info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих ШИЛЭН ДАНС
ENMNG

МОНГОЛ УЛС

ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО

МАГАДЛАЛ

2024-11-20

Дугаар 113

Улаанбаатар хот

Сахилгын хэргийг хэрэгсэхгүй

болгох тухай

Шүүхийн сахилгын хорооны хуралдааныг гишүүн Х.Хашбаатар даргалж, гишүүн Д.Ариунтуяа, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Г.Цагаанцоож, нарийн бичгийн даргаар хуралдаан хариуцсан ахлах мэргэжилтэн А.Намуундарь, өргөдөл гаргагч Б.Н, хэргийн оролцогч шүүгч Д.Х нарыг оролцуулан хийж, ... Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Д, шүүгч Д.Х нарт холбогдох Сахилгын хорооны гишүүний 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн ГС/2024/0114 дугаартай “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” саналыг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Илтгэгч гишүүн “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” саналдаа:

“Б.Н нь “З Э” сууц өмчлөгчдийн холбоонд холбогдуулан орон сууцны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардал нэхэмжилж, хураан авч буй үйлдлийг хууль бусад тооцуулах тухай нэхэмжлэл гаргасныг ... Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Г хүлээн авч, 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдөр  иргэний хэрэг үүсгэн, хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан, шүүгчдийн зөвлөгөөний 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн тогтоолоор хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацааг 30 хоногоор сунгажээ. 

Шүүгч Н.Г Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2022 оны 49 дүгээр тогтоолоор тус шүүхэд томилолтоор ажиллаж байсан, уг хугацаа дуусгавар болсон тул түүний хянан шийдвэрлэж байсан хэргийг шүүгчдийн зөвлөгөөний 2024 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 743 дугаар тогтоолоор хуваарилахад Б.Н-ын нэхэмжлэлтэй хэрэг шүүгч Д.Х-д хуваарилагдсан, Ерөнхий шүүгчийн 2024 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 2252 дугаар захирамжаар түүнийг шүүх хуралдаан даргалагчаар томилсон шийдвэрийг албажуулсан, шүүгч 2024 оны 3 дугаар сарын 18-ны өдөр хэргийг хүлээн авч хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан нь сахилгын хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. 

Холбогдох шүүгч нар тухайн иргэний хэргийг хянан шийдвэрлэх явцад Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.-т заасан хориглолтыг зөрчсөн эсэхийг өргөдөлд дурдсан агуулгын хүрээнд дараах байдлаар тодорхойлов. Үүнд:

  1. Шүүгч Д.Х-ийн тухайд:

1.1. Шүүгч Д.Х 2024 оны 6 дугаар сарын 05-ны өдөр захирамж гарган Б.Н-ын нэхэмжлэлтэй хэргийг 2024 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 12 цагт шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр тогтоож, хэргийн оролцогч нарт мэдэгдсэн, нэхэмжлэгч шүүгчээс татгалзах хүсэлт гаргасан тул татгалзлыг Ерөнхий шүүгч шийдвэрлэх хүртэл хугацаагаар тус шүүх хуралдаан хойшлогджээ.

Ерөнхий шүүгчийн 2024 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 5404 дүгээр захирамжаар хүсэлтийг хангахгүй орхисон, шүүгч Д.Х 2024 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 08 дугаар сарын 15-ны өдрийг дуустал ээлжийн амралттай, шүүгчдийн зөвлөгөөний тогтоолоор 2024 оны 9 дүгээр сарын 19-ний өдрөөс 10 дугаар сарын 18-ны өдрийн хооронд чөлөөтэй байсан байх ба шүүгч Н.Г-г тус шүүхэд сэлгэн ажиллуулахаар шийдвэрлэсэнтэй холбогдуулан шүүгчдийн зөвлөгөөний 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 2607 дугаар тогтоолоор шүүгч Д.Х-с 7 хэргийг үүний дотор Б.Н-ын нэхэмжлэлтэй хэргийг буцаан хуваарилжээ.  

Шүүгч Н.Г-ийн хянан шийдвэрлэж  байсан хэргүүдээс 22 хэрэг шүүгч Д.Х-д хуваарилагдсан бөгөөд тэрээр 2024 оны 3 сард 71, 4 сард 96, 5 сард 80, 6 сард 74 нэхэмжлэл болон хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байсан, энэ  нь тухайн сард 1 шүүгчид оногдох хэмжээнээс даруй 10 гаруй хэргээр илүү байсан нь шүүгч ачаалалтай ажиллаж байсан гэж үзэхээр байна.

