info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих ШИЛЭН ДАНС
ENMNG

МОНГОЛ УЛС

ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО

МАГАДЛАЛ

2024-11-19

Дугаар 111

Улаанбаатар хот

Сахилгын хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

Шүүхийн сахилгын хорооны хуралдааныг гишүүн Д.Мягмарцэрэн даргалж, гишүүн Г.Цагаанцоож, Д.Эрдэнэчулуун нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Х.Хашбаатар, хуралдааны нарийн бичгийн дарга Г.Намуундарь, ажиглагчаар өргөдөл гаргагч Б.Б /цахимаар/ нарыг оролцуулан тус хорооны хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

... шүүхийн шүүгч Ч.Х, Б.А, Б.Б, М.П, С.С, Б.Ц нарт холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн ГС/2024/0113 дугаартай саналыг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Сахилгын хорооны гишүүний ГС/2024/0113 дугаартай “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай саналдаа:

“ ... Нэг. “... ... шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 522 дугаар тогтоолыг гаргахдаа “Үндсэн хуульд нийцээгүй, албан ёсоор нийтлээгүй хуулийг хэрэглэх эрхгүй” гэсэн илт тодорхой заалтыг ноцтой зөрчсөн ...” гэх тухайд;

Дээрх тогтоолын ТОДОРХОЙЛОХ нь хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хяналтын шатны шүүх нь анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн эсэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн эсэх, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн эсэхийг хянана." гэж хяналтын шатны шүүхэд хэргийг хянан хэлэлцэх хязгаарыг тогтоожээ ...” гэж бичжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр өөрчлөлт оруулж, 40.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг “Хяналтын шатны шүүх нь анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн эсэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн эсэх, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн эсэхийг хянана." гэж өөрчлөн найруулсныг  Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 02 дугаар дүгнэлтээр “... зөрүүтэй хэрэглэсэн эсэх ...” гэж заасан нь Үндсэн хуулийн холбогдох заалтад нийцээгүй гэж дүгнээд, мөн тус заалтыг 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлэхээр заажээ.

Улмаар Улсын Их Хурлын 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 40 дүгээр тогтоолоор цэцийн дээрх дүгнэлтийг хүлээн авч , 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдөр баталсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар 40.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг “Хяналтын шатны шүүх нь шүүхийн Эрүүгийн хуулийн хэрэглээний зөрүү байгаа эсэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн эсэх, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн эсэхийг хянана.” гэж өөрчилжээ. 

Мөн тус хуулийн 4 дүгээр зүйлд “Энэ хуулийг Монгол Улсын шүүхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө” гэж заасан бөгөөд харин 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдөр батлагдсан Монгол Улсын шүүхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд тус хуулийг дагаж мөрдөх хугацааг нарийвчлан заагаагүй  байх тул Үндсэн хуулийн Хорин зургадугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Монгол Улсын хуулийг Улсын Их Хурал албан ёсоор нийтлэх бөгөөд хэрэв хуульд өөрөөр заагаагүй бол ийнхүү нийтэлснээс хойш арав хоногийн дараа хүчин төгөлдөр болно.” гэж зааснаар “Төрийн мэдээлэл” эмхэтгэлд нийтлэгдсэнээс хойш 10 хоногийн дараа хүчин төгөлдөр үйлчлэхээр байна.

Монгол Улсын шүүхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдөр батлагдсан хууль 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн “Төрийн мэдээлэл” эмхэтгэлд нийтлэгдсэн  тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт өөрчлөлт оруулсныг 2023 оны 07 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болсон гэж үзэхээр байна.

Гэтэл шүүгч нар тайлбартаа “... хуулийн өөрчлөлтөөс өмнө шүүхэд гаргасан гомдолд өмнөх, эсхүл сүүлийн хуулийг хэрэглэх тухай асуудал нь шүүхийн практикт тохиолдож, мөн шүүхийн практикаар шийдвэрлэгддэг эрх зүйн маргаант нөхцөл байдал мөн болно ...” гэж дурдсан байх бөгөөд 2023 оны 07 дугаар сарын 27-ны өдрөөс хойш хүчин төгөлдөр үйлчилж байгаа дээрх хуулийн зохицуулалтыг 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдөр гаргасан гомдолд хэрэглэлгүй, 2021 онд батлагдсан хуулийн зохицуулалтыг хэрэглэж тогтоолдоо бичсэн нь ойлгомжгүй байсан тул энэ талаар тодруулахаар Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Ч.Х-с нэмэлт тайлбар авсан.

Тэрээр “... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт өөрчлөлт орсон хуулийг 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хойш хүчин төгөлдөр дагаж мөрдөж эхэлсэн. Хуучин хуулийн шаардлагад нийцүүлэн гаргасан гомдлыг хянахдаа хуучин хуулийн заалтын дагуу хянана гэж үзсэн. Б.Б-н гомдлын хувьд бол гомдол гаргагчийн зүгээс тухайн үед үйлчилж байсан хуулийн шалгуурт нийцүүлэн гаргасан гомдлыг гомдол гаргагч урьдчилан мэдэх боломжгүй байсан хожим хуульчлагдсан шинэ шалгуураар шүүн хэлэлцэх нь гомдлыг хүлээн авах магадлалыг ихээр бууруулж, гомдол гаргагчийн эрхийг ноцтой хохирооно гэж үзэж, энэ хувилбарыг баримталж байх үед шийдэгдсэн. Харин үүний дараа 2024 оны 09 дүгээр сараас хойш сүүлийн хувилбар буюу 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хэргийг хянан хэлэлцэх хязгаарыг тодорхойлж байсан шалгууруудыг нэмж заалтын агуулгыг гомдол гаргагч нарт ашигтай байдлаар тэлсэн учир сүүлд гарсан хуулийг хуульд өөрчлөлт орохоос өмнө гаргасан гомдолд хэрэглэх нь гомдогчийн эрхийг зөрчихгүй гэж үзэж, өөрчлөлт орсон хуулийн зохицуулалтыг хэрэглэж шийдвэрлэж байгаа ...” гэж тайлбарласан.

