
МОНГОЛ УЛС
ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО
МАГАДЛАЛ
2024-12-05
Дугаар 119
Улаанбаатар хот

Нотлох дүгнэлтийг хүчингүй болгож, сахилгын хэргийг
бүхэлд нь хэрэгсэхгүй болгох тухай
Сахилгын хорооны хуралдааныг гишүүн О.Номуулин даргалж, гишүүн Ц.Давхарбаяр, Д.Ариунтуяа нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Д.Мягмарцэрэн, хуралдааны нарийн бичгийн дарга Г.Болортуяа, сахилгын хэргийн оролцогч И.Г нарыг оролцуулан, ... дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч И.Гад холбогдох Сахилгын хорооны гишүүний 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн ГНД/2023/0019 дугаартай “Сахилгын зөрчлийг нотлох тухай” дүгнэлтийг тус хорооны хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Сахилгын зөрчлийг нотлох дүгнэлтэд: “Мэдээлэлд дурдагдсан “...Цалин өндөртэй хүмүүс биш хөрөнгөтэй хүмүүс казино тоглодог гэж би ойлгодог, шүүгч нарын цалин тийм өндөр цалин биш өнөөдрийн дундаж л цалинтай хүмүүсийн тоонд орох байтал шүүгч нар 7 хоногоор казино тоглож лав чадахгүй байх гэж бодох юм. Эсхүл мундаг тоглодог дандаа л хождог байх, танай байгууллагын шүүгч нар ажлын долоо хоногоор Хонконг, Макао казиногоор 2023 оны 2 сарын 2 дахь арав хоногт сайхан тоглох юм...” гэх тухайд:
Ардчилсан дэглэмтэй дэлхийн аль ч улсад шүүгчийн эрхэм үүрэг нь шүүхэд итгэх олон нийтийн итгэлийг хадгалах, шүүн таслах ажиллагааг шударгаар хэрэгжүүлэх, шүүгчийн ёс зүйн өндөр стандартыг чанд баримтлах явдал бөгөөд энэ үүднээс эрх зүйн бүл, тогтолцооны ялгаанаас үл хамааран олон орны шүүгчдийн идэвхтэй оролцоо, хүчин чармайлт, мөн НҮБ-ын дэмжлэгээр Шүүгчийн ёс зүйн талаарх Бангалорын зарчмуудыг 2002 онд боловсруулж нийтийн хүртээл болгосон.
Шүүгчийн ёс зүйн талаарх тус Бангалорын зарчим (2002)-ийн Үнэт зүйл 3: Шударга байдал хэсэгт “Шударга байдал нь шүүхийн үйл ажиллагааг зохистой хэрэгжүүлэхэд зайлшгүй чухал ач холбогдолтой. Хэрэглэх нь: 3.1. Энгийн хүний байр сууринаас харахад, шүүгч нь элдэв шүүмжлэлд өртөхөөргүйгээр шүүгчийн ёс зүйг сахиж, хэвшүүлнэ. 3.2. Шүүгчийн зан байдал, үйл ажиллагаа нь шүүхийн шударга байдалд итгэх олон нийтийн итгэлийг бататган бэхжүүлэхэд чиглэнэ. Шүүхийн үйл ажиллагаа шударга байгаад зогсохгүй, тийнхүү шударга байна гэдгээ батлан харуулах ёстой” гэж тусгасан байдаг.
Илтгэгч гишүүн сахилгын хэргийн холбогдох шүүгч И.Г 2023 оны 02 дугаар сарын 01-нээс 02 дугаар сарын 28-ны хугацаанд Монгол Улсын хилээр нэвтэрсэн эсэхийг Хил хамгаалах Ерөнхий газраас тодруулахад Хил хамгаалах Ерөнхий газрын 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 2-4в/2396 дугаар албан бичгээр “иргэн И.Г нь Чингис хаан агаарын замын боомтоор 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдөр улсын хилээр гарсан, 02 дугаар сарын 17-ны өдөр орсон бүртгэлд авагдсан байна” гэх, 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 2-4в/2720 дугаар албан бичгээр “И.Г нь Чингис хаан агаарын замын боомтоор 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Хонг-Конг улс руу гарсан, 17-ны өдөр улсын хилээр орсон бүртгэлд авагдсан байна” гэх хариуг тус тус ирүүлсэн.
