
МОНГОЛ УЛС
ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО
МАГАДЛАЛ
2024-12-17
Дугаар 124
Улаанбаатар хот

Нотлох дүгнэлтийг хүчингүй болгож,
сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох тухай
Шүүхийн сахилгын хорооны хуралдааныг гишүүн Д.Мягмарцэрэн даргалж, гишүүн Х.Хашбаатар, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Д.Ариунтуяа, хуралдааны нарийн бичгийн дарга А.Намуундарь, холбогдох шүүгч Д.У , ажиглагчаар өргөдөл гаргагч иргэн Ж.М нарыг оролцуулан тус хорооны хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар ... анхан шатны шүүхийн шүүгч Д.У-ийг сахилгын зөрчил гаргасныг нотлох дүгнэлтийг хянан хэлэлцэв
ТОДОРХОЙЛОХ нь:
“ ... Өргөдөл гаргагч “...Нэхэмжлэгч С.Д-н 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр гаргасан нэмэгдүүлсэн шаардлагыг шүүгч хүлээн аваад нэхэмжлэлийг гардуулаагүй байхдаа, нэхэмжлэгчийн хүсэлтийн дагуу шинжээч томилох захирамж гаргаж, хэргийг хянан шийдвэрлэх үйл ажиллагааг түдгэлзүүлэн илт хууль зөрчсөн болно. ...нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн авахаас татгалзах ажиллагааг хуулийн дагуу хэрэгжүүлэхгүй байж 6 /зургаан/ сарын дараа гардуулах гэж дуудах нь хуульд нийцэхгүй” гэжээ.
Нэхэмжлэгч С.Д -ээс 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа “...2008 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн иргэн Ц.С , “Б” ХХК-ийн хоёрын хооронд байгуулсан Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээнд миний зөвшөөрөлгүйгээр өөрчлөлт оруулсныг тогтоолгох, хэрэгт авагдсан сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 92 тоот шийдвэртэй хэргээс татан авсан фото зургийн ард зурагдсан гарын үсэг С.Д-н гарын үсэг биш болохыг тогтоолгох, Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний дагуу төлсөн үнэнд гэрээний хавсралтад заагдсан хөрөнгийн үнэ ороогүй болохыг тогтоолгох тухай” гэж нэмэгдүүлсэн байна.
Уг нэмэгдүүлсэн шаардлагыг 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн .../ШЗ2022/01867 дугаар шүүгчийн захирамжаар хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн.
Энэхүү захирамжид нэхэмжлэгч талаас гомдол гаргасныг 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн .../ШТ2023/00002 дугаар шүүхийн тогтоолоор “...нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн авахаас татгалзахдаа нэхэмжлэлийн шаардлага гэж тодорхойлсон нөхцөл байдал нь хэргийн нотлох баримтыг шүүх үнэлэх явцад хамаарах тул нэхэмжлэлийн шаардлага гэж хүлээн авах боломжгүй гэсэн дүгнэлт нь өгсөн атлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.7-д “...өөр шүүх хэргийг шийдвэрлэж байгаа” гэх үндэслэлийг баримталсан нь үндэслэлгүй” гэж дүгнэн 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн .../ШЗ2022/01867 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгон шийдвэрлэжээ.
Нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн авахаас татгалзсан захирамжийг бүрэлдэхүүнтэй хянан хэлэлцээд 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр тус иргэний хэргийг Д.У шүүгчийн туслахад хүлээлгэн өгсөн байх бөгөөд 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хариуцагч Н.Б-с шүүгчээс татгалзах хүсэлтийг гаргасан. 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн .../ШЗ2023/00224 дугаар шүүгчийн захирамжаар шинжээч томилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн. 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн .../ЗТ2023/00028 дугаар зөвлөгөөний тогтоолоор Ерөнхий шүүгч Д.У-ээс татгалзан гарах тухай хариуцагчийн төлөөлөгчийн Н.Б-н хүсэлтийг ... анхан шатны шүүхэд шилжүүлсэн байх бөгөөд ... анхан шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн .../ЗТ2023/0046 дугаар тогтоолоор хариуцагчийн төлөөлөгч Н.Б-н хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн. 2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн .../ШЗ2023/00651 дугаар шүүгчийн захирамжаар хариуцагчийн төлөөлөгчөөс ирүүлсэн хэрэг шилжүүлэх хүсэлт гаргасныг хангаж шийдвэрлэсэн. Уг захирамжид гаргасан гомдлыг 2023 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн .../ШТ2023/00019 дугаар шүүхийн тогтоолоор дээрх захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна. 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдөр шүүхээс хариуцагч нарт нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг гардуулахаар шүүхэд дуудаж мэдэгдэх хуудсыг хүргүүлсэн байна.
Шүүгч Д.У ирүүлсэн тайлбартаа “...Хариуцагч “Х” ХХК-ийн гүйцэтгэх захирал, хариуцагч Ж.М, Ц.С нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б-т нэхэмжлэлийн шаардлагыг гардуулахаар утсаар шүүхэд дуудахад хариуцагчийн төлөөлөгч “шүүгчээс татгалзана, нэхэмжлэлийг гардаж авах боломжгүй” гэх тайлбарыг өглөө гэж шүүгчийн туслах И.Т , шүүгч надад тухайн үед мэдэгдэж байсан. Шүүгчийн туслахад “Хүсэлт ирээгүй байгаа тул нэхэмжлэлийг гардуулах ажиллагаа хийгдэх ёстой. Иймээс мэдэгдэх хуудас хүргүүлж нэхэмжлэлийг гардуулж өгнө” гэдэг үүргийг өгсөн. Гэвч шүүхийн мэдэгдэх хуудсаар дуудсан баримт хэрэгт авагдаагүй байна. Хуульд зааснаар нэхэмжлэлийг хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор нэхэмжлэлийг гардуулах ажиллагаа хийгдэх ёстой. 2023 оны 01 дүгээр сарын 09-нөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэлийг гардуулах ажиллагаа хийгдэх ёстой боловч хариуцагч тал утсаар дуудахад шүүхэд ирээгүй бөгөөд 14 дэх хоног дээр шүүгчийг татгалзан гаргах тухай хүсэлтийг шүүхэд ирүүлсэн” гэжээ.
Мөн шүүгчийн туслах И.Т нь 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдөр ... Шүүхийн тамгын газарт “...Нэхэмжлэгч “Б” ХХК-ийн төлөөлөгч С.Д нь нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагаа тодруулсан нэхэмжлэл гаргаагүй ч ...2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр “шинжээч томилж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа түдгэлзүүлэх” тухай хүсэлт гаргасныг 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн .../ШЗ2023/00224 дүгээр шүүгчийн захирамжаар шийдвэрлэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа түдгэлзүүлэх ажиллагаа хийгдсэн. Хариуцагчийн төлөөлөгч Н.Б 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 05 дугаартай шүүгчийн татгалзан гаргах хүсэлт гаргасан. Хүсэлтийг шийдвэрлэгдээгүй байхад шүүгч Д.У нэхэмжлэгчийн төлөөлөгчийн шинжээч томилох хүсэлтийг хангаж хэрэг хянан шийдвэрлэж ажиллагааг түдгэлзүүлсэн. ...хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа түдгэлзүүлсэн төлөвтэй шүүгчийн туслахаас шүүгчийн даалгаснаас өөр ажиллагаа хийх, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг гардуулах боломжгүй байсан.” гэсэн тайлбарыг гаргасан.
