
МОНГОЛ УЛС
ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО
МАГАДЛАЛ
2024-12-03
Дугаар 116
Улаанбаатар хот

Сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй
болгох тухай
Шүүхийн сахилгын хорооны хуралдааныг гишүүн Ц.Давхарбаяр даргалж, гишүүн О.Номуулин, Х.Хашбаатар нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн С.Энхтөр, нарийн бичгийн даргаар хуралдаан хариуцсан ахлах мэргэжилтэн А.Намуундарь нарыг оролцуулан, Сахилгын хорооны хуралдааны 105 тоот танхимд нээлттэй хийв.
Тус хуралдаанаар С-ы итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Н-ын өргөдлөөр, ....шүүгч Н.Х-д холбогдуулан үүсгэсэн сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг гишүүн С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцээд,
ТОДОРХОЙЛОХ нь:
Илтгэгч гишүүн нь 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн ГС/2024/0117 дугаар сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай саналдаа:
“ ... Сахилгын хэрэгт цугласан баримтаар, Ж.Б-гийн нэхэмжлэлтэй, С-д холбогдох захиргааны хэргийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх 2024 оны 6 дугаар сарын 17-ны өдөр анхан шатны журмаар хянан хэлэлцэж, 221/ШШ2024/00... дугаар шийдвэрээр Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 32 дугаар зүйлийн 32.1, 32.7, Улс төрийн намын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 5.7-д заасныг баримтлан Ж.Б-гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, С-ын 2024 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 181 дүгээр тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна. Тус шүүх хуралдааныг шүүгч Н.Х даргалж, Ц.С, С.М нарын бүрэлдэхүүнтэй хянан хэлэлцэж, нэхэмжлэгч Ж.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Н, Б.Ө, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Н нар оролцсон байна. Дээрх шийдвэрт хэргийн оролцогчоос давж заалдах гомдол гаргаагүй тул хуулийн хүчин төгөлдөр болжээ.
Нэг. Гэрч оролцуулах хүсэлтийг шийдвэрлэхдээ хариуцагчийн саналыг сонсоогүй гэх өргөдлийн үндэслэлийн тухайд,
Тус шүүхийн ирсэн баримт бичгийн бүртгэл №21 дэвтэрт тэмдэглэгдсэнээр, 2024 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 10 цаг 02 минутад нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Ө-аас гэрч оролцуулах хүсэлтийг шүүхэд ирүүлснийг Н.Х шүүгчийн туслах Э.У 10 цаг 05 минутад хүлээн авсан байна. Уг хүсэлт шүүх хуралдаан 11 цаг 45 минутад эхлэхээс өмнө ирж шүүгч Н.Х-д танилцуулсан талаар холбогдох шүүгч тайлбартаа, Э.У гэрчийн мэдүүлэгтээ тайлбарласан.
Шалгах ажиллагааны явцад 2024 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн шүүх хуралдааны дуу-дүрсний бичлэгт үзлэг хийхэд, “mainfeed_dual_768.mp4” нэртэй бичлэгийн 2:40-2:44 минутад, Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Нэг асуулт байна шүүгчээ. Гэрч оролцуулах хүсэлт өгчихсөн байгаа гэв.
2:45-2:46 минутад, Даргалагчаас: Ямар хүн байгаа билээ гэхэд
2:47-2:52 минутад, Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Ж.С гээд хүн байгаа. Хүсэлтээ өгчихсөн байгаа гэв.
2:54-2:55 минутад, Даргалагчаас: Тэр хүн нь хаана байгаа вэ гэхэд
2:55-2:56 минутад, Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Энд сууж байна гээд заав.
2:59-3:09 минутад, Даргалагчаас: Та шүүх хуралдааны танхимаас түр гараад байж байна уу. Дуудахаар орж ирнэ гэхэд гэрч Ж.С шүүх хуралдааны танхимаас гарч болох нь бичигджээ.
Шүүгч Н.Х нь шүүх хуралдааныг даргалахдаа нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан хүсэлттэй холбогдуулан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн саналыг сонсоогүй гэх өргөдөлд дурдсан үндэслэл тогтоогдож байх боловч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “mainfeed_dual_768.mp4” нэртэй бичлэгийн 37:16-38:48 минутад гэрчээс асуулт асууж хариулт авчээ.
Мөн бичлэгийн 2:59-3:09 минутад, Даргалагчаас: Гэрч Ж.С-г шүүх хуралдааны танхимаас тусгаарлаж, 33:16-33:19 минутад, гэрчийг шүүх хуралдааны танхимд оруулж, талууд асуулт асуусан зэрэг үйл баримтаас үзвэл нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гэрч оролцуулах талаар шүүх хуралдаанаас өмнө гаргасан хүсэлтийг хүлээн авч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг гэрчээс асуулт асуух, тайлбар хэлэх эрхээр хангасан байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт “Шинэ нотлох баримт цуглуулах болон хэрэг хянан шийдвэрлэхтэй холбоотой бусад асуудлын талаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчөөс гаргасан хүсэлтийг бусад оролцогчийн саналыг сонсмогц шүүгч, шүүх бүрэлдэхүүн даруй шийдвэрлэнэ.” гэж заасан.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хүсэлтийн дагуу гэрчээр Ж.С-г асуухаас өмнө хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн саналыг сонсоогүй нь дээрх хуулийн зохицуулалтыг зөрчсөн байх боловч энэ нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т “хуулийн илт тодорхой заалтыг ноцтой, эсхүл удаа дараа зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргах” гэж заасанд хамаарахгүй.
Учир нь хуулийн илт тодорхой заалтыг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй нь удаа дараа эсхүл ноцтой гэсэн урьдчилсан нөхцөлийг хангасан тохиолдолд зөрчилд тооцогдоно. Шүүгч Н.Х нь хүсэлттэй холбоотой хариуцагч талын саналыг сонсоогүй нь зохигчийн хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхлыг зөрчсөн, үр дагавар үүсгэсэн шинжгүй байх тул уг зөрчлийг ноцтой гэж үзэхгүй.
Шүүхийн сахилгын хорооны Хууль зүйн хэлтсээс ирүүлсэн “Сахилгийн хэргийн бүртгэл хяналтын системээр дамжуулан шалгасан талаарх мэдээлэл, лавлагаа”-гаас үзэхэд шүүгч Н.Х-д сахилгын сахилгын шийтгэл оногдуулсан шийдвэр, хуулийн илт тодорхой заалт зөрчсөн зөрчил гаргасан бүртгэл байхгүй байх тул удаа дараа зөрчил гаргасанд тооцохгүй.
Гэвч шүүгч Н.Х нь цаашид шүүх хуралдааныг даргалахдаа хуульд нийцүүлэн явуулахад анхаарч ажиллавал зохино.
Мөн өргөдөлд, гэрчийг Г дүүргийн Ардчилсан намын дарга гэдгийг тодорхойлох баримтгүйгээр асууж, мэдүүлгийг нотлох баримтын хүрээнд үнэлсэн гэж дурджээ.
“mainfeed_dual_768.mp4” нэртэй бичлэгийн 34:33-34:37 минутад, Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Шүүгчээ гэрч гэрчийн статусаа хадгалж чадах уу. Өөрийгөө намын дарга гэдгийг нотлох баримт байхгүй гэж байна гэв.
34:42-34:59 минутад, Даргалагчаас: Иргэний үнэмлэхийг шүүгчийн туслах шалгасан байгаа. Гарын үсэг нь ....... гээд зурсан байна. Та иргэний үнэмлэхээ аваад ир гэв.
35:01-35:14 минутад, Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г дүүргийн намын хорооны дарга гэж ойлголоо. Тэрийгээ авчир л даа. Тэгэхгүй хэн гэдэг нь мэдэхгүй би ийм гээд яриад байж болно гэв.
35:18-35:30 минутад, Даргалагчаас: Гэрчийн иргэний үнэмлэхийг шалгаж, дээрх мэдээллийг танилцуулж гэрчид бичиг баримтыг буцаан нарийн бичгээр дамжуулан өгсөн болох нь бичигджээ.
