info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих ШИЛЭН ДАНС
ENMNG

МОНГОЛ УЛС

ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО

МАГАДЛАЛ

2024-10-22

Дугаар 98

Улаанбаатар хот

Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Шүүхийн сахилгын хорооны хуралдааныг гишүүн Г.Цагаанцоож даргалж, гишүүн Д.Ариунтуяа, Д.Мягмарцэрэн нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Х.Хашбаатар, нарийн бичгийн дарга Г.Болортуяа нарыг оролцуулан тус хорооны танхимд хийсэн хуралдаанаар:

... шатны шүүхийн шүүгч О.О-д холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай саналыг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

П.Э өргөдөлдөө “...давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн 2024 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн ...1\ЕШ2024\...8 дугаар захирамжаар албажуулагдсан шүүх хурлын бүрэлдэхүүнийг зөрчиж, хуралдаан даргалагчаар З.Г шүүгч орох байтал О.О шүүгч даргалан орж Монгол Улсын шүүхийн тухай хуулийн арван нэгдүгээр бүлэгт заасан Шүүгчид хориглох зүйл, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх зүйл заалтуудыг илтэд зөрчсөн үйлдлүүдийг гаргасан тул Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 103 дугаар зүйлийн 103.1-д заасны дагуу өргөдөл, мэдээллийг гаргаж байна.

Даргалагч шүүгч нь шүүх хуралдаанаас гаргасан шийдвэрийг оролцогч нарт ойлгогдохоор танилцуулаагүй, хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийн талаар эргэлзээ төрүүлэхүйц ойлголтыг оролцогч нарт өгсөн, эрх мэдлээ хэтрүүлэн өөрт оногдоогүй ажил үүргийг дур мэдэн гүйцэтгэсэн.

Шүүгчийн туслах О.Э-тай хурал болсноос хойш ажлын эхний өдөр буюу 7 дугаар сарын 16-ны өдөр очиж уулзахад Ерөнхий шүүгчийн 2024 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн ..1\ЕШ2024\...8 дугаар захирамжаас өөр бүрэлдэхүүн өөрчилсөн захирамж гараагүй гэж хэлсэн атлаа хэсэг хугацааны дараа би хурлын өдөр бүрэлдэхүүн өөрчилсөн Ерөнхий шүүгчийн захирамж албажуулж хийсэн гэж хэлсний дагуу тэр өдрийн өөрчилсөн захирамжаа үзүүл гэхээр гарын үсэг, тамга тэмдэггүй захирамжийн төсөл үзүүлсэн ба тухайн газрын Тамгын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч гэх Х.Г-ыг байлцуулан асуухад шүүгчид танилцуулж, нөхөн хийх оролдлого хийсэн талаарх ярилцлага, тухайн өдөр буюу 7 дугаар сарын 16-ны өдөр тамга тэмдэггүй, гарын үсэггүй захирамжийн төслийг зургаар бэхжүүлэн авсан хуулбар, мөн 2024 оны 7 дугаар сарын 09-ний өдөр давж заалдах шатны хуралдаан явагдаж шийдвэр гаргасны дараа буюу өөрөөр хэлбэл хуралдаан явагдаж дуусаж шийдвэр гарснаас хойш 7 хоногийн дараа 2024 оны 7 дугаар сарын 16-ны өдөр шүүх бүрэлдэхүүн болон даргалагчийг томилсон Ерөнхий шүүгчийн захирамжид өөрчлөлт оруулах тухай ...1\ЕШ2024\...4 дугаартай захирамж гаргаж, өөрсдийн гаргасан алдаагаа залруулах оролдлого хийсэн, журмаараа бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах бол шүүх хурлын өмнө захирамж гаргах ёстой байтал хуралдааны дараа гаргасан нь хууль зөрчсөн үйлдэл болсон, шүүгч өөртэйгөө холбоотой асуудлаар захирамж гаргаж ашиг сонирхлын зөрчилтэй үйлдэл тогтоогдож байна.