Шүүгч нь өөрийн хянан шийдвэрлэж байгаа хэрэг, нэхэмжлэлээс гадна өөр шүүгчээс 22 хэрэг хүлээн авсан тул тэдгээр хэрэгт хуульд заасан ажиллагаа явуулсан эсэхийг судалж, холбогдох ажиллагааг явуулах, мөн хэргийг хэлэлцэх шүүх хуралдааныг товлон хуралдаанаар хэлэлцүүлж шийдвэрлэдэг.

Сахилгын хэрэгт авагдсан ... Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны зараас үзвэл, шүүгч Д.Х нь Б.Н-ын нэхэмжлэлтэй хэргийг хүлээн авсан 2024 оны 3 дугаар сарын 18-ны өдрөөс 5 дугаар сарын 30-ний өдөр хүртэл хугацаанд нийт 225 шүүх хуралдаан товлон зарлажээ.  Тус шүүгчийн “...шүүх хуралдааны  байрны хүртээмжээс  хамаарч 7 өдрийн 3 өдөрт шүүх хуралдаан товлодог, ачаалалд тохируулан 1 өдөр 7-8 шүүх хуралдаан товлодог...” гэх тайлбарыг буруутгах боломжгүй. 

            Хуулиар өөр хугацаа тогтоогоогүй бол хэрэг үүсгэсэн өдрөөс хойш 60 хоногийн дотор хэргийг шийдвэрлэх, уг хугацааг шүүгчдийн тогтоолоор 1 удаа сунгахаар хуульд заасан бөгөөд Б.Н-ын нэхэмжлэлтэй хэрэг шүүгч Д.Х-д хуваарилагдах үед хэргийн хуульд заасан хугацаа дууссан байсан, үүнд холбогдох шүүгчийг буруутгах боломжгүй юм. 

            Түүнчлэн шүүгч тухайн хэргийг хүлээн авснаас шүүх хуралдаан товлон зарлах хүртэл хугацаанд  ихээхэн ачаалалтай байсан тул  хэргийг 2024 оны 6 дугаар сарын 17-ны өдөр шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр тогтоосныг “...хуулийн илт тодорхой заалтыг ноцтой зөрчсөн...” гэж үзэх боломжгүй.

1.2. Б.Н нь 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдөр ... Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.М, Д.Х нарт холбогдуулан “...миний нэхэмжлэлтэй, Г.Н-д холбогдох иргэний хэргийн шүүх хуралдааныг даргалагч шүүгч Б.М, шүүгч Д.Х нар нь албан тушаалын байдал, эрх нөлөөгөө урвуулан ашиглаж өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгох  үйлдэл гаргасан байж болзошгүй ... шүүх хурал эхэлсэн цагаас намайг илтэд буруутгасан өнгө аяс бүхий зүйлийг оршилдоо дурдаж, хариуцагчийн хэрэгт огт хамааралгүй тайлбар, яриаг дэмжсэн утга бүхий тайлбарыг хэлж байсан” гэх агуулга бүхий өргөдөл гаргажээ.

Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2024 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн ГЗТ/2024/0035 дугаар захирамжаар сахилгын хэрэг үүсгэхээс татгалзаж шийдвэрлэжээ.

Иймд өргөдөлд дурдсан “...шүүгч Д.Х “З Э” СӨХ болон хариуцагч Г.Н-тай холбоотой шүүх хуралд хоёр ч удаа оролцсон ба тухайн шүүх хурлын үеэр илтэд Г.Н-ын талд хэргийг шийдэхэд дөхөм, нэмэр болсон үг, үйлдлийг санаатай болон санамсаргүй байдлаар гаргаж байсан...” гэх гомдлыг шийдвэрлэсэн Сахилгын хорооны гишүүний захирамж хүчин төгөлдөр байна.  

1.3. Дээр дурдсанаар шүүгчдийн зөвлөгөөний тогтоолоор шүүгч Н.Г-ийн хянан шийдвэрлэх ажиллагаанд байсан 236 хэргийг сугалааны дарааллаар тойргоор  шүүгч  нарт хуваарилахаар шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй байна. Өөрөөр хэлбэл, өргөдөлд “...тухайн хэргийг шүүгч Д.Х-д хуваарилсан нь хариуцагч талд зориуд өөрсдийн талд хэргийг шийдүүлэх гэсэн далд үйлдэл байж болзошгүй...” гэх гомдол үндэслэлгүй.

2. Ерөнхий шүүгч Д.Д-ийн тухайд:

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.6.-т “Хэд хэдэн буюу хэргийг дангаар шийдвэрлэж байгаа шүүгчийг, түүнчлэн шүүх бүрэлдэхүүнийг татгалзан гаргах хүсэлтийг тухайн шүүхийн Ерөнхий шүүгч шийдвэрлэж захирамж гаргана” гэж заасан.