Шүүх хуралдааны бичлэгт, даргалагчаас гэрч Ж.С-гийн биеийн байцаалтыг шалгасан болох нь бичигдсэн байх бөгөөд тухайн гэрчийн мэдүүлгийг шүүх хэрхэн үнэлж шийдвэр гаргах нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн бүрэн эрх хэмжээний асуудал юм.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргах эрх нь нээлттэй байжээ.
Хоёр. Асуулт, хариултын шатгүйгээр хэргийг шийдвэрлэж талуудад мэтгэлцэх боломж олгоогүй гэх өргөдлийн үндэслэлийн тухайд,
2024 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн шүүх хуралдааны дуу-дүрсний бичлэг бичигдсэн “mainfeed_dual_768.mp4” бичлэгийн 1:40-2:10 минутад, Даргалагчаас: Дэг дарааллын хувьд анхан шатны шүүх хуульд заасан дарааллын дагуу явагдана. Эхлээд нэхэмжлэгчийн тайлбар, хариуцагчийн тайлбар, дараа нь асуулт хариултын шат явагдана. Нотлох баримт шинжлэн судална гэсэн дарааллаар явагдана гэж хэлсэн болох нь бичигджээ. Тус шүүх хуралдаан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн аравдугаар бүлэгт заасан дэгийн дагуу явагдсан байх бөгөөд мэтгэлцэх зарчим зөрчигдсөн гэх үйл баримт тогтоогдохгүй байна.
Хэдийгээр хуралдаан даргалагч шүүх хуралдааны дэгийг тогтоохдоо асуулт, хариултын шат явагдах талаар дурдсан байх боловч Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд асуулт, хариултын шатыг заавал явуулахаар нарийвчлан тогтоогоогүй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 103 дугаар зүйлийн 103.1 дэх хэсэгт “Нотлох баримт шинжлэн судалсны дараа шүүх хуралдаан даргалагч нэмж тодруулах зүйл байгаа эсэхийг хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчөөс асууна.” гэж заасан ба шүүгчээс хэргийн оролцогч нараас нэмэлт тайлбар болон нэмж хэлэх зүйл байгаа эсэхийг удаа дараа асуусан болох нь шүүх хуралдааны дуу-дүрсний бичлэгт бичигдсэн байна.
Тодруулбал, “mainfeed_dual_768.mp4” бичлэгийн 9:52-21:53 минутад нэхэмжлэгчийн өмгөөлөгч нэмэлт тайлбар хэлсэн байх бөгөөд 21:55-21:58 минутад, даргалагчаас: Хариуцагч талд нэмэлт тайлбар байна уу гэхэд 21:58-21:59 минутад, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Байхгүй гэж хариулжээ.
Мөн бичлэгийн 39:04-39:12 минутад, Даргалагчаас: За нэмэлт тайлбар гаргах шат байгаа. Нэмж хэлэх зүйл байна уу гэхэд 39:13-42:20 минутад нэхэмжлэгчийн өмгөөлөгч нар, 42:27-42:31 минутад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэмэлт тайлбар хэлж байна. Хэргийн оролцогчийн хэн аль нь асуулт тавих хүсэлтэй байгаа талаар илэрхийлсэн үйл баримт тогтоогдсонгүй.
Өргөдөлд дурдсан үндэслэлүүд нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 55 дугаар зүйлд заасан шүүгчийн сахилгын зөрчил гаргасан буюу шүүгчид хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон зохицуулалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлд хамаарахгүй байх тул шүүгч Н.Х-д холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргав ...” гэжээ.
Шүүгч Н.Х 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдөр ирүүлсэн тайлбартаа:
“... Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.2-д “шүүх хуралдаан даргалагчийн дарааллыг тогтоох”, 19.2.5-д “энэ хуулийн 19.3-т заасан нөхцөл, шаардлага болон энэ хуулийн 20.2.4-т заасан нийтлэг журамд үндэслэн хэрэг, нэхэмжлэл, гомдол, хүсэлт хүлээн авах, хуваарилах болон хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг сугалаагаар томилох нарийвчилсан журмыг батлах”, 19.8-д “Тухайн шүүхийн шүүгчдийн дийлэнх олонх оролцсоноор Зөвлөгөөнийг хүчинтэйд тооцох бөгөөд энэ хуулийн 19.2-т заасан асуудлыг Зөвлөгөөнд оролцсон шүүгчдийн олонхын саналаар шийдвэрлэж, тогтоол гаргана”, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.1-д “Хэрэг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдаан даргалагчийг жил, хагас жил зэрэг тодорхой хугацаагаар тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс хуваарь гарган томилж, Ерөнхий шүүгчийн захирамжаар албажуулна”, 118 дугаар зүйлийн 118.2-д “Давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдааныг шүүгчдийн зөвлөгөөнөөс томилогдсон шүүгч даргална” гэж тус тус заасан.
Хуулийн дээрх зохицуулалтын дагуу ....шүүгчдийн зөвлөгөөний тогтоолоор хэрэг маргааныг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг сугалаагаар томилох журмыг батлан мөрддөг бөгөөд уг нарийвчилсан журмын дагуу А.Б-гийн нэхэмжлэлтэй, С-д хороонд холбогдох анхан шатны журмаар хянан хэлэлцэх захиргааны хэрэгт даргалагчаар томилогдон шүүх хуралдаанд оролцсон.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-т “Шүүн таслах ажиллагааг мэтгэлцэх зарчмын үндсэн дээр явуулна”, 8.2-т “Шүүгдэгч, хохирогч, нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч, прокурор болон бусад оролцогчийг шүүх хуралдаанд мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлэх боломжоор тэгш хангана”, 8.3-т “Шүүх хуралдааны үеэр мэтгэлцэх журмыг хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх холбогдох хуулиар зохицуулна” гэж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т “Шүүх нотлох зарчмыг хэрэгжүүлэх нь хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримт гаргаж өгөх, энэ талаар хүсэлт гаргах эрхийг хязгаарлахгүй”, 31 дүгээр зүйлийн 31.1-д “Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч өөрийн шаардлага ба татгалзлаа үндэслэж байгаа, шүүх хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан арга хэрэгслээр олж авсан бодит нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай аливаа баримтат мэдээллийг нотлох баримт гэнэ”, 31.2-т “Нотлох баримт нь хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг, бичмэл, цахим баримт, эд мөрийн баримт, эсхүл баримт бичиг, шинжээчийн дүгнэлт, кино ба гэрэл зураг, зураглал, дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэг, ул мөрнөөс буулгаж авсан хэв, үзлэг, туршилт, таньж олуулах ажиллагааны болон шүүх хуралдааны тэмдэглэл зэрэг нотолгооны хэрэгслээр олуулах ажиллагааны болон шүүх хуралдааны тэмдэглэл зэрэг нотолгооны хэрэгслээр тогтоогдоно”, 32 дугаар зүйлийн 32.1-т “хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ”, 37 дугаар зүйлийн 37.1 -д “Хэргийн талаар ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа хүнийг гэрч гэнэ”, 93 дугаар зүйлийн 93.1-д “Шүүх хуралдаанд дуудагдсан гэрчийг шүүх хуралдааны танхимаас түр гаргана” гэж тус тус заасан.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нараас 2024 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн шүүх хуралдаанд гэрчээр Ж.С-г оролцуулах хүсэлт гаргасныг дээрх хуульд заасан журмын хүрээнд буюу захиргааны хэргийн шүүх нотлох баримт цуглуулах үүргийн дагуу “Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлэх” зарчмын хүрээнд шүүх бүрэлдэхүүн гэрч оролцуулах тухай хүсэлтийг шийдвэрлэсэн нь хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журамд нийцсэн, хууль зөрчөөгүй, мөн шүүгчийн сахилгын зөрчилд тооцогдохгүй байх тул энэ талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “гэрч оролцуулах хүсэлтийг шийдвэрлэхдээ хариуцагчийн саналыг сонсоогүй” гэсэн гомдлыг Шүүхийн сахилгын хороо хүлээн авах үндэслэлгүй гэж үзэж байна.
