
МОНГОЛ УЛС
ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО
МАГАДЛАЛ
2024-12-26
Дугаар 137
Улаанбаатар хот

Нотлох дүгнэлтийг хүчингүй болгож,
сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох тухай
Шүүхийн сахилгын хорооны хуралдааныг гишүүн Б.Сугар даргалж, гишүүн Х.Хашбаатар, Д.Эрдэнэчулуун нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Д.Ариунтуяа, хуралдааны нарийн бичгийн даргаар хуралдаан хариуцсан ахлах мэргэжилтэн Г.Болортуяа, сахилгын хэргийн оролцогч Г.М нарыг оролцуулан хийж, ... шүүхийн шүүгч Г.М-д холбогдох сахилгын хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Илтгэгч гишүүн 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн “Сахилгын зөрчил гаргасныг нотлох дүгнэлт”-дээ:
“... 1.Өргөдөл гаргагч “...Шүүгч урьдчилсан хэлэлцүүлэг хийх болсон үндэслэлээ оролцогчдод танилцуулаагүй, шүүхийн хэлэлцүүлэгт прокурорын санал, дүгнэлтийг гаргуулаагүй” гэжээ.
Сахилгын хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл Д.Б-д холбогдох эрүүгийн хэрэг шүүгч Г.М-д хуваарилагдан хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж, 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 2024/ШЗ/1676 дугаар шүүгчийн захирамжаар урьдчилсан хэлэлцүүлгийг 2024 он 07 дугаар сарын 09-ний өдрийн 13 цаг 30 минутад явуулахаар товлон зарлаж, 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 2024/ШЗ/1698 дугаар шүүгчийн захирамжаар хэргийг прокурорт буцаан шийдвэрлэсэн байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт “Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр яллах дүгнэлтэд заасан гэмт хэргийн хүрээнд талуудын гаргасан хүсэлт, гомдлоор, эсхүл шүүгч өөрийн санаачилгаар дараахь асуудлыг хянан хэлэлцэж шийдвэр гаргана” гэж заасны дагуу шүүгч өөрийн санаачилгаар урьдчилсан хэлэлцүүлгийг товлон зарлаж хуралдуулсан байна.
Хэлэлцүүлгийн тэмдэглэл болон бичлэгээс үзэхэд тухайн урьдчилсан хэлэлцүүлэгт прокурор Ж.Б оролцож холбогдох тайлбараа хэлсэн нь авагдсан, түүнчлэн шүүгчийн санаачилгаар урьдчилсан хэлэлцүүлэг явуулахдаа ямар үндэслэлээр хэлэлцүүлэг явуулж байгаа үндэслэлээ тайлбарлахыг хуулиар тусгайлан шаардаагүй байх тул дээрх өргөдлийн үндэслэлээр шүүгчийг сахилгын зөрчил гаргасан гэж буруутгах боломжгүй байна.
Хэдийгээр хуулиар урьдчилсан хэлэлцүүлэг явуулах үндэслэлээ тайлбарлахыг шаардаагүй боловч шүүх хэргийн оролцогч нарыг эрх тэгш мэтгэлцэх боломжоор хангах зорилгоор оролцогч нарт ямар үндэслэлээр хэлэлцүүлэг явуулах талаар урьдчилан мэдэгдэх нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг нээлттэй явуулахад ач холбогдолтойг дурдах нь зүйтэй.
2.Өргөдөл гаргагч “...түүнчлэн шүүхийн хэлэлцүүлэгт прокуророос хохирогчийг оролцуулахаар гаргасан хүсэлтийг хэлэлцэж шийдвэрлэхгүйгээр улсын яллагчийн хуульд заасан эрхийг бүдүүлгээр зөрчиж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дэх хэсгийн 8 дахь заалтад заасан заалтыг зөрчиж, хэргийг прокурорт буцаасан.” гэжээ.
