
МОНГОЛ УЛС
ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО
МАГАДЛАЛ
2024-12-26
Дугаар 135
Улаанбаатар хот

Сахилгын хэргийг хэрэгсэхгүй
болгох тухай
Шүүхийн сахилгын хорооны хуралдааныг гишүүн Х.Хашбаатар даргалж, гишүүн Д.Ариунтуяа, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Д.Эрдэнэчулуун, нарийн бичгийн даргаар хуралдаан хариуцсан ахлах мэргэжилтэн Г.Болортуяа, өргөдөл гаргагч С.Ж нарыг оролцуулан хийж, тухайн үед ... Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчээр ажиллаж байсан, одоо ... Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Г-д холбогдох Сахилгын хорооны гишүүний 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн ГС/2024/0125 дугаартай “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” саналыг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Илтгэгч гишүүн “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” саналдаа:
“Өргөдөл гаргагч нь “шүүгч Б.Г-г шүүхийн харьяалал зөрчсөн, хуулийн хүчин төгөлдөр шийдвэр, магадлал байсаар байхад хууль бус нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэсэн; шүүх хуралдаан хийлгүйгээр, мэтгэлцүүлэлгүйгээр хууль зөрчсөн захирамж гарган орон сууцны хөдөлгөөнийг хязгаарласан” гэх агуулгаар өргөдөл гаргажээ.
1. Шүүхийн харьяалал зөрчсөн, хуулийн хүчин төгөлдөр шийдвэр, магадлал байсаар байхад хууль бусаар иргэний хэрэг үүсгэсэн гэх тухайд:
Өргөдөл гаргагч С.Ж нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.3 дахь хэсэгт “Өв залгамжлагч өвийг хүлээн авахаас өмнө өвлүүлэгчийн үүрэг гүйцэтгүүлэгчээс гаргах нэхэмжлэлийг өвлөгдөх эд хөрөнгө бүхэлдээ буюу түүний гол хэсэг нь байгаа газрын шүүхэд гаргана” гэж заасныг зөрчин, харьяаллын бус нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэсэн” гэж үзэн Шүүхийн сахилгын хороонд өргөдөл гаргасан.
Сахилгын хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч Я.О-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч М.З-ийн нэхэмжлэлийг ... Иргэний хэргийн анхан шатны шүүх 2024 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 16 цаг 00 минутад хүлээн авч, холбогдох журмын дагуу шүүгч Б.Г-д хуваарилагджээ. /с.х-ийн 1 дүгээр хавтасны 57-59 тал/
Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн хамт Я.О-с М.З-д олгосон итгэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Д.Я-ны нас барсны гэрчилгээ, маргаан бүхий орон сууц болон 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр олгосон ... дүүрэг, ... дугаар хороо, ... дүгээр байр, ... тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-... дугаартай гэрчилгээ, Д.Х-ийн 2024 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн өвлөх эрхийн гэрчилгээ бичихээс татгалзсан тайлбар, талийгаач Д.Я, нэхэмжлэгч Я.О, Я.М нарын төрөл садангийн лавлагаанууд, талийгаач Я.М-ын нас барсны бүртгэлийн лавлагаа, Я.О-ны оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, эд хөрөнгө бүртгэлтэй эсэх лавлагаанууд, улсын бүртгэгч Г.М-ны 2020 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн Д.Я-ны нэр дээр ... дүүрэг ... тоот орон сууц бүртгэлтэй талаарх мэдээллийн сангийн тодорхойлолт, ... Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 184/ШШ2023/... дугаар шийдвэрийн хуулбарыг тус тус хавсаргасан байна. /с.х-ийн 1 дүгээр хавтасны 57-96 тал/
Монгол Улсын дээд шүүхийн “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дэлгэрэнгүй тайлбар”-ын 68 дугаар талд “...Өвлүүлэгч нас барахаасаа өмнө хэн нэгний өмнө хүлээсэн үүргээ биелүүлээгүй бөгөөд энэхүү үүргийн биелэлтийг шаардах эрх бүхий үүрэг гүйцэтгүүлэгч тухайн шаардлагын талаар нэхэмжлэл гаргах 2 тохиолдол байна.
а.Өвлүүлэгчийн эд хөрөнгө өвлөгчид шилжсэн бол өвлүүлэгчийн гүйцэтгэвэл зохих үүргийн талаар өв залгамжлагчид холбогдуулан нэхэмжлэл гаргах ба энэ тохиолдол хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасан харьяаллыг баримтална,
б.Өвлүүлэгчийн эд хөрөнгө өвлөгчид шилжээгүй бол энэ зүйлийн зохицуулалтаар өвлөгдөх эд хөрөнгө бүхэлдээ буюу түүний гол хэсэг нь байгаа газрын шүүхэд нэхэмжлэлийг гаргана. Энэ тохиолдолд хариуцагчаар нас барсан этгээдийг зааж, түүний нас барсан, гүйцэтгэвэл зохих үүргийн хэмжээ, үндэслэл, өв хүлээн авагдаагүй байдал зэргийг тодорхой заасан байвал зохино...” гэж тайлбарлажээ.
Дээрх хуулийн заалт болон тайлбараас үзэхэд талийгаач Д.Я нь хэн нэгэн этгээдийн өмнө тодорхой үүрэг хүлээж, тухайн үүргээ биелүүлээгүй бол уг үүргийн биелэлтийг шаардах эрх бүхий этгээд нь тухайн үүрэгтэй холбоотойгоор шүүхэд нэхэмжлэл гаргах нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.3 дахь хэсэгт заасан үндэслэлд хамаарахаар байна.
Дээрхээс үзэхэд нэхэмжлэгч Я.О нь ... Иргэний хэргийн анхан шатны шүүхэд “Д.Я-ны хууль ёсны өвлөгч болохыг тогтоолгох, ... дүүрэг ...тоот орон сууцны 50 хувийн өв хүлээн авагч мөн болохыг тогтоолгох тухай” гэсэн нь өөрийгөө өвлөх эрхтэй ба өвлөх ёстой үл хөдлөх эд хөрөнгийн 50 хувийг өвлөн авах үндэслэлтэй гэж үзэн шүүхэд нэхэмжлэл гаргасан нь мөн хуулийн 16 дугаар зүйлийн 16.3 дахь хэсэгт хамаарахгүй юм. /с.х-ийн 1 дүгээр хавтасны 97, 233-238 тал/
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт “Нэхэмжлэгч гэж хуульд заасан эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзэж эрхээ сэргээлгэхээр өөрийн болон бусдын нэрийн өмнөөс нэхэмжлэл гаргагч этгээдийг хэлнэ...” гэж зааснаар нэхэмжлэгч хариуцагчийг өөрөө тодорхойлж, мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт “Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол нэхэмжлэлийг хариуцагчийн оршин суугаа газрын шүүхэд гаргана” гэж зааснаар хариуцагчийн оршин суудаг гэх ... дүүрэг, ... дугаар хороо, ...тоот хаягийн харьяаллын шүүх болох ... Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлд нэхэмжлэлийн бүрдүүлбэрийг хуульчилсан бөгөөд нэхэмжлэлийг хүлээн авсан шүүгч мөн хуулийн 65 дугаар зүйлд заасан нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл бий эсэхийг хянан, татгалзах үндэслэл байхгүй бол мөн хуулийн 66 дугаар зүйлд зааснаар иргэний хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулдаг. Шүүгч Б.Г нь нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах хуульд заасан үндэслэл байхгүй, нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангасан гэж үзэж иргэний хэрэг үүсгэсэн байх тул түүнийг буруутгах боломжгүй юм.
