргийг хянан шийдвэрлэж байгаа шүүгчийг оролцуулахгүйгээр 3 шүүгчийн бүрэлдэхүүнтэйгээр дараах байдлаар хянан шийдвэрлэж тогтоол гаргана” гэж заасан.

Нэхэмжлэгч Ц.Э-ийн гаргасан гомдол нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  170 дугаар зүйлийн 170.1-д заасанд хамаарахгүй байх бөгөөд шүүгч гомдол гаргах хуулийн зохицуулалтад хамаарахгүй гэх үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэснийг буруутгах боломжгүй.

Харин шүүгч Б.Х гомдлыг шийдвэрлэхдээ хэргийг шилжүүлэн аваагүй,  Ц.Э-гийн нэхэмжлэлтэй Л.Д-д холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгчийн захирамжид гаргасан гомдол болон гомдлыг буцаасан 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 142/ШЗ2022/06342 дугаар шүүгчийн захирамжийг хавсаргаагүй, хэрэг хянан шийдвэрлэж байгаа шүүгч энэ талаар мэдээгүй зэрэг нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэх үндэслэлд хамаарахгүй боловч цаашид шүүгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд нийцүүлэн явуулахад анхаарч ажиллавал зохино.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 95 дугаар зүйлийн 95.1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу шүүгчийг албан тушаалаас нь түдгэлзүүлэх, огцруулах болон сахилгын бусад шийтгэл оногдуулах чиг үүрэг бүхий бие даасан байгууллага болох Сахилгын хороо ажиллах бөгөөд улсын хэмжээнд нэг байна” гэж зааснаас үзвэл Шүүхийн сахилгын хороо нь шүүгчид холбогдуулан ирүүлсэн өргөдөл, мэдээллийг шалгах чиг үүрэг бүхий байгууллага бөгөөд шүүгчийн туслах Д.Одончимэгтэй холбоотой өргөдлийг шийдвэрлэх боломжгүйг дурдах нь зүйтэй.

Иймд ….. шүүхийн Ерөнхий шүүгч Д.А-т нотлох дүгнэлт үйлдэж, мөн … шүүгч Р.Ү, Б.Х нарт холбогдуулан гаргасан өргөдлийн үндэслэл нь Монгол Улсын шүүхийн тухай хуульд заасан сахилгын зөрчилд хамаарахгүй байх тул тэдэнд холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг Сахилгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэв.” гэжээ.

 

Шүүгч Д.А тайлбартаа:

“... 2022 онд тус шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд байсан Л.Д-д холбогдох зөрчлийн хэргийн холбогдогчийн өмгөөлөгч Д.О нь уг хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байсан шүүгч Г.Э-т хандаж 2022 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр “зөрчлийн хэргээс зарим нотлох баримтуудыг хуулбарлан авч Ц.Э-гийн нэхэмжлэлтэй Л.Д-д хариуцагдах гэрлэлт цуцлах иргэний хэрэгт нотлох баримтаар өгөх шаардлагатай байна” гэсэн хүсэлт гаргасныг үндэслэн шүүгчийн зөвшөөрснөөр шүүгчийн туслах нь албан тоотын төсөл бичиж ерөнхий шүүгч надад танилцуулсан ба ерөнхий шүүгч гарын үсэг зурсан байна.

Ерөнхий шүүгч миний бие Монгол Улсын шүүхийн тухай хуульд заасан, ерөнхий шүүгч ”тухайн шүүхийг бүрэн эрхийнхээ хүрээнд төлөөлөх” бүрэн эрхийн хүрээнд тухайн шүүхээс гадагш гарч буй бүхий л албан бичигт гарын үсэг зурдаг журмын дагуу гарын үсэг зурж баталгаажуулжээ.

Ер нь хянан шийдвэрлэх ажиллагаанд байгаа хэрэгт гаргасан оролцогчийн хүсэлт гомдолд ерөнхий шүүгч хариу өгөх шаардлагатай бол тухайн шүүгч, эсхүл шүүгчийн туслах нь заавал танилцуулдаг. Энэ тохиолдолд урт хугацаа /1 жил, 3 сар/ өнгөрсөн тул хүсэлтийг танилцуулсан эсэхийг санахгүй байна. Танилцаад л гарын үсэг зурсан гэж бодож байна.

Зөрчлийн хэргийн холбогдогчийн өмгөөлөгч Д.О-гийн хүсэлт нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.3 дугаар зүйлийн 4.9-д зааснаар “оролцогчийн өмгөөлөгч нь зөрчлийн хэрэгтэй танилцаж, төрийн болон албаны нууц, байгууллагын нууц, хүний эмзэг мэдээлэлд хамаарахаас бусад нотлох баримтыг өөрийн зардлаар хуулбарлаж, хувилж авах” эрхтэй гэсэн эрхийнхээ хүрээнд, өөр шүүхэд хэргийн нотлох баримтаар гаргаж байгаа тул шүүхээс гаргуулж баталгаажуулах гэсэн үндэслэлээр уг баримтуудыг гаргуулахаар шүүхэд хүсэлт гаргасан байсан тул шүүх хууль зөрчөөгүй, хэн нэгний эрх ашгийг зөрчөөгүй гэж үзэж байна. Өмгөөлөгч Д.О нь мөн, холбогдогч Л.Д нь хариуцагчаар татагдсан иргэний хэрэгт өмгөөлөгчөөр давхар ажиллаж байсан байна.

Холбогдогчийн өмгөөлөгч Д.О-гийн хүсэлтийг тухайн өдөрт нь шийдвэрлэж “үйлчлэх”шаардлага, сонирхол байхгүй. Шүүх аливаа хүсэлт, гомдлыг хуульд шийдвэрлэх хугацаа заагаагүй бол аль болох хурдан даруй шийдвэрлэх л үүрэгтэй байдаг.

Миний хувьд иргэний хэргийн шүүхийн үйл ажиллагааны талаар мэдэхгүй, тухайн өдөр Л.Д-д хариуцагдах гэрлэлт цуцлах иргэний хэргийн шүүх хуралдаан болох талаар мэдэхгүй, мэдэх Шаардлага байхгүй юм.

