
МОНГОЛ УЛС
ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО
МАГАДЛАЛ
2024-12-11
Дугаар 122
Улаанбаатар хот

Сахилгын хэргийг хэрэгсэхгүй
болгох тухай
Сахилгын хорооны хуралдааныг гишүүн Д.Ариунтуяа даргалж, гишүүн Б.Сугар, Д.Эрдэнэчулуун нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Ц.Давхарбаяр, холбогдох шүүгч З, Э, Б, нарийн бичгийн дарга Г.Болортуяа нарыг оролцуулан тус хорооны танхимд хийсэн хуралдаанаар:
... давж заалдах шатны шүүхийн шүүгч З-д холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг, ... давж заалдах шатны шүүхийн шүүгч Э, ... анхан шатын шүүхийн шүүгч Б нарт холбогдох нотлох дүгнэлтийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Илтгэгч гишүүн санал, дүгнэлтдээ: ... анхан шатны шүүхэд, 1/ Д.Б-ийн нэхэмжлэлтэй Ж.Б-д холбогдох гэрлэлт цуцлуулах, гэр бүлийн дундын хөрөнгөөс оногдох хувийг гаргуулах шаардлага бүхий маргаан, 2/ нэхэмжлэгч, итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.М-гаас онцгой ажиллагааны журмаар Ж.Б-гийн эрх зүйн чадамжгүй болохыг тогтоолгох маргаан /гуравдагч этгээд Д.Б/, хянагдаж байгаа нь Иргэн-2014 системийн баримтаар тогтоогдоно.
1/ Гэрлэлт цуцлах, гэр бүлийн дундын хөрөнгийн талаарх маргаан: Д.Б-ийн Ж.Б-д холбогдуулан гаргасан гэрлэлт цуцлуулах, гэр бүлийн дундын хөрөнгөөс ногдох хэсэг 40,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл шүүгч З-д хуваарилагдан, 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 000/ШЗ2022/07598 дугаар захирамжаар иргэний хэрэг үүсгэжээ. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хүрээнд:
- хариуцагч Ж.Б-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.М-д 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулсан,
- хариуцагч талаас 2022 оны 04 дүгээр сарын 12, нэхэмжлэгч талаас 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр гаргасан хүсэлтийг шүүгчийн 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 000/Ш32022/09836 дугаар захирамжаар хангахаас татгалзаж шийдвэрлэсэн,
- 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 000/Ш32022/10473 дугаар захирамжаар хэргийг 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 10:30 цагт шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр тов тогтоож, талуудаас гарсан хүсэлтийг хэлэлцэн, шүүх хуралдааныг 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл хойшлуулсан,
- маргаж буй орон сууцны үнэлгээг тогтоолгохоор “Х” ХХК-ийг шинжээчээр томилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн,
- Шинжээч дүгнэлтээ ирүүлсэн тул шүүгчийн 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 000/Ш32022/15252 дугаар захирамжаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээж, захирамжид гомдол гаргах хугацааг ханган, 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдөр шүүх хуралдаан хийсэн байх ба тус шүүх хуралдаанд хариуцагчаас итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.М, өмгөөлөгч Ц.Х нараас хариуцагч Ж.Б-г эрх зүйн чадамжгүй болохыг тогтоолгох тухай хүсэлт гаргасныг хэлэлцэн, хүсэлтийг хангахгүй орхиж, гомдол гаргах эрхийг ханган шүүх хуралдааныг хойшлуулсан,
- холбогдох шүүгч ээлжийн амралтаа 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 08 дугаар сарын 18-ны өдрийг хүртэлх хугацаанд эдэлсэн,
- хариуцагчийн өмгөөлөгч Ц.Х ковид-19 цар тахлаар өвдсөн гэх баримтаа хавсаргаж хүсэлт гаргасан тул 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдөр шүүх хуралдааны тов өөрчилсөн,
- мөн 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн шүүх хуралдааны өмнө хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.М шүүх хуралдаан хойшлуулах тухай хүсэлт, эмнэлгийн магадалгааг ирүүлсэн, шүүх хуралдааны товыг өөрчилсөн,
- 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн шүүх хуралдаанд хариуцагч Ж.Б-г иргэний эрх зүйн чадамжгүй этгээд болохыг тогтоолгох тухай хүсэлтийг хүлээн авч, хэрэг үүсгэсэн шүүгч Э-ийн 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 000/Ш32022/20202 дугаар захирамжийг хавсарган хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай хүсэлт гаргасан, шүүгчийн 000/Ш32022/20555 дугаар захирамжаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлжээ. Тухайн захирамжид Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1-д зааснаар гомдол гаргах эрхтэй боловч талуудаас гомдол гараагүй, шүүгчийн захирамж хуулийн хүчин төгөлдөр болжээ.
Хэрэг түдгэлзүүлсэн нөхцөл арилаагүй учраас уг хэрэг нь сэргээгдээгүй байгаа болно.
2/ Нэхэмжлэгч, итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.М-гаас онцгой ажиллагааны журмаар Ж.Б-гийн эрх зүйн чадамжгүй болохыг тогтоолгох маргаан:
Нэхэмжлэгч Ж.Б-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.М-гийн нэхэмжлэлийг 2022 оны 08 сарын 23-ны өдөр шүүх хүлээн авч хэрэг үүсгэжээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хувьд, Э шүүгч:
- Гуравдагч этгээдээр оролцох тухай Д.Б-ийн хүсэлтийг 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр шүүгчийн 000/ШЗ2022/20685 дугаар захирамжаар хүлээн авч, гуравдагч этгээдээр татан оролцуулсан,
- Ж.Б-гийн сэтгэцийн байдал, үйл ажиллагааныхаа учир холбогдлыг
ойлгох, өөрийгөө зөв удирдаж чадах эсэхийг нь тогтоолгох шинжээч томилж, шинжээч захирамжийг хүлээн авснаас хойш 20 хоногийн дотор дүгнэлтээ бичгээр шүүхэд ирүүлэхийг даалгасан 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 000/ШЗ2022/20686 дугаар захирамжийг гаргаж хэргийг түдгэлзүүлэн,
- Захирамжид заасан хугацаанд шинжээчийн дүгнэлт ирээгүй тул 2022 оны
10 дугаар сарын 11-ний өдрийн 4843 тоот ... анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн албан бичгээр дүгнэлт ирүүлэхийг шаардах зэрэг ажиллагаа хийж байгаад
Монгол улсын Ерөнхийлөгчийн 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 214 дүгээр зарлигаар ... давж заалдах шатны шүүхийн шүүгч болсон учраас хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн ... анхан шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 000/ЗТ2022/02127 дугаар тогтоолоор хэрэг үүсгэснээс хойш 3 сар гаруй хугацааны дараа Б шүүгчид шилжүүлжээ.
Б шүүгч нь,
- 2022 оны 11 дүгээр сарын 22, 23-ны өдөр туслахаараа дамжуулан, шинжилгээ өгөх талаар Ж.М-д мэдэгдсэн ажиллагаа хийж,
- Сэтгэцийн эрүүл мэндийн Үндэсний төвд 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 6110 дугаар, 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 355 дугаар албан бичгээр тус тус шинжээчийн дүгнэлт ирүүлэхийг шаардаж,
- шүүгчийн 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 000/ШЗ2023/01887 дугаар захирамжаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээн,
- гуравдагч этгээдэд нэхэмжлэлийг гардуулах, гуравдагч этгээдийн хүсэлтийг хэлэлцэн захирамж гаргах, нэхэмжлэгчийг биечлэн шүүх хуралдаанд оролцуулах захирамж гаргах, ирцтэй холбоотой товлосон шүүх хуралдааныг хойшлуулах,
- талуудаас гарсан хүсэлтийг хэлэлцэн, дахин шинжилгээ хийлгэхээр 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 000/ШЗ2023/05754 дугаар захирамж гаргасан,
- шинжээчийн дүгнэлт ирсэнтэй холбогдуулан 2023 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 18441 дугаар шүүгчийн захирамжаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээжээ.
