МОНГОЛ УЛС
ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО
МАГАДЛАЛ
2024-11-13
Дугаар 108
Улаанбаатар хот
Сахилгын хэргийг хэрэгсэхгүй
болгох тухай
Иргэн Ц.Б-ын ... Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.М-д холбогдуулан гаргасан өргөдөлд холбогдох хууль, журмын дагуу илтгэгч гишүүн С.Э хүлээн авч хянаад, 2024 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн ГЗҮ/2024/...8 дугаар захирамжаар сахилгын хэрэг үүсгэжээ.
Илтгэгч гишүүн Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 105, 106 дугаар зүйлд заасны дагуу сахилгын хэрэгт шалгах ажиллагаа явуулж, 2024 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн ГС/2024/...0 дүгээр “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” санал гаргасныг сахилгын хорооны 2024 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн хуралдаанаар хянан хэлэлцэн СХТ/2024/...9 дүгээр тогтоолоор саналыг хүчингүй болгож, дахин шалгуулахаар илтгэгч гишүүнд буцаасан байна.
Илтгэгч гишүүн нь дахин шалгах ажиллагаа явуулж, гишүүний 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн ГС/2024/...2 дугаар санал гаргасныг хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Илтгэгч гишүүн саналдаа: “... Иргэн Ц.Б-аас “Д” ХХК-д холбогдуулан 380.000 ам.доллар буюу 1.333.496.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг ...Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.М хүлээн авч, 2023 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн .../ШЗ2023/...50 дугаар шүүгчийн захирамжаар иргэний хэрэг үүсгэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан байна. /сахилгын хэргийн 22-27/
1. Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийг хүлээж авдаггүй, хугацаа алдаж шийдвэрлэсэн гэх өргөдлийн үндэслэлийн тухайд,
Тус иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчээс 17 удаа, хариуцагчаас 3 удаа хүсэлт гаргасныг доорх байдлаар шийдвэрлэсэн байна.
Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлт:
Нэг. 2023 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр нотлох баримт гаргуулах, үзлэг хийлгэх, гэрч асуулгах, нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэх хүсэлт гаргасныг шүүгчийн 2023 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн .../ШЗ2023/...6 дугаар захирамжаар нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, бусад хүсэлтийг хангасан, /сахилгын хэргийн 30-36/
Хоёр. 2023 оны 5 дугаар сарын 26-ны өдөр шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах, нотлох баримт тусгаарлах хасуулах, нотлох баримт гаргуулах, захирамжийн биелэлт хангуулах хүсэлт тус тус гаргасныг шүүгчийн 2023 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн .../ШЗ2023/...8 дугаар захирамжаар нотлох баримт гаргуулах хүсэлтийг хангаж, бусад хүсэлтийг хангахаас татгалзсан, /сахилгын хэргийн 37-43, 46-57/
Гурав. 2023 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр нотлох баримт гаргуулах, үзлэг хийлгэх, нотлох баримт тусгаарлуулах хүсэлт гаргасныг шүүгчийн мөн өдрийн .../ШЗ2023/...86 дугаар захирамжаар нотлох баримт гаргуулах тухай хүсэлтээс зарим хэсэг хангаж, бусад хүсэлтийг хангахаас татгалзсан, /сахилгын хэргийн 60-61, 73-77/
Дөрөв, Тав. 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдөр, 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр нотлох баримт тусгаарлуулах, хасуулах, үзлэг хийлгэх, нотлох баримт гаргуулах хүсэлт гаргасныг шүүгчийн 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн .../ШЗ2023/...5 дугаар захирамжаар нотлох баримт гаргуулж, үзлэг хийлгэх хүсэлтийг хангаж, нотлох баримт тусгаарлаж, хасуулах хүсэлтийг хангахаас татгалзсан, /сахилгын хэргийн 78-81/
Зургаа. Шүүгчийн 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн .../ШЗ2023/...60 дугаар захирамжаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэх тухай хүсэлтийг хангахаас татгалзсан, /сахилгын хэргийн 87-92/
Долоо. 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн шүүх хуралдаанд нотлох баримт гаргуулах тухай хүсэлт гаргасныг хангаж, шүүх хуралдааныг хойшлуулсан, /сахилгын хэргийн 93-96/
Найм, Ес. 2024 оны 01 дүгээр сарын 18 болон 02 дугаар сарын 01-ний өдөр нотлох баримт гаргуулах хүсэлт гаргасныг шүүгчийн 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн .../ШЗ2024/...38 дугаар захирамжаар зарим хэсгийг хангаж, шүүх хуралдааныг хойшлуулсан, /сахилгын хэргийн 97-99, 108-111/
Арав. 2024 оны 3 дугаар сарын 05-ны өдөр нотлох баримт гаргуулах хүсэлт гаргасныг шүүгчийн 2024 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн .../ШЗ2024/...1 дугаар захирамжаар хангаж шийдвэрлэсэн, /сахилгын хэргийн 113-117/
Арван нэг. 2024 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн шүүх хуралдаанд гэрч оролцуулах, үзлэг хийлгэх, нотлох баримт гаргуулах хүсэлт гаргасныг шүүгчийн .../ШЗ2024/...66 дугаар захирамжаар хангахаас татгалзаж, шүүх хуралдааныг хойшлуулсан, /сахилгын хэргийн 118-119, 127-132/
Арван хоёр. 2024 оны 3 дугаар сарын 22-ны өдөр нотлох баримт гаргуулах хүсэлт гаргасныг шүүгчийн 2024 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн .../ШЗ2024/...3 дугаар захирамжаар хангахаас татгалзсан, /сахилгын хэргийн 133-137/
Арван гурав. 2024 оны 3 дугаар сарын 26-ны өдөр эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал тогтоолгох хүсэлт гаргасныг шүүгчийн 2024 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн .../ШЗ2024/...46 дугаар захирамжаар хангахаас татгалзсан, /сахилгын хэргийн 138-145/
Арван дөрөв. 2024 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн шүүх хуралдаанд нотлох баримт гаргуулах хүсэлт гаргасныг шүүгчийн .../ШЗ2024/...4 дугаар захирамжаар зарим хэсгийг хангаж, шүүх хуралдааныг хойшлуулсан, /сахилгын хэргийн 211-213/
Арван тав. 2024 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэх хүсэлт гаргасныг шүүгчийн 2024 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн .../ШЗ2024/0...66 дугаар захирамжаар хүлээн авахаас татгалзсан, /сахилгын хэргийн 147-156/
Арван зургаа. 2024 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн шүүх хуралдаанд шүүгчийн захирамжуудад өөрчлөлт оруулах хүсэлт гаргасныг шүүгчийн .../ШЗ2024/...40 дугаар захирамжаар хүсэлтийг хангахгүй орхиж, /сахилгын хэргийн 169-171/
Арван долоо. Мөн өдөр шүүгчийн захирамжийн биелэлтийг хангуулах хүсэлт гаргасныг шүүгчийн .../ШЗ2024/...40 дугаар захирамжаар хүлээн авахаас татгалзжээ. /сахилгын хэргийн 172-173/
Дээрхээс үзвэл, нэхэмжлэгчийн гаргасан 2 хүсэлтийг хангаж, 6 хүсэлтийн зарим хэсгийг хангаж, 9 хүсэлтийг хангахгүй орхисон байна.
Хариуцагч талаас гаргасан хүсэлт:
Нэг. 2023 оны 3 дугаар сарын 27-ны өдөр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М-оос нотлох баримт гаргуулах хүсэлт гаргасныг шүүгчийн 2023 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн .../ШЗ2023/...6 дугаар захирамжаар хангаж, /сахилгын хэргийн 28-29, 32-36/
Хоёр. 2024 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн шүүх хуралдаанд гэрчийг албадан ирүүлэх хүсэлт гаргасныг хангаж, шүүгчийн .../ШЗ2024/...4 дугаар захирамжаар хангаж шүүх хуралдааныг хойшлуулсан байна. /сахилгын хэргийн 211-213/
Гурав. 2023 оны 5 дугаар сарын 16-ны өдөр шинжээч томилуулах хүсэлт гаргасныг шүүгчийн 2023 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн .../ШЗ2023/...8 дугаар захирамжаар хангаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн, /сахилгын хэргийн 32-36/
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт “хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримт нь төрийн болон албаны нууц, байгууллагын нууц, хүний эмзэг мэдээлэлтэй холбоотой, өөр улс, орон нутагт байгаа учраас зохигч тэдгээрийг өөрөө олж авах боломжгүй, түүнчлэн туршилт, үзлэг, таньж олуулах, шинжилгээ хийлгэх, гэрчийн мэдүүлэг авах тохиолдолд нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлнэ” гэж заасан.
Энэ заалтаас үзвэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн оролцогчоос гаргасан хүсэлтийн агуулгаас хамаарч, хэрэгт ач холбогдолтой эсэх, тухайн ажиллагааг хэргийн оролцогч өөрөө хийх боломжтой эсэх, эсвэл шүүх хийх шаардлагатай эсэхийг тогтоож, хүсэлтийг хангаж шийдвэрлэх эсэхийг шүүгч шийдвэрлэнэ. Энэ нь шүүгчийн бүрэн эрх, хараат бус байдалтай холбоотой.
Шүүгч А.М нь хэргийн оролцогчоос гаргасан 13 хүсэлтийг 7 хоногийн дотор болон шүүх хуралдаанд гаргасан даруйд, харин 4 хүсэлтийг 18-47 хоногийн хугацаанд шийдвэрлэжээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд хэргийн оролцогчоос гаргасан хүсэлт шийдвэрлэх хугацааг тусгайлан зохицуулаагүй тул шүүгч А.М нь хуулийн илт тодорхой заалтыг зөрчсөнд тооцохгүй.
Мөн дээрх нэхэмжлэгчийн хүсэлтийг удаа дараа хангаагүй нь буюу хүсэлтийг хэрхэн шийдвэрлэснийг Шүүхийн сахилгын хороо хянахгүй бөгөөд шүүгчийн сахилгын зөрчилд тооцох үндэслэл болохгүй.