Харин, яагаад хуулж авсан баримтуудыг “хуулбар үнэн” тэмдгээр баталгаажуулаагүй иргэний хэрэгт өгснийг мэдэхгүй байна. Энэ талаар Г.Э шүүгчийн туслах тайлбар өгснийг хавсаргалаа.  Шүүгчийн туслах нь шүүгчийн өгсөн даалгаврын дагуу л ажил үүргээ гүйцэтгэх үүрэгтэй. Дадлага туршлагатай олон жил ажиллаж байгаа туслахууддаа шүүгч нар итгэдэг, ажлын ачаалал өндөр тул шүүгчийн туслахын, шүүгчийн үйл ажиллагаанд техник, зохион байгуулалтын туслалцаа үзүүлж буй үйлдэл нэг бүрийг нүд үзэж хянах боломжгүй,шаардлага ч үгүй байдаг. Шүүгчийн туслахууд тангараг өргөсөн төрийн албан хаагч, хийх ёстой ажлаа холбогдох журмын дагуу гүйцэтгээд явдаг. Шүүгч Г.Э, өмгөөлөгчийн хүсэлтэд дурдсан хэргийн хуудас дахь баримтуудыг хянаж үзээд хуулбарлаж өгөхийг туслахдаа зөвшөөрсөн гэж ойлгож байна.

”...Л.Д нь эрүүгийн хэргийн анхан шатны ерөнхий шүүгч, иргэний хэргийн анхан шатны шүүгч нарыг хахуульдан нийлж хуйвалдан булхай гарган хуулийг ноцтой зөрчиж шударга бус захирамж гаргуулсан...” гэх тухайд, Ц.Э, Г.З нарыг хэнийг нь ч танихгүй, харж байгаагүй, харьцаж байгаагүй. Харин Л.Д-д холбогдох эрүүгийн хэргийг 2022 онд хянан шийдвэрлэсэн байна. /шаардлагатай бол хэргийг хэрхэн шийдвэрлэсэн талаар Прокурорын архивд байгаа хэргээс танилцаж болно/.

Шүүхэд, аль нэг шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд байгаа хэргийн аль нэг оролцогч талд давуу эрхтэй үйлчилж, хахууль авч, хуйвалдан бохир ажиллаж шүүгчийн нэр хүндийг болон өөрийгөө гутааж явах шаардлага, сонирхол, төлөвшил надад байхгүй. Шүүгч хүний эрхэмлэх ёс зүйг хичээж шүүгчийн цалингаараа амьдарсаар ирсэн. Гэвч иргэн хүний шүүгчийг хардах эрхийг хүндэтгэж байна.” гэжээ.

 

Шүүгч Д.А нэмэлт тайлбартаа:

Г.З-ийн гомдлоор Сахилгын хорооны гишүүн Д.А 2023.12.20-
ны өдөр захирамж гаргаж шүүгч Д.А надад холбогдуулан сахилгын хэрэг
үүсгэж, 2024 оны 2 дугаар сарын 14-нд нотлох дүгнэлт бичсэн.

Нотлох дүгнэлтдээ: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.6
дугаар зүйлийн 1 дэх хэсэгт” Хуулийн этгээд.албан тушаалтан.иргэний баталсан
болон бичсэн баримт бичиг, эрүүгийн хэрэгт ач холбогдолтой баримтат мэдээллийг
тухайн төрийн байгууллагаас үнэн зөвийг баталгаажуулж ирүүлсэн тохиолдолд
нотлох баримт болно”, 4 дэх хэсэгт “Энэ хуулийн 16.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт
заасан нотлох баримтыг тухайн төрийн байгууллагаас үнэн зөвийг баталгаажуулж
ирүүлнэ” гэж заасан. Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн
44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэгт “ Төрийн болон төрийн бус байгууллага.хуулийн
этгээд нь бичмэл нотлох баримтыг өөрийн байгууллагын архивын “хуулбар үнэн”
гэсэн тэмдэг дарж баталгаажуулна” гэж заажээ ... шүүгч нотлох баримтын шаардлага хангахгүй гар утсаар дарсан баримтыг шүүхийн албан тоотоор баталгаажуулж хүргүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэгт заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна ... хяналт тавих чиг үүргээ хэрэгжүүлэн ажиллаагүй ... баталгаажуулан хүргүүлсэн баримтууд нь гар утсаар дарж хэвлэсэн баримт байгаад зогсохгүй Иргэний хэргийн шүүхийн шүүгчийн захирамжийн үндэслэл болж байгаа нь Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т заасан хуулийн илт тодорхой заалтыг ноцтой зөрчсөн зөрчилд хамаарахаар байна гэж үзлээ” гэжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.6 дугаар зүйлийн 1 дэх
хэсэгт” Хуулийн этгээд.албан тушаалтан.иргэний баталсан болон бичсэн баримт
бичиг, эрүүгийн хэрэгт ач холбогдолтой баримтат мэдээллийг тухайн төрийн
байгууллагаас үнэн зөвийг баталгаажуулж ирүүлсэн тохиолдолд нотлох баримт
болно” гэсэн заалт нь эрүүгийн хэрэгт цуглуулах нотлох баримтын шаардлагад
хамаарах заалт юм. Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай
хуулийн Арван зургаа дугаар бүлэгт эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач
холбогдол бүхий “нотлох баримт”д тавигдах шаардлага.цуглуулах арга хэрэгсэл,
нотлох баримтын төрөл, үнэлэх, шалгах ажиллагааны журмуудыг тогтоож
тодорхойлсон байдаг. 16.6 дугаар зүйлийн 1, 3 дахь заалт нь бичмэл нотлох
баримтад тавигдах шаардлага бөгөөд цугларсан нотлох баримт энэ шаардлагад
нийцэж байгаа эсэхийг мөрдөгч, прокурор, шүүх шалгаж, хянаж, дүгнэнэ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд байгаа хэргийн бичмэл нотлох
баримтад тавигдах хуулийн шаардлагыг иргэн Г.З-ийн гомдолд хамааруулан “хуулийн илт тодорхой заалтыг ноцтой зөрчсөн” гэж үзэж байгаа нь илт үндэслэлгүй байна.