Шүүгч нь 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн шүүх хуралдаанаар хэргийг ...анхан шатны шүүхэд шилжүүлж шийдвэрлэжээ. Шүүх хуралдааны тэмдэглэлд, шүүх хуралдаан даргалагч хэргийн оролцогчийн биеийн байцаалттай танилцах явцдаа нэхэмжлэгч Ж.Б-гийн оршин суугаа хаягийн талаар тодруулга хийсэн нь тусгагджээ. Тухайлбал: “ ... даргалагчаас: Ж.Б хаана оршин суудаг вэ, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: ..., 10 тоотод оршин суудаг, даргалагчаас: ... дүүрэгт оршин суудаг гэх баримт байгаа юу, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: И-монголиагаас авсан баримт байгаа, ... даргалагчаас: ..., 10 тоотод оршин суудаг гэх баримт байна уу гэхэд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ 1 хуудас баримт гаргаж өгөв ... ” гэж шүүх хуралдааны даргалагч нэхэмжлэгч Ж.Б-гийн оршин суугаа хаягийг тодруулжээ.
Захирамжид дурдсан Ж.Б-гийн иргэний үнэмлэхийн хуулбар нь нотлох баримтын шаардлага хангаагүй байдлаар авагдсан байгаа ч түүнийг шүүх үнэлжээ.
Харин тус захирамжид гаргасан хэргийн оролцогчийн гомдлыг хэлэлцсэн 2023 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 000/ШТ2023/00434 дугаар тогтоолд “ ... хэргийг шилжүүлэх тухай шүүгчийн захирамжид нэхэмжлэгчийг Ж.М гэснээс үзэхэд тухайн нэхэмжлэлийн нэхэмжлэгч тодорхой бус байна. Өөрөөр хэлбэл Ж.М нь өөрийн нэрийн өмнөөс эсхүл тус нэхэмжлэлийг бусдын нэрийн өмнөөс гаргаж байгаа эсэхийг тодруулалгүй хэргийг шилжүүлсэн нь үндэслэл муутай ... ” гээд 000/ШЗ2023/19007 дугаар захирамжийг хүчингүй болгосон байна.
Үүний дараа Ж.М нь 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр “ Би ... өөрийн төрсөн дүү Ж.Б-г онцгой ажиллагааны журмаар эрх зүйн чадамжгүй этгээд болохыг тогтоолгохоор ...иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан байсан юм. Энэхүү нэхэмжлэлийг нэхэмжлэгч миний амьдран суух харьяаллын дагуу ... дүүргийн иргэний хэргийн шүүхэд шилжүүлж өгнө үү ... “ гэх хүсэлтийг шүүхэд гаргаж, шүүгчийн 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 22153 дугаартай захирамжаар “ ... нэхэмжлэлийг хүлээн авахдаа шүүхийн харьяаллыг зөрчсөн болох нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад илэрсэн тул ... харьяаллын дагуу ... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлэх нь зүйтэй ...” гэж дүгнэн хэргийг ... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлэх тухай захирамж гаргасан, түүнд гуравдагч этгээд мөн гомдол гаргасан байна.
Сахилгын хэргийн шалгах ажиллагааны явцад энэхүү иргэний хэргийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд дараах нөхцөл байдал тогтоогдож байна.
2/ Гэтэл 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдөр гэсэн огноотой нэхэмжлэлд хавсаргасан 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдөр олгосон гэх итгэмжлэлд “... Ж.Б-д нэхэмжлэлтэй УБЕГ-ын харьяа ...-ийн иргэний бүртгэлийн хэлтэс холбогдох гэр бүл болсны бүртгэлийг хүчингүй болгох захиргааны хэрэгт нэхэмжлэгч талыг төлөөлөн нэхэмжлэл, гомдол гаргах, гарын үсэг зурах ... ” зэрэг эрхийг олгосон байгаа ... шүүхэд түүнийг төлөөлөх эрх олгоогүй нь харагдана.
3/ Шүүгч Э 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 20202 дугаар захирамжид “... Ж.Б-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.М-гийн хүсэлттэй Ж.Б-г эрх зүйн чадамжгүй этгээд болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг авч хянаад ... ” гээд “дээрх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл байхгүй ... ” гэж дүгнэсэн байгаагаар Ж.Б-гаас Ж.М-д олгосон итгэмжлэлийг үнэлж дүгнэн, Ж.М-гийн хүсэлттэй Ж.Б-г эрх зүйн чадамжгүй этгээд болохыг тогтоолгох нэхэмжлэл хэмээн хэрэг үүсгэжээ. Үүгээр “ ... төрөлхийн оюуны бэрхшээлтэй, эмчийн хяналтад байдаг, ... өөрийн үйлдлийн учир холбогдлыг ойлгох хэмжээний чадамжгүй ... ” гэх Ж.Б өөрийгөө эрх зүйн чадамжгүй болохыг тогтоолгохоор бусдад буюу эгчдээ итгэмжлэл өгсөн мэт ойлголт үүсэхээр байна.
Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн тайлбарт “ ... Иргэний эрх зүйн чадамжийг хязгаарлах, эрх зүйн чадамжгүй гэж тооцох тухай хүсэлтийг шүүхэд гаргана. Энэ хүсэлтийг тухайн иргэний гэр бүлийн гишүүн, ... гаргана ...” гэж тайлбарлажээ.
Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т “гэр бүлийн гишүүн” гэж гэрлэгчид, тэдэнтэй хамт амьдарч байгаа төрсөн, дагавар, үрчлэн авсан хүүхэд болон төрөл, садангийн хүнийг хэлнэ” гэж заасан, иргэний хавтаст хэрэгт, Ж.М-г Ж.Б-тай хамтдаа амьдардаг, гэр бүлийн гишүүн гэх баримт байхгүй, харин шүүх хуралдааны тэмдэглэлд “эгч” нь гэж тэмдэглэгджээ.
Онцгой ажиллагааны нэг төрөл болох иргэний эрх зүйн чадамжгүй болохыг тогтооход эрх ашиг нь хөндөгдсөн, тухайн иргэнийг эрх зүйн чадамжгүй болохыг тогтоолгохоос өөр аргагүйд хүрээд байгаа гэр бүлийн гишүүд нь хүсэлт гаргахаар хууль тогтоогч заасан байтал гэр бүлийн гишүүн эсэх нь тодорхойгүй этгээд, түүнчлэн эрх зүйн чадамжгүйд тооцуулах гэж буй иргэнээсээ итгэмжлэл авч хүсэлт гаргасан, уг итгэмжлэл нь тухайн үйл баримтад холбоогүй байсан нөхцөл байдлыг нягтлалгүй хүлээн авч хэрэг үүсгэсэн шүүгч Э нь дээрх хуулийн илт тодорхой заалтыг зөрчсөн үйлдэл хийжээ.
Энэ алдааг дараагийн, хэргийг шилжүүлэн авсан шүүгч засаагүй, харин эхний удаад Ж.Б-гийн хаягаар, дараа нь Ж.М-гийн хаягаар өөр шүүхэд шилжүүлэх ажиллагаа хийж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг цаашид үргэлжлүүлэн удаашруулжээ. Тухайлбал, ... анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 19007 дугаар захирамжид нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.М-гийн тайлбарыг тодорхойлох хэсэгт дурдаж, үндэслэх хэсэгт мөн уг итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарт үндэслэж, хэргийг өөр шүүхэд шилжүүлсэн байгаагаас үзэхэд, хэрэгт авагдсан итгэмжлэл үнэлэгдсэнийг харуулна.
Тус шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 000/ШТ2023/00434 дугаар тогтоол гарсан дараа Ж.М нь 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр тус хэргийн нэхэмжлэгч гээд өөрийн оршин хаягаар хэргийг шилжүүлж өгнө үү гэх агуулгатай хүсэлт гаргасан, шүүх хүлээн авч хэргийн ... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлэх захирамж гаргасан нь мөн дээр дурдсан хуулийн заалтыг зөрчжээ.
Иймд энэхүү хэргийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хүрээнд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 141 дүгээр зүйлийн 141.1-т “ Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис, согтууруулах ундаа байнга хэрэглэдгийн улмаас иргэний эрх зүйн чадамжийг хязгаарлуулах тухай сэтгэцийн өвчний улмаас иргэний эрх зүйн чадамжгүй гэж тооцуулах тухай хүсэлтийг уг иргэний гэр бүлийн гишүүн, эсхүл сонирхогч бусад этгээд /сонгуулийн хороо, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Засаг дарга/, асран хамгаалах байгууллага, эрүүл мэндийн байгууллага шүүхэд гаргана”, 141.2-т “Хүсэлтийг уг иргэний оршин суугаа буюу эмчлүүлж байгаа газрын шүүхэд гаргана” гэж заасан илт тодорхой заалтыг зөрчсөн зөрчил гаргасан нь тогтоогдож байх ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг 2022 оны 08 дугаар сарын 30-наас өнөөдрийг хүртэл хэрэгжүүлж бусдын эрхийг зөрчсөнийг ноцтой гэж үзнэ.
