info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих ШИЛЭН ДАНС
ENMNG

МОНГОЛ УЛС

ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО

ХЯНАЛТЫН ТОГТООЛ

2024-10-01

Дугаар 5

Улаанбаатар хот

Сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй

болгож шийдвэрлэсэн магадлалын тухай

Шүүхийн сахилгын хорооны хянан үзэх хуралдааныг гишүүн С.Энхтөр даргалж, гишүүн Д.Ариунтуяа, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Д.Мягмарцэрэн, нарийн бичгийн даргаар хуралдаан хариуцсан ахлах мэргэжилтэн А.Намуундарь, цахимаар холбогдох шүүгч З.Г нарыг оролцуулан тус хорооны хуралдааны танхимд нээлттэй хийв.

Шүүхийн сахилгын хорооны 2024 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн СХМ/2024/0057 дугаар магадлалыг эс зөвшөөрч гаргасан илтгэгч гишүүний 2024 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн ИГЭ/2024/0002 дугаар эсэргүүцлийг хянан хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:

Төрийн албаны зөвлөлийн ... аймаг дахь салбар зөвлөлийн өргөдлөөр ... аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч З.Г-д холбогдуулан 2023 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн ГЗҮ/2023/0096 дугаар гишүүний захирамжаар сахилгын хэрэг үүсгэн шалгах ажиллагаа явуулж, 2024 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн ГНД/2024/0010 дугаартай нотлох дүгнэлт гарчээ.

