info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих ШИЛЭН ДАНС
ENMNG

МОНГОЛ УЛС

ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО

МАГАДЛАЛ

2024-11-19

Дугаар 110

Улаанбаатар хот

Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Шүүхийн сахилгын хорооны хуралдааныг гишүүн Г.Цагаанцоож даргалж, гишүүн Д.Ариунтуяа, Х.Хашбаатар нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн О.Номуулин, нарийн бичгийн дарга Г.Болортуяа, өргөдөл гаргагч П.Д /цахимаар/ нарыг оролцуулан тус хорооны танхимд хаалттай хийсэн хуралдаанаар:

... шатны шүүхийн шүүгч Ч.М-д холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай саналыг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Иргэн П.Д өргөдөлдөө: “2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр ... шүүхийн тамгын газрын даргын өрөөнд тус шүүхийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.М нь өдөржин архидаж согтуурсан. Би тус шүүхийн тамгын газрын даргын өрөөг шагайж үзэхэд ширээн дээр 0.75 литрийн архи болон чихэр жимс байсан. Ч.М тасарсан байдалтай дэргэд нь Ганболд сууж байсан. Тухайн өдрийн маргааш нь шүүгч Ч.М-ийн ...гэсэн хаяг уруу П.Д миний ...фейсбүүк хаягаас чат харилцан бичсэн. Ч.М архи уугаад согтсон тухайгаа надад итгэж бичсэн. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.29-д заасан ноцтой зөрчил Ч.М шүүгч гаргасан. Ч.М шүүгч бусадтай хувийн харилцаа үүсгэсэн зөрчил удаа дараа гаргасан, үүнийг Монгол Улсын шүүхийн тухай хуульд тусад нь хуульчилсан байдаг. ...шатны шүүхийн шүүгч Ч.М-д ажлын байрандаа архидан согтуурсан үйлдэлд нь сахилгын хэрэг үүсгэн шалгаж өгнө үү.

Мөн шүүгч Ч.М нь 2014, 2015 оны үед шүүгч болон томилогдсон. Тус аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт ажиллаж байгаад тус аймгийн Прокурорын газарт хяналтын прокуророор ажиллаж байгаад хууль зөрчин Улсын ерөнхий прокурорын тушаалаар чөлөөлөгдсөн. Улсын ерөнхий прокурорын тушаалаар Ч.М прокуророос чөлөөлөгдөөд ямар учир шалтгаанаар ...шатны шүүхийн шүүгчээр хэрхэн томилогдсоныг хуулийн дагуу шалган тогтоож сахилгын хэрэг үүсгэж өгнө үү” гэжээ.

П.Д 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр нэмж гаргасан өргөдөлдөө: “...Ч.М тус аймгийн Прокурорын газарт хяналтын прокуророор ажиллаж байхдаа хэргийн газрын үзлэгт туслахаа явуулчхаад өөрөө гарын үсгээ зурдаг байсан нь Улсын ерөнхий прокурорын газрын хяналт шалгалтаар илэрч хяналтын прокуророос Ч.М-г чөлөөлсөн. Тэгээд хэдэн сарын дараа шүүгч болж томилогдсон” гэжээ.

