info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих ШИЛЭН ДАНС
ENMNG

МОНГОЛ УЛС

ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО

МАГАДЛАЛ

2024-11-05

Дугаар 104

Улаанбаатар хот

Сахилгын хэргийг хэрэгсэхгүй

болгох тухай

Сахилгын хорооны хуралдааныг Шүүхийн сахилгын хорооны гишүүн Д.Эрдэнэчулуун даргалж, гишүүн О.Номуулин, Х.Хашбаатар нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Г.Цагаанцоож, хуралдааны тэмдэглэл хөтлөгчөөр хуралдаан хариуцсан ахлах мэргэжилтэн Г.Б нарыг оролцуулж, У газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.А, Л.Г нарыг ажиглагчаар байлцуулан, Сахилгын хорооны хуралдааны танхимд нээлттэй явуулав.

У газрын дарга Д.Д-ын ...Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.М, Д.Б, Б.Б, С.Х нарт холбогдуулан гаргасан мэдээллийг холбогдох хууль, журмын дагуу илтгэгч гишүүн Г.Цагаанцоож хүлээн авч хянаад, 2024 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн ГЗҮ/2024/...7 дугаар захирамжаар сахилгын хэрэг үүсгэжээ.

Илтгэгч гишүүн Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 105, 106 дугаар зүйлд заасны дагуу сахилгын хэрэгт шалгах ажиллагаа явуулж, 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн ГС/2024/...4 дүгээр “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” санал гаргасныг сахилгын хорооны хуралдаанаар хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Илтгэгч гишүүн саналдаа: “Д.Ө, Л.Н нар нь У газарт холбогдуулан гэм хорын хохиролд 137.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг ...Иргэний хэргийн анхан шатны шүүхэд  гаргасныг  шүүгч Ч.И хүлээн авч,  2022 оны 7 дугаар сарын 08-ны өдөр иргэний хэрэг үүсгэжээ. Тэрээр шүүгчийн албан тушаалаас чөлөөлөгдсөн бөгөөд тус шүүхийн шүүгчдийн 2022 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн ээлжит бус зөвлөгөөнөөр шинээр томилогдсон шүүгч нарт хэрэг, нэхэмжлэл, гомдол, хүсэлтийг хуваарилах журмыг хэлэлцэн шийдвэрлэсний дагуу дээрх хэрэг шүүгч Д.Б-т хуваарилагдаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан ба шүүгчдийн зөвлөгөөний 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 0....6 дугаар тогтоолоор хэрэг хянан шийдвэрлэх  хугацааг 30 хоногоор сунгасан байна.

Шүүгчийн 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 1...0 дугаар захирамжаар хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэж, Ерөнхий шүүгчийн 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 0...3 дугаар захирамжаар шүүх хуралдаан даргалагчаар шүүгч Д.Б, бүрэлдэхүүнд шүүгч Б.Б, С.Х нарыг томилсон шийдвэрийг албажуулсан, шүүх хуралдаан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн хүсэлтээр 6 удаа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр 1 удаа хойшлогджээ.   

... Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээд 0...9 дүгээр шийдвэрээр нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, хариуцагч У газраас 137.000.000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.Ө, Л.Н нарт олгож, 122.590.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь сахилгын хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. 

Холбогдох шүүгч нар Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дүгээр зүйлийн 50.1-д заасан хориглолтыг зөрчсөн эсэхийг өргөдөлд дурдсан агуулгын хүрээнд дараах байдлаар тодорхойлов. Үүнд:

  1. Шүүгч А.М-ын тухайд:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Г, Л.Г нар 2024 оны 7 дугаар сарын 02-ны өдөр шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргаж, улмаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлүүлэх хүсэлт гаргажээ.

Шүүхэд хэрэг, нэхэмжлэл, гомдол, хүсэлт хүлээн авах, хуваарилах болон хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг томилох журмын дагуу уг хүсэлт шүүгч А.М-д хуваарилагдсан байх ба шүүгчийн 2024 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 1...8 дугаар захирамжаар хүсэлтийг хангахаас татгалзахдаа “...төлбөрийн чадваргүйг нотлох баримт хавсаргаж ирүүлээгүй...” гэжээ. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т “Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд гомдол гаргаж байгаа этгээд шийдвэр, магадлалыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамжийг тооцон төлнө”, 58 дугаар зүйлийн 58.4-т “Зохигчийн эд хөрөнгийн болон бусад байдлыг харгалзан шүүхийн шийдвэрээр улсын тэмдэгтийн хураамж төлөх хэмжээг багасгах буюу хугацааг хойшлуулах, эсхүл хэсэгчлэн төлүүлж болно” гэж заасан.

Улсын тэмдэгтийн хураамж нь шүүхийн зардлын нэг бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхээс гарсан зардалд зарцуулагдах зориулалттай. Иймд нэхэмжлэгч нэхэмжлэл гаргахдаа  хуульд заасан хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамж төлөх ба шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ  нэхэмжлэлийг хангасан эсэхээс хамаарч улсын тэмдэгтийн хураамжийг шийдвэрлэдэг.  Шүүх  нэхэмжлэлийн зарим хэсгийг хангасан тул хариуцагч У газраас улсын тэмдэгтийн хураамжид 842.950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч нарт олгохоор шийдвэрлэсэн.