Мөн ... Шүүхийн тамгын газрын дарга А.Л , үйлчилгээний хэлтсийн дарга Ц.Г нар “Х” ХХК-ийн захирал Н.Б-с ирүүлсэн гомдолтой холбогдуулан шүүгчийн туслах И.Т тай уулзсан тэмдэглэлд шүүгчийн туслах нь “...шүүгчийн зүгээс 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн хүртэл хугацаанд хэргийн оролцогчид нэхэмжлэлийн хувийг гардуулах талаар ямар нэгэн үүрэг даалгаврыг өгөөгүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгч манлайлан удирдах, шүүгчийн зөвшөөрөлтэйгөөр ажиллагаа хийх ёстой гэж үзэж байна. ...шүүгч 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдөр бичгээр надад хариуцагчид нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн хувийг гардуулж, ажиллагаа хийх даалгавар өгсөн” гэжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт “...Нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргасан үндэслэл болон нэхэмжлэлийг өөрчлөх, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх эрхтэй”, 72 дугаар зүйлийн 72.1 дэх хэсэгт “Хэрэг үүсгэсэн өдрөөс хойш хариуцагчид нэхэмжлэлийг нийслэлд 7 хоногийн, орон нутагт 14 хоногийн дотор тус тус гардуулна”, 72.2 дахь хэсэгт “Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй” гэж заасан.
Дээрх хуулийн заалтаас үзвэл нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг шүүх хүлээн авсан тохиолдолд орон нутагт 14 хоногийн дотор хариуцагч нарт гардуулах хариуцагчаас хариу тайлбараа ирүүлэхээр зохицуулжээ.
Мөн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг гардуулах ажиллагаа хийлгүйгээр шинжээч томилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь хэргийн оролцогчийн хариу тайлбар болон холбогдох баримтаа гаргаж өгөх боломжоор хангаж ажиллаагүй болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.
Энэхүү 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн .../ШЗ2023/000224 дугаар “Шинжээч томилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай” захирамжид хариуцагч талаас гомдол гаргасныг бүрэлдэхүүнтэй хэлэлцэж 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн .../ШТ2023/00009 дугаар шүүхийн тогтоолоор хүчингүй болгож шийдвэрлэсэн байх ба ингэхдээ, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг гардуулах ажиллагаа хийгээгүй, хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагатай хамааралгүй асуудлаар хүсэлт шийдвэрлэн шинжээч томилсон гэх тайлбар нь үндэслэлтэй гэж дүгнэсэн байна.
Иймд шүүгч Д.У нь нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлагыг хуульд заасан хугацаанд гардуулаагүй байхдаа нэхэмжлэгчийн хүсэлтийг хүлээн авч шинжээч томилж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.1-д заасныг зөрчсөн гэж үзлээ.
... 8. “Х” ХХК-ийн захирал Н.Б-с “...шүүгч Д.А болон Б.Т шүүгчээс: та нэхэмжлэлийн шаардлага тодруулж, аль шаардлагыг хэнд хариуцуулж гаргаж байгаагаа тодруулсны дараа хариуцагч нар гардаж авах талаар хэлээд, нэхэмжлэгчийн төлөөлөгч С.Д ойлголоо гэх тайлбарыг шүүх хуралдаан дээр хийсэн. Шүүх хурлын тэмдэглэлийг уншихад энэ хэсэг дутуу бичигдсэн байна” гэжээ.
2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн гомдол шийдвэрлэх хуралдааны бичлэгээс үзвэл өргөдөл гаргагчийн дээр дурдсан бүрэлдэхүүний шүүгчдээс өмнөх тогтоолыг гардан авсан эсэх, нэхэмжлэлийн шаардлагаа тодруулах, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагчид гардуулсан эсэх талаар асууж тодруулсан байх бөгөөд энэ талаар хуралдааны тэмдэглэлд товч тодорхой тусгагдсан байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.5 дахь хэсэгт “Тэмдэглэлд ямар ажиллагааг хэн, хэзээ, хаана явуулсан, түүний эхэлсэн ба дууссан цаг, ажиллагаанд оролцсон буюу байлцсан хүн нэг бүрийн овог, эцгийн нэр, нэр, хаяг, түүнчлэн ажиллагааны дараалал, явц, илэрсэн нөхцөл байдлыг бичнэ...” гэж заасан.
Шүүх хуралдааны тэмдэглэл дутуу бичигдсэн гэх үйл баримт тогтоогдохгүй тул уг үндэслэлээр холбогдох шүүгч нарт сахилгын хэрэг үүсгэн шалгах ажиллагаа явуулаагүй болно.
Түүнчлэн хавтаст хэргээс үзвэл 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хариуцагч “Х” ХХК-ийн захирал Н.Б шүүгч Д.У-ээс татгалзах хүсэлтийг шүүхэд гаргасан байх ба шүүгч 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн нэхэмжлэгч С.Д -ээс ирүүлсэн шинжээч томилох хүсэлтийг 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн .../ШЗ2023/00224 дугаар захирамжаар хүлээн авч шинжээч томилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллаагааг түдгэлзүүлсэн байна.
Дээрх захирамжид хариуцагч тал гомдол гаргаж бүрэлдэхүүнтэй хянан хэлэлцэж 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн .../ШТ2023/00009 дугаар шүүхийн тогтоолоор захирамжийг хүчингүй болгосон байна.
Шүүгч Д.У “...2023 оны 01 дүгээр сард гаргасан шинжээч томилох тухай шүүгчийн захирамж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу хянагдаад хүчингүй болсон. Энэ захирамжаас болж ямар нэгэн үр дагавар үүсээгүй. Шүүгч миний өөрийн алдааг ойлгож байгаа байдлыг Шүүхийн сахилгын хороо шийдвэр гаргахдаа харгалзан үзээсэй гэж хүсэж байна” гэх тайлбар гаргасан.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт “Хэрэг хянан шийдвэрлэхэд шинжлэх ухаан, тооцоо, тоо бүртгэл, урлаг, утга зохиол, техникийн зэрэг тусгай мэдлэг шаардагдах асуудлыг тодруулахын тулд хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүхийн санаачилгаар шүүгч захирамж гарган шинжээчийг томилно” гэж заасны дагуу шүүгч хэргийн оролцогчийн хүсэлтийн дагуу шинжээч томилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх бүрэн эрх нь хуулиар олгогдсон боловч шүүгчийг татгалзан гаргах хүсэлт гаргасан байхад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан байгаа нь сахилгын зөрчилд хамаарахаар байна гэж үзлээ.
Тодруулбал, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.8 дахь хэсэгт “Ерөнхий шүүгч дангаар хэрэг хянан шийдвэрлэх явцад түүнийг татгалзсан буюу тухайн шүүхийн бүх шүүгчдийг татгалзсан бол шүүгчдийн зөвлөгөөн олонхын саналаар шийдвэрлэн тогтоол гаргана” гэж заасны дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж буй шүүгч нь Ерөнхий шүүгч байвал шүүгчдийн зөвлөгөөнөөр шийдвэрлэхээр зохицуулсан байх бөгөөд шүүгчийг татгалзан гаргах хүсэлтийг хэргийн оролцогчоос гаргасан байхад шинжээч томилж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлж байгаа нь дээрх хуулийн заалтыг зөрчсөн гэж дүгнэлээ.
Дээрхээс нэгтгэн үзвэл шүүгч Д.У нь нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хуульд заасан хугацаанд гардуулаагүй, түүнчлэн шүүгчийг татгалзан гаргах хүсэлтийг шийдвэрлээгүй байхад шинжээч томилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох заалтыг зөрчсөн байна гэж үзлээ. Хэдийгээр шүүгчийн гаргасан дээрх шинжээч томилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн захирамжийг бүрэлдэхүүнтэй хянан хэлэлцэж шүүхийн тогтоолоор хүчингүй болгосноор хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж ноцтой үр дагавар үүсгээгүй боловч шүүгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хуулийн илт тодорхой заалтыг удаа дараа зөрчсөн байх тул ... анхан шатны шүүхийн шүүгч Д.У-т зөрчил гаргасныг нотлох дүгнэлт үйлдэн Сахилгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэв” гэжээ.