Мөн дээрх өөрчлөлт орсон заалтыг 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсөн талаар бичгээр ирүүлсэн тайлбартаа “... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг Үндсэн хуулийн цэц 2023 оны 05 дугаар сард авч хэлэлцэж Үндсэн хууль зөрчсөн болохыг тогтоосон атлаа 2023 оны 12 дугаар сар хүртэл үйлчлэхээр заасан нь өмнөх практикаас онцлог шийдвэр болж улмаар 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдөр тухайн заалтад Улсын Их хурал өөрчлөлт оруулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг аль агуулгаар нь цаг хугацааны аль хязгаарт хэрэглэх талаар шүүхийн практикт маргаан үүсгэсэн.

Үндсэн хуулийн цэц ирээдүйд түдгэлзэх нөхцөлөөр хуулийн заалтад хориг тавьсныг Улсын их хурал тэр даруй хүлээн авч хуулийн зүйл, хэсгийн дугаарыг өөрчлөхгүйгээр агуулгад нэмэлт оруулсан нь хожим хуулийн тухайн зүйл, хэсгийг түдгэлзүүлсэн Цэцийн шийдвэр хүчин төгөлдөр үйлчилж эхлэх үед өмнө хүчингүй болсон эсвэл тухайн үед үйлчилж буй агуулгын алинаар түдгэлзэж буй талаар хуульчдын дунд маргаан өрнөж ялангуяа өмгөөлөгч нар өөрсдийн өнцгөөс хэд, хэдэн үндэслэлийг хөгжүүлэн тайлбарлаж хууль хэрэглээний талаарх хүсэлт, саналыг олноор ирүүлэх болсон.

Нөгөө талаас, тухайн тохиолдолд шүүгдэгч Б.Б нь гомдлоо хуулийн өмнөх агуулгад нийцүүлэн гаргасан байсан нь аль хуулийг хэрэглэх асуудал дээр маргааныг илүү ээдрээ, төвөгтэй болгоход мэдэгдэхүйц нөлөөлсөн.

Дээр дурдсан нөхцөл байдлын улмаас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг гомдлын агуулга, шүүгдэгчийн эрх зүйн байдалд үзүүлэх нөлөөлөл, Үндсэн хуулийн цэцийн шинэ практикаас хамаарч өмнөх, шинэ хоёр агуулгаар хэрэг маргаанд зэрэг хэрэглэж ирсэн ба 2024 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс зөвхөн сүүлчийн агуулгаар хэрэглэхээр эцэслэн тогтсоноор Б.Б-д холбогдох хэргийн 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн шийдвэр өмнөх хувилбараар хуулийг хэрэглэсэн сүүлчийн тохиолдол болов ...“  гэж дурджээ.

Дээрхээс үзэхэд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт өөрчлөлт оруулсан 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдөр баталсан хуулийг Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхим 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсөн гэж үзэхээр байх боловч нэгэнт Үндсэн хуулийн цэцэд үүсгэсэн маргаан шийдвэрлэгдэж дууссан, цэцийн дүгнэлтийн гол агуулга болох холбогдох заалт Үндсэн хуульд нийцээгүй болохыг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрч, өөрчлөлт оруулсан хууль хүчин төгөлдөр болсон байхад практикт үүссэн маргааныг шийдвэрлэлгүй жилийн хугацааг зарцуулсан байгаа нь хууль  хэрэглээний нэгдмэл байдлыг хангах дээд шүүхийн үйл ажиллагаа сул байгааг илтгэж байна.

Хэдийгээр дээр дурдсанчлан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль /2021 он/-ийн 40.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтээр Үндсэн хуульд нийцээгүй гэж дүгнэж, улмаар Улсын Их Хурлаас  дүгнэлтийг хүлээн авч, тус заалтыг өөрчлөн найруулсан боловч хууль хэрэглээний болон онолын хувьд нэгдмэл ойлголттой болоогүйн улмаас хүчин төгөлдөр үйлчилж эхлэх хүртэлх хугацаанд хамаарах эрх зүйн асуудлыг өмнөх хуулийн дагуу шийдвэрлэж байсан нь “ноцтой” үр дагаварт хүргэсэн тохиолдолд шүүгчийг сахилгын зөрчил гаргасан гэж үзэх үндэслэл болно.

Харин Б.Б-н 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдөр дээд шүүхэд ирүүлсэн гомдлыг холбогдох заалтад өөрчлөлт оруулсан хуулийг дагаж мөрдөж эхлэхээс өмнө гаргасан гомдолд хамаарна гэж үзээд Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 522 дугаар тогтоолд өөрчлөлт орохоос өмнөх хуулийн зохицуулалтыг бичсэн нь түүний гомдол гаргах эрхийг аливаа хэлбэрээр хязгаарласан, эрх зүйн байдлыг дордуулсан, эсхүл эрх, хууль ёсны ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн гэх нөхцөл байдлыг үүсгээгүй байх тул сахилгын зөрчилд хамаарахгүй гэж үзлээ.