Хариуцагч шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан, энэ тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар шийдвэрт заасан улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан төлөх, хураамж төлсөн баримтыг шүүхэд өгөх үүрэгтэй. 

Улсын тэмдэгтийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т “төсвийн байгууллагын нэхэмжлэлийг тэмдэгтийн хураамжаас чөлөөлөхөөр заасан ба шүүх хуульд заасны дагуу өргөдөл, гомдол, нэхэмжлэл гаргагчийн эд хөрөнгийн байдлыг харгалзан тэмдэгтийн хураамж төлөх хугацааг хойшлуулж, түүнийг тэмдэгтийн хураамжаас чөлөөлөх буюу хураамжийн хэмжээг ихэсгэх, багасгах, буцаан олгохдоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57-59 дүгээр зүйлд заасныг үндэслэл болгоно” гэж хуулийн 41.2-т зохицуулсан. 

Нэхэмжлэл болон шүүхийн шийдвэрээс үзвэл, У газар нь тухайн иргэний хэрэгт хариуцагчаар оролцсон, энэ тохиолдолд хариуцагч  давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжийг хууль болон шийдвэрт заасан хэмжээгээр төлж, баримтыг хавсаргах ёстой. Хэрэв улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй бол анхан шатны шүүх  давж заалдах гомдлыг хүлээн авахгүй, буцаах учиртай.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөх хүсэлт гаргахдаа “...төсвийн байгууллагын нэхэмжлэлийг тэмдэгтийн хураамжаас чөлөөлөх”-өөр заасан Улсын тэмдэгтийн тухай хууль 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь заалтыг үндэслэл болгосон бөгөөд энэ нь хариуцагч давж заалдах гомдол гаргахад төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөх үндэслэл болохгүй.

Харин хариуцагч У газар нь давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжаас чөлөөлүүлэх хүсэлт гаргаж байгаа бол энэхүү байдлыг нотолсон баримтыг шүүхэд ирүүлэх бөгөөд энэ талаар хуульд тодорхой зохицуулсан.

Шүүгч 2024 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 1...8 дугаар захирамж гаргахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх заалтыг удирдлага болгосон ба захирамж хүчинтэй байна.

Хариуцагч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлүүлэх хүсэлтээ нотлох баримтаар нотолж чадаагүй тохиолдолд шүүгч хүсэлтийг хангахаас татгалзсан нь  “хуулийн илт тодорхой заалтыг ноцтой зөрчсөн” гэж үзэхгүй.  

Түүнчлэн Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 6...5 дугаар захирамжаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Г, өмгөөлөгч О.Б нарын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авахаас татгалзсан нь хүчинтэй байна.

Иймд өргөдөлд дурдсан шүүгч А.М “...У газрыг төсвийн байгууллага гэж үзээгүй, төлбөрийн чадваргүй учраас улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлүүлэх хүсэлт гаргаж байна гэж үзсэн, хуулийг ноцтой зөрчсөн мэргэжлийн алдаа...” гаргасан гэх гомдол Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т заасан “хуулийн илт тодорхой заалтыг ноцтой зөрчсөн,...” гэх зөрчилд хамаарахгүй.

  1. Шүүгч Д.Б, Б.Б, С.Х нарын тухайд:

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1-д “Анхан шатны журмаар шүүгч дангаар хянан шийдвэрлэхээс бусад хэргийг 3 шүүгчийн бүрэлдэхүүнтэй хянан шийдвэрлэнэ”, 86 дугаар зүйлийн 86.1-д “Хэргийг анхан шатны журмаар шүүх бүрэлдэхүүнтэйгээр хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд гурав хүртэл иргэдийн төлөөлөгчийг оролцуулна” гэж заасан.

Нэхэмжлэлийн агуулгаас үзвэл,  нэхэмжлэгч хариуцагчаас гэм хор шаардсан, энэ тохиолдолд хэргийг 3 шүүгчийн бүрэлдэхүүнтэй шийдвэрлэх тул хуульд зааснаар шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгч оролцох ба иргэдийн төлөөлөгчийн эрх үүргийг хуулийн 86 дугаар зүйлд нэг бүрчлэн тусгасан.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 63 дугаар зүйлд зааснаар иргэдийн төлөөлөгчийн нэрсийн жагсаалтаас иргэдийн төлөөлөгчийг шалгаруулах ажлыг тухайн шүүхийн тамгын газар зохион байгуулна.

Хуулийн дээрх заалтын дагуу ...Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын даргын 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн А/..6 дугаар тушаалаар Д.Ө, Л.Н нарын нэхэмжлэлтэй У газарт холбогдох хэргийн шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгчөөр оролцох иргэдийн нэрсийн жагсаалтыг баталгаажуулсан.

