
МОНГОЛ УЛС
ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО
МАГАДЛАЛ
2024-11-05
Дугаар 103
Улаанбаатар хот

Сахилгын хэргийг хэрэгсэхгүй
болгох тухай
Шүүхийн сахилгын хорооны хуралдааныг гишүүн Д.Мягмарцэрэн даргалж, гишүүн Д.Ариунтуяа, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Х.Хашбаатар, хуралдааны нарийн бичгийн дарга Г.Болортуяа нарыг оролцуулан тус хорооны хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар ... Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Э-т холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн ГС/2024/0103 дугаартай саналыг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Илтгэгч гишүүний саналд: “ ... Өргөдөл гаргагчаас шүүгч Г.Э нь “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг санаатайгаар удаашруулж хүсэлт гаргагчийг хохироож байгаа” гэж өргөдөлдөө дурдсан тул тус иргэний хэрэгт явуулсан шүүгчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шалгахад дараах үйл баримтууд тогтоогдлоо. Үүнд:
Сахилгын хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, “Ж” ХХК-иас 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр ““Ж” ХХК-ийг дампууруулах тухай” хүсэлтийг ... Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасныг шүүгч Г.Э хүлээн авч, 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдөр 181/Ш32022/06174 дүгээр захирамжаар иргэний хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулжээ.
Дампуурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.7-д зааснаар төлбөрийн чадвартай эсэх талаар дүгнэлт гаргуулахаар шүүгчийн 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 181/Ш32022/08336 дугаар захирамжаар түр хэрэг гүйцэтгэгчээр Ж.Э-г томилсон байна.
Түр хэрэг гүйцэтгэгчээс 2022 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 02 дугаартай “Ж” ХХК-ийн төлбөрийн чадварын талаарх дүгнэлтийг шүүхэд ирүүлснийг үндэслэн тус шүүхийн шүүгчийн 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 181/Ш32022/12020 дугаар захирамжаар “Ж” ХХК-ийг төлбөрийн чадваргүйд тооцож, энэ тухай хэвлэл, мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлж, 21 хоногийн дотор нэхэмжлэгчид нэхэмжлэлээ ирүүлэх хугацаа тогтоож, нэхэмжлэгчдийн анхны хурлыг 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 13:30 цагт тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийхээр товложээ.
Дээрх хугацаанд ... Татварын газраас 792,174,610.80 төгрөг, ... дүүргийн Татварын хэлтсээс 16,296,483.81 төгрөг, М.Г -аас 201,252,595.41 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг “Ж” ХХК-д холбогдуулан тус тус гаргасан байна.
Улмаар нэхэмжлэгчдийн анхны хурал 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдөр зохион байгуулагдаж, шүүгчийн 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 181/Ш32022/13806 дугаар захирамжаар хэрэг гүйцэтгэгчээр Ж.Э-г томилжээ.
Дампуурлын хэрэг гүйцэтгэгчээс гаргасан шүүхийн журмаар нотлох баримт бүрдүүлэх тухай хүсэлтийг шүүгчийн 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 181/Ш32022/14247 дугаар, 12 дугаар сарын 15-ны өдрийн 181/ШЗ2022/17700 дугаар захирамжуудаар хангаж, холбогдох байгууллагуудаас нотлох баримт гаргуулах ажиллагааг гүйцэтгэж, “Ж” ХХК-ийг татан буулгах саналыг шүүхэд хүргүүлсэн байна.
Нэхэмжлэгч ... Татварын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч З.О-н гаргасан хүсэлтийн дагуу шүүгчийн 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 181/Ш32023/04121 дүгээр захирамжаар ... прокурорын газрын хяналтын прокурор С.Б-г хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр оролцуулж, 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 181/Ш32023/06300 дугаар захирамжаар хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэжээ.
Тус иргэний хэргийг хянан хэлэлцэх 2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн шүүх хуралдааныг нэхэмжлэгч ... Татварын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч З.О-н хэргийн материалтай танилцах, гуравдагч этгээд ... Прокурорын газрын прокурор Ш.С-г шүүх хуралдаанд оролцуулах тухай хүсэлтийг хангаж, 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн шүүх хуралдааныг нэхэмжлэгч “М” Г-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан шүүгчийн захирамжийн биелэлт хангуулах, шүүхийн журмаар нотлох баримт гаргуулах тухай хүсэлтийг хангаж, 2023 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн шүүх хуралдааныг гуравдагч этгээд ... Прокурорын газар, нэхэмжлэгч “М” Г-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Г нарын шүүх хуралдаан хойшлуулах тухай хүсэлтийг хангаж тус тус хойшлуулсан байна.
