info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих ШИЛЭН ДАНС
ENMNG

МОНГОЛ УЛС

ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО

МАГАДЛАЛ

2024-11-19

Дугаар 112

Улаанбаатар хот

Сахилгын хэргийг хэрэгсэхгүй

болгох тухай

Сахилгын хорооны хуралдааныг гишүүн Д.Ариунтуяа даргалж, гишүүн Б.Сугар, Д.Эрдэнэчулуун нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Г.Цагаанцоож, нарийн бичгийн даргаар хуралдаан хариуцсан ахлах мэргэжилтэн А.Намуундарь нарыг оролцуулан,

... шүүхийн шүүгч Г-д холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хянан хэлэлцэв.

 ТОДОРХОЙЛОХ нь:

Илтгэгч гишүүний сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналд: ... Сахилгын хэрэгт авагдсан баримтаас үзвэл, ... шүүхийн  шүүгч Г  2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 07848 дугаар захирамжаар Ө.Н-д холбогдуулан гаргасан “Н” ХХК-ийн нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэн, хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байгаа бөгөөд тус шүүхийн Ерөнхий шүүгчийн захирамжаар тус хэргийг хянан шийдвэрлэх болон шүүх хуралдаан даргалагчаар шүүгч Г-г  томилсон шийдвэрийг албажуулжээ. 

Тухайн иргэний хэргийг хянан шийдвэрлэх явцад холбогдох шүүгч нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дүгээр зүйлийн 50.1.23-т заасан хориглолтыг зөрчсөн эсэхийг өргөдөлд дурдсан агуулгын хүрээнд дараах байдлаар тодорхойлов. Үүнд:

1. Нэхэмжлэгч нь 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Ө.Ү-ийг хамтран хариуцагчаар татах хүсэлт гаргасан, шүүгчийн 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 00624 дүгээр захирамжаар Ө.Ү-ийг хамтран хариуцагчаар татан оролцуулахаар шийдвэрлэсэн, шүүгчдийн зөвлөгөөний 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 00311 дүгээр тогтоолоор хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацааг 30 хоногоор сунгасан байна. Ө.Ү 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр гадаад улсад сурч ажиллаж байгаа тухай тайлбар ирүүлсэн, Хил хамгаалах Ерөнхий газраас 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Ө.Ү улсын хилээр орсон талаарх лавлагаа ирүүлсэн, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс 2024 оны 5 дугаар сарын 29-ний өдөр хариуцагч нарыг албадан ирүүлэх, 2024 оны 6 дугаар сарын 25-ны өдөр хариуцагчийн эд хөрөнгө буюу мөнгийг тухайн нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээгээр битүүмжлэх, хариуцагчийн дансны зарлагын хөдөлгөөнийг нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээнд зогсоох тухай хүсэлтийг тус тус гаргажээ.

        Шүүгчийн 2024 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 15554 дүгээр захирамжаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан хариуцагчийн дансны зарлагын хөдөлгөөнийг нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээнд зогсоох тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэжээ.

        Шүүгчийн 2024 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 15760 дугаар захирамж, 2024 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 18868 дугаар захирамжаар хариуцагч Ө.Н, Ө.Ү нарыг албадан ирүүлэхээр шийдвэрлэсэн, 2024 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр хариуцагч Ө.Ү итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Ч.Б-ыг томилсон мөн өдөр түүнд эрх, үүргийг тайлбарлаж, хэргийн материал, нөлөөллийн мэдүүлгийн талаар танилцуулж, нэхэмжлэл, шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай захирамжийг гардуулжээ. 

