
МОНГОЛ УЛС
ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО
МАГАДЛАЛ
2024-12-23
Дугаар 126
Улаанбаатар хот

Нотлох дүгнэлтийг хүчингүй болгож, сахилгын хэргийг
бүхэлд нь хэрэгсэхгүй болгох тухай
Сахилгын хорооны хуралдааныг гишүүн О.Номуулин даргалж, гишүүн Ц.Давхарбаяр, Д.Ариунтуяа нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Б.Сугар, хуралдааны нарийн бичгийн дарга А.Намуундарь нарыг оролцуулан, ... аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Б, шүүгч Б.Х, Б.Д, ... аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Р.Ү, ... аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.А, ... аймгийн ... сум дахь сум дундын шүүхийн шүүгч Ц.Д нарт холбогдох Сахилгын хорооны гишүүний 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн “Нэр бүхий шүүгч сахилгын зөрчил гаргасныг нотлох дүгнэлт үйлдэж, зарим шүүгчийн сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргах тухай” ГНД/2023/0025 дугаар нотлох дүгнэлтийг тус хорооны хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Сахилгын зөрчлийг нотлох дүгнэлтэд: “...Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2023 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн “Сахилгын хэрэг үүсгэх тухай” ГЗҮ/2023/0058 дугаар захирамжаар ... аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Б, шүүгч Р.Ү, Л.А, Б.Х нарт холбогдуулан, 2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн ГЗҮ/2023/0085 тоот захирамжаар ... аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Д, Б.Д нарт холбогдуулан сахилгын хэрэг үүсгэн, шалгах ажиллагаа явуулав.
Нэг. ...Сум дундын ... шүүхийн шүүгчийн 2014 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн “Зохигчдын эвлэрлийг батлах тухай” 570 дугаар захирамжаар Голомт банк 19,420,167,899,85 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаа 299,761,238,77 төгрөгөөр бууруулж, хариуцагч “О т” ХХК-иас 19,120,406,650,88 төгрөгийг 2014 оны 06 сарын 30-ны дотор төлж барагдуулахаар, ...зээлийн болон барьцааны гэрээний үүргийн гүйцэтгэлийг "Эвлэрлийн гэрээний 2.2.1, 2.2.2, 2.2.3, 2.5.1-2.5.15-д заасан хөдлөх, үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангахаар тохиролцсон ...зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
... аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандан “О т” ХХК-аас 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн “Тус шүүхийн шүүгчийн 2014 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 570 дугаар зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамжийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас дахин хянуулах тухай” 1 дугаартай албан бичгээр ...хүсэлт гаргажээ.
... аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн “Шүүх бүрэлдэхүүн томилох тухай” 142/ЕШ2022/00112 дугаар захирамжаар ...шүүх хуралдаан даргалагчаар Р.Ү, шүүгч Л.А, шүүгч Б.Х нарыг томилсон шийдвэрийг албажуулж, ... аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 142/ШТ2022/00029 дүгээр тогтоолоор хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд өмгөөлөгч авч оролцох хүсэлтийг хангаж, “О т” ХХК-ийн гаргасан хүсэлтийг хэлэлцэх шүүх хуралдааныг 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 14 цаг хүртэл хойшлуулжээ.
... аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн “Хүсэлт хэлэлцэх тухай” 142/ШТ2022/00041 дүгээр тогтоолоор Сум дундын ... шүүхийн шүүгчийн 2014 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн “Зохигчдын эвлэрлийг батлах тухай” 570 дугаар захирамжийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах тухай хүсэлт гаргагч “О т” ХХК-ийн хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн байна.
... аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн “Хүсэлт хэлэлцэх тухай” 142/ШТ2022/00041 дүгээр тогтоолоор хүсэлтийг шийдвэрлэхдээ ... “О т” ХХК-ийн шүүхэд ирүүлсэн зээлийн дансны хуулгыг шүүхийн шийдвэр гарах үед хэргийн оролцогчид мэдээгүй буюу мэдэх боломжгүй байсан нотлох баримт гэж үзэх боломжгүй гэж үзэж хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн хууль зүйн үндэслэлээ тогтоолдоо тодорхой дурдан тайлбарласан байна.
Иймд ... аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 142/ШТ2022/00041 дүгээр тогтоолыг гаргахдаа хуульд заасан үндэслэл журмын дагуу, хуулиар олгосон эрх хэмжээний хүрээнд энэхүү тогтоолыг гаргасан байх бөгөөд хуульд заасан журмын дагуу хэргийн оролцогч зохигч талын гаргасан хүсэлтийг шүүх бүрэлдэхүүнээр хэлэлцэж холбогдох хуулийг баримтлан шийдвэрлэснийг сахилгын зөрчил гэж үзэхгүй ба нэр бүхий шүүгч нарын энэхүү хүсэлт шийдвэрлэж тогтоол гаргасан үйлдэл нь сахилгын зөрчилд тооцохгүй.
Хоёр. ... аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандан “О т” ХХК-аас 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн “Тус шүүхийн шүүгчийн 2014 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 570 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулах тухай” 22 дугаартай албан бичгээр “...тус захирамжийг хүчингүй болгож, хэргийг буцаан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оруулан, ердийн журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэсэн хүсэлт гаргасан байна.
... аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Б 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн “Хүсэлт шийдвэрлэх тухай” 142/ШЗ2022/01877 дугаар захирамжийн ЗАХИРАМЖЛАХ нь хэсгийн 1 дэх заалтаар хүсэлтийг хангахаас татгалзаж, 2 дахь заалтаар тус захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг дурджээ.
... аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Б 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн “Хүсэлт шийдвэрлэх тухай” 142/ШЗ2022/01877 дугаар захирамжаар “О т” ХХК-ийн хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэхдээ хүсэлтийг хангахаас татгалзсан үндэслэлээ “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1-д заасан, илтэд үндэслэл муутай гэдгийг шүүгч, хэргийн оролцогч, өөр хэн ч үзсэн бодит үнэнд нийцээгүй, үг, үсэг, тоо, тооцооны алдаатай зэрэг байдлыг ойлгоно, 570 дугаартай шүүхийн шийдвэрт дээрх үндэслэлүүд тогтоогдоогүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1-д зааснаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгох нь бусад этгээдийн хүсэлтээр бус шүүгч, шүүх бүрэлдэхүүн өөрөө алдаагаа залруулах, илтэд үндэслэл муутай эрхийн актаа өөрчлөх, хүчингүй болгох зохицуулалт юм” гэж дэлгэрэнгүй тодорхой тайлбарласан болох нь сахилгын хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.