Харин шүүгчийн 2023 оны 08 дугаар сарын 08-ны өрийн 181/ШЗ2023/13408 дугаар захирамжаар дараагийн шүүх хуралдааныг 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр хийхээр товлосон байх боловч хэрэгт үзлэг хийхэд тус өдөр шүүх хуралдаан болсон эсхүл шүүгчээс товыг хойшлуулсан талаарх баримт байхгүй байсан тул энэ талаар шүүгчээс тайлбар авахад “... Шүүгчийн 2023 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн захирамжаар шүүх хуралдааныг баримтууд ирээгүй учраас жич товлоно гэж туслахтайгаа ярилцаж байгаад 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр гэж захирамжид бичиж гаргасан байна. Шүүх хуралдааныг товлож хойшлуулсан бол захирамжийн ард хэргийн оролцогчдод шүүх хуралдааны тов мэдэгдсэн баримт байх ёстой. Энэ баримт байхгүй учраас захирамж гаргахдаа техникийн алдаа гаргасан байна ...” гэж мэдүүлсэн , мөн шүүхийн журмаар нотлох баримт гаргуулахаар шийдвэрлэсэн боловч холбогдох байгууллагаас баримтыг ирүүлээгүй тул шүүгчийн 2023 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 181/Ш32023/15809 дүгээр захирамжаар баримт бичгийг албадан гаргуулах ажиллагааг гүйцэтгэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэсэн зэргээс үзэхэд хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий баримтуудыг цуглуулсны дараа шүүх хуралдааныг хийхээр төлөвлөж, жич товлосон боловч техникийн алдаа гаргаж захирамжид “шүүх хуралдааныг 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр хүртэл хойшлуулсан” гэж бичсэн нь эрх зүйн ноцтой үр дагаварт хүргэсэн гэх үйл баримт тогтоогдохгүй байна.
Ингээд шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нотлох баримт гаргуулах ажиллагааг явуулж, 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 3/4114 дүгээр албан бичгээр холбогдох баримтуудыг ирүүлж, 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдөр шүүх хуралдааныг 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр хийхээр товлосон боловч нэхэмжлэгч ... Татварын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаан хойшлуулах тухай хүсэлт, ... дүүргийн Прокурорын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хэргийн материалтай танилцах тухай хүсэлтийг хангаж, 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн шүүх хуралдааныг ... прокурорын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан шүүх хуралдаан хойшлуулах тухай хүсэлтийг хангаж тус тус хойшлуулжээ.
Шалгах ажиллагааны явцад шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас нотлох баримт ирүүлснээс хойш 4 сарын дараа шүүх хуралдааныг товлосон нь тогтоогдсон бөгөөд энэ талаар шүүгчээс “... Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас ирүүлсэн баримтуудыг хэргийн оролцогчдод танилцуулсан. Хэргийн оролцогчдын итгэмжлэлийн хугацаа дууссан учраас дахин итгэмжлэл авах ажиллагааг хийсэн. 2023 оны 12 дугаар сард 7 хоног Япон явахаар чөлөө авсан. Бас оны сүүл учраас хэргүүдээ шахах, тайлан мэдээ гаргах зэрэг ажлууд маш их байсан. Ер нь шүүх хуралдаан 2 сараар товлогдчихсон байдаг, хойшилсон хурлууд ар араасаа шууд товлогдоод явчихдаг учраас боломжит хугацаагаараа л тус хурлыг товлосон ...” гэх тайлбар, мөн бичгээр ирүүлсэн “... ... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 181/ЕШ2023/033479 дүгээр захирамжаар 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрөөс 15-ны өдрийг хүртэлх хугацаанд ажлын 5 хоногийн чөлөө авч, Монголын Шүүгчдийн Холбооноос зохион байгуулсан Япон улсын дүүргийн болон тойргийн шүүхийн үйл ажиллагаатай танилцах, Японы Кэйо Хууль зүйн сургуулийн лекц, семинар, албан уулзалтад оролцох чөлөөт аялалд хамрагдсан, Баянзүрх дүүргийн 43 дугаар хорооны өрхийн эмчийн магадлагаагаар 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрөөс 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн хооронд өндөр халуурч, хоолой өвдөж, дуу гарахгүй байсан учраас ажлаас чөлөөлөгдсөн ...” гэх нэмэлт тайлбар , Ерөнхий шүүгчийн 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 181/ЕШ2023/03479 дүгээр “Шүүгч Г.Э-т чөлөө олгох тухай” захирамж , эмнэлгийн магадлагаа , дээрх хугацаанд товлогдсон шүүх хуралдааны жагсаалт , шүүгч Г.Э- ийн гомдол хянан шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүнд оролцсон шүүхийн тогтоол зэргээс үзэхэд шүүгч шүүх хуралдааныг товлоход хугацаа алдсан нь хүндэтгэн үзэх шалтгаантай байсан, мөн шүүх хуралдааныг шинээр товлох үед өмнө нь товлогдсон бусад шүүх хуралдааны дараа товлох шаардлага үүсдэг байх тул шүүгч Г.Э -ийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг санаатайгаар удаашруулсан гэж үзэхээргүй байна.
Харин шүүгчийн 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 181/Ш32024/09754 дүгээр захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т зааснаар дампуурлын хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааг ... Татварын газраас ... дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст гаргасан "Ж’ ХХК-ийг татвараас зайлсхийсэн, зориуд зохиомлоор дампуурах гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй гэх гомдлыг эрүүгийн журмаар шийдвэрлэж дуусах хүртэл хугацаагаар түдгэлзүүлснийг “Ж” ХХК-иас эс зөвшөөрч гомдол гаргахад тус шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 181/ШТ2024/00270 дугаар тогтоолоор захирамжийг хүчингүй болгосон байна.
