info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих ШИЛЭН ДАНС
ENMNG

МОНГОЛ УЛС

ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО

МАГАДЛАЛ

2024-12-03

Дугаар 115

Улаанбаатар хот

Сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй

 болгох тухай

Шүүхийн сахилгын хорооны хуралдааныг гишүүн Ц.Давхарбаяр даргалж, гишүүн Д.Мягмарцэрэн, О.Номуулин нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Г.Цагаанцоож, нарийн бичгийн даргаар хуралдаан хариуцсан ахлах мэргэжилтэн Г.Болортуяа, өргөдөл гаргагч Д.Г нарыг оролцуулан, Сахилгын хорооны хуралдааны 105 тоот танхимд нээлттэй хийв.

Тус хуралдаанаар Д.Г-ын өргөдлөөр, .... шүүгч Г.С-д холбогдуулан үүсгэсэн сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг гишүүн Г.Цагаанцоожийн илтгэснээр хянан хэлэлцээд,

ТОДОРХОЙЛОХ нь:

Илтгэгч гишүүн нь 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн ГС/2024/0108 дугаар сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналдаа:

“... Шалгах ажиллагааны явцад сахилгын хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

С.О-т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 174.157.000 төгрөг гаргуулах тухай Д.Г-ын нэхэмжлэлийг ... шүүхийн шүүгч Г.Т хүлээн авч, 2023 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 13675 дугаар захирамжаар иргэний хэрэг үүсгэж, хянан шийдвэрлэх ажиллагаа явуулжээ.

Шүүгч 2024 оны 8 дугаар сарын 18-ны өдөр 14725 дугаар захирамж гарган шүүх хуралдааныг товлон зарлаж, хэргийн оролцогч нарт мэдэгдсэн, шүүгчийн 2023 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн .... дүгээр захирамжаар хариуцагчийн “өмгөөлөгч авах” эрхийг хангаж шүүх хуралдааныг хойшлуулсан, 2024 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэж, .... дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэжээ.

Хариуцагч 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр давж заалдах гомдол гаргах хугацаа сэргээлгэх тухай хүсэлт гаргасан,  шүүгч Г.С 2024 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн ... дугаар захирамжаар давж заалдах гомдол гаргах хугацааг сэргээснээр хариуцагч 2024 оны 5 дугаар сарын 15-ны өдөр давж заалдах гомдол гаргажээ.

Холбогдох шүүгч нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.1-т заасан “албан тушаалын байдал, эрх нөлөөгөө урвуулан ашиглаж өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгох” хориглосон үйлдэл гаргасан эсэхийг өргөдөлд дурдсан агуулгын хүрээнд дараах байдлаар тодорхойлов. Үүнд:

1. Шүүхийн шийдвэрт дурдсанаар хариуцагч тал шүүх хуралдаанд оролцоогүй байх ба хариуцагч давж заалдах гомдол гаргах хугацааг сэргээлгэх хүсэлтдээ “... хуульч Д.С нь намайг хуралд оролцуулахгүй, хууран мэхэлсэн, өөрөө орохгүй зугтсан...” гэжээ.

... шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2024 оны 00001 дүгээр тогтоолоор баталсан Хэрэг, нэхэмжлэл, гомдол, хүсэлт хүлээн авах, хуваарилах болон хэрэг маргааныг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг  сугалаагаар  томилох  нарийвчилсан журмын 7.1, 7.1.3-т зааснаар давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах хугацааг сэргээлгэх хүсэлтийг тухайн хэргийг хянан шийдвэрлэсэн шүүгч, шүүх бүрэлдэхүүнээс бусад шүүгчдэд системээс, тойрог дотор, санамсаргүй байдлаар хуваарилахаар зохицуулсан байна.

Давж заалдах гомдол гаргах хугацааг сэргээлгэх тухай хариуцагч С.О-ийн хүсэлт шүүгч Г.С-д 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хуваарилагдсан нь “Иргэн-2014” нэгдсэн системд хийсэн үзлэгийн тэмдэглэлээр тогтоогдсон, энэ нь хууль болон журмыг зөрчөөгүй байна.

