МОНГОЛ УЛС
ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО
МАГАДЛАЛ
2024-11-07
Дугаар 106
Улаанбаатар хот
Сахилгын хэргийг хэрэгсэхгүй
болгох тухай
Шүүхийн сахилгын хорооны хуралдааныг гишүүн Х.Хашбаатар даргалж, гишүүн С.Энхтөр, Д.Эрдэнэчулуун нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Д.Мягмарцэрэн, нарийн бичгийн даргаар хуралдаан хариуцсан ахлах мэргэжилтэн А.Намуундарь, өргөдөл гаргагч Б.Б, хэргийн оролцогч шүүгч Б.Х /цахимаар/ нарыг оролцуулан хийж, ... шүүхийн Ерөнхий шүүгч Б.Х-д холбогдох Сахилгын хорооны гишүүний 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн ГС/2024/0107 дугаартай “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” саналыг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Илтгэгч гишүүн “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” саналдаа:
“Шалгах ажиллагааны явцад сахилгын хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
Нэхэмжлэгч Ж газар нь Н.Г, Г.М, М.П, Д.О нарт холбогдуулан “Зээлийн гэрээний үүргийн алдангийн төлбөрт нийт 86,066,034 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдөр ... шүүхэд гаргаж, нэхэмжлэл тус шүүхийн Ерөнхий шүүгч Б.Х-д хуваарилагдана, улмаар шүүгчийн 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 149/ШЗ2024/00526 дугаартай захирамжаар иргэний хэрэг үүсгэснээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагджээ.
Шүүгчийн 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 149/ШЗ2024/00749 дугаартай захирамжаар тус иргэний хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдааныг 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 14 цагт товлосон.
2024 оны 05 дугаар сарын 16-ны өдөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргаж, шүүгчийн 149/ШЗ2024/00772 дугаартай захирамжаар шүүх хуралдаан 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 10 цагт хүртэл хугацаагаар хойшлуулсан.
2024 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээд 149/ШШ/00228 дугаартай шүүхийн шийдвэрээр: “...хариуцагч Н.Г, Г.М нараас алданги 29.839.129 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж нэхэмжлэгч Ж газарт олгож, нэхэмжлэлээс 56.226.905 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэсэн.
Дээрх шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдол гаргаж, ... Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр хянан хэлэлцээд 208/МА2024/00057 дугаартай магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэж, шийдвэр хүчин төгөлдөр болсон.
Анхан шатны шүүхийн шийдвэрийг гаргасан шүүгч Б.Х-д холбогдуулан Ж газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б-с “ ... шүүх хуралдаанд шийдвэрээ уншиж сонсгохдоо Б2016/122/02 тоот “Барьцааны гэрээ”-нд заасан нэр бүхий үл хөдлөх хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулна гэж шийдвэрлэсэн атлаа шүүхийн шийдвэрийг бичмэл хэлбэрээр гаргахдаа барьцааны гэрээнд заасан бусад хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэл хангуулах шаардлагагүй гэж дүгнэсэн, ... шүүх шийдвэр гаргахдаа яг ямар хууль зүйн үндэслэлээр барьцааны гэрээнд заасан зарим үл хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагагүй гэж дүгнэснээ тодорхой тайлбарлаагүй, Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 183 дугаар зүйлийн 183.1-т заасан улсын бүртгэл үнэн зөв байх зарчимтай гэх заалтыг зөрчсөн. Шүүгч нь барьцаалагчийн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах эрхэнд ямар ч хууль зүйн үндэслэлгүйгээр халдсан” гэх үндэслэлүүдээр тус тус Шүүхийн сахилгын хороонд өргөдөл гаргасан.
Нэг. Өргөдлийн: “ ... шүүх хуралдаанд шийдвэрээ уншиж сонсгохдоо Б2016/122/02 тоот “Барьцааны гэрээ”-нд заасан нэр бүхий үл хөдлөх хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулна гэж шийдвэрлэсэн атлаа шүүхийн шийдвэрийг бичмэл хэлбэрээр гаргахдаа барьцааны гэрээнд заасан бусад хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэл хангуулах шаардлагагүй гэж дүгнэсэн” гэх үндэслэлийн тухайд:
... шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн шүүх хуралдааны дуу, дүрсний бичлэгт хийхэд шүүгч шийдвэрээ уншиж сонсгохдоо:
0:16:28-0:18:56 Даргалагчаас: ... Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон тогтоох нь.