“З Э” СӨХ-д холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгч Б.Н нь тухайн хэргийг шийдвэрлэх шүүгч Д.Х-г татгалзан гаргах хүсэлт гаргасан,  ... Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Д 2024 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 5404 дүгээр захирамжаар хүсэлтийг хангахгүй орхисон байна. Ийнхүү шийдвэрлэхдээ шүүгч хүсэлтийг хангахгүй үндэслэлийг захирамжид тодорхой дурдсан байх ба Сахилгын хороо шүүгчийн захирамжийн хууль зүйн үндэслэлийг хянах, түүнд дүгнэлт хийх эрхгүй.

        Дээр дурдсан үндэслэлээр Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.1-т заасан “...албан тушаалын байдал, эрх нөлөөгөө урвуулан ашиглаж өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгосон”, 50.1.23-т заасан “хуулийн илт тодорхой заалтыг ноцтой... зөрчсөн”  гэх үндэслэл тогтоогдоогүй тул ... Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Д, шүүгч Д.Х нарт холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргав.” гэжээ.

Холбогдох шүүгч Д.Д Шүүхийн сахилгын хороонд гаргасан тайлбартаа:

 “ ... Б.Н нь “З Э” сууц өмчлөгчдийн холбоонд холбогдуулан тус холбооны 2019 оны 7 дугаар сарын 09-ний өдрөөс 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл, 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацааны Э хотхоны 32-д байрны 37 тоотоос орон сууцны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардал нэхэмжилж, хурааж авч буй үйлдлийг хууль бусад тооцуулах тухай нэхэмжлэлийг 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдөр гаргасныг шүүх хүлээн авч, тус шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 183/ЗТ2024/00001 тоот Хэрэг, нэхэмжлэл, гомдол, хүсэлт хүлээн авах, хуваарилах болон хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг сугалаагаар томилох журам батлах тухай шүүгчдийн зөвлөгөөний тогтоол, хэрэг, нэхэмжлэл, гомдол, хүсэлт хүлээн авах, хуваарилах болон хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг сугалаагаар томилох нарийвчилсан журмын 5 дугаар зүйлийн 5.1-т заасны дагуу шүүгч Н.Г-д хуваарилагдаж, шүүгч 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгэжээ.

Шүүгч Н.Г Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2022 оны 49 дүгээр тогтоолоор тус шүүхэд сэлгэн ажиллаж, 2024 оны 3 дугаар сарын 07-ны өдөр томилолтын хугацаа дууссан бөгөөд шүүгч Н.Г-ийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд байгаа болон түдгэлзүүлсэн нийт 236 хэргийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацаагаар дараалуулан хамгийн эхэнд иргэний хэрэг үүссэн хэргээс эхлэн шүүгч нарт сугалааны дарааллаар хуваарилахаар шийдвэрлэсэн.

Дээрх тогтоолын дагуу Б.Н-ын нэхэмжлэлтэй “З Э” сууц өмчлөгчдийн холбоонд холбогдох иргэний хэрэг шүүгч Д.Х-д хуваарилагдсан байх ба тус шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 183/ЕШ2024/02252 дугаар хэрэг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх хуралдааны даргалагчийг томилсон шийдвэрийг албажуулах тухай Ерөнхий шүүгчийн захирамжаар шүүгч Д.Х-г томилсон шийдвэрийг албажуулсан байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Б.Н уг иргэний хэргийг хянан шийдвэрлэх шүүгч Д.Х-г татгалзан гаргах хүсэлт гаргаж, хүсэлтийн үндэслэлээ “...”З Э” СӨХ-д холбогдох иргэний хэрэг 2023 оны 12 дугаар сард үүссэн. Тухайн хэргийн шүүх хурал огт зарлагдахгүй байж байгаад гэв гэнэт 2024 оны 6 дугаар сарын 07-ны өдөр зарлахаар болсныг нэхэмжлэгч надад утсаар мэдэгдсэн. Тухайн хэргийг шүүгч Д.Х-д хуваарилсан нь зориуд өөрсдийн талд хэргийг шийдүүлэх гэсэн үйлдэл байж болзошгүй гэж нэхэмжлэгч миний бие үзэж байна. Учир нь шүүгч Д.Х “З Э” СӨХ болон хариуцагч Г.Н-тай холбоотой шүүх хуралд хоёр ч удаа оролцсон ба тухайн шүүх хурлын үеэр илтэд Г.Н-ын талд хэргийг шийдэхэд дөхөм, нэмэр болсон үг, үйлдлийг санаатай болон санамсаргүй байдлаар гаргаж байсан. “З Э” СӨХ-ны асуудал нь дан ганц оршин суугч миний асуудал бус тухайн хотхонд амьдран сууж буй 600 иргэдийн эрх ашигтай холбоотой юм. Хэргийг шийдэх гэж буй шүүгч нь нэхэмжлэгч миний гаргасан санал, хүсэлтийг хуулийн дагуу судалж, хэргийг шударгаар шийдэх итгэл үнэмшилгүй байна...” гэж тайлбарласан ба Ерөнхий шүүгч миний бие нэхэмжлэгчийн хүсэлт, хэргийн баримттай танилцаж, хүсэлтийг хангахгүй орхиж шийдвэрлэсэн. 