  Шүүгчийн 2024 оны 05 дугаар сарын 08-ний өдрийн ... дугаар захирамжаар “...хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн бол хугацаа сэргээлгэх хүсэлтийг анхан шатны шүүхэд гаргах ба хүсэлтийг хангах эсэхийг шүүгч захирамж гарган шийдвэрлэнэ, ...” гэж үзэж, хариуцагч С.О-ийн давж заалдах гомдол гаргах хугацааг сэргээжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3.-т “Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 120.2-т заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн бол хугацаа сэргээлгэх хүсэлтийг анхан шатны шүүхэд гаргах ба хүсэлтийг хангах эсэхийг шүүгч захирамж гарган шийдвэрлэнэ” гэжээ.

Хуульд заасан хүндэтгэн үзэх шалтгаан гэдэгт зохигч өвчтэй байх, гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйл нөлөөлсөн гэх мэт хугацаа алдах зайлшгүй, эсхүл харгалзан үзэж болох нөхцөл бүрдсэн байхыг ойлгоно. Гэхдээ хүндэтгэн үзэх шалтгааныг урьдчилан тодорхойлох боломжгүй тул шүүгч тухайн тохиолдол бүрийг  өөрийн итгэл үнэмшилд тулгуурлан асуудлыг шийдвэрлэх учиртай.

Холбогдох шүүгч тайлбартаа “...давж заалдах гомдол гаргах хугацаа сэргээлгэх хүсэлтийг шийдвэрлэхийн тулд хэргийн материалыг татаж үзэхэд хариуцагч, итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд ороогүй байсан ба хариуцагч С.О  “Д.С намайг хуралд оролцуулахгүй хууран мэхэлж, өөрөө орохгүй залилан мэхлэн зугтсан, намайг залилан Р.О-т миний захирал С хийнэ гэсэн зүйлээ хийдэг мундаг гэж үнэмшүүлэн итгэмжлэл өгүүлсэн. ...хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.С 2023 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн шүүх хуралдаанд оролцсон, уг 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн шүүх хуралдааны товыг мэдсэн байсан болох нь өмнөх шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан тэрээр хүндэтгэн үзэх шалтгаангүй хуралдаа ирээгүй байсан тул хариуцагч С.О-гийн давж заалдах гомдол гаргах хугацааг сэргээсэн...” гэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хариуцагчийн давж заалдах гомдлоор хэргийг хянан хэлэлцээд 2024 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 01199 дүгээр магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаасан. Ийнхүү шийдвэрлэхдээ “..... шүүхийн шүүгчийн 2023 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн .... дүгээр захирамжийн захирамжлах хэсгийн 1-д  “...шүүх хуралдааныг 2023 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 11 цаг хүртэл хугацаагаар хойшлуулсугай” гэж дурдсан нь мөн өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлд бичигдсэнээс зөрүүтэй, дээрх шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.С оролцсон байх хэдий ч дээрх тохиолдолд шүүх 2023 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн шүүх хуралдааны товыг хэргийн оролцогчдод зохих ёсоор мэдэгдсэн гэж үзэх боломжгүй, улмаар шүүх хуралдаанд оролцох зохигчийн эрхээ бүрэн эдлээгүй гэсэн агуулгаар давж заалдах гомдлыг хангах үндэслэлтэй” гэж дүгнэжээ. Өөрөөр хэлбэл, давж заалдах шатны шүүх хариуцагч шүүх хуралдаанд оролцох эрхээ бүрэн эдлээгүй гэж үзэн түүний давж заалдах гомдлыг хангасан байх тул шүүгч давж заалдах гомдол гаргах хугацааг сэргээснийг буруутгах боломжгүй юм.

Иймд хариуцагчийн давж заалдах гомдол гаргах хугацааг сэргээснийг шүүгч “албан тушаалын байдал, эрх нөлөөгөө урвуулан ашиглаж өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгох” хориглолтыг зөрчсөн гэж үзэхгүй.

2. Шүүхийн шийдвэр гарах үед хэргийн оролцогчид мэдэгдээгүй буюу мэдэгдэх боломжгүй байсан нотлох баримт илэрвэл, мөн шүүхийн шийдвэр гаргах үндэслэл болсон нотлох баримт хуурамч, эсхүл шүүгч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, гэрч, шинжээч, орчуулагч,хэлмэрч, хэргийн оролцогчийн уг хэргийг хянан шийдвэрлэх үед гаргасан үйлдэл /эс үйлдэхүй/ эрүүгийн гэмт хэрэг болох нь шүүхийн хуулийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор тогтоогдсон бол шүүхийн шийдвэрийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянан үзэхээр  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 179 дүгээр зүйлийн 179.1.1, 179.1.2.-т заасан.