Шүүгч Ч.М тайлбартаа: “...Он сарыг нь яг тодорхой санахгүй байна. 2022 оны 8 дугаар сарын сүүл эсхүл 9 дүгээр сарын 01-ний өдөр байх тэр үед ээлжийн амралттай хөдөөнөөс ирээд удаагүй байсан. Тухайн өдөр цэцэрлэгт явдаг хүүхдийнхээ шинжилгээг эмнэлэг дээр өгөх гээд шинжилгээний бичиг төрсний гэрчилгээ нь ажлын өрөөнд байсан тул авах гэж замдаа ажил дээрээ ирсэн. Гэтэл ажлын гадаа Т.Ж шүүгчийн машинд тухайн үед манай шүүхийн Тамгын газрын дарга ажилтай Ж.Г дарга, Т.Ж шүүгч 2 сууж байсан би очиж уулзсан. Тухайн үед Т.Ж шүүгч болон Д.С шүүгчийн тэтгэвэрт гаргах зарлиг өргөн мэдүүлэх талаар Шүүхийн Ерөнхий зөвлөлийн сайтад гарсан тэгээд жоохон тиймхэн байна гэж Т.Ж шүүгч ярьж байсан. Би хүүгээ машиндаа үлдээчхээд өрөө рүүгээ ороод шинжилгээний бичиг төрсний гэрчилгээг аваад гарахад Ж.Г дарга өрөөндөө орсон байсан Т.Ж шүүгч орж ирээгүй байсан, тэгээд амралтын сонин ярилцаад байж байхад П.Д хаалга татаад надтай уулзаадахъя гээд хаалгаар шагайсан. Тэр үед Ж.Г дарга тэр хүнийг загнаад хаалга хаасан. Учир нь гэвэл энэ хүн манай аймгийн хуулийн байгууллагын ажлыг явуулахад маш их хүндрэл учруулдаг. Миний бие энэ хүнээс зугтахын түүс болж Ж.Г даргын өрөөнд 5 минут орчим болоод удаагүй гараад явсан. Учир гэвэл байнга чат бичнэ, ажилдаа хэзээ орох талаар асууна, хаана явааг тагнадаг. Тэр үед гадаа бага насны хүүхдээ машинд үлдээсэн байсан тул яараад хүүхдээ аваад эмнэлэг явсан. Гэтэл над руу маргааш нь билүү нөгөөдөр нь билүү архи уусныг чинь харсан гэсэн утгатай нагацын өрөөгөөр шагайлаа гэсэн чат бичсэн байхаар нь гадаа Т.Ж шүүгч Ж.Г дарга хоёрыг ууж байхыг харчихсан юм байна, бас намайг уусан гэж  төсөөлсөн юм байна гэж бодсон. Мөн надтай уулзана гэхээр нь би зугтаж гарсан тул бичсэн чатыг нь дагуулаад л хариу бичсэн. Миний бие архи согтууруулах ундаа уудаггүй, ялангуяа ажлын байранд хэзээ ч ууж үзээгүй. Мөн бамбайн зангилаатай, тархи толгойндоо олон голомтот өөрчлөлттэй учир архи гэдэг зүйлийг уудаггүй. Гэтэл энэ хүн Тамгын даргын өрөөнд шилтэй архи байсан, чихэр жимс байсан, бас тасарчихсан байдалтай байсан гэж ор үндэслэлгүй бөгөөд өөрийн тагнах чагнах, хүнийг матах, хий зүйл хардаг зэрэг сэтгэцийн өвчний улмаас төсөөллөөр өөрт болон өөрт хамааралтай хэрэг зөрчлийг миний бие шийдсэний улмаас өсөрхөж ор үндэсгүй гүтгэж шүүгч миний нэр хүндэд халдаж өргөдөл гаргасан гэж үзэж байна.