Мөн хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт “Харьяаллын дагуу нэхэмжлэлийг хүлээн авсан бол шүүх хэргийг хянан шийдвэрлэнэ. Харин талуудын тайлбарыг үндэслэн дараах шалтгаанаар шүүх хуралдааны өмнө буюу шүүх хуралдааны явцад шүүхийн тогтоол, шүүгчийн захирамжаар өөр шүүхэд шилжүүлж болно”, 20.1.1 дэх заалтад “хэргийг тал бүрээс нь бодитой, шуурхай хянан шийдвэрлэхийн тулд нотлох баримтын дийлэнх нь байгаа газрын шүүхэд хянан шийдвэрлэх шаардлагатай гэж үзвэл”, 20.1.2 дахь заалтад “нэхэмжлэлийг хүлээн авахдаа шүүхийн харьяаллыг зөрчсөн нь илэрвэл”, 20.1.3 дахь заалтад “энэ хуулийн 93.2-т заасны дагуу тухайн шүүхийн бүх шүүгчийг татгалзан гаргасан бол”, 170 дугаар зүйлийн 170.1 дэх хэсэгт “Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 20.1, ...дүгээр зүйлд заасан ...шүүгчийн захирамж, ...гарсан өдрөөс нь хойш 10 хоногийн дотор тухайн шатны шүүхэд гомдол гаргаж болно” гэж тус тус заасан.
Өөрөөр хэлбэл хэргийн оролцогчоос “хэргийг харьяаллын дагуу өөр шүүхэд шилжүүлэх тухай” хүсэлт гаргах эрх нь нээлттэй бөгөөд хэрэв энэ тухай хүсэлт гаргавал хавтаст хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байгаа шүүгч хүсэлтийг захирамжаар шийдвэрлэх ба уг захирамжийг хэргийн оролцогч эс зөвшөөрвөл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1 дэх хэсэгт зааснаар гомдол гаргаж, тухайн шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүнээр хянуулан шийдвэрлүүлэх хуулийн зохицуулалттай.
Гэтэл шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч талаас “хэргийг харьяаллын дагуу өөр шүүхэд шилжүүлэх тухай” хүсэлтээ гаргаагүй болох нь ... Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 1260 дугаар албан бичигт “...хэргийн оролцогчоос хэргийг шүүхийн харьяаллаар шилжүүлэх тухай хүсэлт гаргаагүй байна” гэснээр тогтоогдож байна. /с.х-ийн 1 дүгээр хавтасны 55-56 тал/
Шүүгч иргэний хэрэг үүсгэснээр нэхэмжлэгчид давуу байдал бий болгохгүй, түүнд ямар нэгэн эрх зүйн үр дагавар үүсэхгүй бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эсхүл зарим хэсгийг хангах эсэх, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох, мөн хэргийг хэрэгсэхгүй болгох эсэх нь шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж, шүүгч хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэн, хавтаст хэрэгт авагдсан баримтууд, талуудын мэтгэлцээн зэргийг үндэслэн шийдвэрлэнэ.
Мөн нэхэмжлэгчийн нэхэмжлэлд хавсаргасан ... Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 184/ШШ2023/... дугаар шийдвэрээс үзэхэд М.М, М.М нарын нэхэмжлэлтэй, Д.Х-д холбогдох Я.О-д олгосон өвлөх эрхийн 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 119 дугаартай гэрчилгээг, мөн Д.Я-д олгосон өвлөх эрхийн 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 141 дугаартай гэрчилгээг хүчингүй болгуулах үндсэн нэхэмжлэлтэй, М.М-ын өвлөх хүсэлтийг хүчин төгөлдөр бус гэж тооцож болох хэлцэл болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцээд үндсэн нэхэмжлэлийг хангаж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. /с.х-ийн 1 дүгээр хавтасны 72-96 тал/
Харин хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ж хариу тайлбартаа дээрх анхан шатны шүүхийн 184/ШШ2023/... дугаар шийдвэрийн 1, 2 дахь заалтуудад өөрчлөлт оруулж, бусад хэсгийг хэвээр үлдээсэн ... Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 210/МА2024/... дугаар магадлал, ... Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 183/ШЗ2020/... дүгээр “Д.Я-ны нэхэмжлэлтэй, С.Ж-д холбогдох ... дүүрэг, ... дугаар хороо, ... дугаар байр, ... тоот орон сууцны хамтран өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамж, тухайн захирамжийг гомдол шийдвэрлэх шүүх хуралдаанаар хэлэлцэн, хэвээр үлдээсэн мөн шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 183/ШЗ2021/... дугаар тогтоол, ... Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 181/ШШ2016/... дугаар С.Ж-ны талийгч Я.М-тай хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр, ... Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 25-ны 183/ШШ2021/... дүгээр Ж.М-ны эцэг тогтоолгох тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр, мөн шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 183/ШТ2021/... дүгээр шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаар дээрх шүүхийн 183/ШШ2021/... дүгээр шийдвэрийг хянуулах тухай Д.Я-ны хүсэлтийг хангахаас татгалзсан тогтоол зэргийг хавсаргаж өгсөн байна. /с.х-ийн 100-118 тал/
Хэдийгээр шүүхийн шийдвэр, тогтоол, шүүгчийн захирамжийг талууд нэхэмжлэл болон хариу тайлбартаа хавсаргаж өгсөн боловч эдгээрийг шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэж, шийдвэрлэхэд үнэлэх эсэх нь тухайн шүүгчийн эрх хэмжээний асуудал юм.
Иймд иргэний хэрэг үүсгэсэн нь хууль зөрчөөгүй байх тул уг үндэслэлээр шүүгч Б.Г-г буруутай гэж үзэхгүй.
