info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих ШИЛЭН ДАНС
ENMNG

МОНГОЛ УЛС

ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО

МАГАДЛАЛ

2024-11-21

Дугаар 114

Улаанбаатар хот

Сахилгын хэргийг хэрэгсэхгүй

болгох тухай 

Шүүхийн  сахилгын хорооны хуралдааныг гишүүн Б.Сугар даргалж, гишүүн Х.Хашбаатар, Д.Эрдэнэчулуун нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Д.Мягмарцэрэн, нарийн бичгийн даргаар хуралдаан хариуцсан ахлах мэргэжилтэн А.Намуундарь нарыг оролцуулан тус хорооны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

... шүүхийн шүүгч Б.М-д холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай саналыг хянан хэлэлцэв. 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Сахилгын хорооны гишүүний 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн ГС/2024/0116 дугаартай “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай санал”-д:

“... 1.Өргөдлийн: “ ... шүүгч Б.М 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн шүүх хуралдаанаар хэргийг хянан шийдвэрлэхдээ Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т заасныг зөрсөн” гэх үндэслэлийн тухайд:

... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5, 6 дахь хэсэгт заасан үндэслэл нь анхан шатны шүүх хуралдааны явцад нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэх шаардлагатай болсон, эсхүл хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан болон нотлох баримт цуглуулж, бэхжүүлэхэд хуульд заасан журам зөрчигдсөн талаар талуудын гаргасан гомдлыг шийдвэрлэх шаардлагатай нөхцөлд шүүх хуралдааныг нэг удаа 60 хүртэл хоногийн хугацаагаар хойшлуулж, шаардлагатай ажиллагаа явуулахыг прокурорт даалгах замаар мөрдөн байцаалтын шатанд гарсан хууль хэрэглээний алдааг зөвтгөх зохицуулалт.

Шүүгч Б.М нь шүүгдэгч Ц.Б-д холбогдох эрүүгийн хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг үндэслэн Ш.Э, Г.Н нарт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах, яллах дүгнэлтийг шинээр үйлдэж, гардуулах зэрэг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа явуулахыг прокурорт даалгаж шийдвэрлэсэн нь шүүгчийг сахилгын зөрчил гаргасан гэж үзэх үндэслэлгүй гэж үзлээ.

Тодруулбал, Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин долдугаар зүйлийн 1-д “Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч нь хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ” гэж заасан бөгөөд хууль хэрэглээтэй холбоотой, нотлох баримтыг хэрхэн үнэлж хэргийг хянан шийдвэрлэсэнтэй холбоотой шүүгчийн үйл ажиллагааг сахилгын зөрчил гэж тодорхойлох боломжгүй, шүүхийн шийдвэрийг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байсан эсэхийг Шүүхийн сахилгын хороо тогтоохгүй ба тус хорооны бүрэн эрхэд хамаарахгүй.

Өөрөөр хэлбэл шүүгч хэрэгт цугларсан нотлох баримт нэг бүрийн нотолгооны ач холбогдол, нотлох чадвар, харилцан хамаарал, талуудын тайлбар, мэдүүлэг, мэтгэлцээнд тулгуурлан болж өнгөрсөн үйл явдлыг сэргээн тогтоох ажиллагаа явуулсны эцэст шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн, эсхүл түүний үйлдэл гэмт хэргийн шинжийг агуулсан гэж бүрэн дүүрэн үнэлэлт, дүгнэлт өгөх, шийдвэр гаргах эрх хэмжээг хуулийн дагуу эдэлдэг, энэ нь гагцхүү шүүгчид Үндсэн хууль болон бусад хууль тогтоомжид олгосон онцгой бүрэн эрхэд хамаарч байна.

2. Өргөдлийн: “ ... Шийдвэр гаргахдаа үндэслэл болгосон хуулийн зохицуулалтыг би өөрөө иргэн хүний хувьд, тус хэрэгт өмгөөлөгчөөр оролцсон Ж.Э өмгөөлөгчийн хувьд, улсын яллагчийн хувьд ч яагаад ийм шийдвэр гаргаж байгааг нь ойлгоогүй” гэх үндэслэлийн тухайд:

... шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн шүүх хуралдааны дуу, дүрсний бичлэгт хийхэд шүүгч шийдвэрээ уншиж танилцуулахдаа:

“0:49:23-0:51:07 Даргалагчаас: Шүүгдэгч Ц.Б нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 9.3 дахь хэсгийн б, в, ж, 14.1, 14.8 дугаар зүйлийн и, 14.10 дахь заалтуудыг зөрчсөн болох нь хэргийн үйл баримтаар тогтоогдож байна.