Харин 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн хуралдааны зарыг “ ... хэргийн оролцогч нарт 2023 оны 08 дугаар 08-ны өдөр утсаар мэдэгдсэн. Түүний дараа гибрид шуудангаар Ж.М, Д.Б нарт оршин суух хаягаар мэдэгдэх хуудас хүргүүлсэн. Ингэхдээ 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийг 2023 оны 08 дугаар сарын 25-ны өдөр гэж андуурч явуулсан ... Тухайн үед андуурч явуулснаа мэдээгүй байсан. Тэгээд хуралдаанаас өмнө буюу М, Б нар аль аль нь над руу утсаар хэлсэн тов, мэдэгдэх хуудсаар хүргүүлсэн тов хоорондоо зөрүүтэй байна гэж ярихаар нь гибрид шуудангаар хүргүүлсэн системд орж хараад андуурч явуулсан талаараа тайлбарласан ... мэдэгдэх хуудас явуулахдаа хаягийг тодруулж, утсаар ярьж лавлахад “энэ хаягт байхгүй. Гэхдээ чи наад хаягаараа явуулчих” гэж хэлсэн. “Монгол шуудан” ХК-ийн мэдэгдэл хүргэгдсэн мэдээллээс харахад Б гуайд гардуулсан байсан. Хуралдааны дараа мэдэгдэх хуудас барьж ирээд “чи яагаад хууль бус зүйл хийдэг юм бэ? Энэ хаягт оршин суудаггүй гээд Засаг даргын тодорхойлолт ирсэн байна. Чи Засаг даргатай хуйвалдаад ийм зүйл хийгээд байгаа юм уу” гэсэн. Тэгээд би энэ талаар тайлбарлаж хэлсэн. Мэдэгдэх хуудсыг өгөх гэхээр хаяг дээрээ байгаагүй, тэгэхээр хороо руу шилжсэн байх, тэгээд хороон даргын цохолт хийгдсэн гэж хэлсэн. Б гуай өөрөө хороон дээрээсээ очоод авчихсан юм шиг байна лээ. Хэрэв аваагүй бол шүүхэд буцаад ирэх ёстой байсан ...” гэх шүүгчийн туслахын тайлбараар шүүх хуралдааны товын огноог буруу бичсэн мэдэгдэх хуудас гардуулсан байх боловч үүнийгээ зөвтгөж мэдэгдсэн, үүний дагуу гуравдагч этгээд Д.Б нь шүүх хуралдаанд өмгөөлөгчийн хамтаар биечлэн оролцсон байх тул мэдэгдэх хуудаснаас шалтгаалж ямар нэгэн оролцогчийн эрхийг зөрчиж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг удаашруулсан нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Дээрхийг нэгтгэвэл, иргэн Д.Б-ийн өргөдлөөр ... давж заалдах шатны шүүхийн шүүгч З-д холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгож, харин ... давж заалдах шатны шүүхийн шүүгч Э, ... анхан шатын шүүхийн шүүгч Б нар нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т “хуулийн илт тодорхой заалтыг ноцтой ... зөрчсөн ...” сахилгын зөрчил гаргасан гэж үзэж, нотлох дүгнэлт үйлдэв” гэжээ.
Шүүгч Б нь тайлбартаа: “...Ж.Б-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.М-гийн Ж.Б-г сэтгэцийн өвчний улмаас эрх зүйн чадамжгүй этгээд болохыг тогтоолгох нэхэмжлэлийг ... анхан шатны шүүх хүлээн авч, 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 20202 дугаар шүүгчийн захирамжаар иргэний хэрэг үүссэн.
Шүүгч Э 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр шинжээч томилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх 20686 дугаар захирамж гаргасан байсан. Ингээд ... давж заалдах шатны шүүхийн шүүгчээр томилогдож, 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн Шүүгчдийн зөвлөгөөний тогтоолоор надад уг хэрэг хуваарилагдсан.
Шүүгч миний бие уг хэргийг хүлээн авч Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд шинжээчийн дүгнэлтийг шаардах тухай албан бичгийг удаа, дараа явуулсан. Шинжээчийн дүгнэлтийг хүлээн авч 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 01887 дугаар шүүгчийн захирамжаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээсэн.
2023 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хуралдаан товлосон ч нэхэмжлэгчийн хүсэлтийг хүлээн авч хуралдааныг 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хойшлуулсан. Хуралдаанд гуравдагч этгээд Д.Б-ийн өмгөөлөгч, нэхэмжлэгч нар хэн аль нь шинжээчийн дүгнэлт ойлгомжгүй байна дахин шинжээч томилуулах хүсэлт хуралдаан дээр гаргасныг үндэслэн 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Шинжээч томилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай 05754 дүгээр захирамж гарсан.
Дахин томилсон шинжээчийн дүгнэлт 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдөр гарч тус шүүхэд 06 дугаар сарын 13-ны өдөр шуудангаар ирсэн. Шүүгч Б миний бие 2023 оны ээлжийн амралтаа эдлэх хугацаа 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 08 дугаар сарын 01-ний өдөр хүртэл байсан тул ээлжийн амралтаа эдэлсэн. Шүүгч нарын ээлжийн амралтыг зохион байгуулалт хийж, ажлын шаардлагаар ээлжийн амралтыг дутуу амарч 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс ажилдаа орсон.
Ингээд 2023 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 18441 дугаар шүүгчийн захирамжаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээж, 2023 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Шүүгчдийн зөвлөгөөний тогтоолоор хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацааг сунгагдсан.
2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн шүүх хуралдаанаар Ж.Б нь ... дүүрэгт оршин суудаг гэх үндэслэл хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдоогүй, хүсэлт гаргагч Ж.М, түүний өмгөөлөгч, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Д.Б нараас шүүх хуралдааны шатанд оршин суух хаягийг тодруулж, уг иргэний хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2-т заасныг үндэслэн ...анхан шатны шүүхэд шилжүүлж шийдвэрлэсэн.
Шүүгчийн туслах М.Б-ийн тухайд 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн хуралдааны зарыг бичгээр хүргэхдээ 2023 оны 08 дугаар сарын 25-ны өдөр гэж бичигдсэн хэдий ч шүүгчийн туслах 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдөр хуралдаан болно гэдгийг утсаар мэдэгдсэн. Үүний дагуу ч гуравдагч этгээд Д.Б нь шүүх хуралдаанд өмгөөлөгчийн хамтаар биечлэн оролцсон. Иймд Д.Б-ийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү ... ” гэжээ.
Шүүгч Э тайлбартаа: “ ... Тус гомдолд дурдсанаар шүүгчид зөрчил гаргасан гэх асуудал нь хуульд зааснаар хэргийн үйл баримтыг бодитой тогтоох, ялангуяа гэрлэлт цуцлах болон онцгой ажиллагаатай холбоотой хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дахь шүүхийн оролцооны дагуу шүүх хэрэг хянан шийдвэрлэх тодорхой ажиллагаа явуулсантай холбогдуулан хэргийн оролцогч гомдол гаргасан гэж ойлгохоор байна.
Шүүгч миний хувьд иргэн Д.Б-ийн нэхэмжлэлтэй гэрлэлт цуцлуулах маргаанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байгаад, өөр шатны шүүхэд томилогдсонтой холбоотой хэргийг зохих журмын дагуу өөр шүүгчид шилжүүлсэн. Тухайн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж байх үед шүүгч би гомдолд дурдсан болон бусад ёс зүйн зөрчлийг гаргаж байгаагүй гэж ойлгож байна. Одоо уг хэргийн талаар мэдээлэлгүй, тодорхой үйл явдлыг санахгүй байна. Иймд зохих журмын дагуу хянан шийдвэрлэж өгнө үү ...” гэжээ.
Шүүгч Э ирүүлсэн нэмэлт тайлбартаа “...Иргэн Д.Б-ээс 2023 оны 08 дугаар сарын 21-ний өдөр шүүхийн сахилгын хороонд ирүүлсэн өргөдөлдөө "...шүүгч солигдож Э шүүгч томилогдсон. Энэ үед шүүхээс Ж.Б-г эрх зүйн чадамжгүйд тооцуулах нэхэмжлэлд хэрэг үүсгэн шар хадны СЭМҮТ-өөс хариу хүлээж 2 сар гаруй хугацаа алдсан...” гэсэн агуулгыг шүүгч надад холбогдуулан гаргажээ. Тухайн иргэний хувьд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацаа удааширсан нь “...мэдэн будилсан, хэргийн хөөн хэлэлцэх хугацааг санаатай сунжруулсан...” гэж үзсэн байна.