2. Шүүх хуралдаан хийлгүй, мэтгэлцүүлэлгүйгээр хууль зөрчсөн захирамж гаргаж, орон сууцны хөдөлгөөнийг хязгаарласан гэх тухайд:
Шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.З 2024 оны 8 дугаар сарын 22-ны өдөр “шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай” хүсэлт гаргасныг шүүгчийн 2024 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 183/ШЗ2024/... дугаар захирамжаар хангаж, ... дүүргийн ...тоот хаягт байрлах үл хөдлөх хөрөнгийг захиран зарцуулах, бусдын эзэмшил, өмчлөлд шилжүүлэхгүй байхыг хариуцагч М.М-д даалгасан байна. /с.х-ийн 1 дүгээр хавтасны 162-163 тал/
Шүүгчийн дээрх захирамжийг шүүгчийн туслах Б.С хариуцагч М.М-ын гар утсанд холбогдон 2024 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр мэдэгдсэнээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ж 2024 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр уг шүүгчийн захирамжийг гардан авчээ. /с.х-ийн 1 дүгээр хавтасны 165-166 тал/
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 2024 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч гомдол гаргасан байх бөгөөд тус шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн гомдол шийдвэрлэх шүүх хуралдаанаар хэлэлцэн, 183/ШТ2024/... дугаар тогтоолоор “...Шүүхээс гарах шийдвэрийг баталгаатай биелэгдэх нөхцөл байдлыг урьдчилан бэлтгэхийн тулд нэхэмжлэгч шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авхуулах хүсэлтийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг үндэслэн хариуцагчид ...захиран зарцуулахгүй байхыг даалгаж шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн, захирамжийг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байна...” гэж үзээд шүүгчийн захирамжийг хэвээр үлдээсэн байна. /с.х-ийн 1 дүгээр хавтасны 171-196 тал/
Дээрх иргэний хэргийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.З-ийн гаргасан “...хариуцагч нь өвлөгчийн асуудал маргаан Я.О-ны асуудлыг шүүхээр шийдэхийг хүлээхгүйгээр тухайн үл хөдлөх хөрөнгийг захиран зарцуулах хүсэл зоригтой байна гэж үзэж байна. Иймд энэхүү хэрэг маргааныг эцэслэн шийдвэрлэхийг дуустал ... дүүрэг ...тоот 2 өрөө ...улсын дугаартай үл хөдлөх хөрөнгийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлэх захирамж гаргаж өгнө үү” гэх хүсэлтийн агуулгыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэг “Шүүгч нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах дараах арга хэмжээг хэрэг үүсгэхдээ буюу үүсгэсний дараа захирамж гарган авах эрхтэй”, 69.1.5 дахь заалт “тодорхой ажиллагаа гүйцэтгэх, эсхүл гүйцэтгэхгүй байхыг хариуцагчид даалгах” гэж ойлгох бөгөөд энэ тухай тус шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 183/ШТ2024/... дугаар тогтоолоор дүгнэхдээ “...түдгэлзүүлэх захирамж гаргаж өгнө үү гэснийг шүүх агуулгын хувьд мөн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.5 дахь хэсэгт заасан хүсэлт гаргасан гэж үзэж, хүлээн авч шийдвэрлэснийг буруутгах боломжгүй...” гэжээ. /с.х-ийн 1 дүгээр хавтасны 192-196 тал/
Учир нь “түдгэлзүүлэх” гэдэг үг нь “түр зогсоох” гэсэн утгыг илэрхийлэх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...үл хөдлөх хөрөнгийг захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлэх захирамж гаргаж өгнө үү” гэснийг “...үл хөдлөх эд хөрөнгийг захиран зарцуулахгүй байхыг хариуцагчид даалгаж өгнө үү” гэж ойлгоно. Энэхүү хүсэлтийг шүүгч хангасан нь шүүхээс хэргийг эцэслэн шийдвэрлэх хүртэл маргаан бүхий эд хөрөнгө, эрхийн байдлыг өөрчлөхгүй байх, бусдад шилжүүлэхгүй байхыг хариуцагчид даалгаж буй болохоос хэргийг эцэслэн шийдвэрлэж буй явдал биш, харин шүүхээс гарах шийдвэр баталгаатай биелэгдэх нөхцөл байдлыг урьдчилан бэлтгэж буй хуульд заасан ажиллагаа болно.
Түүнчлэн уг хүсэлтийг нэхэмжлэгч тал анх нэхэмжлэл гаргахдаа, шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эсхүл шүүх хуралдааны явцад гэх зэргээр аль ч шатанд гаргах эрх нь нээлттэй бөгөөд хүсэлтийг хангах эсэх нь тухайн шүүгчид хуулиар олгосон бүрэн эрх юм.
Сахилгын хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн дээрх хүсэлтийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ж-д 2024 оны 8 дугаар сарын 23-ны өдөр мэдэгдсэн болох нь шүүгчийн туслах Б.С-ийн 95... дугаарын вайберт үзлэг хийсэн тэмдэглэл, ... Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 1366 дугаар албан бичгээр тус тус тогтоогдож байна. /с.х-ийн 1 дүгээр хавтасны 244 тал, 2 дугаар хавтасны 1-4, 6 тал/
Дээрхээс үзэхэд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ж нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг эс зөвшөөрч буй тайлбар, холбогдох баримтаа шүүхэд хүргүүлэх боломжтой байсан боловч холбогдох тайлбар, баримтаа хүргүүлээгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1 дэх хэсэгт “Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн ...69.1, ...заасан ...шүүгчийн захирамж, шийтгэвэрт гарсан өдрөөс нь хойш 10 хоногийн дотор тухайн шатны шүүхэд гомдол гаргаж болно” гэж зааснаар шүүгчийн 2024 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 183/ШЗ2024/... дугаар захирамжийг шүүгчийн туслах 2024 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр утсаар танилцуулж, 9 дүгээр сарын 13-ны өдөр гардуулан өгсөн нь Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2022 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 52 дугаар тогтоолын 1 дүгээр баталсан “Иргэний хэргийн хөдөлгөөний нийтлэг аргачлал”-ын 4 дүгээр зүйлийн 4.2.2-т “...Хүсэлт шийдвэрлэсэн шүүгчийн захирамжийг шүүгчийн туслах 5 хоногийн дотор мэдэгдэж, баримт №7-г үйлдэж, хэрэгт хавсаргана” гэж заасантай нийцэж байна.
Тодруулбал шүүгчийн захирамж гарснаас хойш 3 дахь өдөрт нь хариуцагч талд танилцуулж, 4 дэх өдөр нь гардуулан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ж нь 7 дахь өдөрт нь гомдол гаргаж, шүүгчийн захирамжийн үндэслэлийг 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн гомдол шийдвэрлэх шүүх хуралдаанаар хянуулж, 183/ШТ2024/... дугаар тогтоолоор шүүгчийн захирамжийг хэвээр үлдээжээ. /с.х-ийн 1 дүгээр хавтасны 195-196 тал/
Түүнчлэн иргэний хавтаст хэрэгтэй нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2024 оны 8 дугаар сарын 06-ны өдөр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2024 оны 7 дугаар сарын 31-ний өдөр, 9 дүгээр сарын 13-ны өдөр тус тус хэргийн материалтай танилцсан болох нь шүүхийн “Хэрэг танилцуулсан тухай” баримт №6-аар тогтоогдож байна. /с.х-ийн 1 дүгээр хавтасны 246-247 тал/
Иймд хэргийн оролцогчдоос гаргасан хүсэлт бүрийг шүүх хуралдаан хийж, мэтгэлцүүлэх эсэх талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нарийвчлан зохицуулаагүй тул шүүгчийг зөрчил гаргасан гэж үзэхгүй.