Холбогдох шүүгч Д.У ирүүлсэн тайлбартаа:
“ ... 3. Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хариуцагч нарт гардуулах ажиллагаа хийгдэх боломжгүй нөхцөл байдал үүссэн. Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг нэхэмжлэгч тал 2022 оны 11 сарын 23-ны өдөр гаргаж /хэргийн 2-р хавтас 101-102-рт/, шүүх 2022 оны 12 сарын 01-ний өдөр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж /хэргийн 2-р хавтас 109-111-рт/ шийдвэрлэсэн. Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч нэхэмжлэгч нь 2022 оны 12 сарын 05-ны өдөр /хэргийн 2-р хавтас 113-рт/ гомдол гаргасан байна. Энэхүү гомдлыг 2022 оны 12 сарын 27-ны өдөр .../ШТ2023/00002 дугаар тогтоолоор шүүх шийдвэрлэж шүүгчийн захирамжийг хүчингүй болгосон байна. .../ШТ2023/00002 дугаар тогтоолыг 2023 оны 01 сарын 06-ны өдөр нэхэмжлэгчийн төлөөлөгч С.Д , хариуцагчийн төлөөлөгч Н.Б нарт, 2023 оны 01 сарын 09-ний өдөр хариуцагчийн өмгөөлөгч Ж.Ч-д /хэргийн 2-р хавтас 153-рт/ тус тус гардуулжээ. Иймд 2023 оны 01 сарын 09-ний өдөр шүүгч Д.У т хэргийг ирүүлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа цааш үргэлжилсэн гэж үзнэ.
Нэхэмжлэгч нь 2023 оны 01 сарын 20-ны өдөр шүүхэд “шинжээч томилуулах тухай хүсэлт”-ийг /хэргийн 2-р хавтас 157-рт/ ирүүлсэн. Хариуцагч “Х” ХХК-аас “Шүүгчийг татгалзан гаргах тухай хүсэлт”-ийг /хэргийн 2-р хавтас 168-169-рт/ 2023 оны 01 сарын 23-ны өдөр ирүүлсэн байна. Нэхэмжлэгч талын “Шинжээч томилуулах тухай” хүсэлтийг 2023 оны 01 сарын 26-ны өдөр .../ШЗ2023/00224 дугаар захирамжаар хангаж шийдвэрлэсэн /хэргийн 2-р хавтас 173-174-рт/ ба, уг захирамж илт алдаатай байсан тул 2023 оны 01 сарын 30-ны өдөр .../ШЗ2023/00242 дугаар захирамжаар “Шинжээч томилж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай” захирамжид өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн /хэргийн 2-р хавтас 177-178-рт/ байгаа.
Энэхүү захирамжийг гаргахдаа: 1-рт хүсэлт ирсэн хугацааны дарааллаар, 2-рт шүүгчийг татгалзан гаргах тухай хүсэлтийг адил шатны өөр шүүхээр шийдвэрлээд ирэх хооронд шинжилгээ хийгдээд ирэх байх гэсэн цаг хугацаа хэмнэх зорилготойгоор “шинжээч томилуулах тухай хүсэлт”-ийг шийдвэрлэсэн болно. Нэгэнт шүүгчийг татгалзан гаргах тухай хүсэлт ирсний дараа /өмнө нь ирсэн байсан ч/ шинжээч томилуулах тухай хүсэлтийг шийдвэрлэсэн нь шүүгчийн буруу байсан байна. Шүүгч миний энэ алдаа нь хариуцагч талд хардлага төрүүлсэн байна гэдгийг ойлгож байна. Шүүгч миний хувьд хэргийн нэхэмжлэгчид ямар нэг давуу байдал олгох зорилго агуулаагүй бөгөөд нэхэмжлэгчтэй хувийн болон бусад харилцаагүй, ашиг сонирхлын зөрчилгүй билээ.
Гомдол гаргагч нь “Нэхэмжлэлийн шаардлагыг зөвтгөж ирүүлсний дараа нэхэмжлэлийг гардаж авах юм байна гэж ойлгоод байгаа” гэжээ. Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан шүүгчийн захирамж хүчингүй болсон, шүүхийн тогтоолоор /00002 дугаартай/ нэхэмжлэлийг зөвтгүүлж авах тухай шийдвэрлэх боломжгүй, шийдвэрлээгүй тул шүүх анх ирсэн нэхэмжлэлийг гардуулахаас өөр аргагүй билээ. Нэхэмжлэгчийг нэхэмжлэлээ зөвтгөж ир гэх үндэслэл нь нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах захирамж бөгөөд дээрх захирамж хүчингүй болсон тул нэхэмжлэгч талаас анх ирүүлсэн нэхэмжлэлийг л хариуцагч талд гардуулах ажиллагаа хийгдэнэ. Анх ирсэн тоогоор, анх ирүүлсэн бусад баримттайгаар нэхэмжлэлийг хүлээн авч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хийгдэхээс өөрөөр шийдвэрлэх боломжгүй болно. Иймд нэхэмжлэлийг хэдэн хувь ирүүлсэн, улсын тэмдэгтийн хураамжийг хэрхэн төлсөн талаар дүгнэлт хийж нэхэмжлэлийг дахин өөр үндэслэлээр хүлээн авахаас татгалзан шийдвэрлэх боломжгүй байгааг анхаарч үзээсэй гэж хүсэж байна. Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага түүнд хавсарган ирүүлсэн баримт, улсын тэмдэгтийн хураамжтай холбоотой асуудлыг хэргийг хянан шийдвэрлэхдээ баримтыг үнэлэн шийдвэр гаргах боломжтой.
Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай шүүгчийн захирамж хүчингүй болсон тул шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч талд гардуулах үүрэгтэй болсон байна. Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн авахаас татгалзсан шүүгчийн захирамжийг 2022 оны 12 сарын 27-ны өдрийн .../ШТ2023/00002 дугаар тогтоолоор /хэргийн 2-р хавтас 150-152-рт/ хүчингүй болгож шийдвэрлэсэн ба уг тогтоолыг 2023 оны 01 сарын 09-ний өдөр хариуцагч талын өмгөөлөгч Ж.Ч-д гардуулсан /хэргийн 2–р хавтас 153–рт/ ажиллагааг хийснээр хэрэг, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд шилжиж ирсэн байна.
Хариуцагчийн төлөөлөгч Н.Б нь хариуцагч Ж.М /хэргийн 1–р хавтас 101–рт/, Ц.С /хэргийн 1–р хавтас 103–рт/ нарыг төлөөлөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байсан. Хариуцагч “Х” ХХК-ийн гүйцэтгэх захирал, хариуцагч Ж.М, Ц.С нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б-т нэхэмжлэлийн шаардлагыг гардуулахаар утсаар шүүхэд дуудахад хариуцагчийн төлөөлөгч “шүүгчээс татгалзана, нэхэмжлэлийг гардаж авах боломжгүй” гэх тайлбарыг өглөө гэж шүүгчийн туслах И.Т , шүүгч надад тухайн үед мэдэгдэж байсан. Шүүгчийн туслахад “Хүсэлт ирээгүй байгаа тул нэхэмжлэлийг гардуулах ажиллагаа хийгдэх ёстой. Иймээс мэдэгдэх хуудас хүргүүлж нэхэмжлэлийг гардуулж өгнө” гэдэг үүргийг өгсөн. Гэвч шүүхийн мэдэгдэх хуудсаар дуудсан баримт хэрэгт авагдаагүй байна. Хуульд зааснаар нэхэмжлэлийг хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор нэхэмжлэлийг гардуулах ажиллагаа хийгдэх ёстой. 2023 оны 01 сарын 09-нөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэлийг гардуулах ажиллагаа хийгдэх ёстой боловч хариуцагч тал утсаар дуудахад шүүхэд ирээгүй бөгөөд 14 дэх хоног дээр шүүгчийг татгалзан гаргах тухай хүсэлтийг шүүхэд ирүүлжээ.