 Ж.Б иргэдийн төлөөлөгчөөр оролцохоор сонгогдсон, тэрээр 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хэргийн материалтай танилцаж, тангараг өргөсөн байх бөгөөд шүүхээс түүнд нөлөөллийн мэдүүлгийн талаар танилцуулж, эдлэх эрх, үүргийг тайлбарлан өгч, энэ тухай баримт үйлдсэн байна. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1-д “Зохигч, түүнчлэн шүүх хуралдаанд ирвэл зохих бусад оролцогчдод шүүх хуралдаан хэзээ, хаана болохыг шүүхийн мэдэгдэх хуудсаар тэдгээрийн оршин суугаа буюу ажлын газрын хаягаар мэдэгдэнэ. Хүрэлцэн ирээгүйгээс гарах үр дагавар болон энэ хуулийн 100 дугаар зүйлд зааснаар хэргийг хянан шийдвэрлэж болохыг шүүхийн мэдэгдэх хуудсанд заана”, 77.2-т “Шүүхийн мэдэгдэх хуудсыг зохигч талын оршин суугаа буюу ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл шүүхийн ажилтнаар биечлэн хүргүүлнэ. Шаардлагатай тохиолдолд шүүхийн мэдэгдэх хуудсыг утас, факс, цахилгаан буюу олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр дамжуулан мэдэгдэж болно. Ийнхүү мэдэгдсэнээ баримтжуулсан байна” гэж заасан.

Шүүгчийн туслах хэргийн оролцогч болон иргэдийн төлөөлөгчид 2024 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн шүүх хуралдааны товыг 2024 оны 5 дугаар сарын 14-ний өдөр утсаар мэдэгдэж, баримт үйлдсэн болох нь сахилгын хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.  Гэвч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон иргэдийн төлөөлөгч мөн өдрийн шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, энэ талаар шүүх хуралдааны тэмдэглэлд тодорхой тусгагдсан.

Түүнчлэн 2024 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн шүүх хуралдааны бичлэгт:

Даргалагчаас: Иргэний хэргийн шүүх хуралдааныг нээж, Д.Ө, Л.Н нарын нэхэмжлэлтэй, У газарт холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэх талаар танилцуулаад нарийн бичгийн дарга оролцогчдын ирцийг илтгэе гэхэд /Бичлэгийн 0:00:00-0:00:13/

Нарийн бичгийн дарга: Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.З нар ирсэн байна.  Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Г, З.Г, иргэдийн төлөөлөгч нар ирээгүй байна. Мөн хүсэлт ирүүлээгүй байна гэв. /Бичлэгийн 0:00:14-0:00:27/

Даргалагчаас: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч хүрэлцэн ирээгүй байна. Ямар нэгэн хүсэлт ирүүлээгүй. Мөн иргэдийн төлөөлөгчид шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч хүрэлцэн ирээгүй байна. Ирцтэй холбоотой гаргах санал, хүсэлт байна уу гэхэд /Бичлэгийн 0:00:49-0:01:05/

Нэхэмжлэгч талаас: Ирцтэй холбоотой хүсэлт байна. Шүүх хуралдааны тов дээр хариуцагчийн хоёр итгэмжлэгдсэн төлөөлөгч хоёулаа гарын үсэг зурсан. Ямар нэгэн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй байна. Шүүх хуралдаан товлогдсон цагаасаа 30 гаруй минут хүлээлээ ирэхгүй байгаа учраас хариуцагчийн эзгүйд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулах хүсэлт гаргаж байна. Хоёрдугаарт иргэдийн төлөөлөгчийг эмнэлэгт хэвтсэн гэж утсаар ярьсан гэж ойлгосон. Хүндэтгэн үзэх шалтгаантай байгаа учраас нэхэмжлэгч талын зүгээс иргэдийн төлөөлөгч оролцуулахгүйгээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулах хүсэлт гаргаж байна гэв. /Бичлэгийн 0:01:06-0:01:49/

Даргалагчаас: Иргэдийн төлөөлөгчийг оролцуулахгүйгээр үү гэхэд /Бичлэгийн 0:01:50-0:01:51/

Нэхэмжлэгч талаас: Тийм, оролцуулахгүйгээр гэв. /Бичлэгийн 0:01:52-0:01:53/

Даргалагчаас: Хариуцагчид шүүх хуралдааны тов мэдэгдсэн байх тул шүүх хуралдааныг үргэлжлүүлье гэв. /Бичлэгийн 0:01:54-0:02:01/

 2024 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон иргэдийн төлөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, хүндэтгэн үзэх шалтгаантай талаар баримт болон шүүх хуралдаан хойшлуулах талаар хүсэлт ирүүлээгүй, нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс иргэдийн төлөөлөгчийг оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг явуулах тухай хүсэлтээ бичгээр гаргасан, мөн хариуцагчийн эзгүйд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулах хүсэлт гаргасан нь тогтоогдож байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т “Хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ”, 100.8-д “Томилогдсон иргэдийн төлөөлөгч энэ хуулийн 76.1.2-т заасны дагуу мэдэгдсээр байхад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол зохигчийн зөвшөөрлөөр түүний эзгүйд шүүх хуралдаан явуулж болно. Харин зохигчийн аль нэг нь үүнийг зөвшөөрөөгүй бол шүүх хуралдааныг хойшлуулна” гэж заасан.

Шүүх бүрэлдэхүүн нэхэмжлэгч талын хүсэлтээр иргэдийн төлөөлөгч болон хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэжээ.

Шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгч оролцоогүй тохиолдолд дүгнэлт гаргах боломжгүй тул шүүх дүгнэлтийн агуулга, үндэслэлийн талаар шийдвэрт тусгах боломжгүй юм.