Учир нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1.3-т “...Хэргийн оролцогчтой хувийн харилцаатай, түүнчлэн уг хэргийг шударгаар шийдвэрлэж чадах эсэх талаар үндэслэл бүхий эргэлзээ байвал...” шүүгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож болохгүй гэж зохицуулсан.

Шүүгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зохигчдын эрх тэгш байх зарчимд үндэслэн явуулж, мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүүлэх үүрэгтэй бөгөөд шүүгчийн өөрт хуулиар олгогдсон эрх хэмжээний хүрээнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж, хүсэлт шийдвэрлэж байгааг уг хэргийг шударгаар шийдвэрлэж чадах эсэх талаар үндэслэл бүхий эргэлзээ гэж үзэхгүй гэж дүгнэж нэхэмжлэгч Б.Н-ын шүүгч Д.Х-г татгалзан гаргах хүсэлтийг хангахгүй орхиж шийдвэрлэсэн болно.

... Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ажлын ачааллыг тэнцвэржүүлэх зорилгоор шүүгчдийн зөвлөгөөнөөр тус шүүхэд шүүгч сэлгэн ажиллуулах захиалга өгснөөр ... Сум дундын шүүхийн шүүгч Н.Г тус шүүхэд ажиллаж, түүний хугацаа дууссанаар шүүгчдийн зөвлөгөөний тогтоолын дагуу дээрх хэрэг шүүгч Д.Х-д хуваарилагдсан бөгөөд нэхэмжлэгч Б.Н-ын тухайн хэргийг шүүгч Д.Х-д хуваарилсан нь хариуцагч тал зориуд өөрсдийн талд хэргийг шийдүүлэх гэсэн далд үйлдэл байж болзошгүй гэж нэхэмжлэгч миний бие үзэж байна гэж шүүгч Д.Х-с татгалзсан нь үндэслэлгүй, түүний шүүгчээс татгалзаж байгаа үндэслэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1.3-т заасанд хамааралгүй юм.

Иймд дээр дурдсан үндэслэлээр Шүүхийн сахилгын хороонд гаргасан иргэн Б.Н-ын гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй, үндэслэлгүй гэж үзэж байна” гэжээ.

Холбогдох шүүгч Д.Х Шүүхийн сахилгын хороонд гаргасан тайлбартаа:

“...1. Хэргийн үйл баримтын талаар: Нэхэмжлэгч Б.Н нь “З Э” СӨХ-нд холбогдуулан орон сууцны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардал нэхэмжилж, хурааж авч буй үйлдлийг хууль бусад тооцуулах тухай нэхэмжлэлийг тус дүүргийн шүүхийн шүүгч Н.Г 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 183/Ш32023/23362 дугаар захирамжаар иргэний хэрэг үүсгэсэн. 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулж, хариуцагчаас хариу тайлбар ирүүлсэн, 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацааг сунгасан байна.

2024 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн ... Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 183/ЗТ2024/00743 дугаартай тогтоолоор шүүгч Н.Г-ийн томилолтын хугацаа дуусгавар болж байгаатай холбогдуулан түүний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд байгаа болон түдгэлзүүлсэн 236 хэргийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацаагаар дараалуулан хамгийн эхэнд иргэний хэрэг үүссэн хэргээс эхлэн шүүгч нарт сугалааны дарааллаар хуваарилахаар шийдвэрлэсэн.  

Тус дүүргийн шүүхийн Ерөнхий шүүгчийн 2024 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 183/ЕШ2024/02252 дугаар захирамжаар Б.Н-ын нэхэмжлэлтэй “З Э” СӨХ-нд холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх хуралдаанд даргалагчаар шүүгч Д.Х намайг томилсон. Хэргийг хүлээн авснаас хойш шүүх хуралдааныг товлон зарлахаар нэхэмжлэгч, хариуцагч нар мэдэгдэж, 2024 оны 5 дугаар сарын 30-ний өдөр шүүхийн мэдэгдэх хуудсаар нэхэмжлэгчид хурлын товыг мэдэгдэж, 2024 оны 6 дугаар сарын 05-ны өдөр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх захирамж гарч, шүүх хуралдааныг 2024 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 12 цаг 00 минутад шүүх хуралдааны 1 дүгээр танхимд хийхээр тогтоож, шүүх хуралдааны товыг талуудад мэдэгдсэн.