Сахилгын хэрэгт авагдсан баримтаас үзвэл, хариуцагч С.О нь “... шүүхийн 2023 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 02787 дугаар шийдвэр”-ийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах хүсэлт гаргасныг .... шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн .... дүгээр тогтоолоор хүсэлтийг хангахаас татгалзжээ. Ийнхүү шийдвэрлэхдээ шүүх “...хариуцагчийн хүсэлтэд хавсаргасан баримт нь шинээр илэрсэн нөхцөлд байдалд хамаарахгүй байна...” гэж үзсэн байх ба Сахилгын хороо  шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолын хууль зүйн үндэслэлийг хянах, дүгнэлт хийх эрхгүй.

Хэрэг, нэхэмжлэл, гомдол, хүсэлт хүлээн авах, хуваарилах болон хэрэг маргааныг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг сугалаагаар томилох  нарийвчилсан журмын 8.1, 8.3-т зааснаар шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг дахин хянуулах тухай хүсэлтийг Ерөнхий шүүгчид хуваарилах, шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч даргалах  бөгөөд бүрэлдэхүүнийг журмын 2-т заасан дарааллаар оролцуулахаар зохицуулсан.

Шүүхийн шийдвэрийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах тухай хүсэлтийг хэлэлцсэн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд шүүгч Г.С  дээрх журмын дагуу оролцжээ. 

3. Шүүгч Г.С давж заалдах гомдол гаргах хугацаа сэргээлгэх хүсэлтийг 2024 оны 5 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, 2024 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн ... дугаар захирамжаар хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн нь “Иргэн-2014” нэгдсэн системд хийсэн үзлэгээр тогтоогдож байна.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 205 дугаар тогтоолоор батлагдсан Иргэний хэргийн хөдөлгөөний нийтлэг аргачлалын 3.8-д “хэрэглэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхээс гаргасан эрх зүйн актад зөвхөн нэгдсэн системээс олгосон огноо, дугаарыг бичнэ” гэсэн ба хэрэглэгч гэж уг системийг  ашиглах эрх бүхий шүүгч, шүүхийн захиргааны ажилтан юм. 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 89 дүгээр зүйлийн 89.3-т “шүүгчийн туслах шүүгчийн удирдлага дор дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ”, 89.3.2-т “хэрэг, маргаан хянан шийдвэрлэх ажиллагаатай холбогдуулан шүүгчээс даалгасан ажиллагааг гүйцэтгэх”, 89.3.8-т “шүүхийн шийдвэр, тогтоол, шүүгчийн захирамжийн төсөл боловсруулах” гэж тус тус заасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхээс гаргасан эрх зүйн актыг албажуулах, огноо, дугаар бичихийг шүүгчийн туслах гүйцэтгэх бөгөөд өргөдөлд  .... гэсэн дугаар бүхий 2 шүүгчийн захирамж хавсаргажээ. Энэхүү хоёр захирамж утга агуулгын хувьд зөрүүгүй байх бөгөөд техникийн шинжтэй алдаа тул шүүгчийг буруутгах боломжгүй.

Дээрх үндэслэлээр Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн  50.1.1-т заасан “албан тушаалын байдал, эрх нөлөөгөө урвуулан ашиглаж өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгосон” гэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул ...  шүүгч Г.С-д холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргав ...” гэжээ.

Шүүгч Г.С ирүүлсэн тайлбартаа:

“... Нэхэмжлэгч Д.Г хариуцагч С.О-т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 174.157.000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг тус шүүх хүлээн авч 2023 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр .... дугаар шийдвэрээр Д.Г-ын нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэсэн байна.

Миний бие 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр хариуцагч С.О-ийн 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 183/2023/0.... дугаар шийдвэрийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас дахин хянуулах тухай хүсэлттэй шүүх хуралдааны бүрэлдэхүүнд оролцжээ.