Дээрхийг нэгтгэн дүгнээд сахилгын хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн тухайн үед ... Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчээр ажиллаж байсан, одоо ... Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Г-д нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлд заасан шүүгчид хориглосон зохицуулалтыг зөрчсөн гэх үйл баримт шалгах ажиллагааны явцад тогтоогдоогүй тул түүнд холбогдуулан үүсгэсэн сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргав.” гэжээ.
Холбогдох шүүгч Б.Г Шүүхийн сахилгын хороонд гаргасан тайлбартаа:
“...Гомдол гаргагч С.Ж-ны гаргасан гомдол тус бүрд дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд:
1.1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.3 дахь хэсэгт “Өв залгамжлагч өвийг хүлээн авахаас өмнө өвлүүлэгчийн үүрэг гүйцэтгүүлэгчээс гаргах нэхэмжлэлийг өвлөгдөх эд хөрөнгө бүхэлдээ буюу түүний гол хэсэг нь байгаа газрын шүүхэд гаргана” гэж заасан бөгөөд өвийг хүлээн авах ажиллагаа хийгдэхээс өмнө өвлүүлэгчийн үүрэг гүйцэтгүүлэгч нэхэмжлэл гаргасан бол тухайн нэхэмжлэлийг өвлөгдөх эд хөрөнгө бүхэлдээ буюу түүний гол хэсэг нь байгаа газрын шүүхэд гаргахаар зохицуулсан байна.
Нэхэмжлэгч Я.О нь шүүхэд “өвлөгч мөн болохыг тогтоолгох, маргаан бүхий орон сууцны 50 хувийн өв хүлээн авагч болохыг тогтоолгох тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэгч Я.О-ны гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээс үзвэл Я.О нь өөрийгөө өвлөх эрхтэй этгээд гэж үзсэн ба өвлөгдөх орон сууц нь түүнд өвлөгдөөгүй байх тул анхнаасаа өвлөгч мөн болохыг тогтоолгохоор нэхэмжлэл гаргажээ.
Иймд Я.О-г өвлүүлэгчийн үүрэг гүйцэтгүүлэгч гэж үзэхгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.3-д заасан шүүхийн онцгой харьяаллын дагуу нэхэмжлэлийн харьяаллыг тогтоохгүй.
Мөн нэхэмжлэгч Я.О өвлөгч мөн болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлээ М.М-д холбогдуулан гаргасан байх тул ерөнхий харьяаллаар буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт “Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол нэхэмжлэлийг хариуцагчийн оршин суугаа газрын шүүхэд гаргана” гэж зааснаар хариуцагчийн оршин суугаа газрын шүүхэд нэхэмжлэлийг гаргана. Дээрх үндэслэлээр шүүх нэхэмжлэлийг хүлээн авсан нь хуульд нийцсэн байна.
Иймд С.Ж-ны гомдолд дурдсан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.3 дахь хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.2 дахь заалтыг зөрчсөн /орон сууц нь ...дүүрэг, ... дугаар хороо, ... дүгээр байр, ... тоот нь ... дүүрэгт байрлаж байхад ... дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хэрэг үүсгэсэн буюу шүүхийн харьяалал зөрчиж иргэний хэрэг үүсгэсэн гэх/ өргөдөл үндэслэлгүй юм.
1.2. С.Ж нь өргөдөлдөө Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3 дахь заалтыг зөрчиж иргэний хэрэг үүсгэсэн гэх агуулгыг дурдсан бөгөөд энэ талаар өргөдөлдөө “Нас барсан Д.Я нь мөн зүйлийн 65.1.3-т заасныг зөрчиж хууль бус хэрэг үүсгэсэн юм” гэжээ. Өргөдөл гаргагч нь дээрх хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3 дахь заалтыг зөрчсөн гэх үндэслэлээ тодорхой тайлбарлаагүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1 дэх хэсэгт “Шүүгч дараах тохиолдолд захирамж гарган нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана:”, 65.1.3-т “шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх талаар хуульд заасан журмыг нэхэмжлэгч зөрчсөн ба энэ журмыг хэрэглэх боломжтой байвал” гэж заасан.
Хууль тогтоомжид өвлөгч мөн болохыг тогтоолгох тухай ажиллагаанд гарсан маргааныг шүүхийн өмнө урьдчилан шийдвэрлэх тогтолцоо байхгүй бөгөөд гомдлын энэ үндэслэл тодорхой бус байх тул нарийвчилсан тайлбар өгөх боломжгүй байна.
Иймд өргөдөл гаргагчийн гаргасан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3 дахь заалтыг зөрчсөн гэх үндэслэл тодорхойгүй, үндэслэлгүй болно.
1.3. Нэхэмжлэгч Я.О нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ М.М, Ж.М нарын нэхэмжлэлтэй хариуцагч Д.Х-д холбогдох Я.О-д олгосон өвлөх эрхийн 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 119 дугаартай гэрчилгээг, Д.Я-д олгосон өвлөх эрхийн 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 141 дугаартай гэрчилгээг хүчингүй болгуулах үндсэн нэхэмжлэлийг хянан шийдвэрлэсэн ... Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 184/ШШ2023/... дугаартай шийдвэрийг баримтаар ирүүлсэн ба уг шийдвэрт нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийг хангаж өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нотариатын үйлдлүүдийг тус тус хүчингүй болгож шийдвэрлэжээ.
Гэвч дээрх шүүхийн шийдвэрийг “нэхэмжлэлд дурдсан үйл баримтын талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байгаа” гэж үзэхгүй. Тодруулбал, нэхэмжлэгч Я.О нотариатын үйлдлийг хүчин төгөлдөр бусад тооцохтой холбоотой нэхэмжлэл гаргаагүй. Харин өөрийгөө өвлөх эрхтэй этгээд гэж үзэн зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.
Мөн нэхэмжлэгч Я.О нь 2024 оны 6 дугаар сарын 12-ны өдөр шүүхэд нотлох баримтын хамт 40 хуудас нэхэмжлэл өгсөн бөгөөд хавсралт баримтуудад давж заалдах шатны шүүхийн магадлал, хяналтын шатны шүүхийн тогтоол, бусад тогтоолыг хавсарган ирүүлээгүй байсан болно.
Иймд нэхэмжлэгч Я.О-ны нэхэмжлэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1 дэх хэсэг “Шүүгч дараах тохиолдолд захирамж гарган нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана”, 65.1.6-д “нэхэмжлэлд дурдсан үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн болон арбитрын шийдвэр, эсхүл нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, түүнчлэн хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн болон арбитрын шийдвэр буюу шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж байгаа” гэх хэсэгт хамаарахгүй бөгөөд өргөдөл гаргагч С.Ж-ны гаргасан “Д.Я, Я.О нар нь өвлөгч биш гэсэн шийдвэр, магадлал, тогтоол байхад хэрэг үүсгэсэн нь үндэслэлгүй” гэх тайлбар үндэслэлгүй байна.