Харин ... аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Б 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн “Захирамжид өөрчлөлт оруулах тухай” 142/ШЗ2022/02618 дугаар захирамжаар дээрх шүүгчийн захирамж буюу 142/ШЗ2022/01877 дугаар захирамжийн ЗАХИРАМЖЛАХ нь хэсгийн 2 дахь заалт гомдол гаргах эрхгүй гэснийг “захирамжид гарсан өдрөөс нь хойш 10 хоногийн дотор зохигч тус шүүхэд гомдол гаргах эрхтэй” гэж өөрчилсөн байна.
Шүүгч Б.Б нь хуульд заасан эрх хэмжээний хүрээнд зохигчийн хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэсэн, тодруулбал шүүгч өөрийн хүсэл зоригоор биш харин хүсэлт гаргагчийн буюу зохигч талын удаа дараагийн хүсэлтийг хүлээн авч хангаж гомдол гаргах эрхийг нь олгосон гэж үзэхээр байна.
Харин энэхүү үйл баримтаар Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23 дахь хэсэг буюу хуулийн илт тодорхой заалтыг ноцтой, эсхүл удаа дараа зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргасан гэж үзэж болохуйц нөхцөл байдал тогтоогдож байна.
Учир нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 124 дүгээр зүйл 124.1-т “Энэ хуулийн 123.1-д заасны дагуу гаргасан шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж илт үндэслэл муутай бол тухайн шүүх бүрэлдэхүүн тогтоол, шүүгч захирамж гарган хүчингүй болгох, эсхүл өөрчилж болно” гэж хуульчлан заасан байх бөгөөд хуулийн тус зүйл заалтаас үзэхэд шүүгч өөрийн захирамжийг хүчингүй болгосон, эсхүл өөрчилсөн тохиолдолд гомдол гаргах эрхтэй гэж шууд ойлгогдохоор илэрхий, тодорхой хуульчлан заажээ.
Өөрөөр хэлбэл, холбогдох шүүгч Б.Б өмнө нь шүүх нэгэнт шийдсэн асуудал буюу шүүгчийн захирамжаар эцэслэн шийдвэрлэгдсэн асуудлыг дахин шийдвэрлэхдээ “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1-д зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч захирамжид гарсан өдрөөс нь хойш 10 хоногийн дотор гомдол гаргах эрхтэй” гэсэн өөрчлөлтийг оруулсан байх бөгөөд энэ нь гомдол гаргах эрхгүй буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан гомдол гаргах эрхгүй захирамжид гомдол гаргах эрхтэй гэж өөрчлөлт оруулсан үйл баримт гэж үзэхээр байгаа болохыг тухайлан дурдах нь зүйтэй байна.
Иймд тухайн шүүгч нь урьд өмнө захирамж гаргаж гомдол гаргах эрхгүй гэж нэгэнт эцэслэн шийдвэрлэсэн байтал дахин хүсэлт шийдвэрлэхдээ гомдол гаргах эрхгүй хуулийн илт тодорхой зохицуулалттай захирамжид өөрчлөлт оруулж, гомдол гаргах эрхтэй болгон өөрчилсөн, ийнхүү өөрчилсөнтэй холбоотойгоор маш олон үйл явдал болж өрнөсөн гэж үзэж болохоор байгаа нь сахилгын хэрэг шалгах ажиллагааны явцад тогтоогдсон болно.
Гурав. Гомдол гаргагчийн зүгээс мөн тухайн шүүхийн бүх шүүгчдээс татгалзсан, татгалзлыг хүлээж авсан болон шүүгч Р.Ү-тай холбоотой үндэслэл гомдолдоо дурдсан байна.
Шалгах ажиллагааны явцад шүүгч Р.Ү өөрийн хүслээр, хувийн ашиг сонирхлоор, өөрөө дур мэдэн “О т” ХХК-ийн гаргасан хүсэлтийг хэлэлцэх бүрэлдэхүүнд ороогүй болох нь ... аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн “Шүүх бүрэлдэхүүн томилох тухай” 142/ЕШ2022/00112 дугаар захирамж буюу “О т” ХХК-ийн хүсэлттэй Голомт банкинд холбогдох иргэний хэргийг 2022.01.26-ны өдөр хянан хэлэлцэх шүүх хуралдаан даргалагчаар Р.Ү, шүүгч Л.А, шүүгч Б.Х нарыг томилсон шийдвэрийг албажуулсан захирамж, Ерөнхий шүүгч 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн “Гомдол хэлэлцэх шүүх хуралдаан даргалагч, шүүх бүрэлдэхүүнийг томилсон шийдвэрийг албажуулах тухай” 142/ЕШ2022/01157 дугаар захирамж буюу нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М-ын гаргасан гомдлыг хянан шийдвэрлэх шүүх хуралдааныг 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хянан хэлэлцэх шүүх хуралдаан даргалагчаар Ц.Д, шүүгч Б.Д, шүүгч Р.Ү нарыг томилсон шийдвэрийг албажуулсан захирамж зэрэг баримтуудаар нотлогдож байна.
... аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчдийн зөвлөгөөний 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн “Бүх шүүгчдийг татгалзан гаргах тухай хүсэлтийг шийдвэрлэх тухай” 142/ЗТ2022/00150 дугаар тогтоолоор бүх шүүгчдийг татгалзан гаргах тухай хүсэлтийг хүлээн авч, захирамжид гаргасан гомдлыг хянан шийдвэрлүүлэхээр адил шатны өөр шүүхэд шилжүүлэх нь зүйтэй гэж шүүгчдийн зөвлөгөөнөөр шийдвэрлэж, улмаар ... аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн “Шүүгчийн захирамжид гаргасан гомдлыг хэлэлцэх тухай” 132/ШТ2022/00029 дүгээр тогтоолоор ... аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн “Хүсэлт шийдвэрлэх тухай” 142/ШЗ2022/01877 дугаар захирамжийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн үйл баримт тогтоогдсон болно.
... аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандан “О т” ХХК-аас 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн “Гомдол гаргах тухай” 82 дугаартай албан бичгээр тус шүүхийн шүүгчийн 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 142/ШЗ2022/01877 дугаар захирамжийг эс зөвшөөрч гомдол гаргаж, мөн өдрийн 81 дугаартай албан бичгээр бүх шүүгчдийг татгалзсан хүсэлт гаргасан байх бөгөөд ... аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчдийн зөвлөгөөний 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн “Бүх шүүгчдийг татгалзан гаргах тухай хүсэлтийг шийдвэрлэх тухай” 142/ЗТ2022/00375 дугаар тогтоолоор ... аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 1877 дугаартай захирамжид өөрчлөлт оруулах, эсхүл хүчингүй болгох эсэхийг тухайн шүүхийн шүүгч болон шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэх тухай зохицуулалттай тул адил шатны өөр шүүхийн шүүх бүрэлдэхүүн дээрх хуулийн заалтаар шүүгчийн захирамж, тогтоолыг хянах боломжгүй гэж дүгнэсэн атлаа тогтоолын тогтоох хэсэгтээ 1877 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн, иймд уг гомдол нь хянан хэлэлцэгдээгүй, тухайн шүүхийн бүх шүүгчдийг татгалзсан байх тул хүсэлтийг хүлээн авч, захирамжид гаргасан гомдлыг хянан шийдвэрлүүлэхээр адил шатны өөр шүүхэд шилжүүлэх нь зүйтэй гэж шүүгчдийн зөвлөгөөнөөр шийдвэрлэсэн байна.
Нэхэмжлэгч “Г б” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдөр ... аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 142/ЕШ2022/01071 дугаартай гомдол шилжүүлэх захирамжийг эс зөвшөөрч хүчингүй болгож өгөхийг хүсэж гомдол гаргаж, ... аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 142/ШТ2022/00163 дугаар тогтоолоор 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 142/ЕШ2022/01071 дугаартай захирамжийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М-ын гомдлыг хангаж шийдвэрлэсэн байна.
Ийнхүү шүүх тогтоол гаргахдаа хуульд үндэслэж буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 171 дүгээр зүйлийн 171.1.3, 171.2, 123.3 дахь хэсгийг тус тус удирдлага болгосон болох нь сахилгын хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байх бөгөөд хуулиар бүрэн эрх олгосон зүйл заалтыг баримтлан эрх хэмжээнийхээ хүрээнд тогтоол гаргасан энэ үйл баримтыг сахилгын зөрчилд тооцохгүй, хуулийн илт тодорхой зүйл заалтыг ноцтой, эсхүл удаа дараа зөрчсөн гэж үзэхгүй.
Нийт шүүгчдийг татгалзсан бөгөөд татгалзлыг хүлээн авсан, гомдлыг шилжүүлэхээр Ерөнхий шүүгч захирамжаар шийдвэрлэсэн, уг захирамжийг эс зөвшөөрч гаргасан гомдлыг хянасан энэхүү үйл баримт нь сахилгын зөрчилд хамаарахгүй. Нэхэмжлэгчийн хүсэлт шийдвэрлэхтэй холбоотой үйл баримтыг буюу маргааны үйл баримтыг шийдээгүй харин гомдол шилжүүлсэн захирамжийг үндэслэлтэй эсэхийг хянасныг зөрчил гэж үзэхгүй.
Мөн ийнхүү гомдол шилжүүлэх захирамжийг хянахдаа шүүх бүрэлдэхүүн ... аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 163 дугаар тогтоолоор тус шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 375 дугаартай шүүгчдийн зөвлөгөөний тогтоолд дүгнэлт хийсэн нь хуулийн илт тодорхой заалтыг зөрчсөн зөрчил гэж үзэх хууль зүйн боломжгүй юм. Хэдий шүүхийн тогтоолд дүгнэлт хийсэн үйл баримт байх боловч тухайн тогтоолыг хүчингүй болгоогүй, өөрчлөөгүй, хянаагүй харин “Гомдол шилжүүлэх тухай” 142/ЕШ2022/01071 дугаар захирамжийг хянаад хуульд заасан эрх хэмжээний хүрээнд тус захирамжийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М-ын гомдлыг хангаж шийдвэрлэсэн болох нь сахилгын хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. Иймд энэхүү тогтоолыг гаргасан шүүх бүрэлдэхүүний шүүгчид болох шүүгч Ц.Д, Б.Д, Р.Ү нарыг сахилгын зөрчил гаргасан гэж үзэх үндэслэлгүй.
Харин ... аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн нэр бүхий шүүгч нарт хандан “О т” ХХК-аас тус шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 142/ШТ2022/00163 дугаар тогтоол илт үндэслэлгүй байгаа тул өөрчлөлт оруулах хүсэлт гаргаж, ... аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 142/ШТ2022/00183 дугаар тогтоолоор хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэжээ. Шүүх хүсэлтийг шийдвэрлэхдээ бүрэн эрхийнхээ хүрээнд хуульд заасан журмын дагуу шийдвэрлэж тогтоол гаргасан байх бөгөөд шүүх бүрэн эрхийнхээ хүрээнд зохигчдоос гаргасан хүсэлтийг шийдвэрлэсэн энэхүү үйл баримт нь хуулийн илт тодорхой заалтыг зөрчсөн үйлдэл гэж үзэх үндэслэлгүй тул сахилгын зөрчилд тооцохгүй.
... аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчдийн зөвлөгөөн хүсэлт гаргагч “О т” буюу зохигчийн тухайн шүүхийн бүх шүүгчдээс татгалзах тухай хүсэлтийг тухай бүр шийдвэрлэж байсан нь сахилгын хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх бөгөөд хуульд заасан эрх хэмжээний хүрээнд зохигчийн татгалзлыг шийдвэрлэж байсан үйл баримт тогтоогдож байна.