Энэ бүрэлдэхүүнийг тус шүүхийн 2023  оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 183/ЗТ2024/00001 дугаар хэрэг, нэхэмжлэл, гомдол, хүсэлт хүлээн авах, хуваарилах болон хэрэг маргааныг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг сугалаагаар томилох журамд зааснаар миний бие сугалаагаар томилогдож, энэ талаар шүүгчдийн зөвлөгөөний тэмдэглэлд тусган баталгаажуулсан.

С.О 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдөр давж заалдах гомдол гаргах хугацаа сэргээлгэх хүсэлтийг гаргасан бөгөөд энэ хүсэлт надад хуваарилагдсан байна.

Ингээд уг хүсэлтийг шийдвэрлэхийн тулд хэргийн материалыг татаж үзээд хариуцагч нь шүүх хуралдаанд ороогүй, мөн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь оролцоогүй байсан. Мөн хариуцагч С.О нь “Д.С намайг хуралд оролцуулахгүй хууран мэхэлж өөрөө орохгүй залилан мэхлэн зугтсан, намайг залилан Р.О-т миний захирал С хийнэ гэсэн зүйлээ хийдэг мундаг гэж үнэмшүүлэн итгэмжлэл өгүүлсэн. Миний арыг Р.О эгч дааж явдаг. Миний сонгуульд өрсөлдөх бүх зүйлийг хийж байгаа таныг хэзээ ч хохироохгүй амласан бол амласан би өөрийн өмгөөлөгч О-тэй наад асуудлыг дор нь шийдвэрлүүлнэ гэж хууран мэхэлсээр цагдаад өгүүлэхгүй намайг хугацаа алдуулсан” гэх үндэслэл заасан бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.С 2023 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн шүүх хуралдаанд оролцсон, уг 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн шүүх хуралдааны товыг мэдсэн байсан болох нь өмнөх шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан тэрээр хүндэтгэн үзэх шалтгаангүй хуралдаа ирээгүй байх тул хариуцагч С.О-гийн давж заалдах гомдол гаргах хугацааг сэргээсэн болно.

Миний бие албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж хариуцагч С.О-т давуу байдал олгосон гэж иргэн Д.Г гомдол гаргасан бөгөөд миний бие хариуцагчийг танихгүй, ямар нэгэн холбоо хамаарал байхгүй болно.

Г.С миний бие 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдөр 183/Ш32024/....., 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдөр 2024/...... гэх хоёр өөр дугаартай захирамж гаргасан байх бөгөөд уг захирамжуудын тодорхойлох, үндэслэх, захирамжлах хэсэг ижил байгаа бөгөөд дугаарын хувьд 10, 01 гэж техникийн алдаа гаргасан байна.

Шүүгч миний бие Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.3-д заасан шүүгчийн мэргэжлийн үйл ажиллагааны алдаа зөрчил гаргаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасны дагуу явуулж байгаа тул иргэн Д.Г-ын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

..... шүүхэд сэлгэнээр ажиллаж байгаа бөгөөд тус шүүхийн ажлын ачаалал хэтэрсэн, нэг шүүгч дунджаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд 250 хэрэгтэй байгааг дурдах нь зүйтэй” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Д.Г-ын С.О-т холбогдуулсан зээлийн гэрээний үүрэгт 174.157.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг ..... шүүгч Г.Т хүлээн авч, 2023 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн ..... дугаар захирамжаар иргэний хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулан, 2024 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэж, ...... дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэжээ.

Тус хэргийг анхан шатны шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанд шүүгч Г.С хоёр удаа оролцсон буюу шинээр илэрсэн нөхцөлийн улмаас хэргийг дахин хянан бүрэлдэхүүнд болон хэргийн оролцогчийн давж заалдах гомдол гаргах хугацааг сэргээх хүсэлтийг хянан шийдвэрлэсэн байна. 

Өргөдлийн дагуу сахилгын хэрэг үүсгэн, шалгасан илтгэгч гишүүний сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал үндэслэлтэй байна гэж бүрэлдэхүүн үзэв.

1. .... шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2024 оны 00001 дүгээр тогтоолоор баталсан “Хэрэг, нэхэмжлэл, гомдол, хүсэлт хүлээн авах, хуваарилах болон хэрэг маргааныг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг  сугалаагаар  томилох  нарийвчилсан журам”-ын 7.1 болон 7.1.3-т зааснаар давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах хугацааг сэргээлгэх хүсэлтийг тухайн хэргийг хянан шийдвэрлэсэн шүүгч, шүүх бүрэлдэхүүнээс бусад шүүгчдэд системээс, тойрог дотор, санамсаргүй байдлаар хуваарилахаар зохицуулжээ.