        2024 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр хариуцагч Ө.Ү-ий итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүгчийн захирамжид гомдол гаргасан, тус шүүхийн 2024 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 00618 дугаар тогтоолоор шүүгчийн 2024 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 15554 дүгээр захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

        Нэхэмжлэгчээс 2024 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр хариуцагч Ө.Н-оос 1,007,113.580 төгрөг, хариуцагч Ө.Ү-ээс 100,000,000 төгрөг гаргуулах гэж  нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж шүүхэд ирүүлжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3.-т “Хариуцагч гэж нэхэмжлэгчийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан буюу үүргээ биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүй гэж нэхэмжлэлд дурдсан этгээдийг хэлнэ”, 27 дугаар зүйлийн 27.3.-т “Шаардлагатай гэж үзвэл шүүх шийдвэрээ гаргахаас өмнө хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөр этгээдийг хамтран нэхэмжлэгч, буюу хамтран хариуцагчаар татан оролцуулж болно” гэж заасан.

Хуулийн дээрх зохицуулалтаар нэхэмжлэгч өөрийнх нь эрхийг зөрчсөн гэж үзэж байгаа этгээдэд холбогдуулан нэхэмжлэл гаргах бөгөөд хэнд холбогдуулан нэхэмжлэл гаргах эсэхээ нэхэмжлэгч өөрөө шийдвэрлэх учиртай. Дээр дурдсанаас үзвэл, “Н” ХХК анх Ө.Н-д холбогдуулан нэхэмжлэл гаргасан хэдий ч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Ө.Ү-ийг хамтран хариуцагчаар татан оролцуулах хүсэлт гаргасан, шүүх уг хүсэлтийг хүлээн авсан нь хуулийн дээрх заалтыг зөрчөөгүй байна.

2. Шүүх нэхэмжлэлийг хүлээн авч, нэхэмжлэлд дурдагдсан, нэхэмжлэгчийн заасан этгээдийг тухайн хэрэгт хариуцагчаар татан оролцуулах ба хариуцагч нь нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх буюу хүлээн зөвшөөрөхөөс татгалзах, сөрөг нэхэмжлэл гаргах, эвлэрэх эрхтэй. 

Ө.Ү хамтран хариуцагчаар татагдсаны дараа 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр шүүхэд ирүүлсэн тайлбартаа “… хамтран хариуцагчаар татах тухай шүүхийн мэдэгдэх хуудас ирсэн …, … хамтран хариуцагчаар татаж байгаа нь үндэслэлгүй…” гэжээ. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25  дугаар зүйлийн 2-д зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч байгаа бол татгалзах үндэслэл, тайлбар, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргах өгөх, шүүхийн дуудсанаар хүрэлцэн ирэх үүрэгтэй. Өөрөөр хэлбэл, Ө.Ү шүүхийн дуудсанаар хүрэлцэн ирж, нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн тайлбар, холбогдох нотлох баримт гаргаж өгөх үүрэгтэй, хариуцагчаар татагдсан этгээд нэхэмжлэлийг хариуцах эсэхийг шүүх хэрэг хянан шийдвэрлэсний эцэст шийдвэрлэдэг тул нэхэмжлэлд хэрэг үүсгэсэн үед уг асуудлыг шийдвэрлэх боломжгүй юм. Иймд хариуцагч “…намайг хариуцагчаар татаж байгаа нь үндэслэлгүй…” гэсэн тайлбар шүүхэд хүргүүлсэн нь хуульд нийцэхгүй юм.

Түүнчлэн Ө.Ү өөрийг нь шүүхээс дуудсаныг мэдсэн байх бөгөөд тэрээр өөрийг нь шүүхээс дуудсаныг мэдсэн хэдий ч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул шүүгч албадан ирүүлэхээр шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.9-г зөрчөөгүй байна.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т зааснаар шүүгч нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээг хэрэг үүсгэхдээ буюу үүсгэсний дараа захирамж гарган авах эрхтэй. Үүнд:  хариуцагчийн эд хөрөнгө буюу мөнгийг тухайн нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээгээр битүүмжлэх, хариуцагчаас эд хөрөнгөтэй холбоотой ямар нэгэн тодорхой ажиллагаа явуулахыг нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээгээр хориглох, хариуцагчийн дансны зарлагын хөдөлгөөнийг нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээнд зогсоох, нэхэмжлэлээр шаардсан хэмжээний мөнгийг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн дансанд урьдчилан оруулах болно.