2024 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.Н нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1.3-д заасан үндэслэлээр даргалагч шүүгчээс татгалзсан тул шүүх  хуралдааныг Ерөнхий шүүгчийн татгалзлыг шийдвэрлэх хүртэлх хугацаагаар хойшлуулсан. Миний бие 2024 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 2024 оны 8 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл ээлжийн амралттай байсан бөгөөд энэ хугацаанд 2024 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн Ерөнхий шүүгчийн 183/ЕШ2024/05404 дүгээр захирамжаар нэхэмжлэгч Б.Н-ын “татгалзан гаргах” хүсэлтийг хангахгүй орхисон байна.

Нэхэмжлэгчийн гаргасан татгалзлыг тус дүүргийн шүүхийн Ерөнхий шүүгч хангахгүй орхисон учраас шүүх хуралдааныг 2024 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр товлон зарлахаар талуудад шүүгчийн туслах мэдэгдсэн боловч нэхэмжлэгч нь гачигдлаар хөдөө явж байна гэж тайлбарласан тул шүүх хуралдааныг 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 15 цаг 30 минутад товлон зарласан болно.

2. Гомдолд дурдсан үйл баримтын талаар:

Гомдол гаргагч Б.Н нь Сахилгын хороонд гаргасан өргөдөлдөө “...тухайн хэргийг шүүгч Д.Х-д хуваарилсан нь хариуцагч талд зориуд өөрсдийн талд хэргийг шийдүүлэх гэсэн далд үйлдэл байж болзошгүй, хэргийг өөр шүүгчид хуваарилж өгнө үү гэсэн хүсэлтэд өнөөдрийг хүртэл ямар нэгэн хариу өгөөгүй, 9 сар орчим огт хэлэлцэлгүй хав дарж байгаа нь цаанаасаа ямар нэгэн ашиг сонирхлын шинжтэй гэж үзэж байна” гэжээ.

Тус дүүргийн шүүхээс хэргийг 2024 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн ... иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 183/ЗТ2024/00743 дугаартай тогтоолоор шүүгч нарт сугалааны дарааллаар хуваарилахаар шийдвэрлэсэн бөгөөд хэргийг хэргийн хөдөлгөөний удирдлагын хэлтсийн дарга Э.Д нь хяналт тавьж Иргэн-2014 программын дагуу хуваарилсан болно.

Мөн 2024 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн шүүх хуралдаанаар даргалагч шүүгчээс татгалзсан татгалзлыг тус шүүхийн ерөнхий шүүгч 2024 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн Ерөнхий шүүгчийн 183/ЕШ2024/05404 дүгээр захирамжаар татгалзлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгчийн даргалагч шүүгчээс татгалзсан татгалзлын хангахгүй орхисон учир шүүгч миний бие ээлжийн амралтаас ажилдаа орж шүүх хуралдааныг 2024 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр товлон зарласан боловч нэхэмжлэгч нь хуралдаанд ирэх боломжгүй гэсэн тул шүүх хуралдааныг 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 15 цаг 30 минутад товлон зарласан байгаа болно.

Тус дүүргийн шүүхийн шүүх нь шүүгчийн орон тоо дутуу, нөхөгдөөгүй байгаагаас нэг шүүгчид ногдох хэргийн ачаалал өндөр нэг шүүгчид зөвхөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд 250-300 хэрэг байгаа бөгөөд хэрэг үүсгэсэн дарааллаар 7 хоногт 20-25 шүүх хуралдааныг товлон зарлаж байна.

Гомдол гаргагч Б.Н нь Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.1-д “албан тушаалын байдал, эрх нөлөөгөө урвуулан ашиглаж өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгох” гэсэн заалтыг зөрчсөн гэсэн боловч албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, бусдад давуу байдал бий болгосон зүйл байхгүй бөгөөд хуулийн дагуу хуваарилагдан ирсэн хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байгаа болно. 