Дээрх үйл баримтаас үзвэл сахилгын хэргийн холбогдох шүүгч И.Г мэдээлэлд дурдсанчлан 2023 оны 02 дугаар сарын 10-17-ны өдрүүдэд Хонг-Конг улсад зорчсон болох нь тогтоогдож байна.
Харин казино тоглож явсан эсэхийг тогтоохоор зохих шалгах ажиллагааг явуулсан боловч гадаад улсад нотлох баримт цуглуулах эрх зүйн зохицуулалт нь урт хугацаа болон олон шаардлагуудтай учир сахилгын хэргийн баримтад нотлох баримт авагдаж нотлогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.
Сахилгын хэргийн холбогдох шүүгч И.Г мэдээлэлд дурдагдсан хугацаанд ажлын байран дээрээ байсан эсэх, чөлөө авсан эсэхийг тодруулахаар ... дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газраас холбогдох баримтыг нотлох баримт гаргуулах захирамжаар гаргуулан авсан.
... дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын 2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 239 дүгээр албан бичгээр ирүүлсэн баримтад ... дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийг хүлээн авсан 2023 оны бүртгэлийн дэвтрийн 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдрөөс 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдрийг хүртэлх бүртгэл, ... дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдрөөс 03 дугаар сарын 03-ны өдрийг хүртэлх хугацааны шүүх хуралдааны зар, 2023 оны 02 дугаар сард шүүгч И.Г-ын бүрэлдэхүүнд болон даргалж оролцсон шүүх хуралдааны тогтоол, шийдвэр, захирамжийн өнгөн хувь зэрэг баримтыг гаргуулан авсан.
Дээрх баримтуудаас үзэхэд ... дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийг хүлээн авсан 2023 оны бүртгэлийн дэвтэрт бүртгэгдсэнээр шүүгч И.Г-д хэрэг тодорхой дүрэм журмын дагуу 2023 оны 01 дүгээр сарын 30, 02 дугаар сарын 02, 02 дугаар сарын 09, 02 дугаар сарын 10, 02 дугаар сарын 16, 02 дугаар сарын 17, 02 дугаар сарын 20-нд гэх мэтчилэн 9 хэрэг хуваарилагдан, шүүгч болон түүний туслах гарын үсэг зурж, хүлээн авсан байна.
... дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдрөөс 03 дугаар сарын 03-ны өдрийг хүртэлх хугацааны шүүх хуралдааны зар, тухайн хугацаанд сахилгын хэргийн холбогдох шүүгчийн оролцсон буюу гаргасан эрх зүйн актуудыг нотлох баримтын шаардлага хангуулан гаргуулан авч үзэхэд мэдээлэлд дурдагдсан хугацаанд буюу 2023 оны 02 дугаар сарын 06-10, 02 дугаар сарын 13-17-ны Шүүх хуралдааны зард шүүгч И.Г дангаар 6 шүүх хурал зарлаж, бүрэлдэхүүнд 2 орсон байна.
Дээрх шүүх хуралдаанаас гарсан эрх зүйн актыг шүүж үзэхэд шүүгч И.Г 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 2023/ШЦТ/102 дугаар шийтгэх тогтоол, 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 2023/ШЦТ/103 дугаар шийтгэх тогтоол, 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 2023/ШЦТ/104 дүгээр шийтгэх тогтоол, 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 2023/ШЗ/322 дугаар “Шүүх хуралдааны тов хойшлуулах тухай” шүүгчийн захирамж, 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 2023/ШЗ/327 дугаар “Шүүхийн шийдвэрийг залруулах тухай” шүүгчийн захирамж, 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 2023/ШЗ/353 дугаар Шүүгчийн захирамж зэрэг эрх зүйн актуудыг гаргасан байдаг.