Түүнчлэн, “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр
зүйлийн 44.4 дэх хэсэгт “Төрийн болон төрийн бус байгууллага.хуулийн этгээд нь
бичмэл нотлох баримтыг өөрийн байгууллагын архивын “хуулбар үнэн” гэсэн тэмдэг
дарж баталгаажуулна” гэж заажээ...шүүгч нотлох баримтын шаардлага хангахгүй
гар утсаар дарсан баримтыг шүүхийн албан тоотоор баталгаажуулж хүргүүлсэн нь
гар утсаар дарж хэвлэсэн баримт байгаад зогсохгүй Иргэний хэргийн шүүхийн
шүүгчийн захирамжийн үндэслэл болж байгаа нь ...” гэжээ.

Хуулийн энэ заалт нь иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд
тавигдах бичмэл нотлох баримтын шаардлага бөгөөд хэрэгт цугларсан нотлох
баримт энэ шаардлагад нийцэж байгаа эсэхийг шүүгч үнэлэх.дүгнэх үүрэгтэй.

Өөр шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тоот дагалдсан Тар утсаар дарж хэвлэсэн баримт” бичмэл нотлох баримтын шаардлагад нийцэх эсэхийг хүлээн авсан шүүгч хэрхэн үнэлэх нь тухайн шүүгчийн эрх хэмжээний асуудал хэдий ч, иргэний хэргийн бичмэл нотлох баримтын шаардлага нь “өөрийн байгууллагын архивын “хуулбар үнэн” гэсэн тэмдэг дарж баталгаажуулна” гэж заасан тул хуулийн шаардлагад нийцээгүй баримтыг шүүгч үнэлж шийдвэрийн үндэслэл болгосонд уг баримтыг явуулсан байгууллага, албан тушаалтан шууд хариуцлага хүлээхгүй. Нотлох баримтыг хуулийн шаардлагад нийцүүлэн хэлбэржүүлэх талаар шаардах.үнэлэхгүй байх эрх шүүгчид өөрт нь бий.

Ерөнхий шүүгчийн дагалдуулсан албан тоот нь уг шүүхийн хэрэг хянан
шийдвэрлэх ажиллагаанд байгаа зөрчлийн хэргээс баримт хуулбарлан
хүргүүлснийг мэдэгдэж байгаа болохоос уг баримтыг “хуулбар үнэн” болохыг
баталгаажуулж байгаа хэрэг биш.

“Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэгт “...архивын “хуулбар үнэн” гэсэн тэмдэг дарж баталгаажуулна” гэж заасан нь, ийм баримтыг шүүх нотлох баримтаар үнэлэх боломжтой баримт гэж дүгнэх үндэслэл болдог.

Харин, шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд байгаа хэргээс өөр
хэрэгт нотлох баримт гаргуулах хүсэлтийг хэрхэн шийдвэрлэх, хэрхэн
баталгаажуулах талаар Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар
зохицуулаагүй.

Л.Д-д холбогдох зөрчлийн хэрэг нь архивд шилжээгүй, шийдвэрлэж
дуусаагүй ажиллагаанд байсан тул шүүгч Г.Э-т хариуцагчийн өмгөөлөгч
нь “нотлох баримт хуулбарлан авах” хүсэлт гаргасан байдаг бөгөөд архивын
тэмдгээр баталгаажуулах боломжгүй байсан байдаг.

Ерөнхий шүүгчийн хувьд зөрчлийн хэргээс гар утсаар дарсан баримтыг
хянахгүйгээр албан тоотоор иргэний хэргийн шүүхэд хүргүүлсэн нь буруу.

Гэвч, Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т заасан хуулийн илт
тодорхой заалтыг ноцтой зөрчсөн зөрчилд хамаарахаар байна” гэж дүгнэж байгааг зөвшөөрөхгүй.

“Ноцтой зөрчил” гэж хуулийн заалтыг зөрчсөн зөрчил болгоныг тооцож, үзэх ёсгүй гэж бодож байна.

Эрх зүйн онолын хувьд “ноцтой зөрчил” гэж залруулах боломжгүй, Үндсэн хуульд заасан хүний эрх, хэргийн оролцогчдын эрхийг залруулах боломжгүйгээр зөрчсөн, эрх ашигт нь сөргөөр нөлөөлсөн, нөлөөлж болохуйц зөрчлийг авч үздэг.

Энэ тохиолдолд, уг баримтуудыг иргэний хэргийн шүүгч захирамжийнхаа үндэслэл болгосонд, баримт хүргүүлсэн өөр шүүхийн Ерөнхий шүүгчийг буруутгаж байгаа нь үндэслэлгүй бөгөөд уг баримтуудыг хүргүүлснээр хэргийн оролцогчдын эрх ноцтойгоор зөрчигдөөгүй гэж үзэж байна ...” гэжээ.

 

Шүүгч Б.Х тайлбартаа:

“...Г.З гомдолдоо: ... 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн захирамжид гомдол гаргах эрхгүй байсан хэдий ч надад маш их гомдолтой, шударга бус хандсан тул Ц.Э нь Ү шүүгчид гомдол гаргасан. Гэтэл Ү шүүгч өвдөөгүй, хүндэтгэн үзэх шалтгааны улмаас ажлаасаа чөлөө авсан ямар ч асуудал мэдэгдээгүй байхад 2022 оны 09 дүгээр сарын 29-ний  өдөр №142/11132022/05432 дугаартай гомдол хүлээн авахаас татгалзах тухай” иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Х-гийн захирамж гарсан. Яагаад Ц.Э-гийн иргэний хэрэгт ер хамаагүй өөр шүүгч асуудалд нь дундуур оролцож ээжийн гомдолд дур мэдэн хариу гаргаад байгаа юм бэ!!! Энэ нь үнэхээр хууль бус ажиллагаа!!!... гэжээ.