Иймд шүүгч миний зүгээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4-д зааснаар хуваарилагдсан ирсэн хэрэг, нэхэмжлэлийг хүлээн авч, хараат бусаар хуульд нийцүүлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байгаа тул үүсгэсэн сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Холбогдох шүүгч Д.Х Шүүхийн сахилгын хороонд гаргасан нэмэлт тайлбартаа:

 “...Тус дүүргийн шүүхээс хэргийг 2024 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн ... Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 183/ЗТ2024/00743 дугаартай тогтоолоор шүүгч нарт сугалааны дарааллаар хуваарилахаар шийдвэрлэсэн бөгөөд хэргийг хэргийн хөдөлгөөний удирдлагын хэлтсийн дарга Э.Д хяналт тавьж Иргэн-2014 программын дагуу хуваарилж, хэргийг 2024 оны 3 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авсан. Өөрөөр хэлбэл Н.Г шүүгчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд байсан нийт 22 хэргийг хүлээн авсан бөгөөд уг хэрэгтэй танилцаж, хүсэлт шийдвэрлэж, мэдэгдэх хуудас ирүүлсэн хэргээс хариуцагч оршин суугаа хаягтаа байхгүй тохиолдолд хэргийг хэрэгсэхгүй болгох ажиллагаа хийсэн. Шүүх хуралдаан товлогдох хэргүүдийн хувьд шүүх хуралдааны тов урьдчилан товлогдсон байдаг тул хуралдааныг хэзээ товлох боломжтой эсэх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хүсэлт, нотлох баримт ирүүлэх эсэхийг тодруулах ажиллагаа хийсэн болно.

Миний бие 2024 оны 3 дугаар сарын 18-ны өдрөөс 2024 оны 5 дугаар сарын 30-ний өдрийг хүртэлх хугацаанд нийт 225 хуралдаан товлосон бөгөөд 7 хоногийн 3 өдөр шүүх хуралдаанаа товлон зарлагддаг, хэргийн ачааллаас хамааран 1 өдөрт 7-8 хурал товлогдож, шүүх хуралдааны бус өдрүүдэд үзлэг болон гэрч асуух ажиллагаа хийгдэж байсан.

Иймд шүүгчийн туслахаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд байгаа хэргүүдийн хэргийн оролцогч нарт хурал товлох талаар мэдэгдэж, хуралдааныг товлож байсан бөгөөд нэхэмжлэгч Б.Н-д шүүх хуралдааны товыг мэдэгдэхээр шүүгчийн туслах Б.Н түүний нэхэмжлэлд бичигдсэн утсаар залгаж, хэрэг шүүгчид хуваарилагдсан талаар мэдэгдэж, хурал товлох талаар асуухад “...яахаараа танай шүүгчид хуваарилагддаг юм бэ, хурал зарлуулахгүй, яагаад танай шүүгчид хэрэг очдог юм, танай шүүгчээр хэргээ шийдвэрлүүлэхгүй” гэсэн болно.

Миний бие тус дүүргийн шүүхийн шүүгч Б.М-ын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд байсан Б.Н-ын нэхэмжлэлтэй Г.Н-д холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааны бүрэлдэхүүнд орж, 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 183/ШШ2024/00001 дүгээр шийдвэрээр хэргийг хянан шийдвэрлэсэн.

Нэхэмжлэгч Б.Н нь мөн уг хэргийн нэхэмжлэгч байсан бөгөөд Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 50, 51.1, 52, 53 дугаар зүйлд заасан зөрчил гаргасан гэж шүүх хуралдааны даргалагч Б.Мөнхжаргал болон шүүгч надад холбогдуулан Шүүхийн сахилгын хороонд гомдол гаргасан.

Уг гомдлыг Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2024 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 0035 дугаар захирамжаар Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 50, 51.1, 52, 53 дугаар зүйлд заасан зөрчилд хамаарахгүй байна гэж үзэж, шүүгч нарт холбогдуулан сахилгын хэргийг үүсгэхээс татгалзсан.

Гэтэл нэхэмжлэгч Б.Н нь шүүгч Д.Х надад түүний хэрэг хуваарилагдсан нь ашиг сонирхлын зөрчилтэй, хэргийн хуваарилалтын талаар гомдол гаргана гэж тайлбарлаад шүүхэд хүрэлцэн ирээгүй, шүүх хуралдааныг хэзээ болох талаар мэдэгдэхээр залгахад танай шүүгчээр хэргээ шийдвэрлүүлэхгүй, татгалзана гэсэн болно.

Тус дүүргийн шүүх нь шүүгчийн орон тоо дутуу, нөхөгдөөгүй, сэлгэн ажиллах шүүгчийн хугацаа дууссан зэрэг нөхцөл байдлын улмаас хэргийн ачаалалтай байсан бөгөөд нэг шүүгч 200-300-аад хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байгаа, мөн шүүх хуралдааныг товлон зарлах, хойшлуулахад энэ ачаалал нөлөөлж байгаа болно.

Шүүгч Д.Х миний бие Н.Г шүүгчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас ирсэн 22 хэргээс нийт 15 хэргийг нь шийдвэрлэж, 7 хэргийг нь шүүгчдийн зөвлөгөөний тогтоолын дагуу буцаан шилжүүлсэн.