Шүүгч нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж 2024 оны 7 дугаар сарын 05-ны өдөр захирамж гарган, хариуцагчийн дансны зарлагын хөдөлгөөнийг нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээнд зогсоох арга хэмжээ авсан байх ба энэ үед нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэсэн байсан. Харин хариуцагч нэхэмжлэлийг гардан аваагүй нь энэхүү арга хэмжээ авахад саад болохгүй юм.

Хариуцагч Ө.Ү-ий итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хянан хэлэлцээд ... шүүхийн 2024 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 618 дугаар тогтоолоор дээрх захирамжийг хүчингүй болгохдоо “…шүүх хүсэлтийг шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69.1.3-т заасныг баримталсан атлаа хариуцагч нарын дансны зарлагын хөдөлгөөнийг нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээгээр зогсоосон нь үндэслэл бүхий болж чадаагүй…” гэж үзжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1-т зааснаар шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авсан шүүгчийн захирамжид гарсан гомдлыг тухайн шатны шүүх хэлэлцээд бүрэн эрхийн хүрээнд хуулийн 171.1.3-т зааснаар захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн бөгөөд нь энэ тохиолдолд шүүгчийг сахилгын зөрчил гаргасан гэж үзэх боломжгүй. 

Дээрх үндэслэлээр Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т заасан “...хуулийн илт тодорхой заалтыг ноцтой, эсхүл удаа дараа зөрчсөн” гэх үндэслэл тогтоогдоогүй тул ... шүүхийн шүүгч Г-д холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргав.”  гэжээ.

Холбогдох шүүгч Г тайлбартаа “...Нэхэмжлэгч “Н” ХХК нь ... шүүхэд 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр нэхэмжлэл гаргаж, тус шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 000/Ш32023/21848 дугаартай захирамжаар иргэний хэрэг үүсгэжээ.

Нэхэмжлэгч “Н” ХХК нь 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Ө.Ү-ийг хамтран хариуцагчаар татах тухай хүсэлт гаргасныг тус шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 000/Ш32024/00624 дугаар захирамжаар хангаж шийдвэрлэсэн байна.

Хариуцагч Ө.Ү-д нэхэмжлэлийн хувийг гардуулахаар хамтран хариуцагчаар татсаны дараа 2024 оны 01 дүгээр сард мэдэгдэх хуудас хүргүүлсэн боловч хариуцагч  шүүхэд ирж нэхэмжлэлийг гардаж аваагүй.

Гэвч хариуцагч Ө.Ү хамтран хариуцагчаар татагдсан нь үндэслэлгүй болох, Монгол улсад оршин суудаггүй талаарх тайлбарыг хожим итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилсон Ч.Б-аар дамжуулан 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр шүүхэд ирүүлсэн байна. Харин Хил хамгаалах ерөнхий газар 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 2-Зв/2305 дугаар албан бичгээр Ө.Ү Монгол улсын хилээр орох чиглэлд нэвтэрсэн буюу Монгол улсын нутаг дэвсгэрт байгаа талаарх тодорхойлолтыг шүүхэд ирүүлсэн. Хариуцагч Ө.Ү, “Н” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлд хариуцагчаар татагдсанаа мэдсэн атлаа шүүхэд ирээгүй болно.

Улмаар тус шүүхийн 2024 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн 000/Ш32024/15760 дугаартай Хариуцагчийг албадан ирүүлэх тухай, 2024 оны 9 сарын 02-ны өдрийн 000/Ш32024/18868 дугаар хариуцагчийг албадан ирүүлэх тухай захирамжаар хариуцагч Ө.Ү-ийг шүүхэд албадан ирүүлэхээр тус тус шийдвэрлэж, тус ажиллагааг гүйцэтгэхийг Цагдаагийн ерөнхий газрын Нийтийн хэв журам сахиулах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албанд даалгасан. Дээрх ажиллагааны үр дүнд Ө.Ү нь 2024 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулан нэхэмжлэлийг гардаж авсан.