Гомдлын агуулгаас үзвэл Р.Ү шүүгчийн шийдэж байгаа хэрэгт Б.Х шүүгч хөндлөнгөөс оролцоод байна гэжээ.

Нэхэмжлэгч Ц.Э 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 142/Ш32022/05001 дугаар шүүгчийн захирамжид гомдол гаргасан байх ба уг гомдол нь Тус шүүхийн хэрэг хуваарилах журмыг баталсан шүүгчдийн зөвлөгөөний тогтоолын дагуу надад хуваарилагдан ирсэн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1-д Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 20.1, 38.9, 65.1.1-65.1.8, 65.1.10, 69.1, 92.4, 97.1, 100.2 дахь хэсэг, 80, 117, 124 дүгээр зүйлд заасан шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж, шийтгэвэрт гарсан өдрөөс нь хойш 10 хоногийн дотор тухайн шатны шүүхэд гомдол гаргаж болно гэж заасан. Ингээд уг захирамж, дээрх гомдол гаргах хуулийн зүйл заалтын дагуу гараагүй тул 2022 оны 09 дүгээр сарын 29-ны өдөр 142/Ш32022/05342 дугаар шүүгчийн захирамжаар хүлээн авахаас татгалзсан байна.

Тиймээс миний хувьд захирамжийг дээрх үндэслэлээр хүлээн авахаас татгалзсан шүүгчийн захирамж гаргасан бөгөөд энд өөр шүүгчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хөндлөнгөөс оролцсон асуудал байхгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 171 дүгээр зүйлийн 171.1-д Шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж, шийтгэвэрт энэ хуулийн 170.1-д заасны дагуу гаргасан гомдлыг 14 хоногийн дотор тухайн хэргийг хянан шийдвэрлэж байгаа шүүгчийг оролцуулахгүйгээр 3 шүүгчийн бүрэлдэхүүнтэйгээр дараах байдлаар хянан шийдвэрлэж тогтоол гаргана... гэж заасан бөгөөд гомдол гаргахгүй шүүгчийн захирамж, мөн гомдол гаргах хугацаа нь дуусчихсан шүүгчийн захирамжид хэргийн оролцогч гомдол гаргавал шүүгч хүлээн авахаас татгалзаад явдаг байгаа.

Иймд Г.З-ийн гомдолд дурдсан шиг Шүүхийн тухай хуулийн 50.1.1, 50.1.7, 50.1.8, 50.1.23 дахь заалтыг зөрчөөгүй тул гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Харин Г.З нь тухайн үед хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр оролцоогүй байсан болохыг дурдах нь зүйтэй байна” гэжээ.

Шүүгч Р.Ү тайлбартаа:

“... Шүүх Ц.Э-гийн нэхэмжлэлтэй Л.Д-д холбогдох иргэний хэрэгт зохигчдын гаргасан хүсэлтийг хянаад 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр гаргасан 5001 дугаар шүүгчийн захирамжаар шийдвэрлэсэн асуудлаар гомдол гаргагч Г.З гомдлоо үндэслэжээ.

Иргэн Г.З гомдолдоо “... №.....  дугаартай гэр бүлийн хүчирхийллийн зөрчлийн хэрэгт би ээжтэйгээ хохирогчоор орж байсан нь хавтаст хэргийн материалаас илт харагдаж байхад Р.Ү шүүгч хохирогч нарыг гэрээс нь гаргаж, хүчирхийлэгчийг үлдээж байгаа нь шүүгч нар Монгол Улсын хуулийг аль болох энэрэнгүй байдлаар хэрэглэдэг гэснийг баталж чадахгүй харин ч бүр эсрэгээрээ дордуулж хэрэглэж байгаа юм. О өмгөөлөгч гар утсаараа авсан зургуудыг иргэний хэрэгт эрүүгийн хэргийн ерөнхий шүүгч А-гийн 323 тоот албан бичгээр шударга бусаар булхайцаж албажуулсан болгож хавсаргасныг болон 2023.03.03-ны өдрийн Улаанбаатар хотын ..... шүүхийн №239 дугаар шийтгэврээр Л.Д нь гэр бүлийн хүчирхийлэл хийсэн нь нотлогдон буруутгагдаж, 20 цагийн сургалт, 7 хоногоор баривчлагдан хорьсныг үндэслэн захирамждаа “Иймд гэрлэгчдийн хэн нэг нь гэр бүлийн гишүүдийн эрүүл мэнд / бусад нөхцөл байдлаар/-ийн хувьд хохирол учруулж болохоор байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.Э-г хариуцагч Л.Д-аас тусдаа амьдрахыг даалгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ” гэж бичсэн...2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн байдлаар Ц.Э нь .... тоот гэртээ нөхөртэйгөө, .... тоот байрыг надтай хамтран өмчилсөн, харин Л.Д-ын нэр дээр .... тоот, .... тоотыг Б охинтойгоо хамтран өмчилж байхад О өмгөөлөгч ээжийн нэр дээр ..... тоот байр байгаа гэж худал гүтгэн нэмж бичиж ээжийг минь 49 тоот дахь гэрээс нь гадна 2 байртай болгож худал гүтгэн харагдуулж, Л.Д-ыг 49 тоот дахь байрнаас өөр байргүй гэж худал мэдээлэл цацан бас ээж бид хоёр гэр бүлийн хүчирхийллийн хохирогч эсэх нь хамаагүй, хамгийн гол нь Д, Э 2 хамт нэг дээвэр дор байвал бие биедээ хохирол учруулж болзошгүй гэж үндэслэн Ү шүүгч Ц.Э-д тусдаа амьдруулахыг шударга бусаар даалгаж шийдвэрлэхдээ дээрх үндэслэлд авагдсан мэдээллийн бодит байдалд нийцсэн эсэхийг дүгнэж цэгнэлгүй, ямар ч тайлбар авалгүй шийдвэрээ дураараа гаргасан Л.Д 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр иргэний хэргийн анхан шатны шүүхэд “би зорчих эрхийг 6 сар хязгаарлах ялтай байхад Э миний ялыг амар тайван эдлүүлэхгүй, байнга цагдаад гомдол гаргаж ял эдлүүлэхэд минь саад учруулж байна. Иймд Ц.Э-г тусдаа амьдрахыг даалгаж өгнө үү?” гэсэн хүсэлт бичсэний дагуу Р.Ү шүүгч тэр хүсэлтийг бүрэн хангаж шийдвэрлэхдээ “Шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй дурдсугай” гэж бичсэн байсан. Учир нь 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий газрын хариунд Л.Д-ын ял нь 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр дууссан байсан бөгөөд хэрэв Ү шүүгч захирамждаа “гомдол гаргах эрхтэй” гэж бичсэн байсан бол Ц.Э нь 2022 оны 09 дүгээр сарын 16-нд ял дууссаныг нь олж мэдэнгүүтээ “тусдаа амьдруулах Д-ын хүсэлтийн шалтгаан нь эцэслэсэн гэж үзээд гэртээ эргэж очин амьдармаар байна” гэсэн гомдол дахин гаргаж магадгүй гэж эртнээс тооцоолон зориудаар “Шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй дурдсугай” гэж бичсэн гэдэгт би бүрэн итгэл төгс байна” гэжээ. 