Холбогдох шүүгч А.М нь дээрх иргэний хэргийг хянан шийдвэрлэх хугацаанд буюу 2023 оны 3 дугаар сарын 10-ны өдрөөс 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл нийт 822 нэхэмжлэл хүлээн авч, 2198 эрхийн акт буюу 319 шийдвэр, 1806 шүүгчийн захирамж, 73 шүүхийн тогтоол гарган албажуулж, шүүх бүрэлдэхүүнд 27 удаа оролцсон болох нь ...Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын 2024 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 790 дугаар албан бичгээр, 2023 оны 3 дугаар сарын 28-ны өдрөөс 4 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэл хөдөлмөрийн чадвараа түр алдаж, өвчтэй байсан болох нь эмнэлгийн хуудсаар, 2023 оны 6 дугаар сарын 19-ний өдрөөс 7 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл, 2023 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд ээлжийн амралттай байсан болох нь тус шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн .../ЗТ2023/0...2 дугаар шүүгчдийн зөвлөгөөний тогтоолоор, 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдрөөс 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл өвчтэй болох нь эмнэлгийн магадалгаагаар тус тус тогтоогдож байна. /сахилгын хэргийн 204-210/
Шүүгч А.М нь цаашид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг удирдан явуулахдаа хэргийн оролцогчоос гаргасан хүсэлтийг боломжит хугацаанд шийдвэрлэхэд анхаарч ажиллавал зохино.
2. Гаргасан захирамжаа танилцуулдаггүй байсан гэх өргөдлийн үндэслэлийн тухайд,
Шалгах ажиллагааны явцад тус иргэний хэрэгт үзлэг хийхэд хэргийн оролцогчид шүүгчийн захирамж танилцуулсан болон утсаар ярьсан тэмдэглэл үйлдсэн баримт авагдаагүй байсан болно. Энэ талаар шүүгчийн туслах Г.Г гэрчийн мэдүүлэгтээ “...тус иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хүсэлт шийдвэрлэсэн шүүгчийн захирамжийг хэргийн оролцогч нарт захирамж гарсан өдөр нь юм уу, маргааш нь утсаар мэдэгдэж байсан. ...Иргэний хэргийн анхан шатны шүүх нь хэргийн ачаалал өндөр, нэг шүүгчид гар дээр 100 гаран хэрэг байдаг. Ажлын ачааллаас шалтгаалан тухайн хэрэгт утсаар ярьсан тэмдэглэлээ хийгээгүй байна. Би өөрийн 8....1 дугаарын утсаар хэргийн оролцогчид тухай бүр мэдэгдэж байсан. Нэхэмжлэгч Ц.Б нь хүсэлтээ өгсний дараа хэрхэн шийдвэрлэсэн талаар тогтмол асууж, захирамжийн агуулгатай танилцаж байсан. Тэмдэглэлээ хийгээгүй нь миний буруу. Утсаар ярьсан билл нотлох баримтаар авахад татгалзах зүйлгүй. Шүүхийн албан хэрэгцээндээ ашигладаг 7....9 утас руу мөн залгасан байж магадгүй. Шүүгчийн захирамжууд 3-5 хоногийн дотор албажиж гарч байсан. Хэргийн оролцогчид шүүгчийн захирамжид гомдол гаргаагүй. Захирамжид гомдол гаргах хугацаа нь гарсан цагаас тоологддог. Шүүхийн шийдвэр шиг гардаж авсан цагаас тоолдоггүй. Иймд гардуулдаггүй. Утсаар тухай бүр мэдэгддэг” гэж,
өргөдөл гаргагч Ц.Б гэрчийн мэдүүлэгтээ “...Би хэргийн материалтай танилцах гээд очиход шүүгчийн туслах биеийн хэлэмжээрээ цааргалангуу ханддаг байсан. Утсаар асуухад шүүгчийн туслах ирж хэргийн материалтай танилц гэдэг байсан. Шүүгчийн захирамжаа viber танилцуулах боломж байна уу гэхэд тийм боломж байхгүй гэдэг байсан. Байнга өөрөө очиж танилцдаг байсан. Сахилгын хороонд гомдол гаргаснаас хойш шүүгчийн захирамжаа ирж танилцаарай гэж туслах залгадаг болсон. Тэр нь 2023 оны 11 сараас хойш шүүгчийн захирамж гарсан даруйд мэдэгддэг байсан. Тэрнээс өмнө шүүгчийн захирамж гарсан эсэхийг хэлдэггүй, би өөрөө асууж тодруулж мэддэг байсан” гэж тус тус мэдүүлжээ.
Дээрх үйл баримтыг тодруулахаар гишүүний 2024 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн ГЗБ/2024/...3 дугаар захирамжаар нотлох баримт гаргуулахаар шийдвэрлэж, уг захирамжийн дагуу “Ю” ХХК-аас ирүүлсэн 2024 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 12...9 дүгээр албан бичигт “...Ц.Б-ын 8.....6 дугаартай холболт тогтсон дуудлагын лавлагааг хүргүүлсэн ба техникийн хүчин чадлаас шалтгаалан 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс өмнөх лавлагааг тодруулах боломжгүй” талаар дурдаж, Ц.Б-ын 8.....6 дугаар руу шүүгчийн туслах Г.Г-ын 8....1 дугаараас 2023 оны 12 дугаар сарын 15, 2024 оны 01 дүгээр сарын 04, 02 дугаар сарын 19, 4 дүгээр сарын 22-ны өдөр нийт 5 удаа, тус шүүхийн албан хэрэгцээндээ ашигладаг 7....9 дугаараас 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдөр 2 удаа дуудлага хийсэн талаарх жагсаалтыг ирүүлжээ. /сахилгын хэргийн 201-202, 230-232/
Шүүгчийн туслах гэрчийн мэдүүлэгтээ захирамж гарсан даруйд утсаар ярьж мэдэгдэж байсан гэж тайлбарлаж байх боловч “Ю” ХХК-аас ирүүлсэн албан бичгээр дээрх тайлбар тогтоогдох боломжгүй байна. /сахилгын хэргийн 46-58, 73-77, 127-132/ Гэвч Ц.Б нь шүүгчийн туслах 2023 оны 11 дүгээр сараас хойш шүүгчийн захирамж гарсан даруйд утсаар ярьж мэдэгдэж байсан, тэрнээс өмнө байнга өөрөө очиж танилцдаг байсан талаар гэрчийн мэдүүлэгтээ тайлбарласан.
Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2022 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 52 дугаар тогтоолоор баталсан Иргэний хэргийн хөдөлгөөний нийтлэг аргачлалын 4.2.2-т “...Хүсэлт шийдвэрлэсэн шүүгчийн захирамжийг шүүгчийн туслах талуудад 5 хоногийн дотор мэдэгдэж, баримт №7-г үйлдэж, хэрэгт хавсаргана” гэж заасан. Шүүгчийн туслах Г.Г нь хүсэлт шийдвэрлэсэн шүүгчийн захирамжийг талуудад мэдэгдсэн баримтыг үйлдэж, хэрэгт хавсаргаагүй нь шүүгчийн туслахын буруутай ажиллагаа байна.
Нөгөө талаас нэхэмжлэгч Ц.Б нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн материалтай танилцах эрх нь нээлттэй байсан байх ба 2023 оны 5 дугаар сарын 25, 10 дугаар сарын 12, 2024 оны 02 дугаар сарын 05, 02 дугаар сарын 28, 4 дүгээр сарын 04, 4 дүгээр сарын 30-ны өдрүүдэд материалтай танилцаж, баримтад гарын үсэг зурсан байна. /сахилгын хэргийн 182-189/ Гэрч Ц.Б нь хэргийн материал танилцахад шүүгчийн туслах сөрөг хандлага гаргадаг байсан талаар гэрчийн мэдүүлэгтээ дурдсан ба энэ нь тухайн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж буй шүүгчийг буруутгах, түүнийг сахилгын зөрчил гаргасан гэж үзэх үндэслэл болохгүй.
3. Шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхээр хангаагүй гэх өргөдлийн үндэслэлийн тухайд,
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1 дэх хэсэгт заасны дагуу гомдол гаргах эрхтэй 2023 оны 6 дугаар сарын 14, 9 дүгээр сарын 08, 9 дүгээр сарын 19, 2024 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 4 шүүгчийн захирамж гарсан байна.
Өргөдөл гаргагч Ц.Б нь гомдол гаргах эрхтэй дээрх 4 шүүгчийн захирамжтай танилцсан гэдгийг гэрчийн мэдүүлэгтээ үгүйсгээгүй бөгөөд гомдол гаргасан эсэхээ санахгүй байна гэж мэдүүлсэн.
Шалгах ажиллагааны явцад тус иргэний хэрэг болон “Иргэн-2014” нэгдсэн системд үзлэг хийхэд Ц.Б-аас 2024 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн .../ШЗ2024/...66 дугаар шүүгчийн захирамжид гомдол гаргаж, 2024 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн гомдол шийдвэрлэх хуралдаанаар хэлэлцэж, .../ШТ2024/...63 дугаар тогтоолоор захирамжийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна. Харин бусад шүүгчийн захирамжид гомдол болон гомдол гаргах хугацааг сэргээлгэх хүсэлт гаргаагүй байна.
Тодруулбал, шүүгчийн 2023 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн .../ШЗ2023/...8 дугаар захирамжаар шинжээч томилж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн байх бөгөөд нэхэмжлэгч Ц.Б нь хариуцагчийн шинжээч томилох хүсэлтийг дэмжсэн тайлбар өгснийг тус захирамжид бичжээ. /сахилгын хэргийн 46-57/
Шүүгчийн 2023 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн .../ШЗ2023/...84 дүгээр захирамжаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээсэн байх бөгөөд нэхэмжлэгч Ц.Б нь 2023 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр шүүхэд хүсэлт гаргаснаас үзвэл тэрээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээсэн захирамж гарсан талаар мэдсэн байна. /сахилгын хэргийн 58/
Мөн 2023 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн хүсэлт хэлэлцсэн шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ц.Б биечлэн оролцож, шүүгчээс .../ШЗ2023/...85 дугаар захирамжийн агуулгыг танилцуулсан байх ба тэрээр уг захирамж гарсан талаар мэдэж байсан болохоо гэрчийн мэдүүлэгтээ мэдүүлсэн. /сахилгын хэргийн 62,63/ Иймд дээрх шүүгчийн захирамжуудад гомдол гаргах эрхээр хангаагүй гэж үзэхгүй.
Өргөдөлд нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтүүдийг хангаагүй, гомдол гаргах эрхгүй захирамж гаргасан, нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээж аваагүй гэх үндэслэлийг дурдсан байх боловч өргөдөл гаргагч Ц.Б өмнө нь энэ үндэслэлээр Шүүхийн сахилгын хороонд өргөдөл гаргаж, гишүүний 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн ГЗТ/2023/...40 дүгээр захирамжаар сахилгын хэрэг үүсгэхээс татгалзаж шийдвэрлэсэн байна. /сахилгын хэргийн 242-245/
Иймд гишүүний захирамжаар шийдвэрлэсэн үйл баримттай холбоотой асуудлаар дахин дүгнэлт хийх боломжгүй.