Өргөдөл гаргагчаас “... 2024 оны 05 дугаар сарын 15-аас хойш захирамж хүчингүй болж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа сэргэсэн байхад шүүх хуралдаан зарлахгүй өнөөдрийг хүрлээ ...” гэж дурдаад Шүүхийн сахилгын хороонд 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдөр өргөдөл гаргасан.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 171 дүгээр зүйлийн 171.1-д “Шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж, шийтгэвэрт энэ хуулийн 170.1-д заасны дагуу гаргасан гомдлыг 14 хоногийн дотор тухайн хэргийг хянан шийдвэрлэж байгаа шүүгчийг оролцуулахгүйгээр 3 шүүгчийн бүрэлдэхүүнтэйгээр дараахь байдлаар хянан шийдвэрлэж тогтоол гаргана:” гэж зааснаас бус тогтоолыг албажуулж гаргах хугацааг нарийвчлан зохицуулаагүй ба хэргийг шүүгч Г.Э хэзээ хүлээн авсан талаар тодруулахад 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авсан нь Ерөнхий шүүгчийн туслахын “Гомдлын бүртгэлийн дэвтэр” -т тэмдэглэснээр тогтоогдож байна.
Дээрх хугацаанаас хойш сар гаруй хугацаанд шүүх хуралдааныг товлоогүй гэх өргөдөлд дурдсан үйл баримт үндэслэлтэй байх боловч дээр дурдсанчлан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд байгаа өөр бусад хэргүүдийн шүүх хуралдаан 2 сараар товлогддог гэх шүүгчийн тайлбар, баримт зэрэгтэй харьцуулан үзвэл энэ үндэслэлээр шууд шүүгч Г.Э-ийг зөрчил гаргасан гэж үзэх нь учир дутагдалтай байна.
Мөн 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдөр өргөдөл гаргагчаас шүүгч Г.Э- ийг татгалзан гаргах хүсэлт гаргасныг шүүгчийн туслах Ч.Б нь Ерөнхий шүүгчийн туслахад хугацаа алдаж 2024 оны 07 дугаар сарын 16-ны өдөр хүргүүлж, Ерөнхий шүүгчийн 2024 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 181/ЕШ2024/02378 дугаар захирамжаар хангахгүй орхисон тул шүүгч Г.Э тус иргэний хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдааныг 2024 оны 07 дугаар сарын 26-ны өдөр даргалан явуулж, 181/ШЗ2024/14374 дүгээр захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг хүсэлт гаргагчаас эс зөвшөөрч гомдол гаргасныг шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 181/ШТ2024/00374 дүгээр тогтоолоор хангахгүй орхижээ.
Дээрхээс үзэхэд, “Ж” ХХК-иас ... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан хүсэлтэд иргэний хэрэг үүсгэснээс хойш хэргийг шийдвэрлэх хүртэл 2 жил 3 сар орчмын хугацаа өнгөрсөн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1-д “Шүүх дараахь хэргийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ: ... 133.1.10.хуулийн этгээдийг дампуурсанд тооцох”, 134 дүгээр зүйлийн 134.1-д “Онцгой ажиллагааны журмаар шүүх хянан шийдвэрлэх хэргийг бусад хууль болон энэ бүлэгт өөрөөр заагаагүй бол энэ хуулиар тогтоосон ерөнхий журмын дагуу шийдвэрлэнэ”, 71 дүгээр зүйлийн 71.1-д “Хуулиар өөр хугацаа тогтоогоогүй бол хэрэг үүсгэсэн өдрөөс хойш 60 хоног, давж заалдах болон хяналтын шатны шүүхээс хэргийг дахин хэлэлцүүлэхээр ирүүлсэн бол шүүгч хэргийг хүлээж авснаас хойш 30 хоногийн дотор тус тус шийдвэрлэнэ”, 71.2-т “Энэ хуулийн 71.1-д заасан хугацааг тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс нэг удаа 30 хүртэл хоногоор сунгаж болно” гэж заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацааг хэтрүүлсэн зөрчил боловч энэ нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т “хуулийн илт тодорхой заалтыг ноцтой, эсхүл удаа дараа зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргах;” гэж заасанд хамаарахгүй байна.
Тодруулбал, хуулийн илт тодорхой заалтыг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй нь “удаа дараа” эсхүл “ноцтой” гэсэн урьдчилсан нөхцөлийг хангасан тохиолдолд зөрчилд тооцогдох бөгөөд шүүгч Г.Э ийн тухайд хэрэг хянан шийдвэрлэх хугацааг зөрчсөн гэх үндэслэлээр сахилгын шийтгэл хүлээж байгаагүй, мөн Дампуурлын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д “Хэрэг гүйцэтгэгч дараахь эрх, үүрэгтэй: ... 12.1.5.шүүхээр шийдвэрлүүлэх асуудлаар шүүхэд хандах; 12.1.9.шаардлагатай мэдээ баримтыг хариуцагчаас гаргуулан авах;”, 13 дугаар зүйлийн 13.1-д “Хэрэг гүйцэтгэгч нь шүүхээр батлагдсанаасаа хойш 20 хоногийн дотор хариуцагчийн үйл ажиллагаанд дүгнэлт хийж, энэ тухайгаа шүүх, хариуцагч, нэхэмжлэгчид танилцуулна” гэж зааснаар дампуурах тухай хүсэлттэй хэргийг шийдвэрлэхэд Дампуурлын тухай хуульд заасан ажиллагааг хийх шаардлагатай байдаг тул хэрэг гүйцэтгэгчийн дүгнэлт гаргахад шаардлагатай нотлох баримтуудыг цуглуулахад хугацаа их шаардсан нь шүүхийн буруутай үйл ажиллагаанаас шалтгаалсан гэх үндэслэл тогтоогдоогүй, хэргийн оролцогчдын хүсэлтийг хүлээн авч, хэргийн материалтай танилцах, мэтгэлцэх зарчмыг хангах, шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байхад шаардлагатай баримтуудыг цуглуулах зорилгоор шүүх хуралдааныг удаа дараа хойшлуулсан зэрэг шүүгчийн үйлдэл нь хуулийн “ноцтой” байх нөхцөлийг үүсгээгүй байна гэж үзлээ.