Түүнчлэн, Б.Б-н гомдлыг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх эсэхийг шийдвэрлэхдээ өөрчлөлт орохоос өмнөх хуулийн зохицуулалт үйлчилж байх цаг хугацаанд хамааруулсан тул эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулахдаа тухайн цаг үед хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулийг баримтлах нь тус ажиллагааны хэмжээ хязгаарт нийцнэ гэж үзнэ.

Энэ агуулгаар ... шүүхийн нийт шүүгчийн тогтоолд бичсэн хуулийн заалт нь өөрчлөгдөх хүртлээ албан ёсоор нийтлэгдсэн, хүчин төгөлдөр үйлчилж байсан тул “Үндсэн хуульд нийцээгүй, албан ёсоор нийтлээгүй хуулийг хэрэглэх эрхгүй” гэж дурдсан өргөдөл үндэслэлгүй байна.

Хоёр. “... харьяаллын бус гомдол гаргасан үндэслэлээр хэргийг хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзсан нь мөн хуулийн илт тодорхой заалтыг ноцтой зөрчсөн ...” гэх тухайд;

Өргөдөл гаргагч нь холбогдох шүүгч нарыг дээрх зөрчлийг гаргасан гэж үзсэн үндэслэлээ “... зорчих эрхийг хязгаарлах ялыг хорих ялаар солих эсэх тухай асуудлыг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг давж заалдах журмаар шийдвэрлэсэн шийдвэрт хяналтын журмаар гомдол гаргах боломжгүй мэтээр үзэх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрхийг хязгаарласан явдал юм ...” гэж тодорхойлжээ.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс Б.Б-д оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг хорих ялаар сольж шийдвэрлэсэн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн 2024 оны 05 дугаар сарын 09-ний өрийн 2024/ДШМ/29 дүгээр магадлалдаа хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсан, үүний дагуу Б.Б нь Улсын дээд шүүхэд гомдлоо гаргасан үйл баримт тодорхой байх бөгөөд үүгээр түүний Үндсэн хуулиар баталгаатай эдлэхээр заасан гомдол гаргах эрх болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан “шүүхэд хандах эрх” хангагдсан байна гэж үзнэ.

Харин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт давж заалдах шатны шүүхийн шийдвэрт хяналтын журмаар гомдол гаргах үндэслэлүүдийг

“- шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах;

- Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн;

- хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн;

- эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” гэж тодорхойлсон нь Улсын дээд шүүхийн хэргийг хянан шийдвэрлэх эрх хэмжээг тогтоосон зохицуулалт тул давж заалдах шатны шүүхийн магадлал бүрд гаргасан гомдлыг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэхгүй гэсэн ойлголт бөгөөд энэ нь Улсын дээд шүүхийн хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангах зорилготой уялддаг.

Энэ эрх зүйн зохицуулалтын хүрээнд Б.Б-с гаргасан гомдлыг Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар хэлэлцээд, хяналтын шатны шүүхийн хэргийг хянах дээрх үндэслэлд хамаарахгүй, гагцхүү хуулийг илт буруу хэрэглэсэн шүүхийн шийдвэрийн улмаас түүний эрх ноцтой зөрчигдсөн тохиолдолд шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхтэй холбоотой асуудлыг шийдвэрлэнэ гэж шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзсаныг хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

Тодруулбал, дээрх хэлэлцүүлэхээс татгалзсан тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Энэ зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу гомдол, эсэргүүцлийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх шийдвэр гаргаагүй бол татгалзсанд тооцож, энэ тухай тогтоол гаргана” гэж заасан хяналтын шатны шүүхийн хууль хэрэглээний болон доод шатны шүүхийн шийдвэрийг хянах хуулиар олгосон хүрээ хязгаарт гомдолд дурдсан үндэслэл нь хамаарах эсэхийг үнэлж дүгнэн, шийдвэрлэх Улсын дээд шүүхийн бүрэн эрхэд хамаарахаар хуульд заасан тул Шүүхийн сахилгын хороо нь энэ үндэслэлээр нийт шүүгчийн хуралдааны тогтоолын үндэслэлд хууль зүйн дүгнэлт хийх эрхгүй болно.

Гурав. Шүүхийн сахилгын хороо нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу шүүгчийг албан тушаалаас нь түдгэлзүүлэх, огцруулах болон сахилгын бусад шийтгэл оногдуулах чиг үүрэг бүхий бие даасан байгууллага болохынхоо хувьд шүүгчийн сахилгын зөрчлийн талаар ирүүлсэн өргөдөл, мэдээлэлд үндэслэн шалгах ажиллагааг явуулж, шүүгчид хориглосон, хязгаарласан зохицуулалтыг зөрчсөн эсэхийг тогтоон шийдвэрлэснээр нэг талаас шүүгчийн үйл ажиллагаанд үл итгэх иргэдийн эргэлзээг арилгах, тэдний шударга шүүхээр шүүлгэх эрхийг хангах, нөгөө талаас шүүх, шүүгчийн нэр хүндийг унагаах болзошгүй зөрчлөөс урьдчилан сэргийлэх, үйл ажиллагаандаа сахилга хариуцлагыг чанд мөрдөж ажиллахад чиглүүлэх үүргийг агуулгын хувьд давхар гүйцэтгэдэг.