Шүүхийн сахилгын хорооны 2024 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн СХМ/2024/0057 дугаар магадлалаар Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.1-т заасны дагуу нотлох дүгнэлтийг хүчингүй болгож, шүүгч З.Г-д холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Илтгэгч гишүүн эсэргүүцэлдээ: “...Шүүхийн сахилгын хорооны гишүүн би, Төрийн албаны зөвлөлийн ... аймаг дахь салбар зөвлөлийн өргөдлөөр ... аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч З.Г-д холбогдуулан гаргасан өргөдлийг хүлээн авч Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2023 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн ГЗҮ/2023/0096 дугаар захирамжаар Сахилгын хэрэг үүсгэн, шалгах ажиллагаа явуулаад 2024 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр ГНД/2024/0010 дугаартай сахилгын зөрчил гаргасныг нотлох дүгнэлт гаргасан. Дүгнэлтийг Сахилгын хорооны 2024 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн хуралдаанаар хэлэлцээд СХМ/2024/0057 дугаартай магадлалаар “...Ерөнхий шүүгч З.Г-д холбогдох нотлох дүгнэлтийг хүчингүй болгож, сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэсэн. Нотлох дүгнэлтэд холбогдох шүүгчийг “...Ерөнхий шүүгч З.Г нь 2023 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 144 дүгээр албан бичгээр хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр биелэгдсэн эсэхэд хууль зүйн дүгнэлт хийж буй үйлдэл нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.38-д “хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийн талаар эргэлзээ төрүүлэхүйц ойлголтыг бусдад өгөх, нийтэд мэдээлэх” гэж заасан зөрчлийг гаргасан гэж үзсэн. Ингэхдээ магадлалын үндэслэх хэсэгт “... шүүгч З.Г 2023 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 144 дүгээр албан бичгээр өөрийн гаргасан шүүхийн шийдвэрийн үндэслэлийг тайлбарлаж, харин шалгалтын комиссоос дахин 29.16 оноо өгсөн нь шүүхийн шийдвэр биелэгдсэн гэж үзэх боломжгүй гэх тайлбарыг ... аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлснийг сахилгын зөрчил гаргасан гэж үзэхгүй” гэжээ. 1.Сахилгын хэрэгт авагдсан баримтуудаар, ... аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 110/ШШ2022/0025 дугаар шийдвэрийг нэхэмжлэгч Х.Б-ээс албадан гүйцэтгүүлэх тухай хүсэлт гаргаж, шүүгчийн 2023 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 110/ШЗ2023/0057 дугаар захирамжаар "... шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын зарим хэсэг буюу ярилцлагын шалгалтын Х.А-т холбогдох хэсэгт дахин үнэлгээ хийхийг шалгалтын комисст даалгаж шийдвэрлэсэн хэсгийг, 2 дахь заалтыг тус тус" албадан гүйцэтгүүлэхээр шийдвэрлэсний дагуу Төрийн албаны зөвлөлийн ... аймаг дахь салбар зөвлөлөөс Х.А-ын ярилцлагын шалгалтад дахин үнэлгээ хийсэн бөгөөд уг үнэлгээгээр Х.А-т анх өгсөн 29,16 гэх оноог дахин өгсөн байна. Уг шүүхийн шийдвэрийн биелэлтийг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа бичгээр илэрхийлсэн тул ... аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд ... аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2023 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 01/470 дугаартай "... гүйцэтгэх баримт бичиг, шүүхийн шийдвэрийн агуулга, түүнийг гүйцэтгүүлэх арга, журмыг тодруулж тайлбар ирүүлж өгнө үү" гэх албан бичгийг хүргүүлсэн. ... аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч З.Г 2023 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 144 дүгээр албан бичгээр “...Төрийн албаны зөвлөлийн ... аймаг дах салбар зөвлөлөөс байгуулсан шалгалтын комиссоос ... аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн даргын сонгон шалгаруулалтын "удирдан зохион байгуулах, манлайлах, багаар ажиллах чадвар" ярилцлагын шалгалтад Х.А-т өгсөн 29,16 оноо нь түүний хариулсан хариулаад тохироогүй, үнэлгээ нь бодит байдалд нийцээгүй буюу бодит байдлаар дээгүүр оноо өгсөн, энэ нь нэхэмжлэгч Х.Б-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзсэн болно. Харин шалгалтын комиссоос шүүхийн шийдвэрийг биелүүлсэн гэж дахин 29,16 оноо өгснөөр нэхэмжлэгч Х.Б-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь сэргээгдээгүй байх тул шүүхийн шийдвэр биелэгдсэн гэж үзэх боломжгүй байна” гэх хариуг ... аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлжээ. Дээрх албан бичгийг магадлалд “... өөрийн гаргасан шүүхийн шийдвэрийн үндэслэлийг тайлбарлаж, харин шалгалтын комиссоос дахин 29.16 оноо өгсөн нь шүүхийн шийдвэр биелэгдсэн гэж үзэх боломжгүй гэх тайлбарыг ... аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлснийг сахилгын зөрчил гаргасан гэж үзэхгүй” дүгнэсэн нь Сахилгын хорооны шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна. Тодруулбал, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 128 дугаар зүйлд “Захиргааны хэргийн талаарх шүүхийн шийдвэрийн биелэлтэд хяналт тавих”, 128.1-д “Бүх шатны Засаг дарга, төрийн захиргааны төв байгууллага, Засгийн газар нь доод шатны байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаанд захиргааны хэргийн талаарх шүүхийн шийдвэрийн биелэлтэд хууль тогтоомжоор олгосон бүрэн эрхийн хүрээнд хяналт тавьж, харилцан хамтран ажиллана” гэж тус тус зааснаас үзэхэд хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийн биелэлтэд хяналт тавих эрх шүүхэд байхгүй байна.  