4. Шүүгч 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн шүүх хуралдааныг танхимд орж ирэлгүйгээр хойшлуулсан гэх өргөдлийн үндэслэлийн тухайд,
Шүүгчийн 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн .../ШЗ2024/...38 дугаар захирамжаар нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан Хил хамгаалах ерөнхий газар болон хариуцагч байгууллагаас нотлох баримт гаргуулах хүсэлтийг хангаж, шүүх хуралдааныг 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл хойшлуулжээ. Тухайн нотлох баримт гаргуулахаар шийдвэрлэсэн шүүгчийн захирамжийн биелэлт хангагдаагүй тул шүүгчийн 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн .../ШЗ2024/...60 дугаар захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүх хуралдааны товыг өөрчилсөн нь шүүгчийг буруутгах үндэслэл болохгүй. /сахилгын хэргийн 108-112/
Учир нь шүүгчийн захирамжийн биелэлт хангагдаагүй тохиолдолд хэргийг шийдвэрлэх боломжгүй бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчигдөх юм. Өөрөөр хэлбэл, зөвлөлдөх тасалгаанд орж шийдвэрлэх асуудал байхгүй. Шүүгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тасралтгүй явуулж, хуулиар олгосон бүрэн эрх хэмжээнийхээ хүрээнд шүүгчийн захирамж гаргасан байна.
5. Шүүгч 2023 оны 9 дүгээр сарын 19, 2024 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн шүүх хуралдаанд хүндэтгэлгүй, зүй бус харьцсан гэх өргөдлийн үндэслэлийн тухайд,
Шалгах ажиллагааны явцад, 2023 оны 9 дүгээр сарын 19, 2024 оны 02 дугаар сарын 07, 3 дугаар сарын 19, 4 дүгээр сарын 24-ний өдрүүдийн шүүх хуралдааны дуу-дүрсний бичлэгт үзлэг хийхэд шүүгч А.М нь шүүх хуралдааныг даргалахдаа хэргийн оролцогчтой зүй бус, хүндэтгэлгүй харьцсан, хэргийн оролцогч ярьж байхад яриаг тасалсан, дайрч давшсан үйлдэл гаргаагүй байна. /сахилгын хэргийн 233-241/
Тус хэргийг хэлэлцсэн 2023 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчээс хүсэлт гаргасантай холбогдуулан даргалагчаас асуулт асууж, хариулт авсан болох нь “9.19 Ц.Б.mp3” нэртэй бичлэгт бичигджээ.
Бичлэгийн 0:26:21-0:26:38 минутад, Даргалагчаас: Хүсэлт гаргасантай холбогдуулан нэхэмжлэгчээс тодруулъя. “Э” ТӨХХК-аас гаргуулах гэж байгаа хоёр гэрээгээр юуг нотлох вэ гэхэд
0:26:39-0:26:49 минутад, Нэхэмжлэгч: Энэ гэрээг ард талд нь хавсаргасан миний гарын үсэгтэй гэрээ байгаа гэв.
0:26:50-0:26:55 минутад, Даргалагчаас: Энэ гэрээн дээр таны ажлын хөлсийг тохирсон үнийн дүн байдаг юм уу гэхэд
0:26:56-0:27:08 минутад, Нэхэмжлэгч: Энэ бол үйл явдал, ажил үүрэг гүйцэтгэснийг нотолсон нотлох баримт. Ажил хийсэн гэдгийг шүүх дүгнэж өгөх ёстой гэв.
0:27:09-0:27:26 минутад, Даргалагчаас: Та сонсож байгаарай. Таныг ажил хийгээгүй гэж яриагүй. Хүсэлттэй холбоотой тодруулж байна. Энэ гэрээн дээр таны гарын үсэг байгаа. Би энэ гэрээний эх хувийг оруулсан гэж та тайлбарлаад байна тийм үү гэхэд
0:27:27-0:27:36 минутад, Нэхэмжлэгч: Би энэ гэрээг эх хувийг бэлдсэн биш. Эх хувийг албан ёсоор цаанаас гаргаж өгдөг. Хуульчийн хувьд засвар өөрчлөлт хийж, ажилласан гэв.
0:27:37-0:27:46 минутад, Даргалагчаас: Тэр гэрээний үнийн дүн тэдэн төгрөг, гэрээг хийснээр та тэдэн төгрөгийн хөлс авна гэдэг зүйл тусгагддаг уу гэхэд
0:27:47-0:27:48 минутад, Нэхэмжлэгч: Тийм зүйл байхгүй.
0:27:49-0:27:57 минутад, Даргалагчаас: Та гэрээг хянаж, засаж өгснөөр хэдэн төгрөгийн хөлс авна гэдгийг ямар гэрээгээр тохирдог вэ гэхэд
0:27:58-0:28:33 минутад, Нэхэмжлэгч: Шүүгчээ би үүн дээр тайлбар хэлмээр байна. Би хүсэлтээ албан ёсоор хүсэлт 1 гаргасан. Энэ хүсэлтийг шүүх хүлээн
аваад 5 дугаар сарын 17-ны өдөр шүүгчийн захирамж гараад шийдвэрлэсэн. Нэг дэх захирамжийн нэг дэх заалтаар нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, зохигчийн бусад хүсэлтийг хангасан гэв.
0:28:34-0:29:24 минутад, Даргалагчаас: Шүүгчийн захирамжид гэрч оролцуулах, үзлэг хийлгэх, танаас 2013 оны 05 сарын 30-ны өдрийн 3/13 албан бичгийн эх хувийг гаргуулах хүсэлтийг тус тус хангасан байна. Харин “Э” ТӨХХК-иас баримт гаргуулахыг татгалзсан байна. Та үндэслэх хэсгийг уншаарай. Та 2023 оны 04 сарын 21-ний өдрийн хурлын тэмдэглэлийг яагаад гаргаж өгөөгүй талаар Тамгын газар хариу өгсөн байна. “Б” ХХК-ийн хэрэг дээр та хэргийн оролцогч байсан уу гэхэд
0:29:25-0:29:26 минутад, Нэхэмжлэгч: Тийм, би хурлын тэмдэглэлийг авах гэж маш их явсан гэв
0:29:27-0:29:36 минутад, Даргалагчаас: “Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй “Д” ХХК-д холбогдох хэрэг нь давж заалдах шатны шүүх болон хяналтын шатны шүүхэд байгаа. Манай шүүхэд одоогоор ирээгүй байна. Одоо Улсын дээд шүүхэд байгаа. Та мэдэж байгаа юу гэхэд
0:29:37-0:29:38 минутад, Нэхэмжлэгч: Мэдэж байгаа шүүгч ээ гэв
0:29:39-0:29:49 минутад, Даргалагчаас: ...Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар хэрэг ирсэн хойно нь гаргаж өгөх боломжтой болно гэхэд
0:29:49-0:30:05 минутад, Нэхэмжлэгч: Би хэрэг яваагүй байхад нь хүсэлтийг гаргасан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1, 38.6-д зааснаар шүүх бүрдүүлэх үүрэгтэй. Тухайн үед яагаад бүрдүүлж өгөөгүй иргэнд хүндрэл учруулж байгаа нь ойлгомжгүй байна гэв.
0:30:06-0:30:10 минутад, Даргалагчаас: 2023 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн албан бичиг байна. Энэ үед явсан байна гэхэд
0:30:11-0:30:21 минутад, Нэхэмжлэгч: Би явсаар байгаад өдийг хүрч байна. 4 дүгээр сарын 23-ны өдөр шийдэхэд нь би хүсэлтээ гаргасан гэв
0:30:22-0:30:24 минутад, Даргалагчаас: Таны бичгээр гаргасан хүсэлт байгаа юу гэхэд
0:30:25-0:30:27 минутад, Нэхэмжлэгч: Тамгын газарт байгаа. Хувь байхгүй гэв.
0:30:28-0:30:30 минутад, Даргалагчаас: Манай Тамгын газраас 4 сарын дараа хариу өгсөн юм уу гэхэд
0:30:31-0:30:32 минутад, Нэхэмжлэгч: Тэгж байна гэв
0:30:33-0:30:34 минутад, Даргалагчаас: За та баримттай яриарай гэхэд
0:30:34-0:30:36 минутад, Нэхэмжлэгч: Би баримттай ярина. Миний баримт байгаа гэв.