Холбогдох шүүгч Г.Э- ээс ирүүлсэн тайлбарт “... ... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн орон тоо 17 шүүгчтэй ажиллахаар батлагдсан боловч 6 шүүгчийн орон тоо дутуу ажилладаг, нэг шүүгчид ногдох ачааллаас даруй 200 хувь давсан ачаалалтай ажилладаг ...” гэж дурдсан тул Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газраас ... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч нарын орон тоо, ачааллын судалгааг гаргуулахад батлагдсан орон тооноос дутуу шүүгчийн орон тоогоор, ачаалал ихтэй ажилладаг болох нь тогтоогдсон бөгөөд шүүгчийн буруутай үйл ажиллагаанаас гэхээсээ илүүтэйгээр бусад дээр дурдсан нөхцөлүүд нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацааг хэтрүүлэх нэг үндэслэл болж байгааг дурдах нь зүйтэй.
Гэвч цаашид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шуурхай хэрэгжүүлэх, шүүгч, шүүгчийн туслах нягт уялдаа холбоотой ажиллах, хэргийн оролцогчоос гаргасан аливаа хүсэлт, гомдлыг холбогдох албан тушаалтанд даруй хүргүүлж байхад анхаарч алдаа дутагдал гарахаас шүүхийн Тамгын газар болон шүүгч нар байнга урьдчилан сэргийлж ажиллавал зохино.
Иймд өргөдөлд дурдсан үйл баримтууд нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 55 дугаар зүйлд заасан хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон зохицуулалтыг зөрчсөн зөрчилд хамаарахгүй байх тул ... Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Э-т холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг Сахилгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэв.” гэжээ.
Шүүгч Г.Э Шүүхийн сахилгын хороонд гаргасан тайлбартаа:
“ ... 1.... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Э би 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр “Ж” ХХК-ийн хүсэлттэй, “Ж” ХХК-ийг дампууруулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч, 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдөр 181/Ш32022/06174 тоот захирамжаар иргэний хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан.
Шүүх Дампуурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2, 5.7, 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт зааснаар “Ж” ХХК-ийн хүсэлтийг үндэслэн 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдөр дампуурлын хэрэг үүсгэж, төлбөрийн чадвартай эсэх талаар дүгнэлт гаргуулахаар 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдөр түр хэрэг гүйцэтгэгчээр Ж.Э-г томилсон.
Түр хэрэг гүйцэтгэгчээс 2022 оны 07 дугаар сарын 18-ны өдөр “Ж” ХХК-ийн төлбөрийн чадварын талаарх дүгнэлтийг шүүхэд ирүүлсэн бөгөөд уг дүгнэлтийг үндэслэн тус шүүхийн шүүгчийн 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 181/Ш32022/12020 дугаар захирамжаар “Ж” ХХК-ийг төлбөрийн чадваргүйд тооцож, энэ тухай хэвлэл, мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлж, 21 хоногийн дотор нэхэмжлэгчид нэхэмжлэлээ ирүүлэх хугацаа тогтоож, нэхэмжлэгчдийн анхны хурлыг 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 13:30 цагт тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийхээр товлосон.
Дампуурлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д заасан 21 хоногийн хугацаанд нэхэмжлэгч ... Татварын газраас 792,174,610.80 төгрөг, ... дүүргийн Татварын хэлтсээс 16,296,483.81 төгрөг, М Г-аас 201,252,595.41 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.
Нэхэмжлэгчдийн анхны хурал 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдөр зохион байгуулагдаж, тус хурлаас хэрэг гүйцэтгэгчээр Ж.Э-г томилуулах санал гаргаж, тус шүүхийн шүүгчийн 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 181/Ш32022/13806 дугаар захирамжаар хэрэг гүйцэтгэгчээр Ж.Э-г томилсон.
Дампуурлын хэрэг гүйцэтгэгчээс гаргасан шүүхийн журмаар нотлох баримт бүрдүүлэх тухай хүсэлтийг хангаж, тус шүүхийн шүүгчийн 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 181/Ш32022/14247 дугаар захирамжаар Улсын бүртгэлийн ерөнхий газар, Авто тээврийн үндэсний төв, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын алба, Ашигт малтмал, газрын тосны газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, Нийслэлийн газар зохион байгуулалтын алба, арилжааны банкуудаас нотлох баримт гаргуулсан.
Улмаар 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдөр дампуурлын хэрэг гүйцэтгэгчээс дүгнэлтийг шүүхэд ирүүлсэн.
Нэхэмжлэгч ... Татварын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч З.О-н гаргасан хүсэлтийн дагуу Нийслэлийн прокурорын газрыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр оролцуулсан.
Тус шүүхийн шүүгчийн 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 181/Ш32022/17700 дугаар захирамжаар дампуурлын хэрэг гүйцэтгэгчээс гаргасан шүүхийн журмаар нотлох баримт бүрдүүлэх тухай хүсэлтийг хангаж, “Б” ХХК, Монголын нотариатчдын танхим, Авто тээврийн үндэсний төв, Санхүүгийн зохицуулах хороо, Хил хамгаалах ерөнхий газраас нотлох баримт гаргуулахаар шийдвэрлэсэн.