Гэтэл шүүгч З.Г 2023 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 144 дүгээр албан бичигт “нэхэмжлэгч Х.Б-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь сэргээгдээгүй байх тул шүүхийн шийдвэр биелэгдсэн гэж үзэх боломжгүй байна” гэсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.5-т заасан үндэслэлийн дагуу тайлбар гаргасан гэж үзэхгүй бөгөөд энэ нь шүүхийн шийдвэрийн биелэгдсэн эсэхэд хууль зүйн дүгнэлт өгч, хяналт тавьсан гэж үзэхээр байна. Иймд, шүүгч З.Г-ийн гаргасан албан бичгийн улмаас шүүхийн шийдвэрийг биелүүлэхэд эргэлзээ төрүүлэхүйц ойлголтыг хариуцагч байгууллагад бий болгосон нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.38-д заасан сахилгын зөрчлийн шинжийг хангаж байна. 2.Улсын Дээд шүүхийн 2007 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 43 дугаар тогтоолоор Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн зарим зүйл, хэсэг, заалтыг тайлбарлахдаа “10.1.1-д заасан “иргэний хэргийн талаар гарсан шүүхийн шийдвэр” гэдэгт иргэний болон захиргааны хэргийн талаар гарсан анхан болон давж заалдах, хяналтын шатны шүүхийн шийдвэр, магадлал, тогтоол хамаарна” хэмээн адил тайлбар хийжээ. Үүнээс үзэхэд Захиргааны хэргийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоо бүхий маргааныг ерөнхий харьяаллын дагуу иргэний хэргийн шүүх хянан шийдвэрлэдэг. Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д “Сахилгын хороо энэ хуулийн 50, 51.1, 52, 53 дугаар зүйлд заасан хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон зохицуулалтыг зөрчсөн шүүгчид сахилгын шийтгэл оногдуулна” гэж зааснаар Шүүхийн сахилгын хороо нь шүүгчийн сахилгын зөрчил гаргасан тухай өргөдөл, мэдээллийг хүлээн авч шийдвэрлэх чиг үүрэг бүхий байгууллага бөгөөд захиргааны хэргийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой асуудалд хууль зүйн дүгнэлт өгөх, хянах эрх хэмжээгүй болно. Гэтэл Шүүхийн сахилгын хорооны магадлалын үндэслэх хэсэгт “...Х.А-ын ярилцлагын шалгалтыг дахин 29.16 оноогоор үнэлснийг шүүхийн шийдвэрийг зохих ёсоор биелүүлсэн гэж үзэхгүй бөгөөд нэхэмжлэгчийн эрхийг дахин зөрчсөн үйлдэл тул шүүхийн шийдвэр биелэгдсэн тооцохгүй” гэж дүгнэсэн нь шүүхийн шийдвэрийн биелэлтэд хууль зүйн дүгнэлт өгсөн гэж үзэхээр байна. Дээрх үндэслэлүүдээр ... аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч З.Г-г Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.38-д “хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийн талаар эргэлзээ төрүүлэхүйц ойлголтыг бусдад өгөх, нийтэд мэдээлэх”-ийг хориглоно гэж заасан зөрчлийг гаргасан гэж үзэж байна. Иймд дээрх үндэслэлээр Шүүхийн сахилгын хорооны 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн СХМ/2024/0057 дугаар магадлал нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй тул тус магадлалыг сахилгын хорооны хянан үзэх хуралдаанаар хэлэлцүүлэн, “2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн ГНД/2024/0010 дугаар Сахилгын зөрчил гаргасныг нотлох дүгнэлтийг бүхэлд нь хүлээн авч, шүүгчид сахилгын шийтгэл оногдуулах”-аар өөрчлөлт оруулж өгнө үү.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Илтгэгч гишүүний гаргасан эсэргүүцлийг хангахгүй орхиж, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Төрийн албаны зөвлөлийн ... аймаг дахь салбар зөвлөлөөс ... аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч З.Г-д холбогдуулан “...шүүгч З.Г нь нэг омгийн хамаарал бүхий этгээдийн талд ашиг сонирхлын зөрчилтэй шийдвэр гаргасан, Х.Б нь өөрийнхөө ил зурагтай шүүгч З.Г-ийн нэр дээр талархал бичиж олон нийтэд түгээж байгаа нь шүүгчид ямар нэгэн ашиг сонирхлын зөрчилтэй гэж харагдахаар байна, ...хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрт тусгагдаагүй, шийдвэрлээгүй асуудлын талаар тайлбар гаргаж, төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн эрх ашгийг ноцтой зөрчсөн, ...шүүхийн шийдвэрийг өөр байдлаар ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзэхээр тайлбарлаж, эрх хэмжээгээ хэтрүүлэн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын үйл ажиллагаанд хөндлөнгөөс нөлөөлж байна” гэх агуулгаар Шүүхийн сахилгын хороонд өргөдөл гаргажээ.