Дээрх өргөдөлд шүүгч надад холбогдуулан шүүгчийн сахилгын зөрчлийн шинжтэй өөр агуулгыг дурдаагүй, илэрхийлээгүй байна.
- Иргэн Ж.М ... анхан шатны шүүхэд хандан өөрийн дүү Ж.Б-г эрх зүйн чадамжгүйд тооцуулахаар хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт зааснаар 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдөр иргэний хэрэг үүсгэсэн. Мөн иргэн Д.Б уг хэрэгт гуравдагч этгээдээр оролцохоор гаргасан хүсэлт нь мөн хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 дахь хэсэгт хамаарна гэж үзэн тус шүүхийн шүүгчийн 2022 оны 09 сарын 06-ны өдрийн 20685 дугаартай захирамжаар Д.Б-ийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр оролцуулжээ. /Сахилгын хэргийн 1, 23, 27-28 дахь тал/
Ж.М-гийн хүсэлт нь хэрэг хянан шийдвэрлэх онцгой ажиллагааны журмаар явагдах учир тухайн хэрэгт талуудын зарчим хэрэгжихгүй, шүүх өөрийн санаачилгаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг удирдан явуулж, эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоох үүрэгтэй байдаг. Иймээс хүсэлт гаргагчийн шаардлагын хүрээнд шүүгч би 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 20686 дугаартай захирамжаар Ж.Б-гийн сэтгэцийн байдал, үйл ажиллагааныхаа учир холбогдлыг ойлгох, өөрийгөө зөв удирдаж чадах эсэхийг тогтоолгохоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар шинжээч томилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлжээ. /Сахилгын хэргийн 29-30 дахь тал/
Хэргийг түдгэлзүүлсэн хугацаанд буюу 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 4843 дугаартай албан бичгээр СЭМҮТ-өөс шинжээчийн дүгнэлтийг шаардаж байжээ. /Сахилгын хэргийн 31 дэх тал/
Би Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 214 дүгээр зарлигаар давж заалдах шатны шүүхийн шүүгчээр томилогдсон учир уг хугацаанаас хойш анхан шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоогүй. Шүүгч би Ж.М-гийн хүсэлтэд иргэний хэрэг үүсгэснээс хойш 7 хоногт багтаан гуравдагч этгээдийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах, эрх зүйн ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтоохтой холбоотой шүүгчийн шийдвэрлэвэл зохих ажиллагааг явуулж, холбогдох эрх зүйн актыг гаргасан. Иймээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулалгүй удаашруулсан, хуульд заасан хугацааг хэтрүүлээгүй гэж үзэж байна.
- Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 27 дугаартай дүгнэлтээр шүүгч Э нь Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т заасан шүүгчид хориглох зүйлийг зөрчсөн нь “ноцтой” тул сахилгын зөрчил гаргасан гэж нотлох дүгнэлт үйлджээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 141 дүгээр зүйлийн 141.1, 141.2 дахь хэсэгт зааснаар сэтгэцийн өвчний улмаас иргэний эрх зүйн чадамжгүйд тооцуулах хүсэлтийг уг иргэний гэр бүлийн гишүүн шүүхэд гаргаж болохоор заасан. Шүүгч би Ж.М-гийн гаргасан Ж.Б-г иргэний эрх зүйн чадамжгүйд тооцуулах хүсэлтийг хүлээн авч иргэний хэрэг үүсгэх захирамж гаргахдаа нэхэмжлэгчийн нэрийг Ж.М гэж зөв тодорхойлсон боловч “Ж.Б-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.М-гийн” гэж бичиглэл, найруулгын алдаа гаргажээ. Энэхүү алдааг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг үргэлжлүүлэн явуулсан шүүгч залруулан тус шүүхийн шүүгчийн 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 290141 дугаартай захирамж гаргасан, улмаар Ж.М-гийн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан шийдвэрлэсэн нь анхан, давж заалдах болон хяналтын шатны шүүхийн шийдвэрээр тус тус тогтоогдсон байна.
Хуульд зааснаар сэтгэцийн өвчний улмаас хүнийг эрх зүйн чадамжгүй гэж тооцуулах нэхэмжлэл нь онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэгдэх ба энэ тохиолдолд Ж.Б-гаас Ж.М-д олгосон итгэмжлэл нь хэрэгт ач холбогдолгүй, хүсэлт гаргасан этгээдийн нэхэмжлэлээр шүүх хэргийг хянан шийдвэрлэдэг.
Ж.М нь эрх зүйн чадамжгүйд тооцуулахыг хүссэн Ж.Б-г өөрийн гэр бүлийн гишүүн гэж хүсэлтдээ дурдсан нь шүүх уг хүсэлтэд иргэний хэрэг үүсгэх үндэслэл болсон ба Ж.М, Ж.Б нар гэр бүлийн гишүүд биш буюу нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлд хамааруулаагүй. Учир нь Ж.М нь Ж.Б-гийн гэр бүлийн гишүүн мөн эсэхийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шалган тогтоох боломжтой юм.
Онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх хэрэгт шүүх хөндлөнгийн байх зарчмыг баримтлахгүй тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн эрх зүйн байдал буюу нэхэмжлэгч уг шаардлагыг гаргах эрхтэй эсэхийг тодруулах шаардлагатай гэж үзвэл шүүх өөрийн санаачилгаар эсхүл хэргийн бусад оролцогчийн хүсэлтээр зохих ажиллагааг хийсний эцэст хэргийг хянан шийдвэрлэх боломжтой юм. Ж.М нь Ж.Б-г өөрийн гэр бүлийн гишүүн гэж тодорхойлсон байхад шүүх уг байдал нь баттай тогтоогдсон байхыг урьдчилан нотолсон байхыг шаардаж, онцгой ажиллагааны журмаар гаргаж буй нэхэмжлэлд өндөр босго тавьж нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах нь зохимжгүй.
Түүнчлэн иргэн Д.Б энэ асуудлаар шүүгч надад холбогдуулан гомдол гаргаагүй, шүүгч би хүсэлт гаргагчийн нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэхдээ ашиг сонирхлын зөрчил үүсгэсэн буюу субьектив байр сууринаас хандсан зүйлгүй болно.
Иймээс Ж.М-гийн хүсэлтэд иргэний хэрэг үүсгэхдээ хүсэлт гаргагч нь Ж.Б-гийн гэр бүлийн гишүүн мөн эсэхийг нягтлахгүйгээр иргэний хэрэг үүсгэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 144 дүгээр зүйлийн 141.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн бөгөөд энэ нь ноцтой үр дагавартай гэж үзэж Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т заасан зөрчилд хамааруулсан нотлох дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй, эл асуудал нь Шүүхийн тухай хуулийн 55 дугаар зүйлд заасан шүүгчийн сахилгын зөрчилд хамаарахгүй гэж ойлгож байна.
- Шүүгч нэхэмжлэл гаргах эрхгүй этгээдийн нэхэмжлэлээр иргэн хэрэг үүсгэсэн нь процессын хуулийг ноцтой зөрчсөн, хуулийг буруу хэрэглэсэн эсэх нь Шүүхийн сахилгын хорооны чиг үүрэгт хамаарахгүй гэж үзэж байна.
Шүүх хэргийг хянан шийдвэрлээд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлд зааснаар эцсийн шийдвэр гаргах эсхүл мөн хуулийн 117 дугаар зүйлд зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгох шийдвэрийн аль нэгийг гаргадаг. Шүүгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулсан эсэхийг зөвхөн дээд шатны /давж заалдах болон хяналтын шатны/ шүүх мөн хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4, 167.1.5 болон 172.2.2-т заасан бүрэн эрхийн хүрээнд хянан үздэг.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.3-т “...сэтгэцийн өвчний улмаас хүнийг эрх зүйн чадамжгүй ... гэж тооцох" тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг шүүх хянан шийдвэрлэхдээ тухайн иргэний гэр бүлийн гишүүн нэхэмжлэл гаргасан эсэхэд дүгнэлт өгдөг, шаардлагатай бол хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад энэ талаархи нотлох баримтыг бүрдүүлэх ажиллагааг шүүх явуулдаг. Улмаар хэргийг эцэслэн шийдвэрлэх үед нэхэмжлэгч нэхэмжлэл гаргах эрхгүй нь хэргийн баримтаар тогтоогдвол шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үр дагавартай.