Шүүхээс хариуцагч Ө.Ү-д нэхэмжлэлийн хувийг гардуулах, шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай хүсэлтийг танилцуулахаар бүхий л талаар идэвхтэй ажилласан бөгөөд хариуцагч энэ талаар мэдсээр байж шүүхэд ирээгүй байх тул гомдолд дурдсан хариуцагч Ө.Ү-д шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай захирамжийг мэдэгдээгүй, тус захирамж гарсны дараа мөн мэдэгдээгүй гэх тайлбар үндэслэлгүй байна.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “Шүүгч нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах дараах арга хэмжээг хэрэг үүсгэхдээ буюу үүсгэсний дараа захирамж гарган авах эрхтэй.” гэж заасан. Дээрх хуулийн заалтаас үзвэл шүүх нэхэмжлэлийг хүлээн авч иргэний хэрэг үүсгэсэн шийдвэртэй хамтатган шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээг авч болохоор байна. Энэ тохиолдолд нэхэмжлэлийн хувийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлд заасан 7 эсхүл 14 хоногийн дотор хариуцагчид гардуулах ба шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай захирамжийг мөн танилцуулна. Дээрхээс үзэхэд хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулахаас өмнө шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээг авч болох тул гомдол үндэслэлгүй байна.

Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээг иргэний хэрэг үүсгэх үед, эсхүл иргэний хэрэг үүсгэж, хүсэлтийг хариуцагчид танилцуулсны дараа авах эсэхийг тухайн шүүгч хэргийн нөхцөл байдлаас хамааран тохиромжтой байдлаар сонгон хэрэглэх практик иргэний шүүхүүдэд түгээмэл тогтсон билээ. Энэ нь ч нэхэмжлэгчийн эрх ашгийг орхигдуулахгүй хамгаалах иргэний процессын эрх зүйн зорилгод нийцнэ.

З. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1-д “Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн ...69.1 ... дүгээр зүйлд заасан шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж, шийтгэвэрт гарсан өдрөөс нь хойш 10 хоногийн дотор тухайн шатны шүүхэд гомдол гаргаж болно.” Гэж заасан бөгөөд 2024 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн 000/Ш32024/15554 дугаар захирамжийн захирамжлах хэсгийн 5 дугаар зүйлд тус захирамжийг зохигч эс зөвшөөрвөл гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласан байна.

Хариуцагч Ө.Ү-ий итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б 2024 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр тус шүүхэд гомдол гаргаж, улмаар тус шүүхийн 2024 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 000/ШТ2024/00618 дугаар тогтоолоор дээрх 000/Ш32024/15554 дугаартай Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай захирамжийг хүчингүй болгосон.

Дээрх гомдлыг хянан хэлэлцсэн шүүх бүрэлдэхүүн захирамжийг хүчингүй болгосон үндэслэлээ “Шүүх уг хүсэлтийг шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.3-т заасныг баримталсан атлаа хариуцагч нарын дансны зарлагын хөдөлгөөний нэхэмжлэлийн дүнгийн хэмжээгээр зогсоож, нэхэмжлэлийн шаардлагаас хальж уг арга хэмжээг авсан нь үндэслэл бүхий болж чадаагүй” гэж дүгнэсэн. Тодруулбал захирамж нь хариуцагч тус бүрийн дансны зарлагын хөдөлгөөнийг нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээнд битүүмжилсэн үр дагаварт хүргэж болзошгүй байна гэж дүгнэжээ. Дээрхээс үзэхэд шүүх бүрэлдэхүүн шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай хүсэлтийг хариуцагч Ө.Ү-д танилцуулахгүйгээр шийдвэрлэсэн гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б-ын гаргасан үндэслэлийг зөвтгөөгүй, хариуцагч Ө.Ү-д нэхэмжлэлийн хувийг гардуулаагүй байж, мөн хүсэлтийг танилцуулахгүйгээр шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулсан 000/Ш32024/15554 дугаартай шүүгчийн захирамжийг буруутгаагүй, миний бие хуулийн дагуу ажилласан бөгөөд хууль тогтоомж зөрчсөн удаа байхгүй болно. Иймд сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Иргэн Ч.Б-аас ... шүүхийн шүүгч Г-д холбогдуулан өргөдөл гаргасны дагуу Сахилгын хорооны гишүүн 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн ГЗҮ/2024/0101 дугаар захирамжаар сахилгын хэрэг үүсгэн, шалгах ажиллагаа явуулжээ.