Хариуцагч Л.Д шүүхэд 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр “...нэхэмжлэгч Ц.Э-г хэрэг хянан шийдвэрлэх хүртэл хугацаанд тусдаа амьдрахыг даалгаж өгөх хүсэлт юм. Яагаад тусдаа амьдрахыг даалгахыг хүсэж байгаа вэ гэвэл тэд намайг дэндүү дээрэлхэж байна. Гэрээ цэвэрлэ, хогоо гаргаж хая гэж хэлсний төлөө Ц.Э нь охин Г.З-ийн хамт намайг хэрүүл, маргаан үүсгэсэн, амгалан тайван байдал алдагдууллаа гэж Цагдаагийн газарт гомдол гаргасан улс. Хоёулаа хохирогч болсон байна лээ.Одоо миний гэрт хамт байсаар байна.Намайг өдөж янз бүрийн асуудал гарч болзошгүй. Би зорчих эрхийг хязгаарлах ял эдэлж байгаа.Намайг энэ ялыг эдлэхэд саад учруулж болзошгүй байна.Тийм учраас Ц.Э-г тусдаа амьдрахыг даалгахыг хүсэж байна” гэсэн хүсэлт гаргасан.

Энэ хүсэлтийг 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр нэхэмжлэгч Ц.Э-д хэргийн материал танилцуулахдаа танилцуулсан, нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.С 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр дээрх тусдаа амьдруулах тухай Л.Д-ын хүсэлттэй холбоотой “Л.Д-ын өмгөөлөгч Д.О нь Л.Д-ыг эрүүгийн хэргийг шийтгэх тогтоолоор тэнсэж хянан харгалзах ял эдэлж байгаа юм байна. Харин энэ ялыг эдлэхэд түүний дагавар охин саад учруулж буйг зөрчлийн хэргийн материалаас харагдана гэж өөрийн урьдчилсан дүгнэлтийг хийсэн байна. Ц.Э охинтойгоо энэ хүнийг эрүүгийн хэргийн шийтгэх тогтоолоор оногдуулсан ял шийтгэлийг эдлэхэд саад болоогүй. Хариуцагчийн тайлбарт дурдсан хөрөнгө болох Орхон аймаг дахь үл хөдлөх эд хөрөнгө нь Э-ий хөрөнгө биш Улаанбаатар хот дахь үл хөдлөх хөрөнгө бөгөөд нэхэмжлэгчийг, мөн зөрчлийн хэргийн хохирогчдыг тусдаа амьдрахыг иргэний хэргийн шүүхээс даалгах нь хариуцагч Л.Д-ыг өмч хөрөнгөө өгөхгүй гэсэн санаа зорилготой нь холбоотой тул хүсэлтийг хүлээж авах нь нэхэмжлэгчийн эрх ашигт хохиролтой үйл ажиллагаа болно.” гэсэн тайлбарыг шүүхэд ирүүлсэн, харин Л.Д-д өөр орон сууц байдаг талаарх баримт, уг баримттай холбоотой хүсэлт ирүүлээгүй.

Нэхэмжлэгч Ц.Э-д Л.Д-ын “тусдаа амьдруулахыг даалгах тухай” хүсэлтийг танилцуулсан, тайлбар авсан, зохигчдын хооронд үүссэн гэр бүлийн хүчирхийлэлтэй нөхцөл байдал баримтаар тогтоогдож байсан учраас дээрх нөхцөл байдалд үндэслэл бүхий дүгнэлт хийсэн гэж үзэж байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д шүүгч шаардлагатай гэж үзвэл гэр бүлийн холбогдолтой хэрэг хянан шийдвэрлэхдээ дараах арга хэмжээг урьдчилан авахаар захирамж гаргаж болно, 129 дүгээр зүйлийн 129.1.3-т “гэрлэгчдийг тусдаа амьдрахыг даалгах” гэж заасан.

Хариуцагч Л.Д-д .... шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 239 дүгээр шийтгэврээр “гэр бүлийн хамаарал бүхий хүн болох эхнэр Ц.Э-д агсам тавьж, цээж хэсэгт 2 удаа цохиж, архины шил барьж хагалаад ална гэж орилж, хашхирсан” зөрчил үйлдсэн үндэслэлээр 20 цагийн хугацаагаар албадан сургалтад хамруулж, 7 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл ногдуулсан болох нь 239 дүгээр шийтгэврээр нотлогдож байсан, мөн Ц.Э, Г.З нарын гомдлоор Л.Д-д холбогдуулан зөрчлийн хэрэг нээсэн, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явагдаж байсан болох нь ..... шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 323 тоот албан бичгээр ирүүлсэн 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн зөрчлийн хэрэг нээх тухай эрх бүхий албан тушаалтны тогтоол, Ц.Э-ий өргөдөл, гэрч, хохирогч, холбогдогчоос мэдүүлэг авсан тухай тэмдэглэл, шинжээчийн дүгнэлт, шийтгэл оногдуулах, албадлагын арга хэмжээ авхуулах тухай эрх бүхий албан тушаалтны санал зэрэг баримтуудаар тогтоогдож байсан.