Иймд ... аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Б-д холбогдуулан сахилгын зөрчил гаргасныг нотлох дүгнэлт үйлдэж, ... аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Ү, Б.Х, Ц.Д, Б.Д, ... аймгийн Эрүү Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.А нарт холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргаж, сахилгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэв.” гэжээ.
Шүүгч Б.Б Сахилгын хороонд гаргасан тайлбартаа: “... Шүүгч Б.Б миний бие Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.1.-д заасан буюу албан тушаалын байдал, эрх нөлөөгөө урвуулан ашиглаж өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгосон зүйл байхгүй, мөн би Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-д заасан хуулийн илт тодорхой заалтыг ноцтой, эсхүл удаа дараа зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргаагүй тул сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д “Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй” гэж заасан. Түүнээс гадна шүүхийн шийдвэр, захирамжид гомдол гаргах хуульд заасан хугацаа гэж бий. Гомдол гаргагч шүүхийн шийдвэр, захирамжид гомдол гаргахад хязгааргүй мөнхийн цаг хугацаа үйлчилж хүссэн цагтаа дуртай үедээ дур зоргоороо шүүгч түүнийг өөрчилж хүчингүй болдог мэтээр ойлгож Сахилгын хороонд хандах, арга хэмжээ авахаар далайлган сүрдүүлж хууль зөрчүүлэх эрх байхгүй билээ. Бүхэл бүтэн 8-н жил шүү дээ. Давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах хугацаа 14 хоног байдагтай үүнийг харьцуулах юм бол 8-н жилд хэдэн 14 хоног байх бол. Түүнээс гадна энэхүү захирамж нь гомдол гаргах эрхгүй хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн захирамж билээ. Архивлагдаад дахиж хэзээ ч сөхөж эргэж авч үзэх боломжгүй болсон энэхүү хэрэгт нэг ёсондоо хуулиас гадуур, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд байгаа хэрэг мэт ажиллагаа явагдаж хүмүүсийн өчнөөн үнэт цаг хугацаа, бичиг цаас, шуудан холбооны зардал чирэгдэл, дээр нь сэтгэл санааны дарамтад давхар оруулж, хараат бус байх баталгааг алдагдуулж байгаад харамсаж байна” гэжээ.
Шүүгч Б.Х Сахилгын хороонд гаргасан тайлбартаа: “Миний хувьд Сум дундын ... шүүхийн 2014 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 570 дугаар шүүгчийн захирамжийг 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдөр шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулахаар гаргасан хүсэлтийг хэлэлцэх шүүх бүрэлдэхүүнд орсон байна. ...Тус шүүхийн зөвлөгөөний тогтоолын дагуу Р.Ү шүүгчид хуваарилагдсан, мөн би шүүх бүрэлдэхүүнд зөвлөгөөний тогтоолын дагуу Ерөнхий шүүгчийн бүрэлдэхүүн томилсон захирамжийн дагуу хүсэлт хэлэлцэх шүүх хуралдаанд орсон. Шүүх бүрэлдэхүүн хүсэлтийг хэлэлцээд шинээр илэрсэн нөхцөл байдалд тооцох үндэслэлгүй гэж үзэн хүсэлтийг хангахаас татгалзаж, 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдөр 41 дугаар шүүхийн тогтоол гарсан. ...Шүүх бүрэлдэхүүн хуульд заасан үндэслэл тогтоогдоогүй тул хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн нь хуулийг зөрчөөгүй болно. Гомдол гаргагч "О т" ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.М гомдолдоо: ...Шүүхийн тухай хуулийн 50.1.1, 50.1.23 дахь хэсэг болоод шүүгчийн ёс зүйн дүрэм, авлигын эсрэг хууль зөрчсөн эсэхийг шалган тогтоож өгнө үү гэжээ. Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлд Шүүгчид хориглох зүйл, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаар зохицуулсан бөгөөд 50.1.1.-д албан тушаалын байдал, эрх нөлөөгөө урвуулан ашиглаж өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгох; 50.1.23.-Т хуулийн илт тодорхой заалтыг ноцтой, эсхүл удаа дараа зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргасан бол... гэж заасан байна. Шүүгч, шүүх бүрэлдэхүүн хэрэг маргааныг хуульд заасны дагуу хянан шийдвэрлэх үүрэгтэй. Нэгэнт хуваарилагдан ирсэн нэхэмжлэл, хүсэлтийг шүүх хуульд заасан хугацааны дотор хянан шийдвэрлэх бөгөөд хуульд заасан үндэслэл байхгүй бол татгалзах эрхгүй юм. Миний хувьд албан тушаалын байдал, эрх нөлөөгөө урвуулан ашиглаж өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгох, хуулийн илт тодорхой заалтыг ноцтой, эсхүл удаа дараа зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргаагүй, бусад хууль тогтоомжийг зөрчөөгүй тул сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Шүүгч Л.А Сахилгын хороонд гаргасан тайлбартаа: “...Эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон 570 дугаартай шүүгчийн захирамжийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас дахин хянуулах тухай хүсэлтийг "О т" ХХК-аас 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр гэж огноолон ... аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан. ...”О т” ХХК-ний шүүхэд ирүүлсэн дансны хуулгыг шүүхийн шийдвэр гарах үед хэргийн оролцогчид мэдэгдээгүй буюу мэдэх боломжгүй баримт гэж үзэх үндэслэлгүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрч, эвлэрлийн гэрээ байгуулсан байх бөгөөд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа 299 761 238.77 төгрөгөөр багасгасан, хариуцагч 19 120 406 650.88 төгрөг болон улсын тэмдэгтийн хураамжийн төлбөрийг хүлээн зөвшөөрч, төлбөрийг төлж барагдуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн гэсэн нь талууд тооцоо нийлж төлөх төлбөрийн хувьд харилцан тохиролцсон гэж үзэх үндэслэлтэй бөгөөд хариуцагч дансны хуулгаа хэзээ ч үзэх эрхтэй байхаас гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед мэдэгдээгүй, мэдэгдэх боломжгүй баримт гэж үзэх үндэслэлгүй хэмээн шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн нь хууль зөрчөөгүй. "О т" ХХК-ний хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсний дараа “О т” ХХК-аас Сум дундын ... шүүхийн 2014 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 570 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулах тухай хүсэлт гаргасныг ерөнхий шүүгч Б.