Дээрх өргөдлийн үндэслэлтэй холбогдуулан холбогдох шүүгч “...прокурор шүүхийн хэлэлцүүлэгтэй холбоотой ирцийн талаар асуухад “...хохирогч оролцохгүй юм болов уу?, урьдчилсан хэлэлцүүлэг болохоор хэлээгүй юм уу болов уу?...” гэж хүсэлт, тайлбар гаргаж байгаа нь тодорхойгүй хэлсний дээр яллагдагчийн өмгөөлөгч ирцтэй холбоотой санал хүсэлт гаргаагүй. Харин прокурор яллах дүгнэлтийн хавсралтад дурдагдсан хохирогчийг гэм буруугийн шүүх хуралдаанд оролцуулах саналаа илэрхийлсэн нь хохирогчийг урьдчилсан хэлэлцүүлэгт оролцуулах санал гаргасан гэж үзэхгүй” гэх тайлбарыг өгсөн.
Тухайн өдрийн урьдчилсан хэлэлцүүлэгт прокурор Ж.Б, яллагдагч Д.Б, түүний өмгөөлөгч А.О нар оролцсон бөгөөд урьдчилсан хэлэлцүүлэгт прокурор Ж.Б нь “Хохирогч оролцохгүй юм болов уу, урьдчилсан хэлэлцүүлэг болохоор нь хэлээгүй юм болов уу?, би амарч байсан учраас ирлээ” гэх ирцтэй холбоотой тайлбар гаргасныг хохирогчийг урьдчилсан хэлэлцүүлэгт оролцуулах санал хүсэлт гаргасан гэж үзэхээргүй байна.
Иймд шүүгчийг урьдчилсан хэлэлцүүлэгт хохирогчийг оролцуулах прокурорын хүсэлтийг шийдвэрлээгүй гэж үзэх үндэслэлгүй.
Харин шүүхээс 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдөр урьдчилсан хэлэлцүүлгийн тов тогтоож, 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдөр урьдчилсан хэлэлцүүлгийг явуулсан байх бөгөөд хохирогчид урьдчилсан хэлэлцүүлгийн товыг мэдэгдээгүй байна.
Энэ талаар шүүгчийн туслах Д.М “...Яллагдагч, өмгөөлөгч, прокурорт товыг мэдэгдсэн. Шүүгч санаачилгаар урьдчилсан хэлэлцүүлэг явуулж байгаа болохоор мэдэгдэх шаардлагагүй гэж үзсэн. Гэм буруугийн шүүх хуралдаан биш болохоор хохирогчийг оролцуулах шаардлагагүй гэж үзсэн. Хуульд хүсэлт гаргасан тохиолдолд оролцуулна гэсэн заалт байгаа. Шүүх санаачилгаараа хүн дуудна гэсэн зүйл байхгүй учир мэдэгдээгүй. Хуулийн хугацаанд товыг мэдэгдсэн. Баримт дээр зуруулаагүй байж магад. Яллагдагчаар гарын үсэг зуруулсан. Прокурор луу зарыг гаргаад хүргүүлдэг. Өмгөөлөгчид утсаар яриад мэдэгдсэн. Шүүх хуралдааны зар долоо хоног бүрийн 5 дахь өдөр гаргаад зарыг прокурорын байгууллага руу мэйлээр Ерөнхий шүүгчийн туслах явуулсан. Прокурор луу утасдаад хэлсэн зүйл байхгүй.. Шүүгч урьдчилсан хэлэлцүүлэг зарла гэсэн учраас зарлаад оролцогчдод мэдэгдсэн. Ямар үндэслэлээр явуулж байгаа талаар тайлбарлаагүй. ...прокурор хохирогчид хурлын тов мэдэгдсэн эсэхийг л асуусан. Урьдчилсан хэлэлцүүлэг учраас мэдэгдээгүй гэж өөрөө хурлын ирц илтгэхдээ хэлэхэд за за гэсэн. Оролцуулъя гэх хүсэлт гаргаагүй. Хурлын дараа завсарлаад прокурорт буцаалаа гэхэд надад ямар үндэслэлээр буцаах гэж байгаагаа хэлсэн бол хариу тайлбараа хэлэх байсан гэж байсан. Яллагдагч, өмгөөлөгч нараас хохирогчийг оролцуулах хүсэлт гаргаагүй..” гэж гэрчээр мэдүүлсэн байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 9 дэх хэсэгт “Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн товыг прокурор, өмгөөлөгчийн саналыг харгалзан шүүх тогтоож, урьдчилсан хэлэлцүүлэг явуулахаас 3-аас доошгүй хоногийн өмнө оролцогчид мэдэгдэнэ”, мөн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1.13-т "оролцогч" гэж сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, хуулийн этгээд, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийг” хэлнэ гэж заасан байна.