Иймд өргөдөлд дурдсан “...шүүх хуралдааны товыг иргэдийн төлөөлөгч Ж.Б-т хуульд заасан журмын дагуу хүргүүлээгүй, ...хэргийн материалд иргэдийн төлөөлөгчид шүүх хуралдааны тов мэдэгдсэн тухай баримт авагдаагүй...” гэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд  шүүгч Д.Б, Б.Б, С.Х нарыг  Шүүхийн тухай хуулийн 50.1.40-д заасан “энэ хуулийн 66.7-д заасныг биелүүлээгүй” гэж буруутгах үндэслэлгүй.

Дээр дурдсанаар ...Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.М, Д.Б, Б.Б, С.Х нарт холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргав” гэжээ.

Шүүгч А.М  тайлбартаа: “...Иргэний хэргийн анхан шатны шүүхэд  нэхэмжлэгч нь Д.Ө, Л.Н нар нь У газарт холбогдуулан гэм хорын хохиролд 259.590.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, тус шүүхийн 2024 оны 6 дугаар сарын 11-ний өдөр .../ШШ2024/0...9 дугаартай шийдвэрээр хариуцагч У газраас 137.000.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Ө, Л.Н нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 122.590.000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1.613.850 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 842.950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн байна. 2024 оны 7 дугаар сарын 02-ны өдөр тус шүүхэд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Г, Л.Г нар нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлүүлэх 1 хуудас хүсэлтийг 2024 оны 7 дугаар сарын 07-ны өдөр гаргасан нь шүүгч А.М  надад хуваарилагдсан. Тус шүүхийн шүүгчийн 2024 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн .../Ш32024/1...8 дугаартай захирамжаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлүүлэх тухай хүсэлтийг “...төлбөрийн чадваргүйг нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй” гэх үндэслэлээр хангахгүй орхиж шийдвэрлэсэн.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4 дэх хэсэгт “анхан болон давж заалдах шатны шийдвэр, магадлалд гомдол гаргаж байгаа этгээд шийдвэр, магадлалыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамжийг тооцон төлнө” гэж хуульчилсан.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь заалт нь “төсвийн байгууллагын нэхэмжлэл” нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөх, хөнгөлөх нөхцөл бөгөөд У газар нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчаар оролцсон тул хуулийн энэ заалтад хамаарахгүй.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Г нь тус шүүхийн шүүгчийн 2024 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн .../Ш32024/1...8 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах хүсэлт дахин гаргасныг шүүгчийн 2024 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн .../Ш32024/1....4 дүгээр захирамжаар хангахаас татгалзаж шийдвэрлэсэн.

У газар нь төсвийн байгууллага боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчаар оролцсон болохыг дахин дурдах нь зүйтэй байна.

Иймд шүүгч А.М би Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлд заасан шүүгчид хориглох зүйлийг зөрчөөгүй, шүүгчийн хувьд хуульд заасан ажиллагааг явуулсан тул хариуцагч У газрын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Шүүгч Д.Б, Б.Б, С.Х нар тайлбартаа: “...Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн .../ШШ2024/0...9 дүгээр шийдвэрээр Д.Ө, Л.Н нарын нэхэмжлэлтэй, У газарт холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлэсэн.

Хариуцагч У газраас дээрх хэргийг хянан шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн болох шүүгч Д.Б, шүүгч Б.Б, шүүгч С.Х нарт холбогдуулж “шүүх хуралдааны товыг иргэдийн төлөөлөгчид мэдэгдээгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцуулаагүй, иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг шүүхийн шийдвэрт тусгаагүй” гэсэн гомдол гаргажээ.

1. Хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд оролцох иргэдийн төлөөлөгчөөр Ж.Б хуульд заасан журмын дагуу сонгогдож, улмаар 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн шүүх хуралдаанд оролцохдоо хэргийн материалтай танилцаж, тангараг өргөсөн байх бөгөөд шүүхээс түүнд эдлэх, үүргийг мөн тайлбарлан өгсөн.

2. Иргэдийн төлөөлөгч Ж.Б-т 2024 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд ирцтэй холбоотойгоор нэхэмжлэгч болон хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “иргэдийн төлөөлөгчийн эзгүйд шүүх хуралдааныг явуулах тухай” хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч, шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн бөгөөд хариуцагчаас нотлох баримт бүрдүүлэх тухай хүсэлт гаргаснаар шүүх хуралдаан хойшилсон байна.

3. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.4 дэх хэсэгт “Шүүх хуралдаанд оролцох иргэдийн төлөөлөгчөөр сонгогдсон иргэнд шүүх хуралдаан болохоос ажлын таваас доошгүй өдрийн өмнө мэдэгдэх хуудсаар болон утсаар мэдэгдэж, баримтыг хэрэгт хавсаргана”, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2 дахь хэсэгт “Шүүхийн мэдэгдэх хуудсыг зохигч талын оршин суугаа буюу ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл шүүхийн ажилтнаар биечлэн хүргүүлнэ. Шаардлагатай тохиолдолд шүүхийн мэдэгдэх хуудсыг утас, факс, цахилгаан буюу олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр дамжуулан мэдэгдэж болно. Ийнхүү мэдэгдсэнээ баримтжуулсан байна” гэж тус тус заасан.

