info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих ШИЛЭН ДАНС
ENMNG

МОНГОЛ УЛС

ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО

МАГАДЛАЛ

2024-11-13

Дугаар 109

Улаанбаатар хот

Сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй

болгох тухай

 Сахилгын хорооны хуралдааныг гишүүн О.Номуулин даргалж, гишүүн Ц.Давхарбаяр, Х.Хашбаатар нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Д.Эрдэнэчулуун, хуралдааны нарийн бичгийн дарга А.Намуундарь, өргөдөл гаргагч Д.А /цахимаар/, У.Ө нарыг оролцуулан, ... хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Э-т холбогдох Сахилгын хорооны гишүүний 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн ГС/2024/0110 дугаартай “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай санал”-ыг тус хорооны хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналд: “Өргөдөл гаргагч нар “шүүгч Ж.Э нь нотлох баримтуудыг авч хэлэлцэлгүй эрх зүйн байдлыг дордуулж, хавтаст хэрэгт авагдсан баримтуудыг хэлэлцэхгүйгээр буруу шийдвэр гаргасан, шүүгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан татгалзан гарах үүргээ биелүүлээгүй тул шийдвэрийг хүчингүй болгож, шударга шүүгч томилж, дахин шүүх хуралдааныг явуулж өгнө үү” гэх агуулга бүхий өргөдлийг гаргажээ.

           Давж заалдах шатны шүүхэд шинээр нотлох баримт гаргаж өгсөөр байтал анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн гэх тухайд:

Сахилгын хэргийн явцад ... хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн шүүх хуралдааны дуу-дүрсний бичлэгт үзлэг хийхэд “Д.А нар” нэртэй дууны бичлэгийн 05 минут 44 секундээс даргалагч “шүүгдэгч нартай холбоотой, хувийн байдалтай холбоотой баримт байна уу?” гэхэд Д.А-ийн өмгөөлөгч С.О “би А-ийн хүсэлтээр хууль зүйн туслалцаа үзүүлэн давж заалдах шатны шүүхээс эхлэн өмгөөлөгчөөр оролцож байгаа. Тэгээд хохирол төлбөр төлсөн болон хувийн байдалтай холбоотой 11 хуудас баримт гаргаж өгч байна” гэхэд Даргалагч “хэрэгт байхгүй баримтууд юм уу?” гэхэд өмгөөлөгч “зарим нь хэрэгт бүдэг гарсан, зарим нь байхгүй хувийн байдалтай холбоотой баримтууд байгаа. Хохирол төлсөн. “Капитал” ББСБ-д 88.034.400 төгрөг төлсөн...” гэж хэлж байгаа нь бичигдсэн байна.

... хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 2024/ДШМ/445 дугаар магадлалд Д.А бусдад нийт 1.040.942.320 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулж, залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэрэгт холбогдсон байх бөгөөд түүний үйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад “таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх”-ээр заажээ.

Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан дараах байдлаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно”, мөн хэсгийн 1.3 дахь заалтад “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах” гэж заасан.

Хуулийн дээрх зохицуулалтаар “...эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно” гэдэг нь сонгох санкцтай байхаас гадна “учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол” гэж заасан байхад Д.А нь нийт учруулсан хохирлоос тодорхой хэмжээний хохирлоо төлж барагдуулсан нь шүүх хуралдааны дуу-дүрсний бичлэгээр тогтоогдож байна.

Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 15 дахь хэсэгт “хавтаст хэрэгт тусгагдсан нотлох баримтыг шүүх хуралдаанаар шинжлэн судалж аль нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болохыг шүүх шийдвэрлэнэ”, 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “давж заалдах шатны шүүх гомдол, эсэргүүцлийг хянан шийдвэрлэхдээ тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянана” гэж тус тус заасан.

Иймд шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудын аль нь шийдвэрийн үндэслэл болох, мөн ялыг хөнгөрүүлэх эсэх нь шүүх хуралдаан даргалагчийн дангаар шийдвэрлэх асуудал биш, харин тухайн шүүх бүрэлдэхүүн олонхоороо шийдвэрлэхээр заасан хуулиар олгогдсон бүрэн эрх нь юм. Тодруулбал, шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын давж заалдах шатны шүүх хуралдаанд нотлох баримт гаргаж өгсөөр байтал анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн гэх үндэслэлээр зөвхөн хуралдаан даргалагч шүүгч Ж.Э-ийг буруутгах боломжгүй тул хууль зөрчсөн гэж үзэхгүй.