Мөн тухайн үед тээврийн хэрэгсэл жолоодож явсан Ш.Э, Г.Н нар нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.2, 18.3-т заасныг тус тус зөрчжээ. Энэ нь бол осол гарах шууд нөлөөлөх шалтгаан байна. Тухайлбал Ш.Э нь үзэгдэлт хангалтгүй нөхцөлд тээврийн хэрэгслийг зогсоох боломжтой хурдыг сонгож яваагүйн улмаас тухайн зам тээврийн ослыг гаргасан, мөн гялбаанд орсон гэж байгаа бөгөөд гялбаанд орсон жолооч нь бол 18.3-т зааснаар тухайн тээврийн хэрэгслийн хурдыг хасах, зогсоох аргаг авах үүргээ биелүүлээгүй байна.

Мөн Г.Н нь 12.2-т заасан “тухайн тээврийн хэрэгслийг зогсоох боломжтой хурдыг сонгож яваагүйн улмаас урдах тээврийн хэрэгслийг мөргөж зам тээврийн осол гарсан байна.

Хэргийн хүрээнд яллагдагчийг тусад нь шалгах боломжгүй учраас энэ хэрэгтэй хамтатган шийдвэрлэх учиртай. Учир нь гэвэл гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийг гэм буруутай этгээдүүд хариуцан арилгах үүрэгтэй байгаа учраас энэ асуудлыг шийдүүлэхийн тулд Ш.Э, Г.Н нарыг хамтатган шалгаж гэм бурууг нь тогтоох шаардлагатай гэж шүүхээс дүгнэлээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар 6 сарын 20-ны өдрийн дотор Ш.Э, Г.Н нарыг шинээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлэхийг даалгасан, шүүгдэгч Ц.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэж байна. Мөн зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжид гомдол эсэргүүцэл гаргах эрхгүй болохыг дурдаж шийдвэрлэж байна. Талуудад тодруулах зүйл байна уу гэхэд.

0:51:07-0:51:11 Прокурор: Байхгүй гэв.

0:51:12-0:51:13 Даргалагчаас: Өмгөөлөгч, бусад оролцогч нарт байна уу гэхэд

0:51:14-0:51:16 Өмгөөлөгч нар: Байхгүй гэцгээв.” гэх хэсгээс үзэхэд шүүхээс гарсан шийдвэрийг талууд ойлгосон гэж үзэхээр байна. 

Мөн тус шийдвэр нь ... шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 2024/ШЗ/264 дугаартай захирамжаас өөр утга, агуулгаар шийдвэрт тусгагдсан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх ба шүүгчийн уншиж сонсгосон шүүхийн шийдвэр нь бичгээр гарсан шүүхийн шийдвэртэй утга агуулгатай нийцэж байна.

3. Өргөдлийн: “... Тус хэргийн шүүгдэгч Ц.Б нь Ерөнхий шүүгч Т.Ц-н төрөл садангийн хүн гэх талаарх баримт үйл баримт хэрэгт авагдсан нь хэн нэгний нөлөөлөлд автсан байж болзошгүй гэх хардлагыг төрүүлж байна” гэх үндэслэлийн тухайд:

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-т “Шүүх нь шүүх эрх мэдлийг аливаа этгээдээс хараат бусаар хэрэгжүүлнэ”, 5.3-т “Бүх шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгч бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ бусад шүүгчийн шүүн таслах ажиллагаанд хөндлөнгөөс оролцох, тухайлсан хэрэг, маргаантай холбоотой заавар өгөх, удирдамжаар хангах, шүүгчид тодорхой хэрэг, маргааныг нэр заан хуваарилах зэргээр шүүгчийн хараат бус байдалд халдахыг хориглоно” гэж тус тус заасан.

Шүүгч бүрэн эрхээ хэрэгжүүлэхтэй холбогдуулан бусад шүүгчийн шүүн таслах ажиллагаанд хуульд зааснаас бусад хэлбэрээр оролцох, нөлөөлөх, заавар, удирдамж, чиглэл өгөх, авах, урьдчилан санал хэлэх, мөн нөлөөллийн мэдүүлэг хөтлөх үүргээ биелүүлээгүй тохиолдлыг сахилгын зөрчилд тооцохоор Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.7, 50.1.39-т заасан.

Дээрх эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэсэн шүүгч Б.М-д ... шүүхийн шүүгч Т.Ц нөлөөлсөн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх бөгөөд энэ асуудлаар нөлөөллийн мэдүүлэг хөтлөөгүй байна.

