
МОНГОЛ УЛС
ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО
МАГАДЛАЛ
2024-12-11
Дугаар 121
Улаанбаатар хот

Сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй
болгох тухай
Сахилгын хорооны хуралдааныг гишүүн О.Номуулин даргалж, гишүүн Д.Мягмарцэрэн, Ц.Давхарбаяр нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Д.Эрдэнэчулуун, хуралдааны нарийн бичгийн дарга А.Намуундарь, ажиглагчаар өмгөөлөгч Н.М нарыг оролцуулан, ... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Т-т холбогдох Сахилгын хорооны гишүүний 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн ГС/2024/0115 дугаартай “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай санал”-ыг тус хорооны хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналд: “...Өргөдөл гаргагч нь “шүүгч Б.Т нь хариуцагчаас гаргаж буй сөрөг нэхэмжлэлийг хүсэлт, нотлох баримттай адилтган хуулийг буруу тайлбарлаж, гомдол гаргах эрхгүй байдлаар үндэслэлгүйгээр захирамж гаргаж удаа дараа татгалзсан ба хариуцагч талаас шүүгчийг татгалзан гаргах хүсэлт гаргасны дараа өөрийн туслахаар дамжуулан сөрөг нэхэмжлэлээ аваад ир гэсний дагуу дахин гаргасан боловч өнөөдрийг хүртэл хүлээн авсан талаарх шүүгчийн захирамж гаргаагүй байна, хариуцагчийн оршин суугаа газрын харьяаллын шүүх болох .... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хэргийг шилжүүлэх хүсэлт гаргахад хүлээж аваагүй, харьяалал зөрчиж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.1, 50.1.23-т заасныг болон Монгол Улсын шүүхийн шүүгчийн ёс зүйн дүрмийн 3.2 дугаар зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1-д заасныг тус тус зөрчсөн” гэх агуулгаар өргөдөл гаргажээ.
1. Сөрөг нэхэмжлэлийн тухайд:
А.Ариунболдын нэхэмжлэлтэй, Г.Ө-д холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн шүүх хуралдаанаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н сөрөг нэхэмжлэл гаргасныг хэлэлцэн, шүүгчийн мөн өдрийн 181/ШЗ2022/15797 дугаар захирамжаар “...нэхэмжлэгч тал 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдөр уг нэхэмжлэлээ шүүхэд гаргасан ба энэ өдрийг хүртэлх хугацаанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдсан, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1, 71.2 дахь хэсэгт заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацаа дууссан. Мөн хуулийн 105 дугаар зүйлийн 105.2 дахь хэсэгт зааснаар энэхүү сөрөг нэхэмжлэлээ энэ өдрийн шүүх хуралдаанаас өмнө гаргах боломжгүй байсан нөхцөл байдлыг нотолсон баримт гаргаагүй зэргийг үндэслээд сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзав. Ийнхүү сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан явдал нь хариуцагч Г.Ө энэхүү сөрөг нэхэмжлэлээ бие даасан нэхэмжлэл болгон өөрчилж шүүхэд гарган шийдвэрлүүлэхэд энэ захирамж саад болохгүй” гэж үзжээ.
Гэвч хариуцагч тал 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн шүүх хуралдаанд сөрөг нэхэмжлэлээ дахин гаргасныг хэлэлцэн, шүүгчийн мөн өдрийн 181/ШЗ2023/19821 дүгээр захирамжаар “...өнөөдрийн шүүх хуралдаанд дахин сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасныг нь шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.2 дахь хэсэгт заасан хүндэтгэн үзэх шалтгаантай гэж үзэх үндэслэлгүй тул хүлээн авахаас татгалзав” гэж дүгнэсэн байна.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н “шүүгчийн дээрх 181/ШЗ2023/19821 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах тухай” хүсэлт гаргахад шүүгчийн 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 181/ШЗ2023/21183 дугаар захирамжаар “... Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйл, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт хэргийн оролцогчийн эдлэх эрх, хүлээх үүргийг хуульчилсан бөгөөд энэхүү эрх, үүргээ хэрэгжүүлэхдээ хуулийн 71 дүгээр зүйлд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацаанд захирагдах зохицуулалттай..., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн шүүх хуралдаанд дахин сөрөг нэхэмжлэл гаргасныг нь шүүгчийн 181/ШЗ2023/19821 дүгээр захирамжаар хүлээн авахаас татгалзсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1 дэх хэсэгт заасанд хамаарахгүй” гэж үзээд хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэжээ.