2. Шүүгч Ж.Э нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4-т заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож болохгүй гэх үүргээ биелүүлэлгүй хуулийн заалтыг зөрчсөн гэх тухайд:

2.1.Шүүгч нь шүүгдэгчтэй төрөл садангийн холбоотой эсэх талаар:

Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т “гэр бүл гэж гэрлэлтийн үр дүнд буй болсон, эд хөрөнгийн бус амины болон эд хөрөнгийн эрх, үүргээр холбогдсон хамтын амьдрал бүхий гэр бүлийн гишүүдийг”, 3.1.4-т “гэр бүлийн гишүүн гэж гэрлэгчид, тэдэнтэй хамт амьдарч байгаа төрсөн, дагавар, үрчлэн авсан хүүхэд болон төрөл, садангийн хүнийг”, 3.1.5-д “төрлийн хүн гэж гэрлэгчийн эцэг, эх, өвөг эцэг, эмэг эх, ач хүү, ач охин, зээ хүү, зээ охин, тэдгээрийн хүүхдийг”; 3.1.6-д “садангийн хүн гэж гэрлэгчийн төрсөн ах, эгч, дүү, авга, нагац, тэдгээрийн хүүхдийг” хэлнэ” гэж заасан.

Өргөдөл гаргагч нарын өргөдөл болон тухайн өргөдөлд хавсаргасан баримтууд, сахилгын хэргийн явцад бүрдүүлсэн Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 9/12743 дугаар албан бичгээр ирүүлсэн лавлагаануудаас үзэхэд шүүгч Ж.Э-ийн эцэг Т-ын Ж, өргөдөл гаргагч У-ын Ө нь 2016 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр гэрлэлтээ батлуулж, Т.Ж нь 2020 оны 5 дугаар сарын 19-ний өдөр нас барснаар, гэрлэлт 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдөр дуусгавар болсон байна.

Шүүгч Ж.Э нь талийгаач Т.Ж-ийн төрсөн охин бол, Д.А нь У.Ө-ы төрсөн охин мөн боловч Т.Ж, У.Ө нарын гэрлэлт 2020 онд дуусгавар болсон тул шүүгч Ж.Э-ийг У.Ө, Д.А нартай төрөл садангийн холбоотой гэж үзэх үндэслэлгүй гэж үзлээ.

Түүнчлэн шүүгч Ж.Э-ийн хариу тайлбартаа хавсралтаар ирүүлсэн Авлигатай тэмцэх газарт жил бүр хүргүүлдэг ХАСХОМ-ын “хувийн ашиг сонирхол буюу хамаарал бүхий этгээд” гэдэгт эцэг Т.Ж, эх Д.Д, төрсөн эгч Ж.У, төрсөн дүү Ж.Б, Ж.Х, хүү Э.С нарыг бичсэн, харин өргөдөл гаргагч У.Ө, Д.А нарыг бичээгүй болохыг дурдъя.

2.2. Хуульд заасан татгалзан гарах үүргээ биелүүлээгүй эсэх талаар:

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т "хувийн ашиг сонирхол гэж нийтийн албан тушаалтан албаны бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд өөрөө болон түүнтэй хамаарал бүхий этгээдийн зүгээс нөлөөлж болохуйц эдийн болон эдийн бус ашиг сонирхлыг”, 3.1.3-т "ашиг сонирхлын зөрчил гэж нийтийн албан тушаалтан албаны бүрэн эрхээ хэрэгжүүлэх үед түүний хувийн ашиг сонирхол нийтийн ашиг сонирхолтой зөрчилдөх болон албан үүргээ тэгш, шударгаар хэрэгжүүлэхэд харшаар нөлөөлж болохуйц нөхцөл байдлыг”, 3.1.5-д "хамаарал бүхий этгээд гэж тухайн нийтийн албан тушаалтны эцэг, эх, төрсөн ах, эгч, дүү, гэр бүлийн гишүүн, хамтран амьдрагч, эхнэр /нөхөр/-ийн эцэг, эх, төрсөн ах, эгч, дүү, бусад нэгдмэл сонирхолтой этгээдийг”, 3.1.6-д “нэгдмэл сонирхолтой этгээд гэж тухайн нийтийн албан тушаалтантай ашгийн төлөө үйл ажиллагаагаар холбоотой хувь хүн, хуулийн этгээдийг” хэлнэ гэж тус тус заасан.

