info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих ШИЛЭН ДАНС
ENMNG

МОНГОЛ УЛС

ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО

МАГАДЛАЛ

2024-12-26

Дугаар 136

Улаанбаатар хот

Сахилгын хэргийг хэрэгсэхгүй

 болгох тухай 

Шүүхийн  сахилгын хорооны хуралдааныг гишүүн Б.Сугар даргалж, гишүүн Д.Ариунтуяа, Х.Хашбаатар нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн О.Номуулин, нарийн бичгийн дарга Г.Болортуяа нарыг оролцуулан тус хорооны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

... шүүхийн шүүгч А.Ц-д холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай саналыг хянан хэлэлцэв. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Сахилгын хорооны гишүүний ГС/2024/0129 дугаартай “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай санал”-д:

“... Өргөдөл гаргагч “З” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.А нь ... шүүхийн шүүгч А.Ц-д холбогдуулан гомдол гаргаж, үндэслэлээ “... Хэргийн оролцогч биш этгээд болох “Х” ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн хүсэлтээр урьд гаргасан шүүгчийн захирамжаа хүчингүй болгосон, удаа дараа хүсэлт гаргасан боловч  шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлээгүй, хууль бус үйл ажиллагааг шүүхээс хаацайлсан нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1, 50 дугаар зүйлийн 50.1.23, Шүүгчийн ёс зүйн дүрмийн холбогдох заалтуудыг зөрчсөн” гэж тодорхойлжээ.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д “Сахилгын хороо энэ хуулийн 50, 51.1, 52, 53 дугаар зүйлд заасан хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон зохицуулалтыг зөрчсөн шүүгчид сахилгын шийтгэл оногдуулна” гэж зааснаар Шүүхийн сахилгын хороо нь дээрх хуульд нэрлэн заасан шүүгчийн сахилгын зөрчил гаргасан тухай өргөдөл, мэдээллийг хүлээн авч шийдвэрлэх чиг үүрэг бүхий байгууллага тул өргөдөлд дурдсан үндэслэл Монгол Улсын Шүүхийн тухай хуульд нэрлэн заасан зөрчилд хамаарах эсэхэд дүгнэлт хийх шаардлагатай.

Сахилгын хэрэгт цугларсан баримтаас үзэхэд “З” ХХК-ийн нэхэмжлэлтэй, “Н”-д холбогдох иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ... шүүхийн шүүгчийн 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 181/ШЗ2023/21266 дугаар захирамжаар төлбөр авагч “Х” ХХК дахь Банкны эрх хүлээн авагч, төлбөр төлөгч “О” ХХК-д холбогдох шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны нэхэмжлэгч “З” ХХК-д холбогдох хэсгийг хэсэгчлэн түдгэлзүүлсэн, 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр “Х” ХХК дахь Банкны эрх хүлээн авагчаас дээрх захирамжийг хүчингүй болгох хүсэлт гаргаж улмаар 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 181/ШЗ2024/01310 дугаар шүүгчийн захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1-д заасныг баримтлан урьд гаргасан 181/ШЗ2023/21266 дугаар захирамжаа хүчингүй болгосон.

Дээрх захирамжид нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гомдол гаргасныг тус шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 181/ШТ2024/00049 дүгээр тогтоолоор хангахаас татгалзаж 181/ШЗ2024/01310 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээсэн, 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдөр нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хэсэгчлэн түдгэлзүүлэх хүсэлт гаргасныг 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 181/ШЗ2024/05055 дугаар захирамжаар, дахин 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдөр нэхэмжлэгчээс хүсэлт гаргасныг 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 181/ШЗ2024/06110 дугаар захирамжаар тус тус хангахаас татгалзсан.

Улмаар ... шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 181/ШШ2024/02980 дугаар шийдвэрээр “З” ХХК-ийн “шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулах, тусгай зөвшөөрлийг битүүмжлэлээс чөлөөлөхийг даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг ...  давж заалдах шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 210/МА2024/01892 дугаар магадлалаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Банкны төлбөр барагдуулах газарт холбогдуулан гаргасан 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 1/4071 дугаартай албан бичгээр М\/-... дугаар ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрлийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.3 дахь хэсэгт заасны дагуу шилжүүлэхийг Ашигт малтмал, газрын тосны газарт даалгасан ажиллагааг хүчингүй болгуулах, тусгай зөвшөөрлийг битүүмжлэлээс чөлөөлөхийг даалгах тухай нэхэмжлэгч “З” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсэн үйл баримт тогтоогдож байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1-д “Энэ хуулийн 123.1-д заасны дагуу гаргасан шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж илт үндэслэл муутай бол тухайн шүүх бүрэлдэхүүн тогтоол, шүүгч захирамж гарган хүчингүй болгох, эсхүл өөрчилж болно” гэж заасныг тухайн шийдвэр үг, үсэг, тоо, утга найруулгын зэрэг техникийн шинжтэй илэрхий алдаатай байхыг байдлыг ойлгох бөгөөд хэргийн оролцогч хүсэлт гаргасан эсэхээс үл хамаарч шүүгч, шүүх бүрэлдэхүүн залруулж, өөрчилж эсхүл хүчингүй болгох эрхтэй талаар Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38, 120, 124, 166, 167 дугаар зүйлийн зарим заалтыг тайлбарлах тухай” 17  дугаар тогтоолоор тайлбарлажээ.