Хариуцагч тал сөрөг нэхэмжлэлийг 3 дахь удаагаа гаргахад шүүх хүлээн авч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г-т 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдөр “Нэхэмжлэл, сөрөг нэхэмжлэл гадуулсан тухай” Баримт №4-ийг үйлдэж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарт 2024 оны 5 дугаар сарын 21-ний өдөр хэргийн материал танилцуулсан байх тул “...иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг гардан явуулж буй шүүгчийн зүгээс ажиллагааг зориуд мэдэн будилах байдлаар...” гэх өргөдөл үндэслэлгүй байна.
...Сөрөг нэхэмжлэлийг мөн хуулийн 62 дугаар зүйлд заасан бүрдүүлбэрийн дагуу гаргах ба улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилсан төлсөн, үндсэн нэхэмжлэлийн шаардлагад тооцогдох байвал шүүх үндсэн нэхэмжлэлийн хамт шийдвэрлэхээр хуулиар зохицуулсан байхад шүүгч Б.Т нь хариуцагч Г.Ө-ээс гаргасан сөрөг нэхэмжлэлийг үндсэн нэхэмжлэлийн шаардлагад тооцогдох эсэх, бүрдүүлбэр хангасан эсэх, хуульд заасан улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан төлсөн эсэхэд дүгнэлт өгөлгүй, зөвхөн хуульд заасан хугацаа болон шүүх хуралдаанаас өмнө гаргах боломжгүй байсан нөхцөл байдлыг нотолсон баримт гаргаагүй гэх үндэслэлээр хүлээн авахаас татгалзсан нь учир дутагдалтай.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т “хуулийн илт тодорхой заалтыг ноцтой, эсхүл удаа дараа зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргах” гэж заасныг хэнд ч илэрхий ойлгомжтой төдийгүй шүүхийн практикт нэг мөр ойлгож хэрэгжүүлдэг хуулийн зохицуулалтыг санаатайгаар гуйвуулан тайлбарлаж өөрөөр хэрэглэсэн, хуульд захирагдах зарчмыг зөрчсөн ноцтой үйлдлийг, эсхүл олон удаагийн давтамжаас хамаарч сахилгын зөрчилд тооцох эсэхийг тогтоохоор хуульчилсан.
Иймд шүүгч Б.Т нь хариуцагчийн 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн сөрөг нэхэмжлэлийг хүлээн авч, 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдөр нэхэмжлэгч талд гардуулан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж байгаа тул хариуцагч талыг элдвээр хавчих үйлдэл гаргаж, хэргийн оролцогчийн эрхийг ноцтой зөрчсөн гэж үзэхээргүй буюу Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т заасныг зөрчсөн гэж үзэхгүй.
Өргөдөлд “...өөрийн туслахаар дамжуулан сөрөг нэхэмжлэлээ дахин гаргаад аваад ир гэсний дагуу улсын тэмдэгтийн хураамжийг дахин төлж сөрөг нэхэмжлэлээ гаргасан боловч өнөөдрийн байдлаар сөрөг нэхэмжлэлийг хүлээн авсан талаарх шүүгчийн захирамж гаргаагүй...” гэж дурдсан.
Шалгах ажиллагааны явцад шүүгч Б.Т-ийн туслахаар тухайн цаг хугацаанд ажиллаж байсан С.Т-ийг гэрчээр асуухад “...цаг хугацааг нь сайн санахгүй байгаа ч сөрөг нэхэмжлэлийг сүүлд ямар ч байсан дахин гаргахад нь түүнийг хүлээн аваад нэхэмжлэгч талд гардуулсан. Ер нь хариуцагчаас сөрөг нэхэмжлэл гаргах ч юм уу хэргийн оролцогчдоос ирүүлсэн аливаа хүсэлт, гомдол, нэхэмжлэл гээд бүх баримтуудыг би хүлээж аваад шүүгчид танилцуулдаг. Гэвч энэ хэргийн талаар хөөрөгний маргаан гэж санаж байгаа боловч тухайлан тодорхой санахгүй байна. Учир нь би шүүхээс гарахдаа 199 хэрэг хүлээлгэж өгч байсан. Тиймээс тодорхой нарийн санахгүй байна...” гэх мэдүүлэг өгсөн.
Дээрх гэрчийн мэдүүлгээс үзвэл өргөдөлд дурдсанчлан шүүгч Б.Т-ийг шүүгчийн туслахаараа дамжуулан хариуцагч Г.Ө-ийн сөрөг нэхэмжлэлийг дахин гаргуулсан гэж үзэх боломжгүй юм.