Энэ нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.1-д заасан албан тушаалын байдал, эрх нөлөөгөө урвуулан ашиглаж өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгох, 50.1.7-д заасан шүүгчийн бүрэн эрхээ хэрэгжүүлэхтэй холбогдуулан бусад шүүгчийн шүүн таслах ажиллагаанд хуульд зааснаас бусад хэлбэрээр оролцсон, 50.1.22-т заасан энэ хуулийн 19.2.2, 19.2.5-д заасан дараалал, журмыг санаатай зөрчсөн, 50.1.35-д заасан шүүхийн ажилтан болон удирдлага дахь этгээдэд албан үүрэгт нь хамааралгүй үүрэг даалгавар өгөх, мөн хуулийн 51 дүгээр зүйлд заасан шүүгчийн ашиг сонирхлын зөрчлийн зохицуулалт буюу 51.1-д заасан шүүгч шүүн таслах ажиллагаанд оролцсон оролцоход ашиг сонирхлын зөрчил үүсэж болзошгүй нөхцөл байдал байгаа бол өөрөө татгалзан гарах, эсхүл хэргийн оролцогчид мэдэгдэж, тэдгээрийг татгалзах хүсэлт гаргах боломжоор хангана гэснийг тус тус зөрчиж хуралдаанд хууль бусаар даргалан орж ашиг сонирхлын зөрчилтэй шийдвэр гаргасан, түүнчлэн шүүх бүрэлдэхүүнээс гаргах бодит шийдвэр гаргах нөхцөлийг үгүйсгэж гомдолд дурдсан зүйлийн талаар дүгнэлт хийлгүйгээр өрөөсгөл шийдвэр гаргахад нөлөөлсөн гэж үзэхээр байна.

Иймд шүүх хуралдааныг хууль бусаар даргалсан болон бүрэлдэхүүн шүүгчдэд холбогдох арга хэмжээ авч шалгаж өгнө үү” гэжээ.

Шүүгч О.О тайлбартаа: “П.Э-ын нэхэмжлэлтэй, ...прокурорт холбогдох, ...шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 3.. дугаар шийдвэрийг давж заалдах журмаар хянан хэлэлцэх шүүх хуралдаан 2024 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 13 цаг 30 минутын 4 дэх хурлаар товлогдсон бөгөөд даргалагч шүүгчээр миний бие томилогдсон.

Тус шүүхийн шүүх хуралдааны зарыг өмнөх долоо хоногийн баасан гараг буюу 7 дугаар сарын 05-ны өдөр илтгэгч шүүгчийн туслах шүүх хуралдааны зард байршуулж, Ерөнхий шүүгч гарын үсэг зурж баталгаажуулдаг. Уг захиргааны хэрэг шүүгч Э.Л-д хуваарилагдсан бөгөөд Хэрэг, нэхэмжлэл, маргаан, гомдол, хүсэлт хянан шийдвэрлэх шүүгч, шүүх хуралдаан даргалагч, шүүх бүрэлдэхүүн томилох нийтлэг журмын дагуу даргалагч шүүгч О.О, бүрэлдэхүүнд шүүгч З.Г нар сонгогдсон боловч шүүгчийн туслах О.Э нь шүүх бүрэлдэхүүн, даргалагч шүүгчийг албажуулах Ерөнхий шүүгчийн 2024 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн ...1/ЕШ2024/...8 дугаар захирамжийн төслийг боловсруулахдаа шүүх хуралдааны даргалагч шүүгч, бүрэлдэхүүн шүүгчийн нэрийг зөрүүлж бичсэн техникийн алдаа гаргасан.

Шүүгчийн туслах О.Э алдаагаа хүлээн зөвшөөрч, тус шүүхийн Тамгын газраас сахилгын шийтгэл оногдуулсан байна. Шүүх хуралдаан эхлэхээс өмнө шүүгчийн туслах бүрэлдэхүүн албажуулсан Ерөнхий шүүгчийн захирамжийг алдаатай гаргасныг мэдэж, зөвтгөн төслийг боловсруулан албажуулаагүй, хэрэгт хавсаргаагүй байхад П.Э танилцсан байна.

Шүүгчийн туслах О.Э нь дээрх Ерөнхий шүүгчийн захирамж техникийн алдаатай гарсан талаар танилцуулж, “...Ерөнхий шүүгчийг түр эзгүй байх хугацаанд буюу 2024 оны 7 дугаар сарын 16-ны өдрөөс 2024 оны 8 дугаар сарын 28-ны өдрийг дуустал тус шүүхийн Ерөнхий шүүгчийн албан үүргийг шүүгч О.О-ээр орлон гүйцэтгүүлэх...” Ерөнхий шүүгчийн 2024 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн ..1/ЕШ2024/...7 дугаар захирамжийн дагуу дээрх бүрэлдэхүүн албажуулсан Ерөнхий шүүгчийн захирамжид гаргасан техникийн алдааг зөвтгөсөн өөрчлөлтийг Ерөнхий шүүгчийн 2024 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн ..1/ЕШ2024/...4 дүгээр захирамжаар оруулсан.