Мөн чат бичиж хувийн харилцаа тогтоосон талаар бичсэн байна. Анх 2022 оны 1 дүгээр сард П.Д чат бичиж хэнээс миний утсыг авсан талаараа бичсэн байдаг. Энэ хүн миний гэр бүлийг эртнээс судалж байсан байна. Анх 2021 оны 11 дүгээр сард П.Д-ийн хүү Д.М-д холбогдох хэргийг шийдвэрлэсэн байна. Гэтэл дараа нь энэ хүнтэй 1 үе 1 төгсөлт гэдгийг мэдсэн. Тэр утгаар хэрэг шийдвэрлэсний дараа над руу 2022 оны 1 дүгээр сард миний бага ангид сурдаг шатар тоглодог хүүгээс хаяг, утасны дугаар авсан талаар чат бичсэн байсан. Гэхдээ энгийн хүүрнэлийн байдлаар бичсэн байдаг. Гэтэл 2022 оны 9 дүгээр сард дээр дурдсан асуудал буюу иргэн П.Д-ийн өргөдөлд дурдсан чат бичсэн үед түүний төрсөн хүү Д.М-д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан хэрэг мөрдөн шалгах ажиллагаанд шалгагдаж байсан байна. Тэр хэрэг нь 2022 оны 11 дүгээр сард надад хуваарилагдаж ирээд миний бие уг хэргийг 2022 оны 12 дугаар сард гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн байна. Мөн иргэн П.Д-д холбогдох Прокурорын байгууллагад хэрүүл маргаан үүсгэж танхайрсан зөрчил мөн 2023 оны 10 дугаар сард надад хуваарилагдаж би уг хүнийг 100,000 төгрөгөөр торгож шийдвэрлэсэн. Гэтэл 2023 оны 12 дугаар сард мөн түүний хамаарал бүхий хүргэн Г.Л-д холбогдох гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн зөрчил надад хуваарилагдаж мөн түүнд баривчлах шийтгэл ногдуулж шийдвэрлэсэн байна. Гэтэл 2024 оны 3 дугаар сард түүний төрсөн охин Д.И, хүргэн Г.Л-д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дэх хэсэгт заасан эрүүгийн хэрэг мөн надад хуваарилагдаж тус бүрийг гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулсан байна.

Улмаар энэ хүн өөрт болон өөрийн хамаарал бүхий хүнд холбогдох хэргийг шийдвэрлэсний төлөө ор үндэслэлгүй зүйл бичиж Сахилгын хороонд өргөдөл гаргасан байна. Үүнийг давхар анхаарч үзэхийг хүсэж байна. П.Д-д холбогдох зөрчил болон хамаарал бүхий хүн болох хүү Д.М, охин Д.И, хүргэн Г.Л нарт холбогдох хэргийг П.Д-д таалагдах байдлаар шийдээгүйн улмаас энэ хүн янз бүрийн байдлаар шүүгч миний ажил хэргийн нэр хүндэд халдаж байна.” гэжээ.

Шүүгч Ч.М нэмэлт тайлбартаа: “П.Д-ийн гомдолд дурдагдсан тухайн өдөр буюу 2022 оны 9 дүгээр сарын 01-ны өдөр миний бие хүү Э.А-ийг өөрийн машиндаа ажлын гадаа суулгаж өгөөд өрөөнөөсөө хүүгийнхээ шинжилгээний бичиг болон төрсний гэрчилгээг авч улмаар Нэгдсэн эмнэлэгт шинжилгээ өгсөн гэдгээ удаа дараа мэдүүлсэн. Энэ талаар манай хүүгийн цахим санд шивэгдсэн болох нь тодорхой харагдаж байна. Энэ өдөр холбогдох бүх шинжилгээнүүдийг өгсөн. Цагаан хорхойны болон нян судлалын шинжилгээнүүд нь шинжилгээ өгсний маргааш гардгийг хүн бүхэн мэддэг. Иймд энэ шинжилгээнүүд нь 2022 оны 9 сарын 2-ны өдөр гарсан байна. Иймд энэ баримтыг хэрэгт хавсаргаж өгнө үү. Энэ баримтаас үндэслэхэд иргэн П.Д нь намайг 2022 оны 9 сарын 1-ны өдөр ажил дээрээ өдөржингөө архи уусан гэж гүтгэж байгаа нь илт тодорхой байна. Хэрэв энэ баримтад эргэлзэж байвал миний хүүгийн регистрээр ороод харах бүрэн боломжтой байгаа. Түүнчлэн иргэн П.Д нь сэтгэцийн өвчтэй бөгөөд холбогдох эмчлэгч эмчээс нь түүний зан төлөв, араншин, энэ өвчин нь хэзээнээс эхэлсэн, ямар улиралд сэдэрдэг, энэ сэтгэцийн өвчин нь ямар байдлаар илэрдэг, хүнийг гүтгэх, тагнах, матах шинж тэмдэг гаргадаг эсэхийг тодруулах нь зүйтэй болов уу” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