Уг сахилгын хэргийг шалгах ажиллагааны явцад Улсын дээд шүүхэд ирүүлсэн хяналтын журмаар гаргасан гомдлыг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх эсэхийг танхимын нийт шүүгчийн хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэж байгаа үйл ажиллагаа нь шүүхийн нээлттэй, илт тод байх зарчимд нийцээгүй гэж үзэхээр байна.

Тодруулбал, Улсын дээд шүүхийн Шүүгчдийн зөвлөгөөний 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 02 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “Монгол Улсын дээд шүүхийн танхимын нийт шүүгчийн хуралдааны журам”-ыг баталсан  байх бөгөөд тус журмын 3.4-т “Гомдлыг хяналтын шатны шүүх хуралдаанаар “хэлэлцүүлэхийг дэмжинэ” гэсэн томьёоллоор шүүгч нарын саналыг хураах ба дөрөв, түүнээс олон шүүгч дэмжсэн санал гаргавал энэ тухай тогтоол гаргана. Хоёр түүнээс дээш шүүгч хэлэлцүүлэх санал гаргасан бол тэдгээрийн үндэслэлийг сонсож, саналыг дахин хураана”, 3.5-д “Нэмэлт судалгаа хийх шаардлагатай тохиолдолд уг гомдлыг хэлэлцэхийг түр хойшлуулж болно ...” гэж заасан боловч тухайн гомдлыг хэлэлцэх үед шүүгч нараас онолын болон хууль хэрэглээний талаар гаргасан санал, тэдгээрийн үндэслэл зэргийг тэмдэглэлд тусгадаггүй, маш товч бөгөөд хэвшсэн нэг загвараар тэмдэглэлийг үйлддэг болох нь нийтэд тодорхой болсон үйл баримт бөгөөд Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 24 дүгээр тэмдэглэл , тус танхимын тэргүүн Ч.Х-н “... Хяналтын журмаар гаргасан гомдлыг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх эсэхийг шийдвэрлэх хуралдаанд талууд оролцдоггүй, зөвлөлдөх тасалгааны танхимд баримтлах дэг үйлчилнэ гэж үзээд тэмдэглэлийг товч үйлддэг ...” гэх тайлбар зэргээр давхар нотлогдож байна.

Улсын дээд шүүх нь Монгол Улсын шүүхийн дээд байгууллага бөгөөд давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу хянан үзэх замаар хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангах бүрэн эрхийнхээ хүрээнд эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хөндөгдсөн гэж үзэж шүүхэд хандаж байгаа иргэн, хуулийн этгээдээс гаргасан гомдлын үндэслэл нь хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэх үндэслэлд ямар учир шалтгааны улмаас хамаарахгүй гэж үзсэн талаарх санал, тайлбарыг гомдол гаргагч танилцах, мэдэх боломжоор хангахад анхаарах нь зүйтэй гэсэн байр суурийг уламжилж байна.

Энэ нь зөвхөн гомдол гаргагчид хэрэгцээтэй, тэдний эрхийг хангахад чиглэхээс гадна хууль хэрэглээний онолын болон практикийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, зөрүүтэй ойлголтыг нэг мөр болгох, цаашлаад эрх зүйн зарим асуудлыг хөндөж судалгаа шинжилгээ хийх боломжийг судлаач болон сонирхогч этгээдүүдэд олгох, мөн шүүхийн үйл ажиллагаа буюу шүүх байгууллагад бодит нөхцөл байдалд өрнөж, хэлэлцэгдэж байгаа шийдвэрүүдийн талаар олон нийтэд нээлттэй, ил тод болгох нь шүүхэд итгэх иргэдийн итгэлийг нэмэгдүүлэх зэрэг ач холбогдолтой юм.

Мөн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар хяналтын журмаар гаргасан гомдлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хэргийг хянах хяналтын шатны шүүхийн эрх хэмжээнд хамаарах эсэхийг хэрхэн тодорхойлж байгааг 2024 оны 01 дүгээр сараас 07 дугаар сар хүртэлх хугацааны байдлаар 14 тогтоолыг авч үзэхэд зөвхөн “шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх талаар дөрөв, түүнээс дээш шүүгч санал гаргаагүй” гэх байдлаар хэлэлцүүлэхээс татгалзсан үндэслэлээ тодорхойлдог, тогтсон нэг загвараар тогтоолыг үйлддэг болох нь тогтоогдож байх  тул энэ нь иргэд, олон нийтийн дунд шүүх, шүүгч нарыг аливаа ашиг сонирхлын зөрчилд холбогдуулан ойлгох хардлагыг төрүүлэх нэг нөхцөл болж байна.

Б.Б-н гомдлыг шийдвэрлэсэн нийт шүүгчийн хуралдааны тогтоолын хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох заалтад өөрчлөлт оруулсан хуулийг баримталж шийдвэрлээгүй талаарх үндэслэлээ тогтоолдоо дурдаагүй, энэ талаар гомдол гаргагч тодорхой мэдэх боломжоор хангаагүйн улмаас шүүгч нарыг хууль зөрчсөн гэж үзэх нөхцөл байдлыг үүсгэсэн байгааг дурдах нь зүйтэй.

Иймд өргөдөлд дурдсан үйл баримтууд нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 55 дугаар зүйлд заасан хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон зохицуулалтыг зөрчсөн зөрчилд хамаарахгүй байх тул ... шүүхийн шүүгч Ч.Х, Б.А, Б.Б, М.П, С.С, Б.Ц нарт холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг Сахилгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэв” гэжээ.