Илтгэгч гишүүн 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдөр ... дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт очиж, тухайн 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 2023/ШЗ/322 дугаар Шүүх хуралдааны товыг хойшлуулах тухай захирамжаар шийдвэрлэсэн шүүх хуралдааны бичлэгийг Тамгын газрын шүүх хуралдааны бичлэгийн сангаас хайлгахад тухайн өдрийн шүүх хуралдааны бичлэг хадгалагдаагүй байсан болохыг илтгэгч гишүүний үзлэгийн тэмдэглэлээр бэхжүүлэн сахилгын хэрэгт хавсаргасан.
Мөн ... дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчид чөлөө олгосонтой холбогдох баримт болох Ерөнхий шүүгчийн захирамжийн бүртгэл, Шүүгчдийн зөвлөгөөний тогтоолын бүртгэл, Тамгын газрын шүүгчид чөлөө олгох бүртгэлийн дэвтэр зэрэг баримтыг нотлох баримтын шаардлага хангуулан гаргуулан авч үзэхэд тухайн бүртгэлүүдэд шүүгч И.Г-ын тус хугацаанд авсан чөлөөтэй холбогдох бүртгэл авагдаагүй байлаа.
Монгол Улсын Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 345 дугаар тогтоолоор баталсан Шүүгчид чөлөө олгох журмын 2.1 дэх заалтад “Шүүгчид олгох чөлөө хугацаанаас хамаарч дараах төрөлтэй байна: 2.1.1.ажлын тав хүртэлх өдрийн хувийн чөлөө; 2.1.2.Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.5 дахь заалтад заасан гурав хүртэлх сарын чөлөө; 2.1.3.Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.1.10 дахь заалтад заасан гурваас дээш сарын чөлөө” гэж заасан байх бөгөөд 2.2-т “Эмчийн магадалгаатай тохиолдолд энэ журмын 2.1-д заасан чөлөө хамаарахгүй бөгөөд шүүгч эмчийн магадалгаагаар хөдөлмөрийн чадвар түр алдсан бол тэтгэмж цалин хөлсний зөрүүг хөдөлмөрийн чадвар түр алдсан хугацаанд олгоно” гэж зохицуулжээ.
Сахилгын хэргийн холбогдох шүүгч И.Г Шүүхийн сахилгын хороонд ирүүлсэн тайлбартаа “Миний бие И.Г нь 2023 оны 02 дугаар сарын 10-аас 17-ны хооронд БНХАУ-ын Хонг-Конг-д хувийн шалтгаанаар зорчсон. 2023 оны 02 дугаар сарын 11-ээс 13-ны хооронд Шин Жинд, 2 сарын 13-аас 16-ны хооронд Хонг-Конгт нүдний даралт, цусан хангамжийн дутмагшил шалтгаанаар эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан болно” гэх тайлбарыг “Хюман хийлт” /Human health/ гэх эмнэлэгт эмчилгээ, үйлчилгээ авсан тодорхойлолтын хуулбарыг “Энх лайт” орчуулгын төвөөр орчуулуулсан орчуулгын хамт ирүүлсэн.
Тус эрүүл мэндийн тодорхойлолтыг сахилгын хэргийн баримтад нотлох баримтын шаардлага хангахуйц байдлаар буюу эх хувиар гарган ирүүлэхийг илтгэгч гишүүний 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн ГЗБ/2023/0482 дугаар захирамжаар сахилгын хэргийн холбогдох шүүгч И.Г-д даалгасан боловч холбогдох шүүгч 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдөр ирүүлсэн тайлбартаа “2023.02.13-2023.02.16 өдрүүдэд Human health эмнэлэгт эмчилгээ, үйлчилгээ авсан тодорхойлолтыг цахим хаяг ...-аар ирүүлсэн болно” гээд цахим хаягаар ирсэн тодорхойлолтын скрийн шот хийсэн зургийг хавсарган ирүүлсэн.
Тухайн скрийн шот хийсэн зургаас үзвэл тухайн мэйлийг Bold khu буюу moritan1129@gmail.com хаягаас 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдөр өглөөний 07:40-д ирүүлсэн мэйлийг 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 07:43-д meeya328@gmail.com хаягаар дамжуулан шүүгчийн дурдагдсан хаягт илгээсэн байна.