Иймд “Х” ХХК дахь Банкны эрх хүлээн авагч нь “З” ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн оролцогч эсэх нь хамааралгүй, шүүгч өөрийн гаргасан захирамжаа өөрийн санаачилгаар өөрчилж, хүчингүй болгох эрхтэй зохицуулалт гэж үзнэ.

Түүнчлэн, Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д “Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү Монгол Улсын Үндсэн хууль болон энэ хуульд заасны дагуу байгуулсан шүүх хэрэгжүүлнэ”, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ” гэж зааснаар шүүгч нь хэрэгт авагдсан нотлох баримтуудыг дотоод итгэлдээ тулгуурлан хэрхэн үнэлж, хууль хэрэглэх нь түүний хараат бус, бүрэн эрхэд хамаардаг тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Шүүгч иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн дараахь үндэслэл, хугацаагаар түдгэлзүүлж болно”: 27.1.2.”төлбөрт хураагдсан хөрөнгийн талаар бие даасан шаардлага гаргах эрхтэй гуравдагч этгээд шүүхэд гомдол гаргасан бол шүүхийн шийдвэр гарч, хуулийн хүчин төгөлдөр болтол” гэж заасныг хэрэглэх эсэх, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг  түдгэлзүүлсэн 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 181/ШЗ2023/21266 дугаар захирамжийг “ойлгомжгүй, тодорхойгүй нөхцөл байдал үүсгэсэн” гэх үндэслэлээр хүчингүй болгосон шүүгчийн үйл ажиллагаанд Сахилгын хороо дүгнэлт хийх, хууль зүйн үндэслэлийг хянах эрх хэмжээгүй билээ.

 Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т “хуулийн илт тодорхой заалтыг ноцтой, эсхүл удаа дараа зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргах” гэж заасныг хэнд ч илэрхий тодорхой, ойлгомжтой, маргаангүй хуулийн заалтыг зөрчиж санаатайгаар гуйвуулан тайлбарласан байхыг ойлгох бөгөөд шүүгч хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд дотоод итгэл үнэмшилдээ тулгуурлан хэрэглэх хуулийн зохицуулалтыг “илт тодорхой заалт” гэж үзэхгүй.

Мөн Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1-д “Тухайн хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгч, шүүх бүрэлдэхүүнд аливаа этгээдээс нөлөөлөхөөр оролдсон бүх тохиолдлыг тэмдэглэн баталгаажуулж нөлөөллийн мэдүүлэг хөтөлнө”, 45.8-д “Шүүгч энэ хуулийн 45.1-д заасан нөлөөллийн мэдүүлгээс гадна энэ хуулийн 44.2-т заасан этгээдтэй уулзсан, харилцсан бөгөөд уг этгээд өөрөө, эсхүл  бусдаар дамжуулан тухайн шүүгчид аливаа хэлбэрээр нөлөөлсөн, нөлөөлөхөөр оролдсон, үүрэг, чиглэл өгсөн бол энэ талаарх мэдээллийг агуулсан тэмдэглэл үйлдэж, битүүмжлэн Ерөнхий зөвлөлд ажлын гурван өдрийн дотор хүргүүлэх үүрэгтэй” гэж заасныг хэрэг маргааныг хянан шийдвэрлэж байгаа шүүгч болон шүүх бүрэлдэхүүн шүүх эрх мэдлийг хараат бусаар хэрэгжүүлэх эрхэд хөндлөнгийн ямар нэг этгээд халдаж, ямар нэг байдлаар нөлөөлөл үзүүлсэн, нөлөөлөхийг оролдсон тохиолдолд нөлөөллийн мэдүүлэг хөтөлнө гэж ойлгох ба хэргийн оролцогч бус этгээд хүсэлт гаргасан нь нөлөөллийн мэдүүлэг хөтлөх үүргээ биелүүлээгүй гэж шүүгчийг буруутгах үндэслэл болохгүй.