Иймд “... шүүхийн шүүгч Т.Ц шийдвэр гаргахад нөлөөлсөн” гэх өргөдөл үндэслэлгүй гэж үзэхээр байна.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэр бүхий иргэдээс ... шүүхийн шүүгчээр ажиллаж байсан одоо ... шүүхийн шүүгч Б.М-д холбогдуулан ирүүлсэн өргөдлөөр илтгэгч гишүүн сахилгын хэрэг үүсгэн шалгах ажиллагаа явуулж, 2024 оны ... дугаар сарын 11-ний өдрийн ГС/2024/0077 дугаар “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” санал гаргахдаа өргөдөлд дурдсан үйл баримт бүрд үнэлэлт дүгнэлт өгсөн нь Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 101 дүгээр зүйлийн 101.2 дахь хэсэгт заасанд нийцсэн байна хэмээн бүрэлдэхүүн үзэв.

Сахилгын хэрэгт авагдсан баримтаас үзвэл өргөдөлд дурдагдаж буй эрүүгийн хэрэг шүүгч Б.М-д журмын дагуу хуваарилагдсан тул холбогдох ажиллагааг явуулж, улмаар 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэж, “Шүүх хуралдаан хойшлуулах тухай” 2024/ШЗ/264 дугаар захирамжаар шийдвэрлэхдээ үндэслэлийг уг захирамждаа тусгасан байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах зэрэг зорилтын хүрээнд шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зорилгоор талуудын мэтгэлцээний үндсэн дээр гаргасан дээрх захирамжийг буруутгах үндэслэлгүй.

Хэрвээ шүүгч хуулийг тайлбарлан, хэрэглэхдээ буруу хэрэглэсэн бол холбогдох хууль тогтоомжид заасан журмын дагуу гагцхүү шүүх зөвтгөх үүрэгтэй тул энэ талаар дүгнэлт өгөх үүрэг Шүүхийн сахилгын хороонд олгогдоогүй.

Иймд илтгэгч гишүүний саналд “...шүүгч хэрэгт цугларсан нотлох баримт нэг бүрийн нотолгооны ач холбогдол, нотлох чадвар, харилцан хамаарал, талуудын тайлбар, мэдүүлэг, мэтгэлцээнд тулгуурлан болж өнгөрсөн үйл явдлыг сэргээн тогтоох ажиллагаа явуулсны эцэст шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн, эсхүл түүний үйлдэл гэмт хэргийн шинжийг агуулсан гэж бүрэн дүүрэн үнэлэлт, дүгнэлт өгөх, шийдвэр гаргах эрх хэмжээг хуулийн дагуу эдэлдэг, энэ нь гагцхүү шүүгчид Үндсэн хууль болон бусад хууль тогтоомжид олгосон онцгой бүрэн эрхэд хамаарч байна.” гэсэн нь хууль зүйн үндэслэл бүхий байна.

Эрүүгийн хэрэгт холбогдогч нэр бүхий иргэнтэй хамаарал бүхий этгээд тус шүүхийн шүүгчээр ажилладаг байх хэдий ч энэ нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгч Б.М-д хөндлөнгөөс нөлөөлсөн гэж дүгнэх хууль зүйн үндэслэлгүй.

Учир нь Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэгт зааснаар бүх шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгч бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ бусад шүүгчийн шүүн таслах ажиллагаанд хөндлөнгөөс оролцохыг хориглодог тул хэрэв нөлөөлөх аливаа үйлдэл гаргасан бол шүүгч нөлөөллийн мэдүүлэг хөтлөх үүрэгтэй бөгөөд сахилгын хэрэгт авагдсан баримтаар шүүхийн шийдвэрт нөлөөлсөн гэх үйл баримт тогтоогдоогүй байна. 

            Дээрхийг нэгтэн дүгнэхэд ... шүүхийн шүүгч Б.М-д холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1, 112.1.2, 112.2 дах хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. ... шүүхийн шүүгч Б.М-д холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай саналыг хүлээн авч сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.     

2. Магадлалыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сахилгын хороонд сахилгын хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

3. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6-т зааснаар магадлал гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч болон гомдол, өргөдөл гаргагчийн оршин суугаа газрын эсхүл ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл ажлын албаны ажилтнаар хүргүүлэхийг Ажлын албанд даалгасугай.

4.  Дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох ба энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг тайлбарласугай.

          ДАРГАЛАГЧ                                       Б.СУГАР

                        ГИШҮҮН                                            Х.ХАШБААТАР

                                                                                           Д.ЭРДЭНЭЧУЛУУН