Мөн тус хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д "Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх зарчмын үндсэн дээр хэрэгжүүлнэ”, 6.2-д “Мэтгэлцэх зарчим хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бүх шатанд хэрэгжинэ”, 6.4-т “Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шуух хуралдаанд биеэр оролцож үг хэлэх, бичгээр тайлбар өгөх, нотлох баримт гаргах, түүнийг шинжлэн судлахад тэгш эрхтэй оролцоно” 7 дугаар зүйлийн 7.2-т “ Шүүх нотлох зарчмыг хэрэгжүүлэх нь хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримт гаргаж өгөх, энэ талаар хүсэлт гаргах эрхийг хязгаарлахгүй” гэж тус тус заасан.
Хуулийн дээрх зохицуулалтын дагуу шүүх хуралдааны явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэгч талаас тайлбар гаргаж дууссаны дараа тайлбараа гаргасан, мөн нотлох баримт шинжлэн судалсны дараа нэмэлт тайлбар хэлсэн, уг тайлбар хэлэх шатанд болон шүүх хуралдааны бүх шатанд мэтгэлцэх зарчим хэрэгжихгүй байгаа талаар ямар нэгэн гомдол, хүсэлт гаргаагүй, өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчээс асуух асуулт байгаа болохоо илэрхийлээгүй, шүүхийн зүгээс шүүх хуралдаанд тайлбар хэлэх, нотлох баримт гаргаж өгөх боломж олгох зэрэг хэлбэрээр мэтгэлцэх боломжийг бүрэн дүүрэн хангасан гэж үзсэн тул хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмын хүрээнд шүүхийн ажиллагаа, шүүх хуралдаан даргалагчийн үйл ажиллагаа явагдсан. Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн "... талуудын асуулт, хариултын шатгүйгээр буюу мэтгэлцэх боломжийг олголгүй талуудын нэхэмжлэлийн шаардлагын талаарх тайлбарыг сонсож, нотлох баримт судалсны дараа, шууд талуудын дүгнэлтийг сонсож, шүүх хуралдааныг завсарлуулж, шийдвэр гаргасан” гэх гомдол үндэслэлгүй байна.
Түүнчлэн хариуцагчаас тус шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 23 дугаар шийдвэрийг 2024 оны 06 дугаар сарын 18-ны өдөр гардан авсан. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т “Энэ хуулийн 113.1-д заасан шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш таван хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй”, 123 дугаар зүйлийн 123.1-д “Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэ хуулийн 119 дүгээр зүйлд заасан магадлалд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй”, 123.2-т “Дараах үндэслэлээр Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргана”, 123.2.1-д “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах”, 123.2.2-т “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, 123.2.3-д “хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн”, 123.2.4-т “эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой”, 127 дугаар зүйлийн 127.2-т “Шүүх хяналтын журмаар хэргийг дараах байдлаар хянан шийдвэрлэж тогтоол гаргана”, 127.2.1-д “шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхих”, 127.2.2.шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах”, 127.2.3-д “магадлалыг бүхэлд нь, эсхүл зарим хэсгийг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээх, эсхүл өөрчлөх”, 127.2.4-т “шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг болон нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох, эсхүл нэхэмжлэлийг хангах”, 127.2.5-д “шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан болон давж заалдах шатны шүүхэд буцаах" гэж зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь энэхүү “шүүх хуралдаан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчигдөж явагдсан” гэх агуулга бүхий гомдлоо шүүхийн шийдвэрт давж заалдах журмаар Монгол Улсын Дээд шүүхэд гомдол гаргаж хянуулах гаргах эрхтэй байсан боловч гомдол гаргаагүй байх бөгөөд шүүгч миний бие уг хэргийг хянан шийдвэрлэхдээ албан тушаалын байдал, эрх нөлөөгөө урвуулан ашиглаж өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгоогүй, хуулийн илт тодорхой заалтыг ноцтой, эсхүл удаа дараа зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргаагүй тул гомдол үндэслэлгүй байна.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь “нэхэмжлэгчийн гэрч оролцуулах хүсэлтийг шийдвэрлэхдээ хариуцагчийн саналыг сонсоогүй, ... талуудын асуулт, хариултын шатгүйгээр буюу мэтгэлцэх боломжийг олголгүй талуудын нэхэмжлэлийн шаардлагын талаарх тайлбарыг сонсож, нотлох баримт судалсны дараа, шууд талуудын дүгнэлтийг сонсож, шүүх хуралдааныг завсарлуулж, шийдвэр гаргасан ...” гэж гомдол гаргасан байх боловч эдгээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журамд хамаарах асуудал нь Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.1-т “албан тушаалын байдал, эрх нөлөөгөө урвуулан ашиглаж өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгох”, 50.1.23-т “хуулийн илт тодорхой заалтыг ноцтой, эсхүл удаа дараа зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргах” гэж заасан сахилгын зөрчил болж байгаа гэх шалтгаант холбоо хамаарал, бодит болон хууль зүйн үндэслэл тайлбарлагдаагүй, шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрсөн агуулгатай гомдол байх тул уг гомдол нь шүүгчийн сахилгын зөрчилд тооцогдохуйц гомдол болох үндэслэлгүй гэж үзэж байна ...” гэжээ.
Шүүгч Н.Х 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдөр ирүүлсэн тайлбартаа:
“… Гомдол гаргагчийн “Нэхэмжлэгчийн гэрч оролцуулах хүсэлтийг
шийдвэрлэхдээ хариуцагчийн саналыг сонсоогүй”, хэлэлцэж шийдвэрлээгүй гэх
гомдол үндэслэлгүй байна.
Учир нь, Ж.Б-гаас С-д холбогдуулан “С-ы 2024 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн …. дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг 2024 оны 6 дугаар сарын 06-ны өдөр тус шүүхэд ирүүлснийг шүүгчийн 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 221/Ш32024/….. дугаар захиргааны хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан.
Хэдийгээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.1-д “Шүүх хуралдааны явцад шинээр нотлох баримт шаардагдвал шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулах бөгөөд нотлох баримттай холбоотойгоос бусад асуудлын талаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчөөс гаргасан хүсэлтийг сонсмогц шүүгч, шүүх бүрэлдэхүүн даруй шийдвэрлэнэ. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр шийдвэрлэсэн асуудлаар шүүх хуралдаан дээр дахин хүсэлт гаргах эрхгүй” гэж заасан байх болов уг хуулийн зохицуулалт нь шүүх хуралдааны явцад хүсэлт гаргасан тохиолдолд шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөж шийдвэрлэх талаар журамласан байна.
Харин уг хэргийн тухайд нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс 2024 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 10 цаг 02 минутад “... гэрчээр Ж.С-г оролцуулах тухай” хүсэлтийг шүүхэд бичгээр ирүүлснийг 10 цаг 15 минутын үед шүүгчийн туслахаас өрөөнд авч орж ирж танилцуулсан, уг хүсэлт хэрэгт ач холбогдолтой байж болохоор байсан, өмнө шүүгчийн туслахтай этгээдийг гэрчээр асуух, эсхүл үзлэг хийх зэрэг аль нэг хэлбэрээр нотлох баримт цуглуулах ажиллагаа хийх нь зүйтэй талаар ярилцаж, судалж байсан тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1, 32.3-т заасныг үндэслэн хүсэлтийг хүлээн авах нь зүйтэй юм байна гэж үзсэн.