0:30:41-0:30:51 минутад, Даргалагчаас: Тухайн баримтыг таныг хэргийн оролцогч байсан учраас өөрөө авах боломжтой гэж шийдсэн байна. Та дахин гаргаж байна уу гэхэд
0:30:52-0:30:56 минутад, Нэхэмжлэгч: Би гаргуулж албан ёсоор энэ хэрэгт оруулмаар байна гэв
0:30:57-0:30:58 минутад, Даргалагчаас: Одоо хэрэг хаана явж байгаа вэ. Тэрийг мэдэж байгаа юу гэхэд
0:30:59-0:31:00 минутад, Нэхэмжлэгч: Улсын дээд шүүхэд байгаа гэв
0:31:00-0:31:02 минутад, Даргалагчаас: Хурал зарлагдсан юм уу гэхэд
0:31:02-0:31:03 минутад, Нэхэмжлэгч: Мэдэхгүй байна гэв
0:31:03-0:31:04 минутад, Даргалагчаас: Танд хэлээгүй юм уу гэхэд
0:31:05-0:31:16 минутад, Нэхэмжлэгч: Давж заалдах шатны шүүхийн хурал ороход надаас татгалзсан.Өөр хүн явж байгаа гэв
0:31:22-0:31:28 минутад, Даргалагчаас: Улсын бүртгэлийн газраас хуулийн этгээдийн анхны дүрмийг гаргуулах нь энэ хэрэгт ямар ач холбогдолтой вэ? гэхэд
0:31:30-0:32:43 минутад, Нэхэмжлэгч: Гарын үсэг нотлоход хамааралтай. Миний бие шинжээч томилоход маш тодорхой хариултуудыг өгсөн. Би шинжээчид “Энэ нь хэвлэмэл гарын үсэг учраас үүнийг ФШ-ийн гарын үсэг мөн эсэхийг тодруулах, итгэмжлэлтэй харьцуулан судлах, учир нь итгэмжлэлийг бид нар программ хангамж ашиглаад эндээс бэлдэж явуулахаар нь гадаад улсад байгаа хүн нь гарын үсэг зураад буцаагаад явуулдаг. Монгол улсад ирэхээр нь тамга дардаг. Бүх итгэмжлэл энэ процессоор явагддаг. ФШ-ийн гарын үсэг мөн үү гэдгийг тогтоохоор шинжээч томилуулсан гэв
0:32:44-0:33:40 минутад, Даргалагчаас: Шинжээчийн дүгнэлтийг хэрэг шийдэхэд ярилцана. Шүүхэд ирсэн байгаа. Шинжээчийн дүгнэлт манайд хамаагүй. Та өмнөх шүүх хурал дээр “Би компьютер дээр үзлэг хийлгэнэ. Мөн хариуцагчийн ажлыг хийсэн.” гэж тайлбарладаг. Түүнчлэн таныг үзлэг хийлгэх баримтаа өгөөрэй гэж хэлсэн. Та өгөөгүй байна. Тиймээс үзлэг хийгдээгүй. Нотлох баримтыг өгч байж компьютер дээрх баримттай тулгана. Түүнээс биш учир битүүлэг хэдэн сарын хэдний өдрийн ямар баримт нь мэдэгдэхгүй, тодорхойгүй зүйл дээр үзлэг хийх боломжгүй. Таны хувьд үзлэг хийлгэх баримтаа өгөөгүй учраас шүүгчийн захирамжийн биелэлт хангагдаагүй гэхэд
0:33:41-0:33:53 минутад, Нэхэмжлэгч: Шүүгчийн туслах нь харилцааны доголдолтой хүн. Харилцахад хүндрэлтэй байсан. Амралтаа аваад явсан учраас энэ хугацаанд гаргаж өгөх боломжгүй байсан гэв
0:33:53-0:33:54 минутад, Даргалагчаас: Та өнөөдрийн хурал дээрээ гаргаад өгөхгүй яасан юм бэ гэхэд
0:33:55-0:34:16 минутад, Нэхэмжлэгч: Үзлэг яаж хийх талаар би тухайн үед Г.Г-д хэлсэн боловч тэрээр өнөөдрийг хүртэл надтай харилцахаасаа уурладаг. Яагаад надтай ингэж харьцаад байдгийг би ойлгохгүй байна. Надад нэг ч удаа зөв тайлбарлаж өгөөгүй гэв.
0:34:16-0:34:26 минутад, Даргалагчаас: Та өөрөө хуульч, өмгөөлөгч мэргэжилтэй. Үзлэг хийлгэх хүсэлтийг анх удаа гаргаж байгаа юм уу. Өөр олон хэрэг дээр гаргаж байсан байх гэж бодож байна гэхэд
0:34:26-0:34:34 минутад, Нэхэмжлэгч: Миний компьютерт маш их хэмжээний, “Д” ХХК-д байхгүй их хэмжээний мэдээлэл надад байгаа гэв.
0:34:34-0:34:40 минутад, Даргалагчаас: Таны компьютер дотор байгаа 2015 оноос хойших бүх зүйлийг үзэх юм уу шүүх гэхэд
0:34:40-0:34:47 минутад, Нэхэмжлэгч: Миний хийсэн бүх материалууд байгаа учраас хангалтай нотлох баримтуудыг харах бүрэн боломжтой гэв.
0:34:47-0:35:04 минутад, Даргалагчаас: Таны шүүхэд гаргаж байгаа хүсэлт тодорхой байх ёстой. Та шүүгчийн захирамжийн биелэлт хангагдаагүй байна гэж шүүхийн буруутгаад байгаа боловч та өөрөө баримтаа өгөөгүй байна. Ямар баримтад үзлэг хийлгэх нь тодорхойгүй болохоор шүүх хуралдаанаа зарлаад хуралдаан дээр тодруулж байна гэхэд
0:35:05-0:35:08 минутад, Нэхэмжлэгч: Өнөөдөр гэрч яасан. Гэрч хүртэл байхгүй байхад хурал болдог юм уу гэв.
0:35:10-0:35:13 минутад, Даргалагчаас: Гэрч дуудсан баримт байна. Гэрч хүндэтгэн үзэх шалтгаанаар ирээгүй байна. Шүүх өөр яах вэ гэхэд
0:35:14-0:35:18 минутад, Нэхэмжлэгч: Хүндэтгэн үзэх шалтгаантай эсэхийг одоогоо би хараагүй байна гэв.
0:35:18-0:35:20 минутад, Даргалагчаас: Гэрч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байна гэв.
0:35:22-0:35:53 минутад, Даргалагчаас: Хавтаст хэрэгт авагдсан баримтыг нотлох баримтаас хасаж өгнө үү гэсэн хүсэлт тавьж байна. 107-192 дугаар тал, 223-230 дугаар тал дахь баримтуудыг ямар үндэслэлээр хасуулах хүсэлт гаргаж байна вэ?
0:35:55-0:36:37 минутад, Нэхэмжлэгч: “Б” ХХК болоод” Д” ХХК нарын хоорондын 2 сая долларын гэрээний маргааныг яагаад миний ажлын хөлсний 380.000 ам.доллартой хольж гутгаад байгаа юм. Эсхүл хариуцагчаас хуулбарлаж оруулж ирээд байгаа юм уу. Нэхэмжлэгч хүсэлт гаргангуут хүсэлт бүрийг хангадаггүй гэв.
0:36:52-0:37:03 минутад, Даргалагчаас: Та шүүх рүү яагаад худлаа гүтгээд байгаа юм бэ. Энэ захирамжийг хараад өнөөдөр тодруулаад сууж байна. Таны хүсэлтийг хангахыг нь хангаад, хангахгүйг нь хангахгүй явж байгаа гэв.
0:37:03-0:37:59 минутад, Нэхэмжлэгч: Би албан ёсоор энэ хүсэлтүүдээ 7 хүсэлт гаргасан боловч ямар нэгэн үндэслэлгүйгээр хангадаггүй. Хүсэлт гаргасан бол тус бүр дээр нь тодорхой үндэслэл хэлэх, хольж хутгадаг гэв.
0:37:59-0:38:00 минутад, Даргалагчаас: За би хариултаа авчихлаа. Та сууж байгаарай гэж хэлсэн болох нь бичигджээ.
Шүүгч А.М нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.1-д заасан нийтлэг бүрэн эрхийн хүрээнд шүүх хуралдааныг даргалах явцдаа хэргийн оролцогчоос хүсэлт гаргасантай холбогдуулан асуулт асууж, тодруулсан байх ба хэргийн оролцогчтой хүндэтгэлгүй, зүй бус харьцсан гэх өргөдөлд дурдсан үйл баримт тогтоогдоогүй болно. Өөрөөр хэлбэл, шүүгч хэргийн оролцогчийн хүсэлтийг шийдвэрлэхийн тулд түүний үндэслэл шалтгааныг асууж, тайлбар авсныг буруутгах боломжгүй ба дээрх хурлуудыг бичлэгээс үзэхэд зүй бус, зохисгүй үг хэллэг хэлэх, тааламжгүй үйлдэл гаргасан гэх байдал тогтоогдсонгүй.
6. 2024 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн шүүх хуралдааныг дэгийн дагуу явуулаагүй гэх өргөдлийн үндэслэлийн тухайд,
Шалгах ажиллагааны явцад 2024 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн шүүх хуралдааны дуу-дүрсний бичлэгт тэмдэглэл үйлдсэн ба 00078.MTS нэртэй бичлэгт даргалагчаас шүүх хуралдааныг нээж, ирц ба түүнд оролцох эрхийг шалгаж, шүүгч болон нарийн бичгийн даргыг танилцуулж, тэдгээрийг татгалзан гарах эрхийг танилцуулан гэрч ирээгүйтэй холбогдуулан талуудаас тайлбар асууж, талууд тайлбараа хэлсэн байна. Улмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой хүсэлт байгаа эсэхийг асуухад нэхэмжлэгчээс шүүгчийн захирамжуудад засвар оруулах хүсэлтийг гаргаж, хуралдааныг завсарлажээ.
Шүүгчийн 2024 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн .../ШЗ2024/...40 дүгээр захирамжаар хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж, шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн байна. /сахилгын хэргийн 169-171/
Улмаар даргалагчаас нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийг хангахгүй орхисон үндэслэлээ тайлбарлаж, шүүх хуралдааны дарааллыг танилцуулсан байна. Нэхэмжлэгчээс шүүгчийн захирамжийн биелэлт хангуулах тухай хүсэлт гаргаж, уг хүсэлтийг шийдвэрлэхээр шүүх хуралдаан дахин завсарласан болох нь 00079.MTS нэртэй бичлэгт бичигджээ.
Шүүгчийн 2024 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн .../ШЗ2024/...1 дүгээр захирамжаар хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж, шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн байна. /сахилгын хэргийн 172-173/
Ийнхүү үргэлжилсэн шүүх хуралдаанд гэрч Э.Б шүүх танхимд сууж байгаа нь харагдаж байх ба даргалагчаас нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийг хангахгүй орхисон үндэслэлээ тайлбарлаж, гэрчийн биеийн байцаалтыг шалгаж, Иргэний хэрэг шүүхэд шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 102 дугаар зүйлийн 102.1 дэх хэсэгт заасны дагуу гэрчийг танхимаас түр гаргажээ.
00080.MTS бичлэгийн 0:01:53-0:04:08 минутад, Нэхэмжлэгч: Гэрч согтуу байгаа талаар тайлбарлаж, шүүгчээс татгалзах хүсэлт гаргаж, 0:07:42-0:08:19 минутад даргалагчаас: Нэхэмжлэгчийн гаргасан татгалзах хүсэлтийг Ерөнхий шүүгч шийдвэрлэх талаар тайлбарлаж шүүх хуралдааныг хойшлуулсан байна.
Нэхэмжлэгчийн хүсэлтээр гэрч Э.Б-ийн согтолтын зэргийг шалгахад “2.22” согтолтын зэрэгтэй гарсан нь Цагдаагийн илтгэх хуудсаар тогтоогдсон тул шүүхийг үл хүндэтгэсэн зөрчил гаргасан гэж үзэж 2024 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн .../ШЗ2024/...4 дүгээр шийтгэврээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1 дэх хэсэгт заасны дагуу гэрч Э.Б-г 100.000 төгрөгөөр торгожээ.