Хуулийн дээрх заалтуудаас үзэхэд Д.А нь шүүгч Ж. Э-ийн дүү, гэр бүлийн гишүүн буюу эцэг нэгтэй дүү биш байх тул Д.А-г шүүгч Ж.Э-ийн хамаарал бүхий эсхүл нэгдмэл сонирхолтой этгээд гэж үзэх боломжгүй юм.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т “тухайн хэргийн ...оролцогчийн гэр бүлийн гишүүн, төрөл, садангийн хүн бол”, мөн хэсгийн 1.4-т “өөрөө шууд, эсхүл шууд бусаар энэ хэрэгт хувийн сонирхолтой байна гэж үзэх бусад үндэслэл байгаа бол” шүүгч  эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож болохгүй гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэж байгаа шүүх бүрэлдэхүүнд хоорондоо гэр бүлийн гишүүн, төрөл, садангийн холбоотой шүүгч оролцож болохгүй”, мөн хуулийн 10.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “энэ хуулийн 10.1, 10.2 дугаар зүйлд заасан үндэслэлээр шүүгчийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзан гаргах тухай хүсэлтийг прокурор, оролцогч гаргаж болно” гэж тус тус зааснаар шүүгч татгалзан гарах, оролцогч шүүгчийг татгалзан гаргах тухай хүсэлт гаргаж болохоор хуульчилсан.

Гэтэл сахилгын хэргийн шалгах ажиллагааны явцад ... хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн шүүх хуралдааны дуу-дүрсний бичлэгт үзлэг хийхэд “Д.А нар” нэртэй дууны бичлэгийн

•04 минут 36 секундээс даргалагч “шүүх бүрэлдэхүүнийг танилцуулъя, шүүх хуралдааныг шүүгч Э даргалж, шүүгч Б, шүүгч Ш нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Э нар оролцож байна. Эдгээр бүрэлдэхүүнээс хуульд заасан үндэслэлээр татгалзал байна уу?” гэхэд шүүх хуралдаанд биечлэн оролцож байгаа хэн нь үл мэдэгдэх хэд хэдэн хүн “алга байна” гэж хариулав.

•04 минут 57 секундэд даргалагч “онлайнаар орж байгаа хүмүүс сонсож байна уу? А, С, М нарт татгалзал байна уу?” гэхэд хэн нь үл мэдэгдэх 2-3 эмэгтэй хүн “байхгүй”, “татгалзах зүйл бол байхгүй байна”, “татгалзах зүйлгүй байна” гэснээр даргалагч “за, шүүх хуралдааны дарааллыг тогтооё” гэснээр хуралдааныг үргэлжлүүлж байна.

•01 цаг 49 минут  30 секундээс 01 цаг 50 минут 47 секунд хүртэл шүүгдэгч Д.А давж заалдах гомдолтой холбогдуулан тайлбар хэлж байгаа нь дуу-дүрсний бичлэг болон мөн өдрийн ТЭ/220/2024/ДШМ/445 дугаартай шүүх хуралдааны тэмдэглэлийн 52 дугаар талын 5-7 дугаар догол мөрт бичигдсэн байна.

Дээрхээс үзэхэд өргөдөлд дурдсанчлан Д.А нь 2016 онд Т.Ж, У.Ө нар гэрлэлт батлуулснаас хойш шүүгч Ж.Э-ийг шүүгч гэдгийг болон У.Ө-ы өргөдөлд “...Ж.Э, Д.А хоёр нь хоёр биеэ сайн мэддэг, уулздаг 2 талын хүүхдүүд байсны хувьд холбоо хамааралтай байсан нь үнэн...” гэж дурдсанчлан  таньдаг бол тухайн шүүх хуралдаанд хуралдаан даргалагч Ж.Э-ийг шүүх бүрэлдэхүүнийг нэр заан танилцуулж, татгалзал байгаа эсэхийг асууж байхад хуульд заасан үндэслэлээр татгалзан гаргах хүсэлтээ гаргах, бүрэлдэхүүнээр хүсэлтээ шийдвэрлүүлэх бүрэн боломжтой байжээ.