Эрүүл мэндийн тухай хуулийн 38 дугаар зүйлд Эмнэлгийн магадалгаа гаргах талаар 38.1-д “Эмч, эмнэлгийн байгууллага дор дурдсан асуудлаар магадалгаа гаргана” гээд 38.1.1-д “Монгол Улсын иргэн, тус улсад байнга буюу түр оршин суугаа гадаадын иргэн, харьяалалгүй хүн өвчлөх, осол, гэмтэлд өртөх, нас барах, төрөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувилуулах, хөл хоригдох, өвчтөн асрах”, 38.1.2-т “хөдөлмөрийн чадвараа хагас болон бүрэн алдах; 38.1.3.цогцост задлан шинжилгээ хийсэн тухай дүгнэлт гаргах”, 38.1.4-т “эрүүл мэндийн холбогдолтой бусад асуудлаар” гэж тус тус зохицуулсан.
...Хэдийгээр Шүүгчид чөлөө олгох журмын 2.2-т “Эмчийн магадалгаатай тохиолдолд энэ журмын 2.1-д заасан чөлөө хамаарахгүй бөгөөд шүүгч эмчийн магадалгаагаар хөдөлмөрийн чадвар түр алдсан бол тэтгэмж цалин хөлсний зөрүүг хөдөлмөрийн чадвар түр алдсан хугацаанд олгоно” гэж зохицуулсан байх боловч сахилгын хэргийн холбогдох шүүгч И.Г-ын шүүхийн сахилгын хороонд ирүүлсэн “Хюман хийлт” /Human health/ гэх эмнэлэгт эмчилгээ, үйлчилгээ авсан тодорхойлолтын хуулбарыг Эрүүл мэндийн тухай хууль болон Эмнэлгийн магадалгаа гаргах нийтлэг журмын аль зохицуулалтад хамаарах нь тодорхой бус байх тул эмнэлгийн магадалгаа гэж үзэх боломжгүй байна.
...Сахилгын хэрэгт цугласан баримтаас шүүгч И.Г нь 2023 оны 02 дугаар сарын 10-17-ны өдрүүд буюу ажлын 6 хоног Хятад улсын Хонг-Конг хотод эрүүл мэндийн шалтгаанаар бус хувийн шалтгаанаар зорчсон болох нь тогтоогдож байна.
Монгол улсын шүүхийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.5-д “шүүгчид энэ хуулийн 72.1.10-т зааснаас богино хугацааны чөлөө олгох эсэхийг Шүүгчдийн зөвлөгөөнөөр хэлэлцүүлэн шийдвэрлэх, хөдөлмөрийн дотоод журамд заасан чөлөөг дангаар олгох”, 72.1.10-т “шүүгч гурван сараас дээш хугацаагаар эмчилгээ хийлгэх, суралцах, эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийх бол чөлөө олгох” гэж зохицуулсан.
Шүүхийн Ерөнхий зөвлөлийн 2022 оны 345 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Шүүгчид чөлөө олгох журам”-ын 2.4-т “Шүүгчид ажлын тав хүртэлх өдрийн хувийн чөлөөг тухайн шүүхийн Ерөнхий шүүгч дангаар шийдвэрлэхдээ Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3 дахь хэсэгт заасны дагуу захирамж гаргана”, 2.6-д “Ерөнхий шүүгч, шүүгчид ажлын таван өдрөөс дээш гурван сар хүртэл хугацааны чөлөө олгох эсэхийг Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.5 дахь заалтад заасны дагуу тухайн шүүхийн Шүүгчдийн зөвлөгөөн шийдвэрлэж, тогтоол гаргана” гэж тус тус зохицуулсан.
Сахилгын хэргийн холбогдох шүүгч И.Г нь ажлын 6 хоног хувийн хэргээр бусад улсад зорчихдоо шүүгчид чөлөө олгох хуулийн дээрх зохицуулалтын аль нэгэнд хамаарах чөлөө авсан талаарх баримт сахилгын хэрэг хянан шалгах ажиллагааны явцад тогтоогдсонгүй.
...Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлд ажилтны үндсэн эрхэд “ээлжийн амралт эдлэх, зохих журмын дагуу хувийн чөлөө авах” гэж тусгагдсан байх ба тус хуулийн 42.2 дахь заалтад “Ажилтан дараах үндсэн үүрэгтэй” гээд 42.2.1-т “ажил үүргээ биечлэн, үнэнчээр, өөрийн ур чадвар, боломжоо дайчлан зохих ёсоор гүйцэтгэх”, 42.2.2-т “хөдөлмөрийн хууль тогтоомж, хамтын гэрээ, хамтын хэлэлцээр, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээг дагаж мөрдөх, ажлын цагийг баримтлах, ажлын цагийг гагцхүү ажил үүргээ гүйцэтгэхэд зарцуулах” гэж тус тус зохицуулжээ.
Мөн Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-т “Төрийн албан хаагч дараах нийтлэг үүрэг хүлээнэ” гээд 37.1.16-д “Хөдөлмөрийн тухай хууль, байгууллагын хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу ажлын цагийг үр бүтээлтэй ашиглах” гэж тусгажээ.
...Сахилгын хэрэгт цугласан үйл баримтаас сахилгын хэргийн холбогдох шүүгч И.Г нь өргөдөлд дурдагдсанчлан 6 хоног хувийн хэргээр бусад улсад хувийн хэргээр зорчихдоо зохих журмын дагуу чөлөө, эмнэлгийн магадалгаа аваагүй, хөдөлмөрийн цалин хөлсөө хуульд заасны дагуу бүтэн авсан боловч ажлын цагийг гагцхүү ажил үүргээ гүйцэтгэхэд зарцуулаагүй байгаа нь Шүүгчийн ёс зүйн талаарх Бангалорын зарчим (2002)-ийн Үнэт зүйл 3-т заасан шударга байдлын зарчимд нийцээгүй, шүүгч хүний хувьд шударга ёсыг бэхжүүлэх үүрэгтэй атлаа түүнийгээ хэрэгжүүлээгүй нь тогтоогдож байна.
Дээрх үндэслэлээр сахилгын хэргийн холбогдох шүүгч И.Г нь төрийн тусгай албан тушаалтан болохын хувьд Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн зохих заалтуудыг зөрчсөн нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-д “хуулийн илт тодорхой заалтыг ноцтой, эсхүл удаа дараа зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргах” гэж заасан зохицуулалтыг зөрчсөн гэж үзэж нотлох дүгнэлт үйлдэв.” гэжээ.
Шүүгч И.Г Сахилгын хороонд гаргасан тайлбартаа: “...Миний бие И.Г нь 2023 оны 02 дугаар сарын 10-аас 17-ны хооронд БНХАУ-ын Хонг-Конг-д хувийн шалтгаанаар зорчсон. 2023 оны 02 дугаар сарын 11-ээс 13-ны хооронд Шин Жинд, 2 дугаар сарын 13-аас 16-ны хооронд Хонг-Конгт нүдний даралт, цусан хангамжийн дутмагшил шалтгаанаар эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан болно. Шүүгч миний бие хуульд заасан хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон зохицуулалтыг зөрчөөгүй гэж үзэж байгаа тул Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.11.2-т зааснаар сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг оруулж өгнө үү.” гэжээ.