Захиргааны хэргийн шүүхийн тухайд шүүх хэрэгт хамааралтай ач холбогдол бүхий баримт нотолгоог цуглуулах, бүрдүүлэх үүргийн гүйцэтгэдэг тул хэргийн оролцогчдоос хүсэлт гаргасан эсэхээс үл хамааран шүүх хуралдаанаас өмнө хэрэгт хамааралтай ач холбогдолтой гэж үзсэн баримт нотолгоог бүрдүүлж цуглуулах ажиллагааг шүүгч өөрийн санаачилгаар бусад этгээдээс аливаа баримт шаардаж албан бичиг явуулах, үзлэг хийх зэрэг хэлбэрээр хийдэг, мөн бөгөөд тэр тухай бүрт нотлох баримт цуглуулах талаар шүүгчийн захирамж гаргадаггүй. Өөрөөр хэлбэл хэргийн оролцогчийн нотлох баримт гаргуулах хүсэлт үндэслэлтэй байвал шүүгчийн захирамж, шүүхийн тогтоол гаргах шаардлагагүй байдаг, шүүхийн зүгээс тус хэрэгт... үзлэг хийх эсвэл гэрчээр тайлбар авах шаардлагатай гэж үзэж албан бичиг төлөвлөж байсан боловч нэгэнт хэргийн оролцогчоос /нэхэмжлэгчээс/ түүнийг гэрчээр асуулгах хүсэлт ирүүлсэн байсан тул уг шууд шүүх хуралдаанд гэрчээр оруулах нь зүйтэй гэж үзсэн.
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 112.1.3-т заасны дагуу Улсын хурлын сонгуулийн маргааныг анхан шатны журмаар шийдвэрлэж байгаа бөгөөд уг маргааны тухайд мөн хуулийн 122.4-т зааснаар шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсанаас бусад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхээс гарч байгаа нотлох баримт цуглуулах /гэрч асуулгах хүсэлтийг шийдвэрлэх зэрэг/ тохиолдолд хэргийн оролцогчдоос гомдол гаргах боломжгүй байдлаар хуульчилсан тул нэхэмжлэгч талаас гаргасан гэрч асуулгах хүсэлтийг заавал шүүх хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэх шаардлагагүй байсан.
Мөн өмнө тайлбарласанчлан хүсэлтийг хангаж байгаа тохиолдолд захирамж тогтоол гаргаж шийдвэрлэдэггүй, шүүхийн практикт энэ нь тогтсон жишиг юм. (шүүхийн практикт шүүх өөрөө нотлох баримт бүрдүүлэх хуулиар хүлээсэн үүрэгтэй, энэ үүргийн хүрээнд шүүх өөрөө нотлох баримт цуглуулахдаа “.... цуглуулсугай” гэх зэрэг байдлаар захирамж гаргадаггүй, шүүх хуралдааны явцад хүсэлт гарсан бол шийдвэр гардаг. Энэхүү шүүхийн өөрөө нотлох баримт цуглуулж буй хэлбэр нь дээд шатны шүүхүүдээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмын зөрчилд тооцогддоггүй)
Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай” 18 дугаар тогтоолын Тайлбарлах нь хэсгийн 1-д “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.6 дахь хэсгийг: “...Хуулийн энэхүү системчлэл болон логикийн үүднээс авч үзвэл, “... нотлох баримтаас хасах бөгөөд уг баримтыг шаардан гаргуулж болохгүй” гэдгийг байгууллага, албан тушаалтан, хүнээс хэрэгт хамааралгүй, нотолгооны ач холбогдолгүй, хуулиар зөвшөөрөгдөөгүй баримтыг шүүх шаардан гаргуулж болохгүй бөгөөд тийнхүү гаргуулсан бол нотлох баримтаас хасна гэж ойлгохоор байна. Мөн хууль тогтоогчоос, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122.1-д заасан гомдол гаргах шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд 32 дугаар зүйлийг бүхэлд нь бус зөвхөн 32.6 дахь заалтыг тусгасан нь анхан шатны шүүхийн нотлох баримт цуглуулах, гаргуулахтай холбоотой хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд давж заалдах шатны шүүх оролцохгүй, зөвхөн цугларсан нотлох баримтаас хассан тохиолдолд гомдлыг үндэслэн хянахаар зохицуулсан гэж үзэхээр байна. Хуулийн 32.6-д заасан “нотлох баримтаас хасах” ажиллагаа нь шүүх хэрэгт цугларсан баримтаас хэрэгт хамааралгүй, нотолгооны ач холбогдолгүй, хуулиар зөвшөөрөгдөөгүй баримтыг тусгаарлаж, энэ талаар шийдвэр гаргах ажиллагааг ойлгоно. Энэ тохиолдолд шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралгүй, нотолгооны ач холбогдолгүй, хуулиар зөвшөөрөгдөөгүй гэж үзсэн үндэслэлээ тодорхой заах үүрэгтэй ...” гэж заасан.
Ийнхүү Монгол Улсын дээд шүүхээс нотлох баримт цуглуулах эрх хэмжээ нь анхан шатны шүүхийн эрх хэмжээ байх бөгөөд уг эрх хэмжээнд давж заалдах шатны шүүх оролцохгүй байх талаар мөн шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг нотлох баримтаас хассан тохиолдолд хэргийн оролцогчид гомдол гаргасан бол тэрхүү гомдлыг давж заалдах шатны шүүх хянах эрхтэй гэж тайлбарласан, уг тайлбарыг анхан болон давж заалдах шатны шүүхүүд нэгэнт мөрдөж хэвшсэн, хариуцагчийн төлөөлөгч нь шүүхийн нотлох баримт бүрдүүлэх журам, тусгай журмаар шийдвэрлэх маргааны тухайд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарч буй шийдвэрт хэргийн оролцогчоос гомдол гаргах журам хуульд заасан журмаар явагдсан эсэхтэй холбоотой шүүхийн ажиллагаатай холбогдуулан шүүгч сахилгын зөрчил гаргасан мэтээр гомдол гаргасан нь үндэслэлгүй байна.
Өөрөөр хэлбэл дээрх тайлбарын дагуу шүүх гэрч асуух нь нэг талаас хэргийн баримтыг нотлох баримтаас хасаж байгаа шийдвэр биш, нөгөө талаас тусгай журмаар шийдвэрлэх маргааны хувьд нотлох баримт цуглуулах талаарх шүүхийн шийдэлд хэргийн оролцогчид гомдол гаргах боломжгүй тул шүүх хуралдаан болохоос өмнө шүүгч миний бие хүсэлтийг хангах нь зүйтэй гэж үзээд шүүх хуралдаанд гэрчийг дуудаж оруулаарай гэж шүүгчийн туслахад хэлсэн, мөн шүүх бүрэлдэхүүнд шүүх хуралдааны өмнө дүүргийн намын хороон дээр үзлэг хийх гэж байсан боловч шүүх хуралдаан ихтэй, сонгуулийн маргаан шийдвэрлэх хугацаа богино, хэрэгт хангалттай баримт бүрдсэн байсан нөхцөл байдлуудыг харгалзан шүүх бүрэлдэхүүнд хурлаас өмнө гэрчийг шүүх хуралдаанд оролцуулах болсон талаар болон гуравдагч этгээд оролцуулах тухай шүүгчийн захирамжаа шүүгч өөрөө хүчингүй болгосон талаар товч хэлж танилцуулсан, улмаар хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2024 оны 6 дугаар сарын 17-ны өдөр 11 цаг 45 минутад шүүх хуралдаан эхлэх үед гэрчийг тусгаарлаж хуралдааныг цааш үргэлжлүүлсэн нь харин ч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.2-т заасантай нийцсэн, хуульд заасан үндэслэл журмын хүрээнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан энэ нөхцөл байдал нь шүүгчийн сахилгын зөрчилд тооцогдох үндэслэл болохгүй гэж үзэж байна.
Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1-д “Дараах төрлийн маргааныг давж заалдах шатны шүүх анхан шатны журмаар хянан шийдвэрлэнэ:”, 112.1.3-д “хуульд өөрөөр заагаагүй бол Монгол Улсын Их Хурлын болон Ерөнхийлөгчийн сонгуулийн маргаан” 112.2-т “Энэ хуулийн 112.1.3-т заасан маргааныг шүүх 30 хоногийн дотор хянан шийдвэрлэх бөгөөд хугацааг нэг удаа 10 хүртэл хоногоор сунгаж болно” гэж заасан.