Мөн шүүгч Ж.Э-ийн хариу тайлбартаа хавсралтаар ирүүлсэн баримтаас үзэхэд Д.А нь “...Ж.Э-ийн аав болох Т.Ж нь миний ээж болох У.Ө-тай амьдралынхаа сүүлийн 10 гаруй жил хамт амьдарсан албан ёсны гэр бүлийн баталгаатай, эхнэр нөхөр байсан... Ж.Э шүүгч нь санаатайгаар намайг таниагүй дүр эсгэн, шүүх хуралдааныг эхнээс нь дуустал явуулж надад холбогдох хэргийн бодит үнэн байдлыг тогтоолгүй хэвээр үлдээж, хэрэгт холбогдох нотлох баримт, хохирол төлбөр барагдуулсан байдлыг огтхон ч авч хэлэлцэлгүй орхигдуулсанд гомдолтой байна... Иймд 2024 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр болсон Д.А надад холбогдох хэргийн гомдлын хурлын даргалагч шүүгчийг өөрчилж, гомдлын хурлыг дахин хянан хэлэлцэж үнэн бодитой шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлтийг ... хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчид 2024 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр гаргасан байна.

Тус шүүхийн Ерөнхий шүүгчийн 2024 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 2024/ЕШЗ/708 дугаар захирамжаар “...... хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 01 дүгээр тогтоолын Нэгдүгээр хавсралтад заасны дагуу тус эрүүгийн хэргийн Эрүүгийн хэргийн бүртгэл, хяналтын системээр тойрог дотор санамсаргүй тохиолдлоор сонгогдох зарчмаар шүүгч Т.Ш-т хуваарилагдаж, шүүгчдийн зөвлөгөөний 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 05 дугаар тогтоолын хавсралтын 2.3, 2.5-д тус тус заасны дагуу шүүх хуралдааны даргалагчаар шүүгч Ж.Э, бүрэлдэхүүнд шүүгч С.Б нарыг томилсон байна... Нөгөөтэйгүүр... шүүх хуралдааны тэмдэглэлээс харахад даргалагч шүүгчээс “шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдааны нарийн бичгийн даргыг танилцуулж, тэднээс татгалзан гаргах хүсэлттэй” эсэхийг асуухад шүүх хуралдаанд оролцогчид татгалзал байхгүй талаараа тус тус илэрхийлжээ.  Нэгэнт шүүх бүрэлдэхүүнд зөвлөлдөх тасалгаанд орохоос өмнө шүүх бүрэлдэхүүнээс татгалзан гаргах тухай хүсэлт гаргаагүй, шүүх бүрэлдэхүүн шийдвэрээ гаргасны дараа уг хүсэлтийг ерөнхий шүүгчид гаргасан нь хуульд нийцэхгүй байх тул татгалзан гаргах тухай хүсэлтийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй” гэж үзээд шүүгдэгч Д.А-гийн хүсэлтийг хэрэгсэхгүй болгожээ.

Мөн шалгах ажиллагааны явцад гишүүний 2024 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн ГЗБ/2024/0422 дугаар захирамжаар “Авлигатай тэмцэх газрын Хяналт, шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн эрх бүхий албан тушаалтныг шинжээчээр томилж, У.Ө, Д.А, Ж.Э нар хоорондоо хамаарал бүхий этгээдүүд мөн эсэх, хувийн ашиг сонирхолтой эсэх” талаар дүгнэлт гаргуулж, дүгнэлтийг Сахилгын хороонд ирэх хүртэлх хугацаанд уг сахилгын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн боловч Авлигатай тэмцэх газрын 2024 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 05/15401 дүгээр албан бичгээр “...Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2023 оны А/233 дугаар тушаалын хавсралтаар баталсан “Шинжилгээ хийх эрх бүхий бусад этгээдээр хийлгэж болох шинжилгээний жагсаалт”-д Шүүхийн сахилгын хорооны гишүүний захирамжид дурдсан асуудал тусгагдаагүй байх тул тус газраас дүгнэлт гаргах боломжгүй” гэсэн хариуг ирүүлсэн болно.