Ж.М-гийн нэхэмжлэлтэй иргэний хэрэг 3 шатны шүүхээр хянан хэлэлцэгдэж, Улсын дээд шүүхээс уг хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан нь Ж.М-г нэхэмжлэл гаргах эрхгүй буюу Ж.Б-гийн гэр бүлийн гишүүн биш гэж үзэх үндэслэл үгүйсгэгдэнэ гэж ойлгож байна. Учир нь анхан шатны шүүх энэ үндэслэлээр уул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгоогүй, давж заалдах болон хяналтын шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4, 176 дугаар зүйлийн 176.2.4-т зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгоогүй байна.
Иймээс шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан эсэхийг дээд шатны шүүх хянан үзэх Үндсэн хуулийн 47 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шүүхийн бүрэн эрхийг Шүүхийн сахилгын хороо хэрэгжүүлэх чиг үүрэггүй, мөн нэг асуудлын талаар өөр өөр байгууллага давхардуулан шалгах үндэслэлгүй юм.
Энэ агуулгаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 141 дүгээр зүйлийн 141.1, 141.2 дахь хэсэгт заасан нэхэмжлэгч нь “гэр бүлийн гишүүн" байх шаардлага гагцхүү нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэх үед хөдөлбөргүй тогтоогдсон байх, иргэний хэрэг үүсгэсний дараа энэ байдлыг тодруулах, тогтоох ажиллагаа хийгдэхгүй хатуу зохицуулсан мэтээр нотлох дүгнэлтэд зааж, шүүгч хуулийн илт тодорхой заалтыг зөрчсөн нь ноцтой гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Түүнчлэн Шүүхийн сахилгын хороо өөрийн санаачилгаар шүүгчийг сахилгын ноцтой зөрчил гаргасан гэж дүгнэн, нотлох дүгнэлт үйлдэж байгаа нь Монгол Улсын Үндсэн хууль, Шүүхийн тухай хуульд нийцэхгүй буюу ардчилсан ёс, хууль дээдлэх эрх зүйн суурь зарчимд харш гэж үзэж байна.” гэжээ.
Шүүгч З тайлбартаа: “ ... Миний бие, ... анхан шатны шүүхийн шүүгчээр ажиллаж байхдаа Д.Б-ийн нэхэмжлэлтэй, Ж.Б-д холбогдох иргэний хэрэгт дор дурдсан ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулсан. Үүнд:
- 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Ж.Б-д холбогдуулан гаргасан гэрлэлт цуцлуулах, гэр бүлийн дундын хөрөнгөөс ногдох хэсэг 40,000,000 төгрөг гаргуулах тухай Д.Б-ийн нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэсэн ба тус шүүхийн Ерөнхий шүүгчийн захирамжаар хэрэг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх хуралдаан даргалагчаар албажуулсан.
- 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр хариуцагч Ж.Б-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.М-д нэхэмжлэлийн хувийг гардуулах ажиллагааг хийсэн.
- 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.М-гийн гаргасан "... Д.Б-ийг төрөлхийн оюуны бэрхшээлтэй дүүгийн маань бие даах, шийдвэр гаргах, өөрийн үйлдлийн үр дагаврыг урьдчилан харах чадваргүйг ашиглан санаатайгаар ашиглан залилсан хэрэгт буруутгаж ... дүүргийн цагдаад өгч хүсэлт гарган шалгуулж байгаа тул иргэний хэргийг түдгэлзүүлж өгөхийг хүсье” гэсэн хүсэлт,
Мөн 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т-гийн гаргасан ”... хамтран өмчилдөг дундын эд хөрөнгийн шаардлагын хэмжээг нотолж тодорхойлоход мэргэшсэн хөрөнгийн үнэлгээчний үнэлгээ хэрэгт ач холбогдолтой байгаа болно. Иймд зах зээлийн үнэлгээ хийх хөрөнгийн шинжээчийг томилж өгнө үү” гэсэн хүсэлтийг тус тус шүүгчийн 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 000/Ш32022/09836 дугаар захирамжаар хангахаас татгалзаж шийдвэрлэсэн.
4. Улмаар 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 000/Ш32022/10473 дугаар захирамжаар тус иргэний хэргийг 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 10:30 цагт шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.
5. 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т нь дундын эд хөрөнгийг мэргэшсэн хөрөнгийн үнэлгээчнээр үнэлүүлэх тухай хүсэлтээ тодруулж гаргасан ба хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.М нь өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах тухай хүсэлт гаргасан. Шүүх хуралдааныг 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл хойшлуулсан.
6. 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн шүүх хуралдаанд хариуцагч талаас өмгөөлөгч Ц.Х-ыг оролцуулсан ба нэхэмжлэгч талын хүсэлтийг хангаж, талуудын маргаж буй орон сууцны үнэлгээг тогтоолгохоор “Х” ХХК-ийг шинжээчээр томилж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.8- д зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн.
Тус шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.М, өмгөөлөгч Ц.Х нар Улсын бүртгэлийн ерөнхий газарт өргөдөл гаргасан үндэслэлээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай хүсэлт гаргасан боловч шүүх хангаагүй.
7. Шинжээч “Х” ХХК-аас орон сууцыг 71,204,200 төгрөгөөр үнэлсэн тухай дүгнэлт ирүүлсэн ба шүүгчийн 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 000/Ш32022/15252 дугаар захирамжаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээн явуулсан.
8. Дээрх захирамжид зохигч, төлөөлөгч, өмгөөлөгч нар нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1-д зааснаар 10 хоногийн дотор тус шүүхэд гомдол гаргах эрхтэй ба талуудын гомдол гаргах хугацаа өнгөрмөгц 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдөр шүүх хуралдаан явуулсан.
Тус шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.М, өмгөөлөгч Ц.Х нараас хариуцагч Ж.Б-г эрх зүйн чадамжгүй болохыг тогтоолгох тухай хүсэлт гаргасан ба уг хүсэлт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 133.1.3-д заасан онцгой ажиллагааны журмаар шийдвэрлэх хүсэлтэд хамаарах, энэ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаагаар шийдвэрлэх боломжгүй тул хүсэлтийг хангахгүй орхиж шүүх хуралдааныг хойшлуулсан.
Хариуцагч нь ... дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын 2016-2021 онуудын нийт 4 удаагийн шийдвэрээр сэтгэцийн өвчний улмаас хөдөлмөрийн чадвар алдалт 60 хувиар тогтоогдсон тухай баримтуудыг шүүхэд ирүүлсэн.
Иргэний хуулийн 18 дугаар зүйлийн 18.2-т “Сэтгэцийн өвчний улмаас өөрийн үйлдлийн учир холбогдлыг ойлгохгүй, өөрийгөө зөв удирдаж чадахгүй болсон этгээдийг шүүх иргэний эрх зүйн чадамжгүй гэж тооцож, түүнд асран хамгаалалт тогтооно”, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Шүүхэд эрхээ өөрөө хэрэгжүүлэх буюу төлөөлөгчөөр дамжуулан гүйцэтгүүлэх чадварыг иргэний эрх зүйн бүрэн чадамжтай этгээд эдэлнэ” гэж тус тус заасан.
Иймээс хариуцагч Ж.Б-гийн эрх зүйн чадамжтай эсэх нь тус хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ач холбогдолтой, өөрөөр хэлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1-д “Зохигчийн төлөөлөгч буюу өмгөөлөгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа ч гэсэн гэрлэгчид өөрсдөө шүүх хуралдаанд ирэх үүрэгтэй” гэж тухайлан заасны зэрэгцээ хариуцагч Ж.Б нь итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.М-г томилж итгэмжлэл олгосон үйлдэл хуульд нийцэх эсэхийг шүүх анхаарах үүрэгтэй болно.
Миний бие шүүхийн Тамгын газрын даргын баталсан хуваарийн дагуу 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 08 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл хугацаанд ээлжийн амралт эдлэх тул шүүх хуралдааныг жич товлохоор хойшлуулсан.
9. 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдөр шүүх хуралдаан хийхээр зарласан боловч хариуцагчийн өмгөөлөгч Ц.Х ковид-19 цар тахлаар өвдсөн тухай баримт, шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт ирүүлсэн тул шүүх хуралдааны товыг өөрчилж 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 10:30 цагт товлосон.