П.Д нь  ...шүүхийн шүүгч Ч.М-д холбогдуулан “...2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр шүүхийн тамгын газрын даргын өрөөнд өдөржин архидаж согтуурсан, ...бусадтай хувийн харилцаа үүсгэсэн, ...удаа дараа зөрчил гаргасан” гэсэн агуулга бүхий өргөдөл гаргажээ.  

Илтгэгч гишүүн холбогдох шүүгчид  сахилгын хэрэг үүсгэн, шалгах ажиллагаа явуулж сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргасныг дараах үндэслэлээр хүлээн авах нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзэв. Үүнд:

1. Өргөдөл гаргагч 2024 оны 5 дугаар сарын 13-ны өдөр гэрчээр  мэдүүлэхдээ “...тэр өдөр үдээс өмнө шүүхийн тамгын газрын даргатай уулзах гэж ирээд өрөөнийх нь үүдийг татахад ширээн дээр таваг идээтэй, 0.75 хэмжээтэй архи тавьчихсан Ч.М нэлээн халамцуу, царай нь улаан ягаан болчихсон, шанаагаа тулчихсан, сууж байсан. Өрөөнд н.Г дарга л байсан. Тухайн өдөр н.Ж шүүгчийн Ланд 200 машинаас н.М, н.Г нар  шүүхийн гадаа буугаад орохдоо согтуу байгаа нь харагдаж байсан. Хэсэг хугацааны дараа сонирхоод хаалгаар нь шагайхад бүр их согтсон байдалтай байсан. ...маргааш нь нэлээн орой 22 цаг өнгөрч байхад мессеж бичихэд архи ууснаа хүлээн зөвшөөрч хариу мессеж бичсэн. Энэ мессежийг н.Г-д үзүүлж байсан. Г.М-д хэлсэн гэсэн. Тэрнээс хойш надад хариу бичээгүй. Тухайн үед өргөдөл гаргаагүй шалтгаан нь н.Г дарга “намайг байхад өргөдөл гаргаад үзээрэй” гээд байсан болохоор ахмад хүний үгэнд ороод чимээгүй байсан...” гэжээ. 

Тэрээр 2024 оны 7 дугаар сарын 14-ний өдөр ....@gmail.com хаягаас “Шүүхийн тамгын газрын дарга Ж.Г-ын өрөөгөөр шагайхад архи, чихэр, жимс ширээн дээр байсан гэдэг нь огт худлаа юм аа. Тухайн үед Ч.М шүүгч манай хүүхдийн хэргийг шийдэж ял өгсөн учир би их дургүй хүрсэн юм аа. Би сэтгэц F20.5-аар оноштой СЭМҮТ-ийн хурцын тасагт олон удаа хэвтэж байсан. Фейсбүүк чатаар үе тэнгийн хүмүүс учраас хоорондоо тоглож бичсэнийг Ч.М-г чадахын тулд тус чатуудыг ашигласан юм. Ч.М-г архи уусан байдалтай гэж гүтгэж гомдолдоо бичсэн. Ч.М-г согтууруулах ундаа хэрэглэсэн байхыг би энэ яваа насандаа, дараагийн төрөлдөө үзэж магадгүй. Ийм тул Ч.М-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэх тайлбарыг, 2024 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр ....@gmail.com хаягаас “...Та Шүүхийн сахилгын хороонд н.М-г би гүтгэсэн гэж мэйлээр явуулсан уу? гэж асуусан. Хэдэнд хэзээ явуулсан бэ гэсэн, 27-н гэсэн. 8 дугаар сарын 27-ны өдөр Шүүхийн сахилгын хороонд хуурамч мэйл нээж миний нэрээр Ч.М явуулсан юм байлгүй гэж хэлсэн. ...Ч.М-г гүтгэсэн гэж мэйлээр юм явуулаагүй гэдгээ Шүүхийн сахилгын хороонд албан ёсоор мэдэгдэж байна” гэх тайлбар, 2024 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр дээрх хаягаас дахин  “2024 оны 7 дугаар сарын 14-нд байхаа би шүүгч Ч.М-тай уулзчихаад түүний өрөөнд гишүүнд тайлбар 2 хуудастай бичээд доош орж өөрийн хуучин утсаараа мэйл ашиглаж Ч.М шүүгчийн туслах н.Б-ээр хуучин утсаа түүнд ашиглуулж мэйлээр нь 2 хуудастай тайлбар явуулснаа санаж байна. Шүүгчийн туслах н.Б-ийн өрөөний шар өнгийн ширээн дээр тавьж хуучин муу утсаараа зургийг нь дараад шүүгчийн туслахаар илгээлгүүлсэн болно. Юм үнэнээрээ байх ёстой” гэх тайлбарыг Сахилгын хорооны info@judiscom.mn хаягаар тус тус ирүүлжээ.