Харин шүүгч гэрчид уураа гаргаж загнасан гэх үйлдэл шүүх хуралдааны дуу-дүрсний бичлэгт бичигдээгүй байна. /сахилгын хэргийн 176-177/
Дээрхээс үзвэл 2024 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн шүүх хуралдаан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн аравдугаар бүлэгт заасан дэгийн дагуу явагдсан байна. Тус хуралдаанд нэхэмжлэгчээс 2 удаа хүсэлт гаргаж, шүүгч хүсэлтийг гаргасан даруйд шийдвэрлэж, нэхэмжлэгчээс шүүгчийг татгалзан гаргах хүсэлт гаргасан тул шүүх хуралдааныг хойшлуулжээ.
Нэхэмжлэгчээс “...нэмэгдүүлсэн шаардлагыг 3 удаа хүлээн авахаас татгалзсан, гаргасан хүсэлтийг удаа дараа гомдол гаргах эрхгүй шийдвэрлэсэн” гэх үндэслэлээр шүүгчийг татгалзан гаргах хүсэлт гаргасныг Ерөнхий шүүгчийн 2024 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн .../ЕШ2024/...27 дугаар захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1.3 дахь хэсэгт заасан үндэслэлд хамаарахгүй гэж үзэж, хангахгүй орхижээ. /сахилгын хэргийн 188-189/
Тус шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн .../ШШ2024/...66 дугаар шүүхийн шийдвэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
Дээрх шийдвэрийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 210/МА2024/...5 дугаар магадлалаар хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасан болох нь Монгол Улсын шүүхийн шийдвэрийн цахим сан www.shuukh.mn сайтад нийтэд илэрхий хэлбэрээр байршсан байх ба магадлал хуулийн хүчин төгөлдөр болоогүй байна.
Шүүгч хэргийг хянан шийдвэрлэсэн байдал, давж заалдах шатны шүүхээс бүрэн эрхийнхээ хүрээнд шийдвэрийг хянаж, хүчингүй болгож шийдвэрлэсэн нь шүүгчид сахилгын зөрчил гаргасанд тооцох үндэслэл болохгүй юм.
Шүүгч А.М нь хуульд заасан эрх хэмжээний хүрээнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж хэргийн оролцогчоос гаргасан хүсэлт шийдвэрлэсэн нь шүүгчид хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон зохицуулалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэл болохгүй тул холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргав” гэжээ.
Шүүгч А.М тайлбартаа: “... Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэгч Ц.Б нь “Д” ГХОХХК-д холбогдуулан 380.000 ам доллар буюу 1.333.496.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг шүүгчийн 2023 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн .../Ш32023/...50 дугаар захирамжаар иргэний хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж эхэлсэн.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М-д нэхэмжлэлийн нэг хувийг 2023 оны 3 дугаар сарын 20-ны өдөр гардуулан өгч, бичгээр тайлбар ирүүлэх 14 хоногийн хугацаа тогтоож, бичгийн тайлбараа нотлох баримтын хамт ирүүлсэн. Хариуцагчийн төлөөлөгч 2023 оны 3 дугаар сарын 27-ны өдөр, нэхэмжлэгч нь 2023 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр хүсэлт тус тус гаргасныг 2023 оны 5 дугаар сарын 17-ны өдөр шийдвэрлэж, шүүгчийн захирамжийг танилцуулсан. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М нь 2023 оны 5 дугаар сарын 16-ны өдөр “шинжээч томилуулах хүсэлт”, нэхэмжлэгч Ц.Б нь 2023 оны 5 дугаар сарын 26-ны өдөр “шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах хүсэлт”, “ач холбогдолгүй материалыг баримтаас тусгаарлах, хасах тухай хүсэлт”, “нотлох баримт гаргуулах тухай хүсэлт", “шинжээч томилуулах хүсэлтэд тайлбар өгч, дүгнэлт гаргуулах тухай”, “захирамжийн биелэлт хангах тухай” зэрэг 6 хүсэлт, хариуцагч 1 хүсэлт нийт 7 хүсэлт гаргасныг шүүгчийн 2023 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн ...8 дугаар “хүсэлт шийдвэрлэж, шинжээч томилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай” захирамжаар шийдвэрлэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа түдгэлзсэн болно.
Шүүх шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн дүгнэлт ирснээр шүүгчийн 2023 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн ...84 дүгээр захирамжаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээж, шүүх хуралдааныг 2023 оны 9 сарын 19-ний өдрийн 10:30 минутад товлон зарсан. Нэхэмжлэгч нь 2023 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр 08 дугаар хүсэлт, хариуцагч нь шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлтийг тус тус гаргаснаар шүүх хуралдааныг хойшлуулсан.
Мөн 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 10 дугаартай хүсэлт, 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 11 дугаартай хүсэлт, 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 9 дугаартай хүсэлтүүдийг гаргаж, шүүгчийн 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 1...6 дугаар хүсэлт шийдвэрлэж, нотлох баримт гаргуулах тухай захирамжаар, 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн ...60 дугаар “хүсэлт шийдвэрлэх тухай” захирамжаар, 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн “хүсэлт шийдвэрлэж, нотлох баримт гаргуулах тухай” захирамжаар тус тус шийдвэрлэсэн.
Нэхэмжлэгч нь 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр 12 дугаартай хүсэлт, 2024 оны 02 дугаар сарын 01 -ний өдөр 13 дугаартай хүсэлт гаргаж, 2024 оны 02 сарын 07-ны шүүх хуралдаанаар хүсэлтийг шийдвэрлэж, нотлох баримт гаргуулахаар шүүх хуралдааныг 2024 оны 02 дугаар сарын 28-ны 09:00 минут хүртэл хойшлуулсан боловч 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн шүүх хуралдаан “шүүгчийн захирамжийн биелэлт хангуулах”-аар 2024 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 11:00 минут хүртэл хойшлогдсон.
Нэхэмжлэгч нь 2024 оны 3 дугаар сарын 05-ны өдөр 14 дугаартай хүсэлт гаргаж, шүүгчийн 2024 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн ...3 дугаартай “хүсэлт шийдвэрлэж, нотлох баримт гаргуулах тухай” захирамжаар шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч нь 2024 оны 3 дугаар сарын 19-ний өдөр 15 дугаартай хүсэлт гаргаж, шүүгчийн 2024 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн ...66 дугаартай “хүсэлт шийдвэрлэж, захирамжид өөрчлөлт оруулж, шүүх хуралдааныг хойшлуулах тухай” захирамжаар шүүх хуралдааныг 2024 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 09:00 минутад товлон зарласан.
Нэхэмжлэгч нь 2024 оны 3 дугаар сарын 22-ны өдөр 16 дугаартай хүсэлт гаргаж, шүүгчийн 2024 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн ...83 дугаартай “хүсэлт шийдвэрлэх тухай” захирамжаар шийдвэрлэсэн.
Нэхэмжлэгч нь 2024 оны 3 дугаар сарын 26-ны өдөр 17 дугаартай хүсэлт гаргаж, шүүгчийн 2024 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн ...46 дугаартай “хүсэлт шийдвэрлэх тухай” захирамжаар шийдвэрлэсэн.
Нэхэмжлэгч нь 2024 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр 18 дугаартай хүсэлт гаргаж, шүүгчийн 2024 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн ...54 дугаартай “хүсэлт шийдвэрлэж, нотлох баримт гаргуулахаар шүүх хуралдааныг хойшлуулах тухай” захирамжаар шийдэж, шүүх хуралдааныг 2024 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 09:00 минутад товлон зарласан.
Шүүгчийн 2024 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн ...66 дугаартай захирамжид Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1-д заасан үндэслэлээр гомдол гаргасныг 2024 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн ...3 дугаартай шүүхийн тогтоолоор шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч нь 2024 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр “нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэх тухай” хүсэлтийг шуудангаар ирүүлснийг шүүгчийн 2024 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн ”хүсэлт шийдвэрлэх тухай” захирамжаар, 2024 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр 19 дугаартай хүсэлтийг шүүгчийн 2024 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн ...40 дугаартай захирамжаар, шүүх хуралдааны шатанд дахин хүсэлт гаргасныг 2024 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн ...41 дугаартай шүүгчийн захирамжаар, мөн шүүгч А.М-аас татгалзан гаргах хүсэлт гаргасныг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.6 дахь хэсэгт зааснаар Ерөнхий шүүгчээр шийдвэрлүүлэхээр 2024 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн ...2 дугаартай шүүгчийн захирамжаар шийдвэрлэн, хэргийг Ерөнхий шүүгчид хүргүүлэхийг шүүгчийн туслахад даалгаж, шүүх хуралдааныг 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 14:30 минут хүртэл хойшлуулсан.
...Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн 2024 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн ...27 дугаартай захирамжаар “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзан гаргах тухай Ц.Б-ын хүсэлтийг хангахгүй орхиж” шийдвэрлэсэн.
Нэхэмжлэгч нь 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн шүүх хуралдаанд шүүгч А.М-аас дахин татгалзсаныг Ерөнхий шүүгчийн 2024 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 1527 дугаартай захирамжаар “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзан гаргах тухай Ц.Б-ын хүсэлтийг хангахгүй орхиж” шийдвэрлэсэн захирамж хүчинтэй байгаа тул шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн болно. Нэхэмжлэгч нь Ц.Б нь зөрчигдсөн эрхээ сэргээлгэх зорилгоор нэхэмжлэл гаргасан боловч хэргийг шийдвэрлүүлэх хүсэлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад удаа дараа хүсэлт гарган /17 хүсэлт/ шүүх хуралдааныг хойшлуулж, шүүх хуралдаан дээр шүүгч намайг ГХОХХК-ийн карманд орсон шүүгч, хариуцагч талд үйлчилдэг гэх мэтээр гүтгэсэн бөгөөд шүүгчийн хувьд нэхэмжлэгч Ц.Б-тай зүй бусаар харьцсан зүйл байхгүй.