Шүүгч И.Г Сахилгын хорооны хуралдаанд гаргасан тайлбартаа: “Сахилгын хэргийн оролцогч И.Г: Илтгэгч гишүүний гаргасан дүгнэлтийг хүндэтгэж байна. Миний бие 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс 17-ны өдөр хүртэл эрүүл мэндийн болон хувийн шалтгаантай байсан. Би 2 нүдний даралттай гэсэн оноштой. Манай шүүх хуульд өөрчлөлт орсноос хойш хэргийн ачаалал ихсэж миний нүдэнд ачаалал өгсөн. Он гараад миний нүдэнд харвалт өгсөн. Манай 2 найз “бид нар эмнэлгийн формд орно. Тэр үеэр чи очиж нүдээ үзүүлчих” гэхээр нь би явсан. Өргөдөлд дурдсан үндэслэл надад харамсалтай байна. Би хувьдаа хардаж байгаа. Энэ мэдээлэл дотроосоо л гардаг. 2022 онд салхитын мөнгөний ордны хэргийг шийдвэрлэсний дараа тухайн нөхцөл байдлууд үүсэж эхэлсэн. Хуульд зааснаар 3 шүүгчид эрүүгийн хариуцлага оногдуулсан. Тэрнээс хойш надад нэлээн дарамт шахалт ирдэг байсан учраас хардаж байгаа. Яагаад намайг очиж казинод тоглодог гэх нөхцөл байдал гаргаж ирсэн нь харамсалтай байна. Шалтгаан нь эрүүл мэндийн асуудал байсан. Эмнэлэг нь хүлээж аваад аппаратад оруулаад биеийн хэлэмжийг асуугаад бусад дотоод эрхтний шинжилгээг өгөөрэй, хамааралтай байдаг гэх асуудлыг ярьсан. Дараа нь тухайн үндэслэлүүдээр цалингийн зээл авч Солонгос улс руу явж эмчлүүлсэн. Миний элгэнд 2,8 см хэмжээтэй биет үүссэн байна гэх шинжилгээний хариу гарсан. Хоёрдох үндэслэл нь байхгүй хугацаандаа захирамж гаргасан гэдэг. Хуралдааныг хойшлуулахдаа боломжгүй тохиолдолд товоор хойшлуулдаг. Гэхдээ байгаа үедээ 02 дугаар сарын 10-ны өдрөөс өмнө авчаарай гэж шүүгчийн туслахдаа хэлсэн. Манай туслах тухайн үед “ажлын ачааллаас болоод авч чадаагүй, 14-ний өдрөөр оруулчихлаа, процессын алдаа гарч магадгүй” гэж хэлсэн. Гарын үсэг зурсан үндэслэлийг зөвшөөрч байгаа. Эхний үндэслэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Иргэн н.Ч нь ... дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч И.Г-д холбогдуулан “...Шүүгч нар ажлын долоон хоногоор 2023 оны 02 дугаар сарын 2 дахь арав хоногт Хонконг, Макаод казино тоглосон, ингэхээр иргэн бид яаж шүүхэд итгэж найдах юм бэ” гэх агуулгаар мэдээлэл гаргажээ.
Сахилгын хэрэгт цугларсан баримтуудаас үзэхэд шүүгч И.Г нь 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс 17-ны өдрийн хооронд БНХАУ-ын тусгай захиргааны бүс Хонг-Конг-д хувийн шалтгаанаар зорчсон нь Хил хамгаалах ерөнхий газрын 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 2-4в/2720 дугаар албан бичиг болон шүүгчийн өөрийнх нь хүлээн зөвшөөрсөн тайлбараар нотлогдож байх ба ... ирүүлсэн Human health эмнэлэгт эмчилгээ, үйлчилгээ авсан тодорхойлолт гэх баримтыг хуульд нийцсэн нотлох баримт гэж үзэх боломжгүй тул эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан нь нотлогдоогүй талаар илтгэгч гишүүн үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д “Ерөнхий шүүгч энэ хуулийн 16 дугаар зүйлд зааснаас гадна дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”: 17.1.5 “шүүгчид энэ хуулийн 72.1.10-т зааснаас богино хугацааны чөлөө олгох эсэхийг Шүүгчдийн зөвлөгөөнөөр хэлэлцүүлэн шийдвэрлэх, хөдөлмөрийн дотоод журамд заасан чөлөөг дангаар олгох”, 72 дугаар зүйлийн 72.1.10.”шүүгч гурван сараас дээш хугацаагаар эмчилгээ хийлгэх, суралцах, эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийх бол чөлөө олгох” гэж, Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 345 дугаар тогтоолоор баталсан Шүүгчид чөлөө олгох журмын 2.1-д “Шүүгчид олгох чөлөө хугацаанаас хамаарч дараах төрөлтэй байна”, 2.1.2 “Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.5 дахь заалтад заасан гурав хүртэлх сарын чөлөө”, 2.6-д “Ерөнхий шүүгч, шүүгчид ажлын таван өдрөөс дээш гурван сар хүртэл хугацааны чөлөө олгох эсэхийг Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.5 дахь заалтад заасны дагуу тухайн шүүхийн Шүүгчдийн зөвлөгөөн шийдвэрлэж, тогтоол гаргана” гэж заасан.