Б хүлээн авч, 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 1877 дугаартай захирамжаар хүсэлтийг хангахаас татгалзаж, гомдол гаргах эрхгүй гэж шийдвэрлэсэн ба 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 2618 дугаартай шүүгчийн захирамжаар 1877 дугаартай шүүгчийн захирамжийн захирамжлах хэсгийн 2 дахь заалтад өөрчлөлт оруулж, гомдол гаргах эрхтэй гэж өөрчилсөн байна. 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдөр “О т” ХХК-ний гаргасан гомдол шүүгч надад хуваарилагдсан. Ийнхүү 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн гомдол хэлэлцэх шүүх хуралдаанд "О т" ХХК-аас 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдөр ирүүлсэн тус шүүхийн нийт шүүгчдээс татгалзаж байгаа хүсэлтийг танилцуулж, гомдол хэлэлцэх шүүх хуралдааныг хойшлуулж шийдвэрлэсэн ба 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 150 дугаартай ... аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний тогтоолоор тус шүүхийн бүх шүүгчийг татгалзан гаргах тухай “О т” ХХК-ний хүсэлтийг хангаж, нийт шүүгчид гарын үсгээ зурсан байдаг. Өөрөөр хэлбэл “О т” ХХК-ний хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэсэн нь Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.1-д заасныг зөрчөөгүй гэж үзнэ. Шүүгч Л.А би Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.1 "албан тушаалын байдал, эрх нөлөөгөө урвуулан ашиглаж өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгох;", 50.1.23 "хуулийн илт тодорхой заалтыг ноцтой, эсхүл удаа дараа зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргах;" гэсэн шүүгчид хориглох хэм хэмжээг зөрчөөгүй тул надад холбогдуулан үүсгэсэн сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Шүүгч Р.Ү Сахилгын хороонд гаргасан тайлбартаа: “...Зохигчийн эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн 2014 оны 06 дугаар сарын 18-ны 570 дугаар шүүгчийн захирамжийг хүчин төгөлдөр болсноос хойш 8 жилийн дараа шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас дахин хянуулахаар хүсэлтийг “О т” ХХК шүүхэд гаргасан. “О т” ХХК-ийн 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр гаргасан хүсэлт нь Р.Ү надад хуваарилагдсан. Ингээд 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 41 дүгээр шүүхийн тогтоолоор “...”О т” ХХК-ийн шүүхэд ирүүлсэн зээлийн дансны хуулгыг шүүхийн шийдвэр гарах үед хэргийн оролцогчид мэдэгдээгүй буюу мэдэгдэх боломжгүй байсан нотлох баримт гэж үзэх боломжгүй...” гэж дүгнэсэн, дээрх тогтоол хууль зөрчөөгүй гэж үзэж байна. “О т” ХХК 2022 оны 09 дүгээр сарын 16-наар огноолсон ... аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх манай гаргасан гомдлыг хянаагүй тул дахин гомдлыг гаргаж байна гэсэн үндэслэлээр “2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 1877 дугаар захирамжийн 1 дэх заалтад 2014 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 570 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгосугай гэж өөрчилж, эсхүл тус захирамжийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү” гэсэн гомдлыг 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдөр ... аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан. Ингэхдээ 2022 оны 09 дүгээр сарын 16-наар огноолсон бүх шүүгчдийг татгалзах хүсэлтийг гаргасан нь 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Ерөнхий шүүгч Б.Б-д хуваарилагдсан байх ба 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 375 дугаар шүүгчдийн зөвлөгөөний тогтоолоор “О т” ХХК-ийн тус шүүхийн бүх шүүгчдийг татгалзан гаргах тухай хүсэлтийг хангаж, Ерөнхий шүүгчийн 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 1071 дүгээр захирамжаар ... аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 1877 дугаартай шүүгчийн захирамжид гаргасан гомдлыг хянан шийдвэрлүүлэхээр ... аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн. Шилжүүлсэн дээрх захирамжид “Г б” ХХК гомдол гаргасан, уг гомдол шүүгчдийн зөвлөгөөний тогтоолоор баталсан Хэрэг, нэхэмжлэл, өргөдөл, гомдол, хүсэлт хүлээн авах, хуваарилах болон хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг сугалаагаар томилох журмыг батлах тухай журмын дагуу шүүгч Ц.Д-д хуваарилагдсан, миний бие 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 1157 дугаар Ерөнхий шүүгчийн захирамжаар гомдлыг хянан хэлэлцэх бүрэлдэхүүнд томилогдсон. Дээрх үйл баримтыг дүгнэхэд төлбөр төлөгч “О т” ХХК-ийн удирдлагууд өөрсдөө сайн дурын үндсэн дээр эвлэрлийн гэрээг байгуулж “Г б” ХХК-аас авсан зээл 19 120 406 650 төгрөгийг төлөхөөр зөвшөөрсөн атлаа 8 жилийн дараа дээрх эвлэрлийг баталгаажуулсан 2014 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 570 дугаар шүүгчийн захирамжийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас дахин хянуулахаар хүсэлт гаргасан нь үндэслэлгүй байсан учраас шүүх хүсэлтийг хангаагүй. Энэ шийдвэр маань хууль зөрчөөгүй гэж үзэж байна. Манай шүүх тухайн үед 5 шүүгчийн бүрэлдэхүүнтэй ажиллаж байсан ба миний бие ... аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний тогтоолоор баталсан “Хэрэг, нэхэмжлэл, өргөдөл, гомдол, хүсэлт хүлээн авах, хуваарилах болон хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг сугалаагаар томилох журам”-ын дагуу хуваарилагдан ирсэн гомдол, хүсэлт, мөн дээрх журмын дагуу томилсон ерөнхий шүүгчийн захирамжийн дагуу л хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон. Шүүгч өөрөө дур мэдэн аливаа хэрэг, нэхэмжлэл, гомдол, хүсэлтийг өөртөө хуваарилуулах, түүнчлэн хүссэн хэргийнхээ бүрэлдэхүүнд дураараа оролцох эрх байдаггүй гэдгийг хариуцлагатайгаар хэлмээр байна. Миний хувьд шүүх бүрэлдэхүүнтэйгээр шийдвэрлэн тогтоол гаргаж Сум дундын ... шүүхийн 2014 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 570 дугаартай шүүхийн шийдвэрийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах тухай “О т” ХХК-ийн хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэр гаргаснаа хууль зөрчөөгүй гэж үзэж байна. Р.