Уг хэргийн тухайд тусгай журмаар буюу давж заалдах шатны шүүх анхан шатны журмаар Улсын дээд шүүх давж заалдах журмаар зөвхөн хоёр шатаар шийдвэрлэдэг хэргийн хувьд дээрх хуульд зааснаар бусад хэргээс богино хугацаанд шийдвэрлэх шаардлагатай байдаг бөгөөд бодит нөхцөл байдлын хувьд Монгол Улсын Их Хурлын 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн “Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай” 116 дугаар тогтоолын 2-т Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит жилийн сонгуулийн санал авах өдрийг 2024 оны 06 дугаар сарын 28-ны өдөр байхаар тогтоосон тул шүүхийн зүгээс хэргийг аль болох хурдан хугацаанд шийдвэрлэхээр хичээж ажилласан.
Нөгөө талаас, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.4-т “Үндэслэх хэсэгт хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэслэл болгосон нотлох баримтыг үнэлж дүгнэсэн байдал, захиргааны актын хууль зүйн үндэслэл, түүнд өгөх тайлбар, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон хэм хэмжээ, тэдгээрийг хэргийн бодит нөхцөл байдалд хэрхэн тайлбарлаж хэрэглэсэн тухайгаа тусгана” гэж заасны дагуу шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тухайлбал, энэ хэргийн тухайд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх болсон шалтгаан үндэслэлээ тайлбарлан дүгнэж шийдвэрт тусгасан.
Тус шүүхийн шийдвэрийн нотлох баримтыг үнэлж дүгнэсэнтэй нь холбогдуулан хэргийн оролцогчид мөн хуулийн 113 дугаар зүйлийн 113.2, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.4-д заасны дагуу хяналтын шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргаж шийдвэрлүүлэх хууль зүйн боломжтой, энэ эрхийг нь шүүхийн зүгээс хязгаарлаагүй, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Н-ын гомдол нь бүхэлдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэсэн агуулгыг ямар ч эргэлзээгүйгээр илэрхийлсэн байх бөгөөд уг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гаргасан гэж үзэж байгаа асуудлуудын талаар шүүхийн шийдвэрт гомдол гаргах замаар Улсын дээд шүүхэд хандаж хэргийг хянуулах бүрэн боломжтой байсан, энэ талаар гомдол гаргалгүйгээр шүүхийн сахилгын хороонд гомдол гаргасан нь нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэнд санаа зорилготойгоор өш санаж, өө хайсан шинжтэй үйлдэл гэж үзэхээр байна.
Түүнчлэн гомдол гаргагчаас “нэхэмжлэгчийн гэрч оролцуулах хүсэлтийг хэлэлцээгүй шийдвэрлэсэн ... хариуцагчийн саналыг сонсож, шүүх бүрэлдэхүүн хэлэлцэхээр зөвлөлдөхгүйгээр хүсэлтийг хангаж шүүх хуралдаанд гэрчийг оролцуулахаар болж шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа /цаашид "хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа" гэх/ нь хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсрол болон бусад байдал, хуулийн этгээдийг өмчийн хэлбэр, эрх хэмжээгээр нь ялгаварлахгүй эрх тэгш байх зарчимд үндэслэн явагдана”, 6 дугаар зүйлийн 6.4-т “Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүх хуралдаанд биеэр оролцож үг хэлэх, бичгээр тайлбар өгөх, нотлох баримт гаргах, түүнийг шинжлэн судлахад тэгш эрхтэй оролцоно” гэж заасны дагуу оролцогчдын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд эрх тэгш байх зарчим, оролцох эрхийг зөрчсөн үйлдэл юм” гэж гомдол гаргасан нь үндэслэлгүй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасны дагуу захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд аль нэг тал нь давуу байр суурьтай оролцох боломжгүй, гэрч асуулгах тухай хүсэлтийг шүүгч хангаж шийдвэрлэснээр хариуцагч төрийн захиргааны байгууллагыг ялгаварлаж харьцсан, эрх тэгш байх зарчмыг хангаагүй гэсэн агуулгатай гомдол гаргасан байгаа нь илт үндэслэлгүй, төрийн албан хаагчийн хувьд хууль зүйн зарчмын талаар буруу ойлголттой байгааг нь илэрхийлсэн агуулгатай болжээ.
Өөрөөр хэлбэл, шүүх нэхэмжлэгч талаас гаргасан хүсэлтийг хангаж шийдвэрлэвэл нөгөө талд нь ялгаварлаж харьцсан болдог, тэгш хандаагүй гэж үзэх үндэслэл болдог гэх ойлголт нь энгийн ямар ч хүнд зарчмын агуулгыг явцууруулсан уг зарчим нь зөвхөн өөрт нь хамаатай мэтээр тайлбарласан гэж үзэхээр байна.
Шүүх аливаа шийдвэр гаргахдаа хэргийн бүх талуудад бүгдэд нь ашигтай байдлаар шийдвэрлэх хууль зүйн боломж нэн хомс байдаг, хэрэв нэхэмжлэгч талын хүсэлтийг шүүх хангаж шийдвэрлэхгүй бол нэхэмжлэгч талыг ялгаварлаж харьцсан, хариуцагч талд үйлчилсэн гэж ойлгох боломжтой мэтээр тайлбарласан нь уг зарчмыг агуулгыг явцууруулсан байна.
Мөн шүүх төвийг сахих байр суурьтай оролцож аль нэг талийг барихгүй аливаа асуудалд шударгаар хандсан буюу Үндсэн хуулийн 49 дүгээр зүйлийн 1-т заасны дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад аль нэг талд давуу байр суурь олгож, ялгаварлалгүйгээр эрх тэгш байх зарчмыг мөрдлөг болгон, хуульд заасан журмын дагуу ажилласан тул “тэгш эрхтэй оролцуулаагүй” гэсэн агуулга бүхий гомдол ч мөн үндэслэлгүй байна.
Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4-т “Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүх хуралдаанд биеэр оролцож үг хэлэх, бичгээр тайлбар өгөх, нотлох баримт гаргах, түүнийг шинжлэн судлахад тэгш эрхтэй оролцоно” гэж заасны дагуу хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг шүүхэд тайлбар гаргах, шүүх хуралдаанд биечлэн оролцуулах, нотлох баримт гаргах эрхээр хангаж, хэргийн оролцогчдын шинээр гаргаж өгсөн нотлох баримтыг танилцуулан, шүүх хуралдаанд нотлох баримт шинжлэн судлуулах зэргээр эрхийг нь хангасан.
Тодруулбал, 2024 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 221/АБ2024/…. дугаар албан бичгээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх эсэх тайлбараа 2024 оны 36 дугаар сарын 10-ны өдрийн дотор ирүүлэхээр хугацаа тогтоож, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг 2024 оны 6 дугаар сарын 10-ны өдөр товлогдсон талаар мэдэгдсэн. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн явцад шүүх хуралдааныг 2024 оны 6 дугаар сарын 03-ны өдөр товлон зарлахад талуудаас боломжтой эсэх талаар тодруулж, шүүх хуралдааныг 2024 оны 6 дугаар сарын 13-ны өдөр зарласан.
Харин Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.3-д “Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, хариу тайлбарын үндэслэлийн талаар нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөх ба гаргаж өгөх боломжгүй, түүнчлэн шүүхэд мэдэгдээгүй нотлох баримтын эх сурвалжийг заах үүрэгтэй” гэж зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Н-ын зүгээс шүүхээс шаардсан хугацаанд хариу тайлбараа бичгээр гаргаж өгөөгүй, хариу тайлбарын үндэслэлийн талаар нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй тул шүүхээс 2024 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 2/1226 дугаар албан бичгээр хариуцагчаас хариу тайлбар болон Иргэний зориг ногоон намаас Ж.Б-г нэр дэвшүүлэхээр ирүүлсэн шийдвэр, түүнд хавсаргасан Ж.Б-д холбогдох баримтуудыг гаргуулахаар шаардсан.
Тухайн үед захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд хянан хэлэлцэгдэж байсан Монгол Улсын Их Хурлын сонгуулийн маргаантай хэргүүдийн тухайд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Н нь шүүхийн урьдчилсан
хэлэлцүүлгийн шатанд холбогдох баримтуудаа гаргаж өгсөн байсан боловч
Ж.Б-гийн нэхэмжлэл бүхий хэрэгт хариуцагчийн хариу тайлбар болон нотлох баримтуудыг гаргаж ирүүлэхгүй, шаардуулж, удаа дараа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад болж байсан нь шүүгч нар, шүүгчийн туслахтай ялгамжтай байдлаар хандаж байсан хэдий ч шүүхийн зүгээс хүндэтгэлтэй, хүлээцтэй хандаж байсныг тэмдэглэх нь зүйтэй байна.