1.4. Өргөдөл гаргагч С.Ж нь гомдлын үндэслэлдээ нэхэмжлэгч Я.О нь маргаан бүхий байранд гэрээслэл авах эрхгүй, өөрийн ээж Д.Я-г өвлөгч, өвлүүлэгч хэмээн хууль зөрчин бодож байгаа, Иргэний хуулийн 517 дугаар зүйлийн 517.1, 517.2 дахь хэсэгт зааснаар өвлөх эрхээ алдсан гэх тайлбарыг гаргажээ.
Дээрх тайлбар нь нэхэмжлэл үндэслэлтэй эсэх, мөн хэргийг хянан шийдвэрлэх явцад дүгнэх, шийдвэрлэх асуудал байх тул нэхэмжлэлийг хүлээн авахдаа энэ талаар урьдчилан дүгнэлт хийж болохгүй. Харин тус хэргийг шүүхийн шийдвэрээр шийдвэрлэх үед дээр дурдсан үндэслэлүүдийг дүгнэх учиртай.
Иймд нэхэмжлэлийг хүлээн авахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.10 дахь хэсгийг зөрчиж /хэргийг хянан шийдвэрлэх хугацаанд өвлүүлэгч нас барж өвлүүлэх, өвлөх эрхээ алдсан байсан/ нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэсэн гэх тайлбар үндэслэлгүй байна.
1.5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт “Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй” гэж заасан ба хэрэв талууд өөрийн үндэслэлээ баримтаар нотолж чадахгүй бол нэхэмжлэгчийн хувьд нэхэмжлэл хэрэгсэхгүй болох, хариуцагчийн хувьд нэхэмжлэл хангагдах үр дагаварт хүрнэ. Талууд шүүхэд нотлох баримтын шаардлага хангасан баримтыг ирүүлэх үүрэгтэй боловч тухайн баримтууд шаардлага хангахгүй бол шүүх баримтыг үнэлэхгүй. Хэрэв дээрх нотлох баримт нь үнэн бодит бус буюу хуурамч нотлох барим бол эрх бүхий байгууллагад хандаж зохиж журмын дагуу шалган тогтоох нь зүйтэй.
Шүүгчийн зүгээс нэхэмжлэлд хавсаргасан нотлох баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасан нотлох баримтын шаардлага хангасан буюу нотариатаар гэрчлүүлсэн, хуулбар үнэн тэмдэгтэй байна гэж үзээд нэхэмжлэлийг хүлээн авсан болно.
Иймд С.Ж-ны гаргасан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.11 дэх заалтыг зөрчсөн буюу нэхэмжлэлд үнэн бодит нотлох баримт байхгүй, нэхэмжлэлийн шаардлага хангаагүй байхад нэхэмжлэлийг хүлээн авсан гэх тайлбар үндэслэлгүй байна.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт “Шүүгч нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах дараах арга хэмжээг хэрэг үүсгэхдээ буюу үүсгэсний дараа захирамж гарган авах эрхтэй” гэж заасан.
Нэхэмжлэгч Д.О нь 2024 оны 8 дугаар сарын 22-ны өдөр шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай хүсэлтийг ирүүлсэн бөгөөд 2024 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 183/Ш32024/... дугаар захирамжаар хүсэлтийг хангаж, ... дүүргийн ... дугаар хороо, ... хороолол, ... дүгээр байр, ... тоот орон сууцыг захиран зарцуулах, бусдын эзэмшил ашиглалтад шилжүүлэхгүй байхыг хариуцагч М.М-д даалгаж шийдвэрлэсэн.
Шүүгчийн туслах хариуцагч М.М-ын шүүхэд мэдүүлсэн 88... дугаарын утсаар захирамжийн талаар мэдэгдэх гэсэн боловч утсаа аваагүй тул вайбер чатаар мэдэгдсэн байна. Дээрх захирамж хуульд заасны дагуу гарсан болно.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ж нь хуульд заасан эрхийн хүрээнд 2024 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 183/Ш32024/... дугаар захирамжийг эс зөвшөөрч хүчингүй болгуулахаар 2024 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр гомдол гаргасан ба тус шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 183/ШТ2024/... дугаар тогтоолоор захирамжийг үндэслэлтэй гэж үзэн хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхисон. Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулсан захирамж нь хэргийг эцэслэн шийдвэрлэж буй явдал биш бөгөөд гагцхүү шүүхийн шийдвэрийг баталгаатай хэрэгжих нөхцөлийг хангах үүднээс маргааны зүйлийг захиран зарцуулах, бусдад шилжүүлэхийг түр хугацаагаар хязгаарлаж буй арга хэмжээ юм.
Хэрэв нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд хариуцагчид шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулсан арга хэмжээ авсны улмаас хохирол учирсан бол хохирлоо нөхөн төлүүлэх эрхтэй болохыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.3 дахь хэсэгт заасан.
Дээрхээс үзвэл тус шүүхийн 2024 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 183/Ш32024/... дугаар захирамж нь хуульд заасны дагуу гарсан тул өргөдөл гаргагч С.Ж-ны гаргасан дээрх захирамж илт үндэслэлгүй гэх тайлбар үндэслэлгүй байна.
3. Шүүгч миний бие нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш хуульд заасны дагуу иргэний хэрэг үүсгэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байна. Энэ хугацаанд талуудын эрх тэгш байдлыг хангаж ажилласан.
Миний бие нэхэмжлэгч болон хариуцагч нар, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарыг огт танихгүй, хэргийн аль нэг талтай уулзаж байгаагүй, аль нэг талд давуу байж болох, бусдад тийм буруу ташаа ойлголт төрөхөөс урьдчилан сэргийлж ирсэн. Гэтэл С.Ж нь “намайг албан тушаалаа урвуулан ашиглаж бусдад давуу байдлыг бий болгосон” гэж ор үндэслэлгүй үгээр гомдол гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй.
Мөн шударга бусаар хөрөнгөжих гэж санаархаж байгаа этгээдийн үйлдлийг зогсоогоогүй гэжээ. Нэхэмжлэгч Я.О нь хуульд заасны дагуу баримтаа бүрдүүлэн нэхэмжлэл гаргасан байх тул шүүх иргэний хэрэг үүсгэсэн ба тухайн нэхэмжлэлийг гэмт хэргийн шинжтэй гэж дүгнэх эрх хэмжээ шүүхэд байхгүй юм.
Хэрэв аливаа этгээд гэмт хэргийн шинжтэй гэж үзвэл зохих цагдаагийн байгууллагад хандан шалгуулах нь эрх нээлттэй билээ.