Өргөдөл гаргагч нь өргөдөлдөө “...улсын тэмдэгтийн хураамжийг давтан төлөх байдлаар эдийн засгийн хувьд хүндрэл үүсгэх...” гэжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт “Шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан бол улсын тэмдэгтийн хураамжийг хураасан хэмжээгээр нэхэмжлэгчид шүүгчийн захирамжаар буцаан олгоно” гэж заасан.
Сахилгын хэрэгт авагдсан шүүгчийн 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 181/ШЗ2022/15797 дугаар захирамжийн ЗАХИРАМЖЛАХ нь хэсгийн 3 дахь заалтад “хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н-т улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1.085.970 төгрөгийг буцаан гаргуулах”-аар, мөн шүүгчийн 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 181/ШЗ2023/19821 дүгээр захирамжийн ЗАХИРАМЖЛАХ нь хэсгийн 3 дахь заалтад “хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н-т улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1.439.554 төгрөгийг буцаан гаргуулах”-аар тус тус захирамжилсан байна.
Дээрхээс үзэхэд хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг тухай бүрд нь шүүгчийн захирамжаар буцаан олгож байсан байх тул эдийн засгийн хувьд хүндрэл учруулсан гэж үзэхгүй.
Түүнчлэн өргөдөлд “...эргэлзээтэй үйл байдлыг шүүгч удаа дараа гаргаж байгаа нь тус хорооны гишүүн Д.Э-тай хамааралтай бөгөөд ...Б.Т шүүгч гомдолд дурдсан байдлаар хууль зөрчиж, дураараа авирлаж байгаа нь Д.Э-ы хамгаалалт, нөлөө байгаа...” гэж дурдсан.
Иргэн Г.Ө-ийн өргөдөл нь Шүүхийн сахилгын хорооны “Сахилгын хэргийн бүртгэл, хяналтын систем”-ээр санамсаргүй тохиолдлоор гишүүн Д.Э надад хуваарилагдсан бөгөөд илтгэгч гишүүн нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 98 дугаар зүйлийн 98.3.3, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.11-д заасан ойлгогдохуйц нөхцөл байдал үүсэж болзошгүй гэж үзээд өргөдлийг шалгах боломжгүй гэх хүсэлтээ бичгээр 2024 оны 8 дугаар сарын 26-ны өдөр тус хорооны даргад гаргасан. Шүүхийн сахилгын хорооны даргын 2024 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн ДЗ/2024/0198 дугаар захирамжаар уг хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан тул илтгэгч гишүүний 2024 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн ГЗҮ/2024/0102 дугаар захирамжаар шүүгч Б.Т-т сахилгын хэрэг үүсгэн, шалгах ажиллагаа явуулсан болохыг дурдах нь зүйтэй.
2. Иргэний хэргийн харьяаллын тухайд:
Сахилгын хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд иргэний хэргийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Г.Ө-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н 2024 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн шүүх хуралдаанаар “хэргийг хариуцагчийн оршин суугаа газрын харьяаллын ... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлэх тухай” хүсэлт гаргасныг хэлэлцэн, шүүгчийн мөн өдрийн 181/ШЗ2024/10783 дугаар захирамжаар “...хариуцагчийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан хүсэлтээс үзэхэд хариуцагч Г.Ө нь ... дүүрэгт оршин суудаг талаарх баримт байхгүй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2 дахь заалтад хамаарахгүй” гэж үзээд хангахаас татгалзжээ.