Ийм учраас гэрлэгчдийн хэн нэг нь гэр бүлийн гишүүдийн эрүүл мэнд /бусад нөхцөл байдлаар/-ийн хувьд хохирол учруулж болохоор байна гэж үзэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.Э-г хариуцагч Л.Д-аас тусдаа амьдрахыг даалгаж шийдвэрлэсэн.

.... тоот, .... тоот орон сууцуудын өмчлөгч нь Ц.Э болох нь хэрэгт авагдсан үл хөдлөх хөрөнгийн лавлагаа, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр нотлогдож байсан, Л.Д-ын өмчлөлд гэрлэгчдийн амьдарч байгаа гэх ....  тоот хувийн сууцнаас өөр үл хөдлөх хөрөнгө байгаа нь баримтаар нотлогдохгүй байгаа нөхцөл байдлыг нэхэмжлэгчид хариуцагчаас тусдаа амьдрахыг даалгаж шийдвэрлэх үндэслэлд харгалзан үзсэн болно.

Гомдол гаргагч Г.З гомдолдоо “.... тоотыг Л.Д охин Б-тай хамтран өмчилж байхад” гэсэн байх боловч уг байрны лавлагаа баримт хүсэлт шийдвэрлэх буюу 2022 оны 09 дүгээр сарын 14-ны үеэр хэрэгт авагдаагүй, харин 2023 оны 08 дугаар сарын 17-ны лавлагааг 2023 оны 10 дугаар сард хариуцагч шүүхэд ирүүлсэн байдаг.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-д Шүүгч хараат бус байж гагцхүү хуульд захирагдана, Шүүхийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.З-д Шүүх хэрэг, маргааныг хянан шийдвэрлэхдээ Монгол Улсын Үндсэн хууль, түүнд нийцүүлэн гаргасан, албан ёсоор нийтлэгдсэн хууль, Монгол Улсын олон улсын гэрээг хэрэглэнэ гэж заасан.

Шүүгч хэзээ ч хэн нэгний эрх, ашигт нийцүүлэн дураараа шийдвэр гаргадаггүй, зөвхөн хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь өөрийн дотоод итгэлээр үнэлж хэргийг шийдвэрлэдэг.

Миний зүгээс дураараа шийдвэр гаргасан, мөн гомдол гаргагчийн бичсэнчлэн “эртнээс тооцоолон зориудаар “Шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй” гэж шийдвэрлэсэн асуудал байхгүй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1,-д заасан гомдол гаргаж болох зохицуулалтад хамаарахгүй байгаа /Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6, 123 дугаар зүйлийн 123.1, 129 дүгээр зүйлийн 129.1.3 дахь хэсэг учраас гомдол гаргах эрхгүй гэж захирамжид дурдсан.

Гомдолд дурдагдсан “...Мөн Р.Ү шүүгч 2023 оны 02 дугаар сарын 13-ны гомдлоор Шүүхийн Сахилгын хороогоор орж “2022 оны 12 дугаар сарын 27-ны иргэний шүүх хуралдааны захирамжийг хуульд заасан хугацаа болох хуанлийн 7 хоногийн дотор бэлэн болгож гаргах (2023 оны 01 дүгээр сарын 03-ны дотор гэсэн үг) байтал 7 хоногоор хэтрүүлж удаасны улмаас хурал болсноос хойш 14 хоног дээрээ буюу 2023 оны 01 дүгээр сарын 10-нд захирамжийг гаргаснаар ээжийг захирамжид гомдол гаргах хугацаагүй болгож. гомдол гаргах эрхийг нь боогдуулж, боомилж, цаг хугацаа алдуулж маш ихээр хохироосон” гэх сахилгын зөрчил үйлдсэнийг шалгуулж байсан болно. Шалгуулах явцад үнэхээр Ү шүүгч нь 2022 оны 12 дугаар сарын 27-2022 оны 01 дүгээр сарын 03-ны хооронд ажлын ачаалал ихтэй, шүүх хурал, зөвлөгөөнтэй байсан эсэхийг нягталж үзэхэд ямар ч ажлын ачаалал байхгүй, хурал зөвлөгөөнгүй, маш сул чөлөөтэй, цаг завтай байсан хир нээ захирамжаа хуулийн хугацаандаа багтаан гаргаагүй нь тогтоогдсон” гэсэн асуудлаар Шүүхийн Сахилгын хорооны 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 90 дугаар Магадлал гарч сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн болно.

Хүсэлт шийдвэрлэсэн 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр гаргасан 5001 дугаар шүүгчийн захирамжийг мөн өдөр гардуулсан нь үнэн, шүүгчийн захирамжийг хэргийн оролцогчид танилцуулах, гардуулах нь шүүгчийн туслахын албан үүрэгт хамааралтай, ийнхүү захирамж гардуулсан нь хууль зөрчөөгүй бэ Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.35-д заасан зөрчилд хамаарахгүй юм.

Р.Ү би Албан тушаалын байдал, эрх нөлөөгөө урвуулан ашиглаж өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгосон, Бүрэн эрхээ хэрэгжүүлэх явцад олж мэдсэн аливаа мэдээллийг шүүгчийн бүрэн эрхээ хэрэгжүүлэхээс өөр зорилгоор ашигласан, Шүүгчийн бүрэн эрхийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан хэргийн оролцогч, түүний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч болон бусад иргэн, хуулийн этгээдээс шууд ба шууд бусаар тусламж авах, үйлчлүүлэх, давуу байдал, хөнгөлөлт, мөнгөн болон бусад урамшуулал, хууль тогтоомжоор зөвшөөрөгдөөгүй шагнал авсан, Хуулийн илт тодорхой заалтыг ноцтой, эсхүл удаа дараа зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргасан Шүүхийн ажилтан болон өөрийн удирдлага дахь этгээдэд албан үүрэгт нь хамааралгүй үүрэг даалгавар өгсөн гэх дээрх зөрчлийг гаргаагүй болно.