Хэргийг хянан шийдвэрлэж байгаа шүүгчийг татгалзан гаргах тухай хүсэлтийг хариуцагч талаас 2023 оны 01 сарын 23-ны өдөр /хэргийн 2-р хавтас 168-169-рт/ гаргасныг /2023 оны 01 сарын 26-ны өдрийн 224 дугаар захирамж, 2023 оны 01 сарын 30-ны өдрийн 242 дугаар захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсний дараа/ ... анхан шатны шүүхийн шүүгчдийн 2023 оны 04 сарын 10-ны өдрийн .../ЗТ2023/00046 дугаар тогтоолоор /хэргийн 2-р хавтас 232-234-рт/ хангахаас татгалзаж шийдвэрлэсэн байна. Хэргийг 2023 оны 4 сарын 17-ны өдөр /хэргийн 2-р хавтас 235-рт/ хүлээн авсан байна. 2023 оны 04 сарын 20-ны өдөр хариуцагч талаас хэргийг шилжүүлэх тухай хүсэлт гаргасныг /хэргийн 2-р хавтас 236-рт/ шүүх 2023 оны 04 сарын 20-ны өдөр .../ШЗ2023/00651 дугаар захирамжаар /хэргийн 2-р хавтас 239-240-рт/ хангаж шийдвэрлэжээ. .../ШЗ2023/00651 дугаар захирамжид нэхэмжлэгч талаас 2023 оны 04 сарын 25-ны өдөр гомдол /хэргийн 2-р хавтас 243-244-рт/ гаргасныг 2023 оны 05 сарын 09-ний өдөр .../ШТ2023/00019 дугаар тогтоолоор /хэргийн 3-р хавтас 14-18-рт/ шүүгчийн захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна. Дээрх шүүхийн тогтоолыг 2023 оны 5 сарын 19-ний өдөр талуудад гардуулснаар /хэргийн 3-р хавтас 19-рт/ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа цааш үргэлжлэн явагдсан байна. Хариуцагч талд нэхэмжлэлийг гардуулах ажиллагаа хийхээр хариуцагч нарт мэдэгдэх хуудсыг хүргүүлсэн /хэргийн 3-р хавтас 20-24-рт/ боловч хариуцагч тал шүүхэд ирж нэхэмжлэлийг гардаж аваагүй байна.
Хариуцагч нараас шүүгчийг татгалзан гаргах тухай хүсэлтийг 2023 оны 05 сарын 26-наас 2023 оны 05 сарын 29-ний өдрүүдэд гаргасан /хэргийн 3-р хавтас 25-38-рт/ ба уг хүсэлтийг ... анхан шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2023 оны 06 сарын 21-ний өдрийн .../ЗТ2023/00011 дугаар тогтоолоор /хэргийн 3-р хавтас 47-52-рт/ хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэжээ. Шүүх хэргийг 2023 оны 06 сарын 29-ний өдөр хүлээн авч /хэргийн 3-р хавтас 53-рт/ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа үргэлжилсэн байна. Шүүхээс 2023 оны 06 сарын 30-наас 2023 оны 07 сарын 03-ны өдрүүдэд нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг гардуулах ажиллагаа хийхээр хариуцагч нарыг шүүхэд дуудсан /хэргийн 3-р хавтас 55-60-рт/ байна. Хариуцагч нар шүүхэд ирээгүй ба 2023 оны 07 сарын 03, 2023 оны 07 сарын 17-ны өдрүүдэд шүүгчийг татгалзан гаргах тухай хүсэлтийг /хэргийн 3-р хавтас 62, 64-рт/ дахин ирүүлсэн байна. Шүүгч Д.У өөрийн хамтран амьдрагч Х.Т хариуцагчийн өмгөөлөгч Ч.С-т үеэл ах дүүгийн холбоотой гэх үндэслэлээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзан гарах хүсэлт /хэргийн 3-р хавтас 68-рт/ гаргасан. Эдгээр хүсэлтийг .... шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2023 оны 08 сарын 03-ны өдрийн .../ЗТ2023/00077 дугаар тогтоолоор /хэргийн 3-р хавтас 77-81-рт/ хангахаас татгалзаж шийдвэрлэжээ.
Хэрэг, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ирснээр хариуцагч талд нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага гаргах ажиллагаа хийгдэж байна. Хариуцагч “Х” ХХК-ийн төлөөлөгчийн хувьд Н.Б-т 2023 оны 08 сарын 21-ний өдөр, хариуцагч Ж.М, Ц.С нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьд Н.Б-т 2023 оны 08 сарын 29-ний өдөр тус тус нэхэмжлэлийг гардуулсан ба хариуцагч Р.Э-т нэхэмжлэлийг гардуулж, хэргийн материал танилцуулах ажиллагааг шүүхийн даалгавраар хийж гүйцэтгүүлэхээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлээд байна. Дээрх нөхцөл байдлын улмаас нэхэмжлэлийг хариуцагч талд гардуулах ажиллагаа хуульд заасан хугацаанд хийгдээгүй болно.
4. Гомдол гаргагч энэхүү маргаан 15 жил үргэлжилж, хариуцагч биднийг чирэгдүүлж байна гэжээ. Энэхүү хэрэг маргаан олон жилийн турш үргэлжилж байгаа нь үнэн, энэхүү маргааныг дан ганц манай шүүх шийдвэрлээгүй бөгөөд нэхэмжлэгч Б ХХК, хариуцагч “Х” ХХК нарын хооронд байгуулсан “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”-тэй холбоотой маргаан олон шүүхэд шийдвэрлэгдсэн байдаг. Шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл, түүнд хавсаргасан бичгийн баримтаар 2008 оны 03 сарын 22-ны өдрийн гэрээний хавсралт хэлцэлд тусгагдсан хөрөнгийн үнэ 115049000 төгрөг гаргуулах тухай асуудлыг шийдвэрлэсэн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байгаа гэж дүгнэх боломжгүй байсан ба маргаан олон жилийн турш үргэлжилж байгаа гэх шалтгаанаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлгүй болно. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хугацаанд зарим ажиллагаа хийгдэх боломжгүй болсон дээрх нөхцөл байдлууд, хууль зөрчиж гарсан шүүгчийн захирамж гарсан цаг хугацаандаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу тухайн шатны шүүхэд хянагдаж хүчингүй болсон, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа, хэрэг эцэслэн шийдвэрлэгдээгүй байгаа байдлыг харгалзан шүүгч надад холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
“Х” ХХК-ийн захирал Н.Б болон иргэн Ж.М нарын ... анхан шатны шүүхийн шүүгч Д.У-т холбогдуулан өргөдөл гаргасныг Сахилгын хорооны гишүүн хүлээн авч хянаад, сахилгын хэрэг үүсгэн, шалгах ажиллагаа явуулж, 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдөр сахилгын зөрчил гаргасныг нотлох дүгнэлт гаргажээ.
Сахилгын хорооны хуралдааны бүрэлдэхүүн дараах үндэслэлээр илтгэгч гишүүний дүгнэлтийг хүчингүй болгож, сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох зүйтэй гэж үзлээ.
1. Өргөдөл гаргагч нараас: “ ... Нэхэмжлэгч С.Д нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4, 63.1 дэх заалтуудад заасан үндэслэл, шаардлага тодорхойгүй, өөрөөр хэлбэл хэнээс хэдэн төгрөг, ямар үндэслэлээр нэхээд байгаа нь тодорхойгүй, нэхэмжлэлийн бүрдүүлбэрийг хангаагүй байхад нэхэмжлэлийг хүлээн авсан. Шүүгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д зааснаар “нэхэмжлэлд дурдсан үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар шүүхийн хүчин төгөлдөр тогтоол, шийдвэрүүд байгаа” тохиолдолд шүүгч захирамж гаргаж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох заалт байсаар байтал эрх, үүргээ хэрэгжүүлээгүй” гэжээ.