У.Ө Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн яам болон Монгол Улсын Ерөнхийлөгчид гаргасан өргөдөлдөө “...Охин Д.А нь Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж гомдлыг хэрэгсэхгүй болгосныг эс зөвшөөрч Монгол Улсын дээд шүүхэд өргөдөл өгүүлсэн боловч татгалзсан хариу өгсөн” гэснээс үзэхэд ... хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 2024/ДШМ/445 дугаартай магадлалыг Монгол Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаас “хяналтын журмаар хэлэлцүүлэхээс татгалзсан” тогтоол гарсан гэж ойлгогдож байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлал нь хуулийн хүчин төгөлдөр болсон гэж үзэхээр байна.

...Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд шүүх бүрэлдэхүүн нь анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хянахдаа хэргийг бүхэлд нь хянах бөгөөд зөвлөлдөх тасалгаанд шүүгч бүр мөн хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “шүүх, ...нь хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ” гэж зааснаар өөрийн дотоод итгэлээр асуудал тус бүрийг хэлэлцэн саналаа өгдөг тул уг шүүх хуралдааны даргалагч шүүгч Ж.Э-ийг “хувийн өс хонзонгийн сэдэлтэйгээр шүүх бүрэлдэхүүнд нөлөөлсөн” гэж үзэх боломжгүй юм.

Д.А-д 6 жилийн хорих ял оногдуулсан ... дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн  2023/ШЦТ/1076 дугаар шийтгэх тогтоолыг давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянан үзсэний үндсэн дээр нэмэлт заалт оруулж, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэснийг шүүгч Ж.Э “Д.А-ийн эрх зүйн байдлыг илтэд дордуулсан” гэж үзэхгүй.

Өргөдөл гаргагч Д.А, түүний эх Ц.Ө нар өргөдөлдөө “...анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шинээр шүүх бүрэлдэхүүн томилж, шүүх  хуралдааныг дахин явуулж өгнө үү” гэжээ.

Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин долдугаар зүйлийн 1-д “Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ”, 2-т “Ямар ч нөхцөлд хуулиас гадуур шүүх байгуулах, шүүх эрх мэдлийг өөр байгууллага эрхлэн хэрэгжүүлэхийг хориглоно”, 3-т “Шүүхийг зөвхөн Үндсэн хууль, бусад хуулийн дагуу байгуулна”,

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт “шүүх нь шүүх эрх мэдлийг аливаа этгээдээс хараат бусаар хэрэгжүүлнэ”, мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт “Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү Монгол Улсын Үндсэн хууль болон энэ хуульд заасны дагуу байгуулсан шүүх хэрэгжүүлнэ”,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “шүүгч энэ зүйлийн 1.1, 1.2, 1.3-т заасан үндэслэлийг мэдмэгц эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзах үүрэгтэй ба уг үүргээ биелүүлээгүй бол гаргасан шийдвэрийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу хүчингүй болгоно” гэж тус тус заасан.

 Шүүхийн сахилгын хороо нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн  55.1 дэх хэсэгт “Сахилгын хороо энэ хуулийн 50, 51.1, 52, 53 дугаар зүйлд заасан хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон зохицуулалтыг зөрчсөн шүүгчид сахилгын шийтгэл оногдуулна” гэж заасны дагуу холбогдох шүүгч хуульд заасан хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон зохицуулалтыг зөрчсөн эсэхийг хянан шалгаж, хэрэв зөрчсөн болох нь нотлогдож, тогтоогдвол шүүгчид хариуцлага тооцож, сахилгын шийтгэл оногдуулах чиг үүрэг бүхий байгууллага юм.

Иймд дээрх эрүүгийн хэргийг дахин хянах, шүүх бүрэлдэхүүнийг дахин шинээр томилох болон шүүхийн шийтгэх тогтоол, магадлалын хууль зүйн үндэслэлд үнэлэлт дүгнэлт өгөх эрхийг Шүүхийн сахилгын хороонд хуулиар  олгоогүй болно.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3 дахь хэсэгт “хуульд заасан үндэслэл, журмын дагуу томилогдож, шүүгчийн тангараг өргөсөн, шүүх эрх мэдлийг хэрэгжүүлж байгаа Монгол Улсын иргэнийг шүүгч” гэж  тодорхойлсон.