1.Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1, 232.4, 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Н.Г, Г.М нараас 29.839.129 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ж газарт гаргуулж, нэхэмжлэлээс 56.226.905 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Н.Г, Г.М нараас 307.096 төгрөгийг гаргуулж ... төрийн сангийн 100130... тоот дансанд оруулсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигчид анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрсдөө гардан авахыг мэдэгдсүгэй.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор ... Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
4 дэх заалт нь Барьцааны гэрээнд заасны дагуу үл хөдлөх хөрөнгүүдээс оногдох хэсгийг гаргуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулах аргыг хариуцагч нараас гаргуулах шийдвэр гарлаа. Даргалагч Б.Х. Шүүхийн шийдвэрээс ойлгоогүй асууж тодруулах зүйл нэхэмжлэгч хариуцагч нарт байна уу гэхэд.
0:18:56-0:19:00 Оролцогчид: Байхгүй гэцгээв” гэж уншиж сонсгожээ.
Харин ... шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 149/ШШ2024/00228 дугаартай шийдвэрийг бичгээр гаргахдаа ТОГТООХ нь хэсгийн 4 дэх заалтыг “ ... Иргэний хуулийн 174, 175 дугаар зүйлд заасныг баримтлан хариуцагч Н.Г, Г.М нар нь төлбөрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Г.М, Д.О нарын өмчлөлийн Нийслэлийн ... дүүргийн ... дугаар хороо, ... хотхоны ... дугаар гудамж ... тоот хаягт байрлах 135.5 метр квадрат талбайтай, хувийн сууц зориулалттай улсын бүртгэлийн Y-... дугаарын гэрчилгээтэй үл хөдлөх хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар худалдан зарж борлуулсан үнийн дүнгээс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг мэдэгдсүгэй” гэж албажуулжээ.
Дээрх сахилгын хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд шүүгч шийдвэрээ уншиж сонсгохдоо “нэр бүхий үл хөдлөх хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулна” гэж уншиж сонсгоогүй, өөр агуулгаар шийдвэрт тусгагдсан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх ба шүүгчийн уншиж сонсгосон шүүхийн шийдвэр нь бичгээр гарсан шүүхийн шийдвэртэй утга агуулгатай нийцэж байна.
Мөн шүүх хуралдааны дуу, дүрсний бичлэгийн:
“ .... 0:19:01-0:19:42 Даргалагчаас: 29.839.129 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэлээ. Мөн форс мажор, цар тахал, шүлхий өвчин гарсан зэрэг байгалийн давагдашгүй хүчин зүйл гарсан нөхцөл байдлуудыг харгалзан үзээд 56.226.905 төгрөгийн алдангийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. Энэ 29 сая төгрөгийг гаргахгүй бол барьцаа хөрөнгүүдээр тавьсан та бүгдийн барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийн оногдох хэсгийг гаргуулж хангуулахаар шүүхийн шийдвэр гарлаа. Ойлгосон уу гэхэд.
0:19:42-0:19:43 Оролцогчид: Ойлгосон Гэцгээв.
0:19:43-0:19:50 Даргалагчаас: Асуух зүйл байна уу. Бусад оролцогч нарт гэхэд.
0:19:50-0:19:53 Оролцогчид: Байхгүй гэцгээв” гэх хэсгээс үзэхэд шүүгч шийдвэрийн талаар хэргийн оролцогч нарт тайлбарлаж ойлгосон эсэхийг асууж байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1-т “Шүүх хуралдаан даргалагч шийдвэрийн тогтоох хэсгийн агуулгыг танилцуулж, шаардлагатай бусад асуудлыг тайлбарлан шүүх хуралдааныг хаана” гэж заасанд нийцсэн бөгөөд шүүхээс гарсан шийдвэрийг талууд ойлгосон гэж үзэхээр байна.