     Дээрхийг нэгтгэн дүгнээд ... шүүхийн шүүгч А.Ц-д холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргав” гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Илтгэгч гишүүн “З” ХХК-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч С.А-с  ирүүлсэн өргөдлөөр ...  шүүхийн шүүгч А.Ц-д холбогдуулан сахилгын хэрэг үүсгэн шалгах ажиллагаа явуулаад, Шүүхийн сахилгын хорооны гишүүний ГС/2024/0129 дугаартай “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай санал” гаргаж сахилгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Бүрэлдэхүүн саналыг сахилгын хорооны хуралдаанаар хэлэлцэж, үндэслэл бүхий байна хэмээн тус саналыг хүлээн авч, сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. 

            “З” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Н-д холбогдох иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ... шүүхийн шүүгчийн 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 181/ШЗ2023/21266 дугаар захирамжаар төлбөр авагч “Х” ХХК дахь Банкны эрх хүлээн авагч, төлбөр төлөгч “О” ХХК-д холбогдох шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны нэхэмжлэгч “З” ХХК-д холбогдох хэсгийг хэсэгчлэн түдгэлзүүлж улмаар 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 181/ШЗ2024/01310 дугаар шүүгчийн захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1-д заасныг баримтлан 181/ШЗ2023/21266 дугаар захирамжаа хүчингүй болгожээ.

Улмаар ...шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 09-ний өдөр дээрх иргэний хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, 181/ШШ2024/02980 дугаар шийдвэрээр “З” ХХК-ийн “шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулах, тусгай зөвшөөрлийг битүүмжлэлээс чөлөөлөхийг даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх бөгөөд ... давж заалдах шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 210/МА2024/01892 дугаар магадлалаар тус шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Банкны төлбөр барагдуулах газарт холбогдуулан гаргасан 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 1/4071 дугаартай албан бичгээр М\/-... дугаар ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрлийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.3 дахь хэсэгт заасны дагуу шилжүүлэхийг Ашигт малтмал, газрын тосны газарт даалгасан ажиллагааг хүчингүй болгуулах, тусгай зөвшөөрлийг битүүмжлэлээс чөлөөлөхийг даалгах тухай нэхэмжлэгч “З” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсэн болох нь баримтаар тогтоогдож байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1-д “Энэ хуулийн 123.1-д заасны дагуу гаргасан шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж илт үндэслэл муутай бол тухайн шүүх бүрэлдэхүүн тогтоол, шүүгч захирамж гарган хүчингүй болгох, эсхүл өөрчилж болно” гэж заасныг тухайн шийдвэр үг, үсэг, тоо, утга найруулгын зэрэг техникийн шинжтэй илэрхий алдаатай байхыг байдлыг ойлгох бөгөөд хэргийн оролцогч хүсэлт гаргасан эсэхээс үл хамаарч шүүгч, шүүх бүрэлдэхүүн залруулж, өөрчилж эсхүл хүчингүй болгох эрхтэй талаар Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38, 120, 124, 166, 167 дугаар зүйлийн зарим заалтыг тайлбарлах тухай” 17  дугаар тогтоолоор тайлбарласан тул “Х” ХХК дахь Банкны эрх хүлээн авагч нь “З” ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн оролцогч эсэх нь хамааралгүй, шүүгч өөрийн гаргасан захирамжаа өөрийн санаачилгаар өөрчилж, хүчингүй болгох эрхтэй зохицуулалт гэж үзнэ гэж илтгэгч гишүүн дүгнэсэн нь үндэслэл бүхий байна.

Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын Шүүхийн тухай хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасанчлан шүүгч нь хэрэгт авагдсан нотлох баримтуудыг дотоод итгэлдээ тулгуурлан хэрхэн үнэлж, хууль хэрэглэх нь түүний хараат бус, бүрэн эрхэд хамаардаг бөгөөд шүүгчийн захирамж, шүүхийн шийдвэрийг хуульд заасны дагуу гагцхүү эрх бүхий этгээд хянах, хүчингүй болгох, өөрчлөх эрх хэмжээтэй тул шүүгчийн захирамжид Сахилгын хороо дүгнэлт хийх, хууль зүйн үндэслэлийг хянах эрх хэмжээгүй болно.

Дээрх үйл баримтуудаас дүгнэн үзэхэд холбогдох шүүгч болох ... шүүхийн шүүгч А.Ц-д холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1, 112.1.2, 112.2 дах хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. ... шүүхийн шүүгч А.Ц-д холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай саналыг хүлээн авч сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.     

2. Магадлалыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сахилгын хороонд сахилгын хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

3. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6-т зааснаар магадлал гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч болон гомдол, өргөдөл гаргагчийн оршин суугаа газрын эсхүл ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл ажлын албаны ажилтнаар хүргүүлэхийг ажлын албанд даалгасугай.

4. Дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох ба энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг тайлбарласугай.

              ДАРГАЛАГЧ                                       Б.СУГАР

                        ГИШҮҮН                                             Д.АРИУНТУЯА

                                                                                    Х.ХАШБААТАР