Гэтэл сахилгын хэргийн шалгах ажиллагааны явцад Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2024 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 154 дүгээр зарлигаар шүүгч Ж.Э-ийг ... хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн албан тушаалаас чөлөөлсөн байна.

Дээрхийг нэгтгэн дүгнээд сахилгын хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн  ... хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчээр ажиллаж байсан Ж.Э нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасан шүүгчид хориглосон зохицуулалтыг зөрчөөгүй гэж үзэн түүнд холбогдуулан үүсгэсэн сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргав.” гэжээ.

 

Шүүгч Ж.Э сахилгын хороонд гаргасан тайлбартаа: “...... хэргийн давж заалдах шатны шүүх Д.А нарын 14 хүнд холбогдох эрүүгийн хэргийг 2024 оны 02 дугаар сарын 09-ний өдөр хүлээж авсан байх бөгөөд тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 05 дугаар тогтоолын хавсралтын 2.3, 2.5-д тус тус заасны дагуу шүүх хуралдааны даргалагч шүүгчээр Ж.Э, шүүх бүрэлдэхүүнд шүүгч С.Болортуяа нар томилогдсон байна.

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ. Шүүх хуралдаан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан дарааллын дагуу явагдсан ба шүүгдэгч Д.А нар нь шүүх бүрэлдэхүүнээс татгалзах хүсэлт гаргаагүй, шүүгч миний зүгээс Д.А гэгчийг огт танихгүй, мэдэхгүй тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзах хууль зүйн үндэслэлгүй юм.

Харин шүүх хуралдааны дараа тэрээр эх У.Ө-аас өв хөрөнгө маргааны талаар мэдсэн тухай Ерөнхий шүүгч Б.Зоригт гаргасан хүсэлтдээ бичсэн байсан. Үүнээс үзэхэд намайг таньдаг байсан, миний эцгээр овоглодог, хамт гэр орноор нь орж гардаг байсан гэж гомдолдоо бичсэн нь огт үндэслэлгүй юм. Миний эцэг У.Ө-тай албан ёсны гэр бүл болж амьдарч байсныг би огт мэдэхгүй, эцэг надад хэлж байгаагүй төдийгүй У.Ө-ы охин гэх Д.А-тай нүүр тулж уулзаж танилцуулсан болон түүнтэй үе үе уулзаж байсан гэх үйл явдал огт байхгүй, нэг ч удаа уулзаж харж байгаагүй. Эцэг 2019 онд нас барж өөрийн амьдарч байсан гэрт нь буяны ажил явдлыг нь хийж гүйцэтгэх үед ч Д.А гэгчийг хараагүй бөгөөд ажил явдалд оролцоогүй, хамт амьдарч байсан гэх У.Ө гэгчийн хүүхэд нь гэж хэн нэгэн хэлээгүй, энэ талаар ямар ч яриа хөөрөө гаргаагүй болно.

Миний эцэг Сүхбаатар дүүрэгт 2 өрөө орон сууцанд амьдарч байсан бөгөөд эцэг нэгтэй дүү Ж.Б хамтран өмчилдөг, миний хувьд тухайн орон сууц болон өөр бусад ямар нэгэн байдлаар У.Ө, Д.А нартай өв хөрөнгө, эд материалын маргаан байхгүй маргалдах ямар ч шалтаг, шалтгаан байхгүй юм. Тиймээс тэдэнтэй эдийн болон эдийн бус ашиг сонирхол байхгүй бөгөөд байхгүй гэдгээ өөрөө нотолно. Би өөрийн нэр дээр орон сууцтай тул эдгээр хүмүүстэй эдийн засгийн ямар ч маргаан, тэмцэл байхгүй юм.

Эрүүгийн болон иргэний хэргийн өв хөрөнгийн маргаантай асуудал бичжээ. Миний бие эдгээр маргааныг огт мэдэхгүй, оролцоогүй, хэнтэй юуны талаар хаана, ямар асуудал байгаа талаар ямар ч үед нь оролцоогүй бөгөөд тэр асуудалд миний нэр огт бахгүй. Хэрэв Ж.Б-тай маргаан гарсан бол зохих хуулийн дагуу шийдвэрлүүлэх ёстой.