Дээрх нөхцөл байдлыг тодруулахаар өргөдөл гаргагч П.Д-ээс 2024 оны 10 дугаар сарын 15-ний өдөр гэрчийн мэдүүлэг  авахад тэрээр “...өрөөнд архи уусан гэдэг нь худлаа гэдэг талаар Ч.М өөрөө хэлж өгч бичүүлсэн. Тэгээд тэр тайлбарын зургийг туслах нь аваад миний утсаар явуулсан. Миний сахилгын хороонд гаргасан тайлбарууд өөрөө явуулсан нь үнэн боловч дотор бичсэн агуулга нь худлаа...” гэжээ.

Шалгах ажиллагааны явцад шүүгчийн туслах Л.Б-г 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдөр  гэрчээр асуухад “...П.Д “би чамайг гүтгэсэн талаараа Сахилгын хороонд тайлбар явуулах гэсэн юмаа. Чи миний хүүхдийн хэргийг шийдсэн болохоор би уурандаа чамайг гүтгээд гомдол гаргасан” гэх агуулгатай юм хэлсэн. Тэгэхээр нь шүүгч “Чи өөрөө л гомдол гаргасан. Тийм болохоор ямар тайлбар гаргах эсэх нь чиний өөрийн л асуудал шүү дээ” гэсэн. ...П.Д сүүлд нь би энэ тайлбарыг явуулахаар хэрэг чинь хэрэгсэхгүй болчихно гэсэн утгатай л юм хэлээд шүүгчийн өрөөнөөс гарсан, би араас нь гарч, өрөөндөө орсон. Тайлбар өгнө гэж хэлээд бичигтэй цаас барьчихсан явж байсан. Яг юу бичсэнийг нь бол би хараагүй. Тайлбараа шүүгчид харуулаагүй. Шүүгч ч тэгж бич гэж ямар нэгэн зүйл хэлээгүй. ...Би ямар нэгэн тайлбар огт явуулж өгөөгүй. ...Тайлбараа явуулсан эсэхийг нь ч би сайн мэдэхгүй байна” гэж мэдүүлжээ.

...аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрээр F20.5 үлдэц шизофрени өвчний улмаас П.Д-ийн хөдөлмөрийн чадвар алдалтыг 60 хувиар тогтоосноос гадна өргөдөл гаргагч нь өөрийгөө сэтгэцийн F20.5 өвчний оноштой талаар Сахилгын хороонд ирүүлсэн нэмэлт тайлбар болон гэрчийн мэдүүлэгтээ тодорхой дурджээ.