Дээрх хуулийн зохицуулалтаас үзвэл шүүхээс урьдчилсан хэлэлцүүлгийн товыг 3-аас доошгүй хоногийн өмнө тогтоож, оролцогчид товыг мэдэгдэхээр зохицуулсан байхад шүүх хэлэлцүүлэг болохоос 1 хоногийн өмнө хэлэлцүүлгийн товыг тогтоож, тухайн хэргийн хохирогчид хэлэлцүүлгийн товыг мэдэгдээгүй нь дээрх хуулийн заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй.
Мөн холбогдох шүүгч “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт “Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт оролцох хүсэлт гаргасан тохиолдолд хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийг оролцуулж болно. Хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч ирээгүй нь шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг хойшлуулах үндэслэл болохгүй.” гэж заасан тул хохирогчид заавал мэдэгдэх үүрэг шүүхэд байхгүй” гэх тайлбар гаргасныг хүлээн авах боломжгүй.
Тодруулбал, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэг нь хохирогчид урьдчилсан хэлэлцүүлгийн товыг мэдэгдсэний дараа хохирогч тухайн хэлэлцүүлэгт оролцох эсэх хүсэлтээ гаргах зохицуулалт бөгөөд сахилгын хэрэгт авагдсан баримт болон шүүгчийн тайлбар, шүүгчийн туслахын мэдүүлэг зэргээс үзвэл шүүх урьдчилсан хэлэлцүүлгийн товыг хохирогчид мэдэгдээгүй, ийнхүү хэлэлцүүлгийн тов мэдээгүй хохирогч хэлэлцүүлэгт оролцох талаар санал, хүсэлт гаргах боломжгүй нөхцөл байдал үүссэн байна.
Улмаар шүүхээс хохирогчид хэлэлцүүлгийн тов мэдэгдээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1.4-т “шүүхийн хэлэлцүүлэг, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг, шүүх хуралдаанд оролцох” гэж заасан хохирогчийн эрхийг зөрчиж түүнийг хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалж урьдчилсан хэлэлцүүлэгт оролцох, үг хэлэх эрхийг эдлүүлээгүй нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т заасан хуулийн илт тодорхой заалтыг ноцтой зөрчсөн гэж үзэхээр байна.
3. Өргөдөл гаргагч “... шүүгч “хэргийг прокурорт буцаах болсон үндэслэлээ сонсгохдоо би хэргийг бүхэлд нь уншсан Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл байна” гэж хэлсэн. .. хэргийн талаар урьдчилан дүгнэлт хийж аливаа асуудалд бодитой бус субьектив байдлаар хандаж байгаа нь илэрхий” гэжээ.
Тухайн урьдчилсан хэлэлцүүлгийн дуу-дүрсний бичлэгт шүүгч хэргийг прокурорт буцаасан захирамжийн үндэслэлийг танилцуулж байхдаа “...Одоо 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр явж байгаа. 11.6 дугаар зүйлийн 1 биш. ...Өнөөдөр хэргээ уншчихлаа уншсаныхаа хүрээнд хэргийн зүйлчлэл тохироогүй байна гэдэг асуудлаар хэргийг прокурорт буцааж байна” гэж хэлсэн болох нь авагджээ.
2024 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 2024/ШЗ/1698 дугаар хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжид “..яллагдагч Д.Б-г Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдсэн нь хууль зүйн үндэслэлгүй буюу хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна. Тодруулбал, яллагдагч Д.Б-н үйлдэлд өөр гэмт хэргийн шинж байгаа эсэх, эсхүл тухайн зүйл хэсэгт заасан гэмт хэргийн хүндрүүлэх хэд хэдэн шинж байгаа эсэхэд хууль зүйн дүгнэлт өгөлгүй зөвхөн анх удаа хамтран амьдрагчийнхаа эсрэг бие махбодын хүчирхийлэл үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдсэн нь Эрүүгийн болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилгод нийцэхгүй байна. Иймд яллагдагчийн үйлдэлд өөр гэмт хэргийн шинж байгаа эсэхийг мөрдөн шалгах ажиллагаа явуулж тогтоох нь тухайн хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой” гэж дүгнэсэн байна.