Шүүгч хүн Монгол Улсын Үндсэн хууль болон төрийн сүлдэнд тангараг өргөж, шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэхдээ аливаа этгээдээс хараат бус байж гагцхүү хуульд захирагдаж хэрэг, маргааныг хянан шийдвэрлэдэг билээ...” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

... дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 2023/ШЦТ/1076 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч Д.А нарыг “Үргэлжилсэн үйлдлээр хуурч, баримт бичиг ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч “Залилах” гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэмт хэрэгт гүйцэтгэгчээр болон хамжигчаар хамтран оролцсон үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар гэм буруутайд тооцож, Д.А-г 6 жилийн хугацаагаар хорих ялаар... шийтгэсэн байх ба ... хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 2024/ДШМ/445 дугаар магадлалаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулсан ч шүүгдэгч Д.А-тай холбоотой өөрчлөлт ороогүй, түүнийг “К” ХХК-д 88.034.400 төгрөг хохиролд төлснийг дурдсан заалт оруулжээ.

Дээрх эрүүгийн хэргийг давж заалдах шатны журмаар хянан шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүний даргалагч шүүгч Ж.Э-т холбогдуулан шүүгдэгч Д.А, түүний эх У.Ө нар  гомдол гаргаж, үндэслэлээ “...давж заалдах шатны шүүхэд шинээр нотлох баримт гаргаж өгсөөр байтал анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан татгалзан гарах үүргээ биелүүлээгүй” гэх агуулгаар тодорхойлсон байна.

Сахилгын хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд шүүгч Ж.Э-ийн эцэг Т.Ж, өргөдөл гаргагч У.Ө нар нь 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр гэрлэлтээ батлуулж, Т.Ж нь 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдөр нас барснаар гэрлэлт 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдөр дуусгавар болсон нь нотлогдож байх ба Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т “гэр бүл гэж гэрлэлтийн үр дүнд буй болсон, эд хөрөнгийн бус амины болон эд хөрөнгийн эрх, үүргээр холбогдсон хамтын амьдрал бүхий гэр бүлийн гишүүдийг”, 3.1.4-т “гэр бүлийн гишүүн гэж гэрлэгчид, тэдэнтэй хамт амьдарч байгаа төрсөн, дагавар, үрчлэн авсан хүүхэд болон төрөл, садангийн хүнийг”, 3.1.5-д “төрлийн хүн гэж гэрлэгчийн эцэг, эх, өвөг эцэг, эмэг эх, ач хүү, ач охин, зээ хүү, зээ охин, тэдгээрийн хүүхдийг” 3.1.6-д “садангийн хүн гэж гэрлэгчийн төрсөн ах, эгч, дүү, авга, нагац, тэдгээрийн хүүхдийг” хэлнэ гэж заасанд өргөдөл гаргагч Д.А, шүүгч Ж.Э нар хамаарахгүй, энэ талаар хийсэн илтгэгч гишүүний дүгнэлт үндэслэлтэй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1.2-т заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзан гарах үүрэг үүсээгүй гэж үзнэ.

Нөгөөтэйгүүр, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т “хувийн ашиг сонирхол гэж нийтийн албан тушаалтан албаны бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд өөрөө болон түүнтэй хамаарал бүхий этгээдийн зүгээс нөлөөлж болохуйц эдийн болон эдийн бус ашиг сонирхлыг”, 3.1.5-д “хамаарал бүхий этгээд гэж тухайн нийтийн албан тушаалтны эцэг, эх, төрсөн ах, эгч, дүү, гэр бүлийн гишүүн, хамтран амьдрагч, эхнэр /нөхөр/-ийн эцэг, эх, төрсөн ах, эгч, дүү, бусад нэгдмэл сонирхолтой этгээдийг”, 3.1.6-д “нэгдмэл сонирхолтой этгээд гэж тухайн нийтийн албан тушаалтантай ашгийн төлөө үйл ажиллагаагаар холбоотой хувь хүн, хуулийн этгээдийг” хэлнэ гэж тус тус заасан ба шүүгч Д.Э-ийг шүүгдэгч Д.А-тай хамаарал бүхий, нэгдмэл сонирхолтой этгээд гэж үзэхгүй талаар илтгэгч гишүүн зөв дүгнэжээ.