Иймд шүүгчийн уншиж сонсгосон шүүхийн шийдвэр бичгээр гарсан шүүхийн шийдвэрээс өөр агуулгаар бичсэн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Хоёр. Өргөдлийн: “ ... шүүх шийдвэр гаргахдаа яг ямар хууль зүйн үндэслэлээр барьцааны гэрээнд заасан зарим үл хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагагүй гэж дүгнэснээ тодорхой тайлбарлаагүй, Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 183 дугаар зүйлийн 183.1-т заасан улсын бүртгэл үнэн зөв байх зарчимтай гэх заалтыг зөрчсөн. Шүүгч нь барьцаалагчийн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах эрхэнд ямар ч хууль зүйн үндэслэлгүйгээр халдсан” гэх үндэслэлийн тухайд:
Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин долдугаар зүйлийн 1-д “Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ”, 2-т “Ямар ч нөхцөлд хуулиас гадуур шүүх байгуулах, шүүх эрх мэдлийг өөр байгууллага эрхлэн хэрэгжүүлэхийг хориглоно”, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ” гэж тус тус заасан бөгөөд хууль хэрэглээтэй холбоотой, нотлох баримтыг хэрхэн үнэлж хэргийг хянан шийдвэрлэсэнтэй холбоотой шүүгчийн үйл ажиллагааг сахилгын болон ёс зүйн зөрчил гэж тодорхойлох боломжгүй, шүүхийн шийдвэрийг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байсан эсэхийг Шүүхийн сахилгын хороо тогтоохгүй ба тус хорооны бүрэн эрхэд хамааралгүй, харьяаллын бус болно.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч эрхийнхээ дагуу гаргасан давж заалдах гомдлын үндэслэл нь “шүүгч шийдвэрээ бичмэл хэлбэрээр гаргахдаа барьцаа хөрөнгийг хуулинд заасан тодорхой үндэслэл дурдахгүй чөлөөлсөн” гэсэн нь Шүүхийн сахилгын хороонд түүний гаргасан өргөдлийн утга агуулгатай ижил байх бөгөөд ... Эрүү, Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 208/МА2024/00057 дугаартай магадлалаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д “Сахилгын хороо энэ хуулийн 50, 51.1, 52, 53 дугаар зүйлд заасан хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон зохицуулалтыг зөрчсөн шүүгчид сахилгын шийтгэл оногдуулна” гэж зааснаар Шүүхийн сахилгын хороо нь шүүгчийн сахилгын зөрчил гаргасан тухай өргөдөл, мэдээллийг хүлээн авч шийдвэрлэх чиг үүрэг бүхий байгууллага тул шүүхийн шийдвэрийн үндэслэлтэй холбогдуулан гаргасан өргөдлийн “...шүүх шийдвэр гаргахдаа яг ямар хууль зүйн үндэслэлээр барьцааны гэрээнд заасан зарим үл хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагагүй гэж дүгнэснээ тодорхой тайлбарлаагүй, Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 183 дугаар зүйлийн 183.1-т заасан улсын бүртгэл үнэн зөв байх зарчимтай гэх заалтыг зөрчсөн. Шүүгч нь барьцаалагчийн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах эрхэнд ямар ч хууль зүйн үндэслэлгүйгээр халдсан” гэх үндэслэлүүдэд хууль зүйн дүгнэлт өгөх, хянах эрх хэмжээгүй болно.
Мөн өргөдөл гаргагчийн шүүхийн шийдвэрийг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй гэж үзэж хууль буруу хэрэглэсэн, нотлох баримтуудыг буруу, дутуу үнэлж дүгнэсэн гэсэн утга агуулгатай өргөдөл нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т заасан “хуулийн илт тодорхой заалтыг ноцтой, эсхүл удаа дараа зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргах” гэж заасан зөрчилд хамаарахгүй.
Иймд дээрх нөхцөл байдлуудыг нэгтгэн дүгнээд ... шүүхийн Ерөнхий шүүгч Б.Х нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 55 дугаар зүйлд заасан шүүгчийн сахилгын зөрчил гаргасан гэх үндэслэл тогтоогдохгүй тул түүнд холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргав.” гэжээ.