Шүүгч Ч.Х, Б.А, Б.Б, М.П, С.С, Б.Ц нар Шүүхийн сахилгын хороонд гаргасан тайлбартаа:  

“ ... Ялтан Б.Б-н гаргасан хяналтын гомдлыг хэлэлцүүлэх эсэх асуудлыг ... шүүхийн нийт шүүгчийн хуралдаанаар 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдөр шийдвэрлэхдээ 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт өөрчлөлт орохоос өмнөх хэрэг хэлэлцэх шалгуураар гомдлыг хянаж, хүлээн авахаас татгалзсан нь Үндсэн хуульд нийцээгүй, албан ёсоор нийтлээгүй хуулийг шүүх хэрэглэх эрхгүй гэсэн Үндсэн хуулийн илт тодорхой заалтыг зөрчсөн гэсэн гомдлыг ялтан өөрөө гаргажээ.

2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль батлагдахаас өмнөх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг нь Үндсэн хуульд нийцээгүй, албан ёсоор нийтлээгүй хууль биш бөгөөд хуулийн өөрчлөлтөөс өмнө шүүхэд гаргасан гомдолд өмнөх, эсхүл сүүлийн хуулийг хэрэглэх тухай асуудал нь шүүхийн практикт тохиолдож, мөн шүүхийн практикаар шийдвэрлэгддэг эрх зүйн маргаант нөхцөл байдал мөн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт хяналтын шатны шүүх хэргийг хүлээн авч хэлэлцэх өмнөх хүрээ хязгаарыг тодорхойлж байсан гурван шалгуур болох Эрүүгийн хуулийн зөрүүтэй хэрэглээ, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн ноцтой зөрчил, Улсын дээд шүүхийн тайлбараас өөрөөр хэрэглэсэн гэсэн дээр Улсын дээд шүүхийн тогтоолд зааснаас өөрөөр хуулийг хэрэглэх гэсэн нэг шалгуурыг 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмж хуульчилсан.

Үүний үр дагавар болж хуульд өөрчлөлт орохоос өмнө гаргасан гомдлыг аль шалгуураар шүүн хэлэлцэх талаар тус тусын онолын тайлбар бүхий хоёр хувилбар Эрүүгийн хэргийн танхимын шүүгчдийн хүрээнд өрнөж, богино хугацаанд шүүхийн практикт зөрүү гарч байсан үед ялтан Б.Б-д холбогдох хэргийг хэлэлцсэн байна.

Эхний хувилбараар гомдол гаргагчийн зүгээс тухайн үед үйлчилж байсан хуулийн шалгуурт нийцүүлэн гаргасан гомдлыг гомдол гаргагч урьдчилан мэдэх боломжгүй байсан хожим хуульчлагдсан шинэ шалгуураар шүүн хэлэлцэх нь гомдлыг хүлээн авах магадлалыг ихээр бууруулж, гомдол гаргагчийн эрхийг ноцтой хохирооно гэж үзнэ. Дараачийн буюу хоёр дахь хувилбарыг баримтлагч шүүгчдийн тайлбарласнаар 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хэргийг хянан хэлэлцэх хязгаарыг тодорхойлж байсан шалгууруудыг нэмж заалтын агуулгыг гомдол гаргагч нарт ашигтай байдлаар тэлсэн учир сүүлд гарсан хуулийг хуульд өөрчлөлт орохоос өмнө гаргасан гомдолд хэрэглэх нь гомдогчийн эрхийг зөрчихгүй гэж үзэж байсан бөгөөд одоо энэхүү хувилбарыг Эрүүгийн хэргийн танхим баримталж буй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн анхан, давах, хяналтын шатанд гомдлыг хүлээн авах шалгуур, журамд өөрчлөлт орсон тохиолдолд дээрхийн адил гомдол гаргасан хугацаа, хуульд өөрчлөлт орсон хугацааны алинаар журмын өөрчлөлт, хуулийн хэрэглээг зааглах асуудлыг байнга дагуулдаг ба гомдогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хуулийн өөрчлөлттэй холбоотой сөрөг үр дагавраас хамгаалах зорилгоор гомдол гаргасан хугацааг харгалзан үзэж, өмнөх зохицуулалтыг тодорхой хугацаанд хэрэглэх тохиолдол, шийдвэрүүд удаа дараа шүүхийн практикт гарсаар ирсэн билээ.

Энэ нь хууль хэрэглээний эрх зүйн маргаантай асуудалд тооцогдож онолын үндэслэл, практик судалгаанд суурилан шийдвэрлэгдэж ирснээс бус хууль хэрэглээний ийм зөрүүг шүүгчийн сахилга, хариуцлагатай холбон үзэж байсан тохиолдол үгүй юм.

Үүнээс гадна Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдөр орсон өөрчлөлт нь ялтан Б.Б гомдлоо гаргасан үндэслэл болох Эрүүгийн хуулийн зөрүүтэй хэрэглээ, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчлийн шалгууруудтай холбоогүй, ялтны эрх зүйн байдалд нөлөөгүй тул аль хуулийг хэрэглэх нь ялтны эрх, хууль ёсны ашиг сонирхолд ач холбогдол үзүүлэхээргүй байгааг анхааран үзнэ үү.