Тухайн өдрийн шүүх хуралдааны 181/ТМ2024/03045 дугаартай тэмдэглэлийн 3 дугаар талын 5 дахь догол мөрөөс хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “...Өнөөдрийн байдлаар ... дүүргийн... тоот хаягт оршин суугч болсон. Энд оршин суудаг бүртгэл нь бол саяхан хийгдсэн боловч сүүлийн 2, 3 жилийг өнгөрөөж байгаа. Ийм учраас Иргэний хэрэг шүүхэд шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасны дагуу хариуцагчийн оршин суугаа газрын шүүхэд нэхэмжлэл гаргадаг. Мөн хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2-т ...заасны дагуу харьяалал бүхий шүүхэд нь шилжүүлэх ийм хуулийн зохицуулалт байгаа. Ийм учраас дээрх иргэний хэргийг ... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хариуцагчийн оршин суугаа газрын харьяаллын дагуу шилжүүлж өгнө үү гэсэн хүсэлтийг гаргаж байна” гэх, тус тэмдэглэлийн 5 дугаар талын 6 дахь догол мөрөөс даргалагч шүүгч Б.Т “хариуцагчийн оршин суудаг хаяг хаана юм бэ, албан ёсны бүртгэл байгаа юм уу?” гэхэд хариуцагчийн өмгөөлөгч “энэ шинэ хаяг нь байгаа учраас бүртгэл албан ёсоор хийгдээгүй. Хариуцагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад би энэ хаяг дээр оршин сууж байна гээд өөрөө хаягаа тодорхойлж байгаа юм...” гэж хариулсан нь болон 8 дугаар талын 4 дэх догол мөрөөс даргалагч “хариуцагч өөрөө Хан-Уул дүүрэг... тоотод оршин суудаг гэж тодорхойлж хэлж байгаа юм байна, тийм үү?” гэхэд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “тийм ээ,...” гэх, хариуцагчийн өмгөөлөгч “хариуцагч өөрөө энэ хаяг дээрээ оршин сууж байгаа гэдгээ тодорхойлж өгч байгаа юм. Бүртгэлээ хийлгэж амжаагүй. Өөрөө би энэ хаяг дээр байгаа шүү гэдгээ өгч байгаа юм” гэж хариулсан, мөн талын 9 дэх догол мөрөөс даргалагч “энэ хаягт албан ёсоор оршин сууж байгаа гэсэн баримт байгаа юм уу?” гэхэд хариуцагчийн өмгөөлөгч “өөрөө бичгээр хүсэлтээ гаргаж өгч байгаа юм. Улсын бүртгэл хийгдээгүй байгаа. Тийм учраас улсын бүртгэл хийгдээгүй гэдгээ тайлбарлаж өгөөд байгаа юм. Анхнаасаа хэргийн харьяалал иргэний хэрэг үүсгэхэд ч гэсэн зөрчигдсөн. Одоо бол яг оршин суугаа газрынх нь шүүхийн харьяаллаар хэргээ шийдүүлье л гэж байгаа юм” гэж тус тус хариулсан нь тусгагдсан байна.
Сахилгын хэргийн шалгах ажиллагааны явцад иргэний 2 хавтас, 462 хуудас бүхий хэрэгт үзлэг хийхэд А.А-ын нэхэмжлэлтэй, Г.Ө-д холбогдох нэхэмжлэлд шүүгч Н.О-ийн 2020 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 181/ШЗ2020/03231 дүгээр захирамжаар иргэний хэрэг үүсгэсэн бөгөөд анхан шатны шүүх уг хэргийг 2020 оны 5 дугаар сарын 19-ний өдөр хянан шийдвэрлэж, 181/ШШ2020/01347 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн бөгөөд уг шийдвэрийг хариуцагч тал эс зөвшөөрч гомдол гаргаснаар ... хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 1578 дугаар магадлал болон Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2022 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 001/ХТ2022/00779 дүгээр тогтоолоор хянагдаж тухайн иргэний хэрэг нь 2022 оны 7 дугаар сарын 28-ны өдрөөс зохих хууль журмын дагуу шүүгч Б.Т-т хуваарилагдаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж эхэлжээ. Гэтэл хариуцагчийн өмгөөлөгч нь 2024 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн шүүх хуралдаанаар “...анхнаасаа хэргийн харьяалал иргэний хэрэг үүсгэхэд ч гэсэн зөрчигдсөн тул хэргийг шилжүүлэх тухай” гэх хүсэлт гаргаж байгаа нь үндэслэлгүй юм.
...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэл гаргахдаа хариуцагчийн оршин суугаа газрын шүүхэд нэхэмжлэлээ гаргах бөгөөд мөн хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, 20.1.2 дахь заалтад заасан нь нэхэмжлэлийг шүүх хүлээн авахад шүүхийн харьяалал зөрчсөн болох нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад илрэх тохиолдолд хэрэглэгдэх хуулийн зохицуулалт юм.
Хуулийн дээрх зохицуулалтаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээс үзэхэд хариуцагч Г.Ө нь 2-3 жил ... дүүрэгт оршин сууж байгаа бол шүүгч Б.Т-т хэрэг хуваарилагдсан 2022 оны 7 дугаар сарын 28-ны өдрөөс хойш уг хүсэлтээ гаргах бүрэн боломжтой байжээ.
Шүүгч хэргийг болон хүсэлтийг шийдвэрлэхдээ хавтаст хэрэгт авагдсан, хүсэлтэд хавсаргасан баримтуудад үндэслэн, өөрийн дотоод итгэлээр шийдвэрлэх нь түүнд хуулиар олгогдсон бүрэн эрх юм.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.1-д “албан тушаалын байдал, эрх нөлөөгөө урвуулан ашиглаж өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгох” гэж заасныг шүүгчийн албан тушаалын эрх мэдлийг албан эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийхийг ойлгодог.
Иймд хариуцагч талын “хэргийг шилжүүлэх тухай” хүсэлтийг хүлээж аваагүйг Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.1-д заасныг зөрчсөн гэж үзэхгүй.