Шүүгч А.М нь Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлд заасан шүүгчид хориглох зүйлийг зөрчөөгүй, шүүгчийн хувьд хуульд заасан ажиллагааг явуулсан тул Ц.Б-ын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Шүүгч А.М нэмэлт тайлбартаа: “... Шүүхийн сахилгын хороонд нэхэмжлэгч Ц.Б нь шүүгч А.М надад холбогдуулан гомдол гаргасан байна. ... Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэгч Ц.Б нь “Д” ГХОХХК-д холбогдуулан 380.000 ам доллар буюу 1.333.496.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг шүүгчийн 2023 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн .../Ш32023/...50 дугаартай захирамжаар иргэний хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 1766 дугаартай шийдвэрээр эцэслэн шийдвэрлэж, давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэгч Ц.Б гомдол гаргаж, одоогоор Монгол Улсын дээд шүүхэд хянагдаж байгаа болно.
Шүүхийн сахилгын хорооны гишүүн 2024 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр сахилгын хэрэг үүсгэн, шалгах ажиллагаа явуулж гишүүний 2024 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн ГС/2024/...0 дугаартай саналыг тус хорооны 2024 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн СХТ/2024/...9 дугаартай тогтоолоор хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгчийн 2023 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн .../Ш32023/...8 дугаартай захирамжаар хариуцагчийн шинжээч томилуулах хүсэлт болон нэхэмжлэгчийн нотлох баримт гаргуулах хүсэлтийг хангаж, бусад хүсэлтийг хангахаас татгалзаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн, шүүгчийн 2023 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн .../Ш32023/...84 дугаартай захирамжаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээж, шүүх хуралдааныг 2023 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр товлон зарласан, 2023 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн .../Ш32023/...85 дугаартай шүүгчийн захирамжаар 2023 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн шүүгчийн захирамжид өөрчлөлт оруулсан, шүүгчийн 2024 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн .../Ш32024/...66 дугаартай захирамжаар нэхэмжлэгчийн гэрч оролцуулах, нотлох баримт гаргуулах, үзлэг хийлгэх хүсэлт гаргасныг хангахаас татгалзаж, шүүх хуралдааныг 2024 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийг хүртэл хойшлуулсан.
Дээрх шүүгчийн захирамжууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1 дэх хэсэгт зааснаар “...тухайн шатны шүүхэд 10 хоногийн дотор гомдол гаргах эрхтэй.” бөгөөд захирамжууд хэзээ хэрхэн албажсан нь архивын өнгөн хувийн дардсаар тодорхойлогдох бөгөөд нэхэмжлэгч Ц.Б нь тухайн шатны шүүхэд гомдол гаргаагүй нь “Иргэн-2014” программаас
тодорхой харагдана.
Нэхэмжлэгч нь дээрх захирамжуудыг мэдэгдээгүй гэж үзвэл хугацаа сэргээлгэх хүсэлт гаргах эрх нь нээлттэй байсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан шүүгчийн захирамжийг шүүгчийн туслах Г.Г нь хэргийн оролцогч нарт утсаар мэдэгдсэн болно.
Шүүгч А.М нь Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлд заасан шүүгчид хориглох зүйлийг зөрчөөгүй, шүүгчийн хувьд хуульд заасан ажиллагааг явуулсан тул нэхэмжлэгч Ц.Б-ын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
Мөн Шүүхийн сахилгын хороонд Ц.Б нь гомдол гаргаснаар 2024 оны 05 сарын 24-ний өдөр ГЗҮ/2024/...9 дугаартай “Сахилгын хэрэг үүсгэх тухай” гишүүн захирамж гарган сахилгын хэрэг үүсгэн, шалгах ажиллагаа явуулж байгаа тул гомдлыг нэгтгэн шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Иргэн Ц.Б “нэхэмжлэгчээс гаргаж буй хүсэлтүүдийг хүлээн авдаггүй, хугацаа алдаж шийдвэрлэдэг; шүүгчийн захирамжаа танилцуулдаггүй; шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхийг хангаагүй; 2024 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн шүүх хуралдааныг танхимд орж ирэлгүйгээр хойшлуулсан; 2023 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр, 2024 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн шүүх хуралдаануудад миний үгийг таслан, зүй бус үйлдэл гаргасан, 2024 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн шүүх хуралдааныг дэгийн дагуу явуулаагүй нь нэхэмжлэл гаргах, мэтгэлцэх эрхэнд халдах, нотлох баримт цуглуулах, бүрдүүлэх шүүхийн үүргийг зориуд, ноцтой алдагдуулж байгаа бөгөөд хариуцагч талд өөрийн эрх мэдэл, албан тушаалын байдлаа ашиглан давуу байдал илтэд бий болгон ажиллаж байгаад гомдолтой байна” гэх агуулгаар өргөдөл гаргажээ. /с.х-ийн 1 дүгээр хавтасны 1-4 тал/
Илтгэгч гишүүн ГС/2024/...2 дугаар саналдаа “...шүүгч А.М нь хэргийн оролцогчоос гаргасан 13 хүсэлтийг 7 хоногийн дотор болон шүүх хуралдаанд гаргасан даруйд, харин 4 хүсэлтийг 18-47 хоногийн хугацаанд шийдвэрлэжээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд хэргийн оролцогчоос гаргасан хүсэлт шийдвэрлэх хугацааг тусгайлан зохицуулаагүй тул шүүгч А.М нь хуулийн илт тодорхой заалтыг зөрчсөнд тооцохгүй; ...шүүгчийн туслах Г.Г нь хүсэлт шийдвэрлэсэн шүүгчийн захирамжийг талуудад мэдэгдсэн баримт үйлдэж, хэрэгт хавсаргаагүй нь шүүгчийн туслахын буруутай ажиллагаа байна... Нөгөө талаас нэхэмжлэгч Ц.Б нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн материалтай танилцах эрх нь нээлттэй байсан...; ... Ц.Б өмнө нь энэ үндэслэлээр Шүүхийн сахилгын хороонд өргөдөл гаргаж, гишүүний 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн ГЗТ/2024/...40 дүгээр захирамжаар сахилгын хэрэг үүсгэхээс татгалзсан ба гишүүний захирамжаар шийдвэрлэсэн үйл баримттай холбоотой асуудлаар дахин дүгнэлт хийх боломжгүй; ...шүүгчийн захирамжийн биелэлт хангагдаагүй тохиолдолд хэргийг шийдвэрлэх боломжгүй бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчигдөх юм. Өөрөөр хэлбэл зөвлөлдөх тасалгаанд орж шийдвэрлэх асуудал байхгүй юм. Шүүгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тасралтгүй явуулж, хуулиар олгосон бүрэн эрх хэмжээнийхээ хүрээнд шүүгчийн захирамж гаргасан байна; ...шүүгч хэргийн оролцогчийн хүсэлтийг шийдвэрлэхийн тулд түүний үндэслэл шалтгааныг асууж, тайлбар авсныг буруутгах боломжгүй ба дээрх хурлуудын бичлэгээс үзэхэд зүй бус, зохисгүй үг хэллэг хэлэх, тааламжгүй үйлдэл гаргасан гэж байдал тогтоогдсонгүй; ...2024 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн шүүх хуралдаан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн Аравдугаар бүлэгт заасан дэгийн дагуу явагдсан байна” гэж дүгнэжээ. /с.х-ийн 2 дугаар хавтасны 102-121 тал/
Сахилгын хорооны хуралдааны бүрэлдэхүүн илтгэгч гишүүний санал нь үндэслэл бүхий холбогдох хуульд нийцсэн байна гэж үзлээ. Тодруулбал:
1. Нэхэмжлэгчээс гаргаж буй хүсэлтүүдийг хүлээн авдаггүй, хугацаа алдаж шийдвэрлэдэг гэх тухайд:
Шалгах ажиллагааны явцад илтгэгч гишүүн иргэний хэрэгт үзлэг хийн хэргийн оролцогчдоос гаргасан хүсэлт, тэдгээрийн шийдвэрлэсэн шүүгчийн захирамжуудыг хуулбарлан авч, энэ тухай 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн ГС/2024/...2 дугаар саналын 8-11 дүгээр талд нэг бүрчлэн дурдсан байна.
Сахилгын хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч 17 удаа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс 3 удаа шүүх хуралдааны бус үед болон шүүх хуралдааны явцад хүсэлт гаргаж байсан байна. Эдгээрээс шүүгч А.М 13 хүсэлтийг 7 хоногийн дотор, 4 хүсэлтийг 18-47 хоногийн хугацаанд шийдвэрлэжээ. /с.х-ийн 1 дүгээр хавтасны 28-213 тал/
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт “Хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримт нь төрийн болон албаны нууц, байгууллагын нууц, хүний эмзэг мэдээлэлтэй холбоотой; өөр улс, орон нутагт байгаа учраас зохигч тэдгээрийг өөрөө олж авах боломжгүй; түүнчлэн туршилт, үзлэг, таньж олуулах, шинжилгээ хийлгэх, гэрчийн мэдүүлэг авах тохиолдолд нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлнэ” гэж заасан.
Хуулийн дээрх зохицуулалтаар хэргийн оролцогч төрийн болон албаны нууц, байгууллагын нууц, хүний эмзэг мэдээлэлтэй холбоотой, өөр улс, орон нутагт байгаа буюу тэдгээрийн өөрөө олж авах боломжгүй тохиолдолд нотлох баримт бүрдүүлэх тухай хүсэлтийг шүүхэд гаргадаг.
Өөрөөр хэлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь заалтад “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх” гэж заасан хэргийн оролцогч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хүлээсэн үүргээ болон мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт “Зохигч, ...нь өөрийн шаардлага ...-ын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй” гэж заасныг хэрэгжүүлэх боломжгүй тохиолдолд шүүхээр бүрдүүлэх боломжийг олгосон хуулийн зохицуулалт юм.
Хүсэлтийг хүлээн авсан шүүгч мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт “Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ”, мөн зүйлийн 40.2 дахь хэсэгт “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэж тус тус зааснаар өөрийн дотоод итгэлээр хэрэгт ач холбогдолтой эсэхийг дүгнэн хүсэлтийг хангах эсэх нь хуулиар олгогдсон бүрэн эрх нь тул Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23 дахь заалтад заасан хуулийн илт тодорхой заалтыг зөрчсөн гэж үзэхгүй.
Иймд илтгэгч гишүүний “... шүүгч А.М нь хуулийн илт тодорхой заалтыг зөрчсөнд тооцохгүй. Мөн дээрх нэхэмжлэгчийн хүсэлтийг удаа дараа хангаагүй нь буюу хүсэлтийг хэрхэн шийдвэрлэснийг Шүүхийн сахилгын хороо хянахгүй бөгөөд шүүгчийн сахилгын зөрчилд тооцох үндэслэл болохгүй” гэж дүгнэснийг бүрэлдэхүүн хүлээн авах үндэслэлтэй гэж үзэв.