Хариуцагчаас “хэргийг хэлэлцэх 2024 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн шүүх хуралдааны товыг иргэдийн төлөөлөгчид мэдэгдээгүй” гэсэн гомдол гаргасан байх боловч тус өдрийн шүүх хуралдааны товыг иргэдийн төлөөлөгч Ж.Б-ийн 8...5 дугаарын утсаар мэдэгдэж, баримтжуулсан болох нь 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдөр үйлдсэн “Шүүх хуралдааны тов мэдэгдэх тухай” баримтаар тогтоогдоно.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8 дахь хэсэгт “Томилогдсон иргэдийн төлөөлөгч энэ хуулийн 76.1.2-т заасны дагуу мэдэгдсээр байхад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол зохигчийн зөвшөөрлөөр түүний эзгүйд шүүх хуралдаан явуулж болно. Харин зохигчийн аль нэг нь үүнийг зөвшөөрөөгүй бол шүүх хуралдааныг хойшлуулна” гэж заасан.

Хэргийг хэлэлцэх 2024 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн шүүх хуралдааны товыг нэхэмжлэгч болон хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, иргэдийн төлөөлөгч нарт мэдэгдсэн боловч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон иргэдийн төлөөлөгч нар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй.

Нэхэмжлэгч талаас иргэдийн төлөөлөгчийн эзгүйд шүүх хуралдаан явуулах тухай хүсэлтийг шүүх хуралдаанд бичгээр гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8 дахь хэсэгт зааснаар иргэдийн төлөөлөгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн.

5. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.7 дахь хэсэгт “Шүүх бүрэлдэхүүн иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийн агуулгыг шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт бичиж, уг дүгнэлтийн талаарх үндэслэлээ үндэслэх хэсэгт тодорхой тусгана” гэж заасан хэдий ч иргэдийн төлөөлөгчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн тул шүүхийн шийдвэрт иргэдийн төлөөлөгчийн дүгнэлт тусгагдах боломжгүй” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

У газрын дарга Д.Д “иргэний хэргийн хариуцагч У газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч “давж заалдах гомдлын улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлүүлэх тухай” хүсэлт гаргахад ...Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.М нь У газрыг төсвийн байгууллага гэж үзээгүй, төлбөрийн чадваргүй учраас улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлүүлэх хүсэлт гаргаж байна гэж ойлгон шүүгчийн 2024 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн .../ШЗ2024/1...8 дугаар захирамжаар хуулийг буруу тайлбарлан, илт тодорхой заалтыг зөрчсөнөөс давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хүлээн авахаас татгалзсан нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т заасныг зөрчсөн, шүүгч Б.Б, Д.Б, С.Х нар нь шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгч оролцуулалгүй шүүхийн 2024 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн .../ШШ2024/0...9 дүгээр шийдвэрийг гаргасан нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.40-д заасныг зөрчсөн” гэх агуулгаар өргөдөл гаргажээ. / с.х-ийн 1-3 тал/

Илтгэгч гишүүн ГС/2024/...4 дүгээр саналдаа “...хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлүүлэх хүсэлт гаргахдаа ...Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь заалтыг үндэслэл болгосон бөгөөд энэ нь хариуцагч давж заалдах гомдол гаргахад төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөх үндэслэл болохгүй юм. Харин хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжаас чөлөөлүүлэх хүсэлт гаргаж байгаа бол энэхүү байдлыг нотолсон баримтыг шүүхэд ирүүлэх бөгөөд энэ талаар хуульд тодорхой зохицуулсан... Хариуцагч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлүүлэх хүсэлтээ нотлох баримтаар нотолж чадаагүй тохиолдолд шүүгч хүсэлтийг хангахаас татгалзсан нь хуулийн илт тодорхой заалтыг ноцтой зөрчсөн гэж үзэхгүй, шүүгчийн туслах хэргийн оролцогч болон иргэдийн төлөөлөгч нарт шүүх хуралдааныг товыг утсаар мэдэгдэж, баримт үйлдсэн болох нь сахилгын хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. Гэвч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, энэ талаар шүүх хуралдааны тэмдэглэлд тодорхой тусгагдсан... хүндэтгэн үзэх шалтгаантай талаар баримт болон шүүх хуралдаан хойшлуулах талаар хүсэлт ирүүлээгүй, нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс иргэдийн төлөөлөгчийг оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг явуулах хүсэлтээ бичгээр гаргасан, мөн хариуцагчийн эзгүйд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулах хүсэлт гаргасан нь тогтоогдож байна. Шүүх бүрэлдэхүүн нэхэмжлэгч талын хүсэлтээр иргэдийн төлөөлөгч болон хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэжээ. Шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгч оролцоогүй тохиолдолд дүгнэлт гаргах боломжгүй тул шүүх дүгнэлтийн агуулга, үндэслэлийн талаар шийдвэрт тусгах боломжгүй юм. Иймд шүүгч Д.Б, Б.Б, С.Х нарыг буруутгахгүй” гэж дүгнэжээ. /с.х-ийн 165-174 тал/

 

Сахилгын хорооны хуралдааны бүрэлдэхүүн илтгэгч гишүүний санал нь холбогдох хуульд нийцсэн, үндэслэл бүхий байна гэж үзлээ. Тодруулбал:

1. Шүүгч Д.Б, Б.Б, С.Х нар Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.40-д заасныг зөрчсөн гэх тухайд:

Нэхэмжлэгч Д.Ө, Л.Н нар нь хариуцагч У газарт холбогдуулан гэм хорын хохиролд 137.000.000 төгрөг гаргуулахаар ...Иргэний хэргийн анхан шатны шүүхэд  нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 259.590.000 төгрөг болгон ихэсгэсэн байна.

...Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн шүүх хуралдаанаар шүүгч Д.Б даргалж, шүүгч Б.Б, С.Х нарын бүрэлдэхүүнтэйгээр уг хэргийг хянан хэлэлцээд, мөн өдрийн .../ШШ2024/0...9 дүгээр шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж буюу  У газраас 137.000.000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.Ө, Л.Н нарт олгож, үлдсэн 122.590.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. /с.х-ийн 105-115 тал/

Сахилгын хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд ...Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын даргын 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн А/..6 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар шүүх хуралдаанд оролцохоор сонгогдсон иргэдийн төлөөлөгчийн нэрсийг гаргаснаас иргэн Ж.Б нь сонгогдож, 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдөр шүүхээс дуудан, 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдөр түүнийг шүүхэд ирүүлж тангараг өргүүлэн, тангаргийн бичигт гарын үсэг зуруулж, иргэдийн төлөөлөгчийн эрх, үүрэг болон шүүх хуралдааны дэгийг тайлбарлан өгч, нөлөөллийн мэдүүлгийн талаар танилцуулсан баримт болон хэргийн материалтай танилцуулж гарын үсэг зуруулсан байна. /с.х-ийн 74-80 тал/

Улмаар 2024 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн шүүх хуралдаанаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас нотлох баримт бүрдүүлэх тухай хүсэлт гаргасныг шүүх бүрэлдэхүүн хангаж шийдвэрлэн, шүүх хуралдааныг 2024 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 15 цаг 30 минут хүртэл хойшлуулсан байх бөгөөд тухайн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, түүний өмгөөлөгч Б.З,  хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Г, З.Г нар биечлэн оролцсон тул шүүхийн “Шүүх хуралдааны тов мэдэгдэх тухай” баримт №9-д тус бүр гарын үсэг зурсан байна. Харин иргэдийн төлөөлөгч Ж.Б тухайн өдрийн шүүх хуралдаанд ирээгүй тул шүүгчийн туслах түүний 8...5 дугаарын утсаар холбогдон шүүх хуралдааны товыг  мэдэгдсэн тухайгаа мөн “Шүүх хуралдааны тов мэдэгдэх тухай” баримт №9-д бичиж тэмдэглэн гарын үсэг зурсан байна. /с.х-ийн 82-88 тал/

Товлогдсон 2024 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар болон иргэдийн төлөөлөгч ирээгүй болох нь сахилгын хэргийн шалгах ажиллагааны явцад тус мөн өдрийн шүүх хуралдааны дуу-дүрсний бичлэг болон уг бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлээр тогтоогдож байна. /с.х-ийн 123-124 тал/

Уг бичлэгээс үзэхэд “Ө....” нэртэй дүрсгүй, дууны бичлэгийн 13 секундээс шүүх хуралдааны нарийн бичгийн дарга “шүүх хуралдаанд... хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Г, З.Г, иргэдийн төлөөлөгч нар ирээгүй, мөн хүсэлт ирүүлээгүй байна” гэж хэлж байгаа нь болон бичлэгийн 01 минут 06 секундээс эмэгтэй хүн “нэхэмжлэгч талд ирцтэй холбоотой хүсэлт байна. Шүүх хуралдааны тов дээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хоёулаа гарын үсэг зурсан. Ямар нэгэн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй байна. шүүх хуралдаан товлогдсон цагаасаа 30 гаруй минут хүлээлээ ирээгүй байгаа учраас хариуцагчийн эзгүйд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулах хүсэлт гаргаж байна. Хоёрдугаарт иргэдийн төлөөлөгчийг эмнэлэгт хэвтсэн гэж утсаар ярьсан гэж ойлгосон. Хүндэтгэн үзэх шалтгаантай байгаа учраас нэхэмжлэгч талын зүгээс иргэдийн төлөөлөгч оролцуулахгүйгээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулах хүсэлт гаргаж байна” гэхэд даргалагч “иргэдийн төлөөлөгчийг оролцуулахгүйгээр үү” гэж асуухад эмэгтэй хүн “тийм, оролцуулахгүйгээр” гэж хариулж байгаа нь бичигджээ. /с.х-ийн 123-124 тал/

Дээрх шүүх хуралдааны явц нь шүүхийн 2024 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн .../ТМ2024/0...3 дугаар шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдаагүй байх боловч дууны бичлэг болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.З-ийн мөн өдрийн “иргэдийн төлөөлөгч оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг үргэлжлүүлэх тухай” бичгээр гаргасан хүсэлтээр тус тус тогтоогдож байгаа болно. /с.х-ийн 89-104 тал/