Илтгэгч гишүүний нотлох дүгнэлт болон түүнийг хянасан магадлалд, шүүгч З.Г, захиргааны хэргийн оролцогч Х.Б нар нь ашиг сонирхлын нэгдэлтэй гэж үзэх боломжгүй буюу Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5-д заасан хамаарал бүхий этгээдэд хамаарахгүй талаар дүгнэсэн нь  Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.8-д заасан нотлох баримтыг тухайн сахилгын хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв талаас нь үнэлэх шаардлагад нийцсэн байна.

Тодруулбал, шүүгч З.Г нь Т ургийн овогтой харин Х.Б-ийн нөхөр Т.Т нь Т К ургийн овогтой болох нь сахилгын хэрэгт цугласан баримтаар тогтоогдсон байна. Мөн ... аймаг дахь шүүхийн Тамгын газрын фейсбүүк цахим хаягт 2023 оны 6 дугаар сарын 22-ны өдөр нийтлэгдсэн “Шүүхэд баярлалаа” гэх гарчигтай нийтлэлд Х.Б-ээс шүүгч З.Г-д болон Улсын дээд шүүхийн шүүгч нарт талархсан сэтгэгдлээ илэрхийлсэн нь тэдгээрийн хооронд ашиг сонирхлын зөрчилтэй гэх мэдээллийг агуулаагүй байна.

Шүүгч З.Г хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийн талаар эргэлзээ төрүүлэхүйц ойлголтыг бусдад өгсөн гэх эсэргүүцлийн үндэслэлийн тухайд:

... аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2023 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 01/470 дугаартай албан бичгээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.5-д “Шийдвэр гүйцэтгэгч гүйцэтгэх баримт бичгийн агуулга, түүнийг гүйцэтгүүлэх арга, журам тодорхойгүй тохиолдолд гүйцэтгэх баримт бичиг олгосон шүүх, бусад байгууллага, албан тушаалтанд хандаж тайлбар гаргуулах эрхтэй” гэж, 271 дүгээр зүйлийн 271.1.2-т “Шийдвэр гүйцэтгэгч гүйцэтгэх баримт бичиг, шүүхийн шийдвэрийн агуулга тодорхойгүй тохиолдолд түүнийг тодруулахаар шүүхэд хүсэлт гаргах эрхтэй” гэж тус тус заасны дагуу шүүгч З.Г-ийн шийдвэрлэсэн 2022 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 110/ШШ2022/0025 дугаар шийдвэр биелэгдсэн эсэхэд зохигч маргаж байх тул шийдвэрийн агуулга, түүнийг гүйцэтгэх арга, журмыг тодруулж тайлбар ирүүлэхийг шүүхээс хүсжээ.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.11 дэх хэсэгт “Хэргийг хянан шийдвэрлэсэн шүүгч, шүүх бүрэлдэхүүн шүүхийн шийдвэрийг тухай бүр биечлэн, ойлгомжтой байдлаар бичгээр тайлбарлана” гэж зохицуулснаар шүүгч З.Г 2023 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 144 дүгээр албан бичгээр “...удирдан зохион байгуулах, манлайлах, багаар ажиллах чадвар ярилцлагын шалгалтад Х.А-т өгсөн 29,16 оноо нь түүний хариулсан хариултад тохироогүй, үнэлгээ нь бодит байдалд нийцээгүй буюу бодит байдлаар дээгүүр оноо өгсөн, энэ нь нэхэмжлэгч Х.Б-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзсэн болно. Харин шалгалтын комиссоос шүүхийн шийдвэрийг биелүүлсэн гэж дахин 29,16 оноо өгснөөр нэхэмжлэгч Х.Б-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь сэргээгдээгүй байх тул шүүхийн шийдвэр биелэгдсэн гэж үзэх боломжгүй” талаар хариуг хүргүүлжээ. Уг албан бичиг болон шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн агуулга ижил байх тул шийдвэрийг өөр агуулгаар тайлбарласан, шийдвэрт тусгаагүй, шийдвэрлээгүй үйл баримтад дүгнэлт хийсэн, эргэлзээ төрүүлэхүйц ойлголтыг бусдад өгсөн гэх үйл баримт тогтоогдсонгүй.