Сахилгын хэрэгт авагдсан баримтаар “Б” ХХК-ийн захирал С.Д -ээс “Х” ХХК, иргэн Ц.С , Р.Э , Ж.М нарт холбогдуулан “2008 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн гэрээний хавсралт хэлцэлд тусгагдсан хөрөнгийн үнэ 115.049.600 төгрөг гаргуулах тухай” шаардлага бүхий нэхэмжлэлийг ... анхан шатны шүүхэд гаргаж, тус нэхэмжлэл шүүгч Д.У -т хуваарилагдаж, 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн .../ШЗ2022/00458 дугаартай шүүгчийн захирамжаар[1] иргэний хэрэг үүсгэснээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д “Шүүгч энэ хуулийн 65.1-д заасан үндэслэл байхгүй гэж үзвэл нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 7 хоногийн дотор хэрэг үүсгэх тухай захирамж гаргана” гэж зааснаар нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэх эсэх нь шүүгчийн шүүн таслах чиг үүргээ хэрэгжүүлэхэд хуулиар олгогдсон эрх хэмжээний асуудалд хамаарах тул уг үндэслэл нь сахилгын зөрчилд хамаарахгүй.
2. Өргөдөл гаргагч нараас “ ... Ерөнхий шүүгч Д.У нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон дээрх 2 компанийн хоорондох 2008 оны 03 дугаар сарын 21-ний өдөр байгуулсан “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах" гэрээ, түүний хавсралттай холбоотой маргаан, нэхэмжлэлийг дахин дахин үндэслэлгүйгээр хүлээн авч, шийдвэрлэх гэж зүтгэдэг” гэжээ.
Сахилгын хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл ... шүүхийн 2013 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 92 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч “Б” ХХК нь хариуцагч “Х” ХХК-ийн өмчлөлд байгаа гурилын бөөний худалдааны төв, худалдааны төвийн баруун талд байрлах зам талбайн байгууламжийн эзэмшигч болохыг тогтоолгож, зээл, хүүгийн хамт 84951065 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг ирүүлсэн ба “Х” ХХК нь “Б” ХХК-аас үндэслэлгүй өгсөн 13.000.000 төгрөг, дутсан эд хөрөнгийн үнэ 2.100.000 төгрөг нийт 15.000.000 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргасан байна. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар зээл 38.684.456 төгрөг, хүү 889.742 төгрөг, нийт 39.574.198 төгрөгийг “Х” ХХК-аас гаргуулан, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.[2]
Түүнчлэн нэхэмжлэгч С.Д нь 2008 оны 03 дугаар сарын 21-ний өдөр байгуулсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээ, 2008 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 018 дугаартай газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг ноцтой төөрөгдсөн гэж үзэж хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байх ба ... шүүхийн 2013 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 500 дугаар шийдвэрээр уг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.[3] Уг шийдвэрийг эс зөвшөөрч “Б” ХХК-ийн захирал С.Д-ээс давж заалдах гомдол гаргасныг 2013 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн ... давж заалдах шатны шүүхийн 20 дугаар магадлалаар гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна. Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2013 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 529 дугаар тогтоолоор анхан шатны шүүхийн 500 дугаар шийдвэр, давж заалдах шатны шүүхийн 20 дугаар магадлалыг хэвээр үлдээж нэхэмжлэгч талын гомдлыг хангахгүй орхижээ.
Мөн нэхэмжлэгч “Б” ХХК-ийн захирал С.Д-ээс тус шийдвэр, магадлал, хяналтын шатны шүүхийн тогтоол зэргийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах хүсэлт гаргасныг Улсын дээд шүүхээс хангахаас татгалзсан байна.
... анхан шатны шүүхийн 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 728 дугаар шүүгчийн захирамжаар “нэхэмжлэгч С.Д нь Ж.М-д холбогдуулан 2008 оны 03 дугаар сарын 21-ний өдөр байгуулсан “Газар эзэмшүүлэх эрх шилжүүлэх гэрээ”, “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”-г гэрчилсэн нотариатын хууль бус үйлдлийг бүхэлд нь хүчингүйд тооцуулах нэхэмжлэл гаргасныг хэрэгсэхгүй болгосон.[4] Мөн ... анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн .../ШШ2018/02335 дугаар шүүхийн шийдвэр Ж.М-д холбогдуулан нотариатын үйлдэл хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. [5]
... анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн .../ШШ2018/00924 дугаар шүүхийн шийдвэрээр “2008 оны 03 дугаар сарын 21-ний өдөр байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээнд оруулсан “Х” ХХК гэсэн хэсгийг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” тус тус шийдвэрлэсэн.[6]
Дээрх шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрүүдээс үзвэл одоо маргаж буй 2008 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн гэрээний хавсралт хэлцэлд тусгагдсан хөрөнгийн үнэ 115.049.600 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай маргааныг шүүхээр шийдвэрлэсэн гэх үйл баримт тул энэ тухай илтгэгч гишүүний: “ ... шүүгчийг нэгэнт шүүхээр шийдвэрлэсэн маргааныг дахин шийдвэрлэж нэг талд давуу байдал бий болгож байгаа гэх үндэслэлээр буюу Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.1-т “албан тушаалын байдал, эрх нөлөөгөө урвуулан ашиглаж өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгох” гэж заасныг зөрчсөн гэж үзэхгүй” гэх дүгнэлт үндэслэлтэй байна.
3. Өргөдөл гаргагч нараас: “ ... шүүгч захирамж гаргахдаа огноо сольсон, нэхэмжлэгч, хариуцагчийг сольж бичих зэргээр илтэд алдаа гаргасан” гэжээ.
Тус иргэний хэрэг нь “2008 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн гэрээний хавсралт хэлцэлд тусгагдсан хөрөнгийн үнэ 115.049.600 төгрөг гаргуулах” гэх нэхэмжлэлийн шаардлагатай.
Гэтэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн оролцогчдоос гаргасан хүсэлтийг шийдвэрлэсэн 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн .../ШЗ2022/00927 дугаартай шүүгчийн захирамж[7] болон 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн .../ШЗ2023/00224 дугаартай шүүгчийн захирамжийн[8] ЗАХИРАМЖЛАХ нь хэсэгт тус тус “... 2002 оны 03 дугаар сарын 21-ний өдөр байгуулсан Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ ...” гэж бичигдсэнийг техникийн шинжтэй алдаа гаргасан гэж үзэхээр байна.
Шүүгчийн захирамжийн захирамжлах хэсэгт гэрээний он сарыг буруу бичсэн техникийн шинжтэй алдааг Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 50, 51.1, 52, 53 дугаар зүйлд заасан хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон зохицуулалтыг шүүгч зөрчсөн гэж үзэх үндэслэл болохгүй.
Мөн тус шүүгчийн захирамжуудыг хариуцагч гомдол гаргасны дагуу шүүх шийдвэрлээд .../ШТ2022/00016, .../ШТ2023/00009 дугаартай тогтоолуудаар хүчингүй болгож эрх зүйн үйлчлэлгүй болгосон, тус захирамжуудаас шалтгаалж зохигчдын эрх зүйн байдлыг дордуулаагүй болохыг дурдах нь зүйтэй байна.
4. Өргөдөл гаргагч нараас: “ ... Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Д нь олон жил Д.У шүүгчийн туслахаар ажилласан байдаг бөгөөд ашиг сонирхлын зөрчил үүсэж болзошгүй байтал хуульд заасны дагуу татгалзан гарах үүрэгтэйгээ мэдсээр байж татгалзан гараагүй” гэжээ.