Холбогдох шүүгч Б.Х Шүүхийн сахилгын хороонд гаргасан тайлбартаа:
“ ... 1. Ж газрын нэхэмжлэлтэй Н.Г, Г.М, М.П, Д.О нарт холбогдох 86066034 төгрөг гаргуулах тухай хүссэн иргэний хэргийн тухайд:
Ж газраас Н.Г, Г.М, М.П, Д.О нарт холбогдох 86066034 төгрөг гаргуулах тухай хүссэн нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасныг шүүх 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч ... шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс баталсан "Шүүхэд иргэний хэрэг, нэхэмжлэл, өргөдөл, гомдол, хүсэлт хүлээн авах, шүүгчид хуваарилах журам тогтоох тухай" тогтоолд заасны дагуу системээс хуваарилсныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Б.Х би 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч 2024 оны дугаар 03 дугаар сарын 21-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулан шүүх хуралдааныг товлон зарлаж 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж №149/ШШ2024/00228 дугаартай шийдвэрээр шийдвэрлэсэн билээ.
Ж газар нь Н.Г, Г.М, М.П, Д.О нараас 86066034 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн боловч шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б нь хариуцагч М.П, Д.О нараас зээлийн гэрээний алданги 86066034 төгрөгийг нэхэмжлэхгүй гэсэн тул шүүх хариуцагч Н.Г, Г.М нараас 29839129 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж нэхэмжлэгч Ж газарт олгож, нэхэмжлэлээс 56226905 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж Н.Г, Г.М нар нь 29839129 төгрөгийг сайн дураараа биелүүлэхгүй бол барьцаа хөрөнгө болох Г.М, Д.О нарын өмчлөлийн Нийслэлийн ... дүүргийн ... дугаар хороо, ... хотхоны ... дугаар гудамж № ... тоот хаягт байрлах 135.5 метр квадрат талбайтай хувийн сууц зориулалттай улсын бүртгэлийн Ү-... дугаарын гэрчилгээтэй үл хөдлөх хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар худалдан зарж борлуулсан үнийн дүнгээс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн.
2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б-ийн Шүүхийн сахилгын хороонд гаргасан гомдлын талаар:
Гомдол гаргагч Б.Б нь ... сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Х намайг Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-д заасан хуулийн илт тодорхой заалтыг ноцтой, эсхүл удаа дараа зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргах заалтыг зөрчсөн гэжээ.
Ерөнхий шүүгч Б.Х миний Ж газрын нэхэмжлэлтэй Н.Г, Г.М, М.П, Д.О нарт холбогдох 86066034 төгрөг гаргуулах тухай хүссэн иргэний хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд гаргасан шийдвэр нь хуулийн ямар илт тодорхой заалтыг ноцтой зөрчсөн, эсхүл удаа дараа зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргасан гэх хориглосон зөрчилд огт хамаарахгүй байна.
Шүүгч Б.Х миний бие нь Ж газрын нэхэмжлэлтэй Н.Г, Г.М, М.П, Д.О нарт холбогдох 86066034 төгрөг гаргуулах тухай хүссэн иргэний хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд гаргасан шийдвэр нь хуульд нийцсэн хуулийн шийдвэрлэсэн зүйл заалтыг тодорхой тусгасан, ямар учраас ямар барьцаа хөрөнгөөр хангуулах нь зүйтэй гэж дүгнэсэн талаар шүүхийн шийдвэрийн ҮНДЭСЛЭХ нь хэсэгт ойлгомжтой тодорхой дүгнэсэн. Шүүхийн шийдвэрийг шүүгч хуулийг баримтлан хуульд нийцүүлэн дотоод итгэлийн хүрээнд шийдвэрлэсэн болохоос ямар нэгэн нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэхгүйгээр орхигдуулсан, хэргийн оролцогч нарын эрх ашгийг зөрчсөн хохироосон үйлдэл гаргаагүй болно.