...Дээрхийг нэгтгэн дүгнээд сахилгын хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн ... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Т нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.1, 50.1.23 дахь заалтад заасан шүүгчид хориглосон зохицуулалтыг зөрчөөгүй гэж үзэн түүнд холбогдуулан үүсгэсэн сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргав” гэжээ.
Шүүгч Б.Т Сахилгын хороонд гаргасан тайлбартаа: “...Шүүгч миний бие 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдөр тус хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэхэд нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г-ийг шүүх хуралдаанд оролцуулах, нэхэмжлэлийн үндэслэл шаардлагыг тодруулсны эцэст хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан бол уг хүсэлтийг нь хариуцагчийн төлөөлөгч, өмгөөлөгч нар дэмжсэн учир шүүх 181/ШЗ2022/13147 дугаар захирамжаар шүүх хуралдааныг хойшлуулж, шүүх хуралдааныг 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 11 цаг 00 минутад товлон зарласан.
Товлогдсон шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилж, ...хөөрөгний үнэ 240.000.000 төгрөг гаргуулах болгон тодорхойлон гаргасан учир хуульд заасан журмын дагуу ажиллагааг хийхээр шүүх хуралдааныг 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 09 цаг 00 минут хүртэл хойшлуулсан. Тухайн шүүх хуралдаанаар зохигч талууд маргааныг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий баримтыг шүүхээр гаргуулах, хариуцагчийн төлөөлөгч сөрөг нэхэмжлэл гаргаж, шинжээч томилуулах хүсэлт гаргасныг хянаад 181/ШЗ2022/15797 дугаар захирамжаар нотлох баримт бүрдүүлэх ажиллагааг хийхээр шинжээч томилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн бөгөөд хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, бие даасан нэхэмжлэлээр гаргаж шийдвэрлүүлэх эрхийг нь дурдсан. Шинжээчээр томилогдсон “Д” ХХК нь 2023 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 42/023 дугаар албан бичгээр “...хэрэгт авагдсан хөөрөгний фото зураг нь дүгнэлт гаргахад хангалтгүй, хэт бүдэг тул дүгнэлт гаргах боломжгүй” гэх хариуг ирүүлсэн.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээж, 2023 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 10 цаг 00 минутад хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг товлон зарлаж, холбогдох ажиллагааг хийхэд хэргийн оролцогч талуудаас хүндэтгэн үзэх шалтгаанаар шүүх хуралдааныг хойшлуулах, баримтууд ирүүлснийг хүлээн аваад 181/ШЗ2023/15362 дугаар захирамжаар шүүх хуралдааныг 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 13 цаг 30 минут хүртэл хойшлуулсан.
Товлогдсон шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн төлөөлөгч шинээр өмгөөлөгч сонгон авсны улмаас өмгөөлөгч нь хэргийн материалтай танилцах хүсэлтийг, хариуцагчийн өмгөөлөгч гадагш албан ажлаар явсан, үүнийг шүүх хуралдаанд оролцуулах тухай хүсэлтийг хариуцагчийн төлөөлөгч гаргасныг тус тус хүлээн аваад 181/ШЗ2023/17834 дүгээр захирамжаар шүүх хуралдааныг 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 09 цаг 00 минут хүртэл хойшлуулсан.
Тухайн шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн төлөөлөгчийн сүүлд авч оролцуулсан өмгөөлөгч нь ирээгүйн улмаас өмгөөлөгчтэй оролцох, шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах хүсэлтийг, хариуцагч тал сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хянаад 181/ШЗ2023/19821 дүгээр захирамжаар хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийг өмгөөлөх эрхээр хангахаар шүүх хуралдааныг 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 15 цаг 00 минут хүртэл хойшлуулсан.
Хариуцагчийн төлөөлөгч Э.Н 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдөр шүүгчийн 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 181/ШЗ2022/15797 дугаар захирамжаа өөрчилж, сөрөг нэхэмжлэлийг хүлээн авах шийдвэр гаргаж өгнө үү гэх хүсэлт гаргасныг нь 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 181/ШЗ2023/12183 дугаар захирамжаар хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.
Шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн шүүх хуралдаанаар хариуцагчийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүгчийг татгалзан гаргах тухай хүсэлт гаргасныг 181/ШЗ2023/00140 дүгээр захирамжаар “Ерөнхий шүүгчээр хянан шийдвэрлүүлэхээр” шүүх хуралдааныг хойшлуулсан.
Тус шүүхийн Ерөнхий шүүгчийн 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 181/ЕШ2024/00229 дүгээр захирамжаар хариуцагчийн төлөөлөгч, өмгөөлөгч нарыг хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэжээ.