Улмаар тус шүүхийн шүүгчийн 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 181/Ш32023/06300 дугаар захирамжаар “Ж” ХХК-ийн хүсэлттэй дампуурлын хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг 2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 14 цаг 30 минутад товлосон.
“Ж” ХХК-ийн хүсэлттэй дампуурлын хэргийг хянан хэлэлцэх 2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн шүүх хуралдааныг Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Татварын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч З.О-н хэргийн материалтай танилцах, ... Прокурорын газрын прокурор Ш.С-г шүүх хуралдаанд оролцуулах тухай хүсэлтийг хангаж, 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн шүүх хуралдааныг нэхэмжлэгч “М” Г-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан шүүгчийн захирамжийн биелэлт хангуулах, шүүхийн журмаар нотлох баримт гаргуулах тухай хүсэлтийг хангаж, 2023 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн шүүх хуралдааныг ... Прокурорын газар, нэхэмжлэгч “”М Г -ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Г нарын шүүх хуралдаан хойшлуулах тухай хүсэлтийг хангаж, 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн шүүх хуралдааныг ... Татварын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаан хойшлуулах тухай хүсэлт, ... дүүргийн Прокурорын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хэргийн материалтай танилцах тухай хүсэлтийг хангаж, 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн шүүх хуралдааныг ... прокурорын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан шүүх хуралдаан хойшлуулах тухай хүсэлтийг хангаж тус тус хойшлуулжээ.
Мөн тус шүүхийн шүүгчийн 2023 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 181/Ш32023/15809 дүгээр захирамжаар “Б” ХХК-иас “Ж” ХХК болон “Б” ХХК нарын хооронд 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 01/16 дугаартай “Худалдах, худалдан авах гэрээ” байгуулагдсан эсэх, байгуулагдсан бол уг гэрээ биелэгдсэн эсэх, уг гэрээний дагуу тооцоо нийлсэн акт болон уг гэрээтэй холбогдох бүх баримт бичгийг албадан гаргуулах ажиллагааг гүйцэтгэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэсэн бөгөөд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 3/4114 тоот албан бичгээр баримтыг шүүхэд ирүүлсэн.
Тус шүүхийн шүүгчийн 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 181/Ш32024/09754 дүгээр захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т зааснаар “Ж” ХХК-ийг дампуурсанд тооцуулах тухай “Ж” ХХК-ийн хүсэлттэй, “М” Г, ... Татварын газар, ... дүүргийн татварын газрын нэхэмжлэлтэй дампуурлын хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааг ... Татварын газраас ... дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст гаргасан "Ж’ ХХК-ийг татвараас зайлсхийсэн, зориуд зохиомлоор дампуурах гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй гэх гомдлыг эрүүгийн журмаар шийдвэрлэж дуусах хүртэл хугацаагаар түдгэлзүүлсэн.
Хариуцагч “Ж” ХХК-иас дээрх захирамжид гомдол гаргаж, тус шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 181/ШТ2024/00270 дугаар тогтоолоор захирамжийг хүчингүй болгосон тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээж, шүүх хуралдааныг товлохоор бэлтгэж байх хугацаанд “Ж” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Б-с тус шүүхийн Ерөнхий шүүгчид хандаж, шүүгч Г.Э -ээс татгалзаж байгаа тухай хүсэлтийг 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдөр гаргасныг ... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн 2024 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 181/ЕШ2024/02378 дугаар захирамжаар шийдвэрлэсэн.
Шүүгч Г.Э би “Ж” ХХК-ийн хүсэлттэй дампуурлын хэргийг Ерөнхий шүүгчийн туслахаас хүлээн аваад “Ж” ХХК-ийн хүсэлттэй дампуурлын хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг 2024 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 14 цаг 30 минутад хэлэлцэхээр товлож, 2024 оны 07 дугаар сарын 22-ны өдөр оролцогчдод шүүх хуралдааны тов мэдэгдсэн.
Улмаар 2024 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн шүүх хуралдаанаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8 дахь хэсэгт заасан үндэслэл тогтоогдсон тул мөн хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-т зааснаар “Ж” ХХК-ийг дампуурсанд тооцуулах тухай хүсэлттэй, ... Татварын газар, ... дүүргийн Татварын хэлтэс, “М” Г-ын нэхэмжлэлтэй дампуурлын хэргийг тус шүүхийн шүүгчийн 2024 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 181/Ш32024/14374 дүгээр захирамжаар хэрэгсэхгүй болгосон.
Хариуцагч “Ж” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс дээрх захирамжийг хүчингүй болгуулахаар тус шүүхэд гомдол гаргасныг тус шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 181/ШТ2024/00374 дүгээр тогтоолоор хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.
2.Шүүгч би “Ж” ХХК-ийн хүсэлтийг хүлээн авснаас хойш хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тасралтгүй явуулсан бөгөөд хэргийг эцэслэн шийдвэрлэхгүй удаашруулах үйлдэл гаргаагүйг энэхүү тайлбараар мэдэгдэж байна.
... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн орон тоо 17 шүүгчтэй ажиллахаар батлагдсан боловч 6 шүүгчийн орон тоо дутуу ажилладаг, нэг шүүгчид ногдох ачааллаас даруй 200 хувь давсан ачаалалтай, шүүхийн захиргааны ажилтны шилжилт хөдөлгөөн их, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, шүүх хуралдааны танхимын хүрэлцээгүй байдлаас шалтгаалж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа удааширч байгаа.
Шүүгч Г.Э миний хувьд “Ж” ХХК-ийн хүсэлттэй дампуурлын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдрөөс 2024 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн хооронд 1776 нэхэмжлэл, 207 хүсэлт хүлээн авч, 9616 эрхийн акт гаргаж, 976 иргэний хэргийг эцэслэн шийдвэрлэсэн байна.
Дээрхээс гадна бусад шүүгч нарын шүүх бүрэлдэхүүнд оролцох, шүүгчийн захирамжид гаргасан гомдол хянан хэлэлцэх шүүх хуралдаанд оролцох, гэрч асуух, үзлэг хийх зэрэг ажиллагаа байнга хийгддэг.
Тус шүүхийн шүүгч нар байнга илүү цагаар болон амралтын өдрүүдэд ажилладаг бөгөөд дээрх нөхцөл байдлуудаас шалтгаалан хэргийг хуульд заасан хугацаанд хянан шийдвэрлэх боломжгүй нөхцөлд ажиллаж байна.
Иймд шүүгч Г.Э би “Ж” ХХК-ийн хүсэлттэй дампуурлын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг санаатайгаар, үндэслэлгүйгээр удаашруулж, хэргийн оролцогчдыг хохироосон үйлдэл гаргаагүй тул сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.
Шүүгч Г.Э Шүүхийн сахилгын хороонд гаргасан нэмэлт тайлбартаа:
“ ... “Ж” ХХК-ийн хүсэлттэй дампуурлын хэрэгт 2023 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 181/11132023/15809 дүгээр захирамжаар “Б” ХХК-иас “Ж” ХХК болон “Б” ХХК нарын хооронд 2016 оны 03 дугаар сарын 01-ний 01/16 дугаартай “Худалдах, худалдан авах гэрээ” байгуулагдсан эсэх, байгуулагдсан бол уг гэрээ биелэгдсэн эсэх, уг гэрээний дагуу тооцоо нийлсэн акт болон уг гэрээтэй холбогдох бүх баримт бичгийг албадан гаргуулах ажиллагааг гүйцэтгэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Банкны төлбөр барагдуулах газраас 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн албан бичгээр баримтуудыг ирүүлснийг тус шүүх 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авсан байна.
Дээрх баримтуудыг ирснээс хойш талуудад танилцуулах, шүүх хуралдааныг товлон зарлахаар бэлтгэл ажиллагааг хийсэн.
Шүүгч Г.Э би 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдрөөс 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдрийг хүртэлх хугацаанд нийт 294 иргэний хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж, үүнээс 113 хэргийг эцэслэн шийдвэрлэж, 53 хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, шүүгчийн захирамжид гаргасан 28 гомдол хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд, мөн бусад шүүгч нарын бүрэлдэхүүнтэй хянан шийдвэрлэх 5 удаагийн шүүх хуралдаанд бүрэлдэхүүний шүүгчээр оролцож, 1779 эрхийн актыг баталгаажуулан гаргасан байна.
Мөн ... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 181/ЕШ2023/033479 дүгээр захирамжаар 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрөөс 15-ны өдрийг хүртэлх хугацаанд ажлын 5 хоногийн чөлөө авч, Монголын Шүүгчдийн Холбооноос зохион байгуулсан Япон улсын дүүргийн болон тойргийн шүүхийн үйл ажиллагаатай танилцах, Японы Кэйо Хууль зүйн сургуулийн лекц, семинар, албан уулзалтад оролцох чөлөөт аялалд хамрагдсан, ..... дүүргийн 43 дугаар хорооны өрхийн эмчийн магадлагаагаар 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрөөс 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн хооронд өндөр халуурч, хоолой өвдөж, дуу гарахгүй байсан учраас ажлаас чөлөөлөгдсөн.
Шүүгч Г.Э би 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн байдлаар нийт 205 иргэний хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байна.
... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн нэг шүүгчид ногдох хэргийн ачаалал 2020 оны 05 дугаар сард 75 хэрэг байсан бол 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн байдлаар 198 хэрэг болж өссөн, ийнхүү нэг шүүгчид ногдох хэргийн ачаалал 164 хувиар нэмэгдсэнээс шалтгаалж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацаа удаашрах, шүүх хуралдаан товлох ажиллагаа хүлээгдэх гэх мэт нөхцөл байдлууд үүссэн, эрүүл мэндийн шалтгааны улмаас ажлаас чөлөөлөгдсөн хугацааг харгалзан үзэж, сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
“Ж” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Б-н ... Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Э-т холбогдуулан гаргасан өргөдөлд Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2024 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн ГЗҮ/2024/0083 дугаар захирамжаар сахилгын хэрэг үүсгэн, шалгах ажиллагаа явуулжээ.
Өргөдөл гаргагчаас: “...хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг санаатайгаар удаашруулж хүсэлт гаргагчийг хохироож байна, 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс хойш захирамж хүчингүй болж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээсэн байхад шүүх хуралдаан зарлахгүй байна” гэжээ.