Мөн төрийн ажлыг буюу албан үүргээ бусдын гуйлтаар явуулсан, нэхэмжлэгч талд туслаад байгаа, хуулийг илт зөрчиж дураараа аашлан хаалт /шүүхээс гарах шийдвэрийн биелэлт баталгаажуулах тухай захирамж/ хийсэн, шүүгч өргөсөн тангаргаасаа няцаж залилагч нартай үгсэн тохиролцож хамтарсан, басамжилсан, доромжилсон гэж гомдол гаргасан нь ямар ч үндэслэлгүй юм.
Миний бие хэзээ ч бусдын гуйлтаар хэрэгтээ хандаж байгаагүй ба хуулийн дагуу захирамж, шийдвэр гаргаж, хэргийн оролцогчтой хүндэтгэлтэй хандаж ирсэн болно.
4.1. Шүүх нэхэмжлэлийг хүлээн аваад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлд заасан татгалзах үндэслэл байхгүй бол иргэний хэрэг үүсгэх бөгөөд энэ тохиолдолд шүүх хуралдаан хийгдэх боломжгүй.
Өөрөөр хэлбэл хуульд хэрэг үүсгэх захирамж гаргахдаа шүүх хуралдаан хийх зохицуулалт байхгүй болно.
Талууд шүүх хуралдаан дээр шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах болон нотлох баримт гаргуулах тухай хүсэлтийг гаргавал тухайн хурлаар хэлэлцэн шийдвэрлэнэ. Харин талууд хүсэлтээ шүүх хуралдааны бус үед гаргасан тохиолдолд шүүх хүсэлтийг хурлын бусаар хянан хэлэлцэнэ.
4.2. Нэхэмжлэгч Д.О нь 2024 оны 8 дугаар сарын 22-ны өдөр шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай хүсэлтийг шүүхэд ирүүлснийг маргааш өдөр нь буюу 2024 оны 8 дугаар сарын 23-ны өдөр хариуцагч М.М-д мэдэгдэж, хүсэлттэй холбоотой тайлбар гаргах эрхтэйг танилцуулсан. Хариуцагчид дээрх хүсэлтийг мэдэгдсэнээс хойш 17 хоногийн дараа буюу 2024 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай захирамж гарсан байна.
Шүүхээс хүсэлтийг хариуцагчид мэдэгдэж, хүсэлттэй холбогдох тайлбар гаргах 17 хоногийн хугацаа олгосон байхад ямар нэг хариу өгөөгүй, мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлээгүй атлаа “шүүх талуудыг мэтгэлцүүлэлгүй” гэж буруутгах нь хууль зүйн үндэслэлгүй юм.
5. С.Ж нь Шүүхийн сахилгын хороонд гаргасан өргөдөлдөө иргэн Я.О, өмгөөлөгч М.З, нотариатч Д.Х нарын үйлдэл гэмт хэргийн шинжтэй бөгөөд үүнийг шалгах тухай дурдсан байх ба энэ шаардлага нь Б.Г надад холбогдуулан гаргасан гомдолд хамааралгүй, энэ талаар би огт мэдэхгүй тул тайлбар бичих боломжгүй байна.
6. Хариу тайлбараа дүгнэхэд Я.О-ны нэхэмжлэлтэй хариуцагч М.М-д холбогдох иргэний хэрэг нь хуульд заасан үндэслэлээр иргэний хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хийгдэж, нотлох баримт гаргуулах, шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай захирамжууд гарсан. М.М нь иргэний хэрэг үүсгэх тухай захирамжийг хууль бус гэж тайлбар гаргах боловч тухайн захирамжийг өөрчлөх, хүчингүй болгуулах талаар ямар нэг гомдол, хүсэлт гаргаж байгаагүй болно.
Нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэх нь нэхэмжлэлийн шаардлагыг хангах, эсхүл хангах магадлалтай гэсэн ойлголт огт биш бөгөөд нотлох баримт, талуудын тайлбарыг үндэслэн шүүх хуралдаанаар хэлэлцүүлэн гагцхүү шүүхийн шийдвэрээр хянан шийдвэрлэдэг.
Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр гомдол гаргагч С.Ж-ны өргөдөл бүхэлдээ үндэслэлгүй байх тул сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Өргөдөл гаргагч С.Ж-аас ... Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Г-д холбогдуулан “шүүхийн харьяалал зөрчиж, хуулийн хүчин төгөлдөр шийдвэр, магадлал байсаар байхад хууль бус нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэсэн, шүүх хуралдаан хийлгүйгээр, мэтгэлцүүлэлгүйгээр хууль зөрчсөн захирамж гарган орон сууцны хөдөлгөөнийг хязгаарласан” гэж өргөдөл гаргасныг Сахилгын хорооны гишүүн хүлээн авч хянаад, 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн ГЗҮ/2024/0117 дугаар захирамжаар сахилгын хэрэг үүсгэн, шалгах ажиллагаа явуулж, 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдөр сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргажээ.
Нэг. “... шүүхийн харьяалал зөрчиж, хуулийн хүчин төгөлдөр шийдвэр, магадлал байсаар байхад хууль бус нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэсэн ...” гэх тухайд;
1.1. Сахилгын хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, Я.О-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч М.З-с М.М-д холбогдуулан гаргасан “Я.О нь нас барагч Д.Я-ны хууль ёсны өвлөгч мөн болохыг тогтоолгох, өвлүүлэгчийн үлдээсэн ... дүүрэг, ...-р хороо, ... хороолол, ...-р байрны ... тоот орон сууцны 50 хувийн өв хүлээн авагч мөн болохыг тогтоолгох тухай” нэхэмжлэл тухайн үед ... Иргэний хэргийн анхан шатны шүүхэд шүүгчээр сэлгэн ажиллаж байсан Б.Г-д хуваарилагдаж, 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 183/ШЗ2024/... дүгээр захирамжаар иргэний хэрэг үүсгэсэн байна.
Тус иргэний хэрэгт өргөдөл гаргагч С.Ж нь хариуцагч М.М-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа бөгөөд шүүгчийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.3-д “Өв залгамжлагч өвийг хүлээн авахаас өмнө өвлүүлэгчийн үүрэг гүйцэтгүүлэгчээс гаргах нэхэмжлэлийг өвлөгдөх эд хөрөнгө бүхэлдээ буюу түүний гол хэсэг нь байгаа газрын шүүхэд гаргана” гэж заасныг зөрчин, харьяаллын бус нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэсэн гэж өргөдөлдөө дурджээ.