Шүүгч Д.У ийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж буй “Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй “Х” ХХК, иргэн Ц.С , Ж.М, Р.Э нарт холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгчийн төлөөлөгч С.Д тэй өмгөөлөгч Т.Д нь 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулан оролцсон.[9]
Харин өмгөөлөгч Т.Д нь ... Шүүхийн тамгын газарт шүүгчийн туслахаар 2013 оноос 2019 оны 07 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл хугацаанд ажилласан байна.[10]
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1.3-т “91.1.3.хэргийн оролцогчтой хувийн харилцаатай, түүнчлэн уг хэргийг шударгаар шийдвэрлэж чадах эсэх талаар үндэслэл бүхий эргэлзээ байвал”, мөн хуулийн 91.1.4-т “ашиг сонирхлын зөрчил үүсэж болзошгүй нөхцөл байдал бий болсон” тохиолдолд шүүгч хэрэг хянан шийдвэрлэхэд үл оролцох ба өөрөө татгалзан гарах үүрэгтэй.
Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 84, 85, 86 дугаар зүйлийн зарим хэсэг, заалтыг тайлбарлах тухай” 36 дугаар тогтоолын 1-д ... “хувийн харилцаатай” гэж хэрэг хянан шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүнд орсон шүүгч уг хэргийн оролцогч, тэдгээрийн өмгөөлөгч, төлөөлөгчтэй эдийн болон эдийн бус хувийн ашиг сонирхлоор холбогдсон байхыг ойлгоно. ...Нэг сургуульд суралцсан болон урьд хамт ажиллаж байсан зэрэг өөр бусад байдлаар таньдаг, олон нийтийн цахим сүлжээнд “дагагч”, “найз” зэргээр холбогдсон, албан ажил үүрэг гүйцэтгэх явцад тогтоосон албан харилцаа, түүнчлэн, аж ахуйн нэгж, байгууллагуудын бараа, ажил үйлчилгээг нийтэд зарласан нөхцөлөөр авсан зэрэг нь “хувийн харилцаа”-нд хамаарахгүй,
3-д “ашиг сонирхлын зөрчил” гэж ... нийтийн албан тушаалтан албаны бүрэн эрхээ хэрэгжүүлэх үед түүний хувийн ашиг сонирхол нийтийн ашиг сонирхолтой зөрчилдөх болон албан үүргээ тэгш, шударгаар хэрэгжүүлэхэд харшаар нөлөөлж болохуйц нөхцөл байдлыг ойлгоно. ... “үүсэж болзошгүй” гэж ашиг сонирхлын зөрчилд хүргэх магадлалтай байдлыг ойлгох бөгөөд ашиг сонирхлын зөрчлийг эргэлзээгүй нотолсон байхыг шаардахгүй, харин ашиг сонирхлын зөрчил бүхий үр дагаварт хүргэж магадгүй нь холбогдох баримтаас тодорхойлогдсон байхыг ойлгоно. Нэг ангид сурч байсан болон сурч байгаа этгээд, мэргэжлийн болон бусад хуулиар зөвшөөрөгдсөн байгууллагын гишүүнчлэл, нэг нутгийн хүн, багш шавийн харилцаатай гэх мэт нийтлэг тохиолддог нөхцөл нь дангаараа шүүгч болон нөгөө этгээдийн хоорондын ашиг сонирхлын нэгдэлтэйг илэрхийлэхгүй” гэж тайлбарласан.
Шүүгч Д.У нь 2023 оны 07 дугаар сарын 19-ний өдөр “...шүүгч би хариуцагчийн өмгөөлөгч Ж.Ч, Ч.С, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Д нартай хамт ажиллаж байсан. Өмгөөлөгч Ч.С, Т.Д нар нь шүүгч миний туслахаар ажилласан байсан. ...” гэх хүсэлтийг гаргасныг ... анхан шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2023 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 77 дугаартай тогтоолоор хангахаас татгалзаж шийдвэрлэсэн байна.
Нэгэнт шүүгч Д.У нь “өмгөөлөгч Т.Д-тэй урьд хамт ажиллаж байсан” үндэслэлээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзан гарах хүсэлт гаргасныг шүүгчдийн зөвлөгөөнөөр хүлээн авахаас татгалзсан, шүүгч нь хэргийн оролцогч Т.Д-тэй эдийн болон эдийн болон эдийн бус ямар нэг хувийн ашиг сонирхлоор холбогдоогүй, албан үүрэг, тэгш шударгаар хэрэгжүүлэхэд харшаар нөлөөлж болохуйц нөхцөл байхгүй тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1.3, 91.1.4-т заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа бүрд татгалзан гарах үүрэгтэй байсан гэж үзэхгүй.
Дээрх байдлаар хуульд заасан татгалзах үндэслэлд хамаарахгүй, урьд хамт ажиллаж байсан зэрэг өөр бусад байдлаар танил байх нь шүүгчийг татгалзан гаргах үндэслэл болохгүй талаар Улсын дээд шүүхийн тайлбарт тодорхой заасан, мөн шүүгчийн зөвлөгөөнөөр тухайн асуудлыг шийдвэрлэсэн байх тул шүүгчийг “хуульд заасны дагуу татгалзан гарах үүрэгтэйгээ мэдсээр байж татгалзан гараагүй”, “ашиг сонирхлын зөрчил үүсэж болзошгүй нөхцөл байдал байгаа бол өөрөө татгалзан гарах, энэхүү нөхцөл байдлыг хэргийн оролцогч нарт мэдэгдэж, тэдгээрийг татгалзах хүсэлт гаргах боломжоор хангах үүргээ биелүүлээгүй” гэх үндэслэлээр Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.28, мөн хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1-д заасан сахилгын зөрчил гаргасан гэж үзэхгүй юм.
5. Өргөдөл гаргагчаас: “ ...Энэхүү 3 шаардлагад улсын тэмдэгтийн хураамжийг бүрэн төлөөгүй гэж үзэх үндэслэлтэй. Учир нь 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр 140.400 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамж төлсөн гэх баримтыг өгсөн байх боловч буруу дансанд төлсөн баримт авчирсан, мөн улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөгийг 2022 оны 05 дүгээр сарын 30-нд төлсөн гэх баримтыг авчирсан нь С.Д-ээс урьд нь өөр нэхэмжлэл гаргахдаа төлсөн баримтыг авчирч шүүхийг хуурсан байхад үүнийг огт анзааралгүй нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээж авсан байна” гэжээ.
Нэхэмжлэгч С.Д нь 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа 3 удаа нэмэгдүүлсэн бөгөөд улсын тэмдэгтийн хураамжид 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн огноотойгоор 140.400 төгрөгийг, 2022 оны 05 дугаар сарын 30-ны огноотойгоор 70.200 төгрөг нийт 210.600 төгрөгийг төлсөн.
“Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй “Х” ХХК, Ц.С , Р.Э нарт холбогдох “2008 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн гэрээний хавсралт хэлцэлд тусгагдсан хөрөнгийн үнэ төлөгдөөгүй болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлага гаргасныг 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн .../ШЗ2022/00942 дугаартай шүүгчийн захирамжаар хүлээн авахаас татгалзаж, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг буцаан гаргуулж нэхэмжлэгч “Б” ХХК-д олгохоор шийдвэрлэжээ.
Гэтэл энэхүү нэхэмжлэлтэй холбоотой улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг буцаан аваагүй талаарх ... Татварын хэлтсийн 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 08/469 дугаар албан бичгийг хавсаргажээ.
Дээрхээс үзвэл нэхэмжлэгч С.Д нь 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдөр төлсөн улсын тэмдэгтийн хураамж болох 70.200 төгрөгийг улсын орлогоос буцааж аваагүй талаар баримтаа хавсаргасан байх бөгөөд түүний нэмэгдүүлсэн шаардлага нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 62 дугаар зүйлийн 62.1, 62.2-т тус тус заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжид төлсөн гэж үзэхээр байна.
Иймд шүүгчийг улсын тэмдэгтийн хураамж бүрэн төлөгдөөгүй, өөр нэхэмжлэл гаргахдаа төлсөн баримтыг анзааралгүй хүлээж авсан” гэх өргөдөл нь үндэслэлгүй.