Гомдол гаргагч нэхэмжлэгч Б.Н нь Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.1-д “албан тушаалын байдал, эрх нөлөөгөө урвуулан ашиглаж өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгох” гэсэн заалтыг зөрчсөн гэсэн боловч албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, бусдад давуу байдал бий болгосон зүйл байхгүй бөгөөд хуулийн дагуу хуваарилагдан ирсэн хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байна.

Жич: Нэхэмжлэгчид 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 15 цаг 30 минутад шүүх хуралдааныг товлон зарласан талаар мэдэгдэхэд “...дураараа хурал зарлаж шийдэхээ боль” гэсэн бөгөөд мөн өдөр товлогдсон шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй, шүүгчийн туслах Э.Э-д “...шүүхийн сахилгын хороо дээр танай шүүгчийн асуудал шийдвэрлэгдээгүй тул хууль зөрчиж шүүх хурал зарлаж байгаа хууль бус үйлдлээ нэн даруй зогсоохыг шаардаж байна. Шүүгчдээ дамжуулж хэлнэ үү” гэсэн мессежийг ирүүлсэн.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Өргөдөл гаргагч Б.Н-с ... Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Д, шүүгч Д.Х нарт холбогдуулан Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.1 дэх заалтыг зөрчсөн гэж өргөдөл гаргасныг Сахилгын хорооны гишүүн хүлээн авч 2024 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн ГЗҮ/2024/0098 дугаар захирамжаар сахилгын хэрэг үүсгэн, шалгах ажиллагаа явуулж, 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргажээ.

Сахилгын хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, Б.Н-с “З Э” сууц өмчлөгчдийн холбоонд холбогдуулан орон сууцны дундын өмчлөлийн  ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардал нэхэмжилж, хураан авч буй үйлдлийг хууль бусад тооцуулах тухай нэхэмжлэл гаргасныг ... Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Г хүлээн авч, 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдөр  иргэний хэрэг үүсгэсэн байна.

Өргөдөлд “... . Тухайн хэргийн шүүх хурал огт зарлагдахгүй байж байгаад гэв гэнэт 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдөр зарлахаар болсныг надад утсаар мэдэгдсэн ...” гэж дурдсан тул энэ талаар илтгэгч гишүүнээс шалгах ажиллагаа явуулахад шүүгч Н.Г нь тус шүүхэд томилолтоор ажиллаж байсан бөгөөд томилолтын хугацаа нь дуусгавар болох үед түүний хянан шийдвэрлэж байсан Б.Н-ын нэхэмжлэлтэй хэрэг шүүгчдийн зөвлөгөөний 2024 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 743 дугаар тогтоолоор шүүгч Д.Х-д хуваарилагдаж, шүүгч 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдөр хэргийг хүлээн авч хянан шийдвэрлэх ажиллагаа явуулжээ.

Шүүгч Д.Х нь тус иргэний хэргийг хэлэлцэх шүүх хуралдааныг товлох хүртэлх хугацаанд өөрийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд байсан хэргүүд дээр шүүгч Н.Г-с 22 хэрэг нэмж аван ажиллагаа хийсэн, эдгээр хэргүүдийг хэлэлцэн шийдвэрлэх шүүх хуралдааныг товлон зарлахын тулд хуульд заасан ажиллагаа явуулах шаардлагатай байдгаас гадна шүүгчийн орон тоо дутуугаас шалтгаалан шүүгчид хуваарилагдах нэхэмжлэлийн тоо өсдөг, шүүх хуралдааныг хэрэг үүсгэсэн дарааллаар товлодог, хэргийг хүлээн авснаас хойш 225 шүүх хуралдаан зарласан зэрэг хүндэтгэн үзэх шалтгаан шалгах ажиллагааны явцад тогтоогдсон байна.

Дээр дурдсанчлан шүүгч ачаалал ихтэй ажиллаж байсан хэдий ч боломжит хугацаанд шүүх хуралдааныг товлон зарласан, хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх хуралдаан хойшилсон, шүүгч ээлжийн амралтаа авсан зэрэг шалтгааны улмаас хэргийг шийдвэрлэх хугацаа удааширсан, мөн шүүгчийг тус хэргийг хүлээн авах үед хянан шийдвэрлэх хугацаа дууссан байсан зэргээс үзэхэд шүүгч Д.Х-г “хэргийг бүтэн 9 сар орчим огт хэлэлцэлгүй хав дарж, хэргийг хуулийн хугацаанд шийдвэрлэхгүй байгаа” гэх үндэслэлээр сахилгын зөрчил гаргасан гэж үзэхээргүй байна.