1. Өргөдөл гаргагч “... хуульд заасан үндэслэл журмын дагуу шүүхэд дуудан ирүүлэх ажиллагааг хийгээгүйгээс хариуцагч нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн хувийг гардаж авах боломжгүй бөгөөд нэхэмжлэгчийн тодорхойлсон хаягт Ө.Ү оршин суудаг талаар тогтоогдоогүй, тодорхой бус байхад ... шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийн баталгаажуулсан захирамж гаргасан” гэжээ.

Сахилгын хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл “Н” ХХК-аас Ө.Н-д холбогдуулан нэхэмжлэл гаргасныг шүүгч Г хүлээн авч, 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 000/ШЗ2023/21848 дугаар шүүгчийн захирамжаар иргэний хэрэг үүсгэн хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан байна.

Нэхэмжлэгч “Н” ХХК-аас Ө.Ү-ийг хамтран хариуцагчаар татах хүсэлт гаргасныг 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 000/ШЗ2024/00624 дүгээр шүүгчийн захирамжаар хүсэлтийг хангаж шийдвэрлэжээ.

Хамтран хариуцагч Ө.Ү-гээс 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр “Н” ХХК-ийн нэхэмжлэлд “ ... шүүхийн мэдэгдэх хуудас ирүүлсэн талаар түрээслэгч надад мэдэгдсэн. ... намайг хамтран хариуцагчаар татаж байгаа нь үндэслэлгүй” гэх хариу тайлбарыг ирүүлсэн байна.

Дээрх тайлбараас үзвэл хариуцагч Ө.Ү нь шүүхийн мэдэгдэх хуудас хүлээн авч өөрт нь холбогдуулан нэхэмжлэл гарсан, хариуцагчаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгааг мэдсэн атлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2 дахь хэсэгт “Хэргийн оролцогч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дараахь үүрэг хүлээнэ”, 25.2.3-т “шүүхийн дуудсанаар хүрэлцэн ирэх” гэж заасан үүргээ биелүүлээгүй байна.

Иймд шүүгчийг “шүүхэд дуудан ирүүлэх ажиллагааг хийгээгүй” гэх үндэслэлээр буруутгах боломжгүй.

 2. Өргөдөл гаргагч “...нэхэмжлэлийн хувийг хариуцагчид гардуулах ажиллагаа хийхгүйгээр нэхэмжлэгчийн гаргасан Ө.Ү-гийн дансны зарлагын хөдөлгөөнийг нэхэмжлэгчийн үнийн дүн болох 1,107,113,580 төгрөгийн хэмжээнд зогсоолгох тухай хүсэлтийг 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авснаас гадна түүнийг хангаснаар Ө.Ү-гийн эрх ашигт сөргөөр нөлөөлөх нь илт байхад шүүхэд дуудан ирүүлэх ажиллагааг хийгээгүй шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийн баталгаажуулсан захирамж гаргаж, хуульд зааснаар Ө.Ү-д хүргүүлээгүй”  гэх өргөдлийг гаргасан.

Сахилгын хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл нэхэмжлэгч талаас 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдөр шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах хүсэлт гаргасныг шүүгч 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 000/ШЗ2024/15554 дугаар захирамжаар хүлээн авч, Ө.Ү, Ө.Н нарын дансны зарлагын хөдөлгөөнийг нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээнд зогсоож шийдвэрлэжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт “Шүүгч нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах дараахь арга хэмжээг хэрэг үүсгэхдээ буюу үүсгэсний дараа захирамж гарган авах эрхтэй”, 69.1.3-т “хариуцагчийн дансны зарлагын хөдөлгөөнийг нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээнд зогсоох” гэж заасан.