Ү миний бие Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.1-д заасан буюу албан тушаалын байдал, эрх нөлөөгөө урвуулан ашиглаж өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгосон зүйл байхгүй, мөн би Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23.-д заасан хуулийн илт тодорхой заалтыг ноцтой, эсхүл удаа дараа зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргаагүй тул сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Шүүгч Ц.Д, Б.Д нар сахилгын хороонд ирүүлсэн тайлбартаа: “...Тус шүүхэд “О т” ХХК нь 2022 оны 09 дүгээр сарын 16-нд “... ... аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх манай гаргасан гомдлыг хянаагүй тул дахин гомдлыг гаргаж байна...” гэсэн үндэслэлээр "... аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 1877 дугаар захирамжийн 1 дэх заалтад 2014 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 570 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгосугай гэж өөрчилж, эсхүл тус захирамжийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү” гэсэн гомдлыг 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдөр гаргасан бөгөөд уг гомдол хэрэг хуваарилах журмын дагуу шүүгч Р.Ү-д хуваарилагдсан. Мөн дээрх захирамжид гаргасан гомдлын хамт 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдрөөр огноолсон бүх шүүгчдийг татгалзах тухай хүсэлтийг гаргасан нь 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Ерөнхий шүүгч Б.Б-д хуваарилагдсан бөгөөд ... аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 375 дугаартай тогтоолоор “О т” ХХК-ийн тус шүүхийн бүх шүүгчдийг татгалзан гаргах тухай хүсэлтийг хангаж, тус шүүхийн Ерөнхий шүүгчийн 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 1071 дугаартай захирамжаар ... аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 1877 дугаартай шүүгчийн захирамжид гаргасан гомдлыг хянан шийдвэрлүүлэхээр ... аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.
“Г б” ХХК-ийн нэхэмжлэлтэй “О т” ХХК-д холбогдох иргэний хэрэгт ... аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 142/ЕШ2022/01071 дугаартай захирамжийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М “...зөвлөгөөний тогтоолоор тухайн шүүхийн бүх шүүгчийг татгалзах татгалзлын үндэслэлийн талаар үнэлэлт дүгнэлт өгч хэлэлцэж шийдвэрлэсэн зүйлгүй, харин гомдлын үндэслэлд үнэлэлт дүгнэлт өгч шийдвэрлэсэн зөвлөгөөний тогтоолд үндэслэн захирамжид гарсан гомдлыг өөр шүүхэд шилжүүлэхээр шийдвэрлэсэн ерөнхий шүүгчийн захирамж үндэслэл бүхий бөгөөд хуульд нийцсэн байх шаардлагыг хангахгүй байна...” гэх үндэслэлээр хүчингүй болгуулахаар гомдол гаргасныг шүүгч Ц.Д хүлээн авч шүүх бүрэлдэхүүнд шүүгч Б.Д, Р.Ү нар оролцож 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 142/ШТ2022/00163 дугаартай шүүхийн тогтоолоор хүчингүй болгож шийдвэрлэсэн. Шүүх бүрэлдэхүүн дээрх тогтоолыг гаргахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 171 дүгээр зүйлийн 171.1,171.1.3-т заасан бүрэн эрхийн хүрээнд “тус шүүхийн ерөнхий шүүгчийн захирамжид гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М-ын гомдол үндэслэлтэй гэж...” дүгнэж, захирамжийг хүчингүй болгосон үндэслэлийг тогтоолын үндэслэх хэсэгт тодорхойлж шийдвэрлэсэн болохоос тус шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний тогтоолд үнэлэлт, дүгнэлт өгч, уг тогтоолыг хянаж, өөрчилж, хүчингүй болгож шийдвэрлээгүй болно. Иймд тус шүүхийн ерөнхий шүүгчийн захирамжид гаргасан гомдлыг хэлэлцэж шийдвэрлэж тогтоол гаргахдаа хууль тогтоомж зөрчөөгүй тул сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
“О т” ХХК-ийн гаргасан өргөдөл мэдээллийн агуулгаас үзвэл “...... аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн нийт шүүгчид хуралдан манай компанийн зүгээс гаргасан татгалзлыг 2 удаа хүлээн авч шийдвэрлэхдээ нийт шүүгчдийн дийлэнх нь манай компанитай холбоотой хэргийг шийдвэрлэхэд ямар нэг байдлаар оролцсон буюу шударгаар шийдвэрлэж чадахгүй гэж үзээд шилжүүлсээр атал уг шилжүүлсэн захирамжид гаргасан гомдлыг 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хянахдаа хуулийг илт ноцтой зөрчсөн, Шүүхийн тухай хуулийн 19 дүгээр зүйлд заасан шүүгчдийн зөвлөгөөний эрх үүргийг аль ч талаас харсан шүүгч болон шүүх бүрэлдэхүүний шүүгч шүүгчдийн зөвлөгөөний тогтоолыг хянах, хүчингүй болгох эрх олгоогүй, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50.1.1, 50.1.23-т тус тус заасныг зөрчсөн...” гэж үндэслэлээ тодорхойлжээ.
Сахилгын хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч “Г б” ХХК, хариуцагч “О т” ХХК нарын хооронд байгуулагдсан эвлэрлийн гэрээг баталсан Сум дундын ... шүүхийн шүүгчийн 2014 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 570 дугаар захирамжийг хариуцагч “О т” ХХК-аас шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах хүсэлт гаргасныг ... аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 142/ШТ2022/00041 дүгээр тогтоолоор хангахаас татгалзаж шийдвэрлэсэн байх ба улмаар хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хүчингүй болгуулахаар хүсэлт гаргасныг шүүгч Б.Б 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 142/ШЗ2022/01877 дугаар захирамжаар хангахаас татгалзаж уг захирамжид гомдол гаргах эрхгүйг дурдсан, харин шүүгчийн 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 142/ШЗ2022/02618 дугаар захирамжаар урьд гаргасан 142/ШЗ2022/01877 дугаар шүүгчийн захирамжид “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 170 дугаар зүйлийн 170.1-д зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч захирамжид гарсан өдрөөс нь хойш 10 хоногийн дотор зохигч тус шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай” гэж өөрчлөлт оруулсан.