Түүнчлэн ...аймгийн нэгдсэн эмнэлгийн Мэдрэл, сэтгэцийн тасгийн эрхлэгч, их эмч Ш.Ю “...Олон улсын сэтгэцийн өвчний ангилалд багтдаг F20.5 үлдэц шизофрени гэх оноштой хүн. F20.5 үлдэц шизофрени бол хэзээ ч эдгэдэггүй өвчин. Хий хоосон төсөөлөлд автаж болно. Ялангуяа хавар, намрын улиралд их сэдэрдэг өвчин...” гэж мэдүүлжээ.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.8, 106.13-т зааснаар гэрчээр дуудагдсан этгээд үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэгтэй бөгөөд  нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор, тухайн сахилгын хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв талаас нь үнэлэх учиртай. 

Холбогдох шүүгчийн гаргасан гэх зөрчил шалгах ажиллагааны явцад сахилгын хэрэгт цугларсан нотлох баримтуудаар эргэлзээгүй нотлогдсон байхыг шаардах  бөгөөд өргөдөл гаргагч нь дурдсан үйл баримтын талаар удаа дараа зөрүүтэй тайлбар гаргадаг, энэ нь түүний сэтгэцийн эрүүл мэндтэй холбоотой тохиолдолд тухайн этгээдийн тайлбар, мэдүүлгийг нотлох баримтаар үнэлэх нь дээрх хуулийн заалтад нийцэхгүй болно.

Иймд өргөдөл гаргагч П.Д-ийн ...нэртэй фейсбүүк хаягаас шүүгч Ч.М-ийн “...” /өөрийн фейсбүүк хаяг гэдгийг хүлээн зөвшөөрсөн/  нэртэй хаяг руу “Сонин юу байна би нагацын өрөөнд дур мэдэн ороод хангинуулаад гарлаа найз нь чамайг ойлгоно надаас бүү зовоорой, ...чамайг уусан байхыг би харлаа” гэсэн мессеж илгээхэд “...” хаягаас “за яах вэ ажил ороод тэр хэдэд журамлагдаад өглөө өлөн байсан, уугаад амархан согтчихжээ” гэж хариу өгснийг “тухайн өдөр шүүхийн тамгын газрын даргын өрөөнд шүүгч Ч.М нь өдөржин архидаж согтуурсан” гэх үйл баримтыг нотлох эргэлзээгүй баримт гэж үзэх боломжгүй юм.

2. ...аймгийн Нэгдсэн эмнэлгийн лабораторийн шинжилгээний бүртгэлд хийсэн үзлэгээр 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдаж шинжилгээ өгсөн хүмүүсийн нэрсийн 9 дугаарт н.А 4н эр гэж бичигдсэн, тус эмнэлэг 2022 оны 8 дугаар сарын 15-ны өдрөөс 9 дүгээр сарын 02-ны өдрийг дуустал 09 цагаас 12 цаг хүртэл цэцэрлэгийн хүүхдийн урьдчилан сэргийлэх шинжилгээ авч байсан нь ...аймгийн Нэгдсэн эмнэлгийн 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 3.. дугаар албан бичгээр тогтоогдож байх тул  шүүгч Ч.М-ийн “...тухайн өдөр цэцэрлэгт явдаг хүүхдийнхээ шинжилгээг эмнэлэг дээр өгөх гээд шинжилгээний бичиг төрсний гэрчилгээ нь ажлын өрөөнд байсан тул авах гэж замдаа ажил дээрээ ирсэн” гэх тайлбар Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.11-т заасан “сахилгын хэргийн оролцогчийн гаргасан тайлбар бодит үнэнд нийцсэн, сахилгын хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэсэн байна” гэсэн заалтыг зөрчөөгүй  байна. 

3. Шүүгч ажлын байранд болон албан үүргээ гүйцэтгэхдээ согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэх, эсхүл ийм байдалтай ажилдаа ирэхийг Монгол Улсын шүүхийн тухай хуулийн  50 дугаар зүйлийн 50.1.29-д хориглосон.