2. Ялтан Б.Б-н зорчих эрхийг хязгаарлах ялыг хорих ялаар сольж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүхээс шүүгчийн захирамжийг хүчингүй болгосон шийдвэрийг харьяаллын бус үндэслэлээр хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэсэн тухайд:

Шүүх гэмт этгээдэд оногдуулсан албадлагын арга хэмжээг өөрчилж, хорих ял оногдуулахдаа үйлдсэн хэргийн байдалтай бус ялтны хувийн байдал, хожмын зан үйл, гэм буруугаа гэмшсэн, ухамсарласан болон үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээг сахисан нөхцөл байдлуудыг харгалзан үзэж буй нь Эрүүгийн хууль тогтоомжийн субстантив хэрэглээтэй бус шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хүрээнд хамаарах процессын шинж чанартай шүүгчийн үйл ажиллагаа тул хяналтын шатны шүүхийн хяналтын харьяалалд үл хамаарна.

Тодруулбал, шүүгдэгч гэм буруутай эсэх, Эрүүгийн хуулийн ямар зүйл, хэсгийг хэрэглэн ял оногдуулах, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн эсэх болон эдгээртэй холбоотой бусад асуудлыг анхан болон давж заалдах шатны шүүхүүд шийдвэрлээгүй бол хуулийг илт буруу хэрэглэж хүний эрх ноцтой зөрчигдсөн нь өөр аргаар залруулах боломжгүйгээс бусад тохиолдолд хяналтын шатны шүүх хэргийг хянан хэлэлцэх нь хуулиар тогтоосон эрх хэмжээгээ хэтрүүлсэнд тооцогдоно.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт давж заалдах шатны шүүхийн шийдвэрт гомдол гаргах үндэслэлүүдийг тодорхойлсноос үзвэл бүх төрлийн магадлалд гомдол гаргаж болохоор байгаа боловч энэ нь магадлал бүрийг хяналтын шатны шүүх хүлээн авч шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх агуулгыг хэрхэвч илэрхийлэхгүй бөгөөд хяналтын гомдол гаргахыг хүссэн этгээд гомдол гаргаснаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1-т заасан эрх хангагдаж харин түүнийг хэлэлцэх эсэх нь хяналтын шатны шүүхийн эрх хэмжээнд хадгалагдсан хэвээр байна.

Иймд ... шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 522 дугаар тогтоолоор ялтан Б.Б-н гомдлыг харьяаллын бус үндэслэлээр хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн шийдвэр болно.

Монгол Улсын Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Улсын дээд шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр ...”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.2 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “...Тогтоол эцсийн шийдвэр байх ба гомдол гаргахгүй”, мөн хуулийн 40.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Хяналтын шатны шүүхийн тогтоол шүүхийн эцсийн шийдвэр байх ба уг тогтоолд гомдол гаргахгүй” гэж тус тус заажээ.

Хяналтын шатны шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг гагцхүү шинээр нөхцөл байдал илэрсэн нь тогтоогдсон тохиолдолд Улсын дээд шүүх өөрөө дахин хянах зохицуулалттай атал шүүхийн эцсийн, хүчин төгөлдөр шийдвэрийг өөр арга замаар өөрчлүүлэх зорилгоор хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангах үйл ажиллагааны хүрээнд гарсан шүүхийн шийдвэрүүдтэй холбогдуулан Шүүхийн сахилгын хорооны сахилгын хэргийг хэлэлцэх хэмжээ, хязгаарт үл харьяалагдах асуудлаар ялтан Б.Б-с гаргасан гомдлыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Шүүгч Ч.Хосбаяр нэмэлт тайлбартаа:

“ ... 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар өөрчлөлт орсон хуулийг 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхим мөрдсөн тухайд:

Эрүүгийн процессын хуулийн өөрчлөлт нь шинэ зохицуулалт хамрагдаж буй этгээдийн эрх зүйн байдалд хэрхэн нөлөөлж буй, гэмт хэрэг үйлдсэн цаг хугацаа, тухайн зохицуулалтад заасан тодорхой ажиллагааг явуулах гэж буй хугацаа, гомдол гаргасан цаг хугацаа, Үндсэн хуулийн цэцээс тухайн заалттай холбоотой маргаан үүсгэсэн хугацаа зэргээс хамаараад зарим тохиолдолд өмнөх зохицуулалт тодорхой хугацаанд хэвээр үйлчлэх нь хууль хэрэглээний практикт ажиглагддаг. Жишээлбэл, Эрүүгийн хэрэгт сэтгэцийн гэм хорын нөхөн төлбөр гаргуулах тухай эрх зүйн орчныг шинээр Иргэний хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд тусгахдаа 2023 оны 07 дугаар сарын 1-ний өдрөө дрөөс үйлчлэхээр заасныг энэ өдрөөс эхлэн сэтгэцийн гэм хорыг тооцон гаргуулах ажииллагааг шүүх явуулах, эсвэл энэ өдрөөс хойш үйлдэгдсэн хэрэгт энэ гэм хорыг гаргуулах алин нь хуулийн зөв хэрэглээ болох талаар одоо ч маргаан эцэслэн шийдвэрлэгдээгүй хэвээр байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг Үндсэн хуулийн цэц 2023 оны 05 дугаар сард авч хэлэлцэж Үндсэн хууль зөрчсөн болохыг тогтоосон атлаа 2023 оны 12 дугаар сар хүртэл үйлчлэхээр заасан нь өмнөх практикаас онцлог шийдвэр болж улмаар 2023 оны 06 дугаар сарын 16- ны өдөр тухайн заалтад Улсын Их хурал өөрчлөлт оруулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг аль агуулгаар нь цаг хугацааны аль хязгаарт хэрэглэх талаар шүүхийн практикт маргаан үүсгэсэн.