“Ж” ХХК”-ийг дампууруулах тухай “Ж” ХХК-ийн хүсэлтийг 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр ... Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргаж, хүсэлт шүүгч Г.Э хуваарилагдан, шүүгчийн 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдөр 181/Ш32022/06174 дүгээр захирамжаар иргэний хэрэг үүсгэснээр, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан байна.
- шүүгчийн 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 181/Ш32022/08336 дугаар захирамжаар “ ... дампуурлын хэрэгт түр хэрэг гүйцэтгэгчээр Ж.Э-г томилсон”,
- шүүгчийн 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 181/Ш32022/12020 дугаар захирамжаар “ ... Ж” ХХК-ийг төлбөрийн чадваргүйд тооцож, энэ тухай хэвлэл, мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлж, 21 хоногийн дотор нэхэмжлэгчид нэхэмжлэлээ ирүүлэх хугацаа тогтоож, нэхэмжлэгчдийн анхны хурлыг 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 13:30 цагт тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийхээр товлосон”,
- шүүгчийн 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 181/Ш32022/13806 дугаартай захирамжаар “ ... дампуурлын хэрэгт хэрэг гүйцэтгэгчээр Ж.Э-г томилсон”,
- шүүгчийн 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 181/Ш32022/14247 дугаар захирамжаар дампуурлын хэрэг гүйцэтгэгчээс ирүүлсэн хүсэлтийг хангаж, “ ... холбогдох байгууллагуудаас нотлох баримт гаргуулахаар шийдвэрлэсэн”,
- шүүгчийн 12 дугаар сарын 15-ны өдрийн 181/ШЗ2022/17700 дугаар захирамжаар хэрэг гүйцэтгэгчээс ирүүлсэн хүсэлтийг хангаж, “ ... холбогдох байгууллагуудаас нотлох баримт гаргуулахаар шийдвэрлэсэн”,
- шүүгчийн 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 181/Ш32023/04121 дүгээр захирамжаар ... Татварын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг хангаж, ... прокурорын газрын хяналтын прокурор С.Б-г хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан,
- шүүгчийн 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 181/Ш32023/06300 дугаар захирамжаар “ ... хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг 2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр 14 цаг 30 минутад хянан хэлэлцэхээр тов тогтоосон”,
- Татварын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч З.О-н хэргийн материалтай танилцах, ... Прокурорын газрын прокурор Ш.С-г шүүх хуралдаанд оролцуулах хүсэлтийг шийдвэрлэн, шүүгчийн 2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 181/ШЗ2023/06768 дугаартай захирамжаар шүүх хуралдааныг хойшлуулсан,
- Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс прокурорыг шүүх хуралдаанд оролцуулах, шүүгчийн захирамжийн биелэлтийг хангуулах, шүүхийн журмаар нотлох баримт гаргуулах хүсэлт тус тус гаргасныг шийдвэрлэж, шүүгчийн 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 181/ШЗ2023/10126 дугаартай захирамжаар шүүх хуралдааныг хойшлуулсан,
- ... Прокурорын газар, нэхэмжлэгч “М” Г-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Г нарын шүүх хуралдаан хойшлуулах тухай хүсэлтийг шийдвэрлэж, шүүгчийн 2023 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 181/ШЗ2023/13408 дугаартай захирамжаар шүүх хуралдааныг хойшлуулсан,
- Шүүхээс шаардсан нотлох баримтыг холбогдох байгууллага хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирүүлээгүй тул шүүгчийн 2023 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 181/ШЗ2023/15809 дугаартай захирамжаар “ ... баримт бичгийг албадан гаргуулах ажиллагааг гүйцэтгэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж” шийдвэрлэсэн,
- Шүүгчийн туслахаас 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдөр шүүх хуралдааны 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр товлосон тухай мэдэгдсэн, шүүх хуралдаанд ... Татварын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс шүүх хуралдаан хойшлуулах хүсэлт, ... дүүргийн Прокурорын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хэргийн материалтай танилцах хүсэлт тус тус гаргасныг шийдвэрлэж, шүүгчийн 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 181/ШЗ2024/06995 дугаартай захирамжаар шүүх хуралдааныг хойшлуулсан,
- ... прокурорын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаан давхацсан үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтийг шийдвэрлэж, шүүгчийн 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 181/ШЗ2024/08494 дугаартай шүүгчийн захирамжаар шүүх хуралдааныг хойшлуулсан,
- Шүүгчийн 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 181/Ш32024/09754 дугаартай захирамжаар “ ... дампуурлын хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааг ... Татварын газраас ... дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст гаргасан "Ж’ ХХК-ийг татвараас зайлсхийсэн, зориуд зохиомлоор дампуурах гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй гэх гомдлыг эрүүгийн журмаар шийдвэрлэж дуусах хүртэл хугацаагаар түдгэлзүүлсэн”, тус шийдвэрийг тус шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 181/ШТ2024/00270 дугаар тогтоолоор хүчингүй болгосон,
- Хэргийг 2024 оны 07 дугаар сарын 26-ны өдөр хянан хэлэлцээд шүүгчийн 181/ШЗ2024/14374 дугаартай захирамжаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
Тус шийдвэрийг хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.С эс зөвшөөрч гомдол гаргасныг ... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд 181/ШТ2024/00374 дугаартай шүүхийн тогтоолоор хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1-д “Шүүх дараахь хэргийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ: ... 133.1.10.хуулийн этгээдийг дампуурсанд тооцох”, 134 дүгээр зүйлийн 134.1-д “Онцгой ажиллагааны журмаар шүүх хянан шийдвэрлэх хэргийг бусад хууль болон энэ бүлэгт өөрөөр заагаагүй бол энэ хуулиар тогтоосон ерөнхий журмын дагуу шийдвэрлэнэ”, 71 дүгээр зүйлийн 71.1-д “Хуулиар өөр хугацаа тогтоогоогүй бол хэрэг үүсгэсэн өдрөөс хойш 60 хоног, давж заалдах болон хяналтын шатны шүүхээс хэргийг дахин хэлэлцүүлэхээр ирүүлсэн бол шүүгч хэргийг хүлээж авснаас хойш 30 хоногийн дотор тус тус шийдвэрлэнэ”, 71.2-т “Энэ хуулийн 71.1-д заасан хугацааг тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс нэг удаа 30 хүртэл хоногоор сунгаж болно” гэж тус тус заасан.