Уг өргөдлийн үндэслэлтэй холбогдуулан холбогдох шүүгч “...хуулийн заалтаас үзвэл шүүх нэхэмжлэлийг хүлээн авч иргэний хэрэг үүсгэсэн шийдвэртэй хамтатган шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээг авч болохоор байна. Энэ тохиолдолд нэхэмжлэлийн хувийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлд заасан 7 эсхүл 14 хоногийн дотор хариуцагчид гардуулах ба шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай захирамжийг мөн танилцуулна. Дээрхээс үзэхэд хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулахаас өмнө шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээг авч болох тул гомдол үндэслэлгүй байна.” гэх тайлбар ирүүлсэн.

Мөн илтгэгч гишүүн “Шүүгч нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж 2024 оны 7 дугаар сарын 05-ны өдөр захирамж гарган, хариуцагчийн дансны зарлагын хөдөлгөөнийг нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээнд зогсоох арга хэмжээ авсан байх ба энэ үед нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэсэн байсан. Харин хариуцагч нэхэмжлэлийг гардан аваагүй нь энэхүү арга хэмжээ авахад саад болохгүй юм” гэж дүгнэсэн нь үндэслэл бүхий байх тул дээрх үндэслэлээр шүүгчийг сахилгын зөрчил гаргасан гэж буруутгах боломжгүй.

Түүнчлэн 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 000/ШЗ2024/15760, 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 000/ШЗ2024/18868 дугаар захирамжуудаар хариуцагч нарыг албадан ирүүлэхээр шийдвэрлэж байснаас үзвэл хариуцагч нь нэхэмжлэлд дурдсан оршин суух хаяг дээр байхгүй, шүүхийн дуудсан цагт хүрэлцэн ирээгүйгээс шалтгаалан тухайн шүүгчийн захирамжийг гардуулах, хүргүүлэх боломжгүй байсан гэж үзэхээр байна.

Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1 дэх хэсэгт “Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 20.1, 38.9, 65.1.1-65.1.8, 65.1.10, 69.1, 92.4, 97.1, 100.2 дахь хэсэг, 80, 117, 124 дүгээр зүйлд заасан шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж, шийтгэвэрт гарсан өдрөөс нь хойш 10 хоногийн дотор тухайн шатны шүүхэд гомдол гаргаж болно” гэж заасан.

 Дээрх хуульд заасны дагуу хариуцагч Ө.Ү-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б захирамжийг гардан авч, гомдол гаргасан байх бөгөөд тус гомдлыг бүрэлдэхүүнтэй хянан хэлэлцэж 2024 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 000/ШТ2024/00618 дугаар тогтоолоор шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай 000/ШЗ2024/15554 дугаар захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байгааг дурдах нь зүйтэй.

          Дээрхийг нэгтгэн дүгнээд гишүүний сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хүлээн авч, ... сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч /одоо/ Г-д холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзлээ.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1, 112.1.2, 112.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сахилгын хорооны гишүүний 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн ГС/2024/0109 дугаар “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай санал”-ыг хүлээн авч, ... сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч /одоо/ Г-д холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6 дахь хэсэгт зааснаар магадлал гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл мэдээлэл гаргагчийн оршин суугаа газрын, эсхүл ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл албаны ажилтнаар хүргүүлэхийг Ажлын албанд даалгасугай.

3.Магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сахилгын хороонд хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

4.Дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох ба энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг тайлбарласугай.

                        ДАРГАЛАГЧ                               Д.АРИУНТУЯА

                ГИШҮҮН                                   Б.СУГАР

                                                                                         Д.ЭРДЭНЭЧУЛУУН