Мөн гомдол гаргагчийн "... Г дүүргийн Ардчилсан намын хорооны дарга гэдгийг тодорхойлох ямар нэгэн үнэмлэх, баримт бичиггүй байхад түүнийг мөн гэж шүүх үзэн гэрчээр тооцож, түүний мэдүүлгийг нотлох баримтын хэмжээнд үнэлсэн" гэх гомдол үндэслэлгүй байна.
Шүүх хуралдааны өмнө гэрчийн биеийн байцаалттай шүүгчийн туслахаас танилцаж, шүүх хуралдаанд гэрчид эрх үүргийг танилцуулан, холбогдох баримтад гарын үсэг зуруулсан. Шүүхээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д зааснаар гэрчийн мэдүүлгийг үнэлж, дүгнэсэнтэй холбоотойгоор хяналтын шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргаж шийдвэрлүүлэхээр байтал үүнтэй холбогдуулан дээд шатны шүүхэд гомдол гаргаагүйн дээр хариуцагчийн төлөөлөгч Т.Н нь өөрөө гэрчээс эрх зүйн байдлыг нь тодруулж асуусан ч уг этгээдийн эрх зүйн байдлыг тодруулах талаар шүүхэд хүсэлт шаардлага гаргаагүй тул энэ талаарх гомдол нь үндэслэлгүй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т “Энэ хуулийн 113.1-д заасан шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш таван хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй”, 123 дугаар зүйлийн 123.1-д “Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэ хуулийн 119 дүгээр зүйлд заасан магадлалд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй”, 123.2-т “Дараах үндэслэлээр Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргана”, 123.2.1-д “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах”, 123.2.2-т “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, 123.2.3-д “хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн”, 123.2.4-т “эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой”, 127 дугаар зүйлийн 127.2-т “Шүүх хяналтын журмаар хэргийг дараах байдлаар хянан шийдвэрлэж тогтоол гаргана”, 127.2.1-д “шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхих”, 127.2.2-т “шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах”, 127.2.3-д “магадлалыг бүхэлд нь, эсхүл зарим хэсгийг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээх, эсхүл өөрчлөх”, 127.2.4-т “шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг болон нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох, эсхүл нэхэмжлэлийг хангах”, 127.2.5-д “шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан болон давж заалдах шатны шүүхэд буцаах” гэж заасан.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь энэхүү “хуралдаан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчигдөж явагдсан” гэх агуулга бүхий гомдлоо шүүхийн шийдвэрт давж заалдах журмаар Монгол Улсын Дээд шүүхэд гомдол гаргаж хянуулах эрхтэй байсан боловч гомдол гаргаагүй.
Харин шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журамд хамаарах асуудлаар (хэргийг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч хуульд заасан
журмын дагуу дээд шатны шүүхэд хандаж шийдвэрлүүлэх шүүх хэргийг хуульд заасан журмын хүрээнд үндэслэлтэй шийдсэн эсэхэд хамаарах асуудлаар /дээд шатны шүүхэд хандаагүй атлаа) ийнхүү шүүхийн сахилгын хороонд гомдол гаргаж шийдвэрлүүлж байгаа нь төрийн захиргааны байгууллагын иргэний эрхийг хууль бусаар хязгаарласан, хууль бус шийдвэрийг нь таслан зогсоож иргэний зөрчигдсөн эрхийг сэргээн тогтоох шүүхийн чиг үүргээ хэрэгжүүлсэнд хонзогносон, өширхсөн, дарамт үзүүлэх зорилго чиглэл бүхий, төрийн хариуцлагатай албыг хэрэгжүүлэх байгууллага, албан тушаалтны бүрэн эрхээ ухамсарлаагүй үйлдэл гэж үзэхээс өөр аргагүй байна.
Гомдол гаргагчийн “... мэтгэлцэх зарчмыг хангах гол механизмын нэг болох талуудын асуулт, хариултын шатгүйгээр буюу мэтгэлцэх боломжийг олгоогүй ...” гэх гомдол үндэслэлгүй байна.
Мэтгэлцээний аль нэг тал байхгүй эсвэл талууд шүүхэд байр сууриа харилцан илэрхийлэх боломж нь тэнцүү хэмжээнд байж чадахгүй бол мэтгэлцэх зарчим нь зөрчигдөхөд хүрнэ. Тухайн тохиолдолд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд биечлэн оролцсон, хариу тайлбарын үндэслэлээ тайлбарлаж, нотлох баримт шинжлэн судлахад оролцож, гэрчээс асуулт асууж мэтгэлцэх зарчмын хүрээнд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 98 дугаар зүйлийн 98.2-т заасны дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон байна.
Гомдол гаргагчийн зүгээс шүүх хуралдааны явцад шүүх бүрэлдэхүүн болон
даргалагчид хандан хэргийн бусад оролцогчоос асуулт асуух талаар хүсэлт гаргаагүй, шүүхийн зүгээс гомдол гаргагчийн тухайлан асуулт асуух талаар саналаа илэрхийлсээр байхад нь түүний эрхийг нь хязгаарлаж, хясан боогдуулаагүй. Гэтэл гомдол гаргагч нь шүүх хуралдааны явцад шүүх бүрэлдэхүүнд энэ талаарх санал, хүсэлтээ илэрхийлээгүй, улмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тус хэсэгтэй холбогдуулан давж заалдах журмаар хяналтын шатны шүүхэд гомдол гаргаагүй атлаа “шүүгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны болон хэргийн оролцогчийн эрхийг ноцтой зөрчсөн” гэдэг агуулгаар гомдол гаргаж байгаа нь үндэслэлгүй байна.
Түүнчлэн С нь захиргааны хэрэг шүүхэд хянан
шийдвэрлэх тухай хуульд зааснаар тус шүүх шийдвэр үйл ажиллагааг нь харьяалан
шийдвэрлэх субъектэд хамаардаг.
Шүүгчийн хувьд албаны чиг үүргийн хүрээнд тус байгууллага, албан тушаалтны шийдвэр үйл ажиллагааны талаарх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг харьяалан шийдвэрлэх чиг үүргийг удаа дараа хэрэгжүүлж ирсэн.
Монгол Улсын С, түүнийг төлөөлөх эрх бүхий албан тушаалтнууд нь Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2-т заасан, нийтийн эрх зүйн чиг үүргийг хэрэгжүүлж байгаа бүхэл бүтэн төрийн байгууллага байна.
Гэтэл Шүүгчийн албаны чиг үүрэгтэй холбоотой энэ мэт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журамд хамаарах асуудлаар дээд шатны шүүхэд хуульд заасан журмын дагуу гомдол гаргаж шийдвэрлүүлэх боломжтой байтал (гомдол гаргаж шүүн таслах чиг үүргийг хуульд заасан журмын хүрээнд хэрэгжүүлсэн эсэх талаар эрх бүхий этгээд болох дээд шатны шүүхээр хянуулж шийдвэрлүүлээгүй атлаа) ийнхүү сахилгын хэрэг үүсгүүлэхээр зориуд төлөөлөгч томилж гомдол гаргаж, шүүх бүрэлдэхүүнтэйгээр хэргийг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр үндэслэлтэй эсэхэд хамаарах хэрэг хянан шийдвэрлэхэд хамаарал бүхий асуудлаар шүүгч намайг “албан тушаалын байдал, эрх нөлөөгөө урвуулан ашиглаж өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгосон, ...хэрэг үүсгүүлж шалган шийдвэрлүүлэхээр өргөдөл гаргаж байна ...” гэж гомдол гаргаж байгаа нь үндэслэлгүй, ямар нэгэн улс төрийн болон ашиг сонирхолтой байж болзошгүй гэсэн хардлага төрөхөөр байгаад харамсаж байна.