Тус захирамжид гаргасан прокурорын эсэргүүцлийг Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр хянан хэлэлцээд 2024/ДШМ/1041 дугаар магадлалаар эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, захирамжийг хэвээр үлдээн шийдвэрлэжээ.
Ийнхүү шүүгч урьдчилсан хэлэлцүүлгээр хэргийг прокурорт буцаан шийдвэрлэсэн захирамжийн үндэслэлээ тайлбарлан хэлснийг хэргийн талаар урьдчилсан дүгнэлт гаргасан гэж буруутгах боломжгүй.
Дээрхийг нэгтгэн дүгнээд шүүгч Г.М-г Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т заасныг зөрчсөн гэж үзэн сахилгын зөрчил гаргасныг нотлох дүгнэлт үйлдэн Сахилгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэв” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
... Ж.Б-с ... дүүргийн ... шүүхийн шүүгч Г.М-д холбогдуулан гаргасан өргөдлөө “үндэслэлээ танилцуулалгүйгээр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг хийсэн, хохирогчийг оролцуулахаар гаргасан хүсэлтийг хэлэлцэж шийдвэрлээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1.8 дахь заалтад заасныг зөрчиж, яллагдагчийн гэм буруугийн асуудлыг дурдаж, хэргийг прокурорт буцаасан, хэргийн талаар урьдчилсан дүгнэлт хийсэн” гэх агуулга тодорхойлон, нэр бүхий шүүгч Шүүгчийн ёс зүйн дүрэм болон холбогдох хуулийн заалтыг тус тус ноцтой зөрчсөн гэжээ.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.2 дахь хэсэгт “шүүгчид зөвхөн энэ хуульд заасан үндэслэл, журмаар сахилгын шийтгэл оногдуулна” гэж заасан байх бөгөөд мөн хуульд нэрлэн заасан шүүгчид хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон зохицуулалтыг зөрчсөн зөрчлийг сахилгын зөрчил гэж үзнэ.
Өргөдөлд дурдсан шүүгчийн ёс зүйн дүрмийн холбогдох заалтыг шүүгч зөрчсөн эсэх талаар дүгнэх боломжгүй бөгөөд тодруулбал Монгол Улсын шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болохоос өмнө шүүгчийн ёс зүйн талаарх харилцааг зохицуулж байсан хууль, тогтоомжийг Шүүхийн сахилгын хороо хэрэглэхгүй болохыг тайлбарлах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар шүүгч өөрийн санаачилгаар урьдчилсан хэлэлцүүлгийг товлон зарлаж хуралдуулах эрхтэй байх бөгөөд ямар үндэслэлээр хэлэлцүүлэг явуулж байгаа үндэслэлээ тайлбарлах талаар хуулиар тусгайлан үүрэг болгоогүй байх тул сахилгын зөрчилд хамаарахгүй.
Сахилгын хэрэгт авагдсан баримтаас үзвэл, нэр бүхий шүүгдэгчид холбогдох эрүүгийн хэргийг шүүгч хүлээн авч, урьдчилсан хэлэлцүүлгийг 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдөр товлон зарласан урьдчилсан хэлэлцүүлгийг 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдөр хийж 2024/ШЗ/1698 дугаар шүүгчийн захирамжаар хэргийг прокурорт буцаан шийдвэрлэсэн байх бөгөөд тус захирамждаа үндэслэлээ тодорхой тусгасан байна.
Дээрх шүүгчийн захирамжид хяналтын прокурор Ж.Б эсэргүүцэл гаргасныг ... давж заалдах шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн шүүх хуралдаанаар хэлэлцэн, 2024/ДШМ/1041 дүгээр магадлалд “...Иймд Эрүүгийн болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг хэрэглэхэд ноцтой зөрчил үүсгэхгүйн тулд ...” хэмээн дүгнэж, ... 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 2021/ШЗ/1698 дугаар захирамжийг хэвээр үлдээн, 2024 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 58 дугаар эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
Ингэхдээ давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах журмаар гаргасан эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж дээрх дүгнэлтийг гаргажээ.