Иймд иргэн Г.З-ийн гомдлын дагуу үүсгэсэн сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү ...” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Иргэн Г.З-ээс, ..... шүүхийн шүүгч Р.Ү, Б.Х, ..... шүүхийн Ерөнхий шүүгч Д.А нарт холбогдуулан гаргасан өргөдлийг үндэслэн илтгэгч гишүүн сахилгын хэрэг үүсгэн, шалгах ажиллагаа явуулж, шүүгч Р.Ү, Б.Х нарт холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргаж, Ерөнхий шүүгч Д.А-т сахилгын зөрчил гаргасныг нотлох дүгнэлт үйлдсэн байна.

 

Иргэн Л.Д-д холбогдох зөрчлийг эрх бүхий албан тушаалтан шалгасан, 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн шийтгэл оногдуулах, албадлагын арга хэмжээ авхуулах санал бүхий ...... дугаар хэрэг ..... шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд байжээ.

Мөн иргэн Ц.Э-ий нэхэмжлэлтэй Л.Д-д холбогдох “гэрлэлт цуцлуулах, дундын эд хөрөнгийн хамтран өмчлөгчөөр тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэрэг …. шүүхэд хянагдаж, шүүгч Р.Ү хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байсан байна.

Уг иргэний хэргийн хариуцагчийн өмгөөлөгч Д.О 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр “Л.Д-ад холбогдох зөрчлийн хэргээс баримт хуулбарлаж өгнө үү” гэх хүсэлт Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гаргаж, тус шүүхийн Ерөнхий шүүгч Д.А-ийн 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 323 дугаар албан бичгээр, гар утсаар зургийг нь авч, хэвлэсэн баримтыг иргэний хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлсэн.

Хариуцагч Л.Д “нэхэмжлэгч Ц.Э-г хэрэг хянан шийдвэрлэх хүртэлх хугацаанд тусдаа амьдрахыг даалгаж өгнө үү” гэх хүсэлт гаргасан, .... шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 323 дугаар албан бичгээр ирүүлсэн баримтууд  болон бусад баримтуудыг дурдаж, гэрлэгчдийн хэн нэг нь гэр бүлийн гишүүдийн эрүүл мэнд, бусад нөхцөл байдлаар хохирол учруулж болохоор байна гэж дүгнэн, шүүгчийн 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 142/ШЗ2022/05001 дүгээр захирамжаар  нэхэмжлэгч Ц.Э-г, хариуцагч Л.Д-аас тусдаа амьдрахыг даалгаж шийдвэрлэжээ.

Сахилгын хэрэгт авагдсан, Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ажиллагаанд байх 142/2022/01492/и индекстэй хэрэг дэх дээрх зөрчлийн хэргийн баримт[1], мөн Л.Д-д холбогдох зөрчлийн хэргээс авсан баримт[2],  шүүгч Р.Ү-гийн тайлбартаа хавсарган ирүүлсэн баримтууд[3] нь хоорондоо зөрүүгүй байна.

Илтгэгч гишүүн энэ үйл баримтыг “... албан бичигт хавсарган хүргүүлсэн баримтууд нь өргөдөлд дурдсанчлан нотлох баримтын шаардлага хангахгүй гар утсаар дарсан баримтууд болох нь Ц.Э-ний нэхэмжлэлтэй Л.Д-д холбогдох иргэний хэргээс хуулбарлан авсан баримтуудаар тогтоогдож байна ... шүүгч нотлох баримтын шаардлага хангахгүй гар утсаар дарсан баримтыг шүүхийн албан тоотоор баталгаажуулж хүргүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна ... шүүгч Д.А-гийн баталгаажуулан хүргүүлсэн гэх баримтууд нь гар утсаар дарж хэвлэсэн баримт байгаад зогсохгүй Иргэний хэргийн шүүхийн шүүгчийн захирамжийн үндэслэл болж байгаа нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т заасан хуулийн илт тодорхой заалтыг ноцтой зөрчсөн зөрчилд хамаарахаар байна ...” гэж дүгнэсэн.

Энэ талаар Ерөнхий шүүгч Д.А 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр ирүүлсэн тайлбартаа “... Ерөнхий шүүгч миний бие Монгол Улсын шүүхийн тухай хуульд заасан ерөнхий шүүгч “тухайн шүүхийг бүрэн эрхийн хүрээнд төлөөлөх” бүрэн эрхийн хүрээнд тухайн шүүхээс гадагш гарч буй бүхий л албан бичигт гарын үсэг зурдаг журмын дагуу гарын үсэг зурж баталгаажуулжээ ... “ гэсэн, 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн нэмэлт тайлбартаа “... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг ... заалт нь эрүүгийн хэрэгт цуглуулах нотлох баримтын шаардлагад хамаарах заалт юм ... Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэг ... энэ заалт нь иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд тавигдах бичмэл нотлох баримтын шаардлага бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримт энэ шаардлагад нийцэж байгаа эсэхийг шүүгч үнэлэх, дүгнэх үүрэгтэй ... шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд байгаа хэргээс өөр хэрэгт нотлох баримт гаргуулах хүсэлтийг хэрхэн шийдвэрлэх, хэрхэн баталгаажуулах талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар зохицуулаагүй ...” гэжээ.

Өмгөөлөгчийн хүсэлтээр, Ерөнхий шүүгч Д.А-гийн албан тоотоор  хүргүүлсэн баримт нотлох баримтын шаардлага хангах эсэх, түүнийг хэрхэн үнэлэх нь иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн хийх үйл ажиллагаа байна.