10. Мөн 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн шүүх хуралдааны өмнө хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.М нь нөхөр Л.Г Сонгдо эмнэлэгт хүнд хагалгаа хийлгэж түүнийг асарч байгаа тухай хүсэлт, эмнэлгийн магадалгааг ирүүлсэн тул шүүх хуралдааны товыг өөрчилж 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 10:00 цагт товлосон.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2, 25.1.3-т зааснаар хэргийн оролцогч нь шүүх хуралдаанд оролцох эрхтэй, шүүх хуралдааныг хуульд заасан үндэслэлээр хойшлуулах тухай хүсэлт гаргах эрхтэй тул дээрх байдлаар хүсэлтүүдийг хангасан.
11. 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.М нь тус шүүхийн шүүгч Э-ийн гаргасан 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 000/Ш32022/20202 дугаар захирамжийг ирүүлж, Ж.Б-г иргэний эрх зүйн чадамжгүй этгээд болохыг тогтоолгох тухай түүний хүсэлтээр иргэний хэрэг үүсгэсэн үндэслэлээр энэхүү хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай хүсэлт гаргасан.
Иймээс шүүгчийн 000/Ш32022/20555 дугаар захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т заасныг баримтлан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1-д зааснаар уг захирамжид 10 хоногийн дотор тус шүүхэд гомдол гаргах эрхтэй боловч талуудаас гомдол гаргаагүй, шүүгчийн захирамж хуулийн хүчин төгөлдөр болсон болно. (хүсэлт болон холбогдох нотлох баримт, шүүгчийн захирамжийг хавсаргав)
Миний бие Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 213 дугаар зарлигаар ... давж заалдах шатны шүүхэд шүүгчээр томилогдсонтой холбоотойгоор тус иргэний хэргийг өөр шүүгчид хуваарилсан байна. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлд заасан шүүгчид хориглох зүйлийг зөрчөөгүй, хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан тул Д.Бийн гомдлын дагуу үүсгэсэн сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү ... “ гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Иргэн Д.Б-ээс ... анхан шатны шүүхийн шүүгч Б, ... давж заалдах шатны шүүхийн шүүгч Э, З нарт холбогдуулан гаргасан өргөдлийг үндэслэн Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2023 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн ГЗҮ/2023/0084 дугаар захирамжаар сахилгын хэрэг үүсгэн, шалгах ажиллагаа явуулжээ.
1. Өргөдөл гаргагчаас шүүгч З-д холбогдуулан “... ... анхан шатны шүүхэд 2022 оны 03 дугаар сард Д.Б-ийн нэхэмжлэлтэй, Ж.Б-гаас салж, гэр бүл цуцлуулах талаарх өргөдөл өгсөн. Шүүгч З уг хэргийг шүүж байсан ба шүүх хуралдааныг удаа дараа хойшлуулж, Ж.Б-г эрх зүйн чадамжгүйд тооцуулах гэх мэт янз бүрийн баримт бүрдүүлэх боломжийг олгож байсан” гэжээ.
Сахилгын хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл Д.Б-ээс Ж.Б-д холбогдуулан “Гэрлэлт цуцлуулж, гэр бүлийн дундын хөрөнгөөс ногдох хэсэг 40,000,000 төгрөг гаргуулах” нэхэмжлэл гаргасныг шүүгч З хүлээн авч, 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан шийдвэрлэх дараах ажиллагаа явуулсан байна. Үүнд:
2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 000/ШЗ2022/09836 дугаар шүүгчийн захирамжаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэхэмжлэлд дурдсан орон сууцны зах зээлийн үнэлгээг тогтоолгохоор шинжээч томилуулах тухай, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай хүсэлтүүдийг хангахгүй орхиж шийдвэрлэсэн,
2022 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 000/ШЗ2022/11438 дугаар шүүгчийн захирамжаар шүүх хуралдааныг хойшлуулж, 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 000/ШЗ22022/12134 дугаар шүүгчийн захирамжаар “Х” ХХК-ийг шинжээчээр томилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн,
2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 000/ШЗ2022/15252 дугаар шүүгчийн захирамжаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээж, 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 000/ШЗ2022/16219 дугаар шүүгчийн захирамжаар ...зохигчийн нотлох баримт бүрдүүлэх эрхийг хангаж, шүүх хуралдааныг хойшлуулсан,
2022 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 000/ШЗ2022/19810 дугаар шүүгчийн захирамж болон 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 000/ШЗ2022/20278 дугаар шүүгчийн захирамжаар хэргийн оролцогчдын хүсэлтийг үндэслэн шүүх хуралдааны тов өөрчилж, 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 000/ШЗ2022/20555 дугаар шүүгчийн захирамжаар ...Ж.Б-г иргэний эрх зүйн чадамжгүй болохыг тогтоолгох тухай Ж.М-гийн хүсэлттэй иргэний хэргийг хянан шийдвэрлэх хүртэл хугацаагаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлж шийдвэрлэжээ.
... анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 000/ЗТ2022/02127 дугаар шүүгчдийн зөвлөгөөний тогтоолоор шүүгч З ... давж заалдах шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд томилогдсонтой холбогдуулан түүний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд байгаа хэргийг өөр шүүгчид шилжүүлсэн байна.
Дээрхээс үзвэл шүүгч З нь хэрэг хянан шийдвэрлэхэд шаардлагатай ажиллагааг тухай бүр хийж гүйцэтгэсэн, зохигч нараас гаргасан хүсэлтийн дагуу шүүх хуралдааныг хойшлуулж байсан үйл баримт тогтоогдож байх ба ийнхүү удааширсан нь шүүгчээс шууд шалтгаалаагүй болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх тул уг өргөдлийн үндэслэлээр шүүгчийг сахилгын зөрчил гаргасан гэж үзэхгүй. Энэ талаар дүгнэсэн илтгэгч гишүүний дүгнэлт үндэслэлтэй.
2. Өргөдөл гаргагч шүүгч Э-д холбогдуулан “...шүүхээс Ж.Б-г эрх зүйн чадамжгүйд тооцуулах нэхэмжлэлд хэрэг үүсгэн шар хадны Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвөөс хариу хүлээж 2 сар гаруй хугацаа алдсан” гэжээ.
2022 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Ж.М нь “..Ж.Б-г сэтгэцийн өвчний улмаас эрх зүйн чадамжгүй этгээд болохыг тогтоолгох” хүсэлтийг ... анхан шатны шүүхэд гаргасан.
Тус хүсэлтэд Ж.Б-гийн нэхэмжлэлтэй Улсын бүртгэлийн Ерөнхий газрын харьяа ... дүүргийн иргэний бүртгэлийн хэлтэст холбогдох гэр бүл болсны бүртгэлийг хүчингүй болгох захиргааны хэрэгт төлөөлөх бүрэн эрхийг заасан итгэмжлэлийн хавсаргасан байх бөгөөд уг захиргааны хэрэгт олгосон итгэмжлэлийг үндэслэн шүүгч Э нь 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 000/ШЗ2022/20202 дугаар захирамжаар Ж.Б-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.М-гийн хүсэлтийн дагуу гэж иргэний хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж эхэлжээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад, 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 000/ШЗ2022/20685 дугаар шүүгчийн захирамжаар тухайн иргэний хэрэгт бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр Д.Б-ийг оролцуулж, тус өдрийн 000/ШЗ2022/20686 дугаар шүүгчийн захирамжаар ...Ж.Б нь сэтгэцийн байдал, үйл ажиллагааныхаа учир холбогдлыг ойлгох, өөрийгөө зөв удирдаж чадах эсэхийг нь тогтоолгохоор Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийг шинжээчээр томилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн байна.
... анхан шатны шүүхээс 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 4843 дугаар албан бичгээр Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвөөс холбогдох дүгнэлтийг ирүүлэхийг шаардсан байна.
2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 000/ЗТ2022/02127 дугаар шүүгчийн зөвлөгөөний тогтоолоор шүүгч Э нь давж заалдах шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд томилогдсонтой холбогдуулан тухайн иргэний хэргийг өөр шүүгчид шилжүүлэхээр шийдвэрлэжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт “Хэрэг хянан шийдвэрлэхэд шинжлэх ухаан, тооцоо, тоо бүртгэл, урлаг, утга зохиол, техникийн зэрэг тусгай мэдлэг шаардагдах асуудлыг тодруулахын тулд хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүхийн санаачилгаар шүүгч захирамж гарган шинжээчийг томилно” гэж заасны шүүгч Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийг шинжээчээр томилсон байх ба холбогдох байгууллагаас дүгнэлтээ ирүүлэхгүй удаасан үйл баримт тогтоогдож байх тул дээрх үндэслэлээр шүүгчийг сахилгын зөрчил гаргасан гэж үзэхгүй.