Хэдийгээр иргэдийн төлөөлөгч “эмнэлэгт хэвтэж байгаа буюу хүндэтгэн үзэх шалтгаантайгаар шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй” гэх үйл баримт тогтоогдохгүй байх боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт “Хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ”, 100.8 дахь хэсэгт “Томилогдсон иргэдийн төлөөлөгч энэ хуулийн 76.1.2-т заасны дагуу мэдэгдсээр байхад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол зохигчийн зөвшөөрлөөр түүний эзгүйд шүүх хуралдаан явуулж болно. Харин зохигчийн аль нэг нь үүнийг зөвшөөрөөгүй бол шүүх хуралдааныг хойшлуулна” гэж тус тус заасны дагуу шүүгчийн туслах шүүх хуралдааны товыг иргэдийн төлөөлөгчид мэдэгдсэн боловч хүрэлцэн ирээгүй, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй байх тул нэхэмжлэгч талын хүсэлтийг шүүх бүрэлдэхүүн хүлээн авч шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулжээ.

Монгол Улсын дээд шүүхийн 2016 оны 4 дүгээр “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан зарим ажиллагааны талаар”-х зөвлөмжийн 1.4.1-д хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй иргэдийн төлөөлөгчийн эзгүйд шүүх хуралдаан хийхэд иргэдийн төлөөлөгчид шүүх хуралдаан хэзээ, хаана болохыг мэдэгдэж, энэ тухай баримт үйлдсэн, иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, түүний эзгүйд шүүх хуралдаан явуулахыг зохигчид зөвшөөрсөн байх гэсэн гурван урьдчилсан нөхцөл байх ёстой” гэжээ.

Сахилгын хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд иргэдийн төлөөлөгчид шүүх хуралдаан хэзээ, хаана болохыг мэдэгдсэн, шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаантай оролцох боломжгүй талаар хүсэлт ирүүлээгүй ба шүүх хуралдаанд оролцсон нэхэмжлэгч тал иргэдийн төлөөлөгчгүйгээр шүүх хуралдааныг үргэлжлүүлэх тухай бичгийн хүсэлт гаргасан байх тул дээрх гурван урьдчилсан нөхцөл хангагдсан гэж үзнэ. /с.х-ийн 88-89 тал/

Томилогдсон иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд ирээгүй тохиолдолд түүний эзгүйд шүүх хуралдааныг хийх эсэх асуудлыг нэхэмжлэгч, хариуцагч аль аль талын саналаар шүүх хуралдааныг үргэлжлүүлэх эсэхийг шийдвэрлэх боловч тухайн өдрийн шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул зөвхөн нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх хуралдааныг үргэлжлүүлснийг бүрэлдэхүүний шүүгч нар хуулийн илт тодорхой заалтыг ноцтой зөрсөн сахилгын зөрчил гаргасан гэж үзэхгүй.

Түүнчлэн холбогдох шүүгч Д.Б, Б.Б, С.Х нарын “Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.7 дахь хэсэгт “Шүүх бүрэлдэхүүн иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийн агуулгыг шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт бичиж, уг дүгнэлтийн талаарх үндэслэлээ үндэслэх хэсэгт тодорхой тусгана” гэж заасан хэдий ч иргэдийн төлөөлөгчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн тул шүүхийн шийдвэрт иргэдийн төлөөлөгчийн дүгнэлт тусгагдах боломжгүй” гэх тайлбар, илтгэгч гишүүний “...шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгч оролцоогүй тохиолдолд дүгнэлт  гаргах боломжгүй тул дүгнэлтийн агуулга, үндэслэлийн талаар шүүхийн шийдвэрт тусгах боломжгүй юм...” гэх санал нь үндэслэлтэй байна гэж бүрэлдэхүүн үзлээ.

Иймд шүүх бүрэлдэхүүн хуульд заасны дагуу шүүх хуралдаанд оролцсон нэхэмжлэгч талын хүсэлтээр шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн нь сахилгын зөрчил биш гэж үзсэн тул илтгэгч гишүүний саналыг хүлээн авах нь зүйтэй.

2. Шүүгч А.М-ыг Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т заасныг зөрчсөн гэх тухайд:

Сахилгын хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд хариуцагч У газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Г, Л.Г нар “давж заалдах журмаар гаргасан гомдлын улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлүүлэх тухай” хүсэлтийг ...Иргэний хэргийн анхан шатны шүүхэд  гаргахад тус шүүхийн шүүгчдийн 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн .../ЗТ2023/0...0 дугаар зөвлөгөөний тогтоолоор баталсан “Шүүхэд хэрэг, нэхэмжлэл, гомдол, хүсэлт хүлээн авах, хуваарилах болон хэрэг, маргааныг хэрэг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг томилох тухай” журмын 4 дүгээр зүйлийн 4.5 дахь хэсэгт зааснаар шүүгч А.М-д 2024 оны 7 дугаар сарын 04-ний өдөр хуваарилагджээ. /с.х-ийн 152-164 тал/  