Сахилгын хэрэгт авагдсан гэрч Ж.Г-ын “...шүүгч Д.С, Т.Ж нар тэтгэвэртээ гарсан. Тэр тухай Шүүхийн ерөнхий зөвлөлийн сайтад тавигдсан байсан чинь н.Ж шүүгч сэтгэл санаа нь онцгүй байна гээд машинд нь бид хоёр 100 татсан. Одоо санахад Ч.М шүүгч гаднаас ирж таараад түүнийг дуудаад машиндаа оруулсан. Машинд бол юм уугаагүй, Ч.М шүүгч жаахан амссан л байх, ...тухайн үед Ч.М ээлжийн амралттай байсан” гэх мэдүүлгээр шүүгч Ч.М  нь  2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр шүүхийн байрны гадаа шүүгч асан Т.Ж-ын машинд, тамгын газрын дарга асан Ж.Г нартай согтууруулах ундаа хэрэглэсэн гэж үзэхээр байна. 

Гэвч  холбогдох  шүүгч тухайн үед ээлжийн амралттай байсан нь 2022 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн ээлжийн амралт олгох хуудас, ээлжийн амралтын олговрын цалингийн түүвэр зэрэг баримтуудаар тогтоогдож байх тул Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.29-д заасан сахилгын зөрчлийн урьдач нөхцөл болох “ажлын байранд”, “албан үүргээ гүйцэтгэхдээ” гэх шаардлага хангагдаагүй гэж үзнэ.

4. Шүүгч Ч.М нь ...шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 2021/ШЦТ/1.. дүгээр шийтгэх тогтоолоор П.Д-ийн хүү Д.М нарт холбогдох, 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 2023/ШЦТ/0.. дугаар шийтгэх тогтоолоор Д.М нарт холбогдох, 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 2024/ШЦТ/5.. дугаар шийтгэх тогтоолоор П.Д-ийн охин Д.И, хүргэн Г.Л нарт холбогдох эрүүгийн хэргийг, 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 2023/ЗШ/4.. дүгээр шийтгэврээр П.Д-д холбогдох, 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 2024/ЗШ/0.. дүгээр шийтгэврээр П.Д-ийн хүргэн Г.Л-д холбогдох зөрчлийн хэргийг тус тус хянан шийдвэрлэжээ.

Шалгах ажиллагааны явцад авагдсан баримтаас үзвэл, өргөдөл гаргагч П.Д нь 2022 оны 01 дүгээр сарын 17-ний өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 25-ний өдрийг хүртэл хугацаанд шүүгч Ч.М-д мессеж бичиж, зураг явуулдаг, аудио дуудлага хийдэг ба холбогдох шүүгч цөөхөн тохиолдолд хариу бичжээ.

Шүүгчийн дээрх үйлдэл нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.19 дэх хэсэгт заасан “хэргийн оролцогч болон бусад этгээдтэй харилцахдаа шүүхийн нэр хүнд, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд сөргөөр нөлөөлж болох хувийн дотно харилцаа тогтоох” хориглолтыг зөрчсөн гэж үзэх боломжгүй юм.

Харин шүүгч Ч.М нь цаашид шүүн таслах чиг үүргээ хэрэгжүүлэхдээ  шүүгчийн ёс зүйг чанд баримталж ажиллахыг анхааруулах нь зүйтэй. 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1, 112.1.2, 112.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. ...шатны шүүхийн шүүгч Ч.М-д холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай саналыг хүлээн авч, түүнд холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.        

2. Магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сахилгын хороонд хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

3. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6-т зааснаар магадлал гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл, мэдээлэл гаргагчийн оршин суугаа газрын эсхүл ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл ажлын албаны ажилтнаар хүргүүлэхийг ажлын албанд даалгасугай.

4. Дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох ба энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг тайлбарласугай.

            ДАРГАЛАГЧ                                    Г.ЦАГААНЦООЖ

            ГИШҮҮН                                            Д.АРИУНТУЯА

                                                                        Х.ХАШБААТАР