6. Өргөдөл гаргагч нараас “ ... Монголын бүхий л шинжилгээний байгууллагын шинжээч, бүрэлдэхүүнтэй шинжээчдийн дүгнэлтүүд гарч, түүн дээр үндэслэсэн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр, тогтоолуудаар удаа дараа тогтоогдсон хэргийг дахин хүлээн авч, шинжээч томилох захирамж гаргаж байгаа” гэжээ.
Сахилгын хэрэгт авагдсан баримтаар:
- нэхэмжлэгч С.Д нь 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр “...гэрээ хийгдсэнээс хойш “Х” ХХК гэж нэмэлт бичилт хийсэн балны өнгө, бичгийн хэлбэр зэргийг шинжлэн судлуулах” хүсэлтийг гаргасныг 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн .../ШЗ2022/00668 дугаар шүүгчийн захирамжаар хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн,
- 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдөр “...үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах гэрээ хийснээс хойш “Х” ХХК гэж нэмэлт бичилт хийсэн хүний балны өнгө, бичгийн хэлбэр зэргийн шинжлэн судлуулах” хүсэлт гаргасныг 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн .../ШЗ2022/00927 дугаар шүүгчийн захирамжаар хүсэлтийг хүлээн авч хангаж шийдвэрлэсэн. Уг захирамжийг 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн .../ШТ2022/00016 дугаар тогтоолоор хүчингүй болгож шийдвэрлэсэн.
- 2022 оны 07 дугаар сарын 15-ны өдөр “2008 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах гэрээ гэрээний хавсралт хэлцэлд зурагдсан гарын үсэг С.Д- ийнх мөн эсэхийг тогтоолгох” шинжээч томилуулах хүсэлт гаргасныг 2022 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн .../ШЗ2022/01181 дугаар шүүгчийн захирамжаар хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан.
- 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдөр “...талуудад байгаа гэрээ өөр, балны өнгө, бичгийн хэлбэр, бичвэрийн даралт зэрэгт шинжээч томилж, ..92 дугаар тоот шийдвэртэй хэрэгт гэрээ, гэрээний хавсралт хэлцэлд байгаа хөрөнгийн фото зургаар бэхжүүлэн авсан зургийн ард зурагдсан гарын үсгүүдэд дахин шинжээч томилуулах” хүсэлт гаргасныг 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн .../ШЗ2022/001628 дугаар шүүгчийн захирамжаар хангахаас татгалзсан.
- 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр “...2008 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн Үл хөдлөх хөрөнгө, худалдах худалдан авах гэрээний эх хувьд ХХК-ийг төлөөлж гарын үсэг зурсан С.Д-н гарын үсэг мөн эсэхийг тогтоолгох” хүсэлт гаргасныг 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн .../ШЗ2023/00224 дугаар захирамжаар хүсэлтийг хүлээн авч, шинжээч томилж шийдвэрлэсэн байх бөгөөд тус захирамжийг 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн .../ШТ2023/00009 дугаар шүүхийн тогтоолоор хүчингүй болгожээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт “... түүнчлэн туршилт, үзлэг, таньж олуулах, шинжилгээ хийлгэх, гэрчийн мэдүүлэг авах тохиолдолд нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлнэ”, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт “Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ” гэж тус тус заасан.
Иймд зохигчдоос гаргасан санал, хүсэлтийг хангах, эсхүл хангахаас татгалзаж шийдвэрлэх нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж буй шүүгчийн хуулиар олгогдсон бүрэн эрх хэмжээний асуудалд хамаарах тул нэхэмжлэгчийн хүсэлтийг хэрэгт авагдсан баримтад үндэслэн шинжээч томилсон нь шүүгчийн сахилгын зөрчилд хамаарахгүй.
7. Өргөдөл гаргагч “Х” ХХК-ийн захирал Н.Б-с “...шүүгч Д.А болон Б.Т шүүгчээс: та нэхэмжлэлийн шаардлага тодруулж, аль шаардлагыг хэнд хариуцуулж гаргаж байгаагаа тодруулсны дараа хариуцагч нар гардаж авах талаар хэлээд, нэхэмжлэгчийн төлөөлөгч С.Д ойлголоо гэх тайлбарыг шүүх хуралдаан дээр хийсэн. Шүүх хурлын тэмдэглэлийг уншихад энэ хэсэг дутуу бичигдсэн байна” гэжээ.
Илтгэгч гишүүн өргөдөлд дурдсан үндэслэлийг шалгахаар 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн гомдол шийдвэрлэх хуралдааны бичлэгт үзлэг хийсэн үзлэгийн тэмдэглэл[11]-ээс үзэхэд өргөдөл гаргагчийн дээр дурдсан бүрэлдэхүүний шүүгчдээс өмнөх тогтоолыг гардан авсан эсэх, нэхэмжлэлийн шаардлагаа тодруулах, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагчид гардуулсан эсэх талаар асууж тодруулсан байх бөгөөд энэ талаар хуралдааны тэмдэглэлд тодорхой тусгагджээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.5 дахь хэсэгт “Тэмдэглэлд ямар ажиллагааг хэн, хэзээ, хаана явуулсан, түүний эхэлсэн ба дууссан цаг, ажиллагаанд оролцсон буюу байлцсан хүн нэг бүрийн овог, эцгийн нэр, нэр, хаяг, түүнчлэн ажиллагааны дараалал, явц, илэрсэн нөхцөл байдлыг бичнэ...” гэж заасан бөгөөд тус шүүх хуралдааны шүүх хуралдааны тэмдэглэл дутуу бичигдсэн гэх үйл баримт тогтоогдохгүй байна.
8. Өргөдөл гаргагч “...Нэхэмжлэгч С.Д-н 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр гаргасан нэмэгдүүлсэн шаардлагыг шүүгч хүлээн аваад нэхэмжлэлийг гардуулаагүй байхдаа, нэхэмжлэгчийн хүсэлтийн дагуу шинжээч томилох захирамж гаргаж, хэргийг хянан шийдвэрлэх үйл ажиллагааг түдгэлзүүлэн илт хууль зөрчсөн болно. ...нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн авахаас татгалзах ажиллагааг хуулийн дагуу хэрэгжүүлэхгүй байж 6 /зургаан/ сарын дараа гардуулах гэж дуудах нь хуульд нийцэхгүй” гэжээ.
Сахилгын хэрэгт авагдсан баримтаас үзэхэд 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хариуцагч “Х” ХХК-ийн захирал Н.Б-с Ерөнхий шүүгч Д.У ийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзан гаргах хүсэлтийг шүүхэд гаргажээ.
Ерөнхий шүүгчийг татгалзан гаргах хүсэлтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.8-д зааснаар шүүгчдийн зөвлөгөөнөөр шийдвэрлэхээр хуульчилсан.
Гэтэл Ерөнхий шүүгчийг татгалзах хүсэлтийг шүүгчдийн зөвлөгөөнөөр шийдвэрлээгүй байхад шүүгч Д.У нь 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр нэхэмжлэгч С.Д -ээс ирүүлсэн шинжээч томилох хүсэлтийг хүлээн авч, 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн .../ШЗ2023/00224 дугаар захирамжаар шинжээч томилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллаагааг түдгэлзүүлсэн нь шүүгчид хориглосон хуулийн илт тодорхой заалтыг зөрчсөн гэж үзнэ.
Гэхдээ тус захирамжид хариуцагчаас гомдол гаргасныг шүүх 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хянан хэлэлцээд .../ШТ2023/00009 дугаартай шүүхийн тогтоолоор уг захирамжийг хүчингүй болгосноор зохигчдын эрх, хууль ёсны ашиг сонирхолд ноцтой үр дагавар үүсээгүй байх тул хуулийн илт тодорхой заалтыг ноцтой зөрчсөн гэж үзэхгүй энэ тухай дүгнэсэн илтгэгч гишүүний дүгнэлт үндэслэлтэй байна.