Хариуцагчийн төлөөлөгч Э.Н нь 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр сөрөг нэхэмжлэлийг шаардлага гаргасныг шүүх хүлээн аваад нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Г-ийг дуудан ирүүлж, 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдөр сөрөг нэхэмжлэлийг шаардлагыг гардуулан өгч, хариу тайлбар гаргах 14 хоногийн хугацааг олгох, хариу тайлбарыг гаргуулан аваад шүүх хуралдааныг 2024 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 09 цаг 00 минутад товлосон.
Товлогдсон шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн өмгөөлөгч гадагш явсан, биечлэн оролцох хүсэлтийг, хариуцагчийн төлөөлөгч, өмгөөлөгч нар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаан давхардсан тул шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлтийг тус тус ирүүлсний улмаас 181/ШЗ2024/04904 дүгээр захирамжаар шүүх хуралдааныг 2024 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 09 цаг 00 минут хүртэл хойшлуулсан.
Тухайн шүүх хуралдаанаар нэхэмжлэгч болон хариуцагч нарын төлөөлөгчид хүндэтгэн үзэх шалтгаантай талаар хүсэлт, баримт ирүүлсний улмаас тус шүүх хуралдааныг 2024 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 09 цаг 00 минут хүртэл хойшлуулжээ.
Товлогдсон шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн өмгөөлөгч сөрөг нэхэмжлэл гаргасантай холбоотойгоор нотлох баримт шүүхээр бүрдүүлэх, хариуцагчийн төлөөлөгч, өмгөөлөгч нар тус хэргийн хариуцагчийн оршин суудаг харьяаллын дагуу ... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлэх, шүүхийн журмаар холбогдох нотлох баримтууд гаргуулах хүсэлтүүд гаргасныг хянаад нотлох баримт гаргуулах хүсэлтийг хангаж, шүүх хуралдааныг 2024 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 09 цаг 00 минут хүртэл хойшлуулсан.
Тухайн шүүх хуралдаанаар хариуцагчийн төлөөлөгч, өмгөөлөгч нар мөн шүүхээр нотлох баримт гаргуулах хүсэлт ирүүлснийг хүлээн аваад шүүх хуралдааныг 2024 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 11 цаг 00 минут хүртэл хойшлуулсан байна.
Товлогдсон шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн төлөөлөгч өмгөөлөгчөө шүүх хуралдаанд оролцуулах, хариуцагчийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүйн улмаас шүүх хуралдааныг жич товлон зарлаж хуралдуулахаар шүүх хуралдааныг хойшлуулах ажиллагааг тус тус хийсэн бөгөөд тухайн хэрэг хянан шийдвэрлэгдээгүй байна.
Тус хэргийн хариуцагч Г.Ө нь итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н, өмгөөлөгчөөр Н.М нарыг тус хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан. Түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26, 34 дүгээр зүйлүүдэд заасан эрхийг эдэлж, үүргийг хүлээж тус хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох хуулийн зохицуулалттай. Ийнхүү хуульд заасан эрхээ эдэлж, үүргээ биелүүлэхдээ уг хуульд заасан журмыг баримтлах үүрэгтэй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоно.
Гэтэл хариуцагч Г.Ө-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс сөрөг нэхэмжлэл гаргах эрхээ эдлэхдээ хуульд заасан хэргийг хянан шийдвэрлэхээр тогтоосон хугацааг баримтлах, шүүх хуралдаанаас өмнө сөрөг нэхэмжлэлээ гаргах зэрэг үүргийг биелүүлээгүй байтал шүүгчийг буруутгах байдлаар гомдол гаргасныг миний бие үндэслэлгүй гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл тус хэргийг дахин шийдвэрлүүлэхээр давж заалдах шатны шүүхээс буцаасан буюу хяналтын шатны шүүхээс мөн буцаан ирүүлж, надад хуваарилагдсан 2022 оны 7 дугаар сарын 28-ны өдрөөс хойших хугацаанд шүүгч миний зүгээс хуульд заасан арга, журмын дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан талаарх шүүгчийн захирамжууд, шүүх хуралдааны тэмдэглэлүүд зэргээр хийсэн ажиллагаа хууль зөрчөөгүй болох нь нотлогдоно...
...Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчийн хаяг өөрчлөгдсөн тохиолдолд хэргийг шилжүүлэх үндэслэл болохгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, 20.1.2-т заасан тул зохигчийн энэ хүсэлт хуулийн дээрх заалтуудад хамаарахгүй гэж үзсэн болно.