Илтгэгч гишүүн “... нэхэмжлэгч Я.О нь ... Иргэний хэргийн анхан шатны шүүхэд “Д.Я-ны хууль ёсны өвлөгч болохыг тогтоолгох, ... дүүрэг ...тоот орон сууцны 50 хувийн өв хүлээн авагч мөн болохыг тогтоолгох тухай” гэсэн нь өөрийгөө өвлөх эрхтэй ба өвлөх ёстой үл хөдлөх эд хөрөнгийн 50 хувийг өвлөн авах үндэслэлтэй гэж үзэн шүүхэд нэхэмжлэл гаргасан нь мөн хуулийн 16 дугаар зүйлийн 16.3 дахь хэсэгт хамаарахгүй ...” гэж үзсэн нь үндэслэлтэй байна.
Тодруулбал, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.3 дахь хэсэгт заасан шүүхийн онцгой харьяаллаар шийдвэрлэх маргаан нь өвийг хүлээн авах ажиллагаа хийгдэхээс өмнө өвлүүлэгчийн үүрэг гүйцэтгүүлэгч нэхэмжлэл гаргасан бол тухайн нэхэмжлэлийг өвлөгдөх эд хөрөнгө бүхэлдээ буюу түүний гол хэсэг нь байгаа газрын шүүхэд гаргахаар зохицуулсан.
Нэхэмжлэгч Я.О-ны хувьд Д.Я-ны хууль ёсны өвлөгч мөн болохыг тогтоолгож, орон сууцны 50 хувийн өв хүлээн авагч мөн болохыг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж, өөрийгөө анхнаасаа өвлөх эрхтэй этгээд гэж үзэж нэхэмжлэл гаргаж байгаа талаараа нэхэмжлэлийн үндэслэлдээ бичиж, М.М-ыг хариуцагчаар татсан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол нэхэмжлэлийг хариуцагчийн оршин суугаа газрын шүүхэд гаргана” гэж зааснаар М.М-ын оршин суугаа газар болох ... Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан гэж үзэхээр байна.
Харин өвлүүлэгч Д.Я хэн нэгэн этгээдийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлээгүй бол уг үүргийн биелэлтийг шаардахтай холбоотой нэхэмжлэл гаргасан тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.3-д зааснаар орон сууц байгаа газрын шүүхэд нэхэмжлэлээ гаргахаар зохицуулжээ.
Дээрхээс үзэхэд, Я.О нь Д.Я-ны хүлээсэн үүргийн биелэлттэй холбоотой нэхэмжлэл гаргаагүй, түүний үүрэг гүйцэтгүүлэгч гэж үзэхгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.3-д заасан шүүхийн онцгой харьяаллын дагуу нэхэмжлэлийн харьяаллыг тогтоохгүй гэж дүгнэн, Д.О-с гаргасан дээрх нэхэмжлэл нь хуульд заасан нэхэмжлэлийн бүрдүүлбэрийг хангасан, хүлээн авахаас татгалзах үндэслэлд хамаарахгүй гэж үзэж иргэний хэрэг үүсгэсэн шүүгчийн үйлдлийг буруутгах үндэслэлгүй.
Түүнчлэн, хэргийг хянан шийдвэрлэх шүүхийн харьяаллын хувьд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д “Харьяаллын дагуу нэхэмжлэлийг хүлээн авсан бол шүүх хэргийг хянан шийдвэрлэнэ. Харин талуудын тайлбарыг үндэслэн дараахь шалтгаанаар шүүх хуралдааны өмнө буюу шүүх хуралдааны явцад шүүхийн тогтоол, шүүгчийн захирамжаар өөр шүүхэд шилжүүлж болно: ... 20.1.2. нэхэмжлэлийг хүлээн авахдаа шүүхийн харьяаллыг зөрчсөн нь илэрвэл;” хэргийг шилжүүлж болох талаар зохицуулсан тул хэрэв хариуцагчаас хэргийн харьяалал зөрчсөн гэж үзэж байвал энэ талаараа шүүхэд хүсэлтээ гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй.
1.2. Мөн өргөдөлд “... 65.1.6-д зааснаар Д.Я, Я.О нь өвлөгч биш юм гэсэн шийдвэр, магадлал, мөн Д.Я-г журам зөрчсөн гэснийг батлах ... Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр, тогтоол байсаар байхад хууль бус нэхэмжлэл хүлээн авч хэрэг үүсгэсэн ...” гэж дурдсан бөгөөд үүнийг шүүгч Б.Г “... Нэхэмжлэгч Я.О нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ ... Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 184/ШШ2023/... дугаартай шийдвэрийг баримтаар ирүүлсэн ба .... нэхэмжлэгч Я.О нь 2024 оны 6 дугаар сарын 12-ны өдөр шүүхэд нотлох баримтын хамт 40 хуудас нэхэмжлэл өгсөн бөгөөд хавсралт баримтуудад давж заалдах шатны шүүхийн магадлал, хяналтын шатны шүүхийн тогтоол, бусад тогтоолыг хавсарган ирүүлээгүй байсан болно ...” гэж тайлбарлажээ.
Шалгах ажиллагааны явцад нэхэмжлэгч Я.О-с ... Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ 2023 оны 184/ШШ2023/... дугаар шийдвэрийг хавсаргаж, харин тус шийдвэрийг хянасан магадлал, хяналтын тогтоол болон бусад өвлөх эрхтэй холбоотой шийдвэрүүдийг хавсаргаагүй байсан бөгөөд иргэний хэрэг үүсгэсний дараа хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс дээрх баримтуудыг хариу тайлбартаа хавсаргаж шүүхэд хүргүүлсэн болох нь тогтоогдсон.
Нэхэмжлэлд хавсаргасан М.М, М.М нарын нэхэмжлэлтэй, Д.Х-д холбогдох “Я.О-д олгосон өвлөх эрхийн 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 119 дугаартай гэрчилгээг, мөн Д.Я-д олгосон өвлөх эрхийн 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 141 дугаартай гэрчилгээг хүчингүй болгуулах” үндсэн нэхэмжлэлтэй, “М.М-ын өвлөх хүсэлтийг хүчин төгөлдөр бус гэж тооцож болох хэлцэл болохыг тогтоолгох тухай” сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг ... Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 184/ШШ2023/... дугаар шийдвэрээр үндсэн нэхэмжлэлийг хангаж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
Үүнийг шүүгч “... дээрх шүүхийн шийдвэрийг “нэхэмжлэлд дурдсан үйл баримтын талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байгаа” гэж үзэхгүй. Нэхэмжлэгч Я.О нотариатын үйлдлийг хүчин төгөлдөр бусад тооцохтой холбоотой нэхэмжлэл гаргаагүй. Харин өөрийгөө өвлөх эрхтэй этгээд гэж үзэн зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр шүүхэд нэхэмжлэл гаргасан ...” гэж дүгнэн хэрэг үүсгэснийг зөрчилд тооцохгүй.