Мөн  илтгэгч гишүүн шүүгчийг илт тодорхой хуулийн заалтыг зөрчсөн гэж үзэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн гэжээ. Үүнийг нягталбал, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бичмэл нотлох баримтад тавигдах шаардлага болон иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бичмэл нотлох баримт гэдэгт юу хамаарахыг заасан зохицуулалт байх ба эдгээр заалтад үндэслэн нотлох баримт хуулбарлан хүргүүлсэн шүүгчийг зөрчил гаргасан гэж үзсэн нь үндэслэлгүй, иргэний хэргийн шүүхийн шүүгч уг баримтыг дотоод итгэлээр үнэлэн, захирамж гаргасанд Ерөнхий шүүгч Д.А-г буруутгахгүй.

Нөгөө талаар, шүүгч хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг хэрхэн үнэлж, дүгнэх нь түүнд хуулиар олгосон бүрэн эрх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт “Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ”, 40.2 дахь хэсэгт “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэж зааснаар тус аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс албан тоотоор ирүүлсэн баримтыг .... шүүхийн шүүгч Р.Ү үнэлж захирамж гаргасныг хууль зөрчсөн гэж үзэхгүй.

Иймд, холбогдох шүүгч Д.А-ийн үйлдэл Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23 дахь хэсэгт заасан “хуулийн илт тодорхой заалтыг ноцтой, эсхүл удаа дараа зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргах” гэх заалтыг ноцтой зөрчсөн зөрчилд хамаарахгүй байна гэж бүрэлдэхүүн дүгнэлээ.

Түүнчлэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1 дэх хэсэгт “... энэ хуулийн 20.1, 38.9, 65.1.1-65.1.8, 65.1.10, 69.1, 92.4, 97.1, 100.2 дахь хэсэг, 80, 117, 124 дүгээр зүйлд заасан шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж, шийтгэвэрт гарсан өдрөөс нь хойш 10 хоногийн дотор тухайн шатны шүүхэд гомдол гаргаж болно” гэж заасан.

Шүүгчийн 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 142/ШЗ2022/05001 дүгээр захирамж нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1 дэх хэсэгт заасан гомдол гаргах эрхтэй захирамжид хамаарахгүй тул захирамжид гомдол гаргах эрхгүй гэж заасан нь дээрх хуулийн заалтыг зөрчөөгүй байна.

Энэ талаарх илтгэгч гишүүний санал үндэслэлтэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч Ц.Э шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авхуулах, нотлох баримт гаргуулах, улсын тэмдэгтийн хураамж хэсэгчлэн төлүүлэх, орон байраар хангуулах тухай хүсэлтийг 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр, хариуцагч Л.Д шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авхуулах, нотлох баримт гаргуулах тухай хүсэлтийг 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр гаргасан, шүүгч Р.Ү 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 142/ШЗ2022/05345 дугаар захирамжаар шийдвэрлэсэн байна.

Гэтэл нэхэмжлэгчийг хариуцагчаас тусдаа амьдрахыг даалгаж шийдвэрлэсэн 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 142/ШЗ2022/05001 дүгээр захирамжид нэхэмжлэгч гомдол гаргасан нь гомдлын бүртгэлийн дэвтэрт бүртгэгдсэн.

Уг гомдол шүүгч Б.Х-д хуваарилагдсан[4], 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр 142/Ш32022/05342 дугаар захирамжаар “... Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1 дэх хэсэгт “... шүүгчийн захирамж, шийтгэвэрт гарсан өдрөөс нь хойш 10 хоногийн дотор тухайн шатны шүүхэд гомдол гаргаж болно” гэж заасан бөгөөд Ц.Э-гийн гаргасан гомдол нь хуулийн дээрх зохицуулалтад хамаарахгүй байх ба тус захирамжид гомдол гаргах эрхгүй талаар тусгасан байна ...” гэх үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн.

Тус шүүхийн мэдээлэл лавлагааны мэргэжилтэн У.Б “... Гомдлыг нэрсийн дарааллаар тойргийн журмаар хуваарилаад явдаг. Гомдол гаргах эрхгүй захирамжид гомдол гаргасан ч мэдээлэл лавлагаа авахгүй гэх эрх байхгүй тухайн гомдлыг авах эсэх нь тухайн хуваарилагдсан шүүгч шийдвэрлэдэг ...” гэж мэдүүлсэн байна.

Иймд, илтгэгч гишүүний “... тухайн хэрэгт шүүгч нар өөр өөр асуудал шийдвэрлэн нэг өдөр захирамжийн дугаар авсан нь тогтоогдож байх бөгөөд дээрх үндэслэлээр шүүгчийг сахилгын зөрчил гаргасан гэж үзэх боломжгүй ... Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1-д заасанд хамаарахгүй байх бөгөөд шүүгч гомдол гаргах хуулийн зохицуулалтад хамаарахгүй гэх үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэснийг буруутгах боломжгүй ...” гэх санал үндэслэлтэй.

Шалгах ажиллагааны явцад, шүүгч Б.Х нь Ц.Э-гийн гомдлыг шийдвэрлэхдээ хэргийг шилжүүлэн аваагүй, гомдол шийдвэрлэсэн 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн шүүгчийн 142/ШЗ2022/06342 дугаар захирамжийг хэрэгт хавсаргаагүй нь тогтоогдсон байх тул цаашид анхаарч ажиллахыг энд тэмдэглэх нь зүйтэй байна.

 

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгч Р.Ү, Б.Х нарт холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хүлээн авч, Ерөнхий шүүгч Д.А-т холбогдуулан гаргасан сахилгын зөрчил гаргасныг нотлох дүгнэлтийг хүчингүй болгож, шүүгч нарт холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзлээ.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.1, 112.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн ГНД/2024/0003 дугаар сахилгын зөрчил гаргасныг нотлох дүгнэлтийг хүчингүй болгож, .....шүүхийн Ерөнхий шүүгч Д.А, ..... шүүхийн шүүгч Р.Ү, Б.Х нарт холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Энэ магадлалыг сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл, мэдээлэл гаргагч нарт гардуулах /хүргүүлэх/-ыг Ажлын албанд даалгасугай.

3.Магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

               ДАРГАЛАГЧ                                    Ц.ДАВХАРБАЯР

               ГИШҮҮН                                            О.НОМУУЛИН

                                                                           Д.ЭРДЭНЭЧУЛУУН