...Гомдолд дурдсан нэхэмжлэгч А.А-оос Монголын өмгөөлөгчдийн холбоонд хандан “Э” ХХК-тай байгуулсан Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний дагуу хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н, өмгөөлөгч Н.М нарыг шүүгч Б.Т-ийг татгалзсан гэж шүүгчийг өмөөрсөн агуулгаар түүний өмнөөс гаргасан гэсэнд миний бие хамааралгүй гэж үзэж байна.
Шүүгч Б.Т миний хувьд энэ хэрэг маргааныг хэрэг хянан шийдвэрлэхэд ёс зүйн аливаа сөрөг хандлагаар хандаагүй болохыг мэдэгдэж байна. Шүүгч би Шүүхийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.1, 16.1.2, 16.1.3, 16.1.5-д заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэн А.А-ын нэхэмжлэлтэй, Г.Ө-д холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан, хууль зөрчиж, ашиг сонирхлын зөрчилтэй шийдвэр гаргаагүй тул сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Шүүгч Б.Т 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдөр гаргасан нэмэлт тайлбартаа: “...Иргэн Г.Ө гомдолдоо ...Б.Т шүүгч гомдолд дурдсан байдлаар хууль зөрчиж, дураараа авирлаж байгаа нь Д.Э-ны хамааралт, нөлөө байгаа учраас иргэний хэргийг хуульд заасны дагуу явуулахгүйгээр процессын ноцтой зөрчлүүдийг зоригтойгоор үйлдэж байгаагаас харагдана... гэж бичсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна.
Шүүгч миний бие хуульд заасан арга журмын дагуу тус хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан болох нь тухайн хэрэгт хийгдсэн хуульд заасан журмын дагуух ажиллагааны бичгийн баримтуудаар тогтоогдох учир дураар авирласан зүйл байхгүй бөгөөд Сахилгын хорооны гишүүн Д.Э-ныг тус хорооны гишүүнээр сонгогдсоны хувьд танина, хувийн харилцаа байхгүй, хамааралгүй болохоо энэхүү тайлбараар мэдэгдэж байна.
Шүүгч Б.Т би Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.1-т албан тушаалын байдал, эрх нөлөөгөө урвуулан ашиглаж өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгох, мөн 50.1.23-т хуулийн илт тодорхой заалтыг ноцтой, эсхүл удаа дараа зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргах гэж тус тус заасан заалтуудыг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргаагүй, шүүн таслах ажиллагааг хуульд заасан журмыг зөрчиж явуулаагүй бөгөөд ёс зүйн аливаа сөрөг хандлагаар хандаагүй гэдгийг дахин тайлбарлаж байна” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Иргэн Г.Ө нь ... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Т-т холбогдуулан гомдол гаргаж, үндэслэлээ “...сөрөг нэхэмжлэлийг хүсэлт, нотлох баримттай адилтган хуулийг буруу тайлбарлаж, гомдол гаргах эрхгүй байдлаар үндэслэлгүйгээр захирамж гаргаж удаа дараа хүлээн авахаас татгалзсан, сөрөг нэхэмжлэл хүлээн авсан талаарх шүүгчийн захирамж гаргаагүй, хариуцагчийн оршин суугаа газрын харьяаллын шүүх болох ... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хэргийг шилжүүлэх хүсэлт гаргахад хүлээж аваагүй, харьяалал зөрчиж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан” гэж тодорхойлжээ.
Сахилгын хэрэгт цугларсан баримтаас үзэхэд А.А-ын нэхэмжлэлтэй Г.Ө-д холбогдох ногоон өнгийн пийсүү чулуун хөөрөг гаргуулах тухай иргэний хэргийг ... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 181/ШШ2020/01347 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэснийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 1578 дугаар магадлалаар хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцаасан, тус магадлалыг Улсын дээд шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 001/ХТ2022/00779 дүгээр тогтоолоор хэвээр үлдээжээ.