Тодруулбал, шүүгч нэхэмжлэлийг хүлээн аваад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1-д заасан бүрдүүлбэр хангагдсан эсэх, 65 дугаар зүйлийн 65.1-д заасан хүлээн авахаас татгалзах үндэслэл байгаа эсэхийг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл болон түүнд хавсаргасан баримтуудын хүрээнд шалгаж, хэрэв татгалзах үндэслэл байхгүй гэж үзвэл хэрэг үүсгэх тухай захирамж гаргахаар хуульчилсан тул Я.О-с гаргасан нэхэмжлэл, түүнд хавсарган ирүүлсэн баримтын хүрээнд дүгнэлт хийн иргэний хэрэг үүсгэснийг буруутгахгүй.
Харин өргөдөлд дурдсан бусад асуудлууд болох “... нэхэмжлэгч Я.О нь маргаан бүхий байранд гэрээслэл авах эрхгүй, өөрийн ээж Д.Я-г өвлөгч, өвлүүлэгч хэмээн хууль зөрчин бодож байгаа, Иргэний хуулийн 517 дугаар зүйлийн 517.1, 517.2 дахь хэсэгт зааснаар өвлөх эрхээ алдсан, ... нэхэмжлэлд үнэн бодит нотлох баримт байхгүй ...” зэрэг үндэслэлүүдийг шүүгч зохигчдын тайлбар, тэдгээрээс гаргасан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт хийн шүүхийн шийдвэрээр шийдвэрлэх асуудалд хамаарах тул энэ талаар “шүүхийн шийдвэр, тогтоол, шүүгчийн захирамжийг талууд нэхэмжлэл болон хариу тайлбартаа хавсаргаж өгсөн боловч эдгээрийг шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэж, шийдвэрлэхэд үнэлэх эсэх нь тухайн шүүгчийн эрх хэмжээний асуудал” гэж үзсэн илтгэгч гишүүний санал үндэслэлтэй байна.
Хоёр. “... шүүх хуралдаан хийлгүйгээр, мэтгэлцүүлэлгүйгээр хууль зөрчсөн захирамж гарган орон сууцны хөдөлгөөнийг хязгаарласан ...” гэх тухайд;
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.З-с 2024 оны 08 дугаар сарын 22-ны өдөр “шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай” хүсэлт гаргасныг шүүгчийн 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 183/ШЗ2024/... дугаар захирамжаар хангаж, маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийг захиран зарцуулах, бусдын эзэмшил, өмчлөлд шилжүүлэхгүй байхыг хариуцагч М.М-д даалгасан байна.
Дээрх захирамжид хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гомдол гаргасныг тус шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн гомдол шийдвэрлэх шүүх хуралдаанаар хэлэлцэн, 183/ШТ2024/... дугаар тогтоолоор хангахгүй орхиж, шүүгчийн захирамжийг хэвээр үлдээн шийдвэрлэжээ.
Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэг “Шүүгч нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах дараах арга хэмжээг хэрэг үүсгэхдээ буюу үүсгэсний дараа захирамж гарган авах эрхтэй”, 69.1.5 дахь заалт “тодорхой ажиллагаа гүйцэтгэх, эсхүл гүйцэтгэхгүй байхыг хариуцагчид даалгах” гэж заасныг зөрчөөгүй гэж үзнэ.
Учир нь шүүхээс гарах шийдвэрийг баталгаажуулах арга хэмжээг авах нь маргааны зүйлийг бусдад шилжүүлэх, үгүй хийх зэргээс урьдчилан сэргийлэх, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн буюу үл хөдлөх хөрөнгийн өвлөгч мөн болохыг тогтоож, түүний 50 хувийн өв хүлээн авагчаар тогтоохоос өмнө тус үл хөдлөх хөрөнгийг өмчлөх, эзэмших эрх бусдад шилжихээс хамгаалах, шийдвэр биелэгдэх нөхцөлийг урьдчилан баталгаажуулах ажиллагаа тул дээрх хуульд зааснаар маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийг захиран зарцуулах, бусдын эзэмшил, өмчлөлд шилжүүлэхгүй байхыг хариуцагчид даалгах эрхийг шүүгчид олгосон байдагтай холбоотой бөгөөд энэхүү хүсэлтийг шүүгч хангасан нь хэргийг эцэслэн шийдвэрлэж буй явдал биш юм.
Шүүх хуралдааны бус үед гаргасан хүсэлтийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлж шийдвэрлэх зохицуулалт байхгүй тул уг хүсэлтийг хариуцагч М.М-д мэдэгдэж, хүсэлттэй холбогдох тайлбар гаргах хугацаа олгосон боловч тайлбар, баримт ирүүлээгүй болох нь шалгах ажиллагааны хүрээнд тогтоогдсон тул илтгэгч гишүүний “... хэргийн оролцогчдоос гаргасан хүсэлт бүрийг шүүх хуралдаан хийж, мэтгэлцүүлэх эсэх талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нарийвчлан зохицуулаагүй тул шүүгчийг зөрчил гаргасан гэж үзэхгүй ...” гэж үзсэн нь үндэслэлтэй байна.
Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т “Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ”, 40.2-т “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэж зааснаар шүүгч зохигчдын тайлбар, шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бүрдсэн хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судалж, хууль зүйн болон бодит байдалд дүгнэлт хийн, нотлох баримтын хүрээнд, тэдгээрийг үнэлэн, өөрийн дотоод итгэл үнэмшилд тулгуурлан, хуулиар олгосон бүрэн эрхийнхээ хүрээнд хэргийг хянан шийдвэрлэдэг тул шүүгчийг хэрэг үүсгэж, хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан болон хэргийн оролцогч, тэдгээрийн өмгөөлөгч, төлөөлөгчийн хүсэлтийг шийдвэрлэсэн байдалтай нь холбогдуулан албан тушаалаа урвуулан ашиглаж бусдад давуу байдлыг бий болгосон, албан үүргээ бусдын гуйлтаар явуулсан, нэхэмжлэгч талд туслаад байгаа, хуулийг илт зөрчиж дураараа аашлан хаалт хийсэн, шүүгч өргөсөн тангаргаасаа няцаж залилагч нартай үгсэн тохиролцож хамтарсан гэх үндэслэл болохгүй.
Иймд илтгэгч гишүүнээс “... Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлд заасан шүүгчид хориглосон зохицуулалтыг зөрчсөн гэх үйл баримт шалгах ажиллагааны явцад тогтоогдоогүй ...” гэх үндэслэлээр тухайн үед ... Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчээр ажиллаж байсан, одоо ... Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Г-д холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргасныг хүлээн авах нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзлээ.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.2, 112.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Сахилгын хорооны гишүүний 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн ГС/2024/01125 дугаар “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” саналыг хүлээн авч, тухайн үед ... Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчээр ажиллаж байсан, одоо ... Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Г-д холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6 дахь хэсэгт зааснаар магадлал гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл, мэдээлэл гаргагчийн оршин суугаа газрын эсхүл ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар хүргүүлэхийг Ажлын албанд даалгасугай.
3.Дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох ба энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг мэдэгдсүгэй.
Магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ Х.ХАШБААТАР
ГИШҮҮН Д.АРИУНТУЯА
С.ЭНХТӨР