Мөн шүүхийн шийдвэрийг биелүүлсэнд тооцох эсэх талаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.2-т “Захиргааны байгууллага, албан тушаалтан шүүхийн шийдвэрийг биелүүлэх үйлдэл, эс үйлдэхүйг гүйцэтгэсэн боловч шүүхээс хууль бус болохыг нь тогтоосон шийдвэрийг дахин гаргах зорилгоор өөрийн бүрэн эрхэд хамаарах эрх зүйн акт, албан тушаалд тавигдах нийтлэг шаардлага, шалгуур үзүүлэлтийг өөрчилж, нэхэмжлэгчийн эрхийг дахин зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг шүүхийн шийдвэрийг биелүүлсэнд тооцохгүй” гэж тусгайлан зохицуулсантай холбоотойгоор шүүгч бичгээр тайлбар өгсөн нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд нийцсэн эсэхэд дүгнэлт хийсэн гэж үзэхгүй.

Дээрх үйл баримтуудаас дүгнэвэл, эрх бүхий байгууллагаас хуульд заасан журмын дагуу ирүүлсэн хүсэлтэд шүүгч хуулиар олгосон эрх хэмжээнийхээ хүрээнд тайлбар хүргүүлсэн нь сахилгын зөрчил гаргасанд тооцох үндэслэл болохгүй.

Иймд холбогдох шүүгчийг хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийн талаар эргэлзээ төрүүлэхүйц ойлголтыг бусдад өгсөн гэж дүгнэсэн илтгэгч гишүүний сахилгын зөрчил гаргасныг нотлох дүгнэлтийг хүчингүй болгож, сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

Дээр дурдсан үндэслэлээр сахилгын хорооны магадлалыг хэвээр үлдээж, илтгэгч гишүүний эсэргүүцлийг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Шүүхийн сахилгын хорооны 2024 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн СХМ/2024/0057 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтад “ГНД/2023/0010” гэж техникийн шинжтэй алдаа гаргасныг залруулж, “ГНД/2023/0010” гэснийг “ГНД/2024/0010” гэж зөвтгөв.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.8.1, 113.13-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Илтгэгч гишүүний 2024 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн ИГЭ/2024/0002 дугаар эсэргүүцлийг хангахгүй орхиж, Шүүхийн сахилгын хорооны 2024 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн СХМ/2024/0057 дугаар магадлалыг хэвээр үлдээсүгэй.

2. Хяналтын тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гардан авснаас хойш 14 хоногийн дотор Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1-д заасан үндэслэлээр хүчингүй болгуулах тухай гомдлыг сахилгын хэргийн оролцогч, илтгэгч гишүүн эсэргүүцлийг Улсын Дээд шүүхэд гаргаж болохыг дурдсугай.

3. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6-т зааснаар хяналтын тогтоолыг гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл, мэдээлэл гаргагчийн оршин суугаа газрын эсхүл ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл ажлын албаны ажилтнаар хүргүүлэхийг Ажлын албанд даалгасугай.

  ДАРГАЛАГЧ                                 С.ЭНХТӨР

            ГИШҮҮН                                       Д.АРИУНТУЯА

                                                                         Г.ЦАГААНЦООЖ