Шүүгч Г.Э нь дээрх хэргийг нийтдээ иргэний хэрэг үүсгэснээс хойш 2 жил, 3 сар орчмын хугацаанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж, шийдвэр гаргахдаа хуульд заасан хугацаа хэтрүүлсэн нь тогтоогдож байна.
Илтгэгч гишүүн дээрх үйл баримтыг “ ... дампуурах тухай хүсэлттэй хэргийг шийдвэрлэхэд Дампуурлын тухай хуульд заасан ажиллагааг хийх шаардлагатай байдаг тул хэрэг гүйцэтгэгчийн дүгнэлт гаргахад шаардлагатай нотлох баримтуудыг цуглуулахад хугацаа их шаардсан нь шүүхийн буруутай үйл ажиллагаанаас шалтгаалсан гэх үндэслэл тогтоогдоогүй, хэргийн оролцогчдын хүсэлтийг хүлээн авч, хэргийн материалтай танилцах, мэтгэлцэх зарчмыг хангах, шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байхад шаардлагатай баримтуудыг цуглуулах зорилгоор шүүх хуралдааныг удаа дараа хойшлуулсан зэрэг шүүгчийн үйлдэл нь хуулийн “ноцтой” байх нөхцөлийг үүсгээгүй байна” гэж дүгнэсэн нь үндэслэл бүхий болжээ.
Харин Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шүүгчид захирамжид заасан баримтуудыг шүүхэд 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 3/4114 дүгээр албан бичгээр хүргүүлсэн боловч хэрэгт ажиллагаа хийхгүй 4 сарын дараа шүүх хуралдааныг товлосон,
2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 181/Ш32024/09754 дугаартай “Хэргийг түдгэлзүүлэх тухай” шүүгчийн захирамжийг тус шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 181/ШТ2024/00270 дугаар тогтоолоор хүчингүй болгож, хэргийг 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдөр шүүгч Г.Э-т шилжүүлсэн боловч хэрэгт ажиллагаа явуулаагүй нь хуульд заасан хугацааг хэтрүүлсэн гэж үзэхээр байна.
Сахилгын хэрэгт авагдсан баримтаар холбогдох шүүгч нь тодорхой хугацаанд эрүүл мэндийн болон бусад шалтгааны улмаас чөлөө авсан, ажлын ачаалал ихтэй байсан, шүүгч шүүх хуралдааныг товлоход хугацаа алдсан нь хүндэтгэн үзэх шалтгаантай байсан, мөн шүүх хуралдааныг шинээр товлох үед өмнө нь товлогдсон бусад шүүх хуралдааны дараа товлох шаардлага үүсдэг зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн нь баримтаар тогтоогдож байх тул дээр нөхцөл байдлууд нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацаа хэтрүүлэхэд нөлөөлсөн байна.
Шүүгч Г.Э нь тус хэрэгт тодорхой хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулах боломжгүй нөхцөл байдал үүсэж, хуулиар тогтоосон хугацааг хэтрүүлсэн зөрчил гаргасан нь сахилгын хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгчийн дээрх үйлдэл нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т заасан “ноцтой”, “удаа дараа” байх урьдчилсан нөхцөл хангагдаагүй гэж үзсэн илтгэгч гишүүний санал үндэслэл бүхий гэж бүрэлдэхүүн үзлээ.
Холбогдох шүүгч өмнө нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацаа зөрчсөн гэх үндэслэлээр сахилгын шийтгэл хүлээж байгаагүй бөгөөд шүүгчид хориглосон хуулийн илт тодорхой заалтыг дахин зөрчсөн үйлдэл гаргасан тохиолдолд “удаа дараа” гэх ойлголтод хамаарах тул цаашид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд нийцүүлэн хэрэгжүүлж ажиллахыг анхааруулах нь зүйтэй байна.
Дээр дурдсаныг нэгтгэн дүгнээд, илтгэгч гишүүний сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хүлээн авч, ... Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Э-т холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзлээ.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1, 112.1.2, 112.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” ГС/2024/0103 дугаартай саналыг хүлээн авч, ... Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Э-т холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6-т зааснаар магадлал гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл, мэдээлэл гаргагчийн оршин суугаа газрын эсхүл ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, цахимаар, эсхүл ажлын албаны ажилтнаар хүргүүлэхийг ажлын албанд даалгасугай.
3. Магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сахилгын хороонд хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.
4. Дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох ба энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ Д.МЯГМАРЦЭРЭН
ГИШҮҮН Д.АРИУНТУЯА
С.ЭНХТӨР