Үндсэн хуулийн цэц ирээдүйд түдгэлзэх нөхцөлөөр хуулийн заалтад хориг тавьсныг Улсын их хурал тэр даруй хүлээн авч хуулийн зүйл, хэсгийн дугаарыг өөрчлөхгүйгээр агуулгад нэмэлт оруулсан нь хожим хуулийн тухайн зүйл, хэсгийг түдгэлзүүлсэн Цэцийн шийдвэр хүчин төгөлдөр үйлчилж эхлэх үед өмнө хүчингүй болсон эсвэл тухайн үед үйлчилж буй агуулгын алинаар түдгэлзэж буй талаар хуульчдын дунд маргаан өрнөж ялангуяа өмгөөлөгч нар өөрсдийн өнцгөөс хэд. хэдэн үндэслэлийг хөгжүүлэн тайлбарлаж хууль хэрэглээний талаарх хүсэлт, саналыг олноор ирүүлэх болсон.

Нөгөө талаас, тухайн тохиолдолд шүүгдэгч Б.Б нь гомдлоо хуулийн өмнөх агуулгад нийцүүлэн гаргасан байсан нь аль хуулийг хэрэглэх асуудал дээр маргааныг илүү ээдрээ, төвөгтэй болгоход мэдэгдэхүйц нөлөөлсөн. Дээр дурдсан нөхцөл байдлын улмаас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг гомдлын агуулга, шүүгдэгчийн эрх зүйн байдалд үзүүлэх нөлөөлөл, Үндсэн хуулийн цэцийн шинэ практикаас хамаарч өмнөх, шинэ хоёр агуулгаар хэрэг маргаанд зэрэг хэрэглэж ирсэн ба 2024 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс зөвхөн сүүлчийн агуулгаар хэрэглэхээр эцэслэн тогтсоноор Б.Б-д холбогдох хэргийн 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн шийдвэр өмнөх хувилбараар хуулийг хэрэглэсэн сүүлчийн тохиолдол болов.

2. ... шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2024 оны 07 дугаар 522 дугаар тогтоол нь ялтан Б.Б-н эрх зүйн байдлыг дордуулаагүй болох талаар:

Шүүх гэмт этгээдэд шүүхээс оногдуулсан өмнөх ялыг дүйцэхүйц өөр төрлийн ялаар солих ажиллагаа нь Улсын дээд шүүхийн хяналтын харьяалалд хамаарахгүй үндэслэлээр гомдлыг хүлээн авахаас татгалзсанаас бус гомдлын хуулийн шаардлага хангаж буй байдалд огт дүгнэлт хийгээгүй. Ингэснээр түүний нийтэд тустай ажил хийлгэх ялыг хорих ял болгож өөрчилсөн Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 16 дугаар захирамжийг хүчингүй болгосон Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 29 дүгээр магадлал хэвээр үлдээсэн нь ялтан Б.Б-н хувьд эрх зүйн байдлыг дээрдүүлсэн шийдвэр байсан билээ.

Мөн ялтан Б.Б-н Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1.2, 1.4 дэх хэсэгт заасан үндэслэлээр гомдлоо гаргаснаас бус маргаж буй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, түүнд хамааралтай 40.1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсгийг гомдолдоо огтхон ч хөндөөгүй атлаа Тогтоолын тогтоох бус Тодорхойлох хэсэгт гомдолтой холбоогүйгээр тусгагдсан Улсын дээд шүүхэд хэрэг хянан хэлэлцэх хязгаартай холбоотой өгүүлбэрийг шүүрэн авч эрх ашиг нь хөндөгдөөгүй мөртөө гомдол гаргаж буй нь хүлээн аваас татгалзах бас нэгэн үндэслэл болох байх. Өөрийнх нь эрх ашгийг хөндөөгүй, Улсын дээд шүүхийн энэхүү тогтоолын агуулгыг хүлээн зөвшөөрч буйгаа гомдол гаргагч өөрөө гомдолдоо бичсэн байгаа болно.

Иймээс ... шүүхийн нийт шүүгчийн хуралдаан 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдөр 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс өмнөх агуулгаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг хэрэглэсэн нь "Үндсэн хуульд нийцээгүй, албан ёсоор нийтлээгүй хуулийг шүүх хэрэглэх эрхгүй" гэсэн Үндсэн хуулийн заалтад хамааралгүй болохыг тогтоож хууль хэрэглээний эрх зүйн маргаантай асуудлаар гарсан зөрүүг шүүгчийн сахилга, хариуцлагатай холбон үзэхгүйгээр шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүхийн сахилгын хороонд ирүүлсэн иргэн Б.Б-н өргөдлөөр ... шүүхийн шүүгч Ч.Х, Б.А, Б.Б, М.П, С.С, Б.Ц нарт холбогдуулан тус хорооны гишүүн 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн ГЗҮ/2024/0085 дугаартай “Сахилгын хэрэг үүсгэх тухай” захирамжаар сахилгын хэрэг үүсгэн шалгах ажиллагаа явуулж, 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн ГС/2024/0113 дугаартай “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” санал гаргасан байна.

Тус саналыг Сахилгын хорооны хуралдаанаар хэлэлцэн, холбогдох хуульд нийцсэн, үндэслэл бүхий байна хэмээн үзэж, сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.       

Өргөдөл гаргагч: “ ... Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн тахимын нийт шүүгчийн хуралдааны 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 522 дугаар тогтоолыг гаргахдаа “Үндсэн хуульд нийцээгүй, албан ёсоор нийтлээгүй хуулийг хэрэглэсэн, харьяаллын бус гомдол гаргасан үндэслэлээр хэргийг хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзсан”  гэсэн хуулийн илт тодорхой заалтыг ноцтой зөрчсөн” гэх агуулгаар өргөдөл гаргажээ.