Эцэст нь уг гомдолтой холбогдуулан шүүгчийн хувьд доорх тайлбарыг шүүхийн сахилгын хороонд хүргүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журам гэдэг нь тухайн хэрэг маргааныг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон шүүгч, шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд мөрдөх дэгийн хязгаар хүрээг тодорхойлдог.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд уг хуулиар тогтоосон
хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчигдсөн бол дээд шатны шүүх нь уг алдааг тогтоож, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож тухайн шүүхээр дахин
хэлэлцүүлэхээр шийдвэрлэж шийдвэрлэх боломжтой буюу тухайн шүүхийн хуулиар
тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчигдсөнийг дээд шатны шүүх нь тогтоож, хэрэг хянан шийдвэрлэх журмын зөрчлийг зөвтгөж засах боломжтой байхаар хуульчлагдсан.
Энэхүү тогтсон журам нь аль ч цаг хугацаанд шүүхийн шүүн таслах ажиллагааны онцгой бүрэн эрх, чиг үүрэг байсаар ирсэнтэй хэн ч маргах боломжгүй билээ. Учир нь, аль ч цаг үеийн аль ч шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг журамлан зохицуулсан хуульд шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам тусгагдан мөрдөгдөж ирсэн, одоо ч мөрдөгдөж байгаа билээ.
Шүүх гэдэг байгууллага оршин тогтнож буй цаг хугацаанд тухайн шүүх, шүүгчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн буюу шүүх хуралдаан явуулах, хэргийн нотлох баримт цуглуулах, хэрэгт авагдсан баримтыг үнэлж дүгнэж шийдвэр гаргах эрх хэмжээг хэрэгжүүлсэнтэй нь холбогдуулан дээд шатны шүүхүүдээс доод шатны шүүх, шүүгчийн гаргасан шийдвэр үйл ажиллагааг хянаад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам тэр дундаа гомдол гаргагч Сонгуулийн ерөнхий хороо, түүний төлөөлөгчийн гомдолд дурдсанчлан “гэрч оролцуулахдаа асуугаагүй, зөвлөлдөж шийдээгүй, хэргийн оролцогчдын асуулт хариулт явагдаагүй” гэх асуудалтай адил хэлбэрийн шүүн таслах ажиллагаа дахь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмын зөрчилд хамаарах асуудлаар доод шатны шүүх шүүгчийн үйл ажиллагаанд алдаа дутагдал байгаа гэж үзэж шийдвэрлэх асуудал шүүхийн практикт өдөр тутам байнга давтагдаж байдагтай хэн ч маргахгүй билээ.
Эдгээр бүх шүүх, шүүгчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэж буй дээд шатны шүүхүүдийн шийдвэрүүдээр дүгнэгдэж шийдвэрлэгдэж байгаа тохиолдол бүрийг Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т заасныг үндэслэн шүүгчийн ёс зүйн зөрчилд ямар нэгэн шалгуургүйгээр хавтгайруулан хамааруулах аваас шүүхийн сахилгын хороо нь нэг талаас дээд шатны шүүхийн эрх хэмжээг хэрэгжүүлэх этгээд гэж ойлгогдохоор байх бөгөөд нөгөө талаас шүүгчийн шүүн таслах ажиллагаанд хөндлөнгөөс үнэлэлт дүгнэлт өгдөг байгууллага тогтолцоо бүрдсэн гэх ойлголт үүсэхээр байна гэж үзэж байна.
Өөрөөр хэлбэл, уг заалтад заасан хуулийн илт тодорхой заалтыг ноцтой зөрчсөн буюу нийтэд хор хохирол учруулсан, эсхүл тухайн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд нөхөж болшгүй үр дагавар үүсгэсэн тохиолдлоос бусад “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмын зөрчил”-ийг шүүгчийн сахилгын зөрчилд хамаатуулах нь өөрөө шүүн таслах ажиллагаанд хараат байдал бий болгох, шүүгчийн эрх зүйн байдлыг дордуулах шүүхийн нэр хүндийг бүхэлд нь сэвтээх сөрөг үр дагавартайгаас гадна дээд шатны шүүхийн эрх хэмжээг давхардуулан хэрэгжүүлж буй шинжтэй болохоор байна гэж үзнэ.
Харин гомдолд дурдагдаж буй гэрч асуухдаа хариуцагчаас асуугаагүй, асуулт
хариулт явагдаагүй гэх асуудлуудыг хуулийн илт тодорхой заалтыг ноцтой зөрчсөн,
үүний улмаас нөхөж болшгүй хор хохиролтой асуудал үүссэн гэж гомдолд дурдагдаагүй байх бөгөөд хуулийн илт тодорхой заалтыг удаа дараа зөрчсөн гэж тайлбарлагдах аваас уг зөрчил нь нэг талаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журамд хамаарах асуудал тул шүүхийн сахилгын хороо дээд шатны шүүхийн эрх хэмжээг хэрэгжүүлэх үндэслэлгүй, нөгөө талаас гомдол гаргагчийн гомдолд дурдагдсан "... албан тушаалын байдал, эрх нөлөөгөө урвуулан ашиглаж өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгосон” гэх асуудалтай шалтгаант холбоо хамааралтай тохиолдолд зөрчилд тооцогдохоор байна.
Гэтэл энэхүү хэрэгт нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ шүүгч би дангаар шийдвэр гаргаагүй, шүүх бүрэлдэхүүнээр хэргийг шийдвэрлэсэн, хариуцагчаас шүүхийн шийдвэрт хуульд заасан журмын дагуу гомдол гаргах байтал гомдол гаргаагүй, дээд шатны шүүхээс “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны байж боломгүй ноцтой алдаа гаргасан” гэж буруутгагдаагүй байхад ийнхүү хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журамд хамаарах асуудлаар шүүгч надад холбогдуулан гомдол гаргасан байгаа нь угтаа шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөөгүйтэй нь холбоотойгоос гадна ажил үүргээ гүйцэтгэснийх нь төлөө шүүгчид дарамт учруулах зорилго агуулсан байна гэж үзэхээр байна.
Түүнчлэн хэрэв гомдолд дурдагдсан гэрч асуухдаа хариуцагчаас асуугаагүй, асуулт хариулт явагдаагүй гэх асуудлуудыг шүүгчийн ёс зүйн зөрчил гэж үзэж буй энэ гомдол шүүгчийн ёс зүйн зөрчилд хамаарах тохиолдолд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж тооцогдож байгаа бүх шүүх, шүүгчийн дээд шатны шүүхийн шийдвэрээр хянагдаж шийдвэрлэгдэж байгаа тохиолдол бүхэн шүүгчийн ёс зүйн зөрчилд хамаарах бөгөөд энэ утгаараа анхан болон давж заалдах шатны бүх шүүгч шүүхүүд шүүгчийн ёс зүйн зөрчилд холбогдож байдаг гэдэг ойлголтод хамаарч шүүх шүүгчийг хавтгайруулан зөрчил гаргадаг гэсэн ойлголтод хүргэхээр байгаа нь хэн бүхэнд илэрхий ойлгомжтой зүйл байна гэж үзэж байгаагаа илэрхийлэхийг хүслээ …” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Илтгэгч гишүүн, С-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Н-ын өргөдлөөр, ....шүүгч Н.Х-д холбогдуулан сахилгын хэрэг үүсгэн, шалгах ажиллагаа явуулж, сахилгын хэрэгт цугларсан нотлох баримтыг үнэлж дүгнэн, сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргажээ.
Сахилгын хэрэгт авагдсан нотлох баримтаар сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал нь тогтоогдож байх тул саналыг хүлээн авах үндэслэлтэй байна.
1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх нь шүүх хуралдааны товыг цагаар багцлан зарладаг, 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 08:30 минутаас зарласан шүүх хуралдааны 1 дэх хуралд шүүгч Н.Х нь бүрэлдэхүүнд оролцсон. Үүнээс хойш 10:30 цаг хүртэлх хурлын бүрэлдэхүүнд оролцоогүй нь шүүх хуралдааны зараар тогтоогдсон байна.