2. Шүүгчийн захирамжаа танилцуулдаггүй гэх тухайд:
Шалгах ажиллагааны хүрээнд илтгэгч гишүүн дээрх нөхцөл байдлыг тодруулахаар шүүгч А.М-ын туслах Г.Г, өргөдөл гаргагч буюу иргэний хэргийн нэхэмжлэгч Ц.Б нараас гэрчийн мэдүүлэг авчээ. /с.х-ийн 1 дүгээр хавтасны 194-197, 2 дугаар хавтасны 73-76 тал/
Дээрх гэрчүүдийн мэдүүлгийг илтгэгч гишүүн саналдаа дэлгэрэнгүй тусгасан байгаагаас дурдвал шүүгчийн туслах Г.Г “...би өөрийн 8....1 дугаарын утсаар хэргийн оролцогчид тухай бүр мэдэгдэж байсан. Нэхэмжлэгч Ц.Б нь хүсэлтээ өгсний дараа хэрхэн шийдвэрлэсэн талаар тогтмол асууж, захирамжийн агуулгатай танилцаж байсан. Тэмдэглэлээ хийгээгүй нь миний буруу. Утсаар ярьсан билл нотлох баримтаар авахад татгалзах зүйлгүй. Шүүхийн албан хэрэгцээндээ ашигладаг 7....9 утас руу мөн залгасан байж магадгүй. ...Утсаар тухай бүр мэдэгддэг” гэж,
өргөдөл гаргагч Ц.Б гэрчийн мэдүүлэгтээ “...Би хэргийн материалтай танилцах гээд очиход шүүгчийн туслах биеийн хэлэмжээрээ цааргалангуу ханддаг байсан. Утсаар асуухад шүүгчийн туслах ирж хэргийн материалтай танилц гэдэг байсан. ...Байнга өөрөө очиж танилцдаг байсан. ...Тэр нь 2023 оны 11 сараас ...өмнө шүүгчийн захирамж гарсан эсэхийг хэлдэггүй, би өөрөө асууж тодруулж мэддэг байсан” гэж тус тус мэдүүлжээ.
Мэдүүлгүүдэд дурдагдсан үйл баримтыг тодруулахаар “Ю” ХХК-аас тодруулахаар баримт авсан байх бөгөөд “Ю” ХХК-ийн 2024 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 12...9 дүгээр албан бичигт “...Ц.Б-ын 8.....6 дугаартай холболт тогтсон дуудлагын лавлагааг хүргүүлсэн ба техникийн хүчин чадлаас шалтгаалан 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс өмнөх лавлагааг тодруулах боломжгүй” талаар дурдаад Ц.Б-ын 8.....6 дугаар руу шүүгчийн туслах Г.Г-ын 8....1 дугаараас 5 удаа, тус шүүхийн 7....9 дугаараас 2 удаа дуудлага хийсэн талаарх баримтыг ирүүлсэн байна. /с.х-ийн 1 дүгээр хавтасны 201-202, 230-232 тал/
Дээрхээс дүгнэвэл “Ю” ХХК-аас ирүүлсэн албан бичгээр шүүгчийн туслахын “шүүгчийн захирамж гарсан даруйд утсаар ярьж мэдэгдэж байсан” гэх тайлбар тогтоогдох боломжгүй байх боловч шүүгчийн туслах нь Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2022 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 52 дугаар тогтоолоор баталсан Иргэний хэргийн хөдөлгөөний нийтлэг аргачлалын 4.2.2-т “...Хүсэлт шийдвэрлэсэн шүүгчийн захирамжийг шүүгчийн туслах талуудад 5 хоногийн дотор мэдэгдэж, баримт №7-г үйлдэж, хэрэгт хавсаргана” гэж заасныг хэрэгжүүлж ажиллаагүй буруутай байна.
Хэдийгээр шүүгчийн туслахын буруу байх боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг удирдан явуулж буй шүүгч А.М цаашид шүүгчийн туслахаас хэргийн оролцогчдоос гаргасан хүсэлт шийдвэрлэсэн шүүгчийн захирамжийг тухай бүрд мэдэгдэж, холбогдох баримтыг үйлдэж буй эсэхэд анхаарч, хяналт тавьж ажиллавал зохино.
3. Шүүгчид захирамжид гомдол гаргах эрхийг хангаагүй гэх тухайд:
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1 дэх хэсэгт “Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 20.1, 38.9, 65.1.1-65.1.8, 65.1.10, 69.1, 92.4, 97.1, 100.2 дахь хэсэг, 80, 117, 124 дүгээр зүйлд заасан шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж, шийтгэвэрт гарсан өдрөөс нь хойш 10 хоногийн дотор тухайн шатны шүүхэд гомдол гаргаж болно” гэж заасан.
Хуулийн дээрх зохицуулалтаар мөн хуулийн 20.1, 38.9, 65.1.1-65.1.8, 65.1.10, 69.1, 92.4, 97.1, 100.2 дахь хэсэг, 80, 117, 124 дүгээр зүйлд заасан үндэслэлээр гаргаснаас бусад үндэслэлээр гаргасан шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй юм.
Сахилгын хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд шүүгчийн 2023 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн .../ШЗ2023/...8 дугаар “Хүсэлт шийдвэрлэж, шинжээч томилж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай” захирамж, 2023 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн .../ШЗ2023/...84 дүгээр “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээж, шүүх хуралдааныг товлох тухай” захирамж, 2023 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн .../ШЗ2023/...85 дугаар “Шүүгчийн захирамжид өөрчлөлт оруулах тухай” захирамж, 2024 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн .../ШЗ2024/...66 дугаар “Хүсэлт шийдвэрлэж, захирамжид өөрчлөлт оруулж, шүүх хуралдааныг хойшлуулах тухай” захирамж бүхий нийт 4 захирамжид гомдол гаргах эрхтэй байжээ. /сахилгын хэргийн 1 дүгээр хавтасны 46-58, 62-63, 127-132 тал/
Өөрөөр хэлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлд заасан үндэслэлээр гаргасан шүүгчийн захирамж 2, мөн хуулийн 124 дүгээр зүйлд заасан үндэслэлээр гаргасан шүүгчийн захирамж 2 гарсан байна.
Өргөдөл гаргагч буюу иргэний хэргийн нэхэмжлэгч Ц.Б нь дээрх 4 захирамжуудаас зөвхөн шүүгчийн 2024 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн .../ШЗ2024/...66 дугаар захирамжид гомдол гаргаж тус шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн .../ШТ2024/...63 дугаар тогтоолоор хянагдсан нь илтгэгч гишүүний “Иргэн-2014” нэгдсэн системд үзлэг хийсэн тэмдэглэлээр тогтоогдож байна. /сахилгын хэргийн 1 дүгээр 18-21 тал/
Шүүгчийн бусад 3 захирамжийн тухайд, 2023 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгч нь хариуцагч талын шинжээч томилох тухай хүсэлтийг дэмжсэнийг мөн өдрийн .../ШЗ2023/...8 дугаар захирамжид тусгасан, нэхэмжлэгч нь 2023 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр хүсэлт гаргаснаас дүгнэвэл шүүгчийн 2023 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн .../ШЗ2023/...84 дүгээр захирамж гарсан талаар мэдсэн бөгөөд гомдол гаргаагүй, 2023 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгч биечлэн оролцсон тул шүүгчийн .../ШЗ2023/...85 дугаар дугаар захирамжийг мэдсэн боловч мөн адил гомдол гаргаагүй байна.
Иймд нэхэмжлэгч Ц.Б нь гомдол гаргах эрхтэй захирамжуудтай тухай бүр танилцаж байсан байх тул шүүгчийг гомдол гаргах эрхийг нь хангаагүй буюу Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.1 дэх заалтад заасан бусдад давуу байдал бий болгосон гэж үзэхгүй.
4. Шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн шүүх хуралдааныг танхимд орж ирэлгүйгээр хойшлуулсан гэх тухайд:
Сахилгын хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд нэхэмжлэгчийн нотлох баримт гаргуулах тухай хүсэлтийг 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн шүүх хуралдаанаар хэлэлцэн, шүүгчийн мөн өдрийн .../ШЗ2024/...38 дугаар хангаж, шүүх хуралдааныг 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 09 цаг 00 минут хүртэл хойшлуулжээ. /сахилгын хэргийн 1 дүгээр хавтасны 108-111 тал/
Товлогдсон шүүх хуралдааны өмнө шүүгчийн захирамжаар Хил хамгаалах ерөнхий газраас шаардсан нотлох баримт ирээгүй байсан тул шүүгчийн захирамжийн биелэлт хангуулахаар шүүх хуралдааныг 2024 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 11 цаг 00 минут хүртэл хойшлуулж, шүүх хуралдааны товыг өөрчилсөн байна. /сахилгын хэргийн 1 дүгээр хавтасны 112 тал/
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.25 дахь заалтад шүүх хуралдааны товыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр удаа дараа зөрчсөн тохиолдол нь шүүгчид хориглосон зохицуулалт юм.
Шүүгч А.М нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдааныг хойшлуулсан бус, харин шүүгчийн захирамжийн биелэлт хангуулахаар шүүх хуралдааны товыг өөрчилж, хойшлуулсан байх тул илтгэгч гишүүний “...зөвлөлдөх тасалгаанд орж шийдвэрлэх асуудал байхгүй. Шүүгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тасралтгүй явуулж, хуулиар олгосон бүрэн эрх хэмжээнийхээ хүрээнд шүүгчийн захирамж гаргасан” гэж дүгнэсэн нь үндэслэл бүхий гэж үзэн саналыг хүлээж авах нь зүйтэй.
5. Шүүхийн 2023 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр болон 2024 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн шүүх хуралдаануудад миний үгийг таслан, зүй бус үйлдэл гаргасан гэх тухайд:
Шалгах ажиллагааны явцад илтгэгч гишүүн 2023 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр, 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдөр, 2024 оны 3 дугаар сарын 19-ний өдөр, 2024 оны 4 дүгээр сарын 24-ний өдрүүдийн шүүх хуралдаануудын дуу-дүрсний бичлэгүүдэд тус бүр үзлэг хийсэн байх бөгөөд энэ тухай гишүүний 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн ГС/2024/...2 дугаар саналын 14-18 дугаар талд дэлгэрэнгүй тусгасан байна. /сахилгын хэргийн 2 дугаар хавтасны 102-121 тал/
Тухайн дуу-дүрсний бичлэгүүдэд шүүгч А.М нэхэмжлэгчийн яриаг тасалсан, зүй бус үг хэллэг хэрэглэсэн, хэргийн оролцогчдод буруу ойлгогдохоор үйл хөдлөх, биеийн хэлэмж илэрхийлсэн гэх үйл баримт тогтоогдсонгүй.