9. Илтгэгч гишүүн дүгнэлтдээ “ ... шүүгч Д.У нь нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хуульд заасан хугацаанд гардуулаагүй нь хуулийн илт тодорхой заалтыг зөрчсөн” гэж үзсэн нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.8-д “Нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор, тухайн сахилгын хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв талаас нь үнэлнэ” гэж заасанд нийцэхгүй байна гэж бүрэлдэхүүн үзэв.
Тодруулбал, нэхэмжлэгч С.Д-ээс 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлснийг 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн .../ШЗ2022/01867 дугаартай шүүгчийн захирамжаар хүлээн авахаас татгалзжээ.
Тус захирамжид нэхэмжлэгч талаас гомдол гаргасныг 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хянан хэлэлцээд .../ШТ2023/00002 дугаар шүүхийн тогтоолоор хүчингүй болгон шийдвэрлэжээ.
Улмаар тус хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр шүүгч Д.У-ийн туслахад шилжүүлсэн байх бөгөөд нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хариуцагч нарт 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр гардуулах нь хуульд нийцэх байсан.
Гэтэл 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдөр хариуцагч нарт мэдэгдэх хуудас хүргүүлж, 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдөр хариуцагч нар нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг гардаж авсан үйл баримт тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 72 дугаар зүйлийн 72.1 дэх хэсэгт “Хэрэг үүсгэсэн өдрөөс хойш хариуцагчид нэхэмжлэлийг ... орон нутагт 14 хоногийн дотор тус тус гардуулна” гэж зааснаас үзэхэд хариуцагчид нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага гардуулах ажиллагаа нь шүүхийн ажиллагаа боловч дээрх хуулийн зохицуулалт нь шүүгчид тухайлан үүрэг болгосон зохицуулалт биш болно.
Тодруулбал, Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2022 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 52 дугаар тогтоолоор баталсан “Иргэний хэргийн хөдөлгөөний нийтлэг аргачлал”-н 5.1.1-д “....шүүгчийн туслах нь хаана, хэзээ хүрэлцэн ирж, нэхэмжлэлийн хувийг гардан авахыг хариуцагчид мэдэгдэх хуудсаар мэдэгдэх бөгөөд "Шүүхийн мэдэгдэх хуудас” Баримт №2-ыг нэгдсэн системээс хэвлэн, тухайн өдөрт нь бичиг хүргэгчид хүлээлгэн өгнө”,
5.1.3-т “Бичиг хүргэгч нь хариуцагчийн мэдэгдэх хуудас хүлээн авсан он, сар, өдөр, цаг, минутыг шүүгчийн туслахад мэдэгдэн, шүүгчийн туслах нэгдсэн системд бүртгэж, мэдэгдэх хуудасны буцах хувийг хэрэгт хавсаргана”
5.1.4-т “шүүгчийн туслах хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулахдаа хариуцагчийн гарын үсгийн тайллын хамт зуруулж, ...нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэсэн, ...шаардлага гардуулсан тухай Баримт №4-ийг үйлдэн, хэрэгт хавсаргана” гэж тус тус заасан.
Дээрх хуульд нийцүүлэн гаргасан аргачлалаас үзэхэд нэхэмжлэлийг хариуцагчид гардуулах ажиллаа нь шүүгчийн туслахын чиг үүрэгт хамаарч байхад илтгэгч гишүүн дүгнэлтдээ шүүгчийн туслах И.Т-ын өгсөн: “ ... хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа түдгэлзүүлсэн төлөвтэй шүүгчийн туслахаас шүүгчийн даалгаснаас өөр ажиллагаа хийх, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг гардуулах боломжгүй байсан, ... шүүгчийн зүгээс 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн хүртэл хугацаанд хэргийн оролцогчид нэхэмжлэлийн хувийг гардуулах талаар ямар нэгэн үүрэг даалгаврыг өгөөгүй” гэх тайлбарыг үнэлж шүүгчийг буруутгасан нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.8-д заасанд нийцэхгүй.
Мөн сахилгын хэрэгт авагдсан өргөдөл гаргагч Н.Б-с гэрчээр авсан: “ ... 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн дараа гардуулна гэсэн. Нэг удаа ярьсан. Би хөдөө явж байна. Тэр чинь шүүхийн тогтоол гараад хүчингүй болсон биз дээ. Би тэгж ойлгосон шүү дээ гэж яриад удаагүй байж байтал шинжээчийн дүгнэлт гаргуулахаар захирамж дараа нь гарсан байсан. Би шүүгчийн туслахад нь гомдол гаргасан. Яагаад шүүхээр шийдвэрлэсэн зүйлийг гардуулах гээд байдаг юм гээд гомдол гаргасан” гэх мэдүүлгээс үзэхэд шүүхээс хариуцагчид нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг гардаж авах талаар мэдэгдсэн, хариуцагч нь гардаж авах талаар мэдэж байсан, 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр шүүгчийг татгалзан гаргах хүсэлт гаргахдаа гардан авах боломжтой байсан зэрэг нөхцөл байдал нь шүүгчийн шууд сахилгын зөрчил гаргасан гэж дүгнэх үндэслэлгүй байна гэж бүрэлдэхүүн үзэв.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т “хуулийн илт тодорхой заалтыг ноцтой, эсхүл удаа дараа зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргах” гэж заасныг хэнд ч илэрхий ойлгомжтой төдийгүй шүүхийн практикт нэг мөр ойлгож хэрэгжүүлдэг хуулийн зохицуулалтыг санаатайгаар гуйвуулан тайлбарлаж өөрөөр хэрэглэсэн, хуульд захирагдах зарчмыг зөрчсөн ноцтой үйлдлийг, эсхүл олон удаагийн давтамжаас хамаарч сахилгын зөрчилд тооцох эсэхийг тогтоохоор хуульчилсан гэж тус тус ойлгоно.
Дээр дурдсаныг нэгтгэн дүгнээд Ерөнхий шүүгч Д.У нь нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хуульд заасан хугацаанд гардуулаагүй нь шүүгчид тухайлан үүрэг болгосон зохицуулалтыг зөрчөөгүй байх тул Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т заасан “ноцтой”, “удаа дараа” байх урьдчилсан нөхцөл хангагдаагүй гэж бүрэлдэхүүнд үзлээ.
Харин шүүгчийг татгалзан гаргах хүсэлтийг шийдвэрлээгүй байхад шинжээч томилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан зөрчил гаргасан нь сахилгын хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх бөгөөд холбогдох шүүгч нь шүүгчид хориглосон хуулийн илт тодорхой заалтыг дахин зөрчсөн үйлдэл гаргасан тохиолдолд “удаа дараа” гэх ойлголтод хамаарах тул цаашид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд нийцүүлэн хэрэгжүүлж ажиллахыг анхааруулах нь зүйтэй байна.
Дээр дурдсаныг нэгтгэн дүгнээд, илтгэгч гишүүний сахилгын зөрчил гаргасныг нотлох дүгнэлтийг хүчингүй болгож, ... анхан шатны шүүхийн шүүгч Д.У-т холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзлээ.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.1, 112.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1.Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн “Сахилгын зөрчил гаргасныг нотлох тухай” ГНД/2024/0024 дугаартай дүгнэлтийг хүчингүй болгож, ... анхан шатны шүүхийн шүүгч Д.У-т холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6-т зааснаар магадлал гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл, мэдээлэл гаргагчийн оршин суугаа газрын эсхүл ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл цахимаар хүргүүлэхийг ажлын албанд даалгасугай.
3.Магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сахилгын хороонд хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.
4. Дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох ба энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ Д.МЯГМАРЦЭРЭН
ГИШҮҮН Х.ХАШБААТАР
С.ЭНХТӨР