Ийнхүү гомдол гаргах эрхийг нээсний улмаас “О т” ХХК нь шүүгчийн 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 142/ШЗ2022/01877 дугаар захирамжид гомдол гаргасан, гомдлыг шийдвэрлэхтэй холбогдуулан нийт шүүгчдээс татгалзсаныг шүүгчдийн зөвлөгөөний 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 142/ЗТ2022/00150 дугаар тогтоолоор хангаж, гомдлыг шийдвэрлүүлэхээр ... аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн, ... аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 132/ШТ2022/00029 дүгээр тогтоолоор шүүгчийн захирамжийг хэлэлцэлгүй хэвээр үлдээсэн, “О т” ХХК-иас “132/ШТ2022/00029 дүгээр тогтоолоор захирамжид гаргасан гомдлыг шийдвэрлээгүй” гэх үндэслэлээр дахин хянуулах хүсэлтийг нийт шүүгчдээс татгалзсан татгалзлын хамт гаргасныг ... аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 142/ЗТ2022/00375 дугаар шүүгчдийн зөвлөгөөний тогтоолоор хүлээн авч, хэргийг ерөнхий шүүгчийн 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 142/ЕШ2022/01071 дүгээр захирамжаар ... аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн, хэргийг шилжүүлсэн захирамжид нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гомдол гаргасныг хянан хэлэлцээд 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 142/ШТ2022/00163 дугаар шүүхийн тогтоолоор захирамжийг хүчингүй болгосон, дахин хариуцагчаас хүсэлт гаргасны дагуу Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хэргийг шилжүүлсэн ч тус шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 184/ШТ2023/00116 дугаар тогтоолоор гомдлыг хянан хэлэлцэхээс татгалзаж буцаасан үйл баримт тогтоогдож байна.
Нэг. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1-д “Энэ хуулийн 123.1-д заасны дагуу гаргасан шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж илт үндэслэл муутай бол тухайн шүүх бүрэлдэхүүн тогтоол, шүүгч захирамж гарган хүчингүй болгох, эсхүл өөрчилж болно” гэж заасныг тухайн захирамж, тогтоолыг гаргасан шүүгч, шүүх бүрэлдэхүүнд өөрөө алдаагаа залруулах, илтэд үндэслэл муутай эрхийн актаа өөрчлөх, хүчингүй болгох боломж олгосон зохицуулалт гэж ойлгодог.
Дээрх хуулийн зохицуулалтаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгох нь бусад этгээдийн хүсэлтээр бус шүүгч, шүүх бүрэлдэхүүн өөрөө алдаагаа залруулах, илтэд үндэслэл муутай эрхийн актаа өөрчлөх, хүчингүй болгох зохицуулалт болох талаар дүгнэж шүүгчийн 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн “Хүсэлт шийдвэрлэх тухай” 142/ШЗ2022/01877 дугаар захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг баримтлан гаргасан атлаа шүүгчийн 2022 оны 05 дугаар сарын 03-ны 142/ШЗ2022/02618 дугаар захирамжаар өөрчлөлт оруулж гомдол гаргах эрхийг нээснээс уг шүүгчийн захирамжийг хянах үндэслэл бий болж улмаар 2014 онд эцэслэн шийдвэрлэгдсэн хэрэг маргааныг шийдвэрлэгдээгүй хэрэгтэй адилтгаж адил шатны өөр шүүхэд шилжүүлэх, татгалзал шийдвэрлэх, тухайн шүүхэд удаа дараа гомдол гаргах зэргээр шүүхийн үйл ажиллагаанд чирэгдэл учруулах гол шалтгаан болжээ.
Гэвч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1-д заасныг шүүхүүд зөрүүтэй тайлбарлан хэрэглэдэг болох нь Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38, 120, 124, 166, 167 дугаар зүйлийн зарим заалтыг тайлбарлах тухай” 17 дугаар тогтоол /албан ёсны тайлбар/ гарах хэрэгцээ нь болсон байх ба энэ тохиолдолд шүүгч Б.Б-г сахилгын зөрчил гаргасан гэж үзэх боломжгүй. Тодруулбал,
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т “хуулийн илт тодорхой заалтыг ноцтой, эсхүл удаа дараа зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргах” гэж заасныг хэнд ч илэрхий ойлгомжтой төдийгүй шүүхийн практикт нэг мөр ойлгож хэрэгжүүлдэг хуулийн зохицуулалтыг санаатайгаар гуйвуулан тайлбарлаж өөрөөр хэрэглэсэн, хуульд захирагдах зарчмыг зөрчсөн үйлдлийг ойлгох бөгөөд нэгдсэн шүүхийн практик тогтоогүй, шүүхүүд гомдол гаргах эрхийг олгохдоо өөр өөрөөр хэрэглэж байсан тул хуулийн зохицуулалтыг санаатайгаар гуйвуулан тайлбарлаж өөрөөр хэрэглэсэн зөрчилд хамаарахгүй.
Түүнчлэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1-д заасныг хуулийн илт тодорхой заалт гэж ойлгохгүй тул илтгэгч гишүүний “...шүүгч өөрийн захирамжийг хүчингүй болгосон, эсхүл өөрчилсөн тохиолдолд гомдол гаргах эрхтэй гэж шууд ойлгогдохоор илэрхий, тодорхой хуульчлан заасныг зөрчсөн байж болзошгүй...” гэх агуулгаар хийсэн дүгнэлтийг хүлээн авах үндэслэлгүй гэж бүрэлдэхүүн үзлээ.