Харин илтгэгч гишүүн “... Онцгой ажиллагааны нэг төрөл болох иргэний эрх зүйн чадамжгүй болохыг тогтооход эрх ашиг нь хөндөгдсөн, тухайн иргэнийг эрх зүйн чадамжгүй болохыг тогтоолгохоос өөр аргагүйд хүрээд байгаа гэр бүлийн гишүүд нь хүсэлт гаргахаар хууль тогтоогч заасан байтал гэр бүлийн гишүүн эсэх нь тодорхойгүй этгээд, түүнчлэн эрх зүйн чадамжгүйд тооцуулах гэж буй иргэнээсээ итгэмжлэл авч хүсэлт гаргасан, уг итгэмжлэл нь тухайн үйл баримтад холбоогүй байсан нөхцөл байдлыг нягтлалгүй хүлээн авч хэрэг үүсгэсэн шүүгч Э нь дээрх хуулийн илт тодорхой заалтыг зөрчсөн үйлдэл гаргасан” гэж дүгнэлт хийжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 141 дүгээр зүйлийн 141.1-т “Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис, согтууруулах ундаа байнга хэрэглэдгийн улмаас иргэний эрх зүйн чадамжийг хязгаарлуулах тухай сэтгэцийн өвчний улмаас иргэний эрх зүйн чадамжгүй гэж тооцуулах тухай хүсэлтийг уг иргэний гэр бүлийн гишүүн, эсхүл сонирхогч бусад этгээд /сонгуулийн хороо, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Засаг дарга/, асран хамгаалах байгууллага, эрүүл мэндийн байгууллага шүүхэд гаргана” гэж, Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т “гэр бүлийн гишүүн” гэж гэрлэгчид, тэдэнтэй хамт амьдарч байгаа төрсөн, дагавар, үрчлэн авсан хүүхэд болон төрөл, садангийн хүнийг хэлнэ”, 3.1.5-т “төрлийн хүн” гэж гэрлэгчийн эцэг, эх, өвөг эцэг, эмэг эх, ач хүү, ач охин, зээ хүү, зээ охин, тэдгээрийн хүүхдийг; 3.1.6-т “садангийн хүн” гэж гэрлэгчийн төрсөн ах, эгч, дүү, авга, нагац, тэдгээрийн хүүхдийг” гэж заажээ.
Дээрх хуулийн зохицуулалтуудаас үзвэл гэр бүлийн гишүүн гэдэгт төрсөн эгч хамаарахаар байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 141 дүгээр зүйлийн 141.1 дэх хэсэгт зааснаар шүүхэд иргэнийг эрх зүйн чадамжгүйд тооцуулах хүсэлтийг тухайн иргэний төрсөн эгч болох Ж.М нь гаргаж болохоор байна.
Харин Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 141 дүгээр зүйлийн 141.1 дэх хэсэгт зааснаар иргэнийг эрх зүйн чадамжгүй гэж тооцуулах нь онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэгдэх маргаанд хамаарах бөгөөд энэхүү маргаан нь гэр бүлийн гишүүн болон сонирхогч этгээдийн хүсэлтийн дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагддаг онцлогтой.
Гэтэл шүүгч Э нь эрх зүйн чадамжгүй гэж тооцуулах гэж буй этгээд буюу Ж.Б-гаас Ж.М-д олгосон итгэмжлэлийг үндэслэн 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 000/ШЗ2022/20202 дугаар захирамжаар “...Ж.Б-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.М-гийн хүсэлттэй” гэж иргэний хэрэг үүсгэн хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй боловч дээрх үйл баримт нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т “хуулийн илт тодорхой заалтыг ноцтой, эсхүл удаа дараа зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргах” гэж заасан удаа дараа болон ноцтой зөрчилд хамаарахгүй байна гэж бүрэлдэхүүн үзлээ.
Тодруулбал, ... анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 000/ШЗ2023/29041 дүгээр шүүгчийн захирамжаар “...2022 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 000/ШЗ2022/20202 дугаар “Иргэний хэрэг үүсгэх” тухай шүүгчийн захирамжид “..Ж.М-гийн хүсэлтэй Ж.Б-г эрх зүйн чадамжгүй этгээд болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэсүгэй” гэж өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн. Мөн дээрх захирамжийн улмаас хэн нэгэн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд зөрчигдөж, хор хохирол учраагүй байна.
3. Өргөдөл гаргагч шүүгч Б-д холбогдуулан “...эмнэлгийн хариу 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдөр ирсэн. Дараагийн шүүх хурал нь 08 дугаар сарын 15-нд болсон. Сэтгэцийн их эмч Б.Т “сэтгэцийн үйл ажиллагаа хэвийн” гэж тодорхойлсон байхад шүүх хурлын явцад дээрх асуудлыг огт дурдахгүйгээр нөхрийн эгч Ж.М-гийн нэхэмжлэлээр, одоогоор огт харьяалалгүй ... дүүрэг рүү хэргийг шилжүүлэх дүгнэлт гаргасанд шүүгч Б-д гомдолтой байна. ...2023 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр шүүгч Б хэргийг ... дүүргийн шүүх рүү шилжүүлсэн шийдвэрийг хүчингүй болгосон шүүгч нарын тогтоол гарч, энэ тогтоол ... дүүрэгт үлдэх эцсийн шийдвэр гээд дурдсан байна. 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр энэ тогтоолыг зөрчиж хэргийг өөр дүүрэг рүү шилжүүлэх шийдвэр гаргасан байгаа нь эрх мэдэл, албан тушаалаа урвуулан бусдад давуу байдал олгосон байна” гэжээ.
Шүүгч Э нь давж заалдах шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд томилогдсонтой холбогдуулан 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 000/ЗТ2022/02127 дугаар шүүгчдийн зөвлөгөөний тогтоолоор Ж.Б-г эрх зүйн чадамжгүй этгээд болохыг тогтоолгох иргэний хэргийг шүүгч Б-д шилжүүлсэн байх ба шүүгч Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвөөс шинжээчийн дүгнэлт ирүүлсэнтэй холбоотойгоор 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 000/ШЗ2023/01887 дугаар шүүгчийн захирамжаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээж, хянан шийдвэрлэх ажиллагааг үргэлжлүүлсэн байна.
2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 000/ШЗ2023/19007 дугаар шүүгчийн захирамжаар “нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа эрх зүйн чадамжгүйд тооцуулах гэж байгаа этгээд Ж.Б-г ... дүүрэгт оршин суудаг гэж тайлбарлаж байгаа хэдий ч шүүхийн хэлэлцүүлгийн шат хүртэл холбогдох баримтыг шүүхэд ирүүлээгүй. Ж.Б-гаас Ж.М-д 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 13 цаг 59 минутад 0233 дугаар итгэмжлэлийг олгохдоо өөрийн оршин суух хаягийг ... дүүрэг, 11 дүгээр хороо, .... гудамжны 121а тоот гэж тодорхойлсон. ...Ж.Б нь ... дүүрэгт оршин суудаг гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй болно. ...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.1 дэх хэсэгт “Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлтээ иргэн, хуулийн этгээд өөрийн оршин суугаа /оршин байгаа/ газрын, эсхүл тухайн үйл явдал болсон газрын шүүхэд гаргана” гэсэн зохицуулалттай. Иймд нэхэмжлэлийг хүлээн авахдаа шүүхийн харьяаллыг зөрчсөн болох нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад илэрсэн тул ...” гэж дүгнээд ...анхан шатны шүүхэд шилжүүлж шийдвэрлэсэн.
Тус захирамжийг эс зөвшөөрч гуравдагч этгээд Д.Б-ээс гомдол гаргасныг 2023 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 000/ШТ2023/00434 дугаар тогтоолоор “...Ж.Б-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.М-гийн нэхэмжлэлээр иргэний хэрэг үүсгэсэн боловч хэргийг шилжүүлэх тухай шүүгчийн захирамжид нэхэмжлэгчийг Ж.М гэснээс үзэхэд тухай нэхэмжлэлийн нэхэмжлэгч нь тодорхой бус байна. Өөрөөр хэлбэл, Ж.М нь өөрийн нэрийн өмнөөс эсхүл тус нэхэмжлэлийг бусдын нэрийн өмнөөс гаргаж байгаа эсэхийг тодруулалгүй хэргийг шилжүүлсэн нь үндэслэл муутай” гэж дүгнэн хэрэг шилжүүлсэн 000/ШЗ2023/19007 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгожээ.