Мөн өргөдөлд “... Тухайн хэргийг шүүгч Д.Х-д хуваарилсан нь хариуцагч тал зориуд өөрсдийн талд хэргийг шийдүүлэх гэсэн далд үйлдэл байж болзошгүй. Учир нь шүүгч Д.Х “З Э” СӨХ болон хариуцагч Г.Н-тай холбоотой шүүх хуралд хоёр ч удаа оролцсон ба тухайн шүүх хурлын үеэр илтэд Г.Н-ын талд хэргийг шийдэхэд дөхөм, нэмэр болсон үг, үйлдлийг санаатай болон санамсаргүй байдлаар гаргаж байсан ...” гэж дурдсан бөгөөд дээрх агуулга бүхий өргөдлийг Шүүхийн сахилгын хороонд гаргасныг гишүүний 2024 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн ГЗТ/2024/0035 дугаар захирамжаар сахилгын хэрэг үүсгэхээс татгалзаж шийдвэрлэжээ.

Дээрх захирамж нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 104 дүгээр зүйлийн 104.3-т “Сахилгын хэрэг үүсгэхээс татгалзсан захирамжийг гаргаснаас хойш даруй өргөдөл, мэдээлэл гаргагчийн оршин суугаа газрын, эсхүл ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл ажлын албаны ажилтнаар хүргүүлнэ. Уг захирамжийг хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор өргөдөл, мэдээлэл гаргагч Сахилгын хороонд гомдол гаргаж болно. Энэ хугацааны дотор гомдол гаргаагүй бол захирамж хүчин төгөлдөр болно” гэж зааснаар хүчин төгөлдөр болсон байна.

Нэгэнт хүчин төгөлдөр болсон шийдвэрээр шүүгч хариуцагч талд давуу байдал бий болгосон эсэх асуудлыг шийдвэрлэсэн байх тул Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.9-д зааснаар үүнийг дахин нотлохгүй.

Түүнчлэн, Б.Н-с дээр дурдсан үндэслэлээр шүүгч Д.Х-г татгалзан гаргах хүсэлт гаргасныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Д.Д 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 5404 дүгээр захирамжаар “шүүгчийн өөрт хуулиар олгогдсон эрх хэмжээний хүрээнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж, хүсэлт шийдвэрлэж байгааг уг хэргийг шударгаар шийдвэрлэж чадах эсэх талаар үндэслэл бүхий эргэлзээ гэж үзэхгүй гэж дүгнэж” хүсэлтийг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1-т “Шүүгч дараахь үндэслэл байвал хэрэг хянан шийдвэрлэхэд оролцож болохгүй: ... 91.1.3.хэргийн оролцогчтой хувийн харилцаатай, түүнчлэн уг хэргийг шударгаар шийдвэрлэж чадах эсэх талаар үндэслэл бүхий эргэлзээ байвал” гэж заасан бөгөөд шүүгч шийдвэрлэх гэж байгаа хэрэг, маргаантай ижил төстэй, эсхүл тухайн хэргийн оролцогчдын оролцсон өөр хэрэг маргааныг урьд өмнө шийдвэрлэсэн болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн оролцогчдоос гаргасан хүсэлтийг шийдвэрлэсэн байдал болон шийдвэрлэхэд оролцож байсан нь тухайн хэргийг шударгаар шийдвэрлэж чадах эсэх талаар эргэлзэх үндэслэлд хамаарахгүй тул энэ талаар дүгнэлт хийж, хүсэлт шийдвэрлэсэнтэй нь холбогдуулан Ерөнхий шүүгч Д.Д-г хууль зөрчсөн гэж үзэхгүй.

Иймд илтгэгч гишүүний “... шүүгчдийн зөвлөгөөний тогтоолоор шүүгч Н.Г-ийн хянан шийдвэрлэх ажиллагаанд байсан 236 хэргийг сугалааны дарааллаар тойргоор  шүүгч  нарт хуваарилахаар шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй, ... тухайн хэргийг шүүгч Д.Х-д хуваарилсан нь хариуцагч талд зориудаар давуу байдал бий болгосон гэх үндэслэл тогтоогдоогүй ...” гэж үзэж ... Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Д, шүүгч Д.Х нарт холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргасныг хүлээн авах нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзлээ.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.2, 112.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Сахилгын хорооны гишүүний 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн ГС/2024/0114 дүгээр “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” саналыг хүлээн авч, ... Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Д, шүүгч Д.Х нарт холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6 дахь хэсэгт зааснаар  магадлал гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл, мэдээлэл гаргагчийн оршин суугаа газрын эсхүл ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар хүргүүлэхийг Ажлын албанд даалгасугай.

3.Дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох ба энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг мэдэгдсүгэй.

Магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргах эрхтэй. 

                        ДАРГАЛАГЧ                                       Х.ХАШБААТАР

                        ГИШҮҮН                                             Д.АРИУНТУЯА

                                                                                                С.ЭНХТӨР