Улмаар дээрх иргэний хэрэг 2022 оны 7 дугаар сарын 28-ны өдрөөс зохих журмын дагуу шүүгч Б.Т-т хуваарилагдаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж эхэлсэн байх ба нэхэмжлэгч нь 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөнтэй холбоотойгоор хариуцагч талаас сөрөг нэхэмжлэл гаргасныг шүүгчийн 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 181/ШЗ2022/15797 захирамж, дахин сөрөг нэхэмжлэл гаргасныг шүүгчийн 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 181/ШЗ2023/19821 дүгээр захирамжаар тус тус хүлээн авахаас татгалзсан, харин 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр сөрөг нэхэмжлэл гаргасныг хүлээн авч 02 дугаар сарын 06-ны өдөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид гардуулсан үйл баримт тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1-д “Үндсэн нэхэмжлэлтэй хамт шийдвэрлүүлэхийн тулд хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэхээс өмнө хариуцагч сөрөг нэхэмжлэл гаргах эрхтэй. Сөрөг нэхэмжлэл энэ хуулийн 62 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан байна”, 73.2-т “Сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай тооцогдох байвал шүүх сөрөг нэхэмжлэлийг үндсэн нэхэмжлэлтэй хамт шийдвэрлэнэ. Бусад тохиолдолд тэдгээрийг хамтруулан шийдвэрлэх эсэхийг шүүх шийдвэрлэнэ” гэж заасныг хариуцагч сөрөг нэхэмжлэл гаргах эрхээ гагцхүү хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэхээс өмнө хэрэгжүүлэхээр, тухайн сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай тооцогдох эсэхийг шүүх бүрэн эрхийн хүрээнд нотлох баримтыг үнэлж шийдвэрлэнэ гэж ойлгоно.
Харин хариуцагч талаас дээрх хуулийн зохицуулалтыг зөрчиж 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн болон 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн шүүх хуралдаан дээр сөрөг нэхэмжлэл гаргасныг хүлээн аваагүй, 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр шүүх хуралдаанаас өмнө гаргасан сөрөг нэхэмжлэлийг хүлээн авч хуульд заасан холбогдох ажиллагаа явуулсан шүүгчийн үйл ажиллагааг хууль зөрчсөн гэж үзэхээргүй байна.
Хэдийгээр шүүгч сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзахдаа “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.2 дахь хэсэгт заасан хүндэтгэн үзэх шалтгаантай гэж үзэх үндэслэлгүй” гэж нэмэлт тайлбар, нотлох баримттай адилтган тайлбарласан нь буруу ч тухайлсан хуулийн зохицуулалт болох Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1-д заасан зохицуулалт зөрчигдөөгүй тул дээрх нөхцөл байдлыг зөрчилд тооцох боломжгүй талаар илтгэгч гишүүний хийсэн дүгнэлт үндэслэлтэй.
Түүнчлэн, сөрөг нэхэмжлэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан байхыг хуульчилсан бөгөөд тухайлан сөрөг нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэх ажиллагааг хуульд заагаагүй тул өргөдөлд дурдсан “сөрөг нэхэмжлэл хүлээн авсан талаарх шүүгчийн захирамж одоо хүртэл гараагүй” гэж үндэслэлийг хүлээн авахгүй.
Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчөөс хэргийг харьяаллын дагуу Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлэх хүсэлт гаргасныг шүүгчийн 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 181/ШЗ2024/10783 дугаар захирамжаар хангахаас татгалзаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол нэхэмжлэлийг хариуцагчийн оршин суугаа газрын шүүхэд гаргана” 20 дугаар зүйлийн 20.1-д “Харьяаллын дагуу нэхэмжлэлийг хүлээн авсан бол шүүх хэргийг хянан шийдвэрлэнэ. Харин талуудын тайлбарыг үндэслэн дараахь шалтгаанаар шүүх хуралдааны өмнө буюу шүүх хуралдааны явцад шүүхийн тогтоол, шүүгчийн захирамжаар өөр шүүхэд шилжүүлж болно”: 20.1.2 “нэхэмжлэлийг хүлээн авахдаа шүүхийн харьяаллыг зөрчсөн нь илэрвэл” гэж заасныг зөрчөөгүй байна.
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэлийг шүүх анх хүлээн авахад шүүхийн харьяалал зөрчигдсөн болох нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад илрэх тохиолдолд хэрэглэгдэх хуулийн зохицуулалт болох талаар илтгэгч гишүүн зөв дүгнэж үйл баримтыг тодорхойлсон байх тул нэр бүхий шүүгчийг харьяалал зөрчиж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан гэж буруутгах боломжгүй.
Дээрх болон өргөдөлд дурдсан бусад гомдолд илтгэгч гишүүн үндэслэл бүхий дүгнэлт хийсэн, шалгах ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан байх тул сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хүлээн авах нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзлээ.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.2, 112.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Сахилгын хорооны гишүүний 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн ГС/2024/0115 дугаартай “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай санал”-ыг хүлээн авч, ... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Т-т холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Магадлалыг сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл, мэдээлэл гаргагчид хүргүүлэхийг Ажлын албанд даалгасугай.
3. Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.8 дахь хэсэгт зааснаар магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ О.НОМУУЛИН
ГИШҮҮН Д.МЯГМАРЦЭРЭН
Ц.ДАВХАРБАЯР