         Харин Банглорын зарчим 2.5-д “Төвийг сахисан байр сууринаас хэргийг хянан шийдвэрлэж чадахгүй гэж үзсэн тохиолдолд шүүгч өөрөө, эсхүл хэн нэгэн энгийн хүнд ингэж харагдахаар байна гэж үзвэл тухайн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохоос шүүгч татгалзана” гэж заасан бөгөөд өөрийн төрсөн эцгийн дагавар охинд холбогдох хэргийг хянан шийдвэрлэх нь шүүгч хуулиар олгогдсон бүрэн эрхээ хувийн ашиг сонирхлоосоо ангид, тэгш шударгаар хэрэгжүүлнэ гэсэн олон нийтийн итгэлд эргэлзээ төрүүлэхүйц нөхцөл байдлыг бий болгодог.

 Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.1 дүгээр зүйлийн  1.4 “өөрөө шууд, эсхүл шууд бусаар энэ хэрэгт хувийн сонирхолтой байна гэж үзэх бусад үндэслэл байгаа бол” гэж зааснаар татгалзах нь зохистой гэж үзнэ.

Гэвч Д.А өргөдөлдөө “би Цагдан хорих 461 дүгээр хаалттай ангиас цахимаар оролцсон учраас энэ хүний царай төрхийг таниагүй, дараа нь ар гэрийнхнээсээ сонсож мэдлээ” гэж, сахилгын хэргийн оролцогч Ж.Э тайлбартаа “Д.А-тай нүүр тулж уулзаж танилцуулсан болон түүнтэй үе үе уулзаж байсан гэх үйл явдал огт байхгүй, нэг ч удаа уулзаж харж байгаагүй” гэж тус тус дурдсан нөхцөл байдал, мөн давж заалдах шатны шүүх хуралдаанд шүүх бүрэлдэхүүнийг нэр заан танилцуулсаны дараа татгалзал байгаа эсэхийг асуухад  Д.А нь даргалагч шүүгчээс татгалзах хүсэлт гаргаагүй зэрэгт дүгнэлт хийвэл өргөдөл гаргагч Д.А болон шүүгч Ж.Э нарын хэн аль нь бие биенээ таниагүй байх боломжтой бөгөөд “намайг таньж байсан нь лавтай” гэх эргэлзээ таамаглалд үндэслэж сахилгын зөрчилд тооцох нь Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 101 дүгээр зүйлийн 101.2-д ”Сахилгын хороо шүүгчийн сахилгын хэргийг хянан шийдвэрлэхдээ хууль дээдлэх, шударга, ил тод, хараат бус байх…зарчмыг мөрдлөг болгоно” гэж заасантай зөрчилдөнө.

Түүнчлэн, сахилгын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 154 дүгээр зарлигаар Ж.Э-ийг ... хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн албан тушаалаас чөлөөлсөн байх тул түүнийг “шүүгч” гэж үзэх боломжгүй, шүүгчийн албан тушаалаас чөлөөлөгдсөн этгээдэд холбогдуулан сахилгын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах нь Монгол Улсын Үндсэн хууль болон Монгол Улсын Шүүхийн тухай хуульд нийцэхгүй.

Дээрх болон өргөдөлд дурдсан бусад гомдолд илтгэгч гишүүн үндэслэл бүхий дүгнэлт хийсэн, шалгах ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан байх тул сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хүлээн авах нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзлээ.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.2, 112.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Сахилгын хорооны гишүүний 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн ГС/2024/0110 дугаартай “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай санал”-ыг хүлээн авч, ... хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч асан Ж.Э-т холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Магадлалыг сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл, мэдээлэл гаргагчид хүргүүлэхийг Ажлын албанд даалгасугай.

3. Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.8 дахь хэсэгт зааснаар магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргах эрхтэй. 

            ДАРГАЛАГЧ                                    О.НОМУУЛИН

            ГИШҮҮН                                           Ц.ДАВХАРБАЯР

                                                                      Х.ХАШБААТАР