Анхан шатны шүүхийн шүүгчийн шийдвэрийг эс зөвшөөрвөл давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б нь шүүхийн шийдвэрийг 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдөр гардан авсан, гардан авсны маргааш өдөр нь БНСУ-руу хувийн ажлаар явж 2024 оны 06 дугаар сарын 18-ны өдөр эх орондоо ирсэн гэж шүүхэд давж заалдах гомдол гаргах хугацааг хэтрүүлж давж заалдах гомдол гаргасан боловч шүүгч энэ нөхцөл байдлыг нь харгалзан үзээд 2024 оны 07 дугаар сарын 16-ны өдөр № 149/Ш32024/01096 дугаартай захирамжаар давж заалдах гомдол гаргах хугацааг сэргээж давж заалдах гомдлыг холбогдох иргэний хэргийн хамт ... эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх рүү 2024 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн № 126 дугаартай албан бичгээр хүргүүлсэн.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б нь шуудангийн салбараас шүүхийн шийдвэрийг 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдөр гардаж авсан гэдгээ нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй боловч шүүгч Б.Х миний бие нь 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдрөөс 2024 оны 08 дугаар сарын 14-ний өдөр хүртэл ээлжийн амралттай байхад шүүгчийн туслах Г.Г-с утсаар давж заалдах гомдол ирсэн талаар танилцуулсныг биеэр хүрэлцэн ирж танилцаад давж заалдах гомдол гаргах хугацааг сэргээж шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэрийг хүлээн аваад шийдвэртэй хэдийд танилцах хэдий хугацааны дотор гомдлоо гаргах эрх нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б-д байсан боловч давж заалдах гомдол гаргах хугацааг шүүгч сэргээхгүй хугацаа сэргээлгэх хүсэлтийг хүлээн авахгүй байх байсан боловч тэгэлгүйгээр Б.Б-ийн давж заалдах гомдол гаргах хугацааг сэргээж холбогдох иргэний хэргийг давж заалдах шатны шүүхэд хүргүүлсэн болно. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б нь барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах талаар гаргасан шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэж давж заалдах гомдол гаргасан бөгөөд давж заалдах гомдолд гаргасан үндэслэлээ Шүүхийн сахилгын хороонд гомдол болгон гаргасан нь Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлд заасан Шүүгчид хориглох зүйлд хамаарахгүй байгаа болохыг Шүүхийн сахилгын хороо анхааран үзнэ үү гэж хүсч байна. Өөрөөр хэлбэл: Шүүгчийн хэрэг маргааныг хянан шийдвэрлээд гаргасан энэ үндэслэл шийдвэр нь хуулийн илт тодорхой заалтыг ноцтой зөрчсөн, эсхүл удаа дараа зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй огт биш юм. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хуулийн энэ зүйл заалтыг утгачилсан хэлбэрээр ойлгон тайрлаж гомдол гаргасан нь Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлд заасантай нийцэхгүй байна. Шүүгч шийдвэрээ гаргахдаа хариуцагч Н.Г, Г.М нараас 29839129 төгрөгийг гаргуулах, уг төлбөрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Г.М, Д.О нарын өмчлөлийн Нийслэлийн ... дүүргийн ... дугаар хороо, ... хотхоны ... дугаар гудамж № ... тоот хаягт байрлах 135.5 метр квадрат талбайтай хувийн сууц зориулалттай улсын бүртгэлийн Ү-... дугаарын гэрчилгээтэй үл хөдлөх хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар худалдан зарж борлуулсан үнийн дүнгээс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэн, 29839129 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн тул бусад этгээдийн нэр дээр байгаа буюу хариуцагч М.П, Д.О нарын зарим үл хөдлөх хөрөнгөөр хангуулах шаардлагагүй байна гэж дүгнэснээ хүртэл бичсэн байгаа. Мөн шүүхийн шийдвэрийн ТОГТООХ нь хэсгийг уншиж танилцуулаад шүүхийн шийдвэрийг ойлгосон эсэхийг тодруулж ойлгоогүй зүйл байвал шүүгчээр тайлбарлуулж болохыг хэргийн оролцогч нараас тодруулахад байхгүй гэсэн бөгөөд шүүгч хариуцагч Д.О-г хэрэв төлбөр сайн дураараа төлөгдөхгүй бол барьцаа хөрөнгөөр буюу Г.М-ийн хамт эзэмшдэг хөрөнгөөр хариуцан төлөх болно гэдгийг хүртэл анхааруулж хэлсэн болно.