Хоёр. ... аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн “Хүсэлт хэлэлцэх тухай” 142/ШТ2022/00041 дүгээр тогтоолоор Сум дундын ... шүүхийн шүүгчийн 2014 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн “Зохигчдын эвлэрлийг батлах тухай” 570 дугаар захирамжийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах тухай хүсэлт гаргагч “О т” ХХК-ийн хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн.
Дээрх тогтоолыг гаргасан шүүх бүрэлдэхүүн Р.Ү, Л.А, Б.Х нарт холбогдуулан гаргасан гомдлыг шалгаад сахилгын зөрчил гаргаагүй гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байна.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д “Сахилгын хороо энэ хуулийн 50, 51.1, 52, 53 дугаар зүйлд заасан хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон зохицуулалтыг зөрчсөн шүүгчид сахилгын шийтгэл оногдуулна” гэж зааснаар Шүүхийн сахилгын хороо нь тухайн шүүгчийн сахилгын зөрчил гаргасан тухай өргөдөл, мэдээллийг хүлээн авч, хуулиар нэрлэн заасан зөрчил гаргасан тохиолдолд хариуцлага хүлээлгэх чиг үүргийг хэрэгжүүлэн ажилладаг бөгөөд шүүхийн тогтоолын хууль зүйн үндэслэлд дүгнэлт өгөх, хэргийг хянах, нотлох баримтыг үнэлэх эрх хэмжээгүй болно.
Гурав. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д “Харьяаллын дагуу нэхэмжлэлийг хүлээн авсан бол шүүх хэргийг хянан шийдвэрлэнэ. Харин талуудын тайлбарыг үндэслэн дараах шалтгаанаар шүүх хуралдааны өмнө буюу шүүх хуралдааны явцад шүүхийн тогтоол, шүүгчийн захирамжаар өөр шүүхэд шилжүүлж болно”, 20.1.3-т “энэ хуулийн 93.2-т заасны дагуу тухайн шүүхийн бүх шүүгчийг татгалзан гаргасан бол”, 170 дугаар зүйлийн 170.1-д “Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 20.1, ...дүгээр зүйлд заасан шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж, шийтгэвэрт гарсан өдрөөс нь хойш 10 хоногийн дотор тухайн шатны шүүхэд гомдол гаргаж болно” гэж заасан.
Хариуцагч “О т” ХХК-аас шүүгч Б.Б-ийн 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 142/ШЗ2022/01877 дугаар захирамжид гаргасан гомдлыг дахин хянуулах хүсэлтийг нийт шүүгчдээс татгалзсан татгалзлын хамт гаргасныг ... аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 142/ЗТ2022/00375 дугаар тогтоолоор хүлээн авч, хэргийг ерөнхий шүүгчийн 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 142/ЕШ2022/01071 дүгээр захирамжаар ... аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн ч тус захирамжид нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гомдол гаргасныг ... аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх хянан хэлэлцээд 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 142/ШТ2022/00163 дугаар тогтоолоор захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.
Дээрх тогтоолыг гаргасан шүүх бүрэлдэхүүн Р.Ү, Б.Д, Ц.Д нарт холбогдох өргөдлийн үндэслэлээ “шүүх бүрэлдэхүүний шүүгч шүүгчдийн зөвлөгөөний тогтоолыг хянах, хүчингүй болгох эрх олгоогүй” гэж тодорхойлсон байх ба илтгэгч гишүүн “...тухайн шүүгчдийн зөвлөгөөний тогтоолыг хүчингүй болгоогүй, өөрчлөөгүй, хянаагүй харин ерөнхий шүүгчийн “Гомдол шилжүүлэх тухай” 142/ЕШ2022/01071 дугаар захирамжийг хянаад хуульд заасан эрх хэмжээний хүрээнд тус захирамжийг хүчингүй болгосон нь сахилгын зөрчил биш” гэж дүгнэснийг хүлээн авах нь зүйтэй байна.
Хэдийгээр, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 19 дүгээр зүйлд шүүгчдийн зөвлөгөөнөөр хэлэлцэн шийдвэрлэх асуудлыг нарийвчлан зохицуулсан, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.8-д “Ерөнхий шүүгч дангаар хэрэг хянан шийдвэрлэх явцад түүнийг татгалзсан буюу тухайн шүүхийн бүх шүүгчдийг татгалзсан бол шүүгчдийн зөвлөгөөн олонхын саналаар шийдвэрлэн тогтоол гаргана” гэж зааснаар тухайн шүүхийн бүх шүүгчдээс татгалзсан татгалзлыг хянан шийдвэрлэсэн шүүгчдийн зөвлөгөөний тогтоолын үндэслэлд хэн нэг шүүгч дангаар болон бүрэлдэхүүнээр дүгнэлт хийх нь буруу боловч шүүгчдийн зөвлөгөөний тогтоолын хүчин төгөлдөр байдалд халдаагүй энэ тохиолдолд зөрчил гэж үзэхгүй.
Харин цаашдаа дээрх алдааг гаргахгүй байж шүүхийн тогтоолын хууль зүйн үндэслэлээ тодорхой тайлбарлан бичих нь хэргийн оролцогчид болон олон нийтэд эргэлзээтэй, ойлгомжгүй нөхцөл байдал үүсгэхгүй байх ач холбогдолтойг анхаарч ажиллавал зохино.
Дээрхийг нэгтгэн дүгнээд шүүгч Б.Б, Б.Х, Б.Д, Р.Ү, Л.А, Ц.Д нарт холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.1, 112.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Сахилгын хорооны гишүүний 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн “Нэр бүхий шүүгч сахилгын зөрчил гаргасныг нотлох дүгнэлт үйлдэж, зарим шүүгчийн сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргах тухай” ГНД/2023/0025 дугаар дүгнэлтийг хүчингүй болгож, ... аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Б, шүүгч Б.Х, Б.Д, ... аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Р.Ү, ... аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.А, ... аймгийн ... сум дахь сум дундын шүүхийн шүүгч Ц.Д нарт холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Магадлалыг сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл, мэдээлэл гаргагчид хүргүүлэхийг Ажлын албанд даалгасугай.
3.Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.8 дахь хэсэгт зааснаар магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ О.НОМУУЛИН
ГИШҮҮН Ц.ДАВХАРБАЯР
Д.АРИУНТУЯА