Гэтэл нэр бүхий шүүгч нь 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс 17-ны өдөр хүртэл ажлын 6 хоног гадаад улсад зорчихдоо шүүгчид чөлөө олгох дээрх хууль, журмын заалтыг зөрчиж зохих ёсоор чөлөө аваагүй буруутай байна.
Иймд гадаад улсад хувийн хэргээр зорчихдоо зохих журмын дагуу чөлөө, эмнэлгийн магадалгаа аваагүй, хөдөлмөрийн цалин хөлсөө хуульд заасны дагуу бүтэн авсан боловч ажлын цагийг гагцхүү ажил үүргээ гүйцэтгэхэд зарцуулаагүй нь Шүүгчийн ёс зүйн талаарх Бангалорын зарчим (2002)-ийн Үнэт зүйл 3-т заасан шударга байдлын зарчимд нийцээгүй, шүүгч хүний хувьд шударга ёсыг бэхжүүлэх үүрэгтэй атлаа түүнийгээ хэрэгжүүлээгүй талаар илтгэгч гишүүний хийсэн дүгнэлт зөв.
Гэвч шүүгч И.Г-ыг Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т заасан зөрчил гаргасан гэх үндэслэлээр нотлох дүгнэлт үйлдсэнийг хүлээн авах боломжгүй гэж бүрэлдэхүүн үзлээ. Тодруулбал,
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т “хуулийн илт тодорхой заалтыг ноцтой, эсхүл удаа дараа зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргах” гэж заасныг шүүгч шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэхдээ гагцхүү Монгол Улсын Үндсэн хууль, түүнд нийцүүлэн гаргасан бусад хууль, Монгол Улсын олон улсын гэрээнд захирагдаж хуулийг тайлбарлан хэрэглэхдээ хэнд ч илэрхий ойлгомжтой төдийгүй шүүхийн практикт нэг мөр ойлгож хэрэгжүүлдэг зохицуулалтыг санаатайгаар гуйвуулан тайлбарлаж өөрөөр хэрэглэсэн, хуульд захирагдах зарчмыг ноцтой эсхүл удаа дараа зөрчсөн байхыг ойлгодог.
Өөрөөр хэлбэл, Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлд заасан ажилтны үндсэн эрхийг тодорхойлсон зохицуулалт, Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасан төрийн албан хаагчийн нийтлэг үүргийг тодорхойлсон зохицуулалтыг тус тус зөрчсөн гэх үндэслэл Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т заасан сахилгын зөрчилд хамаарахгүй.
Харин Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.24-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр албан ажлаа удаа дараа таслах” гэж заасныг зохих журмын дагуу чөлөө аваагүй, ямар нэг хүндэтгэх шалтгаангүйгээр албан ажлаа тасалсан байхыг ойлгох боловч уг зохицуулалтын урьдач нөхцөл нь тухайн зөрчлийг удаа дараа гаргасан тохиолдолд сахилгын зөрчилд тооцохоор байна.
Иймд Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.8-д “Нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор, тухайн сахилгын хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв талаас нь үнэлнэ” гэж заасантай нийцээгүй гэх үндэслэлээр нотлох дүгнэлтийг хүчингүй болгож, нэр бүхий шүүгчид холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн бөгөөд шүүгч цаашдаа дахин ийм зөрчил гаргахгүй байхыг анхаарч ажиллах нь зүйтэйг тэмдэглэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.1, 112.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Сахилгын хорооны гишүүний 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн ГНД/2023/0019 дугаартай “Сахилгын зөрчил гаргасныг нотлох тухай” дүгнэлтийг хүчингүй болгож, ... дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч И.Г-д холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Магадлалыг сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл, мэдээлэл гаргагчид хүргүүлэхийг Ажлын албанд даалгасугай.
3.Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.8 дахь хэсэгт зааснаар магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ О.НОМУУЛИН
ГИШҮҮН Ц.Давхарбаяр
Д.Ариунтуяа