Ж.Б-гийн нэхэмжлэлтэй, С-д холбогдох “С-ы 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 181 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг хянан шийдвэрлэх ....2024 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 10:30 минутаас эхлэх хуралдааны хоёр дахь хурал гэж товлогджээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдөр гаргасан гэрч асуулгах тухай хүсэлтийг шүүх 10:02 минутад хүлээн авсан болох нь шүүхийн хүлээн авсан дардсаар тогтоогдож байна.
Холбогдох шүүгч энэ талаар “... нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн “... гэрчээр Ж.С-г оролцуулах тухай” хүсэлтийг шүүхэд бичгээр ирүүлснийг 10 цаг 15 минутын үед шүүгчийн туслахаас өрөөнд авч орж ирж танилцуулсан, ... шүүхийн зүгээс тус хэрэгт ... үзлэг хийх эсвэл гэрчээр тайлбар авах шаардлагатай гэж үзэж, албан бичиг төлөвлөж байсан боловч нэгэнт хэргийн оролцогчоос түүнийг гэрчээр асуулгах хүсэлт ирүүлсэн байсан тул ... шууд шүүх хуралдаанд гэрчээр оруулах нь зүйтэй гэж үзсэн ...” гэж тайлбарлажээ.
Илтгэгч гишүүн шалгах ажиллагааны хүрээнд хийсэн тус шүүх хуралдааны дуу-дүрсний бичлэгийн үзлэгийн тэмдэглэлд, “... 2:40-2:44 минутад, нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Нэг асуулт байна шүүгчээ. Гэрч оролцуулах хүсэлт өгчихсөн байгаа ... 2:45-2:46 минутад, даргалагчаас: Ямар хүн байгаа билээ гэхэд ... 2:47-2:52 минутад, нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Ж.С гээд хүн байгаа ... 2:54-2:55 минутад, даргалагчаас: Тэр хүн нь хаана байгаа вэ гэхэд ... 2:55-2:56 минутад, нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Энд сууж байна гээд заав. ... 2:59-3:09 минутад, даргалагчаас: Та шүүх хуралдааны танхимаас түр гараад байж байна уу. Дуудахаар орж ирнэ гэхэд гэрч Ж.С шүүх хуралдааны танхимаас гарч байгаа ...” нь тусгагджээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1, 112.1.3 дахь заалтад зааснаар дээрх тусгай журмаар шийдвэрлэх хэргийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх анхан журмаар хянан шийдвэрлэхээр зохицуулсан, мөн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт “Шинэ нотлох баримт цуглуулах болон хэрэг хянан шийдвэрлэхтэй холбоотой бусад асуудлын талаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчөөс гаргасан хүсэлтийг бусад оролцогчийн саналыг сонсмогц шүүгч, шүүх бүрэлдэхүүн даруй шийдвэрлэнэ” гэж заажээ.
Холбогдох шүүгч нь нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс гаргасан гэрч асуулгах тухай хүсэлтийг шийдвэрлэлгүй, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс санал авалгүйгээр шүүх хуралдаанд гэрчийг оролцуулж, түүнээс гэрчийн мэдүүлэг авсан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн гэх илтгэгч гишүүний санал үндэслэлтэй.
Энэ нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т заасан “хуулийн илт тодорхой заалтыг ...” зөрчсөн зөрчил гаргасан байх боловч тус зохицуулалтын урьдчилсан нөхцөлийн нэг болох хуулийг ноцтой буюу удаа дараа зөрчсөн байх шаардлага байдаг.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэгч талын гэрч оролцуулах хүсэлтийн талаар санал хэлэх бүрэн боломжтой байсан боловч шүүх хуралдааны тэмдэглэл болон шүүх хуралдааны дуу-дүрсний бичлэгээс үзэхэд энэ талаар тайлбар хэлээгүй, мөн тухайн гэрчийг шүүх хуралдаанд оролцуулж, мэдүүлэг авснаар хариуцагчийн хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхол зөрчигдөн хохирол, үр дагавар үүсээгүй байх тул “ноцтой” гэж үзэх үндэслэлгүй байна. Мөн холбогдох шүүгчийн хувьд сахилгын сахилгын шийтгэл оногдуулсан шийдвэр, хуулийн илт тодорхой заалт зөрчсөн зөрчил гаргасан бүртгэл байхгүй байх тул удаа дараа зөрчил гаргасанд тооцохгүй.
Иймд, илтгэгч гишүүний “... гэрчээр Ж.С-г асуухаас өмнө хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн саналыг сонсоогүй нь ... зохигчийн хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхлыг зөрчсөн, үр дагавар үүсгэсэн шинжгүй байх тул уг зөрчлийг ноцтой гэж үзэхгүй ...” гэсэн нь үндэслэлтэй.
Харин шүүгчийн тайлбарт хавсарган ирүүлсэн, шүүгчийн туслах Э.У-гийн үйлдсэн 2024 оны 06 дугаар сарын 12, 2024 оны 06 дугаар сарын 13, 18-ны өдрийн огноотой утсаар ярьсан тэмдэглэл нь нотлох баримтын шаардлага хангаагүй, илтгэгч гишүүн энэ талаар сахилгын хорооны хуралдаанд “... зөрчлийн үйл баримт нь өргөдлийн үйл баримттай хамааралгүй учир нотлох баримтыг дүгнээгүй. Шүүгчийн тайлбарт бичигдсэн баримтуудыг хавсаргасан ...” гэж тайлбарласан тул үүнийг нотлох баримтаар үнэлэх боломжгүй болохыг дурдах нь зүйтэй.
2. Шүүх хуралдааны 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн тэмдэглэлд, “... даргалагчаас: Шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөхөөс өмнө нэмж гаргах тайлбар байна уу гэхэд ...” нэхэмжлэгчийн өмгөөлөгч нар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тус бүр нэмэлт тайлбар хэлсэн болох нь тусгагджээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэгт “хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч хэргийн үйл баримт, … хууль зүйн үндэслэл, хууль хэрэглээний талаар нотлох болон үгүйсгэх байдлаар мэтгэлцэнэ”, 6.4 дэх хэсэгт “Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүх хуралдаанд биеэр оролцож үг хэлэх, бичгээр тайлбар өгөх, нотлох баримт гаргах, түүнийг шинжлэн судлахад тэгш эрхтэй оролцоно” гэж заажээ.
Мэтгэлцэх зарчим нь зөвхөн асуулт, хариулт хэлбэрээр явагдана гэх ойлголт нь өрөөсгөл бөгөөд талуудын гаргасан нотлох баримт, түүнд үндэслэн тайлбар гаргах хэлбэрээр мэтгэлцэх зарчим хэрэгжих ба шүүх талуудыг мэтгэлцэх боломжоор хангасан байна.
Талуудын асуулт хариултын шат явагдаагүйгээс хэргийн оролцогчийн эрх, ашиг сонирхол хөндөгдөөгүй байх тул энэ талаарх илтгэгч гишүүний санал үндэслэлтэй байна.
Холбогдох шүүгч 2024 оны 10 дугаар сарын 07-нд тайлбар ирүүлэхдээ “… Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь энэхүү “хуралдаан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчигдөж явагдсан” гэх агуулга бүхий гомдлоо шүүхийн шийдвэрт давж заалдах журмаар Монгол Улсын Дээд шүүхэд гомдол гаргаж хянуулах эрхтэй байсан боловч гомдол гаргаагүй …” гэснийг дурдах нь зүйтэй.
Нэгтгэвэл, ... шүүгч Н.Х нь өргөдөлд дурдсанчлан хууль зөрчсөн гэх үндэслэл тогтоогдсонгүй, энэ талаарх илтгэгч гишүүний санал үндэслэл бүхий байх тул сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзэв.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.2, 112.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн ГС/2024/0117 дугаар сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хүлээн авч, ....шүүгч Н.Х-д холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Энэ магадлалыг сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл, мэдээлэл гаргагч нарт гардуулах /хүргүүлэх/-ыг Ажлын албанд даалгасугай.
3.Магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Ц.ДАВХАРБАЯР
ГИШҮҮН О.НОМУУЛИН
Х.ХАШБААТАР