Шүүгч хариуцагч Н.Г, Г.М нар нь төлбөрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар заасан болохоос шууд шүүхийн шийдвэр гараад барьцаа хөрөнгөөр хангуулахаар заагаагүй юм. Өөрөөр хэлбэл: Шүүхийн шийдвэрийг зохигчдоос давж заалдах гомдол гаргаагүй тохиолдолд хүчин төгөлдөр болоод шүүхийн шийдвэрийг хариуцагч нар биелүүлээгүй тохиолдолд албадан гүйцэтгүүлэх тухай хүсэлт гаргасныг хангасан тохиолдолд шүүхийн шийдвэрийг биелүүлэхээр шийдвэр гүйцэтгэлийн байгууллага албадан дуудлага худалдааг явуулах ойлголт гэдгийг нэхэмжлэгчийн игэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б ойлгох нь зүйтэй.
Анхан шатны шүүхийн шүүгч зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах талаар барьцаа хөрөнгийг буруу дүгнэж шийдвэрлэсэн байна гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэвэл шүүхийн шийдвэрийн ТОГТООХ хэсэгт өөрчлөлт оруулж шийдвэрлэх бүрэн боломжтой. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б-ийн давж заалдах гомдол гаргах эрхийг шүүгч хангаж өгөөд байгаа болохоос давж заалдах гомдол гаргах эрхийг нь зөрчөөд байгаа үйлдэл гаргаагүй болно.
... шүүхийн ерөнхий шүүгч Б.Х миний Ж газрын нэхэмжлэлтэй Н.Г, Г.М, М.П, Д.О нарт холбогдох 86066034 төгрөг гаргуулах тухай хүссэн иргэний хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд гаргасан шийдвэр нь хэрэг маргааныг хуульд заасан хугацааны дотор хуульд нийцүүлэн гаргасан гэж үзэх үндэслэлтэй бөгөөд Шүүхийн тухай хуулийн 50, 51.1, 52, 53 дугаар зүйлд заасан хориглосон, хязгаарлсан, үүрэг болгосон зохицуулалтыг зөрчсөн үйлдэл биш болохыг тогтоож нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б-ийн Монгол улсын шүүхийн сахилгын хороонд гаргасан гомдлын талаар үнэн зөв шийдвэр гаргаж өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Өргөдөл гаргагч Ж газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б-ийн ... шүүхийн Ерөнхий шүүгч Б.Х-д холбогдуулан Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23 дахь заалтыг зөрчсөн гэж өргөдөл гаргасныг Сахилгын хорооны гишүүн хүлээн авч хянаад, 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн ГЗҮ/2024/0081 дүгээр захирамжаар сахилгын хэрэг үүсгэн, шалгах ажиллагаа явуулж, 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдөр сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргажээ.
Сахилгын хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, Ж газраас Н.Г, Г.М, М.П, Д.О нарт холбогдуулан гаргасан “Зээлийн гэрээний үүргийн алдангийн төлбөрт нийт 86,066,034 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлтэй иргэний хэргийн шүүх хуралдааныг ... шүүхийн Ерөнхий шүүгч Б.Х даргалж, 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 149/ШШ/00228 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Н.Г, Г.М нараас алданги 29,839,129 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж, харин 56,226,905 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
Өргөдөлд “... шүүх хуралдаанд шийдвэрээ уншиж сонсгохдоо Б2016/122/02 тоот “Барьцааны гэрээ”-нд заасан нэр бүхий үл хөдлөх хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулна гэж шийдвэрлэсэн атлаа шүүхийн шийдвэрийг бичмэл хэлбэрээр гаргахдаа барьцааны гэрээнд заасан бусад хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэл хангуулах шаардлагагүй гэж дүгнэсэн ...” гэж дурдсан тул энэ талаар илтгэгч гишүүнээс шалгах ажиллагаа явуулж, шүүх хуралдааны дуу, дүрсний бичлэгт үзлэг хийж, шүүхийн шийдвэрийн агуулгатай харьцуулан үзэхэд шийдвэрээ уншиж сонсгохдоо “нэр бүхий үл хөдлөх хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулна” гэж уншиж сонсгоогүй, өөр агуулгаар шийдвэрт тусгагдсан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгчийн уншиж сонсгосон шүүхийн шийдвэр нь бичгээр гарсан шүүхийн шийдвэрийн утга агуулгатай нийцэж байжээ.