Шүүгч А.М хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хүсэлтийг хүлээн аваад, шүүгчийн 2024 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн .../ШЗ2024/1...8 дугаар захирамжаар “...хүсэлтдээ төлбөрийн чадваргүйг нотлох баримтыг хавсаргаж ирүүлээгүй...” гэж үзээд, мөн Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 210/ШЗ2024/006...5 дугаар захирамжаар “...хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжийг зохих ёсоор төлөөгүй ба тухайн нэхэмжлэлийн шаардлага нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т хамаарахгүй...” гэж дүгнээд давж заалдах журмаар гаргасан гомдлыг тус тус хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн байна. /с.х-ийн 42-45 тал/

Харин хариуцагч У газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Г-ийн ...Иргэний хэргийн анхан шатны шүүхэд  “шүүгчийн 2024 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн .../ШЗ2024/1...8 дугаар захирамжийг хүчингүй болгуулах тухай” хүсэлтийг хүлээн шүүгч А.М хүлээн авч хянаад 2024 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн .../ШЗ2024/1....4 дүгээр захирамжаар хүсэлтийг хангахгүй орхиж шийдвэрлэжээ. /с.х-ийн 117-121 тал/

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4 дэх хэсэгт “Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд гомдол гаргаж байгаа этгээд шийдвэр, магадлалыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамжийг тооцон төлнө”, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт “Давж заалдах журмаар гомдол гаргаж байгаа этгээдээс энэ хуулийн 57.1, 57.4-т заасан журмаар улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан төлүүлнэ” гэж зааснаар хариуцагч шүүхийн шийдвэрийн зөвшөөрөхгүй байгаа хэмжээнээс тооцож улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан төлнө.

Улсын дээд шүүхийн “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаан дахь улсын тэмдэгтийн хураамжийн зарим асуудал” зөвлөмжийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4, 173 дугаар зүйлийн 173.3-т зааснаар гомдол гаргасан тал /нэхэмжлэгч, хариуцагчийн хэн алин нь/ дээрх хоёр үндэслэлээр хураамжаас чөлөөлөгдөх боломжтой. Жишээлбэл: Төсвийн байгууллага нэхэмжлэгч байгаа тохиолдолд нэхэмжлэл, гомдлын алиныг нь ч гаргахад хураамжаас Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар чөлөөлөгдөх бол хариуцагч төсвийн байгууллага зөвхөн гомдол гаргах тохиолдолд чөлөөлөгдөж, харин хураамж хуваарилахад чөлөөлөгдөхгүй... Иймд тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх хүсэлтийг шүүх шийдвэрлэхдээ хүсэлтийн агуулгыг тодруулж, нотлох баримтыг үнэлэх нь зүйтэй... Улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөхөд тухайн этгээд төлбөрийн чадваргүй болох нь тогтоогдсон байх ёстой бол тэрээр төлбөрийн чадвар муутай, эд хөрөнгийн байдал дорой байх нь хураамж төлөхөөс чөлөөлөх үндэслэл болохгүй юм...” гэжээ.

Хариуцагч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт “Шүүхэд гаргасан дараах нэхэмжлэлийг тэмдэгтийн хураамжаас чөлөөлнө”, 41.1.3 дахь заалтад “төсвийн байгууллагын нэхэмжлэл” гэж зааснаар давж заалдах журмаар гаргасан гомдол нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх байтал шүүгч хүсэлтийг хүлээж аваагүй нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23 дахь заалтад заасан хуулийн илт тодорхой заалтыг ноцтой зөрчсөн үйлдэл гэх боловч дээрх хуулийн заалт нь нэхэмжлэгчид хамааралтай зохицуулалт бөгөөд харин У газар нь энэхүү иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчаар оролцсон болохыг дурдах нь зүйтэй.

Иймд илтгэгч гишүүний “...хариуцагч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлүүлэх хүсэлтдээ нотлох баримтаа нотолж чадаагүй тохиолдолд шүүгч хүсэлтийг хангахаас татгалзсан нь хуулийн илт тодорхой заалтыг ноцтой зөрчсөн гэж үзэхгүй” гэж дүгнэсэн нь үндэслэл бүхий болжээ.

Дээрхийг нэгтгэн дүгнэвэл шүүгч А.М  Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23 дахь заалтыг, шүүгч Д.Б, Б.Б, С.Х нар нь мөн зүйлийн 50.1.40 дэх заалтад тус тус заасан шүүгчид хориглосон зохицуулалтыг зөрчиж сахилгын зөрчил гаргасан гэх үйл баримт сахилгын хэрэгт авагдсан холбогдох баримтуудаар тогтоогдохгүй байх тул илтгэгч гишүүний “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал”-ыг хүлээн авч, тэдэнд холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.2, 112.2, 112.4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1.Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн ГС/2024/...4 дүгээр “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” саналыг хүлээн авч, ...Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.М, Д.Б, Б.Б, С.Х нарт холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 2.Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6 дахь хэсэгт зааснаар магадлал гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл гаргагч нарын оршин суугаа газрын эсхүл ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл Ажлын албаны ажилтнаар хүргүүлэхийг Ажлын албанд даалгасугай.

3. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.7 дахь хэсэгт зааснаар дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох ба энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг тайлбарласугай.

4. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.8 дахь хэсэгт зааснаар магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Шүүхийн сахилгын хороонд сахилгын хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

               ДАРГАЛАГЧ                                    Д.ЭРДЭНЭЧУЛУУН

               ГИШҮҮН                                            О.НОМУУЛИН

                                                                           Х.ХАШБААТАР