Үүний дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг сэргээлгэх тухай хариуцагч С.О-ийн хүсэлт шүүгч Г.С-д 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хуваарилагдсан нь хууль болон журмыг зөрчөөгүй байна.

Улмаар шүүгчийн 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 183/ШЗ2024/…. дугаар захирамжаар давж заалдах гомдол гаргах хугацааг сэргээхдээ “Үндэслэх нь” хэсэгт “... хүсэлтийг хангах эсэхийг шүүгч захирамж гарган шийдвэрлэнэ ...” гэж үзэж сэргээсэн, илтгэгч гишүүн “... Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хариуцагчийн давж заалдах гомдлоор хэргийг хянан хэлэлцээд ... давж заалдах шатны шүүх хариуцагч шүүх хуралдаанд оролцох эрхээ бүрэн эдлээгүй гэж үзэн түүний давж заалдах гомдлыг хангасан байх тул шүүгч давж заалдах гомдол гаргах хугацааг сэргээснийг буруутгах боломжгүй ...” гэж дүгнэсэн нь үндэслэлтэй гэж үзлээ.

Учир нь хэргийн оролцогчийн давж заалдах гомдол гаргах эрх бол дараагийн шатны шүүхээр хэргийг хянуулах чухал эрхийн нэг тул тухайн эрхийг сэргээсэн шүүгчийн үйлдлийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

Гэхдээ захирамжийн үндэслэх хэсэгт, тухайн үйл баримтын бодит байдал хэрхэн тогтоогдсон, хуульд хэрхэн зохицуулсан талаар шүүх дүгнэж байх шаардлагатайг дурдах нь зүйтэй байна.

2. Шүүгчийн 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн “Хүсэлт шийдвэрлэх тухай” захирамж “183/ШЗ2024/....”, “183/ШЗ2024/.....” гэх 2 өөр дугаараар дугаарлагдсан байх боловч захирамжийн утга, агуулга ижил байна.

Илтгэгч гишүүний “Иргэн-2014” нэгдсэн системд хийсэн үзлэгээр, тус захирамжийн системээс олгогдсон дугаар нь “183/ШЗ2024/...” болох нь тогтоогджээ.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 89 дүгээр зүйлийн 89.3 дахь хэсэгт “шүүгчийн туслах шүүгчийн удирдлага дор дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ”, 89.3.8 дахь заалтад “шүүхийн шийдвэр, тогтоол, шүүгчийн захирамжийн төсөл боловсруулах” гэж, Иргэний хэргийн хөдөлгөөний нийтлэг аргачлал”-ын 3.8-д “Хэрэглэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхээс гаргасан эрх зүйн актад зөвхөн системээс олгосон дугаарыг бичнэ” гэж заасан тул энэ нь шүүгчийн туслахын албан үүрэгт хамаарахаар зохицуулжээ.

Иймд, илтгэгч гишүүний “… Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхээс гаргасан эрх зүйн актыг албажуулах, огноо, дугаар бичихийг шүүгчийн туслах гүйцэтгэх бөгөөд өргөдөлд 01688, 10688 гэсэн дугаар бүхий ... хоёр захирамж утга агуулгын хувьд зөрүүгүй байх бөгөөд техникийн шинжтэй алдаа тул шүүгчийг буруутгах боломжгүй ...” гэсэн нь үндэслэлтэй байна.

Дээрхийг нэгтгэвэл, илтгэгч гишүүний санал үндэслэл бүхий байх тул ... шүүхийн шүүгч Г.С-д холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзэв.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.2, 112.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн ГС/2024/0108  дугаар сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хүлээн авч, ... шүүхийн шүүгч Г.С-д холбогдох сахилгын хэргийг бүхэлд  нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Энэ магадлалыг сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл, мэдээлэл гаргагч нарт гардуулах /хүргүүлэх/-ыг Ажлын албанд даалгасугай.

3. Магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

                           ДАРГАЛАГЧ                                    Ц.ДАВХАРБАЯР

                           ГИШҮҮН                                            Д.МЯГМАРЦЭРЭН

                                                                                       О.НОМУУЛИН