Түүнчлэн, хэрэг хянан шийдвэрлэсэн шүүгч шийдвэрээ тайлбарлах үүрэгтэй тул ийнхүү тайлбарлаж, хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлсэн нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т заасанд хамаарахгүй бөгөөд шүүгч хэргийн шийдвэрийн талаар урьдчилсан дүгнэлт гаргасан гэж үзэхгүй.
Дээрхийг нэгтгэн дүгнэхэд холбогдох шүүгч хэргийн бодит байдлыг тогтоох зорилгоор хэргийг прокурорт буцаан шийдвэрлэсэн гэж үзэхээр байх бөгөөд хэрэгт авагдсан баримтаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, хэргийн талаар урьдчилсан дүгнэлт гаргаагүй байх тул энэхүү үйл баримтын талаарх илтгэгч гишүүний дүгнэлт Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.8-д заасан нотлох баримтыг тухайн сахилгын хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв талаас нь үнэлэх шаардлагад нийцсэн байна.
Харин илтгэгч гишүүний “... шүүхээс хохирогчид урьдчилсан хэлэлцүүлгийн тов мэдэгдээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1.4-т “шүүхийн хэлэлцүүлэг, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг, шүүх хуралдаанд оролцох” гэж заасан хохирогчийн эрхийг зөрчиж түүний хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалж урьдчилсан хэлэлцүүлэгт оролцох, үг хэлэх эрхийг эдлүүлээгүй нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-д заасан хуулийн илт тодорхой заалтыг ноцтой зөрчсөн...” гэж дүгнэсэн нь учир дутагдалтай байна гэж бүрэлдэхүүн үзэв.
Учир нь хэдийгээр шүүгч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 9 дэх хэсэгт “Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн товыг прокурор, өмгөөлөгчийн саналыг харгалзан шүүх тогтоож, урьдчилсан хэлэлцүүлэг явуулахаас 3-аас доошгүй хоногийн өмнө оролцогчид мэдэгдэнэ” гэж заасан хуулийн заалтыг зөрчиж урьдчилсан хэлэлцүүлгийг 1 хоногийн өмнө товлон зарлаж, хохирогчид товыг мэдэгдээгүй байх боловч уг урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдаанаар шүүгч хэргийн бодит байдлыг тогтоох зорилгоор хэргийг прокурорт буцаан шийдвэрлэж 2024/ШЗ/1698 дугаар шүүгчийн захирамж гарсан, уг захирамжийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хянаад хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гэж үзэж хэвээр үлдээсэн үйл баримт тогтоогдож байх бөгөөд тус хэрэгт шүүх цааш хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаагүй захирамж хуулийн хүчин төгөлдөр үйлчлэлтэй болж хэрэг прокурорт буцжээ.
Түүнчлэн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр яллагдагчийн гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхтэй холбоотой асуудлыг хэлэлцэхгүй тул эрүүгийн хэргийн хохирогчийн эрх ноцтой зөрчигдсөн гэж үзэхээргүй байна.
Монгол улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-д заасан “хуулийн илт тодорхой заалтыг ноцтой зөрчсөн зөрчлийг гаргасан гэж үзэх үндэслэлийн бүрдэл нь хуулийн илт тодорхой заалтыг зөрчсөн зөрчил “ноцтой” байхыг шаарддаг ба шүүгчийн гаргасан шийдвэр хүчингүй болсон, тухайн шийдвэрээс шалтгаалж хэргийн оролцогчид сөрөг үр дагавар, хор холбогдол бий болоогүй тохиолдолд зөрчлийг “ноцтой” зөрчилд тооцохгүй.
Иймд, илтгэгч гишүүний сахилгын зөрчил гаргасныг нотлох дүгнэлтийг хүчингүй болгож, сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж бүрэлдэхүүн шийдвэрлэв.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.1, 112.2-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Сахилгын хорооны гишүүний 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн ГНД/2024/0021 дугаартай “Сахилгын зөрчил гаргасныг нотлох дүгнэлт”-ийг хүчингүй болгож, ... шүүхийн шүүгч Г.М-д холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Магадлалыг сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл, мэдээлэл гаргагчид хүргүүлэхийг Ажлын албанд даалгасугай.
3.Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.8 дахь хэсэгт зааснаар Сахилгын хорооны магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Б.СУГАР
ГИШҮҮН Х.ХАШБААТАР
Д.ЭРДЭНЭЧУЛУУН