Энэ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.3-т “Энэ хуулийн 111.1-д заасны дагуу гаргасан шүүгчийн захирамж, шүүхийн тогтоол илт үндэслэлгүй бол уг захирамж, тогтоолыг гаргасан шүүгч, шүүх бүрэлдэхүүн хүчингүй болгох, эсхүл өөрчилж болно” гэж заасанд нийцсэн гэж үзнэ.

Миний бие өргөдөлд дурдагдаж буй Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.1-т “албан тушаалын байдал, эрх нөлөөгөө урвуулан ашиглаж өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгох”, 50.1.7-д “шүүгчийн бүрэн эрхээ хэрэгжүүлэхтэй холбогдуулан бусад шүүгчийн шүүн таслах ажиллагаанд хуульд зааснаас бусад хэлбэрээр оролцох, нөлөөлөх, заавар, удирдамж, чиглэл өгөх, авах, урьдчилан санал хэлэх”, 50.1.22-т “энэ хуулийн 19.2.2, 19.2.5-д заасан дараалал, журмыг санаатай зөрчих”, 50.1.35-д “шүүхийн ажилтан болон өөрийн удирдлага дахь этгээдэд албан үүрэгт нь хамааралгүй үүрэг даалгавар өгөх”, 51 дүгээр зүйлийн 51.1-д “Шүүгч шүүн таслах ажиллагаанд оролцоход ашиг сонирхлын зөрчил үүсэж болзошгүй нөхцөл байдал байгаа бол өөрөө татгалзан гарах, эсхүл хэргийн оролцогчдод мэдэгдэж, тэдгээрийг татгалзах хүсэлт гаргах боломжоор хангана” гэж заасан шүүгчийн эрх нөлөөгөө урвуулан ашигласан, шүүх хуралдаан даргалагчийн дараалал, журмыг санаатай зөрчсөн үйлдэл гаргаагүй.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.6-д “Шүүх хамтын зарчмаар хэрэг, маргааныг хянан хэлэлцэхдээ олонхын саналаар шийдвэр гаргана...” гэж зааснаар бүрэлдэхүүнд оролцсон шүүгчийн олонхын саналаар шийдвэр гаргасан болно” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

П.Э-ын нэхэмжлэлтэй, ...прокурорт холбогдох захиргааны хэргийг хянан шийдвэрлэсэн ...шатны шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 3.. дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах журмаар гомдол гаргасан.

 ... шатны шүүх 2024 оны 7 дугаар сарын 09-ний өдөр хэргийг хэлэлцээд 0..7 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад өөрчлөлт оруулан,  бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн нь сахилгын хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.

 Дараах үндэслэлээр илтгэгч гишүүний саналыг хүлээн авч, сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзэв. Үүнд:

1. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.2.-т зааснаар шүүгчдийн зөвлөгөөнөөр шүүх хуралдаан даргалагчийн дарааллыг тогтоох ба ...шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн ..4 дүгээр тогтоолоор баталсан Шүүх хуралдаан даргалагч болон бүрэлдэхүүн томилох хүснэгт ашиглах зааврыг баталсан. Уг зааврын 1-т  нэхэмжлэл, хэрэг, маргаан, гомдол, хүсэлтийг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх хуралдаан даргалагч, шүүх бүрэлдэхүүнийг томилох хэсэг тус бүрийн шүүгчдийг сугалааны дарааллын дагуу хүснэгтэд тэмдэглэх бөгөөд хүснэгтэд Шүүгчдийн зөвлөгөөнөөс томилогдсоны дагуу шүүх хуралдаанд даргалагч, бүрэлдэхүүнд орсон байдлыг тэмдэглэнэ гэжээ.

Давж заалдах шатны шүүхэд ирүүлсэн хэргийн илтгэгч шүүгчээр хуваарилагдсан шүүгчийн туслах нь тухайн хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдааны даргалагч, бүрэлдэхүүний шүүгчийг хүснэгтэд тэмдэглэх байдлаар хуваарилж, улмаар тус шүүх хуралдааны даргалагч, бүрэлдэхүүнийг томилсон шийдвэрийг албажуулах Ерөнхий шүүгчийн захирамжийн төслийг бэлтгэх чиг үүрэгтэй байна.

... шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн баталсан 2024 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн шүүх хуралдааны зарын 12-т П.Э-ын нэхэмжлэлтэй, ...прокурорт холбогдох захиргааны хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаан даргалагч шүүгчээр О.О, бүрэлдэхүүнд шүүгч З.Г гэжээ.

Түүнчлэн шүүгчийн туслах О.Э-ын хөтөлсөн шүүх бүрэлдэхүүн томилох хуваарь /хүснэгт/-д тус шүүх хуралдаан даргалагчаар шүүгч О.О, бүрэлдэхүүнд шүүгч З.Г гэж тэмдэглэгдсэн байна.

П.Э-аас гаргасан гомдлоор хяналт шалгалт хийхэд хүснэгтэд шүүгчдийн дарааллыг, мөн шүүх хуралдаан даргалагч болон бүрэлдэхүүнийг баталсан зааврын дагуу байршуулж, шүүх хуралдааны зар, хавтаст хэргийн товхимолд даргалагч, бүрэлдэхүүний шүүгчийг зөв тэмдэглэсэн байна.

Харин Ерөнхий шүүгчийн захирамжийн төслийг бэлтгэхдээ даргалагч болон бүрэлдэхүүний шүүгчийг сольж албажуулсан нь тогтоогдсон, энэ нь техникийн шинжтэй бөгөөд уг алдаа гаргаснаа шүүгчийн туслах О.Э хүлээн зөвшөөрсөн, энэ үндэслэлээр түүнд сахилгын шийтгэл ногдуулжээ.  

Дээр дурдсанаас үзвэл, тухайн хэргийг давж заалдах журмаар хянан шийдвэрлэх шүүх хуралдааныг шүүгч О.О даргалж, бүрэлдэхүүнд  шүүгч З.Г оролцсон нь хууль, журмын холбогдох заалтыг зөрчөөгүй байна.

Ерөнхий шүүгчийн 2024 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 1..7 дугаар захирамжаар шүүгч О.О-ийг 2024 оны 7 дугаар сарын 16-ны өдрөөс 8 дугаар сарын 28-ны өдрийг дуустал Ерөнхий шүүгчийн албан үүргийг орлон гүйцэтгүүлэхээр шийдвэрлэжээ. Ерөнхий шүүгчийн үүргийг түр орлон гүйцэтгэж байгаа шүүгч нь хуулиар олгосон бүрэн эрхийг хэрэгжүүлэх тул  тэрээр  2024 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 1..4 дүгээр захирамжаар Ерөнхий шүүгчийн 2024 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 1..8 дугаар захирамжид өөрчлөлт оруулсаныг буруутгах боломжгүй.

Иймд холбогдох шүүгчийг Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.1, 50.1.7, 50.1.22, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасан хориглолтыг зөрчсөн гэж үзэхгүй.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.1.-д зааснаар шүүх хуралдаан даргалагч шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулгыг танилцуулж, шаардлагатай бусад асуудлыг тайлбарлан шүүх хуралдааныг хаана.

Захиргааны  хэргийн  давж  заалдах шатны шүүхийн 2024 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн шүүх хуралдаанд даргалагч шүүгч О.О шийдвэрийн тогтоох хэсгийн агуулгыг танилцуулж, магадлалын үндэслэлээ тайлбарласан нь шүүх хуралдааны дуу-дүрсний бичлэгт хийсэн үзлэгийн тэмдэглэлээр тогтоогдож байна.

Иймд шүүгчийг шүүх хуралдаанаас гаргасан шийдвэрийг оролцогч нарт ойлгогдохоор танилцуулаагүй, хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийн талаар эргэлзээ төрүүлэхүйц ойлголтыг оролцогч нарт өгсөн гэж буруутгах үндэслэлгүй болно. 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1, 112.1.2, 112.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон               ТОГТООХ НЬ:

1. ... шатны шүүхийн шүүгч О.О-д холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай саналыг хүлээн авч, түүнд холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.       

2. Магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сахилгын хороонд хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

3. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6-т зааснаар магадлал гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл, мэдээлэл гаргагчийн оршин суугаа газрын эсхүл ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл ажлын албаны ажилтнаар хүргүүлэхийг ажлын албанд даалгасугай.

4. Дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох ба энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг тайлбарласугай.

                        ДАРГАЛАГЧ                                    Г.ЦАГААНЦООЖ

                        ГИШҮҮН                                            Д.АРИУНТУЯА                               

                                                                                    Д.МЯГМАРЦЭРЭН