Иймд илтгэгч гишүүний “...шүүгч А.М нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.1-д заасан нийтлэг бүрэн эрхийн хүрээнд шүүх хуралдааныг даргалах явцдаа хэргийн оролцогчоос хүсэлт гаргасантай холбогдуулан асуулт асууж, тодруулсан байх ба хэргийн оролцогчтой хүндэтгэлгүй, зүй бус харьцсан гэх өргөдөлд дурдсан үйл баримт тогтоогдоогүй болно. Өөрөөр хэлбэл, шүүгч хэргийн оролцогчийн хүсэлтийг шийдвэрлэхийн тулд түүний үндэслэл шалтгааныг асууж, тайлбар авсныг буруутгах боломжгүй ба дээрх хурлуудыг бичлэгээс үзэхэд зүй бус, зохисгүй үг хэллэг хэлэх, тааламжгүй үйлдэл гаргасан гэх байдал тогтоогдсонгүй” гэж дүгнэсэн нь үндэслэлтэй.
Өөрөөр хэлбэл шүүгч Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.20 дахь заалтад “хэргийн оролцогч ...харилцахдаа зүй бус авирлах...” гэж заасан зөрчил гаргаагүй байна.
6. Шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн шүүх хуралдааныг дэгийн дагуу явуулаагүй гэх тухайд:
Илтгэгч гишүүн шалгах ажиллагааны явцад ...Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн шүүх хуралдааны дуу-дүрсний бичлэгт үзлэг хийсэн нь сахилгын хэргийн 1 дүгээр хавтасны 233-236 дугаар талд авагджээ.
Тухайн үзлэг хийсэн тэмдэглэл болон шүүх хуралдааны “00078”, “00079”, “00080” нэртэй дуу-дүрсний бичлэгүүдээс үзэхэд сахилгын хэргийн 1 дүгээр хавтасны 157-161 дүгээр талд авагдсан шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн .../ТМ2024/...7 дугаартай тэмдэглэлтэй зөрүүгүй байна. /сахилгын хэргийн 1 дүгээр хавтасны 157-168 тал/
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн Аравдугаар бүлэгт анхан шатны шүүх хуралдааны дэгийг хуульчилсан ба тухайн бүлгээс үзэхэд шүүх хуралдаан даргалагч шүүх хуралдааныг нээж, хуралдаанд оролцогчийн ирц ба түүнд оролцох эрхийг шалган, зохигч, оролцогч шүүх хуралдаанд ирээгүйгээс гарах холбогдлыг тайлбарлаж, орчуулагч, хэлмэрчийн эрх үүргийг тайлбарлах, гэрчийг гаргах бөгөөд улмаар шүүх бүрэлдэхүүнийг танилцуулж, татгалзан гаргах эрх үүргийг, хэргийн оролцогчийн эрх, үүргийг тус тус тайлбарлаж, хэргийн оролцогчдоос гаргасан хүсэлтийг шийдвэрлэсний дараа хуульд заасан үндэслэлээр үргэлжлүүлэхээр болбол хэргийг хэлэлцэж эхлэн, зохигч, оролцогчдыг мэтгэлцүүлж, нотлох баримтыг шинжлэх, асуулт хариултын шатыг явуулж, гэрчийн мэдүүлгийг сонсох, шинжээчийн дүгнэлтийг сонсох, хэргийн оролцогчдоос нэмж тодруулах, иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтээ гаргах, шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөж, шүүхийн шийдвэрийг танилцуулах гэсэн дарааллаар явагдана.
Харин 2024 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн “00078” нэртэй шүүх хуралдааны дуу-дүрсний бичлэгт даргалагч шүүх хуралдааныг нээж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ирцийг илтгэн, даргалагч шүүх хуралдаанд оролцогчид нь шүүх хуралдааны нийтлэг журам болон хуралдааны дэгийг баримтлан оролцохыг хэлж, хэргийн оролцогчдын эрх, үүргийг өмнөх шүүх хуралдаанд тайлбарласан тул дахин тайлбарлуулах шаардлагатай эсэхийг асуухад нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар тус бүр “шаардлага байхгүй” гэж хариулж байна. Даргалагч нь “шүүх хуралдааны даргалагч шүүгч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нарыг нэрлэн танилцуулж, татгалзал бий эсэхийг асуухад нэхэмжлэгч “хүсэлт гаргах гэж буй тул татгалзахгүй”, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “байхгүй” гэв.
Улмаар даргалагч гэрч н.Б ирээгүйтэй холбоотой тайлбарыг хүсэлт гаргасан нэхэмжлэгч талаас эхэлж авсны дараа хариуцагч талаас тайлбар авч, нэхэмжлэгчээс нэмэлт тайлбар авч байна. Талуудын тайлбарын дараа даргалагч “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой хүсэлт бий эсэх”-ийг талуудаас асуухад нэхэмжлэгч хүсэлтээ хэлж, түүний дараа хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэгчийн хүсэлттэй холбоотой тайлбар сонссоны дараа шүүх хуралдааныг завсарлуулж байна.
Шүүх хуралдааны мөн өдрийн “00079” нэртэй дуу-дүрсний бичлэгт даргалагч шүүгчийн захирамжийн талаар танилцуулж, “гэрчийг цагдаагийн байгууллага албадан авчирч байгаа тул шүүх хуралдааныг үргэлжлүүлэхээр шийдвэрлэж байгаа” тухай тайлбарлаж байгаагаар бичлэг эхэлж, шүүх хуралдааныг үргэлжлүүлэн, хуралдааны дарааллыг тогтоосны дараа “хуралдааны дараалалд татгалзах зүйл байна уу?” гэж асуухад нэхэмжлэгч “дахиад нэг хүсэлт байна” гэснээр хүсэлтээ хэлж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэгчийн хүсэлттэй холбоотой тайлбарын дараа нэхэмжлэгч нэмэлт тайлбар хэлсний дараа шүүх хуралдааныг дахин завсарлуулав.
Шүүх хуралдааны тухайн өдрийн “00080” нэртэй дуу-дүрсний бичлэгт даргалагч шүүгчийн захирамжийн талаар танилцуулж, “шүүгчийн захирамжийн биелэлт хангагдсан, мөн шүүгч н.А-ийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж буй хэргээс үзлэгийн баримт авах нь хэрэгт ач холбогдолгүй гэж үзэж тус тус хүсэлтийг хангахаас татгалзсан тул шүүх хуралдааныг үргэлжлүүлэхээр шийдвэрлэж байгаа” тухай тайлбарлаж байгаагаар бичлэг эхэлж байх бөгөөд гэрчээс бичиг баримтыг авч шүүх хуралдааны нарийн бичгийн даргад бүртгүүлэн, иргэний үнэмлэхийн хуулбарыг /фото зураг/ нь авч байна. Улмаар гэрчийг танхимаас гарган тусгаарласны дараа даргалагч “нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг сонсъё” гэхэд нэхэмжлэгч “дахиад хүсэлттэй байна” гээд “гэрчийн амнаас их эхүүн үнэр ханхлаастай, хэвийн бус харагдаж байна. Тэгэхээр гэрчийн мэдүүлэг өгөх нь зүй ёсны зүйл мөн үү биш үү гэдэгт би эргэлзэж байна... Хоёрдугаарт шүүгчээс татгалзаж байна...” гэж хэлсэн тул татгалзалтай холбоотой хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс тайлбар сонсож байна. Даргалагч “нэхэмжлэгч нэгэнт татгалзах эрхтэй тул энэ татгалзлыг Ерөнхий шүүгч шийдвэрлэдэг. Ийм учраас Ерөнхий шүүгчээр шийдвэрлүүлэхээр шүүх хуралдааныг түр завсарлуулж байна” гэснээр шүүх хуралдаан завсарлаж байгаагаар бичлэг дуусжээ.
Дээрхээс үзэхэд шүүгч А.М нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 98 дугаар зүйлд зааснаар шүүх хуралдааныг нээж, 99 дүгээр зүйлд зааснаар шүүх хуралдаанд оролцогчдыг бүртгэн, 103 дугаар зүйлд зааснаар шүүх хуралдаан даргалагч, шүүх хуралдааныг нарийн бичгийн даргыг танилцуулж, татгалзал байгаа эсэхийг тодруулж, 104 дүгээр зүйлд зааснаар хэргийн оролцогчдын эрх, үүргийг дахин тайлбарлуулах эсэхийг тус бүр асууж, тодруулсан бөгөөд 105 дугаар зүйлд зааснаар хэргийн оролцогчдоос буюу нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтүүдийг тухай бүр шийдвэрлэжээ. Түүнчлэн мөн хуулийн 102 дугаар зүйлд зааснаар гэрчийг шүүх хуралдааны танхимаас гаргажээ.
Иймд холбогдох шүүгч нь шүүх хуралдааныг хуульд заасан дэгийн дагуу явуулсан байх тул илтгэгч гишүүний саналыг хүлээн авах нь зүйтэй байна.
Дээрхийг нэгтгэн дүгнэвэл шүүгч А.М-ыг өргөдөлд дурдагдсан Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.1, 50.1.23, 50.1.25 дахь заалтад заасан шүүгчид хориглосон зохицуулалтыг зөрчсөн зөрчил гаргасан гэх үйл баримт сахилгын хэрэгт авагдсан холбогдох баримтуудаар тогтоогдоогүй тул илтгэгч гишүүний “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал”-ыг хүлээн авч, түүнд холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж бүрэлдэхүүн шийдвэрлэв.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.2, 112.2, 112.4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн ГС/2024/...2 дугаар “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” саналыг хүлээн авч, ...Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.М-д холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6 дахь хэсэгт зааснаар магадлал гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл гаргагч нарт хүргүүлэхийг Ажлын албанд даалгасугай.
3. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.7 дахь хэсэгт зааснаар дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох ба энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг тайлбарласугай.
4. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.8 дахь хэсэгт зааснаар магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Шүүхийн сахилгын хороонд сахилгын хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Д.ЭРДЭНЭЧУЛУУН
ГИШҮҮН Д.МЯГМАРЦЭРЭН
Б.СУГАР