Дахин нэхэмжлэгч Ж.М-гаас хэргийг өөрийн оршин суух ... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлэх хүсэлтийг гаргасан бөгөөд шүүгч 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 000/ШЗ2023/22153 дугаар шүүгчийн захирамжаар хүсэлтийг хүлээн авч, хэргийг ... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.1 дэх хэсэгт ”Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлтээ иргэн, хуулийн этгээд өөрийн оршин суугаа /оршин байгаа/ газрын, эсхүл тухайн үйл явдал болсон газрын шүүхэд гаргана”, 141 дүгээр зүйлийн 141.2 дахь хэсэгт ”Хүсэлтийг уг иргэний оршин суугаа буюу эмчлүүлж байгаа газрын шүүхэд гаргана” гэж тус тус заасан.
Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл нэхэмжлэлд Ж.Б-гийн оршин суух хаягийг ... дүүргийн 14-р хороо, .....-р хороолол, 90 байр, .... тоот гэж тодорхойлсон. Тухайн иргэний хэрэгт өгсөн итгэмжлэл, иргэний үнэмлэхийн хуулбарт Ж.Б-гийн оршин суух хаягийг ... дүүрэг, 11-р хороо, ........ 27 гудамж, 121а тоот гэж бичигдсэн байгаа нь тухайн хэргийг хянан шийдвэрлэх шүүхийн харьяаллын маргаан мөн эсэх талаар эргэлзээ үүссэн байна.
Энэ талаар илтгэгч гишүүн “...Энэ алдааг дараагийн, хэргийг шилжүүлэн авсан шүүгч засаагүй, харин эхний удаад Ж.Б-гийн хаягаар, дараа нь Ж.М-гийн хаягаар өөр шүүхэд шилжүүлэх ажиллагаа хийж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг цаашид үргэлжлүүлэн удаашруулжээ. Тухайлбал, ... анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 19007 дугаар захирамжид нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.М-гийн тайлбарыг тодорхойлох хэсэгт дурдаж, үндэслэх хэсэгт мөн уг итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарт үндэслэж, хэргийг өөр шүүхэд шилжүүлсэн байгаагаас үзэхэд, хэрэгт авагдсан итгэмжлэл үнэлэгдсэнийг харуулна. Тус шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 000/ШТ2023/00434 дүгээр тогтоол гарсны дараа Ж.М нь 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр тус хэргийн нэхэмжлэгч гээд өөрийн оршин хаягаар хэргийг шилжүүлж өгнө үү гэх агуулгатай хүсэлт гаргасан, шүүх хүлээн авч хэргийн ... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлэх захирамж гаргасан нь мөн дээр дурдсан хуулийн заалтыг зөрчсөн” гэж дүгнэсэн байх бөгөөд дээрх дүгнэлтийг хүлээн авах боломжгүй.
Тодруулбал, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт “Харьяаллын дагуу нэхэмжлэлийг хүлээн авсан бол шүүх хэргийг хянан шийдвэрлэнэ. Харин талуудын тайлбарыг үндэслэн дараахь шалтгаанаар шүүх хуралдааны өмнө буюу шүүх хуралдааны явцад шүүхийн тогтоол, шүүгчийн захирамжаар өөр шүүхэд шилжүүлж болно”, 20.1.2-т “нэхэмжлэлийг хүлээн авахдаа шүүхийн харьяаллыг зөрчсөн нь илэрвэл” гэж заасны дагуу шүүгч хэргийг өөр шүүхэд шилжүүлэн шийдвэрлэж байсныг сахилгын зөрчил гаргасан гэж буруутгах үндэслэл болохгүй.
Түүнчлэн шүүгч Б 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 000/ШЗ2023/29041 дүгээр захирамжаар нэхэмжлэгч Ж.М-гийн шүүгчийн захирамжид өөрчлөлт оруулах хүсэлтийг хүлээн авч, “2022 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 000/ШЗ2022/20202 “Иргэний хэрэг үүсгэх” тухай шүүгчийн захирамжийн захирамжлах хэсгийн 1 дэх заалтын “Ж.Б-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.М-гийн хүсэлттэй Ж.Б-г эрх зүйн чадамжгүй этгээд болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэсүгэй” гэснийг, “Ж.М-гийн хүсэлтэй Ж.Б-г эрх зүйн чадамжгүй этгээд болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэсүгэй” гэж өөрчлөлт оруулж, захирамжийн бусад хэсгийг хэвээр үлдээн шийдвэрлэсэн үйл баримт тогтоогдож байна.
Иймд шүүгч Б-г Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т заасан зөрчил гаргасан гэж үзэхгүй.
4. Өргөдөл гаргагч “...Бас Б шүүгчийн туслах М.Б миний гэрийн хаягаар зарлан дуудах хуудсыг 08 дугаар сарын 25-ны өдрийн 0900 цагт хурал товлосон бичгийг ирүүлсэн байна. Утсаар лавлахад андуурсан, худлаа мэдээлэл явуулсан гэх мэтээр тайлбарлах юм” гэжээ.
Дээрх өргөдөлтэй холбогдуулан шүүгчийн туслах М.Б “... хэргийн оролцогч нарт 2023 оны 08 дугаар сарын 08-ны өдөр утсаар мэдэгдсэн. Түүний дараа гибрид шуудангаар Ж.М, Д.Б нарт оршин суух хаягаар мэдэгдэх хуудас хүргүүлсэн. Ингэхдээ 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийг 2023 оны 08 дугаар сарын 25-ны өдөр гэж андуурч явуулсан ... Тухайн үед андуурч явуулснаа мэдээгүй байсан. Тэгээд хуралдаанаас өмнө буюу Ж.М, Д.Б нар аль аль нь над руу утсаар хэлсэн тов, мэдэгдэх хуудсаар хүргүүлсэн тов хоорондоо зөрүүтэй байна гэж ярихаар нь гибрид шуудангаар хүргүүлсэн системд орж хараад андуурч явуулсан талаараа тайлбарласан” гэх мэдүүлгийг өгсөн.
Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ж.М, өмгөөлөгч Ц.Х, гуравдагч этгээд Д.Б, түүний өмгөөлөгч Б.Т нар оролцсон байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.2-т “хэргийн болон шүүх хуралдааны оролцогчдод шүүх хуралдаан хэзээ, хаана болохыг шүүхийн мэдэгдэх хуудсаар мэдэгдэх” гэж заасны дагуу шүүгчийн туслах хэргийн оролцогчид шүүх хуралдааны товыг мэдэгдэх хуудсаар болон утсаар залгаж мэдэгдсэн.
Тус хэргийн оролцогч нарт хүргэгдсэн мэдэгдэх хуудас утсаар мэдэгдсэн хурлын өдрөөс зөрүүтэй байсан учир шүүгчийн туслах тухайн үед хурлын товын зөрүүтэй байдлыг залруулсан, мөн тухайн шүүх хуралдаанд хэргийн оролцогчид бүгд оролцсон байх тул дээрх үндэслэлээр шүүгчийг сахилгын зөрчил гаргасан гэж буруутгах боломжгүй.
Дээрхээс нэгтгэн үзвэл илтгэгч гишүүний шүүгч З-д холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хүлээн авч, шүүгч Э, Б нарт холбогдуулан гаргасан сахилгын зөрчил гаргасныг нотлох дүгнэлтийг хүчингүй болгож, тэдэнд холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзлээ.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1, 112.1.1, 112.1.2, 112.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сахилгын хорооны гишүүний 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн ГНД/2024/0027 дугаар “Сахилгын зөрчил гаргасныг нотлох тухай дүгнэлт”-ийг хүчингүй болгож, ... давж заалдах шатны шүүхийн шүүгч З, Э, ... анхан шатын шүүхийн шүүгч Б нарт холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6 дахь хэсэгт зааснаар магадлал гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл мэдээлэл гаргагчийн оршин суугаа газрын, эсхүл ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл албаны ажилтнаар хүргүүлэхийг Ажлын албанд даалгасугай.
3. Магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сахилгын хороонд хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.
4. Дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох ба энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ Д.АРИУНТУЯА
ГИШҮҮН Б.СУГАР
Д.ЭРДЭНЭЧУЛУУН