1. Өргөдлийн: “ ... Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн тахимын нийт шүүгчийн хуралдааны 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 522 дугаар тогтоолыг гаргахдаа “Үндсэн хуульд нийцээгүй, албан ёсоор нийтлээгүй хуулийг хэрэглэсэн” гэх тухайд:

... шүүхийн шүүгчийн 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 2024/ХМШЗ/16 дугаар захирамжаар Б.Б-д оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг, хорих ялаар сольж шийдвэрлэснийг ... шүүх Б.Б-н гаргасан гомдлоор хянан хэлэлцээд 2024 оны 05 дугаар сарын 09-ний 2024/ДШМ/29 дүгээр магадлалаар уг захирамжийг хянан хүчингүй болгож шийдвэрлэжээ. 

Дээрх магадлалд Б.Б-с хяналтын журмаар гаргасан гомдлыг Улсын дээд шүүх 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар хэлэлцээд, 522 дугаар тогтоолоор хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэсэн байна.

Тус тогтоолд “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хяналтын шатны шүүх нь анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн эсэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн эсэх, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн эсэхийг хянана." гэж хяналтын шатны шүүхэд хэргийг хянан хэлэлцэх хязгаарыг тогтоожээ ...” гэж дүгнэжээ.

Улсын дээд шүүхийн тогтоолд дурдсан хуулийн заалтыг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 02 дугаар дүгнэлтээр “ ... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад "анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн;", 1.3 дахь заалтад "шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн."; мөн хуулийн 40.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт "... зөрүүтэй хэрэглэсэн эсэх, ..." гэж тус тус заасныг Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 14 дэх заалтад Монгол Улсын иргэн "... шударга шүүхээр шүүлгэх, ... эрхтэй. ..." гэж заасанд нийцээгүй гэж дүгнэж 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Монгол Улсын Их хурлын 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 40 дугаар тогтоолоор Үндсэн хуулийн цэцийн 2023 оны 02 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрч,  2023 оны 06 дугаар сарын 16-ны өдөр баталсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар “ ... 40.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг “Хяналтын шатны шүүх нь шүүхийн Эрүүгийн хуулийн хэрэглээний зөрүү байгаа эсэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн эсэх, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн эсэхийг хянана” гэж өөрчилжээ.

Монгол Улсын Үндсэн хуулийн цэц холбогдох хуулийн заалтыг 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлэхээр шийдвэрлэснийг, Улсын их хурал тэр даруй хүлээн авч хуулийн зүйл, хэсэгт нэмэлт оруулсан нь тухайн хуулийн зүйл, хэсгийг түдгэлзүүлсэн Цэцийн шийдвэр хүчин төгөлдөр үйлчилж эхлэх үед өмнө хүчингүй болсон эсвэл тухайн үед үйлчилж буй агуулгын алинаар түдгэлзэж буй талаар тус хуулийг хэрэглэх асуудалд ... шүүхийн шүүхэд хууль хэрэглэхэд маргаан үүссэн болох нь холбогдох шүүгчдийн тайлбараар тогтоогдож байна.

Шүүхийн сахилгын хороо нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д зааснаар энэ хуулийн 50, 51.1, 52, 53 дугаар зүйлд заасан хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон зохицуулалтыг зөрчсөн сахилгын зөрчилд холбогдох маргааныг хянан шийдвэрлэх эрх бүхий байгууллага бөгөөд шүүхийн хууль хэрэглээний талаарх эрх зүйн маргаантай холбоотой асуудал нь шүүгчийн сахилгын зөрчилд хамаарахгүй гэж дүгнэсэн илтгэгч гишүүний дүгнэлт үндэслэлтэй.

2. Өргөдлийн: “ ... харьяаллын бус гомдол гаргасан үндэслэлээр хэргийг хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзсан” гэх үндэслэлийн тухайд:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт давж заалдах шатны шүүхийн шийдвэрт хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах үндэслэлүүдийг тодорхойлсон бөгөөд тус хяналтын шатны шүүхийн хэргийг хянах хэмжээ хязгаарт шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой буюу шүүх ялтны өмнөх ялыг дүйцэхүйц өөр төрлийн ялаар солих асуудал хамаарахгүй юм.

Иймд ... шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 522 дугаартай тогтоолоор ялтан Б.Б-н гомдлыг харьяаллын бус үндэслэлээр хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэсэн нь хуульд нийцжээ. 

Дээрх үйл баримтуудыг нэгтгэн дүгнээд, ... шүүхийн шүүгч Ч.Х, Б.А, Б.Б, М.П, С.С, Б.Ц нар нь сахилгын зөрчил гаргаагүй байх тул холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1, 112.1.2, 112.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн ГС/2024/0113 дугаартай “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” саналыг хүлээн авч, ... шүүхийн шүүгч Ч.Х, Б.А, Б.Б, М.П, С.С, Б.Ц нарт холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6-т зааснаар магадлал гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл, мэдээлэл гаргагчийн оршин суугаа газрын эсхүл ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл ажлын албаны ажилтнаар хүргүүлэхийг ажлын албанд даалгасугай.

3. Магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сахилгын хороонд хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

4. Дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох ба энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг тайлбарласугай.

            ДАРГАЛАГЧ                                    Д.МЯГМАРЦЭРЭН

            ГИШҮҮН                                            Г.ЦАГААНЦООЖ

                                                                        Д.ЭРДЭНЭЧУЛУУН