Тодруулбал, шүүгч шүүх хуралдаанд шийдвэрийн агуулгыг танилцуулахдаа “... 29,839,129 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэлээ. Мөн форс мажор, цар тахал, шүлхий өвчин гарсан зэрэг байгалийн давагдашгүй хүчин зүйл гарсан нөхцөл байдлуудыг харгалзан үзээд 56,226,905 төгрөгийн алдангийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. Энэ 29 сая төгрөгийг гаргахгүй бол барьцаа хөрөнгүүдээр тавьсан та бүгдийн барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийн оногдох хэсгийг гаргуулж хангуулахаар шүүхийн шийдвэр гарлаа ...” гэж хэлсэн байх ба энэ нь хариуцагч нарын барьцаа хөрөнгөөс нэхэмжлэлийн шаардлагын хангасан дүнгээр үүргийн гүйцэтгэлийг хэсэгчилж хангуулах агуулгыг илэрхийлсэн гэж үзнэ.
Харин өргөдөлд “... шүүх шийдвэр гаргахдаа яг ямар хууль зүйн үндэслэлээр барьцааны гэрээнд заасан зарим үл хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагагүй гэж дүгнэснээ тодорхой тайлбарлаагүй, Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 183 дугаар зүйлийн 183.1-т заасан улсын бүртгэл үнэн зөв байх зарчимтай гэх заалтыг зөрчсөн. Шүүгч нь барьцаалагчийн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах эрхэнд ямар ч хууль зүйн үндэслэлгүйгээр халдсан ...” гэж дурдсан нь шүүхийн шийдвэрийн хууль зүйн үндэслэлд хамаарах тул энэ талаар Шүүхийн сахилгын хороо дүгнэлт хийхгүй гэж үзсэн илтгэгч гишүүний санал үндэслэлтэй байна.
Дээрх агуулга бүхий гомдлыг давж заалдах шатны шүүхээс хянаад, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай шаардлагын зарим хэсгийг хангасан үндэслэлээ тайлбарлаагүй, хариуцагч нараас ямар үндэслэлээр 2 хариуцагчийн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэснээ тусгаагүй нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж дүгнэн, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах замаар зөвтгөжээ.
Үүнийг шүүгчийн сахилгын зөрчилд хамааруулж үзэх үндэслэлгүй тул илтгэгч гишүүний “... шүүхийн шийдвэрийг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй гэж үзэж хууль буруу хэрэглэсэн, нотлох баримтуудыг буруу, дутуу үнэлж дүгнэсэн гэсэн утга агуулгатай өргөдөл нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т заасан “хуулийн илт тодорхой заалтыг ноцтой, эсхүл удаа дараа зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргах” гэж заасан зөрчилд хамаарахгүй ...” гэх үндэслэлээр ... шүүхийн Ерөнхий шүүгч Б.Х-д холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргасныг хүлээн авах нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзлээ.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.2, 112.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Сахилгын хорооны гишүүний 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн ГС/2024/0107 дугаар “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” саналыг хүлээн авч, ... шүүхийн Ерөнхий шүүгч Б.Х-д холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6 дахь хэсэгт зааснаар магадлал гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл, мэдээлэл гаргагчийн оршин суугаа газрын эсхүл ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар хүргүүлэхийг Ажлын албанд даалгасугай.
3.Дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох ба энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг мэдэгдсүгэй.
Магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ Х.ХАШБААТАР
ГИШҮҮН С.ЭНХТӨР
Д.ЭРДЭНЭЧУЛУУН